Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Увс аймаг руу зорчих хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлалаа

Тавдугаар сарын 28-ны 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд орох, гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласныг Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мөн хугацаанд

  • барааны зах, дэлгүүр
  • ресторан
  • цайны газар
  • кофе шоп
  • үсчин гоо сайхан
  • авто угаалга болон засварын төв
  • түүхийн эдийн цэг
  • банкны үйл ажиллагааг хоригложээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Зургадугаар сард ихэнх нутгаар бороо орно


Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ирэх сард нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байгаа тул болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулсан байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгааг анхаарна уу.

Баруун аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Сарын эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4°С-аар сэрүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүйг мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажилчид “галын хоолой эвхэх төхөөрөмж”-ийг санаачлан хийлээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Э.Мягмаржаргал, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ нар галын хоолой эвхэх төхөөрөмжийг шинээр санаачлан хийлээ.

Тус төхөөрөмжийг гал унтраах автомашинд байрлуулан гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглаж байна.

Ингэснээр галын хоолойг богино хугацаанд дан болон давхар байдлаар эвхэхэд аврагч, гал сөнөөгч нарын ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм. Цаашид харьяа анги, салбаруудад хийж өгөхөөр төлөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг халдваргүй “Ногоон бүс” боллоо

“КОВИД-19”-ийн халдвар Монгол Улсын 20 аймагт тархаад буй. Тэгвэл Дундговь аймагт шинээр халдвар нэмэгдээгүй 20 хоножээ.

Дундговь аймагт коронавирусийн цар тахал дөрөвдүгээр сарын 11- ний өдөр бүртгэгдэж аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэн цар тахлын 3 голомтын тархалтыг таслан зогсоожээ.

Сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 21 хоног өнгөрч тархвар судлалын журмын дагуу “НОГООН БҮС” боллоо гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

map болон

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Отрын бүс нутгуудад малын сэг зэм устгаж эхэллээ

Отрын малыг өөр аймаг, сумын нутгаас гаргаж бэлчээрийг чөлөөлөхтэй холбогдуулан энэ өвөл, хавар хорогдсон малын сэг зэмийг устгаж ариутгах ажлыг хийж эхлээд байна. Энэхүү ажлыг сумдын мал эмнэлгийн тасгууд, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран энэ сарын 24-31-нийг хүртэл зохион байгуулж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Нийт, аймаг дундын отрын 9 бүс нутагт Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хийж байна. Өнөөдрийн байдлаар Чойбалсан, Бага арганы бүсээс бусад аймаг дундын отрын бүс нутагт эхэлж, Говь-Сүмбэр аймгийн Малхын тал нутагт 1500 гаруй малын сэг зэмийг устгаж ариутгал халдваргүйтгэл хийгээд байна. Аймаг дундын отрын бүс нутгаас 431 мянга гаруй малыг чөлөөлөөд байна.

Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Төв аймагт нийт 1.2 сая мал хорогдсон нь малын зүй бус хорогдлын 86.6 хувийг эзэлжээ. Өнгөрсөн сарын мэдээллээр улсын хэмжээнд 1.4 сая мал хорогдсон нь оны эхний нийт малын 2.2 хувийг эзэлж байв.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Энэ сарыг дуустал ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн хугацаанд зарим газраар аадар бороо орж, зарим газраар нойтон цастай, цасан шуурга шуургатай байхыг анхааруулж байна.

Төв аймгийн нутгаар энэ сарын сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цастай, хүйтрэх төлөвтэй. Салхины хурд 14-16 м/секунд, нутгийн өмнөд хэсгээр түр зууртаа 18-20 м/секунд хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Харин зүүн аймгуудын нутгаар агаарын хэм 2-4 градус хүйтэрч зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 14-16 м/секунд байх бөгөөд Арц богдын өвөр хоолойгоор 20-24 м/сек хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Тавдугаар сарын 25-нд нутгийн нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчдэд анхааруулахад: Тавдугаар сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дундаж түвшинд байх боловч тодорхой өдрүүдэд хүчтэй салхи шуургатай, шөнөдөө цочир хүйтэрч болзошгүйг анхааруулъя. Харин нийт нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Он гарснаар Дорнод, Сэлэнгэ, Булган, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт ой хээрийн түймэр гарсан. Мөн гол, мөрөн, нуур мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хүчтэй шороон шуурганы улмаас Дундговийн Цагаандэлгэр суманд 50 мянга гаруй мал хорогджээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан орон нутагт ажиллахдаа отроор яваа Дундговь аймгийн зарим малчинтай уулзав.

Тус аймгийн хэмжэнд 1145 өрхийн 945 мянган мал отроор хаваржиж байгаа бөгөөд малчид өвс, тэжээлийн үнийг тогтворжуулж, хаврын хахир хатуу үеийг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдүүлж өгөх, малын индексжүүлсэн даатгалд хамруулж өгөх хүсэлтийг уламжиллаа.

Өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт найман цаг үргэлжилсэн хүчтэй шороон шуурганы улмаас зөвхөн Цагаандэлгэр сумын хэмжээнд гэхэд л 50 мянга гаруй мал хорогджээ. Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд 50 гэр, мөнгөн тусламжийг Улсын онцгой комиссоос олгосон юм. Цаашид отроор яваа малчдын амьжиргааг дэмжих бодлогыг Засгийн газар, Улсын онцгой комисс баримталж байгааг Шадар сайд хэлээд малчдад хүнсний багц олголоо. Малын чанарыг сайжруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор малчдад хөнгөлөлттэй зээл олгож эхэлснийг ч хэлэв.

Отроор яваа малчдыг вакцинд шуурхай хамруулах, байгалийн гамшигт хорогдсон малын сэг зэмийг яаралтай устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг аймгийн удирдлагуудад даалгалаа. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулахаар болов. Шадар сайд С.Амарсайхан Дундговь аймагт ажиллах үеэрээ Цагаандэлгэр сумын харьяат Н.Амгаланбаатарын гэр бүлд “Улсын аварга малчин” цол, тэмдэг гардуулж хүндэтгэл үзүүлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говьсүмбэр, Баянхонгор, Дундговь аймагт халдвар бүртгэгдээгүй 16-24 хоножээ

КОВИД-19-ийн халдвар Монгол Улсын 20 аймагт тархаад буй. Тэгвэл дараах гурван аймагт шинээр халдвар нэмэгдээгүй 10-аас дээш хоножээ.

Үүнд:

  1. Говьсүмбэр аймагт 16
  2. Баянхонгор аймагт 24
  3. Дундговь аймагт 21 хоногийн турш шинээр халдвар илрээгүй байна.

Хэнтий аймагт ес, Дорноговь аймагт зургаан хоног халдварын тоо нэмэгдээгүй байгаа бол бусад аймагт халдварын тархалт буурахгүй хэвээр байна.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эрчимтэй явагдаж байгаа ч халдварын тоо төдийлөн буурахгүй байгаа. Өнгөрсөн 24 цагийн байдлаар л гэхэд 5849 хүнд PCR шинжилгээ хийхэд 630 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд үүнээс 49 нь орон нутагт гарчээ.

Монгол Улсад коронавирусийн халдвар оргил үедээ хүрч, шинэ тохиолдол 1200 давж байсан үед 13000 гаруй PCR шинжилгээ хийж байв. Тиймээс халдварын тархалт буурсан гэж тайвширч болохгүйг ЭМЯ-наас анхааруулсаар байна. Ялангуяа, тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдэж, сайн дураар шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсээс халдвар илэрч байгааг ЭМЯ мэдээлсэн.

УОК-оос гурав дахь удаагийн хөл хорионы дэглэмийг бууруулж, гуравдугаар сарын 1-нд нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээснээр орон нутагт халдвар тархаж, 20 аймгийг хамарсан гэдгийг мартаж болохгүй.

Тиймээс вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүндэтгэх шалтгааны улмаас вакцин хийлгэж чадахгүй байгаа иргэд болон хүүхдүүдийг коронавирусийн эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна. Учир нь халдварын шинэ тохиолдлоос гадна нас баралтын тоо буурахгүй хэвээр байгаа юм. Өнгөрсөн 24 цагт л гэхэд таван хүн нас барж, нийт амиа алдсан хүний тоо 266 болоод байгаа билээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймагт PCR шинжилгээний төхөөрөмж өгөхөөр болов

Дундговь аймгийн хэмжээнд коронавирусийн халдварын 50 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад 318 иргэнийг ажиглаж байна.

Вакцинжуулалтын хувьд аймгийн хэмжээнд нийт 30684 иргэнийг вакцинжуулахаас 20479 иргэнийг нэгдүгээр тунд хамруулжээ.

Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар албан томилолтоор ажиллах үеэрээ Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Хулд сумын дэргэдэх Аврах эрэл хайгуулын бүлэгт бага оврын автомашин, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт туулах чадвар сайтай УАЗ фургон автомашинууд шийдэж өгөхөөр болов.
Мөн Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг хоёр хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймагт 856 мянган толгой мал төллөж, төл бойжилт 92 хувьтай байна

Энэ өвөл Өвөрхангай аймгийн хэмжээнд 4479058 толгой мал өвөлжсөнөөс энэ сарын 20-ны байдлаар 4.2 хувь буюу 187265 толгой мал хорогдсон дүн мэдээтэй байна.

Малын хорогдлоос 88 мянга гаруй ямаа хорогдож, дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Хонь 75 мянга, үхэр 12 мянга, адуу 7 мянга, тэмээ 2 мянга гаруйтай хорогджээ.

Нийт хээлтэгч 1986942 толгой малаас 1430497 мал төллөх бөгөөд 60 орчим хувь буюу 856 мянган толгой мал төллөөд байна. Төл бойжилт 92.8 хувь буюу 794317 мянган төл бойжиж байна.Төллөх малаас 26 мянга гаруй мал хээл хаяжээ.

“Энэ хавар харьцангүй эрт хур тунадас орж, нийт нутаг чийг сайтай байгаагаас ургамлын гарц нэмэгдэн бог мал тэнхэрч эхэлж байна. Говийн сумдад бод мал тэжээлээс арай гараагүй байна” хэмээн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир ярилаа. Отрын малчдыг тухайн аймаг, сумаас хөөж байгаа тул ойрын аймгуудад оторлосон малчид буцаж ирж байгаа аж.