Categories
амьдралын-өнгө мэдээ

Самарт явсан гурван хүний хоёр нь амиа алджээ

Төв аймгийн Мөнгөнморьт суманд автомашинтай гурван хүн усанд осолдож, хоёр нь амь насаа алджээ. Энэ тухай дуудлага өчигдөр /2021.09.28/ орой 20:00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, “Газ 2410” автомашины жолооч, 37 настай эрэгтэй нь согтуурсан үедээ жолоо барьж яваад осолдсон бөгөөд өөрөө голын эрэг дээр эсэн мэнд гарчээ.

Аврах багийнхан талийгаач 44, 55 настай эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, жолоочоос гадна автомашинд зорчиж явсан хоёр иргэн мөн согтуу байжээ.

Тэд Багануур дүүргийн харъяат иргэд бөгөөд самар түүхээр Мөнгөнморьт сумын чиглэлд зорчиж явсан аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймаг: Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг анхаарууллаа

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн гэх дуудлага 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр иржээ.

Мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, энэ сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Иймд малчин, ард иргэд :

  • Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
  • Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байж амь насаа хамгаалахыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Ташрамд мэдээлэхэд баавгай нь махаар хоолшдоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг. Самар, жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна.

Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд халдах тохиолдол гарч байсан гэж Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Замын-Үүд суманд тогтоосон цагийн хязгаарлалт дуусаж, орох гарах хөдөлгөөнийг нээжээ

Замын-Үүд суманд есдүгээр сарын 18-ны өдрөөс 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байв. Цар тахалтай холбогдуулан арав хоногийн хугацаанд тогтоосон энэхүү сум доторх хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдөр цуцалжээ.

Улмаар сумын орох гарах хөдөлгөөнийг нээсэн бөгөөд байнгын оршин суух хаягтаа Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг ПГУ шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх аж.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд тус сум дахь цагдаагийн газраас эргүүлийн 511 байршилд 985 алба хаагч ажиллаж 799 хүн, 705 тээврийн хэрэгслийг шалгаж 25 зөрчлийг илрүүлж ажилласан байна. Үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчил давамгайлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цаг уурын дэд станц суурилуулав

Шинжлэх ухааны академи-Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын судалгааны баг Баянхонгор аймагт ажиллалаа.

Монгол орны хэмжээнд 200 орчим цэгт цэвдгийн хяналт хийж байгаагаас Баянхонгор аймгийн хэмжээнд нийт найман цооногт хэмжилт судалгааг хийж байна.

Ажлын баг Баян-Овоо, Галуут, сумын цэвдгийн мониторингийн цэгүүдийн мэдээллийг авах, Галуут сумын Үнэгт гуравдугаар багийн төвийн ойролцоо цаг уурын дэд станцыг суурилуулжээ. Уг станц нь салхины хурд, салхины чиглэл, ул хөрсний температур, хур тунадас, харьцангуй чийгшил, агаарын даралт, нарны цацрагийн мэдээлэл мөн бэлчээрийн талхдал, цэвдгийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хянаж, хэмжигдэхүүнийг 15 минут тутамд хэмжих бөгөөд үүсвэрээс улиралд нэг удаа мэдээллийг авдаг байна.

Цэвдгийн өөрчлөлтийн гол үзүүлэлт нь түүний температур ба зузаан болдог бөгөөд Монгол орны хэмжээнд цэвдгийн температур 10 жил тутамд 0.04-0.29С-ээр дулаарсан байх ба нам дор газрууд болон өмнөд захаар нимгэн цэвдэг үгүй болох, зарим газарт зундаа гэссэн хэмжээндээ хүрч, өвөлдөө хөлдөхгүй болох зэрэг үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ нь нэг талаас уур амьсгалын нөлөө, дулааралт нөгөө талаас хүний хүчин зүйлээс шалтгаалдаг байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөлд ходоодны хорт хавдрын мэс засал хийж эхэллээ

Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ хүргэх зорилгоор Хавдар судлалын үндэсний төвийн эмч Б.Түвшин хоймор нутагт ажиллаж байна.

Тэрбээр ирснээс хойш орон нутагт хөхний хорт хавдрын хагалгаа, ходоодны хорт хавдрын мэс заслыг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийгээд байна.

Тус аймаг 10000 хүн амд хорт хавдрын нас баралт 2019 онд 16.7 хувь байсан бол 2020 онд 15.3 хувь болж 1.4 промилиор буурсан. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын хяналтад нийтдээ 700 гаруй хүн бүртгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80 гаруй тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр гарчээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газарт ой, хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай мэдээллийг өчигдөр буюу есдүгээр сарын 27-ны өдрийн 14:17 цагт Онцгой байдлын алба хүлээж авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид, сумын иргэд ажиллаж, 16:50 цагт цурманд оруулжээ.

Урьдчилсан байдлаар нийт зургаан га орчим талбай шатсан талаар албаныхан мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, салхи шуургатай байна.
2021 оны есдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Цогт-Овоо сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгын ажлын явцыг шалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны наймдугаар сараас эхлэн баригдаж буй уг сургуулийн нэмэлт санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.

Барилгын ажлыг шалгах үеэр дэд сайд Г.Ганбаяр барилгын чанар хангалтгүй байгаа тул анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанид санууллаа.

Тусын сумын ерөнхий боловсролын сургуульд нийт 280 хүүхэд суралцаж, 33 багш, ажилтан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар сурагчид цахимаар хичээллэж байгаа бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн танхимаар хичээллэж эхэлнэ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хүүхдийн 50 ортой, төрөлжсөн эмнэлэг ашиглалтад орлоо

Аймгийн төв Арвайхээрт Улсын төсвийн 5 тэрбум гаруй төгрөгөөр 50 ортой Хүүхдийн төрөлжсөн эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад орууллаа.

Коронавирусийн халдвар нэмэгдэж, аймгийн БОЭТ ачааллаа дийлэхгүйд хүрсэн хүнд цаг үед шинэ эмнэлэг ашиглалтад орж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх, БОЭТ-ийн тасгуудын хэвийн ажиллагааг хангах, хүүхдэд үзүүлэх эмчилгээ, сувилгааг нэг дор төвлөрүүлэх олон талын ач холбогдолтой юм. Цаашид тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчний ур чадварыг сайжруулахад анхаарч ажиллана гэдгийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хэлж байв.

БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган зэрэг аймгаас 20 мянга орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 3 мянга орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас ханиад томууны үед ор хүрэлцэхгүйд хүрдэг уг асуудлыг ийнхүү шийдвэрлээд байна. Хүүхэд, төрөхийн хуучин тасгуудыг ковидын халдварыг эмчлэх тусгаарлалтын эмнэлэг болгон ашиглах аж.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорнод аймагт хар ялааны нүүдэл үргэлжилж байна

Дорнод аймагт хар ялааны нүүдэл болж буй талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд хавар, намрын улиралд хар ялааны нүүдэл болдог тухай иргэд цахим хуудастаа бичжээ. Хар ялаа нь зөвхөн тус аймагт дэгдээгүй, тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр тарж байгаа аж. Албаны хүмүүсийн ажиглалтаар нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж буй юм байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн жилүүдэд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн” рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавж болох нь тогтоогдсон байна.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хар ялаа устгах зөвлөмж өгсний дагуу хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацдаг аж. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой учир шөнийн цагаар хор цацаж буй юм байна.

Хар ялаа нүүдэллэж байгаа учир хор цацаад ч хурдан хугацаанд алга болохгүй, байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээн албаны хүмүүс үзэж байна.