Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын боксчид 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ

Узбекстан улсын Ташкент хотноо 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн/U22/-д Монголын боксчид 2 алтан медаль, 2 мөнгөн медаль, 8 хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн өндөр амжилт гаргав.

Тодруулбал, Мөнгөнцэцэгийн Энхжаргал /Эмэгтэй 54 кг/, Ганзоригийн Бадмаараг /эмэгтэй 60 кг/ алтан медаль, ОУХМ Монхорын Намуун /эмэгтэй 57 кг/, Мягмарсүрэнгийн Цэцэгдарь /эмэгтэй 63 кг/ мөнгөн медаль хүртжээ.

Хүрэл медалийн эздээр Бейсенбейн Жанаргуль эмэгтэй /48 кг/, Алтанбекын Хулан /эмэгтэй 50 кг/ , Хишигцэцэгийн Азбаяр /эрэгтэй 51 кг, Доржнямбуугийн Ганболд /54 кг/, Баярхүүгийн Буяндалай 60 кг, Бямбацогтын Төгөлдөр /63.5 кг/, Асхар Жандос /67 кг/, Батбаярын Гантулга /75 кг/ нар тус тус шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Коби болон Жианна Брайант нарын дурсгалд зориулж хөшөө босгожээ

Коби болон Жианна Брайант нарын дурсгалд зориулж хөшөө босгожээ

Америкийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг Коби Брайант болон түүний охин Жианна нар одоогоос хоёр жилийн өмнө нисдэг тэрэгний ослоор нас барсан. Тэгвэл тэдний гэгээн дурсгалд зориулж хөшөө босгосон байна.

Аав охин хоёрыг сагсан бөмбөгийн өмсгөлтэйгөөр дүрсэлсэн энэхүү дурсгалын хөшөөг осол болсон Калифорни мужийн Калабасас хотоос 48 км зайд орших уулын бэлд босгожээ. Хөшөөг бүтээсэн уран барималч Дэн Медина “Энд ирэхэд сэтгэл өөрийн эрхгүй өвддөг. Кобигийн дэмжигчид энд цэцгийн баглаа, сагсан бөмбөгийн өмсгөл, малгай зэргээ үлдээдэг. Гэхдээ үүрд мөнх орших зүйл хэрэгтэй байсан учраас энэ хөшөөг босгосон юм” гэжээ.

Мөн Коби Брайантын “Heroes come and go but legends are forever” буюу “Баатрууд ирээд буцдаг ч домгууд мөнхөд оршдог” гэх эшлэлийг сийлсэн байна.

Дэн Медина одоогоор хөшөөг албан ёсоор байршуулах зөвшөөрлийг албаны хүмүүсээс авахаах ажиллаж байгаа бөгөөд илүү том хэмжээтэй хувилбарыг нь Лос Анжелес хотод босгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын мэргэжлийн дугуйчид хилийн чанадыг зорилоо

Монголын анхны мэргэжлийн баг тамирчид “Ferei-Mongolia Development team” /UCI continental/ анхны гараа болсон тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.

Өнгөрсөн оны 12 сард байгуулагдсан тус багт Монголын шилдэг 16 тамирчин уралдахаар гэрээ хийсэн бөгөөд энэ удаа ОУХМ Б.Мягмарсүрэн, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нарын 6 тамирчин, Дасгалжуулагчаар ОУХМ Н.Хангарьд, туслах дасгалжуулагчаар СМ М.Гомбо нийт 8 хүнтэй баг Арабын нэгдсэн Эмират улсад /Tour of Sharjah/ 1 сарын 28-наас 2 сарын 01 хүртэл нийт 5 өдөр үргэлжлэх тэмцээнд оролцохоор ийнхүү явж байна. Багийн бүрэлдхүүнд 2 бариачин, 1 уулчин, 3 зүтгэгч дугуйчин багтаж байгаа юм.

Тус уралдаан нь 2013 оноос эхлэн зохион байгуулагдсан, Олон улсын дугуйн холбооны 2.1 ангилалд багтдаг нэр хүндтэй тэмцээн юм. Манай баг тэмцээний дараа шууд Туркийн цуврал тэмцээнүүдэд 3 дугаар сарын 20 хүртэл нийт 8 тэмцээнд оролцоно. Мөн шилдэг тамирчид нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд уралдахаар Таджикстан улсыг зорих юм.

Мөн Эмиратын тэмцээнд Малайзын “Terengganu cycling team” багаас уралдаж байгаа, “Тour of Thailand” тэмцээний аварга ОУХМ С.Жамбалжамц уралдах юм байна.

Монголын баг тамирчид Тайландын тэмцээнтэй адилхан онц сонирхолтой, ширүүн өрсөлдөөнийг үзүүлнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд энэ удаад Европын олон хүчтэй багууд оролцож амаргүй тэмцээн болох юм. Тодруулбал, 24 мэргэжлийн багийн 144 тамирчин хурд хүчээ сорихоор АНЭУ-д очжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

​ Ш.Энхийн-Од Монголдоо ирж, IHC багт нэгдэв

Ш.Энхийн-Од | News.MN

Аавынхаа үргэлжлэл болж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ. АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт “Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр эх орондоо иржээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од сагсан бөмбөгийн IHC багт нэгдэн, Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт өрсөлдөхөөр болов.

АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн тухай мэдээллийг голчлон хүргэдэг алдарт “Slam” сэтгүүл Коллежийн шилдэг 100 тоглогчийн нэгээр Ш.Энхийн-Од тодорсон.

“Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм.

Ц.Шаравжамц гавьяат хоёр хүүтэй. Нэг нь Энхийн-Од, нөгөө нь Мөнхийн-Од. Ах Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог. Тэрбээр дүүгээсээ дөрвөн насаар ах.

Ах, дүү хоёр хамтдаа УАШТ-д гурван удаа оролцож байжээ. Тэднийг, Ц.Шаравжамц гавьяатын гэр бүлийг сагсан бөмбөггүйгээр төсөөлөхийн аргагүй.

Ш.Энхийн-Од АНУ-д 2018 онд очихдоо Зениагийн “Legecy Christian” багт нэг улирал тоглохдоо 19 тоглолтод оролцон, 10.5 онооо дунджилжээ. Дараа нь Калифорнийн “Rrofic Prep” академийн багт хоёр улирал өрсөлдсөн. Улмаар энэ оны наймдугаар сард ISA багт нэгдсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн зун “Midwest Basketball Club”-ийн “Rich Rolf”, “Centerville”-ийн “Gabe Cupps” багт тоглосон туршлагатай.

Categories
мэдээ нийгэм спорт

Боксчин Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тулаан хийхээр Москваг зорилоо

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын 2 дахь тулаанаа хийхээр өнөөдөр өглөө ОХУ-ын нийслэл Москва хотыг зорив.

Тулаан 2022 оны 2 дугаар сарын 20 нд болох бөгөөд Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах 3 дахь тулаан юм. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны Азийн залуучуудын аваргын бүс авсан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард 2 дахь тулаанаа амжилттай хийж ялснаар мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа юм.

ОУХМ Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын 2 дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.

Categories
мэдээ нийгэм спорт

Финикс долоон тоглолт дараалсан хожилтойгоор бүсээ тэргүүлсэн хэвээр байна

Финикс Санс 9 дэх улиралдаа плэй-оффын гадна үлдэв | News.MN

Финикс Санс, Юта Жазз багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 115:109 харьцаагаар Финикс хожлоо. Ингэснээр Финикс улирлын 37 дахь хожлоо авсан бөгөөд хожил, хожигдлын харьцаагаар тэргүүн байранд бичигдсэн хэвээр байгаа юм.

Өнөөдрийн тоглолтод Финиксээс Дэвин Бүүкэр 33 оноо 7 самбар, Крис Пол 27 оноо 14 дамжуулалт өгчээ. Харин Ютагаас Жордан Кларксон 22, Трэнт Форрэст 17 оноог тус тус авсан байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Н.Төгсцогт: Өөрийгөө ялчихлаа гэж бодсон

Н.Төгсцогт: Өөрийгөө ялчихлаа гэж бодсон

Н.Төгсцогт: Өөрийгөө ялчихлаа гэж бодсон

Тулааны спортын эргэн тойронд олон үйл явдал өчигдөр /2021.01.23/ боллоо. Мэргэжлийн боксын рингэнээ Н.Төгсцогт ээлжит тулаанаа хийсэн бол UFC-ийн октагонд аваргын бүсний төлөөх тулаанууд өрнөв.


Н.Төгсцогт Сакариа Лукастай тулалдаж, 10 үе тулалдсаны эцэст хоёр тулаанч тэнцсэн. Гурван шүүгч 96-94, 94-96, 95-95 гэж дүгнэжээ. Тулааны дараа Н.Төгсцогт “Би өөрийгөө ялчихлаа гэж бодсон. Намайг хүнд цохилтод оруулсан гэдэгт би итгэхгүй байна. Хүнд тулаан болсон. Ялангуяа богино хугацаанд тодорсон өрсөлдөгчийн эсрэг гэхэд. Миний зорилго бол дэлхийн аваргын төлөө дахин тулалдах” гэжээ.

Тулааны үеэр Н.Төгсцогт халтирч унасан бөгөөд шүүгчид үүнийг нь хүнд цохилт байсан гэж үзээгүй юм. Энэхүү шийдвэрт Сакариа Лукас гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Лукас “Хүн бүр хүнд цохилт байсныг харсан. Тэд надад ялалт өгөх байсан юм. Би зүрх сэтгэлээсээ тулалдсан. Би ялалт хүртэх эрхтэй” гэв.

“Би өөрийгөө аварга гэдгийг хүмүүст сануулах хэрэгтэй байсан”

Мэргэжлийн холимог тулааны “UFC” холбооны “UFC-270” өдөрлөг өчигдөр Калифорни мужийн Анахайм хотын Хонда цэнгэлдэхэд болов. Аваргын бүсний төлөөх хоёр тулаантай уг өдөрлөг үзэгчдийг гайхашруулж чадсан юм.

Эхлээд хөнгөн жингийн аваргын бүсний төлөө Брэндон Морено болон Дейвесон Фигередо нар хүч үзэн, Фигередо ялж, аваргын бүсээ эргүүлэн авав. Тулааны дараа тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад боломж олгож, итгэсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр миний өдөр байлаа. Маш их баярлалаа. Брэндон Морена бид хоёр та бүхэндээ үдшийн шилдэг тулаан бэлэглэлээ. Түүнтэй дөрөв дэх удаагаа Мексист тулалдахад бэлэн байна. Амьдрал чамайг өвдөг сөхрүүлэхийг хичээнэ. Юу ч болж байсан үргэлж бос, битгий бууж өг” хэмээн ярьжээ.

Үүний дараа үдшийн оргил тулаан болох хүнд жингийн аваргын бүсний төлөө Фрэнсис Нганну болон Сирил Ган нар тулалдаж, таван үе үргэлжилсэн хүнд тулааны эцэст Нганну шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан юм. Аваргын бүсээ хамгаалсан тэрбээр “Хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулснаа би мэдэж байсан. Гэхдээ тулааны эцсийг үзнэ гэж бодож байсангүй. Би юу хийхээ мэдэж байсан. Тайван байж, төвлөрч, өөртөө итгэж байлаа. Үнэхээр гайхалтай аялал боллоо. Гурван долоо хоногийн өмнө би өвдгөө гэмтээсэн. Гэхдээ энэ тулаанаас зугтаах бодолгүй байсан. Би өөрийгөө аварга гэдгийг хүмүүст сануулах хэрэгтэй байсан” гэжээ.

Categories
мэдээ нийгэм спорт

“Stalwart Esport” баг 70 мянган ам.долларын шагнал хүртлээ


Цахим спортын PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “PUBG Mobile Global Championship 2021”-ийн финалын тоглолт үргэлжилж шилдгүүд тодорч байна.

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй “Stalwart Esport” баг 3 өдрийн 18 тоглолтын дараа нийт 140 оноо авч 7 дугаар байр эзэлж 70 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Эхний өдрийн 6 тоглолтын хүснэгт:

Өнгөрсөн жилийн аварга Хятад улсын төлөөлөл Nova Esports баг энэ жил дахин түрүүлж аваргаа хамгааллаа. Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-ийн ДАШТ-ий анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг 3 дугаар байрыг эзэлж байсан юм.

Categories
мэдээ спорт

Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ онд зохион байгуулагдах тэмцээний хуваарийг шинэчлэн баталжээ.

Ингэхдээ ирэх наймдугаар сард болох байсан насанд хүрэгчдийн ДАШТ-ийг аравдугаар сард болгож хойшлуулсан аж. Одоогийн байдлаар Мастерс тэмцээн хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна.

1-р сарын 28-30: Гран-При, Алмада (Португал)

2-р сарын 5-6: Их Дуулга, Парис (Франц)

2-р сарын17-19: Их Дуулга, Тель-Авив (Израиль)

3-р сарын 25-27: Их Дуулга, Тбилиси (Гүрж)

4-р сарын 1-3: Их Дуулга, Анталья (Турк)

5-р сарын 20-22: Их Дуулга, Казань (ОХУ)

6-р сарын 4-6: Их Дуулга, Дюссельдорф (Герман)

6-р сарын 24-26: Их Дуулга, Улаанбаатар (Монгол)

7-р сарын 8-10: Их Дуулга, Будапешт (Унгар)

7-р сарын 15-17: Гран-При, Загреб (Хорват)

8-р сарын 10-13: Залуучуудын ДАШТ (Эквадор)

8-р сарын 24-27: Идэрчүүдийн ДАШТ (Босни Герцеговин)

10-р сарын 2-9: Насанд хүрэгчдийн ДАШТ, Ташкент (Узбекистан)

10-р сарын 21-23: Их Дуулга, Абу-Даби (АНЭУ)

11-р сарын 4-6: Их Дуулга, Баку (Азербайжан)

12-р сарын 3-4: Их Дуулга, Токио (Япон)

Categories
мэдээ спорт

Сэкивакe Митакэүми Хацү башёд түрүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо өнөөдөр өндөрлөж байгаа Хацү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 2-хон унаатай байгаа Сэкивакe Митакэүмитэй барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 11 даваа 4 унаатай энэ башёг өндөрлүүлэв.

Ийнхүү Сэкивакe Митакэүми 13 даваа 2 унаатай 2022 оны эхний Хацү башёд түрүүлж Японы Эзэн хааны цомын эзэн болж, түрүүллээ.

Энэхүү 15 дахь өдрийн барилдаанд Озэки Шодай, Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/-тай барилдаж түүнийг котэнаге мэхээр хаяснаар 6 даваа, 9 унаатай болсон бол Чиёошома 4 даваа, 11 унаатай башёг дуусгалаа.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Ишүра /М-12/-тай учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлж байна.

Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/, энэ өдөр Аойяама/М-16/-тай барилдаж түүнийг шитатэнаге мэхээр хаяж 11 даваа, 4 унаатай Хацү башёг амжилттай дуусгаж байна.

Ичиножёо /М-2/, Точиношин /М-1/-той барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 7 унаатай энэ башёгийн барилдаанаа дуусгав.

Энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, Окиноүми /М-4/-г окүридаши мэхээр хаяснаар 6 даваа, 9 унаатай башёг өндөрлүүллээ.