Categories
амьдралын-өнгө мэдээ

Баруун бүсийн цахилгаан эрчим хүч ​өнөөдөр 22:00 цагт хэвийн системд шилжинэ

ОХУ-ын цахилгаан дамжуулах станцын засвартай холбоотойгоор баруун бүсийн хэрэглэгчид гурван хоног цахилгаангүй байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар хийлээ.

Тэрбээр “Баруун бүсийн хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг. Манай улс ОХУ-аас 110 кВт-ын хүчдэлийн шугамаар эрчим хүчээ дамжуулан авдаг.

Уг шугамд ОХУ өөрийн эзэмшлийн талд засвар хийх шаардлагатай болсон учраас гурван өдөр буюу есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд 06:00-22:00 цагийн хугацаанд засвар хийж, цахилгааныг хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн 22:00 цагт засвар дуусаж хэвийн системдээ шилжинэ” гэсэн юм

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорнод аймгийн зарим сумдад цагаан зээр олноороо үхэж байна

Дорнод аймгийн зарим суманд цагаан зээр олноороо үхэж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна.

Тодруулбал, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар сумын нутагт зээрийн сэг зэм олноороо таарах болжээ. Энэ талаар аймгийн Мал эмнэлгийн газар “Зээр доголж байгаад үхэх байдал ихээр ажиглагдаж байгаа. Зээрийн сүрэгт шүлхий өвчин гарсан байх магадлалтай гэж үзсэн учир шинжилгээ авч дээжийг төв лабораторид илгээсэн” гэв. Гурванзагал суманд 270 зээрийн сэг зэмийг устгах ажлыг хийж байгаа аж.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Увс, Ховд, Баян-Өлгийд гурав хоног цахилгаан хязгаарлана

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг 2021 оны есдүгээр сарын 20-22-ны өдөр 06:00-20:00 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Тодруулбал, ОХУ-ын улс хоорондын 110 кВ-ын С-458 “Улаангом-Чадан” цахилгаан дамжулах агаарын шугамын урсгал засварыг хийж байгаа аж.

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас тодруулахад “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засвар эхэлж, Орос талаас графикт агаарын шугамын урсгал засвар хийж байна. Энэ шугамыг хүчитгэх засварын ажлууд өнөөдөр 06:00 цагаас эхэлсэн. Гурав хоног үргэлжилнэ. Иргэдэд урьдчилж мэдээлэл хүргэсэн бөгөөд өмнө нь төлөвлөсөн байсан ажил учир хүндрэл үүсээгүй. Засварын ажил графикийн дагуу үргэлжилж байна.

Гэхдээ Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Засварын ажлын талаар хэрэглэгчдэд зар түгээж мэдээлсэн. Мөн бүх хүн мэдээлэлтэй байгаа эсэх талаар утсаар тодруулж буй. Засварын ажил товлогдсон хугацаанд дуусна гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

​Төв аймгийн хэмжээнд ургац хураалт 30 гаруй хувьтай байна

Төв аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар үр тариа 3022.5 га-аас 5640.7тн, улаанбуудай 2069 га-аас 4013.9 тн, төмс 4802 га-аас 39769.1 тн, тэжээл 905 га-аас 3995 тн, хүнсний ногоо 433.2 га-аас 5857.8 тн хураасан байна.

Аймгийн тариаланчид энэ онд үр тариа 77.5 мянган га, улаанбуудай 68.7 мянган га, төмс 12.3 мянган га, хүнсний ногоо 1.6 мянган га, тосны ургамал 25.6 мянган га, тэжээлийн ургамал 44.1 мянган га-д тус тус тариалалт хийсэн бөгөөд ургац хураалт 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Төв аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймагт халдварын хамгийн олон буюу 297 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт 280.540 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 55.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 44.2 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар орон нутагт халдвар нийтдээ 124.234 болоод байна.


Сүүлийн 24 цагт нийт 2543 хүн шинээр халдвар авснаас 1,201 нь орон нутагт бүртгэгдсэн.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр нь харвал өнгөрсөн хоногт Дундговь аймагт хамгийн олон буюу 297 хүн шинээр халдвар авчээ. Ингэснээр тус аймагт нийт батлагдсан тохиолдол 4065 болов.

Түүнчлэн Булган аймагт 113 тохиолдол шинээр илэрсэн бол Завхан аймагт халдвар нэмэгдээгүй байна. Харин бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймагт 13 настай хүүхэд тогтоол усанд живж, нас баржээ

13 настай хүү тогтоол усанд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвөөс 36 километр зайд орших Нугын тохой гэдэг газар тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход 13 настай хүү 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг 21 минут ажиллаж, цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуурч нутгийн зүүн хагаст бороо орно

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүсэж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Маргаашийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Есдүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

21-23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 24-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаас байлдааны зориулалттай сум олджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Жанчивын гудамж “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-оос байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага 11:26 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 11:28 цагт очиж, 3 минут ажиллан 50 см урттай 120 мм голчтой “Миномётын мин”, нэг ширхэг сумыг аюулгүй болгосон байна.

Ташрамд мэдээлэхэд өнгөрөгч 2020 онд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 016-р ангийн сургалтын талбайд миномётын сум дэлбэрч, хоёр алба хаагч гэмтэж байв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрдэнэт аймагт хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн олборлолтын зардлын 45 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам тээвэрлэлтийн дундаж зай уртасч, тэр хэрээр зардал байнга өсөн нэмэгддэг. Иймээс үйлдвэрийн газрын удирдлагууд уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэхээр өнгөрсөн хавар ХБНГУ-ын “3В TEC AUFBEREITUNGSSYSTEME” компанитай “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр гэрээ байгуулснаар эхэлсэн юм.

Уулын цул тээвэрлэлтийн зардлыг 37 хувиар, хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хувиар бууруулах энэхүү ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг гаргах ажил өнөөдрийн байдлаар бүрэн дуусч, үйлдвэрлэлийн шатандаа шилжээд байна. Удахгүй барилга угсралтын ажил эхлэх бөгөөд ирэх оны долдугаар сард ашиглалтад хүлээн авна гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэвэрлэх байгууламжийн нээлт боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сум хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний цэвэрлэх байгууламжтай боллоо.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан, Л. Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г. Мөнгөнхуяг, Мөрөн сумын Засаг дарга Ш. Идэрбаясгалан, Төслийн удирдагч Б. Оюун нар тууз хайчилж албан ёсоор нээлт хийлээ. Энэхүү Цэвэрлэх байгууламж нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд баригдсан. Цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой дэвшилтэт технологи бүхий Цэвэрлэх байгууламж юм.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна. Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад орууллаа гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.