Categories
амьдралын-өнгө мэдээ

0-10 хүртэлх насны хүүхэдтэй болон жирэмсэн эхийг ажлын 6 цагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж Увс аймгийн удирдлагууд дараах шийдвэрийг гаргажээ.

  • 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газар, кофе шоп (заалаар үйлчлэхгүй, зөвхөн хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө), баар, караоке, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга, нийтийг хамарсан бусад арга хэмжээг тус тус хязгаарласугай.
  • Дээрх хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг өглөө 09 цагаас эхэлж 17 цагт дуусгах, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын 6 цагаар ажиллуулахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус зөвшөөрсүгэй.
  • Хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 17:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15 цагаас хойш хязгаарласныг хэвээр үлдээсүгэй.
  • Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/493 дугаар захирамжийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
  • Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын газрын дарга (хурандаа Б.Баттулга), Онцгой комиссын гишүүн, Цагдаагийн газрын дарга, (цагдаагийн дэд хурандаа А.Амарбат), Мэргэжлийн хяналтын газрын дарга (Ц.Мөнхбаяр), Эрүүл мэндийн газрын дарга (Ц.Алимаа), сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Жирэмсэн эхчүүдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна

Дорнод аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байгаа нийт 498 эхчүүдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах ажлыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү ажилд агентлаг, төрийн байгууллагын албан хаагчдыг татан оролцуулж байгаа бөгөөд жирэмсэн эхчүүдтэй нэг бүрчлэн утсаар холбогдож, сайн дураараа шинжилгээ өгөх хүсэлтэй эхчүүдэд шинжилгээний түр цэгийн хаяг байршил, шинжилгээ авах цагийн хуваарийн талаар зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэн ажиллаж байна.
Хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд шинжилгээний явуулын цэгийг тодорхой байршлуудад цагийн хуваарийн дагуу ажиллуулж, өдөр өдрөөр хуваарь гарган шинжилгээг зохион байгуулах юм.
Иймд эхчүүдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шинжилгээндээ хамрагдахыг уриалж байна.
2021.09.12-ны өдөр:
“Мянган жаргалан” өрхийн ЭМТ-ийн хяналтад байдаг жирэмсэн эхчүүд 08:30-12:30 цагийн хооронд “43-р байрны урд талын машины зогсоолд байрлах” шинжилгээний түр цэгт шинжилгээндээ хамрагдана уу.

13:00-18:00 цаг хүртэл Политехник коллежийн арын талбайд Асралт Үйлс өрхийн ЭМТ-ийн хяналтад байдаг жирэмсэн эхчүүдийг үнэгүй хамруулна.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Үхрийн арьс товруутах өвчнөөр 49 өрхийн 249 үхэр өвчлөөд байна

Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэмжээнд үхрийн арьс товруутах өвчлөл хамгийн өндөр байна. Тиймээс малчид, иргэдэд энэхүү халдварт өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг сайтар хүргэх шаардлагатайг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тус сумын хэмжээнд гурван багийн 49 өрхийн 249 үхэр өвчлөөд байна. Өвчнийг аль болох газар авахуулахгүй яаралтай арга хэмжээ авснаар голомтуудыг хумьж, эрүүл бүсээс эхлэн вакцинжуулж эхлэх аж.

Үхэр сүрэг нэгэнт арьс товруутах өвчнөөр өвчилсөн бол эдгээх, эсвэл вакцин тарих ямар ч боломжгүй учир малчдад үнэн зөв мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

Арьс товруутах өвчнөөр өвдсөн малын махыг зах зээлд нийлүүлж хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүйг мал эмнэлгийн мэргэжлийн эмч зөвлөж байна. Тиймээс өвчилсөн үхрийг устгалд оруулах, цаашид газар авахуулахгүй байх, вакцинжуулалтыг яаралтай эрүүл бүсээсээ хийж эхлэхийг үүрэг болголоо гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Архангай аймаг сургууль, цэцэрлэгийн хичээлийг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явуулахаар боллоо

Архангай аймаг цэцэрлэг, сургуулийн хичээлийг ирэх сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар явуулахаар боллоо.

Тодруулбал:

– Коронавирус /Ковид-19/ халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цахимаар явуулах,

– 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэх Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудад байгууллагын төсвөөр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Багшийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгох,

– Эрдэнэбулган сумын гадна талбайд худалдаа эрхэлдэг намрын хүнсний ногоо худалдаалах цэгийг халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусад нь байрлуулж, хяналт тавьж ажиллахыг Эрдэнэбулган сумын Засаг даргад үүрэг болгох,

– “Ковид-19” цар тахлын вирусийн мутацлагдсан “дельта” хувилбар нийт хүн амын дунд өргөн тархаж буйтай холбоотой сумын Онцгой комисс тархалтынхаа түвшинг долоо хоног тутам үнэлж, тухайн тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээг бие даан шуурхай авч ажиллах, үйлчилгээний болон хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлан ажиглах болон тусгаарлан эмчлэх байрыг дайчлах үйл ажиллагааг санаачилгаараа даруй шийдвэрлэн, тогтоосон горим тусгай шаардлагын хангалтад хяналт хийж, зөрчиж буй этгээдэд мэдэгдэл хүргүүлэн хариуцлага тооцож, Шуурхай штабынхаа үйл ажиллагааг улам эрчимжүүлж хариуцлагатай ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгох,

– Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдын 30 хүртэлх хувийг тусгай шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллуулахыг аж ахуй нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгах,

– Улаанбаатар хот, орон нутаг, сум хооронд зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан хаалганы хяналтын постод ажиллах алба хаагчдыг томилж ажиллуулах,

– Худалдаа, үйлчилгээний газрууд, гэртээ найр хурим зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл шаардлага хүргүүлэх, олон нийт цугларсан газруудад эргүүл хяналт гаргах зэрэг шийдвэрийг гаргажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Маргаашаас эхлэн Өмнөговь аймагт энэ сарын 25-ныг хүртэл хөл хорио тогтооно

Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж, халдварын тархалт өндөр байгаа учир хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Тодруулбал, өвчлөлийн тархалт өндөр байгааг харгалзаж маргааш буюу есдүгээр сарын 13-ны өглөө 06.00 цагаас 25-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохоор болж, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг маргаашаас хязгаарлалт тогтоох юм байна. Ингэхдээ дараах зохицуулалтыг хийх юм байна.

  • Бүх хичээл, сургалт цахимаар хичээллэнэ.
  • Аймаг, сум, cуурин газраас зөвшөөрөгдсөнөөс бусад орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд орой 18.00 цагаас өглөө 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана.
  • Төрийн байгууллагууд 09.00-16.00 цаг хүртэл ажиллана.
  • Зөвшөөрөгдсөн үйлчилгээ 07.00-17.00 хооронд ажиллана.
  • Хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, барилга, уул уурхай, эрчим хүч бүтээн байгуулалтын ачаа тээвэрлэх хүсэлтийг АОК. www.smartgobi.com системээр зөвшөөрөл өгнө.
  • Харьяаллын бус иргэдийг нэвтрүүлэхгүй.
  • Уул уурхайн ээлж солих ажиллагааг журмын дагуу зохион байгуулна.
  • Нэг дор таваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэжээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан​ аймагт цэцэрлэг, сургуулиудын 90 орчим хувь нь танхимаар хичээллэнэ

Завхан аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл өгч хэд хэдэн шийдвэрийг гаргаад байна.

-Тус аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 102 иргэн коронавирусний халдвар авч нийт батлагдсан тохиолдол 4713 болсон байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу цаашид зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг олон нийтэд мэдээлэхээр боллоо. Эхний ээлжид Завхан аймагт PCR шинжилгээ хийх хоёр мянган ширхэг урвалж бодис хуваарилсан байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 24 суманд халдвар бүртгэгдсэн байгаа. Нийт 861 иргэн эмнэлэгт, 534 иргэн гэрээр эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь хөнгөн 1195, хүндэвтэр 179, хүнд 15 хүн эмчлүүлж байна. 9-р сар гарснаас хойш нийт 1202 шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа. Эмч, эмнэлгийн ажилтан, хүний нөөцийн хомсдол үүссэн. Цаашид халдвар эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд ухамсартай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Цэцэрлэг, сургуулиудын 90 орчим хувь нь танхимаар хичээллэнэ

Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын гурав дахь тунг хийж эхлэх гэж байна.

Тухайлбал, 9-р сарын 13-ны өдрөөс 12-оос дээш насны иргэдэд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эхлүүлнэ. Харин 9-р сарын 13-23-ны өдрүүдэд бүх насны иргэдэд томуугийн дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Мөн үеэр аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас: -9-р сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын 13 сургууль танхимаар, 16 сургууль цахимаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Мөн 24 цэцэрлэг танхимаар, 19 цэцэрлэг цахимаар хичээллэж байна. 9 сарын 13-ны өдрөөс 90 орчим хувь нь танхимаар хичээллэх бэлтгэл ажлыг хангасан байгаа гэв.

Тандалт судалгааг сайжруулж хараа хяналтыг чангатгана

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас дөрвөн чиглэл ирсэн эдгээр чиглэлийг албан тоотоор бүх сумдад хүргүүлээд байна.

Тухайлбал улсын Онцгой комиссоос амны хаалт авч үйлчлүүлдэг бүх үйлчилгээний байгууллагуудыг танхимаар үйлчлэхийг хориглох. Мөн 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох. Албан байгууллагууд аль болох ажилчдаа цахимаар ажиллуулах. Намрын дунд сарын шинийн 17 болон бусад өдрүүдэд хурим найр хийхийг хатуу хориглох чиглэл ирүүлсэн байна. Иймд дээрх чиглэлийг сум бүрд хүргүүлсэн бөгөөд тухайн сумын Онцгой комисс дээрх чиглэлийн дагуу орон нутгийн онцлогтоо тохируулан шийдвэр гаргаж ажиллана.

Харин аймгийн Шуурхай штабын хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлээд байна. Тухайлбал, мэргэжлийн байгууллагууд коронавирусний халдвартай холбоотой урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, эргэх холбоогоор ард иргэдийг сайтар хангаж ажиллах. Аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үед нь хүндрэл, дараалал үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах. Тандалт судалгааг сайжруулж, хяналтыг чангатгах. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хяналтыг сайжруулах. Бүх сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг ойрын хугацаанд бүрэн хангаж дуусгах үүрэг чиглэлийг холбогдох газруудад өглөө гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Архангай аймагт 60 тарвага, 14 буу хураан авчээ

Архангай аймагт тарвага агнан худалдан борлуулахыг завдсан 10 зөрчлийг илрүүлж, 60 тарвага, 14 буу хураан авчээ. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газрын Экологийн цагдаагийн алба нь БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Тарвага” хэсэгчилсэн арга хэмжээг наймдугаар сарын 30-наас хэрэгжүүлж буй аж. Энэхүү арга хэмжээний хүрээнд эргүүлж хийх явцдаа дээрх зөрчлийг илрүүлжээ.

Эргүүл шалтгалын ажил үргэлжлэх бөгөөд аравдугаар сар хүртэл Хангай, Цахир, Тариат сумын нутагт хяналт шалгалт хийх аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өчигдөр Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг мэдээг хүргэлээ.


Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 366 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°16’48.0″, У-100°16’12.0″/ есдүгээр сарын 10-ны өдрийн 07:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07:41 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Усны осол: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 265 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ иргэн М, Н нар есдүгээр сарын 03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь Эгийн голын бетон гүүрний хажуугаас олсон тухай дуудлагыг есдүгээр сарын 06-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Булган авто зам засвар арчилалт” ТӨХК-ийн ажилтан, ар гэрийн хүмүүс тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Тухайн газарт наймдугаар сарын 20-ны өдөр орсон усархаг борооны улмаас Эгийн гол савнаасаа хальж гүүрнээс эрэг хүртэлх далан бүхий зам 100 метрт сэтэрсэн бөгөөд, сэтэрсэн хэсгийг наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн сэргээн засварласан байсныг буцаан ухуулах явцад есдүгээр сарын 10-ны өдрийн 17:20 цагт иргэн Н-ийн цогцос, 17:40 цагт иргэн М-ийн цогцос тус тус олдсон. Цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Таван салааны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажилд оролцож байсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О нь есдүгээр сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэх хайх, аврах салбарын алба хаагчид иргэн О /55 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар мөн өдрийн 22:45 цагт Батширээт суманд очиж хоноглоод, есдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цааш хөдөлсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Эрхт тамч багийн “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ Иргэн Ц наймдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ айлд цагаан идээ хүргэхээр явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 21-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ц /45 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг есдүгээр сарын 08-ны өдөр “Эрхэтийн-Ар тогоот” гэдэг газар мориор болон автомашинтай 4 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр мөн өдрийн 20:19 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Хяргын ганц-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ иргэн Г наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагт хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөс тусламж хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг наймдугаар сарын 27-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Г /53 настай, эрэгтэй, алга болох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, тус иргэний малгай, гадуур дотуур цамц олдсон/-ийг есдүгээр сарын 02-ны өдрийн 10:20 цагийн орчим Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Нэрстийн цоорхой гэдэг газар /Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/-т явган мод руу гүйж орсон гэсэн мэдээллийг жимсэнд явж байсан хүмүүс өгсний дагуу 10:55 цагаас эхлэн “Нэрстийн цоорхой” гэдэг газраас 15 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:25 цагт түр зогсоосон. Есдүгээр сарын 09-ний өдөр сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Ренчинлхүмбэ сумын “Хоолойн зах” багийн “Булгайн даваа” гэдэг газраас 8 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймгийн нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км-т орших Сэрвэн хашаат гэдэг газарт /Ө-48°40’48.0″, У-102°40’12.0″/ есдүгээр сарын сарын 9-ний 11.05 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 11.13 цагт ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй” хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймаг ​өвлийн хэрэгцээнд 1200 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, дулаан үйлдвэрлэл, агаарын бохирдолтой холбоотой олон асуудлыг хэлэлцэн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст үүрэг чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд дулаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгж 36 уурын зуухыг ажиллуулж байна. Хүйтний улирал ирж байгаа тул зуухнуудын аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх, нүүрсээ татан авах ажил өрнөж, үүнд аймгийн ХОХБТХ-ээс хяналт тавин ажиллаж байгаа юм.

Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн томоохон ажил бол шахмал түлшний үйлдвэрлэл бөгөөд хариуцагч компаниас холбогдох дүгнэлтүүдийг гаргуулж, одоогоор 40 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Энэ өвөл 1200 тонныг үйлдвэрлэж, эхний ээлжинд Арвайхээр сумын айл өрхүүдэд нийлүүлэх зорилттой ажиллаж байна.

Эрчим хүчний төслөөр Арвайхээрт 10/0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэн сайжруулж байгаагийн зэрэгцээ Өвөрхангай аймаг дахь салбараас 19 чиглэлд урсгал засварыг хийж байгаа тул тог цахилгааныг хязгаарлах асуудал гарч байгаа. Төслийн ажил 2022 оны 6 дугаар сард бүрэн дуусч хүлээлгэн өгөх юм. Өвлийн улиралд цахилгааныг аль болох таслахгүй байхыг зөвлөлийн гишүүд холбогдох албаныханд хэлэв.