Categories
амьдралын-өнгө мэдээ

​Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ

Замын-Үүд суманд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, тус суманд өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 20:00-06:00 цагаас 10 хоногийн хугацаатайгаар явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Улмаар Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Наймдугаар сарын 23-ны өдөр гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болсон 36 настай эрэгтэйн цогцсыг есдүгээр сарын 15-нд олсон байна.

Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ “Орхон” голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас есдүгээр сарын 15-ны өдрийн 19:15 цагт Онцгой байдлын газарт тавьжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:50 цагт ангийн байрлалаас хөдөлж, есдүгээр сарын 16-ны өдрийн 02:24 цагт Өлзийт суманд очиж хоноглоод 07:50 цагт голомтод очиж цогцос гаргах ажиллагааг эхлүүлсэн байна.

Голын эргээс 50 метрийн зайд голын дунд орших арлаас 09:08 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно

Коронавирусийн нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар- Өмнөговь Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоож байгааг мэдэгдэж байна.
Мөн “Улаанбаатар- Дундговь Мандалговь- Сайхан-Овоо сум” чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдэж байна гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймагт шүлхий өвчин гарчээ

Сэлэнгэ аймагт шүлхий өвчнөөр 79 толгой мал өвчлөөд байна. Тус аймгийн Мандал суманд халдвар бүртгэгдэж, шүлхий өвчний вакцинжуулалт хийж эхэлжээ. Ойролцоох сумдад халдвар тархаагүй бөгөөд одоогоор Мандал сумын нийт малын 62 хувийг вакцинжуулаад байна.

Халдварын голомтыг тогтоохоор ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Шүлхий өвчний нууц үе 3-14 хоног байдаг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны төрөл, нас, үүлдэр зэргээс хамаарч харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэчүүд өнгөрсөн жилээс 2.5 цн-ээр их ургац авах төлөвтэй байна

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд коронавирусийн 10945 тохиолдол батлагдсанаас 7808 нь эмчлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар 2894 иргэн хөнгөн хэлбэрээр оношлогдож гэрээр эмчлүүлж байна. Вакцинжуулалтын хувьд нэгдүгээр тунд нийт хүн амын 85, 2 дугаар тунд 88 хувь хамрагдсан бол 6693 иргэн бүүстэр тун хийлгэжээ.

Сэлэнгэ аймгийн хувьд цар тахлын халдвараар нийт 6992 иргэн өвчилснөөс 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр оношлогдсон байна. Вакцинжуулалтын хувьд 85 хувь нэгдүгээр тунд, 80,2 хувь 2 дугаар тунд хамрагдсан талаар аймгийн Засаг дарга Ж.Оргил танилцууллаа.

Аймгийн хэмжээнд 35 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын 96 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан бол 12-17 насны 80 орчим хүүхдүүд хоёр тунд бүрэн хамрагджээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөөврийн рентген аппарат, ПСР төхөөрөмж шаардлагатай байгааг Шадар сайд даруй шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил ургац сайтай байгаа бөгөөд өнгөрсөн жилээс 2.5 цн-ээр их ургац авах төлөвтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үeд аль болох хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа. Ялангуяа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, импорт, экспортын ачаа бараа, бүтээгдэхүүний идэвхтэй бүс болох хилийн томоохон боомттой Сэлэнгэ аймгийн тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох дэмжих учиртай. Үүний тулд Халдварын голомтыг хумих ажлыг эрчимжүүлж шат шатны ажлын уялдаа холбоог сайжруулах нь чухал.

Ковидын Халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд сайн дураар хамруулах ажлыг эрчимжүүлж, иргэдийг мэдээ мэдээллээр сайтар хангах хэрэгтэй” хэмээн үүрэг даалгавар өглөө.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна


Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар бороо орно. Цаашдаа ихэнх нутгаар хур бороо багатай, өдөртөө дулаарна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Есдүгээр сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Шөнөдөө нутгийн зүүн хагаст үүлэрхэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус дулаан.
Бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.
9 дүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөв гарчээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнгөрсөн шөнө ​Хөвсгөлд 3.8, Дундговьд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Хөвсгөл болон Дундговь аймагт өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн Ламтайга гэдэг газар есдүгээр сарын 14-ний 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэжээ.

Мөн Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” есдүгээр сарын 14-ний 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Засаг даргын Тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нар газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүйг холбогдох албаныханд мэдээлжээ.

Газар хөдөлсөн солбицол:

  • Хөвсгөл: Ө-50°02”24” У-98°10”12”
  • Дундговь: Ө-46°13”12” У-106°51”00”

2021 он гарснаас хойш манай улсын найман аймагт 3-6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.

  1. 2021.01.08 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 4.2 магнитуд
  2. 2021.01.12 Хөвсгөл аймагт 6.7 магнитуд
  3. 2021.01.13 Баян-Өлгий аймагт 3.1 магнитуд
  4. 2021.02.13 Говь-Алтай аймгийн Чандмань суманд 3.6 магнитуд
  5. 2021.03.23 Говьсүмбэрт болсон 5.5 магнитуд
  6. 2021.07.09 Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 3.8 магнитуд
  7. 2021.07.22 Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагш 49 километрт 5.2 магнитуд
  8. 2021.09.08 Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойш 18 км-ын зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.

Харин өнгөрсөн шөнө Дундговь аймагт газар хөдөлснөөр ес дэх аймаг болж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Баянчандмань суманд 400 тонны багтаамжтай төмс, хүнсний ногоо хадгалах зоорь баригдаж байна


Төв аймгийн Баянчандмань суманд 400 тонны багтаамжтай төмс, хүнсний ногоо хадгалах зоорь баригдаж байна.

Аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу орон нутгийн иргэдийн хэрэгцээ, цаашлаад Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээг хангахад зориулж эрүүл хүнсийг жилийн дөрвөн улиралд нийлүүлэх, хүнсний ногооны хадгалалтыг уртасгах, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зоорийн аж ахуйг хөгжүүлэх төслийг боловсруулан ажиллаж байна.

Тариаланч, ногоочдын хувьд байнга тулгамдаж байдаг асуудал бол хураан авсан ногооныхоо чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах зоорь, агуулахын асуудал юм.

Уг зоорийг аймгийн хөдөө аж ахуй, стратеги төлөвлөлтийн хүрээнд аймаг хөгжүүлэх сангийн 50 сая төгрөгийн зээлээр барьж байгаа аж. Энэхүү зоорь нь инженерийн зураг төслийн дагуу барилгын стандартаар баригдаж байгаа гэдгээрээ онцлогтой.

Зоорийн аж ахуйтай болсноор тариаланчид, ногоочид маань төмс хүнсний ногоогоо эрүүл, чанартай хэвээр нь хадгалж, жилийн аль ч улиралд худалдан борлуулж, цаашлаад улирлаас шалтгаалсан үнийн өсөлт, бууралт гэх мэт зах зээлийн хэлбэлзэлгүй, тогтвортой байх боломж бүрдэнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Булган, Цэнгэл суманд бэлчээрийн даац хэтэрчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн баг бүрийн малын тоо, бэлчээрийн ургац, талбайн хэмжээ, ашиглах хугацаа зэрэг мэдээллүүдийг үндэслэн 2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлон гаргасан байна.

Судалгаагаар 8 дугаар сарын 20-ны байдлаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Толбо сумын нутгаар бэлчээрийн даац сайн, бусад нутгаар дунд буюу зуншлага оройтсон, ургамал гандаж хатсан, зарим сум, багийн нутгаар даац хэтэрсэн дүн гарчээ.

Тодруулж хэлбэл, Булган сумын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, Цэнгэл сумынх 3-5 дахин хэтэрсэн нь тогтоогджээ. Харин нийт нутгийн 25 хувьд нь даац 1-3 дахин хэтэрсэн аж.

Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрсэн сумдын хувьд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Увс аймагт нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 26-ныг хүртэл хязгаарлажээ

“Ковид-19” халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймагт хязгаарлалт тогтоохоор болжээ.

Тодруулбал, есдүгээр сарын 13-н буюу өнөөдрөөс есдүгээр сарын 26-ныг хүртэл аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, цайны газар, кофе шопыг заалаар үйлчлэхийг нь хоригложээ.

Мөн баар, караоке, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, урлаг, спортын дугуйлан, хурим найр, хүлээн авалт, үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлана.

Түүнчлэн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагаас бусад төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын цагийг 09:00-17:00 цаг болгох, 0-10 хүртэлх насны хүүхэдтэй, жирэмсэн эхийг ажлын зургаан цагаар ажиллуулахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосон байна.

Мөн хүнс, барааны зах, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00-17:00 цаг, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.