Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Бог мал галт тэргэнд дайруулж, хөдөлгөөн саатжээ

Энэ сарын 1-нд буюу өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын төмөр замын 146 дугаар километрт ачааны 3408 дугаар галт тэрэг явах үед хариулгагүй орхисон 8 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайрагдан галт тэргийг саатуулсан байна.

Галт тэрэг олон тооны жинтэй ачаа тээвэрлэдэг учир, том хөдлөх механизм тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй, яаралтай тормоз авлаа гэхэд 800-1000 метр газрыг туулж байж зогсдог.

.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Үерийн усанд боогдсон 380 тооны бог малыг шилжүүлжээ

Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин наймдугаар сард хоногт 1-2 см нэмэгдэж, олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см ахиу түвшинд байна.

Тухайлбал, 2021 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт үерийн усанд боогдсон 300 тооны хурга, 70 ишиг, 10 хонийг Онцгой байдлын газрын алба хаагчид завиар зөөвөрлөж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажилласан байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Архангай аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Энэ сарын 4, 6-нд газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад анхааруулах мэдээ:

Есдүгээр сарын 3,4-нд ихэнх нутгаар бороо орно. Мөн есдүгээр сарын 5,6-нд нутгийн зүүн хагаст бороо орох ба уулархаг нутгаараа нойтон цас орж 4-нөөс 6-нд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Нийт нутгийн 42.1 хувьд бэлчээрийн нөөцтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэгт үндэслэн багийн нутгаар тооцоолжээ.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл долдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд, долдугаар сарын 31-нд 70 гаруй хувьд, энэ сарын 10 гэхэд 80 орчим хувьд сайн гэж үнэлэгдсэн байна.

Улмаар энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатарын зарим нутгаар сайн, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан байдалтай байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
42.1 % – 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
24.6 % – 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
25.0 % – 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
3.6 % – 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
4.7 % – 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.

Нийт нутгийн 70 орчим хувьд өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан.

Энэ жил зуншлага оройтсон говийн зарим нутгаар болон малын тоо ихтэй аймаг, сумдын нутгаар даац хэтэрч гарсан байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Булган, Дундговийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Сүхбаатарын Баяндэлгэр сумд, 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарсан сумдад Баян-Өлгийн Цэнгэл, Увсын Сагил, Ховд, Завхан, Төвийн Баяндэлгэр сумд орж байна. Харин нийт нутгийн 25%-д даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан байна.

Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж ЦУОШГ-аас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Сүхбаатар” хөлөг онгоц 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан байдалтай байгаа” гэв

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ахалж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар ажиллаж байна.

Мөн “Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах, суурь судалгаа хийх дэд ажлын хэсгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн ахлан ажиллаж байна.

Тус ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны үеийн инженерийн тооцоо, ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгө, шаардлагатай хүч, хэрэгсэл техникийн судалгааг гаргаад байгаа юм.

Дэд ажлын хэсэг өчигдөр хуралдан, судалгааны ажлын явц болон татан гаргах ажиллагааны бодлого, төлөвлөгөөг танилцуулж хэлэлцүүллээ.

Аврагчид Сүхбаатар хөлөг онгоцны байрлал, онцлогыг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судлан ажиллаж байна.

Судалгаа хийх явцад аврагчид онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоосон. Мөн хөлөг онгоцноос төмрийн дээж, гүний уснаас шорооны дээж, замагны дээж авчээ.

Сүхбаатар хөлөг онгоц нуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа юм байна.

Уг живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.

ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг 09 дүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан.

Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрхи сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Тогтоол усанд 12 настай хүүхэд энджээ

Сэлэнгэ аймагт 12 настай хүү тогтоол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2021.08.30/ гарчээ. Аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Жалга гэх газарт осол болсон байна.

Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт 13:30 цагийн үед бүртгэгджээ. Аврах багийнхан хүүгийн цогцосыг эргээс 13 метр зайтай, 3.2 метрийн гүнээс гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Энэ талаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Хонио хариулж явсан хоёр хүүгийн нэг нь халууцахдаа тогтоол усанд сэлэхээр орсон. Усны эргээр нь тоглож байсан ч сураггүй болж осолдсон” гэлээ. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр ослын дуудлага Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 14:50 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Аймгийн цагдаагийн газар 12 настай эрэгтэй усанд осолдож амь насаа алдсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаанхад-Гашуунсухайт боомтын богинын тээврийг эхлүүлнэ

Коронавирус цар тахалтай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоох шийдвэрийг Хятадын талаас гаргасан билээ.

Хоёр тал ярилцсны үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаан хад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө. Энэ шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд маргаашнаас /2021.08.31/ богинын нүүрс тээвэр эхэлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс Монголын хилээр нүүрс тээврийн хэрэгсэл гарахад болон Хятадаас эргэж орж ирэхэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, халууныг хэмжиж, эрүүл мэндийн хуудас бөглүүлж, хяналт шалгалт сайтар тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн тэтгэлэг олгов

Өнгөрсөн жил төгсөх ангийн сурагчид багштайгаа цахимаар харилцан Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн. Өөрийнхөө нөөц бололцоог дайчлан цахим хичээлдээ амжилттай суралцаж Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчдад өнөөдөр тэтгэлэг олголоо.

Тодруулбал, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч И.Ундрахжаргал, 4-р сургуулийн сурагч Б.Ариунцэцэг, Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Одгэрэл, “Мэргэд” сургуулийн сурагч Э.Энхчимэг нарт тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгож, амжилт хүслээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өчигдөр Замын-Үүд хилийн боомтод төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа орж иржээ

Замын-Үүд хилийн боомтод өчигдөр өргөн төмөр замаар 88 вагон, авто замаар 198 машин ачаа орж иржээ.

Энэ нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоотой ачаа орж ирсэн тохиолдол хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нөлөөгөөр сүүлийн жил гаруйн хугацаанд тодорхой боомт, хотод ачаа барааны бөөгнөрөл үүсээд буй. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ.