Categories
мэдээ нийгэм спорт

Швейцарь дасгалжуулагч 2026 он хүртэл монголчуудтай ажиллана

Швейцарь дасгалжуулагч 2026 он хүртэл монголчуудтай ажиллана

Монголын цанын холбоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд Швейцарийн цанын холбоотой хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос болон Сант Морис хотуудад швейцарь дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаасан юм.

“Бээжин-2022” олимпын үеэр ч Швейцарийн цанын холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тосолгооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд нь Монголын тамирчдын бэлтгэлийн хуваарийг гарган өгч, цанын тос тосолгоонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа аж.

Мөн Швейцарийн цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Бээжинг зорьсон Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч
Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд хоёрдугаар сарын
8-наас тэмцээндээ орж эхэлнэ.

щ

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод гүйлтийн цан төрлөөр оролцох тамирчдыг хувцсаар нь ивээн тэтгэжээ

“Бээжин 2022” өвлийн олимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас тус олимпод гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрлөөр оролцож буй.

Тэгвэл гүйлтийн цан төрлөөр оролцож буй тамирчдын зориулалтын хувцас хэрэгслийг “Kvplus Mongolia”, “Blue Ocean Dream” компаниуд 100 хувь ивээн тэтгэсэн байна.

27 настай Б.Ачбадрах, 25 настай А.Энхтуул нар энэ төрөлд хүч сорих юм.

Categories
мэдээ спорт

“Super Bowl”-ын долоон удаагийн аварга Том Брэди зодог тайлжээ

NFL-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг, “Super Bowl”-ын долоон удаагийн аварга Том Брэди NFL-д 22 улирлыг үдсэний дараа зодог тайллаа.

Өдгөө 44 настай түүний зодог тайлах тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт гарсан ч Том хараахан шийдвэр гаргаагүй байгаа гэдгээ мэдэгдээд байв.

Харин 2020 оноос тоглож буй Тампа Бей Бакканирс баг нь өнгөрсөн мягмар гарагт Лос Анжелес Рэмс багт плей-оффын хүрээнд хожигдсон нь түүний сүүлийн тоглолт байсан гэдгийг зарлалаа.

Тэрээр “Би өнгөрсөн 22 жилийн хугацаанд байгаа бүхнээ дайчилсан. Тоглоомд амьдралд ч амжилтад хүрэх дөт зам байдаггүй. Энэ талбайг дараагийн үеийн шилдэг тамирчдад үлдээсэн нь дээр” хэмээжээ.

Том Брэди нь 624 touchdown, 84’250 дамжуулалт амжилттай болгосноороо NFL-ийн дээд амжилтыг эзэмшдэг.

Categories
мэдээ спорт

Бээжингийн олимпод оролцох тамирчдыг гар утсаа гэртээ үлдээхийг уриаллаа

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос “Бээжин 2022” өвлийн олимпийг зорих тамирчид гар утсаа гэртээ үлдээхийг зөвлөн, уриаллаа.

Холбооны мөрдөх товчооны мэдэгдэлд “Кибер аюулгүй байдлаа хамгаалахын тулд хувийн гар утсаа гэртээ үлдээж олимпын наадмын үер түр зуурын утас ашиглахыг уриалж байна” хэмээв.

Олимпийн үеэр кибер халдлага болно гэсэн баталгаа байхгүй ч Хятадад зочилсон АНУ-ын төрийн албан тушаалтнууд тагнуулын бай болж магадгүй тул кибер аюулгүй байдлаа сайтар хангадаг гэж CNN мэдээллээ.

АНУ-тын дотоод мэдээллийг цуглуулах гэсэн Хятадын оролдлоготой холбоотой 2000 орчим хэргийг шалгаж байгаа гэж Холбооны мөрдөх товчооны захирал Крис Врей хэлсэн байна.

АНУ Бээжингийн өвлийн олимп руу тамирчдаа явуулахаар болсон ч дипломат төлөөлөгчдөө илгээхээс татгалзсан билээ.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид АНУ-ын шигшээ багийн тамирчидтай халз барилдана

АНУ-ын Техас мужийн Арлингтон хотноо 2022 оны 2 дугаар сарын 12-нд чөлөөт бөхийн АНУ-Ираны эрэгтэйчүүдийн шигшээ багийн супер халз барилдаан болно.

Мөн энэ үеэр АНУ-ын бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн олимпын зургаан жинд АНУ-Монголын шигшээ багийн халз барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Эзэн орноос олимп, дэлхийн аварга Хелен Марулис, дэлхийн аварга Жакарра Винчестер тэргүүтэй бөхчүүд өрсөлдөх бол тэдний эсрэг Монгол Улсаас нэгдүгээр сарын дундуур болсон сорил тэмцээний олимпын жингийн аваргууд барилдах юм байна.

Монголын шигшээ багт: 50 кг-д Цогт-Очирын Намуунцэцэг, 53 кг-д Батхуягийн Хулан, 57 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа, 62 кг-д Болдсайханы Хонгорзул, 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д Ганбатын Ариунжаргал

АНУ-ын шигшээ багт: 50 кг-д Викториа Энтони, 53 кг-д Жакарра Винчестер, 57 кг-д Хелен Марулис, 62 кг-д Кайл Миракл, 68 кг-д Кеннеди Бладес, 76 кг-д Викториа Францис

Categories
мэдээ нийгэм спорт

Бөхчүүд болон үзэгчдээс түргэвчилсэн шинжилгээ авч, Бөхийн өргөө рүү нэвтрүүлж байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сар шинийн барилдаан эхэлж байгаатай холбогдуулан Монгол бөхийн өргөөнд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Бөхчүүд болон үзэгчдээс нийт долоон цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, Бөхийн өргөө рүү нэвтрүүлж байгаа ажээ.

Халдвар хамгааллын дэглэм сахиулахаар УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж, маргааш буюу битүүний өдрийн барилдаан 14:00 цагаас үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм спорт

Португалийн Гран При тэмцээнээс А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ

Португал улсын Альмэйда хотноо 2022 оны анхны дэлхийн цуврал Гран При ангиллаар зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Португалд анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй 179, эмэгтэй, 122 нийт 301 жүдоч хуран чуулсан бөгөөд 25 улс медаль хүртсэн байна. Үүнээс манай тамирчид гурван хүрэл медальтайгаар медалийн чанараараа 18 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Манай тамирчдаас эхний өдөр -60 кг-д Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин 2021 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртсэн.

Улмаар тэмцээний хоёр дахь өдөр -73 кг-ын жинд Дархан Уул аймаг, “Женко” клубийн тамирчин тамирчин Өмнөговь-2021 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртээд байлаа.

Энэ медалийн буухиаг тэмцээний сүүлийн өдөр Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Амарсайханы Адъяасүрэн үргэлжлүүлж +78 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Түүний жинд нийт зургаан жүдоч хүч үзсэн бөгөөд манай тамирчин сугалаагаар шууд хагас шигшээ рүү орж, Европын нээлттэй тэмцээний бүрэн медальтай Францын Стесси Бастареуд цэвэр ялагджээ.

Гэвч хүрэл медалийн төлөө манай жүдоч Их Британийн 35 настай олон улсын тэмцээний 25 медальтай Сара Адлингтоныг ялж, Гран При ангиллаас анхны медалиа гардлаа.

Түүнтэй хамт энэ өдөр зодоглосон бусад залуусаас -100 кг-ын жинд ОУХМ Одбаатарын Хангал -90 кг-ын дэлхийн хошой аварга Николаз Шеразадашвилиг эхний даваандаа ялсан бол хоёрдугаар тойрогтоо мөн дэлхийн хошой аварга Португалийн хамгийн алдартай жүдоч Хорхе Фонсекад ялагдсан байна.

Манай жүдочдын дараагийн тэмцээн хоёрдугаар сарын 5-нд Парисын Их дуулга байх юм. Парист 58 орны 344 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд буй аж.

Categories
мэдээ нийгэм спорт

Чөлөөт бөх, жүдо, үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн тамирчид

Чөлөөт бөх, жүдо, үндэсний бөхийн барилдаанд хэн хэн түрүүлэв?

Монгол болон олон улсад өнгөрөгч амралтын өдрүүдээр жүдо, чөлөөт бөх, үндэсний бөхийн тэмцээн уралдаан болж, аваргуудаа тодрууллаа.


Чөлөөт бөх – Иван Ярыгиний нэрэмжит Гран При

Красноярск хотод болсон уг тэмцээнээс монголын тамирчид медалийн хур буулгалаа. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагалсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Беларусийн Анастасия Янотоваг цэвэр ялжээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа болон өсвөрийн Азийн аварга Б.Марал нар хүрэл медаль хүртжээ. Э.Сумъяа хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Седневаг 12:0-ээр ялсан бол 19 настай залуу тамирчин Б.Марал ОХУ-ын Анастасия Яндушкинаг цэвэр ялснаар анх удаа насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүлээ.

Харин эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд дэлхийн аваргын гурван хүрэл медальт Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн. Красноярскийн дэвжээнээс тав дахь медаль авсан тэрбээр энэ удаад Юлия Албороваг 4:1-ээр ялжээ. Мөн Азийн аварга З.Болортунгалаг өөрийн жиндээ Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ. З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Монголын гурван эмэгтэй тамирчин 53 кг-д алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан нар бусдыгаа манлайлсан аж. Шигшээ барилдаанд монгол бөхчүүдийн дуэль болж, Б.Болортуяа оноогоор цэвэр (11:0) ялснаар тус тэмцээнд анх удаа түрүүлсэн бол Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд Екатерина Вербинаг цэвэр даржээ.

57 кг-д Х.Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Вагерын цэвэр ялав. Тэгвэл 62 кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд шөвгийн наймд Азербайжаны Биргул Солтановаг 9:1-ээр, хагас шигшээд ОХУ-ын Алёна Тимофееваг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Мейси Килтиг 11:0 оноогоор цэвэр ялж, аварга боллоо.

Сүүлийн өдөр буюу өчигдөр/2021.01.30/ эмэгтэйчүүдийн 72 кг-д Э.Даваанасан, Д.Цогзолмаа нар хүрэл медалийн эзэд болсон. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковад ялагдсан бол Д. Цогзолмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Маслаковаг цэвэр дарж тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 76 кг буюу хамгийн хүнд жинд Г.Ариунжаргал, Н.Загардулам нар хүрэл медалийн тавцанд хамтдаа зогсов. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр тус тус ялжээ.

Үндэсний бөх – Аймаг, цэрэг, сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдаан

Бөхийн өргөөнд өнгөрөгч Баасан гаригт сар шинийн баярт зориулсан нийтийн монгол шандастны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрчээ.

Харин өсвөр бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, “Энжи” клубийн Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Э.Бямбадорж үзүүрлэв. Их шөвөгт Архангайн М.Рэнцэндаржаа шалгарлаа.

Харин Бямба гаригт сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаан болж, 608 идэр залуу хүчтэнүүд уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням үзүүрлэлээ. Их шөвгийн гуравт Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр шалгарч, дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Б.Өсөхбаяр нар үлдэв.

Өчигдөр/2021.01.30/ Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болсноос цэргийн арслан М.Лхагвагэрэл түрүүлж, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэжээ. Их шөвөгт аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарсан аж.

Жүдо – Португалийн Гран При

Жүдо бөхийн 2022 оны анхны Гран При тэмцээн Португал улсын Альмейда боллоо. Монгол Улсаа төлөөөлөн нийт 19 залуу тамирчин энэхүү тэмцээнд оролцсон юм.

Эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Цогт-Очир өрсөлдөж, эхний даваандаа эзэн орны Родриго Коста Лопесийг нэмэлт цагт, хоёрдугаар тойрогтоо Австралийн Жошуа Катзийг иппон үнэлгээгээр тус тус ялжээ. Харамсалтай нь хэсгийн аваргын төлөө Парисын Их дуулгын аварга Азербайжаны залуу од Балабай Агхаевт ялагдсан ч торгуулийн тойрогт 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Испаний Франческо Гарригосыг вазари үнэлгээгээр, хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аварга Италийн Ангело Пантаног нэмэлт цагт буулгаж авч, IJF-ийн дэлхийн цуврал, Гран При ангилалаас анхны медалиа авлаа. Түүнтэй хамт энэ жинд хүч үзсэн Э.Сумъяабазар хэсгийн аваргын төлөө хүрэл медалийн төлөө ялагдсанаар гурав дахь удаагаа IJF-ийн дэлхийн цувралд тавдугаар байр эзэллээ.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Л.Анхзаяа оролцож, Л.Анхзаяа эхний тойрогтоо Израйлын Сагив Сахарыг, дараа нь тэмцээний чансааг тэргүүлэгч Мартин Хожакыг, хэсгийн аваргын төлөө Францын Жоан-Бенжамен Габаг тус тус дийлсэн. Гэвч хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевт ялагдан улмаар хүрэл медалийн Молдавын Петру Пеливаныг ялснаар IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ. Түүнтэй хамт энэ жинд зодоглосон -66 кг-ын Монгол Улсын аварга Г.Сод-Эрдэнэ хүрэл медалийн төлөө ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.

Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” олимпийн наадамд оролцох баг төрийн далбаагаа гардан авчээ

“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүсэв. Коронавируст халдвараас сэргийлэх үүднээс энэ ёслолд тамирчдыг оролцуулалгүй, цомхон хүрээнд зохион байгуулжээ.

Манай баг тамирчид маргааш Бээжинг зорин нисэх юм байна.

Олимпын эрхээ аваад буй цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино.

Categories
мэдээ спорт

Олимпод оролцох баг, тамирчид маргааш Бээжин хотыг зорино

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпийн XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийв.

Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпин наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно.

Монгол Улс өвлийн олимпод амжилт гаргах бүрэн боломжтой. Өмнө нь гаргаж байсан амжилтаа ахиулж, ард түмнээ баярлуулахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас өвлийн спортыг бодлогоор дэмжиж, материаллаг бааз, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд багагүй ажил хийхээр төлөвлөөд байна” гэлээ.

Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц өвлийн олимпод оролцох багийнхантай уулзаж буй Ерөнхий сайдад талархал илэрхийлээд нэгдүгээр сарын 31-ний өдөр баг, тамирчид Бээжин хотыг зорихоор болсныг хэллээ.

Олимпын эрх авсан зарим тамирчин дасгалжуулагчтайгаа Швед улсад бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм.

Манай улсын баг тамирчид анх “Инсбрук-1964” өвлийн олимпод оролцож эхэлснээс хойш энэ удаа 15 дахь өвлийн олимпын наадамдаа оролцох гэж байна. Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох 3 эрх авсны 2 нь гүйлтийн цана, 1 нь пара цанын төрөл юм. Эдгээр тамирчдад тус бүрд нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ.