Categories
амьдралын-өнгө мэдээ

Зарим аймгийн Засаг дарга нар агаарын хил нээх асуудлыг хойшлуулахыг хүсэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, коронавирусын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар болон цаг үеийн нөхцөл байдлын бусад асуудлаар мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж ажиллахыг Шадар сайд анхааруулсан бол аймгийн Засаг дарга нар дотооддоо гарсан халдварын тархалтыг хумих чиглэлээр эрчимжүүлж байгаа арга хэмжээгээ үр дүнд хүргэх үүднээс агаарын хил нээх асуудлыг хойшлуулах санал хүсэлт илэрхийлэв. Мөн аймаг, орон нутгийн төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бүх нийтийн хөл хориог сунгаж, вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байгааг онцлоод халдвар батлагдсан бүс нутагт нь тусгаарлан эмчлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлзүй, шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багууд газар дээр нь очиж ажиллах бэлтгэл ажлыг хангах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт өглөө.

Аймаг, орон нутгийн төсөвт тодотгол хийж, өмнөх оны төсвийг захиран зарцуулах ажлыг өрнүүлэх чиглэлээр Сангийн сайд болон Засгийн газартай зөвшилцөх талаар Шадар сайд мэдээллээ.

Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан улаанбуудай, төмс, хүнсний ногооны үр, үрсэлгээ болон техник, сэлбэг, хэрэгслийн тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлэх, тээврийн жолооч нарын шинжилгээний бичгийг үндэслэн нэвтрүүлэх, вакцинжуулалтад нэн түрүүнд хамруулах зэрэг асуудалд аймаг, орон нутгийн Засаг дарга нарыг онцгой анхаарч ажиллахыг Шадар сайд анхаарууллаа. Мөн мал төллөлт ид явагдаж байгаа учраас хөл хорио тогтоосон аймаг, сумдад өвс, тэжээл хүргэж байгаа тээврийн жолоочдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж нэвтрүүлэхийг чиглэл болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймаг PCR шинжилгээний аппараттай болжээ

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээг орон нутагтаа хийх боломжтой боллоо.

“Эрүүл мэндийн яамнаас Завхан аймагт PCR шинжилгээний аппарат олгохоор шийдвэрлэж аппарат, урвалжууд, дагалдах тоног төхөөрөмжүүдийг өчигдөр аймагт ирүүлээд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээрх тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч суурилуулаад байгаа бөгөөд зарим нэмэлт багаж хэрэгслүүдийг орон нутгаасаа шийдвэрлэж байна. Аппаратыг суурилуулснаас хойш 24 цагийн дараа шинжилгээ хийдэг байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ хийхээр төлөвлөөд байна. Ковид-19-ын шинжилгээг аймагтаа хийдэг болсноор шинжилгээтэй холбоотой хугацаа алдах, илүү зардал гаргах асуудал шийдэгдэж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Харин өнөөдөр Их-Уул, Тосонцэнгэл сумын 360 гаруй иргэний PCR шинжилгээний сорьцыг Хөвсгөл аймаг руу тээвэрлэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймгийн 10 малчин коронавирусийн халдвар авчээ

Завхан аймгийн төв болон зургаан суманд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Тус аймгийн хэмжээнд 226 иргэн халдвар авснаас 26 нь эдгэрч, хоёр иргэн нас барсан байна.

Халдвар аймгийн төв, сум суурингаас хэтэрч малчдад тархаж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар дөрвөн цэгт 10 малчин халдвар авчээ.

Тус аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай суманд халдвар нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.

Их-Уул суманд өчигдрийн байдлаар 27 ор дэлгэсэн бол Тосонцэнгэл сумын эмнэлгийн ор дүүрсэн учир өчигдөр хоёр спорт зааланд нийт 60 ор дэлгэжээ.

Халдварын ихэнх нь Улаанбаатар хотоос буяны ажилд ирсэн иргэдээс эхтэй бөгөөд 10 гаруй голомт гарчээ. Завхан аймгийн хэмжээнд 3426 иргэн гэрийн тусгаарлалтад, 43 иргэн тусгаарлах байранд байна. Халдварыг тогтоон барих чиглэлээр эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхнаас гадна төрийн бусад албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт хоёр иргэн осгосон байдалтай олджээ

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр буюу өчигдөр өглөөний 08 цаг 40 минутад Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 20 км зайд Хүнхэрийн ам гэх газар хоёр хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн дагуу хяналт шалгалтыг явууллаа.

2021 оны дөрөвдүгээр 25-ны 11:00 цагийн орчимд тус аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхэд цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай, том тэрэг явах боломжгүй байсан тул тус аймгийн харьяат 40 настай, эрэгтэй Г, 21 настай Б нар автомашинаа үлдээж явганаар алхах замдаа осгосон байж болзошгүй нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлж байна.

Иймд иргэд олон нийт хөдөө орон нутагт зорчихдоо, орон нутагт аймаг, сумдын хооронд явганаар явах, тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангах, шаардлагагүй бол аль болох хөдөлгөөнд оролцох, зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Мөрөн сумын Тэгш булан гэдэг газар “Сэлэнгэ” мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл, Рашаант, Их Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн нийт 116 хүн, 20 автомашин, дөрвөн мотоцикль, таван морь, таван завьтай ажиллаж байна.

Мөн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У / 32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б / 8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болгожээ

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллажээ.

Тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнх “Манай аймгаас байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” хэмээх мэдээллийн дагуу долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон байна.


Байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14.5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-62” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхэгийг эрэл хайгуулаар илрүүлж, аюулгүй болгосон аж.

Тус бүлгийнхэн Говьсүмбэр аймгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэдгээр сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгохоор орон нутгийг зорихын өмнө УОК-ын шийдвэрийн дагуу PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсны дараа явсан байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т Оёг хэмээх газарт 2021 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 22:39 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т өчигдөр 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газар нутагладаг малчин иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Шивээ-Овоо ХК-ийн нүүрсний уурхайн дамжуулах шугамд гал гарчээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Хоёрдугаар баг дахь “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд гал гарч байна гэсэн дуудлагыг 2021 дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 03:25 цагт өгчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 9 метрийн өндөртэй, 5х8 метрийн хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсныг бүрэн унтрааж, шалтгааныг тогтоож байгаа юм.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдүгээр багийн “Геологи” хорооллын 19 дугаар гудамж Цахилгааны тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.25-ны өдрийн 19:49/ аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын Хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид ажиллан “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 6000В-ын цахилгааны тулгуур багана шатаж байсныг унтраалаа хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гашуун сухайтад зөөврийн PCR молекул биологийн лабораторитой болов

Гашуун сухайтад зөөврийн PCR /ПГУ/ молекул биологийн лабораторитой боллоо.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Хайрхан” багийн төв дээр зөөврийн PCR молекул биологийн лабораторийг ашиглалтад орууллаа.
Тус лаборатори ашиглалтад орсноор цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэгт нутгийн иргэд, Гашуун сухайт боомтод ажиллаж буй тээврийн жолооч нарыг шуурхай оношлох боломж бүрдэх юм. Молекул биологийн оношлуурын /PCR/ “Зөөврийн лаборатори” –ийг оруулж ирэхэд санаачлагатай хамтран ажилласан “Эрдэнэс тавантолгой” ХК-д болон алслагдсан бүс нутагт хөрөнгө оруулалт хийж, импортоор нийлүүлж, хамтран ажилласан “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-д Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж талархсанаа илэрхийллээ гэж Өмнөговь аймгийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймагт хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байна

тариа

Аймгийн хэмжээнд 15.0 мянган га талбайд үр тариа, үүнээс улаанбуудай 10.0 мянган га-д, малын тэжээл 3300 га-д, хошуу буудай үрийн зориулалтаар 200 га-д, тосны ургамал 1500 га талбайд тариална. Мөн төмс 264 га талбайд, хүнсний ногоо 139 га-д, жимс жимсгэнэ 69 га талбайд тариалахаар төлөвлөж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажилд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд 2220 тн үр, 133 тн шатахуун, 45 тн бордоо, 37758 литр ургамал хамгааллын бодис, 50 литр үр ариутгагчийн захиалгыг хүргүүлжээ. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйг дэмжих” хөтөлбөр, “Нэг малчин – Нэг өвөлжөө – 10 ар /100×10 хэмжээтэй газар/” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд малчин өрхөд тэжээлийн ургамал тариалахад дэмжлэг болгож энэ онд 700 гаруй га талбайд тэжээлийн ургамал тариалах үр, техник, шатахууны дэмжлэг үзүүлнэ.

Мөн Өрх бүр тариаланч хөдөлгөөн өрнүүлж, 285 өрхөд хүнсний ногоо тариалахад нь үрийн дэмжлэг үзүүлнэ.

Хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд тариаланчдыг Улаанбаатар хот, бусад аймгаас ирэхэд нь коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин, PCR шинжилгээнд хамруулж /356 тариаланч/ улс, аймгийн Онцгой комисс, сумын удирдлагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн тариалалтын ажлаа саадгүй явуулах нөхцөл боломжоор хангаж байна.