Categories
мэдээ нийгэм спорт

Д.Батгэрэл гуравдугаар сарын 26-нд тулалдана

Холимог тулааны хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо бол UFC. Тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог тус холбоонд өрсөлдөхийг тулаанч бүхэн мөрөөддөг. Тэр хэрээр өндөр босготой, шалгуур өндөртэй. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат түүний дараагийн тулааны тов гарчээ. “Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн өрсөлдөгч нь АНУ-ын тулаанч Монтел Жэксон.

Тэд гуравдугаар сарын 26-нд тулалдана. Америк “Dana white center” шоунаас анх гарч ирсэн. UFC-ийн дэвжээнд долоон тулаан хийснийхээ тавд нь ялаад буй тамирчин.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог “King Tug” хочит, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 22-нд хийнэ.

Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрбээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдах юм.

Тулаан АНУ-ын Атлантик хотын “Borgata”-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртох юм.

“Vicious” хочит 29 настай Пасильяс нь мэргэжлийн боксын замналдаа 17 тулаан хийж, 16 ялсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан юм.

Categories
мэдээ спорт

“Алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамир арга хэмжээ зохион байгууллаа

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан дуудах, эрүүл чийрэг, эрч хүчтэй бие хүн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Явган алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамирын цуврал арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны бодлого, үйл ажиллагааны дэмжлэгээр Монголын явган алхалтын холбоо (MWA) хамтран зохион байгуулж байгаа аж. Эхний аяллаа тэд Богдхан уулын Дугуй цагаан, Баянзүрх уулын чиглэлд хийсэн бөгөөд арга хэмжээнд оролцсон алхагчдын хувьд төрөл бүрийн ажил мэргэжилтэй, харилцан адилгүй ур чадвартай, насны хувьд ялгаатай 80 настай ахмадаас эхлэн залуучууд, найман настай багачууд, мэргэжлийн тамирчдаас гадна анхлан алхагчид хүртэл нэгджээ.

Явган алхалт нь нас хүйс, ажил мэргэжил, тусгай тоног хэрэгсэл, ур чадвар үл хамааран нэгдэж болдог хамгийн түгээмэл спорт бөгөөд хүний биеийн булчингийн 93 хувийг ажиллуулж чаддаг ихээхэн үр дүнтэй нийтийн биеийн тамирын арга хэрэгсэл болдогоороо давуу талтай.

2021 оны 12 дугаар сарын 25. -36 хэмийн тэсхим хүйтэн өглөө угтлаа. Богдхан уулын Зайсангийн амнаас Дугуй цагааны чиглэлд нийт 8.2 км-ийн тогтоосон маршрутын дагуу явган алхалт хийв. Ойрын өдрүүдэд ингэж хүйтрээгүй тул алхагчдын хувьд эр зориг, тэсвэр тэвчээр зааж болзсон газартаа тогтсон цагтаа цуглацгаав. Нийт алхагчдыг яллын жинхэнэ амтыг мэдрүүлсэн хээрийн чанасан кофе (Walking Baristas), халуун чацаргана, жимсний цайгаар дайлж, явган алхалтын зөвлөмж, танилцуулга түгээж, олон төрлийн хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулснаар бие нь дулаацаж, сэтгэл нь ч хөдөлсөн харагдана лээ.

No description available.

Багийн алхалтын дэг ёсоор алхалтын удирдамж, зааварчилгаа авч, бие халаалтын дасгалаа хийж, арга хэмжээний зорилго, ач холбогдлыг нийт оролцогчдодоо танилцуулж дууссаны дараа алхалтын удирдагчийн шүглийн дохиогоор алхалтаа эхлүүллээ.

Ингээд “Амжилтын сертификат”, “Алхалт үнэ цэнийг бүтээнэ” арга хэмжээний эмблем, алхагчийн пасспорт зэргийг гардуулснаар энэ өдрийн арга хэмжээ өндөрлөсөн юм.

2022 оны нэгдүгээр сарын 1. “Явган алхалт үнэ цэнийг бүтээнэ” нийтийн биеийн тамирын арга хэмжээний дараагийн хөтөлбөрөөр явган алхагчид Улаанбаатар хотын наран ургах зүгт байрлах Баянзүрх хайрханыг зорьсон юм.

Баянзүрх хайрханы оргилоос 2 км зайд автобуснуудаа орхиж алхалтын удирдагч, чиглүүлэгчдээс аюулгүйн санамж, зааварчилгаа аван, биеэ халааж дасгал хийж, нийт алхагчдын тоог бүртгэснээр алхалт эхэллээ.

Алхагчдын бүрэлдэхүүнд туршлагатай алхагчдаас гадна туршлага багатай шинэхэн алхагчид, ахмад настнууд ч байсан тул зарим талаар магадгүй шинэ оны анхны сорилт болж, түнэр харанхуйд алхаж сэтгэлийг хатыг шалгав. Гэлээ ч шинэ оноо эрч хүч, бэрхшээлийг туулах хүч, цэвэр тунгалаг агаар, үзэсгэлэнтэй мандах нар, урт холын замд цугтаа алхах хүмүүстэй хамт эхлүүлж байгаадаа баяртай байлаа.

Энэхүү арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, БТБХХ-ийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, мэргэжилтэн, гавьяат дасгалжуулагч Ч.Базарсүрэн болон Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, Г.Алтансүх, Д.Болорцэцэг, Ц.Энхчимэг, А.Сүхтулга болон холбооны удирдлагын багийн гишүүд хамтран оролцов.

“Цаашид Улаанбаатар хот орчимд болон Монгол Улсын хэмжээнд энэхүү арга хэмжээгээ шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж зохион байгуулагчид онцлов.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.




Categories
мэдээ нийгэм спорт

ОУХМ С.Энхбат Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алтан медаль хүртлээ

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Турк Улсын нийслэл Истанбул хотноо болов.

Тэмцээний M1 ангиллын 74 кг-д өрсөлдсөн ОУХМ С.Энхбат дөрвөн алтан медаль хүртэв.

Мөн 120 кг-д ОУХМ Т.Саяфолла газраас таталтын төрөлд алт, цээжнээс шахалт, штангтай суултынхад тус бүр мөнгөн медаль хүртэн, нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт оров.

105 кг-д хүч сорьсон Б.Бямбасүрэн алт, мөнгө, хүрэл, +105 кг-д Н.Отгонбаяр нэг алт, хоёр мөнгө, 93 кг-д Ц.Цэнддорж хоёр хүрэл, 74 кг-д Д.Батсүх хүрэл, +120 кг-д Т.Надмид мөнгө, хүрэл медаль хүртлээ.


Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улс Бээжингийн өвлийн олимпод оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Олимп бол хүн төрөлхтний наадам, үүнийг улс төрөөс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй” гэж хэлжээ. Ийнхүү Монгол Улс Бээжингийн өвлийн олимпийг дэмжиж, холбогдох арга хэмжээнүүдэд оролцохоо илэрхийлэв. Энэ тухай мэдээг Хятадын Үндэсний радио телевиз болон “China news”, “Фөн Хуан”, “Хятадын залуучуудын цахим хуудас” зэрэг хэвлэл мэдээллийн сувгуудаар олон нийтэд мэдээлсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан “Хятад, Монгол хоёр улс уул усаараа холбогдсон, харилцан чухал, нөхөрсөг харилцаатай билээ. Өдгөө хоёр улсын харилцаа хөгжин дэвжиж байгаа бөгөөд цаашид ч нөхөрсөг харилцаагаа улам гүнзгийрүүлж батжуулна гэж найдаж байна. Прагматик болон цар тахлын эсрэг хамтын ажиллагаа маш амжилттай болсон.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн олимпийн нээлтийн ёслолд оролцохоо илэрхийлсэн анхны гадаад удирдагчдын нэг боллоо. Бид үүнийг маш таатай хүлээн авч, өвлийн олимпийг амжилттай зохион байгуулахад үзүүлж буй дэмжлэгт нь талархсанаа илэрхийлж байна. Олимпийн наадмын гол утга учир бол нөхөрлөл, ойлголцол, эв нэгдэл, эрх тэгш байдал юм. Энэ бол Хятад, Монгол гээд дэлхийн олон орны нийтлэг хүсэл эрмэлзэл билээ.

Олон улсын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимп амжилттай сайхан зохион байгуулагдана гэдэгт бид итгэж байна. Мөн дэлхий дахины эв найрамдлыг улам бататгаж, цэрэг арми болоод олон улсын хамтын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг бэхжүүлнэ гэж итгэж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин АНУ, Их Британи, Австрали, Канад, Япон тэргүүтэй орнууд Шинжаан дахь хүний эрхийн зөрчил, үндэсний цөөнхийн эсрэг бодлоготой холбогдуулан ирэх хоёрдугаар сард эхлэх өвлийн олимпийг дипломат аргаар бойкотлохоо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: MFA.GOV

Categories
мэдээ спорт

2022 онд болох спортын онцлох үйл явдлууд

2021 он зуны 32-р олимп, хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын томоохон үйл явдал, сэтгэл баясгасан амжилтуудаар дүүрэн өнгөрлөө.

Тэгвэл үзэгч, дэмжигчид 2022 онд спортоос юу хүлээх вэ?

Спортын ертөнцөд 2022 онд болох тэмцээн уралдаан, үйл явдлуудыг он цагийн дарааллаар нь танилцуулж байна.

НЭГДҮГЭЭР САР

Нэгдүгээр сарын 1-14. Францын ASO байгууллагаас зохиодог бартаат замын дэлхийн хамгийн том уралдаан “Dakar Rally” Саудын Араб улсад болно.

Тус тэмцээнд Монголын гурван тамирчин оролцохоор Ойрх Дорнодыг зориод байна.

Нэгдүгээр сарын 8-17. Нэгдсэн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн

Монголын спортын корпорацаас спортын 15 холбоог нэгтгэсэн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Мөсөн өргөөд зохиохоор болсон.

Тэмцээнд Монголын гимнастикийн холбоо, Монголын рөүингийн холбоо, Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо, Монголын жиү жицүгийн холбоо, Монголын шатрын холбоо, Монголын электрон спортын холбоо, Монголын бүжгийн спортын холбоод хамтран оролцож аваргаа шалгаруулна.

Нэгдүгээр сарын 9-Хоёрдугаар сарын 6. Африкийн цом

Африк тивийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог 33 дахь удаагийн Африкийн цомын тэмцээн Камерун улсад болно.

2020 оны Африкийн цом цар тахлын улмаас цуцлагдсан бол 2019 оны тэмцээнд Алжирын шигшээ баг түрүүлж байсан.

Тэмцээнд 24 улсын шигшээ баг зургаан хэсэгт хуваагдан оролцоно.

Нэгдүгээр сарын 17-30. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо болно.

2021 оны Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Японы Наоми Осака түрүүлсэн.

Нэгдүгээр сарын 21-23. PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-т Монгол улсыг төлөөлөн “Stalwart Esport” баг оролцож байна.

Тэд дэлхийн аваргын “Grand Final”-д шалгарч дэлхийн шилдэг 15 багтай аваргын цомын төлөө тоглохоор болсон. Шагналын сан 3.5 сая ам.доллар.

Дэлхийн аваргын тэмцээн Баруун болон Зүүн бүсэд хуваагдан болж буй. Ази, Африкийн шилдэг 20 баг оролцсон Зүүн бүсэд “Stalwart Esport” өрсөлдөж бүсийнхээ гуравдугаар байраар шалгарсан юм.

Нэгдүгээр сарын 22. Н.Төгсцогт

Мэргэжлийн боксын IBO холбооны аварга асан, WBA холбоонд тоглодог “King Tug” хочит Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийнэ. Түр аваргын бүсийн төлөө Крис Колбертод ялагдаад байсан тэрээр мөн түр аваргын бүсийн төлөө тулаанд ялагдсан АНУ-ын Виктор Пасильястай тулалдана.

Тулаан АНУ-ын Атлантик хотын “Borgata”-д болох бөгөөд ялсан нь аваргын бүсийн төлөө тулаан хийхэд ойртох юм. “Vicious” хочит 29 настай Пасильяс мэргэжлийн боксын замналдаа 17 тулаан хийхдээ 16 ялсан бол Н.Төгсцогт 14 тулааныхаа хоёрт нь шүүгчийн саналаар ялагдсан.

ХОЁРДУГААР САР

Хоёрдугаар сарын 3-6. Чөлөөт бөхийн чансаа олгох эхний тэмцээн. Маттео Пелликоны нэрэмжит тэмцээн Италийн Ром хотод болно.

Хоёрдугаар сарын 4-20. Өвлийн олимп

24 дэх удаагийн өвлийн олимп Хятадын Бээжин хотноо болно. Олимпын долоон спортын 15 төрөлд 109 тэмцээн болох бөгөөд гурван мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байна.

Бээжин хот нь 2008 онд Зуны олимпыг зохион байгуулж байсан туршлагатай. Зуны олимп болж байсан хотод Өвлийн олимп зохиогдож буй анхны тохиолдол энэ юм.

Хоёрдугаар сарын 5-6. Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн Францын нийслэл Парис хотноо болно.

Хоёрдугаар сарын 17-19. Жүдо бөхийн Тель Авивын их дуулга тэмцээн Израилын Тель Авив хотноо болно.

Хоёрдугаар сарын 24-27. Чөлөөт бөхийн чансаа олгох хоёр дахь тэмцээн. Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит тэмцээн Туркийн Истанбул хотод болно.

ГУРАВДУГААР САР

Гуравдугаар сарын 18-20. Formula 1-ийн 72 дахь улирлын нээлтийн гараа буюу Бахрейны Гран-При тэмцээн “Bahrain International Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.412 км урттай замыг 57 удаа тойрно.

2021 оны Бахрейны Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, өнгөрсөн улирлын аварга Макс Ферстаппэн удаалсан.

Гуравдугаар сарын 25-27. Жүдо бөхийн Тбилисигийн их дуулга тэмцээн Гүржийн нийслэл Тбилиси хотод болно.

Гуравдугаар сарын 25-27. Formula 1-ийн 72 дахь улирлын хоёр дахь гараа Саудын Арабын Гран-При тэмцээн “Jeddah Corniche Circuit” зам дээр болно. Нисгэгчид 6.174 км урттай замыг 50 удаа тойрно.

2021 оны Саудын Арабын Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, өнгөрсөн улирлын аварга Макс Ферстаппэн удаалсан.

ДӨРӨВДҮГЭЭР САР

Дөрөвдүгээр сарын 1-3. Жүдо бөхийн Анталиягийн их дуулга тэмцээн Туркийн Анталия хотод болно.

Дөрөвдүгээр сарын 8-10. Formula 1-ийн 72 дахь улирлын гурав дахь гараа буюу Австралийн Гран-При тэмцээн “Melbourne Grand Prix Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.303 км урттай замыг 58 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Австралийн Гран-Прид Валтьери Боттас түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Дөрөвдүгээр сарын 19-24. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн

Чөлөөт бөхийн 2022 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор товлогдсон.

Тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 19-24-ний хооронд болох бөгөөд Монголын шигшээ баг өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох боломжтой.

Дөрөвдүгээр сарын 22-24. Formula 1-ийн 72 дахь улирлын дөрөв дэх гараа буюу Эмилия Романьягийн Гран-При тэмцээн “Autodromo Enzo e Dino Ferrari” зам дээр болно. Нисгэгчид 4.909 км урттай замыг 63 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Эмилия Романьягийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

ТАВДУГААР САР

Тавдугаар сарын 6-8. Formula 1-ийн 72 дахь улирлын тав дахь гараа буюу Майамигийн Гран-При тэмцээн шинэхэн “Miami International Autodrome” зам дээр болно. Нисгэгчид 5.41 км урттай замыг 57 удаа тойрно.

АНУ-ын Майами хотноо анх удаа Formula 1-ийн Гран-При тэмцээнийг зохиох бөгөөд уг гараа нэмэгдсэнээр Formula 1-ийн улирал түүхдээ хамгийн олон буюу 23 гараатай болж байна.

Тавдугаар сарын 20-22. Жүдо бөхийн Казанийн их дуулга тэмцээн ОХУ-ын Казань хотноо болно.

Тавдугаар сарын 20-22. Formula 1-ийн 72 дахь улирлын зургаа дахь гараа буюу Испанийн Гран-При тэмцээн “Circuit de Barcelona-Catalunya” зам дээр болно. Нисгэгчид 4.675 км урттай замыг 66 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Испанийн Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Макс Ферстаппэн удаалсан.

Тавдугаар сарын 22-Зургаадугаар сарын 5. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн буюу Роланд Гаррос Парис хотноо болно.

2021 оны Францын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чехийн Барбара Кречикова түрүүлсэн.

Тавдугаар сарын 27-29. Formula 1-ийн 72 дахь улирлын долоо дахь гараа буюу Монакогийн Гран-При тэмцээн “Circuit de Monaco” зам дээр болно. Нисгэгчид 3.337 км урттай замыг 78 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Монакогийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Карлос Сайнз удаалсан.

ЗУРГААДУГААР САР

Зургаадугаар сарын 2-5. Чөлөөт бөхийн чансаа олгох гурав дахь тэмцээн. /Хаана болох нь тодорхойгүй байна/

Зургаадугаар сарын 3-5. Жүдо бөхийн Дюссельдорфын их дуулга тэмцээн Германы Дюссельдорф хотноо болно.

Зургаадугаар сарын 10-12. Formula 1-ийн 72 дахь улирлын найм дахь гараа буюу Азербайжаны Гран-При тэмцээн “Baku City Circuit” зам дээр болно. Нисгэгчид 6.003 км урттай замыг 51 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Азербайжаны Гран-Прид Серхио Перез түрүүлж, Себастиан Веттел удаалсан.

Зургаадугаар сарын 17-19. Formula 1-ийн 72 дахь улирлын ес дэх гараа буюу Канадын Гран-При тэмцээн “Circuit Gilles-Villeneuve” зам дээр болно. Нисгэгчид 4.361 км урттай замыг 70 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Канадын Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Себастиан Веттел удаалсан.

Зургаадугаар сарын 24-26. Жүдо бөхийн Улаанбаатарын их дуулга тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.

Зургаадугаар сарын 27-Долоодугаар сарын 10. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг “Wimbledon” Английн Лондон хотноо болно.

Wimbledon 2021-ийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Австралийн Эшли Барти түрүүлсэн.

ДОЛООДУГААР САР

Долоодугаар сарын 1-3. Formula 1-ийн 72 дахь улирлын арав дахь гараа буюу Британийн Гран-При тэмцээн “Silverstone Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.891 км урттай замыг 52 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Британийн Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Чарьлз Леклер удаалсан.

Долоодугаар сарын 1. Дугуйн хамгийн том уралдаан болох 109 дэх удаагийн “Tour de France” Данийн нийслэл Копенхаген хотод эхэлнэ.

Долоодугар сарын 8-10. Жүдо бөхийн Будапештын их дуулга тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо болно.

Долоодугаар сарын 8-10. Formula 1-ийн 72 дахь улирлын 11 дэх гараа буюу Австрийн Гран-При тэмцээн “Red Bull Ring” зам дээр болно. Нисгэгчид 4.318 км урттай замыг 71 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Австрийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Валтьери Боттас удаалсан.

Долоодугаар сарын 14-17. Чөлөөт бөхийн чансаа олгох дөрөв дэх буюу сүүлийн тэмцээн. /Хаана болох нь тодорхойгүй байна/

Долоодугаар сарын 22-24. Formula 1-ийн 72 дахь улирлын 12 дахь гараа буюу Францын Гран-При тэмцээн “Circuit Paul Ricard” зам дээр болно. Нисгэгчид 5.842 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Францын Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Долоодугаар сарын 29-31. Formula 1-ийн 72 дахь улирлын 13 дахь гараа буюу Унгарын Гран-При тэмцээн “Hungaroring” зам дээр болно. Нисгэгчид 4.381 км урттай замыг 70 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Унгарын Гран-Прид Даниэл Риккиардо түрүүлж, Ландо Норрис удаалсан.

НАЙМДУГААР САР

Наймдугаар сарын 7-13. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болно.

Наймдугаар сарын 26-28. Formula 1-ийн 72 дахь улирлын 14 дэх гараа буюу Бельгийн Гран-При тэмцээн “Circuit de Spa-Francorchamps” зам дээр болно. Нисгэгчид 7.004 км урттай замыг 44 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Бельгийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Жорж Рассел удаалсан.

Наймдугаар сарын 29-Есдүгээр сарын 11. Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг АНУ-ын нээлттэй тэмцээн Нью Йорк хотноо болно.

2021 оны АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын Данийл Медведев, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Их Британийн Эмма Радукану түрүүлсэн.

ЕСДҮГЭЭР САР

Есдүгээр сарын 2-4. Formula 1-ийн 72 дахь улирлын 15 дахь гараа буюу Нидерландын Гран-При тэмцээн “Circuit Zandvoort” зам дээр болно. Нисгэгчид 4.259 км урттай замыг 72 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Нидерландын Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Есдүгээр сарын 9-11. Formula 1-ийн 72 дахь улирлын 16 дахь гараа буюу Италийн Гран-При тэмцээн “Autodromo Nazionale Monza” зам дээр болно. Нисгэгчид 5.793 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Италийн Гран-Прид Даниэл Риккиардо түрүүлж, Ландо Норрис удаалсан.

Есдүгээр сарын 10-18. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотноо болно. Тэмцээнд дэлхийн шилдэг тамирчид цуглан чансаа ахиулж, дараа дараагийн тэмцээнүүдэд оролцох эрхээ авна.

Есдүгээр сарын 10-25. Азийн наадам

19 дэх удаагийн Азийн наадам Хятадын Ханжоуд 15 хоног үргэлжлэх бөгөөд 40 спортын 482 төрөлд тамирчид өрсөлдөнө.

Азийн наадмыг Хятад улсад зохиож буй гурав дахь тохиолдол нь энэ бөгөөд Номхон далайн орнуудын төлөөлөл анх удаа оролцоно.

Наадмаар волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн төрлүүдэд 2024 оны Парисын зуны олимпод оролцох эрхийг олгоно.

Есдүгээр сарын 23-25. Formula 1-ийн 72 дахь улирлын 17 дахь гараа буюу Оросын Гран-При тэмцээн “Sochi Autodrom” зам дээр болно. Нисгэгчид 5.848 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Оросын Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Макс Ферстаппэн удаалсан.

Есдүгээр сарын 30-Аравдугаар сарын 2. Formula 1-ийн 72 дахь улирлын 18 дахь гараа буюу Сингапурын Гран-При тэмцээн “Marina Bay Street Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.063 км урттай замыг 61 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Сингапурын Гран-Прид Себастиан Веттел түрүүлж, Чарьлз Леклер удаалсан.

АРАВДУГААР САР

Аравдугаар сарын 7-9. Formula 1-ийн 72 дахь улирлын 19 дэх гараа буюу Японы Гран-При тэмцээн “Suzuka International Racing Course” зам дээр болно. Нисгэгчид 5.807 км урттай замыг 53 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2019 оны Японы Гран-Прид Валтьери Боттас түрүүлж, Себастиан Веттел удаалсан.

Аравдугаар сарын 21-23. Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод болно.

Аравдугаар сарын 21-23. Formula 1-ийн 72 дахь улирлын 20 дахь гараа буюу АНУ-ын Гран-При тэмцээн “Circuit of The Americas” зам дээр болно. Нисгэгчид 5.513 км урттай замыг 56 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны АНУ-ын Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Аравдугаар сарын 28-30. Formula 1-ийн 72 дахь улирлын 21 дэх гараа буюу Мехикогийн Гран-При тэмцээн “Autódromo Hermanos Rodríguez” зам дээр болно. Нисгэгчид 4.304 км урттай замыг 71 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Мехикогийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

АРВАННЭГДҮГЭЭР САР

Арваннэгдүгээр сарын 4-6. Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод болно.

Арваннэгдүгээр сарын 11-13. Formula 1-ийн 72 дахь улирлын 22 дахь гараа буюу Сан Паулугийн Гран-При тэмцээн “Autódromo José Carlos Pace” зам дээр болно. Нисгэгчид 4.309 км урттай замыг 71 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Сан Паулу Гран-Прид Льюис Хэмилтон түрүүлж, Макс Ферстаппэн удаалсан.

Арваннэгдүгээр сарын 18-20. Formula 1-ийн 72 дахь улирлын сүүлчийн буюу 23 дахь гараа Абу Дабигийн Гран-При тэмцээн “Yas Marina Circuit” зам дээр болно. Нисгэгчид 5.281 км урттай замыг 58 удаа тойрно.

Хамгийн сүүлд буюу 2021 оны Абу Дабигийн Гран-Прид Макс Ферстаппэн түрүүлж, Льюис Хэмилтон удаалсан.

Арваннэгдүгээр сарын 21-Арванхоёрдугаар сарын 18. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Олон улсын хөл бөмбөгийн холбооноос (FIFA) зохиодог 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад болно.

Ази тивд хоёр дахь удаа, анх удаа Арабын оронд, өвөл зохиогдож буйгаараа онцлог уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 улсын шигшээ баг өрсөлдөнө.

Тоглолтууд таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болох ба 32 баг оролцсон сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх болно. Учир нь 2026 оны ДАШТ-д 48 баг оролцох юм.

Арваннэгдүгээр сарын 25-27. Жүдо бөхийн Токиогийн их дуулга тэмцээн Японы нийслэл Токио хотод болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Хосбаяр: Анхаагаа аварга болох агшинд сэтгэл хөдлөөд уйлсан

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяртай ярилцлаа.


-Танд болон таны шавь М.Анхцэцэгт баяр хүргэе. Монгол Улс хүндийг өргөлтийн дэлхийн аваргаас анхны алтан медалиа хүртлээ. Та сэтгэгдэл, тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

-М.Анхцэцэг маань дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртлээ, сайхан байна. Анхаагаа аварга болох агшинд сэтгэл хөдлөөд нэлээд уйлсан. Хүндийг өргөлтийн спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан тэнгэрийн оронд байгаа олон дасгалжуулагч, өнөө цагийн дасгалжуулагчид, тамирчид бүгд энэ л амжилтын төлөө зүтгэсэн. Эх спортын төлөө зүрх сэтгэл, нойр хоол, хөлс хүчээ зориулсан олон арван хүний хүслийг биелүүллээ.

-Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпийн дараа МУГТ М.Анхцэцэг “Зорьсондоо хүрч чадсангүй. Одоо би дэлхийн аварга болно” гэж хэлж байсан. Хэлсэндээ ч хүрлээ. Энэ хугацаанд та хоёр бэлтгэлээ хэрхэн базаав?

-Олимпоос ирж долоо хоног амраад бэлтгэлдээ орсон. Олимпийн өмнө өндөр түвшинд бэлтгэл хийж байсан. Түүнийгээ үргэлжлүүлсээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явсан.

-Тэмцээний үеэр хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Тэмцээнд маш олон тамирчид оролцсон. Тэднээс Узбекистан улсын тамирчин Турсуной Жабборова бол Анхаатай олон тэмцээнд ширүүн өрсөлдөж байгаа. Өмнө нь Анхааг нэг ч удаа ялж байгаагүй охин. Энэ жил нутагтаа огцом өргөлтөөр яллаа. ОХУ-ын тамирчинг ширүүн өрсөлдөгч байх болов уу гэж бодож байлаа. Бодсон шиг сайн өрсөлдөгч байж чадсангүй. Бусад тамирчдыг бол ялах нь тодорхой байсан.

-Дараагийн зорилго ямар тэмцээн байна?

-2024 оны Олимпод оролцох эрхийн оноо цуглуулалт эхэлсэн. Ирэх жил Азийн наадам, дэлхийн аварга гээд олон тэмцээн хүлээж байна даа.

-Тэмцээнд оролцохоос өмнө тамирчныхаа сэтгэл зүйг хэрхэн бэлтгэдэг вэ?

-Тамирчнаасаа шалтгаалаад өөр өөр ажилладаг. Анхаагийн хувьд өндөр зэрэглэлтэй тамирчин болохоор илүү үглэхгүй, өөрөөр нь бэлдүүлэх нь зүйтэй байдаг. Хүндийг өргөлтийн спортын хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл. Өөртөө л итгэж байвал тэмцээнд оролцоход бэлэн гэсэн үг.

-Токиогийн олимпод медальд маш ойрхон очоод дэвжээнээс бууж ирэхэд М.Анхцэцэг та хоёрын яриа хэрхэн эхэлсэн бэ, тухайн үеийн сэтгэл зүй, мэдрэмж ямар байв?

-Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн наадамд медалийн оролтоо алдах мэдээж маш хүнд шүү дээ. Тоон үзүүлэлтээр медальд орох нь тодорхой харагдаж байлаа. Гэтэл бид хүрэл медалийн боломжоо алдаж, охин маань дэвжээнээс уйлаад бууж ирсэн. Мэдээж би хамгийн түрүүнд тайвшруулах үг хэлэх ёстой. “Битгий уйл. Нас чинь залуу байна охин минь. Чи Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд маш том амжилт гаргасан, сайн охин” гээд л аргадлаа. Хөөрхий, охин минь юу ч ярихгүй, хэсэг уйлж байгаад арай тайвширсан. Гэтэл тамирчнаа тайвшруулах ёстой би өөрөө багтарч, уйлчих гээд болдоггүй. “Хажууд нь уйлж болохгүй” гэж өөртөө хэлээд, нулимсаа залгиад л байлаа.

Өөрийгөө бариад, инээж ч үзсэн. Дотор огшоод, үнэхээр хэцүү байсан. Тэмцээний заалнаас Олимпийн тосгон хүртэл бид хоёр юу ч яриагүй. Би гаднаа юу ч болоогүй юм шиг царай гаргах гэж их хичээсэн. Анхаа Олимпийн тосгонд очоод цүнх, хувцсаа тавьчихаад “Хоолонд орлоо” гээд гарсан. Анхааг өрөөнөөс гараад, хаалга хаагдангууд л миний нулимс асгарсан. Арай дотор онгойж, тайвшраад гартал Анхаа Олимпийн таван цагаригтай хөшөөний доор нэлээд уйлж байгаад тайвширсан бололтой сууж байлаа. Би очиж тоглоомоор “Өнөөдөр орой чи бид хоёрын сошиалд нүдүүлэх цаг шүү. Сэтгэлээ бэлдээрэй” гэлээ. Гэтэл эсрэгээрээ Монголын ард түмэн бидэнд баяр хүргэж, сайхан үгсээр урам зориг өгч байсан. Ард түмэн М.Анхцэцэгт найдаж, медаль авна гэж итгэж, хайрлаж хүлээж байсан нь үнэн. Харамсалтай нь бид хоёр тухайн үед тэрхүү амжилтад арай л хүрч чадаагүй. Гэхдээ охины минь зүтгэлийг ойлгож, хайрлаж хүлээж авсан ард түмэндээ маш их баярласан. Итгэл алдах хэцүү байсан.

-М.Анхцэцэг дасгалжуулагчгүй тэмцээнд явж байсан гэж сонссон. Тамирчнаа ганцааранг нь явуулах танд хүнд байсан уу?

-Хэд хэдэн удаа, миний санаж байгаагаар долоо, найман удаа тэмцээнд дасгалжуулагчгүйгээр явсан. Хамгийн түрүүнд бэртчих вий л гэж санаа зовдог. Захиснаар явах болов уу гээд л хэцүү шүү. Тэднээс тод санаж байгаа нь оюутны дэлхийн аварга Мексикийн Меринда хотод болсон юм. Түүнээс долоо хоногийн өмнө залуучуудын Азийн аварга Японд болох байлаа. Тухайн үед нэг хүний зардал 17-18 сая төгрөг болж байсан. Бид гүйсээр нэг л хүний зардал олж М.Анхцэцэгийгээ явуулсан юм. Анхаад бол би “Хамт явна аа” гээд худлаа хэлчихсэн. Явтал нь сэтгэлийг нь тайван байлгах гээд онгоцны буудал дээр чемоданаа аваад очсон. Бүртгэл хийлгэх болоод Анхааг “Чи орж бай, багш нь араас чинь оръё” гэж хэлээд онгоцонд нь суулгасан. Онгоц руу орсноос 10 минутын дараа “Багшийгаа уучлаарай. Сайн яваарай миний охин” гээд мессэж бичсэн. Анхаа гомдоод “Би энэ тэмцээнд явахгүй, онгоцноос буулаа” гэж зүтгээд бид тайвшруулаад явуулсан. Анхаа ингэж яваад Токиод залуучуудын Азийн хошой аварга болж, Оюутны дэлхийн аваргад ганцаараа оролцсон. Бид цаг, минут тутамд ярьж байлаа. Тэмцээндээ ч орсон. Хамгийн харамсалтай нь, Анхаа тэр тэмцээн дээр бэртэл авсан. Гурав дахь оролтод орох хэрэггүй байсан юм гэж би одоо ч харамсдаг. Хэрэв би

мөнгөтэй байгаад, хажууд нь байсан бол тэр оролтыг хаах байсан юм. Тийм гунигтай үе бидэнд тохиолдож л байлаа.

-“Токио-2020” олимпод оролцох эрхээ авахын тулд М.Анхцэцэцэг ээж болоод гурван сарын дараа бэлтгэлдээ орсон. Дасгалжуулагчийн хувьд нялх биетэй ээжийг бэлтгэхэд хэцүү байсан уу?

-Гурван сартай бэлтгэлдээ орохоос өөр аргагүй болсон. “Токио-2020” Олимпийн өмнө Дэлхийн хүндийг өргөлтийн холбооноос гурван цикл зарласан. Эхний циклд заавал тэмцээнд орох ёстой. Гурван циклд 1-2 тэмцээнд заавал оролцох ёстой гэсэн хатуу шалгуур тавьж байсан. Миний хувьд анх удаа л тамирчин маань ээж болоод гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэж ирсэн явдалтай нүүр тулсан. Бид хоёр хоёулаа ямар ч туршлагагүй. Маш олон найз, эмэгтэйчүүдийн эмч, дасгалжуулагчидтай уулзаж зөвлөгөө авсан. Бүгд мэдэхгүй, туршлага багатай байлаа. “Надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Яах ёстойг мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Эмч нар төрсний дараа хүний бие бүхэлдээ өөрчлөгддөг, ачаалал бага өгөөрэй гэж зөвлөсөн.

Ингээд Анхаа маань ээж болоод гурван сарын дараа бэлтгэлд орж, дөрвөн сар гаруйн дараа Хятад руу Азийн аваргад оролцохоор явсан. Медаль авах гэж зорих биш, зүгээр л оролцоход хангалттай гэж бодсон. Азийн аваргад орохын тулд найман кг жин хассан. Нэг кг гаруйг хасах үлдсэн үед жин нь зуурч эхэлсэн. Хөлс огт гарахаа болиод, саунд орлоо. Хүйсийн ялгаа гардаг тул багш нь хамт орж болохгүй. Би сауны гадна хүлээгээд л байлаа, чимээ байдаггүй. Сүүлдээ учраа тайлбарласаар байгаад орох зөвшөөрөл авлаа. Ортол охины маань хөхний сүү гоожоод, цамц нь нэвт норчихсон сууж байсан. Сэтгэл өмрөөд л явчихсан. “Амь биш, заяа биш хэрэггүй. Тэмцээнд орохоо больё” гэтэл Анхаа “Би энд өөр зорилготой ирсэн. Миний энэ зорилгыг битгий ухраагаарай” гэж хэлээд намайг гаргасан. Ийм байдалтай жин хассаар тэмцээндээ орсон. Тэмцээн эхлэх үед ч би дахиад болиулах гэж оролдсон. Дасгалжуулагч хүний нүдээр харахад үнэхээр хүнд байдал харагдаад байсан. М.Анхцэцэг бид хоёр арав гаруй жилийг багш, шавийн барилдлагаар туулж байна. Хамгийн хэцүү, өрөвдмөөр тэмцээн тэр байсан. Манай Анхаа шартай, зүтгэсээр байгаад л мөнгөн медаль аваад дэвжээнээс бууж байлаа. Миний хувьд хамгийн амттай медаль нь энэ мөнгөн медаль санагддаг юм.

Categories
гадаад мэдээ спорт

Хоккейн залуучуудын ДАШТ-ийг цар тахлын улмаас дундаас нь цуцаллаа

Канадад болж байсан шайбтай хоккейн залуучуудын ДАШТ-ийг дундаас нь цуцалжээ. Тэмцээнд оролцож байсан АНУ, ОХУ, Чехийн шигшээ багийн тамирчдаас халдвар илэрсний дараа Олон улсын хоккейн холбооны зөвлөл хуралдаж, эцсийн шийдийг гаргасан байна. Оролцогч багуудаас халдвар гарч эхлэхэд зохион байгуулагчдын зүгээс тэмцээнээ хэвийн явуулсаар дуусгахын тулд багагүй хүчин зүтгэл гаргасныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, халдвар илэрсэн улсуудын тоглолтыг цуцалж, эсрэг багт нь техникийн хожил өгч байсан юм. Гэвч яваандаа халдварт өртсөн багийн тоо нэмэгдэх хандлагатай болсон учир аргагүй цуцлах шийдвэр гарчээ.

Өчигдөр яг юу болов?

ДАШТ-д оролцогчдоос авч буй шинжилгээний хариу эерэг гарах нь эрс нэмэгджээ. Халдварын улмаас тоглолт цуцлагдсан анхны тохиолдол мягмар гаригийн шөнө болж АНУ-Швейцарийн /АНУ-ын тоглогчид халдвар авсны улмаас/ тоглолт цуцлагдсан. Мөн Чехийн баг Финляндтай /Чехийн тоглогчид халдвар авсан тул/, ОХУ Словактай тоглосонгүй /ОХУ-ын багт халдвар гарсан/.

-ОХУ-ын багийн лидер Матвей Мичковын хариу эеэрэг гарав. Гэсэн ч агент, аав хоёр нь хүлээн зөвшөөрсөнгүй. Санаатайгаар хийсэн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тоглогчид одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна.

-Тоглогчид хотхон маягаар биш, ердийн байдлаар зочид буудлуудад байрлаж байсан нь эрсдлийг нэмэгдүүлсэн гэж үзсэн байна.

ОУХХ-ны ерөнхийлөгч Люк Тардифф тэмцээнийг хойшлуулах шийдвэрийг албан ёсоор танилцуулсны дараа “Тэмцээнийг ирэх онд, магадгүй зун ч юм уу үргэлжлүүлнэ” гэжээ.

Categories
мэдээ спорт

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

Монго Улёын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр /2021.12.24/ мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийлээ. WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөөх энэхүү тулаанд Э.Цэндбаатар шүүгчдийн саналаар ялжээ.

Э.Цэндбаатар өнөөдөр өөрийн цахим хуудастаа “Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай” хэмээн бичлэгээ оруулсан байна. Өдгөө 25 настай, сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын хувьд энэ сарын эхээр Москваг зорьж, бэлтгэл сургуулилалтаа хийсэн юм. Харин түүнтэй тулалдсан осет залуу Сослан Баевын хувьд мэргэжлийн боксын рингэд зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулжээ.

Э.Цэндбаатар нь 2019 оны сонирхогчдын боксын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнээс гадна 2018 оны Жакартагийн Азийн наадмаас алт, 2019, 2021 онуудын Азийн аваргаас дараалан алтан медаль тус тус хүртэж байв.

Categories
мэдээ спорт

Монголын баг PUBG Mobile-н Дэлхийн аваргын финалд шалгарлаа

PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-т Монгол улсыг төлөөлөн “Stalwart Esport” баг оролцож буй. Улмаар Монголын баг дэлхийн аваргын “Grand Final”-д шалгарч дэлхийн шилдэг 15 багтай аваргын цомын төлөө тоглохоор болжээ.

Дэлхийн аваргын тэмцээн Баруун болон Зүүн бүсэд хуваагдан болж буй. 3.5 сая ам.долларын шагналын сантай дэлхийн аваргын финалын тоглолт 2022 оны нэгдүгээр сарын 21-нд эхэлнэ. Түрүүлсэн баг нь 1.5 сая ам.доллар авна.