Categories
мэдээ спорт цаг-үе

“One Championship”-ын тулаан Монголд болно

Холимог тулааны Ази тивийн хамгийн том холбоо One Championship-ын “Road to One – 2022” тэмцээн Монголд болно.

Энэ талаар тус холбооны үүсгэн байгуулагч Чатри Ситиодтон мэдээлсэн бөгөөд энэ долоо хоногт нээлтээ хийсэн “Мөсөн өргөө” буюу “Steppe Arena”-д зохиох аж.

One Championship-ын дэд ерөнхийлөгч Рич Франклин “Steppe Arena бол дэлхийн стандартад нийцсэн Монгол дахь анхны байгууламж” хэмээжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргал зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа

Японы мэргэжлийн сумогийн домогт аварга Хакухо өчигдөр буюу Баасан гарагт Токио хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ.

Одоо 36 настай тэрбээр 20 жил барилдахдаа 45 тэмцээнд түрүүлж, Япон улсын эзэн хааны цомыг өргөсөн түүхэн дээд амжилтаар сүмогийн замналаа өндөрлүүлж байна. Өчигдрийн хэвлэлийн хуралд Хакухо өөрийг нь 15 настай байхаас эхлэн дасгалжуулсан дэвжээний багш Мияагинотой хамт оролцжээ.

“Би анх сумод ирэхдээ ёкозуна цолтой болохыг л мөрөөдөж байсан. Гэхдээ хэзээ ч 45 тэмцээнд түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Би алхам алхмаар ахисаар өнөөдрийн энэ амжилтад хүрлээ” гэж хэлэхдээ Хакухогийн хоолой зангирч байв.

Сүүлийн нэг жилийн хугацаанд тэр баруун өвдгөндөө найман сарын зайтай хоёр удаа хагалгаа хийлгэсэн юм. Уг бэртлийнхээ улмаас зургаан тэмцээн дараалан өнжсөн Хакухо энэ оны долдугаар сарын барилдаанд эргэн ирж, ганц ч унаагүй 15 даваагаар төгс ялалт байгуулж байв. Гэхдээ өвдөгний бэртэл нь сэдэрч, дэвжээнд гарах бүртээ мөстэй алчуур тавьж өвдөлтөө намдааж байсан тул зодог тайлах шийдвэр гаргасан юм байна.

Хакухо өчигдөр бас өөрийн багш Мияагинод хүндэтгэл үзүүлжээ. “Үнэнийг хэлэхэд хэн ч бэлтгэлд дуртай байдаггүй. Гэхдээ би багшийнхаа итгэлийг алдахгүйн тулд улам их хичээн бэлддэг байлаа. Багшийнхаа магтаалыг сонсох нь миний хүсэл байсан юм” гэж тэр ярьжээ.

Олимпийн мөнгөн медальт, Монголын үндэсний бөхийн дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал 2001 онд анх Японд сүмо барилдахаар ирж байсан юм.

Тэрбээр 2006 онд дээд зиндаанд анхны түрүүгээ авч байв. 22 насандаа ёкозуна цол хүртсэн Хакухо 2015 оны нэгдүгээр сард домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн дээд амжилтыг эвдэж байжээ.

Зодог тайлсны дараа тэр Мияагино дэвжээндээ багшлах гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр Хакухо үлдэж байгаа цорын ганц ёкозуна цолтон Тэрүнофүжид амжилт хүсээд сүмогийн ертөнцөд олон сайн залуу бөх төрж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

“Токио-2020” паралимпийн шагналт, Азийн анхны аварга Н.Алтанцэцэг: Хувийн амьдралаа дэлгээд ч хамаагүй мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнд урам, зориг авчирч байвал зорилго минь тэр

Таван тивийг цуурайтуулсан олимпийн бамбарын дөл унтарч амжаагүй тэрхэн зуурт монголчууд “Токио-2020” паралимпийн тамирчдаа алтан медаль, шагналт байрын амжилттайгаар тосон авсан билээ. Анхны гэх амжилтуудын эзэн тамирчин эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. “Токио-2020” паралимпийн V байрын шагналт Нямаагийн Алтанцэцэгийн хүрэл медалийн төлөөх барилдааныг олон нийт уухайлан дэмжиж үзсэн.


-“Токио-2020” наадамд амжилттай оролцоод ирсэн танд баяр хүргэе. Монголд анхны гэх амжилтыг тогтоолоо гэж тайлбарлахыг олон хүнээс сонслоо. Паралимпийн төрөлд монголчууд анх удаа олимпийн наадамд шагналт байранд орлоо.

-Сэтгэгдэл маш өндөр байна. Юуны өмнө намайг дэмжсэн нийт монголчууддаа маш их баярлалаа. Паралимпээс анх удаа шагналт байранд орсон монгол эмэгтэй болсондоо баяртай байна. Бас хүмүүсийн халуун хайрыг мэдрэх сайхан байсан.

-Олимпод оролцох эрх авахын өмнөхөн таныг нохойнд уруулж, хүнд бэртэл авсан тухай танай холбооноос мэдэгдсэн. Тэмцээний үеэр бэртэл нь сэдэрсэн үү?

-Олимпод оролцох эсэх нь тодорхойгүй, их хүнд байдалд байсныг эргэн тойрны хүмүүс мэдэх байх. Ялангуяа тэмцээний эрх авах тэмцээнд явахын өмнөхөн бэлтгэлдээ явж байгаад нохойд уруулчихсан. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч охин “Та яаж тэмцээнд явах вэ дээ. Гартайгаа үлдвэл их юм” гэсэн. Үнэхээр ч миний гарын булчин махнаас яах ийхийн зуургүй тасдаад идчихсэн болохоор оёдол тавиулахад онгойсон нүх шахуу юмыг хоёр талаас нь алсаас холбосон байсан. Өвдөлт зовуурь ихтэй байсан ч зорилгоосоо ухраагүй. Өвдөлт одоо ч мэдрэгдэж байгаа. Гэхдээ дэлхийд эхний 8-д эрэмбэлэгдэж байсан болохоор зорилгоосоо ухраагүй ээ. Сая амжилтаа ахиулсандаа ч урам орж, өвдөлтөө мартчихсан, дайрч байсан.

-Уучлаарай, таныг ийм сул хараатайг тайлбарлагчийн ярианаас л мэдлээ. Та шилээ авчихаар бүр бэрхшээлтэй болдог уу?

-90 хувь хараагаа алдсан гэж оношилдог. Шилээ зүүхээр ойр зууртаа боломжийн харна аа. Дэвжээн дээр гарахдаа шилээ авах шаардлагатай учраас барьц, мэхээ мэдрэмжээрээ тооцоолдог.

-Анх тамирчин болох сэдлийг хэн өгсөн бэ?

-Миний бие Увс аймагт төрж, өссөн. Манайх 2004 онд Эрдэнэт хотод шилжиж ирсэн. Тухайн үед хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, бариа засал хийдэг байлаа. Орхон аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Сандагдорж нэг өдөр намайг дуудаад “Миний охин барилдах уу? Чи бөхийн удамтай юм байна” гэсэн. Тухайн үед шууд л зөвшөөрсөн. Баярлаад л, бэлтгэл хийж эхэлсэн. Манай аав Аймгийн хурц арслан Нямаа гэж бөх хүн байсан. Аав минь ч тэр үед их дэмжиж, таатай хүлээж авсан. Тэр үед, одоо ч намайг дэмжиж, тусалж ирсэн бүх хүнд баярлаж талархаж явдгаа хэлье. Нэг тамирчны хүч, хөдөлмөр, амжилтын ард маш олон хүн байдаг юм шүү дээ. Д.Нямхүү даргатай Монголын Паралимпийн холбооны хамт олонд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, хоёр багшдаа, багшийнхаа нөхөрт, хоол зүйчдээ гээд маш олон хүнд баярлалаа гэж хэлье. Сая олимпод оролцох багт хоол зүйч зөвлөж хамтран ажилласан нь бидний амжилтыг ахиулахад их дөхөм байсан. Сэтгэл зүйч томилсон байсан ч харамсалтай нь ирээгүй.

-Тамирчин хүнд сэтгэл зүйн дэмжлэг ихээхэн нөлөөтэй байдаг. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй паралимпийн тамирчдыг үл тоомсорлох, ялгаварлах хандлага манай нийгэмд байгаа нь нууц биш. Та өөрийн сэтгэл зүйг хэрхэн даван туулдаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд өөрийгөө ялан дийлээд бусдын адил хэвийн амьдралаар амьдрахад амаргүй. Орчны хүртээмж бусад зүйлээс шалтгаалаад бид хэн нэгний гарт, хэн нэгэн хүнээс хараат болчих гээд байдаг талтай. Миний хувьд харааны бэрхшээлтэй ч гэлээ энэ бүхнийг даван туулж, аль болох бусдад гай болохгүй, өөрөө өөрийнхөө амьдралыг авч явахыг хичээж ирсэн. Зовлон, шалтаг тоочоод байвал хэн ч амжилтад хүрэхгүй. Паралимпийг телевизээр үзүүлсэн бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг, итгэл төрүүлэхэд нэмэртэй байсан байх.

-Таныг орон гэргүй явааг сэтгүүлчид анзаараад, олж хараад сурвалжилж, хандив хүссэн байсан. Олимпийн шагналт байрын тамирчин зуны амбаарт амьдарч байна гэхээр зарим хүн итгэхгүй байх шиг ээ?

-Та бүхний харсан зүйл үнэн байсан. Танихгүй хүмүүс битгий хэл, таньдаг, ойр дотны гэж бодож явдаг зарим нэг найз нөхөд, ах дүүс “Алтаа, энэ үнэн юм уу? Чи үнэхээр амбаарт амьдарч байгаа юм уу” гэж утасдсан. Аавынхаа нэр хүндийг бодсонгүй гэх хүн ч байсан. Багаасаа өөртөө баримталж ирсэн зарчим бол хэн нэгэнд гай болохгүйхэн шиг амьдрах. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийнхөө сонгосон зам мөрөөр явж ирсэн. Би хичээж байгаа. Хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ надад тулгамдсан хэрэгцээ, шаардлагыг олж харж туслахаар шийдсэн тэр сэтгүүлчид баярлаж байгаа. Тамирчин хүний хувьд маш хурдан сэргэлт авч, сайн амрах хэрэгтэй байдаг учраас түрээсийн байраар явах тохиромжгүй. Эрдэнэтээс хотод ирсэн жилээ хөлсний байранд амьдардаг байсан. Нийтийн байранд хүмүүс их шуугилдана. Унтаж амрах боломжгүй шахам, дуу чимээ ихтэй. Хашаанд амар тайван амьдаръя гэхээр маш хол, цаг их алддаг, аюулгүй байдал талаасаа ч амаргүй, бэлтгэлээ тараад шөнө дунд л харьдаг.

Илүү ихийг хийж, амжуулах болно. Эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо зарим зардал мөнгийг ээжийнхээ тэтгэврийг зээлж, хашаагаа зарж, аль болох өөрөөсөө зохицуулж ирсэн болохоор жаахан хүнд байдалд орсон нь үнэн. Худал, хуурмаг дүр эсгээд яах вэ. Нөгөө талаас өөрийнхөө тухай яриад өгөөч гэхэд нь татгалзаагүй шалтгаан нь бусад хүмүүст урам зориг өгөх хүсэлтэй минь холбоотой юм. Би яахав ээ, юунд ч амьдарсан, амьдраад л байна. Бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залууст спортоор хичээллэх, дэлхийд эх орныхоо нэрийг гаргах боломж байдаг шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Олон нийтийн зүгээс намайг дэмжиж, хайрлаж, урам өгсөн, 100 хувь миний талд орсон сэтгэгдлүүд байгааг манай найзууд хэлсэн.

Ярилцлагын дараа хөгжлийн бэрхшээлтэй 2-3 хүн залгаж ярьсан. “Эгч ээ, танаас маш их урам авлаа. Би барилдаж болох уу? Хаана хандах вэ?” гэх зэргээр асуусан.

-Тамирчин Н.Алтанцэцэг “Токио-2020” олимпийн наадмын С байрын шагнал, Азийн анхны аварга болох хүртэл ямар зовлон, бэрхшээл, юуг даван туулсан бол?

-Их чухал асуулт байна. Өнөөдөр манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэмцээн, уралдаанд оролцох битгий хэл, хэвийн амьдралаар амьдрахад бэрх байна. Алхам тутамдаа тулгардаг орчны хүртээмжгүй байдал, харилцаа, хандлагыг тооцохоо больё. Тамирчин болохыг хүссэн маш олон залуус манай үндэсний шигшээ багт ороод удалгүй буцдаг. Тэд хотод өөрийн гэх гэр оронгүй, над шиг иймэрхүү нөхцөлд, нохой шувуунд бариулах юу ч биш, маш эрсдэлтэй байдалд ордог. Шантраад буцдаг. Жишээлбэл, Өвөрхангайн Чулуунсүх гэж харааны бэрхшээлтэй, тамирчин залуу байгаа. Тэр хэд хэдэн удаа ирж бэлтгэл хийсэн. Дорнодоос ч юмуу, ирье гэсэн мундаг хүүхдүүд байгаа ч хамрагдах боломжгүй болдог. Тиймээс ганцхан би гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их тулгамдаж байгаа асуудлыг хөндөх чухал байна. Монголчууд 3-хан саяулаа хэрнээ хэчнээн их нөөц, чадвартай гээч. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зөндөө чадварлаг тамирчид байгаа. Даанч нийслэл хотод амьдрах орон байр, орчин алга. Сая бэлтгэлийн үеэр тамирчдыг байрлуулах хугацаа дуусч, Мон-Алтиусаас гуйж байж тав хоносон. Таньдаг айл хунараар очно гэхээр коронавируст халдвараас шалтгаалаад хамаагүй явж болохгүй. Тэгж явж байгаад нэг өдөр нохойд бариулж байгаа нь тэр. Хэрвээ бэлтгэлдээ ойр байсан бол тэгж бэртээ ч үү, үгүй ч үү. Ид бэлтгэлийн үед өдөрт гурван удаа, зургаан цагаар дор хаяж бэлтгэлээ хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр хол явж болдоггүй, ойр байх ёстой.

-Танд цаашид төлөвлөсөн зүйл юу байна?

-Спортын амжилтаа ахиулахын төлөө уйгагүй хичээллэнэ. Манай жүдог топ спорт гэдэг. Өмнө нь өөрийнхөө сул талыг илүү мэдрээд, үнэнийг хэлэхэд жаахан бэрхшээдэг байсан бол сая Токио-2020 паралимпэд барилдахдаа өөрийнхөө давуу талыг, хүчийг мэдэрсэн. Мэдээж, медалиас мултрахад хүнд байсан. Гэхдээ яагаад ч юм өөртөө итгэх итгэл минь лавширсан. Харих цаг болоогүй байна, илүү сайн барилдана гэж л өөртөө хэлсэн дээ. Манай удам угаасаа яс сайтай. Аав маань 60 гаруй насандаа Эрдэнэтийн наадамд хоёр давж байлаа. Миний хүү ч барилдаж байгаа. Энэ жил их сургуульд элсэн суралцаж байгаа.

-Тамирчин болохыг хүссэн хүн бүрд боломж байгаа гэж үү?

-Байлгүй яах вэ.Хамгийн гол нь хүмүүст мэдээлэл хүрэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд манай паралимпийн холбоо ямагт нээлттэй. Спортын төв ордны нэг давхарт очоод /баруун талын хаалга/ уулзаарай гэж захья.

Д.ТУЯА

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод оролцох шигшээ багийн хувцсыг “Michel & Amazonka”-аар хийлгэхээр ярилцаж байна

МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр “Michel & Amazonka” компанийн төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтаар өвлийн олимпод оролцох шигшээ багийн хувцсыг тус компаниар хийлгэх талаар ярилцсан байна.

Хараахан шийдвэр гараагүй байгаа ч тамирчдын хувцасны талаар санал солилцож, эхний хэлэлцээрийг хийжээ.

Үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компани Токиогийн зуны олимпод оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Норвегийн Осло хотод маргааш эхлэх чөлөөт бөх, сонгомол барилдааны хуваарийг уншигч танаа танилцуулья.

10-р сарын 2-10, Осло, Норвеги

10-р сарын 2, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг.

21.45-20.15 – Нээлтийн ёслол

20.30-00.00 – Хагас шигшээ. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 3, Ням

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 57-65-79-92 кг; дагах барилдаан 61-74-86-125 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 57-65-79-92 кг;

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 61-74-86-125 кг.

10-р сарын 4, Даваа

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг; дагах барилдаан эрэгтэй 57-65-79-92 кг;

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

22.00-03.00 – Финал. Эрэгтэй 57-65-79-92 кг.

10-р сарын 5, Мягмар

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50-53-65-76 кг; дагах барилдаан эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 50-53-65-76 кг.

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

10-р сарын 6, Лхагва

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 57-59-68-72 кг; дагах барилдаан эмэгтэй 50-53-65-76 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 57-59-68-72 кг.

00.00-03.00 – Финал. Эмэгтэй 50-53-65-76 кг.

10-р сарын 7, Пүрэв

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 55-72-77-82 кг.; дагах барилдаан эмэгтэй 57-59-68-72 кг.

22.45-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 55-72-77-82 кг.

00.00-03.00 – Финал. Эмэгтэй 57-59-68-72 кг.

10-р сарын 8, Баасан

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 60-97-130 кг.; дагах барилдаан сонгомол 55-72-77-82 кг.

23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 60-97-130 кг.

00.00-03.00 – Финал. Сонгомол 55-72-77-82 кг.

10-р сарын 9, Бямба

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Сонгомол 63-67-87 кг.; дагах барилдаан сонгомол 60-97-130 кг.

23.00-23.45 – Хагас шигшээ. Сонгомол 63-67-87 кг.

00.00-02.30 – Финал. Сонгомол 60-97-130 кг.

10-р сарын 10, Ням

22.00-23.30 – Дагах барилдаан. Сонгомол 63-67-87 кг.

00.00-02.30 – Финал. Сонгомол 63-67-87 кг

ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД

Эрэгтэй

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

Эмэгтэй

50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Categories
мэдээ спорт цаг-үе

Хакухо М.Даваажаргалыг зодог тайлж, дасгалжуулагч болохыг зөвшөөрчээ

Сүмогийн холбоо өнөөдөр (2021.09.30) болсон Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаараа Ёкозүна Хакухогийн зодог тайлах, Магаки нэрийн залгамжлагч болохыг зөвшөөрсөн байна. Хакухо М.Даваажаргал зодог тайлах хүсэлтэй байгаагаа энэ сарын 27 -нд зарлаж, 29-нд өргөдлөө ирүүлжээ. Ийнхүү цаашид Хакухо дэвжээн дээр барилдалгүй, залуу хойч үеэ мастерын хувиар дасгалжуулахаар болов.

Хакүхо 2019 оны есдүгээр сард Японы иргэншил авч, сүмогийн холбоонд ояката болж үлдэх болзол хангасан билээ.

Categories
мэдээ спорт

Ш.Энхийн-Одод “Dayton” их сургуулиас урилга иржээ

Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын “Dayton” их сургуулиас урилга хүлээн авчээ.

Тэрээр энэ талаар Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд түүний эцэг, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц баталгаажууллаа.

Өдгөө 19 настай 207 см өндөр “Mike” буюу Ш.Энхийн-Од нь Олон улсын спортын академи буюу “ISA”-ийн лигт сүүлийнхээ жил бүрэн тэтгэлгээр тоглохоор болоод байсан юм.

Dayton их сургуулийн “Dayton Flyers” баг нь NCAA (National Collegiate Athletic Association)-ын сагсан бөмбөгийн нэгдүгээр лигт тоглодог.

Categories
мэдээ спорт

Хакухо М.Даваажаргал зодог тайлах хүсэлтээ сумогийн холбоонд хүргүүллээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакухо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайлах хүсэлтээ өнөөдөр сүмогийн холбоонд албан ёсоор хүргэлээ.

Түүний хүсэлтийг өнөөдөр батлах төлөвтэй байна.

Дээд зиндааны 45 башёд түрүүлэн дээд амжилт тогтоосон тэрбээр зодог тайлахаар төлөвлөж буйгаа дэвжээний багшаараа дамжуулан даваа гарагт холбоонд мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Хакухо гэмтэл бэртлийн улмаас Ёкозүнагийн хувиар 15 өдөр үргэлжилдэг башёд цаашид оролцох боломжгүй гэж үзсэн тул дэвжээгээ орхихоор шийдвэрлэжээ.

Сүмо бөхийн холбоо Ёкозуна Хакухог “ояката” болохыг зөвшөөрөх, Магаки эрх олгох эсэх талаар холбогдох хороог хуралдуулсан байна.

Уг хорооны дарга Имай Тамакигийн ярьснаар, Хакухогийн дэвжээн дээрх тактик, зан төлөвт шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байдаг тул түүнийг дасгалжуулагч болгоход санаа зовниж буйгаа зарим гишүүн илэрхийлжээ.

“Гэхдээ эцсийн шийдвэрийг гаргахдаа олон талын санал бодлыг сонсож, түүнийгээ холбооны удирдах зөвлөлд хүргүүлнэ” гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.

Сүмо бөхийн холбоо Хакухог “ояката” дасгалжуулагч болохыг зөвшөөрөх эсэх шийдвэрийг мөн өнөөдөр албан ёсоор гаргах төлөвтэй байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

Ичиножо А.Ичинноров Япон улсын иргэн болжээ

Японы мэргэжлийн сумод хүч үзэж буй комүсүби Ичиножо А.Ичинноров Япон Улсын иргэн болсныг өнөөдөр тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

Өдгөө 28 настай, 190 см өндөртэй, 206 кг жинтэй түүний хувьд Японы иргэн болсноор зодог тайлсныхаа дараа дэвжээ эзэмших эрхтэй болж байгаа юм. Ичиножо А.Ичинноровын хувьд 2014 онд анхны башёдоо барилдаж, ердөө дөрвөн башёгийн дараа дээд зиндаанд барилдсан түүхтэй.

Архангай аймгийн уугуул А.Ичинноров 14 насандаа арлын Японыг зорьж, “Тоттори Жохокү” ахлах сургуульд суралцан, “Минато” дэвжээнд элсэн орж байв. Хараахан дээд зиндааны түрүү хүртээгүй ч тэрбээр сэкивакэ, комүсүби цолонд хүрээд байна.

Энэ жил Ичиножо сайн барилдаж байгаа бөгөөд одоогоор таван башёгийн дөрөвт нь качикоши буюу тавиас дээш хувийн амжилт үзүүлээд байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Мөсөн өргөө” цогцолбор нээлтээ хийлээ


Монгол компаниуд нэгдэн нийлж бүтээсэн “Мөсөн өргөө” цогцолбор өнөөдөр нээлтээ хийв.

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн энэхүү өргөөг олон улсын стандартын дагуу барьж босгосон бөгөөд 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой гэдгээрээ онцлог юм.

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Нээлтийн үеэр барилгын төслийн удирдагч Б.Баасансүрэн “Мөсөө хайлуулахгүйгээр дулаанаа хадгалдаг шалаар солиод сагс, волейбол, гимнастик, бөхийн барилдаан зэрэг спортын олон төрлийн тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж болно” хэмээн ярилаа.
Нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баг тамирчид маань өвлийн олимпод амжилттай оролцох боломжийг бүрдүүлж, хүүхэд багачууд маань хүсэл мөрөөдлөөр жигүүрлэх үүд хаалга болсон мөсөн өргөө бол Монголын спорт төдийгүй соёлын салбарын онцгой бүтээн байгуулалт болж байна. Энэхүү гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн баялаг бүтээгч та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

гадаа гэх мэтийн зураг байж болно

“Степпе Арена” ХХК уг төслийг санаачилж, “Ачит Ихт” компани, “Степпе Линк Холдинг” ХХК ерөнхий санхүүжүүлэгч нь болсон бол дэд бүтцийг “Юнайтед Прожектс Корпорэйшн” гүйцэтгэж, “МАК” компани цемент, шилэн хийц, бетон зэрэг евро стандартын бүтээгдэхүүнээрээ дэмжиж, Канад, Австрийн мэргэжилтнүүд зөвлөж, монгол залуус бүтээн байгуулалтад оролцсоны үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд энэхүү өргөөг барьж босгожээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно