Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Үр тарианы 26.4 хувь, төмс, хүнсний ногооны 65-70 хувийн ургацыг хураан аваад байна

Орон даяар хураалт өнөөдрийн байдлаар 55.7 мянган га талбайг ангилан хадаж, 99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Ингэснээр үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65-70 хувийн явцтай байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ:

Цаг уурын байгууллагаас авсан мэдээллээр өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Харин 7-ны өдрөөс баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
8-ны өдөр, 8-9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул тариаланчдад онцгойлон анхааруулж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Малчдад зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага боловсруулжээ

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (MNG/18/01/RBS”-ийн дэмжлэгтэйгээр “Малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гарын авлага”-ыг боловсрууллаа.

Гарын авлагыг боловсруулахдаа мал аж ахуй эрхлэгч иргэн, малчин өрхийн өдөр тутмын үйл ажиллагаанд суурилсан судалгаа хийж, гарын авлагын төслийг Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн малчин өрхүүдэд танилцуулан туршиж, тэдний гаргасан санал зөвлөмжийг тусгасан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг журамд мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй малчид өөрийгөө аюул, осол, халдварт өвчнөөс хэрхэн хамгаалах, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох тусгайлсан сургалтын хөтөлбөр, сэдвийг тодорхойлж өгсөн.
Албан бус секторт хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх ойлголт мэдлэг сул, ажлын байрны эрсдэл, эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлийг төдийлөн тооцож, урьдчилан сэргийлж чаддаггүй зэрэг нөхцөл байдал түгээмэл байдаг.
Иймээс малчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх гарын авлага боловсруулан бэлтгэх хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж, энэхүү гарын авлагад мал маллаж буй хүний ажил үүрэгтэй холбоотой учирч болзошгүй аюул осол, эрсдэлийг таньж илрүүлэх, халдварт өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг иргэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн агуулгыг тусгалаа.
Энэхүү гарын авлагыг малчин иргэн, өрх бүр үйл ажиллагаандаа ашиглахын сацуу өөрийгөө болон бусдыг аюул осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, нийгэмд соён гэгээрүүлэх ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Xовд аймагт “Тарвасны баяр 2021” боллоо

Тарвас бол Ховд нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг юм. Иймээс нутгийн онцлог, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Тарвасны баяр 2021” үйл ажиллагааг Ховд аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Энэ хүрээнд мэргэжлийн байгууллага, тогооч нар тарвас болон бусад төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо ашиглан хоол, ундаа зэргийг хийж, олон нийтийн хүртээл болгосон юм.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөл үндэсний хувцас, цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцлоо.

Энэ үeэр танилцуулсан бүтээгдэхүүнээс онцлоход хамгийн том хулуу 10 кг, тарвас 13 кг жинтэй байлаа. Мөн давсан дээр шарсан хонины хуйхалсан мах, тарвасын хуурга гэх зэрэг хоол иргэдийн сонирхлыг татав.

Ийнхүү Ховдын тарвас – хоол, ундааны баяр нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэж байснаараа онцлогтой.

Ховд аймгийн тухайд жилд дунджаар 5000 гаруй тонн тарвас хураан авдаг гэх судалгаа гарчээ. Тарвасаар 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, нэмүү өртөг шингээн худалдах, цаашлаад гадаад, дотоодын жуулчдыг татах, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх боломж байгааг энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан сурталчиллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Цэцээ гүн рүү авирсан долоон хүний нэг нь сураггүй болжээ

Долоон иргэн өчигдөр өдрийн 12:30 цагийн орчим Цэцээ гүний чиглэлд ууланд авираад буцаж буух үед 19:00 цагийн орчим 33 настай эрэгтэй төөрчээ. Түүнийг төөрсөн тухай дуудлагыг тухайн өдрийн 23:00 цагт нийслэлийн онцгой байдлын албанд өгсөн байна.

Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт өнгөрсөн шөнийн 23:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймгийн Өлзийт суманд сургуулийн 180 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барьж байна

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг “Ди Ти И Эм Строй” ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч энэ ондоо багтааж ашиглалтад оруулна гэдгээ барилгын инженер мэдэгдлээ.

Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Сэлэнгийн нутгаар ахиу хэмжээний нойтон цас орно

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө Увс, Завхан, маргааш өдөр Хөвсгөлийн нутаг, Булган, Хэнтийн хойд хэсгээр, 02-03-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 сарын 01-ний 20 цагаас 10 сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Увс Нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Өвөрхангай аймагт хээрийн түймэр гарч, 10 га талбай шатжээ

Өвөрхангай аймгийн Тарагт суманд хээрийн түймэр гарч, 10га талбай шатжээ.

Тодруулбал, тус сумын Арвайн тал баг Хайрханы хишиг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс, орон нутгийн иргэд очжээ. Улмаар 16:23 цагт түймрийг цурманд оруулж, 17:13 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Зарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2021 оны аравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, 01-02-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр, 10 сарын 02-ний өдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 6-8 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Улсын хилээс 7.6 км газарт Өмнөд Монгол дүрвэгчийг илрүүлжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлжээ.

Үүний дагуу хилийн эрэл зохион байгуулахад улсын хилээс 7.6 км газарт хил зөрчигч нуугдаж байсныг хилчид илрүүлэн саатуулсан байна. Хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөд Монгол хүн байжээ. Тэрбээр хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийг биедээ авч явсан аж. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Баруун болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж хүйтэрнэ

2021 оны 09 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.