Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг зогсоожээ

Булган аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийн үйлдлийг Цагдаагийн албан хаагчид таслан зогсоожээ.

Дашинчилэн сумын Доргонт багийн нутагт гар аргаар ашигт малтмал эрж хайх зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан 19 иргэний үйлдлийг шалгаж байна. Тэднийг коронавирусний халдварын түргэвчилсэн шинжилгээнд хамруулжээ. Тухайн нутаг дэвсгэрт цар тахлын үед иргэдийн бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран байнгын постыг ажиллуулж эхэлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 56663 толгой мал хорогджээ

Өмнөговь аймагт нийт 56663 толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 2090, адуу 1678, үхэр 1065, хонь 11941, ямаа 39889 байгаа бөгөөд малын хорогдол нийт мал сүргийн 2.0 хувийг эзэлж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд огт малгүй болсон өрх нэг /Ханхонгор сумын Мандах баг/, мал сүргийн 50 хувиас дээш хорогдсон 33 өрх байна. Сумдаас Мандал-Овоо, Ханхонгор, Булган, Даланзадгад, Гурвантэс суманд малын хорогдол ихтэй, нийт мал сүргийн 2,2-3,9 хувь хорогджээ.

Өвөлжилт хүнд байсны улмаас аймгийн хэмжээнд 15 сумын 1749 өрхийн 922,8 мянган толгой мал оторлож явна. Үүнд гадны аймаг /Дундговь, Дорнговь, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий/ сумын нутагт 10 сумаас 126 өрхийн 78,7 толгой мал, өөрийн аймгийн бусад суманд 12 сумын 926 өрхийн 517,9 толгой мал, Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 504 өрхийн 237,4 толгой мал, хилийн зурвас газар 10 сумын 193 өрхийн 88,7 толгой мал өвөлжөөд, хаваржиж байна.

Дотооодын отор нүүдэл шилжилт хөдөлгөөн эхэлсэн, олон өрх нутагтаа буцаж ирсэн бөгөөд одоогоор тоон мэдээлэл байхгүй байгаа аж. Өөрийн аймгийн отор нүүдлээс гадна Баянхонгор аймгаас 229 өрхийн 79011 толгой мал, Өвөрхангай аймгаас 173 өрхийн 104778 толгой мал, Дундговь аймгаас 115 өрхийн 63204 толгой мал, нийт 517 өрхийн 246993 мал орж ирсэн өвөлжөөд хаваржиж байна. Ирсэн отор нүүдэл буцаагүй байгаа бөгөөд отор нүүдлийг 5 сард буцаах чиглэл өгсөн.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд гурван өдөр дараалан газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 329 км-т, сумын төвөөс баруун урагш 25 км-т орших Долоон-Уул гэдэг газарт тавдугаар сарын 6-ны өдрийн 02:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т 02:35 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.

Хөвсгөл аймгийн Ханх суманд сүүлийн гурван өдөр дараалан 3.8-6.3 баллын хүчтэй таван удаагийн газар хөдлөлт боллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймагт өнөөдрөөс алба хаагчид морьтой эргүүл хийнэ

Дархан сумын хэмжээнд өнөөдрөөс эхлэн Цагдаагийн алба хаагчид морьтой эргүүл хийж эхэллээ. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд явганаар явах боломжгүй гэр хорооллын багуудад эргүүл хийх аж. Уг морьт эргүүлтэй болоход аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат Цагдаагийн газарт дэмжлэг үзүүлж 16 сая төгрөгийн санхүүжилт шийджээ. Тус мөнгөн хөрөнгөөр 6 морь, 10 эмээл, 10 хазаар авсан аж.

Ингэснээр зөвхөн цар тахлын үед бус тээврийн хэрэгсэл болон явганаар явах боломжгүй гэр хорооллын гудамж талбайд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах боломжтой боллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймагт 3.5 магнитудаас дээш 200 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Мөн тус газарт 12 минутын дараа 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй, Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, давтан хөдлөлт 2 удаа бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 200 удаагийн хөдлөлт болсон байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймаг 12500 тун вакциныг хүлээн авлаа

Говь-Алтай аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалтыг эрчимтэй хийж байна.

Тус аймагт дөрөвдүгээр сарын 6-наас хийж эхэлсэн дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар эхний тунд 5848, хоёр дахь тунд 878 иргэн хамрагдаад байна.

Тавдугаар сарын 1-нд 60-аас дээш насныхан хамрагдсан бол өнөөдөр 40-өөс дээш насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна.

Түүнчлэн өнөөдөр ЭМЯ-наас хуваарилсан 12500 тун вакцин Говь-Алтай аймагт буусныг холбогдох албаныхан хүлээн авч, сумдад хуваарилах ажлыг хийж байгаа ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Улсын хэмжээнд 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэжээ

Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608.300.0 сая шоо мерт усны нөөцтэй.

Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564,800.0 сая шоо метр болж буурчээ.

Усны нийт нөөцийн 34.600.0 сая шоо метрийг гол, мөрөн, 500.000.0 сая шоо метрийг нуур, 19.400.0 сая шоо метрийг мөнх цас, мөсөн гол, 10.800 сая шоо метрийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьтай тэнцэх талбайд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэж бий болдог. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомсдол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ. Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхалтын ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76,460.0 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63.590.0 м.куб/хоног, нийт 1,621.0 л/с буюу 140,050.0 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ.

Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардагдах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байв.

Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутгийн иргэдийг вакцинжуулах явуулын багийн цуваа хөдөллөө

Орон нутагт вакцжинжуулалтыг эрчимжүүлж эхэллээ.

Тавдугаар сарын 1-нээс орон даяар вакцинжуулах явж эхэлж байгаа ба эхний ээлжинд 50-аас дээш насны иргэдийг хамруулна. Харин тавдугаар сарын 15-наас 18-наас дээш насны иргэдэд вакцин тарьж эхэлнэ.
Орон нутгийн вакцинжуулалтын явцыг эрчимжүүлэх явуулын багийн цуваа өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд хөдөллөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Дэлхий дахины вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явахгүй байна. Манай улс ч иргэдээ вакцинжуулахыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Иймд иргэд улс төрийн хөөсөнд автахгүйгээр вакцинжуулалтаа эрчимжүүлж дуусгах нь хамгийн эхний зорилт. Долоодугаар сарын 1 гэхэд иргэдээ хоёр дахь тундаа хамруулж чадвал Азийн дөрөв давлагаанд өртөхгүй байх боломжтой. Та бүхнийг вакцинжуулалтдаа идэвхтэй оролцохыг хүсье.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ЗТХЯ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажил үргэлжилж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр танилцаж ажиллав.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан бөгөөд засал, гологдол засварлах ажил энэ онд хийнэ.

Дарханы зам барилгын ажил үргэлжилж байна

“Багц-3”-ыг гүйцэтгэхээр ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршуулан ажиллаж байна. Одоогоор замын эхний давхарга болох зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.

“Багц-5” ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувьтай явна.

“Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.

Уг бүтээн байгуулалтын ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК, “Багц-3”-ын гүйцэтгэгчээр Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж буй.

Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна. Сайд Л.Халтар авто замын бүтээн байгуулалтыг газар дээр нь үзэж танилцах явцдаа гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо хэчнээн хэмжээний машин техник, тоног төхөөрөмж, хүн хүчтэй ажиллахаар тооцож төлөвлөж батлуулсан, одоогоор яг талбай дээр түүнээс хэчнээн нь ажил гүйцэтгэж байгаа тоог өдөр бүр мэдээлэх үүрэг өгөв.

Мөн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхжүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө. Ковид-19 цар тахлын энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хэнтий аймагт ойн түймэр гарч, 10 га талбай шатжээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар ойн түймэр гарчээ. Дуудлагыг дөрөвдүгээр сарын 29-ний 17:20 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт цурамд оруулж, 23:00 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатсан.