Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны долдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хэсэгт хяналтын пост ажиллуулна

Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хууль”-нд Тусгай зөвшөөрөл авсны дагуу тухайн газар нутгийг уул уурхайн зориулалтаар ашиглаж болно, эсвэл хөндөгдсөн газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглаж болно гэж заасан байдаг.

Төв аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан БОАЖГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг Сэргэлэн сумын удирдлагууд хууль бусаар алт олборлож байгаа газарт ажиллалаа.

Энд ойролцоогоор 20 орчим га талбай хөндөгдсөн байдалтай 200 орчим автомашин, 500-600 хүн гар аргаар алт олборлож байсан юм.

Байгаль орчинд ноцтой хохирол учруулж байгаа эдгээр иргэдийг саатуулах, техник хэрэгслийг хураах, автомашиныг журамлах зэрэг арга хэмжээг удаа дараалан авч байгаа ч гар аргаар алт олборлогчдын тоо буурахгүй байна. Эдгээр иргэдийн 70 орчим хувь нь гадны аймаг, сумын иргэд байдаг бөгөөд хөөж явуулсан ч төд удалгүй эргэн ирж хууль бусаар алт олборлож эхэлдэг байна. Цар тахлын нөхцөл байдалтай байгаа энэ үед хууль бусаар алт олборлох нь халдварт өвчин тархах өндөр эрсдлийг бий болгож байгаа бөгөөд гэмт хэрэг гарах нөхцөл ч их байдаг байна.

Байгаль экологи, хүрээлэн буй орчныг сүйтгэх, ус бохирдуулах, хөрс эвдэх зэрэг байгаа орчиндоо асар их сөрөг үр дагавартай хууль бусаар ашигт малтмал олборлогчдыг тойрсон асуудалд аймгийн зүгээс анхаарч, нэн тэргүүнд эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх, ойр орчимд хяналтын постууд гаргахаар боллоо.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Загасыг тороор шүүн урсгалд тавьж, 3 цутгал голын урсгалыг чөлөөлжээ

Хөвсгөл нуурын цутгал голууд загас үржлийн үеэр ус багатай байсантай холбогдуулан 5-6 сард цутгал голуудад загас бага өгсөж үржсэн. Зургаадугаар сарын сүүлээр усархаг бороо орж, нуурын цутгал голуудын усны түвшин нэмэгдэж цутгал голуудад загас дахин өгссөн.

Загас уруудаж амжаагүй байхад цутгал голуудын зарим салаа цутгалууд тасарч, тасарсан гол, салаануудад загас ихээр үлдсэн учир хамгаалалтын захиргаанаас хоёр дахь жилдээ загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжилтын гол, Нарийны голуудын цутгал салаануудад урсгалыг чөлөөлөх болон урсгал чөлөөлөх боломжгүй газраас загасыг эрвээхэйн тороор шүүх, суйлах зэргээр барьж зөөвөрлөн урсгалд тавьж ажиллаж байна.

Загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээний үеэр 1200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, гурван цутгал голын урсгалыг чөлөөлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Замын-Үүдийн боомт наадмын 9 хоног амрахгүй, ажиллана

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд газар дээр нь ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа. Замын-Үүдэд ажилладаг гааль, мэргэжлийн хяналтын дарга нарыг чөлөөлж, тэнд ажиллаж байгаа бүх байцаагчийг өөр газар сэлгэн ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Замын-Үүд дэх бүх төрийн байгууллага, хяналт шалгалтын ажил хариуцсан дарга нарыг сольж, шинэ бүрэлдэхүүнээр ажиллах болсныг танилцуулав. Замын-Үүдэд ажиллах мэргэжлийн хяналт болон гаалийн байцаагч нарыг өөр аймаг сумаас сэлгэн авчирч ажиллуулах юм байна.

Мөн улс даяар долдугаар сарын 10-наас долдугаар сарын 19 хүртэл амрахаар болсон. Гэхдээ Замын-Үүдийн боомт наамдын ес хоног амрахгүй, тасралтгүй ажиллана гэдгийг сайд Х.Нямбаатар мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүр илрүүлэх 20 төхөөрөмжийг ашиглаж эхэллээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орсноор тус нисэх буудлын нэвтрэх цэгүүдэд суурилуулсан цацраг идэвхт материал илрүүлэх зориулалт бүхий хяналтын төхөөрөмжүүдийг ашиглаж эхэллээ.

Цацраг идэвхт бодисыг хил, гааль дээр ашигладаг рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч зэрэг аюулгүй байдлыг хангах хэрэгслээр илрүүлэх боломжгүй. Иймд мэргэжлийн байгууллагаас цацраг идэвхт бодис илрүүлэх хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай хүсэлтээ АНУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсний дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар таван тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 онд суурилуулсан юм.

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын байцаагчид тус төхөөрөмжийг хүлээн авч угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах явцад хяналт тавьжээ.

Олон улсын атомын энергийн агентлагийн “Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөний сан”-ийн (Incident and Trafficking Database-ITDB) мэдээллээр өнгөрсөн онд дэлхийн 25 улсад 13 төрлийн цацраг идэвхт материал бүхий 127 удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавьж буй хяналтыг өндөржүүлсээр байгааг МХЕГ-аас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хадны тэг зогсолтын хугацааг сунгажээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд долдугаар сарын 6-ныг хүртэл тэг зогсолт хийсэн Ханбогд сумын Засаг даргын захирамж гарсан. Тэгвэл дахин тус сумын Засаг даргын захирамжийн дагуу тэг зогсолтын хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ.

Тэг зогсолтын хугацаанд Цагаан хад суурьшлын бүс дэх үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд 08:00-16:00 цагийн хооронд ажиллах журам гаргасан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 9-нөөс нээнэ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 87 дугаар хурлдаанаас зорчих хөдөлгөөн, амралт агаар салхинд гарах зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан асуудлуудыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн:

– Дархан-Уул аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээнэ. Орж ирж буй иргэд нэвтрэх постод 50 хувийн хөнгөлөлттэй үнээр / 12.500 төг/ түргэвчилсэн оношлуурын шинжилгээ өгнө.

– Голын эрэг, Зулзага, Амралтын газруудад иргэд агаар салхинд гарч амарч зугаалж болно. Амралтын газарт амрахдаа түргэвчилсэн тестийн шинжилгээ өгнө.

Хамт олноороо баяр ёслол тэмдэглэхгүй.

– Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явна. Ирсэн иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө.

-Хот дотор нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн явагдана.

Үүнтэй уялдуулан нэвтрэх постуудын хянлтыг сайжруулна. Хойд Цайдмын пост дээр 5 зэрэг түргэвчилсэн шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

– ХААИС-ийн байранд түргэвчилсэн оношлуурын шинжилгээний нэг цэгийг долдугаар сарын 9-ий өдрөөс эхлэн ажиллуулна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 43 сумын чиглэлд зорчигч тээвэрлэлт түр зогссон байна

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 59 чиглэл явж байгаагаас өнөөдрийн байдлаар 16 аймгийн 43 сумын чиглэлд тээвэрлэлт түр зогссон байна. Энэ нь нийт чиглэлийн 72.8 хувь нь хөдөлгөөний хязгаарлалт хийгээд байна.

Архангай, Булган, Говь-Алтай, Дархан, Дорнод, Дундговь, Дорноговь, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Төв, Сүхбаатар, Өмнөговь, Өвөрхангай болон Баянхонгорын чиглэл рүү тээвэрлэлт зогсон бол 17 чиглэлд тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1900-1234 дугаараас лавлах боломжтой.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаад байна

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Тодруулбал,

1.Архангай аймгийн 19 сум бүгд,

2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур

4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр

5. Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,

6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд

7. Хэнтий аймгийн 18 сум бүгд

8. Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр

9. Ховд аймгийн 2 сум буюу Б Манхан, Алтай
10. Дундговь аймгийн 10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
11. Дорноговь аймгийн 14 сум бүгд

12. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар

13. Увс аймгийн 7 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь
14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд
15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

16.Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,

17.Завхан аймгийн 9 сум буюу Баянтэс, Тэлмэн, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс
18.Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Өвөрхангайн Уянгад 114.4 мм бороо орсон байна


Зургадугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын өмнөд ба зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, долдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
Хэмжээний хувьд: 7 хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Өвөрхангайн Уянгад 114.4мм, Бат-Өлзийтөд 82.4мм, Хужиртад 72.9мм, Төв аймгийн Батсүмбэрт 96.2мм, Ховдод 87.4мм, Архангайн Цэцэрлэгт 74.9мм, Сүхбаатарын Түмэнцогтод 73.0мм, Баянхонгорын Шаргалжуутад 707мм, Байдрагт 60.8мм, Булганы Сайханд 69.4мм, Дашинчилэнд 69.0мм, Хөвсгөлийн Цагаан-Уулд 69.1мм, Арбулагт 65.3мм, Сэлэнгийн Хүдэрт 69.0мм, Говь-Алтайн Төгрөгт 66.7мм, Дарханы Шаазгайтад 62.4мм, Завханы Идэрт 60.0мм, бусад хэсгээр 0.0-59.0 мм бороо орсон байна.