Categories
амьдралын-өнгө мэдээ

Буйр нуурын орчимд өндөр хурдны интернетэд холбогдох боломжтой болжээ

Буйр нуурын орчимд Мобикомын 4G өндөр хурдны интернэт суурилууллаа. Аялагч амрагчид цахим ертөнцөд шууд холбогдохоос гадна хилийн цэргийн алба хаагчид албаны үйл ажиллагаандаа ашиглах боломж ийнхүү бүрдэж байгаа юм. Өнгөрсөн зунаас өндөр хурдны интернэт суурилуулахаар судалгаа, бэлтгэл ажил эхэлж, хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү өндөр хурдны интернэтийг суурилуулжээ.

Сүүлийн жилүүдэд Буйр нуур, Халх гол, Мэнэнгийн талыг зорьсон дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа учраас цаашид энэ урсгалыг алдалгүй, байгальд ээлтэйгээр хөгжүүлэхэд томоохон ажил боллоо гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Он гарснаас хойш Өмнөговь аймагт мотоциклын ослоор таван иргэн нас баржээ

Өмнөговь аймагт мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож осол гаргасны улмаас таван иргэн нас баржээ.

Он гарснаас хойш мотоциклтой холбоотой зам тээврийн осол нийт 9 бүртгэгдэж 5 хүн нас барж, 4 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Осол гарах шалтгаан нөхцөл нь хамгаалах малгайгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зэргээс үүдэлтэй байна. Амиа алдсан 5 иргэн хамгаалах малгай хэрэглээгүйгээс тархиндаа хүнд гэмтэл авч энэ нь амь насаараа хохирох шалтгаан болжээ. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан хамгаалах малгайг тогтмол хэрэглэж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 43 километрын зайд өнөөдөр 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл юм.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш долдугаар сарын 22-ны 18:00 цагийн байдлаар 82.638 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймагт ковидын 323 тохиолдол илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт илэрсэн 977 халдварын 323 нь Баян-Өлгий аймагт бүртгэгдлээ. Ингэснээр тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 2721-д хүрлээ.

Баян-Өлгий аймаг зургадугаар сарын 2-ныг хүртэл ногоон бүс байсан. Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр тус аймагт дотоодын анхны тохиолдол бүртгэгдсэн юм.

Баян-Өлгий аймаг 14 хоногийн өмнө халдварын тохиолдол 300 гаруй байсан бол өнөөдөр 2721-д хүрлээ. Аймгийн хэмжээнд 200 гаруй кластер бий болсон байна.

Бусад аймгуудын мэдээллийг хүргэхэд

  • Дархан-Уул аймагт 123,
  • Орхонд 67,
  • Хөвсгөлд 16,
  • Булганд 18,
  • Сэлэнгэд 46,
  • Хэнтийд 39,
  • Төв аймагт 14,
  • Дорнодод 21,
  • Сүхбаатарт 10,
  • Говьсүмбэрт 6,
  • Дундговьд 15,
  • Өвөрхангайд 22,
  • Говь-Алтайд 23,
  • Баянхонгорт 36,
  • Архангайд 20,
  • Увсад 25,
  • Ховдод 103,
  • Дорноговь аймагт 6,
  • Завхан аймагт 28
  • Өмнөговь аймагт 16 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Бугын илий нутагшуулж байна

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт бугын 10 илий нутагшуулж байна.

Хустайн байгалийн цогцолборт газраас тэднийг авч ирсэн бөгөөд ХААИС-н 4-р курсын оюутан С.Чулуунцэцэг хариуцан ажиллаж байна. Тэрээр “Би зургадугаар сарын 5-аас эхлэн энд ажилласан. Дөрвөн цагийн зайтай өдөрт 5 удаа сүүгээр угжиж тэжээдэг. Нэг өгөхдөө 500гр сүү өгдөг, маргаашнаас 700гр болгож нэмээд 5 цагийн зайтай угжина” гэлээ. Үүнийхээ зэрэгцээ илийнүүдийн өсөлтийг байнга хэмждэг аж. Ирэхдээ 8-16кг жинтэй ирж байсан бол одоо 26-27кг жинтэй болсон байна.

2016 оны 4 сард 4 эр, 6 эм нийт 10 толгой халиун буга энд нутагшуулж байсан юм. Өдгөө тэд өсөн үржээд 15 болжээ. Ийнхүү Өмнөговь 25 толгой бугатай болоод байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Сарын эхээр ихэнх нутгаар халж, сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур буурч, хүйтэрнэ

Иргэд, тээвэрчид аялал, зугаалгаар явах, орон нутагт зорчихдоо холбогдох байгууллагуудаас гаргасан цаг агаар, замын нөхцөл байдалтай холбоотой зөвлөмжийг дагаж тээврийн хэрэгсэл болон хувийн бэлтгэлийг сайтар хангаж тээвэрлэлтэд гарах, гол нуурын ус нэмэгдсэнтэй холбогдуулан зөвшөөрөгдөөгүй зам, гармаар гол, мөрөн гарахгүй байхыг анхааруулж байна.

2021 оны наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас дээр дурдсан нутгуудаар олон жилийн дунджаас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Мөн гуравдугаар арав хоногийн сүүлээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ын орчим, хур тунадас Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 31–35°С хүрч хална.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл нууранд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг газар хөлдөхөөс өмнө татан гаргахаар болжээ


Хөвсгөл аймаг Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96.6 хувийг бүрдүүлдэг.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.

Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг хуралдлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Уг ажлын хүрээнд Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн.

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлын эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай. БОАЖЯ-наас санхүүжилт, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газар гардан гүйцэтгэх ажлаа төлөвлөн зохион байгуулах нь зүйтэй” гэв.

Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэнэ. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллахаар зүйтэй гэдэгтэй санал нэгдэв. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө татан гаргах ажиллагааг зохион байгуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян болон бусад холбогдох албаныхан оролцов.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Онгийн голын гүүр ашиглалтад орлоо

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги голын 54.8 метр урттай, төмөр бетон гүүр ашиглалтад орлоо. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК хийж, “Зам Замын Байгууламж” ХХК барьсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажилласан байна.

260 метр урт хайрган хучилт бүхий авто зам, 130 метр урт эргийн чулуун бэхэлгээ, 80 метр урт далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийг гүүрийн барилгын ажлыг “ЗЗБ” ХХК 2020 оны тавдугаар сард эхлүүлж, өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ.

May be an image of body of water, nature and cloud

“ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 машин механизм, тоног төхөөрөмжтэйгээр батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллаж гүйцэтгэсэн байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол энэ сарын 7-нд болно

Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол 2021 оны наймдугаар сарын 7-ны өдөр болохоор товлогджээ.

Төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журамд:

  • Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын төрийг төлөөлж оролцох элч төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох бөгөөд төрийн элч төлөөлөгч нь сайдаас доошгүй албан тушаалтан байх буюу төрийн өндөр албанд ажиллаж байсан зүтгэлтэн байж болно.
  • Ёслолд төрийн элч төлөөлөгчийг тухайн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга болон бусад бараа бологсод дагалдана.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь өөрийн тааллаар оролцох бол тухайн ёслолд Монгол Улсын төрийг төлөөлнө.
  • Төрийн элч төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон төрөөс илгээдэг бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс өргөн барих үүрэг гүйцэтгэнэ хэмээн заажээ.
  • Тахилгын ёслолын ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга удирдан явуулдаг журамтай.
    Ёслолыг тухайн нутгийн тахилгын овооны тус газарт /эртнээс тахиж ирсэн уламжлалтай тэр газарт/ нь үйлддэг байна.

Сүүтэй уул буюу Сутай хайрхан уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгат уул болгожээ.