Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаачихлаа, одоо цаашид ямар үйл явдал хөврөх вэ?

УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авах шийдвэр гаргасан үйл явдал ойрхны халуун сэдэв болж байна. Оросын талын 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдаж авсан, “Эрдэнэт” 100 хувь Монголынх боллоо гэх мэт мэдээлэл хэвлэлээр улиг болтлоо хөвөрсөн учраас элдвийг нуршаад яахав. Ямартай ч монголчууд “Ростех”-тэй хэлэлцээ хийж байгаад аваад ирсэн нь үнэн. “Ростех” гэдэг нь цаад утгаараа Путин ба түүний нөхөд гэдэг нь бас үнэн. Тэд залуу захиралтай “Монголын зэс” корпорацид хувьцаагаа зарчихсан нь мөн л үнэн.

Ц.Нямдорж гишүүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг сөхсөн цагаас хойш “Монголын зэс” гэдэг корпорацийн нэр тийм ч хүчтэй дуулдаагүй өнөөг хүрсэн. Харин Худалдаа хөгжлийн банк ба эсэргүүцсэн улстөрчид гэсэн хоёр тал хүчтэй үзэлцэх шиг боллоо. Үр дүнд нь гэх үү, маргааны явцад гэх үү, улстөрчдийн “Эрдэнэт”-д хийсээр ирсэн он жилүүдийн айхавтар шахаа олонд ил болоодохлоо. 49 хувийг худалдаж авсан хэсгийнхний ачаар улстөрчдийн шахаа ба “Эрдэнэт” гэсэн сэдэв хүчтэй сөхөгдсөн нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн улстөржилтийн олзуурхам тал болчих шиг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах ёстой гэсэн улстөрчдийн салхийг хагалсан Ц.Нямдорж гишүүн хүртэл танилдаа захиж байж хүүдээ тендер авч өгсөн, хүү нь “Эрдэнэт”-тэй хэдэн тэрбумын худалдаа хийснийг хүлээн зөвшөөрсөн. Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд судлаач, шинжээч, учир мэдэх улс “Эрдэнэт”-ийн 49 хувийг компаниас төрд очоод шахааны үүр хэвээр байна гэдэг дээр толгой дохиж, энэ үйлдвэрийн хувьцааг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах талаар дуугарч эхэлсэнд Ц.Нямдоржийн хүүгийн наймаа баталгаажсан явдал жин дарахаар нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.

“Эрдэнэт”-ийн Оросоос ирсэн 49 хувийг төр авах ёстой гэсэн улстөрчид ч олны анхааралд төдийлөн ороогүй өнцгийг гаргаад ирсэн юм. Тэд Худалдаа хөгжлийн банкийг Засгийн газартай хуйвалдаж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар мөнгө хэвлүүлэн байж уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх мэдээллийг цацаад байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь төрд ирчихээд байгаа гол буруутгал, шалтгаан нь ерөөсөө энэ. Ц.Нямдорж гишүүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг үйлдвэрийн өөрийнх нь мөнгөөр авсан гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Худалдаа хөгжлийн банк хувь худалдаж авах зорилгоор Төв банкнаас 500 тэрбум төгрөгийг зах зээлд эргэлддэг мөнгөнөөс тусад нь хэвлүүлсэн” гэсэн мэдэгдэл хийсэн. Нөгөө талаас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Бүх мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Бид цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наядын Засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт активын 30 орчим хувьд Засгийн газар, Монголбанкинд байршдаг зээл байгаа. Банк улсаас мөнгө авсан биш, Засгийн газар, Монголбанк бидэнд өртэй” гэсэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд “Монгол Улсын Засгийн газрын эх үүсвэртэй нэг ч төгрөг энэ гүйлгээнд оролцоогүй. Ямар нэгэн но-той, хожим нь ороогдож болох зүйл байна уу гэдгийг би асууж байсан. Ямар ч тийм зүйл байгаагүй болохоор би орсон” гэж мэдэгдсэн юм.

Асуудал нэг мөр болоогүй байгаа учраас хоёр талын байр суурийг зөв, буруу гэж шүүхээ азная. Цаад, наад утга учрыг нь ч энэ удаад алгасаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцааж авах ёстой гэсэн УИХ-ын шийдвэрийн дараа ямар үйл явдал өрнөх вэ гэдэг асуултад хариу хайя.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Монголд мөнгөө хийх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд “Эрдэнэт” дээр гаргасан парламентын шийдвэр тийм ч таатай санагдаагүйг шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө болсон Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтын үеэр өрнөсөн асуулт хариултаас анзаарчихаж болно. УИХ-ын дарга урилгаар оролцсон тэр хурлын дундуур гадны хоёр бизнесмэн яг энэ сэдвээр М.Энхболдын байр суурийг сонирхсон юм. Тэдний асуултаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр нь хувийн компаниасаа хураагаад авахгүй байлгүй дээ гэсэн итгэж ядсан өнгө аяс цухалзаж байсныг энэ дашрамд дурдъя. Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчид Оросын талын эзэмшиж байсан хувийг хувийн компани нь худалдаад аваад ирсэн чинь төр нь булаагаад авчихлаа гэж харж суугаа. Зах зээл нь жамаараа урагшилж буй улсын бизнесүүдийн хувьд ингэж харахаас аргагүй. Наад цаад шалтгаан, дотоодын элдэв тайлбар, хөшигний арын яриа хөөрөө тэдний хувьд гуч, дөчдүгээр асуудал. Хувийн компанийнхаа гадны компанитай хэлэлцээ хийгээд аваад ирсэн наймааг төр нь булаалаа гэсэн факт дээр л фокуслана. Мэдээж тэдний “Мөнгөө хийвэл яах бол” гэсэн эргэлзээний хариу явцын дунд тодорхой болох байх. Хоёр талын эсрэг тэсрэг мэдээллийн аль нь зөв бэ гэдгээс, “Эрдэнэт” тойрсон үйл явдлаас Монгол руу урсах хөрөнгө оруулалтын хэмжээ хамаарна гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

ТӨРИЙНХ ҮҮ, “РОСТЕХ”-ЫНХ УУ?

“Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас авчихаар хаана очих вэ гэсэн асуулт тавигдаж мэдэх юм. “Эрдэнэт” 100 хувь төрд ирэх үү, 49 хувиа зарсан “Ростех”-д буцаад очих уу гэсэн асуулт “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар шийдвэр гарахын өмнө “Худалдан авалтын гэрээг хүчингүй болговол “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголын Засгийн газарт бус, “Ростех” корпорацид буцаж очно. Бас манай компанийн хувь худалдаж авсан 400 сая ам.доллар бий. Гуравдагч этгээдэд шилжүүлбэл 100 сая ам.долларын торгуулийг Засгийн газар төлнө. Үүнээс гадна зээлийн санхүүжилтийн зардал, олон улсын хуулийн компани ажиллуулсан зардал, ирээдүйд олох байсан ашиг гэх мэт төлбөрийг нэхэмжлэхээс аргагүй болно” гэж хэлсэн удаатай. Тэгэхээр “Монголын зэс”-ээс буцсан 49 хувь “Ростех”-ынх үү, Монголын төрийнх үү гэдэг асуултын хариу тойрсон үйл явдал ирэх өдрүүдэд өрнөж таарна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахаар “Монголын зэс”-ээс гадна Хятад, Казахстан, ОХУ-ын тав, зургаан компани “Ростех”-д санал тавьсан гэх мэдээлэл ч бий. Эдгээр компаниудад хэлэлцээрийг хүчингүй болгох сонирхол байсан гэх сэжиг таамаг ч саяын дуулианы үеэр чих дэлсээд өнгөрсөн. Ямартай ч Оросын талаас тодорхой шахалт, алхмууд хийгээд эхлэх байх. Яг ямар үйл явдал өрнөхийг одоогоор хэлэхэд эрт байна.

АРБИТР

Хувийн компанийн тухайд худалдаад авчихсан, худалдчихсан хувьцааг нь аль нэг улсын төр шийдвэр гаргаад авчихвал эрхээ хамгаалуулах эцсийн зогсоол нь арбитр болно. Эзэмшлийн хувиа худалдсан “Ростех”-ийн зүгээс арбитрт хандахаа мэдэгдчихсэн гэх мэдээлэл хөвөрч байна. Шийдвэр гарахын өмнө “Ростех”-ын Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд “Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай. Хэлцэл байгуулах тухай шийдвэрийг хоёр улсын Засгийн газраас гаргасныг харгалзан, Монгол Улс ОХУ-ын нэр хүндэд хохирол учруулж болзошгүй. Иймд манай хоёр улсын сайн хөршийн харилцааг үндэслэн цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх ирээдүйтэй байгаа зэргийг харгалзан, дээр дурдсан мэдээллийг анхааралдаа авахыг танаас хичээнгүйлэн хүсч байна” гэсэн үг өгүүлбэр дурайж байгаа. Арбитраас гадна хоёр улсын харилцаа тойрсон асуудал ч өрнөж мэдэх нь гэсэн гаргалгааг эндээс төвөггүй хийчихэж болж байна. “Монголын зэс” корпорацийн зүгээс хийсэн мэдэгдэл одоогоор алга. Эхний ээлжинд шүүхэд хандах болов уу. Шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаарч арбитрт очих үгүй нь шийдэгдэх байх. Арбитрт очвол байдал яаж эргэхийг таамаглаж хэлэхэд эрт байна. Гэхдээ “Хан ресурс” лицензийг нь хурааж авсан Монголын Засгийн газартай шүүхдэлцээд ялагдангуутаа арбитрт очоод биднийг ялсан жишээ бий. Саяхных гэвэл “Эрдэнэт”-ийг өрөнд унагасан “Жаст”-ын жишээ байна.

ХУВЬЦАА

Улстөрчдийн “Эрдэнэт” рүү хийсэн шахааны талаар ой тойнд буумгүй өндөр тоонууд нисэлдсэн өдрүүдийн дараа төр ганцаараа энэ үйлдвэрт эзэн суувал иргэд, төрийн бус байгууллага, салбарынхан, мэргэжлийнхний зүгээс багагүй шахалтад өртөх нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпорацийн зүгээс ч зүгээр суухгүй нь лав. Өнгөрсөн жилүүдийн шахаануудын үүх түүхийг өнгө будагтай нь дэлгээд тавьчих байх.

Ачир дээрээ “Эрдэнэт” 100 хувь төрийн мэдэлд очоод иргэдэд наалдах өгөөж ашиг нь бага гэдгийг өнгөрсөн он жилүүдийн шахааны түүх нотолно. 49 хувьд нь Оросын хяналт байсан үед тэгтлээ туйлцгааж байсан улс ямар ч хараа хяналтгүй болчихвол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь хэнд ч ойлгомжтой. Хувийн компанид “Эрдэнэт”-ийн 49 хувь байлаа ч ард түмэнд ирэх ашиг өгөөж мөн л бага. Харин иргэдэд өгөөжөө өгөхөөр нэг гарц бий. Судлаачид, улстөрчид ч эхнээсээ “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр иргэд, компаниудад нээлттэйгээр арилжъя гэж дуугараад эхэллээ. “Эрдэнэт”-ийн хувийг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэхэд л “Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үеийн үед улстөрчдийн томилгоо, шахаа хийдэг, улс төрийн намууд амьдардаг, улсын нэртэй олон түмнээс хөндий өмч явж ирсэн. Төр авснаар асуудал шийдэгдэхгүй. Төрд ирсэн ч тэр, улс төрийн зохион байгуулалттайгаар Худалдаа хөгжлийн банк авсан ч ард түмэн хожихгүй. “Эрдэнэт”-ийг ард түмний саалийн үнээ болгох хэрэгтэй. Ямар ч шийдвэр гарсан “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа Монголын ард түмэн, аж ахуйн нэгжид нээлттэйгээр арилжаалагдах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийн тодорхой хувийг арилжаална гэсэн байр сууриудыг анзаарахад голдуу 10, 20 гэх мэт тоонууд дуулдаж байна. Улстөрчдийн шахаанд хяналт тавьж, “Эрдэнэт”-ийн өгөөжийг хүртье гэвэл “Монголын зэс”-ээс буцсан 49 хувийг тэр чигт нь Хөрөнгийн биржээр арилжаалбал үр дүнтэй арга болж мэдэх юм. Таван толгойн хувьцаа ид яригдаж байх үед төчнөөн хувийг нь аж ахуйн нэгжүүдэд, төчнөөнийг нь иргэдэд арилжаална гэх хувилбар дуулдаж байсан даа. Тэр жишгийг “Эрдэнэт” дээр хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Мөнгөтэй компани, иргэддээ худалдаж авах боломж, бололцоог нь нээгээд өгчих хэрэгтэй. Иргэдийн хадгаламж гэж долоогоос есөн их наяд төгрөг банкинд байршиж байгаа гэсэн статистик дуулддаг. Ашиглагдахгүй хэвтэж байгаа тэр мөнгөний нэг хэсэг “Эрдэнэт”-ийн хувьцааны арилжаанд ороод ирвэл төсөв улайдаж, өрөө төлж чадахгүй тэвдэж байгаа төрд цагаа олсон шийдэл болно.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ордонд шар мэдээ болох л үйл явдал өрнөдөг гэж ойлгохоор байна

Сүүлийн үед мэдээллийн сувгуудын бүх шуугиантай мэдээлэл нь төрийн ордны шар мэдээ боллоо. Уг нь бол сенсаци арай өөр газруудаас дуулддаг байж. Өнөөдөр тэгсэн төрийн ордон л шар мэдээллийн гол “бай”, ганц эх сурвалж нь болчихсон тууж явна. Тэндээс өлгөж авч болох бүгдийг сошиал ертөнц айхавтар дэвэргэж байна. Сошиал, редакцитай мэдээллийн байгууллага хоёрын дунд газар тэнгэр шиг ялгаа байдгийг улстөрчид сайн ойлгохгүй байснаа сүүлийн үед ойлгож эхлэх төлөвтэй боллоо. Редакцитай мэдээллийн байгууллага нь өөрийн контентыг үйлдвэрлэдэг, хариуцлага хүлээх чадвартай, хуулийн этгээд байдаг юм байна гэж. Харин сошиал ертөнц, редакцигүй сайтууд гэдэг нь буух эзэн буцах хаяггүй, хэнийг ч яаж ч доромжилж болдог, нийгмийн эрээвэр хурааврууд байдгийг бас ойлгов бололтой. Энэ их сайн хэрэг. Үнэндээ Монголын парламентад бохьчин, боовчин, архичин, өөрийгөө ихэд бодсон… гээд эмэгтэй хүнд л байж болох зан чанар бүхий хүмүүс төр түшилцэнэ гээд ороод ирснийг нөхдүүд айхавтар баримтжуулж, сошиалаар цацаж, сайтууддаа байршуулж, нийгмээр нэг юм болгосныг сэтгүүл зүй өөрөө анзаарахад хүрэв.

Сүүлдээ юу л нээнэ, юу л сөхөж харна, тэр чигээрээ төрийн ордонд унтаж буй, унгаж буй авгай, мансуурсан эмгэний тухай мэдээллүүдээр дүүрэн байх боллоо. Үгүй ер нь юу эсийг үзэв ээ, та бид чинь. Одоо ганцхан тайчигч эмэгтэй парламентад битгий сууж байгаасай л гэж залбирах үлдлээ дээ, М.Энхболд дарга аа. Таны бүгдийг нь үзэж шалгаж, өөрийн гараараа сортолж оруулж ирсэн эмэгтэйчүүд. Та хашир хүн багцаалж байгаа байлгүй. Хэрэвзээ тайчигч орж ирсэн бол тэгээд л есөн жор нь бүрдсэн эмэгтэйчүүдийн бүлэгтэй УИХ боллоо гэсэн үг. Төрийн ордондоо шалдан эмэгтэй гүйж явахыг харчихгүйхэн шиг энэ дөрвөн жилийг өнгөрөөх юмсан. Мань мэт шиг ордны хонгилоор таваргаж явдаг нөхдийн хувьд гэнэт нэг өрөөнөөс шалдан хүүхэн гараад ирвэл лав л утсаараа зургийг нь дарах ухаанаа олохгүй нь лавтай. Аягүй бол өнөөхийн чинь хувцсыг өмсгөх, ядаж өрөө рүү нь чирч оруулах маягтай үйлдэл хийж байж өнөөхийг нь сошиалынхан, сайтынхан утсанд бичиж авснаар хэрэгт орох байлгүй. Энэ олон эмэгтэй гишүүдийн чинь төрийн хүний ёс зүйгүй байдал нь эцэстээ ийм нэг үр дагаварт хүрч балрах вий л гэж бодох боллоо. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд бүр ч эрсдэлтэй. Тэр жил Л.Гүндалай чуулганы танхимд лоозон барьж зогсоход хамгаалалтынхан хуулиараа биед нь хүрч хориглож болохгүй эцэстээ Их хурлын дэд дарга Ж.Бямбадорж дүүлж очин лоозонг нь урж хаясан удаатай. Яг түүнтэй агаар нэг юм болбол яана. Мансуурсан эмгэн чуулганы танхимд суудлаа олохгүй нааш цааш алхахад журмын нөхөд нь яаж ч чадахгүй, эцэстээ нэг нь “Миний хөгшөөн, утас чинь дуугараад нөхөр чинь залгаад байгаа юм биш үү” гэж анхаарлыг нь төвлөрүүлж байгаад “Одоо гарч харь, хүмүүс хараад байна” гэж сэм хэлсэн байх. Үүн шиг бас нэг эмэгтэй гишүүн нь мансуураад чуулганы танхимд нүцгэлээд ороод ирвэл ойртох хүн байхгүй, хуулиараа хамгаалалтынхан халдах эрхгүй учир УИХ-ын дарга М.Энхболд та л индрээсээ дүүлж очин гялс манас хувцсыг нь өмсгөх хэрэг гарах байх. Яагаад гэвэл УИХ-ын чуулганы танхим бол Монголын төрийн хүндэт индэр. Хоёрдугаарт, таны удирдаж буй намын асар том нэр хүнд цаана нь байна. Иймэрхүү санаа зовнил их байна аа. Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байдаггүй гэж үнэн.

Өнөөдөр төрийн ордноор микрофон барьж хатирсан хүүхнүүд дүүрэн болсон. Ер нь бол бүсгүй хүнийг элдвээр хэлж ерөөсөө болохгүй. Зүгээр төрийн ордны соёл талаас нь бичиж байгаа юм. Монгол эрчүүдийн хамгийн хоншоортой нь ямар ч эмэгтэй хүнд аясаар нь ханддаг юм. Энэ тухай дуучин Сарантуяа маш сайхан, баримт нотолгоотой ярьсан нь бий. Яадаг гэхээр, өнөө микрофон барьж хатирсан сурвалжлагч хүүхнүүдийн өөдөөс “Миний ажилд битгий садаа бол” гэж хэлдэг нэг ч эрэгтэй гишүүн байхгүй. Тэгсгээд л “Аятайхан ч хүүхэн юм уу” гэж хүлээж аваад араас нь ажил төрөл, юу ярихаа боддог. Яхир ёдор гэх Ц.Нямдорж хүртэл тийм юм. Ийм нөхцөлд хэн тэдгээр микрофон барьж ордны хонгилоор, өрөө өрөөгөөр хатирсан хүүхнүүдэд халтай хандаж, ёс зүйг ойлгуулж, улс төрийн хатуу хүтүүг мэдрүүлэх билээ. Өнөөдрийн парламентад залуу гишүүд ядаж их хэмжээгээр ороод ирж. Тэдний харц буруугүй шүү дээ. Ямар ч хамаагүй сайтын аятайхан хүүхэн хажуугаар нь өнгөрөхөд анхаарал нь сулардаг. Уг нь бол төрийн төлөө, энэ улсын хөгжлийн төлөө, хуулийн төсөл дээр ажиллаж бодол чилээж байсан байлгүй дээ. Энэ мэтээр хаанахын, аль мэдээллийн хэрэгслийнх нь мэдэгдэхгүй сурвалжлагчийн мандат хүзүүндээ зүүж хатирсан хүүхнүүд асуудал тарьж байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Дийлэнх нь УИХ, Засгийн газрын нэр дээр ордон руу орох эрх авсан юм билээ. УИХ-ын хэвлэлийн албаны дарга Батбаатар, Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Отгонбаяр нарын хувьд Их хурлын эрэгтэй гишүүд шигээ хатирч орж ирсэн хүүхэн бүхэнд намирах хэрэггүй. Та хоёр ордны хонгилоор микрофон барьж хатирсан хүүхнүүдийг харж битгий бас саасганаад бай. Төрийн ордон дотор хэний, хаанах нь мэдэгдэхгүй жороолсон хүүхнүүдийг хазаарлах эрх та хоёрт л эхлээд бий шүү.

Ингэж эмхэлж цэгцлэхэд ерөөсөө ядах юм байхгүй. Ордон руу орох босго журмаа өөрчил. Тогтмол хэвлэлийн хувьд дор хаяж 3000-аас дээш уншигч захиалагчтай сонины сэтгүүлчид ордон руу орох эрх олгоно. Албан ёсны, байнгын эфиртэй, тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа таслалгүй явуулсан, хөлөө олсон телевизэд, өөрийн өнгө төрхтэй, хандалт өн-дөр, өөрийн редакцитай сайтын сэтгүүлчид ордон руу орж сурвалжлах үнэмлэх олгоно. Ийм л босго тогтоож, журам батлаад явахад дороо цэгцэрнэ. Энэ журмыг хангаагүй бол битгий оруул. Ордон руу орох, сурвалжлах эрхийг хавтгайруулж олгосноос чинь болж Монголын төрийн нэр хүнд өдрөөс өдөрт шалан дээр унаж байна. Шороотой хутгалдаж байна. Редакцийн бодлого байтугай редакци ч гэх юмгүй, өөрөө эзэн нь, эсвэл нөхөр нь эзэн, ганц хүнтэй сайтууд ордны хаанаас ч хамаагүй сонссон дуулсан, үзсэн харснаа нийгмийн сүлжээ рүү шидэж, үймүүлдэг бүхэл бүтэн давхарга төрийн ордон дотор бий боллоо. Тэд л унтаж байгаа авгай, ууж мансуурсан авгай, боовчин, бохьчин болгоны зургийг авч нийгмийн сэтгэл зүй рүү шидэж байна. Тэдний шидсэн болгоны тоогоор ард түмэн Монголын төрийг зүхэж байна. Редакцитай, редакци нь бодлоготой хэвлэлийн газруудаар хэзээ ч дамжихгүй, мэдээлэгдэхгүй тийм л шар бор мэдээллийг төрийн ордноос тэд олж, цацаж байгаа нь “Төрийн ордонд шар мэдээ болох л үйл явдлаас өөр зүйл болдоггүй юм байна” гэсэн муухай хандлагыг бий болгосоор… Тэрнээс биш төрийн ордонд энэ улсын хувь заяаг шийдсэн, шийдэх гэж буй өчнөөн үйл явдал өрнөдөг гэж боддог. Сая бас л Эрүүл мэндийн сайд эмэгтэй “Төрийн ордонд нэг муу төрийн бус байгууллагын төлөөлөл юу хийж орж ирчихээд тэнээд явна аа” гэсэн утгатай ярилцлага өгснөөр төрийн ордны шар мэдээг үргэлжлүүлж эхэллээ. Ардчилсан нийгмийн бас нэг дархлаа нь иргэний нийгмийн байгууллага байдаг. Тийм болохоор төрийн сайд хүн ТББ-ын тухай ингэж хэлж, ярьж болохгүй. “Өө муу тэнэг авгай” гээд л эхэллээ дээ. Эрэгтэй нэгэн байсан бол ингэж ярихгүйгээ басчиг нэг муу юм мэдэх байсан байх. Ингээд л энэ төр дэх “эргүү авгай” нарын тоо нэмэгдсээр байна.

Дээр нь хэлэхэд улстөрчид нь өөрсдөө ордонд хатирч яваа хүүхнүүдийнхээ хэмнэлд орчихсон, тэдэнд зориулсан улс төр хийдэг болчихож. Камер хараад, аманд нь микрофон тулгахаар шууд жүжигчид болж, юун эх орны эрх ашиг, төрийн хар хайрцагны бодлого. Ямар ч нууцыг дэлгэж ухаанаа алдчихдаг болсоор удлаа. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын энэ жүжиглэлтийн талаар манай сонин удаа дараа бичсэн. Чуулганы нээлт хаалт, хүндэтгэлийн хуралдаан гэж төрийн хүндэтгэлийн албан ёсны ажиллагааг бол шууд дамжуулж болно. Бусад үед чуулган, байнгын хороодын хуралдааныг хаалттай болгоё гэж. Чуулганы дараа юм уу, дундуур ч байж болно, хэн нэг нь гарч ирээд юу ярих нь нээлттэй. Сөрөг хүчнийхэн нь гарч ирээд “Эрх баригчид ингэлээ, улс орны эрх ашгийг ингэж умартлаа” гэж мэдээлэхэд зөрүүлээд эрх баригчдын аль нэг нь гүйж гарч ирээд “Тийм биш, энэ нь ийм учиртай юм” гэхчилэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж болно шүү дээ. Энэ нь шар мэдээлэл анаад, хайгаад хатирч явдаг нөхдүүдийн дамжуулдаг мэдээтэй эгнэшгүй бодитой, амьд халуун, тэсрэлттэй мэдээлэл болж ард түмэнд хүрнэ.

Ингээд Их хурлын чуулганыг хаалттай болгоё гэхээр нийтээрээ нэг л тэнэг үгийг хэлдэг. Тэр нь “Муусайн хулгайч нар нууцаар эх орноо хуваагаад зарчихна” гэж. Энэ бол үнэхээр тэнэг яриа. Эрх биш ийм тэнэгийг та бид сонгоогүй юм байгаа биз дээ. Та чинь л “Энэ хүн нь Их хурлын гишүүн болоход тохиромжтой, шударга, эх оронч” гэж гэр бүлийнхэндээ хүртэл нөлөөлж байгаад өнөөдрийн УИХ-ын гишүүдийг сонгосон юм байгаа биз дээ. Өөрийнхөө сонголтод итгэлтэй байгаа бол өнөөдрийн Их хуралд сууж байгаа нөхдүүдэд бас итгэхээс өөр арга байхгүй. Харин итгэлцэл аль аль талдаа мөхвөл энэ улс орон сөнөх нь тэр юм байгаа биз дээ. Ингэж л харах цаг иржээ. Тэгэхээр бид эх оронтой хүмүүс. Хөгжил цэцэглэлт өөд явцгааж байгаа. Энэ замд засч залруулах ажил байна. Үүний нэг нь төр засгийн бодит мэдээллийг ардаа хариуцлага хүлээсэн редакцитай, олон уншигч, захиалагч, үзэгчтэй, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн байгууллагууд л нийгэмд хүргэж чадна шүү гэдгийг хэлэх байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гантулга гишүүн ээ, эхлээд өөрөө малчин болчих. Тэгж байж бусдыг мал малла гэж хэлэх эрхтэй болно

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга “Залуу малчдыг дэмжих аян” өрнүүлжээ. Монголын морин спорт, залуу уяачдын тэргүүн тэрбээр энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу гэр бүлийг сонгон 50 эм төлөг өгч, малжуулах ажил зохион байгуулж байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Залуучуудын мал маллаж хөдөө амьдрах сонирхол буурсан. Ихэнх нь хот, төв газрыг барааддаг болсон байна. Үүнээс болоод хотын замын түгжрэл, нүүрсний утаа ихэссэн байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд хотын төвлөрөлтэй тэмцэх биш хөдөөгийн малчдыг дэмжих, залуусыг мал маллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байгаа юм. Нийслэлд ажилгүй байгаа залуусыг хөдөө орон нутагт очиж мал маллахыг уриалах хэрэгтэй ” гэж санаа зовнин ярьсан байна. Түүний бодлоор бол хотод байгаа залуучуудыг 50 төлгөөр хуурч бүгдийг нь хөдөө хөөх юм байх. Үр дүнд нь хотын түгжрэл багасч, утаа униар нь арилж, хөдөө орон нутаг хөгжих юм гэнэ. Өнгөц харахад залууст мал өгч, ажилтай болгох гээд байгаа мэт. Үнэн хэрэгтээ залуусыг хөдөө цөлж, хөгжих, суралцах, мэдлэг мэргэжилтэй болох, орчин цагийн хүн шиг сайхан амьдрах боломжоос нь татгалзуулж байна гэсэн үг.

Мал маллах, малчин болох тийм сайхан ажил уу гэж захын залуугаас асуугаад үзээрэй. Бүгд д толгой сэгсрэн зугтах байлгүй. Яагаад гэвэл нүүдэлчид, малчдын амьдрал бол хамгийн хүнд бэрх, хатуу хөтүүг дөрвөн цагийн туршид туулдаг юм. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж сая нэг шөнө болохоор амсхийдэг цаг наргүй ажил. Салхи шуурганаар нялх жаахан үрсээ дааруулан дааруулан нүүдэл хийх, цасан шуурганаар хэдэн хонины араас явж байгаад осгох бол энүүхэнд. Зүсээн гандтал зүтгээд овойж оцойтлоо хөлжиж хөрөнгөжсөн хүн ч цөөн. Одоо бол бүгд л банкны зээлтэй, ноолуур гартал хэдэн төгрөг хүнээс зээлж цагаан сараа тэмдэглэх тухай л бодож суугаа. Ийм ундуй сундуй, өнгөрсөн зуунаараа байгаа амьдрал бол малчдынх. Ачлагын тэмээ нь портер машинаар солигдож, гэрэл чийдэн гэртээ гялалзуулдаг болсон ч байгалийн ая занг аргадан амьдардаг хүнд хүчир хөдөлмөр нь хэвээрээ. Ийм байтал өөрсдөө хотод шигдэн ая тухтай сайхан амьдарчихаад “Хөдөө л амьдрал байна. Хөдөө гарч мал малла. Малчны хөдөлмөр шиг сайхан нь хаана байна. Амьдрал мэдэхгүй байж хөдөөг мууллаа” гэж омогдохыг нь яана.

Хэрэв үнэхээр хөдөө малчин болчихоод санаа амар, стресс бухимдалгүй, ая тухтай, аз жаргалтай амьдарч болдог юм бол Д.Гантулга гишүүн өөрөө эхлээд малчин болчихоод бусдыгаа араасаа дуудаач. Яагаад өөрөө Улаанбаатарт, бүр саарал ордонд тухалж суучихаад залуусыг болохоор малчин бол гэж хөдөө хөөж байна вэ. Энэ бол өөрийнхөө дуртай хотод бусдыг оруулахгүй гэж байгаатай ялгаагүй юм.

Залуус Д.Гантулга гишүүний үгэнд орж, 50 төлгөнд хууртан малчин болуузай. Энэ зуунд нүүдлийн мал аж ахуй устаж үгүй болно гэдэг. Нүүдэлчид эрчимжсэн, суурин, ашиг шим ихтэй фермерийн аж ахуйд зайгаа тавьж өгч байгаа нь бодит үнэн. Хэрэв залуус малчин болж хөдөө гарвал тэр чигтээ хаягдана. Хийж бүтээх залуу халуун нас тань хэдэн хонины захад өнгөрнө. Орчин цагт хүмүүс улам л ая тухтай амьдарч, ингэж амьдрах шийдэл гарц нь нэмэгдсээр атал манай эрхэм гишүүн маань яагаад залуусаа хөдөө хөөгөөд унав. Түүний санаачилсан “Залуу малчдыг дэмжих аян” бол тэр чигтээ буруу юм. Харин ажилгүй залуусыг мэргэжилтэй болгож, мэргэжлийнх нь дагуу ажилд оруулах аян өрнүүлсэн бол хавьгүй дээр байлаа.

“Малчин болох хүн алга. Залуус хотод шигдээд хөдөө явахгүй байна” гэсэн шүүмжлэл бол арай хэтэрхий популист юм. Амьдрал дээр малчид өөрсдөө ийм шийдвэр гаргадаг юм. Тэд хүүхдүүдээ өөр шигээ болгохгүйн тулд их, дээд сургуульд явуулж, хот орон газар бусдын адил тохь тухтай амьдруулахыг хүсдэг. Энэ бол хүүхдээ гэсэн эцэг, эхийн чин хүсэл юм.

Монгол орон газарзүйн хувьд эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай. Жилийн дөрвөн улирлын ялгаа маш их. Зуны улирал нь дулаахан боловч маш хуурай бөгөөд зургаагаас наймдугаар сар хүртэл ердөө гуравхан сар үргэлжилдэг. Хахир хатуу хүйтэн өвөл нь барагдахгүй урт. Цаг агаарын тайланд дурдсанаар аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл бүхэл бүтэн долоон сар үргэлжилдэг. Хавар, намрын хэлбэлзэх хугацаа янз бүр байдаг ч хүйтэн хавсарга, жиндүү жаварлаг өдрүүд зонхилдог. 1989-2014 оны байдлаар Монголд жилд дунджаар 57 удаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл тохиолдсон бол сүүлийн жилд энэ давтамж нэмэгдсэн байна. 2015 онд л гэхэд аюулт үзэгдэл 76, гамшигт үзэгдэл 17 удаа болж есөн хүн амь насаа алдсан баримт байна.

Ийм цаг ууртай нөхцөлд хөдөө гарч, хөхөртлөө салхинд туугдан амьдрах залуус цөөн байх нь аргагүй юм. Хотын утаа, замын түгжрэлд ажилгүй залуусыг буруутган хөдөө хөөж байхаар, ажлын байрыг нэмэх, эдийн засгаа тэлэх, улс орноо хөгжүүлэх урт хугацааны цогц бодлого хэрэгжүүлээч.

О.ТУЯА

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу

“Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” нийтлэлийг манай нийтлэлч Н.Гантулга өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27ны дугаарт бичсэн билээ. Нийтлэл гарсны маргаашаас редакцийн утас завсаргүй хангинаж, сонины редакц олон хүний хөлд дарагдан, дэмжсэн захидал ирсээр байна. Хүмүүс “Юу байгаагаа хандивлая, сайхан санаачилга байна, дэмжиж байна, энийгээ ч өгнө, тэрийгээ ч хандивлана” гэлцэв. “Өдрийн сонин”ы редакцид Монгол Улсын гавьяат багш Л.Дамбадорж, түүхийн ухааны доктор Н.Цэрэн, Н.Баатар, Ч.Цээпил, Ц.Баасанжаваас эхлээд тэтгэврийн хөгшид, идэр залуусын захидал тасарсангүй. Зарим нь алтан аягаа өгнө гэчихсэн, нэг хэсэг нь агт морьд, ээмэг бөгж, мөнгө төгрөг, ер юу байгаагаа өгье гэв.

Түүнчлэн гавьяат эдийн засагч Осоргарав хэвлэлийн хурал зарлан “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргая” хэмээн арван сая төгрөг, арван адуу, алтан бөгж хандивлаж байгаагаа мэдэгдсэн. УИХын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, ”Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар, “Ажнай” группийн ерөнхийлөгч Д.БатЭрдэнэ нар хорь гуч, зуун саяар нь хандивлахаа зарлаж, байгууллагууд өдрийн цалингаа хандивлая гэв. Энэ аянд олон хүн нэмэгдэж нэгдэх нь тодорхой байна. Мэдээж зарим нэг хүн улстөржүүлж шүүмж үг хэлж байсан ч ихэнх нь дэмжиж байгаа юм. Мэдээж улстөрчид энэ уриалгыг дэмжиж мөнгө хандивлахаар зарим хартай хүмүүс “Тэдний буруугаас төлж чадахгүй байгаа өрийг бид яагаад төлөх ёстой юм” гэлцсэн. Өнөөдөр хэн өр тавьсан тухай биш эх орон өрөнд орчихоод тэрийг нь хандиваар дарчихъя гэж л байгаа юм. Дараа нь тэр авсан зээлээ буруу зүйлд зарцуулсан, идсэн уусан гэх хүмүүстэй хариуцлага тооцох бол тусдаа асуудал. Үүнийг хольж хутгаж ойлгох хэрэггүй.

“Өдрийн сонин”ы эхлүүлсэн өнөөх уриалга нийгмийг хамарсан эх орноо гэсэн иргэдийн сайхан сэтгэлийн өглөгөөр дороо л давалгаалав. Энэ янзаараа тэр өрийг бид өлхөн дарчих юм байна. Чадах юм байна.

Ингээд өр төлөх боллоо. Гэтэл гэнэт Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар энэ талаар лхагва гаригт хэлэлцэж, дараа нь байр сууриа илэрхийлж сүйд болов. Энэ сайхан санаачилгыг дэмжээд байгаа юм байх гэтэл хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн хандивыг олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайдад үүрэгдэв. За тэр мэдээлэх ч яахав. Мэдээлдэг л юм байгаа биз. Анх хандив цугласан зорилгыг өөрчилж, “Монголын төр, Засгийн газар хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг бондын өрөнд төлөхгүй” гэдэг байгаа. “Бондын өр төлөх шийдлээ Засгийн газар олсон. Хугацаанд нь төлнө. Иргэдээс цугласан хандивыг эрүүл мэнд, боловсролын салбарт, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт зарцуулна” гэдэг юм байна. Нэг үгээр хэлбэл, “Өр та нараар төлүүлэхдээ тулаагүй. Би өөрөө төлнө” гээд хэлчихлээ. Бидний өгч байгааг өрөнд өгөхгүй гэнэ. Хандивын мөнгийг яаж зарцуулахыг тэд мэдэх юм болоод явчихлаа. Бүр хугацаа зааж байна. Хандив өгсөн хүмүүст дурсгалын бичиг, батламж өгнө гэнэ ээ. Тийм юм авах гэж байдгаа бариад бид гүйгээгүй. Хэн нэгнээс хариу нэхээгүй, бас илүүдээ гартал баяжчихаад алт мөнгө, агт морьдоо өгөөд байгаа юм биш. Эх орондоо хайртай учраас л эрвийх дэрвийхээрээ туслах гэж сайхан сэтгэлийн гараа сунгаж байгаа юм. Гэтэл эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу. Цалингаа, тэтгэврээ буутал хүлээгээд хандив өгөх гээд хэдэн төгрөг бариад очвол хугацаанд нь өгсөнгүй гээд хөөгөөд явуулах юм байна л даа. Дэлхийгээр нэг эх орон минь шившиг битгий болоосой гэж өгсөн хандивыг өөрсдийн бизнес болгож идэж уудаг салбаруудад зориулна гэнэ. Байтлаа ард түмэн өөрсдөө өр дарсан баатарлаг үйл хийсэн болох нь гэж айж, уурлаад байгаа юм шиг байна. Өрөнд өгөх мөнгийг сургууль, цэцэрлэг барих нэрээр хувааж идэх юм гэнэ. Өчнөөн цэцэрлэг, сургууль барьж болохоор байтал тендер зарлаж байгаа нэрээр танилдаа өгчихөөд өнөөх нь хугацаанд нь хүлээлгэж өгөхгүй, эсвэл стандартаар нь барихгүй бөөн хэл ам гардгийг биднийг мэдэхгүй гэж бодоо юу. Бид цэцэрлэг, сургууль барья гэж мөнгө цуглуулаагүй. Монгол эх орондоо зориулж, нэр хүндэд нь санаа зовж, “Өдрийн сонин” анх уриалга гаргасан юм. Бид монголчуудыгаа эх орондоо хайртай байлгах гэж, эх орноо хайрладаг байгаасай гэсэндээ ийм нийтлэл бичиж уриалсан юм. Дандаа хэрэлдэж, дандаа буруутгаж, тэмцэлдэж байснаас нэг юман дээр ч гэсэн нэгдээсэй гэсэндээ бичсэн юм. Монгол хүн болгон эх орондоо хайртай учраас эх орныхоо нэрэн дээр нэгдээд цаашид эвтэй яваасай гэж үүнийг анх уриалсан. Тэрнээс Ж.Эрдэнэбат ба түүний нөхдийг идэж уулгах боломж өгөх гэж уриалга гаргаагүй. Уриалга гарсны маргааш нь ард түмэн улсынхаа төлөө байгаагаа өгье гэлээ. Монголчууд эх орондоо хайртай юм байна. Байгаагаа бариад ирдэг юм байна гэдгийг бид харлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ажлаа авснаас хойш хагас жил ганганаж, гасалж, Монгол Улс мөхөх гэж байгаа аятай ярьсан тэр өрийг чинь ард түмэн хормын дотор төлөх юм шиг байна. Хэрвээ ингээд ард түмэн хормын дотор өр төлчихвөл Ж.Эрдэнэбат ичгүүртэй байдалд орох нь гэж айчихлаа л даа. Ийм амархан юмыг хийж чадахгүй гэдэг нь мэдэгдчих гээд. Монгол Улс хүнд хэцүү, сүйрэх мөхөхийн ирмэг дээр байгаа гэж ямар их улиглалаа. Тийм хүнд хэцүү болсон гэж сандаргаад Монгол Улсаа аврах гэж байгаа мэт жүжиг тавьсан нь ил боллоо гэж яасан их айж сандарна вэ. Ард түмэн төлье гэж байхад төлүүлэхгүй байж Хятадаас зээл аваад үзээрэй. Өмнөд хөршийнхөө үгнээс зөрөхгүй байна гэж хөлд нь сууж гуйж зээл хүссэнийг чинь бид мэднэ. Хувааж идэж, улсаа худалдаж л тэр зээлийг авах гээгүй юм бол зээлээр өр дарах шаардлагагүйг саяын хэдхэн хоногт болсон үйл явдал харууллаа. Одоо байтал эх орноо хайрлахыг маань хүртэл Ж.Эрдэнэбат хориглох болох нь. “Ард Аюуш” кинонд Богдын түшмэл “Үнэн билэгтэй, худал балагтай” гэж хэлдэгчлэн худал пиардсан нь баригдах дээрээ тулахаар айж сандарч байгааг нь ээ. Монгол Улс сүйртлээ хол. Сүйрэх тухай ярих байтугай бодох ч хориотой. Монголын ард түмэн хүчирхэг.

Зах зээлийн эдийн засаг Монголын ард түмэнд өгөөжөө өгсөн нь харагдаж байна. Айлаас эрэхээр авдраа ухвал эрхбиш нэг арга нь олддог. Ардчиллын буянаар хураасан хэдэн төгрөгөө улс орондоо өгөхдөө харамлахгүй байна, Монголын ард түмэн. Айл болгон л эх орныхоо төлөө авдарт маань юу байгаа билээ гэж ухаж үзэж байна. Бондын өрийг төлөх эх үүсвэр нь тодорхойгүй байгаа гэж саяхан л ярьцгааж байсан. Өр дарах аргаа олсон гээд гэнэт яасан том дуугарах болов. Зээлээс өөр ямар л арга байв гэж. Алийн болгон хөршийн дарамт, дэлхийн орны шившиг болох юм. Туурга тусгаар улсын иргэд бид дахин нэг өрийн дарамт болох зээл авахгүйгээр улсынхаа өрийг дарчихна. Бусад улсын иргэд эх орноо хайрлахдаа бөгж ээмэг, хэдэн төгрөгөө өгөхдөө харам байгаагүй. Тэд чадсан. Бид чадна. Харин ийм сэтгэлээ, ийм итгэлээ бид эх орондоо зориулж байгаа юм, танд болон таны тойрон хүрээлэгч, танай намын нөхдөд биш юм

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ерэн оноос хойш чөмгөө дундартал зүтгэсэн баялаг бүтээгчдээ баатрууд минь гэж харах цаг болжээ

Өнөөдөр манай улсад 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 200 мянган төрөөс цалин хүртэгсэд, цаана нь бас 200 мянган огт ажил хийх хүсэлгүй иргэд байгаад нэг сая гаруй хүүхдийнх нь хамт 200 мянган баялаг бүтээгчид тэжээж байна гэж Монгол Улсын төрийн тэргүүн нэгэнтээ хэлсэн. Манай улсын эдийн засгийн 80 орчим хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Ажиллах хүчний 75 хувийг хувийн компаниуд бий болгодог. Улсын төсөвт төвлөрүүлж байгаа нийт татварын 70 орчим хувийг үндэсний баялаг бүтээгчид бүрдүүлдэг юм. Ийм л үнэ цэнэтэй давхаргынхан бол хувийн хэвшлийнхэн. Гэхдээ эднийг дотор нь хоёр хуваахаас өөр аргагүй байдалд өнөөдөр хүрлээ. Цаг үе нь өөрөө эдгээр хүмүүсийн хэн нь ерэн оноос хойш шударгаар бизнес эрхэлсэн, хэн нь амар хялбар аргаар мөнгө олж байгааг ялгаж салгахыг шаардаж байна.

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд дээлтэйгээ хатаж, гэрээ мартсан гэсэр царайлж, бизнесийг “А”-гаас нь эхлүүлэн өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нэгэн үеийнхэн бол яах аргагүй ялгарч харагддаг. Харин хэн нэг эрх мэдэлтний нөлөөгөөр өчигдөр компани байгуулаад, өнөөдөр том тендерт ялаад, маргааш нь тэрбумтан болсон нөхдүүд өөрсдийгөө мундаг бизнесмэн гэж нэрлээд сууж байгаа нь эмгэнэлтэй. Тэд энэ л замаараа цааш явах хүсэлтэй байгаа нь Монголд хорлонтой байна. Ард түмэн энэ хоёрын ялгааг мэдэхгүй байгаа нь бүр эмгэнэлтэй. Энэ нь юугаар илэрч байна гэхээр Монголын бүх баялаг бүтээгчдийг нэг том хар саванд чихээд “Муусайн баячуул, төрийн мөнгөөр хөлжигсөд, улстөрчдийн түрийвчнүүд…” хэмээн цоллож байна л даа. Өөрийнхөө мөнчгөрөөр өдий хүртэл зүтгэхдээ Монголын нийгэмд ямар их баялаг бүтээж, ямар олон хүнийг цалин орлоготой амьдруулж, улсдаа хэдэн тэрбумын татвар төлж ирснийг нийгэмд зөвөөр таниулах нь аль аль талдаа чухал болжээ. Бүтэн 10 жил өдөр шөнөгүй хөдөлмөрлөж Lexus 570 авч унаж байгаа компанийн захиралд, ах нь дарга болсны маргааш 570 авч унаж байгаа танил нь ямар харагдах вэ. Түүний татварт төлсөн мөнгө шүү дээ. Шударгаар бизнес эрхлэгчид, шударга бусаар хөрөнгөтэй бологсод гэж хоёр ангилах цаг болжээ гэдгийг энэ мэт жишээнээс өдөр тутам бид харж байна.
Өнөөдөр шударгаар бизнес эрхэлж буй хүмүүстээ урмын ганц сайхан үг хэлчихдэг төр ч алга, хүн ч алга. Төрөөс бэлэн ашгаа авчихдаг, тендерээр мөнгө олдог нөхдүүдэд Монголын нийгэм шударга үнэлгээ өгөх ёстой. Тэд ямар ашиг орлогоороо, ямар хуримтлалаараа компани байгуулж, үндэсний баялаг бүтээгчидтэйгээ өрсөлдөөд байгаа юм. Ийм хүмүүст нийгмийн зүгээс баялаг бүтээгчид хэмээн хүндэтгэлтэй хандах ёстой юу. Ийм асуултын тэмдгүүд олонтой гарах боллоо. Гэм нь төр засаг нь ч тэднийг дөгөөж дэвэргээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ташуур нэмсээр одоо хэн нь хулгайч, хулгайч бишийг ялгахгүй хэмжээнд очсон нь бүтэн 26 жил бизнесийн салбарт чөмгөө дундартал зүтгэсэн хүмүүсийн урмыг хугалахад хүрээд байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн үг бий. Дээр нь бизнесийнхэн маань бас дотроо учраа олохгүй нэгнийгээ гүтгэж, харлуулсан мэдээллийг нийгэмд хүргэх боллоо. Мэдээж үүнд улстөрчдийн халаасны компанийнхан голлох үүрэгтэй оролцож байгаа юм. Бас сэтгүүлчдийн маань цөөнгүй хэсэг нь аливаа зүйлийн учрыг ухаж мэдэхгүй, өнгөц мэдээллээр нийгэмд жинхэнэ баялаг бүтээж буй эздийг харлуулж, нийгмийн сэтгэл зүйд муу хүмүүс болгон харуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Наад зах нь бид айл саахалтынхаа мэргэжил нэгтнүүдээсээ жишээ авмаар байна. Өмнөд Монголын “Одон” телевиз, “Солонго” сэтгүүлийг хар. Тэдний мэдээллийн сувгууд ихэнх цагийг, сэтгүүлийнхээ ихэнх нүүрийг жинхэнэ хийж бүтээж байгаа хүмүүст зориулж байна. Жирийн нэгэн аж ахуйн эзнийн талаар ямар гоё, гэрэл гэгээтэй, чамин сурвалжлагууд бэлдэж байна вэ.
Том, дунд түвшний аж ахуйн нэгжүүдийнхээ бизнесийн үйл ажиллагааг, хэрхэн хөдөлмөрлөж байгааг үлдээлгүй сурталчилж байна. Үнэхээр нэг аж ахуйч, ажил хэрэгч мэдээллийг тэднээс бид харах юм байна шүү дээ.
Хуучин нийгмийг санагалзаж байгаа юм биш. Сайн зүйлийг нь авах л ёстой. Жишээ нь соц нийгэмд манай телевиз, сонинууд малчны хотноос, тариан талбайгаас, барилгын бүтээн байгуулалтаас ямар сайхан амьд халуун сурвалжлагуудыг нийгэмд хүргэдэг байв. Одоо тэгтэл тариаланчдын хөдөлмөрийг харуулахын тулд заавал нэг сайд тариан талбай дээр зогсоод ярихыг хардаг боллоо. Сайн малчны хотноос хийж буй сурвалжлага гэхээр заавал нэг Их хурлын гишүүн гэрийнх нь хойморьт суугаад ярих юм. Барилгын салбарын бүтээн байгуулалттай танилцахын тулд баахан дарга нарын зээл ярихыг сонсож залхлаа. Нийслэл хотод маань өнөөдөр боссон энэ их уул хяр шиг орон сууцны хорооллууд, үйлдвэрүүд, зам талбай, гүүр, зочид буудал, хоолны сүлжээнүүд хэрхэн эдийн засаг болж, энэ улсын иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж байгааг бодитоор нь олон түмэнд хүргэчихэж болдоггүй юм уу. Ерэн оноос гахай үүрч бизнесийн гараагаа эхлүүлсэн өнөөдрийн баялаг бүтээгчдийн хөдөлмөрийн үр шимийг бид алхам тутамдаа хүртэж байна. Монголчууд бүгдээрээ тэдний байгуулсан компанид ажиллаж, тэдний барьсан орон сууцанд амьдарч, тэдний ресторанд зоог барьж, тэдний бий болгосон эмнэлэгт үзүүлж, тэдний үйлдвэрлэсэн гурил ногоогоор хүнсээ залгуулж, тэдний тавьсан замаар давхиж, тэдний байгуулсан сургууль цэцэрлэгт хүүхдээ сургаж, тэдний дэлгүүрүүдээс үйлчилгээ авч байна. Энэ бүгдийг ерээд оноос хойш өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ зүтгэсэн компанийн эзэд л бий болгосон шүү дээ.
Монголын эдгээр бизнесмэнүүдийн гайхамшигтай чанар нь ганц биедээ ахдам олон салбарт нэгэн жигд баялгийг бүтээж байна. Барилгын, замын, уул уурхайн, үйлдвэр үйлчилгээний, хөдөө аж ахуйн гээд олон салбарт нэг хүн, нэг компани, нэгэн зэрэг тогтвортой, амжилттай ажиллаж ирлээ. Зөвхөн нэг компани гэхэд 4000 хүнийг ажлын байраар хангаж, жилд 130 тэрбум төгрөгийн татвар улсад төлж байна. Монгол Улсыг тэр чигээр нь засмал замаар холбож байна. Монголын нийслэлд хэдэн мянган орон сууц эздээ хүлээгээд байж байна. Саяхан л үлгэр мэт сонсогдож байсан бүтээн байгуулалтууд шүү дээ. Салбар бүрт ийм жишээ олныг дурдаж болно. Ийм л баялаг бүтээгчид энэ улсад үнэ цэнэтэй баймаар юм. Ийм хүмүүсдээ Монголын төр гүн хүндэтгэлтэй хандмаар юм. Монголын үнэ цэнийг эдгээр хүмүүс л авч яваа байх. Монголын үндэсний баялаг бүтээгчид өнөөдрийг хүртэл шулуун дардан замаар яваагүй. Банкнаас зээл авч, унаж босож, шатаж, хоолой дээрээ хутга тулгуулах үе олонтой тохиосон нь мэдээж. Тэдэнд хэн ч туслаагүй, бүгд л хар толгойгоороо үйлээ үүрээд, тэсээд гарсан нь өнөөдрийн Монгол Улсын жаахан ч гэсэн хөгжил цэцэглэлт мөн.
Ингэж хөдөлмөрлөсөн, зүтгэсэн тэд өнөөдөр Монголын төрөөс гавьяа шагнал, цол хэргэмээ авах болзлоо хэдийнэ хангажээ. Монголын төр ч гэсэндээ үүнээс өөрөөр тэднийг юугаараа ч гялайлгах билээ. Сүүлийн жилүүдэд лав “Тэр компанийн захиралд Хөдөлмөрийн баатар цол олголоо” гэж сонсогдоогүй. Шагналын мэдээ байсхийгээд гардаг. Баахан л дуучин, жүжигчин, бөхчин… хүмүүс л баатар, гавьяат авч байгаа харагддаг. Шударга хэлэхэд тэдний гавьяа бол зөвхөн тэдний л гавьяа, өөрийнхөө төлөө хийсэн хөдөлмөр. Дэлхийн аварга боллоо гээд тэднээр дамжиж дэлхийд хэдэн сая хүн Монголыг мэддэг болоод байгаа юм. Монгол Улсынхаа нийгэмд, эдийн засагт ямар хувь нэмэр оруулсан хүмүүс юм. Амьдралд бид бодитой л хандах ёстой. Хувьдаа байгуулсан гавьяа, хувьсгалд байгуулсан гавьяа хоёрын дунд тэнгэр газар шиг ялгаа байдгийг Монголын төр гэгээн оюундаа тунгаах биз. Тэднийг шагнаж урамшуулалгүй л яахав, гэхдээ Монгол Улсад хэдэн арван тэрбумын татвар төлсөн, хэдэн мянган ажлын байр бий болгосон, хэдэн мянган айл өрхийн амьдралыг авч яваа, бараг дундад зуунаар шахуу байсан Монголын нийслэлийг орчин үеийн хот болгосон, дэлхийн хамаг л сайн техник, технологийг салбар бүртээ авчирсан баялаг бүтээгчдийг үнэлэх үнэлэмж урлаг, спортынхноос доогуур байх ёсгүй.
Хуучин нийгэмд аль нэг нэгдэл, сангийн аж ахуйг хэдэн жил сайн удирдсан хүнд Хөдөлмөрийн баатар цол олгодог байлаа. Эсвэл нэг тариа бригадыг давгүй удирдаж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн, эсвэл 100 эхээс 104 ботго жил дараалан авсан тэмээчинд олгодог цол байв. Харин өнөөдөр Монголын нийгэмд хийсэн бүтээсэн хүмүүсийн үзүүлэлт бол дэндүү гайхамшигтай, тэр үетэй харьцуулшгүй юм. Насаараа арван дуу дуулаад хөдөлмөрийн баатар цол авч байгаа хүн, ухамсарт амьдралынхаа 20 жилд бүхэл бүтэн дүүрэг, тосгон байгуулж, 20, 30 мянган хүний амьдрах орчинг бүрдүүлж, Монголын төсвийг мөнгөөр таслаагүй явж ирсэн хүн хоёрын улсдаа байгуулсан гавьяа, нийгэмд эзлэх байр суурь, үнэ цэнийг харьцуулшгүй биз дээ. Ийм компанийн захиралтай тэр үеийн сангийн аж ахуйн даргыг яаж зүйрлэж болохов.
Баялаг бүтээгчдээс сүүлийн дөрвөн жилд Хөдөлмөрийн баатар цол авсан хүн байна уу гэхээр Сэлэнгэ аймгийн тариаланч Мардаан гуай л энэ цолыг хүртсэн юм билээ. Монголыг хэн авч явж байна, тийм л хүмүүс хүртдэг шагнал гэж ард түмэн ойлгодог. Тийм болохоор Монголын нийгмийг авч яваа баялаг бүтээгчдээ төрөөс баатар цолоор нь шагнах болчихсон юм байна. Тэд бүгдээрээ болзлоо хангасан. Ерэн онд гал цогтой гахайгаа үүрээд бизнесээ эхлүүлж, өнөөдрийн хөгжлийг бий болгосон бизнесмэнүүд маань өнөөдөр эхнээсээ 60 нас хүрч, ухамсарт амьдралдаа би эх орондоо юу хийж бүтээв, Монгол Улсын хөгжилд би ямар хувь нэмэр оруулав хэмээн дүгнэж цэгнэдэг насан дээрээ ирж байна. Үр хүүхдүүддээ бизнесээ залгамжлуулаад эхэллээ. Ерэн оноос хойш эдгээр хүмүүс Монголын ард түмнийг идэх хоолтой, өмсөх хувцастай, унах унаатай, дулаан байртай, дэлхийн хүн төрөлхтнөөс дутуугүй амьдруулах гэж үнэхээр зүтгэсэн, их ч ядарцгаасан. Үр хүүхэд нь аавынхаа царайг харалгүй хоёр гурван сар болох энүүхэнд байсан байлгүй. Ингэж биеэ барсан, оюун ухаанаа чинээнд нь тултал хөдөлмөрлөсөн хэдэн муусайн баялаг бүтээгчдэдээ Монголын төр урмаа хайрла. Дуудаж авчраад гавьяаг нь үнэл. Өнөөдрийн нийгэмд баялаг бүтээгчид л жинхэнэ баатрууд юм шүү. Шударга хэлэхэд хоол анхдагч, хоолой хоёрдогч шүү гэдгийг хэлэх байна. Монгол улсыг авч явж буй, цаашид авч явах аж ахуйн нэгжийн эздийг төрөөс шагнаж гэмээнэ нийгэмд компанийн үнэлгээ өснө. Энэ нь тэдний нийгэмд эзлэх байр суурь нь болно. Учир нь үүндээ л байгаа юм. Дээр нь Монголын бизнесмэнүүдийг өнөөдрөөс эхлэн хоёр салгаж харах ёстойг дахин дахин хэлмээр байна. Өнгөрсөн 26 жилд цуцалтгүй хөдөлмөрлөж баялаг бүтээсэн компаниуд, тэдгээрийн эзэд. Нөгөөдөх нь зүгээр л эрх мэдэлтнүүдийн дэмжлэгээр, улстөрчдийн нөлөөгөөр зовлонгүй хөрөнгөжсөн нөхдүүд. Монголын төр энэ хоёр хүнийг л ялгаж, салгаж гэгээн оюундаа тунгаагаасай.
Ингэхгүй бол энэ хэдэн үндэсний компанийн чинь эзэд ямар ч урам зориггүй боллоо. Өнөөдөр 1025 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор зургаа болон хорогдлоо. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрлөө. 100 саяас дээш татвар төлдөг байсан 200 компанийн тал нь байхгүй боллоо. Өнөөдрийн эдийн засгийн хямрал, төрийн дарамт, авлигажсан тогтолцоо тэднийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлгүй болгочихлоо. Энэ нь Монгол Улс өөрөө урам зориггүй, хүсэл тэмүүлэлгүй, эдийн засгийн потенциалгүй боллоо гэсэн үг. Энэ бол аюулын харанга. Ийм цаг үед Монголын төр баялаг бүтээгчдэдээ чадах чинээгээрээ урам зориг хайрла, эрч хүч өг. Тэдэнд өөр юу ч хэрэггүй, бусдыг нь тэд өөрсдөө бүтээгээд, босгоод явчихна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Далайн арлын тухай дахин өгүүлье

Манай сонин жил гаруйн өмнө утаатай, жавартай өвлөөр нисч очоод өвөлжчихдөг аралтай болъё гэж бичсэн удаатай. Тэгж бичсэний дараахан манай редакцид олон хүн хандаж, ихэнх нь дэмжсэн үг унагаж байсан юм. Юу л байна эзэнгүй цэлийсэн газар байна, хэн ч ашиглахгүй дэмий байлгахаар хэрэгтэй улсад нь тусгай зориулалтаар түрээслээд олсон мөнгөөрөө арал авчихвал ядаж л хүүхдүүдээ ханиаданд дарлуулахгүй, утаанаас үүдэлтэй элдэв өвчнөөр шаналахгүй шүү дээ гэж олзуурхсан нь олон байсан. Монгол шиг гурван сая гаруйхан хүн амтай улсын хувьд хааш хаашаагаа 50 километр, жижигхээн арал худалдаад авчихад л өтгөс хөгшид, нялхас балчруудаа дулаахан аятай орчинд тухтай өвөлжүүлчихнэ. Ийм аралтай болчихвол утаанд хэлмэгддэг хүүхэд хөгшдөө аравдугаар сарын сүүлээс гуравдугаар сар хүртэл тэндээ байлгачихна. Уудам нутгаасаа ашиглахгүй байгаа хэсгээ түрээслээд ч юм уу зараад аралтай болчиход болохгүй юмгүй. Арал түрээсэлж болж байна. Худалдаад авчих гарц ч бий. Бүр цаашлуулж яривал жилийн аль ч улиралд дулаахан, чийглэг, аятай тавтай цаг агаартай хэсэгт, далайн дунд арал бүтээх үлгэр биш болчихсон. Урд хөрш маань гэхэд хүчтэй газар ухагчийн тусламжтай далайн ёроолын элсээр хиймэл арал хийчихэж байна. Бүтээсэн арлаа цэргийн обьект, нисэх зурвас болгох зорилго өвөрлөж буйгаа нуудаггүй. Япончууд ч ялгаагүй, Филиппиний тэнгис дэх Окиноторишима нэртэй эзгүй бичил арлыг төмөр хавтан дээр өргөтгөнө гээд ажлаа эхэлчихсэн. Япон АНУ-тай хамтраад Хятадтай дайтсан тохиолдолд энэ арлыг тэнгисийн тулааны стратегийн чухал цэг болно гэсэн тайлбар ч дуулддаг.

Манай улсын хувьд арлыг Япон, Хятад, АНУ шиг цэрэг, стратеги энэ тэр гэж томоор харж зорих шаардлага хэтээсээ байхгүй. Аятай амьдрах орчин, эдийн засгийн агуулгаар нь харахад л болчих юм. Арлыг тойрсон 200 миллийн радиустай эдийн засгийн бүс цэнхэр гаригт чухалд тооцогддог энгийн логик бий. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцийн 121 дүгээр зүйлд эдийн засгийн бүс зөвхөн арлын эргэн тойронд байж болно гэсэн заалт дурайдаг. Улс орнууд далай руу гарахыг үеэс үед тэмүүлж ирсэн шалтгаан ерөөс энэ. Хатсан цөлд цэцэглэсэн “Дубай” гэж шил толь болсон орчин цагийн том хот байна. Эдийн засгаа богино хугацаанд яаж босгож болдгийн тодоос тод жишээ. Дубайн өмнөө барьдаг хоёр том бахархлын нэг нь “Palm Jumeirah”, “Palm Jebel Ali” хэмээх арлууд. Дубайчуудын гар, оюунаараа бүтээсэн хиймэл арлууд. Арабынх нь зөөлөн, ширхэг жижигтэй элс арал барихад таарахгүй учраас тээр холын Персийн булангаас хайрга чулуу, элс зөөж байж барьсан түүхтэй. Нийтдээ 210 сая метр куб чулуу, хайрга, элс зөөсөн гэхээр хэр аварга бүтээн байгуулалт өрнөсөн нь харагдана. Газар зүйн ашигтай байрлалаараа олон орны худалдаачдыг цуглуулж чадсан Дубайн цагдаа нар нь гэхэд тохитой тансаг, өндөр үнэтэй “Bugatti Veyron” хөлөглөдөг. Нэг хүнд ногдох ДНБ нь гурван жилийн өмнө лав 24.866 ам.доллараар хэмжигдэж байсан. Мөнгө л байхад аралтай болчихдог, арлаа бүтээчихдэг болсон энэ цагт байгаа боломжоо ашиглаж овоо хэдэн доллар цуглуулаад арал барьчихад асуудал байхгүй. Япон, Орос хоёрыг өнөөг хүртэл маргалдуулж байгаа манай цаг ууртай харьцуулшгүй зөөлөн дулаан уур амьсгалтай Курилийн арлуудыг түрээс-лээд аж төрье гэж хол сэтгэж яагаад болохгүй гэж. Агнуурын тэнгис, Номхон далайг зааглаж өгдөг энэ арлыг Оросын тал Камчаткийн нэг хэсэг гэж хардаг. Харин япончууд Хокайдо арлын хэсэг гэсэн тайлбар хийдэг. Халх голын сав газарт ногоо тариад мөнгө олох сонирхол урд хөршөөс гадна тариалангийн хэдэн зууны түүхтэй солонгос, япончуудад бий. Тэдэнд энэ хавийн газраа хэдэн арван жилээр түрээслүүлээд олсон мөнгөө аралтай болоход зарцуулах бүрэн боломж байна. Бүхэл бүтэн улс бүү хэл зүгээр л нэг мөнгөтэй жүжигчин арал худалдаад авчихдаг болсон цаг. Солонгосчуудад Халх голын сав газраа ашиглуулах боломж нээж өгөөд, Чежүгийн чинь нэг хэсгийг ашиглая гэхэд болохгүй юмгүй л санагддаг.

Монгол нутаг эрс тэс уур амьсгалтай. Хатуу ширүүн цаг агаарыг нь гадныхан толгой сэгсрэн ярьцгаадаг. Өвөг дээдэс маань өнөөгийн бидэнд хуурай ширүүн уур амьсгалтай хүйтэн жавартай нутгийг өвлүүлж үлдээсэн. Далайг дэлхийд хүрэх, дэлхийтэй харилцах, дэлхийн нэг хэсэг байхын салшгүй том шалтгаан гэдгийг олоод харчихсан улс орнуудын удирдагчид далайд гарцтай болохын төлөө яаж тэмцсэн нь хүн төрөлхтний түүхээс төвөггүй уншигддаг. Товчхондоо дээдэс нь ухаантай улс далайд гарцтай, дажгүй аж төрцгөөж байна. Наад захын жишээ гэхэд ОХУ байна. Оросыг иргэншүүлсэн “зандалчин” хэмээгддэг Петр I гэхэд л бүр өсвөр насандаа улс нь тэнгис рүү гарах гарцтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүйг ойлгосон байдаг. Санктпетербургийг босгож эхлэх үед тэр газар нь шведүүдийн эзэмшилд байсан гэж ирээд яривал далай руу тэмүүлсэн Петрийн шунал, зоригийн тухай түүх өчнөөн. Улсынхаа нийслэлийг дайсныхаа газарт сүндэрлүүлж байсныг дэлхий рүү гарах замтай болохыг хүссэн их улайрал, төсөөлшгүй зориг гэхээс өөр юу гэхэв. Тэгж зорьж зүтгэснийх нь үрээр хойд хөрш Номхон далай хүртэл газар нутгаа өргөтгөж чадсан юм. Товчхондоо ухаантай өвөг дээдэстэй байсных нь шагнал.

Бидний өвөг дээдэст ийм боломж байсан уу гэвэл байсан. Дэлхийг хөлөө олоогүй үед далайд хөлтэй, гарцтай байх боломж халгиж цалгиж байсан. Харамсалтай нь ингэж харах ухаан дутсан нь өнгөрсөн түүхээс анзаарагддаг. Хатуухан хэлэхэд өс хонзон өвлүүлж үлдээгээ юу даа гэсэн гунигтай бодол хааяахан төрдөг. Байлдан дагуулж, дайтаж, довтолж, чичрүүлж байсан түүхийн улбаанаас үлдсэн сайн, саар нөлөөнүүдээс сааруудыг нь түүвэл нэг ийм зовлон бидэнд байгаа нь булзах аргагүй үнэн. Үр хойчоо бодож дулаан, зөөлөн уур амьсгалтай аралтай байх боломж байсан ч эв эвдэрч, хагаралдаж, биенээсээ илүү гарах гэсэн жижиг тэмцлээс болж боломжоо ашиглаж чадаагүй нь ч бас үнэн. Гэхдээ одоо ч бидэнд өтгөс буурал, нялхас балчраа дулаахан, чийглэг арал дээр аж төрүүлэх боломж бий. Юу л байна, ашиглаагүй удсан, ашиглахгүй удах эзгүй, хоосон газар нутаг байна. Ашигладаггүйгээ ашиглуулаад, түрээслээд, онцгой тохиолдолд зараад ч болтугай дэлхийд хүрэх гарц замтай болох цаг нэгэнт болсон. Дэлхийд хүрэх гарц зам, эдийн засгийн боломж энэ тэр гэж том сэтгэдэггүй юм аа гэхэд өвлийн их хүйтэн, гамшгийн хэмжээнд очсон утаанаас үр удмаа хамгаалах, хавдартай, өвчтэй биш эрүүл саруул Монголын төлөө аралтай болъё гэж дуугарах, хөдлөх цаг дэргэд ирчихээд байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм

-“ЭРДЭНЭТ”-ИЙН 49, ХХБ, НОРМАЛ БОЛОН БАЯРЦОГТ ОФШООР-

НЭГ. ХҮНИЙ ЭСРЭГ “АРД ТҮМЭН”

-Ард түмэн бөөн баяр аа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэн бидэндээ эргүүлж авах юм байна. Бас ард түмэн биднийгээ баяжуулахын оронд өөрөө баяжсан пяадалуудын мөнгийг офшоороос нь хурааж ирээд ард түмэн бядандаа өгөх юм байна. Ингэж гялайх гэж, ард түмэн бид чинь цулайх нээ…

Гэхдээ нэг “Но” байна. “Эрдэнэт”-ийг ард түмэн л авч байгаагаас биш чи авсан явдал байхгүй. Иймээс, чи яаран баярлах хэрэггүй, ард түмэнд л “Эрдэнэт”-ийг өгөх гэж байгаагаас бус чамд ГОК-ийг өгсөн явдал байхгүй. Хэрвээ чи тэндээс аргыг нь олж луйвардахгүй л бол юм олж долоохгүйгээ ойлгох хэрэгтэй. Бас надад ч өгөөгүй учраас наашаа атаархах явдалгүй. Түүнчлэн, офшоорчдын мөнгийг хураагаад ирлээ гэж бодъё, бас л ард түмэнд ногдохоос чи бид хоёрт ногдохгүй. Үүнийг “Төсвийн түмпэн рүү хийгээд хуваагаад цохичихно” гэхээр илүү ойлгогдох байх. Ингэхэд чи бид хоёрт ноогдоогүй юманд баясахын учир юу билээ.

Ер нь “Ард түмэн” гэдэг хэллэг ХХ зууны эхээр хувьсгалт хүчирхийллийг дагалдан монгол хэлнээ орж иржээ. Нууц товчоо, Чингисийн сургаал, Ганжуур, Данжуурын орчуулга, Ноён хутагтын сургаалаас энэ үгийг олохгүй. Монгол язгууртны алтан ургийг устгах геноцид бодлогын хүрээнд энэ үгийг зохиожээ. Язгуур угсаагүй, ихэс дээдэс цагаан ястны эрэмбээс гадуур хүнийг заах, “(х)аран”, “ард”, “хар хүн” гэсэн утга дээр түмэн (олон түмэн, түмэн олон гэж ярьдаг)буюу олон гэдэг үгийг залгаж бүтээсэн хэмээн судлаачид хэлдэг.

Энэ үгийг хувьсгалт засаглалын зүгээс хувь хүний улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг үгүйсгэх хэрэгсэл болгосон. Хувь хүн (жишээлэхэд Дорж, Бат гэх мэт) гэж байхгүй, чи бол юу ч биш, харин “ард түмэн” байгаа хэмээн сурталдсан. “Ард түмэн ингэж үзэж байна” гээд бууддаг, хөрөнгийг нь хураадаг байсан. Хэлмэгдсэн хүн учир явдлаа очиж тайлбарлах, өршөөл уучлал биечлэн гуйх гэхээр хаана ч ард түмэн гэж юм байхгүй. Үнэн хэрэгтээ хүчирхийлэгч төрийн өөрийнх нь бамбай байсан хэрэг.

Харин ардчилсан ёс нь хувь хүн ба түүний эрх чөлөө, өмч хөрөнгийг төрөөс, ард түмнээс хамгаалахаа тунхагладаг. 1924 оны анхны Үндсэн хуулийн “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад (жинхэнэ биш ард байх ба тэд хуулиас гадуур) шилжүүлэн…” гэсэн оршил ба 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх (№1), эрх чөлөө (№2), шударга ёс (№3), үндэснийхээ эв нэгдлийг (№4) эрхэмлэн дээдэлж…” гэсэн заалтууд бид ямар дэглэмд орж, ямар дэглэмээс салж байгааг их л тодорхой харуулдаг л даа. Сүүлийн эшлэлд, шударга ёс, үндэсний эв нэгдлээс илүү хүний эрх, эрх чөлөө нь үнэтэй гэж үзсэн байгаа биз?

…Ингэхэд чи өөрийгөө “ард түмэн” гэж бодсоор байна уу, шалгах арга байна. Цаад “Эрдэнэт”-ийн чинь 51 хувь нь Монголын ард түмэн гуайн мэдэлд байгаа. Очоод цагаан сараар хэрэглэх хэдэн цаас, ах дүүстээ золгохдоо унах шинэ машин аваад ирээч. Чи үнэхээр л ард түмэн юм бол өөрийнхөө юмнаас дураараа авах эрхтэй ш дээ.

ХОЁР. СЭРЭМЖ БА ЭРХЧӨЛӨӨ

Чи бид хоёр тэмцэх эрхтэй, гэхдээ тэмцлээ өөрийг нь хамгаалах үүрэгтэй. Хэн нэгний тэмцлийн золиос, оролцомгүй юмны дэм, дээдсийн өмнөөс яс булаалдсан ноход болж болохгүй. Яг нарийндаа ардчилал чамд өөрийгөө хамгаалах боломж л өгдгөөс биш чиний өмнөөс чамайг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Дашрамд хэлэхэд, чиний өмнөөс чамайг хамгаалдаг төр байдаг ба түүнийг социализм гэдэг, хорвоод үнэгүй юм байдаггүй учраас ажлынхаа хөлсөнд чиний эрх, эрх чөлөөг авдаг.

Ер нь ингэхэд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэнээсээ хэн нь авсан юм бэ? Чи бид хоёрын нэгэнд байсныг нь авчихсан хэрэг үү” гэсэн асуулт гарна. Хөндлөнгөөс харвал ийм дүр зураг байна. “Эрдэнэт”-ийн тал дээр нэмэх нь нэг буюу 51 хувийг Монголын Засгийн газар, талаас нь нэгийг хасах буюу 49 хувийг Оросын Засгийн газар эзэмшиж байж.

Монголын тал биш Оросын тал, энгүүнээр хэлэхэд орос хэлээр ярьдаг монхор шонхор хүмүүс амьдардаг тэр улс өөрийн хувийг заржээ. Гэхдээ монголчуудад. Хэрвээ энэ процесс буруу юм бол тэмцэл арай өөр фронт дээр өрнөмөөр. Жишээлэхэд, Улаанбаатарт биш Москвад, навтгар хамартай биш шонхор хүмүүс жагсаж “Оросын ард түмэн бидний өмчийг яагаад монголчуудад өгөв. Монголын тагнуулуудыг Кремлиэс хөөе” гэж жагсмаар санагдах юм.

Үнэхээр л манайхан “Оросууд ийм муухай, юмаа очиж очиж манайханд зараад байхдаа яадгийн” гэж уур нь хүрээд байгаа юм бол авсантай нь биш, зарсантай нь заргалдмаар бодогдох юм. Манайхан ядаж Оросын Элчин сайдын гадаа жагсаж “Манайхнаас юмаа эргүүлж ав, бидэнд өгсөн юмаа буцаа” гэж хашгирмаар төсөөлөгдөх юм.

Эцсийн дүндээ, чи бид хоёрт огт ногдохгүй юмны төлөөх тэмцэлд хутгалдсаны утга юу вэ. Мэдээж шударга ёсны төлөөх иргэний зөн. Чухам энэ зөн совингоор маань тоглохыг л улс төр гэж байгаа юм. Чухам бидний зөн совинг ашиглан уур хилэнг нь хөдөлгөн босгоод нөгөөгөө засгийн эрхээс авахуулаад өмч хөрөнгө эзэмших эрхийг нь булаахыг л улс төр хийх гээд байна. Яг манайд байгаа утгаар. Асуудлын гол нь “Эрдэнэт”-дээ биш, бидний иргэний зөн совинг зэрэг жинсээ булаалдсан томчууд хоорондын дайндаа ашиглаж байгаа юм. Иймээс, зөн совингоо хамгаал.

Эцсийн дүндээ “Эрдэнэт”-ийг ч, офшоорыг ч “чи багтдаггүй, би ордоггүй” мөнөөх “ард түмэн”-ий хүсэл зоригоор биш, харин хууль шүүхээр шийдэх ёстой. Хүний өөрийн шүүх арбитр юу байна, ийм юмыг хууль ёсоор шийдэх үүрэг хүлээсэн газруудаар шийдүүлэх ёстой.

ГУРАВ. “НОРМАЛ ОФШООР” БА “БАЯРЦОГТ ОФШООР”

Офшоорын эсрэг дайныг зэрвэс харахад офшоор нь “нормал” болон “Баярцогтын” гэж хоёр янз байгаа болтой байна. “Ард түмэн” гуайн үзэж байгаагаар “Нормал офшоор” нь гэм багатай, сонгуульд нөлөөлдөггүй, харин “Баярцогтын офшоор” бол их аюултай, намаа сонгуульд унагадаг осолтой эд бололтой юм.

Шүлгэнд “Нээрээ би тиймээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ” гэж гардаг шиг МАН-ын офшоорчид сонгуульдаа гялалзсан амжилт гаргаж, Улаанбаатар хотын намын хороо нь хоёр ч офшоортой, дээр нь өнөө “60-тай” даргаар удирдуулсан атлаа үнэмлэхүй ялалт байгуулжээ. Харин Баярцогт ангиллын офшоортой Баярцогт өөрөө ялагдаж, одоо ард түмнээр шүүгдэх дээрээ тулаад байгааг бодоход, цаад учир нь өнөө “багшаас шавьд аман увдисаар дамждаг тарни”-тай гэдэг шиг мистик чанартай болтой.

Тэгэхээр офшоорын эсрэг тэмцэл нь офшоорын эсрэг биш харин Баярцогтын эсрэг тэмцэл бололтой. Гараад чагна, офшоорт мөнгө нь байгаа олон арван монгол хүн нэр нь зарлагдсан. Баярцогтоос бусдынх нь нэр гадаа сонсдоно уу, эс сонсдоно уу? Тэр хэнийг хаана, хэзээ, хэрхэн, ийм ул суурьтай гомдоосныг Балхжав бид хоёр л лав “таашгүй” аж.

Надаас одоо асуух байх гэж, өнөө “Баавгай бид хоёрын хэнийх нь талд байна” гэдэг шиг. “Офшоорын тал уу, ард түмний талд уу, Худалдаа хөгжлийн банкны талд уу, ард түмний талд байна уу” гэж. Яг л ХХ зууны эхээр “Ард уу тайж уу, алин вэ хө” хэмээн дуулан асууж байгаад ялласан шиг.

…Баярцогтын төлөө бус байна, тэрнийг алж хонзонгоо тайлна уу, талж сэтгэлээ онгойлгоно уу, надаа хамаагүй. Харин хонзонгоороо далимдуулан арай гэж бүрэлдэж байгаа нийгмийнхээ нандин бүхнийг самрахын эсрэг бол зогсоно оо, зогсоно. Хувь хүний эрх ашгийг ард түмэн дийлээд л эхэлбэл ардчилал баяртай болдог. Яагаад гэхээр ийм процесс нэгэнт л эхэлсэн бол нэг өглөө чи бид хоёрын үүдийг тогшоод зогсож байдгийг бид харсан, туулсан..

Түүнчлэн, хулгайн эсрэг боловч хулгайтай тэмцэхийн оронд сейфтэй тэмцэхийн бол эсрэг байна. Хүн төрөлхтөн хулгайтай тэмцдэг болохоос биш хулгайлсан юм хадгалж болдог газартай тэмцдэггүй. Хар тамхийг анусандаа хийж нууж тээвэрлэдэг, ингэлээ гээд олон улсын гэрээгээр хошногоны амыг боодоггүй.

Хармайны хулгайч нар суйлсан мөнгөө хэтэвчиндээ хадгалж мэднэ, хэтэвчтэй байхыг цаазлах уу? Банкинд байршуулсан иргэдийн хадгаламж бүхлээрээ цэвэр ариун болохыг хэн батлах юм бэ? Малын хулгайч нар туусан мал, агуурсаа нуусан гээд ой модыг шатаах уу, агуй хонгилыг дэлбэлэх үү?

Би хүн төрөлхтний нэгэн адил хулгайн эсрэг байна, хулгайнх бол түүгээрээ ганданд ном хуруулсан байсан ч мөрөөр нь мөшгиж, олж ирэх ёстой (Гэхдээ Ганданг дэлбэлэхгүйгээр) гэж итгэдэг.Гэхдээ энэ бүх шийдвэр ард түмнээс биш шүүхээс гарсан, хууль ёсных байх ёстой. Ард түмэн шүүгчийг сонгох эрхтэй байж болох ч өөрөө шүүх эрхгүй байхыг нь хууль цаазат төр гэдэг байх.

Би шүүхийн шударга эсэхэд бусдынхаа адил эргэлздэг. Гэхдээ л шүүхээс гадуур шүүхийн үргэлж эсрэг зогсдог. Бусдад хайртайдаа биш, өөртөө хайртайдаа л тэр. Бас ухаантайдаа бус, хэн нэгэнд таалагдаагүй гэдэг үндэслэлээр миний буруу болдог нийгэмд амьдрах ямар аюултайг мэддэг болоод тэр.

Ингээд эцэст нь надаас “хэний талд байна” гэж дахин асуумаар байна уу? Би оросуудын талд байна. Оросууд “эзэн нь юмаа мэдэх эрхтэй” гэж бодож байна. Ингэхэд “Оросын (Зөвлөлтийн) талд байгаа хүнийг та нар яах юм бэ” гэх гэсэн юм бол биш. Харин өмчийг ард түмэн биш, төр биш харин эзэн нь мэддэг байлгах гэж ардчилсныг мэддэг, тийм утгаар л ардчиллыг дэмждэг болохоор тэр.

Ерөөсөө ч оросуудад талархаж байна. Тэд ХХ зуунд бидний улс төрийн тусгаар тогтнолын баталгаа болж ачилсан шигээ, өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолын маань нэгэн баталгааг эргүүлэн өгч байна, спасибо.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчуудад ерөөсөө өгөхгүй, тэрүүгээр нь дарамтлаад л явж болох л байсан. Их гүрний 49-хөн хувь гэдэг бол бага гүрний 99 хувьтай тэнцэх зангарагтай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бас тэр 49 хувийг хятадуудад зарсан бол яах байсан юм бэ. Бээжин, Москва хоёрыг Монголын парламентаас томилогдсон комисс, өнөөдөр Улаанбаатарт шүүгээд сууж харагдах уу, айн?

ДӨРӨВ. ФЕОДАЛЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ БОЛДОГГҮЙ ЮМ

Яг өнөөгийнхтэй үнэн адилхан үйл явдал одоогоос яг 90 жилийн өмнө эхэлсэн юм. Монголын төрийг бүрэн хянасан Коминтернийхэн манай алтан ургийн ноёд дээдсийг зайлуулаад ядууст нь ингэж хэлжээ. “Та нар бол ядуус биш, харин ард түмэн. Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал лам ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юмаа эргүүлж авцгаа” гээд хөрөнгө хураах процесс эхэлсэн юм. “Офшоорт ард түмний 10 тэрбум төгрөгийг нуусан учраас ард түмэн ядуу байна”, “Ард түмэнд байх учиртай “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБанк (монголчууд) авчихсанаас болоод би зүдэрч эхэллээ” гэх өнөөгийн лоозонгууд, зууны дараахь шударга “ард түмэн”-ий араншин нь тэртээ 1927 оныхтой юутай төсөөтэй, юутай давтамжтай.

1927-28 онд эхлүүлсэн феодалын хөрөнгө хураах процесс ингэж л эхэлсэн. Ядуусын хөрөнгийг хэзээ, хэрхэн булааж авсныг хувьсгалчид тайлбарлаагүй ч гэсэн гаргалгаа нь ард түмэнд таалагдав. Тэд өөрсдөө феодал биш учраас бахтай байлаа. Дараа нь феодалуудын улс төрийн эрхийг хаслаа, ард түмэн өөрийгөө феодал биш гэж үзэх учраас баярлав. Сүүлд нь феодалуудыг өөрийг нь хүнийх нь хувьд буудаж эхлэв. Ард түмэн гуай өөрөө феодал биш учраас бас л талархлаа. Гэтэл араас нь феодалын хамсаатан гар хөл бологчдыг устгаж эхлэхэд олон тооны “ард түмэн” тэнд багтав. Гайхаж эхэлсэн боловч тамын тээрэм нэгэнт эргээд эхэлчихсэн учраас зогсоох арга байсангүй. Ийм тээрмийг нэг бол эргүүлэхгүй байх, эргэх гэж хөдлөхөд нь гацаах хоёрхон арга бий. Тээрэм эргэсээр, хувьсгалын эсэргүү, ардын дайсан, ноосны төлөвлөгөө тасалдуулагчид, Японы тагнуул, намын эсрэг бүлэг илрүүлэн устгасаар, устгасаар…төгсгөлд нь устгал хийлцсэн, оролцсон, устгал болсныг мэдсэн хэсгийг устгаад, хамгийн сүүлд ард түмний өөрийнх нь малыг хураагаад аажуурлаа. Баячуудын хөрөнгийг ард түмэнд эргүүлж өгөх процессын дараа ард түмэн гуай өөрөө хов хоосон, зөвхөн нэгдлийн мал малласан тохиолдолд ам бүлийн тооноос үл хамааран нэг айл 50 хонь эзэмших эрхтэй үлдэв. (Наад зах нь 12 сарын тооллогоос өмнө идшээ хийх эрхгүй байсан зэргээс үзвэл, өмчлөх биш эзэмших эрх гэвэл зохилтой)

Тийм учраас эд хөрөнгийг хураахаар эхэлсэн ямар ч процесс хувь хүнийг нүцгэлснээр дуусна. Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг оросуудаас авсан монголуудын хувь хөрөнгийг хурааж болж байвал, офшоор хэмээх завсрын бүст монгол хүний хадгалсан хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хураан авч эхэлбэл 1927 онд феодалын хөрөнгийг хурааж эхэлсэн тэр Дээрмийн дугуйг бид дахин эргүүлнэ. Нэгэнт эргэж эхэлсэн бол энэ тээрэм маргааш нь “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувьд байгаа учраас ард түмэнд үйлчлэхгүй байна. Иймээс “Өдрийн сонин”, “Монгол HD” телевизээс эхлээд Сансар, Юнивижнийг ард түмэнд өг” хэмээн эргэж эхэлнэ. Учир нь хувь хүний эрх, эрх чөлөөг чөлөөт хэвлэл л эцсээ хүртэл хамгаалдаг.

Улмаар, “MCS, Худалдаа хөгжлийн банкинд ард түмнийг тэжээх ийм хөрөнгө оччихсон байна. Ард түмэнд эргүүлж өгнө. Энэ мөнгөөр хямралаас гарна” хэмээн тээрэмдэж эхэлнэ. Чи бид хоёр сонин гаргадаггүй, хувьдаа зурагтгүй, Эм Си Эс ба Худалдаа хөгжилд хувьцаагүй учраас “больж, муусайн баячуудыг” хэмээн дуугүй л ажна. Дараа нь Эм Си Эс, Худалдаа хөгжлийн банкны хамсаатанг илрүүлэн тээрэмдэж эхлэхэд бид эргэлзэж эхлэх боловч тээрэм нэгэнт эргэсэн байна. Удалгүй, хоёр машинтай айлын нэгийг, хоёр байшинтай айлын нөгөөг орон сууцгүй ард түмэнд өгөхөөр хураахад надаас мөн л холуур байна гэж залбирна. Харин “машин болон орон сууцыг иргэд сайн дураараа ард түмэндээ заавал бэлэглэх” шийд гарахад бүх юм нэгэнт оройтсон байдаг. Ийм юм болдог, ийм л юм болсон.

Ийм учраас хувийн эрх чөлөө, хувийн өмчид зөвхөн, зөвхөн, бас зөвхөн шүүхийн шийдвэрээр хүрэх ёстой.

Эцэст тэмдэглэхэд, үндэсний хөрөнгөтнүүдэд нэг юм хэлмээр, та нар бие биенээ дийлж байна, өрсөлдөөн дунд сөргөлдөгчөө дарж байна гэж бүү андуурцгаа. Өнөөдөр ХХБ-ийг, “нормаль” биш офшоорыг хурааж эхэлбэл, ийм тээрэм нэг л эргэвэл: маргаашийн золиос нь чи өөрөө шүү. Юмтай болох амархан, харин юмтай амьдрахад их ухаан хэрэгтэй шүү, “таваариш”-уудаа. Хөнөөлт тээрэм зохиогчоо, анх эргүүлсэн эзнээ таньдаггүй. Ийм болохоор та нар олсон жаахан юмаа олзлолдон булаалдахын оронд, тогтцоо хамгаалах талаар бодохгүй бол болохгүй цаг боллоо шүү. Олсон долсноосоо гаргаж, өмчтэй байх эрх, өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан ёс суртлыг бий болголцохгүй бол оройтох нь байна. Өөр зүйлгүй…

Жич: Монголчууд офшоорт мөнгө нуухаа мөддөө болихгүй ээ. Лав л, хүний мөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хурааж авахыг шаардаж, шаардуулж байгаа цагт. Харигдсан “баригдсан” офшоорчдын үлгэрээс хаширч байгаа амьтан нэг ч байхгүй, харин юунаас болж баригдав гэдгийг судалж, илүү сайн нуух аргыг л судалж байгаа. Бусад улсын баячууд татварын хөнгөлөлттэй орчин эрж офшоорт хөрөнгөө хадгалдаг бол манайхан ердөө “феодалын хөрөнгө хураах комисс”, “мал нийгэмчлэх төлөөлөгч”дөөс л айсандаа тэнд нууж байгаа.

Харин Монголд хэзээ ч феодалын хөрөнгийг хураахаа больсон, ард иргэд нь шударга шүүхийг шаардахаас биш, шүүхийн оронд шүүх болохыг эрмэлзэхээ больсон, тэднийг дэглэмийн өмнөөс шүүгч болгон ашиглахаа больсон тэр цагт л хүмүүс офшоорт мөнгөө хийхээ болино.

2017 ОНЫ 01 САРЫН 25

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Шартаж гөлөрсөн монголчууд архинаасаа салах цаг болсон

Монгол орон тэр чигтээ архин далайд дуниарч байна. Ёстой л хиар цохиулсан юм шиг энд тэндгүй савж унацгааж, зах замбараагүй ууцгааж байна. Уулзсан хүн бүхний нүд нь гөлөрчихсөн, урьд шөнийнх нь уусан архины үнэр амнаас нь арилаагүй, үмхий ханхлах нь гутамшигтай. Юу ярьж байгаа нь огтоос ойлгогдохгүй, шартаж гөлийсөн хүмүүс дүүрэн байна. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд гэлтгүй бүгд ууж байна. Нялх хүүхдийнхээ дэргэд ухаан мэдрэлээ алдан тасраад уначихсан монгол хүүхнүүдийн зураг хаа сайгүй. Мөн баар саванд архидаж, үс гэзэг нь сэгсийлдсэн залуу сайхан охидын зураг ч газар сайгүй. Ингэж л эр эм гэлтгүй ууцгааж байгаа нь аймшигтай.

Ажлын цагаар ажлынхаа байранд ухаан жолоогүй архидацгааж, амьд нүдтэй эрүүл хүн гэж алга. Бүр сүүлдээ хэн хүнгүй архиндаа нэвшрэн донтчихсон, архины төрлийн л бол хор ч хамаагүй ууж мажийцгаах боллоо. Саяхан Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт таван хүн архинд хордож нас барсан. Тэдний шүүх эмнэлгийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Уг үйл явдалтай холбогдуулж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ сарын 17-ны 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан юм.

Архийг хориглосны хүчинд амьд нүдтэй хүн хаа нэг тааралдах боллоо. Харамсалтай нь тэд “архины хорио хэзээ дуусах, шагчид архи зарж байгаа, үнэ ханш нь төд байгаа” тухай л ярих ажээ. Тэгээд нэг их бахархалтайгаар хуучин цагийн архидаж явсан дурсамж дурдатгалаа сэргээнэ. Анзаараад байх нь ээ, шагийн архи зарж байгаа нөхдийг жигтэйхэн эвийлж хаацайлсан мэдээллүүд гарах юм. Хэдэн халтар цаасны төлөө ард түмэндээ хор өгч байгаа шагчдыг өмгөөлөн магтацгааж, улс орноо аварч байгаа мэтээр сүйд болцгоон мандуулдаг нь ямар учиртай юм бэ.

Архийг хориглосон өдрүүдэд архидан согтуурснаас үүдсэн гэмт хэргийн тоо хэрхэн цөөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол аваар гаргадаг байдал буурсан эсэх судалгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд болоод цагдаагийн газраас гаргасан. Тодруулбал, архигүй өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56.8 хувиар, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83.3 хувиар тус тус буурчээ. Гэмт хэрэг ихээр гардаг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд энгийн өдрүүдэд архинаас үүдсэн зөрчил дуудлага 80-120 ирдэг байсан бол архийг хориглосон өдөр арав гаруй болж илт буурчээ. Согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил бусад өдрийнхөөс 40.4-47.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Архийг хориглосон хоёр, гурван хоногт Улаанбаатар ийм нам гүмхэн өнгөрчээ. Хэрвээ таван хүн амиа алдсанаас болж хориглох шийдвэр гараагүй бол шөнөдөө хасах 50 хэм хүрч хүйтэрсэн өнгөрөгч өдрүүдэд хичнээн хүн согтуу хөлчүү хөлдөж үхэцгээхийг таашгүй. Архигүй өдрүүдийн гэмт хэрэг болоод, согтуу жолоочийн тоо илт буурсан дээрх үзүүлэлт шартаж гөлөрсөн монголчуудыг архинаасаа салах цаг болсныг гэрчилж байна. Бид алийн болгон зоомби шиг, ядуу гуйлгачин, өөдгүй үхээнц дорой амьдрах юм бэ. Нийслэл хот маань агаарын бохирдлынхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Хүн амьдрах эцэсгүй аймшгийн утаатай хотод нохой шиг гутамшигтайгаар амьдарч буйн гол баталгаа бол архи. Архидан хөлчүүрхсэн залхаг залхуу монголчууд энэ олон жилийн туршид юу ч бүтээгээгүй. Хэрвээ хүн бүхэн эрүүл саруулаар сэтгэж, дор бүрнээ хөдөлмөрлөж, бүтээж цогцлоох гэж зүтгэсэн бол монголчууд бид өнөөдөр арай ийм үхээнц дорой, ядуу тарчиг аж төрөхгүй байх байсан. Архин далайдаа живж живж нэг л сэхээ автал Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрчихсэн, бүгд зоомби шиг байж байгаа нь тодорхой.

“Монголчуудад хувиа хичээх үзлийн хамгийн хурцадмал хэлбэр болох өөрийгөө дөвийлгөх үзэл хэрээс хэтэрсэн гэдэг нь ажиглагдаж байна. Энэ нь амиа хичээх үзлээс илүү хор уршигтай” гэж Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын төвийн хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболд хэлсэн. Энэ бол маш үнэн тодорхойлолт. Өөрийгөө дөвийлгөх үзлийн гол учир шалтгаан бол эцсийн дүндээ архитай холбоотой. Архи ууж онгирч, сагсуурсан хүн ерөөс өөрийгөө л худлаа хоосон магтаж, бусдыг дорд үзэх хандлага илт мэдрэгддэг. “Би бол агуу, би бол Чингисийн Монголын үр сад” гэж цээжээ дэлдэж, ширээ шаадаг. Гэвч энэ Монголд агуу нь хаана байна. Бид чухам юу бүтээчихээд, түүгээрээ гайхуулж бардамнаж байгаа юм. Бүгд л дуулж, хуурдаж, барилдаж, бахиралдацгаасан. Тэгээд түүндээ хөөрч дэвэрч ууж сагсуурсан. Үр дүн нь өнөөгийн Монголын өрөвдмөөр, нүд халирмаар нийгэм, Улаанбаатарын утаа, өөр юу ч биш.

Монгол төрийн жолоог атгалцаж явсан тулхтай өвгөн түшээдийн үг, нийгмийн нэртэй зүтгэлтнүүдийн ярианаас нэг зүйл сэтгэл сэрдхийлгэдэг. “Төрийн ордонд чинь эрүүл хүн гэж байна уу. Хүнтэй очоод ажил ярих гэхээр өөдөөс гөлөрсөн, баларсан хүмүүс байх юм” гэх утгатай зүйлсийг хэлдэг. Сонин хэвлэлд өгсөн яриа хөөрөөнөөс нь ч анзаарагдах нь бий. Нээрээ л шинэ засаг төр солигдсоноос хойш залуу төрийн түшээд маань үүрэг хариуцлагыг ухамсарлахаасаа өмнө бүгд баяраа тэмдэглэн архидацгааж, хөөрч дэвэрсэн хэрэг үү. “Би монгол төрийн толгойд гарчихлаа” гэж онгирч омойтон сагсуурсан юм биш үү. Бүр сүүлдээ эмэгтэй гишүүн нь хүртэл Их хурлын танхимд суудлаа олохгүй тэмтчиж яваа харагдах юм.

Монголчууд өнөөдөр бусдыгаа дорд үзэх, басамжлан гутаах, байхгүй нэгнээ үгийн муугаар чичлэх ажлыг сайн хийж чадаж байна. Уужимхан саруул монгол хүний чанар ийм новшийн болсон байна. “Бид хоорондоо эв түнжингүй, ард түмэн төр засгаа шүүмжлээд төр засаг нь ард түмнээ буруутгаад хоёр тийшээ хараад байвал хөндлөнгийн улсын идэш болно” гэж судлаач хэлсэн. Согтуу солиотой иргэд нь төрд гарсан хүмүүстээ бүр нэг ясных нь дургүй хүрч, чин үнэнээсээ үзэж чадахаа больсон. Зөвхөн төрд гэлтгүй сайн сайхан яваа нэгэн рүүгээ хар хор, өшөө хорсол муу муухай бүхнээ цацаж, нэр төрийг нь гутаах, элдэв муу үгээр доромжлох энүүхэнд болжээ. Эл бүхний үр үндэс ерөөсөө л архидалт шүү дээ. Бид бүхэн хөгжил дэвшлийн тухай бус хов жив ярьсан шигээ хундага тулгаж байна. Тэгэхээр сайн сайхан ирээдүй гэрэлтэх нь юу л бол.

“Баярлана гэдэг балгахын нэр биш” гэж “Өдрийн сонин” одоогоос арваад жилийн өмнө бичиж, тийм уриалгыг нийгэмд дэвшүүлж байсан. Монголчуудын баяраар эх захгүй архидаж буйг, ялангуяа шинэ жил зэрэг нийгмийг хамарсан томоохон баяруудаар ухаан жолоогүй ууж байгааг, бүх л зурагт телевиз нь архийг ил цагаан сурталчлан Монгол Улс маань архин далайд живж буйг сануулсан. Бидний энэхүү уриалгыг олон хүн дэмжиж санаа бодлоо илэрхийлж байв. Нэртэй яруу найрагч, хөгжмийн зохиолч, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс архийг “тогтооё” гэж үндэсний телевизээрээ сурталчилж монголчуудаа архин далайд сэлүүрдэхийг уриалж байв. Архичдыг өөгшүүлсэн, тэднийг үндэсний баатар болгосон нэвтрүүлэг, хошин шогийн тоглолт, кино зай завсаргүй гарч, газар сайгүй архидалтыг дэвэргэснийхээ горыг монголчууд амсаж байна. Монголын хөдөө сум сууринд ард иргэд банкны барьцаа, хүнсний дэлгүүрийнхээ архины барьцаа гэх хоёрхон зүйлийн барьцаанд байдаг нь нууц биш. Ингэж хот хөдөөгүй тэр аяараа ууж живцгээж байна. Одоо монголчууд минь болох юм биш үү. Архинаасаа салж шинэ сэргэгээр, эрүүл саруул амьдаръя. Архины хариуд, мунхарч гүйцсэнийхээ төлөөсөнд газар нутгийнхаа тавны гурвыг, хүн амынхаа ихэнх хувийг хоёр хөршдөө алдаж, цэрэг зэвсэг хүч чадалгүй хөгжил дорой улс болсон. Мөнхийн согтуу, залхуу залхаг, үхээнц өөдгүй байгаагүй бол ядаж энэ бүхнийхээ өмнөөс тэмцэж, ярьж хөөрөх байлаа.

Монголын төр эрмэг зоримог, эрс шийдэмгий байх цаг нь ирсэн. Аль болохоор архийг заруулахгүй байх, түүнийг хориглож журамлах шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Хүйтний улиралд архи зарахыг тас хориглох нь зүйд нийцнэ. Ялангуяа хүйтний эрч чангарч шөнөдөө хасах 25, өдөртөө хасах 18 хэмийн хүйтэнтэй л бол архийг улс даяар хориглодог болох хэрэгтэй. Цаг агаарын мэдээ харж байгаад л “за одоо ард иргэддээ сануулахад архийг хориглох цаг ирсэн байна. Хүйтний эрч тэд хүрч байна” гээд албан ёсоор зарладаг байх. Мөн томоохон баяр ёслолын үеэр ч юм уу, ямар л гарц, боломж байна тэр бүгдэд хориглох шийдвэрийг түргэн шуурхай гаргаж байх хэрэгтэй. Иргэд нийтэд ийн хэвшүүлж, улс орны хамгийн гол шийдвэр гэдгийг ойлгуулж сургах нь чухал юм.

Архийг хориглох нь буруу, хориглох тусам шагийн хорт шингэн ихэсдэг, хориглож цагдах тусам ард түмэн уух гэж хорхойсдог гэх архичдын дэл сул үг, гадны улс орнуудын буруу жишгээр явж болохгүй ээ. Монголын төрөөс яг энэ асуудал дээр хахир хатуу зогсохыг шаардаж байна. Хор гэдгийг нь мэдсээр байж уугаад үхэж байгаа аминаасаа уйдсан архичдынхаа өмнөөс алийн болгон далчганаж сайн хүн гэж болох гэж гүйх юм бэ.

Архиндаа хордоод үхэж байгаа нөхдийг “өөрсдийнх нь хохь” гэж төр үздэг байх хэрэгтэй. Түүнээс биш “эвий халаг, төчнөөн иргэн хордчихлоо” хэмээн нялуурч, дэлүүрэхийн хэрэг огтоос байхгүй. Ингэж далчганан, архичдынхаа өмнүүр бөхөлзөж гүйснийхээ хүчинд ахиад л өчнөөн төчнөөн нөхдийг хордуулж алах замыг нээж байна гэсэн үг. Монголчууд бид одоо л сэхээрэхгүй бол, эрс шийдэмгий хатуу бодлого баримтлахгүй бол тэртэй тэргүй хоёр хөрш маань биднийг архин далайд живүүлэх, өөр хооронд нь эв түнжингүй байлгах, өстөн дайсан мэт болгохыг эрмэлзэж байгаа нь нууц биш. Ард түмэн архинаас аль болохоор татгалзаж байж улс орон хөгжин дэвшиж, тусгаар тогтнол, төрийн дархлааны бааз суурь батжин бэхэждэг нь хууль юм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Утаанаас салах гэсэн биш Улаанбаатараасаа салах болох нь ээ

Сүүлийн үед хэсэг бүлэг хүн гэнэт сэрсэн мэт утаатай тэмцэх тухай ярих болж. Үүнийг нь дарга нар ч дуртай хүлээн зөвшөөрч утаатай хотод амьдарч болохоо байлаа, гамшиг боллоо гэж халаглаж байна. Утаанаас болж урд замаа харж явах битгий хэл гүнзгий амьсгаа авахад ч хэцүү байгаа нь үнэн. Угаасаа сүүлийн хэдэн жил нийслэлчүүд иймэрхүү дүр төрхтэйгөөр өвөлждөг болсон. Арай л хиар цохиулсан мэт угаартаж үхээгүй байна. Утааны хор уршгийн талаар мэргэжлийн байгууллагууд байнга анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаа. Нүүрснээс нүүрсхүчлийн исэл их хэмжээгээр ялгардаг нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгжиж уушги, бөөр, цусан хангамжийн янз бүрийн өвчлөлд хүргэдэг. Утаанаас болж зүрхний шигдээс, багтраа өвчинтэй болохоос гадна дутуу төрөлт нэмэгдэж байгаа нь наад захын жишээ. Мөн бага насны хүүхдүүдийн өсөлтөд аажмаар нөлөөлж давжааруулдаг гэхчилэн утааны хор уршгийн талаар бичээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Нийслэлчүүд гудамж талбайдаа бие биетэйгээ мөргөлдөх нь холгүй шахам зөрж байгаа ийм үед төр засгийн удирдлага утааны асуудалд анхаарлаа хандуулж байгаад гайхаад байх ч юм алга. Гэхдээ тэд утааг ингэж арилгая, агаарын бохирдлыг ингэж бууруулъя гэсэн ямар ч зөв шийдэл олохгүй байна. Ерөнхий сайд нь хүртэл өнөөг хүртэл утааг арилгах дорвитой арга олоогүй гэдгээ хэлсэн. Төр түшилцэж буй Их хурлын гишүүд нь ч гэсэн сав л хийвэл гадаад явж туршлага судлахгүй бол чадахгүй байна гэдэг. Эсхүл утаанаас болж та нар ингэж хордож байна гэсэн популизм ярихаас хэтэрсэнгүй. Харин сүүлийн үед айхтар мэргэн шийдэл олсон мэт ам булаалдан бахархалтайгаар ярьж буй сэдэв нь Улаанбаатар хотыг хаяж нүүх тухай асуудал болжээ. Тэдний ярьж буйгаар манай хот эргэн нөхөн төлжиж чадахгүй, ногоон байгууламж нь хорт утаагаа задлах чадваргүй, хөрсний асар их бохирдолтой болсон юм байх аа. Санаан зоргоороо ингэж ярьж байгаа цэцэн мэргэн улс Лондон хот хоёр мянган жилийн настай гэдгийг мэдэх болов уу. Ром хотыг манай эриний өмнөх зуунд байгуулсан гэдгийг дуулсан болов уу. Балар эртний түүхтэй эдгээр хот байгуулагдаад удаагүй байхдаа цэвэр, бохирын системтэй байсан гэж үү. Анх байгуулах үедээ хөрсөн доогуураа сантехникийн шугам угсарч бохироо соруулсаар өнөөг хүрсэн гэх гээд байна уу. Тийм хот дэлхий дээр хаа ч байхгүй. Бүгд л олон зуун жилийн дараа хотынхоо асуудлыг шийдсэн байдаг. Хэдэн зуун сая хүн амтай орчин үеийн хотууд бүгд л манай Улаанбаатар шиг замналаар замнасан байж таараа. Сүүлийн зуун жилд л иргэдийнхээ эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулж технологийн дэвшлийг ашиглаж эхэлсэн биз. Түүнээс өмнөх олон мянган жилд яг л манайх шиг ил задгай бие засан амьдарсан байж таараа. Агаарын бохирдол, утаа бол тэртээ тэргүй их хотуудын туулаад ирсэн зовлон. Хэдэн арваадхан жилийн өмнө Бээжин, Лондон тэргүүтэй дэлхийн томоохон хотууд утааны асуудлаа шийдэх гээд ядаж байсан гэдгийг битгий мартаарай.

Тэндхийн иргэд хувцсаа угаагаад хатаах гээд тохохоор өнгө нь мэдэгдэхгүй тортог болж байсан цаг саяхан. Тэглээ гээд тэд хотоо орхиод нүүгээд явчихсангүй. Харин ч тархи толгойгоо зөв ажиллуулан гарц шийдэл олоод өнөөгийн дүр төрхөө бүрдүүлсэн. Тэдэнтэй харьцуулбал Улаанбаатар хот цэл залуу байтугай нялх балчир гэж хэлж болохоор насжилттай. Хэдэн зуун байтугай мянган жилийн настай хотууд хөрсний бохирдол дээд цэгтээ гэж яриагүй байна. Гэтэл Улаанбаатарын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ гэж амныхаа зоргоор ярьж байгаа нь зүгээр л худлаа шалтаг юм.

Манай хот 378 жилийн түүхтэй. Бидний өвөг дээдэс аятай тухтай, тааваараа амьдраад болоод л байсан. Хөрсний бохирдлыг үүсгээд байгаа гэр хорооллын жорлонгийн тухай асуудал их л удаж сүүлийн 50 жилд яригдаж байгаа биз дээ. Тэрнээс өмнө бид хөрсний болоод агаарын бохирдол гэж мэддэг ч үгүй байсан. Ингээд бодохоор Ром, Лондонтой харьцуулахад манай хотын хөрс бохирдох яагаа ч үгүй байгаа.

Өнөөдөр хотын төв цэгээс дуртай зүг рүүгээ харж байгаад тавхан км давхихад л онгон дагшин байгальтай учран золгоно. Тарвага хошгирч цагаан уул, далан түрүү цэцэг найгасан үзэсгэлэнт байгальтай газар хүрч очно. Ийм газрыг бохирдсон гэдэг юм уу. Голын усны чимээ хоржигнож өвсний чийг үнэртэж байгаа газрыг аюултай гэдэг юм уу. Ерөөсөө хот зах руугаа жаахан л тэлэхэд цэвэр тансаг агаартай болчихно. Ийм байхад Улаанбаатараас нүүе гэж ярьж буй төрийн түшээд ямар учиртай улс вэ. Зүгээр л ажил хийхгүй, эсхүл хийх ажлаа саармагжуулах гэсэн башир арга шүү дээ. Санаатай, эсвэл санамсаргүйгээр гэдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч ингэж хэлж байгаа төрийн түшээд нийслэл хот төдийгүй улс эх орныг хөгжүүлэхгүй, нэг алхам ч гэсэн урагш алхуулахгүй байх өчүүхэн санааг дотроо агуулж явдгаа илэрхийлж байгаа хэрэг.

Манай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн шагналт, нийтлэлч Д.Цэнддоогийн судалгаа бий. “Нүүдэлчид аливаа асуудлыг зугтаж шийддэг. Асуудал тулгарахад яаж шийдэх вэ гэж бодохоос залхуурсандаа зүгээр л нүүчихдэг” гэж. Үнэхээр л тийм. Нүүдэлчин монголчуудын тархинд хамгийн түрүүнд орж ирж байгаа санаа нь зугтах. Зугтаагаад явчихвал асуудлыг ардаа орхиж байна гэж эндүүрдэг. Яахав харанхуй, бүдүүлэг байсан тэр үед тийм л аргатай байсан юм байгаа биз. Одоо бол тийм биш шүү дээ. Техник технологи дээд зэргээр хөгжсөн орчин үеийн нийгэмд бид амьдарч байна. Гэтэл эрт балрын сэтгэхүйгээсээ яагаад салахгүй байна вэ. Нүүдэлчин монголчуудын түүхэндээ анх удаа бий болгосон сая давсан хүн амтай хотыг устгах гэсэн санаатай бодлого явж байна гэж хийрхээд ч яахав. Гэхдээ л биднийг залан чиглүүлж буй төр засгийнхны санаанд хамгийн түрүүнд ийм шийдэл орж ирсэн байна. Гарц олж шийдэл хайхаас залхуураад зүгээр л бөөнөөрөө нүүгээд зугтаачихъя гэж санал болгож байгаа. Тэгчихээд үүнийгээ асуудал шийдчихлээ гэж гайхуулан ярихыг нь сонсоод өмнөөс нь ичиж үхмээр юм.

Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн гол цөм, хөдөлгөгч хүч. Олон хүн бөөгнөж байж л эдийн засаг бий болдог. Хэр олон хүн нэг дор төвлөрнө тэр хэрээр эдийн засаг хүчирхэгжих учиртай. Гэтэл өсөн өндийж буй эдийн засгийг задлахаар санаархаж буйг юу гэж хэлэх вэ. Зөөлнөөр гэмт хэрэг гэж болно. Харин хатуугаар бүр юу ч гэж хэлж болно. Ийм шийдвэр гаргах гээд, яриад сууж байгаа төрийн түшээдийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж хэлж ч болох юм. Ер нь тэгээд өөрсдийнх нь ярьж буйгаар нүүгээд явлаа гэхэд Улаанбаатарт хэн үлдэх вэ. Гэр хорооллынхон утаан дундаа бөртийгөөд хоцрох юм уу. Өөрсдөө эхэлж нүүж явчихаад эргэж ирээд гэр хорооллын утааг арилгая гэж яриад байна. Хамт амьдарч байхдаа утааг шийдэж чадаагүй байж хаяж зугтсан хойноо асуудлыг шийднэ гэж байх уу. Эсвэл өөрсдөө эрүүл агаарт нүүж очсон хойноо эргэж хараад үлдсэн хэд рүүгээ хэлээ гарган хохь чинь гэж хэлэх гээ юү.

Ер нь цаашид улс төр хөөхгүй, улс төрийн тавцангаас арчигдах хүсэлтэй хүн л Улаанбаатарыг нүүлгэнэ гэж ярьдаг юм. Улаанбаатарчууд бид тэнэг биш. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар гэдэг гишүүн “Та нарыг хаяад бид утаагүй газар очно” гэж ярьж байна лээ. УИХын гишүүн Улаанбаатарыг нүүлгэх тухай ярьж болох л байх л даа. Ингэж ярьснаараа тэр хүн улстөрч болоогүй байна гэдгээ л харуулж байгаа юм. Та нарыг утаатай чинь орхиод бид цэвэр агаарт амьдарна гэж сэрүүн зүүдэлж байгаа нь улс төрд ирээдүйгээ хүн гэдгээ харуулж буй хэрэг. Тэгээд ч энэ хүнийг дахин сонгож болохгүй гэдэг нь түүний үгнээс харагдаж байна. Монголын энэ том эдийн засгийг задлан буталж, цаашлаад үгүй хийхээр оролдож буй хүн цаашдаа монгол төрийн төлөө зүтгэж чадах уу. Бид өмнө нь Улаанбаатараар оролдсон хүн улс төрөөс арчигддаг тухай сануулан бичиж байсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон хэдэн гишүүн ингэж ярихад нь манай сонин шүүмжлэн бичээд нам болгож байлаа. Тэрийг одоогийн Их хурлын гишүүд мэдэхгүй байна. Улаанбаатарчууд дуугүй харж байгаад та нараар нийслэл хотоо устгуулна гэж хэзээ ч байхгүй. Хүч нөлөө нь та нарын бодож байгаа шиг сул дорой биш. Хотынхныг төр засаг барилцаж буй хэдхэн хүн басах болоогүй шүү. Хотын утааг хотод нь л шийдэх ёстой. Өөр гарц байхгүй. Улаанбаатар хоттой байж гэмээнэ хотын асуудлыг шийднэ. Хотгүй болсон хойноо ямар юмныхаа асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ. Өөрсдөдөө болон үр хойчдоо санаа зовсон хэсэг хүн утаанаас салгаад өг гэж ярьсан биш сүүлдээ бүр Улаанбаатараасаа салах юм болох нь л дээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үед зохиомол хэрэгт гүтгэх нь байтугай хийсэн хэргийг хүлээлгэх ч хэцүү болсон

“С.Зоригийн хэрэг”-ийн Шүүх хурал болж шүүх шийдвэрээ гаргалаа. Хэрэг хийсэн хүмүүсийн ар гэрийнхний гомдол харин тасрахгүй байна. Яллагдагчдын тал гомдолтой, хилс хэрэгт гүтгэлээ хэмээн үзэж байгаа юм. Энэ хүмүүсийг бол ойлгож байна аа.

Гэвч энэ хэргийг зохиомол хэрэг болгочихлоо гэж нийгэмд хүчтэй дэвэргэж, үр дүнд нь уг хэргийн Шүүх хурлыг юу ч биш болгох гэсэн тодорхой хүчин байгаа юм шиг анзаарагдаад байгаа нь л түгшүүртэй байна. Хүмүүс яаж харж, яаж мэдэрч байдаг юм бол доо. Тийм явуулгатай бүлэглэл цаана нь байгаа нь мэдрэгдэхгүй байна уу. Яг жинхэнэ дээ, ийм зохиомол шүүх хурлыг зохион байгуулаад, гурван шатны шүүхээр авч гараад, хоёр шатны прокуророор хянуулаад, ингээд жүжиг болгоод явуулна гэхэд санаанд ерөөсөө багтахгүй юм. Монголын Шүүхэд арай ч ийм дампуу зүйл байхгүй байх. Хуулийн бүх шатлалын процессыг та сайн хараарай. Ер нь л боломжгүй дээ. Өмгөөлөгч О.Алтангэрэл “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа энэ тухай тодорхой ярьсан. Ийм өрнөл дунд, ингэж шийдэгдсэн хэрэг зохиомол байх боломжгүй гэдгийг ерөнхийд нь процедураар тайлбарласан. Тийм болохоор Монголын Шүүх арай ч иймдээ хүрээгүй байх гэж итгэж байгаа юм. Харин энэхүү шүүх хурлыг ийм зохиомол мэтээр нийгэмд ойлгуулж, гүтгэсэн хилсдүүлсэн болгож нийгмийн сэтгэл зүйд тасралтгүй шуугиан үүсгэн, тэгснээр энэ хэргийг юу ч биш болгох гэсэн айхавтар явуулга яваад байгаа нь илүү ноцтой болоод байна. Хэргээ хүлээн, ял авсан гурван хүний ар гэрийнхэнтэй шатаалгаж нас барсан О-гийн гэр бүлийн ганц нэг хүн нийлчихсэн “Эдгээр хүмүүс ингэх хүмүүс биш ээ” гээд явж байгаа нь хүртэл сонин л харагдах юм. Бодит байдал дээрээ Амгаланбаатарын өөрөө хүлээсэн хүн амины гурван хэрэг нь гурвуулаа баримтаар батлагдчихсан (тэрний нэг нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг), Содномдаржаагийн гэрээс С.Зоригийн гэрт байсан хутга, цаг хоёр нь олдсон, хэргийг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн зарим нэг томоохон албан тушаалтнууд “Бид хэрэгтнийг гарцаагүй баримт нотолгоотой илрүүлж чадсан. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хуулийн дараагийн шатанд шилжүүлсэн. Тэнд яаж шийдэх нь, ер нь цаашаа яаж үргэлжлэх нь бидний асуудал биш” гэж хэлсэн. Нэгэнт ингэж баримт нотолгоотой шүүхээр шийдэгдсэн хэрэг харин цаашаа яаж үргэлжлэх гээд байгаа нь л ийнхүү эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Ямар ч байсан захиалагч, хэргийг зохион байгуулагч байгаа гэдэг нь тодорхой юм шиг байна. Тийм болохоор захиалагчийг илрүүлэн тогтоох ажлын хэсгийг албан ёсоор байгуулж, тагнуул цагдаагүй бүгд орсон том бүрэлдэхүүн ажиллаж эхэллээ. Анзаарахад энэ ажлын хэсэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс л хүн байхгүй байх шиг харагдсан даа. Анх бол бүх ажлын хэсэгт байсан санагдах юм. Ер нь тэгээд захиалагч нь тэр, энэ гэсэн яриа нийгэмд их л байна. Үнэн худлыг Шүүх тогтоох биз дээ. Энэ хэрэгтэй холбоотой нэр гарсан тодорхой хүмүүсийн асуудал нийгэмд анхаарлын тэмдэгтэй л үлдсэн. Зарим нэгнийх нь хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх л гэх юм. Заримынх нь хувьд гэрчийн мэдүүлэг өгөх хугацаа гэж бас байдаг, тэр нь гэрч олон жилийн хугацаанд мартаж санах гэдгийг бодолцсон хуулийн заалт. Энэ заалтаар зарим гэрчийн мэдүүлэг өгөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тайлбар байгаа бололтой. Заримыг нь бүр прокурор дээр хэрэгсэхгүй болгосон байна лээ. Энэ бүгд дээр хууль эрх зүйн талаас нь ул суурьтайхан тайлбарлаад өгөх хуульч байтугай тэтгэвэртээ гарсан өвгөн ч олдохгүй байна. Ярихаар бүгдээрээ хүн заагаад өгчихсөн юм шиг нэг л үгийг хэлэх. Тэр нь “За даа, наад хэргийн чинь талаар нэг их юм яримааргүй байна. Дэмий зүйлд орооцолдоод яахав” гэж. Хачирхалтай байгаа биз. Юу болчихоод байгаа юм бэ. Тийм болохоор л өөрийн логик гаргалгааг хийж байгаа юм. Жишээ нь захиалагчийн тухайд гэхэд “Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байгаад сая шинэ нөхцөл байдал үүссэн учраас хэргийг тусгаарлаж, дахиад шинээр мөрдөж байгаа юм болов уу” гэж. Ерөөсөө энэ хэрэг нь өөрөө эхнээсээ нууцын зэрэглэлтэй гэж хэлээд бүх зүйлийг нийгэмд оньсого таавар болгосон нь буруу байж. Ингэх нь эхнээсээ хэнд ашигтай байв. Одоо шүүхээр шийдэгдчихсэн хойно дахин завааруулж, ард түмний сэтгэл зүйг үймүүлэх нь бас хэнд ашигтай юм. Энэ бүгдийн эцэст ямар үр дүн гарах юм бол. Тэгэхээр л энэ хэргийг ил тод болгох хэрэгтэй юм биш үү. Нууц байснаараа явуулга хийж буй бүлгийн зорилгод улам нэмэр болоод байх шиг.

Эцэст нь хэлэхэд аллагыг захиалагч, зохион байгуулагч бүлэглэл, тэдгээрийг дагасан хүмүүсийн ерээд оны дундуур илбийн юм шиг бий болж байсан хөрөнгө мөнгө өнөөдөр эргэлзээ төрүүлж байна. Энэ бүлэглэлийн зүгээс өнөөдөр аймшиггүйгээр зохион байгуулж байгаа энэ их ажлыг нийгэм даяараа анзааран мэдэрч, ард түмэн бүгдээрээ сонор соргог байхгүй бол болохгүй нь. Тэд нэг л ингээд сурчихвал, ийм юмны ард гараад сурчихвал цааш цаашид Монгол Улс юу болж хувирах вэ!!! Өнөөдөр Монголын чөлөөт нийгэмд хүнийг зохиомол хэрэгт гүтгэх нь байтугай хийсэн хэргийг хүлээлгэх ч хэцүү болсныг олон даяараа мэдэж байгаа шүү дээ.

Б.Батболд