Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ганц банкны шүүгчээс болж шүүхээсээ салах нь харамсалтай яа

Засгийн газар болон төрийн захиргааны шийдвэрт Захиргааны ерөнхий хууль хамаарахгүй байх хуулийн төслийг Их хуралд өргөн бариад байгаа. Засгийн газраас мэдүүлсэн уг хуулийн төслийг түрүү долоо хоногийн хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн. С.Бямбацогт гишүүн “Олон нийтийн анхаарлыг татаж буй аль нь зөв, аль нь буруу тодорхойгүй асуудлыг хэлэлцэх нь зохисгүй” гэх горимын санал гаргаснаар энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон. Захиргааны хууль гэдэгт ард иргэдийн амьдралд өдөр тутам үүсч болох амин чухал асуудлууд зангилагдаж байдаг. Тухайлбал, хууль бусаар ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын маргаан, хуулийн этгээдийн өмч хөрөнгөтэй холбоотой маргаан, мөн ашигт малтмал, газар эзэмшилтэй холбоотой асуудлууд гээд олон зүйл заалт хамаарна. Төрийн албан хаагч үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх гомдол сумын захиргаанаас аваад Засгийн газрын хэмжээнд хүртэлх төрийн бүх шатанд тасардаггүй.

Тэгвэл шүүхийн шийдвэрийн дагуу хууль бус тушаалын улмаас тухайн гомдол гаргагчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нөхөн олговор олгож зөрчигдсөн эрхийг сэргээх нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго байдаг. Мөн хүний хувийн өмчийг дур мэдэн төрийн өмчид авсан Засгийн газрын хууль бус шийдвэрийг шүүх хүчингүй болгож хохирлыг барагдуулдаг. Харин одоогийн яригдаж буй хуулийн төслөөр энэ бүх шийдвэр үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхэд огт хамааралгүй болж байгаа юм. Ж.Батзандан гишүүний хэлснээр “Засгийн газар түүний гишүүдийн тэргүүлсэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын хийгээд хууль биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх байгууллагын засаг захиргааны үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарч дархлагдлаа” гэсэн үг. Захиргааны хууль хүн бүрийн амьдралд хамааралтай учир Монголын нийгмийн шуугиан болоод байна.

Тухайн хуулийн сураг чимээ Хууль зүй дотоод хэргийн яаманд дуулдаж эхэлсэн цагаас л Монголын хуульч, өмгөөлөгч, эрдэмтэн докторууд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж эсэргүүцэж эхэлсэн. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь хууль дээдэлсэн, хүний эрхийг хамгаалсан, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлооход маш том ухралт болох шийдвэр.Засгийн газар 2005 онд Цэцийн шийдвэр гарсан гэдгээр өөрсдийгөө зөвтгөж байгаа. Гэтэл тухайн үеийн хуулиар Засгийн газрын бүх үйл ажиллагааг хянаж болох мэт зохицуулалт байсныг л Цэц хүчингүй болгосон. Харин 2015, 2016 оны хууль тогтоомжоор Үндсэн хуулийн энэ зөрчил нь байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, захиргааны шүүх Засгийн газрын зөвхөн захиргааны үйл ажиллагааг л хууль зөрчсөн эсэхийг хянахаар болсон бөгөөд улс төрийн үйл ажиллагаа, эсвэл Үндсэн хууль зөрчсөн асуудлыг Захиргааны шүүх хянахгүй гэдгийг маш тодорхой заасан. Мөн Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдгээрээ өөрийгөө зөвтгөж байна. Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага гэдэг бол өөрөө хуулийн дээр байдаг байгууллага гэсэн үг биш. Энэ бол гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх буюу хууль тогтоомжийн биелэлтийг хангахдаа өөрийнхөө доод шатны байгууллага, албан тушаалтныг л захирах гэсэн агуулгатай. Бид хууль дээдлэх зарчимтай улс учраас иргэн төдийгүй Засгийн газар ч мөн хуульд захирагдах ёстой” гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Тэрээр “Эцийн дүндээ Засгийн газрын үйл ажиллагаа хууль зөрчдөг, хүний эрхийг зөрчдөг, дур зоргоороо авирладаг байдал газар авах нь” гэдгийг хэлээд “Засгийн газрын үйл ажиллагааг Захиргааны шүүх хянадаг болсноос хойш олон маргаан явж байгаагийн дотор унаач хүүхдийн эрх зөрчсөн асуудал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн маргаан ч байна. Мөн Засийн газар ойрын хугацаанд МИАТ зэрэг маш олон төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах гэж байна. Энэ бүх үйл ажиллагаа өөрөө хуульд нийцсэн, хүний эрхийг зөрчихгүй байх ёстой. Үүнд хяналт тавьдаг гол субьект нь Захиргааны хэргийн шүүх юм. Одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилсон шиг маш богино хугацаанд, нууц далд аргаар ийм хууль батлах гэж байна. Яагаад гэвэл энэ хуулийн төслөө нээлттэй хэлэлцүүлээгүй. Гэнэт байнгын хороогоор оруулж ирлээ. Ийм аюул учирсан байна” хэмээн Монголын хуульчдын форумын үеэр мэдэгдсэн юм.

“Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь иргэдийн шүүхээр хамгаалуулах эрх нь зөрчигдөх байдал үүсгэж болзошгүй”-г Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч хэлсэн бол “Засгийн газар зөвхөн улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага биш, захиргааны маш олон шийдвэр гаргаж байгаа. Эдгээр шийдвэрүүдийг шүүх хянахгүй гэж байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улс үндсэн хуульт ёсноосоо ухарч байна, иргэдийн эрхээ хамгаалуулдаг функц нь энэ хуулийн төслөөр үгүй болж байгаа нь харамсалтай. Иргэд аж ахуйн нэгж байгууллагууд төрийн өмнө хүчин мөхөс болж” буйг хуулийнхан дор бүрнээ хуулийн гаргалгаатай хэлж байна.500 гаруй хуульчдын 97 хувь нь эсэргүүцэж байгаа дуулдсан.

Эрх ашиг нь хөндөгдсөн иргэдээ энэрэх, төр засгийн хатуу буулганаас хууль шүүхээр хамгаалах ардчиллын үндсэн зарчмаасаа Монгол Улс яагаад ухрах болов. Юуны учир гэнэтхэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нэрээр захиргааны шүүхийг байхгүй болгохоор тэмцэж эхлэв гэдэг асуулт тулгарна. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн Их хурлын чуулган дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгнээс уг асуултын гогцоо тайлагдаж байна. Ц.Нямдорж “Би 2004 онд Захиргааны шүүхийн хуулийг нь оруулж ирж батлуулсан. 2006 онд хэрэгжилтийг нь эхлүүлсэн. 21 аймагт давж заалдах шатны шүүхийг байгуулж өгсөн хүн. Би энэ шүүхийг байгуулахдаа Захиргааны дур зоргоороо авирладаг явдлыг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна байх гэж горьдож байсан юм. Өнөөдөр хэрэг явдал биш болжээ. Бодсоныхоо эсрэг ажилладаг шүүх болсон байна. Ийм учраас би энэ асуудлыг оруулж ирсэн” гэдгээ тодотгоод цааш хэлэхдээ “Өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно гээд заачихсан байдаг. Засгийн газрыг шийдвэрийг өөр шүүдэг газар байхгүй. Захиргааны шүүхэд Засгийн газрын шийдвэрийг харьяалуулаагүй юм. 2005 онд гомдол гарсны дагуу Үндсэн хуулийн Цэц хуралдаж, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэдэг шийдвэрийг гаргасан.

Энэ нь шийдвэр хүчинтэй байсаар байхад өнөөдөр УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянаад явж байна. Маргаан үүсгээд ажил боомилж, хулгайч нарын талд захиалгаар ажиллаж байна. Үүнийг таслан зогсоох гэж би тус хуулийн төслийг оруулж ирсэн. Үүнд би хатуу зогсох болно. Хэн ямар хатуу үг хэлэх нь надад сонин биш. Харин надад Монголын хувь заяа сонин байна. Дуртай нохой болгоноо над руу тавь. Би тэрийг чинь тэснэ. Эх орон чинь хайран байна шүү. Шүүхийн ялзралыг ярих цаг нь болсон. Захиргааны шүүхийг байгуулах саналыг гаргаж батлуулж байсан миний бие болохгүй бол Захиргааны шүүхийг татан буулгана шүү” гэж заналтайгаар хэлсэн.

“Засгийн газрын шийдвэрийг зүгээр нэг шүүгч хянаад танил талын захиалгаар шийдвэр гаргадаг болсон” гэж Нямдоржийн хэлсэн нь Эрдэнэтийн 49 хувийн маргаан Дээд шүүх дээр ялалт байгуулсныг хэлж байна. Үндсэндээ Худалдаа хөгжлийн банкны талд шийдвэр гаргаснаас болж “Захиргааны шүүхийг татан буулгана” хэмээн шүд зуун мэдэгдэж байгаа нь энэ аж. “УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх гэж Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянаж байгаа” тухай түүний хэлж буй үнэн. Гэхдээ энэ бол жинхэнэдээ Худалдаа хөгжлийн банк руу чиглэсэн үг юм. Захиргааны хуулийн асуудлын гогцоо ингэж л харагдаж байна. Ж.Эрдэнэбатын засгийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр хувьдаа авсан. Харин Монголын зэс корпораци шүүхэд гомдол мэдүүлж хоёр шатны шүүхэд ялан хамгийн сүүлд дээд шүүхэд ялалт байгуулсан юм. Үүнд өширхсөн юм шиг Нямдорж Захиргааны шүүхийг татан буулгахаар тэмцэж байгаа бололтой.

Хууль зүйн сайд хуульч шүүгч нараа “нохой” гэж хэлснээрээ нийгэмд маш том эсэргүүцэлтэй тулгарч байна. “Дур зоргоороо авирладаг байдлыг таслан зогсоох биш түүний эсрэг ажилладаг шүүхтэй болсон” гэж салбарын сайд нь хэлсэн. Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Тэгвэл Нямдоржийн хардаад байгаа Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан гэх шүүгч нь улсын дээд шүүхийн захиргааны танхимын шүүгч М.Батсуурь байх л даа. Түүнийг өмнөх Ерөнхийлөгч болоод өмнөх эрх баригч хүчин томилсон, энэ бүхэн цаагуураа улс төрийн зохион байгуулттай ажил гэж тэрээр хардаж байгаа бололтой.

Ер нь энэ байдлаас харахад эрх барьж буй улс төрийн хүчин болгон өөрийн шүүгчтэй болжээ. Цагдаа, прокурор, АТГ ч ялгаагүй өөрсдийн шүүгчтэй болсон байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлээд байгаа хуулийн коридор гэдэг нь энэ юм биш үү. Монгол төрийн бодлого ердөө тэрхүү коридороор яваад хорих гэсэн хүнээ хорьж, гаргах ёстой хүнээ гаргаж, шийдэх хэргээ шийддэг бололтой.Эцэст нь хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байгаа Худалдаа хөгжлийн банкны ганц шүүгчээс болон шүүхээсээ салж, ардчиллын үнэт зарчмаас аа ухарч байгаа нь харамсалтай.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын парламент хоёр булайгаасаа салах хэрэгтэй байсан юм

Төр засаг ямар байх нь нийгэмд шууд тусгалаа олж байдаг. Төрийн ёс суртахуун нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ болж амьдрал дээр буудаг. Төрийн ордонд сууж, эрх ямба эдэлж байгаа гишүүд, сайд, дарга нарын үйлдэл олны нүдэнд ил болсон энэ үед тэд яаж аашилж аяглана, нийгэмд яг л тийм үйл явдал өрнөнө. Дээгүүрээ бие биедээ салаавч гаргаж хэрэлдээд байвал доороо бас л тэгээд эхэлнэ. Төрийн ордон хавиар хуурах хулхидах явдал газар авбал нийгэмд ийм үйл явдал хавтгайрна. Монголын нийгэмд шударга ёс алга. Ёс зүйгүй хүмүүсээр энэ нийгэм дүүрчээ хэмээн шогширч байгаагийн гол шалтгааныг төрийн түшээд нь ёс зүйгээ уландаа гишгэжээ гэж ойлгож болно.

Учир нь төрийн түшээдийн алив болчимгүй үйдлэл, хууль бус явдлын тухай мэдээлэл нийгэмд тархахад “Энэ ингэж болж байгаа юм чинь би яагаад болохгүй гэж” гэсэн нийтлэг ойлголт олонд түгж байдаг. Яг энэ цагт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нартай холбоотой эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг нийгмийг хордуулж байна. Тэдний тухай сонссон бүхэн “Эмэгтэйчүүдийг хүчирхийлж болдог. Тэдэнтэй ёс бус хандах нь хэвийн үзэгдэл юм байна” гэсэн аймшигтай ойлголттой боллоо.

Өнгөрсөн долоо хоногт прокурорын хүсэлтийн дагуу УИХ-ын чуулганаар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн нь олны анхаарлын төвд байлаа. Улсын ерөнхий прокурорын хүсэлтэд Д.Мурат гишүүнийг хүний биед гэмтэл учруулсан, Д.Гантулгыг хүчин хийсэн гэх хэрэгт шалгах шаардлагатай хэмээн тов тодорхой заажээ. Гэтэл мань хоёр гишүүн “Би хэрэг хийгээгүй. Миний нэр төр, алдар хүндэд зохион байгуулалттайгаар халдаж байна. Шалгуулж үнэн мөнөө тогтоолгоно” хэмээн ичих ч үгүй хэлж суух юм. Харин УИХ-ын чуулганы хуралдааны өмнө эмэгтэй гишүүдийн төлөөлөл болж Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, М.Билэгт, Н.Оюундарь, А.Ундраа нар хэвлэлийн хурал хийлээ. Тэд Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, асуудлаа хууль хяналтын байгууллагад нь шийдүүлж, үнэн зөвөө тогтоолгох ёстой гэсэн байр сууриа илэрхийсэн нь хамгийн тод харагдаж байв.

Тэд “Эмэгтэй гишүүдийн зүгээс Монголынхоо нийт эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, хууль шүүхийн өмнө тэгш байх ёстой гэдэг зарчмыг баримталж байна. Хууль зөрчсөн, нийгэмд буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. Сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь эмэгтэйчүүдийг дарласан, доромжилсон асуудлаар шалгагдах асуудал гарч байхад шалгуулаад ир гэхийн оронд эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа эрэгтэй гишүүдэд харамсаж байна” гэж үгээ хэлцгээв. Энэ парламент 13 эмэгтэй гишүүнтэй боловч тэднээс тав нь эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай, хууль хэнд ч тэгш үйлчлэх ёстойг санууллаа.

Үлдсэн найман эмэгтэй гишүүн эднийгээ дэмжиж санал өгсөн нь эргэлзээтэй. Магадгүй,тохой залгаж суугаа эрчүүд нь “Эсрэг кноп битгий дараарай” гэж царай алдаж гуйгаа байлгүй. Ямартаа ч нууц санал хураалтаар УИХ-ын гишүүд хүчирхийлэгч хоёроо авч үлдлээ. Ялангуяа эрэгтэй гишүүдийн хувьд Д.Гантулга, Д.Мурат хоёрыг бодож авч үлдсэн гэхээсээ илүү өөрсдийгөө бодсон аминч шийдвэр гаргалаа. Хэрэв хүчирхийлэгч хоёр гишүүнийхээ эрхийг түдгэлзүүлээд явуулчихвал маргаашаас нь өөрсдийнх нь эрхийг түдгэлзүүлэх эмэгтэйчүүдийн өргөдөл ар араасаа цуварна гэхээс яс нь хавтайж, дээгүүрээ сэм үгсэн тохирч нам харгалзалгүй дээрх шийдвэрийг гаргажээ. Үүнээс харахад УИХ-ын гишүүд бүгд гэр бүлээс гадуур ямар нэгэн харилцаатай учраас түүнээсээ эмээж байна гэж хардаж ч болохоор байна. Сошиалд бичээд байгаа шиг Хэнтийд болох нөхөн сонгуулиас эмээсэндээ биш юм. Хэрэв 32-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах, нэр хүндийг нь муутгах зорилготой байсан бол Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр бүр илүү идэвхтэй ажиллах нь ойлгомжтой байв.

Зарим улс төр судлаачид дээрх үйл явдлыг УИХ дахь “мундааш” үзэгдэл хэмээн нэрлээд байна. Холливудад өрнөсөн “MeToo” буюу “Би ч гэсэн” аян Монголд эхэлчих вий хэмээн айснаас гишүүд манай, танайгүй өнөө хоёрыгоо хамгаалж үлдэв. Сануулахад, өнгөрсөн жил Холливудын нэрт продюсер Харви Вайнштейныг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа олон эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли болон Эшли Жудд нар бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг дэлхий нийтэд уриалах болсон юм. Х.Вайнштейнаар эхэлсэн бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан АНУ-ын улс төр рүү хальж, тус улсын Конгрессын хэд хэдэн гишүүн огцроод байгаа билээ. Холливудын нөлөө бүхий эмэгтэйчүүдийг “MeToo” буюу “Би ч гэсэн” сошиал аяныг бодит амьдрал дээр ажил хэрэг болгохын тулд эмэгтэйчүүд нэгдэн 13 сая ам.долларыг хандиваар босгож, сан

нотолгоотой, хүчирхийлүүлэгч эмэгтэйчүүд нь гомдол гаргасаар байхад УИХ-ын чуулган хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж гүрийж байгаа нь нийгэмд энэ төрлийн хэргийг уриалсан, өөгшүүлсэн далд ухуулга хийж байгаагаараа маш хор нөлөөтэй юм. Нөгөөтэйгүүр энэ үйл явдал төрийн эрхэмсэг чанарыг гутааж байна. Ийм шийдвэр гаргасан УИХ-ын гишүүдийг хүн бүхэн шүүмжилж, дургүйцлээ янз бүрээр илэрхийлж байна. Тэднийг үнэлэх ард түмний үнэлэмж навс уналаа. Энгийн логикоор бодоход хүн хүндэлж дээдэлдэг зүйлдээ эрхэмсэг чанар алдагдсаар байгаагийн хамгийн том шалтгаан түшээдийнх нь энэ мэт ёс зүйгүй увайгүй үйлдлүүд юм.

Төрийн эрхэмсэг чанарын тухай ярихаа больё гэхэд эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа нь хамгийн харамсалтай. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар болон тэднийг өмөөрсөн гишүүд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж, монгол эмэгтэйчүүдийг доромжилж байна. Д.Гантулгын тухайд олон бүсгүйтэй архидаж, нэгэнтэй нь хоносон. Өглөө нь босоод өөр нэг бүсгүйг хүчиндсэн. Д.Муратын хувьд эмэгтэй хүн рүү ёс бус зураг илгээж, зодож гэмтээсэн. Тэгчихээд Төрийн ордонд тусгай эрх ямба эдэлж, шударга ёс тогтооно гэж дүвчигнэж явах. Тэдний үйлдэл нийгэм даяараа эмэгтэй хүнийг дорд үзэх, хоёрдугаарт зэрэглэх, тэднийг яаж ч доромжилж, охид бүсгүйчүүдийг хүчирхийлж болно гэсэн ойлголтыг түгээж байна. Энэ талаар бодож, санаа тавьж буй эмэгтэйчүүдийн байгууллага байна уу. Таван эмэгтэй гишүүнээс өөр дуугарах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэг ч байгууллага, нэг ч албан тушаалтан байхгүй хэрэг үү. Одоо хүчирхийлүүлсэн хоёр эмэгтэй, тэднийг өмөөрсөн эмэгтэйчүүдийг зүхэж, элдвээр доромжилж байна. Ийм л ёс зүйгүй үйлдлийг төрийн түшээд хийж, түүнийг бусад нь хаацайлан дэвэргээд байхад нийгэм тэднийг даган дуурайна. Нийгмээ эрүүл, ёс зүйтэй байлгах, ард түмнээ аятайхан амьдруулах үүрэг УИХ-ын гишүүдэд бий. Тэгж амлаж л гарч ирсэн хүмүүс. Амласан ярьсандаа эзэн болж, УИХ наад хоёр булайгаасаа эртхэн салах хэрэгтэй байсан юм. Даанч “Энэ хоёрыг түдгэлзүүлчихвэл биднийг ч бас ингэнэ” гэсэн айдас нь УИХ-ын эрэгтэй гишүүдийг Д.Гантулга, Д.Мурат хоёроос ялгаагүй, нэг тэрэгний дугуйнууд гэдгийг харууллаа.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Аваргууд наадмаар түр эвлэрнэ ч гэх шиг. Ямар Сирийн дайн уу

Аваргууд наадмаар түр эвлэрэх юм гэнэ. Одоо бүүр иймдээ тулсан юм байна. Сирид дайтаж байгаа талууд түр гал зогсоох гэрээ байгууллаа гэж байгаа юм шиг. Угтаа аваргууд эвлэрнэ гэдэг чинь нөгөө найраагаа хийж янчаан олж, цол олж авах гэсэн хөгийн санаа. Тэгээд ахиухан мөнгөжиж аваад, цол гцншингаа авсныхаа дараа буцаад дайтаад эхлэх юм байх. Ийм байхад Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин саяхан бөх нэртэй хэсэг нөхдийг саарал ордонд хүлээн авч уулзлаа. “Монголын хүчит их аваргуудтай уулзлаа” гэх сүрийг бадруулсан мэдээ, бараг л төрийн сайд бурхадтай уулзсан юм шиг яриа хөөрөө болоод авна лээ. Яг үнэндээ бол тэд Монголын өв уламжлал, түүх соёлын дархлаа болсон үндэсний бөхөө мөхөөж яваа хүмүүс юм.

Аварга нь аварга юм байгаа биз, домог нь домог юм байгаа биз. Гэхдээ өөрсдийнх нь амь амьдрал, амжилт ялалтынх нь гол талбар болсон бөхийг мөхөөхийн төлөө, “Бөхийн өргөө” хэмээх навсгар байшинг авахын төлөө улангасан дайрч байгаа нөхдүүд. Үнэ цэнээ алдсан, ард түмний дунд ад шоо үзэгдсэн ийм инээдтэй нөхдийн өмнө Монголын төр бөхөлзөхийг харах гутамшиг. “Та хэд минь талцал маргаанаа зогсооно байгаа, наадмаа маргаангүй явуулъя. Найраа битгий хийгээрэй” гэж гуйж гувшиж байгаа байдал Монголын төр ямар ичгүүртэй, үхээнц дорой харагдсан гэж санана.

Энхтүвшин ингэж нялганахын оронд аварга нэртэй архайж сархайсан товарищуудын цолыг нь хураах байсан юм. “Наадам хүртэл маргаанаа болиод өгөөч ээ” гэж бөхөлзөхийн оронд монгол үндэстний өв соёлын дархлаанд сэв суулгасан тэднийг төв цэнгэлдэх рүү алхуулахгүй байх арга хэмжээ авах байсан. Начны найраа нь гэхэд л 300 саяар яригддаг бөх тэх нэртэй энэ хүмүүс ард түмнийг доромжилж ханалаа. Монголын төрт ёсны наадмыг гутааж дууслаа. Эднийг ингэж эвийлж хаацайлан, бурхан мэтээр ёсчлон үзэж байгаа нь хэтэрхий хөөрхийлөлтэй харагдана. Ер нь ч тэгээд алдар нэр, ашиг хонжооны үүр уурхай болсон бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол өгч байгаа нь арай хүндэдсэн болно. Бөхийн холбооных нь дарга даамал л тэр цол гээчийг нь өгвөл барав бус уу?

Г.БИЛГҮҮН

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Мянга мянган жилд өөрчлөгдөөгүй мал аж ахуй

Монголын мал аж ахуй мянган жилдээ өөрчлөгдсөнгүй. Газар тариалан гарч ирэхээс төө өмнө л монголчууд өнөөдрийнх шиг арга барилаар мал аж ахуйгаа эрхэлж байжээ. Өнгөрсөн хэдэн мянган жилд энэ дэлхий дээр ямар их хөгжил хөдөлгөөн өрнөж, хүн төрөлхтөн дээш мацав. Үүнтэй харьцуулахад өнөөдөр Монголын хөдөө аж ахуйд, малчин айлын гэрт нарны зай, гар утас хоёроос өөр хөгжил, өөрчлөлт гэх зүйл алга. Өнөөх л чөдөр ногтоо зангидаж, үхрийн ширэнд айргаа исгэж, хонины гүзээнд өрмөө хадгалж, дөрвөн ханатай гэртээ салхинд хийсчих шахан, цас бороонд дэндэгнэн амьдарсаар. Ядаж л хоёр эр ямаанаас гарах ноолуурын үнээр чип авч эцэг малынхаа арьсанд суулгачихаад хаа явааг нь багцаалж суух ухаан алга. Тийм нэг дохио өгдөг юм байдаг л сурагтай гэх шигийг яриад сууж байна. Гэрээсээ дөрвөн км-ийн радиуст нисгээд ойр орчимд байгаа малаа камераар нь харуулдаад байж болох дроныг ашиглах тухай ойлголттой малчингүй байна. Үүний оронд лам, мэргэч төлөгчөөс алдсан малаа сурагласаар. Азаар ойролцоо мэдэж дуугарсан мэргэч төлөгчийг тахин шүтэж, хэдэн арван дрон, чип худалдаж авах мөнгийг өргөл барьц болгон өгч сууна. Манай мал аж ахуйд ашиглая гэвэл, хөгжлийн шат ахиулъя гэвэл боломж өдөр бүр нэмэгдсээр байгаа. Гэвч лам, бөө хоёр руугаа гүйсээр байна. Үр дүнд нь бахь байдгаараа, морь бөхөө ярьж, хужаа мотоцикльтойгоо ноцолдож, сумын дэлгүүрийн лангуун дээрх шилтэй цэнхэрт нүүсээр он жилийг үдэж байна даа.

Яагаад ийм байна вэ? Шулуухан хэлэхэд Монголд мал маллаж буй хүн огт өлсдөггүй. Өлсөж үзээгүй хүн залхуугийн туйл байдаг. Бид өлсөж үзсэн бол, дайн үзсэн бол хэдэн арван Нобелийн шагналтантай болчих байлаа. Бахархдаг түүхээрээ бол, том том ярьдаг амаараа бол, аль хэдүйн дэлхийн оюуны түүчээнд явж байх юм. Өлсөж үзээгүй болохоор цааш хэрхэн хөдөлмөрлөх, амжилт олох, ахиж дэвжих тухай өчүүхэн ч ойголтгүй байдаг юм байна. Мал аж ахуй нь хөгждөггүй учраас хүнээ хөгжүүлдэггүй. Хөдөлмөрлөдөггүй учраас малчны хот хөгждөггүй ийм л улс байсаар байна.

Ийм байхыг хөгжөөн дэмждэг, өөгшүүлдэг, турхирдаг тодорхой масс нийгэмд бас байна. Гадаадын хэдэн эрдэмтэн, түүхчид нүүдлийн аж ахуйг хэвээр авч үлдэх нь гайхамшиг хэмээн сурталддаг. Энэ нь угтаа хаа байсан мянган жилийн өмнөхөөрөө амьдарч байгаа отог омгийнхон Монголд байна гэдгийг жуулчдад харуулах гэсэн хүсэл санаа юм. Гадны хэдэн эрдэмтэн, хэдэн жуулчдад үзмэр байлгах гэж малчдаа эсгий гэрт, хиртэй хувцастай, хэдэн зууны өмнөх эдлэл хэрэглэл, эмээл хазаар, аяга шанагатай байлгах нь Монголын хөгжил биш ээ.

Манайх шиг нүүдлийн мал аж ахуйтай улс орон энэ дэлхий дээр олон байсан. Одоо тэд хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Дийлэнх нь фермерүүд болж хүн төрөлхтөний хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Европын өндөр хөгжилтэй орнууд, Австрали, Азийн орнууд… хаа сайгүй эрчимжсэн мал аж ахуй өндөрт гарлаа. Малаас гарч болох бүх л түүхий эдийг таваарлаг болгож, эдийн засгийн эргэлтэд өндөр үнэтэй оруулж байна. Мах, сүү, арьс шир, үс ноос… юу л байна бүгд хүн төрөлхтөний үнэт хэрэгцээ болон арилжаалагдаж, ашиг олж байна. Хүний нийгмийн хамгийн үнэн юм бол мөнгө их олсон нь хөгждөг, сайхан амьдардаг явдал юм. Мөнгөгүй, мөнгө олдоггүй улс орнууд л ядуу дорой амьдарч байна. Үүнийг хэн үгүйсгэх юм бэ.

Монгол Улс 60 сая малтай. Үүний 10 саяыг нь л хэрэглэж байна. Бусад 50 саяыг нь хадгалж байна. Хадгалсаны үр дүнд бэлчээрийн даац хэтэрч, ган зуд нүүрлэж, ямар ч хэрэгцээгүй таваар болж байна. Үнэндээ Монголын мал аж ахуйд мал нь хүнээ тэжээгээд байна уу, хүн нь мал тэжээгээд байна уу. Угтаа бол 60 сая малын дор хаяж 50 хувь нь эдийн засгийн эргэлтэд жил бүр орж байх ёстой. Монголын мах экспортод гарах ёстой гэсэн үг. Хоёр хөршийнхөө хилд ойрхон хэдэн жижиг хотын махны хэрэгцээг хангах гэрээ байгуулахад л манай 60 сая мал бараг хүрэлцэхгүй. Эрэлт ийм өндөрт гарахад малын үнэ өснө, малчдын амьдрал дээшилнэ. Мөнгөтэй болсон малчдын хэрэгцээ ихэснэ. Эрэлт хэрэгцээ дагаж үйлдвэр үйлчилгээ тэлж, ажлын байр нэмэгддэг. Ийм л эдийн засгийн энгийн логикоор бодоход өнөөдөр мал аж ахуй ямар арчаагүй, хөгжилгүй, дорой байгаа нь харагдаж байгаа юм. Сумын төвийг хичнээн эрчим хүчээр холбож, халуун дулаантай болгоод яах юм. Малтайгаа адилхан ахуйтай болчихсон, ямар ч хэрэглээгүй болчихсон Монголын малчдад гэрэл цахилгаан, халуун хүйтэн ус, нарийн ширийн хоол, нойтон алчуур, нойлын цаас ч хэрэггүй байна шүү дээ. Хүн амын маань талаас илүү хувь нь болох ийм хүмүүс дээр хэн очиж наймаа хийж, соёлыг түгээх юм бэ. Ийм л болохоор Монголын мал аж ахуйг өөрчлөх, шинэчлэх, хөгжилд хөтлөх цаг болжээ.

Өөрчлөхгүй бол Африкийн Танзан улсын Хазза овгийнхноос нэг их ялгаагүй хүмүүс болох нь. Энэхүү Хазза овгийнхон өнөөдөр ямар байна гээч. Гартаа нум сумаа барьж амьдралаа залгуулсаар 10000 жилийн нүүрийг үзэж байна.

Анаашны арьсаар хийсэн тэдний нум сум тахь, усны үхэр, бодон гээд том амьтдаас эхлээд шувуу, хэрэм, зурам гэсэн жижиг амьтдыг ч унагана. Сумандаа хор түрхсэн байдаг тул, оногдсон амьтад сумны шарханд гэхээсээ хоронд хордож үхдэг. Ан гөрөөгөөр амьдралаа залгуулах тэдэнд суурьшил гэж үгүй. Нэг газар нэг сараас илүү тогтохгүй. Ан гөрөөгөө хөөгөөд ийш тийш нүүдэллээстэй /манайхан малын бэлчээрээ дагаж нүүдэг шиг/. Тэд очсон газартаа гэр барихдаа цагаас илүү хугацаа зарцуулахгүй. Тэдний гэр нь жижиг мөчир, өвс зэргийг томж холбосон бяцхан урц маягийн зүйл.

Профессор Frank Mar­lowe сүүлийн 15 жилийн турш Хазза омгийг судалж буй нэгэн. Түүнийхээр бол “Хаззачуудын аж амьдрал холын өвөг дээдсийн үеэсээ өөрчлөгдөөгүй байх” гэнэ. Одоогийн ан гөрөө хийдэг амьдралын хэвшил нь дор хаяж газар тариалан эхлэхээс өмнөх 10000-аад жилийн тэртээгээс тоологдох нь бараг нотлогдоод буй аж. Шүүрс алдам урт удаан үргэлжилсэн хүний түүх гэдэг, үнэндээ түүний 99 хувьд нь яг хаззачууд шиг амьдралаар амьдарч ирсэн. Эсрэгээрээ сууриншиж газар тариалж, мал адгуулах болсон нь хамаагүй саяхны явдал буюу хүний түүхийн ердөө нэг хувьд хүрэхгүй богинохон өрнөл. Тэгсэн хэрнээ тэр нэг хувийн хормын төдий хугацаандаа өөрийнхөө 99 хувийн амьдралаа ул мөргүй шахуу өөрчлөөд тавьчихсан байгаагаа бид өөрсдөө харж сууна.

Хаззачууд харийн хүмүүс нутагт нь орж ирсэн ч эсэргүүцнэ гэж байхгүй. Зүгээр л өөрсдөө зай тавиад нүүгээд явчина. Аж амьдрал нь бүхэлдээ “өнөөдрөөрөө амьдрах” тул эд агуурс хуримтлагдана гэж санахын ч хэрэггүй, хаззачуудад хөрөнгө хогшил байтугай, хүн нэг бүрт нь хувийн эд хэрэгсэл гэхээр юмгүй. Эрх мэдлээр ч ялгарахгүй, эд баялагаар ч ялгарахгүй. Томчууд нь хэнд ч тушаагдахгүй, бас хэнийг ч тушаахгүй. Эр эмийн харьцаа ч ерөнхийдөө эрх тэгш. Нарийн харвал эмэгтэйчүүд нь давамгайлах талдаа. Ямартай ч эрчүүд нь галзуурсан ч эмэгтэйчүүдээ захирах гэж оролдохгүй. Хазза омгийнхон дотор гэр бүл салалт гол төлөв эхнэр нь нөхрөө хаяна. Хаягдсан эрчүүдийн хамгийн түгээмэл шалтгаан нь “ан гөрөөнд муу” гэх явдал. Ангаас гар хоосон ирсэн эрчүүд дээр тусах хүүхнүүдийн харц ширүүн. Гэсэн хэдүй ч хаззачууд юунд ч санаа үл зовно. Тэдний бодолд угаасаа “санаа зовох” гэдэг үг байхгүй. Юу гэвэл, тэдэнд цаг хугацааны ухагдахуун гэж үгүй. Байгаа нь зөвхөн “өнөөдөр” гэдэг өдөр л байна. Маргааш, нөгөөдөр гэх мэт үг байдаг ч, түүнээс цаашхийг илэрхийлэх үг ухагдахуун тэдний 10000 жилийн амьдралд нь шаардагдаагүй байна. Тэднээс насыг нь асуувал хэн ч өөрийнхөө насыг мэдэхгүй. Ямар ч цаг үед, юу ч болдог бай, тэд зөвхөн “өнөөдөр”-өөр л амьдарч иржээ.

Малчны удам миний хувьд мал аж ахуйгаа эдэнтэй зүйрлэхдээ эмзэглэж байна. Гэхдээ зүйрлэн сэрэмжлүүлэхээс өөр арга алга. Арван мянган жилийн өмнөх амьдрал нь огт өөрчлөгдөөгүй хаззачууд шиг амьдарч буй малчдаа цаашид ингэж амьдруулмааргүй байна. Мал аж ахуйг магтан дуулсан гадна дотны үзэл сурталд бодолтой хандаж, түгээн дэлгэрүүлэх нь буруу байна. Бид ийм солгой эгшиг, сондгой өнгөтэй байвал өнөөдрийн хүн төрөлхтний түүхээс арилна. Монголын хөдөөд цөөн хэсэг нь малчин удмаараа, ахуйгаараа байхыг үгүйсгэхгүй. Хаана ч уламжлалаа хадгалсан цөөн хэсэг нь гадныханд үзмэр маягтай байж байдаг. Харин олонх нь хүн төрөлхтөний хөгжлөө дагажээ.

Хамгийн гол нь мал аж ахуйгаа өнөөдөр таваарлаг болгож байж л энэ байдлаас гарна. Туйлдаа хүртэл доройтчихсон салбар биш. Эдийн засгийн их боломж Монголын мал аж ахуйд байна.

Тооцъё л доо. Дэлхийд натуралный мах, арьс, үс ноос хамгийн эрэлттэй хэвээрээ байна. Жишээ нь, манай сарлагийн арьсыг гүйцэх сайн чанарын гутлын түүхий эд дэлхийд байхгүйг мэргэжилтнүүд нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг. Бид ашиглаж чадахгүй л байна. Бид 10 сая малынхаа арьс ширийг боловсруулж гадагш нь гаргахад нэг тэрбум ам.доллар олох наад захын тооцоо бий. Нэмүү өртөг шингээвэл хоёр тэрбум болно гэдэг. Хорин сая малынхаа арьс ширийг боловсруулаад гаргавал хэд болох уу. Гучин сая малынхаа арьс шир, үс ноосыг гүн боловсруулаад олон улсад гаргавал юун Оюу толгойн долоон тэрбум ам.доллар, 10, 20 тэрбум ам.долларт хүрэх нөөц бидэнд байна. Европын өндөр хөгжилтэй орнуудад савхины сайн оёдолчны сарын орлого 7-11 мянган ам.доллар байна шүү дээ. Тэгвэл дэлхийн савхины түүхий эдийн хамгийн сайн нөөц Монголын хээр талд бэлчиж байна.

Арьс ширийн үнэ цэнэ зөвхөн ийм байгаа бол мах, өлөн гэдэс, малын ихэс… гээд өчнөөн түүхий эд дэлхийд ховор, үнэ нь улам өссөөр байна. Монгол малын өлөн гэдэс Германд хамгийн үнэтэй. Мэс заслын хамгийн сайн оёдлын утас болдог. Дэлхийн баячуудын хэрэглээ болсон хамгийн тансаг хиаман бүтээгдэхүүний түүхий эд бас хэвээрээ байна. Дэлхийн баячуудын үзэх, хичээллэх дуртай спорт газрын теннисний цохиур, бусад эдлэл хэрэглэлийг ч өлөн гэдсийг маш нарийн боловсруулж хийж байна. Энэ бүгдийг манай бизнесмэнүүд мэднэ. Ганцхан хөгжиж дэвжээгүй хөдөө аж ахуй, дэд бүтэцгүй малчдаасаа энэхүү ховор түүхий эдээ хэрхэн авах аргаа олохгүй байна. Үе үеийн эрх баригчдын зүгээс мал аж ахуйд хандсан дорвитой бодлого шийдвэр, сэтгэл зүтгэл огт гарсангүй. Сонгууль болохоор л бүгдээрээ “Миний малчин түмэн” гээд дүр эсгэж давхиж очихоос биш, сонгуулийн маргаашаас малчдыг ор тас мартдаг. Уул уурхай дээр л уралцаж, улс орноо хөмрөх шахаж байна.

Гэтэл ийм их баялгийг бүтээж, эдийн засгийн эрс сэргэлт авчрах түүхий эдийн нөөц хэдэн зуун жилийн өмнөхөөрөө амьдарч буй монгол малчны хотонд, мал аж ахуйн салбарт байсаар байна. Үүнийгээ бид ашиглаж чадахгүй мөлхсөөр байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ардчилал дэмий гэж үү

1980-аад оны сүүлээр Зүүн Европын социалист улсуудын задрал, ЗХУ-ын задралын дараа монголчууд ардчилалд тайван замаар шилжсэн. Энэ цагаас хойш 28 жил өнгөрчээ. Мэдээж өөр нийгэмд шилжсэнээс хойших он жилүүдэд алдаа, онооны аль аль нь л байсан. Гэвч Монголын ард түмэн ардчиллын замд тууштай орсон нь яалт ч үгүй зөв зам байв. Ардчилал бол эрх чөлөө юм. Яг л амьсгалах агаар мэт. Өнгөрсөн он жилүүдэд бид олон буруу сонголт хийж, алдаа гаргаж байсан ч хамгийн том ололт, хамгийн том брэнд маань ардчилал болсон юм. Дэлхий бидэнтэй ардчилсан орон гэдгээр нь харьцах болсон. Тэр хэмжээгээрээ ч хоёр том гүрний дунд мөртлөө дэлхийтэй харьцаж чаддаг.

Ардчиллын буян мөн ч их шүү. Ямар их боломжуудыг бидэнд өглөө. Черчилийн хэлснээр “…Хүн төрөлхтөн үүнээс илүү засаглалыг олоогүй байна”. Ардчиллаар бидэнд юу ирсэн билээ. Адаглаад хүн бүр гадаад паспорттай болж. Хоёр хөршөөсөө цааш улстай гэдгийг мэдэж, хүссэн цагтаа зорчдог болсон. Хуучин цагт бол хөрөнгөтний гэгдэх нийгэмд хөл тавьсан хүн бол нэг хэсэгтээ орчин тойрныхондоо хардагдана. Араасаа До яамны дагуултай л тууж явах байсан биз. Аягүй бол нэг эвгүй гишгэвэл ажил амьдралаараа хохироод, хэлмэгдээд дуусах байсан даа. Ардчиллын буянаар дэлхий бидэнд үүд хаалгаа нээсэн юм шүү. Байр, малаа хувьчилж авсан, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтлэх эрхтэй болж. Бизнес эрхэлж, малаа хувьчилж авлаа, мянгат малчин тоогоо алдаа биз дээ. Тэр ч бүү хэл малаа маллаж дийлэхээ байгаад туслах мачинтай болцгоосон нь олон. Хаа сайгүй хүссэн наймаагаа хийж байгаа. Ардчилал бидэнд дэлхийтэй хөл нийлүүлэх боломж олгосон. Хувь хүний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Хүссэнээрээ дарга даамлыг шүүмжилж байна. Шүүмжлэх эрх чөлөөг бол монголчууд хэнээс ч илүү эдэлж байгаа.

Социализмыг үзээгүй хүүхэд залуус ямар байсныг сайн мэдэхгүй. Харин хоёр нийгэмд амьдарч үзсэн ахмадууд бол хуучин цагийн хэцүү бэрхийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч хуучнаа санагалзаж, шинэ бүхнийг муулж байгаа нь цөөнгүй байна. Шинэ үеийнхэн хавчигдаж, хэлмэгдэхийн хар гайг даанч мэдэхгүй. Үг хэлснийхээ төлөө хянуулж, цагдуулж яваагүй, бүгдээрээ шахам ижил хувцас өмсч, айл болгон адилхан хүнс хэрэглэж, үзэл бодлоод ураараа илэрхийлж яваа. Тэд нийтийн өмчтэй байсан үеийг ойлгох ч үгүй. Хүнд хэцүүг нь мэдэхгүй болохоор энэ цагийнхаа, одоо амьдарч байгаа нийгмийнхээ үнэ цэнийг төдийлөн сайн ялгаж мэддэггүй байж болох. Харин томцуулын хуучнаа санагалзсан үгийг өлгөж аваад одоо үеэ, ардчиллаа зүхэж байж мэднэ. Шинэ үеийн залуус 1990 онд улсын хэмжээнд хувийн гэх 50 машин л бүртгэлтэй байсныг мэдэхгүй. Энэ бүртгэл нь улсын нууцад хамаатай байсан гэвэл элэг нь хөших биз. Тэр үед хувийн орон сууцтай нэг ч хүн байгаагүй. Үйлээ үзэж өсгөх мал нь нэгдэл, нийтийн өмч байсан. Хувийн хэдхэн машин нь улсын хэдтэйгээ нийлээд ч зам дүүргэх биш, хотын зам цэлийнэ биз дээ. Тэр цаг сайхан байжээ гэж үглэх залуус өнөөдөр зам нь машинаа хүчрэхгүй байгаад уурсдаг. Тийм сайхан юм бол машингүй байгаад үз л дээ. Социализм өөрөө яаж ч хөдөлмөрлөөд баяждаггүй нийгэм. Тэгээд энэ бүхэн сайхан гэж үү. Өнөөдөр байгаа ардчилал дэмий гэж үү.

Бид ардчиллаар ирсэн эрх чөлөөгөө хэтрүүлж, түүнийхээ бурууг ардчилалд тохоод л сууж байдаг улс шүү дээ. Мэдээж илүү хөдөлмөрлөж, илүү хичээсэн нь сайхан амьдардаг нийгэм. Гэвч хамгийн гол нь ардчиллын хамгийн гол тунхаг нь хүний эрх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм. Манай улс бусдаас удаан хөгжиж, магадгүй хүн амын тоотойгоо харьцуулахад дэндүү олон авлигачтай болсон. Иргэд нь өдөр бүр өөрсдийн сонгосон улстөрчдөө шүүмжилж суудаг. Гэхдээ л сайн ч, муу ч монголчууд бид хүний эрхээр зовоогүй, өөрийн эрхээр жаргаж байгаа.

Сүүлийн үед ардчилал шиг муу юмгүй болж. Байсхийгээд төлөвлөгөөт эдийн засгийн үед, тийм байсан, ийм байсан. Ардчилал мухардалд орсон, ардчиллынхны хар гайгаар бид ингэж байна, тэгж байна гэх зэргээр.

Хуучин цагийг хатуу хөтүүг мэдрээгүй, үзээ ч үгүй хүүхэд багачуудын ярихыг мэдэхгүйгээсээ болж гэж бодоод өнгөрье. Аль л өнгөтэй өөдтэй өрмийг нь хүртэж ардчиллын анхны жидүүдэд асар их хожсон, ашиг шимийг хүртэгсдээс ийм үгс хамгийн их унах юм. Тэр тусмаа Ардын намынхнаас ийм үг их гарч байна. Хүүхдийн мөнгө ярьсан ч хэдэн улстөрч нь ардчиллыг зүхэж, ардчиллын хэдэн анхдагчдад дэмжлэг үзүүлэх хууль санаачилахаар мөнөөх л ардчиллыг бүгд муулав. Ардчилсан намыг шүүмжлэхдээ Ардын намынхан ардчиллыг үзэн ядаад эхэлдэг. Хэрэг дээрээ будлиантай баяжиж хөлжсөн нөхөд ардчиллыг учиргүй их зүхэх юм. Гэнэт будлиантай баяжсанууд нь хэзээ нэг цагт яаж баяжсан нь баригдчих вий гэж яс нь хавталзаж суудаг биз. Та баян байгаа бол ямар замаар олсныг чинь эс дурдаад ардчиллын буянаар л ийм болсон хэрэг шүү дээ. Харин ардчиллыг муулаад байгаа нам нь дахин төр барих ийм нэг жижиг атгаг санаанаас болж ингэтлээ муулдаг. Саяхан чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Ардчилал гэдэг бол ардыг чилээж алагч гэсэн утгатай. Хэдэн залуус өлсөж гудамжинд өлсөж хэвтсэнээс болж өнөөдрийн Монгол 27, 28 жил өлслөө. Тэр бол хувьсгал биш үймээн байсан” гэж хэлэв. Үнэн хэрэгтээ ардчиллын буянаар л ингэж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсноо бас санаж баймаар. Зүхэх муулах, шүүмжлэх эрх чөлөөг чинь, дураараа ярьж дунд чөмгөөрөө жиргэхийг чинь ардчилал л авчирсан юм шүү. Ардчиллын буянаар нэг намын тогтолцоотой үед хэлмэгдсэн та бүхний өвөө, аав, ах дүү хамаатан садан цагаадсан юм шүү. Ардчиллын буянаар лангуун дээрээс хүссэн хүнсээ авч идэх болсон. Ардчиллын буянаар интернэттэй болж, сошиалд хүслээрээ дураараа төр засгаа шүүмжилж суугаа шүү.

Ардчиллын буянаар сонгох эрхтэй болсон шүү, бид. Урьд нь бол намаас оруулж ирсэн хүнийг ярайтал сууж байгаад зуун хувь сонгодог байснаа больсон шүү. Дургүй хүндээ ч санал өгөхөөс өөр гарцгүй байсныг дуртайдаа саналаа өгч төлөөллөө сонгох эрхтэй болгосон шүү.

Нэг хэсэг нь ардчиллын нэр барьж луйвар булхай хийсэн. Тэрийгээ нуух гэж ардчиллыг буруутгах нь арга ядсан л хэрэг. Ардчилал бол манай тусгаар тогтнолын баталгаа. Дэлхийтэй харьцдаг бидний нэр нүүр. Ардчилал байхгүй бол тусгаар тогтнолоо алдана. Одоо бидэнд ухрах зам байхгүй болсон. Ардчилал үгүй бол чөлөөт хэвлэл гэж байхгүй. Чөлөөт хэвлэл байхгүй бол нэг дарангуйлагчтай орны гунигт хувь заяа угтана. Зарим хүн хэлэх байх л даа. Тэр, тэр улс орныг хар. Нэг удирдагчтай болоод улс нь ингэж хөгжиж байгаа гэх биз. Жигтэйхэн баян мэт харагдах зарим нэг оронд хүн нь гунигтай байдаг. Тэд хүссэнээрээ дарангуйлагчаа шүүмжилж чаддаггүй. Ийм байхад ардчилал дэмий гэж үү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

ШХАБ-д элсвэл “нугасны муухай дэгдээхэй” л болно

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “жинхлүүлэх” гэж зүтгүүлээд байгаа ШХАБ-д элсвэл бид ер нь яах бол гэсэн асуулт олны анхааралд байна. В.Путин таван жилийн өмнө ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх албан ёсны журам батлах санал гарга ж байв. Мань эр Бишкект болсон уулзалтын үеэр Энэтхэг, Пакистанаас гадна манай улсыг элсүүлэх төлөвлөгөөгөө ил тод зарлаж байсан удаатай. В.Путины санал болгосон гурван улсаас хоёр нь буюу Энэтхэг, Пакистан өдгөө ШХАБ-д албан ёсоор харьяалагдаж байна. Монгол Улс Евразийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлдэг ч өнөөдүүл нь тоож авч хэлэлцдэггүй, ШХАБ л элсээч гэж урьж залдаг ганц том байгууллага гэж учир мэдэх улс өөр зуураа зүгээр ч нэг ярилцдаггүй. Уул уурхайн баялагтай Монгол дахь Америкийн нөлөөг багасгах Орос, Хятадын сонирхол энэ шахааны цаана нэгддэг гэсэн хардлага дуулддаг. Сэмхэн ярьж тохироод аль нэг нь хөнгөхөн няслахад л хэцүүдэх улс учраас мэдээж ил тодоор ШХАБ-ын жинхэнэ гишүүн болохгүй энэ тэр гэж зарлах нь хоёр их гүрний дундах жижигхэн улсад аюултай. Монголын нэрт соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн “Монгол Улс нь Швейцарь лугаа төвийг сахисан орон байваас зохилтой” гэж хэлснийг ийм үед санаж сэрж, бодлого шийдвэртээ тусгасан шигээ аж төрмөөр санагддаг. Тэгэхээр ажиглагч гишүүн гэсэн өнөөгийн статусаа хадгалж, эсэргүүцэхгүй ажиглаж төвийг сахих л хамгийн зөв зам гэж харагдаад байна.

АВТОРИТАРУУДЫН КЛУБ

Эхлээд энэ байгууллагад нэгдсэн орнуудын улс төр, засаглалыг харъя. Урд хөршийн хувьд ойлгомжтой. Засаглал нь бидний сонгосноос өөр замаар өрнөдөг. Нэг намын тогтолцоотой, ганц том даргатай. Үндсэн хуулиндаа саяхан өөрчлөлт оруулж төрийн тэргүүний дахин сонгогдох эрхийг хязгааргүй болгочихсон. Тэгэхээр улсынхаа мөнхийн удирдагч хэвээр аж төрөхөд Си даргад ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг. Хойд хөршийн тухайд хүчтэй цорын ганцхан лидертэйг сүүлийн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийнх нь сонгуулийн дүнгээс харчихаж болно. Путин, Путин, Путины хүн Медведев, Путин гэсэн жагсаалт ирэх сонгуулиудаар Путин, Путины хүн, Путин гэх маягаар үргэлжлэх нь хэтэрхий тодорхой асуудал. ШХАБ-т хожим элссэн Энэтхэг гэхэд л кастын системтэй. Доор байгаа хүн дээшээ цойлох боломжгүй нийгэм. Жирийн хар арьст хүү ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг Энэтхэгт бол үлгэр. Казахстан Назарбаеваас өөр удирдагчгүй. Байх ч боломжгүй. Түүх нь угаасаа тийм.

ШХАБ-ын гишүүн Тажикистан улс ч Казахстанаас ялгарах юмгүй. 1992 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Эмомали Рахмон өнөө хүртэл төр барьж яваа. Түүний толгойлдог Тажик улсын ардын ардчилсан нам олон жилийн турш дангаар шахуу засагласаар өнөөг хүрсэн. Коммунист, Эдийн засгийн шинэчлэлийн, Хөдөө аж ахуйн гэх мэт тодотголтой сул гэж жигтэйхэн, ганц хоёр суудлаас хэтэрдэггүй хэдэн намтай. АНУ-ын “Фрийдом хаус”-ын Дэлхий дахины эрх чөлөөт байдлыг судалгаагаар энэ улс эрх чөлөөгүй гэсэн ангилалд багтсан удаатай. Эрх чөлөөгүй ангилалд багтсан шалтгааныг нь судлаачид “Суперпрезидентизм” буюу ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл олгосон явдал гэж тайлбарладаг. Узбекистан ч “Фрийдом хаус”-ийн судалгааны эрх чөлөөгүй гэсэн ангилалд дурайж байна. Шалтгаан нь сая онцолсон “суперпрезидентизм”. Узбекистан ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан улсуудын нэгд зүй ёсоор багтдаг.

Олон жил нэг хүний, гэр бүлийн дарангуйлал мэдэлд явсан гэгддэг Киргизстаны хувьд сүүлийн үед байдал арай наашилж буй. 1993-2011 он хүртэл ерөнхийлөгчийн засаглалаар явсан энэ улс одоо парламентын засаглалтай. Пакистаны тухайд ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан. Энэ орныг судлаачид исламын шашны хэлбэр шингэсэн улс төрийн үзэлтэй, эрх баригчид нь улс төрийн нам, шашны байгууллага, цэргийн хүчний гэсэн гурван хэсэгт хуваагддаг, байнгын зөрчилтэй гэж тодотгодог. ШХАБ-ын 13 дахь уулзалтын өмнөхөн яг өнөөдрийнх шиг “Монгол Улс ШХАБ-ын жинхэнэ гишүүн болно” гэсэн гарчигтэй мэдээлэл цацагдаж байсан удаатай. Тухайн үед өрнөдийн хэвлэлд “Гуравдагч хөрш гэж ярих дуртай монголчууд авторитаруудын клубт элсэх нь” гэж зүгээр ч нэг онцолж мэдээлээгүйг ШХАБ-ын гишүүн орнуудын засаглалаас харж болно.

Харин Монгол бол өөр. Азидаа ардчиллын жишиг загвар гэж үнэлэгддэг, парламентын засаглалтай, гуравдагч хөршүүдтэйгээ түншийн хэмжээнд харилцдаг, хэн нэг нөхөр хэдэн үеэрээ ноёлох боломжгүй ардчилсан засаглалтай улс. Монгол гэдэг улсын төдийгөөс өдий хүртэлх түүхийг ганц өгүүлбэрт багтаа гэвэл ерөөсөө л хоёр хөршийнхөө нөлөөнөөс гарч гуравдагч хөрштэй болох тэмцэл байсан. Цагаан морин жилийн хувьсгалаар олсон хамгийн том олз гэвэл энэ. Ялимгүй хэтрүүлбэл 200 жил Манжийн эрхшээлд, бараг зуун жил Оросын хараанд байсан Монгол Улс 28 жилийн өмнө дэлхийд үүдээ нээж, гуравдагч хөрштэй болсон түүхтэй.

Үүсэл түүхийг нь хөөвөл бидний гуравдагч хөрш гэж хардаг, харилцдаг барууныхны эсрэг чиглэж нэгдсэн байгууллагад багтвал 1990 оны хувьсгалын амин сүнс алга болно. Бүр цаашлуулж яривал монголчуудын хэдэн зуунаар зорьж хүсч ирсэн тэмцлийн утга учир алдагдана.

Ерөнхийлөгчийг ШХАБ-д элсэхийг уриалснаас хойш энэ асуудлаар учир мэдэх улс байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний нэг нь ахмад дипломатч Ц.Гомбосүрэн. Гадаад харилцааны сайдаар ажиллаж явсан энэ эрхэм “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй” гэсэн юм. Дараагийн онцлох эшлэл мөн л Гадаад харилцааны сайдын албыг хашиж явсан хүнийх. Ц.Мөнх-Оргил гишүүн “Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Эргэж харахаас аргагүй болгоомжлол.

ХЭВЛЭЛИЙН ЭРХЧӨЛӨӨ БУЮУ ТЭС ӨӨР ЗУРАГ

ШХАБ-ын улсуудын хэвлэлийн эрх чөлөөг өөрсөдтэйгөө харьцуулахад эрс тэс дүр зураг харагдаж байна. ЗХУ-аас тасарсан, өнөөг хүртэл нэг хүний дарангуйллаас гарч чадахгүй яваа “стан”-ууд, улстөр нь шашинтайгаа хэт холилдсон Пакистан, кастын системтэй Энэтхэгийг алгасаад хоёр хөршийнхөө үнэлгээг сонжъё. Олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг, нэр нөлөө бүхий “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөө” индескийн жагсаалтад хойд хөрш 148-д, урд хөрш сүүлээсээ гуравт буюу 176-д жагссан бол Монгол Улс 71-т эрэмбэлэгдэж. Бид тэднээс хэр өөр вэ гэдгийг энэ тоонуудаас харчихаж болно. “Монгол Улс өмнөхөөсөө хоёр байраар ухарчээ, уг нь бид 175-д байсан шүү дээ” гэж ирээд харамсаж халагласан мэдээлэл хэвлэлээр хөвөрснийг тод санаж байна. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болчихвол хоёр биш хорь, гучин байраар ухрахыг үгүйсгэх аргагүй.

ЭДИЙН ЗАСГИЙН ГАНЦ Ч ТӨСӨЛГҮЙ НЭГДЭЛ

Монголд хэрэгжиж байгаа, Монголын эдийн засгийг өдий дайны өсгөж буй хамгийн том төслийн хөрөнгө оруулагч нь гуравдагч хөрш. Төмөр замыг эс тооцвол хойд, урд хөршийн нөлөө бүхий том төсөл өнөөхөндөө байхгүй. Тэгэхээр ШХАБ-ын гишүүн болвол эдийн засаг маань яах бол, гуравдагч хөрш биднийг хэрхэн харах вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавихаас аргагүй. ШХАБ-ын жинхэнэ гишүүн орнуудаас Орос, Хятадаас бусад нь манай улсад эдийн засгийн хувьд ямар ч ашиг өгөхгүй. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ сүүл мушгидаг Тажикстан, хөвөн, тамхи, эрчим хүч гэсхийгээд экспортолдог бүтээгдэхүүнийх нь жагсаалт дуусдаг Киргизстан, газар нутаг, соёл түүх, эдийн засгаар нь яаж ч холбох гээд ойртохгүй Энэтхэг, Пакистантай доллар, харилцан ашигтай наймаа яриад хэтээсээ нэмэр багатай. ШХАБ-д нэгдсэнээр Орос, Хятадыг холбосон хийн хоолой, авто зам манайхаар дайрна гэх мэт эдийн засгийн өгөөжийн тухай яриа ид хөвөрч байна. Үүнтэй зэрэгцээд ШХАБ эдийн засгийн өгөөжтэй нэг ч том төсөл хэрэгжүүлээгүй гэсэн бодитой тайлбарууд ч дуулдаад эхэллээ.

Нийтлэлч Баабар “Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга” гэсэн бол ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр “Одоогоор ШХАБ-ын хүрээнд явагдаж байгаа тодорхой том төсөл, хөтөлбөр байхгүй” гэж байна. Орос, Хятадтай хамтарч эдийн засгийн том төсөл хэрэгжүүлье гэвэл заавал ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурь бас бий. “Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт”-аар том асуудлуудаа шийдээд хөдөлгөөд явах боломжтойг учир мэдэх улс аль хэдийнээс ярьж хэлээд яваа.

ДОТРОО СӨРГӨЛДСӨН ШХАБ

Гишүүн нь болохын тулд энэ байгууллагыг чухам ямар зорилготой вэ гэдгийг анзаарч судлах учиртай. Дэлхийн судлаачид ШХАБ-ыг эдийн засгийн нэгдэл үү, улс төр, цэрэг дайны эвсэл үү гэдэг дээр өнөөг хүртэл байр суурь нэгдээгүй байна. Америк, Европын орнууд ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж хардаг. Тэд ШХАБ-ын дүрэмд НАТО, АНУ, Зүүн Азийн цэргийн эвсэлтэй сөргөлдөх агуулга бүхий заалтууд бий хэмээн мэдэгдсээр байгаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “ШХАБ нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлалтай” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “ШХАБ бол НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Дэлхийн анхааралд байдаг асуудлын нэг нь ШХАБ-ын гишүүдийн толхилцоон, сөргөлдөөн. Энэтхэг, Пакистаны хилийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байна. Тажикстан Узбекистан улсууд урсгал голын эзэмшил, ундны усныхаа нөөц дээрээ маргасаар суугаа. Энэ асуудлаа бүр зэвсгийн хүчээр шийдэх гэж оролдсон удаатай. ШХАБ-ын гишүүдийн толхилцооныг үргэлжлүүлж тоочвол урд хөрш Тажикстаны газар нутгийн маргаан байна. Урд хөрш энэ нэгдлийг эдийн засаг талаас нь харж бүс нутагтаа 84 тэрбум ам.долларын хөрөнгө цацаад байгаа бол хойд хөрш ШХАБ-ыг улс төрийн зэмсэг болгох эрмэлзэлтэй гэсэн эсрэг тэсрэг хандлага бас анзаарагддаг.ШХАБ дотооддоо ийм олон асуудалтай ч Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар анхаарал татдаг. Иран ШХАБ-ын жинхэнэ гишүүн боллоо л бол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш Америкийн хоригт орно гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл бид энэ байгууллагын жинхэнэ гишүүн болвол Америкийн хоригт багтана гэсэн үг. Тэр цагт гуравдагч хөрш гэсэн бодлого утгаа алдана гэдэг нь хэнд ч тодорхой асуудал.

ШХАБ-Д ЖИНХЛЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

Хятад судлаач Ч.Сумъяагийн саяхны нэг нийтлэлд энэ тухай их тод дурдсан байсан. АНУ бодлогын барим бичигтээ Хятадыг өрсөлдөгч гэж тодорхойлсоор байгаа үед, Оросын зарим төрийн байгууллага, компани хувь хүнд чиглэсэн хоригоо АНУ, Европ цуцлаагүй цагт ШХАБ-т жинхлэх эрсдэлтэй гэсэн судлаачийн дүгнэлт ултай санагдсан. АНУ тэргүүтэй барууны орнуудын ШХАБ-д нэгдсэн улсуудтай өрсөлдсөн, үл ойлголцсон байдал ойрын таваас арван жилд намжихгүй гэсэн судлаачдын таамаг бий. Бас ШХАБ-ын төсөв санхүү НҮБ, Европын холбоо шиг ил тод биш гэсэн шүүмжлэл өнөөдрийг хүртэл хүчтэй өрнөж байна.

Монгол ШХАБ гэсэн малгай доор нэгдсэн жинхэнэ гишүүдээс олон зүйлээрээ ялгаатай. Ардчилсан сонгуультай, эрх чөлөөтэй, ардчиллын баян бүрд гэсэн тодотголтой. ШХАБ-д нэгдвэл дэлхийн газрын зураг дээрх энэ онцлог маань бүдгэрэх эрсдэлтэй. Шуудхан хэлэхэд ШХАБ-д жинхэлснээр бидэнд алдах зүйл их, унах унац нь харин хар зам төдийхөн харагдаж байна. Гэхдээ хар замгүй үлдэх ч эрсдэл бийг мартаж болохгүй. ШХАБ гэсэн нэгдлийг анзаарах нь ээ ОХУ, Хятадаас бусад нь хэцүүхэн харагддаг. Хөрөнгө оруулагчдад найр тавьж, Хятадаас мөнгө татсаныхаа хүчинд Казахстан овоо яваагаас биш Тажикстан, Узбекистаны эдийн засаг элгээрээ хэвтсэн хэвээр байна. Тэд ШХАБ дотроо “нугасны муухай дэгдээхэй” шиг харагддаг нь бодитой үнэн.

Манай улс ШХАБ-д элсчихвэл тэднээс ялгарахгүй. Хоёр хөршдөө гологдсон, шоовдорлогдсон, босго бараадаж суусан нунж дорой царай муутай дэгдээхэй л болно. Харин ШХАБ-ын ажиглагч гишүүн хэвээр үлдвэл гуравдагч хөрштэй, гуравдагч хөршийн хөрөнгө оруулсан том төслүүдтэй, ардчилалтай, эрх чөлөөтэй, улс орнуудын элдэв үймээн сөргөлдөөнөөс хол, хоёр хөршдөө гологдож шоовдорлогдохгүй амар жимэр аятайхан амьдрахаар харагдаад байна даа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийгмийн солиорол галзуурлын шатандаа орж байна

Манай нийгэм солиорч байсан бол одоо галзуурч эхэллээ. Гэрт нэг галзуу байхад тэр айл голомтоороо сүйрдэг. Гэтэл нийгэм даяараа галзуурчихсан байна гэхээр төсөөлөхийн арга алга. АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баярыг өрөөндөө дуудаж авчран дарамталж байгаад хор өгсөн байж болзошгүй гэж ярьж байгаа нь манай нийгмийн солиорол галзуурлын шатандаа орсныг харуулж байгаа юм. Үүнийг сошиал медиа дэврээж, өөрсдийнх нь хэлдгээр энэ мэдээллийг жинхэнэ “сэвж” өгсөн дөө. “…тийм байх С.Баярын бие гэнэт муудсан”, “С.Баярт хор уулгаж авлигын хэргийг балартуулах гэж байна”, “С.Баярыг Оросын тагнуулын аргаар цааш харуулах захиалгыг өгсөн бэ” гэх мэтээр хардалт, сэрдэлт, доромжлол дүүрэн сэтгэгдэл, пост, жиргээгээр “сэвсэн” нь нийгэмд тарж, энэ галзуурлын давалгаанд телевизүүд ч “Бяд юугаараа дутахав” гэсэн шиг хамжилцаж сая хэд хоног нийгмийг ёстой галзуурууллаа даа. Сэтгэл зүйн хувьд савлагаатай, тогтворгүй, дархлаагүй нийгэм ямар нэгэн үг яриаг хариу үйлдэл үзүүлэхгүйгээр сэтгэлийн хөөрлөөр шууд итгэх байдлаар хүлээж авдаг. Тэр зарчмаар л галзуурцгаав. Харин энэ бүхнийг сөргүүлж, үнэн учрыг нь олж, үнэний талд зогсдог цаасан хэвлэл зарим үед цөөдөх юм. Гэхдээ хүн төрөлхтөн үүссэн цагаас эдүгээ хүртэлх цаг хугацаанд үнэнийг хэлэгч, үнэний талд зогссон хүмүүс л ялагч болон гарч ирэн, ялагчийн дүрээр мөнхөрч үлддэг. Ийм жишээ олон бий шүү дээ. Хүн төрөлхтний түүхэнд үнэнийг өгүүлж, мунхгуудын эсрэг тэмцэж, тухайн цаг үедээ хараалгуулан, үл ойшоогдон, гадуурхагдан хавчигдаж байсан эрхмүүд түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг. Будда, Есүс үнэнийг хэлснийхээ төлөө, үнэнийг заасныхаа төлөө өнөөдөр ч та бид, хүн төрөлхтний дунд сургаал, номлолоороо амьд байгаа юм. Гэтэл тэднийг үгүйсгэж, үгийг нь үл тоож байсан этгээдүүд түүхээс арчигдчихсан. Ингэж л үнэн хэзээд ялдаг. Өнгөндөө галзуучууд дийлж байгаа мэт байдаг ч эцэст нь үнэн дийлнэ. Энэ бол үнэн.

Манай нийгэмд галзуучуудыг зориуд гаргаж ирж, тоог нь нэмэх “захиалга” их байна. Хэрвээ энэ байдлыг хазаарлахгүй бол 10, 20 жилийн дараахь Монгол Улсыг төсөөлөхөд бэрх. Монголын боловсролтой сэхээтнүүд, оюунлаг давхаргынхан л нийгмээ эмчлэх хэрэгтэй байна, энэ үед. Сэхээлэг, оюунлаг иргэд маань галзууралд цэг тавьж, нийгмийг зориудаар галзууруулаад байгаа бүлэг хэсгийг сэхээрүүлэх, задлах ёстой болчихлоо.

Дорнодод хэдэн залуус нийлж хятад иргэний аминд хүрсэн тухай, эсхүл хятад иргэн монгол залуугийн амийг бүрэлгэсэн гэх хэргүүдийн мэдээний доорх сэтгэгдлүүдийг харахад үнэхээр аймаар. Сэтгэгдэл хэсэгт нь улаан галзуу, засрашгүй галзуучуудын үзгээр бичиж зүрхлэмгүй тийм айхавтар үг хэллэг, өгүүлбэр хэдэн мянгаараа урссан байдаг. Тэрэн дунд нийгмийг турхирсан, өдөөн хатгасан агуулгатайгаас гадна хэн нэгэн рүү хандсан, буруутгасан өнгө аястай үг их байх бөгөөд ер нь олигтой үгтэй өгүүлбэр олж уншихгүй. Үг амьтай. Үгээр хамаагүй тоглодоггүй, үг шидтэй гэж манай үгийн мэргэд эртнээс захиж ирсэн. Гэтэл манай нийгэм 50 гаруйхан ширхэг муу муухай үгс дунд живж, тэр муухай үгсийнхээ үйлэнд унаад байна ч гэж бас харж болно л доо. Энэ их галзуурлыг гардан гүйцэтгээд байгаа, сэвэн дэвэргэгчид нь хэн бэ гээд хайх шаардлага ч алга. Энэ бүгдийн цаана хэн гэгч захиалаад сууж байгаа нь ил.

Галзуурал улс төр гэлтгүй урлаг, спортын салбарт ч байна. Монголчуудын, монгол эр хүний жудаг ёсыг хамгийн ихээр дээдэлдэг, эсгий туургатны цэнгэлийн манлай гэгддэг бөхчүүд маань хоёр ч юмуу, гурав ч юм уу хуваагдаад тус тусдаа хуралдаж, өөр өөр тэргүүн сонгож, ондоо ондоо тамга бариад тусдаа барилдаан зохиогоод солиорч байна. Зургадугаар сар гарангуут л бөхийн галууд бэлтгэлдээ гардаг. Гэтэл өнөө жилийн наадмаар бөхийн барилдаан хоёр удаа болох юм гэнэ, хоёр тусдаа наадамлах нь гэсэн яриа гараад эхэллээ. Энэ бол галзуурал шүү. Бөхчүүдийн хэрүүл уруул нь солиорлын түвшингээсээ хальж галзуурцгаалаа. За энэ бас танагтай галзуурал, нэг холбоог тойрсон, Бөхийн өргөө гэсэн тоорцгон барилгын асуудал гээд орхиё л доо.

Монгол Улсын Үндсэн хууль гэж эх хууль байсаар байтал Шинэ дээд Үндсэн хууль гэж зохиогоод түүнийгээ батлуулах гэж зүтгэж байна. Энэ юу болж байна!? Үндсэн хууль нь төгс төгөлдөр мөрдөгдөж байхад ямар хүний толгойд ийм зүйл орж, тэрийгээ ажил хэрэг болгох гэж аймшиггүйгээр улайрдаг байна аа. Энэ үйлдлийг эрүүл биш гэж хэлэхэд багадаад солиотой гэхэд дутаад галзуурч байна гэвэл ёстой нэг онож байна. Бүхэл бүтэн тусгаар тогтносон бүрэн эрхт улс, хил хязгаартай, ард түмэнтэй, үндэсний баялагтай, үүх түүхтэй орон байхад юун Шинэ дээд Үндсэн хууль вэ. Одоогийн энэ эх орон, улс үндэстэн, эх хууль маань тэгээд юу болж таарч байна вэ. Улс үндэстнийг ингэж доромжилно, басамжилна гэдэг эрүүл хүнээс гарах үйлдэл биш шүү.

Галзуучуудын үг, үйлдэл, хийсэн болгоныг энэ мэтээр тоочвол бичсэн хүний гар мойнийж, уншсан хүний хэл ээдэрмээр. Галзуучуудыг бий болгож байгаа этгээдүүдийн эцсийн зорилго ердөө л нэг албан байгууллагын даргын суудал. Хэн нэгнийг буулгаад өөрийнхөө талын нэг хүнийг томилуулах гэсэн амин хувийн жижигхэн эрх ашиг л явж байдаг. Тэд жижигхэн эрх ашгийнхаа төлөө нийгмийг зориудаар галзууруулж суухдаа даргын суудал мөрөөдөн шүлсээ залгин инээмсэглэн тавладаг. Хэрвээ нийгэм яг энэ байдлаараа, урсгалаараа цааш явбал яаж ч галзуурвал галзуурахад бэлэн байна. Яаж галзуурахыг нь хэлж мэдэхгүй. Үүнээс нь сэргийлж төрийн зүгээс ухаалаг бодлого явуулж, оюунлаг хэсгийнхнийхээ хүчийг дэмжиж өгөх хэрэгтэй байна. Боловсролтой сэхээтнүүд ард түмнийг сэхээрүүлж, сэнхрүүлж, оюуны хувьд дархлаатай, тэнхээтэй байхад хүч нэмрээ оруулах цаг зайлшгүй тулгарчихаад байна. Тэгж бид энэ галзуурлыг хазаарлаж яваандаа өвдөглөж аваад нам дарна.

Нийгмийг соён гэгээрүүлэх гэсэн оролдлогууд эхнээсээ гарч байгаа. Бурхны шашинтнууд интернэтэд бусдыг муулж, доромжилж, гутаасан сэтгэгдэл бичихийг арван хар нүгэлд тооцох болж иймэрхүү сэтгэгдэл бичихээс татгалзах нь гэгээрэхэд дөхөм болно гэж албан ёсоор номлож эхэллээ. Тэдний үзэж байгаагаар хүнийг муулж, доромжилсон коммент бичих нь энэ цагт хүн алсантай эн зэрэгцэхүйц нүгэл бөгөөд ийм нүглийг аль болох тэвчихийг зөвлөж байгаа. Нийгмийг сэхээрүүлэх гэсэн ийм оролдлогууд гарч байгаа нь сайн ч нөгөө талаар галзууралтай тэмцэхийн тулд илүү албан ёсны байдлаар, төр засгийн зүгээс анхаарал хандуулж энэ чиглэлд шат дараалсан арга хэмжээ авах хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа телевиз, редакциуд үүнд гойд анхаарч, тодорхой хэмжээний үүрэг хүлээж нийгмийг сэхээрэхэд, муу муухайгаас салахад хувь нэмрээ оруулмаар байна. Гэхдээ мөнгө хөөсөн мэдээллийн хэрэгслүүдийг хаах нь зөв. Зарим мэдээллийн хэрэгслийг даргалж байгаа гэх жижигхэн охид үнэндээ нийгэмд юу болоод байгааг, цаашид хэрхэхийг төдийлөн мэдэрдэггүй сул талтай. Ямар мэдээллийг нийтэд түгээх, алийг нь түгээхгүй байх вэ гэдэг нийгмийн нарийн ширийн төдийлөн ойлгодоггүй байх нь бий. Иймээс редакциудыг чадвартай, туршлагатай, мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүсээр удирдлуулж нийгмийг галзуурлаас салгахад нь оюунлаг хэсгийнхэндээ дэм болох ёстой. Энэ мэтээр хаана хаанаа анхаарч салбар бүртээ алдаа оноогоо цэгнэж, галзуурлыг дэвэргэхгүй байх тал дээр ажиллах хэрэгтэй юм. Мэдээж энэ ажлыг нийгмийн боловсролтой сэхээтэн, оюунлаг хэсгийнхэн л түүчээлж байж энэ хар галзуучуудыг дарж, зөөллөж зөв замд нь буцаан оруулж, гажуудсан нийгмээ эрүүлжүүлэх боломжтой. Аливаа улс орон хөгжлийнхөө замд ийм галзуурлын үетэй нүүр тулгардаг бөгөөд энэ үед иргэд нь сайнаас илүү саар мэдээг шүтэж, дэвэргэдэг нь жам юм. Харин энэ байдлаас сэхээтэн, боловсролтой, ухаалаг хэсэг нь бусдыгаа чирч ирсэн туршлага олон бий. Нийгмийн ухаалаг хэсэг маань цөөн ч үнэн ялна гэдэг зарчмаар тууштай байвал Монголын их галзуурал мөд сарнина.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргал: Надад уйлах ч завдал олдохгүй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргалтай ярилцлаа.


-Б.Бямбасайханыг хориод хоёр сар болчихлоо. Энэ хугацаанд нөхөртэйгөө хэдэн удаа уулзсан бэ?

-Долоо хоногт нэгээс хоёр удаа шилний цаанаас утсаар ярих маягаар уулзаж байгаа. Нэг удаа уулзах хугацаа 15 минут гэхээр долоо хоногт дээд тал нь хагас цаг уулздаг гэсэн үг.

-Уулзалтын үеэр хүүхдүүдээ л их асуух уу?

-Хүлээгдээгүй гэнэтийн явдал тохиолдсон болохоор хүүхдүүддээ, аав, ээждээ санаа зовсон асуулт их тавина. Долоо хоногт хагас цаг уулзах гэж бүтэн хоёр өдрийг зарцуулж байгаа минь ерөөсөө л нөхөртөө эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгөх. Сэтгэл санаагаар дэмжих гэж уулзаж яваа болохоор аль болох эерэг зүйлс ярьж, хүүхдүүдээ өвдсөн үед ч “Санаа зоволтгүй ээ, зүгээр” гэж хэлж байгаа.

-15 минут уулзах гэж бүтэн өдөр зарцуулдаг хэрэг үү?

-Үдээс урагшдаа АТГ-аас нэвтрэх зөвшөөрөл авна. Яваад очихоор ойр дотныхоо хүмүүстэй уулзах гэсэн хүмүүс дугаарлаад зогсч байдаг. Бүгд л дотны хүмүүстэйгээ уулзах гэж яарч байгаа улс. Яалаа гэж хөл хүнд гээд намайг урдуураа оруулах билээ. Хүлээж байгаад ханьтайгаа уулзаад гэртээ ирэхэд оройны зургаа, долоон цаг болчихдог.

-Тэгж удаан дугаарлахаар бэлдэж очсон хоол цай хөрөхөөс эхлээд хэцүү л юм байна?

-Хоол унд оруулахгүй, зөвхөн эмчийн заавраар шаардлагатай эм тариа, унших ном, тухайн улирлын нэг ээлжийн солих хувцас л оруулдаг юм билээ. Эхний хоёр долоо хоногт бол зөвшөөрдөг хувцсыг нь ч аваачиж өгч мэдэхгүй будилж явсаар таарсан.

-Танай хүнийг нэлээд жин хаясан гэж хэвлэлээр мэдээлж байна. Биеийн байдал нь ямаршуу байгаа бол?

-Хоёр сарын хугацаанд 13 кг турсан байна. Хэр стресстэй, сэтгэлийн дарамттай байгаа нь эндээс харагдах байх. Огцом жин хаясан нь дархлаанд нь нөлөөлөөд өвчин ороогоод эхэллээ. Гаднаас нарийн мэргэжлийн эмч очиж үзсэн гэсэн. Манай хүн элэг муутай. Элэг өвддөггүй эрхтэн болохоор хүндрэх вий гэж айгаад байх юм. Олон цаг сууж ажилладаг, биеэ хайхардаггүй байсан болохоор санаа зовоод л байна.

ШАЛГУУЛАХГҮЙ ГЭЖ ГАНЦ Ч УДАА ХЭЛЭЭГҮЙ БАЙХАД ХОРЬСОНД НЬ ҮНЭХЭЭР ГАЙХАЖ БАЙНА

-Эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ яг тохирсон эмчилгээ хийгдээгүй юм шиг санагдсан. Сүүлийн үед хамраас нь байнга цус гарч, гүйлгэж байна. Бид хууль дүрмийнх нь дагуу шалгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Шалгуулахгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Оргон зайлах оролдлого ганц ч удаа гаргаагүй. Байцаалт өгөхгүй гэж татгалзаагүй. Ийм байхад гэрчийн мэдүүлэг авъя гэж дуудангуутаа хорьсон нь үнэхээр хүнд санагдаж байна. Гайхаж байна. Эцэст нь эрүүл мэндээрээ хохирч байгаад сэтгэл дундуур байна.

-Хөл хүнд, хэзээ мөдгүй төрөх дөхсөн хүн ийм хүнд үеийг ганцаараа туулна гэдэг хэцүү. Уулзах үед нулимсаа барьж чадахгүй үе гарна биз?

-Эрч хүч өгөх гэж нөхөртэйгөө уулзаж байгаа хүн чинь уйлж болохгүй. Харц тулгарахгүйгээр “Хүүхдүүд сайн байгаа. Санаа зовох хэрэггүй” гэх мэт ерөнхий зүйлс ярьж байгаад л гарч ирдэг. Ханьдаа санаа зовсноо ил гаргахгүй шүү гэж хичээгээд нулимсаа барьдаг. Үнэнийг хэлэхэд надад уйлах ч газар олдохгүй л байна. Гэртээ хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэж хичээнэ. Нөхөртөө сэтгэлээр унаснаа харуулж болохгүй. Ээж, аавынх нь санааг зовоож хямрааж бүр болохгүй. Уулзах үеэр манай хүн ч надад сэтгэлийн дэм өгөх гэж сэтгэлээ барьж байгаа нь анзаарагддаг. Би ханьтайгаа уулзахаараа “Бидэнд санаа зовоод хэрэггүй. Өөртөө л анхаар” гэдэг юм. Тэгж хэлсэн хэр нь хүүхдүүддээ, надад, ээж, аавдаа санаа зовж суугаа нь мэдрэгдээд хэцүү юм (нүдэнд нь нулимс цийлэгнэв).

-Ямар учраас яагаад хорьчихов гэж хандсан газар байна уу?

-Огт мэдэхгүй процесс болохоор хэнд хандахаа ч сайн мэдэхгүй л байна. Үнэн, мөн нь тогтоогдоод удахгүй гараад ирнэ гэж явсаар хоёр сарын нүүр үзэж байна. Хуучнаар бол Ганц худаг, одоогийн 461 дүгээр хорих ангийг хөдөө байдаг гэж л боддог байлаа. Ийм л юм руу гэнэт орчихлоо. Өмгөөлөгч маань хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч байгаа.

ТЭР ӨДӨР ЯАХ ГЭЖ САЛХИНД ГАРАВ ДАА ГЭЖ ХАРАМСААД БАЙХ ЮМ

-Танай хүний компанийн ажил төрөл ямаршуу байгаа вэ?

-Ойр зуурын жижиг ажлууд нь хэвийн явж байгаа. Манай хүн байхгүй болохоор өөрөөс нь хамааралтай бүх ажил зогсчихсон.

-Б.Бямбасайханы өмгөөлөгч “Хүүхдүүдээ гэрийнх нь гадаа буулгаад л АТГруу мэдүүлэг өгөхөөр яваад хоригдсон” гэж манай сонинд ярилцлага өгөхдөө ярьсан. Тэгэхээр яаж ч бодсон сэтгэл зүйн хувьд хүнд үеийг туулсан байх…?

-Тэр үед надад хүртэл маш хүнд байсан. Хүүхдүүдээ агаарт гаргая, төрөхөөсөө өмнө гэр бүлээрээ амаръя гэж ярьж ярьж ганц салхинд гарсан нь тэр л дээ. Тэр өдөр яах гэж салхинд гарав даа гэж гэмшээд, харамсаад байх юм. Арга ядсан хүний л бодол байх даа. Манай хүнтэй АТГ-аас холбогдсон өдөр нь хагас сайн байсан. Бүтэн сайнд заавал ир гэхээр нь учир байдлаа тайлбарлаж даваа гаригт ажил цуглангуут яваад очъё гэсэн л дээ. Бүр хэд хэдэн удаа учир байдлаа хэлсэн ч байн байн залгаад байхаар нь амралтын хугацаагаа богиносгох шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн. Манай хүн “Очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй бололтой. Яаралтай юм шиг байна. Тодруулах зүйл байна гэнэ” гээд л бүтэн сайнд Улаанбаатар руу яарч ирсэн. Ирэх замд хүүхдүүд машиндаа унтчихсан байсан болохоор тэдэнтэйгээ тухтай ярьж, үнсэж ч амжилгүй “Хайр нь хурдхан мэдүүлэг өгчихөөд ирье” гээд явсан хүнийг шууд хорьчихоор хэцүү шүү дээ. Сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд цохилтод орсон байх. Би ч тухайн үед олон юм бодоогүй. Удахгүй ирчих байх гээд хоолоо хийчихээд хүүхдүүдээ усанд оруулаад байж байтал танихгүй дугаараас дуудлага ирсэн л дээ. Утсаа автал манай хүн “Яаралтай АТГ дээр ирэх хэрэгтэй байна. Миний дулаан хувцсыг авчраарай” гээд л утсаа тавьсан. Би ч яаруу сандруу хувцсыг нь бэлдээд очтол түр саатуулах шийд гаргаад манай хүнд танилцуулчихсан байсан.

-Тэр үед тухтай ярьж амжсан уу?

-Тухтай ярих ямар ч боломж байгаагүй. Бараг хувцсыг нь өгөөд л салсан. Тэр үед манай хүн “Удахгүй ээ. 48 цаг саатуулж мэдүүлэг авна гэсэн болохоор тайван байгаарай. Хоёр өдрийн дараа гарчих болохоор аав, ээж, хүүхдүүдэд битгий хэлээрэй. Санаа нь зовчихно” гэснээс өөр юм хэлэх завдал гараагүй.

ХҮҮХДҮҮДДЭЭ ААВЫГ НЬ ОНГОЦОНД СУУГААД ЯВСАН ГЭЭД ХЭЛЧИХСЭН

-Хүүхдүүд нь аавыгаа санаад хэцүүхэн байна уу?

-Өмнө нь ингэж олон өдрөөр явж байгаагүй болохоор хэцүү байгаа. Томчууд нь сонин хэвлэл, зурагт, сайтаас аавынхаа тухай олоод мэдчихсэн болохоор яах ч аргагүй. Жаахнууддаа “Аав нь ажил хийхээр онгоцоор явчихсан” гээд хэлчихсэн чинь онгоц хардаг болцгоосон. Сүүлдээ бүр барьж байсан тоглоомоо хайгаад олохгүй болохоороо “Онгоцонд суугаад явчихсан” гэцгээгээд. Тэгж хэлэхээр нь уйлчих гээд их хэцүү. Сураггүй алга болсон юмыг л онгоцонд суугаад явчихдаг гэж ойлгоод байх шиг байгаа юм. Манай хүн хөдөө, гадаа хаашаа ч явсан ажлынхаа зав чөлөөгөөр хүүхдүүдтэйгээ байнга утсаар ярьдаг л даа. Энэ удаа огт ярихгүй болохоор гайхаж цочирдоод байх шиг. “Аав ямар дүрсгүй юм бэ, тийм ээ ээж ээ. Яагаад утсаар ярихгүй байна аа. Аавыгаа санаад байна ш дээ. Хүзүүн дээр нь суумаар байх юм” гэх мэтээр байнга л аавыгаа ярьдаг боллоо. Аавынхаа тухай ярих болгонд нь сэтгэл сэмрээд хэцүү санагддаг. Манай хүн жаахан цаг гарахаараа л хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай. Баргил хоолойтой, хүн харахаар сүрдмээр төрхтэй ч гэлээ их зөөлөн. Хүүхдүүддээ бол хайлаад урсчихна. Тийм болохоор аавынх нь орон зай үгүйлэгдэнэ л дээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Аавын амины хүүхдэд бүр хүнд байгаа байх даа…?

-Манайх 2-16 насны таван хүүхэдтэй. Олон охинтой. Охин хүүхдүүд аавдаа амь байдаг болохоор бүгд л аавыгаа гэнэ. Хоёр настай жаахан маань аавыгаа ганц хоёр өдрөөр явсан ч халуурдаг их сонин хүүхэд л дээ. Тэгээд ирэнгүүт нь өргөс авсан аятай зүгээр болчихдог юм. Хоригдсон эхний өдөр нь халуурсан. Өнөөдөр ч ларингит болчихсон халуунтай байгаа. Сүүлийн сард хоёр удаа дараалаад антибиотикийн эмчилгээ хийлгэж байна. Том охин нь хөлөө бэртээгээд гипсдүүлсэн. Ер нь хүүхдүүд маань аавыгаа явснаас хойш их өвдөх болсон. Өвдсөн гээд хэлчихвэл санаа нь зовчихно гээд аавд нь хэлж чадахгүй л байна. Сургуулийн хүүхдүүдийн шалгалтын үе нь ирчихлээ, яаж байгаа бол гэж санаа нь зовж суугаа хүнд өвдчихлөө гэж хэлбэл бүр хэцүүднэ.

-Багыгаа халуурдгийг нь мэддэг болохоор байнга биеийг нь асууна биз?

-Очих болгонд л хүүхдүүд яаж байна гэж асуудаг. Сүүлд очихдоо өвдсөн гэж хэлэхгүй нуух гэж байгаад “Ерөнхийдөө гайгүй” гээд хэлчихсэн чинь “Ерөнхийдөө гайгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ” гээд их сандарсан.

-Мэдээж хүүхдүүдтэйгээ тэнд уулзах аргагүй. Ядаж зургийг нь харуулах боломж олдож байна уу?

-Зургийг нь өгсөн. Тэгж л дэвтэж байх шиг байна. Сүүлд байцаалт өгөхөөр ирээд байхад нь завсарлага дундуур нь хувцсыг нь аваачиж өгөнгөө нүүр тулж уулзах боломж гарсан юм. Хүүхдүүдийнх нь зургийг, бас хэвлийд байгаа ургийн зураг үзүүлсэн чинь “Яасан том болоо вэ” гээд цурхиртлаа уйлсан (уйлав). Манай хүн хүүхдүүдээ төрөхөд дэргэд нь байж, хүйг нь өөрөө хайчилдаг юм. Энэ удаад ч бага хүүхдээ төрөхөд нь хамт байх юмсан гэж их ярьж байгаа.

-Томчууд нь аавыгаа хоригдож байгааг мэдчихээр хүндхэн л байгаа байх…?

-Сургуулийнх нь хүүхдүүд сэтгэл зүйн дарамт үзүүлэх вий гэж айх юм. Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд тийм дам нөлөө ирвэл сургуульдаа явмааргүй санагдахаас эхлээд санаа зовоосон маш олон асуудал гардаг.

-Б.Бямбасайханы аав, ээж нь ямар хүмүүс байдаг вэ. Хүнийг ямархуу зан чанартай вэ гэдгийг хардаг нэг шалгуур нь аав ээж, гэр бүлийнх нь суурь хүмүүжил байдаг гэдэг утгаар асууж байна л даа…?

-Манай хадам аав Засгийн Газрын болон Гадаад Хэргийн Яамны авто баазад насаараа жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн бий. Хадам ээж маань гадаад харилцааны яаманд насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан дипломатч. Ханийн минь суурь боловсрол, хүмүүжлийг өгсөн ачтай хүмүүс дээ. Сайн хүн байх, шударгаар ажиллах, зөв байх ухааныг өгсөнд нь тэдэндээ талархаж явдаг. Аав, ээжийг гадаад яамныхан андахгүй. Тэтгэвэрт гарсан ч гэсэн ГХЯ-ны Ахмадын Хорооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг, завгүй, идэвхтэй гэж жигтэйхэн хүн. Ер нь их зөв улс. Манай хүн аав, ээжийгээ дагаад арван жилд байхдаа л Америкт амьдарч байсан болохоор англи хэл сайтай. Унаган хэл нь шахуу болчихсон. Хэл сайтай учраас 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр оюутан байхаасаа л англи хэлний орчуулагч хийж аав, ээждээ тусалдаг байсан гэж ярьдаг юм.

-Хоригдсон эхний өдрөө аав, ээждээ битгий хэлээрэй гэж захисан тухай ярианы эхэнд дурдагдсан. Ээж, аав нь хүүгийнхээ хоригдсоныг хэзээ мэдсэн бэ?

-Манай хүн аав, ээжтэйгээ утсаар байнга харилцдаг юм. Эхний өдрийнх нь орой ээжийн совин татсан уу яасан хэд хэд залгасан байсан. Нөхрийнхөө өмнөөс “Ажил ихтэй байна, сайхан амраарай” гээд мессэж бичээд хоносон чинь өглөө нь хэвлэлээр шуугьчихсан байсан л даа. Асууж тодруулах зүйл байгаа биз, удахгүй гараад ирэх байлгүй дээ гэж зоригжуулж нэг сарыг өнгөрөөсөн. Гэтэл 15 хоногоор сунгачихсан. Тэр үед хадам ээж нэлээд хэцүүдсэн. “Миний хүү зөв хүн шүү дээ. Бүх л хүнтэй эвтэй байдаг” гээд их хямарсан. Сүүлд 30 хоногоор сунгах үед хадам ээжийн бие огцом муудаж эмнэлэгт хэвтсэн. Хүүгээ амьд үзэх тавилан байна уу гэж уйлаад ярихыг нь сонсох үнэхээр хэцүү санагдсан. Ханийгаа гараад ирэхэд нь хөгшид, нялхсыг нь эрүүл саруул байлгахсан л гэж хичээж байна даа. Миний толгой дээр байгаа хамгийн том хариуцлага энэ л байна.

МИНИЙ ХАНЬ ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ГЭЖ ЗОРИОД НУТАГТАА ИРСЭН

-Б.Бямбасайхан Монголд ирэхээсээ өмнө сэргээгдэх хүчний олон том төсөлд хөрөнгө оруулалт татсан туршлагатай, дэлхийн хэмжээний том байгууллагын чадалтай ажилтан байсан. Монголын анхны салхин станцын төсөл дээр ажиллах санал аваад ирсэн байх аа?

-Тэгсэн. Монголын хамгийн анхны салхин цахилгаан станц “Салхит”-ын төслийг ахлаж ажиллах санал хүлээж аваад ирсэн. Манай хүн Монголд ирэхээсээ өмнө Азийн Хөгжлийн Банкны төв оффист эрчим хүчний мэргэжилтэн байсан юм. Эрчим хүчний доголдол, хомсдолтой Төв Азийн орнуудыг эрчим хүчээр хангах чиглэлд тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт босгож байсан туршлагатай. Тэндээ үргэлжлүүлээд ажиллаад явахад хэнээс ч дутахгүй мэдлэг боловсрол, ур чадвартай хүн. Гэнэт ажлаасаа гарах шийдвэр гаргахад нь удирдлагууд нь гайхаж хүлээж авсан гэж манай хүн ярьдаг юм. Чадалтай боловсон хүчнээ алдахгүй гэсэндээ “Цалингүй чөлөө өгье. Монголдоо нутагшихгүй бол буцаад ирээрэй” гэсэн юм билээ. Гэхдээ үр хүүхэд, ирээдүй хойч нь амьдрах эх орон юунаас ч эрхэм гэсэн үзэлтэй хүн болохоор Монголдоо ирэх шийдвэр гаргасан л даа. Эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэе гэж зориод нутагтаа ирсэн залуусын нэг.

-Салхит төсөл ч жишиг гэж бүтээн байгуулалт болсон шүү…?

-Би нөхрийнхөө бизнесийн ажилд төдийлөн оролцдоггүй болохоор нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй л дээ. Салхит төсөл дээр нэлээд шаргуу ажилласан санагддаг юм. Бид хүүхдээ эргэж байгаа юм шиг хагас, бүтэн сайн алгасахгүй бүтээн байгуулалт өрнөж байгаа талбай дээр очдог байсан. Тэр том салхин станцыг барих хөрөнгийг амжилттай босгоод ажиллана гэдэг мэдээж цаг зав шаардсан нүсэр ажил. Ийм том ажлын ард гарсаныхаа дараа омогшсон байх. Анх “Ньюком” группийн сэргээгдэх эрчим хүч хариуцсан охин компанид ажиллаж байгаад дараа нь толгой компанийнх нь захирал хүртэл дэвшсэн. Тэр үед Азийн хөгжлийн банкны удирдлагууддаа “Би буцаж очихооргүй боллоо” гэсэн хариу өгсөн санагдаж байна.

-Б.Бямбасайханыг Монголоо Азийн супер сүлжээний гол тоглогч болгоно гэсэн том амбицтайгаар хувийн бизнесээ эхлүүлсэн гэж хардаг. Засгийн газраас яг энэ үед нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан байх аа?

-Тэгсэн. Ажил бизнесийнх нь гүн рүү ордоггүй болохоор илүү тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлж чадна. Манай хүн сая таны хэлсэнчлэн Монголоо сэргээгдэх эрчим хүчний диваажин болгоё гэсэн том мөрөөдөлтэй ажиллаж яваа. Дундаршгүй байгалийн баялгаа экспортлоод дэлхийн хэмжээний том тоглогч болох боломжтой юм байна гэдэг санаандаа нэлээд хөтлөгдөж хувийн компаниа байгуулаад ажиллаж байсан юм. Тэр үед нь л Засгийн газраас ажиллах санал тавьсан болов уу гэж боддог. Том төслүүд дээр амжилттай ажиллаж байсан туршлагыг нь үнэлсэн байх. Хүний суурь хүмүүжил гэж байдаг даа. Манай хүн олонтой их нийцтэй, хүнийг том, жижиг гэлгүй нөхөрлөж чаддаг, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлж үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан туршлагатай. Тэр чадварыг нь олж харсан байх.

-Олны танил нэг бизнесмэн Б.Бямбасайханыг “Салхит” төсөл дээр тун чадмаг гэрээ хэлцэл хийсэн гэж үнэлэхийг сонсч байсан. Гүйцэтгэгч компани нь ам.долларын ханшийн зөрүүнээс болж нэлээд хэмжээний алдагдал хүлээсэн ч гэрээгээ тултал хийсэн болохоор анх тохирсноороо хийхээс аргагүйд хүрсэн ч билүү, лав л Монголд маш ашигтай нөхцөлөөр Салхит станц боссон юм билээ. Гадны хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдийг уншиж, мэдэрч харилцдаг тун цөөхөн хүний нэг байх шүү…?

-Хувь хүний натур гэж ярьдаг даа. Манай хүний натур нь юмны арга эвийг мундаг олно. Зорьсон л бол эцсийг нь үздэг сайн зантай. Зориод зүтгэсэн ажлаа тултал нь хийдэг. Гадаадад ажиллаж, амьдарч байсан болохоор гадныхны сэтгэхүйг сайн ойлгоно. Дээр нь хэлний бэрхшээлгүй болохоор тухайн хүний юу хэлэх гээд байгааг, хоолойгоо яаж засахыг хүртэл уншиж мэдэрнэ. Хэлний бэрхшээлтэй бол хэцүү л дээ. Орчуулагчаар дамжиж харилцахаар цаад хүнийхээ хэлэх гээд байгаа зүйлийн 50 хувийг л ойлгодог. “Наанаа ингэж хэлсэн ч цаанаа тэгж бодож байгаа даа” гэж харж харилцана гэдэг том давуу тал. Тэр үүднээсээ аливааг бүх талаас нь харж, түүнийгээ цаасан дээр буулгаж чаддаг. Энэ чадвар нь олон том төслийг амжилттай хийхэд нь нөлөөлсөн болов уу.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ерөнхий сайдуудын ердийн биш хувь тавилан

Монгол Улсын түүхэнд одоогоор 30 Ерөнхий сайд тодроод байгаа. Тэдний хувь тавилан үнэндээ ээдрээтэй, эмгэнэлтэй. Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал, эрх чөлөөний төлөө зүтгэснийхээ шанд зарим нь цаазлуулсан юм. Сүүл үеийн Ерөнхий сайдуудын хувь тавилан бас л ердийн биш. Нам нь, журмын нөхөд нь огцруулсан, намаасаа хөөгдсөн, тэгээд шоронгийн хаалга татсан ийм л ижил дүр зураг харагдана. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан Агданбуугийн Амар Орост цаазын ял сонсож, буудуулахынхаа өмнө хэлсэн юм гэдэг. Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр эрхэм шоронд тарчилж сууна.

Тэд эдийн засгийн амаргүй хүнд нөхцөлд том төслүүдээ зориг гарган хөдөлгөж, ард иргэдийн ахуй амьдрал, улс орны хөгжил дэвшлийг өөд татсаныхаа хүчинд хоригдол болчихоод тамаа эдэлж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарын Оюу толгойн гэрээний үр шимээр хоолтойгоо залгасан ард иргэд тэр хоёрыг хамгийн муу муухайгаар хэлж, шавар шавхайтайгаа хутган бах таваа хангаж сууна. Ч.Сайханбилэг Орос, Хятад хоёр хөршөөсөө давж Америктай, барууны орнуудтай найзархан сүжирсэнийхээ горыг ийнхүү амсаж, хатуу цээрлэл хүлээсэн. Ер нь Монголын төрийг удирдсан хүмүүс Орос, Хятадын үгнээс зөрөх л юм бол толгойгоо тасдуулдаг бичигдээгүй хуультайг Ерөнхий сайдуудын хувь тавилан гэрчилнэ. Ингээд Монгол төрийг удирдаж ирсэн үе үеийн Ерөнхий сайдын үүх түүхээс эргэн сөхье.

Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн. 1912 оны долдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилогдож 1919 он хүртэл долоон жил ажилласан. 1913 онд Санкт-Петербургт айлчлах үеэрээ нэгдсэн Монгол Улсыг байгуулах саналаа оросуудаар дэмжүүлэхийг оролдож Орос, Хятадын хэлцээрээр Ар Монголыг Хятадын нэг хэсэг гэснийг хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Уг асуудалд дэмжлэг олохоор АНУ, Япон, Франц, Английн элчин рүү бичиг илгээж байв. Тэрээр Дундад иргэн улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг хатуу эсэргүүцсэн нэгэн. Хятадаас салан тусгаарлах гэж оролдсоныхоо хүчинд огцорсон байдаг. Хятадын цэрэг нийслэл хүрээг эзэлсний дараахан буюу 1919 оны дөрөвдүгээр сард Намнансүрэн хорлогдон 41 насандаа нас барсан юм. Намнансүрэнгийн дараа Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдын албыг Эрдэнэ шанзудба Да лам Гончигжалцангийн Бадамдорж хашсан. Монголын тусгаар тогтнолд гарамгай гавьяа байгуулсан ч Автономит Монгол Улсыг устгах гэрээнд гамингийн генерал Сюй Шүжаны сүрдүүлгээс болж гарын үсэг зурснаараа гавьяагаа харлуулсан нэгэн гэгддэг. Ерөнхий сайдын албыг ганцхан жил хашаад 1920 онд чихрийн шижин оноштойгоор учир битүүлгээр нас баржээ.

Жалханз хутагт Содномын Дамдинбазар. Барон Унгерний морин дивиз нийслэл хүрээг гамингаас чөлөөлөн Богд хаант Монгол Улсыг дахин сэргээн мандуулахад буюу 1921 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд Богдын зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Хорин гурван онд учир битүүлгээр нас барсан. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дамбын Чагдаржав 1921 оны гуравдугаар сард Ардын түр Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайдаар ажилласан. Түүнээс нэг сарын дараа буюу хорин нэгэн оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдөж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдсон байна. Чагдаржавын оронд Ерөнхий сайд болсон хүн нь мөн анхны долоон хувьсгалчийн нэг гэгдэх Догсомын Бодоо. Монголын улс төрийн нэртэй зүтгэлтэн зохиолч, нийтлэлч тэрээр 1922 оны наймдугаар сарын 31-нд Чагдаржавынхаа хамт эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулгагдан буудуулсан юм. Д.Сүхбаатар гэдэг цэргийн жанжин, Монгол ардын нам хоёр Ардын намын түр засгийн Ерөнхий сайд Чагдаржав, Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоо нарыг цаазалсан. Тэднийг Д.Сүхбаатар цаазлахдаа Бароны засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржийн цэргийн яамны сайд Цэвээн, гүн Тогтох, тайж Дэндэв нарын 15 хүний хамт Шар хаданд аваачиж буудсан байдаг.

Монголын Автономитыг устгах гэрээнд шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан хүний нэг гэгддэг Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж 1923 оноос Ерөнхий сайдаар ажилласан. 1928 онд өвчний улмаас гэх тодотголтой нас барсан. 1930 онд Ерөнхий сайдаар томилогдсон Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд гэртээ учир битүүлгээр нас барсан. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын төлөө эрслэн тэмцээд эцэст нь Орост буудуулж цаазлуулсан хоёр Ерөнхий сайд бол мэдээж Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нар. Гэндэн 1932 оноос Ерөнхий сайдаар ажилласан. Тэрээр Моксвад Сталинтай уулзах үедээ улс орныхоо эрх ашгийг тэргүүн тавьж, улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж хэлсэн байдаг. Зөвлөлтийн дээрэнгүй үзлийг “улаан имперлиазм”-тэй зүйрлэж хэлсэн ч гэдэг. Ингэж өөрийнхөө хар толгойг авхуулах ажлаа хийжээ. Сталин “Гэндэн Чингис хаан болохыг хүсч байна” гэхэд “Гүрж Сталин Оросын хаан байхад монгол Гэндэн яагаад Монголын хаан байж болдоггүй юм” гэж хэдэрлэсэн ч гэдэг. Ийн хэлснээрээ тэр Сталинд “Чингисийн гөлөг” хэмээн дуудуулж 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч 1937 оны долдугаар сарын 10-нд эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагджээ. Хамгийн зэвүүн нь Гэндэнг 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу Монголын тусгаар тогтнолын ойн өдрөөр буудаж хөнөөсөн байна.

Тэгвэл Амар сайдыг 1941 оны долдугаар сарын 10-ны өдөр цаазаар авах ял тулгажээ. Оросын дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Амар “Би бол хэрэгтэн биш. Бүгд найрамдах Монгол ард улс тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм. Би Монголын ард түмэндээ хайртай, Оросын ард түмэнд элэгтэй. Харин улаантан тэдний засагт дургүй” гэж хэлсэн байдаг. Ардын хувьсгалын 20 жилийн баяр наадмаар цаазын ял сонссон Амарыг долдугаар сарын 27-нд Москвагийн “коммунарка” хэмээх хороох газар буудан хороожээ.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээнэ гэж үздэг. Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. Тувагийн тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан алгадсан гэдэг дам яриа ч бий. Монголын төр засгийн нэр нөлөө болсон хүмүүс улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал гаргахад тэрээр илт дургүйцсэн гэдэг. “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо та нарт үлдээв” гэсэн түүний гэрээс бий. Хорин хоёр мянган иргэнийхээ алтан амиар энэхүү тусгаар тогтнолыг авч үлдсэн. Тэрээр 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Москвад нас барсан. Чойбалсан нас барсны дараагаас Монголын төрийг дөч гаруй жил удирдсан хүн бол Юмжаагийн Цэдэнбал. 1952 оноос 1974 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан. Наян дөрвөн онд түүнийг хөгшрөлт, оюуны доройтол гэх шалтгаанаар тэтгэвэрт нь гаргасан. Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ Монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Насан эцэслэх хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарч байсан. Эх орондоо ирэхээр ЗХУКН-ын төв хороо, Монголын элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй байдаг. Цэдэнбал 1991 онд Москвад нас барсан.

1974 оны зургадугаар сараас 1984 он хүртэл Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар Жамбын Батмөнх томилогдон ажилласан. Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг ардчиллын анхдагчид үнэлж дурсдаг. Тэрээр эгэл жирийн сэхээтний амьдралаар аж төрж байгаад 1997 онд нас барсан.

1984-1990 оны хугацаанд Думаагийн Содном Ерөнхий сайд байсан бол түүний албыг Шаравын Гунгаадорж авч хэдхэн сарын хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажилласан юм. Харин Бүгд найрамдах Монгол ард улсын сүүлчийн Ерөнхий сайд нь Дашийн Бямбасүрэн. Ерэн оны есдүгээр сард уг албанд томилогдсон. Тэрээр 1992 онд “ху” намаасаа гарч ерэн дөрвөн онд Монголын ардчилсан сэргэн мандлын намыг байгуулсан. Бямбасүрэнгээс хойших буюу ерэн оноос хойших Ерөнхий сайдууд намаасаа гарсан, хөөгдсөн, нам нь огцруулсан, шоронгийн хаалга татсан гэх ээдрээтэй хувь тавилангийн эзэд болцгоосон юм. Нийгэм цаг үеийн шилжилтийн хамгийн ээдрээтэй үед засаг толгойлж байсан Бямбасүрэнгийн зам мөрийг манайхан сайн мэднэ. Харин Бямбасүрэн өдгөө төрийн дээд алба хашиж буй эрхмүүдийг элдвээр хэлсэн, улс орны эдийн засгийн гол хөшүүрэг том төслүүдийг жигтэйхэн шүүмжилсэн, ийм өвгөн болсон.

Бямбасүрэнгийн дараа Ерөнхий сайдын албыг Жасрай хийсэн. Засаг толгойлж байх хугацаанд улс орны хөгжилд түлхэц болохоор гавьтай зүйл хийгээгүй. Тиймдээ ч хэл аманд бага орж дөрвөн жилийн хугацаагаа дуусгасан. Харин сүүлд намынхаа хурлын үеэр нас барсан. “Намынхаа залууст сүрхий шүүмжлүүлснээсээ болоод өнгөрчихлөө, хөөрхий минь” гэх яриа гарч байсан.

Ерэн зургаан онд ардчилсан холбоо эвсэл анх удаа засгийн эрх барьж Ерөнхий сайд нь Мэндсайханы Энхсайхан болсон. Гэвч түүний Засгийн газрыг хоёр жил болгоод намынх нь нөхөд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Энхсайхан дараа нь намаасаа гарч Үндэсний ардчилсан нам хэмээх шинэ намыг байгуулсан. Одоо Баабарын хэлдгээр Жамух болчихоод явж байна. Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюу толгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцсан сайд байсныхаа хүчинд “ганц худаг”-т суухад бэлэн байгаа. М.Энхсайханы дараа Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод ердөө таван сарын дараа огцорсон. Банк санхүүгийн реформ хэмээх шинэтгэлийг хийснээрээ буруудаж Ардчилсан нам дахь “Элсний 13” бүлэг сөрөг хүчин МАХН-тай эвсэн түүний засгийг унагасан юм.

Элбэгдорж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан нэгэн. 2004 онд их эвслийн Засгийн газар байгуулагдахад Элбэгдорж тэргүүлсэн.

Гэвч Энхсайхан, Наранцацралт тэргүүтэй нөхөд намаасаа урваж түүнийг огцруулсан. Мөн Элбэгдоржийн авлигатай тэмцсэн нь алдаа болсон гэдэг. МАХН-ын булхай луйвар, авлигалыг илчлэх гэж тэмцсэнийхээ хүчинд тэр огцорсон юм.

1996-2000 оны хоорондох Ардчилсан намын засаг барих жилүүдэд Засгийн газар гурван удаа огцорч дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзсэн. Тэдний хоёр нь Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар. Наранцацралтыг намынх нь нөхөд сөрөг хүчинтэйгээ нийлээд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар огцруулсан. Ерөнхий сайд болонгуутаа Казиногийн хэргийг хөндсөн, өөрийн намын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлага тавьсан зэрэг нь Ерөнхий сайдын албанаас буух үндэслэл болсон гэдэг. Наранцацралт намаасаа гарч өөр нам байгуулан М.Энхболдын засагт сайдын алба хашиж байгаад 2007 онд автын ослоор нас барсан.

2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар Намбарын Энхбаяр ажилласан. Ху намаа удирдаж сонгуульд ороод 76 суудлаас 72-ийг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энхбаярын хаанчлалын он жилүүд байлаа. Гэвч тэрээр төрийн тэргүүний албанаас буусныхаа дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр цагдан хоригдсон. Шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоёр жил зургаан сарын ял оноосон. Төрийн бүхий л өндөр албыг хашсаныхаа хүчинд Энхбаяр ад шоо үзэгдэж, шоронд байхдаа муу муухай, бузар булай бүхний илэрхийлэл болсон. Өлсгөлөн зарлахад бөгс рүү нь албан шаардлагаар хүнсний тэжээл чихсэнээс аваад олон гутамшигт зүйл бий.

2006 онд Элбэгдоржийн их эвслийн Засгийн газрыг огцруулж Ерөнхий сайд болсон хүн нь одоогийн Их хурлын дарга Миеэгомбын Энхболд. Гэвч тэрээр жилийн дараа буюу 2007 онд огцорсон. МАХН-ын 25 дугаар их хурлаар түүнийг С.Баяр мөргөчихсөн. Тус хурлаар С.Баяр намын дарга ч болсон, Ерөнхий сайд ч болсон. С.Баярын хувьд 2008 оны “долоон сарын нэг”-ний аймшигт хар толботой сонгуулиар дахин Ерөнхий сайд болж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч удалгүй эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн кабинетад Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Сү.Батболдод ажлаа өгсөн. Нэгэн цагт даргыг нь хийж, засгийг нь удирдаж байсан Ардын нам засгийн эрхэнд байгаа энэ цагт С.Баяр шоронгийн хоригдол болчхоод сууж байна. 2012 оны Их хурлын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж Норовын Алтанхуяг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд болсон. Түүнийг хоёр жил шахам ажиллуулаад журмынх нь нөхөд огцруулсан. Н.Алтанхуяг одоо Ерөнхийлөгчийн нөмөрт зөвлөх нэртэй дэн дун амь хоргодож байгаа. Түүнийг Ерөнхий сайд байхад ойр тойрных нь олон хүн шоронгийн хаалга татсан. Алтанхуягийн дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг Дубайн гэрээг хийж Оюу толгой төслийг явуулсныхаа шанд торны цаана сууж байгаа бол 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийг нэг жил ажиллуулаад л намынх нь журмын нөхөд огцруулсан. Ингээд 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсон. Монголын төрийг удирдаж ирсэн Ерөнхий сайд нарын хувь тавиланг өнгөцхөн харахад ийм байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Уньж туньсаар УИХ-ын босго давах нь бололтой

Хичнээн жил яригдсан Таван толгойг хэрхэн хөдөлгөх төслөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барих нь. Гэхдээ тэрбээр жигтэйхэн уньж туньсан байна. “Таван толгойг дорвитойхон хөдөлгөе, эсвэл хөдөлгөхгүй гэвэл ард түмэндээ хэлээрэй” гэсэн утгатай үг чулуудсан байх юм. Юундаа ингэж тунирхана вэ, Ерөнхий сайд аа. Өөрийн тань хийх ёстой хамгийн том, хамгийн чухал ажил бол энэ шүү дээ. Үүнийг хийнэ гэж амлаж л энэ Засгийн тэргүүн болсон биз дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг юм хийсэнгүй, бид том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа аварна гэж танай Засгийн газар гарч ирсэн. Таван толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах, нефтийн үйлдвэр барих бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэрийн хуудас нь гэж хэлж болно. Энэ амлалтаа хийсэн шиг хий л дээ. Сая бол их л хүч муутай дуугарлаа. Яадаг юм бол, С.Баярын араас шоронд явчих вий гэж айгаад байна уу. “Хийхдээ л хийнэ. Таван толгой төслөө хөдөлгөнө, энэ миний ажил” гээд зоригтойхон хэлчихэж чадахгүй л харагдах юм.

Өмнөх өдөр нь мэдэгдсэнчлэн Ерөнхий сайд өчигдөр Таван толгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэх хувилбараа намын бүлгийн хурал дээрээ танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ.Тухайлбал, тээвэрлэлт, төмөр зам, үйлдвэржилт, борлуулалтын талаарх тооцоо, судалгаа бүхий мэдээллийг сонссон.

Одоогийн байдлаар Таван толгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл дээр IPO гаргая. Ингээд цаашаа төсөл дээр дагалдаж явах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газрууд гэх мэт олон зүйлийн тооцоо судалгааг үзэж байж шийдвэрээ гаргая гэсэн шийдэлд хүрээд тарлаа. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг Таван толгойн төслийг хөдөлгөхөөр улс төрийн шийдэл гаргах чиглэлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Уг тооцооллыг эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бүлэг дээр ажлын хэсэг байгуулахгүй. Засгийн газар төслийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх саналуудыг боловсруулаад бүлэг дээр танилцуулах ёстой. Ингээд болж байна гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатанд нь хэлэлцүүлээд явна” гэж мэдээлэл хийлээ.

Үүнээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар Таван толгойн төслийг авто болон төмөр замын тээвэр, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барих, IPO гаргах гээд цогцоор хөдөлгөхөөр тооцоо судалгаа гаргаснаа танилцуулсан бололтой. Таван толгойн IPO-г гаргахдаа иргэдэд өгсөн 1072 хувьцааг нь тусад нь авч, засгийн мэдэлд буй хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжихаар зэхжээ. Хэрэв ингэж чадвал энэ Засгийн газар ард түмнийхээ өмнө том гавьяа байгуулах нь. Ядуурал, ажилгүйдлийг арилгаж, эдийн засгийг эрүүлжүүлэх эм нь том төслүүдээ хөдөлгөх, үйл ажиллагааг нь дэлхийн жишигт хүргэх юм. Ард түмний итгэл найдвар ч Таван толгой болоод байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газраас өмнө Таван толгойг хөдөлгөх хэд хэдэн хувилбар яригдаж байсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Таван толгойг таван тэрбум ам.доллараар зарах санал оруулж, тэр нь нам дээрээ бөөн хэрүүл дэгдээж байсан гэдэг. Мөн Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч сонстож байлаа.

Засгийн газрын сайд асан, өдгөө элчин сайдаасаа татагдаад байгаа М.Энхсайханы дэвшүүлсэн Таван толгойг хөдөлгөх төсөл гэж бас бий. М.Энхсайханы үед тендер зарлаж, үүнд Монголын “Энержи Ресурс”, Японы “Сумитомо, Хятадын “Шинхуа энержи” компаниудын хамтарсан консерциум ялалт байгуулсан юм. Ингээд хөрөнгө оруулагчидтай гарын үсэг зурдгийн даваан дээр Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн үүнийг эсэргүүцэж тогтоолын төсөл өргөн барьснаар дээрх төсөл зогсжээ. Энэ мэтчилэн “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эсэргүүцэн хөндөлсөх саад хориг мундахгүй гарч байв.

Нөөцөөрөө дэлхийд 10-т ордог, маш сайн чанарын коксжих нүүрстэй “Таван толгой”-н ордыг хөдөлгөх цогц төслийг энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барилаа. Ирэх өдрүүдэд энэ асуудал үргэлжилж, мэдээлэл илүү тодорхой болох биз ээ. Одоогоор “Эрдэнэс таван толгой”-н хувьцааны 82 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 2,4 сая иргэний нэр дээр 14 хувь, 553 аж ахуйн нэгж дээр нэг хувь нь байдаг аж.