Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2021 оны тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Хангай нурууны арын Орхон гол Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 30-155 см давсан байна.

Маргааш буюу тавдугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин 10-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 140-165 см даван үерлэнэ. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт аялагчдын тав тухыг хангасан отоглох цэгүүдийг нэмж байгуулна

Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон , хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчин юм.

Энэ нь Увс аймгийг зорин ирсэн аялагч, жуулчдын хувьд тав тухтай, цэвэр орчинд амарч зугаалаад байгаль орчиндоо ээлтэй аялахад чухал цэг болно.
Өнгөрсөн жилийн намар Хяргас нуурын Хэцүү хад, Хар тэрмис, Увс нуурын хөвөөнд тус тус хийгдэж байсан бол энэ жил нэмж жуулчдын хөдөлгөөн ихтэй 5 цэгийг сонгож тохижуулахаар болжээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

ЗГ: Дархан хотод “Залуус хороолол” барихад 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий сайд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав.

Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.

Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна.

Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулбал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.

Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжид дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж.

Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсаныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцлов.

Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн иргэд вакцины эхний тундаа 100 хувь хамрагджээ

Өмнөговь аймгийнхны 100 хувь нь эхний тунд хамрагджээ. Харин нийслэлчүүдийн 94 хувь нь эхний тунд хамрагдсан байна.

Гадаадад буй 41 мянган хүн, жирэмсэн 27 мянган хүн, эсрэг заалттай, харшилтай, суурь өвчтэй 23 мянган хүн, вакцинаас татгалзаж буй 22 мянган хүн /нийслэлд/ үлдэж байна.

Монгол Улсын татан авсан вакцины тоо 3.603.740 тун буюу насанд хүрэгчдийг вакцинжуулах ёстой нийт 4.1 сая тун вакцины 87 хувийг бүрдүүлсэн.

Өчигдрийн /2021.05.11/ байдлаар насанд хүрэгчдийн 81.2 хувь нь I тун, 30.6 хувь нь II тунд хамрагджээ хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Нийслэлээс Ховд аймаг руу явж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ.

Тодруулбал, Тавдугаар сарын 11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн ОБГ-ын 7048101 тусгай дугаарын утсанд иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл /хүн тээврийн автобус/ шатаж байна гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах 59-р ангийн 5 албан хаагч газар дээр нь ажиллаж 1 цаг 55 минутын хугацаанд галыг бүрэн унтрааж иргэн Т-д хүлээлгэн өгчээ.

Тухайн автобус тус аймгийн “Улаан туг” багийн дундын овоо гэдэг газар Говь-Алтай аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, “Шарга” сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-ын зайд шатаж байжээ.

Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж явсан байна.

Гал түймэрт өртөж гэмтэж, хүний амь нас эрсдсэн зүйл байхгүй. Харин автобусны ачаанууд бүгд шатсан гэдэг мэдээллийг өглөө.

Осол гарсан шалтгааныг эцэслэн тогтоохоор Говь-Алтай аймгийн ОБГ-ын албан хаагчид ажиллаж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд өчигдөр 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт өчигдөр дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, өчигдөр 08:36 цагт тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мэдээлэв.

Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ёс зүйгүй үйлдэл гаргасан төлөөлөгчийн өмнөөс уучлалт гуйжээ

Энэ сарын 08-ний өдөр Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баярсайхан тэргүүтэй нэр бүхий хүмүүс морь гаргаж, мод тарина гэх шалтгаанаар хорио цээрийн дэглэм зөрчиж аймгийн төвөөс гарах гэж байна гэх мэдээллийг Ховд.мн олон нийтэд хүргэсэн.

Тухайн үед төлөөлөгч Т.Баярсайханаас хаашаа, ямар ажлаар явж байгааг тодруулахад “Чамд ямар хамаатай юм” гэдэг хариултыг өгөөд машиныхаа цонхыг хаасан байдаг.

Түүний энэ ёс зүйгүй үйлдлийг ард иргэд жигшин дургүйцсээр байна. Учир нь Ховд аймагт авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж, хүн бүр гэртээ хорио цээрийн дэглэмийг сахиж байхад жийп машин унаж, жирийн иргэдээрээ тохуурхаж байгаа нь олон нийтэд таалагдсангүй.

ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Би мод тарь гэж хэлээгүй, цагдаагийн байгууллага энэ асуудлыг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа, бидний зүгээс мөн энэ асуудлыг авч хэлэлцэнэ” гэв.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди  ёс зүйгүй үйлдэл гаргасан төлөөлөгч Т.Баярсайханы өмнөөс ард түмнээсээ  уучлалт гуйж байна гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Мөрөн суманд 5600 гаруй мод, бут тарьжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнөөдөр 53 аж ахуйн нэгж, албан байгууллагын 3602 болон 6 багт иргэд 2039 нийт 5641 мод бут тарьсан байна.

Энэ жилийн хувьд тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн санаачилгаар “Ногоон суварга босгоё” аян эхэллээ.

Тус аян 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 1 сая модыг тарьж, арчлан тордож ургуулахаар зорьж байгаа аж. Хөвсгөл аймагт жилд 30-40 мянган мод бут тарьдаг. Сүүлийн таван жилд 120 орчим мянган ширхэг мод тарьсны 62000 нь Мөрөн суманд байна. Гэвч иргэд модоо арчлан тордож ургуулах мэдлэг, мэдээлэлгүйн улмаас тарьсан мод бүр ургадаггүй аж. Иймээс аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгч ажиллах аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган аймагт гарсан ойн түймрийн улмаас 30 га талбай шатжээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөртийн голын адаг гэдэг газар тавдугаар сарын 6-нд ойн түймэр гарсан. Тодруулбал, тус аймгийн төвөөс зүүн хойш 250 км, сумын төвөөс зүүн хойш 120 км, Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойш 130 км-т түймэр гарчээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагч нийт 30 хүн, дөрвөн автомашин, есөн морьтойгоор ажиллаж, уг түймрийг цурамд оруулж, бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан бөгөөд борог өвс ихтэй газар байсан аж.

Энэ сарын 2-ны байдлаар, он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд зэрэг 7 аймгийн 14 суманд нийт 17 удаагийн ой, хээрийн түймэр гараад байв. Түймэрт 19 га ой, хээрийн 283.150.5 га, нийт 283.169.5 га талбай өртжээ. Ойн түймэр гарсан тус бүс нутаг борог өвстэй, унанги мод ихтэй, хуурайшилттай байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

ЦУОШГ: Өнөө шөнө баруун болон говийн аймгуудын зарим нутгаар цас орно

Тавдугаар сарын 9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

-Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө бүх нутгаар хур тунадас орохгүй.

-Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

-Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Тавдугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10, 11, 13-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

11-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байх төлөв гарчээ.