Categories
амьдралын-өнгө мэдээ

Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан, Баян нуур, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн бэлчээрийн даац тодорхойлох ажлыг наймдугаар сард зохион байгуулжээ.

Эдгээр бүс нутагт 2021-2022 оны өвөл нийт хонин толгойд шилжүүлснээр 854 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гэсэн дүн гарсан байна. Отрын бүс нутагт 19 аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хангажээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна

Найрамдлаар овоглосон Дархан хот өнөөдөр 60 жилийн ойтойгоо золгож байна. Анх 1961 оны энэ өдөр Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн “Бурхантын хөндий”-д тавьсан байна.

Тус хот нь хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан юм. Энэ ч утгаараа Дархан хотыг “Найрамдлын хот” хэмээн нэрлэсээр ирсэн байна.

УИХ-н 1994 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн юм. Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан хотод амьдардаг бөгөөд хүн амын 64.5 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг хэмээн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудаснаа тэмдэглэгдсэн байдаг.

Дархан хот нь дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабел, тоон системийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй, бусад аймагтай харьцуулбал нийтийн найдвартай, тогтмол хямд тээврийн хэрэгсэлтэй, хүмүүсийн амьдралын өртөг бага зэрэг давуу талтай.

Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүсэд багтдаг. Хараа голын эрэг Бурхантын хөндийд оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 700 м-ийн өндөрт байрласан ба 327.5 мянган га газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай бүс нутаг юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Молекул биологийн лаборатори ашиглалтад орлоо

Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Молекул биологийн лаборатори” ашиглалтад орж PCR шинжилгээг аймагтаа авдаг боллоо.

“Ковид-19” цар тахлын энэ үед шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү тээвэрлэн шинжилдэг байсан. Энэ нь хүлээлт үүсгэдэг байсан учраас цаг хугацаа алдах, өвчтний биеийн байдал хүндрэх зэрэг асуудалтай байсан юм. Тус асуудлуудыг харгалзан үзэж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлж УИХ-ын дарга асан, “Эх нутгийн иргэд” ТББ-ын тэргүүн М.Энхболд өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Монгол малчин” төслийн хүрээнд хамтран ажилладаг “Баянмөнх техник дэвшил” ХХК болон ЭМЯ-д хүсэлт тавьсны дагуу 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Молекул биологийн лаборатори”-ийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.

Уг лабораторийн үйл ажиллагааг хэвийн явуулах, агааржуулалт холболт, өрөө тасалгааны засварын ажлыг аймаг, орон нутгаас дэмжин хийж өгснөөр 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварыг илрүүлэх PCR шинжилгээг туршилтын журмаар хийж эхэлсэн юм.

10-р сарын 14-ний өдрөөс PCR шинжилгээг албан ёсоор авч эхэлсэн бөгөөд үнэ төлбөргүй юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хил зөрчсөн БНХАУ-ын иргэнд Улаанбаатараас өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Цай Пингд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Энэ заалтад “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийн 1 дэх хэсэг /Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүх энэ сарын 05-ны өдөр хэргийг хүлээн авсан байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” энэ сарын 5/46 дугаартай прокурорын тогтоол, энэ сарын 05-ны өдрийн 5/77 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн аж.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх энэ сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

Харин хуульчид энэ шийдвэрийг шүүмжлэн, хил зөрчсөн гэмт хэрэгтэнд хоёр жил нийслэлд оршин суух эрх олголоо хэмээн шүүмжилж байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

2021 оны аравдугаар сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь орчмоор 9-14 градус, Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарч, 152 га талбай шатжээ


Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Шороот-Уул гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдрийн 11:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Хилийн 0132 дугаар ангийн 7, 8, 9 дүгээр заставын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж, тухайн өдрийн 16:40 цагт унтраан, наймдугаар заставын харуулын даргад хүлээлгэн өгсөн.

Уг түймэрт урьдчилсан байдлаар 152 га талбай шатсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ой, хээрийн түймрээс сэргийлэхийн тулд:

  • Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
  • Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,
  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Сум алдаж, 10 настай хүүгийн амийг хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна

Архангай аймагт сум алдаж, 10 настай хүүхдийн амийг хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр 22:55 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас барсан” гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиж шалгахад амь хохирогч 10 настай хүүг түүний төрөл садангийн 38 настай эрэгтэй нь сум алдаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Галт зэвсгийн тухай хуулийн Гуравдугаар бүлэгт “Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, бүртгүүлэх, хадгалах, хязгаарлах” талаар заасан байдаг.

Хэрвээ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тус тус зохицуулжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өчигдөр 22:30 цагийн үед Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ. Аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших “Сүүж” гэдэг газар газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлжээ. Хатанбулаг сумын Засаг даргын орлогчоос тодруулахад уг газарт айл оршин суудаггүй тул хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй гэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

Газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Энэ сарын 13-14-нд шилжих шөнө болон 14-ний өдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг анхааруулж байна.

2021 оны аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Танк эсэргүүцэгч их бууны сум олжээ

Кабелын нүх ухаж байсан иргэд байлдааны зориулалттай сум олжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын долдугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан иргэд байлдааны зориулалттай сум олсон байна. Энэ тухай дуудлагыг 10-ны өдрийн 17:01 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээж авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид очиход 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны нэг ширхэг сум байсныг тууз татан хамгаалжээ. Түүнчлэн тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан байна.