Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүүлийн 27 жилийн төр засаг, улстөрчид, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаа буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө

“Өдрийн сонин”-ы 2017.06.30-ны Баасан №145 (5712) дугаараас авч нийтлэв.

Монголын төр засаг ард түмэндээ ээлтэй, тэднийхээ төлөө ажил хийдэг болмоор байна. Ард түмний төлөө ажил хийнэ гэдэг ард түмнийг бэлэн мөнгөөр угжихын нэр биш. Халамжаар халамжлаад гэрэлт нийгэмтэй, аз жаргалтай ард түмэнтэй болдог бол болохоор хугацаа өнгөрснийг дэлхий байтугай монгол нотолчихоод байгаа. Гэтэл өнөөдөр дэлхийн хаана ч халамжинд сэтгэл ханасан ард түмэн байхгүй. Тэгээд ч ард түмнээ 100 хувь халамжлах гэж оролдсон улс бүхэн сөнөдөгийг бид бүхэн хангалттай харж байгаа. Төр засаг нь иргэдээ 100 хувь халамжилж хүчрэхгүй учраас эмзэг бүлгээ илүү тойлж мөрөөрөө хийж бүтээж, хөдөлмөрлөж яваа хэсгээ алагчилдаг. Ажилгүй, ажилладаггүй нөхдийг төр нь халамжлахыг хараад хоногийн хоолоо залгуулахын төлөө хийж бүтээж, махран зүтгэж байгаа хэсэг нь уурладгийн жишээ ч олон. Сая Монгол Улсад үүнийг нотолсон сонгууль болж өнгөрлөө. Ер нь дэлхийн бүх сонгууль ийм байгаа. Франц орныг хар. Эрх барьж байсан, эрх барьсан намуудын бодлого үйл ажиллагаа нь ард түмнийхээ сэтгэлд хүрээгүй учраас шинэ нам гарч ирсэн. АНУ-ын сонгууль ч ялгаагүй. Огт төсөөлөөгүй Дональд Трамп сонгогдож байх жишээтэй. Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч үүнтэй агаар нэг. Хэний ч тооцоолоогүй С.Ганбаатар таавар будлиулан орж ирээд бараг л гарсан.

Энэ сонголтоороо ард түмэн төр засагт юу хүсээд байгаагаа тулган хүлээлгэхийг зорьсон байж болно. Улс эх орноо хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, бүх хүн хөдөлмөр эрхэлж, бүх хүн орлоготой байх үндэс суурийг тавих шаардлагатайг шаардсан нэг төрлийн эргэлт байсан ч байж мэднэ. Нөгөө талаар төр засаг, Их хурал, Засгийн газрыг юу хийх ёстойг хатуу сануулсан үйлдэл гэж харж ч болох байх. Манай сонины бичээд байдаг ганц, хоёр хүн баяждаг, ганц хоёр хүн бүх хөрөнгийг булаадаг, ганц хоёр хүн өрмийг нь хамж ард түмэнд хусам ч олддоггүй байдлыг өөрчлөх гэсэн, сүүлийн үеийн засаг, төрийн эрхэнд байгаа намуудын бодлого буруу байна гэдгийг сануулсан, хоорондын хэрүүлээс нь залхаж ээлтэй байхыг харуулсан ийм л сонгууль боллоо. Гэхдээ ард түмэн С.Ганбаатарыг гарч ирээд учиргүй ажил хийнэ гэж лав итгээгүй ч яалт ч үгүй өөр сонголт мөнөөсөө мөн байж. Юм хийх бололцоог олгоод өгчихөж магадгүй гэж горьдсондоо л ийм шийдвэрийг үгссэн мэт гаргасан нь ажиглагдаж байгаа.

Уул уурхай тойрсон бүлэглэлүүд баяжиж, ард түмэнд юу ч нялзаж, наалдахгүй байгаа учраас дургүйцлээ ийнхүү илэрхийлсэн байж таарна. Ерөөсөө төр засгийн юу нь ч Монголын ард түмэнд таалагдахгүй байгаагийн нотолгоо энэ. Бас улстөрчдийн буюу элитүүдийн хоорондын мөнгө төгрөгөө булаацалдсан хэрүүлээс, хар хорын зарга зайлхайгаас ард түмэн үнэндээ залхсан байж. Ард түмний амьжиргаа үнэхээр муу, ажилгүй, итгэл найдваргүй байсаар зэвэрчихэж. Эзэнгүй айлын хүүхэд шиг удсан учраас лэнсийрч, туйлдсан байна. Тэгэхээр улс эх орныг цоо шинээр цогцлоон байгуулах, цоо шинийг бий болгох хүсэл ард түмнээс ингэж илэрлээ. Ард түмэн чинь урд байсан, одоо байгаа амьдралаасаа тэс өөрийг, цоо шинийг хүсч эхэлснийг олж харах хэрэгтэй байна, төр засаг.

Монголчууд бусад ард түмний хүсдэгийг л хүсч байгаа юм. Хүн төрөлхтний туйлын мөрөөдөл нь ядарснаа өөд татаж задарснаа дарж нийгмээрээ, нийтээрээ сайн сайхан амьдрах. Ажил хийх, мөнгө олох нь чөлөөтэй, ТҮЦ-ийг нь хурааж, татварыг нь нэмээд байдаггүй нийгмийг л хүсдэг. Товчхондоо дэлхийн бүх ард түмэн түүн дотор монголын ард түмний хүсэл ийм л байгаа. Иймхэн хүслийг нь биелүүлж чадахгүй байгаа учраас, ирээдүйдээ итгэхгүй байгаа болохоор ард түмний сонголт айхтар савалж байгаа юм. Энэ намуудад итгэл хүлээлгэж чадахаа ч больсон. Яагаад гэвэл 27 жил ард түмнээ хуурч, хооронд нь хэрэлдүүлэн туйлдуулсан учраас тэр. Улстөрчдөд итгээд жалга довоороо, сум сууриараа талцаж талцаж эргээд харахад нь зөвхөн улс төрд оройлон явсан хэдхэн нөхөд л хожсон байсан. Ард түмэн тэнэг биш болохоор үүнийг нь олж хараад хатуу анхааруулж эхэллээ.

Тэгэхээр одоо ард түмний энэ хүслийг яаж хангах вэ, ямар тохиолдолд ард иргэд хожих вэ, Монгол Улс яавал хүчирхэг болох вэ гэсэн асуултын хариултыг хайсан бодлого стратеги хэрэгтэй байгаа. Францын сонгуулиар бодит байдлыг хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр тайлбарлан гарах гарцыг хэлж өгсөн хүн ялалт байгуулсныг харж байгаа байх. Намууд, улстөрчид үүний төлөө явахгүй хуучин байдлаараа өөрсдөө хожих санаа агуулсаар байвал том алдана. Намуудын улс төр гэж яриад байгаа, түүндээ хөтлөгдөж хийгээд байгаа ажлууд буруу байсан нь өдрөөс өдөрт нотлогдсоор байна. Энэ бүхнээ засч бодлого үйл ажиллагаагаа 100 хувь эргүүлэн ард түмэндээ ээлтэй болгох цаг иржээ. Улс хөгжихийн тулд гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн ашиглалт, бүтээн байгуулалтыг хийх ёстой юу гэвэл тийм. Үүний үр шим улс орон даяар мэдэгдэж, ашиг тусыг ард түмэн хүртдэг байх хэрэгтэй байна. Ард түмэндээ үүнийг нь л хийгээд өгчих. Ийм итгэл найдварыг нь сэргээгээд өгчихвөл ямар ч Пи-Ар хэрэггүй, ард түмэн шууд дэмждэгийг С.Ганбаатарын жишээнээс харж болно.

Гэхдээ бидний ирээдүй хэр гэрэл гэгээтэй байгаа билээ. Долдугаар сарын 1-буюу маргаашнаас шатахууны гаалийн, хосолмол хөдөлгүүрт автомашины гаалийн онцгой албан татварууд нэмэгдэх гэж байна. Удахгүй хэд хэдэн татвар нэмэгдэнэ. Энэ бүхэнд ард түмэн, Монгол Улс л хохирч үлдэх нь ойлгомжтой байгаа. Энэ татвараар гадны өнгөлзлөгөөс сэргийлэхийн тулд батлан хамгаалах салбараа хүчирхэгжүүлэх үү, эрүүл мэндийн салбараа сайжруулж, багш, эмчийн цалинг нэмэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөө сайжруулах уу. Төр засаг хэзээ ч ийм санаа тээж татвар нэмж байсангүй. Одоо ч нүсэр удирдах бүтцээ тэжээх гэж татвар нэмж байна. Төсвийн алдагдалгүй болгоно гэдэг сүүлийн 27 жил байсан удирдах бүрэлдэхүүн, тусгай хэсгээ тэжээх оролдлого байсаар ирсэн. Энэ бүх татвар ард түмэнд нялзахгүй учраас дургүйцлээ сонголтоороо илэрхийлдэг болсон байна. Үүнийг өрсөлдөж байгаа намууд бодох цаг нь иржээ. Сүүлийн 27 жил явж байгаа төр засаг, улстөрчид, улс төрийн намуудын бодлого буруу байна гэдгийг харуулсан сонгууль болж өнгөрлөө.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хуульчилж өгөх хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы 2017.06.27-ны Мягмар гаригийн142(5709) дугаараас авч нийтлэв.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж дууслаа. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь хар пиараар нэгнээ “нүдсэн” цахим ертөнцийн давалгаа байв. Тухайн нэр дэвшигчийн ирэх дөрвөн жилд улс орноо хэрхэн хөгжүүлэх, ямар бодлого баримталж ажиллах, Монголынхоо нэр хүндийг олон улсад хэрхэн өсгөх, иргэдийнхээ ахуй амьдралыг яаж дээшлүүлэх зэрэг мөрийн хөтөлбөрийн амин чухал асуудлууд цахим хар давалгаанд живж алга болсон.

Нэгнээ удам судраар нь жигшин зэвүүцсэн, өмнө нь эрхэлж байсан ажил алба хийгээд туулж ирсэн зам мөрийг нь харлуулж гутаасан ийм л сонгууль болох шив дээ.

Төрийн тэргүүнээр хэн нь сонгогдсон ч Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл бус харин ч энэ улс оронд ажиллах амьдрах боломжгүй, олон нийтийн нүүрийг харахын эцэсгүй гэмт хүмүүс болж хувирсан. Төрийн албан тушаалыг үнэлсэн 60 тэрбумын дуулиан болоод нууц бичлэгүүд, оффшорын асуудал, овоолсон шороо буюу төмөр зам, гадны шашин, мөн гадны иргэдээс ихээхэн хэмжээний мөнгө авсан бичлэг гээд нийтэд задраагүй, дуулиан шуугиан үүсгээгүй асуудал ховор. Гэвч аль талынх нь үнэн бодит, аль талынх нь худал хуурмаг, гүжир гүтгэлэг гэдэг нь мэдэгдэх арга байхгүй. Монгол төрийнхөө тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийг сонгох сонгуулиа бид бүхэн хоёр, гурав хуваагдан талцаж, нэгнийхээ муу муухайг ил цагаан дуудалцаж, монгол хүний жудаг ёс, эрхэм нандин чанарыг уландаа гишгэн, хүнээ алдан байж хийдэг нь ямар учиртай юм бэ. Эргээд уулзах нүүртэй байх сайхан гэж хуучны үг бий. Гэтэл эргэж уулзах улаан нүүр байтугай энэ хэдхэн хоногт өстөн дайснууд болж, өөр хоорондоо хэмхэлдэн байж сонгуулийн ард гарлаа.

Ганц ч гэгээтэй мэдээ байхгүй хар пиараар нэр дэвшигчээ, нийгмээ будсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгууль Монгол Улс цаасан хэвлэлийн оронд цахим ертөнцийг чухалчлан үзэх болсны горыг амсав уу гэлтэй. Цахим ертөнцийг бодлогоор хазаарлахгүй бол элдэв эвлүүлэг, гүжир гүтгэлгийг зогсоох аргагүй нь тодорхой. Энэ олон вэб сайт, арилжааны сувгуудын ард мэргэжлийн сэтгүүлч, хариуцлагатай редактор, мэргэжлийн редакци байна уу гэхэд эргэлзээтэй. Ерөөсөө компьютерийн мэдлэгтэй, орчин үеийн техник технологийг эзэмшсэн хориод насны залуучууд л цахим сайтын цаана байх шиг.

Сэтгүүл зүйн боловсрол, туршлага бага, ёс зүй гэдгийг сайтар гадарлаагүй тэд ямар ч хамаагүй материал, бичлэг тавьж нийгэмд шуугиан үүсгэхийг бодно. Уул нь хууль дүрмээрээ бол тухайн хүний нэр төрийг эрхэмлэх, сэтгүүл зүйн алтан зарчмаа баримтлах гээд олон асуудал байдаг л юм.

Тэгвэл цаасан хэвлэл сонин тухайн улс үндэстний түүх, баримт болж үлддэг. Баримттай зүйл дээр хүн ёс зүйгээ алддаггүй юм. Ялангуяа мэргэжлийн хамт олныг бүрдүүлсэн, нэгдсэн редакцитай сонины хувьд аливаа асуудлыг хариуцах эзэн нь тодорхой байдаг. Нэр ус нь, утасны дугаар, тамга тэмдэгтэйгээ сониныхоо цагаан цаасан дээр хар бэхээр бичиглэгдээд зурайж байдаг. Иймийн учир мэргэжлийн редакцитай, мянга мянган уншигчдын итгэл хүлээсэн сонин худал хуурмаг мэдээ материал нийтлэхгүй. Нийгмийн өмнө тэгж булайгаа дэлгэн хэрэг төвөгт орооцолдохыг бодохгүй. Мэргэжлийн ёс зүйн кодоо чанд баримталдаг.

Дэлхий нийтэд шинэ үеийн сэтгүүл зүйг Пулитцерээс хамааралтай гэж үзэх нь бий. 1878 онд Пулитцер “Dispatch”, “Post” сонинуудыг худалдан авч редакцийг нь нэгтгэн “St.Louis Post-Dispatch” хэмээх шинэ нэр өгсөн байдаг. Ингээд улстөрчдийн талаар болон хэл ам таталгасан бүхний тухай зөвхөн үнэнийг бичиж уншигчдын хүртээл болгож байв. Дараа нь Нью Йоркт ирээд “The New York World” сониныг худалдан авч, тус сонины эхний дугаарт Нью Жерси мужид тохиолдсон аймшигт хар шуурганы тухай өгүүлэл, цаазын ял авсан хоригдлуудтай хийсэн ярилцлага нийтлэгджээ. Дээрх материал өнөө цагт энгийн санагдах боловч тухайн үед огт нийтлэгдэж байгаагүй цоо шинэ дуулиан байсан гэдэг. Зөвхөн үнэнийг өгүүлж бичсэнээрээ “The New York World” сонин удалгүй хотын хамгийн тэргүүний сонин болсон түүхтэй. Түүний сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэл зэрэг нь сэтгүүл зүйд дуулиан тарьсан бүтээлийн сонгодог жишээ байлаа. Мөн түүний нийтлэлийн үр дүнд Америкийн сүлд болсон эрх чөлөөний хөшөөг барих ажилд олон нийтийн анхаарлыг хандуулснаараа хөшөөг босгосон гэж үздэг. Сонины нийтлэл гэдэг ийм л үнэт баримт болдог.

Орчин үед цахим сэтгүүл зүйг илүүд үзэх болжээ. Цахим сайт ажиллуулж, хэвлэл мэдээллийн зах зээлд гарна гэдэг маш амар, хямд, боломжтой хувилбар болж. Мэргэжил боловсрол, дадлага туршлага, энээ тэрээ гэлгүй хэн ч түүнийг ажиллуулж, юу ч хийж болно гэх ойлголт нийгэмд бий болсон нь аюултай. Цахим сайтууд хариуцлага хүлээхгүй. Хүний нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон материал байрлууллаа гэхэд дараа нь шууд авчихаж болно. Арилжааны суваг, телевизүүд ч ялгаагүй. Мөн л бохир нэвтрүүлэг явууллаа гэхэд араас нь залгуулаад үндсэн нэвтрүүлгээр сольчихож болно. Ямар нэгэн асуудал үүслээ гэхэд “ориг эх нь энэ байна” гээд сольсон нэвтрүүлгээ үзүүлчихнэ. Харин сонин бол нэг л хэвлэгдсэн бол тэр чигтээ баримт болоод үлдэнэ. Урж шатаадаггүй юм бол хичнээн зуун жил болсон ч шарласан хуудас нь байж л байна.

“Манай телевизүүд аналоги системээс дижитал систем рүү шилжиж, дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлэх болж. Программ хангамж нь сайжирсан дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь үүнийг дагаад үнэнийг худал болгож, сайхныг муухай болгож, муухайг сайхан болгох боломж нь илүү нарийн болсон. Ингэхээр л итгэл үнэмшил улам буураад байна. Хэдэн зууныг дамжин хэвлэгдэн гарч өнөөдрийг хүрсэн цаасан сонины үнэ цэн хэвээр байгаад байгаа юм” гэж өмнө нь бичиж байсан маань ийм учиртай.

Монголын улстөрчид сүүлийн үед цаасан хэвлэлд дургүй болсон. Энэ нь 2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуультай холбоотой. Уг хуулинд “Радио, телевиз, цахим вэб сайтаар сонгуулийн сурталчилгааг явуулна” гэж заасныг манай сонин “Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэх гэж байна” хэмээн эсэргүүцэж, түүний үр дүнд сониноор явуулахаар болж байв. Улс орны түүхийн гол нотолгоо баримтыг ингэж үгүй хийхийг санаархсан нь улстөрчдийн алсыг хараагүй ойрын бодлого нөлөөлсөн. Түүнийхээ горыг өнөөдөр амслаа. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг харахад үнэхээр хэцүү болжээ. Тухайн хүний дуу хоолой, дүрс бүгдийг яаж л бол яаж эвлүүлж, хүссэнээрээ өөрчилж, яг л кино шиг нэвтрүүлгүүд бэлддэг болсон байна. Технологийн дэвшлийг бол хэлэх юм биш.

Аливаа зүйл мөнгөнд хэт автахаараа болохоо байдаг. Оргилдоо хүрсэн зүйл хүссэн ч эс хүссэн ч өөрөө өөрийнхөө толгойг залгидаг нь жам. Цахим сайтыг ийм л хувь тавилан хүлээж байна уу гэх бодол энэ удаагийн сонгуулиар төрлөө. Ард түмэн, нийгэм ч ийм л бодолтой байх шиг байна. Цахимын хар пиарт эргэлзсэн хүмүүс сонины редакцитай холбогдож тухайн асуудлын үнэн зөвийг лавлаж байна. Иргэд сониноор үнэнийг хэлж өгөхийг хүсч байна.

Тэгэхээр цаашид сонгуулийн сурталчилгааг мэргэжлийн редакцитай, нэр хүндтэй сониноор явуулдаг болмоор байна. Бүр хуульчилж өгөх хэрэгтэй. Үндсэндээ Сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, албан ёсны сурталчилгааг сониноор явуулна гэдгийг тов тодорхой зааж өгөх нь чухал. Тухайн хуулинд сонин хэвлэлийг хариуцлагатай байхыг шаардаж нэг нам, нэг нэр дэвшигчийн талд үйлчилдэггүй байхыг хатуу анхааруул. Мөн одоогийн мөрдөж байгаа хуулинд тусгасан хэвлэмэл хуудсын хэмжээг зааж өгөхийг болиулж таарна. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд “Гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, гурван хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан” гэж бий. Энэ бүгдийг болиулж ерөөсөө сонин хэвлэлээр сонгуулийн сурталчилгааг явуулахыг хуульчлах нь зөв зүйтэй. Ингэж л баримт нотолгоотой, үнэн бодит мэдээллийг чухалчилж, сэтгүүл зүйн ёс зүйгээ баримталдаг сонин хэвлэлд сонгуулийн сурталчилгааг хамааруулахгүй бол улс орны цаашдын ирээдүй ямраар ч эргэх аюултай болжээ.

Б.БАТБОЛД

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нэр дэвшигчид маань эх орны алтан гурав л дөнгөж авлаа

Хуучин цагт их, дээд сургуулиуд суралцагсдаа цифрээр буюу 2-5 тооны хооронд үнэлдэг байхад эх орны алтан гурав авчихлаа гэсэн яриаг бишгүй сонсдог байв. Энэ бол арай муу авчихаагүй, бас сайн ч биш, онц дүнд бүр хамааралгүй үнэлгээ юм. Сурлага муутайхан сурагч шалгалтандаа эгээтэй л уначихаагүйдээ баярлан Эх орны алтан гурав хэмээн дүнгээ бусдадаа зарладаг. Үүнтэй адилхан үйл явдал саяхан боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улстөрийн гурван нам нэр дэвшигчдээ хэдийнэ зарлаж, сурталчилгааны ажлын бэлтгэлээ базааж байна. Эдгээр нэр дэвшигчид ард түмний өмнө олон шалгалт өгөх нь тодорхой. Тэдний хэлсэн ярьсан үг, үйл хөдлөл, хандлага зэргээс ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг тодорхой мэднэ гэсэн үг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурав өнгөрсөн амралтын өдрөөр Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж авсан үйл явдал тэдний хувьд бас нэгэн шалгалт сорилт боллоо. Энэ арга хэмжээг харж байхад гурван нэг дэвшигч маш бэлтгэл муутай, сулхан харагдаж байлаа. Тухайн арга хэмжээнд зориулан хэлэх үг болон сэтгэл зүйгээ бэлдээгүй тэднийг ээлжит шалгалтандаа арай гэж алтан гурав авлаа хэмээн улс төрийн ажиглагчид дүгнэж байна. Сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авна гэдэг нэр дэвшигчдийн хувьд том үйл явдал, өөрийгөө ард түмэндээ зөвөөр харуулах бас нэгэн боломж юм. Улс төрийн иймэрхүү томхон үйл явдалд нэр дэвшигчид маш сайн бэлтгэж оролцох ёстой. Барууны орнуудын сонгуулийн сурталчилгааг харж байхад нэр дэвшигчид биеэ хэрхэн авч явах, ямар хувцас өмсөх, үг хэлэхдээ юуг онцлох, ард нь ямар албан тушаалтан зогсох, хэн нь туг далбаагаа мандуулах гээд нэг бүрчлэн нарийн тооцож, хөтөлбөр төлөвлөгөөгөө гаргадаг, тэр дагуу үйл явдал өрнөдөг. Түүнээс биш гудамжинд гүйж явсан нэгэн хүрч ирээд “би ард чинь зогсчихъё” гэж дайрдаггүй, нэр дэвшигч санаанд орсон үгээ сэтгэлийн хөөрлөөр хэлдэггүй. Бүх зүйл бодлого төлөвлөгөөний дагуу үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, урьдчилан найруулсан жүжигчилсэн тоглолторхуу зүйл болдог. Хэлэх үгэндээ тэд маш их ач холбогдол өгдөг. Учир нь нэр дэвшигчид үгээр дамжуулан өөрийнхөө бодлого төлөвлөгөөг танилцуулан, үгийн хүчээр л бусдын сэтгэлийг өөртөө татдаг. Америкийн Ерөнхийлөгч Трамп сонгуулийн сурталчилгаагаа “Ноёд хатагтай нар аа, би албан ёсоор Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боллоо, бид хамтдаа улсаа дахин агуу улс болгоно” гэсэн үгээр эхлэхэд хүмүүс таатай сайхнаар хүлээн авч байсан. Барак Обамагийн Тангарагийн ёслол дээрээ хэлсэн үг америкчуудын төдийгүй дэлхий нийтэд шагшигдаж байлаа. Тэрбээр “Өнөөдөр би та нарт бидний өмнө тулгарч байгаа бэрхшээл, саад тотгорууд бодит гэдгийг хэлье. Энэ саад тотгорууд бэрх хэцүү бөгөөд олон гэдгийг хэлье. Энэ бүгдийг богино хугацаанд амархан давж туулахгүй. Гэхдээ эд бүгдийг Америк улс зоригтой тулж угтана гэдгийг мэдтүгэй. Энэ өдөр, айдас хүйдсийн оронд итгэл найдвар, сөргөлдөж сарнихын оронд зорилго нэгтэй байхыг сонгосон тул бид энд цугларсан. Энэ өдөр, өчүүхэн харамсал, хуурамч амлалт, гүтгэлэг зүхэл, манай улс төрийг хэт удаан боомилж байсан хуучирсан үзэл онолыг эцэслэх гэж бид энд цугларсан” гэж онцолж байв. Дээрх улстөрчдийн хэлсэн үгнүүд сонгогчдод шууд нөлөөлж, тэдэнд эрч хүч урам зориг өгөхөөс гадна итгэл найдвар төрүүлж чадсан юм. Үг үнэн бөгөөд хурц дайчин, товч тодорхой, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой.

Харин манай гурав нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа тун оновч муутай, урт нуршуу, сулхан үг хэллээ. Аль өмнө нь тодорхой байсан үйл явдалд тэд бэлтгэсэнгүй. Гэнэт болсон арга хэмжээнд шууд оролцож байгаа мэт эг маг хийсэн, үл ойшоосон шинжтэй харагдаж байсан. Найран дээр хэнэггүй суусан нэгэнд гэнэт аяны дугараа тулгаж, өнөөх нь эв хав муутайхан дуулсан болж ээлжээ өнгөрөөж байгаа аятай л үйл явдал болов.

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга тэдэн дотроо арай баруунжсан, дэлхийн жишгийг дагасан маягтай товч үг хэлсэн. “Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу, гурван сая иргэний төлөө юу гэсэн шийдвэр гаргахад сар гаруй хугацаа үлдлээ” гэсэн түүний үг сонсоход ойлгомжтой товч тодорхой. Даанч үгээ хүчлэх, сонгогчдын сэтгэлд хүргэх цог жавхаа дутагдаад байлаа. Энэ нь түүнийг тухайн арга хэмжээнд бэлтгэлгүй ирснийг харуулаад байгаа юм. Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд гэр бүлийн талаар байнга шүүмжлүүлдэг хүний нэг. Харин нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авах арга хэмжээн дээрээ охиноо дагуулж ирсэн нь маш зөв сонголт юм. Олон улсад ч ийм туршлага байдаг. Одоогоор албан тушаалаа өгөөд байгаа Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ халдлагын үеэр амь үрэгдсэн ээжийнхээ оронд цөөнгүй жил тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж байсан гэдэг. Тухайн үед аав нь Солонгосын Ерөнхийлөгч байсан бөгөөд ээжийгээ амь үрэгдэхэд Пак ердөө хорь гаруйхан настай байсан ч энэ үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үнэлэгддэг. Ер нь баруунд гэр бүлийн байдал сонгогчдын сонголтод нэг их чухал биш байдаг. Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп нэг өдөр сайхан эхнэрээ дагуулж, нөгөө өдөр царайлаг охиноо сугадчихсан явж байгаа харагддаг. Тун саяхан Францад Э.Макрон өөрөөсөө 25 насаар эгч, нэгэн цагт багш нь байсан гэргийгээ дагуулж явсаар байгаад Ерөнхийлөгчөөр сонгогдчихож байх жишээтэй.

Барууны чиг баримжаатай АН-аас нэр дэвшигч гэхэд Х.Баттулгад шүүмжлэх зүйл их байна. Нэр дэвшигчийн үнэмлэхээ морин цагт авна л гэнэ, нум сум, ташууртай байна л гэнэ. Харанхуй бүдүүлэг цагийн мухар сүсэг энэ намд амь бөхтэй оршсоор байх юм. Шинжлэх ухааны хүчээр ид шидийн мэт гайхамшигт бодит нээлтүүд хийж байгаа энэ цагт төрийн ажилд мухар сүсэг, шашин, бөөгийн зан үйл хольж хутгахаа даруй болих хэрэгтэй. Х.Баттулгын хувцаслалтад ажиглагчид сайн үнэлгээ тавьж байна. Орчин үеийн, ажил хэрэгч, цэмцгэр костюм түүнд сайхан зохиж. Гэхдээ л ард түмэн түүнд эхний удаа алтан гурав л тавилаа.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хэт хуучинсаг харагдаж байлаа. Орчин үеийн барууны чигийн ямар ч үнэргүй. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа хэлэх үгээ тэрбээр мөн л бэлтгээгүй бололтой. Урт, нуршуу, дотроо төөрөлдөн, утга учир нь олоход бэрх үг хэлж байх юм. “Монголын төрийг ард түмэндээ ээлтэй төр болгох гэж би нэр дэвшиж байна” гэж хэлсэн үг сонгогчдод яаж нөлөөлөх бол. Учир нь өөрийнх нь удирдаж байгаа нам одоо Монголын төрийг барьж байгаа шүү дээ. Тэгэхээр МАН ард түмэндээ ээлгүй төр байгуулжээ гэж ойлгож болох нь. Мөн “айл өрх бүр төрийнхөө бодлогын тэргүүнд байж, төрийн анхаарах ёстой асуудлын нэг тэргүүнд байх төрийг төлөвшүүлж…” гэх зэрэг сунжирсан ойлгомжгүй үг хэлэв. Сандарч түгдэрсэн, үгээ ороосон, утга учир муутай түүний хэлсэн үгнээс тухайн арга хэмжээнд төдийлөн ач холбогдол өгч бэлтгээгүй нь харагдаж байлаа. Бүр олны өмнө үг хэлж, нүүр хагараагүй хүн гэлтэй харагдсан. Үүнийхээ оронд товч тодорхой үгийг цаасан дээр бичээд уншчихсан бол хавьгүй дээр байх байсан.

МАН-ыг уяачдын нам гэж шүүмжилдэг. Үүнийгээ батлах мэт М.Энхболдыг үгээ хэлж дууссаны дараа намынхан нь бөөнөөрөө “хоржийлоо” гэж түрж байх юм. Түвд гаралтай энэ үгийг хурдны морь эргэхэд эсвэл овоон дээр гараад ихэвчлэн хэлдэг. “Сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн утгатай. Зарим тайлбар тольд “хоржийлоо” гэсэн үгийн утгыг нь “хурай хурай” гэж бичсэн байдаг. Нэр дэвшигч М.Энхболд хэлсэн үгэндээ “Миний ард мөрийн хөтөлбөрийг маань хэрэгжүүлэх бүхэл бүтэн улстөрийн хүчин бий” гэсэн. Үнэндээ МАН бол нэр дэвшигчийн хувийн өмч биш бөгөөд хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монголын ард түмний эв нэгдэл, эрх ашгийн төлөө ажиллана гэдгээ мартчихсан болов уу гэж ойлгомоор.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа гурав дотроос хамгийн сайн үг хэлж сурсан нь МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар. Уран цэцнээр урсгаж өгдөг түүний хэлсэн үгний өмнөөс заримдаа нүүр улаймаар байдаг. Урьд өмнө хэлдэг байсан тиймэрхүү өнгө аятай үгээ л С.Ганбаатар үнэмлэхээ гардаж авахдаа хэллээ. Шинэ соргог зүйл байсангүй. МАХН болон иргэний хөдөлгөөнийнхөн МАНАН гэж их шүүмжилдэг. Энэ бол байгалийн МАНАН биш МАН болон АН хоёрыг нийлүүлсэн үг. Энэ үгийг хүн бүр мэддэг мэтээр ойлгож байнга л МАНАН гэж шүүмжилдэг. Хөдөөний суманд очоод захын хүнээс МАНАН гэж мэдэх үү гэж асуугаад үзээрэй. Байгалийн манангийн тухай л ихэнх хүмүүс хэлнэ. С.Ганбаатар нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа “Би МАНАН-г устгана” гэснийг хэр олон хүн ойлгох бол. Тэгээд ч АН, МАН хоёрыг устгуулчихаад ард түмэн С.Ганбаатарыг сонгоно гэж бодож байгаа бол ёстой сэрүүн зүүд юм. Ийм чухал арга хэмжээн дээр тийм алдаатай үг хэлж байх юм. С.Ганбаатарын хэлсэн үгнээс илүү хэдэн сайхан охид, энгийн даруухан гэргий нь эерүү сэтгэл төрүүлэхээр харагдаж байлаа.

Ийнхүү гурван нэр дэвшигч маань эхний удаад ард түмнээсээ алтан гурав авчихлаа. Гэхдээ сонгуулийн сурталчилчааны хугацаа эхлээ ч үгүй байна. Энэ хооронд юу ярих, ямар үйлдэл хийхээ нухацтай бодож тунгаахгүй энэ янзаараа байвал Ерөнхийлөгч байтугай багийн дарга хийхэд ч хэцүү харагдах юм.

Г.ГЭНДЭНДАРАМ

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын сайн ба муу тал

Цагаа олж хэрэгжиж байгаа хөтөлбөр мөн. Валютын сан нааш гээгүй бол Монгол улс дефольт зарлах байсан байх аа. Дефольт зарлачихвал гадаадын хөрөнгө оруулалт баяртай. Тийм болохоор бидний хүсэн хүлээсэн үйл явц юм. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр, Монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталлаа. Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг 434.3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжих нь. Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ-ын зүгээс чамлахааргүй дэмжлэг үзүүлэхээ амласан. Үүн дээр Хятадын Ардын банк, Монгол банктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрджээ. Эхний ээлжийн 38.6 сая ам.доллар Монголбанкины дансанд өчигдөр үдийн хойно байршлаа гэсэн мэдээлэл цацагдав.

Ингээд ажил эхэллээ дээ. Ер нь бол эхний ээлжинд 100 сая ам.доллар орж ирнэ хэмээн яригдаж байсан юм. Гэвч 38.6 сая боллоо. Нөхдүүд эхлээд жоол жоолхоноор биднийг түншихээр шийдэж. Тэдний зөвлөмжөөр явбал дараагийн мөнгөө өгөөд явна. Үгэнд нь орохгүй, тэдэнтэй ярилцахгүй, өөрсдийнхөөрөө даналзвал эвгүйтнэ гэсэн үг.

Мөнгө эхнээсээ ороод ирэхээр монголчууд бүгдээрээ “Одоо тэгээд юунд эхлээд зарцуулах вэ” гээд асуух бололтой. Шууд Монгол банкны валютын нөөцөд энэ мөнгийг авах нь. Мэдээлэл хийсэн хүмүүс “ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монгол банкинд байршина“ гэж албан ёсоор мэдэгдлээ. Үүний эхний үр дүн нь монгол төгрөг чангарч, долларын ханш бууж эхэлнэ гэсэн үг байх. Эхний нэг сарын дотор ам.долларын ханш 2300 руу орно гэсэн өөдрөг таамаглалыг мэргэжилтнүүд өчигдрөөс бичээд эхэллээ. Үнэн бол ирэх намар гэхэд хэд болсон байх вэ. Иймэрхүү эерэг мессежүүдээр Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн сайн талуудыг бүгдээрээ эхлээд харъя.

Өчигдрөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчид “За монголд валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд эхэллээ” хэмээн нааштай хандлагаар хараад эхэллээ. Хэдийгээр зарим нэг хүн “Монголын төр засаг гадны мэдэлд орлоо, өр зээл нэмэгдлээ” гэж байгаа ч бодит үнэн бол төсөв, санхүүгийн сахилга бат чангарч, Монгол Улс эмхэрч эхэллээ гэсэн үг. Хар үгээр бол ОУВС нь “Төрийн сангийн их сургууль” гэж монголчилж болох юм. Учир нь ОУВС нь аливаа улсын төсөв ямар байх ёстойг, яаж бүрдүүлэх, яаж зарцуулах, орлого, ашиг, баланс ямар зөв зарчмаар явахыг л зааж зөвлөж, дэмжлэг үзүүлж буй хөтөлбөр шүү дээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг дөрөв дэхээ авч байна. Урьд гуравт нь амжилттай хэрэгжсэн гэж болно. Хамгийн сүүлд 2009 онд энэ хөтөлбөрт хамрагдахдаа ердөө 1.5 жилийн дотор хүндрэлээс гарсан юм. Зарим улс орон энэ хөтөлбөрт хамрагдаад сайнаа үзээгүй жишээ олонтой сонсогддог. Тэр нь ОУВС-тай тэдгээр улсууд хамтарч ажиллаагүй, нэг үгээр бол тэдний санал зөвлөмжөөр ажиллаагүй байдаг юм шиг билээ. Тэгээд дампуурсныг олон улсын мэдээллийн сувгуудаас харж болно. Бид өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа найдаж байгаа. Энэ талаар албан ёсоор өчигдөр мэдэгдэхдээ “Засгийн газар бол ОУВС-гаас боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хөтөлбөрийн нөхцөл хүнд ч амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төсвийн алдагдлыг бууруулна. Монгол Улсын нийт өр маш өндөр түвшинд байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулж байж, өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Засгийн газар шат шатандаа хэмнэлтийн тогтолцоог бүрдүүлнэ. Цаашид түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээс Монгол Улсад маш их хэмжээний орлого төвлөрнө. Ингэхдээ өмнөх жилийн алдааг давтаж болохгүй. Хүнд хэцүү үед нийгмийн эмзэг бүлгийн баталгааг, амьжиргааг бууруулахгүй байхад анхаарч байна. Татварын нэмэгдлийн ачааллыг тэдэнд тусгахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг сайжруулж, уул уурхайгаас хараат байхыг салгаж, эдийн засгийг солонгоруулахад анхаарсан. Ингэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газраас бас тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн хэрэгжүүлэх нь чухал байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн бас нэг сайн тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт ирж байна гэсэн үг. Учир нь Монгол Улс шиг зээлжих зэрэглэл буурсан оронд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй. Валютын сангийн тавьж буй нөхцлүүд дунд цагаа олсон, хийх ёстой зөв шаардлагууд цөөнгүй байгаа. Тансаг барааны татварыг нэмэх нь зөв. Том мотортой машин, архи тамхины татвар нэмэгдлээ гээд ард түмэнд айхавтар сөрөг нөлөө үзүүлэхгүй. Цадигаа алдсан төсвийн тэлэлтийг танахаас өөр яах юм. Сонгуультай холбоотой хавтгайрсан халамжуудыг ч цэгцлэх цаг нь болсон. Улсын төсөв бол угжтай сүү биш шүү дээ. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл дээр тодорхой хугацаанд бүсээ чангалахаас өөр аргагүй. Валютийн сангийн хяналт дор л төсөв, халамжаа цэгцэлж авахгүй бол хувиа хичээсэн энэ хэдэн улстөрч яг цэгцэлж харагдаач. Ийм хүнд цаг үед, ийм эерэг, хийхээс өөр гарцгүй нөхцлийг тулгаж буй валютын санд зарим нэг хүмүүс талархахгүй юмаа гэхэд муухай харах хэрэггүй.

Аливаа шийдвэр бүхэн хоёр талтай. Мэдээж энэхүү санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр нийгэмд “өвдөлт” авчрах байх. Өнөөдөр ярьж байгаагаар бол хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доош давхаргынханд хүнд тусна гэх. Маш их хэмжээний татварын дарамт ирнэ гэх мэт. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгосон барилга, жижиглэн худалдааны салбараа хэвтүүлэх шахсан гэдэг юм билээ. Гадны жишээ ч байна. Украин улсад ОУВС-гаас тавьсан шаардлагууд тэднийг сөхрөөх шахсан гэдэг. Улсаас татаас авдаг эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг огцом хийснээс иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг алдуулсан гэж шинжээчид үздэг юм билээ. Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Ер нь бол дундаж ангийг мөхөөдөг гэж судлаачид бичээд л байгаа. Бодох л асуудал. ОУВС хасч болох бүх зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг. Тэгээд нийтийн тээвэр, эрчим хүч гэхчлэн стратегийн салбарын үнэ тарифийг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч, өндөр татвараар дарамтлах гэдэг нь тэдний зарчим. Энэ бүхэн хэт мэдрэмжгүйгээр цааш үргэлжилж, хэрээс хэтэрвэл төр, ард түмний хооронд үл ойлголцох шалтгаан болдог ч гэх юм билээ. Гэвч түрүүн хэлснээр Монгол Улс өмнө нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай болохоор эцсийн үр дүн эерэг байх бизээ.

Нэгэнт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн болохоор ийм цаг үед монголчууд бид ямар байх ёстой, Монголын төр засаг, улс төрчид яаж ажиллах ёстой вэ гэсэн асуудал гарч ирнэ. Улсаа сөнөөчих шахаж буй популист улс төрчдийнхөө үнэн нүүр царайг иргэд маань таньж авах хэрэгтэй. Тэдний поп улс төржилт эх орны эдийн засаг, нийгмийн амьдралд гай тарьж ирсэн. Тэд дэлхийгээр нэг Монгол орноо шившиглэж, хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад хүргэсэн. Монгол Улс одоо л нэр төрөө олон улсад эрхэмлэх цаг. Дахин сонгогдохоо бодсон улс төрийн намуудын хоосон амлалт, авлига, биесээ хэмэлсэн, биедээ хорссон, эв нэгдэлгүй байдал улс орныг туйлдуулж, дампуурлаа зарлах эсэхэд хүргэв. Сая нэг амь тариатай залгалаа. Одоо л хичээцгээе. Бид энэ л нутагтаа ясаа тавьж, үр хүүхэд минь цаашид амьдарна. Тэднийхээ сайхан ирээдүйг бодоцгооё.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэнээр дор хаяж зургаан тэрбум ам.доллар Монгол руу орж ирэх нь тодорхой болсон. Бид энэ их мөнгөөр хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Богино хугацаанд ашгаа өгөх төслүүдээ санхүүжүүлэх ёстой. Нефть нэрэх үйлдвэрээ барья. Зэс хайлуулах үйлдвэрээ байгуулъя. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ ган хайлуулах үйлдвэр болгоё. Занараа цаг алдалгүй боловсруулж дэлхийн зах зээлд гаргая. Хэрэв ингэж чадвал хоёрхон жилийн дараа ам.доллар 1000 төгрөгөөс доош бууж болно. Энэ бол үлгэр биш юм шүү. Бидний хүсч мөрөөдөж буй үсрэнгүй хөгжил юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрүүл нийгмийн төлөө жагсана гэвэл 300 хүн, эрүүл биеийн төлөө гүйнэ гэхэд 30.000 хүн

Өнгөрөгч долоо хоногийн бямба гаригт нийслэл хотноо “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулсан. Уг өдөрлөгийн үеэр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн уламжлал ёсоороо болсон юм. Энэхүү гүйлтэд 30 мянган хүн оролцуулах тооцоо гарган Нийслэлийн биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн биеийн тамирын хороодод оролцогчдын бүртгэлийг цахимаар явуулжээ. Гэвч тэмцээнд оролцогчдын бүртгэл даруй 30 мянгад хүрч, албан ёсны номер мандатыг нэмж хэвлэсэн байна. Энэ удаагийн марафонд 36 мянга 800 оролцогч сайн дураараа бүртгүүлж өөрийнхөө эрүүл мэндийн төлөө гүйсэн байна.

Монгол Улсын нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгаж буй ОУХМ, гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тэргүүтэй шилдгүүдтэйгээ найман настай балчраас наян настай буурлаа хүртэл бүгд гүйцгээсэн нь хүн бүр өөртөө хийсэн хөрөнгө оруулалт байв. Далан хэдэн настай буурлууд гараанаас гараад залуучуудын ижил барианд орж буйг харсан үзэгчид, олон түмэнд баяр бахдал төрөх нь мэдээж. Монголчууд ийнхүү эрүүл саруул бие, амьдралын зөв дадал, хэвшлийн төлөө 30 хэдэн мянгаараа гүйж, нийслэл хотынхөө төв хэсэгт багтаж ядталаа цугласан нь нийгэмд шинэ үзэгдлийг бий болгосон юм.

Соёлт хүн төрөлхтний эрүүл амьдралын гол мөрдлөг нь бүх нийтээрээ гүйхэд оршдог. Амралтын өдрүүд, аливаа баяр ёслолын хамгийн гол арга хэмжээ нь мэдээж гүйлтийн тэмцээн. Тал бүрээсээ цуглаад баяр хөөртэйгээр марафондоно. Манайхан ийм хэвшил рүү орж байгаа нь үзэгдэл гэж хэлэхээс аргагүйд хүргэж байна. Эрүүл биеийн төлөө ийм олуул сэтгэлийн дуудлагаар цуглалаа. Харин эрүүл нийгмийн төлөө гэх жагсаал цуглаанд хэдэн хүн ирдэг билээ. Өнгөрсөн өвөл утааны эсрэг ээж аавуудын жагсаал гэж болсон. Зөвхөн утааны эсрэг гэлтгүй оффшорчдын эсрэг, Халхгол сумын газар нутгийг аврах халуун эх орончдын, Японы империалистуудаар эмнэлэг бариулахгүй гэх тэмцэгчдийн, за тэгээд Оюу толгойгоос аваад уул уурхайг эсэргүүцэгчдийн гээд олон ч жагсаал цуглаан болсон доо, тэр бүгдийг тоочиж барахгүй. “Эх орон, газар шороо минь” хэмээн цээжээ балбаж, цагаан хөөс сахруулсан эх орончдыг олон түмэн уухайлан дэмжиж цуглахаа больсон нь хачирхалтай. Их сайндаа л 300 хүн цуглах болсон.

Энэхүү дүр зураг дөнгөж саяхан болсон марафон гүйлтийн тэмцээнээс маш тодорхой харагдаж, уншигдлаа л даа. 30 хэдэн мянгаараа цуглан гүйж байгаа ард түмнээс 300-гаадхан хүн л жагсаалд оролцож байна гэдэг юу гэсэн үг бэ. Нэг л их ард түмнээ өрөвдөж, эвийлж хайрласан, эх орноо өмгөөлж хамгаалсан сүр дуулиант жагсаал цуглааны цаана цөөхөн хэдхэн популист улстөрчдийн эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлдээн, алаан хядаан байдгийг ард түмэн яс махандаа тултал ойлгожээ. Улс төрийн нэг бүлэглэл нөгөө бүлэглэлээ шахаанд оруулахын тулд энгийн гэмгүй иргэдийг турхирч, таван халтар цаасаар хуурч, аман дээрээ ард түмнээ гэх боловч, ачир дээрээ зөвхөн өөрсдийгөө бодсон, өнгө мөнгөний төлөөх дайныг олон түмэн амссаар өдий хүрэв. Монголчууд бид сүүлийн 30 шахам жил гудамж талбайдаа жагслаа. Өөр хоорондоо хэмхэлдэж, яс булаалдсан ноход шиг уралцаж төрийнхөө өөдөөс буу шагайж, гранат дэлбэлж хуульгүй юм шиг аашлан авирлаж дайрлаа. Үр дүн нь юу байв. Таван сайхан залуу буудуулж газарт булагдав. Өөр ямар чиг үр дүн гарсангүй. Харин энэ бүхний шанд 20, 30 жилээр дархлагдсан юм шиг популистуудыг Монгол төрийнхөө сэнтийд залав шив дээ.

Өвлийн тэсгим хүйтнээр ч, хаврын хавсарга салхитайд ч эрүүл нийгмийн төлөө гэж ард түмнээ турхирч босгосон дарга нар яг үнэндээ өнгөрөгч он жилүүдэд ард түмнээ бодсон уу. Өнөөдөр улс орон минь өр ширэндээ баригдаж, өт хорхойндоо идэгдэж, олон түмний амьдрал улам л уруудаж, цөөн хэдэн баячууд Монголыг залгин, дундаж давхарга гэх ойлголт үгүй болж нийтээрээ ядуу гуйланчлалыг амсаж байна. Хорин хэдэн жилийн түүхтэй үй түмэн жагсаал цуглаан жаахан ч гэсэн эрүүл саруул байж, үнэнч шударгын төлөө явсан бол Монголын нийгэм өнөөдөр шиг сэхээнд орчихсон, эдийн засаг нь элгээрээ харуулдчихсан байхгүй нь мэдээж. Хэдхээн популист улстөрчид, тэднийг тойрон хүрээлэгчид, гэр бүл ах дүү, амраг садангийнх нь хүмүүсийн ахуй амьдрал дээшлээд энгийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаад буй нь эмгэнэл.

Тэгэхээр Монголын ард түмэн улстөрчид болоод тэдний гар хөл болсон нөхдийн өмнөөс жагсч, уриа лоозон болж төрийн алтан соёмбыг дэвслэх ямар ч хэрэггүй гэдгийг ойлгосон байна. Ард түмэн нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болжээ. Өдөр тутмын сонин хэвлэл тогтмол уншиж, телевизийн олон суваг үзэж байгаа. Тухайлбал, “Өдрийн сонин”-д Баабар, Цэнддоо юу гэж бичсэнийг анзаарч, Энэрэл, Хашчулуун, Мөнгөндалайн улс төрийн нийтлэлүүдээс ямархан прогноз өрнөхийг тэд нэгд нэгэнгүй уншиж байна. Эдийн засагч, стратеги судлаачдын ярианд дүн шинжилгээ хийж, олон улсын тойм мэдээллийг анхаарч байна.

Улс төр, эдийн засаг, олон улсын ийм өргөн мэдээлэлтэй байгаа ард нийт тухайн жагсаалын зорилгыг хэдийнэ ойлгочихсон, хэн хэн зохион байгуулж байгаа, хэн ард нь чимээгүйхэн санхүүжүүлж байгаа гэдгийг нэгд нэгэнгүй мэдчихэж байна. Сүүлийн үед жагсаалд залуучууд идэвхигүй хандах боллоо гэх зохион байгуулалттай мэдээлэл гарч байсан. Монголын эх орончдын жагсаалд тэтгэврийн хэдэн хөгшид очихоос өөр хүн тоож очихоо больсон нь үнэн. Хуучин шиг таван халтар цаасанд хууртахаа больж, ард түмэн тийм л хэрсүү болжээ. Сүүлийн жилүүдэд иргэдийн улс төрийн идэвхи илт сэргэсэн нь өнгөрсөн жилийн Их хурлын болон орон нутгийн сонгуулиар батлагдсан.

Тэд эрх баригчдад зүгээр нэг доромжлуулж суухыг хүсэхгүй байна. Нам эвсэл фракцуудын эрх мэдлийн төлөөх улайрсан дайралтад бамбай нь болж хий дэмий жагсахын оронд сонгуулиар зайлуулах нь илүү үр дүн-тэйг мэдэж байна. Тиймийн учир залуучууд болон олон нийт идэвхигүйдээ, мэдэхгүйдээ, завгүйдээ жагсаалд оролцохгүй байгаа зүйл огтоос биш юм. Улстөрчдийн албан тушаалын төлөөх олны өмнө дэглэсэн жүжгийн цаад утга санааг нэвт шувт анзаарах болжээ. Ард түмэн ийм өргөн мэдлэг мэдээлэлтэй, улс төрийн соёлтой болсныг эрх баригч эрх дархтнууд харин анзаарч байгаа болов уу. Улс төрчдийн зохион байгуулсан эрүүл нийгмийн жагсаалд 300-гаад хүн, ардаа ямар ч улс төргүй зөвхөн таны эрүүл мэндэд хөрөнгө оруулалт болох гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган хүн цуглаж байгаа нь үнэндээ ийм учиртай.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Яаж улстөрч болох вэ?

-ЗӨВЛӨГӨӨ ФЕЛЬЕТОН-I-

Бодсоноосоо өөрийг ярьж, ярьснаасаа өөрийг хийхийг улс төр гэнэ. Харин хийж мэдэшгүй юмандаа бусдыг итгүүлдэг, хожим яагаад амжаагүйгээ ойлгуулж чаддаг хүнийг улстөрч гэдэг. Улс төр, улстөрч хоёр урвуу пропорциональ харьцаатай байдгийг судлаачид тогтоожээ. Тухайлбал, хаана улс төрийн байдал муу байна тэнд улстөрчид тоймгүй олширдог, заримдаа олширсоор байгаад улс төрөө идчихдэг явдал бий гэлцэнэ.

Харин улс төр сайжрахын хэрээр улстөрчид цөөрч улмаар арилдаг. Манай орны хувьд нэг хүнд ердөө хоёрхон улстөрч ногдож байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад туйлын хангалтгүй үзүүлэлт юм гэж улс төр судлаачид үзэж байна.

Иймд сул иргэдийг улстөржүүлэх ажлыг вакцинжуулалттай хавсран зохион байгуулах, түүнчлэн сүүлийн үед мэр сэр үзэгдэх болсон хошой үзэлт болон нам дамнасан (транспартийный) улстөрчдийг олшруулах шаардлага гарч байна. Хүн болгоныг эмч болгож болдоггүй байтал хүн бүрийг улстөрч болгож болдог.

Өдгөө хараахан улстөрч болж амжаагүй яваа “үндэсний цөөнх”д зориулж цөөн хэдэн зүйл зөвлөе. Улстөрч болохын тулд эхлээд сонгуульд өрсөлддөг. Олон түмэн чамайг сонгодоггүй, чи олон түмнээр өөрийгөө сонгуулдаг гэдгийг эхлээд мэдсэн байгууштай.

Хоёрдугаарт, сонгогчид нэр дэвшигчдийн амлалтыг сонгохоос бус биелэлтийг сонгох бололцоогүй. гэхдээ сонгогчдын өмнө хүн хийж болох зүйл амлаж огт болдоггүй. Тэд хүн учраас хүн юуг хийж болох, болохгүйг сайн мэднэ.

Иймээс нэр дэвшигчийн амлалт “Энийг л би яавч хийж чадахгүй дээ” гэсэн зүйлээс эхлэх ёстой. Ингээд л өрсөлдөнө дөө. Сонгуульд ялах үндсэн нөхцөл нь чиний сайн тал бус өрсөлдөгчийн чинь муу тал байдаг. Хэрвээ сонгогдохгүй бол гуних хэрэггүй. Хүмүүс чиний юу хийж чадахгүйг мэдэхгүй өнгөрөх тул сайн талтай.

Харин ийм үед “Ингээд болгочих байсан юм”, “Тэгдэг учиртай юмыг ингэж буруутлаа” гэх мэтээр байнга ярьж сонгогчид “Энэ хүнийг сонгох минь яалаа” хэмээн толгойгоо шаахад хүргэх учиртай. Харин сонгогдвол яах вэ. Алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүй байх учиртай. “Энэ тэгсэн” гэж муулуулж байснаас бус “энэ тэгсэнгүй” гэж шүүмжлүүлсэн явдал тохиолдоогүй юм шүү.

Онцолж хэлэхэд нэг ч сонгогчид тус хүргэж болдоггүй юм. Хэрэв тэгвэл үлдсэн бусад нь чамайг хардаад сүйд хийнэ. Эмэгтэй сонгогчтой эр эмийн холбоотой, эрийг эмлэдэг гэх мэт нэр дуулах нь наад захын хэрэг. Манай сонгогчид хэн нэгэнд нь тусалдаг улстөрчөөс хэнд нь ч тусалдаггүй тэгш гадуурхдагийг нь сайнд тооцдог онцлогтой. Үүнээс үүдээд тус болдог улстөрчөөс илүү тус болчихмоор сэтгэгдэл төрүүлдэг улстөрч хол явдаг. Сонгуулийн хугацаанд хийх гол ажил бол яагаад амласнаа хэрэгжүүлээгүйг тайлбарлах, өөр ямар чадахгүй юмаа амлах вэ гэдгийгээ бодох хугацаа байдаг. Ингээд танд амжилт хүсье. Дараагийн сонгуулиар нэр дэвшигчийн тоо сонгогчийнхоосоо давахгүй юм аа гэхэд тэнцэх улс төрийн ерөөл тавья.

1993

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаярын жолоог эвхүүлсэн нь Монголын ардчилалд мууг ёрлож байгаагийн дохио

Парламентад суудалтай гурван намаас гурван нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд уяа сойлгоо тааруулж байсан. Сойсон хүлэг уралдаанд орохоо байхыг уяа мултарсан, жолоог эвхүүлсэн гэдэг. Үүн шиг гурван нэр дэвшигчийн нэг Н.Энхбаярын уяаг мулталж, жолоог эвхүүллээ. Н.Энхбаярыг Монголын ард түмэн сайнтай муутай нь хангалттай мэднэ. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн, зохиолч орчуулагч, Монголын төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг хашиж явсан, оймс гозолзож, шүүхэд очиж, хоригдож, эмнэлэгт хүргэгдэж, нам байгуулж дарга нь болсон гээд сүүлийн үеийн үйл явдлууд дуулиантайхан өрнөснийг андахгүй мэдэж байгаа. Өнгөрсөн ням гаригт Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдэхээр хуралдлаа. Н.Энхбаяр намын үнэнч хэдэн нөхөд болон эмээ, өвөө нарыг улаан бүч малгай өмсгөөд дагуулаад очсон ч тусыг эс оллоо. Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороо өөрийг нь бүртгэхгүйг өмнө тооцоолсон болоод л ингэж сүр бараатай очсон биз. Сонгуулийн ерөнхий хорооны хурлын шийдвэр яаж гарахыг ч иргэд аль хэдийнэ гадарлаж байсан даа. Таамаглаж байсанчлан нөгөө хоёрыг нь ногоон гэрлээр бүртгэчихсэн. Харин Н.Энхбаярыг бүртгэсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэхгүй болсон албан бичигтээ гурван үндэслэл дурдаж. Эхнийх нь, нэр дэвшигчийг хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй учраас бүрдүүлэх материал дутуу өгсөн гэж үзжээ. Нөгөө нь, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж. Түүний ялтайд тооцох хугацаа нь энэ оны наймдугаар сарын хоёронд дуусна гэжээ. Эндээс түүнийг сонгууль дууссан хойно л ялгүй гэж үзэх юм байна гэдгийг хэн ч ойлгоно. Эцэст нь таваас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэв. Тухайлбал, 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-нийг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж.

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ болилоо гэж үсээ үгтээн, харамсч халаглаад байх ч юу байхав. Энэ хүн өөрөө нэр дэвшихээ болиогүй. Нэр дэвшүүлэхгүй гэж бүхий л шатанд хичээж, санасандаа хүрсэнд хамаг учир байгаа юм. Монголын ардчилал, Монголын төр, Монголын удирдагчид юу хийж чаддаг, ямар болсныг Н.Энхбаярыг УИХ-д, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байгаагаас харж болно. Зөвхөн Н.Энхбаярт зориулж, зөвхөн энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж хуульд ямар заалт суулгасныг, энэ хуулийн өөрчлөлт бүхнийг хийж болж байгааг бид харж байна. Ганц хүнд зориулж хэрхэн хуулийг өөрчилж, хуулийг тайлбарлаж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг эргэн саная.

2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхдээ 2016 оны есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр заасан бол МАН эрх баримагцаа гэнэт энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр хугацааг хойшлуулсан. Уг нь Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг ингэтэл удаан хойшлуулах нь олон үр дагавартай байдаг ч зөвхөн Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хуулийн хэрэгжих хугацааг ингэж хойшлуулчихав. Эрх баригчид үүнийг бэлтгэл ажил хэрэгтэй учраас гэж тайлбарладаг. Ингэж хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар 8000 гаруй хоригдлын суллагдах хугацаа нь мөн хойшлогдсон гэсэн үг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Парламентад Шударга ёс эвсэл 11 гишүүнтэй байлаа. Тэд Ардчилсан намтай хамтарч засаг барьсан. Гэтэл жижиг намуудыг шахах зорилгоор ялангуяа Н.Энхбаярыг хүчгүй байлгахын тулд улс төрд тоглолт хийх боломжийг хаахын тулд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан гэж үздэг. Уг нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй заалттай байхад түүнийг авч хэлэлцээгүй. Энэ өөрчлөлтөөр пропорциональ системийг халсан билээ. Уг нь пропорциональ системд шилжих гэж чамгүй юм болж байж баталж, энэ системээр хоёр ч сонгуулийн нүүр үзсэн. Ингээд Үндсэн хуулийн Цэц 2012 онд пропорциональ системийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн хэрнээ 2016 онд эсрэг шийдвэр гаргасан. Тэгэхээр өмнө нь пропорциональ тогтолцоогоор явуулсан сонгууль бүгд хүчингүй мэт ойлгогдохоор болчихсон. Гэвч үүнийг хүчээр шийдээд баталчихсан. Үүнийг нь дэмжихгүй байсан Цэцийн дарга Ж.Амарсанааг албаны хэрэгцээнд үнэтэй машин авсан гэж шалтаглан чөлөөлж байлаа.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдэг нь анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заажээ.

Харин Н.Энхбаяр гадаадад эмчлүүлж байх 13 сарын хугацаандаа зургаан сарын дотор Монголд ирж очиж байсан байх юм. Цаашлаад хилийн алба гэдэг нь иргэнийг хилээр гарч байгааг бүртгэдэг газар болохоос гадаад, дотоодод оршин сууж байсан эсэхийг тодорхойлдог газар биш.

Сонгуулийн ерөнхий хорооны татгалзсан хоёр дахь үндэслэл нь шүүхийн шийдвэрт үндэслээгүй шүүхийн захирамжид үндэслэснийг МАХН-ынхан хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн нэр дэвшигчийг хилийн бичиг дутуу өгсөн гэх хэрнээ хилийн бичгээ үндэслэн шийдвэр гаргасныг ч МАХН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

Энэ бүхнийг харахад ил харагдах байдал нь бүгд хуулийн дагуу юм шиг. Нэг нь хууль санаачлаад парламент нь шууд баталж байна. “Энийг захиалгаар оруулаад ирлээ. Ганц хүнд зориулж ингэж болохгүй. Энэ чинь Н.Энхбаярт зориулж ” гэж хэн ч асууж, хэн ч дуугарахгүй нь хачин юм шүү. Нэгэнт хууль санаачлах ёстой субьект санаачилж оруулж ирээд парламент хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар баталсан болохоор ёс журам, хуулийн дагуу болоогүй гэж хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ захиалгаар ийм юм болоод байгааг бид харж байна. Нийт ард түмний төлөө хууль үйлчилдэг байхад хэдхэн хүний карьер, өрсөлдөгчөө намнахын тулд гаргадаг шийдвэр биш.

Нийгэмд дэг журам, шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нийгмийн харилцааг зохицуулж байдаг заавал биелэгдэх шинж бүхий хэм хэмжээний цогцыг хууль гэж тодорхойлдог. Энд дурдсан шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, дэг журам хаана байна. Ганц хүнд зорилуаад хууль санаачлах, сахиулах, биелүүлэх, хянах бүх л байгууллага нь ажиллаж байна. “Барьж хорь” гэхээр нь цагдаа, тагнуул, АТГ нь бөөнөөрөө очоод Холливүүдийн детектив кино ард түмэндээ бодитоор үзүүлчихэж байна. Нууцаар бичлэг хийж байна. Шүүх нь шийдвэр гаргаж байна. Ард түмний төлөөллөө болгоод сонгосон парламент нь үг сүггүй хууль баталж байна. Үйл явдлын цаана нэг хүн рүү хандсан өрнөл болоод байгааг мэдэвч буруу гээд хэлэх гэхээр бүгд процедурын дагуу болчихсон.

Монголын парламент ямар ч дархлаагүй байгаагийн, хууль ёс яаж алдагдсаны гол шинж энэ мөн. Ямар бүлэглэл төрийн толгойд байна, парламент тэрний заавраар л хөдөлж байна. Өнгөрсөн парламент ч тэр, одоогийн парламент ч тэр, хэний, ямар бүлэглэлийн заавраар энэ бүхнийг хийсэн нь хүн бүрийн нүдэнд ил. Дээрээсээ удирдлагатай, багцлагдаад аль ч нам олонх болсон ялгаа алга. Өмнөх парламентад цөөнх нь ядаж дуугарч болох байсан, эсэргүүцэж болох байлаа. Гэтэл тэгээгүй. Өнөөдөр 65-уулаа олонх нь нэг талд гарчээ гэж бодоход цөөнх нь бас дуугарч болноо доо. Бас л тэгсэнгүй. Ингэж нэг удирдлагатай ярайтал сууж байгаад олонхи цөөнхгүй баталчихаж байна.

Энэ л бидний санааг зовоох гол асуудал болоод байгаа юм. Бүлэглэлүүд төрийн толгойд нь гарчихаад тэр бүлэглэлийн толгойд хоёр, гуравхан хүн бүхнийг найруулж суухад Монголын ардчилал Монголын эмгэнэл болж байна. Монголын парламентын дархлаа ийм сул, хэн нэгний үгнээс гарахгүй, дохио зангаагаар дуулгавартай хууль баталдаг болсон нь Монголын ардчилалд муу ёрлож байна. Эрх мэдэлтэй хүн л бүхэл бүтэн улсыг юутай хээтэй нь ингэж удирдан залж 6-8 жил нэг бүлэглэл нийгмээр нь атгаж хүссэнээ хийж, хийлгэж байхад ардчилал баталгаатай байна гэж хэлж болох уу. Хамгийн их санаа зовох асуудал энэ болоод байгааг хэн хүнгүй л мэдэж байна. Нэг бүлэглэлийн дараа дахиад л өөр нэг бүлэглэл мөн л ингэж удирдан чиглүүлнэ. Ард түмэн энэ бүхнийг мэдэж байгаа ч хууртаад байдаг. Нийгэмд болж буй улс төр, эдийн засгийн бүх үйл явц найруулагчтай, найруулгатай болчихлоо. Ямар нэг тоглолтын хөтөлбөрт хөтлөгч ингэж зарлаад дараа нь дуучин тийм дуу дуулсны дараа тэр гэдэг бүжигчин тэгж бүжиглэнэ, төгсгөл нь ийм байна гэдэг шиг Монголын төрд болж буй үйл явц яг тэр чигээрээ хэрэгжиж, тэр бүү хэл үзэгч нь хэрхэн алга нижигнүүлэн ташихыг зааж байна.

УИХ-ын сонгууль болж байхад аль нам ялах нь тодорч, аль намаас хэн гарч ирж, ямар албан тушаалд очих, дарга нь хэн байх, Ерөнхийлөгчид хэн дэвших нь тодорхой болчихсон байдаг. Хэн гуайн хүү нэр дэвшинэ гэж УИХ-ын сонгуулиар ярьж байсан. Хэн гуайн хүүг дэвшүүлэхгүй гэж дээр дооргүй яриад эхэлсэн. Яг тэр ёсоор боллоо. Одоо хэн гуайн хүү яаж ялахыг бас яриад эхэлчихлээ. Ирэх зургадугаар сарын 26-нд хэн гуайн хүү Ерөнхийлөгч болохыг ч аль хэдийнэ тодруулчихаад л ярих юм. Бас л ёсоор болох вий. Хаана байна, хайран ардчилал минь, хаана байна бидний ардчилсан сонголт.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох

Монголчуудын ганц чадах зүйл монгол хүнээ экспортлох. Гэхдээ ямар хүнээ экспортлох вэ гэдэг дээр цензур тавигдана. Ялангуяа чөлөөт болон жүдо бөх, боксын тамирчдаа дэлхийн зах зээлд гаргаж мөнгө болгох боломж бий. Мөн сүмо, самбо, дүрэмгүй тулаан, цэрэг арми гэх мэтээр тэмцэх чадвар шаардсан аль болох хүчний салбарын хүмүүсийг экспортлох, хөрөнгөтөн орнуудад хөлслүүлэх ажлыг монголчууд ганц сайн хийж чадна.

Нэгэнтээ эх орныхоо төлөө тангараг өргөсөн эр цэргээ, эргэлт буцалтгүйгээр их спортод хөл тавсан эрхмүүдээ ингэж л сайн сайхан амьдралтай нь залгуулах хэрэгтэй санагдана. Аль ч оронд очсон манай спортынхныг булаацалдаад авах учраас зах зээл бэлэн. Эргээд энд үлдсэн хэддээ олсон хэдээсээ илүүчлэх байдлаар нэгийн ард нэлээд хэдэн хүний амьдрал тэгшрээд ирэх болов уу. Вальютын дотогшлох урсгал нэмэгдэнэ гэдэг улс эх орны эдийн засагт ч тустай. Ингэж шинэ жишиг, шинэ имиж тогтоох хэрэгтэй байна. Мөнгөгүйн гачланд байсан тэд юм юмны захад хүрч тэмцээн уралдаанд оролцоод ирэхээрээ тив дэлхийг донсолгосон амьд домог ч болох юм бил үү. Тамирчны амжилт түмний нүдэн дээр ил байдаг учраас өөр улсын нэр дээрээс боссон ч ард нь Монгол гэдэг нэр л цуурайтдагийг бид олонтаа харж байгаа.

Хүн хүчээ экспортлох жишгийн зах зухаас дурдвал, цэрэг армийн талбарт Коморын арал Франц хоорондын жишээ байна. Анх 1831 онд Луи хаан улсаа хамгаалахын тулд хөлсний цэргүүдээс бүрдсэн легионы анги байгуулсан нь одоо ч олон улсад зэвсэгт мөргөлдөөнийг дарах, энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж дэлхийд Францын эрх ашгийг хамгаалж байгаа. Коморын аралд хөвгүүн төрөхөд Францын легионд ажлын байр нь бэлэн байдаг гэх хэлц яриа хүртэл тэр хавьд тархсан. Өнөө цагт францчууд 130 гаруй орны шилдэг эрчүүдээр улсынхаа эрх ашгийг хамгаалуулж байна. Монголын 50 гаруй цэрэг эр ч Францын төлөө амиа үл хайрлан тэмцэхээр тангараг өргөсөн байдаг. Зургаан мянган ам.долларын цалинтай болохоор бусдын нутгийг, бусдын эхнэр хүүхдийг хамгаалах үүрэг хүлээж байгаа юм. Бас цэрэг армийнхаа хүчийг зарж хөрөнгөжсөн орны тоонд Швейцарь зүй ёсоор орно. Энэ бизнес нь XIV зуунаас эхлэлтэй бөгөөд Швейцарийн ихэнх эрчүүд хөлсний цэрэг, үлдсэн нь дээрэмчид байсан гэдэг. Цаг хугацааны эрхээр бусдын хөрөнгийг хамгаалагч болж өнөөдрийн имижээ бүрдүүлсэн байна.

Энэтхэгийн кинонд гардаг, кино од сайхан бүсгүйчүүд нь бүгд л ойролцоохь орнуудаас гэрээгээр ирдгийг хүмүүс гадарлах байх. Ажиллах хүчний импортлогчдын талбарт Өмнөд Солонгосын жишээг монголчууд сайн мэднэ. Дээр нь Кувэйтийн иргэд 1980 он гэхэд хар бор ажил хийхээ больчихсон байсан. Бас Европын улс хооронд хөлбөмбөгийн тамирчид адуу мал шиг зарагдаж байдгийг ч бид ярьдаг. Челсигээс зарагдсан, мөнгө дагасан тамирчдын төлөөлөл Жош Макикран, Тибо Куртуа, Сэм Хатчинсон, Гаэль Какута гээд олон арав бий. Өөр улсын нэр дээр тоглосон гээд тэд буруудаагүй. Уруудаж, доройтсон юм ч байхгүй бүгд л шилдэг мэргэн бууч, оны шилдэг тамирчин болон мандсан байдаг. Олимпийн хошой алтан медальт Усайн Болтоос хойш Ямайкийн иргэдийн гүйлгээ эрс нэмэгдсэн гэх юм билээ. Энэ мэтээр нялуун, нялзрай ард түмэнтэй улс орнууд олон байгаа учраас ийм бизнес дэлхийн зах зээлд баттай хадгалагдаж, тэнхээ, тэсвэр сайтай хүний эрэлт их байгаа.

Хөгжилтэй, хөрөнгөтэй орнуудын хүүхнүүд нь битгий хэл эрчүүд нь хүртэл энхрий зөөлөн, эелдэг булбарай болчихдог учраас ийм зах зээл бий болж. Төрсөн цагаасаа эхлээд хэрүүл зодооноос ангид, ёс суртахууны өндөр хэм хэмжүүр дунд өсч өндийдөг болохоор тэр биз. Тэдэнд цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэх тухай ойлголт байдаг эсэхийг бодох ч хэрэггүй. Нударга зөрүүлэх нь бүү хэл хүний өөдөөс ч муухай харж үзэлгүй хүмүүжиж байгаа хүмүүс яаж хатуу ширүүнийг мэдэх билээ. Мэдээж хүн л юм хойно хүчний спортыг сонирхож, амжилт олж алдар нэрд хүрэхийг мөрөөднө. Гэхдээ төрсөн цагаасаа хахир хатуутай нүүр тулж үзээгүй цагаан гартнууд спортын хүнд бэрхийг бүү хэл дасгалжуулагчийнхаа хатуу үгийн пянг даахгүй шантардаг. Тулааны талбар, бөхийн дэвжээнд гараад бидэн шиг хүмүүстэй таарчихвал хоёрхон удаагийн халахыг тэсэж чадалгүй бууж өгдөг. Ийм ард түмэнтэй орон олон байгаа.

Харин монголчууд ямар билээ. Монгол хүний амьдралын өдөр бүр нь тэсвэр хатуужил, тэмцэл шаардаж байдаг. Ядаж л цаг уур нь эрс тэс. Тэгээд ч барилдаж, ноцолдохыг цэнгэл жаргал гэж ойлгож өсдөг улс. Дээр нь төр засаг нь ард түмнээ хөрвийн аргаар хүн болгож байгаа. Хаврын хахир өдрүүдэд хурга, ишгэнд эхийнх нь хоосон дэлэнг нудчуулахаас өөр ямар ч нэмэлт тэжээлгүй бойжуулахыг хөрвийн арга гэдэг. Яг тэрэн шиг хүйтэн сэтгэл гаргаж хувийн өмч дээрэмдэж, татвар чангалсаар байдаг төртэй. Ийм орны иргэд хахир хатуу юуг ч даван туулж чадна. Ялангуяа манай хүүхнүүд. Эхний бэрхшээлтэй нүүр тулахад ажралгүй давчихдаг бол хоёр дахиас нь бүр жавхаажаад ирдэг. Гурав дахь саад бэрхшээлийг бүүр гар хурууныхаа үзүүрээр хөнгөхөн даваад гарчихна. Япончуудын хийсэн судалгаа байна. Монгол эмэгтэйтэй харилцахад хамгийн төвөгтэй гэсэн.

Эндээс дүгнэхэд монгол эмэгтэйчүүд спортын ертөнцөд цахиур хагалах нь тодорхой байгаа юм. Эрчүүдийн хувьд халирч шантраад хүнд бэрхийн өмнө өвдөг нугарч бор дарсанд шунах тал бий. Гэхдээ хасах 10 хэмийн хүйтэнд хатгалгаа тусдаг цагаан гартнуудын дэргэд цасаар цээжээ угаагаад зогсч байдаг жавхаатай улс. Хар нялхаасаа халангар эцгийнхээ оронд унага, даага татахаас эхлээд, эр, эмгүй эмнэг хангалтай ноцолдож, нүүр нүдгүй балбах цасан шуурга, хасах 40 хэмийн хүйтэнтэй тэмцэж байдаг болохоор арга байхгүй тэсвэр хатуужлын туйл болдог. Ийм хол ялгаатай учраас монголчууд бид хатуу ширүүнийг мэдэлгүй яах вэ. Хасах 10 хэмийн хүйтэн гэдэг манайхны наранд биеэ шарах хэмжээний дулаан бол цагаан гартнуудын цамцаа давхарлаж өмсдөг тэсгим хүйтэн юм.

Тамирчдын дутагдалд орчихсон орнууд хамгийн супер, мундгуудыг чинь авъя гэдэггүй. Монголчууд ч хүссэнийг нь өгөхгүй. Ядаж дөрөв, тавдугаар байр бүр адаглаад улс орных нь нэрийг гаргачих тамирчин, байгаа хэдэд нь зааж чиглүүлээд өгөх дасгалжуулагч л гуйдаг юм билээ. Тэр дундаа чөлөөт, жүдо, боксын эмэгтэй тамирчид эрэлт ихтэй дуулддаг.

Манайхаас гадагшлах урсгал ч эхэлсэн нь сүүлийн жилүүдэд хангалттай харагдаж байгаа. Риогийн олимпод Казахстаны далбааг өргөж хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг хамгийн сүүлийн жишээ нь. Г.Отгонцэцэг энэ нүүдлийг хийснээрээ алдаагүй гэдэг нь Казахстаны Засгийн газраас хүрэл медальтнууддаа 75 мянган ам.доллар, нэг өрөө байр өгнө гэж зарлаж байснаас харж болно. Д.Мөнхбаяр 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн нь Германы спорт гар бууны төрлийн анхны медаль болж байв. Монголд буудлагын талбай, буу, сум олдохгүйн зовлонг гэтэлж Германд очсон түүхтэй нь энэ. Түүнээс гадна гавьяат Д.Баттулга дасгалжуулагчдаас хамгийн түрүүнд гадны оронд хүрч Малайзын жүдочдын бэлтгэлийг хангаж байв. Түүний араас 1992 оны Барселонагийн олимпод оролцож явсан Д.Маралгэрэл мөн явсан. Чөлөөтийн Гансүх, гавьяат тамирчин Х.Болдбаатар нар Өмнөд Монголд мөн дасгалжуулж байгаа сурагтай байна. Ази, Европын орнууд Канадад хүртэл манай тамирчдаас оччихсон цагаан гартнуудад хатуу ширүүн, хүнд бэрхийг даван туулах арга замыг зааж сургаж эхэлсэн гэсэн. Гаднынхан монголчуудын туйлбартай, үнэнч занд хамгийн их дуртай байдаг. Очсон газраа эрчүүд охид хүүхнүүд рүү нь хараа бэлчээхээс илүү асуудал тарьдаггүйтэй холбоотой юм байна.

Хар ажлын талбарт хэдийнэ монголчууд гарчихсан ажил нугалах чадвар, арга барилаараа Солонгосын хойгт гайхуулж яваа. Африк, Арабын орнуудаас Монголын энхийг сахиулагчдын тэсвэр хатуужлын талаар онц сайн мэдээ тасралтгүй ирж байна. Энэ жимийг таслалгүй имиж болгож чадвал их юм дагуулна. Явж сайхан амьдар гэж байгаа болохоос эргэж битгий ирээрэй гэж байгаа юм биш.

Л.МӨнхтӨр

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон Чингэс

НЭГ. ДЭЛХИЙН ЧИНГЭС

Чингэс хаан бол монголчуудын хувьд Бурханы нэгдүгээр орлогч, заримдаа босстойгоо ч байр сууриа булаалддаг нэгэн. Социализмын он жилүүдийг эс тооцвол Чингэс хааны байр суурийг булаалдах хүн Буддагаас өөр гараагүй билээ. Гэхдээ Чингэс хааныг хүн ардын сэтгэл зүрхний тольтоос яахин арчиж барах билээ.

Чингэс хааны амьдрал нь ялалт байлдан дагуулалтаар дүүрэн байсныг бид түүх номоос уншиж ирсэн. Харин түүний хамгийн агуу ялалтыг бид мэдэхсэн бил үү? Энэ ялалт нь мянга мянган дайчид амиа өрсөн их тулаануудын дунд бус, монгол баатруудын хөлд сөхөрч буй хэрэм цайз, хот балгадын нурам цурам дунд бус ердөө хот хүрээн дотор нь жирийн нэгэн амгалан өдрүүдэд болж өнгөрчээ.

Тэнгэр шүтэх бөө мөргөлт монголчуудын оюун санааны удирдагч нь бөө нар байв. Голлох бөө нар залуу Тэмүүжинг эхнээсээ дэмжин “Тэмүүжин улсын эзэн болох тухай зөнг тэнгэр надад хэллээ” гэхчилэнгийн пиар хийж байлаа. Гэвч залуу лидерийн цаашдын ирээдүй, нүүрэн дээр нь өсч байгаа нөлөө нь бөө нарт юм бодогдуулсан болтой юм. Ингээд түүний эсрэг сурталчилгаа хийж эхэлсэн байна. Арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа.

Ингээд бөө мөргөлт тал нутагт ямар ч хүн зүрхэлж хиймгүй нэгэн ажлыг Тэмүүжин хаан зориглон хийжээ. Энэ нь олны нүдэн дээр Тэв Тэнгэр бөөг нурууг нь хугалан алууллаа. Мухар сүсэгт олон түмэн агшин зуур тэнгэр нурж, аянга ниргэн ирээдүйн их хаанаас жаахан үнс хайлш төдий үлдэнэ гэж түгшин хүлээж байлаа. Мэдээж, өөрснөө ч хомрогонд өртчихгүйг хичээн хүрээнээс зайгаа авч, тэнгэрээс ядаж л том чулуу уналаа гэхэд булт үсрэх талын юм ч бодсон нь гарцаагүй. Учир нь бөө нар бол тэнгэрийн суурин төлөөлөгчид шүү дээ.

Гэтэл тэнгэрийн суурин төлөөлөгчийн ууцыг хугалсны араас орчин цагийн махчингууд НҮБ-ын суурин төлөөлөгчийг шарж идсэний дайтай ч үймээн болсонгүй. Тэнгэр нурах нь бүү хэл од ч харвасангүй. Тэмүүжин “болдог юм байна” гэж бодсон уу, “тэнгэр миний талд байна” гэдэгт итгэсэн үү, мэдэхгүй.

Харин тал нутгийн нүүдэлчид Тэмүүжин өөрөө тэнгэрээс илүү биш юмаа гэхэд чацуу эрхтэйг харлаа, үнэмшлээ. Үүнээс хойш эрх мэдэл, ашиг сонирхлын зөрөөгөөр л түүнтэй цанхаалсан этгээд мэр сэр гарснаас бус тэнгэртэй тэнцэх эрх мэдэл, хувь тавиланд нь хэн ч эргэлзэхээ байжээ. Ялалт ингэж эхэлсэн билээ. Чингэс хаан ба түүний үр сад бол тал нутгийн нүүдэлчдийн дээд эзэн төдийгүй, тэнгэрийн дор орших бүхнийг захирахаар газарт буугсад ажгуу. Тиймээс Монголын эзэнт гүрний хаадаас харь орны эзэн, захирагч нарт илгээсэн захидлууд “Наран ургахаас аваад наран жаргах хүртэл бүх газар дэлхий Тэнгэрийн соёрхлоор гагцхүү бидэнд заяасан” хэмээн ямагт сануулна. Одоо ч бид Монголын тулгар төрийг үндэслэгч их хаанаа тэнгэрийн хөвүүн, тэнгэрлэг хөвүүн хэмээн хэлэлцсээр…

ХОЁР. АВРАГЧ ЧИНГЭС

Хуран бүтсэн их монгол гүрэн таран буурахын цагт монгол голомтоо сахисан үр хөвүүд Манж Чин гүрний эрхшээлд орлоо. Ил хаад, Алтан ордны эзэд, Юань династийн боссуудын ихэнх нь тэр газрын соёл, шүтлэгт уусчээ. Зарим нь бууран доройтож сарнин зугтааж, төрөлх голомтоо бараадсан нь ч бий. Чухам ийм харанхуй зуунуудад гал голомтоо сахиж үлдсэн монгол хүн бүрийн зүрх сэтгэлд нэгэн зул бадарч үлджээ.

Хэзээ ч үл унтрах энэ гайхамшигт зул “Чи өнөөдөр дорой буурай байгаа нь цаг зуурын зовлон. Чи Чингэс хааны үр удам билээ. Нэгэн цагт нойрноосоо сэрмэгц өвөг дээдсийн чинь сүр хүчин чамайг эзэмдэн, золбоо хийморь чинь бадрах болно” хэмээн буурлын сургаал, эхийн бүүвэйгээр учирлан учирласаар. Энэ гайхамшигт зул харанхуй бүрэнхий зуунуудад монгол хүнийг унтуулалгүй, уусган арилгаагүй авч үлджээ. Дэлхий дээр өчнөөн төчнөөн хүчирхэг гүрнүүд бөхөн арилжээ. Бас сая саяар тоологдох үндэстнүүд нутаггүй, эх оронгүй тэнүүчлэн оджээ. Хамгийн хоцрогдсон, хамгийн цөөхөн буурай нүүдэлчин монголчууд дэлхий дахины дажин, үймээн дундуур, тоо томшгүй олон хүнтэй улс гүрнүүдийн завсарт тэсэн үлдсэн нууц энэ. Хүн нэрээ ч мартаж болох балар цагийн дундуур монголчууд Чингэс хаанаа мартаагүй тулдаа тусгаар тогтнох, гал голомтоо сэргээх үзэл санаагаа хаяагүй, мартаагүй.

Харин энэ үеийн шүтээн Чингэс хаан, эрт үеийнхээс өөр агуулгатай. Их гүрний үед дэлхий дахиныг тэгшитгэгч, хорвоогийн хүн ардыг алагчлалгүй захирагчийн дүртэй байсан тэнгэрийн хөвүүн өөр болжээ. Монголчууд дэлхийг эзэгнэх гэдэг, монгол хаан дэлхийг захирах гэдэг үзэл санаа энд байраа солихоос өөр замгүй болов. Их гүрний нөлөөнд өөрийн зан суртал, удам судраа аварч үлдэхээс өөр эрмэлзэлгүй болохын цагт Чингэс хаан зөвхөн Монголын цэвэр цусыг авран хамгаалах шүтээн болов.

Чингэслэг үзэл нь юун түрүүн манж хятадын эсрэг үзэл санаа болов. Улмаар ХХ зуунд Монголын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нөлөөллөө тулгасан Зөвлөлтүүд Чингэсийг нэг нүдээрээ үздэггүй нэгэн байв. Энэ бүхнээс үүдэн гадаадынхны соёлын түрлэгийг сөрөх гол үзэл санаа Чингэс дээр тогтох болов. Улмаар үндэсний үзэл, “цэвэр цусны монгол” байх үзэл санааны удирдагчаар Чингэс хаан тодров. Цаашлаад, цөөхнөө мэдэхгүй бага ястнаа гадуурхах, хэн нэгнийг эрлийз хурлийзаар нь дуудан “муу цустны данс хараа хөтлөх”, санаандаа таараагүй заримыгаа эрлийз хурлийзаар хочлох их үйлсийг Чингэс хааны тугийн дор явуулах болов.

Чингэс хааны есөн хөхөлт туг яван явсаар есөн хөлтэй гэж ойлгогдсон . Тэгээд хөл гэж ишийг нь хэлж байна хэмээн ухаарсан. Улмаар нэг туганд есөн хөл хийх нь хаанаас нь ч харахад шавьжлаг дизайнтай болох тул тусдаа ганц хөлтэй есөн туг хийсэн зэргийн хажууд бол шалихгүй зүйл. Ер нь бол тугны бариул иш гэж л байхаас хөл гэж байхгүй. Монгол ойлголтоор бол нэг хөлтэй юмыг ад тийрэн, хоёр хөлтэй бол хүн, дөрвөн хөлтэй бол адгуус, түүнээс дээш хөлтэй бол шавьж мавьж гэдэг юм гэсэн. Гэхдээ ингээд тогтсон, шүтээд, цэнгэлдэхэд аваачаад тойрч барилдаад болоод байгаа юмыг яая гэхэв. Чингэс хаанаараа дулдуй хийсэн үндэсний үзэл санаа маань хэрэгтэй цагтаа үнэхээр ч хэрэг болоод өнгөрчээ. Ингээд яваад байсан ч болохоор байсан юм, уул нь.

ГУРАВ. НӨГӨӨ ЧИНГЭС

Манайхан түүх шүүнэ, түүхээр шагнуулна, шийтгүүлнэ гэж ярьдгаас биш түүх уучламтгай. Мэдээж түүхэн үйл явдал, бие хүнийг тодорхой хугацаанд тодорхой ард түмэн үзэн яддаг л даа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх хэрээр зүгээр л нэг тийм хүн байсныг хэлээд, дурсаад явдаг. Өнөөдөр жигших маягтай явдаг цуутай алуурчид, цуст дарангуйлагчид Гитлер, Ленин, Сталин хар аяндаа Германыг удирдаж байсан жаахан бүтэл муутай байлдан дагуулагч, Зөвлөлтийн үүсгэн байгуулагч, дэлхийн хоёрдугаар дайны ялагч гүрнийг удирдагч гэхчилэн бичигдээд л явна.

Өрнөдийнхний хувьд зуун зуун жилийн турш хот балгадыг түймэрдэгч, хүн ардыг егүүтгэгч хэмээн бичигдэж ирсэн Чингэс хаан ХХ зууны төгсгөл үеэс цагаадах боллоо. Эхлээд түүнийг дэлхийн түүхнээ хамгийн томд ордог эзэнт гүрнийг цогцлоогчийн хувьд хүлээн зөвшөөрч эхлэв. Энэ үеэс эхлэн өрнийн судлаач түүхчид Их хааны намтар түүхэн дотроос өнөөгийн цаг үед нийцэх гайхамшигт санаа бодлын үр хөврөлийг олж харжээ. Энэ нь орчин үеийн глобальчлал хэмээх даяарших үзэгдлийн амин зарчмууд их хааны төрийн бодлогод байсанд оршино. Өнөө үед өөр өөрийн шашин шүтээн хэл соёл ондоо үндэстнүүд өөр өөрийн онцлогтойгоор нэгдэн даяарших болсон.

Бөө мөргөлтэй, тал нутгийн их хаан дэлхийн зүсэн бүрийн үндэстэн улсыг нэгэн тугийн дор нэгтгэхдээ тэдний он тоолол, тахил шүтээн, зан заншил, ариун нандин болгоныг хүндэтгэн үлдээжээ. Их хаан юун түрүүн бүх шашин тэгш хэмээн зарлажээ. Чингэс хаанаас эхэлсэн энэ агуу үзэл санаа орчин үеийн ардчиллын туган дээр бичээстэй байгаа. Энэ бүгдийг олж харах болсон өрнө дахин “Глобальчлалын үзэл санааг үндэслэгч-Чингэс хаан”-ы дүрийг бүтээн алдаршуулж байна. Тэрнээс биш алаад хядаад эзлээд байсан лут баатар эр гэж огт тахиагүй юм шүү.

Өнөөгийн соёлт ертөнцийн бүтээн дээдэлж байгаа Чингэс хааны дүр, бидний үндэсний явцуу үзлээр жигүүрлэсэн Чингэс хааны дүр хоёр даанч эсрэг тэсрэг. Соцреалист зохиолын хар цагаан хоёр баатар шиг. Тэдний Чингэс болохоор өөрийн их санаанд нийцэж байгаа бүхний хувийн чанар, өөрийн өнгө төрх, давтагдашгүй чанаруудыг хүлээн зөвшөөрч дээдэлсэн их жолоодогч байдаг. Биднийх болохоор “ориг монгол цус” гэдэг хэмжүүрт харшсан болгоныг дайсагнасан, хардсан, хөөж туусан, гадуурхсан нэгэн Чингэс. Хоорондоо уулзаж гэмээнэ шууд л зодолдоод унахаар. Аль нь жинхэнэ нь вэ?

ДӨРӨВ. ОЙЛГОМЖГҮЙ ЧИНГЭС

Чингэс хааныг өнөөгийн бидний үндэсний үзлийн дурангаар харвал танигдахын эцэсгүй. (Үндэсний явцуу үзэл, улс үндсээ гэх үзэл хоёрын хооронд өлгүүр, дүүжлүүр хоёр шиг ялгаа байдгийг дашрамд дурдъя). Энэ дурангаараа өнгөрсөн үеийн түүх рүү эргэн харъя. Чингэс хаан бол анхны халх монгол гэсэн аксиом аваад цаашаа явна аа. Гэтэл хайран сайхан халх охид хажууд нь байсаар л байхад хаа хол хил дээр, дайснуудын яг хажууд байдаг аймгаас эхнэр авна. Цусыг нь огт шинжлэхгүй. Ингээд зогссонгүй гадаад хатан хичнээн ч олноор нь авч хайран монгол цусыг минь талаар нэг тараав аа. Тэр нь багадсан юм шиг өөрийн охидоо харийн хүний өвөрт хичнээн ч хийв ээ. “Чингэс өөрийн охин Алтан Беги-г уйгарын идукут Барчукт өгөв”, Ой май гаад. Нууц товчооноос авсан мөр шүү. Өнөөгийн “Хужаа л даа хужаа” гэх категорид 110 хувь тэнхцэх Кидан гаралт нангиад улстөрч Елю Чуцайг дэргэдээ авчран монгол төрийн бодлогоо мэдүүлнэ, эй базарваань. Дайсны дундаас жоохон хүүхэд олбол ээждээ авчраад өгчинө. Ээж нь ч ээж, хор өгөхийн оронд мөөмөө хөхүүлээд өсгөөд Чингэс хааны дүү болгоно. Болж байгаа юм уу, та минь ээ.

Хар хоринд Бүх шашин тэгш гэж тунхагласныг чинь яахав ёс юм гэж бодъё. Дайсагнасан өссөн Хятадынх нь шашин номын лидер Чан чун бумбад мөргөж шавь ордог нь ч юу вэ? Дараа нь үр хөвүүдээ дэлхийгээр нэг тараав. Исламын ертөнцийн монгол гарвалт хаад тэндээс төрөв…Ламаалаа чувсучоо…айн?

Бид ийм байж чадах уу? Чингис хаан ба бидний үеийнхний ертөнцийг үзэх үзлийн хооронд дэндүү их зөрөө ангал байнам бус уу? Их өвгийн маань цагаан сахалт хөрөг дахь уйтгар, ёжлол хоёр шингэсэн нүд бидэн юу өгүүлнэм? “Дэлхий рүү өөриймсөг харж байвал дэлхий чинийх. Дэлхий ертөнц рүү харилхан харж байвал дэлхий ертөнц чинийх бишээр барахгүй чи дэлхий ертөнцийх биш”. Их өвөг ийн өгүүлнэм билээ. Тэр үзэн ядалтаар эхэлж үзэн ядалтаар дуусах учиртай дайныг байлдан дагуулалт, түрэмгийлэн эзлэлтийг хүлээн зөвшөөрөлт болгож чадсан. Тэр хүчирхийллийг урлаг болгож хувиргасан. Тэр гайхамшигт мэнэжэр. Ийм учраас л өнөөгийн дэлхий ертөнц мянган жилийн турш цуст алуурчнаар цоллосны эцэст мянганы шилдэг хүнээр тодруулах болсон юм.

2008

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Үсэг бичиг мэддэггүй хүн хүртэл Үндсэн хууль өөрчилнө гээд гүйж явах юм

1992 онд Ардын их хурлаар шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш өдгөө 30-аад жил болж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгоор шинэ Үндсэн хуулиа батлан тунхагласан түүхтэй.

Түүнээс хойш найман жилийн дараа буюу 2000 онд Үндсэн хуульд дахин нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсныг нийтээрээ “Дордуулсан долоон заалт” хэмээн нэрлэсээр өнөөдрийг хүрлээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ард иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэсэн хэмээн шүүмжилдэг. Тиймээс ч Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтыг засах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай байнга л яригдаж байдаг юм. АН-ынхан олонхи болсон өнгөрсөн парламентын үед ч өөрчлөх, нэмэлт оруулах тухай яригдаж, төсөл хөтөлбөр нь ч бэлэн болчихсон гэж байв. Тэгснээ 99 тэнгэрийг бэлгэдэж 99 УИХ-ын гишүүнтэй ч болно гэх шиг хачин маазарсан мэдээллүүд ар араасаа хөврөөд эхэлсэн. Хэт шашинжив уу, мухар сүсэгт автав уу эсвэл бүр хорлох гэсэндээ ч ингэсэн үү бүү мэд ямартаа ч Үндсэн хуулинд гар хүрэлгүй тэд явцгаасан юм.

МАН засгийн эрх авангуутаа мөн л Үндсэн хуулийг өөрчилнө гэв. Үндсэн хууль судлаачдын ярьж байгаагаас харвал 30 орчим жилийн давтамжтайгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засч сайжруулж байх ёстой гэнэ. Энэ нь ч зөв мэт санагддаг юм. Яагаад гэхээр Монголд Засгийн газар нь 1.8 жилийн хугацаатай солигддог гэсэн тоо бий. Ийм тогтворгүй засаг төртэй болохоор хөгжлийн стратеги төлөвлөгөө гэж манайд байдаггүй. Урт хугацаанд улс орноо хэрхэн хөгжүүлэх, эдийн засгаа яаж сайжруулах, хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэх бодлого хөтөлбөр гэж байхгүй. Хэрэв 1990 оноос хойш ийм урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулан тэдэн онд Нефтийн үйлдвэртэй болно, дараа нь Гангийн үйлдвэр барина, эрүүл мэнд, боловсролын системийг 20 жилийн дараа гэхэд ингэж өөрчилнө, үүнийг дагалдан хүмүүсийн амьдралын чанар ингэж дээшилнэ гэх мэтээр тусгасан бол өдийд биеллээ олчихсон байгаа. Гэтэл юун хөгжлийн тухай ярих вэ, Засгийн газар ажил хийх биш яавал огцрохгүй байх вэ гэдгээ л онцолж боддог болсон нь гашуун үнэн. Улс төр болоод засаглалын гажуудлыг засч, зөв голдрилд нь оруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв юм.

Энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар зөвлөлдөх санал асуулга хоёр удаа зохион байгууллаа. Санамсаргүй түүврийн аргаар 1515 хүн сонгож, хуралдсан бөгөөд тэд УИХ-ын тогтоолоор баталсан зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион, санал бодлоо солилцож, экспертүүдээс сонирхсон зүйлээ асууж лавлав. Эцэст нь энэ хүмүүсийн санал асуулгын дүнг харгалзан үзэж Үндсэн хуулиа өөрчлөх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Үйл явдал ч яахав, ингээд өрнөж байна. Харин санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гэх дээрх 1500 гаруй хүний мэдлэг боловсрол анхаарал татаж байна. Нийгмийн бүхий л давхаргыг хамруулсан гэж зохион байгуулагчид цээжээ дэлдэж байна. Тэдний сонгосон хүмүүсийн тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэггүй, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд эзэлж байх жишээтэй. Боловролгүй хүн 72 байна. Энэ хүмүүсийг дорд үзсэндээ ингэж онцолсонгүй. Гэхдээ мэдээлэлтэй, юмны наад захын учир шалтгааныг мэддэг, мэдлэг боловсролтой иргэд л Үндсэн хуулийг өөрчлөх эсэх дээр бодит дүгнэлт гаргаж чадна.

1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ болон Улсын бага хурлын 420 гаруй гишүүний боловсролын байдлыг харъя. Шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын нийт гишүүдийн 90,4 хувь буюу 381 хүн дээд боловсролтой байсан бол 18 хүн тусгай дунд, 18 хүн бүрэн дунд, таван хүн бага боловсролтой байжээ. Нийгмийн байдлаар нь үзвэл тэдний 99 нь сэхээтэн, 188 нь төрийн албан хаагч, 120 нь нэгдэлчин, 22 хүн үйлдвэр үйлчилгээний ажилтан, есөн хүн малчин байв.

Монголын бүхий л салбар, нийгмийн давхаргыг багтаасан ч бичиг үсэггүй хүн лав байгаагүй. Хамгийн өндөр боловсрол мэдлэгтэй сэхээтнүүд, сэтгэгчид, үгүй ядахдаа бичиг үсэгтнүүд 70 гаруй хоног хуралдаж, мэтгэлцэж байж шинэ Үндсэн хуулиа баталж байв. Гэтэл өнөөдөр бид Үндсэн хуулиа батлах эсэхээ бичиг үсэггүй, боловсролгүй хүмүүсээс асууж, хөгжлийн замаа заалгадаг болжээ. Социализмын үед нийгмийн бүхий л давхаргыг хамруулна гэдэг нийтлэг ойлголтын үүднээс бичиг үсэггүй хүмүүсийг санал асуулгад хамруулсан байж болох юм. Гэхдээ л Монголын амин чухал ажлыг ямар ч боловсролгүй хүмүүсээр заалгана гэдэг арай ч хэтийдсэн хэрэг юм. Монголчуудын түүхэн сурвалж бичиг Монголын нууц товчоонд “Цэр цээжинд, бөөр бөгсөнд” гэсэн үг байдаг. Хүнд чаддаг ажил гэж байна, чадахгүй ажил ч байна. Хийдэг, хийдэггүй зүйл гэж байдаг. Бүх юм өөрийн зиндаатай гэдгийг дээрх үгсээр илэрхийлжээ. Хэдий муу ч цэр цээжинд байдаг. Бөөр сайн гэвч бөгсөнд л оршдог. Мэдлэг мэдээлэлгүй, боловсролгүй хүмүүсийг санал асуулгад оролцуулж байна гэдэг юу ч бичээгүй цагаан цаасан дээр юу хэлэхээ бичээд оруулж байгаагаас өөрцгүй хэрэг. Тэр хүмүүс тухайн үед ямар ойлголт авсан, зохион байгуулагчид өөрсдөд нь зориулж юу ярьж байгаагаас л мэдээлэл авсан байж таараа. Тэр хүрээндээ л саналаа өгөх нь ойлгомжтой юм.

Үндсэн хууль өөрчлөх эсэхийг шийдэхдээ Монголын толгой эрдэмтэн мэргэд, салбар салбарын тэргүүлэх хүмүүс, нэртэй судлаачдаасаа асуудаггүй юм уу гэмээр. Үндсэн хуулийг өөрчлөх зөвлөлдөх санал асуулга гэдэг энэ удаа ор нэрийн төдий л зүйл болж өнгөрлөө. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг ард түмнээс асуусан болж жүжиглэлээ. Бүр эрдэм боловсролыг хэт дорд үзсэн үйл явдал боллоо. Энэ мэт боловсролыг дорд үзсэн, шашин, мухар сүсгийг дээдэлсэн үйл явдал Монголын төрийг удирдаж байгаа хүмүүсээс байнга гарах болсон нь туйлын харамсалтай. Тэгэх тусам Монголын нийгэм харанхуй бүдүүлэг болж, зэрлэгшиж байна.