Categories
амьдралын-өнгө мэдээ

Сураггүй алга болсон иргэний автомашиныг олжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн сураггүй алга болоод байгаа ба түүний автомашиныг онцгой байдлын алба хаагчид олжээ.

Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /11.23/ 23:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн 33 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж урьд шөнө 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газраас автомашиныг нь олсон байна. Иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймгийн Түргэн суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Түргэн”-ий гол гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 11:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 12:00 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймаг Мал эмнэлгийн хяналт, халдваргүйтгэлийн цэгтэй болов

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Сүхбаатар аймагт Мал, эмнэлгийн хяналт, халдваргүйтгэл, ариутгалын анхны цэгтэй боллоо.
Нийт барилгын талбай 576 м.кв буюу 24х24 хэмжээтэй бөгөөд Тээврийн хэрэгслийн халдваргүйтгэлийн орж гарах 2 урсгалтай. Гадна талбай, ногоон байгууламжтай, асфалтан хучилт явган хүний зам, 10-15 машины зогсоолтой аж.
Оффисийн барилга орж гарахад халдваргүйтгэл хийх тусгай өрөө, дээж авах, эм тариа хадгалах, ажилчдын, ариун цэврийн гэх мэт нийт 19 өрөөтэй байна.
Энэхүү пунктыг байгуулснаар амьд малын тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөнийг хянах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, малчдын орлого нэмэгдэх зэрэг маш олон давуу талтай гэж Мал эмнэлгийн Ерөнхий газраас мэдээллээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт хэвийн горимд шилжжээ

Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өчигдөр орой /2021-11-23/ Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллалаа.

Тус эмнэлгийн халаалт долоо хоногийн өмнөөс доголдож эхэлсэн бөгөөд эмнэлгийн зүгээс дулаан үйлдвэрлэгч “Оч дөл өлзийт” ХХК-д албан бичиг хүргүүлж, шаардлага тавьсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна.

Харин компанийн зүгээс уурын зууханд доголдол гарсан, нүүрсний чанар муу, мөн ажилчдын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэдэг тайлбар хийлээ.

Аймгийн Засаг дарга Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлгийг дулаанаар хангаж буй “Оч дөл өлзийт” ХХК-д халаалтыг яаралтай сайжруулах үүрэг даалгавар өгч, галлагаанд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, АЗДТГ-аас хамтарсан хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.

Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн халаалт өнөөдрөөс хэвийн горимд шилжээд байна.
Мөн зарим төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн халаалт муу байгаа тул Улиастай суманд үйл ажиллагаагаа явуулж буй уурын зуухнуудад хяналт шалгалт хийж, халаалтыг сайжруулахыг Эрчим хүчний зөвлөл болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

7 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймгийн Бугат суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат суманд газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ны 08:39 цагт Говь-Алтай аймгийн Бугат сумаас Баруун урд зүгт 61 километрын зайнд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Энэ жил 15 аймгийн 90 гаруй суманд малын шүлхий өвчин бүртгэгджээ

Энэ жил нийт 15 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш нийт дөрвөн удаа малын гоц халдварт өвчин гарчээ.

Одоогоор халдварын 97 голомт буюу 10 аймгийн хорио цээр бүрэн цуцлагдсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Малын гоц халдварт өвчний улмаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад 1700 орчим үхэр устгалд оруулсан байна. Тус гурван аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсныг Засгийн газар гоц халдварт өвчний жагсаалтад оруулж, өвчилсөн малыг устгалд оруулжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сураггүй болсон малчны унаж явсан морийг олжээ

Баян-Өлгий аймгийн Толбо суманд 26 настай эрэгтэй мал хариулахаар мориор яваад сураггүй болжээ. Тэрбээр аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр өдрийн 21:20 цагт хүлээн авч, эрэл хайгуулын ажлыг эхлүүлжээ.

Эрлийн явцад өнөө өглөө 06:00 цагт сураггүй болсон малчны гэрээс нь баруун зүгт 3 км-аас унаж явсан морийг нь олсон байна. Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эрэл хайгуулын ажлыг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зохион байгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт оролцож байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өндрөөс үсэрч, амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Задгай”-д өндрөөс үсэрч, амиа хорлох гэж байсан хүүг онцгойгийн албан хаагчид аварчээ.

Тодруулбал, Таван давхар орон сууцны барилгын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 11:10 цагт очиход, 5 давхрын дээврээс тус байранд оршин суугч иргэн 17 настай эрэгтэй Д үсрэх гэж байсан аж. Албан хаагчид хүүг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сүхбаатар аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлав

Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хугацаагаар мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тус захирамжийг зөвхөн Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөн хэрэгжүүлэх аж.

Тус аймагт сүүлийн нэг жилийн хугацаанд авто осол тэр дундаа мотоциклийн осол буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь коронавируст цар тахлын улмаас хөл хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчих хэсгийн гадаргуу цас мөсөөр хучигдан хальтиргаа гулгаа үүсгэж, авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалж, учирч болох хор хохирол, эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх захирамжийг жил бүр хэрэгжүүлдэг уламжлалтай аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөө шөнө Төвийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Маргааш өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2021 оны 11 сарын 20-ны 20 цагаас 11 сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 16-18 метр, түр зуур 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 29-34 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурга. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 23-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.