Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Албан тушаалын сургаар Ардын намын өвгөд ордны хонгилоор хөл нь хөнгөрчихсөн гүйж байна

МАН-ын тулхтай гишүүд гэж Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг нэрлэдэг. Олон удаа парламентад сонгогдсон эд нарыг монголчууд парламентын ой санамж гэдэг. Төрийн өндөр сэнтийгээс тэднийг огт буулгаагүй. Манай сонин ч бас эдэн шиг тулхтай, олон сонгогдсон гишүүд парламентад заавал байх ёстой гэж үздэг. Гэтэл Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа нарын гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл гаргасан нь золтой л цус харвуулчихсангүй. УИХ-ын үйл ажиллагаа саатаж, сайд огцруулах, томилох асуудлууд юунаас болж гацаанд орж байгаа талаар тэд нийтэд дэлгэж, ахмад гишүүддээ шаардлага хүргүүлсэн байна лээ.

Нөгөө парламентын тулхтай гишүүд, ой санамж болсон нөхөд гэгддэг хэд нүд чихнээс далдуур самарч байдаг гэнэ. Үүнд Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг онцолжээ. Ё.Баатарбилэг гишүүн хэлэхдээ “Тэд албан тушаалын сургаар ордны коридороор хөл нь хөнгөрчихсөн гүйлдээд эхэлчихсэн. Ц.Нямдорж залуу гишүүдийг чуулганы хуралдаанд орж болохгүй гэж загнасан байна. Чуулганд оролцуулахгүй байх ажлыг Ө.Энхтүвшин зохион байгуулж, бичиг цаас янзлах ажлыг манлайлан оролцож байна. Олон жил Монголын төрд яваа хүмүс өөрсдөө МАНАН-г бүтээгчид юм байна. Дахиад шинээр манан үүсгэж байгаа эзэд юм байна” гэсэн.

УИХ-ын даргын албан тушаалын сураг сонсч дээ. Энэний төлөө хөлөө хугалах шахам гүйж хүндээ хөнгөнөөс өгнө гэдэг болж байна.

Хуучны нэг хошин үлгэрийг энэ үйл явдал санагдуулах юм. Олон хатантай нэг хаан байж. Хаантан хатан болгондоо улаан алчуур нууцаар бэлэглэж. Бас болоогүй ээ. “Ганцхан чамдаа л энийг бэлэглэж байна. Энэ чи бид хоёрын нууц болог” гэж. Нэгэн удаа хатад хоорондоо маргалдаж, эзэн хаанаасаа хэнд нь илүү хайртай гэдгийг асуухаар болж. Хаан хатдынхаа асуултад “Улаан алчууртайд нь илүү хайртай” гэж хариулжээ. Өнөөх хатад ч хааныгаа өөртөө л хайртай юм байна гэж бодсон юм гэдэг. Бүгд улаан алчуур авсан болохоор аргагүй биз.

У.Хүрэлсүх эгээ л өнөөх хаан шиг УИХ-ын тулхтай гэгдэх өвөгцүүлд “УИХ-ын дарга болгоно шүү” гэж “алчуур бэлэглэе” гэж дээ. Ингээд өнөөх намбатай, тулхтай гэгдээд байсан өвөгцүүл маань надад л ганцхан “хайртай” гэж андуурсан юм даг уу. Та нар угтаа Монгол төрийн олон өндөр албан тушаалыг хашиж үзсэн. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Гэтэл албан тушаалын шунал чинь хэрээсээ хэтрээд эмгэнэлт байдалд орлоо. Та нар Монгол төрийг гацаахгүй явуулах үүрэгтэй. Албан тушаал амласан байлаа гэхэд ганц нь л очно. Олон жил төрийн эрх ямбыг ханатлаа эдэлсэн. Ганц удаа ч болов үүргээ хүлээ. Та нарын одоо байгаа байдал шуналаа дарж дийлдэггүйг харуулж байна. Н.Энхбаярыг хаан явахад, нам, төр удирдаж байхад саймширч жигтэйхэн байж байгаад албан тушаалд очиж л явсан. Дараа нь урваж л байсан. М.Энхболдыгоо магтаад жигтэйхэн л байв. Одоо зайлуулж оронд нь залрах хүсэлтэйг чинь хуйвалдааны толгойлогч болоод, залуу гишүүдийг хуралд нь суулгахгүй загнаж байгаагаас чинь ойлгохоор байна. Дараа нь У.Хүрэлсүхээсээ нүүр буруулахгүй гэх газаргүй. Монгол Улсын эрх ашгаас илүү албан тушаал гэж байдаг юм уу. Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж олонх болгосон. Энэ улсыг өөдтэй өнгөтэй явуулах бүх эрх мэдлийг энэ хүмүүсийн гарт өгсөн. УИХ-д 65-ууланг сонголоо. Гэтэл 32, 33 бүлэг болоод талцсан. Одоо бүр чуулган хуралдуулахгүй бойкотлох хамаг юмны ард турхираад сууж байдаг. МАН өнөөдөр ардчилсан төрийн баталгаа болж чадахгүй болж байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэхчээр хоёр тал хоёулаа л асуудалтай. Тэр нь энэ нь гэх юм алга. МАН гэдэг нам ялзралынхаа дээд түвшинд хүрч, энэ байдал нь төрийг хямруулж, түүнийг нь ахмад гишүүд нь дөгөөж байгаа нь туйлын харамсалтай.

1992 онд Ч.Улаан Үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Энэ газар яамны статустай байсан. Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын газрын дарга байсан хүн “Улс хөгжсөнгүй гэж гучин жилийн дараа ч өнөөхөө л яриад дахин дахин албан тушаалд горилоод сууж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр таван удаа сонгогдож, УИХ-д зургаан удаа суусан хүн шүү дээ.

УИХ-ын дарга, дэд дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан, УИХ-д залуугаасаа өвгөртлөө суусан, өнөөдрийн бүх хуульд цоорхой гэж байгаа бол, алдаа завхрал байгаа бол хоёр нийгэм солигдох үеэс л Хууль зүйн салбарыг дөрвөн ч удаа толгойлж ирсэн Ц.Нямдоржтой холбоотой л байж таараа. Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёртой юу ярихав. Мөн л УИХ, Засгийн газрын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон хүмүүс. Бараг ачтай нь чацуу хүн Их хуралд орж ирээд сууж байхад тэд нарыг хатгаад л сууж байна. Аль аль нь Монголын төрд сайд ч хийж явлаа. Хууль ч баталж явлаа. Бүгд л гуч шахам жил төрд яваа улс. Одоо залуу гишүүдээ хооронд нь сөргөлдүүлэх биш, эвлэн нэгдэхэд нь тусалж баймаар сан. Энэ улс муу муухай, энэ төр бохир заваан гэвэл ийм болгосон та бүхэн яалт ч үгүй холбоотой. Албан тушаалын шуналаа дарж, итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ төлөө үүргээ биелүүл ээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана

Монголд улс төр бужигнаад удаж байна. Үүнийг зарим нь улс төрийн бужигнаан гэж байгаа бол зарим нь төр, намын хямрал гэж томьёолоод байна. Энэ бүх хямрал юунаас эхтэйг бид бүгд мэднэ. ЖДҮ буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой луйвар ил болсноос энэ хямрал эхэлсэн. УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн зээл авч банк бус санхүүгийн байгууллага зэрэг хувийн компани, бизнес рүүгээ оруулж эргэлдүүлж байсан нь ард түмний бухимдал, уур, жигшил, зэвүүцлийг төрүүлсэн юм.

ЖДҮ-ийн асуудлаас үүдээд Засгийн газар огцрохдоо тулав. Огцрох гэж байгаа Засгийн газар хариу барьж 60 тэрбумын асуудлыг сөхөж нөгөө талынхаа шахаанд оруулах гэж үзэж байна. Үүнээс үүдэлтэй УИХ-ын даргыг огцруулах хууль бус шаардлагыг тавьж эхэлсэн. Харин М.Энхболдын талынхан “Хууль зүйн ямар ч үндэслэлгүй, баталгаагүй тулгалт байна” гэдэг хариуг өөдөөс нь өгөөд байгаа. Хэрвээ үнэхээр хуулийн үндэслэлгүй бол огцруулах арга байхгүй л дээ. Ингээд л талцаж маргаад сар шахуу болж байна. УИХ-ын чуулган хуралдаж чадахаа байгаад сар болох нь. Монгол Улс Төрийн ордноороо дүүрэн шүдгүй арслантай болсон. Ерөнхийлөгч өөрийгөө шүдгүй арслан гэсэн бол УИХ, Засгийн газар ч өөрсдийгөө шүдгүй арслантай зүйрлэцгээсэн. Харахад байгаа мөртлөө ямар ч шийдвэр гаргаж чадахаа байж, гурван биенээ чагталчихаад байж байна. Өөрсдийнх нь хэлдгээр Төрийн ордноороо дүүрэн шүдгүй арслантай болчихлоо л доо, бид.

Улс төрийн энэ хямралыг манай сонин бүр эхнээс нь л “Та нар хоорондоо зохицооч ээ” гэж зогсоо зайгүй уриалж байгаа. Тэгэхгүй бол та нар нам, УИХ, Засгийн газраа байхгүй болгож аягүйтвэл Ерөнхийлөгч ч огцрохдоо тулах нь байна шүү. Энэ бүгдийн үр дүнд дараагийн гарч ирэх улстөрчид, улстөрийн хүчинд хэн ч итгэхээ болино. Тийм учраас та нарыг зохиц, зөвшилцлийн ширээний ард суу гээд байгаа юм л даа. Эрхбиш тулхтай нам, хүмүүс байгаа учраас ингэж уриалж байгаа ухаантай. Угтаа булаацалдаж байгаа юмаа хэрэлдэхгүй хувааж аваач ээ л гэж байгаа юм.

Тэмцэлдэгч талууд одоо Цэцэд хандаад эхэлж байна. Энэ бол бас нэг гарц мөн. ЖДҮ-тэй нэр нь холбогдсон талынхан УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн эрх мэдлийг наймаалсан хэрэгт холбогдож, шалгуулах нөхцөлийг боогдуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Төрийн албыг наймаалсан гэх 60 тэрбумын хэрэг нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн гэж үзсэн юм, тэд. Үүнээс үүдэлтэй УИХ-ын даргыг огцруулах хууль бус шаардлагыг дэмжиж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд “Бид УИХ-ын даргатай хамтарч ажиллахгүй” хэмээгээд М.Энхболд даргыг өрөөнөөс нь чирч гаргахад бэлэн байна гэцгээсэн. Тэгтэл ЖДҮ-ийнхнийхээ эсрэг 60 тэрбумынхан хөдөлж мөн Цэцэд хандаж байгаагаа зарласан. “Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаа тасралтгүй явах хуультай. Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг олон хоног хууль бусаар хойшлуулж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Хэрвээ Цэц Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэвэл Засгийн газар тарна” гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд үзэж Цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Юутай ч ингээд хоёр талын хэрүүл, талцал Үндсэн хуулийн Цэц гэдэг нэг газарт төвлөрчихлөө, Цэц дээр асуудал бөөгнөж эхэлж байна гэж болно. Томоор харвал асуудлын зангилаа Цэц рүү явж эхэллээ.

Цэц шийдвэрээ гаргах ёстой. Тэр шийдвэр нь цэцэн байх ёстой. Аль нэг тал руу гуйж дайвахгүй, хуульд цагаан дээр хараар юу гэж бичсэн байдаг вэ, түүнийг дагаж шийдвэрээ гаргах ёстой. Нэг үгээр Цэцийнхэн үүн дээр улс төрийн хатан зориг гаргах хэрэгтэй байна. Ингэж байж Монголын улс төр дэх хямрал арилна. Шударга, үнэн, үндэслэлтэй шийдвэр гаргахад аль ч тал хүлээн зөвшөөрөх нь дамжиггүй. Тэгэхгүй улстөржсөн, хэт нэг тал руу илэрхий гуйвж дайвсан шийдвэр гаргавал хэн ч тоохгүй. Хэрэвзээ тэгвэл Монголын улс төр дэх шүдгүй амьтны тоог нэгээр нэмэхээс цаашгүй юм болно шүү. Шийдвэр гаргадаг, тэрийг нь биелүүлдэг байх ёстой. Тэгтэл та бүхэн “Миний шийдвэлийг (шийдвэрийг) тоохгүй байна” гэж шүдгүй арслан улаан буйлаараа шүлсээ үсчүүлэн орилох шиг хичнээн хашгичаад тусыг эс олно.

Аливаа улс төрийн институцийг яавал хүчтэй байна гэж үздэг юм бэ гэхээр шийдвэр гаргаад тэрийгээ биелүүлдэг, биелдэг байвал л түүнийг хүчтэй институци гэдэг. Одоо Цэц шийдвэрээ гаргахыг харж байя. Монголын улс төрийн хямралыг арилгахын тул Үндсэн хуулийн Цэц хурдан ажиллах хэрэгтэй байна. Хуучин шигээ хэрэг үүсэхгүй, үүсгэхгүй гээд цатгалан паацганаж байдгаа болих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол улс төрийн хямралыг дагаж эдийн засаг бүхий л түвшиндээ гацаж, цаашлаад ард түмний амьдрал уруу дээрээ улам уруудах нь. Бие биенээ гацаасан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын чагтыг тайлж, төрийг хямралаас гаргах эцсийн найдвар нь Үндсэн хуулийн Цэц болчихоод байна. Тэгэхээр Цэцийн шийдвэр цэцэн гарвал улс төрийн хямрал намдана.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ерөнхийлөгч МАН-ыг татан буулгах саналыг Дээд шүүхэд гаргах цаг болжээ

МАН-ыг татан буулгах өргөдлөө Дээд шүүхэд өгч байгаагаа хуульч Б.Эрдэнэцогт өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр тус намыг татан буулгах гол үндэслэлээ “60 тэрбумын хэрэг” хэмээн тайлбарлаад Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйлдэл хийснээрээ МАН Монголын төрийг удирдах хууль зүйн үндэслэлгүй гэв. Үнэндээ 60 тэрбумын гэх бичлэг бол “МАН сонгуульд ялбал ийм аргаар мөнгө босгох боломжтой гэсэн арга зам, тоо” гэж ойлгогддог. МАН сонгуулийн үеэр албан тушаал зараад 60 тэрбумыг босгож, ялалт байгуулсан гэвэл бас л эргэлзээтэй. Яриа төдий л зүйл.

Туулсан зам, туршлага, боловсон хүчин зэргээрээ Монголын хамгийн том гэгддэг МАН түүхт 100 жилийн ойгоо нэгдмэл байдаар тэмдэглэж чадах эсэх нь өнөөдөр эргэлзээтэй болоод байна. Энэ намын дотоод тэмцэл савнаасаа хальж, дээр дооргүй чи би-дээ тулж хэрэлдэж эхэллээ. Төр барьж байгаа намын удирдлагууд өөр хоорондоо тэмцэж, төрийн ажиллагаа гацахад хүрч байгаад намын гишүүд дэмжигчдээс эхлээд жирийн олон түмэн дургүйцэж байна. Тиймдээ ч манай сонин өчигдрийн дугаартаа “Монгол ардын нам онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй болжээ” хэмээн бичсэн юм. Ингэж асуудлаа шийдвэл тун сайн сан. Харамсалтай нь, манай нийтлэлийн дараа маш олон уншигч редакц руу утасдаж “Юу бичээд байна вэ. Наадууд чинь нэгдэж их хурлаа хийхээсээ нэгэнт өнгөрсөн” гэцгээж байв. Намын идэвхтэй гишүүд хүртэл төрийн ажлыг гацааж байгаа намынхандаа бухимдаж байгаагаа илэрхийлж байсан.

Тэгвэл одоо Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болохын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд шүүхэд өргөдөл гарган МАН-ыг татан буулгах хэрэгтэй байна. Сонгуулиар үнэмлэхүй олонх болж, төр барьж байгаа МАН өдгөө хоёр хуваагдан, хоорондоо талцан тэмцэлдэж УИХ-ын үйл ажиллагааг зогсоолоо. УИХ-ын үйл ажиллагааг зогсооно гэдэг Монгол төрийн ажлыг зогсоож байгаатай утга нэг юм. М.Энхболд, У.Хүрэлсүх нарын бүлэглэлийн аль аль нь төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байна. Тэдний бие биеэ давах гэсэн улайрал хууль ёсыг уландаа гишгэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, тэд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна. Үүний тод илрэл бол Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарч суучихаад ажлаа хийхээ больсон. Засгийн газрын гишүүд УИХ-ыг бойкотолж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаагийн тод илрэл юм. Хэрэв У.Хүрэлсүхийн бүлэглэл ингэж улайрч байгаад санасандаа хүрвэл Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авч байна гэсэн үг. М.Энхболдын бүлэглэл ч асуудлыг улам дэвэргэн, үйлдэл, эс үйлдлээрээ У.Хүрэлсүхийн бүлэглэлийг хууль бус арга руу шахаж байна.

Төрийн эрх мэдлийн төлөөх дээрх хоёр бүлэглэл өнгөн дээрээ юу ярьж байгааг бид сайн мэднэ. У.Хүрэлсүх тэргүүтнүүд “60 тэрбумын хэрэг бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдого” гэж байгаа. М.Энхболдынхон “ЖДҮ-ийн сангаас хулгай хийсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар” шахаж байна. Эцсийн дүндээ энэ хоёрын аль аль нь төрийн үйл ажиллагааг гацааж, Монгол төрийг алга болгох, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл дэвэргэх асуудал биш юм. Харин МАН доторх бүлэглэл хоорондын зөрчил л Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд тултал хурцдаж байна.

Өнөөдөр шатахуун, доллар болон бараа бүтээгдэхүүний үнэ, утаа гээд бүхий л зүйл дээд хэмжээндээ тулж, ард түмний амьдрал урвуугаараа доошоо унажээ. Энэ бүхнийг зохицуулж, удирдах төр алга. Төрийн зөөлөн суудалд суугсад өөрсдийн эрх ашгийн төлөө л явна уу гэмээр ард түмнийг гаргуунд нь хаяж байна. Цуу үг тарааж, бие биенээ муулж, ядруухан яваа ард түмнээ яасан ч их бухимдуулдаг улс вэ. Тэд ард түмний бухимдлыг дэвэргэж, хооронд нь хагаралдуулж тэмцэлдүүлэх тэмцлийн галыг зориудаар сэвэн өрдөж байна. Өөр өөрсдийн бүлэглэлийг дэмжих ард түмэн бий болгохоор чармайцгааж байна. МАН-ын бүлэглэлүүдийн бодлоор ард түмэн хуваагдаад л тэмцэлдэх бололтой юм. Улсаа нурааж цус нулимстайгаа хутгалдаж байж Хүрэлсүх юм уу, М.Энхболдыг ялуулах нь байна л даа.

Салхинд хөөрөгдөж байгаа гал мэт тал тал тийшээ тарж байгаа цуурхлыг та ч гэсэн сонсоо биз. У.Хүрэлсүх гарч ирснээр парламент ёсыг устгах гэж байна. М.Энхболд 60 тэрбумаар албан тушаал зарсан. Х.Баттулга л Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гээд байгаа юм. Бүгд үлгэр. Бие биенээ илүү харлуулах гэсэн хоосон цуурхал. Хамгийн бодитой зүйл гэвэл МАН-ын хуваагдал, хоорондын тэмцэл л байна. Ийм намыг байлгаад, бүлэглэлүүдээр нь улсаа тоглуулаад хэдий болтол харж суух вэ. Энэ үндэсний аюулгүй байдал биш үү. Тиймээс МАН-ыг татан буулгах өргөдлийг Ерөнхийлөгч даруйхан дээд шүүхэд гаргах хэрэгтэй. Эрх баригч намын бүлэглэл хоорондын хэрүүл энэ чигээрээ удааширвал Монгол төрийн чадамж алга болно. Эдийн засгийн болоод улс төрийн хор уршиг нь ард түмний нуруун дээр бууна. Эхнээсээ буугаад эхэлсэн. Тиймээс Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуулиараа баталгаажсан Ерөнхийлөгч Х.Баттулга та дуугүй харж суумааргүй байна. Эрх барьж буй намын эрх мэдлийн төлөөх тэмцлийн хөлд энэ ард түмэн чинь үрэгдэж дуусах нь.

О.ТУЯА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын улс төрийн халуурал хэтэрч дэмийрэлдээ шилжлээ

Сүүлийн хэд хоног Монголын улс төрийн халуурал ёстой нэг дээд цэгтээ тулж байх шиг байна. Маш өндөр хэмээр халуурсан хүн халуун нь дэндэхээр дэмийрч солиороод, хаа хамаагүй юм яриад эхэлдэг. Түүн шиг улс төрийн халуурал хэрээс хэтэрч дэмийрэлдээ шилжсэн энэ үед төрийн түшээд юу ч хамаагүй ярьж, газар сайгүй ойж буух боллоо. “Та нар хууль бусаар төрийн эрхийг авах гэж байгаа бол хуулийн дагуу төрийн эрхээ буцааж авахаар байлдана. Цус асгаруулаад ч тэмцэхэд бэлэн” гэж Их хурлын индэр дээрээс ээлж дараалан орилолдож байна. Эрхэм гишүүд огтоос хамааралгүй зүйлийг ч улс төрийн халууралтайгаа хутган олон нийтийн өмнө инээдтэй байдалд орох болсон. Түүний бэлээхэн жишээ яруу найрагч Ж.Мөнхбат. Өмнөх засгийн үед Монгол Улсын сайдаар ажиллаж Засгийн газрынхаа гал тогоог барьж байсан тэрээр яасан ч хөнгөхөн юм бэ дээ. “Засгийн газрыг огцор гэж гарын үсэг зурсны төлөө миний зөвлөхийг орцонд нь үл таних хоёр хүн төмрөөр толгойг нь хага цохин, тархинд нь хүнд гэмтэл учруулж амь насанд нь ноцтойгоор халдлаа” гээд сүр дуулиан болгосон. Гэтэл зөвлөх нь үеэлтэйгээ л муудсан байдаг.

Улстөрчид дундаас хамаагүй ухаалаг харагддаг, Монголын сэтгүүл зүйн салбараас гаралтай бичгийн хүн, парламентад хэд хэдэн удаа сонгогдож байгаа, үзэж дуулснаараа бол бусдаасаа толгой дээгүүр байх ёстой Л.Энх-Амгалан гишүүн “Ерөнхий сайд намынхаа байранд 300 гаруй офицер цуглуулаад зэвсэг тэмцэл бослогод уриалж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу манай улсад ирээд зэвсэг нийлүүлжээ” гэж хүртэл Их хурлын индэр дээрээс ярих юм даа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын төлөөх фронтыг тэргүүлж байгаа нэгэн бол Дарханы Д.Хаянхярваа. Төрийн аппаратад анхан шатнаас нь зүтгэж аймгийн Засаг даргаар найман жил ажилласан нэгэн. Дараа нь Их хуралд гурван удаа сонгогдож төсвийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Сангийн сайд, намынхаа бүлгийн дарга гээд төрийн өндөр албыг хашиж ирсэн жинхэнэ төрийн хүн. Гэтэл тэрээр “Засгийн газар Ерөнхийлөгчтэй нийлээд парламентын засаглал руу дайрч байна. Монголын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул учруулах явдал өнөөдрөөс эхэлж байна. Ерөнхийлөгчийн засаглал руу гулсан орж парламентын засаглалыг таслан зогсоох хамгийн сүүлийн боломж энэ Засгийн газрыг унагаах юм” гэж чуулган дээр мэдэгдэхээр юу болох билээ. Монголын улс төр халуунаа дийлэхээ байгаад дэмийрч солиорч байгаагийн илрэл энэ. Яг жинхэнэдээ бол эрхэм түшээдийн хэлээд байгаа шиг зүйл болоогүй. Хамгийн наад захын бодит жишээ гэхэд Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу ороогүй байгаа. М.Энхболд даргатай парламентын танхимынхан ийм халуурал дэмийрэлтэй байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талынхан бүр хэрээс хэтэрсэн.

Эрх барьж буй намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд хүн “Хөх монгол”, “Даяар монгол” гээч гудамжны нөхдийг цуглуулж төрийн ордонд хүлээн авч уулзан доошоо орохыг бид харлаа. Тэдгээр нөхөд нь бослого тэмцэлд уриалсан жагсаал цуглаан зохион байгуулж, завсар зайгүй хэвлэлийн хурал зарлан сүржигнэж байна. Мөн эрх баригч намын дарга Ерөнхий сайд маань чөлөөнд гарсан цэргийн офицеруудтай гүйж очин намынхаа байранд уулзаад, босч тэмцэн, дайрч давшлахыг нь өөрийнх нь хэлснээр зогсоож намжаасан юм байх. Ийм л хийрхсэн солиорол Монголын төрд өнөөдөр ид өрнөж байна. Төрийн солиорлыг дагаад нийгэм галзуурчихжээ, янз нь. Ямар сайндаа л дөрөвдүгээр цахилгаан станцын ойрхон цэргийн сургуулилт болж байхыг харсан хүмүүс “Зэвсэглэсэн цэргүүд төрийн ордон руу дайрах бэлтгэлээ хийж байна” гэж нийгэм даяар цуурах билээ.

Ардын намынхны бүлэглэл хоорондын хагарал хэрээс хэтэрч бүр сүүлдээ хүмүүсийн хувийн амьдрал, бэлгийн амьдрал чиг хандлагад хүртэл халдаж төрт ёсыг гутаан доромжиллоо.

Ингэж их дэмийрч, элдэв дээдээр нэгнээ хэлж, бузар булайгаа дуудалцчихаад Монголын улстөрч, эрх баригчид цаашид улс орноо хэрхэн яаж удирдах юм бол доо. Гэхдээ улс төрийн энэ их балайрал дэмийрэл нийгэмд ашиг тустай байна. Бүлэглэлүүд нууж хаасан хуйвалдаан бүхнээ ээлж дараалан дэлгэцгээж байна. Сүүлийн үеийн улс төрийн халуурлын үр дүнд ард түмэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар нь мөнгө хүүлсэн улстөрчдийг мэдэж авлаа. Их хурлын гишүүд, дарга сайдууд төрийн мөнгийг хувьдаа хэрхэн яаж завшдагийг бүлэглэлүүдийн хагарал дэлгээд өгчихлөө. Ард түмэн одоо улам хэрсүү болсон. УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлснээр бузар булайгаа улам л дэлгэлцээд бай, тэр нь магадгүй Монголын ард түмэнд ашигтай гэсэн нь үнэн болж байна. Уул нь бол Монголын төрд өрнөж буй уг үйл явц парламент засаглалын хувьд ердийн үзэгдэл юм. Засаг солигдох, намууд дотроо хагарах, улстөрчид муудалцаж сайдалцах, эрх ашгийн төлөө нэгдэх, нэгнээ бөөрөлхөж байгаад унагах, нэгнийхээ “но”-г нийтэд дэлгэх энэ бүхэн байдаг л зүйл. Парламент засаглал ийм л өнгө төрхтэй явдаг. “Юм яаж ч муудсан сайжрах тийшээгээ явдаг” гэж эрэлхэг цэрэг Швейкийн хэлснээр парламентын засаглал сайн тал руугаа явж байгаа.

“Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэгчээр улс төрийн энэ бужигнаанаар их сайндаа л сонгууль наашилна биз. Гэхдээ тиймдээ тултал ч өдий л дөө. Үүнээс аюултай юм нэг хүний засаглалд орж гадны нөлөөлөлд автан тусгаар тогтнолоо алдах. Энэ бол хамгийн том аюул. Нэг хүний засаглал буюу авторитар дэглэм тогтож улс оронд эмх замбараагүй байдал үүсэхэд гадны аль нэг хүчирхэг улс цэрэг зэвсгээр дотоодод нь энх тайвныг сахиулахаар орж ирдэг.

Ингэж тухайн улс аажмаар тусгаар тогтнолоо алддаг. Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстан гээд дарангуй дэглэмд шилжээд сөнөсөн орнуудыг бид сайн мэднэ. Тэгэхээр хамгийн аюултай зүйл бол нэг хүний засаглалд орох гэдгийг дахин онцолмоор байна. Түүнээс улс төрийн энэ бужигнаан бол байдаг ердийн зүйл.

Харин улс төрийн бужигнааныг дагаад эдийн засаг хямардаггүй байх хэрэгтэй. Эдийн засаг улс төрөөс улам бүр хол байх нь зөв юм. Нэг үеэ бодвол эдийн засаг улс төрөөс холдсон нь ажиглагддаг. Хуучин бол төр бужигнахад хэвийн ажилладаг албан газар гэж байдаггүй байсан. Төрийн үймээнийг дагаад эдийн засаг хямралд ордог байсан. Одоо бол өөр болжээ. Яамных нь сайд “ЖДҮ”-ийн хэргээр огцорсон байхад хөдөө аж ахуйн ажил явдгаараа явж байна. Манай улс 444 мянган тонн үр тариа, үүнээс 428 мянган тонн улаанбуудай, 167 мянган тонн төмс, 99 мянган тонн хүнсний ногоо хурааж авснаа саяхан салбарын яамнаас нь мэдээлсэн. Дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангана гэдгээ хэлсэн. Хүн бүр худалдаа наймаагаа эрхлээд, бараа таваараа зараад дор бүрнээ ажиллаж байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийж М.Энхболдыгоо газрын наймаачнаар нь цоллон, жаран тэрбумыг нь дахин сөхөөд сүржигнэж байх хойгуур хар баасан гаригийн хямдрал зарлагдаад их хотын амьдрал бужигнаантай байх жишээний. Энэ мэт улс төрийн бужигнаан, эрх баригчдын албан тушаалын төлөөх тулаан ард түмний амьдрал болоод эдийн засагт тийм ч хамааралтай зүйл биш. Улстөрчид өөрсдөө харин бужигнаан үүсгээд олон түмний анхаарлыг татаж чадахгүй болохоор “Долларын ханш тэнгэрт туллаа, нүүрс зарагдахаа болилоо. Эдийн засаг чинь элгээрээ хэвтлээ” гэж хий хоосон сүржигнэдэг. Тэгэхээр улс төрийн солиорол дээд цэгтээ тулж байсан ч эдийн засаг дархлаагаа улам бататгаж, аливаад гуйвж дайвдаггүй байх хэрэгтэй.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

МАН-ын 65 гишүүн парламентын засаглалын “хойдохыг унших уу”

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Монголын засаг төрийн эрхийг дүүрэн атгасан. Ийм нэгдмэл цул улс төрийн хүчин дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэгийн жишээг үзүүлж одоо л нэг том төслүүдийг хөдөлгөж, олон улсад Монголын нэр хүндийг өргөх боломж бүрдлээ гэж ард түмэн үзсэн. Өө тэгсэн өнөө 65 нөхөр чинь юун Монголыг хөгжүүлэх, харин эсрэгээрээ Монголын парламент маань хямарч үзээгүйгээрээ хямарч байна. Ер нь Монголын парламентын засаглал тун эгзэгтэй үедээ ирлээ. Яагаад гэвэл ард түмэн УИХ гэсэн нэр сонсонгуут зүхдэг боллоо. Сүржигнэж байгаа юм биш, ард нийтээрээ ийнхүү парламентын засаглалаа зүхээд, тарахыг шаардаад, нэр бүхий тодорхой гишүүдийг заналхийлээд ирвэл ямар нэг үйлдэлд хүрнэ. Энэ бол сайн юм ерөөсөө биш.

Шулуухан хэлэхэд өнөөдөр олон түмний дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүчтэй хүний эрэлхийлэл, угтаа бол нэг хүний дарлалд орцгоох тухай ярьж эхлэв. Ганц хүчтэй удирдагчтай байхын сайны тухай амтай болгон ярьж, “Эцэг болон хайрлагдсан Чойбалсан” гэх алдарт дууг төв талбай дээр хоороороо дуулах шахуу юм болох нь. Үүнийг энэ парламентын 65 гишүүн нийгэмд бий болгов. Тулхтай, туршлагатай, 90 жилийн түүхтэй МАН энэ удаагийн сонгуульд хэтэрхий олон залуу хүнийг оруулж ирсэн нь ийнхүү урьд хожид парламентын түүхэнд байгаагүй хийрхэл, хэнээрхэл, цэцэрхэл, дэлхийд алдартай хүмүүсийн хэлсэн сайн үгсийн цуглуулгуудыг бий болгов. Энэ удаагийн парламент их улс төрд нас ямар чухлыг харуулж байна. Тэдний хийрхэл дэндлээ. Яг голоороо хоёр хуваагдчихаад үзэж тарсаар одоо хоёр дахь Ерөнхий сайдаа унагаж, их хуцвал Их хурлын даргаа авч хаях солиоролдоо оров. Оронд нь юу ярьж байна гэхээр “Манай нам лидергүй болчихлоо” гэж ярьцгааж байна. Тэгж яривал хамгийн олон лидертэй нам. Өөрийгөө өвгөн гэж цоллоод байгаа С.Баярыгаа авчирч тавихгүй юу. Тэгж яривал Миеэ яачихаад байгаа юм. Нямаагийн Энхболд Монголын улс төрийн ноён нуруу биш юм уу. Ийм нүжигнээн ихтэй цаг үед гялалзсан, тодорсон хүн гарч ирээд эмхэлж цэгцэлж байсан түүх байдаггүй юм. Алсын хараатай, аядуу тайван, бүх эрх ашгийг нэг огтлолцол дээр аваачдаг улс төрч л хэрэг болдог. Үүнийг дэлхийн улс орны практикаас харж болно.

Элдэв үг хэлж, шүүмжилж, парламентын засаглалыг зүхэж буй хүмүүс парламентын засаглалын үр шимээр л ийм эрх чөлөөг эдэлж байгаа гэдгээ огт ойлгохгүй байна. Ингэж өнөөдрийн Монголын төр засаг дахь бузар булайг уудалж, зах зухаас нь ард түмэндээ хүргэж чадаж байна гэдэг бол парламентын засаглалтай байгаагийн наад захын давуу тал гэдгийг олон хүн ойлгох ёстой.

Монгол Улс яагаад парламентын засаглалыг сонгосон талаар ерэн оны АИХ-ын депутат байсан хүмүүс одоо хэлдэг. Хоёр их гүрний дунд орших манайх шиг улс нэг хүний гарт төрийн эрх мэдлийг төвлөрүүлбэл аль нэг талынх нь хараат болох өндөр магадлалтай. Тийм замналаар явж ирсэн өчигдөрхөний түүх байна гэж. Тийм учраас олноороо хэлэлцэж төрийн хэргийн шийдвэрийг гаргаж байвал алдаа бага гарна гэж ерөнхийд нь үзсэн байдаг. Дээр нь элдэв хуйвалдаан нь илэрнэ, шийдвэр гаргах түвшний тэр олон хүнийг худалдан авахад хэцүү гэхчлэн хар бор олон л зүйлсийг ярилцацгааж байгаад парламентын засаглалыг сонгосноо ярьж байдаг юм.

Бас нэг олон нийтэд ярьдаггүй асуудлыг хэлэлцсэн байдаг юм. Тэр үеийн депутатуудын дийлэнх нь МАН-ын гишүүд байсан. Тэд ярилцахдаа хэрэв нэг хүн төрийн эрх мэдэх засаглалын тогтолцоог хийчихвэл бид хэзээ ч сонгуульд ялахгүй. Ардчиллынхнаас аль нэг нэр хүндтэй нь ялаад яваад байх юм байна. Тийм болохоор бид төрөөс шахагдах юм байна. Харин парламентын засаглалыг сонгочихвол бид ямарч байсан тойргоо тойгдоод олон хүн орж ирж төр барьж байх магадлалтай гэж ярилцацгаасан байдаг юм. Ерөнхийдөө бүдүүн хадуундуу ойлголтоор л тэдний ярьсан гол үзэл санааг бичээд байна. Ингээд бид парламент ёсыг сонгосон юм аа гэж ярьцгаадаг юм.

Үнэндээ парламентын засаглал шийдвэр гаргахдаа удаан байдаг ч бурууддаггүй. Үүний баталгаа бол өнөөдрийн бидний амьдрал. Хүмүүсийн амьдралын түвшин нийтээрээ дээшилсэнийг мэдэж байгаа. Саяхан л хувьдаа машинтай байна гэдэг зүүд байлаа. Тийм атал яагаад ард түмэн өнөөдөр уурлаад байгаа юм. Ганцхан л юм бий. Тэр нь манайх шиг баялагтай, манайхаас ч бага баялагтай орны иргэд баян амьдарч байхад бид ядуу байна гэсэн бухимдал. Үүний буруутан нь өнөөдрийн төр засаг болж харагдаад байна. Үнэн ч юм. Ийм парламенттай улс урагшаа ахих уу. Манайхыг сонирхож байдаг гадны хөрөнгө оруулагчид энэ бүгдийг мэдэхгүй суух уу… олон юм байна аа. Нийгмийн сэтгэл зүйн энэ их бухимдал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс нэг эвгүй мэдэгдэл хийсэн нь “Ганц хүний засаглал”-ыг бүр ч дэвэргэчихлээ л дээ. Ерөнхийлөгч: Өнөөдөр Монгол Улс муу, ядуу байгаа явдал нь нам даа ч бус, хүндээ ч бус, системийнхээ тогтолцоондоо байна аа гэж мэдэгдсэн нь нийгмийн эмзэг газрыг олоод хатгачихсан хэрэг болов. Энэ үг нийгэмд айхавтар нөлөөлж байна.

Бид тэртээ ерээд оны эхэнд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өнөөдөр наад зах нь станы орны ерөнхийлөгч нар шиг зөвхөн эргэн тойрныхон нь, ах дүүс нь, найз нөхөд нь хагартлаа баяждаг. Бусад нь хувхай хоосон гуйлгачингууд улс орноороо ядуу сууж байх байлаа. Энэ мэтээр ганц хүний гарт улс орон байвал ямар их гай барцад авчирдаг жишээ баримтыг үй олноор нь дурдаж болно. Үүнийг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэж ойлгож байна. Саяхан ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин телевизээр ярихдаа “Хоёр хөрш маань дэлхийтэй зодолдоод эхэллээ. Орос Европын холбооны хоригт орсон. Хятад худалдааны дайнд орчихсон. Ийм үед энэ хоёр илүү ойр байх ёстой. Гэвч дунд нь Монгол Улс байна. Дунд нь байгаа талбартаа Америкийн эрх ашгийг байлгах уу. Ийм үед ардчиллын хамгийн том ололт гурав дахь хөршийн бодлого хаана явна” гэсэн утгатай зүйлийг ярьсан. Ухаж бодвол маш том зүйлийг хэлээд байна.

Тийм болохоор бид яавч Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Өнөөдөр Монгол Улсыг авч яваа МАН-ын 65 гишүүн хоорондоо хэрэлдээд орон гэрээ буулгах нь шиг байна. Шулуухандаа бол Монгол Улсыг нураах нь. Балчирууд чинь хоорондоо хэмлэлдээд эхэлсэн энэ цаг үед МАН-ын тулхтай, төрийн төлөө зүтгэж явсан хөх харчууд цуглаж ярих цаг болсон юм биш үү. Монголд өнөөдөр буй болоод байгаа улс төрийн зохиомол хямралыг танай намын УИХ-ын гишүүд хийгээд эхэллээ. Зохиомол хямрал зохиогчтой л байж таарна. Өөрсдөө жүжигчид нь болчихсон яваагаа танай намын 65-ын хүүхдүүд мэдэхгүй явна. Хийсэн мэхийг нь дагуулж өөрийн барилдаанаа хий гэсэн үг байдаг юм. Өөрсдийгөө том, шударга, мундаг улстөрчид болчихсон гэж МАН-ын 65-ын бүлгийн залуус бодож яваа байх. Гэтэл та нарыг дагуулж тонгороод байгааг мэдэх цаг нь болжээ. Эцсийн дүгнэлтээ хэлье, МАН-ын 65 гишүүний хоорондын ужиг, увайгүй зодоон энэ хэвээр үргэлжилбэл ард түмний дургүйцэл туйлдаа хүрч “Энэ муу 76 новшоор юугаа хийдэг юм. Ганц сайн Путинтэй болъё” гэснээр Монголын парламентын засаглалын “хойдохыг унших” юм байна. Тэгээд засаглалын дараагийн хувилбарыг сонгож таарна… Монголын улс төрийн зохиомол хямрал ийм л үр дүн рүү явж байна. Бас нэг аймаар замын зураглал харагдаж байна. Ирэх хаврын бэлтгэл гэж хэлж болох юм даа. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэхэд гудамжинд эмх замбараагүй байдал үүсгэж Онц байдал зарлаж Үндсэн хуулийн үйлчлэлийг бүрэн зогсооно. Тэгээд Монгол Улсыг нэг удирдлагад оруулах замаар л цааш явчих вий дээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Гадаадаас Ерөнхий сайд урья

Эрх баригчдын булай ЖДҮ-ээр жинхэнэ дэвэрч байна. Арай зарчимтай, эрүүл сэтгэдэг цөөхөн гишүүний тоонд багтдаг Ж.Энхбаяр хүртэл жирийн иргэдийн авах ёстой бага хүүтэй зээлийг булаасан болж таарав. Зээл авсан нь мэдэгдсэн хойно ёс зүйгээ бодоод толгой бөхийж уучлал гуйх болов уу гэтэл мань эр тэгсэнгүй. “Зээлээ буцаагаад төлчихлөө, уг нь зөв бизнест зарсан” гэх маягийн үг унагаж хөндлөнтлөө. Ганц Ж.Энхбаяр ч биш л дээ. “Мон уран”-ы Б.Наранхүү өнгөрсөн пүрэв гаригт “ЖДҮ-ээс зээл авсан дүүгийнхээ зээлийг төлчихье. Хүн дэргэдэх эрдэнээ анзаардаггүй юм байна. Нэмээд хоёр тэрбумыг өгнө өө” гэсэн даажинтай мэдэгдэл хийж гайхаш барав. За тэгээд ЖДҮ-ээс эхнэр нь зээл авсныг “мэдэхгүй” манаргаж явсан Я.Содбаатар, хүүгийнхээ авсан зээлд огтхон ч гэмшихгүй сэтгүүлчдийг загнаж зогссон Н.Оюундарь гэж ирээд яривал ард түмнээсээ хоолыг нь булааснаа юман чинээ бодохгүй яваа гишүүд олон байна. Том бизнес эрхэлдэг чинээлэг гишүүдэд зүй ёсоор багтах “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, чихрийн зах зээлийг атгадаг О.Батнасан, “Их засаг”-ийн Ц.Ням-Осорын хүү Н.Учрал, шаазангийн үйлдвэртэй Г.Солтан хүртэл жижиг дундын зээл рүү гараа дүрэхээр олны жигшил зэвүүцэл халихаас яахав. ЖДҮ-ээс хулгай хийсэн гишүүдийн нэрс Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, ХХААХҮ-ийн сайдын суудлаа саяхан өгсөн Д.Батзориг гэх мэтээр хөвөрнө. Өмнө нь гишүүн байсан эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй эрхмүүд болон ойр дотныхон нь ч ЖДҮ-ийн жагсаалтыг зузаатгаж байна. Сонгодог жишээ нь Монголын толгой баяны нэг АПУ-гийн Г.Батхүүгийн хамаатнууд.

Улс төрийн өндөр албан тушаалтнууд хуйгаараа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зүй бус хулгай хийсэн нь олонд дэлгэгдсэн учраас Засгийн газар огцрохдоо тултал асуудал хурцдаж байна. Хулгайлж хумсалсан гишүүд нь хүний урманд гэмших ч үгүй яваа болохоор “Төрийн тогтвортой байдал чухал, эдийн засгаа бодоод засгийг унагахгүй байя” гэж хэлэхэд хэцүү. Шударга ёс, хэм хэмжээ, ёс зүй талаас нь харсан ч тэр, өөрсдийг нь сонгож гаргаж ирсэн иргэдийн амьдрал ахуйгаа өөд татах ёстой мөнгөний дийлэнхийг нийлж суугаад завшсан гэх өнцгөөс анзаарсан ч тэр зүгээр өнгөрөөх асуудал хэтээсээ биш.

Тэгэхээр яаж ч бодсон энэ засагт унахаас өөр гарц үлдээгүй. У.Хүрэлсүхийн дараа хэн Ерөнхий сайдаар томилогдож, засаг толгойлох вэ гэсэн асуултын хариу олны анхааралд хэдийнэ орчихсон. Ер нь засгийн толгой, улсын удирдагч ямар байх ёстой вэ? Яг өдийд ийм асуултыг өөрсдөдөө тавимаар байна. Учир нь энэ засгийн тэргүүн хэн болохоос ЖДҮ улгүй арилж, шинэ цагийн салхи сэвэлзэх эсэх нь шийдэгдэнэ. Өмнөхөөсөө ялгаагүй хүн засаг удирдаад эхэлбэл ЖДҮ-гээс дор юм болох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой зүйл.

Ард түмэн ууртай, чадалтай хүнд итгэдэггүй, удирдагчаа гэж хардаггүй. Ур чадвартай, зэвсэгтэй хүнд ч талтай ханддаггүй. Ийм хүн ууртай, чадалтайгаа бодвол хэсэгхэн хугацаанд төр барьж дөнгөх байх. Гэхдээ нийт нийгмээс удирдагч гэсэн үнэлгээ авч чаддаггүй. Ард түмэн нэг л чанарыг эрхэм болгосон хүнийг удирдагчаа гэж үнэлж, дуртайяа удирдуулдаг. Хүн төрөлхтний түүхийн шарласан хуудсуудыг эргүүлээд харахад шударга, ёс зүйтэй, ухаалаг, өндөр боловсролтой, эр зоригтой удирдагч л түмнийхээ итгэлийг хүлээж, улсаа өөд нь татсан байдаг.

Ийм үнэлэмжээр цэгнэж, жинлээд харахаар манай хэд дунд лав жинхэнэ удирдагч алга. Овоо шударга гэж харагддаг нь хүртэл ЖДҮ авчихаар иргэдийн итгэл шалдаа унахаас өөр яах ч билээ. Төрийн ордонд, яамдын өрөөнд тухалсан гишүүд, сайд нарын нийтлэг зураг их гунигтай. Хор найруулдаг, хувиа бодсон, хүн монжсон, улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэсэн чин сэтгэл, үнэ цэнийн хэлтэрхий ч үгүй нь нуугаад байх зүйл биш.

Дараагийн Ерөнхий сайд хэн болох тухай яриа хөөрөө үүссэн ийм үед гарц гаргалгаа харагдахгүй байгаа нь цаанаа ийм учиртай. ЖЗҮ-чид, тендерчид, төсөл гацаагчид, шантааж хийгчид, нам дамжсан эдийн засгийн бүлэглэлүүд үүрлэсэн шаргал ордноос хэн ч Ерөнхий сайд болсон адилхан санагдаад байх юм. Улстөрчид дунд нь Засгийн газар тэргүүлчихээр лидергүй болсон өнөө цагт олон хүнд “Болдог бол гадаадаас Ерөнхий сайд урьж авчирч, улсаа хөгжүүлэх юмсан” гэсэн бодол төрж суугаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Арга ядсан, цөхрөнгөө барсан хүний санаа хаашаа чиглэдэг билээ, гадагшаа, харь хамаагүй, сайн сайхан яваа бүхэн рүү тэмүүлдэг. Цаг хугацааг ухраагаад харахаар хүүхдийн сүүний мөнгийг танаж ээжүүдийн дургүй зэвүүг хүргэж, нийт иргэддээ элдвээр хэлүүлж байж Английг босгосон төмөр хатагтай Маргарет Тетчерийн түүх байна. Тухайн үед нь элдвээр хэлж байсан ч өнөөдөр бол тэр англичуудын хүндэтгэн дурсдаг удирдагч. Харин манай удирдагчид эсрэгээрээ. Уул уурхайг дэмжсэн үг унагаж болохгүй, дэмжсэн үг унагаж, дэмнэсэн үйлдэл хийвэл ирэх сонгуулиар өөдийн нар харахгүй гэж сэтгэдэг нь дэндүү олон. Ингэж харж, хандсаныхаа хүчээр УИХ-д гурваас таван удаа сонгогдсон улстөрч нэг биш нэжгээдээр тоологдоно. Ард түмний дургүйг хүргэсэн үг хэлчихвэл суудлаасаа уначихна гэсэн жижигхэн бодолтой улстөрч олширсон нь гашуун ч гэлээ бодитой үнэн.

Английн тухайд хөгжил нь маниасаа хэтэрсэн өндөрлөгт байсан, бидэнтэй харьцуулах аргагүй гүрэн энэ тэр гэсэн тайлбар хэлж болно л доо. Тэгвэл намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг бүү хэл ундны ч усгүй Сингапурыг Английн цэргүүд орхиж гарч байсан үеийг жишээ татъя. Ийм газрыг хөгжүүлж чадсан хүн нь Ли Куан Ю. Энэ эрхэм Сингапурын домогт Ерөнхий сайд гэдгээрээ дэлхийд алдартай. Ноён Лигийн ачаар Сингапур дэлхийн хамгийн баян орнуудын нэг болж чадсан юм. Коммунист, капиталист алинаар нь ч биш хэрнээ хөгжлийн өндөрлөгт хүрч чадсан өвөрмөц загвар гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрдөг.

Дэлхийд улсаа улс шиг авч яваа өнөө цагийн удирдагчид гэвэл мөн л тоо томшгүй. Явуулдаг бодлогоосоо гадна амьдралын хэв маягаараа түмэндээ үлгэр болсон удирдагчдын жишээ дэлхийгээр дүүрэн. Тэдний нэг нь Нидерландын Ерөнхий сайд Марк Рути. Өглөө бүр 10 км газарт дугуй жийж ажилдаа ирдэг сайд албаны машинаа зараад эмнэлэгт хандивлачихсан гэж байгаа. Ерөнхий сайд нь дугуйгаар ажлаа амжуулдаг Нидерланд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд 16-д бичигддэг. Яалт ч үгүй хүчирхэг, аварга эдийн засагтай улс. Ингээд ч зогсохгүй аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Ийм улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлдэг хэрнээ “Би улсаа хангалттай хүчирхэг, иргэдээ боломжийн чинээлэг түвшинд хүрээгүй гэж боддог” гэж ярьсан удаатай. Нидерландын сайд дугуйтай юм чинь та нар хотын утаан дундуур хахир өвлөөр дугуй жий гэж хэлэх гэсэнгүй. Зүгээр л үг, үйлдэл бүрээс нь улс орныхоо эрх ашиг, иргэдийнхээ амьжиргааг бодсон халуун сэтгэл, шударга хандлага, өндөр ёс суртахуун ханхалсан удирдагч үгүйлэгдэж байна гэж л хэлэх гэсэн юм. Тийм учраас гадаадаас Ерөнхий сайд урихаас өөр гарц алга гэх гээд байна. “Шуналаа дийлдэггүй, аминчхан, улсаа боддоггүй, иргэдээсээ хоолыг нь булааж иддэг төрийн түшээд дундаасаа сайн Ерөнхий сайд хайгаад олдоггүй ээ, улсаа хөгжүүлсэн туршлага, чадвартай хүн урьж ажиллуулъя” гэсэн санал хүлээж авдаг газар байдаг бол улсаараа хандмаар тийм л хэцүү цагт бид аж төрж байна. Мэдээж хаана ч тийм жишиг, түүх байхгүй. Гэхдээ ийм сэдэв сөхөхөөс аргагүй нөхцөл байдал үүсчихсэнийг бултаараа хүлээн зөвшөөрчихөөд байна даа.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний зөрчил үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх нь

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Энэхүү зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага хэмээн хуульчилжээ. Зөвлөлийн үндсэн үүргүүдийн нэг нь өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар. Зөвлөлийн гишүүд нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримтална гээд тов тодорхой хуульчлаад өгчээ. Яагаад үүнийг онцолж дурдах болов гэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд маань ил далд зөрчилдөж байгаа нь сүүлийн үед илт ажиглагдаж байна. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг санал болгох тухай зөвшилцөх бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн юм. Үүний хариуд М.Энхболд дарга “Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” гэсэн бичиг илгээв. Болоогүй ээ бас, хариу бичгийн төгсгөлд “Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасныг анхаарч ажиллахыг Танаас хүсье” хэмээн анхааруулах сануулахыг хослуулсан өгүүлбэр шигтгэжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нь ингэж толхилцож байх зуур Ерөнхий сайд “би яаж дутахав” гэсэн шиг УИХын дарга М.Энхболдыг хангалтгүй ажиллаж байгаа гээд огцруулах саналаа бүлгийн хуралдаан дээрээ гаргасан юм.

Эдгээр үйл явдал нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоорондын зөрчлийн илрэл гэж харагдаж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ёстой гурван хүн ингээд хоорондоо зөрчилдөж дайсагнаад эхлэхээр Монгол Улсын язгуур эрх ашиг хаана орших вэ. Энэ эв зүйгүй зөрчилдөөнийг арилгах хэрэгтэй байна. Үүний тулд ҮАБЗийн гурван гишүүний хэн нэг нь бодитой алхам хийх хэрэгтэй. Үүнийг хэн нь ч эхлүүлж болно. Улс үндэсний аюулгүй байдлыг хангах тулгуур асуудалд тухайн улс дотооддоо аюулгүй байх явдал гэж үздэг.

Үндэсний аюулгүй байдлын баталгаа нь төр, ард түмэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгч нь УИХыг тараах бичиг шидэн сүрдүүлж байна. УИХын дарга нь Ерөнхийлөгчдөө “Эв нэгдлээ сахь” хэмээн сануулах юм. Ерөнхий сайд нь УИХын даргаа огцруулах яриа гаргадаг нь даарин дээр давс үрэх мэт үйл явдлыг хурцатгалаа. Монголын төр засаг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн энэ мэт зөрчилдөөн засаглалын хямралыг үүсгэн, бидний сонгосон ардчилал, Үндсэн хуулийн тогтворгүй байдалд нөлөөлөх нь. Үүнээс улбаалан улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. Энэ бүхэн эцэстээ Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлнө. Нөлөөлж ч эхлээд байна. Ам.долларын ханшийн өсөлтийг дагаад шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж байна. Ажилгүйдэл, ядуурал хүн амын 30 хувийг эзэлсэн хэвээрээ.

Үнийн өсөлт цааш үргэлжилбэл ард түмний амьдрал улам л хэцүүдэх нь. Ер нь улстөрчдийн увайгүй үйлдлийн хор уршгийг ард түмэн л нуруундаа үүрдэг. Улстөрчид ард түмэн гэж ярих дуртай. Одоо л тэр ард түмнээ бодох цаг чинь шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гурван тийшээ харж, хувийн тоглолт хийлгүй өөрсдөө дотроо зөвшилцөж ойлголцох зайлшгүй шаардагатай болжээ. Та бүхэн Монгол Улсыг амар тайван байлгах үүрэгтэй хүмүүс. Тэр үүргээ л биелүүл. Туурга тусгаар улсынхаа хаяа хатавчийг манаж, онгорхой цоорхойг нь бөглөнө гэж амлаж гарч ирсэн амлалтаа санаж, хувийн болон намын өчүүхэн эрх ашгаа хойш нь тавих цаг болсон. Нэгдэж нийлж, санал бодлоо зөвшилцөж, энэ улс орныхоо төлөө санаа тавих хэрэгтэй байна.

Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд нь эвлэж нэгдэж ард түмэн, тусгаар улсаа бодохгүй бол ард түмэн төрийн дээд эрх барих байгууллага болох УИХаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрхийг хязгаарлахыг шаардаж эхэлнэ. Засаглалын энэ хямралаас улс төрийн гүн хямрал үүсэх тун ойрхон байна. Үүндээ хүрэхээсээ өмнө элдэв авираа татаж, үүрэгт ажлаа хийхийг олон нийт хүсч байна.

О.ТУЯА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

УИХ-ыг тараах яах вэ, тарахаас нь өмнө хийлгэх ёстой хэдэн ажил байна

УИХ-ын нэр хүнд айхавтар уначихлаа. Итгэл хүлээлгэж сонгосон, аятайхан амьдруулах орчин бүрдүүлчих болов уу гэж горьдож харж явсан депутатууд маань төрөө ингэж тална гэдэг бол ёс зүйгүй, хүлээн зөвшөөрөмгүй үзэгдэл хэмээн нийтээрээ шуугьж байна. Үнэн л дээ. Нэг талаас нь харвал олны энэ жигшлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Нөгөө талаас нь ажвал эрх мэдэл, чадал хүчээ ашиглаж бага хүүтэй зээл авах боломж байхад нүдээ аниад өнгөрөх ёс суртахуунлаг авир хэрийн хүнээс гарахгүй. Хар ухаанаар багцаалдаж, бодит амьдралд буулгаад сэтгэхэд бараг хэн ч нүднийх нь өмнө бэлээхэн гялтганах олз, ашгаас татгалзахгүй. Ийм гоё түүх үлгэрт юм уу, тааруухан зохиолд л гардаг. Хатуу үнэн гэвэл энэ. Коммунист нийгмийн суртал ухуулга дээр ийм утгатай үг, өгүүлбэр өчнөөн харагддаг. Харамсалтай нь уриа лоозон, үлгэр домог амьдралаас хэтэрхий хол тэнгэрийн зүйл. Хүн төрөлхтний төдийгөөс өдий хүрсэн он цагийг харсан ч тэр эрх ямба өндөр хаад ноёд нь шуналаа барьж дийлэлгүй улсаараа баларч унасан түүх өчнөөн. Өнөө цагийн жишээ гэхэд л Венесуэлээс эхлээд хөвөрч буй. Жамын гэж хэлж болох шуналаас үүдсэн эрх мэдэлтнүүдийн ийм авирлалыг хааж, хаших гол хэрэгсэл бол ерөөсөө л нарийн, хатуу, ухаалаг зохицуулалттай хууль, журам. Гэх мэтээр УИХ-ыг шавартай хутгасан ЖДҮ тойрсон элдэв яриа, шүүмж, дүгнэлт өрнүүлж болно. Гэхдээ энэ удаа хөндөх сэдэв маань ЖДҮ биш. ЖДҮ-гээс болж тарахдаа тулж буй парламентын гүйцэтгэх ёстой түүхэн үүрэг. Энэ УИХ-д түүхэн үүргийг нь сануулмаар байна.

Нийгмээрээ жигшиж, нэг хэсэг нь дөгөөж, яаж ийгээд парламентаа тараахаар боллоо гэж бодъё. УИХ-ыг тараах шиг амархан юм үгүй. УИХ тарлаа гэхэд дараагийн парламентын сонгуулийн товыг тогтоох, шинэ УИХ-ын баримтлах хууль, дүрмийг батлах гээд шилээ дарсан өчнөөн ажил бий. Ирэх сонгууль хүртэл жил наймхан сар үлдсэн. Сая хэлсэн тов, хууль, журмыг баталж ядаж суутал өнгөрчих хугацаа. Бараг баталж амжихгүй хугацаа энэ УИХ-д үлдсэн.

Бид 1989 онд хорь гаруйхан настай залууст Монгол Улсын төрийн эрхийг өгч, Монгол төрийг эзгүйдүүлэн зугтааж байсан түүхтэй ард түмэн. Нэг талаас нь харахад шинэ нийгмийг бултаараа сонгосон, ардчилсан хувьсгал ялсан гэх мэт эерэг тайлбарууд бий. Нөгөө талаас нь анзаарвал төрт ёсны түүхийг гажуудуулсан үйл явдал болсон нь бултах аргагүй үнэн. Төв хорооны огцролтыг төрт ёсны гажуудал гээд байна л даа. Залуусын сэтгэлийн хөөрлөөс үүдэж гарсан энэ шийдвэрийг улсын эрх ашиг, төрийн залгамж чанар талаас нь харвал хожсоноосоо алдсан нь их. Мэдээж ардчилал ялсан нь олзуурхан, бахархан дурсах учиртай түүхэн үйл явдал. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ социализмаас капитализм руу үсэрсэн шилжилтийг Монгол төрийг эзэнтэй байлгаж хийх ёстой байсан юм.

Яг энэ өнцгөөс харвал одоогийн УИХ-ыг тарахаас өмнө, буухаас нь урьтаж заавал хийлгэх ёстой хэдэн ажил бий. Хамгийн түрүүнд хийх ажил бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Өнөөдөр яриад буй өөрчлөлтүүд ханатай гэж учир мэдэх улс ярьж байна. Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг шийдлүүд яалт ч үгүй ханатай, ултай гаргалгаанууд. Наад захын жишээ хэлэхэд Ерөнхий сайд мэдэл дутуу учраас том төслүүд явж өгдөггүй том зовлон бий. Гүйцэтгэх засаглалд эрх мэдэл өгчихвөл том төслүүд урагшилна, тэр хэрээр эдийн засаг тэлнэ гэх мэт давуу тал олон. Үүнээс гадна парламентын гишүүдийн тоог нэммээр байна. Өнөөгийн парламент лоббид амархан автах юм. 76 сая ам.доллараар Монгол Улсыг худалдаж авч болохоор байна. Сая гэхэд л Засгийн газрыг хорь гаруйхан сая ам.доллараар худалдаж авсан нь ЖДҮ-ээс тод харагдлаа. Ингэж хардахаас аргагүй баримт нотолгоонууд хөврөөд эхэлчихсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг олон болгох эрэлт, хэрэгцээ, хүлээлт үүсчихээд байна. Монгол Улсын хувь заяаг ийм цөөхөн хүн шийдэж таарахгүй.

Хоёрдугаарт, Нийтийн өмчийн хуультай болмоор байна. Өдгөө хууль тогтоож буй УИХ-ын гарцаагүй гүйцэтгэх ёстой түүхэн үүргийн нэг нь энэ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав төрд татвар хэлбэрээр очдог бүх мөнгө, гадаад дотоодын хандив, тусламж, зээлийг “нийтийн мөнгө” гэж тодорхойлж байгаа. Нийтийн мөнгийг хуульчлах ёстой гэсэн түүний байр суурь бол цагаа олсон санаа. Танхимын ерөнхийлөгчийн санааг бүр энгийнээр тайлбарлая. Төсөв хуулиар зохицуулагддаг. Гэхдээ бас шууд ингэж дүгнэхэд эргэлзээтэй. Төсвөөс 29 санд 2.4 их наяд төгрөг хуваарилдаг гэсэн тоо бий. Гэвч энэ хуваарилалт ямар ч хуулиар зохицуулагддаггүй. Хэдэн тэрбумаар яригддаг гадаад, дотоодын зээл тусламж хандив ч бас хуульгүй. Ингээд харахаар төсвийн бараг тал нь хуульгүй болж таарч байна. Өндөр хөгжилтэй орнуудад олон нийтийн гэсэн тодотголтой бүх мөнгийг зөвхөн хуулиар л зохицуулдаг. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч яг энэ жишгийг улсдаа нэвтрүүлье гээд байгаа юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд төсвийн хөрөнгө оруулалт ирэх жил 1.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Энэ мөнгө концесс тендерийн шугамаар зарцуулагдана. Гэтэл өнөө концесс, тендер нь хяналтгүйгээс гадна яг нарийн зохицуулалттай хуульгүй. Ийм цоорхойнууд УИХ-ын гишүүн, сайд дарга нарын тэрбум тэрбумын идээ уугаа, ЖДҮ-ийн үндэс суурь болдог учраас Нийтийн өмчийн хуулийг даруйхан батлах хэрэгтэй.

Энэ УИХ-ын заавал хийх гурав дахь ажил нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах. Жижиг тойргоо томсгохоос эхлээд өөрчлөх, шинэчлэх зүйл багагүй бий. Өнөөгийн УИХ ийм гурван ажил амжуулаад дараагийн сонгуульд ормоор байна. Үндсэн хуулиа өөрчилж, Нийтийн өмчийн хуулийг баталж, Сонгуулийн хуульдаа салхи оруулчихвал л болох гээд байна. Үүний дараа тарна уу, байна уу хамаа алга. Шинээр бүрэлдэх парламентад эрүүл хөрс бүрдүүлж өгч байж иргэдээсээ хоолыг нь булаадаг төрийн түшээдгүй болно. Тэгээгүй цагт 2020 онд бүрдсэн парламент “ЖДҮ юу ч биш байж” гэж толгой сэгсрэхээр бүр том дуулиан, шуугиан тарих нь тов тодорхой асуудал.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Цаанаа сонинтой хүмүүсээс ардаа “но”-той хүмүүс айдаг

Өнгөрөгч сарын эхээр турк гаралтай Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги Истамбул дахь ерөнхий консулын газарт бусдад зэрлэгээр алуулсан. Сэтгүүлч Жамаль Хашогги гэрлэлтээ цуцлуулах асуудлаар консулын газарт очсон байдаг. Түүний араб хэлээр хүмүүстэй ярьж тамлуулсны эцэст амиа алдсан бичлэг олдсон талаар Туркийн сонинууд мэдээлсэн. Сэтгүүлчийн цогцсыг хэдэн хэсэг болгон мөчилж хайрцагт хийн дипломат дугаартай машинаар гарган консулын байрны ойролцоо булсан гэдгийг эх сурвалжууд нотолж байсан юм. Уг нотолгоо үнэн болж хэд хоногийн өмнө Жамаль Хашоггигийн цогцсыг Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын тэргүүнийх нь байрладаг орд харшаас олсон хэмээн мэдээлж байна.

Турк гаралтай уг сэтгүүлчийн аллагад Саудын Арабын хаан ширээ залгамжлах ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд холбогдож байгаа. Сэжигтнээр нэрлэгдээд буй нэр бүхий этгээдүүдийн нэг нь ханхүүгийн бие хамгаалагч, бусад нь Саудын Арабын тусгай албаны нөхөд гэнэ. Хэрэг болох үеэр эдгээр хүмүүс Турк дэх Ерөнхий консулын газарт байсан нь тус аллага ханхүүтэй холбоотой гэх таамгийг бататгаад байгаа юм. Энэ тухай “The New York Times” тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд мэдээлж байв. Юуны учир сэтгүүлчийг зэрлэгээр хөнөөх болов гэхээр ханхүүгийн нууц, но-той мэдээлүүдийг Жамаль Хашогги мэддэг байжээ. Түүний хувьд “Вашингтон пост” сонины ажилтан бөгөөд тус сонинд мэдээ материалаа тогтмол гаргадаг сэтгүүлч байжээ. Энэ нь Арабын угсаа залгамжлах ханхүүгийн “гарт” зэрлэг балмадаар амиа алдах учир шалтгаан болсон байна. Арабын ханхүү өөрийнх нь тухай сөрөг мэдээлэл бичдэгт нь зэвүүрхэж, цаашид но-той мэдээллийг нь дэлгэх вий гэж айсандаа ийнхүү сэтгүүлчийг алж мөчилж булжээ.

Үндсэндээ юм бичих чадвартай, түүнийгээ нийтлэх цаанаа сонинтой байсан нь хаант угсаанд хамгийн том айдсыг төрүүлсэн байна. Алж булахаас өөр арга олдоогүй бололтой. Дэлхий нийтийг цочроож буй турк сэтгүүлчийн аллагаас үүдээд бодоход Монголын улстөрч, мөнгөтэй төгрөгтэй, эрх мэдэлтэй нөхдүүд сэтгүүлчдэд ямар дээрэнгүй ханддаг билээ. Эрх баригчдын но-г ард түмэнд дэлгэн үзүүлж, хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхээ эдэлснийхээ төлөө, мөн хардаж сэрдэж үнэн мөнийг олохыг эрмэлзсэнийх нь төлөө шүүхээр далайлган цагдан хорьж, дааж давшгүй мөнгө нэхэж дарамт шахалт үзүүлэн эрхэндээ оруулах гэж зүтгэдэг. Аль ч нам эвсэл засгийн эрхэнд гарна ялгаагүй, төрийн зүгээс хэвлэл мэдээллийг боомилох гэсэн явуулга, ил далд оролдлогыг цаг тухай бүрт хийдэг. Хамгийн гол нь сонин хэвлэлийг эдийн засгаар нь сөхрүүлж улмаар амыг нь барих гэсэн хуулийг эрх баригчдын зүгээс удаа дараа санаачилсаар ирсэн.

Ардчилсан засгийн үед нэр бүхий гишүүдийн санаачилсан “Хэвлэл мэдээллийн тухай хууль” байна. Өнөөгийн Ардын намын засгийн үед хэвлэл мэдээллийн байгууллага болоод сэтгүүлчдийн халаас руу “хорин сая, хоёр сая” гээд хар савраараа айшиггүйгээр дайрч байгаа Зөрчлийн тухай хууль байна. “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэж мэргэжлийн редакцитай Монголын өдөр тутмын сонинууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд тэмцсэн ч үр дүнд хүрээгүй.

Сэтгүүлч хүн мэргэжлийн ажил үүргийнхээ дагуу тодорхой эх сурвалжаас авсан мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэснийхээ төлөө хэрэгтэн болдог буруу жишиг Монголын нийгэмд хэдийнэ тогтсон. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал хэвлэлийн мэдээг олон нийтэд хүргэсний төлөө “Өдрийн сонин”-ыг шүүхэд өгч 30 сая төгрөг нэхэмжилсэн. Мөн “Уулс заамар” гэдэг компани шүүх хурал болоогүй байхад “Өнөөдөр” сонины дансыг хаах хүсэлтийг гаргаж байсан. Ингэж мөнгөтэй төгрөгтэй нөхдүүд сонины редакци руу халдаж, аманд орсон мөнгөө нэхэмжилж, дур зоргоороо авирладаг.

2013 оны арванхоёрдугаар сард“Ерөнхий сайдын охин мэргэжлийн покерчин” хэмээх нийтлэлээс үүдэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлын дагуу “Тэргүүн” сонины сэтгүүлчдэд Чингэлтэй дүүргийн шүүхээс 20 гаруй сая төгрөгийн торгуулийн ял ногдуулж, торгох ялаас зайлсхийвэл гурван жил хүртэлх хугацаатайгаар хорих ялаар шийтгэх шийдвэр гарч байлаа. Дээрх хэргийг иргэний журмаар шийдэх боломжтой, сэтгүүлчид эрүүгийн хуулиар ял тулгасан, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаагдахад хүргэх хэмжээний торгууль ногдуулсан нь эдийн засгийн цензур хэмээн “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас эсэргүүцэж байв. Мөн “Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг мэдээлснийхээ төлөө Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн сэтгүүлч С.Баттулгыг хоёр удаа олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргаж байсан. Улсын их хурлын гишүүн Д.Муратын ёс зүйгүй үйлдлийг түүний өөрөө сайн дураараа бусдад тараасан баримтад үндэслэж, шүүмжилж үзэл бодлоо илэрхийлсний төлөө сэтгүүлч Д.Майцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн гээд эрх баригчдын сонин хэвлэл рүү дайрч давшилсан, сэтгүүлчдийг шоронд өгсөн тохиолдлууд олон бий.

Цаанаа сонинтой сэтгүүлч гэдэг хамгийн хүчтэй байдаг. Цаанаа сонинтой гэхээр манайханд эн түрүүн улстөрчид, мөнгөтэй нөхдүүд сонины нууц эзэд гэсэн ойлголт шуудхан бууна. Тэр бол тийм ч анхаарал хандуулах сүрхий асуудал биш л дээ. Хамгийн гол нь юм бичээд түүнийг нь шууд нийтэлдэг мэргэжлийн редакци бүхий сонинтой байна гэдэг юунаас ч хүчирхэг. Хэн бугайд ч дийлдэхгүй агуу зэвсэгтэй байна гэсэн үг. Энэ нь ардаа но-той хүмүүст хамгийн том аюул байж таарна. Нэг л өдөр дэлхий нийтээр үнэнийг дэлгэхээс эрх мэдэлтнүүд, хөрөнгө мөнгөтэй, гол нь но-той хүмүүс үхтлээ айдаг. Тэгээд үнэнийг нь мэдээлэх магадлалтай сэтгүүлчийг алж булж байж санаа нь амарч байна. Үүний ойрын жишээ бол турк гаралтай Саудын Арабын сэтгүүлчийн аймшигт үхэл юм. Мэдээллийн хямрал дэлхий дахинд нүүрлэсэн энэ үед томоохон улс орнууд өдөр тутмын сониныг мэдээллийн албан ёсны эх сурвалжаа болгох болсон. Түүний тодорхой жишээ Оросын холбооны улс.

Тус улсын хууль шүүхийн байгууллагууд сошиал дахь мэдээллийн сувгууд дээр гарсан мэдээ материал нийтлэлүүдийг албан ёсны эх сурвалж баримт нотолгоо гэж үзэхгүй. Иргэн хуулийн этгээд нь хууль шүүхийн байгууллагад хандахдаа зөвхөн цаасан хэвлэл сонинд гарсныг баримт хэрэг үүсгэх нотолгоо болгоно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

“Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Asa­hi Shimbun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, Францын “Le Monde” гэхчлэн олон сониныг мэдээллийн сувгууд албан ёсны эх сурвалжаа болгосоор ирсэн нь ч үүнтэй холбоотой. Сонин бол урж тасдаад шатаачихгүй л юм бол тухайн улс үндэстний түүхийн баримт болж үлддэг. Мэргэжлийн редакцитай нэр хүнд бүхий сонинд хэзээ ч худлаа мэдээлэл гарах ёсгүй. Тухайн редакци уншигч захиалагчдынхаа итгэлийг алдах вий, худлаа мэдээлэл олон нийтэд хүргэх вий гэж дээд зэргээр болгоомжилдог. Худлаа мэдээлэл түгээж уншигчаа хуурахгүй гэх алтан зарчмыг мөрдлөг болгодог. Аливаа асуудалд ултай суурьтай ханддаг эрхмүүд сошиал ертөнцийн шуугианд авталгүй сонины редакцид ханддаг нь ийм учиртай.

Цахим жиргээчид бараг өрөөнөөсөө толгойгоо цухуйлгалгүй, ямар ч хүч хөдөлмөр зарцуулалгүй мэдээлэлд ханддаг бол мэргэжлийн редакцитай сонины сэтгүүлч дэлхийн өнцөг булан бүрт, хамгийн халуун цэгт редакцийн томилолт аван очиж газар дээр нь сурвалжлага бэлддэг. Асар том зөрүү бий л дээ. Сонины сэтгүүлчийг алж байж санаа нь амарна гэдэг бол сонинд итгэх хүн төрөлхтний итгэл ямар өндөр байгаагийн баталгаа юм. Түүхэнд судар мэт үлддэг сонины сэтгүүлчид асар их нэр хүндтэй, басхүү асар их аюултай гэдгийг дэлхийг цочроосон аллагууд харуулсаар байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Зарим хүнд мөргөж сөгдөөд ч олддоггүй зээл заримд нь өөрөө мэдээгүй байхад орчихсон байх юм

Жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн зээл гэдэг асуудал Монголын нийгэм, улс төрийн амьдралд цаашлаад төр засагт ноцтой нөлөөлөх будлианы эхийг тавьж, бүр үймээн самуун дэгдээх магадлалтай болж байна. ЖДҮ-ийн зээл гаргадаг ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. 1-3 хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээл нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газар нь бодлогын хувьд зангидаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаараа дамжуулж зээл олгодог. Улсаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжихийн тулд жил бүр олон тэрбумыг төсөвт суулгадаг. Улсын хэмжээнд 2009-2017 оны хооронд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд гурван их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 26.454 төсөл ирүүлсний 18 хувьд буюу 7.536 төсөлд 835.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Харин 2018 онд 97.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. ЖДҮ-ийн зээлийн зориулалт бол үндсэндээ жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих. Маш бага, 1-3 хувийн хүүтэй энэ зээлийг авчихсан байхад 24 хүртэлх хувийн өндөр хүүтэй арилжааны банкнуудын зээлийн дэргэд тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг.

Энэ зээлийг авах нь ашигтай учраас Монгол Улсын төр засгийг барьж байгаа сайд, УИХ-ын гишүүд гараа дүрж, тэдний гараар энэ зээл ороод дуусах юм байна. Үүнтэй холбоотой хэрэг, дуулиан сүүлийн үед илэрч олны анхаарлын төвд ороод байна. ЖДҮ-ийг дэмжих зээл авах санаатай хөөцөлдсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хоосон хоцордог гэнэ. Үүнээс үзэхэд зээл авах эрэлт их ч, нийлүүлэлт нь бага байгаа мэт харагдана. Гэтэл үнэндээ нийлүүлэлт нь зээл хүсэгчдийн ядаж тал хувьд нь хүрэх бололцоотой байдаг ч дээгүүр нь дарга, сайд нар, УИХ-ын гишүүд “тоншчихдог” учир жижиг, дунд үйлдвэрлэгчид хоосон хоцроод байдаг. Тэгэхээр зээл хөөцөлдсөн иргэдийн 20 хүрэхгүй хувь нь тэнгэрийн умдаг атгадаг бол бусад нь хүртдэггүй, бүгдэд нь хүрдэггүй. Зарим нь мөргөж сөгдөөд ч олж чаддаггүй зээл заримд нь мэдээгүй байхад нь данс руу нь орчихсон байдаг юм байна.

Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би мэдээгүй. Тийм юм байна билээ. Яриа гараад байхаар нь шалгасан чинь өчнөөн мөнгө орчихсон байна лээ. Би шалгарсан гэдгийг сүүлд мэдсэн” гэж ард түмнээр даажигналаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хариуцсан ХХААХҮ-ийн Б.Батзоригоос авахуулаад УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүн энэ сангаас зээл авсан хэрэгт холбогдоод байгаа. Энэ бол эрхэлсэн албан тушаал, эрх мэдлээ ашигласан шударга бус хэрэг.

Үүнийг Эрүүгийн хуулийн “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гэх 22.2 дугаар зүйлд “Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасч дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байсан юм байна билээ. Гэтэл энэ заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-нд Эрүүгийн хуулиас хасч хүчингүй болгосон талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин твиттерт жиргэсэн байсан.

Гэхдээ өөрийн давуу байдлыг ашиглаж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө авсан дээрх нөлөө бүхий нөхөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг зөрччихөөд байгаа юм. Уг зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэлх хугацаагаар хасч таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэлх хугацаагаар хасч арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж бэлээхэн заачихсан байна. Тийм учраас ХХААХҮ-ийн сайдыг огцруулж, ЖДҮ-ийн зээлийг өөрсдийнхөө компанидаа авсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хүртэлх арга хэмжээ авах хэрэгтэй болох нь. Монголын нийгэм ядуудаа, тарчигтаа бухимдаад байгаа нь бас чиг гайгүй шүү. Гэхдээ бухимдах нь бухимдаж байгаа, үнээн. Хамгийн гол нь энэ болж байгаа үйл явдалтай адилхан шударга бус үйлдэл, нийгмийн шударга бус байдалд л асар их бухимдацгааж байгаа. Дээрх гишүүн, сайд, эрх мэдэлтэй хүмүүсийн увайгүй үйлдэл энэ нийгмийн бухимдлыг гал дээр тос нэмэх мэт улам дүрэлзүүлж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг нэг яам, нэг сайд, даргын харьяанд оруулчихаар тэр эрх мэдэлтэн л өөрийнх юм шиг хуваарилж, хувьдаа завших, эсвэл өөрийнхөө сонгогдсон тойрог руу илүүтэй гулсуулах үзэгдэл яваад байж мэднэ. Шударга, зарчимч үйл ажиллагаатай арилжааны аль нэг банк руу ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө олгох процессыг шилжүүлж даалгаж өгөх нь хамгийн зөв. ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулж олгох нь хэн нэг даргын нөлөө, эрх мэдлээ ашиглаж өөртөө болон хамааралтай хүмүүс рүүгээ төсвийн мөнгийг шилжүүлэх шударга бус үйлдэл алга болно. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ч энэ талаар тусгаж эрх мэдэлтнүүд жирийн иргэд, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулж төсвөөс гаргадаг мөнгө рүү гараа дүрдэггүй болгох цаг нь болчихоод байна.