Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Буйр нуурт живсэн автомашиныг татан гаргахад оролцсон аврагчийг урамшуулжээ

Халхгол сумын Буйрын нуурт өнгөрөгч нэгдүгээр сард долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живсэн.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Буйр нуурт осолдсон автомашинуудыг татан гаргаж авах ажиллагааг хоёрдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулсан байна.

Байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мөсөн доогуур, нуурын 8-9 метрийн гүнд шумбалтын үүрэг гүйцэтгэсэн Зүүн бүсийн төв Онцгой байдлын газрын усчин аврагч, ахлах, ахлагч Н.Нямсүрэнд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн талархал илэрхийлж мөнгөн урамшуулал олголоо.

Татан гарган авах ажиллагааг Бүсийн төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан баг амжилттай ажиллаж тус хоёр автомашиныг татан гаргасан байна.

Тодруулбал, тээврийн хэрэгслүүд Ялалт багийн Буйр тосгоноос баруун зүгт Хошуу бургас гэх газарт осолдож, азаар хүний амь нас эрсдээгүй аж.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Архангай аймаг: Ойн зөрчилд хоёр сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Архангай аймгийн ИТХ-аас 2021 онд ойгоос 91.2 мянган м3 галын түлээ, 10 мянган м3 хэрэгцээний мод, нийт 101.2 мянган м3 мод авч ашиглахаар баталсан.

Энэ оны эхний хоёр сард 7.6 мянган м3 галын түлээ, 1.9 мянган м3 хэрэгцээний мод, нийт 8.5 мянган м3 мод бэлтгэж, хэрэглэсэн байна. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 41.2 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн ойн зөрчлөөр буюу хулгайн мод бэлтгэлийн зөрчилд 2 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Архангай аймаг PCR шинжилгээ хийх аппараттай боллоо

Архангай аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо.

Тус лабораторийг Нэгдсэн эмнэлэгт суурилуулж, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн шинжилгээ авч эхэлсэн байна.
PCR аппарат нь тусгай горим, өрөө тасалгаа шаарддаг, хүчин чадал өндөр, коронавирусийн халдварын PCR шинжилгээнээс гадна томуу, сүрьеэ, бэлгийн замын халдвар, элэгний В, С вирусийн халдварын шинжилгээг хийх томоохон лаборатори юм.
Цаашид лабораторийн ажиллагааг шуурхай хангаж, орон нутагт PCR шинжилгээ авч эхэлснээр цаг хугацаа, урсгал зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
Өнгөрсөн өдрүүдэд Чулуут, Хайрхан, Батцэнгэл суманд тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус PCR аппаратаар хийжээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өмнөговь аймаг: Далангийн цөөрөмд гангар хун нүүдэллэн иржээ

Хүчтэй салхи шуургийг сөрөн ирсэн гангар хунгууд өнөөдөр өглөө Өмнөговь аймгийн Далангийн голын цөөрөмд ирж буужээ.

“Гайхамшиг говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Даланзадгад хотын төвийн баруун өмнө орших Далангийн цөөрөм нь Монгол орны нүүдлийн шувууд холын орноос төрсөн нутаг руугаа явахдаа дамжин өнгөрдөг, амардаг гол цэгийн нэг. Урд шөнийн салхи шуургыг сөрөн ниссээр ирсэн гангар хунгууд цөөрөмд буусан байна” гэлээ.

Алс холоос төрсөн эх нутгаа зорин ирэх нүүдлийн шувуудын хаврын нүүдэл ийнхүү Далангийн голд бууж амардаг. 2019 оны 3 дугаар сарын 8-нд, 2020 оны 3 дугаар сарын 6-нд, 2021 оны 3 дугаар сарын 5-нд Далангийн цөөрөмд зусдаг хондон ангирууд нүүдлийн шувуудыг түүчээлэн ирж байсан. Одоо Далангийн голын цөөрөмд гангар хун 34, хондон ангир 14, бор нугас 3, цээжмэг гал сүүлт хэмээх шувуу нэг иржээ.

2021-2025 онд Далангийн цөөрмийг түшиглэн Даланзадгайн цэцэрлэгт хүрээлэн байгуулах томоохон төсөл энэ хавар эхлэх юм. Энэ нь хүүхэд залуучууд, иргэд амарч зугаалах байгаль орчны боловсрол мэдлэгээ хөгжүүлэх томоохон орчин болно.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Баянхонгор аймаг: “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар бүлгүүдын нийт 40 гаруй алба хаагч ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийн дэслэгч Г.Лхагвасүрэн захирагчтай I салааны хамт олон, дэд байрыг Гал түймэр унтраах аврах 16 дугаар ангийн дэслэгч Содномсамба захирагчтай II салааны хамт олон, гутгаар байрыг Эрэн хайх, аврах бүлгийн дэслэгч Т.Цэрэндорж даргатай хамт олон тус тус эзэллээ гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Говь-Алтай аймаг: Алба хаагчид шилдгүүдээ шалгаруулав

10-6yzp9aea9ulkw4xy7d07dxf85bmx95hxit4a7ijkri8.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын цэргийн тусгай бэлтгэл, нормативийн гүйцэтгэлийг сайжруулах, хамтран ажиллах уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Марш тактик-2021” буухиа тэмцээнийг зохион байгууллаа.

Алба хаагчид химийн 1, 3 дугаар норматив, АКМ болон гар бууны задаргаа, угсаргаа, 30-35 метрт гранат шидэх гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээнд нийт долоон баг оролцсноос тэргүүн байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахмад П.Бямбадорж ахлагчтай баг, дэд байрт Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч М.Алтансүх ахлагчтай баг, гутгаар байрт Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Батдэлгэр ахлагчтай баг тамирчид тодорлоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өмнөговь аймаг: Олон улсын жишигт нийцсэн молекул биологийн иж бүрэн лабораторитой боллоо

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд иж бүрэн, олон улсын жишигт нийцэхүйц молекул биологийн лабораторийг байгууллаа.

Эрүүл мэндийн яам, RIO TINTO, Оюутолгой ХХК, НҮБ-ын Хүн амын сан, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү лабораторийг байгуулсан ба “Ковид-19” цар тахлын PCR шинжилгээг хийнэ.

Мөн томуу, томуу төст өвчнийг түргэн шуурхай оношлох шинжлэх боломж бүрдэж байгаа юм. Эмч, эмнэлгийн ажиллах хүний нөөцийг Улаанбаатарт Халдварт өвчин судлалын үндэсний төвд сургаж бэлтгэсэн бол лабораторийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварлаж, дээр дурдсан талуудын хамтын ажиллагааны хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ.

Вируслогийн иж бүрэн лабораторитой болсноор өмнөговьчуудад төдийгүй нийт ард иргэдэд үр өгөөжөө өгөх, аливаа өвчин халдварыг эрт илрүүлэх ач холбогдол бүхий арга хэмжээ болж буйг эмч ажилчид онцолж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа

1414-2.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газрын “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” анхдугаар хуралдаан болж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад төрөөс баримталж буй бодлого хөтөлбөр болон олон улсын чиг хандлага, гамшгийн эрсдэлийн үнэлгээний хууль эрх зүйн орчин, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар сургалт, мэдээлэл өгсөн юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвлөлийн ажиллах журмыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлов

Завхан аймгийн Онцгой байдлын газраас Улиастай сумын зургаан багийн төлөөллийг оролцуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж сумын гамшгийн эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойллоо.

Үнэлгээг олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх индикаторын аргачлалаар хийхэд Улиастай сум дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Мөн баг тус бүр гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг эрсдэлийн түвшин дунд болон өндөр эрсдэлтэй гамшиг бүр дээр төлөвлөн, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодотголоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Завханы дөрвөн суманд 21 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж өгчээ

Тус аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос мэдээлэв.

“Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа урд бүсийн сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зураглалд манай аймгийн нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан дөрвөн сум бий.

Тодруулбал аймгийн урд бүсийн Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын 50 малчин өрхөд нийт 21 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүллээ.

Хүмүүнлэгийн тусламжийг авах малчин өрхийг сонгохдоо бусад төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай тусламж давхцахгүй байхад анхаарч ажилласан байгаа. Жишээлбэл Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооны үндсэн долоон зарчимд нийцүүлж 400 хүртэлх малтай. Мөн 16-хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл. Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй гэр бүл, 60 –аас дээш насны өөрөө мал малладаг малчин өрх. 16 хүртэлх насны тав ба түүнээс дээш хүүхэдтэй малчин өрхүүдийг тус тус түүвэрлэн сонгож хүмүүнлэгийн тусламжийг өгсөн байгаа. Тусламжид нэг өрхөд 240.000 төгрөг болон малын эрдэс тэжээлийн багцыг олголоо” гэв.

127 мянга гаруй төгрөгийн малын эрдэс тэжээлийн нэг багцыг өрх бүрд өгчээ

Монголын Улаан загалмайн нийгэмлэг он гарсаар зудын нэн өндөр эрсдэлтэй аймгийн 2000 өрхөд тусламж үзүүлээд байгаа.

-“Тухайлбал зудын эрсдэлийн зурагт үндэслэн зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан зургаан аймгийн 53 сумын 1260 малчин өрхөд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг үзүүлжээ. Тодруулбал, Ховд, Завхан, Архангай, Булган, Баян-Өлгий гэхчлэн 14 аймгийн 60 сумын 740 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүрсэн байгаа. Түүний нэг нь манай Завхан аймаг юм. Эрсдэл өндөр байгаа малчдад өгсөн тусламжийн хүрээнд нэг өрхөд 240 мянган төгрөг, 127 мянга, 750 төгрөгийн үнэ бүхий малын эрдэс тэжээлийн багцыг олгосон. Малын эрдэс тэжээлийн нэг өрхийн багцад эрдсийн долооц 30 кг, загасны тос хоёр литр, амин тун 1кг, малын нүдний тос нэг ширхэг, малын туурайн тос нэг ширхэг зэрэг зүйлс багтсан байна. Монголын улаан загалмай нийгэмлэг 2021 оны нэгдүгээр сард гэхэд нийтдээ 20 аймгийн 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна” гэж аймгийн Улаан Загалмайн хорооноос тус тус мэдээлэв.