Categories
мэдээ спорт

Бээжин-2022: БНХАУ анхны алтан медалиа хүртжээ

“Бээжин-2022” өвлийн Олимпийн наадмын шорт-трекийн холимог багийн буухиа тэмцээнд өрсөлдсөн БНХАУ-ын тамирчид эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.

Хятадын тамирчин Фэнь Кэсинь, Чу Чунью, Рэнь Живэй, У Дажин нар 2:37.348 минутад барианд орсноор алтан медалийн болзол хангажээ. Тэдний араас Италийн тамирчид 2.37.364 минутын амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Унгарын баг /2:40.900/ хүрэл медалийн эзэд болсон байна.

Өнөө өглөөний байдлаар, Норвегийн баг тамирчид хоёр алтан медаль хүртсэн амжилтаар медалийн чансааг тэргүүлж байгаа бол Словени нэг алт, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаарт, зохион байгуулагч орон болох Хятад болон Нидерланд, Шинэ Зеланд, Шведийн тамирчид нэг алтан медальтайгаар гуравдугаарт жагсаж байна.

Эдгээр орнуудын араас Итали /хоёр мөнгөн медаль/, Канад /нэг мөнгө, нэг хүрэл/, ОХУ-ын Олимпын хороо /нэг мөнгө, нэг хүрэл/, Франц /нэг мөнгө/, Герман /нэг мөнгө/, АНУ /нэг мөнгө/, Австрали /нэг хүрэл/, Австри /нэг хүрэл/, Унгар /нэг хүрэл/, Японы /нэг хүрэл/ баг тамирчид удаалж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

БЭЭЖИН-2022: ОХУ-ын уран гулгагч Камила Валиева тэргүүлж байна

Бээжингийн өвлийн олимпийн наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэй богино, эрэгтэй чөлөөт үзүүлбэр өнөөдөр явагдаж байна. Өчигдөр бүжиг, спорт хос, эрэгтэй богино үзүүлбэрийн дараа АНУ-ыг баг 28 оноотой тэргүүлж, ОХУ 26 оноотой удаалж байв.

Тэгвэл өнөө өглөө эмэгтэй богино үзүүлбэр болж, Оросын тамирчин Камила Валиева итгэл төгс тэргүүлж, багаа эхний байрт авч ирлээ. Хоёрдугаар байрт Японы Вакаба Хигучи, гуравт Канадын Мэдлин Шизас оров.

Үүний дараа эрэгтэй чөлөөт үзүүлбэр эхэлнэ. АНУ-ын баг Нейтан Чений оронд Винсент Чжоуг гаргах бол ОХУ-аас Марк Кондратюк гулгана.

Дөрвөн үзүүлбэрийн дараах байдал:

  1. ОХУ — 36.
  2. АНУ — 34.
  3. Япон — 29.
  4. Канад — 24.
  5. Хятад — 22.
  6. Гүрж — 22.
  7. Итали — 20.
  8. Чех — 15.
  9. Герман — 8.
  10. Украин — 8.

Эхний таван баг чөлөөт үзүүлбэр үзүүлэх эрх авсан бол маргааш багийн тэмцээн өндөрлөнө.

Маргааш:

9:15 — спорт хос, чөлөөт үзүүлбэр

10:30 — бүжиг, чөлөөт үзүүлбэр

11:35 — эмэгтэй, чөлөөт үзүүлбэр

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны УАШТ болно

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд “Royal 3×3 Event Hall”-д болохоор болжээ.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд 2006 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд хот, дүүрэг, аймаг, сургууль, клубийн баг өрсөлдөх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ё.Басхүү Парисын их дуулгад түрүүлж, Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн оны эхний томоохон тэмцээн болох Парисын их дуулга хоёрдугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Тус тэмцээнд нийт 52 орны 285 тамирчин оролцож байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын найман жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Ан Баулыг ялж түрүүллээ.

Мөн зоодог тайлаад удаагүй байгаа, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийг орлон -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү финалд Японы Нацүми Цүнодад ялагдан мөнгөн медаль хүртсэн.

Харин эрэгтэйчүүдийн -73 кг жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн.

  • Мөн эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Энхрийлэн тавдугаар байр эзэлсэн
  • эрэгтэйчүүдийн -60 кг жинд Э.Ариунболд долоодугаар байр эзэлсэн
  • эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой долоодугаар байр эзэлсэн
  • эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр эхний шатанд ялагдсан
  • эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр эхний шатанд ялагдсан

Хоёрдугаар сарын 6-ны 19:00 цагаас манай таван жүдоч зодоглоно. Үүнд:

  • Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Г.Болор-Очир
  • Эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн
  • Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл
  • Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Энхчимэг
  • Эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн нар барилдана.
Categories
мэдээ нийгэм спорт

“Парис-2022” Их дуулга тэмцээн эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2022” Их дуулга тэмцээн эхэллээ. Уг тэмцээн хоёрдугаар сарын 5, 6-нд Францын нийслэл Парис хотноо болно.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас залуучууд голдуу 22 тамирчин өрсөлдсөн бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар хүрэл медаль хүртсэн билээ.

Мөн шагналт байрт таван тамирчин шалгарсан төдийгүй эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг тэргүүтэй дөнгөж 20 нас гарч буй залуу жүдочид сайн барилдсан юм.

Categories
мэдээ нийгэм спорт

Трансжендер тамирчныг өрсөлдүүлэхгүй гэж хүсэлт гаргажээ

Трансжендер тамирчныг өрсөлдүүлэхгүй гэж хүсэлт гаргажээ

Усанд сэлэлтийн трансжендер тамирчин Лиа Томасын багийн 16 гишүүн удахгүй болох NCAA-ийн аварга шалгаруулах тэмцээнд түүний оролцох эрхийг хасахыг АНУ-ын коллежийн спортын удирдлагуудад хандан уриалжээ.

Пенсильванийн их сургууль болон Айви Лигийн спортын бага хуралд илгээсэн захидалдаа, хэлмэгдүүлэлтээс айж, нэрээ нууцалсан, 16 усанд сэлэгч Лиа Томасыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрөх ёсгүй гэж бичсэн байна.

Учир нь Томас хэдхэн жилийн өмнө эрэгтэй хүнийхээ хувьд тэмцээнд оролцож байсан бол саяхан болсон АНУ-ын коллежийн эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөлд давамгайлж байжээ. Үүнийг нь багийн хамт олон нь эсэргүүцэж, эрэгтэй хүний хүчин чадлаар эмэгтэй тэмцээнийг бусниулж байна гэж үзжээ.

Томасын хэрэг маргаантай байгаа ба зарим нь түүнийг физиологийн хувьд шударга бус давуу талтай гэж маргаж буй бол зарим нь түүнд эмэгтэй хүний хувьд чөлөөтэй өрсөлдөх боломж олгох ёстой гэжээ. АНУ-ын усанд сэлэлтийн удирдах байгууллага Мягмар гаригт тестостероны илүү хатуу дүрэмтэй шинэ удирдамжийг танилцууллаа.

Багийн зарим гишүүд Мягмар гаригийн орой мэдэгдэл хийхдээ Томасыг тэмцээнд оролцохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Пүрэв гаригт багийн үлдсэн гишүүд түүнийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрөх ёсгүй гэжээ. Айви Лигийн хэвлэлийн төлөөлөгч тус байгууллагад ирүүлсэн захидлын талаар шийдвэр гараагүй гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм спорт

Өнөөдөр эхлэх Парисын Гранд Сламд манай улсын 13 тамирчин оролцоно

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.

Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чуулжээ. Үүнд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцох юм.

Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Манай улсаас энэ өдөр Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно.

Categories
мэдээ спорт

“Бээжин 2022” наадамд Япон улсаас 20 ах дүү тамирчин өрсөлдөж байна

Ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар

Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Бээжин 2022 өвлийн олимпын наадамд Япон улсаас 10 хос ах дүү тамирчин оролцож байгааг Киодо агентлаг мэдээлжээ.

Тэдний зарим нь хоорондоо өрсөлдөж байгаа бол зарим нь хамтдаа нэг зорилгын төлөө өрсөлдөх юм байна.

Өнгөрсөн зуны Токио 2020 наадамд Японоос оролцсон 583 тамирчны дотор 11 хос ах дүү байсан бол энэ удаа оролцож буй 124 тамирчны зургаан тамирчин тутмын нэг нь төрсөн ах дүү, эгч дүүтэйгээ хамт оролцож байгаа ажээ.

Тухайлбал сноубордын төрөлд медалийн найдварт тооцогдож буй Руки Томита “Олимпын наадамд эгчтэйгээ хамт оролцох болсондоо би үнэхээр баяртай байна. Гэхдээ бид бол өрсөлдөгчид, миний ялахыг хүсэж буй хүмүүсийн нэг эгч маань юм” гэж тэмцээний өмнөх хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Түүний эгч Сена Томита “Бид хамтдаа олимпын наадамд оролцохыг мөрөөддөг байсан нь биелж байна. Гэхдээ бидний хэн хэн нь ялагдах дургүй. Би дүүдээ ялагдахыг хүсэхгүй байна. Би бэлдсэн бүх зүйлээ энд гаргаж, харамсах юм үлдээлгүй өрсөлдөх болно” гэж ярьжээ.

Сноубордын төрөлд бас ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар хоорондоо өрсөлдөхөөр Бээжинд ирээд байна.

Тэднээс гадна 2018 оны Пёнчаны олимпым наадмаас Япон улсын анхны кёрлингийн хүрэл медалийг зүүсэн эгч дүү Чинами болон Юрика Ёшида нар энэ удаа медалийн өнгөө өөрчлөхийн төлөө хамтдаа өрсөлдөхөөр ирээд байгаа юм.

Бас Японы эмэгтэй хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнд Токо, Ямашита, Шига овогтой гурван хос эгч дүүс өрсөлдөхөөр иржээ.

Одоогийн байдлаар Япон улс өвлийн олимпын наадмуудаас нийтдээ 58 медаль авсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Б.Ачбадрах: Өвлийн олимпын спринт буюу 1,500 километрийн зайд уралдана

Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимп нээлтээ хийнэ. Олимпын наадамд эх орноо төлөөлөн уралдах цанын ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар Монголын ард түмэндээ зориулан сар шинийн мэндчилгээ ирүүлжээ.

ОУХМ А.Энхтуул “Анхны олимпдоо оролцохоор ирсэн байна. Бид хоёрдугаар сарын 1-нээс энд бэлтгэлээ хийж эхэлсэн. Өнөөдөр болох нээлтийн ёслолд оролцохоор Бээжин хотод ирлээ. Миний хувьд энэ онцлогтой олимпод оролцохоор ирсэнд баяртай байна. Үргэлж сэтгэлээрээ тусалж дэмжсэн Монголын иргэддээ баярлалаа. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе”.

ОУХМ Б.Ачбадрах “Монголынхоо ард түмэнд сар шинийн мэнд хүргэе. Бид хэд хоёрдугаар сарын 1-нээс өвлийн олимпын цанын зам дээр бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ жилийн хувьд швейцар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийснээр олимпын зай төрөлд оролцох гэж байна.

Өмнөх олимпиудад 10, 15 километрт уралддаг байсан бол энэ жил 10, 15 спринт буюу 1,500 километрийн зайд оролцох гэж байгаа нь онцлог. Өнөөдөр хэдхэн цагийн дараа олимпын нээлт болох гэж байна.

Олимпын бамбар удахгүй асах гэж байгааг сэтгэл догдлон хүлээж байна. Биднийг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа”.

Categories
мэдээ нийгэм спорт

Трэй Янг 43 оноо авч Атланта Финиксийн хожлын цувралыг зогсоолоо

Trae Young - Wikipedia

Атланта Хокс, Финикс Санс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 124:115 харьцаагаар Атланта хожлоо. Ингэснээр Санс сүүлийн 11 тоглолтдоо дараалан хожоод байсан хожлын цуврал нь зогсов.

Өнөөдрийн тоглолтод Атлантагаас Трэй Янг 43 оноо 5 дамжуулалт, Жон Коллинс 19 оноо 10 самбар авсан байна. Харин Финиксээс Дэвин Бүүкэр 32 оноо, Крис Пол 18 оноо 12 дамжуулалт өгсөн байна.