Categories
амьдралын-өнгө мэдээ

Ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Дорнод хүртэл 46 хоног гүйж, 2127 км зам тууллаа

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Эрхэмбаярын Даваажамц Ховд аймгаас Дорнод хүртэл 2127 км замыг 46 хоног гүйж, өчигдөр бариандаа оржээ.

Ховд аймгийн Буянт сумын харьяат Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Э.Даваажамц долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор төлөвлөсөн боловч, Үндэсний баяр наадам хойшилсон тул үргэлжлүүлэн гүйж, Дорнод аймагт хүрэхээр төлөвлөгөөгөө өөрчилсөн юм.

Ингээд тэрбээр үргэлжлүүлэн гүйсээр Дорнод аймагт хүрээд буй юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Морьт эргүүл ажиллалаа

Ховд аймаг дахь Цагдаагийн газраас баяр, амралтын өдрүүдэд морьт эргүүл ажиллуулав.

Энэ ажлын зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж, цагдаагийн алба хаагчид долоодугаар сарын 10-17-ны өдөр аймгийн төвд хоёр чиглэлд тусгай хуваарийн дагуу морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэв.

Ховд аймгийн төв, Жаргалант сумын нутаг дэвсгэр Буянт гол орчимд морьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ цагдаагийн алба хаагчид иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

Энэ үеэр голын эрэг орчимд бага насны хүүхдүүд хараа хяналтгүй усанд орох, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, бөөгнөрөл үүсгэх, жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд мотоциклтой оролцох зэрэг зөрчил нэлээд илэрчээ. Иймээс иргэд цаашид амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр холбогдох хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна

Амралтын өдрүүдээр Дэлгэрмөрөн голын эрэг дагуу усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар хамтран нэгдсэн удирдамжийн хүрээнд эргүүл хяналтын ажлыг өдөр бүр хийж байна.

Хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 6000 хүн, 1500 гаруй автомашинд үер усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг наймдугаар сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн Зам-Үүд суманд томилолтоор ажилласан. Энэ үер “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, тус сум дах Дулааны цахилгаан станцыг ажиллуулахтай холбоотой зардлын судалгаа гарах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн.

Тэгвэл энэ сарын эхээр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг наймдугаар сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлэх үүргийг өгч, Зам-Үүдэд баригдсан Цахилгаан станцын дулааны шугам сүлжээг шийдвэрлэхтэй холбоотой судалгаа тооцоонд үндэслэн эхний ээлжинд дулааны туршилт тохируулга хийхтэй холбоотой 1.5 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, тус станци дээр салбар бүрийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан газар дээр очиж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болгосон юм.

Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

“Замын-Үүд” чөлөөт бүс байгын ажиллагаатай болсноор гадаад дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж ДНБ-д 1.6-2.3 хувийн өсөлт бий болно. Мөн Чөлөөт бүсэд 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, Замын-Үүдэд бөөгнөрч буй ачаа тээврийн нэвтрэх чадвар сайжрах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тоглож байгаад сураггүй алга болсон гурван настай хүүхдийг хилчид ОХУ-ын хилийн зурвасаас олжээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан суурин” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим 11:00 цагийн орчим гурван настай Э тоглож байгаад сураггүй болсон байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас гурван настай охиныг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олжээ.

Мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо

Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон Цагаан хадны суурьшлын бүсэд өнөөдөр /2021.07.17/-өөс хатуу хөл хорио тогтоож байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ Цагаан хадны суурьшлын бүсийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт долоо хоног шилжүүлэх тухай мэдэгдсэн.

Учир нь энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүс болгоход анхаарах аж

Categories
амьдралын-өнгө мэдээ

Уул уурхайн компаниудад албан шаардлага хүргүүллээ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 22 уурхайн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй, ажилчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулаагүй, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй, насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, журам зааврыг мөрдөөгүй зэрэг олон зөрчил илэрчээ. Тиймээс зарим аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Уул уурхайн салбарт мэргэжлийн байгууллагаас өгсөн албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүний амь эрсдэх, бэртэж гэмтэх, эрүүл мэндээр хохирох асуудал багагүй гардаг тул учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна хэмээн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөлд нийт 25.000 орчим аялагч зорчиж, 30 гаруй тонн хог хаягдал үүсгэсэн байна

Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын Хатгал нэвтрэх цэгээр 2021 оны долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 25.000 гаруй дотоодын аялагч амрагч, 8.500 гаруй тээврийн хэрэгсэл зорчжээ.

Энэ үеэр үүссэн 30 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн ачсан байна. Аялагч амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байгаа юм

Мөн бороо хур ихтэй байгаагаас үүдэн үер усны эрсдэлтэй байгааг анхааруулж байна гээд хоггүй цэвэр, хариуцлагатай аялахыг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас уриаллаа.


Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт гурван хүүхэд, нэг том хүн тогтоол усанд осолджээ

Дундговь аймаг, Адаацаг сумын Сүм багийн “Хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 90 км-т, сумын төвөөс урд зүгт 13 км-т/ дөрвөн хүн тогтоол усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг өчигдөр 15:20 цагт тус аймгийн онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид аймгийн Адаацаг сумын харьяат иргэн У /33 настай, эрэгтэй/, Ц/15 настай, эмэгтэй/, С/11 настай, эмэгтэй/, Х/11 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:34 цагт иргэн У, Ц, С, Х нарын цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Бүх аймагт коронавирусийн халдвар шинээр бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хоногт орон нутагт коронавирусийн халдварын 595 тохиолдол батлагджээ. Үүнийг задлаад харвал Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 108 тохиолдол нэмэгдсэн бол Ховд/2/, Завхан/3/ аймагт хамгийн цөөн илэрчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд Дорноговь/95/, Өмнөговь/73/ аймагт нийт тохиолдлын тоо хамгийн цөөн байна.

Орхон, Дархан-Уул, Төв, Баянхонгор аймагт нийт тохиолдлын тоо хамгийн олон буюу 3,000-ыг давжээ.

Долдугаар сарын 16-ны байдлаар орон нутагт нийт 37,526 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Баяр наадмын амралт үргэлжилж орон нутгийг зорьж буй иргэдийн тоо нэмэгдсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

2021.07.16-ны байдлаар: