Categories
амьдралын-өнгө мэдээ

Баян-Өлгий аймгийн Булган суманд шүлхий өвчний 51 тохиолдол бүртгэгдэв

Баян-Өлгий аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гараад байна.

Тодруулж хэлбэл, өнгөрсөн сарын 21-ний өдөр тус сумын Улаанхус багийн Халзан хэмээх газарт 3 үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Тус газар нь Ховд аймгийн Булган сумтай ойрхон оршдог тул өвчин тухайн нутгаас дамжин халдварласан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад байгаа аж.

Дээрх халдварын голомт тэлж Хужирт багийн Туулайт, Хундагт зэрэг газруудаас өвчин илэрчээ. Мөн хамгийн сүүлд энэ сарын 14-ний өдөр Дэлүүн сумтай хил залгаа Улаагчин багийн Асгат хэмээх газраас үхэр мал шүлхийгээр өвчилсөн нь батлагдсан байна. Тухайн голомтоос энэ сарын 21-ний өдөр өвчлөл нэмж бүртгэгдсэн бөгөөд Булган сумын хэмжээнд нийтдээ 51 мал /үхэр/ гоц халдварт өвчнөөр өвчилж байгаа.

Аймгийн Мал эмнэлгийн газрын албаны дарга Т.Ергалигийн өгсөн мэдээллээр өвчин гарсан голомтын бүсэд 56,5 мянган мкв, сэжигтэй бүсэд 139,7 мянган мкв газарт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Түүнчлэн 6 газарт хяналтын пост гаргаж, хөл хорио тогтоосон байна.

Одоогоор Улаанхус багийн 29,5 мянган толгой, Хужирт, Сөнхөл багуудын 23 мянган толгой малд шүлхий өвчний эсрэг вакцин тарьсан. Харин улсын хэмжээнд шүлхийн вакцины нөөц дууссан тул энэ сарын 26-наас хойш Булган сумын үлдсэн 132 мянга, Дэлүүн сумын 324 мянган толгой малыг вакцинжуулахаар төлөвлөж буй.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрөн болон Орхон голын адгаар усны түвшин 10-30 см давж, үерлэнэ

2021 оны наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын эх болон дунд хэсэг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Хараа голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Эг, Бэлтэс, Бүгсий, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Чигж, Хархираа, Тэс, Буянт, Төгрөг, Онон зэрэг голууд үерийн түвшинг 30-105 см, Дэлгэрмөрөн, Үүр, Халх, Улз болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-25 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Орхон голын адгаар усны түвшин 10-30 см, Эг гол Хантай баг Туул гол Улаанбаатар хот орчимд 10-25 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд үерийн аюултай түвшинд 10-20 см дөхөн үерлэх хандлагатай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үргэлжлэн орсон борооны улмаас Булган, Хөвсгөл, Орхон аймагт айлын гэр, байшин үерт автжээ

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

Наймдугаар сарын 21-22-ны өдрийн үргэлжилсэн борооны улмаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Цагаан тохой” гэдэг газар Сэлэнгэ мөрөн үерлэж 5 айлын гэр усанд автжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд таван өрх айлын 17 хүнийг /үүнээс 6 хүүхэд/, 113 бод малынх нь хамт аюулгүй газарт гаргасан байна. Тус сумын Засаг даргын мэдээлснээр үлдсэн дөрвөн хүн, 1,773 мал нь усны үер татартал хүлээхээр болсон байна.

Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Их харгана” гэдэг газар Идэр голын усанд тус сумын харьяат иргэн Б-гийн 15 настай хүү малаа тууж ирэх гэж яваад усанд боогдсныг гол гаргаж өгчээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 4 айлын хашаа, гэр, 2 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гэрийн хаяаг шууж, дөрвөн метрийн урттай шуудуу ухаж, орон сууцны хоёр байрны зоорийн давхрын усыг соруулсан байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, 6 айлын байшин, нэг айлын хүлэмж усанд автсан тул тус сумын “Яргуйт толгод”, “Их залуу” багийн нийт 6 гудамжны 15 хашаа, 4 гэр, 6 байшингийн усыг соруулан, мөн ус зайлуулах 5 шуудууг цэвэрлэж усны урсгалыг сайжруулан нэг шуудуу сэтэрсэн байсныг засварлажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Замын-Үүдээс Улаанбаатар явах автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй

“Covid-19” халдварын тархалтын улмаас зарим аймгийн Онцгой комиссоос хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоогоод байгаа.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Замын-Үүд сумын онцгой комиссоос наймдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулах шийдвэр гаргажээ.

Тасалбарын үнэ 55 мянган төгрөг бөгөөд Улаанбаатар хот явах иргэд, оюутнууд авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбараас тасалбараа захиалах аж. Улаанбаатарт ирсэн автобус буцахдаа зорчигч тээвэрлэхгүй гэдгийг Аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.

Г.Байгальцэцэг

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тодруулбал өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ны 04:37 цагт Алаг-Жрдэнэ сумаас Хойд зүгт 74 км зайд 5.4 магнитудын газар хөдлөлт болсон байна.

Энэхүү хөдлөлт нь 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт болсон магнитуд 6.5-тай газар хөдлөлтийн давталт хөдлөлт юм.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймгийн таван суманд цас оржээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Тэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан сумдын нутгаар энэ сарын 21-22-нд шилжих шөнө цас оржээ. Тэс, Эрдэнэхайрхан суманд нэг см, Цэцэн-Уул суманд гурван см, Баянхайрхан суманд дөрвөн см, Сонгино суманд таван см цасан бүрхүүл тогтсон байна. Цас орсонтой холбоотойгоор ихэнх сумдын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

Өнөөдөр Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул ард, иргэд цаг агаарын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулж байна.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Борооны улмаас Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зарим хэсэг эвдэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байна.

Үүний улмаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж авто зам сэтэрч, замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүсчээ.

Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас хамгаалах үүднээс нийт иргэдийг Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг сэрэмжлүүлэн анхааруулж байна.

Яг одоо Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа болно хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Энэ амралтын өдрүүд буюу наймдугаар сарын 21-22-нд нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн бороо орох тул үерийн болон аюултай түвшин даван үерлэж буй Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр болон Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамааран огцом нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй ард иргэд, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймагт шатахууны үнэ 100-150 төгрөгөөр хямдрах боломжтой

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийх томилолтоо Ховд аймгаас эхлүүлжээ. Тус аймагт коронавирусын халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж буйн зэрэгцээ дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж.

Ховд аймгийн Булган сумын Булган хилийн боомтоор баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгажээ.

Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг УОК-оос гаргуулах саналтай байгаагаа уламжилсан байна. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлжээ. Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого баримталж байгаа. Ялангуяа, баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” гэжээ.