Categories
амьдралын-өнгө мэдээ

Толбо нуурын эргээс 20 орчим тонн хог хаягдлыг ачиж зайлуулжээ

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 40 орчим километр зайд орших Толбо нуур нь тус аймгийн иргэд болон дотоодын аялагчид олноор ирж амардаг гол газруудын нэг юм.

Сүүлийн жилүүдэд нуурын эрэгт очиж амардаг хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байгаа. Энэ хэрээр эзэнгүй хог хаягдал тулгамдсан асуудлын нэг болж байгааг Толбо сумын Засаг даргын орлогч Т.Досымбек хэлэв.

“Сумын ЗДТГ-аас холбогдох санхүүжилтийг гаргаж 6 удаа ЗИЛ-130 машинаар, 1 удаа чиргүүлтэй КАМАЗ машинаар амралтын газрууд болон хогийн цэгүүдэд байгаа 20 орчим тонн хогийг ачиж зайлуулсан. Гэхдээ хүн хүч, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа асуудал байна. Тухайн газарт сард дунджаар 3-4 мянга орчим хүн ирж амардаг гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн 3 амралтын газар үйл ажиллагаа явуулдаг. Цаашид амралтын газруудтай гэрээ байгуулж ойр орчмын хогийг цэвэрлүүлэхээр ажиллаж байна. Мөн хогийн цэгүүдийг нэмж байгуулах, амрагчдаас тодорхой хэмжээний хураамж авч, тэр мөнгөөр цэвэрлэгээний асуудлыг шийдэхээр хууль, эрх зүйн үндэслэлийг нь судалж байна. Уг асуудлыг өнөө маргаашдаа хэлэлцэж шийднэ. Хог хаягдлыг цэвэрлэх нь дан ганц сумын захиргааны асуудал биш. Ард иргэд ч ухамсартай байж, байгаль орчноо хайрлан хамгаалах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг тэрээр онцлов.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хаданд хулгайгаар нэвтэрсэн жолооч нарын С зөвшөөрлийг цуцална

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг татах түр журам батлагджээ. Энэ дагуу 400 гаруй жолоочийг эхний ээлжид татан авах ажлыг зохион байгуулж байна.

Тодруулбал, жолооч нарыг Цогтцэций суманд тусгаарласны дараа татан авч байгаа аж. Гэвч хулгайн тээврээр жолооч нар ирэх зөрчил гарч байгаа тул аж ахуйн нэгж, байгууллагын С зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Жолооч нарыг татан авахаас гадна хулгайн нүүрсний тээврийн жолооч нар суурьшлын бүсэд нэвтрэх зөрчил гарч байна. Иймд түр журмын дагуу жолооч нарыг түр хугацаанд татна. Энэ хугацаанд өндөр үнэ хэлж, нааш тээвэр хийхгүй байхыг анхаараарай. Зорчсон тохиолдолд аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Мөн бүртгэлтэй, 14 хоног тусгаарлалтад орсон жолооч нар ачилт болон экспортод гарах учир хулгайн замаар өндөр зардлаар ирж эрсдэл үүрэхгүй байхыг онцгой анхааруулъя” гэж санууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ирэх сард их хэмжээний бороо орж, сарын сүүлээр зарим нутагт цочир хүйтэрнэ

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгийн инженер Ш.Тэргэлээс ирэх наймдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.

Долдугаар сард ихэнх нутгаар бороо хур их орж, голууд үерлэлээ. Ирэх сард энэ үзэгдэл дахин давтагдах уу?

-Сарын эхээр агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөв ажиглагдаж байгаа. Агаарын температурын тухайд наймдугаар сард баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадасны хувьд дээрх дурдсан бүс нутгаар бага орох бол төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд, зүүн зүгийн баруун хэсгээр хур тунадас ахиу байхаар төлөвтэй байгаа. Харин бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээнд байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.

  • Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймгууд хамаарна.

-Тэгвэл хур тунадас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч мэдээг боловсруулдаг вэ?

-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30–70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.

Энэ сард хур тунадас нэлээдгүй орсны улмаас томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэж иргэд олноор амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгдсэн. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж салхинд гарч зугаалахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний бороо орох магадлалтай юу?

-Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дундаж орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дундаж орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч халахаар төлөвтэй байгаа юм. Зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Говийн аймгуудын нутгаар мөн адил дуу цахилгаантай бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/секунд хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид иргэдэд юуг анхааруулах вэ?

-Наймдугаар сард ихэнх нутгаар хур тунадас их орохоор төлөв ажиглагдсан. Мөн гуравдугаар арав хоног буюу сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэлт болж болзошгүй байгаа.

Тиймээс монгол орны гол мөрний усны дундаж түвшин тухайн сарын олон жилийн дунджаас их байх ба түүний орчим байх төлөвтэй байгаа хэдий ч голын ай саваар зорчих болон байрлах айлууд сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, үерт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо орох үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй.

ОЙРЫН ХОЁР ХОНОГТ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 20-120 СМ НЭМЭГДЭНЭ

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн мэргэжилтэн инженер О.Бямбагэрэл:

Долдугаар сарын 26-27-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Дэлгэрмөрөн Хангайн нурууны арын Идэр, Чулуут, өврийн Байдраг, Буянт, Шаргалжуут, Увс нуурын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-120 см нэмэгдсэн. Сэлэнгэ, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Онон, Улс, Онги, Байдраг, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байгаа юм. Харин Орхон, Халх голууд үерийн аюултай түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна.

Өнөөдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байгаа. Иймд дээрх дурдсан голуудын ай сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуй нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчины шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутгийн замд хурд хэмжих шалгалтыг эрчимжүүлжээ

Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид Улаанбаатараас Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай хатуу хучилттай аспалтан зам дагуу хамтарсан хяналт шалгалт хийж байна.

Түүнчлэн хурд хэмжиж, жолооч нарт зам тээврийн осол болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар санамж, сэрэмжлүүлэг тараажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймагт “Даншиг” наадам болно

Ховд аймагт ирэх сарын 07-08-ны өдрүүдэд баруун бүсийн “Даншиг” наадам зохион байгуулагдана.


Categories
амьдралын-өнгө мэдээ

Дэлгэр мөрөнд сэлж байсан иргэн живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутаг “Дэлгэр” мөрөнд сэлж байсан иргэн живжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын албанд энэ сарын 23-ны өдрийн 17:29 цагт дуудлага ирсний дагуу Мөрөн сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Алба хаагчид болон ар гэрийн хүмүүс “Урандөш” багийн Өндөр-Эрэг гэдэг газраас Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 26 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.

Өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дэлгэрмөрөн гол Мөрөн хотын орчимд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна


Сүүлийн үед усархаг бороо орсны улмаас гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна. Өнөөдрийн 14 цагийн байдлаар Улаан тайгын нурууны өврөөс эх авсан Дэлгэрмөрөн голын усны түвшин Мөрөн хот орчимд үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж байна.

Гол эргээ халих үеийн түвшинг үерийн аюултай түвшин гэдэг аж. Өнгөрсөн өдрүүдэд орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сумын Тээл баг орчим, Дэлгэрмөрөн гол Мөрөн хот орчимд голуудын усны түвшин өмнөх өдрөөс 50-115 см-ээр нэмэгджээ. Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 75 см-ээр, Бэлтэс голын усны түвшин үерийн түвшнээс 40 см-ээр ахиу үертэй байна .

Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджаас 125 см – ээр ахиу болж , үерийн байдалд шилжиж байна. Мөн Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Идэр, Үүр, Бүгсий, Эг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 15 см-ээр нэмэгдэж , олон жилийн дундаж түвшнээс 5-25 см-ээр нэмэгдсэн байна. Иймд томоохон голын сав дагуу нутаглаж байгаа малчид, тээвэрчид , ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүдээр өдөрт 200 гаруй автомашин нэвтэрч байна

Замын-Үүд хилийн боомтоор өнөөдрийн байдлаар өдөрт тээврийн 200 гаруй автомашин нэвтэрч байна. Үүнээс Замын-Үүд боомтоос өдөрт 110 автомашин гарч байна. 100 автомашин ачаагүй,10 автомашин нүүрс тээвэрлэн гарч байна. Харин орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөрт нэвтрүүлж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын хилийн бүсээс дундын тээвэр хийх буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах жолооч нарын судалгааг гаргажээ. Сонгон шалгаруулсан 100 жолоочийг тус бүр биеийн байдлыг хянах хуудсаар гаргаж, 7 хоногт хоёр удаа халдварын эсрэг PCR шинжилгээ авч, тусгаарлаж байна. Ачаа тээврийн автомашины бөөгнөрлийг багасгах, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлсэн байна.

Түүнчлэн ариутгалын төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч, хил дээр ажлын 4 өдөрт багтаан угсрахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой ба нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай юм байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ирэх сарын 1-нээс Дархан руу хяналт шалгалтгүй нэвтэрнэ

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сараас шалган нэвтрүүлэх постуудыг татан буулгахаар болов. Тодруулбал, Дарханы шалган нэвтрүүлэх постуудыг наймдугаар сарын 1-ээс татан буулгаснаар иргэд хяналт шалгалтгүйгүйгээр хот хооронд зорчих юм. Мөн аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ.

  • Энэ оны есрдүгээр сарын 1 хүртэл аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр хэвээр мөрдөгдөнө.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 22 болно. Шалгалтыг гурван байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд, халдвар хамгааллыг хангаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах үүрэг чиглэлийг АОК-оос өгчээ.
  • Аж ахуйн нэгж, албан байгууллагууд 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулдах ажлыг үргэлжлүүлнэ.
  • Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүд наймдугаар сарын 1-ээс секц дугуйланд хамрагдаж болно.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчиж буй иргэд аймгуудын шалган нэвтрүүлэх постоор нэвтрэхдээ вакцины гэрчилгээ үзүүлэх болон түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа юм.