Categories
мэдээ спорт

Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдана

“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Тус ДАШТ-д эх орноо төлөөлөн 50 кг-ын жинд зодоглосон 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин, спортын мастер Долгоржавын Отгонжаргал дагах барилдаанд Беларусийн Наталья Варакинаг цэвэр дарлаа.

Ийн тэрбээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг дэлхийн аваргад өрсөлдөнө

FIBA-ийн Удирдах зөвлөлөөс баталснаар Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Цар тахлын үед зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнийг FIBA маш амжилттай төсөл болсон гэж дүгнэж гол төслүүдийнхээ нэгээр нэрлэж байна.

Энэ жилийн хувьд 5 тивийн 105 баг өрсөлдөнө гэсэн мэдээллийг FIBA Representative буюу Ур чадварын тэмцээнд FIBA-г төлөөлж ажиллах техникийн төлөөлөгчдийн сургалт дээр мэдээлсэн. Дэлхийн аваргад шилдэг эрэгтэй, эмэгтэй багууд найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Тодруулбал, Монголын эрэгтэй баг Е хэсэгт Беларусь, Аргентин, Албани улстай, эмэгтэй баг С хэсэгт Израиль, Аргентин, Мадагаскарын багтай нэг хэсэгт оржээ.

Түүнчлэн тус тэмцээнд “FIBA Asia”-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжирианы гаргасан албан тушаалаар FIBA-гийн төлөөлөгч буюу “FIBA Representative”-аар С.Төгсжаргал хоёр дахь жилдээ сонгогдон ажиллах юм байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

ОУХМ Э.Гантуяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медаль болж байна.

Тэрбээр өчигдөр 1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын Кайл Миракл 4:14-өөр ялагдсан ч өчигдөр үдээс өмнө дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга ОХУ-ын Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Тэгвэл Улаанбаатарын цагаар 03.00 цагийн үед хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн АШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.

62 кг манай бүсгүйчүүд олимп, дэлхийгээс медаль авч өндөр амжилт үзүүлдэг жин. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон нар дэлхийн аваргын оргилд гарч, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2011 онд Стамбулын дэвжээнээс хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл Э.Гантуяа эгч нарынхаа амжилтыг үргэлжлүүлэн хүрэл медаль зүүж дэлхийн медальтан боллоо хэмээн МЧБХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн бүх холбоо “Дээд лиг”-ийг хамтран зохион байгуулна

Монголын сагсан бөмбөгийн спорт хэд хэдэн холбоотой. Холбоо бүр тус тусдаа тэмцээн хийсээр ирсэн.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгчдийг олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан билээ.

Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбооны төлөөллүүд уулзан, олон удаа ярилцсаны үр дүнд зөвшилцөлд хүрчээ. Улмаар сагсан бөмбөгийн бүх холбоо “Дээд лиг”-ийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болов. Ингэснээр Монголын сагсан бөмбөг нэгэн дээвэр доор нэгдэж, мэргэжлийн нэг лигтэй байхаар тогтжээ.

Categories
мэдээ спорт

Гардан тулааны ДАШТ-д манай зургаан тамирчин оролцоно

ОХУ-ын нийслэл Москва хотод гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд болно. Тэмцээнд 17 орны баг тамирчид өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас цэргийн гардан тулааны “Десант бамбар” клубын захирал Д.Ганбаатарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.

Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, бүх Оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, мутай, жиүжицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, эмэгтэйчүүдийн ангилалд ушу, мутайн спортын улсын аварга Н.Мягмарсүрэн нар өрсөлдөнө.

Мөн өсвөр үеийн ангилалд С.Нямпилжээ, Б.Алтансүх нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцох гэж байгаа нь энэ юм. С.Нямпилжээ нь “Токио-2020” парлимпийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм байна.

Categories
мэдээ спорт

Волейболын Үндэсний дээд лигийн АШТ-ийг үзэгчгүй зохион байгуулна

Монголын волейболын холбоо /МВХ/-ны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны аравдугаар сарын 19-нд эхэлж 2 сар гаруй үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна.

Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын эзэн, дасгалжуулагч, ахлагч нарын уулзалт аравдугаар сарын 6-ны 18.00 цагт МҮОХ-ны байранд болно гэж МВХ-ноос мэдээллээ.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байсан энэхүү тэмцээний зохион байгуулах зөвшөөрлийг УОК-оос өгсөн бөгөөд МҮОХ-ны байранд үзэгчгүй болох юм. Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 25-ны хооронд зохион байгуулахаар болсон байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Э.Лхагва-Очир фитнесийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг, фитнессийн ДАШТ болж байна. Тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдөр таван тамирчин медалийн тавцанд гарав. Тухайлбал, эрэгтэйчүүдийн ахмадын ангилалд С.Дуламрагчаа, насанд хүрэгчдийн ангилалд Э.Лхагва-Очир алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол насанд хүрэгчдийн фитнес ангилалд .Ж.Баянмөнх мөнгө, эмэгтэйчүүдэд Т.Болор мөнгө, Д.Энхбилэг хүрэл медаль хүртэв. Т.Болор тэмцээний өсвөр үеийнхний ангилалд мөн мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эхний өдөр манай таван тамирчин медаль хүртсэн амжилт байгууллаа.

Монголын бодибилдингийн баг тамирчид ДАШТ-ээс зургаан медаль хүртлээ

Categories
мэдээ спорт цаг-үе

С.Дуламрагчаа бодибилдингийн дэлхийн аварга боллоо

Узбекистан улсад болж буй Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д манай улсаас 12 хүнтэй баг оролцож байна.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчид анхны медалиа хүртлээ. Тодруулбал, 50-60 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон бодибилдингийн мастер С.Дуламрагчаа алтан медаль хүртсэн байна. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлжээ. С.Дуламрагчаа “Та бүхэндээ баярлалаа. Тэмцээндээ амжилттай оролцлоо. Аавынхаа нэрийг эх орныхоо хамт дэлхийн тайзан дээр дуудуулж чадлаа” гэжээ.

Categories
мэдээ спорт

Ө.Батзул, Э.Гантуяа нар өнөөдөр дагаж барилдана

“Осло-2021” ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гуравдахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 62 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан өндөрлөв.

Манай улсаас өнөөдөр 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, эмэгтэйчүүдийн 62 кг-д Энхбатын Гантуяа нар дагах барилдаан хийх бөгөөд хэрэв өрсөлдөгчөө ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Т.Тулга дэлхийн медальтан боллоо

ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, Ромын Гранпригийн мөнгө, Мадридын Гранпригийн хүрэл, Дмитрий Коркиний ОУТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Бүтэн бүрмэл” компанийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Ослогийн “Жордал Амфи” ордоноос Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг авчирав. Хоёр жилийн өмнө Нур-Султаны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан тэрбээр Ослогийн дэвжээнд алдаагаа засч дэлхийд данстай бөх боллоо.
Т.Тулга өчигдөр 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн аварга Японы Кайки Ямагүчиг 3:2-оор, шөвгийн наймд 2020 оны Дэлхийн цомын аварга, Армений Вазген Теваняныг 2:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Загир Шахиевт 4:4-өөр тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн гуравдугаар сард Ромын тэмцээнээр ялж байсан, Энэтхэгийн Рохит Рохиттэй хүч үзэв. Манай бөх 6:4-өөр илүүрхэж яваад цаг дуусахаас 20 секундын өмнө мушгиж 4 оноо авч тэндээсээ өрсөлдөгчөө цэвэр дарснаар шагналын тавцанд зогсов.