Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“АРДЫН ҮГ” ба АРДЫН УУР

Монголыг хуурах амархан (монголд ойлгуулах хэцүү)-II

НЭГ. АРДЫН УУР

Ард түмний тодорхой хэсэг үргэлж ууртай байдаг. Жишээлэхэд, “авлигатай тэмцэхгүй байна” хэмээн шударга ёс хүссэн хэсэг уурлана. Тэмцээд эхлэхээр авлигачид болоод тэдэнтэй нэг тогооноос хооллож ирсэн хамууд, цаашдаа авлигаар хооллон үлдэх боломжгүй болсноо харсан хэсэг нь уурлана. Хулгайн хэргийг шударга шүүвэл хариуцагч уурлана, ял завшуулбал хохирогч уурлана…ард түмэн үргэлж уурлана.

Ялангуяа хямрал нүүрлэж аягатай хоол нь өдөр өдрөөр дундарч байгаа цагт бүр ч их уурлана…Тэр уурыг хэн нэгэнд гаргахгүй бол өөрөө дэлбэрнэ, бидний сайн мэдэх жишээгээр бол хийг нь гаргаагүй хорхог шиг буудна. Сонирхолтой нь хорхогийг дэлбэлж байгаа хүчин зүйлийг ч бас “уур” гэдэг. Ийм учраас сэтгэл, санааныхаа эрүүл мэндийг хамгаалах нэгэн аргатай төрсөн нь хорхог шиг уураа гаргах юм. Уур бол галзуурахаас сэргийлдэг дархлаа бас мөн.

Зарим хүн ажил бүтэхгүй болохоор хамаг уураа гэр бүлдээ гаргаж хүүхдээ зодож, эхнэрээ дарамтална. Зарим нь бусдын уур дээр уур нэмэн нийгэмд даралт үүсгэж, ёс суртахууны дэлбэрэлт үүсгэн бах таваа хангана. Мянга мянган хүнийг уурлуулан цуглуулж, өөрийн уурыг нэмэн нэмэн буйлуулна. Тэгээд өөрийнх нь уур үржин өсч байгааг харж сая амсхийнэ. Зарим хүн өөрийн сэтгэлийг зовлонгүй болгож байж санаа амардаг бол нөгөө хэсэг нь бусдыг яг өөр шигээ зовлонтой болгож санаа амардаг гэсэн үг.

Зовлонг арилгаж биш, харин ч түгээж, үржүүлж, өөр шигээ зовлонтон шинээр бий болгож баймаажин тайтгарах арга нь нэн эртээс үүсэлтэй. Чухам эндээс “нүдийг нь чинь ухвал нүдийг нь ух, хамрынхаа оронд хамрыг нь ав” гэдэг мөрдлөгөө гарчээ.

Гэвч цус нөж, нус нулимс араасаа дагуулсан тайтгарлын философи маань он жилийн уртад өөрчлөгдөв. Тэнд нэг дүрэм байгааг харжээ. Тэр нь энгийн. Чиний уураа гаргаж сэтгэлийн даралтаа хэвийн болгох процесс өөр хэн нэгний даралтыг ихэсгэх ёсгүй. Өөрөөр хэлбэл халдвар тараах замаар өвчнөө дарахыг хориглодог гэсэн үг. Энэ дүрэмд хүрэх гэж үнэхээр их юм үзсэн дээ.

Бид энэ дүрмээс жаахан хол өссөн. Юуны өмнө малчин нүүдэлчдийн амьдрал стресс багатай байсан. Энэ нь төрийн болон нийгмийн дарамтаас хол амьдардаг, аж төрөл нь мөн л нийгэм төрийн хүчин зүйлээс хамаарал багатай байсантай холбоотой байх. (Мал сүрэг өсч үржих эсэх нь байгалиас хамаатай. Байгалийн энэ хамаарлыг хүн өөрчлөх боломж байхгүй шахам учраас тэрэнд санаа зовдоггүй байжээ)

Яаж ийж чардайж байгаад, чоно нохойнд ч юм уу уурлаад ч стресс, депресст орж чадлаа гэж бодъё. Ганц гэрээрээ, сайндаа хот айлаараа нутаглах тул уураа гаргах олон түмэн, стрессээ халдаан үржүүлэх масс ойр хавьд байхгүй. Хөрш айлаа стресстүүлээд байвал салаад нүүнэ. Авгай хүүхдэдээ түүнээ гаргах ч амаргүй. Монгол эхнэр омголон агаад чөлөөтэй, хэдэн хүүхдээ чирээд аав, ээж рүүгээ явчихаас сийхгүй. Гэтэл арай гэж олж авсан стрессээ хаячихад хайран байдаг. Саахалт руу очиж уураа юүлэх гээд мордож болно. Гэвч явах замдаа байгалийн сайханд стресс нь тайлагдана. Нэг мэдсэн чинь шувуудын жиргээ чагнан, жамъянмядаг дэлгэрснийг ажсаар сэтгэл хөнгөрөх төдийгүй сэргээд дуу аялаад авсан ч байж мэднэ.

Сэрэмж алдах шахсанаа анзаарсан уурлагч “Цусаар урс гэж, гэнэдээд тайтгарчих шахлаа. Ингээд байвал гол зорилгоосоо хазайх нь байна. Ингэхэд би чинь юунд уурлаж яваа билээ… Ээ нөжөөр тээглэ… мартцан байна ш дээ….Аа тийм, чононоос болж стресстсэн ш дээ. Бурхан минь, сануулсанд баярлалаа…Энэ жаахан стрессээ олдсон дээр нь сайн ариглаж байгаад депресс болгох юм хуна” гэж үглэсээр морио давирах буйзаа. Очсон айл нь хүний мөрөөс, мэдээллийн өлсгөлөн болчихсон байх тул юун уур цухал хүлээн авч дэврээх вэ, харин ч сонин юм дуулж таашаал авна…одоо уураа тарваганы нүхэнд л хаядаг байх даа.

ХОЁР. ХОРИОТОЙ УУР

Тэгвэл “бидний стресс социализмд яасан байхнуу” гэсэн асуулт гарна. Тэнд бид анх удаа бөөгнөрсөн, суурьшсан. Уураа бие биедээ наах боломж гарсан. Нийгмийн психологийн нэгэн сонирхолтой үзэгдэл энд ажиглагддаг. Хүн уур цухлаа гаргах нь хориотой дэглэмд орсноо ухамсарлахын хэрээр стресст орох нь багасдаг бололтой. Магадгүй, сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах байгалийн нэгэн зөн байх. Малчин нүүдэлчин хүн ган зудыг өөрчлөх чадамжгүй болохоо ухамсарлахын хэрээр хувь заяандаа найдаж эхэлдэг. Тэр хэрээрээ өөртөө найдахаа больдог. Нэгэнт өөртөө найдах хэрэггүй учраас стресстэж өөрийгөө зовоохгүй, харин түүний оронд хүнд хэцүү тавилангаа туулан гарах сэтгэл зүйн бэлтгэлээ хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хувь заяа өөрөөс нь хамаарахгүй, тэгж оролдох нь осолтой үед өөрийгөө хамгаалах үүднээс сэтгэлийн уур хилэн өдөөгдөх нь багасдаг, эсвэл нууц байдалд орж эзнээ зовоохоо байдаг байж болох талтай.

Эцсийн дүндээ стресс уур уцаар нь түүнийгээ тайлах боломжийг дагаж үүсдэг. Хэдийгээр хэлэхэд муухай боловч “чөлөөт нийгэм нь стресс, нийгмийн уур хилэнг ил болгодог. Тайлах боломж байхын хэрээр хувь хүмүүсийн болон нийгмийн стресс ил харагддаг” бололтой.

Социалист дэглэмийн үед “нийгмийн эрх чөлөөний таглаа”-г гурван удаа сөхөж олон нийтийн сэтгэл зүйн даралтыг хөнгөлж үзсэн. Эхний хоёрыг эргүүлэн илүү чанга тагласан байдаг. Энэ нь “Их хэлмэгдүүлэлт”-ээр эргүүлж дарсан “Шинэ эргэлтийн бодлого”, мөн “Сэхээтний төөрөгдөл” хэмээх операциар буцааж тагласан “Хрушевийн дулаарал” юм.

Хамгийн сүүлд, социалист дэглэмийн нуугдмал уур “Горбачевийн өөрчлөн байгуулалт”-аар дэлбэрэн гараад эргэж таглагдаагүй.

Гэхдээ өнөө болтол тэр “хориотой уур” дэлбэрэн гарсаар байгаа нь хоёр талтай байх. Нэгдүгээрт, бараг бүтэн зууны турш хуримтлагдсан уур удаан гардаг тал бий байх, хоёрдугаарт, “ард түмний уур” гэдэг нь улс төр-бизнес, бизнес-улс төрийн ертөнцийн өрсөлдөөний шалгарсан арга, менежмэнт болж хувирсанд ч байгаа байх.

ГУРАВ. АРДЫН УЙДАА

Ерөнхийлөгч тайлангаа тавьж байна. Түүнийгээ “Ардын үг” гэж нэрийджээ. Зөв зүйтэй гэж үзсэнүүд нь тэрүүгээр яриад л байна. Бас “Ардын үг”-нд уурсан өөрийн үгээ хэлж буй “ард” ч харагдана. Мэдээж ард түмний тодорхой хэсэг үргэлж уурладаг, баярлаж байгаа хүн анзаарагдахгүй өнгөрдөг ч уурлаж байгаа болгон харагддаг болохоор тод ч байна. Хийгээгүй юмаа ярилаа гэхгүй, хүний хийснийг өөртөө наалаа гэхгүй ч ууртай хүн нэлээд байна.

Үгээ хэлэх “ард”-тай зэрэгцэн уураа гаргах “ард” гарч ирсэн нь ч учиртай. Хамаг шалтгаан Ерөнхийлөгчийн суудалд “найман жил тасралтгүй суусан”-д байгаа. Угаасаа ч өвөг дээдэс “морь удах тусам ижилсэж, хүн удам тусам толхилцоно” гэж зүгээр нэг хэлээгүй. Одоогийн Ерөнхийлөгчийн сууринд Бурхан багш Шагжаамунь байсан ч гэсэн ялгаагүй олон түмний тодорхой хэсэг “Иусус Христос гэж их боломжийн хүн дуулдах юм” гэж шивэгнэлдээд эхэлцэн байх нигууртай, өнөөдөр.

Угаасаа ч дахин сонгогдох боломжтой Ерөнхийлөгч л тайлан тавьдгаас биш улирсан нь ажил төрлөө ярьдаггүй байв. Суудлаасаа буухдаа “Замд гарах, салж нүүхдээ айлын хүүхдэд баахан чихэр жимс тараадаг” нүүдэлчний зангаараа одон тэмдэг, гавьяат цацаад явдаг байж. Тэрийг нь манайхан таалдаг. Ёстой нүнжигтэй Ерөнхийлөгч “сайхан тараагаад явлаа” гэж магтдаг байжээ.

Харин тайлан тавих санаа аль ч Ерөнхийлөгчийн санаанд орсонгүй. Магадгүй олон түмэн найман жил харж уйдаад явуулахын мөн болсон үед ажил яривал хүний өөрийн улс амьтан дургүйцнэ гэдгийг бодсон байх. За даа, заримд нь нэг их тайлагнаад байхаар юм байсан ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд.Та нар минь нүдээ аньж байгаад “тэрний үед тэгсэн”, “энэний үед ингэсэн” гээд нэг бодох гээд үз дээ…Ерөөсөө “нөхөөр, тайлангаа харуул, амласнаа хэрхсэнийг ярь” гэж нэхэх санаа “ард түмэн”-ий толгойд ч орж байсангүй.

Гэтэл Ц.Элбэгдорж дахин сонгогдохгүй гэдгээ мэдсээр байж тайлан тавьж эхлэв. Олон түмэнд “Нээрээ энэ нөхөр юу хийлээ” гэж сонирхохын оронд “дахин өрсөлдөх гэж байгаа ч юм шиг” сонин сэтгэгдэл төрж эхэллээ. Ерөөсөө ч манайд дарга болох гэж байгаа хүн л хийх юмаа ярьдгаас биш даргаа болих гэж байгаа хүн ажлаа ярьдаг практик байхгүй. Иймээс дадаагүй юмаа харсан үзэгчид сонирхох, сонжихоосоо илүү гайхаж хардлаа. Үнэн, худал нь хамаагүй, “Яагаад хийснээ яриад байна, яагаад вэ, яагаад вэ…” нэг л учир байгаа…

Хариуг нь олохгүй байхын хэрээр унтуу хөдөлнө. Шинэ, шинэ хар төрсөөр…

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тайлангаа хэлэлцүүлэх “Ардын үг” цаг үеийн хувьд үнэхээр онцлогтой. Магадгүй тэр өөрийн хөтөлбөр, зарчимдаа үнэнч байсан байлаа ч ард түмний сонирхолд шилжилт гарсан. Өчигдрийн “бузар булай” ба “үнэт зүйл”-үүдийн байр цагийн эрхээр солигдсон. Солигдохоо байг гэхэд байрлал нь хөдөлсөн. Цагийн богино зүү нь шөнө дунд тэнгэрийг зааж байсан бол өглөө газар луу чиглэсэн байдаг шиг.

Шударга ёс тогтооё л гэвэл “Н.Энхбаярыг бариад л аль” гээд улсаараа хашгирч, нам нь хүртэл даргаасаа уйдаж явсанүеийн цагийн зүү өнөөдөр өөр тийшээ заасан. Ард түмний сэтгэгдлийн цагийн зүү “Зохиогч Шаравдорж (бурхан өршөөг!). Дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос:Намбарын Энхбаяр” гэсэн ном нээлтээ хийсэн өдрийг зааж байна.

Өнөө “Ус авахаар очиход минь уулзаж байснаа санаачээ…” гэж дуунд гардаг шиг “Шинэхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бээр АТГ-ын хуучин даргыг камерын өмнө чичрүүлчихсэн “Авлигын загалмайлсан эцгийг барина гэсэн, хаа байна” гээд гөлөгнүүлэхэд авч байсан кайфээ санаачээ” гээд ч нэмэргүй. “Авлигатай хэн анх тэмцлээ, шилэн данс хэн санаачилж төрийн мөнгийг ил болголоо, хэн анх..хэн анх” гэхчилэн асуухад, “Тэгээд яачихаав, санаачлаа л биз, хийгээ л биз, одоо ямар хамаатай юм бэ…” гэж түвэгшээхээр байна.

Магадгүй ард түмэн удирдагчийнхаа гавьяаг мартаж чаддаг байж гэмээнэ шударга ёс тогтдог байх аа. Солонгос энэ тэрийг харахад ч тэр. Тэгэхгүй бол нэг удаа аминд орсон нөхрийг толгой дээрээ насаараа залахад хүрэх биз. Найман жил гэдэг бол ард түмэн уйдахад хангалттай хугацаа. Аан, “Ю.Цэдэнбал төрийн тэргүүнд 40 жил байхад яагаад уйдаагүй юм бэ” гэж үү. Тэр үед уйдахыг хориглодог байсан юм. Та нарын олонхи нь “уйдах эрхгүй амьдрах” гэж юу болохыг биеэр мэдрээгүй болохоор юу ч гэхэв дээ. Нийтийн дуунд гардаг “уйдах эрхгүй хайр” энэ тэрээс шал өөр юм шүү гэсгээд орхие.

Цаг элэхийн хэрээр ард түмэн олон юмнаас, тэр ч байтугай мөрөөдлөөсөө ч залхдаг. Өнөөдөр “офшоорчдын хөрөнгө хураах” гээд л сүйд болоод байна. Яг хураагаад эхлэхээр нь манай ард түмэн өмөөрөөд давхина. Харж байгаарай “Хөөрхийсийг хэлмэгдүүллээ” “гучин долоон оны хэлмэгдүүлэлт сэргэлээ” “Хөрөнгө хураагчид амиллаа” гээд “ард түмэн” өөрснөө жагсана. Энэ С.Баярцогт энэ тэрд үнэхээр офшоор данс манс, нуусан хаасан юм байдаг бол сайн дураараа хураалгаад нийгэмчлүүлчихээсэй. Тэгвэл жилийн дараа ард түмний өмнөөс хохирогч гэгээнтэн, хүн төрөлхтний өмнөөс наждаа эдлэгч Иусус болон хайрлагдана. Ийм л байсан, ийм л байна. Харин цаашдаа ийм байх эсэхийг бүү мэд.

Тэгвэл Ц.Элбэгдорж тэнэгтээ “Ардын үг” хэлэлцүүлээд байна уу. Зүгээр л одон медалийн “боорцог” цацчихаад явчихад юу нь болохгүй байна. Хэн түүнээс тайлан нэхээ вэ? Магадгүй энэ нь илүү хойтыг харсан санаа байх. Энэ бол ард түмэн уураа гарсан хойно, уйдаагаа дууссан хойно, эргэн санахад зориулсэн эд байх аа.

Нэгдүгээрт, түүнд “хэн ч худлаа гэхийн аргагүй” олон тайлан байгаа. Буруу зөрүү болсонд нь биш, зүгээр цаг хугацааны уртад уйдсандаа тоохгүй байгаа тийм үнэнүүд тэнд байгаа. Санах нэг нь санах байх, санаагүй нэг нь санах цагаа болохоор санах байх. Энийг урьдаас харж бардамнаж байгаа болов уу.

Удахгүй бид шинэ Ерөнхийлөгчтэй болно. Нэг хэсэг угаалга, найр үргэлжилсний дараа өнөөхөөсөө уйдах шинж орно. Уйдахаа байг гэхэд урдынх шигээ баярлуулахаа болино, цаадах нь. Тэр цагт өнөө тайлансаг нөхөр чинь юу юу гээд байлаа гэлцэх тэр өдөр “ардын үг” санагдах учиртай байх…Би хийсэн шүү дээ, би хэлсэн, би санаачилсан, би батлуулчихаад явсан…харин тийм. Одоо байгаа нь энэ…гэх мэт, гэх мэт.

Хоёрдугаарт, мань хүнд нэг аархал байна. Дургүй байсан ч гэсэн худлаа гэхийн аргагүй үнэнийг зориуд босгож “дургүй байсан ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нэгэн” гэдгээ тунхаглах өөр санаа ч явж байгаа юм бил үү?

Юм өнөөдрөөр дуусахгүй, хийснээ хэлэхгүй явж болохгүй….ерийн малчнаас Ерөнхийлөгч хүртэл замыг туулсан тэр “ардын үг”-ийн учир энэ л болов уу. Би та нарын дундаас гарсан, бараг цаад захын хязгаар нутгаас гарсан ардын хүү шүү. Тайлан үгээ “Ардын үг” гэсний нэг учир ч энэ болов уу.

Ямар ч байсан манайд “Ажил авах хүн биш” харин “ажлаа өгөх хүн” тайлан тавьж тооцоогоо бодуулдаг улс төрийн практик бий болж байна. Муу юм яав ч биш.

ДӨРӨВ. ТЭГЭЭД ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ?

Уураа зэхэж, цоо шинэ уур цогцлоон түгээж “ард түмний уур” болгоход бэлдэн бэлдэн уншиж дуусав уу? Бензинд чүдэнз зураад шидэх чинээний уур бэлэглэх юм бодтол тэгсэнгүй юү? Нэг хэсэг нь “энэ муу лүд, Элбэгээг яг өмөөрсөн байгаа. Чамайг ёстой шүлс, нусаараа будна даа” гээд бэлдсэн үү? Эсвэл “ард түмнийхээ уурыг сайхан дүрэлзүүлээд өгөх нийтлэл бололтой” гэж хуурай түлээ бэлдэн хүлээтэл тэгсэнгүй юү?

Тийм ээ, болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс нь харахыг хичээсэн учраас тэгж байгаа юм. Энд “Элбэгдорж их юм хийлээ” ч гэсэнгүй, бас “юу ч хийсэнгүй явлаа” ч гэсэнгүй. Түүнчлэн “Элбэгдорж л анх авлигатай тэмцсэн, шилэн данс санаачилсан энээ тэрээ” гэсэнгүй, улмаар “Тэр авлигатай огт тэмцээгүй, харин авлигын загалмайлсан эцэг өөрөө өөрийгөө гавлаад оймсоо гозгонуулсан, бас төрийн шилэн санхүүг юмаар бүтээж харанхуйлсан” ч гээгүй.

Зүгээр л, яагаад өмнөх Ерөнхийлөгч нар нь тайлан тавилгүй явдаг байтал энэ нөхөр хийсэн ажлаа хэлэлцүүлж байгаа юм бол? Хүмүүс яагаад “Ийм юм хий” гэж сонгосон хүнээ “ийм юмыг чинь ингэлээ” гээд тайлагнахаар унтуутай байдаг юм бол? Яагаад тэгдэг юм бол, яагаад ингэдэг юм бол? Энэ тухай л хөндлөнгөөс нь ярилаа.

Та юмыг дотроос нь биш хөндлөнгөөс нь харах гээд үз дээ. Уур хүрэхээ бараг больчихдог юм. Цаагуур чинь, гарын доорх багаж болгоод ашиглачихмаар бэлэн зэлэн ууртай хүн хайсан улстөрчид дүүрэн байна. Хүнд туслах сайхан ч хүнд ашиглуулах муухай, ялангуяа ашиглуулж байгаагаа мэдэхгүй ашиглуулах нь эмгэнэлтэй…

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр дэх шашны нөлөө нүд халтирмаар болоод удлаа

Хөгжил дэвшил болоод хүчирхэг байдлаараа дэлхийд тэргүүлдэг Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат энэ сарын 23-нд товлогджээ. Ерөнхийлөгч болохоор 11 хүн өрсөлдөж буй ч рейтинг нь хамгийн өндөр яваа гурван хүний нэрийг онцлоод эхэлсэн байна. Үндэсний фронтын намын анхны тэргүүн Жан Мари Ле Пений охин Марин болон 39 настай банкир Эммануэль Макрон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фийон нараас хоёр нь дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр гэх. Энэ дашрамд өгүүлэхэд Францын сонгуулийн систем хоёр үе шаттай. Эхний шат дөрөвдүгээр сарын 23-нд болно. Нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авбал шууд ялалт байгуулсанд тооцно. Үгүй бол хоёрдугаар шатны санал хураалтыг зохион байгуулж, хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн төлөө санал өгнө. Хоёр дахь шат тавдугаар сарын эхээр товлогджээ. Франц бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь давуу бүгд найрамдах засагтай, ардчилсан улс. Ерөнхийлөгч нь хоёр танхимтай Улсын их хурлаа тараах, дахин сонгууль зарлах эрхтэй. Ерөнхий сайдаа өөрөө санал оруулж батлуулдаг гээд маш их эрх мэдэлтэй юм. Их наймын орнуудын нэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй энэ орны Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн улс төрийн өнгийг өөрчлөх сонгуулийн нэг хэмээн олон улсад онцолж байна.

Яагаад Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд дурдах болов гэхээр манайд туйлын хэрэгтэй нэгэн зүйл заалт тэндхийн сонгуулийн хуульд байдаг юм байна. Францын Ерөнхийлөгч болохоор нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчээс сонгуулийн өмнө байгалийн шинжлэх ухаан буюу тоо, физик, астраноми, генетик, анагаах ухааны шалгалт авдаг бөгөөд салбар салбартаа тэргүүлдэг эрдэмтэн мэргэд шалгалтын комисст ордог аж. Учиргүй тэгшитгэл тэнцэтгэл бодуулдаггүй юм гэхэд дээрх шинжлэх ухааны сүүлийн үеийн гол нээлтүүд, хувь хүний шинжлэх ухааны ерөнхий ойлголт мэдлэг, хандлага зэргийг нь дэнсэлж шинжилдэг байх нь. Зэрвэсхэн харах хүнд энэ мэдээлэл инээдтэй санагдаж мэдэх юм. Арван жилийн хүүхэд байгаа биш, их дээд сургуулийн элсэлтийн шалгалт юм уу гэж бодогдож ч мэднэ. Гэтэл үнэндээ энд төр засгийг шинжлэх ухаанаар удирдах хамгийн гол философи оршиж байгаа нь гайхалтай юм. Улс хүчирхэг, алсын хараатай, иргэд нь баян цатгалан, хүн төрөлхтний хүсэл болсон аз жаргалтай нийгэм бий болгоход шинжлэх ухааныг шүтэж, хөгжүүлж, амьдралдаа хэрэгжүүлж байх ёстой гэдгийг францчууд хэтэрхий сайн мэддэг учраас ийм шалтгалт авдаг бололтой. Мэдээж, сонгогчид нь ч шалгалтаар хэн ямар дүн авав гэдгийг анзаарч хардаг, сонголт хийхдээ нэг үзүүлэлт болгодог биз. Энэ бол тун хэрэгтэй зүйл бөгөөд Монголын бүх шатны сонгуулийн хууль болоод төрийн албаны тухай хуульд нутагшуулан суулгаж өгөлтэй санагдана. Ер нь орчин цагийн соёлт хүн төрөлхтөн төрийг шашнаас хол байлгах, шашны ямар нэгэн зүйл төрд орчих вий гэдгээс маш их болгоомжилж байна. Үүний нэг жишээ Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс авдаг дээрх шалгалтууд юм. Бидний сайн мэдэх солонгосчууд ч Ерөнхийлөгчөө удганаас зөвлөгөө авдаг байсан гэх шалтгаанаар огцруулаад шоронд хорьж орхилоо.

Гэтэл манайд бол эсрэгээрээ үйл явдал өрнөдөг. Бөө удган, үзмэрч гээд есөн шидийн фанатууд төрийн толгойд гараад ирж байна. Лам багшийнхаа хэлсэн үгнээс гардаггүй өчүүхэн сэтгэлгээтэй хүмүүс Монголын төрд олноороо гарчээ. Албан бичгийнх нь дугаар ээлтэй тоогоор төгсөөгүй байна, ажил эхлэхэд муу өдөр гэх зэрэг шалтгаанаар төрийн сайд нь ажлаа хийхгүй арц уугиулаад хэвтчихдэг. Цагаан сараар том жижиг гэлтгүй бүх дарга нар манай улс хөгжөөсэй гэж мандал өргөдөг, хишиг буян хайрлаарай гэж хээрийн уул овоо тахидаг, улсын сан хариуцсан яам нь мөнгө арвижуулахын тулд бумбаны тахилга ивээн тэтгэдэг гээд шашны мяндагтнууд төрийн толгойд гарчихав уу гэмээр үйл явдал өдөр шөнөгүй өрнөж байх юм.

Монголын төрд бөөгийн, бурхны, христийн, лалын гээд бүхий л шашны төлөөлөгчид гарч, өөр хоорондоо өрсөлдөж байгаа. Хэт шашинжсан, мухар сүсгийн төөрөгдөлд орсон дарга нар Монголыг маань яаж хөгжүүлэх вэ дээ. Ном уншуулж, уул овоо тахиснаар хөгждөг бол өнөөдөр бид дэлхийд дампуурлаа зарлах дээрээ тулчихаагүй сууж байхсан. Олон улсын валютын сангийн тусламж хөтөлбөрийг авахаар гуйж байж энэ удаа хөл дээрээ дүүжигнэж үлдлээ. Олон улсын валютын сангаас хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төрийн үрэлгэн дэмий зардлуудаа багасга гэж шаардахад эрх баригчид ард түмнээс авах татваруудаа чинээнд нь тултал нэмэхээр зүтгэж байна. Ингээд зогссонгүй, дарга сайд нар өөрсдийнхөө тансаглах төсвийг хэдэн зуун тэрбумаар нь нэмчихсэн яваа.

Өөр бас нэг зүйлийг уншигч та анзаардаг уу. Шинээр баригдах эмнэлэг, үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор гээд томхон бүтээн байгуулалтын өмнө хийдэг шав тавих ёслолыг. Яг оршуулгын зан үйл мэт газар ухаж цай булж, сүү өргөөд баахан лам нар ном уншиж, хонх дамар тачигнуулдаг. Талийгаачийн оршуулга бил үү гэж андуурагдам адилхан. Иймэрхүү байдлаар шав тавьсан газар бүтээн байгуулалт өрнөж, үйлдвэр, эмнэлэг боссоныг мэдэхгүй юм. Шашны зан үйл үйлдэхийн тулд тэр хүртэл очсон олон дарга нарын машины бензин, лам нарын уншлага үйлдсэн хөлс, газар ухсан эксковаторын мөнгө гээд хий хоосон мөнгө гарлагадаад л гүйцээ. Хамгийн аймшигтай нь төрийн бүх шатанд шашны зан үйл энэ мэт давтагдсаар одоо бүр уламжлал, хэм хэмжээ, зайлшгүй байх ёстой зүйл мэт болжээ.

Байдал ийм байгаа болохоор Сонгуулийн хуульдаа нэр дэвшигчдээс байгалийн шинжлэх ухааны чиглэлээр шалгалт авдаг зүйл заалт нэммээр байна. Төрийн албаны тухай хуульд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүдээс эхлээд төрийн бүх шатны албан хаагчид шашны холбогдолтой зан үйл хийхийг хатуу хориглох тодорхой заалтууд оруулмаар байна. Ядахнаа, дэлхий бөөрөнхий, энэ дэлхийд физикийн хууль үйлчилдэг болохоос илбэ жатгын хүч үйлчилдэггүй гэсэн ойлголттой “аваргуудыг” төрд гаргамаар байх юм. Тэгэхгүй бол овоо тахиж, лүүжин тавьснаа асар их ажил хийчихсэн мэт үнэн сэтгэлээсээ итгэгсэд жинхэнэ бүтээн байгуулалт өрнүүлж, ажил хийхээ больчихоод удаж байна. Шинжлэх ухааны ололт амжилтыг соргогоор хүлээн авч ажил, амьдралдаа нэвтрүүлэн, өдөр шөнөгүй үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж, ажиллаж байж л улс орон хөгждөг, баялаг бүтээдэг гэдгийг ойлгож мэддэг хүмүүсийг дэмжиж, улс орноо удирдуулах хэрэгтэй болжээ. Ингэж төр шашныг зааглаж, шинжлэх ухааны мэдлэг, боловсролтой хүмүүсийг төрд гаргаж, тэр зүгийн салхи оруулахгүй бол Монголын төр дэх шашны нөлөө нүд халтирмаар болоод удлаа. Тун удахгүй шашин төрийг хослон баригч гэсэн нэр томьёо, албан тушаал гараад ирэх нь. Үүний нэг илрэл нь 10 дугаар богдыг тодруулах гэх асар олон сая ам.долларын хахууль, шантай энэ өвлийн хэрэг явдал юм.

“Шашин бол нийгмийг мунхруулагч хар тамхи мөн” гэж К.Маркс зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн тавцанд эрчүүд л тоглодог юм гэж үү?

Дэлхийг нэгэн тоглоомын тавцан гэж үзвэл улс төрийн өрөг дээр нь эрчүүд л тоглож байх ёстой ажээ. Харин энгийн эрчүүд, эгэл бүсгүйчүүдээс илүү хүч чадлаа шавхан байж гарч ирсэн эмэгтэйчүүдийг эмгэнэлт хувь тавилан угтана. Эрчүүд тэр өрөг дээр булхайцаж, булаалдаж, бусдыг алж хэмлэж байсан ч хамаагүй мундаг улстөрч, гайхалтай удирдагч мэт үлдэж чаддаг бол эмэгтэйчүүд үгүй ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үүнийг харуулж байна. Яагаад ч юм бүх хэрэг явдал өөрөөр эргэж, төрийн том махны машин буруу эргэж эцсийн эцэст Пак Гын Хэ хэн ч биш болж, жирийн нэгэн хоригдол авгай болж хувирлаа. Гэвч эргээд харахад тэр юуны төлөө амьдарсан юм бэ, түүний ээж, аав хоёрын амь яах гэж хоосон үрэгдэж, тэр хань ижил ч үгүй, хөлөө хучуулах үр хүүхэд ч үгүй үлдсэн юм бэ гэж бодогдмоор. Хэрэв Пак Гын Хэ эр хүн байсан бол ийм байдалд орохгүй байлаа.

Түүнийг есөн настай байхад эцэг нь БНСУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болсон байдаг. Төрийн тэргүүний анхны хүүхэд болох бяцхан охины хүсэл мөрөөдөл энгийн байлаа. Охидын дунд сургуулийг төгсч, нутагтаа электроникийн инженерээр төгсөөд Францад үргэлжлүүлэн суралцаж багш болохоор шийдсэн байв. Энгийнээс энгийн багшийн ажлыг сонгочихсон суусан түүнийг хувь тавилан өөр зам туулуулахаар шийджээ. Аавынх нь амь насанд халдах гэсэн оролдлогын үеэр ээж нь амь үрэгдэв. Нутагтаа яаран ирж, гэр бүлдээ ижийнхээ оронд ээж болж, бас улс орондоо тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэхээс өөр сонголт түүнд байсангүй. Өнөөдрийн Солонгос орныг бий болгосон удирдагч бол эцэг Пак Ерөнхийлөгчийг гэдэг. Хэрэв тэгж үзвэл аавынхаа түшиг болж, тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж явсан Пак Гын Хэ ч хорин хэдхэн насандаа энэ улсад түүхэн үүргээ гүйцэтгэж, тус дэм болсон гэж болно. Түүний “Миний хамгийн чухал үүрэг бол эцгийгээ ганцаараа биш гэдгийг улс орон, ард олондоо харуулах явдал байсан юм. Энгийн хүний амьдралаа тэгэхэд би орхисон билээ. Амар тайван амьдрах гэсэн миний мөрөөдөл тэр үед замхран одсон сон” гэж бичсэн нь ч учиртай.

Нэг хүний амьдралд тохиолдох сорилт хэмжээ хязгаартай баймаар юм. Харин Пак Гын Хэгийн өмнө ирэх саад, шаналангууд юу ч биш байжээ. Ээжийгээ бусдын гарт алдсан тэрбээр аавыгаа ч аюулгүйн алба хариуцсан ажилтандаа буудуулахыг үзэх тавилан зурагдсан байж. Магадгүй аавыгаа хөдөөлүүлчихээд Хөх ордноос явсан чигтээ явчих ёстой байсан байх. Гэвч хатуухан зурагдсан хувь тавилан түүнийг буцаагаад Хөх ордонд авчирлаа. Азийн санхүүгийн хямрал өмнөд солонгосчуудад хүнд тусч, ард иргэд нь алтан бөгж ээмгээ тайлж өгч байсан үе. Хүн бүр улс орноо гэж эрвийх дэрвийхээрээ байхад тийм аавын охин зүгээр сууж хоцорно гэж үү. Үгүй. Тэгээд Пак Гын Хэ улс төрд орохоор шийджээ. Хуучинсаг, эрчүүд голдуу намын дахин сэргэлтийг тэр өдөөж өгсөн юм. 1998 оноос 2008 оны хооронд гурван удаа нэг тойргоос парламентад сонгогдож ирсэн нь анхаарал татдаг. Эцэг эх нь халдлагад өртөж байсанчлан түүн рүү ч эрүүгийн найман удаагийн хэрэгтэй нэгэн эр халдсан байдаг. Хутгаар нүүрийг нь зүссэн халдлагын дараа эмнэлгийн орон дээр ухаан орохдоо тэр юу гэж хэлсэн гээч. “Тэжон яасан бэ” гэж асуужээ. Солонгосын тав дахь том хотыг асуусан хэрэг. Үүнийх нь төлөө хүмүүс түүнийг улам их хайрлав. Түүний толгойлсон нам удаа дараа ялалт байгуулж, дараалсан сонгуулиудад амжилттай оролцсоныг шууд Пак Гын Хэтэй холбодог. Нэр хүндээ алдаад байсан намынхаа нэрийг сольж, тактикаа өөрчилж хүртэл ялалтын буухиаг үргэлжлүүлж байв. Тиймдээ ч сонгуулийн хатан хаан нэрийг хүртсэн биз.

2012 оноос Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дуулдаж эхэлсэн бөгөөд нэр дэвшигчид дотроос хамгийн хуучинсагт тооцогдож байлаа. Гэвч хүмүүс түүнд итгэсэн. Түүний “Би Солонгос улстай амьдралаа холбосон. Надад өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй ч Өмнөд Солонгосын ард түмэн бол миний гэр бүл” гэснийг нь олон хүн хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр 60 нас хүрчихээд өөрийн гэсэн үр хүүхэдгүй яваа эмэгтэйн ингэж хэлсэнд эргэлзэх хүн гарна гэж үү. 2013 онд тэр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, 11 дэх Ерөнхийлөгч болов. Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэр болов. Солонгосын үе, үеийн Ерөнхийлөгч нараас илүү дэлхийд танигдаж, нэр хүндээ өсгөж байлаа. 2013-2014 онд “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтын 11 дүгээрт тэр бичигдэж байв. 2014 онд мөн сэтгүүлийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 46 дугаарт бичигдэж байлаа. Түүний өмнө хоёрхон солонгос хүн бичигдсэн нь бүгд Самсунгийнхан байсан. Тэгээд бодохоор тэр ямар алдартай улстөрч болж, Солонгосыг дэлхийд таниулах гүүр болж байсан нь харагддаг.

Элдэв ганган чимэг үгүй, халимаг үстэй, солонгос үндэстний онцлогийг илэрхийлэх өвөрмөц хувцас, хямдхан гутал өмсөөд явдаг түүнийг бараг л Махатма Гандитай адилтгаж байлаа. Гэвч одоо түүнээс муу хүн байхгүй болчихжээ. Хэрэг явдал үүсч, өнгөрсөн аравдугаар сараас хойш шуугиад эхлэхэд түүнийг огцруулчихна гэхэд итгэх хүмүүс цөөн байсан байх. Өөрөө ч тэгж бодоогүй биз. Гэтэл огцруулахаар барах уу, ажлыг нь авчихаад шоронд аваачаад хийчихдэг байна шүү. “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай” гэдэг. “Солонгосын төр зүтгэсэн хүндээ бүр ч халгаатай” ажээ. Бөөн бөөнөөрөө жагсч ирээд л түүнийг хэн ч биш болгов. Манайд эрх мэдэлтнүүд эрх мэдэлтнүүддээ халгаатай байсан болохоос биш ард олон тэгж махны машиныг ажиллуулж байгаагүй билээ. Гэвч хүний олон цөөнөө бариад идчихдэг л юм байна.

Тэсвэр тэвчээр гаргаж дуугүйхэн байсан эмэгтэй хорих өрөөнд орсныхоо дараа тэсэлгүй дуу алдан уйлж, бачимдан орилж байсан талаар хэвлэлд мэдээлжээ. Тэгэхээс ч яах билээ. Тэр чинь хүн шүү дээ. Дэлхийд улс орноо худалдаад, дайны хөлд сүйтгээд юу ч үгүй болгочихсон удирдагчид зөндөө л байдаг. Ирак гэж ямар улс байна одоо, Афганистан гэж дайны хөлөөс салж үзээгүй өрөвдөлт үндэстэнтэй улс байна, Сирид хэдэн мянган хүн дайны хөлөөс дайжиж нутгаа орхиж, хичнээн хүүхдүүд химийн зэвсгийн золиос болж байна вэ. Тэгвэл тэдний хажууд солонгосчууд яаж хохирсон юм бэ гэвэл өөр хариулт гарна. Дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс боллоо. Сэтгэл амар, бие эрүүл байгаа үндэстэн урт насалдаг. Япончуудын олон жилийн турш хүндэтгэлтэй авч ирсэн энэ цол солонгосчуудад хамааралтай болов. Ная, ерээд оны үед нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээ 2300 ам.доллар байсан бол 2010 онд 30 мянган ам.доллар болов. 30 жилийн хугацаанд 13 дахин өссөн үзүүлэлттэй гэж байгаа. Авлига авсан, найз эмэгтэйтэйгээ дотно харилцаатай байсан, хамаг юмаа хэлдэг байсан гэж буруутгаж байх шиг. Нарийн ширийнийг хэн мэдэх билээ. Гэхдээ эмэгтэй хүний онцлог бүр байгалиас заяасан онцлог нь хэн нэгэнтэй харилцан ярилцаж, сэтгэлээ нээж байж оршин тогтнодог. Эрчүүдийн төрөлх зан араншинг хүлээн зөвшөөрч ирсэн шиг эмэгтэйчүүдийнхийг ч ойлгох ёстой. Пак Гын Хэ “Надад хэн ч байгаагүй” гэсэн байдаг. Үнэхээр түүнд хэн ч байгаагүй. Солонгосын түүх түүнд хэнийг ч үлдээсэнгүй. Эцэг, эхийг нь алж, дүү нараасаа хол байлгахаар болж, нөхөр, үр хүүхэд ч заяасангүй. Байлгах ч үгүй бүгдийг нь авсан байж бөө ч гэнэ үү, эмэгтэй найзыг нь яагаад үлдээж болдоггүй юм гэж өмөөрмөөр. Түүн шиг хэрэг хийсэн дэлхийн ямар ч орны удирдагч асуудалгүй байх л байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон хүртэл ард түмнийхээ өмнө Моника Левински гэгчтэй холбоогүй гэдгээ андгайлж байлаа. Дараа нь ДНК-ийн шинжилгээ өөр гарахад итгэл үзүүлэх эсэх асуудлыг ярьж байсан ч хөндөөгүй. Тэр байтугай олон хэрэг дээр эрэгтэй удирдагчдыг тэгэх ёстой юм шиг өнгөрөөдөг. Харин Пак Гын Хэ хүйснийхээ зөрүүгээс болоод ийм ялд унав. Тэр эрчүүдтэй адил “Эр хүн эр хүндээ хайртай байдаг, ойлго” гэж учирлаагүй. Биллиардны ширээ, шар айрагны ширээний ард тохироо хийгээгүй. Мөнгө цаасаар аргалъя гэсэнгүй. Эмэгтэй хүн учраас эрчүүдтэй адил тохироо хийж чадахгүй. Тэгээд үр дүн нь энэ. Хөндүүрлэм юм даа. Эрчүүдийн тоглоомоор тоглосон учраас буруутан болж байна гэх хүмүүс олон гарах байх. Гэвч улс орны асуудал, улс төрийн бодлого зөвхөн эрчүүдийнх биш. Энэ дэлхий дээр байгаа хоёр хүйсний алинд ч хамаатай. Пак Гын Хэг Ерөнхийлөгч болохоос өмнө буюу 2010 онд гарсан “Аугаа үйлс” гээд олон ангит солонгос кино байдаг юм. Түүнд улс орон нь иргэнээ хамгаалж чадаагүйгээс нөхрөө алдсан эмэгтэй шударга ёсны төлөө дуугарч эхэлж улмаар эрчүүдийн улс төрийн заваан булхайд оролцохгүй явсаар байгаад Ерөнхийлөгч болдог тухай гардаг юм. Эмэгтэй учраас, тохироонд ордоггүй учраас тулгарах бэрхшээлүүд ч их байдаг тухай өгүүлдэг. Нийгмийн сэтгэл зүйд эмэгтэй гэдгээрээ ч буруутгагдаж байдаг. Гэвч тэр чаддаг. Кинон дээр чаддаг ч амьдрал дээр чаддаггүй ажээ. Дэлхийн хэмжээний тоглогчид, үндэсний хэмжээний тоглогчид эрэгтэй хүмүүс л байх ёстой гэсэн нийгмийн сэтгэл зүй зуун зуун дамнан байгаа учраас тэр бололтой. Харамсалтай юм, Пак Гын Хэ гэх энэ эмэгтэй бүхий л амьдралаараа, үр удмаараа золиод ч, зүтгээд ч солонгосчууд түүнийг нь ойлгосонгүй. Түүний алдсаны дэргэд авсан нь юу ч биш байсан байлгүй дээ. Гэхдээ хүмүүс эргэнэ, ойлгоно. Ойлгох цаг нь ойрхон л байгаасай даа.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгийн чухал үгийг Гималай давж хэлдэг нь ямар учиртай юм бэ

УИХ-ын дарга М.Энхболд Олон улсын парламентын холбооны ассамблейн 136 дугаар чуулганд Гималайн нуруу давж очин оролцлоо. Тэрбээр тэнд ингэж ярилаа. “…Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал юу юунаас чухал билээ. Тиймээс Монгол Улсын парламент 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг баталсан. Бид эдгээр баримт бичигт ядуурлын бүх төрлийг эцэс болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилт дэвшүүлсэн. Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, 38.7 хувьтай байсан ядуурлын түвшинг 21.6 хүртэл бууруулсан. Улмаар 2020 онд 18 хувьд, 2025 онд нэг оронтой тоонд хүргэж, 2030 онд ядуурлыг эцэс болгох томоохон зорилт дэвшүүлсэн юм. Ядуурлыг эцэс болгоход бичил, жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжих нь ихээхэн чухал тул жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, зарим төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг 1.0 хувь болгох хуулийг саяхан гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. 2030 он гэхэд манай улсад орлогын тэгш бус байдал дорвитой багасч, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд орно…” гэж.

М.Энхболд даргын Гималайн нурууны өвөр бэл дэх Бангладешийн Дака хотод энэ сарын 2-ны өдөр хэлсэн энэ үг чихэнд үнэхээр чимэгтэй мэдээ юм. Энэхүү чихэнд наалдацтай үгийг Монголын ард түмэн эхлээд эх орондоо яагаад сонссонгүй вэ гэх гайхшрал бас төрлөө. Ямартай ч УИХ-ын даргын зүгээс “Монголын нийт хүн амын 80 хувь нь 2030 он гэхэд дундаж давхаргад шилжсэн байна” гэсэн тодорхой үр дүнг, цаг хугацаатай нь хэллээ.

Үнэндээ өнөөдөр нийгмийн тэгш бус байдал, орлогын тэгш бус хуваарилалт, цөөн хэдэн хөрөнгөтэй хүний зах хязгааргүй бизнесийн тэлэлт, иргэдийн бухимдал, дундаж давхарга улам багассаар байгаа байдал нь энэ үгийг сэртэс сортосхийн хүлээж авахад хүргэлээ. “Өдрийн сонин” сүүлийн үед нийгмийн дундаж давхаргын төлөө нийтлэлийн бодлогоо онцгой хандуулах болсон. Сая гэхэд “Монголын дундаж давхаргыг манай 200-гаадхан олигархи хувааж идсэн” нэртэй нийтлэл гарч шуугиан тарьсан байгаа. Энэ сэдвээр цаашид ч томоохон нийтлэлүүд манай сонинд бичигдэх болно. Монголын хөрөнгө чинээтэй 200 гаруй гэр бүл бүх зах зээлийг хамж, бизнесийн бүх орон зайг эзэлж, өөрсдийн хяналтдаа оруулж байгаа нь дундаж давхаргыг устгаж байгаа юм. Шулуухан хэлэхэд Монголын нийгмийн дундаж давхаргыг тэд багалзуурдаж, хөгжлийг нь зогсоож байна.

Ингээд Монголын бүх бизнесийг тоотой хэдэн баячуул авлаа. Гэхдээ бид тэдний хөрөнгө чинээг тоолоогүй. Бизнесийнх нь нэр төрд огтхон ч халдаагүй, халдах ч үгүй. Гагцхүү бизнес эрхэлж буй салбартаа л эзэн шиг эзэн байгаачээ гэж байгаа юм. Тэгээд бусад орон зайг жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ өг гэсэн үзэл санаа юм. Та нарыг дагаж, та нарын бий болгож өгсөн бусад орон зайд чинь дунджууд аж ахуйгаа өөд нь татаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх тэр боломжийг, тийм чөлөөт зах зээлийн соёлыг 200 гэр бүлээс хүсч байгаа юм. Дэлхийн жишиг өөрөө тийм байна. Тэрнээс Өмнөговийн нүүрсний уурхайгаас олсон хангалттай ашгаараа нүүрс угаах, боловсруулах үйлдвэрээ барьж, дэд бүтэцдээ хөрөнгө оруулах байтал ашгаа хотод авчирч зочид буудал ажиллуулж байгаа хүмүүстэй бизнесийг нь булаацалдах ямар хэрэг байгаа юм бэ. Ядаж нүүрсний хий ашиглах төсөлд хөрөнгө оруулаач, түүхий эд нь хангалттай байгаа юм чинь Азидаа өрсөлдөөч, дэлхийд гараач. Том сэтгэж, том хөдлөөч. Барилгын бизнес эрхэлж байгаа бол түүнээ дагна. Барьсан орон сууцныхаа хороолол доторх дэлгүүрийг, сургуулийг, цэцэрлэгийг бусдад өг. “Эмийн санг бусдад өгмөөргүй байна, эхнэрийнхээ дүүд хариуцуулдаг юм бил үү” гээд зогсож байгаа барилгын том компанийн захирлыг хараад хэлэх үг олдохгүй юм байна шүү дээ. Хяналтын камерын чиглэлээр Германд дажгүй сайн мэргэшиж, стандартыг нь мэдээд ирсэн хоёр залууг мэдэх юм. Одоогоос арван жилийн өмнө тэд эх орондоо ирж томоохон байгууллагууд, гудамж талбайг камержуулах ажлыг эхлүүлсэн. Бизнес нь ч өргөжсөн. Тендерт тэднийхтэй өрсөлдөх компани цөөн байсан. Тэд олсон ашгаараа Европын орнуудаас илүү чанартай, сүүлийн үеийн технологийг оруулж ирэх болсон.

Тэр бүү хэл Германы нэг үйлдвэрээр Монголын хүйтний нөхцөлд тохируулсан камерыг захиалан хийлгэж, гялалзуулж байтал нэг өглөө босоод ирэх нь ээ манай нэг нэр хүнд бүхий том компанийн зүгээс камержуулалтын шинэ компани байгуулан хөрөнгө мөнгө, төр засаг дахь нөлөөгөөрөө түрий барин бүх тендерийг нь булааж авсан юм. Гуч гаруй охин компанитай тэр нөхөр амьдрахын төлөө алс холоос нутгаа зориод зүтгэж ирсэн тэр хоёр залуугийн бизнесийг алгасаад явчихаж болно доо. Монгол хүнд байдаг хомхой зан гэж энэ. Манай 200 гаруй гэр бүл өнөөдөр үнэхээр ёозгүй байна. Юм бүгдийг хамж байна. Тэдэнтэй бусад монголчууд нь өрсөлдөх чадваргүй юм. Нэг уул ухаж, нэг жалгыг хүрздэж баяжсан хэдэн хүн Монголын бүх салбарыг худалдаж аваад дунджуудыг сөнөөж байгаад л өнөөдрийн эмгэнэл оршиж байна шүү дээ.

Жишээ нь, сая хөдөлмөрийн баатар болсон Л.Чинбатын “Гачуурт” компани байна. Алт олборлодог компани. Алтнаас олсон асар их мөнгөөрөө Монголын ХАА, газар тариаланг эзэлж авсан. Дараа нь зочид буудал руу орсон. Одоо хэвлэл мэдээллийг ид эзлэн түрэмгийлж байна. Төр үүнийг нь өндрөөр үнэллээ. Түүний байгуулсан “Монгол HD” телевиз өнөөдөр хүсвэл Монголын бүх телевизийг дампууруулж чадна. Учир нь түүний ард асар их мөнгө авчирдаг алтны уурхайнууд нь ажилласаар байгаа. Тэр дэлхийн хэмжээний контентуудыг хэдэн тэрбумаар нь худалдан авчирч телевизээрээ цацаж байна. Бусад телевизүүд яаж өрсөлдөх юм бэ. Телевизийн гайгүй гэж байгаа хамаг боловсон хүчинг тэд бас хамна. Тэр бүү хэл “Монгол телевиз” гэсэн нэрийг хүртэл авчихсан байна шүү дээ. Тус телевизийн уран бүтээлийг харахад хилийн цаанаас хэдэн тэрбумаар авчирсан ганц нэг нэвтрүүлэг, киноноос өөр мэргэжлийн түвшний сайн уран бүтээл гэх юм байхгүй. Алт, уул уурхайгаас асар их ашиг олж, түүгээрээ нийгмийн бусад салбарт утгаар нь монополдоно гэдэг энэ.

Бүх салбарт ийм байдал хэрээс хэтэрлээ. Сүүлдээ хэний хаанахын мөнгө, хаанаас орж гарч байгааг ч мэдэхээ байлаа. Мөнгө хэрхэн угааж байгаа нарийн технологийг ч барьж авахад бэрх боллоо. Багцаалж байгаа зүйл гэвэл дээр дурдсан 200 гаруй олигархи гэр бүлийн хүрээнд л эдгээр их хөрөнгө мөнгөний ихэнх нь эргэлдэж байгаа нь үнэн. Хор хохирол нь Монголд дундаж давхарга байхгүй боллоо.

Үүний эсрэг үгийг л УИХ-ын дарга М.Энхболд сая Гималайн цаана очиж хэллээ гэж олзуурхаад байгаа юм. Гэхдээ манай дарга нарын нэг сонин занг бид ойлгохгүй юм. Монгол Улсыг удирдан чиглүүлж байгаа том дарга нар юу хийх гэж байгаагаа Монголынхоо хэвлэл мэдээллээр тоож хэлдэггүй, ярилцлага өгдөггүй. Тэдний улс орондоо юу хийж хэрэгжүүлэх гэж байгааг ард түмэн нь гадны янз бүрийн мэдээллийн сувгууд, телевизээс олж мэддэг. Урьд нь ч монголчууд төр засгийнхаа олон чухал мэдээллийг гадаадын мэдээллийн сувгуудаас мэдэж байсан удаа олон бий. Үүний нэг илрэл нь сая УИХ-ын дарга М.Энхболдын Бангладешт хэлсэн үг боллоо. “Монголын нийт хүн амын 80 хувь нь 2030 он гэхэд дундаж давхаргынхан болно” гэсэн ийм чухал үгийг Гималай давж хэлдэг нь ямар учиртай юм бол оо. Эх оронд нь дундаж давхаргын талаар ганц нэг эдийн засагчид яриад л байсан. “Өдрийн сонин” өдөр шөнөгүй дуугараад л байсан. Мань дарга түүнийг нэг их мэдрэхгүй байгаад сая гадаадад очтол тэнд нь жинхэнэ энэ талаар яриа хөөрөө өрнөж байхыг анзаараад цочоод хэлчихээгүй байлтай. Тэгээгүй бол Их хурлын даргын ОУПХ-ны чуулган дээр хэлсэн энэ үгийг Монгол даяараа анзаарсан, үр дүнг нь нэхэхээр тийм л нэхэл хатуутай үг боллоо доо. Их хурлын дарга ирээд дундаж давхаргын төлөө, тэднийг хамгаалах, бизнес хийх таатай орчинг бүрдүүлэхийн төлөө хууль эрх зүйн ямар орчинг бүрдүүлэх, хэрхэн ажиллахыг нь та бид харах л үлдлээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрх баригчид идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах уу

Хаврын чуулган ирэх лхагва гаригт эхэлнэ. Чуулганаар нэн яаралтай хэлэлцэх асуудал бол Төсвийн тодотгол. Төсвийн тодотгол анх баталсан төсвөөс зардал нь 220.7 тэрбумаар өссөн байна. Олон улсын валютын сан төсвийн алдагдлаа багасгаж, үе шаттай бууруулах шаардлагыг тавьж байгаа. Төсвийн тодотголд нэмэгдэж орж ирсэн зардал бүтээн байгуулалтад зориулагдаж нэмэгдээгүй юм байна. Харин сайд, дарга, эрх баригчдын зардал нэмэгдээд ороод ирсэн байх юм. Тэгсэн мөртлөө зургаан төрлийн татвар нэмжээ. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, суудлын автомашины онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогын татвар, нийгмийн даатгалын сангийн шимтгэл зэргийг нэмэгдүүлжээ. Халамж таналаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгээс бусдыг хаслаа. Тэтгэврийн насыг хойшлууллаа. Төсвийн зарлагаа танаагүй байж татвар нэмчихсэн ийм л тодотгол болж. Татвар нэмсэн ачаалал нь иргэдийн нуруун дээр бууна.

Эрх баригчид сонгуулийн маргаашаас л данс нь улайсан хүндхэн хэцүү байгаа, өнөө маргаашгүй энэ улс орон сүйрэх нь гэж гонгинож эхэлсэн. Ингээд юу юугүй л хямралд оруулчихсан. Өр зээлэндээ баригдаад улс орон минь хүнд байгаа юм байна гэж бодсон уу татвар нэмнэ гэж ярьж эхлэхэд иргэд тэгтлээ айхтар эсэргүүцэн шаагьсангүй. Харин саяхан өргөн барьсан Төсвийн тодотголоор хэдэн сайд дарга нар идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгахаар болсныг харлаа. Угтаа бид төсвийн алдагдлыг бууруулах гэж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох гэж байгаа биз дээ.

Эрх баригчид өөрсдөө зардлаа нэмсэн энэ удаагийн Төсвийн тодотголыг дөрөвдүгээр сарын 10 гэхэд хэлэлцэж баталсан байх ёстой. Олон улсын валютын сан төсвийн тодотголоо батлаад гэрээгээ байгуулахыг шаардаж байгаа. Ингэснээр Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах юм. Дэгийн хуулиараа пүрэв, баасан гаригт чуулган хуралдана. Гэтэл Төсвийн тодотголын байнгын хороогоор хуралдахаас эхлээд нэлээдгүй хугацаа шаардах ёстой. Мөн анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэг хүртэл хэд хэдэн удаа хэлэлцэнэ. Яаж ч яараад энэ хугацаа дэндүү давчуу байгаа юм. Ингэж давчуу цаг хугацаанд хэлэлцэж батлуулах гэж байгаа нь оруулж ирсэн төслийг тэр чигээр нь батлуулах гэж байгаатай холбоотой байх магадлал өндөр. Ингээд ард түмний халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, өөрсдийн тансаглалаа танаагүй энэ удаагийн Төсвийн тодотголыг задалж үзье.

Өмнө нь хөргөгч, угаалгын машинтайг нь баян гэж үзээд хүүхдэд нь мөнгө өгөхгүй болсон. Тэр нь жаран хувь байсан бол одоо дөчин хувьд нь мөнгө олгохоор болжээ. Үлдсэн хорин хувьд нь хүнсний талон өгөх юм гэнэ. Хүүхдийн мөнгийг ингэж ялгаварлаж өгч байгааг эцэг, эхчүүд эсэргүүцээд эхэлсэн байна лээ. Учир нь эрх баригчид өөрсдөө зардлаа нэмж оруулж ирчихээд хүүхдийн мөнгөнөөс багаар бодоход 28.8 тэрбумыг хэмнэж байгаа шүү дээ. Гэтэл төрийн бараа үйлчилгээний зардлаа 49.1 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирэх жишээтэй.

Эрх баригчид ажлаа аваад төрийн албан хаагчдыг хуйгаар нь халлаа. Ардчилсан нам эрх барьж байхад ажил алба хашиж байсан л бол өршөөлгүй халж байна. Дараа нь татвар нэмлээ. Бидэнд юу үлдэж байна. Татвар нэмэгдэхээр татвар төлдөг байгууллагуудын нуруун дээр мөн ачаа нэмэгдэнэ. Нэмэгдсэн ачаагаа хөнгөлөхийн тулд ажилчдаа цомхотгоно. Ажилгүйдэл улам нэмэгдэнэ. Амьдрал улам хэцүү болно.

МАН нь ялахаараа АН-ын хүн гээд ад үзэж, АН нь гараад ирэхээрээ МАН-ын хүн гэж ад үзээд ард түмнээ өөд нар үзүүлэхгүй. Мэргэжилдээ эзэн болсон чадалтай хүн байсан ч хамаагүй. Ах дүү хамаатан садан нь ажилд орж орж байвал бусад хүн, улс орон ч яамай юм шиг байна. Иргэдээ намаар нь ангилан ялгаварлаж, өөд нар үзүүлэхгүй. Монголын иргэн, монгол хүн гэдэг ойлголт алга. Манай намын хүн, танай намын хүн гэж алагчилсаар олон төрийн нүүр үзлээ. Манай эрх баригчид харийн түрэмгийлэгчид хүний нутагт дайрч улс орон, ард иргэдийг нь тонож дээрэмдэж байгаа аятай л хүнийрхүү хүйтэн сэтгэлээр ард түмэндээ хандах юм. Эцэстээ зарим хүн амин зуулгаас нь салгаж, ажлаас нь халснаас болж өөрийгөө шатаалаа. Зээлтэй, зээлээ төлж чадахгүй, цаашид яаж амьдрах аргаа олохгүй арга ядахдаа л өөрийгөө шатаахдаа тулаа биз.

Биднийг гадныхан зовоогоод байгаа юм алга. Монголчууд монголчуудыгаа зовоож тарчлааж байна. Хэдэн монголоо намаар нь ялгаж, өөр намын хүн бол дайсан мэт үзэх болоод удлаа. Гэтэл өрнөөс гарлаа гэж мишээл тодруулж, алга нижигнүүлсэн дарга нар энэ удаагийн төсвийн тодотголоор дахиад л ард түмнээсээ нүүр буруулжээ. Монголчуудыг монголчуудаас хэн аврах вэ.

Олон улсын валютын сан 440 сая ам.доллар өгөхийн тулд манайд тодорхой нөхцөлүүд тавьсан. Үүнтэй уялдуулж татвар нэмж байгаа. Мэдээж хэрэг хөшигний ард Засгийн газар валютын сангийн хооронд яриа хөөрөө өрнөсөн байж таарна. Валютын сан тэрийгээ тана, энийгээ хас гэж уртаас урт жагсаалт манайханд харуулсан нь тодорхой. Манай хэд урт шаардлагаас нь өөрсдөдөө ашиггүйгээс нь бултаж, өөрсдөд нь хамаагүй эгэл жирийн иргэд, нийгэм, улсынхаа эдийн засагт ачаа өгөх нөхцөлүүдийг нь аваад үлдчихжээ гэдгийг та бид хараад сууж байна. Засгийн газар “Өмнөх засаг биднийг өрөнд оруулж явсан. Тийм болохоор дампуурахгүйн тулд Валютын санд хандахаас өөр арга алга. Валютын сан ийм нөхцөлүүд л тавьж байна. Биелүүлэхээс өөр арга алга” гэж гэмгүй царайлан тайлбарлаж байсан даа. Та бидэнд тодорхой болсон нөхцөлүүдийг харахад зарим барааны онцгой албан татварыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг эргэж харах, хувь хүний орлогын албан татварт нэмэх, төрийн албан хаагчийг цөөлөх, бүтцийг багасгах, цалин тэтгэвэр ойрын хугацаанд нэмэхгүй байх гэх мэт дандаа иргэдэд халтай нөхцөл шаардлагууд байна. Төрийн албан хаагчийг хална гэдэг нь жирийн иргэн Дулмаа, Дорж ажилгүй болно гэсэн үг. Байрны лизингтэй тэд яаж амьдрах нь төрд хамаагүй. Харин тансаг амьдралтай өчнөөн хангамж авдаг дарга нар ажлаа өгөөд явахгүй нь тодорхой. Жишээ нь дэд сайдын орон тоог хасахгүй л байгаа шүү дээ. Өмнөх эрх баригчдын үед өнөөгийн эрх баригчид дэд сайдын албан тушаал хэрэггүй гэж яаж эсэргүүцэж байлаа даа. Үнэхээр хүнд байгаа бол одоо л тэр албан тушаалаа байхгүй болгочихмоор.

Шатахуун бүх юмны үнийн суурь болдгийг бид өнгөрсөн он жилүүдэд мэдэхээрээ нэг боллоо. Шатахууны үнэ нэмэгдлээ бол бүх төрлийн үйлчилгээ бүгд нэмэгдэнэ. Уг нь шатахууны татварыг тэглэсэн байсныг тэглэхээ боль гэсэн шаардлага мөн л өнөөх нөхцөлүүд дотор тавьсан гэсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ урьд жилүүдээс өсчихсөн байгаа. Энэ жил өсөх таамаг голлож байна. Тэгэхээр өссөн үнэ дээр татвар нэмэгдэхээр юу болох нь тодорхой.

Өнөөдөр авч байгаа хэд нь амьдралд чадан ядан хүрч байхад энэнээс илүү багасгавал яаж амьдрах юм. Шатахууны үнэ дагаад зардал өсөхөөр бизнес эрхлэгчид ч өндөр өртөгтэйгөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Тэр бүтээгдэхүүнийг худалдаж авах чадал ард түмэнд байхгүй. Тэгээд өнөөх бизнес нь унана. Валютын сан олон нөхцөл тавьсан гэж дээр дурдсан. Мэдээж ард түмнээ ядууруул гэж тэд шаардлага тавиагүй нь тодорхой. Улс төрчдийн шахаасны хүмүүсээр дүүрэн хэдэн тэрбумаар ганц дугуй худалдаж авдаг төрийн өмчийн хэрэггүй олон компаниа цэгцэл гэж хэлсэн л байж таараа. Манай хэд ганц мөнгө олдог суваг нь хаагдчих вий гэж айхдаа одоогоор цаг нь болоогүй гэж өчнөөн шалтаг шалтгаан тайлбарласан байх магадлал тун өндөр. Угтаа сайд, дарга нарын тансаг зардлыг хасчихвал иргэдийн нуруун дээр ингэтлээ ачаа нэмэхгүй байж болно. 2017 онд батлагдсан төсөв дээр 220.7 тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлэхээр өргөн барьсан Төсвийн тодотгол оруулжээ. Ерөнхий сайдынх хоёр тэрбум 512 сая, Хэрэг эрхлэх газрын дарга нэг тэрбум 275 сая, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэг тэрбум 937 сая, Батлан хамгаалахын сайд гурван тэрбум 850 сая, Боловсролын сайд 5 тэрбум 319 сая, Гадаад харилцааны сайд дөрвөн тэрбум 493 сая, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хоёр тэрбум 560 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд найман тэрбум, Сангийн сайд есөн тэрбум, Уул уурхайн сайд 240 сая 300 мянга, Зам тээврийн сайдын 160 тэрбум 439 сая 200 мянга, нэмэгдсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 89 тэрбум, Барилга, хот байгуулалтын сайдынх 68 тэрбум 941 сая, Эрчим хүчний сайдынх 39 тэрбум 387 сая, Эрүүл мэнд, спортын сайдынх 20 тэрбум 560 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ. Манай эрх баригчид ийнхүү идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах нь ээ. Өөрсдийнхөө тансаглалаас, өчүүхнийг ч хассангүй. Биднийг харин аягаа багасга гэж татвар нэмлээ. Угаас бага аяганд л идэж байсан ард түмэн энэ тодотгол батлагдвал алган дээрээ л хоол идэх нь. Харин алган дээрхийг олдог ажлаас нь халчихвал яадгийг өөрийгөө шатаасан хүний жишээнээс харсан л биз дээ. Ийм л байдалд ард түмнээ хүргэхдээ туллаа шүү дээ, эрх баригчид аа.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдоржийн “илрүүлсэн” С.Зоригийн хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, захиалагч нь тов тодорхой байсан

Сүүлийн үед Монголын нийгмийн хамгийн гол дуулиан шуугиан нь С.Зоригийн хэрэг болоод байгаа. Одоогоос 19 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. Монголын нийгмийг тэр чигт нь цочирдуулсан энэхүү аймшигт аллагыг иргэн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар бүлэглэн үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тэднийг анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн. Саяхан давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Хорь шахам жил олон түмний анхаарлын төвд байсаар ирсэн дуулиант хэргийн талаар зарим улстөрчид байр сууриа илэрхийлж, үгээ хэлж байна. Тэдний нэг нь Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Монголын прокурорт бүхий л насаараа ажиллаж ирсэн тэрээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд айхтар уурлаж, ундууцсан ярилцлага өгч байгаа харагдсан.

Тодруулбал, “Яахлаарааа захиалагч нь тогтоогдоогүй байхад гүйцэтгэгчид нь тогтоогддог юм. Яахлаараа шүүх хурлыг хаалттай хийдэг юм. Цорын ганц гэрч болох Булганыг яагаад шүүх хуралд оруулдаггүй юм. Яагаад шүүхийн шийдвэрийн өмнөөс прокурорууд хэрэгт оролцож телевизээр мэдэгдэл, тайлбар хийдэг юм. Ерөнхийлөгч яахаараа хэргийн тодорхой зарим хэсгийг ил болгох шийдвэр гаргаж байгаа юм. Энэ бол сэжигтэй” гээд жигтэйхэн эгдүүцсэн байдалтай прокуроруудаа загнаж байна лээ. Нямдоржийн ингэж уурлаж бухимдах нь зөв л дөө. Прокуроруудаас ам асууж, тэднийг буруутган загнаж зандрах нь аргагүй. Яагаад ингэж хэлэв гэхээр, 2004 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг “илрүүлчихэж” байсан юм.

С.Зоригийн хэргийг захиалагч нь тухайн үед МҮАН-ын дарга байсан М.Энхсайхан, зохион байгуулагч нь мөн тухайн үед “Центр пойнт”-ын хэргээр шоронд сууж байсан “Цагаан шонхор”-ын Энхтайван, харин гүйцэтгэгч нь энэ байна гээд Д.Энхбатыг Францаас хулгай хийгээд аваад ирсэн. Ингэж С.Зоригийн хэргийг Ц.Нямдорж “илрүүлээд” нийгэмд зарлахад бэлэн болоод байсан. 2004 он гэдэг бол одоогийн Монголын ардын нам буюу тэр цагийн МАХН-ын Монголын төрд эз дийлсэн үе нь байлаа. 2000-2004 онд хуучин “Ху”-гийн нөхдүүд Их хурлын 76 суудлын 72-ыг нь авч жинхэнэ ноёлж байсан цаг. Намын дарга байсан Намбарын Энхбаярын хаанчлалын жинхэнэ оргил он жилүүд тэр байв. Энхбаярын Засгийн газрын Хууль зүйн сайд нь одоогийн Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Мань эр 2000 оны үнэмлэхүй ялалтаа 2004 оны Их хурлын ээлжит сонгуулиар дахин баталгаажуулах гэж С.Зоригийн хэрэг “илэрсэн” хэмээх шоуг Монголын нийгэмд бий болгож, улс төрийн ээлжит жүжгээ тавихаар бэлтгэж байсан.

Ямар сайндаа намынхаа бүлгийн хурал дээр Нямдорж “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намыг үсгүй хусна. Даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэж даналзсан байдаг. Энэ бүх үйл явц, Зоригийн хэрэг гэх жүжгийн талаар тухайн үед “Өдрийн сонин” эрэн сурвалжлах материал бэлдэж, Монголын ард түмэн, уншигч олондоо хүргэхээр ажиллаж байсан юм. Бүр нарийн тодруулбал, “Ц.Нямдорж: Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэсэн гарчигтай шуугиантай материал гарахад бэлэн болсон байсан.

Яг тэр үед “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Жамбалын Мягмарсүрэнг Тагнуулын ерөнхий газрын дарга дуудаж, дарамт шахалт үзүүлсэн байдаг. Тагнуулын ерөнхий газрын дарга, Ж.Мягмарсүрэн эрхлэгчид “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Үүнийг танай сонин үгүйсгэж, элдвээр бичих гэж байна. Ер нь танай сонин засаг төрийн явуулж байгаа юм бүхнийг үгүйсгэж, харлуулж, гутааж харагдах юм. С.Зоригийн хэргийг үгүйсгэсэн нийтлэлээ одоо зогсоо. Чи үхэл гэж ямар аймшигтай юм байдгийг мэднэ биз дээ. Танай ах чинь саяхан үхээ биз дээ” гэж хэлсэн байдаг. Ингэж дарамтлан хэлснийх нь хариуд манай сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн “С.Зоригийн хэрэг илэрч байгаа гэж дуулаагүй. Харин Зоригийн хэрэг илэрлээ гэсэн жүжгийн зохиол бичигдээд дуусч байгаа гэж дуулсан. Хэрвээ бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм бол сонинд юу гарах гэж байгааг мэддэг, тэр материалынх нь төлөө дарамталдаг, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж айлган сүрдүүлэхийг хүлээж авахгүй. Харин сонинд хэвлэгдэж гарсан материалын буруу зөвийг нь шүүхээр тогтоодгийг мэднэ. С.Зоригийн хэргийн тухай энэ нийтлэлээ “Өдрийн сонин” гаргана” гэж өөдөөс нь хэлсэн.

“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Б.Цэнддоо, Ш.Сүхбаатар, нийтлэлч Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат, Шаабар нарын Монголын нэртэй нийтлэлч, сэтгүүлчдийг бүгдийг нь тухайн үед тагнуулынхан дуудаж, ээлж дараалан дарамталж, мөрдөн мөшгиж, “Бичиж байгаа нийтлэл, сурвалжлагаа одоо зогсоо. Хэнээс хаанаас энэ нууц мэдээллийг олж авав” гэж сэтгүүлчдийн ёс зүйд бүдүүлгээр халдаж байсан. Орон шоронд хийнэ гэж хүртэл айлган сүрдүүлэх нь наад захын асуудал байсан.

Гэвч “Өдрийн сонин” тагнуул, хууль шүүхийнхний дарамтаас хулчийлгүйгээр, зөвхөн үнэнийг мэдээлэх хэвлэлийн үндсэн үүргийнхээ дагуу С.Зоригийн хэрэг гэх жүжгийн тухай эрэн сурвалжилсан материалаа цувралаар нийтэлж, Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан. Үнэнийг нь гаргаж тавьсан уг цуврал нийтлэл олон хүнд итгэл төрүүлж, урам зориг өгч, “үсгүй хусагдана” гэж Нямдоржийн басамжилж байсан Ардчилсан нам 2004 оны Их хурлын ээлжит сонгуульд 36 суудал, мөн бие даан нэр дэвшсэн Р.Амаржаргал, Я.Санжмятав, Д.Одхүү нарын Ардчилсан намын гурван гишүүнтэйгээ нийлээд 39 суудал авсан юм. “Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь харнаа” гэж зануулж, С.Зоригийн хэргийн захиалагчаар тодорч байсан М.Энхсайхан намаа удирдан сонгуульд оролцож, өөрөө мөн төрийн түшээ болж байсан түүхтэй.

Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг тэгж “илрүүлж” байсан Ц.Нямдорж өнөөдөр ингэж эгдүүцэн уурлалгүй ч яахав. Үнэхээр Нямдоржид тухайн үед С.Зоригийн хэргийг нийгэмд зарлах л дутуу байсан. Захиалагч, гүйцэтгэгч, зохион байгуулагч нь тов тодорхой байсан. “Өдрийн сонин” ийм дайны олон хатуу бэрх даваатай тулгарч байж Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд өөрийн байр суурийг итгэл төгс эзэлсэн юм. Олон жилийн энэ бүх туршлага, анхнаас нь эрэн сурвалжлах дуулиант материал бэлдэж, уншигчдадаа хүргэж ирсний хувьд С.Зоригийн хэрэгтэй холбоотой сүүл үеийн мэдээлэл үнэмшилтэй санагдаад байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон уг хэрэгтэй холбогдуулж хэвлэл мэдээллээр ар араасаа залгуулан ярилцлага өгч, тайлбар мэдэгдэл хийж байгаа прокуроруудын үг үнэмшилтэй, ханатай санагдаад байгаа. Гэхдээ тэдний мэдээлэл дотор гэнэн юмнууд бас бий.

“Энэ хэргийг дөрвөн хүн үйлдсэн. Түүний нэг нь Б.Отгонбаатар. Тэд бие биеэ таньдаг, ойролцоо амьдардаг хүмүүс. Чимгээгийн нөхөр Бямбасүрэн нь Цэвэлмаатай эгч дүүсийн хүүхдүүд. Харин Цэвэлмаа нь Ц.Амгаланбаатарын өргөж авсан ээж. Т.Содномдаржаагийн хувьд энэ хүмүүстэй төрөл биш ч хашаанд нь хамт амьдарч байсан юм билээ. Хэрэг илрүүлэх олон арга байдаг. Тухайлбал, энэ хүмүүсийг хэрэг гарсан газрын ойролцоо аваачаад тухайн хэрэг гарсан байрыг ол гэхэд төвөггүйхэн яваад олж байсан. Т.Содномдаржаа гэхэд байрыг олоод орц нь довжоогүй байсан гэдгийг хэлсэн. Чимгээ хэрэг гарсан шөнө Нарны гүүрний баруун талд байсан “Хан хараацай” зочид буудалд очиж хоносон байдаг. Тухайн үед буудалд ажиллаж байсан эмэгтэй Чимгээг гэрэл зургаар нь таньсан. Дараа нь шүүх хурал дээр нүүрэлдүүлэхэд “Хувилаад тавьчихаагүй л юм бол энэ хүн ямар ч эргэлзээгүй мөн байна” гэж мэдүүлсэн” гэж Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал хэлсэн. Буудалд ажиллаж байсан эмэгтэй ганц шөнө харчихаад Чимгээг дараа нь зургаар нь шууд танина гэдэг арай л гэнэн сонсогдоод байгаа. Мөн байрны засвар ч гэсэн бас л гэнэн. Наад байранд чинь засвар хийсэн шүү гэж өмнө нь нэг удаа сануулж хэлээд л болоо биз дээ.

“Хэрэг гарсан өдөр аллага үйлдэхээс өмнө Чимгээ, Содномдаржаа, Отгонбаатар бид дөрөв Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Хоол идсэний дараа Отгонбаатар гарч яваад Чимгээ, Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Бид тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж Амгаланбаатар мэдүүлснийг прокурор мэдэгдсэн. Б.Булган бол цорын ганц гэрч. Түүнийг шүүх хуралд оролцуулаагүй нь буруу гэж Нямдорж хэлсэн. Тэгвэл үүний хариу болгож Б.Булган гэрч биш гэдгийг олон түмэнд нотлохын тулд прокурор цуг тамхи татаж, мах идсэн хэмээн хэлсэн байлгүй дээ. Захиалагчийг нь зарлахад л улс төр орчихгүй бол энэ бүгд бараг үнэн байх. Гэвч цаг хугацаа харуулах биз дээ. Зохиомол зохиомол гэхэд Монголын шүүх арай ч ингэж зохиохгүй байх. Бид өмнө ч тэгж бичиж байсан. Одоо ч тийм байр суурьтай байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар “Ганц”-д тарчилж, Д.Дамба-Очир депутат болон тарвалзахын учир юу вэ

Монголын улс төрийн орчин алагчилж үзэхийн туйл, шударга бусын жишээ болж байна. Улс төрчдийн нөлөөнд автсан хууль хүчний байгууллагууд аливаад алагчлан хандаж байна. Бид энэ тухай саяхан “Ардын намынхан С.Баярыгаа Англи руу баяртай үдэж, Ардчилсан намынхан Н.Алтанхуягийгаа Ганц худаг руу гавтай илгээлээ” гэж бичсэн. Монголын хамгийн том гэж байгаа хоёр намын гишүүддээ ханддаг хандлага, бас бодлого эндээс харагдана. Гишүүн нь авлига, албан тушаал, хууль бус бүх үйлдэлд орооцолдсон ч намынхаа тогоон дотор байгаа л бол Н.Энхбаярдахгүй авч үлддэг МАН-ыг ард түмэн цаашид дэмжсээр байх уу. Алдарт “Гааль”-ийн хүн гуай өнөөдөр агентлагийн дарга болоод явж байна. Архангайн Засаг дарга байсан нөхрийг чуулганы танхимд суухыг харсан нэгэн бээр “Хэдийдээ шоронгоос гараад, хэдий завандаа Их хурлын гишүүн болчихсон юм бэ” хэмээн дуу алдахав. Хүмүүсийн “Шоронд байгаа даа хөөрхий” гэж бодож явсан олон хүн нэг өдөр харах нь ээ Монголын удирдагчдын нэг болчихсон явж байдаг явдал зөвхөн МАН-д л байдаг байх. АН-ын гишүүн асуудалд орвол “аавынх” руу, ахиад цаашилбал үхэл рүү явдаг биз дээ. Монголын улс төр үнэхээр алагчилсан байдалтай, эрээн бараан байгааг дор дурдая.

Энэ бол баруун тийш зам тавьсан Д.Дамба-Очир, зүүн тийш зам тавьсан Б.Гарамгайбаатар нарын тухай юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын “Очир төв” компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Эндээс их хэцүү юм эхэлсэн дээ. Замаа тавихгүй хэдэн жилийн нүүр үзэж, иргэдийн хамгийн ихээр зорчдог, жуулчлалын гол чиглэл болсон тус зам тэнгэрт хадсан их тоос шорооны голомт болсноор Монгол улсад дэндүү их хохирол авчирсан. Үүний дотор тус зам дээр аваар ослоор амь насаа алдсан иргэдийн тоо жилд хэдэн арваар нэмэгдэж зүрх шимшрэм болсон. Тэр их тоос шороон дунд, үзэгдэх орчин үүдэн хоймрын зайнд ч харагдахгүй болсон зам дээр мөргөлдөж 31-хэн насандаа амиа алдсан залуугийн эхнэр нь өнөөдөр хоёр хүүхэдтэйгээ “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгааг Өвөрхангайд мэдэх хүмүүс цөөнгүй бий. Ингэж Их хурлын гишүүн Д.Дамба-Очирын компани иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, экологийн сүйрлийг авчирч, улсад их хэмжээний хохирол авчирсан юм. Ийм нөхцөл байдлыг бий болгосон түүнтэй өнөөдрийг хүртэл өчүүхэн ч хариуцлага АТГ-аас ярьсангүй, бусад хууль хүчний байгууллага ч нүдэн балай, чих нь дүлий байсаар. Харин ч бүр “Даварсаар даварсаар давгийн орон дээр” гэгчээр тухайн үедээ Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийсээр өдгөө өндөр сэнтийд залран “Өөдгүй муу АН-ынхан улсын мөнгө идсэн байна” гэх шиг юм яриад төрийн ордонд сууж байна. Тухайн үед МАН-ын Засгийн газар, УИХ-ын зүгээс түүний хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй замыг хурдлуулахын тулд, тэр замд хэдэн зуун хүнийг аваар ослоор ахиж үхүүлэхгүйн тулд бонд гаргаж “Очир төв” компанид 7.5 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж байв. Ингээд зогссонгүй, алдагдалтай төсөв батлуулсан тухайн үеийн МАН-ын Засгийн газар Д.Дамба-Очирын ямар шантаажинд орсон юм мэдэхгүй дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг тэдний компанид шилжүүлсэн байдаг. Энэ бүх үйл явдлын гэрч баримт болох төсөв хэлэлцэж байх үеэр Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд Д.Дамба-Очирын улсын төсвөөс уут уутаар нь авч байгаа их мөнгийг шүүмжилсэн хурлын бичлэг, протокол өнөөдөр УИХ-ын архивт хадгалаастай байгаа. Ямар сайндаа түүнийг монголчууд Там-Очир гэж нэрлэж байхав дээ. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан нь нэг жил ч наслалгүй цөмөрч, хэлтэрч унасан нь түүнийг бас Молиго-Очир хэмээх алдарт хүргэсэн юм. Ийм аймаар хулхидалт, их зардал, аваар ослын эцэст нэр бүхий иргэдийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргасан ч бүтэлтэй юм болоогүй юм. Нам жим дарсан. Лав л Б.Гарамгайбаатар шиг шүүрч аван хүүе хаая, яав ийв болон шоронд хийгээгүй. Харин ч бүр УИХ-ын гишүүн болсон нь үнэхээр Монголын ард түмнийг доромжилсон, Монголын улс төрчдийн үнэн төрхийг харуулсан, Монголын хууль хүчнийхний алагчилж үздэгийн тод жишээг харуулсан хэрэг явдал болжээ.

Замаар яаж мөнгө хийж болдгийг, улс төрд хэрхэн ашигладгийг, бас дээр нь замыг хэрхэн там болгож хүмүүсийн амь насаар тоглож, байгалийг сөнөөж болдгийг утгаар нь харуулсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани нь дампуурсан “Анод” банкны чанаргүй зээлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байдгийг хүмүүс мартаагүй л дээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компанийг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн 100 км замыг барихдаа 37.2 тэрбум төгрөгийн тендерээ 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн хэргээр АТГ-аас шалгаж “Ганц худаг”-т хориод авлаа. Тус замын ажлыг 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгаж байгаа бололтой. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь бол “Монроуд” компани нь 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдсэн байдаг юм. Ингээд тендерт шалгарсан тус компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр болжээ. Үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулахдаа “Монроуд” компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй болсныг мэдэгд-сэн байна. Ингээд Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргажээ. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулсан байдаг юм. Энэ тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн нь өнөөдөр тодорхой болоод байгаа. Харин өнөөдөр замын экспертүүд энэ замын талаар ямар дүгнэлт хийж байна гэхээр нэгдүгээрт Монголд алдартай хамгийн өндөр, бартаа саад ихтэй даваанууд. Анхлан байгуулсан зардлаар тэнд стандарт хангасан зам тавих ямар ч боломжгүй болсон. Гэвч “Монроуд” компани нь нэгэнт авсан ажлаа гүйцээхийн тулд хуулийн дагуу нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас хүсчээ гэж дүгнэсэн. Өнөөдөр болж буй үйл явдлыг товчхон хийгээд маш энгийнээр ойлгуулахад ийм л процесс дунд өрнөжээ.

Эндээс харахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хоёрын асуудал яг адилхан. Хоёулаа замын тендер. Хоёулангийнх нь 100 км зам. Харин зам барилгын ажил хийгдэж буй орчин нөхцөл гэвэл Д.Дамба-Очирынх тал хээрийн бүсэд, ямар ч тээг саадгүй газарт тавигдсан. Б.Гарамгайбаатарынх нь Хангайн нурууны хамгийн өндөр, уул хяр хэцэд, хүнд нөхцөлд тавигдсан. Хоёулангийнх нь нэмэлт санхүүжилт авсан нөхцөл нь бас адилхан ч тоон дүнгийн хувьд Д.Дамба-Очирын компани Засгийн газраас 22 тэрбумыг нэмж авсан бол Б.Гарамгайбаатарынх 37.2 тэрбум төгрөг дээрээ нэмэлтээр 9.1 тэрбумыг Хөгжлийн банкнаас авчээ.

Эдгээр хоёр компанийн нэмэлт санхүүжилт авах болсон шалтгаан, хувь бизнесменүүдийн үзэл санаа, зарчмыг харах юм бол Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани сайн, чанартай зам тавья, дараа нь хариуцлага хүлээнэ гэсэн байр сууринаас хандсан. Д.Дамба-Очирын “Очир төв” компани бол муу сайн нь хамаагүй, асар хэмнэлттэй, асар хямд зардлаар ямар ч байсан нэг зам тавьчихья хэмээн зүтгэснээр долоон жил сунжирсан үйл явдал болсны эцэст нэмэлт санхүүжилт авахаас өөр аргагүйд хүрсэн нь тодорхой харагдаж байгаа юм. “Монроуд”-ын тавьсан замын чанар ямар байгааг, “Очир төв”-ийн тавьсан замын насжилт ямар байгааг ард түмэн мэдэж байгаа. Өнөөдөр тэгэхээр яах ёстой вэ гэхээр авто замын чанар, стандартыг шалгах техник, технологи маш хялбар, найдвартай болсон. Энэ хоёр компанийн тавьсан зам тус бүр дээр багажаа байрлуулаад шинжлэхэд нягтаршил, чанар, стандарт, хэдий хэрийн өртөг зардлаар тавигдсан болох нь дороо гараад ирнэ. Ердөө л энэ.

Б.Гарамгайбаатарыг гэмт хэрэгт сэжигтнээр татаж байгаа юм бол Д.Дамба-Очирыг ч сэжигтнээр татах ёстой. Гэтэл өнөөдөр нэг нь депутат, нөгөөх нь шоронд байгаа нь шударга явдал мөн үү. Ийм л шударга бус, алагчилж үзсэн үйл явц нийгэмд газар авсанаар өнөөдөр Монголын нийгэмд хэрүүл уруул их болж, ард түмэн бухимдаж, тогтворгүй, итгэл найдваргүй иргэд олноор бий болов. Үүнээс үүдэлтэйгээр Монголд шударга бус байдал улам ноёрхох хандлагатай боллоо. Ийм тал руугаа явж байгааг бид бэлхэнээ харж байна шүү дээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай намуудын “мангас” булаалдах тэмцээн хэдийнэ эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургадугаар 26нд болохоор товлогдсон. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ сойдог. Аль нэгэн намын нэр дэвшигч төрийн тэргүүнээр тодордог.

Улс төрийн хоёр гол хүчин Ардын нам, Ардчилсан намууд нэр дэвшигчээ тодруулна гээд хөл газар хүрэхгүй гүйлдэж байна. Юуны төлөө тэд баярлалдан гүйлдээд байгаагаа ойлгохгүй байна. Учир нь намаасаа нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч эргээд тухайн намынхаа аранга нь болдог. Өөрт нь гай тарих магадлалтай, намынхаа нөлөө бүхий лидерийг хамгийн түрүүнд нухчин дардаг.

Ерөнхийлөгч гэдэг албан тушаал тун сонин, хачирхалтай. Улс орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах, цогцлоон бий болгох талын эрх мэдэл хуулинд нь огт байдаггүй. Харин шоронгийн, хууль цаазны бүх эрх мэдэл бий. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, тагнуул гээд хууль цаазны энэ бүх эрх мэдлийг Ерөнхийлөгч ганцаар ноёлон хариуцдаг. Зарим газрынх нь даргыг шууд томилох, бусдад нь нөлөөлөх гээд бүрэн эрхтэй.

Маш товчоор хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг шоронгийн дарга нарыг томилохоос өөр хийх ажилгүй албан тушаал. Тэрхүү албанд очсон хүн хийх ажилгүй уйдаж суухдаа ард түмнийхээ удам угсаа, уг гарвалыг сайтар судалдаг шиг байгаа юм. Ерөнхийлөгчийн албанд хуулийн дагуу дахиад нэр дэвшихэд нь нам дотор нь лай болох, хөндлөн хэвтээд өгөх, үгнээс нь тас зөрөх нөхдийг бүр чиг нарийн нягт судална. Туулж ирсэн зам мөрийг нь нэгд нэгэнгүй мөшгиж, алдаа оноо, уусан идсэнийг нь алган дээрээ тавиад харна.

Эрх биш туурга тусгаар улс юм болохоор төрийн тэргүүнд тэр бүх мэдээлэл тодорхой олдох нь мэдээж. Ингээд л хууль шүүхийн бүх мэдээллийг гартаа атгаад хэнийг хэзээ айлган сүрдүүлэх вэ, хууль шүүхийн нууц мэдээллийг хэрхэн яаж ашиглах уу, хэнтэй нийлж, хэнээс юуг нэхэх үү гээд л “хар дэвтэр”ийнхээ нууц төлөвлөгөөг боловсруулж эхэлнэ. Эрх мэдэлд очсон хүн түүнийгээ хамгаалах, албан тушаалтайгаа байхын тулд бүхнийг золиосолдог. Дахин сонгогдоход надад хэн саад болох уу гэдгээс Ерөнхийлөгчийн ажил эхэлдэг гэдэг нь ийм учиртай. Хууль шүүхээр далайлгаж, айлган сүрдүүлж, зарим нэгийг нь хорьж тарчлаасны эцэст дахин сонгогдож таарна. Харин ялж гарч ирээд намаа ялладаг. Нам нь өөрийг нь төрийн тэргүүн болгох гэж хэрхэн яаж зүтгэсэн хийгээд журмын нөхдийнхөө гавьяа зүтгэлийг огтоос тоодоггүй. Шууд л яргалж, тодорч товойсон бүгдийг нухчин дарж, хэл амыг нь таглаж, өөрөө харин намаа зангидан эрхшээж эхэлдэг. Энэ бол монголчуудын хамгийн өөдгүй, жудаггүй зан. Монголчууд бидэнд хүний тусыг бодож, ачийг санах ёс зүй байдаггүй. Бүгд л социализмаар дамжсан, ёс жудаг гэдгийг мэдэхгүй, түүнийг ойлгож ухамсарлаагүй хулгайчдын үр удам юм. Хүний жудаг ёсыг сахина гэдэг элит хэсэгт хэдэн зуугаас хэдэн мянган жил болж байж тогтдог зүйл шиг байгаа. Тэгж байж жинхэнэ эр хүний жентельмэн шинж чанарыг олж, нийгэм цаг үеэ хошуучлан авч явдаг юм билээ.

Монголд одоогийн байдлаар дөрвөн Ерөнхийлөгч байна. Эдгээр төрийн тэргүүнүүд намаасаа хэрхэн урван шарваж ирсэн түүхийн хуудсыг эргэн сөхье. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай өөрийг нь дэвшүүлж төрийн тэргүүний суудалд залсан энхрийн хайрт “Ху” намаасаа урваж, өрсөлдөгч хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшин тэртээ ерэн гурван онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй. Мань хүн ерэн долоон онд мөн л Ардчилсан намаас “Шилжилтийн үеийг цэглэнэ, амьдралын доройтлыг арилгана” гээд “мангас”ынхаа суудлын төлөө дахиад зүтгэж байсан.

Н.Багабанди гуай өнөө л Ерөнхийлөгчийн албан тушаалын бичигдээгүй хуулийн дагуу намынхаа, журмын нөхдийнхөө эсрэг ажиллаж эхэлсэн. Ялангуяа тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суусныхаа дараа намынхаа эсрэг хамгийн хүчтэй дайсан нь болж хувирсан. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж улс даяар мэдэгдээд, Энхбаяртайгаа эрэгчин эмэгчнээ үзэн дээр дороо орж байсныг түүх гэрчилнэ.

2004 оны Их хурлын сонгуулийн дараа тухайн үеийн хувьсгалт нам 37 суудал авч парламентад олонхи болж байсан. Тэгтэл Н.Багабанди 36 суудалтай, бие даагч гурван гишүүнтэй Ардчилсан намынхантай, бүр тодорхой хэлбэл “Эрэл”-ийн Эрдэнэбат нартай нийлж байгаад Ху намынхаа ялалтыг хүчээр үгүй болгож байв. Ингэж л Багабанди улс төрийн хамгийн эгзэгтэй цаг мөчид намаасаа урваж байлаа. Гурав дахь хүн Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсныхоо дараа бас л намтайгаа, намынхаа нөхөдтэй, нэр бүхий тодорхой лидерүүдтэйгээ дайн зарлаад эхэлсэн. “Энэ улс орныг эхнэр чинь удирдаад байна уу, та удирдаад байна уу” гэж хэлснийх нь төлөө У.Хүрэлсүхийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд байхад нь шүүхийн тогтоол гарган ял тулгаж байсан. Тэр үед Хүрэлсүх намынхаа хамгийн чадалтай гэгддэг залуу лидер нь байв.

Хүрэлсүхээс аваад хуучин “Ху”гийн бүхий л нэртэй улстөрч, намын зүтгэлтнүүд Энхбаярын мандан бадралын он жилүүдийг нь бүтээлцэж өгсөн гавьяатнууд юм. Гэвч мань хүн Ерөнхийлөгчийн суудалд очоод л тэр бүгдийнхээ эсрэг ажилласан. Түүний хүчинд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвших дархан эрхийг олж авсан нь мэдээж. Гэвч ялагдсаныхаа дараа намаасаа гарч, хувьсгалт гэх хуучин нэрээ сэргээн авч шинээр нам байгуулаад өөрийг нь Монголын төрд дархалж өгсөн намынхаа эсрэг шөнө өдөргүй тэмцэж эхэлсэн. Энхбаяр өдгөө Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болгосон намдаа ач санах нь бүү хэл өс санаж улс төрийн сонгуульд санал хувааж явна. Үндсэндээ энэ намаа улс төрийн тавцангаас бүр мөсөн зайлуулахын төлөө тэмцэж явна.

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигатай тэмцэх нэрээр Ардчилсан намтайгаа үзэж тарж байгаа.Өөрт нь хэн саад болно, санал зөрнө тэр бүгдийг шоронд явуулах гэж айлгаж байна. Үүний тодорхой жишээ бол Н.Алтанхуяг юм. Ардчилсан намыг Алтанхуяг даргалж байхад Элбэгдорж энэ намаас нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан. Түүнийг мөн төрийн тэргүүнээр хоёр дахиа сонгогдоход гол нөлөө үзүүлсэн лидер нь Алтанхуяг болоод түүний тойрон хүрээлэгчид, Ардчилсан намын журмын нөхөд. Гэтэл өнөөдөр Элбэгдорж түүнийг аюулт дайсан хэмээн амийг нь чангааж байна.

Ямар сайндаа Алтанхуяг “Ерөнхийлөгч болон тэдний бүлэглэлийн хууль хяналтын байгууллага дотор хонгил байна. Намайг тэр хонгил руугаа шахах гэж олон жил оролдлоо. Худал, зохиомол хэргүүд үүсгэж ойр дотны минь хүмүүсийг барьж хорилоо. Тэр хүмүүсийг гаргаад намайг шоронд хий. Дотнын минь хүмүүсийг шорон гяндангаар тарчлаах ямар хэрэг байна. Элбэгдорж бид хоёр цуг ардчиллын төлөө тэмцсэн. Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой, үгүй бол шоронд орно гэсэн ардчиллын төлөө би тэмцээгүй” гэж удаа дараа мэдэгдэж байхав дээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаал бол өөрийнх нь төлөө зүтгэсэн, өөрийг нь ялалт байгуулахыг хараад ура хашгирч, уйлж дуулж явсан нөхдөө шорон гянданд хорьдог “мангас” юм. Монголчууд бид хэзээнээсээ ядуу буурай хүмүүс. Тиймдээ хэн маань ч ил далд идэж ууж, хулгай хийдэг. Ямар ч хүнийг шүүгээд үзсэн, тодорхой хэмжээний буруу зүйл гараад ирнэ. Харин тэр бүгдээс хэнийг нь шоронд явуулах вэ, хэнийх нь ууж идсэнийг олонд дэлгэх вэ гэдэг сонголт л үлдэж таарна. Ээлжит ийм мангасаа төрдөө гаргах гэж улс төрийн намууд өнөөдөр сэртэн сэвээгүй гүйлдэж байна. Монголын төрд гаргаад яах юм, ямар ашиг байгаа юм. Өөрсөддөө нэг том дааж давшгүй дайсан бэлтгэх, тэгээд түүнийхээ үр төлөөсөнд шоронгийн хаалга татах тийм л тавилан хүлээж байгаа бус уу. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Тамгын газрынх нь таван хүн ажилтай болохоос өөр хэнд ашигтай юм бэ. Монгол Улсад ямар ямар бүтээн байгуулалт өрнөж, хөгжил дэвшлийн үзүүр гогцоо тодорхой хэмжээгээр мэдрэгдэв. Өнгөрөгч он жилүүдэд Монголын төрийн тэргүүний бүтээн бий болгосон, улс орны эдийн засагт эргэлт болсон, ард түмний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц тийм зүйл байгаа бил үү.

Одоо ч ялгаагүй дээ. Ирэх зургадугаар сарын 26нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан нөхөр хуулиа өөрчлөхгүй бол өмнө явж ирсэн түүхийг давтахаас өөр гарц байхгүй. Гэрэл гэгээтэй зүйл огтоос харагдахгүй байгаа. Жишээ нь Ардын намаас М.Энхболд Ерөнхийлөгч боллоо гэж бодъё. Мань хүн морь уядаггүй хүн бүхнээ шоронд явуулах гэж зүтгэнэ. Энэ албан тушаал үнэхээр л “мангас”ын ажил юм бол Энхболдод үүнээс өөр сонголт байхгүй. Ардын намын лидерүүдээс моринд ойртдоггүй нь хэн гэвэл Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар лав байгаа байх. Тэднийг морь мал уяж, наадам найр хэслээ л гэж дуулаагүй юм байна. Энхболд нь биш Хүрэлсүх нь энэ намаас Ерөнхийлөгчид гарлаа гэж бодвол эсрэгээрээ морь уядаг ганц ч уяач үлдээхгүй “ганц худаг” руу нь явуулчихна.

Ардчилсан намаас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөр сонгогдлоо гэж бодъё. Элбэгдоржийн ойр тойрны бүх хүнийг Элбэгдоржоос нь эхлээд шоронд явуулж таарна. “Алтанхуягаас өөр хэн байна, оймсыг минь гозойлгочихгүй хүн л Ардчилсан намаас Ерөнхийлөгчид дэвших учиртай гэж Элбэгээ үзэж тарж байгаа” тухай улс төр судлаачид бичээд байгаа биз дээ. МАХН буюу О.Баасанхүүгийн суудалтай намаас Н.Энхбаяр гараад ирлээ гэж үзье. Ц.Элбэгдорж, М.Энхболдын бүх хүнийг шоронд илгээнэ. Өш хонзонгоо авч байгаа юм шиг, нэр усыг нь зоож байгаад ёстой нэг хядаж өгөх нь мэдээж. Эл бүгдийг ийн таамагласны учир гэвэл Ерөнхийлөгчөөр сонгогдох хүмүүст шүүх цааз, шоронгийн бүх эрх мэдэл бийг дахин дахин сануулж буйн хэрэг.

Ерөөс ийм аймшгийн мангас, харгислалын “хэрцгий” ажил Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээж байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дээр өгүүлсэнчлэн нухчин дарах, улс төрийн тавцангаас хөөн зайлуулах нэгнийхээ зам мөрийг мөшгихөд “но”-гүй хүн гэж өнөөдөр байхгүйг сануулсан. Тэгээд л ямар нэгэн сэжүүрээр буруутгаад авлигатай тэмцэх газраас дуудуулсан нэрээр аччихна шүү дээ. Тухайн нөхдөө барьж хорихдоо “надтай муу юм байгаа, намайг өмнө нь тэгж тамласан юм гэж”олон нийтэд хэлэхгүй. Ард түмний хөрөнгөнөөс идсэн байна, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан байна гэж тархи угаасан мэдэгдэл хийгээд л болоо, ядах юм байхгүй.

Тэгэхээр ийм аймшигтай “хэрцгий мангас”аар төрөө бариулахын төлөө улс төрийн намууд хөөрч догдлон, далдганаж давхилдахаа одоо болих хэрэгтэй. Танай намын хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол танай нам Монголын улс төрийн тавцангаас арчигдана гэдгийг сүүлийн 25 жилийн бодит түүх харууллаа. Ерөнхийлөгчийн сонгууль гэж хөлөө хугалчих гэж гүйлдэхийнхээ өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ

Цагаан сар хаяанд ирчихсэн, айл бүхэн сар шинэдээ бэлдээд, хүн бүр билэг ерөөлийг бодож байгаа. Сар шинийн өмнөхөн билэггүй юм яриад яахав дээ гэх хандлага байдаг. Гэвч эдийн засаг хамгийн үнэн, бодитой. Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй гэдэг шиг өнөөдөр Монгол Улс дампуурлынхаа ирмэгт ирээд байна. Эдийн засаг үнэхээр хүнд байна. Засаг төр маш хурдтай ажиллаж, зоримог шийдвэрт хүрэхгүй бол монголчуудын уламжлалт баяр цагаан сарын золголт ид дундаа байх цаг дор улс орон маань дефолт буюу хүн төрөлхтний өмнө дампуурлаа зарлаж шившгээ дэлгэнэ. Ийм л цаг бидний өмнө ирж дампуурлаа зарлах уу, үгүй юү гэдэг асуудал ердөө л минут, секундээр хэмжигдэж эхэллээ.

Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Гэтэл Олон улсын валютын сан Монголд хамгийн хүнд нөхцөлтэй шаардлагыг тулгах болсон. Энэ нь Монгол Улсын Сангийн яам болоод ОУВС-гийн хэлэлцээрийн явцаас мэдрэгдэж байна. Тухайлбал, “Extended fund facility” буюу урт хугацаат өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг манайд тулгаж байгаа юм. Ийм хөтөлбөрийг төлбөрийн тэнцлийн хямралд өртсөн орнууд хэрэгжүүлдэг. Үндсэндээ эдийн засаг нь элгээрээ хэвтсэн орнуудад санал болгодог гол хөтөлбөр нь аж.

Олон улсын валютын сангийнхан “Эдийн засаг чинь онцгой хүнд нөхцөлд байгаа учир үүнээс өөр арга одоохондоо алга” гэдгийг хэлж байна. Татвар нэмэх, орлогын шаталсан татвар бий болгохыг шаардсан нь өнөө яригдаад буй 450 сая ам.доллар бөөндөө биш цуварч орж ирнэ гэсэн үг. Валютын сангийн даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байгаад дараагийн мөнгөө авах эрхтэй болно. Ийм л хатуу зарчмаар явах сонголтыг тэд тулган хүлээлгэж байна. “Extended fund facility”-д хамрагдсан орнуудад ОУВС-гаас төсвийг нь эрүүлжүүлэх танах чиглэлээр цаашдаа тодорхой салбар руу нь шууд дайран ордог байна. Түүний нэг жишээ нь уг хөтөлбөрт хамрагдсан Украинд эрчим хүчний төлбөрийг шууд нэмэгдүүлж байжээ. Манайд ийм эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүйг эдийн засагчид онцлоод байгаа.

Өнөөдөр Монголын төрийг эх орончдын нам буюу Монгол ардын нам барьж байгаа. Тэд хорин нэгэн оны хавар Монголд анх улс төрийн хүчин болж байгуулагдсан. Монгол ардын нам бол халуун зоригт эх оронч хөвгүүдийн байгуулсан нам. Улс орны тусгаар тогтнолын суурийг тавьсан эх орончдыг үгүйсгэж болохгүй хэмээн тунхаглаж, жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг Эх орончдын өдөр гэж жигтэйхэн баяр хөөр болж, наадам найр хийдэг. Юм л болбол эх орон, ард түмэн минь, эх оронч баатарлаг хөвгүүд минь гэж лоозогнодог Ардын намыг эх орончдын нам гэсэн нь ийм учиртай.

Эдийн засаг элгээрээ хэвтэж, улс орон дампуурахдаа тулаад буй энэ үед Эх орончдын намд засгийн эрхийг барих ээлж таарсан юм. Тэд өнгөрөгч оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулахдаа ард иргэдээ өдөр бүр ам руу нь угжиж байх хайр, халамжийг хавтгайд нь зарласан.

Эргэн санавал, “Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлооно” гэж уриалан тунхагласан мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг олгоно, оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилдаа орсны дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Өрх толгойлсон эцэг эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. “Одонтой ээжүүд”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Цалин урамшууллыг өсгөж өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гээд цааш хөвөрнө.

Эрх баригчид ингэж тунхаглан сонгуульд ялчихаад баярлалдаж байтал Олон улсын валютын сангаас энэ бүхнийг нь тас цавчсан шаардлагуудыг тавих нь тэр.

Халамжийг бараг л байхгүй болгох, татвар нэмэх, төсвөө суурь байдлаар нь танах, төрийн албан хаагчдыг эрс цөөлөх, өрөөр өр дарахгүй байх, өр зээл дахиж авахгүй байх зэрэг хатуу болзлуудыг тулгасан. Өөрөөр хэлбэл, засаг барьж буй Монгол ардын нам “Стэнд бай”-д хамрагдахын тулд сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод ард түмэндээ амлаж ялалт байгуулснаа 100 хувь үгүйсгэж, үндсэндээ амлалтынхаа эсрэг ажиллана гэсэн үг. Хэрвээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эх орныхоо сан хөмрөгийн ёроолд байгаа жаахан хүнсээ халамж нэрээр тараагаад цацчихвал, уутныхаа ёроолыг сэгсрээд гөвчихвөл Монгол Улс дэлхий дахинд дампуурлаа зарлах нь тодорхой. Хэрэв өрөөр өр дарж дампуурлаа зарлаж гэмээнэ тухайн улс орон дахин өндийж хөл дээрээ тогтоход наад зах нь 100 жил шаардлагатай гэсэн шинжлэх ухааны тооцоо байдаг. Дампуурлаа зарлаж, дахин өр тавиад баларч байгаа улс орнуудын жишээ олон бий.

Тиймийн учир монгол төрийн жолоог ийм хүнд бэрх цаг үед барьж буй МАН-д эх орныхоо төлөө харакири хийж өөрийгөө золиослох шаардлага тавигдаж байна.

Харакири гэдэг нь өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ үзүүлж гэдсээ хүүлэн амиа егүүтгэдэг самурайн ёс заншил юм. Хүндлэл, үзэл баримтлалаа сэвтүүлсэн самурай нар өөрийгөө шийтгэж, энэхүү зан үйлийг сайн дураараа хийж гүйцэтгэдэг байжээ. Ардын нам ийнхүү амиа хорлон эх орноо авраад улс төрийн дараагийн сонгуульд ялагдал хүлээх нь мэдээж. Амлалтаасаа 100 хувь ухарсан тэдэнд ард түмэн дахиж итгэл үзүүлнэ гэдэг юу л бол. Дараагийн сонгуулиа бодоод, өөрсдийнхөө амийг хоохойлоод эх орноо дампууруулбал бүр чиг шившгээ дэлгэж, Монголын түүхэнд аймшигтай хар мөр үлдээнэ. Ийм л хэцүү бэрх тулгарлын өмнө ирлээ.

Сонирхуулахад, Монгол Улсын гадаад өр сүүлийн таван жилд 3.2 дахин өсч 21.6 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаад өрийн 18 хувийг хадгаламжийн байгууллага (төв банкийг оруулсан), үлдсэн 82 хувийг нь хадгаламжийн бус байгууллагуудын өр бүрдүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хадгаламжийн байгууллагын гадаад өр гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол хадгаламжийн бус байгууллагуудын гадаад өрийн хэмжээ 12 тэрбум ам.доллараар огцом нэмэгджээ.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нь дэлхийн улс орнуудын түвшинтэй харьцуулахад хамгийн өндөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 173 хувьтай тэнцэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 93.9, Америк 104.5 байдаг бол Ямайк 138.9, Ливан 139.7 хувьтай тэнцэж байна. Харин Грек улс эдийн засгийн хямралын хамгийн хүнд үедээ гадаад өр нь ДНБ-ний 173.8 хувьтай тэнцүү буюу 320 тэрбум евро болж байсан удаатай. Дэлхийн улс орнуудыг гадаад өрийнхөө хэмжээгээр тэргүүлж буй улсаа эдийн засгийн хүндрэлээс аварч, дампуурлаа зарлан гутамшиг болгохгүйн төлөө энэ нам, энэ төр засаг ажиллах үүрэгтэй.

Ардын нам өөрсдийнх нь хэлдгээр эх оронч хөвгүүдтэй, тийм зүрх зоригтой нь үнэн юм бол Монгол Улсынхаа төлөө нэр төрөө золиослох цаг үеийн шаардлага тулгарсан байна. Улс төрийн намууд эх орныхоо төлөө ингэж золионд явдаг. Энэ удаад ард түмэн шоо хаяж сонголт хийхдээ Эх орончдын нам буюу Ардын намыг тодрууллаа. Үндсэндээ Монголын ард түмэн энэ намыг золионд гаргахаар санал нэгтэйгээр шийдлээ гэсэн үг. Харин одоо Эх орончдын намд эх орныхоо төлөө харакири хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг иржээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

​Үзэгдээгүй үнэ

Үнэ өсөхөд бид дургүй. Бид ч юу байхав, хүн төрөлхтөн дургүй. Уул нь миний юмны үнэ өсөх сайхан боловч бусдынх зэрэгцээд явчихдаг нь муухай. Шударга зарчим дандаа сайхан байдаггүй аж.

Хорвоогийн баян газруудад юм нь үнэтэй, ядуурахын хэрээр хямд. Баяжих тусам инфляци нөмөрч, ядуурахын хэрээр эдийн засаг сайжран, юмны үнэ хямдарч байгаа юм огт биш гэнэ. Хүн ард нь баяжихын хэрээр бараа үйлчилгээг хэдээр л бол хэдээр авах чадалтай болж, ядуурах тутам худалдан авах чадвар буурдагтай холбоотой гэдэг. Худалдан авах чадварыг дагаад үнэ унана. Баян газарт талх таван доллараар зарж болох ч бослого самуунд идэгдсэн оронд таван центээр борлуулж чадвал их юм.

Үнэ бол зөвшилцөл дээр тогтдог гэж судлаач хэлдэг. Манайхан “Яг хэдэд өгөх юм бэ”, “наймаа наанатай цаанатай” гэдэг нь үнэ тогтоох хэлцлийн хэллэг. Худалдагч юмаа хамгийн өндөр үнээр өгөх санаатай, худалдан авагч хамгийн доод үнээр салгачих бодолтой. Энэ хоёр сонирхлын уулзвар дээр үнэ тогтдог гэсэн (Тус бичлэгт “гэсэн”, “гэнэ лээ” гэхчилэнгийн үгийг олноор хэрэглэж байгаа нь их учиртай. Баяжих бүх аргыг мэддэг гэдэгтээ итгэлтэй ч тэр нь өөртөө хэрэг болдоггүй нөхдийнхөө сэтгэлийн амгаланг бодолцсон нь тэр).

Харин манай зөвшилцөл их өвөрмөц. Үнэ өсөхөөр хөөрөөд давхихгүй боловч худалдан авалтаа багасгахгүй. Үнэ бусад оронтой адилхан өсөвч худалдан авалтад удаан нөлөөлнө. Манай эдийн засаг бусад олон орноос доогуур атлаа юмны үнэ заримдаа Америк, Японоос илүү. Манайд байр авдаг үнээр Америкт байшин авч болох жишээний.

Манайхан үнэ хэд ч байсан зөвшөөрдөгт хамаг учир байна. Энэ нь манайхан эдийн засагчдаа оролцуулаад тэнэг маанаг, худалдан авалтын гаж донтойд байгаа юм биш…Нээрээ, биш шиг байгаа юм гэсэн нь дээр байх.

Бид мянганы түүхтэй нүүдэлчин ард түмэн. Яруу найрагт бахархалтай гардагчлан “Алтай Хянганы завсарт атар аялаг баялаг орон”-той бөгөөд “дөрвөн цагийн улиралд дураараа нүүх” амьдралтай. Ингэж явах жаргалтай боловч бараа үйлчилгээний систем, тогтцод бэрхшээлтэй.

Бараа таваараар хангах байнгын тогтоц үгүй тул монгол хүн хэзээд наймаа хийхэд бэлэн. “Наймаа таарвал өгнө” гэсэн хэллэг юугаа ч, хэзээ ч зарахыг үгүйсгэхгүй гэсэн санаа. Ийм учраас унаж яваа морио, зууж очсон гаансаа сэтгэлд таарсан юмаар солиход хэзээд бэлхэн.

Энд бас нэг дүрэм үйлчилнэ. “Одоо л зарахгүй бол хэзээ ч зарж чадахгүй, одоо л авахгүй бол дахиад хаанаас ч олохгүй”. Үнэхээр тийм. Алтай хангайн ар шилд тааралдсан, сэтгэл татам гаанс зуусан эр маргааш арван давааны чинадад одсон байна. Дараагийн тийм зочин-худалдаачин хэзээ ирэхийг манай хөгжмийн зохиолч Балхжавын хэлдгээр таашгүй. Унаж яваа моринд нь боломжийн үнэ хаяад байсан явуулын хүн эргэж ирэх эсэхийг бурхан ч хэлшгүй. Тийм учраас нүүдэлчдийн зах зээлийн дүрэмд “Эсвэл одоо. Эсвэл хэзээ ч биш” хэмээн бичигдэж.

Социализмын үед хоршооны агент гэж байв. Манайд Английн тагнуулын “агент 007” ажиллаж байсан хэрэг биш. Жаахан цай, тамхи ганзагалаад нүүдэлчин ард түмнийг хайж олон үйлчилдэг социалист худалдааны тогтцын хэсэг. Ирдэг бараа нь аанай л ховор хомс. Сумын хоршоонд ирсэн ганц мотоциклийг азтай ганц нь л аваад хойтон болохыг хүлээнэ. Хоёр халуун савыг хоншоортой хоёр нь л гардана. Ийм болохоор ардын засгийн жилүүдэд “олдсон дээр нь ав” гэдэг монгол худалдааны дүрэм төдий л өөрчлөгдсөнгүй. Харин энэ системд юмны үнийг төрөөс тогтоож өгнө. Улсын худалдааны хохирол хэнд ч хамаагүй, төрийн мөнгө “ёо гэхгүй нь сайхан” тул олон жил хатуу түүнээ мөрдөж. Манай брэнд маркаараа биш үнээрээ нэрлэгдэн “11.20-ийн чихэр”, “18-ын торго”, “48-ын чихэр” гэхчилэнгээр алдаршиж байв.

Бидэнд нийтлэг байсан “Таалагдсан бараагаа тааралдсан газарт нь ав, эс тэгвэл үүрд хожимдоно” гэдэг худалдааны зарчим 1990-ээд оныг хүртэл олигтой өөрчлөгдсөнгүй. Зах зээлд орж, үнэ чөлөөтэй хөдлөх болов. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хязгааргүй олон сонголтын өмнө ирэв. Харин “одоо эсвэл хэзээ ч үгүй” гэсэн худалдан авалтын зарчим маань тийм амар арилж өгсөнгүй. Үүнийг дагаад “монгол хүнд юмыг хэдээр ч зарж болно” гэдгийг хүний өөрийнгүй ойлгож. Хэдээр ч зарсан авдаг үйлчлүүлэгч байгааг мэдсээр байж үнээ буулгах маанаг ховор.

Өнөөдрийн дэлхийн жишгээс давсан, бидний худалдан авах чадвараас хэтийдсэн “монгол үнэ”, монгол маягийн зөвшлийн нууц энд байгаа. Бид бусдаас муу учраас ингэж байгаа юм биш, туулсан зам, төлөвшсөн орчин нь ийм дадал сэтгэлгээ бий болгосон хэрэг. Мэдэхгүйдээ ингээд байгаа юм биш, юм худалдан авах бүрийд бидний өвөг дээдсийн үеэс өдийг хүртэл мянган жил дагасан үл үзэгдэх зөвлөх “Хэд ч байсан хамаагүй ав. Дахиад олдоо ч уу, үгүй ч үү” гэж шивэгнээд байх аж.

Дээр нь биднийг мөнгөө хайрладаггүй, үнэтэй юм их авдаг гэж гадныхан шүүмжилдэг. Энэ нь ч бас бидний буруу биш бөгөөд оршин амьдарч ирсэн ахуйгаас маань их хамааралтай. Бидний сайн мэдэх “Нүгэл буян” киноны ламбугайг санаж байна уу? Тэр лам сүрэгчингээ дарамталдаг хэсэг бий дээ. Яагаав, чи миний буяныг аривжуулж чадахгүй бол би хатуу юм болгоод далд хийчихнэ шүү гэж ирээд л айлган сүрдүүлдэг дээ. Энэ нь орчин үеийнхээр бол хөрөнгө юугаа мөнгө юм уу, үнэт цаас болгоод банкинд хадгалуулахтай дүйх санаа юм.

Хэдийгээр цаасан мөнгө хэрэглэсэн үндэстний нэг гэж манай өвөг дээдсийг өрнийн аялагчид тэмдэглэсэн байдаг ч гэсэн өөрснөө мөнгөн тэмдэгтэд төдий л итгэлгүй хандаж иржээ. Ханшийн өөрчлөлт зэрэг нь “найдваргүй эд” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн ч байж магад. Харин сайхан хөөрөг, сайн морь, үнэтэй гаанс зэрэг нь үргэлж үнэ цэнээ хадгална.

Монголчуудын үнэтэй гаанс хөөрөг сэлтэд дуртай, эдийн засгийн чадавхиа үл тоомсорлон тэдгээрийг авах бодолтой зэрэг нь нэг талаасаа тансаг хэрэглээнд дуртайн жишээ боловч нөгөө талаас хөрөнгө хадгалах хэлбэр нь байж иржээ.

Өнөө цагт бид банктай, төлбөрийн карттай болсон ч гэсэн сэтгэл зүрхэнд минь зуунаас зуун дамжин ирсэн хөрөнгө хадгалах арга нь үйлчилсээр байгаа бөлгөө. Тэр үл үзэгдэх зөвлөх “Үүнийг ав. Одоо л ав” гэж зөвлөсөөр…

2014 оны гуравдугаар сарын 27