Categories
мэдээ спорт цаг-үе

“Шуурга” хочит Д.Батгэрэл UFC-гийн гурван тулаанд дараалан хүнд цохилтоор яллаа

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин “Шуурга” хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа хийлээ.

Сүүлийн хоёр тулааны өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан тэрээр энэхүү цувралаа гурван тоглолт болгон сунгалаа.

Тулаан АНУ-ын Лас Вегаст “UFC Fight Night: Holm vs. Dumont” буюу “UFC Fight Night 195” арга хэмжээний үеэр болсон.

Д.Батгэрэл UFC-гийн гурван тулаанд дараалан хүнд цохилтоор яллаа

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин “Шуурга” хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа хийлээ.

Сүүлийн хоёр тулааны өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан тэрээр энэхүү цувралаа гурван тоглолт болгон сунгалаа.

Тулаан АНУ-ын Лас Вегаст “UFC Fight Night: Holm vs. Dumont” буюу “UFC Fight Night 195” арга хэмжээний үеэр болсон.

Брэндон Дэвисийг унагаж буй хэсэг

9-2-0 амжилттай явсан Д.Батгэрэлийн ширүүн тулааны ээлжит хохирогч нь 14-8-0 амжилттай байсан “Killer B” хочит АНУ-ын Брандон Дэвис байлаа.

Тулаан ердөө хоёр минут үргэлжилсэн бөгөөд Д.Батгэрэл ээлж дараалсан довтолгоогоор өрсөлдөгчөө унагаж ялалтын тоогоо 10 болгон нэмлээ.

2019 оны есдүгээр сараас хойш UFC-д тулаан хийгээгүй Дэвис “Gulf Coast MMA” холбоонд дөрвөн тулаан хийж ялаад байсан юм.

Кевин Нативидадыг унагаж буй мөч

Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл

  1. 2020 оны гуравдугаар сарын 7-нд Гидо Каннеттиг эхний үеийн 3 минут 01 дэх секундэд
  2. 2021 оны дөрөвдүгээр сарын 24-нд Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд
  3. 2021 оны аравдугаар сарын 17-нд Брандон Дэвисийг эхний үеийн 2 минут 01 дэх секундэд тус бүр хүнд цохилтоор яллаа.
Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар: Олимпийн аварга Ооно Шоохэйг цаг сунгасан барилдаанд ялах тактик боловсруулж гарсан ч санаснаар болсонгүй

“Токио 2020” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн сэтгэл зүй амар биш байлаа. Олимпийн дэвжээнд тамирчдаа харж сэтгэл зүйн дархлаагаа ч тогтоох шиг боллоо. Токиогийн олимпийн татамид барилдсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Цаг үеийн хүнд нөхцөлд тамирчдын эрх ашгийг өмнөө тавьж олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсанд ОУОХ-нд хувийн зүгээс баярлаж байна. Тамирчны ид үе богинохон. Олимпийн наадмыг цуцална гэдэг тамирчдад асар хор хохиролтой. Токиогийн олимп зохион байгуулагдах сураг сонсоод л зарим тохиолдолд гэрийн нөхцөлд бэлтгэл сургуулилтаа базаалаа. Үр дүн ч гарч хүрэл медаль хүртлээ. Бөхөд сэтгэлтэй монгол түмнээ баясгалаа. Сэтгэгдэл өндөр байна. Уг нь Олимпийн аварга болох зорилготой Токиогийн татамид гарсан юм. Орон орны шилдгүүдтэй өрсөлдлөө. Санаснаар болж өгсөнгүй, хүрэл медаль хүртлээ.

-Олимпийн татамид хийсэн барилдаануудын талаар сэтгэгдлийг тань хуваалцмаар байна.

-Сугалаагаа анзаарахад Косовагийн Гежаковатай шөвгийн наймд барилдах зураглал харагдаж байсан. Кососвагийн бөхчүүд энэ удаагийн олимпод үнэхээр сайн бэлтгэлтэй оролцсон. Токиогоос олимпийн аваргатай болсон шүү дээ. Гежакова ч олимпийн наадамд сайн бэлтгэсэн байна лээ. Хүнд барилдаан хийж нэмэлт цагт ялалт байгуулсан. Ерөнхийдөө төлөвлөж байснаараа л барилдаж үүрч үнэлгээ авсан. Ингээд л шөвгийн дөрөвт шалгарсан.

-Олимп, дэлхийн аварга Ооно Шоохэй, Цогтбаатар нарын барилдаан олон хүний анхаарлын төвд өрнөсөн. Та ямар барилдаан төлөвлөж гарав. Санасан хэмжээндээ барилдаж чадав уу?

-Олимпийн аваргатай нутгийн дэвжээнд нь өрсөлдөөд ялагдал хүлээлээ. Цаг сунгасан барилдаанд ялна гэж төлөвлөсөн ч санаснаар болсонгүй. Боловсруулсан тактиктаа баригдсан ч юмуу, үндсэн цагт явж үнэлгээ салгаж чадсангүй. Үнэлгээ алдаж ялагдлаа. Цаашид олон удаа таарч барилдана. Алдаагаа давтахгүйг хичээнэ ээ.

-Оонотой өмнө нь бэлтгэл дээр ч юмуу гар зөрүүлж байв уу. Анх удаа учраа таарсан нь олимпийн татами байв уу?

-2018 онд Токиод болсон хамтарсан бэлтгэл дээр барилдаж үзсэн юм. Дөнгөж л жин өгсөж 73 кг-д ороод удаагүй байсан үе л дээ. Гар зөрүүлж үзээд “Ер нь боломжийн юм байна. Нэг их илүүрхүүлээд байх юм алга” гэсэн бодолтой үлдсэн. Токиогийн олимпод очихдоо Оонотой хэрхэн барилдахаа судалж, төлөвлөсөн байсан. Магадгүй жаахан мэх цөөхөн хийж барилдсан тал бий. Энэ формоо хадгалж, өөрийгөө сайн бэлдэж чадвал Ооно аваргыг ялах боломжтой.

-Үндсэн цагийн төгсгөлд хэвтэн цохио хийгээд мөрөөр нь унагасан шүү дээ. Шүүгч барилдаан зогсоох дохионы дараа мэх хийсэн гэж үзэж таны вазари үнэлгээг цуцалсан. Шүүгчийн заалт планд орж ирээгүй. Дэвжээний шүүгч мате дохио өгсөн юм уу?

-Би барилдаандаа бүрэн төвлөрчихсөн байсан юм. Миний мэх, шүүгчийн дохио зэрэг л байсан юм болов уу даа. Мөрөөр нь унагачихаад босоод иртэл шүүгч мате заасан. Шийдсэн мэхээ хийсэн минь л тэр. Бага зэрэг харамсалтай л санагдсан. Цаашид алдаагаа давтахгүй.

-Хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдсан. Ялагдлаа мартчихаад л гарч ирэх шиг болсон.

-Ялагдалдаа шаналаад тийлтрээд байвал барилдаандаа төвлөрч чадахгүй шүү дээ. Үүнийг ч багш дасгалжуулагч нар, арын албаныхан маань маш сайн мэдэж байсан. Ялагдаад бууж ирэхэд хурдан мартаад медалийн төлөөх барилдаандаа төвлөрөхийг анхааруулж байлаа. Олимпийн наадамд өөрийгөө сэтгэл зүйн хувьд ч бүрэн бэлтгэсэн учраас өмнөх барилдаандаа л бүрэн төвлөрсөн. Медалийн төлөө барилдаан шүү гэх дарамт надад байгаагүй. Боловсруулсан тактикаараа ажиллаж барилдаад л ялсан. Их баярласан шүү. Татамигаас буухдаа тэнгэрт байгаа аавыгаа их үгүйллээ. Аав минь 2020 оны олимпийг их хүлээсэн ч хойшлоод үзэж чадалгүй бурхны орныг зорьсон юм. Намайг медаль хүртчих болов уу гэж хүлээж байгаа нь харцнаас нь л ойлгогдож байлаа. Олимпийн наадмаас медаль зүүхийг минь тэнгэрийн орноос харсан байх аа. Аавыгаа алдсаны дараа юм бүхэн л утгагүй санагдаж байсан. Жүдогоос ч хэсэг хугацаанд хөндийрсөн. Тэр үед шинэ хүнээ хүлээж авах баярт мэдээг сонсоод л цүнхээ үүрээд бэлтгэлдээ гарсан даа. Хүүхдэдээ зориулж олимпийн медаль заавал авна гэж амласан минь биеллээ оллоо.

-Токио руу явахдаа гэр бүлийнхэндээ амлалт өгөөд явсан гэж дуулсан. Юу амлав?

-“Аав нь чадна аа” гэж хэлсэн. Өмнөө таарсан бүх өрсөлдөгч нараа ялна гээд л Токиогийн онгоцонд суусан даа. Амласандаа ч хүрлээ. Хүү минь хожим “Миний аав олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчин хүн” гэж бахархаж явна гэхээр л омогших сэтгэл төрөх юм. Хүүгийнхээ төлөө илүү их хичээж хөдөлмөрлөнө өө. Өөрт ямар нөөц бололцоо байна, тэр бүгдийг дайчилна.

-Та хоёр дахь олимпдоо зодоглож хүрэл медаль хүртлээ. Токиогийн татами дахь бусад барилдаанууд тань ямар болов?

-Ц.Шийрэв багш минь надад нэг зүйлийг үргэлж захидаг юм. “Эхний хоёр барилдаанаа л зөв хийж шөвгийн наймд үлдчих юм бол цаашаа сайн барилдаж чадна” гэж хэлдэг. Сая олимпоор барилдаан бүртээ л алдаа гаргахгүйг хичээж байлаа. Надтай хэсгийн аваргын төлөө барилдсан Косовогийн бөх Акил Гежаковатай хийсэн барилдаан хүнд болсон. Өмнө нь гурав таарахдаа хоёр ялж, нэг хожигдоод байсан юм. Атгалт сайтай, бяртай тамирчин л даа. Энэ удаа таарахдаа санаачилгыг авч, нэмэлт цагт өөрийн дархан мэхээ даалгаж яллаа. Өмнө нь жаахан бярдуулах гээд байсан юм. Энэ удаа бэлтгэл таарсан учраас нэг их бярдуулсангүй.

-Цогтбаатар багийн барилдаанд олимп, дэлхийн аваргуудыг илүүрхэж ялсан шүү дээ. Багийн барилдаан ямар болов?

-Олимпийн багийн барилдаанд БНСУ, ОХУ, Германы бөхчүүдийг ялсан. Гурав ялаад 30 мянган ам.доллараар шагнуулсан. Монголын багийн хувьд Өмнөд Солонгосыг ялж үзээгүй юм билээ. Токиод анх удаа манайхан 4:2-оор хожиход Дэлхийн аварга Ан Чан Римийг ялж, багтаа хувь нэмрээ оруулсан. Түүнтэй өмнө нь дөрвөн удаа таарч, гурав ялагдаж байлаа. Хамгийн сүүлд 2019 оны Азийн аваргаар алтан медалийн төлөө үлдээд хожиж байлаа. Сая дахин таарахад мэдээж олимпоос медаль авчихсан байсан болохоор сэтгэл зүй сайтай, өөртөө итгэлтэй барилдсан. Өмнө нь Ан Чан Римд барьц алдаж, торгуулиар хожигдчихоод байдаг байсан. Сая харин яг тэр аргаар нь өөрийг нь хожлоо. Дараа нь Оросын бөх олимпийн аварга Муса Могушковыг вазари үнэлгээгээр, хамгийн сүүлд Германы Игор Вандткег цаг сунгаад хөмрөөд ялсан. Германы бөх багийн барилдаанд Ооно Шоохэй аваргыг ялсан шүү дээ. 73 кг-ын шилдэг бөхчүүдийн нэг.

-Цар тахлын улмаас олимпийн эрхийн тэмцээнүүд цуцлагдсан. Олимпийн оноогоо хэрхэн цуглуулав?

-Миний хувьд 2019 оны хавар өвдөгний бэртэл аваад хэсэг хугацаанд тэмцээнд оролцоогүй. Харин 2020 оны улсын аваргад түрүүлээд Парисын Их дуулгаас мөнгө, түүнээс долоо хоногийн дараа Дюссельдорфоос хүрэл медаль авсан. Тухайн үед оролцсон тэмцээн бүртээ медаль аваад жиндээ оноогоороо эхний арван хэдэд ороод ирсэн. Гэтэл хил хаагаад, хатуу хөл хорионы улмаас тэмцээн уралдаанд явж чадахаа больсон. Харин Европт тэмцээнүүд зохиогдоод, тамирчид оноо аваад байдаг. Тэгээд өндөр түвшний формоо алдахгүйн тулд гэртээ бэлтгэлээ хийж байлаа. Харин 2021 он гарсаар хилийн чандад гурван тэмцээнд оролцсон. Дохагийн “Мастерс”-т тааруухан барилдсаныхаа дараагаар хоёр ч Гранд слам-д түрүүлсэн. Нэг Их дуулгын түрүү нь чансааны 1000 оноо авч байгаа юм. Ингээд чансаагаараа 14-т бичигдэх болж, ерөнхийдөө олимпийн эрхийг авсан гэхэд болно.

-Олимпоос сарын өмнө насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Таны тухайд Унгарын бөх Миклош Унгварид ялагдсан. Ахмад тамирчинд ялагдлаа гэх шүүмжлэл гарч байсан…

-ДАШТ-д орон орны шилдгүүд цугладаг. Өндөр түвшинд бэлтгэгдсэн тамирчид шүү дээ, санаснаар болохгүй үе бий. Миний тухайд Унгварид ялагдаад тэмцээнээ өндөрлүүлсэн. Санасандаа хүртэл барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур л нутагтаа ирж байсан. Илүү хичээх хэрэгтэйгээ ойлгосон. Унгваригийн тухайд Дакар раллид уралдаж байдаг чанга эр л дээ. Бяртай, хэцүү өрсөлдөгч.

-2016 оны олимпод 20 настай Цогтбаатар хоёр гавьяатын үнэ цэнээр явсан. Харамсалтай нь ганзага хоосон ирсэн. Таныг газар ортол л шүүмжилж байсан цаг саяхан санагдаж байна. Танд амар байгаагүй болов уу?

-Гол буруутан нь би өөрөө л дөө. Итгэлийг нь дааж чадаагүйдээ сэтгэлээр нэлээн унасан. 2016 оны олимпийн өмнө би жин их хассан. 71 кг-аас 60 хүртэл хассан. Их ч ядарсан. Г.Болдбаатар, Д.Амартүвшин гээд дэлхийн шилдгүүдийг үлдээж олимпийн наадамд зорьсон учраас надад алдах эрх байгаагүй. “Рио 2016”-гийн өмнөхөн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “60 кг-ын жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нарын хэн явах нь тодорхойгүй байна. Тиймээс олимпийн өмнө улсын аваргаа зохиож, энэ жинд түрүүлснийг нь явуулна” гэсэн юм. Би гавьяат ах нарыгаа ялж олимпийн эрхээ авсан. Тэр мундаг хүмүүсийн үнэ цэнээр олимпод явчихаад медалиас мултарсандаа их гутарсан. Сая Токиогоос медаль зүүчихээд чээжинд буглачихаад байсан том зүйл алга болчихсон юм шиг мэдрэмж төрсөн шүү.

-Таны тухайд Рустам Оружов, Лаша Шавдатуашвила гээд олимп, дэлхийн аваргуудыг ялж өөрийнхөө потенциалыг олон улсад зарлаад байлаа. Гэсэн ч медаль зүүж хараахан чадахгүй яваад байлаа шүү дээ. Өөртөө ямар дүгнэлт хийв?

-Шилдэг гэх тодотголтой бүх тамирчдыг ялаад л байлаа. Гэсэн ч чухал барилдаануудад жижиг алдаа гаргаж ялагдаад байсан юм. Хичээгээд л байдаг. Санаснаар болохгүй үед хэцүү шүү. Багш нартайгаа л зөвлөнө. Ингээд мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтарч ажиллахаар шийдсэн. Өмнө нь чухал барилдаануудын өмнө бүрэн төвлөрч чаддаггүй байлаа. Сая олимпийн үеэр сэтгэл зүй тогтвортой байж барилдаандаа бүрэн төвлөрлөө.

-Парисын олимп нэг мэдэхэд л хаяанд ирнэ. Юу төлөвлөж байна?

-Миний урсгасан хөлс хөдөлмөрийг төр засаг болоод бөхөд сэтгэлтэй түмэн олон маань үнэллээ. Одоо ар амьдралдаа санаа зовох асуудал надад алга. Зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарч олимп, дэлхийн аварга болох зорилго өмнөө тавиад хөдөлмөрлөж явна. Намайг энэ зэрэгт хүрэхэд тулж түшиж ирсэн гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа талархал илэрхийлье. Бүх талаар дэмждэг “Наран мандал” компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ц.Цогтбаатар Оросын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн эхний өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний -73 кг жинд зодоглосон Токиогийн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний барилдаанаас Оросын Евгени Прокопчуктай хийж ялагдлаа.

Их дуулгад манай улсын 23 тамирчин оролцохоос өнөөдөр -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, -66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нар зодоглож эхний өрсөлдөгчөө даваад байна.

Categories
мэдээ спорт

Данаагийн Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж таамаглажээ

Монгол тулаанч Данаагийн Батгэрэл маргааш UFC холбоонд дөрөв дэх тулаанаа АНУ-ын Брэндон Дэвистэй хийх гэж байгаа билээ. Бооцооны төвүүдэд энэхүү тулаанд манай тулаанч ялна гэдэг бооцоо илүү тавигдаж байгаа аж. Тулааны спортоор дагнан бичдэг tapology.com цахим хуудаст тавигдсан мэдээллээс харвал сонирхогчид энэ тулаанд манай Д.Батгэрэлийн ялах магадлалыг 71 хувьтай гэж үзжээ. Өрсөлдөгчийг нь 29 хувийн магадлалтай гэсэн байна.

Манай тамирчин Д.Батгэрэл замналдаа 11 тулалдаж, 9 ялж хоёр удаа ялагдсан. 171 см өндөр, гарын урт 178 см бол өрсөлдөгч нь 1978 см өндөр гарын урт 183 см гэсэн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ спорт

Парисын Их Дуулга: Өнөөдөр манай 12 бөх барилдана

Парисын Их Дуулга өнөөдөр (2021.10.16) эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг болон эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг-ын барилдаанууд явагдана.

Энэ өдөр Монгол Улсаа төлөөлөн дараах тамирчид барилдана.

Эмэгтэй -48 кг:

  • Г.Наранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Ширине Буклитэй учраа таарав.
  • Б.Баасанхүү эхний тойрогтоо Францын Меланье Вьютэй учраа таарав.

Эмэгтэй -52 кг:

  • Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Лаура Бажотой таарав.

Эмэгтэй -57 кг:

  • Л.Энхрийлэн эхний тойрогтоо Францын Офилье Веллоззитэй учраа таарав. Хэрэв ялвал хоёрдугаар тойрогтоо Словенийн Каяа Кажертэй барилдана.

Эмэгтэй -63 кг:

  • Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөв. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Португалын Барбара Тимо болон Израилийн Инбал Шемеш нарын ялсантай нь барилдана.
  • С.Лхагвадулам эхний тойрогтоо Испанийн Сараи Падилла Гурреротой таарав. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Оросын Екатерина Валковатай барилдана.

Эрэгтэй -60 кг:

  • Э.Сумъяабазар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Нидерландын Торнике Тжакадоеатай таарав.
  • Э.Ариунболд эхний тойрогтоо Саудын Арабын Мутаз Кавжатай таарав.

Эрэгтэй -66 кг:

  • Б.Эрхэмбаяр эхний тойрогтоо Канадын Жулиен Фраскадоретэй таарав.
  • Б.Нармандах эхний тойрогтоо АНУ-ын Алехандро Менендезтэй барилдана.

Эрэгтэй -73 кг:

  • Ц.Цогтбаатар эхний тойрогтоо жингээ тэргүүлж, гоц мөргөлөө. Тэрбээр хоёрдугаар тойрогтоо Оросын Евгений Прокопчук болон Кот-д’Ивуарын Гуллауме Дади нарын ялсантай нь барилдана.
  • О.Уранбаяр эхний тойрогтоо Тажикстаны Сомон Махмадбековтой учраа таарлаа.

Тэмцээний эхний шатны барилдаанууд 16.00 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ спорт

“Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид Европыг зорилоо

Үндэсний шигшээ багаас шигшигдсэн шилдэг эрэгтэй есөн тамирчин Серби улсын Белград хотноо 2021 оны аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид өнөөдөр (2021.10.16) өглөө Европыг зорилоо.

Олон улсын боксын холбоо (AIBA)-ны энэ удаагийн эрэгтэй боксчдын ДАШТ-д 108 орны 600 гаруй шилдэг боксчин 13 жинд хурд, хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулна.

“Белград-2021” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Жадамбын Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ Отгончулууны Батхүү, ОУХМ Болдын Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Чулууны Насанбат, ДАШТ-ий зохион байгуулах хороонд Монгол Улсаас анх удаа олон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллах юм. Тамирчдыг танилцуулбал:

  • 48 кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ (ОУХМ), (Gan-sport сеnter тамирчин)
  • 51 кг-д Хархүүгийн Энхмандах (ОУХМ), (БТСУХ-ҮШБ, БХЯ “Алдар” спорт хорооны тамирчин)
  • 54 кг-д Энх-Амгалангийн Баярсайхан (СМ), (БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин)
  • 57 кг-д Хархүүгийн Энх-Амар (ОУХМ), (БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин)
  • 60 кг-д Оюунбаатарын Тулга (СМ), (БХИС-ийн Алдар спорт хорооны тамирчин)
  • 63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт (СМ), (БТСУХ-ҮШБ, ОБЕГ “Аврагч” спорт хорооны тамирчин)
  • 67 кг-д Баатарсүх Чинзориг (ОУХМ), (БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин)
  • 71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ (СМ), (БТСУХ-ҮШБ, ХХЕГ “Хилчин” спорт хорооны тамирчин)
  • 75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хорооны тамирчин) оролцоно.
Categories
мэдээ спорт

Маргааш эхлэх Парисын их дуулгад манай 23 бөх барилдана

Жүдо бөхийн Парисын их дуулга маргааш буюу аравдугаар сарын 16-нд эхэлнэ.

48 орны 288 тамирчин оролцож буй тэмцээнийг манай улсын 23 тамирчин зорьсон.

Шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нар ажиллаж байна.

Тэмцээн оролцох шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

  • Э.Сумьяабазар -60 кг
  • Э.Ариунболд -60 кг
  • Б.Нармандах -66 кг
  • Б.Эрхэмбаяр -66 кг
  • Ц.Цогтбаатар -73 кг
  • О.Уранбаяр -73 кг
  • Б.Мөррэнцэн -81 кг
  • Г.Болор-Очир -81 кг
  • Г.Алтанбагана -90 кг
  • Б.Тэнгис -90 кг
  • Б.Гончигсүрэн -100 кг
  • О.Хангал -100 кг
  • О.Цэцэнцэнгэл 100 кг

Эмэгтэй:

  • Г.Наранцэцэг -48 кг
  • Б.Баасанхүү -48 кг
  • Б.Хорлоодой -52 кг
  • Л.Энхрийлэн -57 кг
  • М.Ичинхорлоо -57 кг
  • Б.Ганхайч -63 кг
  • С.Лхагвадулам -63 кг
  • Ц.Энхчимэг -70 кг
  • Б.Эрдэнэт-Од -78 кг
  • А.Адьяасүрэн 78 кг

Тэмцээн маргааш 23:00 цагаас эхлэх бөгөөд SPS Fight сувгаар шууд дамжуулна.

Categories
мэдээ спорт

+30 хэмийн халуунд тоглодог Лаосын шигшээ баг Монголд бэлтгэл хийж байна

Азийн хөл бөмбөгийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “J” хэсэгт Монгол, Тайланд, Малайз, Лаосын шигшээ багууд багтсан.

Тэмцээн энэ сарын 25-31-ний хооронд Улаанбаатар хотод, Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.

Тэмцээнд оролцох багуудаас Лаосын шигшээ баг хамгийн түрүүнд манай улсад ирж, Төв аймаг дахь МХБХ-ны шигшээ багуудын бэлтгэлийн төвд байрлаж байна.

Лаост одоогоор +30 хэмийн халуун байгаа учраас манай орны цаг уурт дасах хугацаа шаардлагатай байгаа нь гарцаагүй гэж МХБХ-ноос мэдээллээ.

Халдвар хамгааллын дэглэмийн дагуу тэмцээнд оролцох багууд хатуу тусгаарлалтын дор бэлтгэл хийж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Германы шигшээ баг 2022 оны ДАШТ-д орох эрхээ авлаа

2022 онд Катар улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна.

Европын орнуудын урьдчилсан шатны “J” хэсэгт өрсөлдөж буй Германы шигшээ баг өчигдөр Умард Македоныг талбайд нь хожсоноор ДАШТ-д оролцох эрхээ авлаа.

Ийнхүү зохион байгуулагч Катарын шигшээ багаас гадна ДАШТ-д оролцох эрхээ авсан анхны улс Герман болсон юм.

Умард Македоныг 0-4 харьцаагаар хожсон тоглолтод Кай Хаверц, Тимо Вернер, Жамал Мусиала нар гоол оруулав.

Германы араас Дани, Англи, Бельгийн шигшээ багууд эрхээ авах өндөр магадлалтай байна.

Categories
мэдээ спорт

Монголын шатарчид Азийн шилдэг 10 багийн тэмцээнд өрсөлдөнө

БНХАУ-ын Чиндао хотын спортын хороо болон Хятадын Шатрын холбооноос хамтран зохион байгуулж буй Азийн шилдэг 10 багийн тэмцээн энэ сарын 14-16-нд болно. Тойргийн системээр хийх тэмцээнд Монгол Улсын баг өрсөлдөнө.

Манай багийн бүрэлдэхүүнд Их мастер Г.Мөнхгал, Д.Батсүрэн, олон улсын мастер Ү.Агьбилэг нар оюунаа сорино.

Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд ажиллахаар Арабыг зорилоо -  Аварга сургууль

Монголын багийг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Их мастер А.Энхтуул ахална.