Categories
амьдралын-өнгө мэдээ

“Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг болов

Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд санал авах уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр зөвлөх багийн зүгээс Ханх сумы хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааг танилцуулж, дараах үндсэн 3 асуудлын хүрээнд санал солилцлоо.

  1. Тусгай хамгаалалттай газар нутаг ба түүний орчны бүсийн хот сууринуудад тулгарч буй нийтлэг асуудлууд
  2. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар ба Ханх сумыг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, түүнийг шийдвэрлэхэд яамдын зүгээс баримталж буй бодлого, авах арга хэмжээ, төсөл хөтөлбөр
  3. Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, агентлагуудаас санал авах, оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлох болон бусад асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 332 дугаар тогтоолоор “Хөвсгөл нуур орчмын бүсийг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр заасан. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Хөвсгөл дэд төсөл нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үндэсний жишиг зорин очих газрыг бий болгож, тогтвортой, хүртээмжтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, үндэсний болон бүс нутгийн бодлого төлөвлөлтөд нийцүүлэн боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулж байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нэгжийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, агентлагууд болон орон нутгийн удирдлагуудаас санал авах нэгдсэн хэлэлцүүлгийг төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийг хамтран хэрэгжүүлэгч зөвлөх баг хот төлөвлөлтийн “Нью Урбанизм” компаниас хамтран амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яамд болон Үндэсний хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Одон орон геофикизийн хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн болон Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийн холбогдох төлөөллүүд оролцож, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагууд цахимаар холбогдлоо.

Хэлэлцүүлэгт салбарын яамд, агентлагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүд, орон нутгийн удирдлагууд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож, тус хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд салбарын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон тулгамдаж буй болон шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцсон юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймаг улаан бүсэд ажилласан Эрүүл мэндийн ажилтнуудад урамшуулал олгожээ

Завхан аймаг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрсдэлийг даван туулахад зориулж эрүүл мэндийн болон, мэргэжлийн байгууллагууддаа тусламж дэмжлэгийг тухай бүр нь олгож байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал, энэ онд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгүүдэд 86 сая төгрөгийн гурван ширхэг автомашиныг олгожээ. Мөн 19 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжид 30 сая, 74.3 сая төгрөгийн хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн иж бүрдэл 900 ширхгийг өгсөн байна. Түүнчлэн 53 сая төгрөгийн нэг удаагийн оношлуур, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Их-уул сумын эрүүл мэндийн төвүүдийн голомтод ажилласан мэргэжлийн багт 18 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг олгоод буй.Эрүүл мэндийн тандалтын баг болон улаан бүсэд үр бүтээлтэй ажилласан 22 эрүүл мэндийн ажилтанд тус бүр нэг сая төгрөгийн урамшууллыг олгоод буй гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерийн аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдлэ. Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Онон, Хэрлэн, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 5-80 см, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 5-70 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу наймдугаар сарын 30-нд Сэлэнгэ мөрний адагаар усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28-НЫ 20.00 ЦАГААС НАЙМДУГААР САРЫН 29-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

2021 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30-НААС ЕСДҮГЭЭР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Залуус нэгдэн Хараа голын эрэг орчмыг цэвэрлэлээ

Дарханы залуус нэгдэн ундны эх булаг болсон Хараа голын эрэгорчмын хогийг цэвэрлэлээ. Аялал, зугаалгын улирал шувтарч буйтай холбогдуулан эрүүл, аюулгүй, хоггүй байдлыг эрхэмлэхийг уриалсан 140 гаруй залуус нэгдэн 300 шуудай хог түүв. Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Дархан хотын 60 жилийн ойн хүрээнд залуучуудыг сайн дурын ажилд уриалах, үр нөлөөг таниулах зорилгоор БОАЖГ, Залуучууд хөгжлийн төвөөс санаачилсан байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар төлөвлөсөн ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшилсон аж. Хараа голын эрэг дагуух хог цэвэрлэх үйл ажиллагаанд аймгийн БОАЖГ, ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучууд хөгжлийн төв, Дарханы Залуучууд хөгжлийн зөвлөл, Дугуйтай Дархан клуб, “Элит хөгжил” ХХК, “Өргөө” кино театрын хамт олон, “Хар ус гол” ТББ, “Болор” салон, “Дарханы Нөхөрсөг залуус” группын Залуучууд, “Шинобу” фитнес клуб, Өсвөр үе залуучуудын оролцооны дөрвөн клуб, Дархан Зүтгүүрийн депогийн хамт олон, “Дарханы Иргэдийн дуу хоолой” фэйсбүүк группын залуучууд оролцсон аж. Тэд Дархан сумын хоёрдугаар багийн нутаг Ширээний нурууны гүүрээс доош гурван км орчим газрын хогийг цэвэрлэжээ.

Залуус зөвхөн хог цэвэрлэхээс гадна чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, зарим нь урлагийн номер үзүүлж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Түүнчлэн залуусын идэвхи, оролцоог үнэлж азын сугалаа явуулж хамтран ажилласан байгууллагуудын нэрэмжит шагналын эздийг тодрууллаа. Цаасан өргөмжлөлөөс татгалзаж залуусын чөлөөт цаг, бие бялдарын хөгжилд анхаарч фитнес клуб, бүжгийн спортоор хичээллэх зэргээр олон залуусыг урамшуулав. Үйл ажиллагаа дууссаны дараагаар залуус голын эрэг дагуу амарч буй иргэдэд үер, усны аюулаас болгоомжлох зурагт сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ хоггүй амарч, зугаалахыг уриаллаа.

Ташрамд жил бүрийн хавар, намрын цагт аймгийн БОАЖГ-аас голын ай сав орчмын хог цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ намрын тухайд залуучуудын байгууллагатай хамтран хараа голын эрэг дагуу тархсан хогийг цэвэрлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тарвага агнаж, худалдан авсан иргэдээр 7.6 саяын хохирол төлүүлнэ

Хууль бусаар агнасан тарваганы махыг худалдан авсан иргэнд 300 мянган төгрөгийн торгууль ногдуулав. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид тухайн иргэн Өвөрхангай аймгийн Уянга сумаас Арвайхээр сум руу тарваганы мах тээвэрлэснийг илрүүлжээ.

Мөн тус аймгийн Уянга сумын нутаг Жаргалант багт 22 тарвага агнасан дөрвөн иргэнд тус бүр 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн байгаль орчинд учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ХМХА: Импортын бараа бүтээгдэхүүнийг 151 үзүүлэлтээр шинжилж байна

Замын-Үүд боомт дахь Хилийн хяналтын алба өнгөрсөн долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 25-ыг дуусталх хугацаанд 2394 аж ахуйн нэгж, иргэний 1.1 тэрбум гаруй тонн, 4.1 сая ширхэг икспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийн ажиллажээ. Мөн импортын хяналтын хүрээнд 24 мянга гаруй, экспортын хяналтын хүрээнд 19 мянга гаруй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилласан байна.

Мөн бараа, бүтээгдэхүүний хувьд экспортын хяналтад 251 аж ахуйн нэгж, иргэний нэг сая гаруй тонн хамрагдаж, холбогдох зөрчил, дутагдлыг арилгаж, хяналтын ажлыг уртасгасан цагаар хийж байгаа гэнэ.

Энэ хүрээнд сүүлийн долоо хоногийн хугацаанд импортлосон бараа бүтээгдэхүүнээс 135 дээж сонгож авч, 151 төрлийн үзүүлэлтээр шинжилжээ. Улмаар шаардлага хангаагүй гурван эерэг сорьц илэрсэн байна. Үүнд нэр бүхий хоёр компанийн тээвэрлэж ирсэн тахина мөч болон цэцэг багтсан аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангайд томографийн аппарат ашиглалтад орлоо

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Siemens healthineers брендийн томографийн аппарат ашиглалтад орж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт суурилагдсан энэхүү аппарат нь 32 зүсэлттэй, сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм.

Жилдээ ойролцоогоор Архангай аймгийн 1000 орчим иргэн 13А маягтаар зөвхөн компьютер томограф аппаратаар оношилгоо хийлгэх болон 3 дугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явдаг байна.

Томографийн аппарат ашиглалтад орсноор иргэдийн Улаанбаатар хот руу өндөр зардлаар чирэгдэл болж явахгүй орон нутагтаа компьютерт томографийн оношилгоо хийлгэж, өвчнөө эрт үед нь оношлуулах бүрэн боломжтой болж байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Өвөрхангай аймаг тэргүүллээ

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Өвөрхангай аймаг дахин тэргүүллээ.

Аймгийн хэмжээнд энэ жил 1103 сурагч ахлах ангиа төгссөн бөгөөд өмнөх оны 171 төгсөгчийн хамтаар 1200 гаруй хүүхэд шалгалт өгснөөс нийгэм судлал, монгол хэл, англи хэл, математикийн хичээлээр тус тус нэгдүгээр байр, түүх, физикийн хичээлээр хоёдугаар байранд шалгарч, нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзлэжээ.

Тус салбарынхан жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ 2013 оноос хойш тасралтгүй эхний 3 байрт орж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Загастайн давааны авто замын бүтээн байгуулалт 98 хувьтай үргэлжилж байна

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг.

Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй давааг хатуу хучилттай авто замаар холбох энэхүү ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд гүйцэтгэж байна.

Авто замын бүтээн байгуулалтын ажил 98%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд энэ аравдугаар сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн төв төдийгүй бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй юм хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг

Зураг

Гэрэл зургийн эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам