Categories
мэдээ спорт

Таеквондоч Б.Баатархүү АНУ-ын Виржиниа мужийн тэмцээнээс медаль хүртлээ

Сэлэнгэ аймгийн Хөтөлийн “Таеквондо хөгжлийн төв” клубийн тамирчин, таеквондоч Б.Баатархүү АНУ-ын Виржиниа мужийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр АНУ-д мастерт сурч байгаа бөгөөд Виржиниа мужийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медалийн тавцанд зогссон байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Сар шинийн барилдааны түрүү бөх Э.Мөнхжаргал “Их дуулга”-д хүч үзнэ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Их дуулга тэмцээн Израиль улсын Тел Авив хотод өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд 34 орны 309 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн нар өнөөдөр хүч үзэх юм байна.

Сонирхуулахад, Э.Мөнхжаргал нь саяхан болж өндөрлөсөн Цагаан сарын барилдааны түрүү бөхөөр шалгарсан билээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Сэлэнгэ аймаг усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ.

Тодруулбал энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна. Иймээс эл аянд нэгдэж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцон эрүүл мэнддээ анхаарыг уриаллаа. Мөн дээрх аяны хүрээнд энэ сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 21 аймаг, 9 дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг өглөөний 06:30-07:30 цагт үнэ төлбөргүй болгож иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалсан уриалгад тус байгууллага нэгдээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Тель Авивын их дуулгын эхний өдөр манай улс гурван хүрэл медаль хүртлээ

Тель Авивын их дуулгын эхний өдөр манай улс гурван хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний нэг Тел Авивын их дуулга өчигдөр эхэлсэн. Дэлхийн 34 орны 298 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээний эхний өдөр манай улсаас зургаан тамирчин зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү хэсгийн аваргын төлөө Израилын бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Чилийн Мэри Ди Варгас Лей, Сербийн Андреа Стоядинов нарыг ялж хүрэл медаль хүртлээ.

Харин эрэгтэй -60 кг жинд зодоглосон Б.Цогт-Очир шөвгийн дөрөвт Украины Артем Лесиукт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Нидерландын Торнике Цякадоеаг ялсан. Торнике нь дагах барилдаанд Э.Сумъяабазарыг даваад байсан бөгөөд Э.Сумъяабазар шагналт долоодугаар байрт шалгарсан.

Мөн эрэгтэй -66 кг жинд зодоглосон Г.Хэрлэн шөвгийн дөрөвт Азербайжаны Яашар Нажафовд ялагдсан ч Францын Дайки Бубаг ялж хүрэл медаль хүртэв.

Тус жинд зодоглосон Г.Сод-Эрдэнэ, эмэгтэй -57 кг жинд зодоглосон О.Оюунчимэг нар эхний шатнаас тэмцээнээ дуусгасан.

Өнөөдөр шөнө манай улсын дөрвөн тамирчин гурван жинд барилдана.

Categories
мэдээ спорт

Аваргуудын лигийн хасагдах шат эхэллээ

Европын хөлбөмбөгийн багуудын дунд зохиогддог асар их нэр хүндтэй Аваргуудын лиг хоёр сар шахам завсарласны эцэст хасагдах шатны тоглолтуудаа эхлүүллээ. Шилдэг 16-д үлдсэн багууд энэ долоо хоног ба ирэх долоо хоногт эхний тоглолтуудаа зохион байгуулна. Үргэлжлээд удаахь долоо хоногуудаас хариу тоглолтууд нь талбайгаа сольж явагдах дүрэмтэй. Түүнчлэн энэ удаагийн Аваргуудын лигээс эхлэн хүний ба өөрийн талбайд оруулсан гоолын ач холбогдол байхгүй болж байгаа. Урьд нь хоёр багийн гоолын тоо нийлбэрээрээ тэнцсэн тохиолдолд хэн нь эсрэг багийнхаа талбайд илүү гоол оруулсан бэ гэдгээрээ давуу эрх эдэлдэг байсан бол үүнийг халж оноо оруулсан гоолын тоо үндсэн цагт тэнцсэн тохиолдолд цаг сунгаад үүний дараа ялагч тодрохгүй бол торгуулийн цохилтоор асуудлаа шийдэж байхаар болжээ.

02.16.2022

“ПСЖ”-“Реал”Мадрид 1:0

“Спортинг”-“Манчестер Сити” 0:5

02.17.2022

“Интер”-“Ливерпүүл” 0:2

“Ред Булл Зальцбург”- “Бавари” 1:1

02.23.2022

“Вильярреал”- “Ювентүүс”

“Челси”-“Лилль”

02.24.2022

“Атлетико”-“Манчестер Юнайтед”

“Бенфика”-“Аякс”

Бэлтгэсэн Б.ХУЛАН

Categories
мэдээ спорт

БЭЭЖИН-2022: Канад, Америкийн шигшээ багууд хасагдсан Олимпийн хоккейн өрсөлдөөн

Өвлийн олимпийн түүхэнд ховор тохиолдох үйл явдал эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд үүслээ. Шайбтай хоккейн лидерүүд болох Чех, АНУ, Канад улсын шигшээ багууд энэ удаагийн олимпод медальгүй үлдэв. Тун ховор тохиолдол. Канадын шигшээ баг гэхэд л сүүлийн 16 жил тогтмол ямар нэгэн медаль хүртэж байсан юм. “Бид хамтдаа хэтэрхий оройтож цуглараад бага хугацаанд бэлтгэл хийсний гор гарлаа. Нэгдүгээр сарын 29-нд л бүрэн бүрэлдэхүүнтэй болсон шүү дээ. Өрсөлдөх багаа ч олигтой судалж чадсангүй. Бас хоёр өдөр дараалан тоглосон нь нөлөөллөө” гэж Канадын шигшээ багийн довтлогч Дэарнэ ярьсан нь үнэний хувьтай. Ер нь энэ удаагийн олимпод НХЛ-д тоглодог шилдэг хоккейчдийг ирүүлээгүй нь дээрх багуудын чадавхид сөргөөр нөлөөлсөн. Нөгөө талдаа хоккей жигдхэн хөгжиж аль ч улсын шигшээ баг ямар ч багийн эсрэг дорвитойхон тоглож чаддаг болсныг олон тоглолт харууллаа. Хятадын шигшээ баг л гэхэд Америк, Канадын багуудтай тэнцүүхэн үзэлцэж, Дани улсын шигшээ баг оросуудыг чичрүүлсэн бол словакууд бүр Америкийн шигшээ багийг тэмцээнээс мулталж чадлаа. Чехүүд Швейцарт хожигдон дунд шигшээд ч шалгарч чадаагүй билээ. Одоо ОХУ-Швед, Финлянд-Словак гэсэн хосууд хагас шигшээд тоглож ялсан багууд нь аваргын төлөө, хожигдсон багууд нь хүрэл медалийн төлөө тоглохоор үлдээд байна.


Олимпийн медальтнууд

Биатлон. Буухиа(Эмэгтэй) 4×6км

1. Швед

2. ОХУ

3. Герман

Цана. Буухиа(Эрэгтэй)Сонгодог богино зай

1. Норвеги

2.Финлянд

3. ОХУ

Цана. Буухиа (Эмэгтэй) Сонгодог богино зай

1. Герман

2. Швед

3. ОХУ

Фристайл. Слоупстайл. Эрэгтэй

1. Александэр Холл (АНУ)

2. Николас Гэппер (АНУ)

3. Йеспер Тьедер(Швед)

Шорт трейк. Эмэгтэй. 1500 метр

1. Чхой Мин Чон (Өмнөд Солонгос)

2. Арианна Фонтана (Итали)

3. Сюзанн Схюлтинг (Нидерланд)

Уулын цана. Хурдан буулт. Эмэгтэй

1. Кристина Шайер (Австри)

2. Эстер Ледецка (Чех)

3. Рамона Зибенхофер (Австри)

Уулын цана. Слалом. Эмэгтэй

1. Мишель Гизен (Швейцарь)

2. Венди Хольденер (Швейцарь)

3. Федерика Бриньони (Итали)

Хоккей. Эмэгтэй

1. Канад 2. АНУ 3. Финлянд

Categories
мэдээ спорт

Норвегийн тод бөгөөд цэц магнай

Мартэ Олсбюү-Рөүсэланн хэмээх 31 настай норвеги бүсгүй бий. Камила Валиевагийн шуугиан дунд түүний амжилт жаахан замхраад болдоггүй ээ. Уг нь өдийд түүний тухай л шуугьж байх ёстой юм л даа. Нас нэлээн хэвийсэн хойноо олимпийн аварга болсон, болох болохдоо гурван өөр төрлөөр аваргалсан, хурдан гулгадаг, цэцэн бууддаг, аль ч талаас нь харваас яалт ч үгүй скандинав царайтай уг бүсгүйг өнөөдөр онцолъё.

Мартэ анхнаасаа л, бага балчир наснаасаа л цана углаж, буу мөрлөөд бусдыг гайхуулсан амжилт үзүүлээд эхэлсэн гэвэл асар худал. Ер нь амжилт гаргаад буй цанын төрлийн тамирчдаас арай өөр замналтай бүсгүй билээ. Тусгай хөтөлбөртэй спортын сургуульд сурч байсан түүнийг төгсөх жилд багш нь үнэлэхдээ дундаас жаахан дээгүүр оноо өгсөн байдаг юм. “Тэр үед надад бусдыг гайхуулахаар сайн чанар их ховор байсан тул багш гурав, дөрвийн хооронд эргэлзэж байгаад туранхай дөрөв тавьсан юм билээ. Ангийн хүүхдүүд тав, зургаа гэсэн үнэлгээ авч байхад шүү дээ. Зохион байгуулалт байхгүй, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй гээд муугийн жишээ байж дээ” гэж 15 настай байх үеийнхээ тухай Мартэ дүгнэсэн байдаг. Норвегийн цанын төрлийн шигшээ багийнхны талаас илүү хувь нь ийм насан дээрээ аль хэдийнэ од болчихсон ирээдүйгээ тодорхойлоод явж байсан гээд бодвол Олсбюү их хоцорсон байгаа биз. Тэгвэл оройхон гараад ширүүхэн дайрсан түүнд юу нөлөөлөө вэ.

Аав нь. Чухам аав нь түүнийг биатлонд үлдэхэд нөлөөлсөн. “Тусгай сургуульд ороод эхний хагас жил биатлоныг үнэхээр үзэн ядаж байлаа. Гандбол тоглох харин гоё санагдаад л. Аав маань чи жаахан тэсчих л дээ гээд байсан тул хичээж байгаад нэг мэдсэн чинь энэ спортод дурлаад эхэлсэн байна лээ” гэж тэр хожим ярьсан. Бас тамхи татна.

Хагас жил хэртэй аавдаа загнуулж, бэлтгэлд нухуулж байж гэмээнэ тэр хорт зуршлаасаа хагацлаа. Тэгж байтал түүний амьдралд Рогэр Груббин хэмээх хашир туршлагатай дасгалжуулагч орж ирээд бүсгүйг чангалж эхэлж дээ. “Эхэндээ Рогэрээс хачин их айдаг байлаа. Цагаа зөв баримталж, хэлсэндээ хүрч бай, зохион байгуулалт чинь хэрэг алга гээд л загнаад л чангалаад л. Хөмсөг зангидсан ширүүн багш. Одоо тэр чинь зүгээр л бялуу мэт зөөлхөн хүн шүү дээ. Хүүхэд байхад хичнээн ширүүн байсныг хэн ч мэдэхгүй. Түүнтэй хамтарч ажиллаж эхэлсэн эхний хагас жил их зүйлд сургасан” гэж багшийгаа магтдаг. Харин багш нь “Тэр угийн л өрсөлдөх дуртай охин байсан. Өөрөө түүнийгээ ойлгодоггүй, жаахан шартай, хожигдох ялагдах үед нь сайн хурцалж байх хэрэгтэй хүүхэд байсан юм” гэсэн байдаг. Түүнчлэн хүүхэд байхдаа хэт их ачаалал авч дарамтад ороогүй нь түүнийг нас бие гүйцсэн хойноо амжилт гаргах үндэс болсон гэж ч ярьдаг. “Би өөрийнхөө давуу талыг бусдаас тогтмол хоцорч явсан хүүхэд насны үе гэж боддог. Би хэзээ ч шилдэг нь байгаагүй. Тийм учраас хэний хэмжээнд хүрэх ёстой вэ гэдгээ мэдэж түүн рүүгээ тэмүүлэх зорилготой байсан нь намайг энд хүргэсэн гэж боддог” гэж олимпийн аварга маань өгүүлжээ. Тэр 15 наснаасаа эхлэн биатлон сонирхож гуч дөхөж явахдаа анхны амжилтаа “үнэрлэж” эхэлсэн. Харин гучин насны босго давсан хойноо жинхэнэ од болж эхэлж байгаа юм. 2020 оны ДАШТ-ээс шууд долоон медаль авсны тав нь алт. Биатлоны бүх төрлөөр нэг удаагийн ДАШТ-д бүгдэд нь медаль хүртсэн цорын ганц тамирчин гэж өргөмжлөгдөөд л. Бээжингийн олимпод түүнийг алт авах нь ойлгомжтой, харин хэдийг вэ гэж ярьж байлаа. Гэтэл тэр холимог буухиа, 15 км-ийн гарцаарчилсан, 10 км-ийн дагах уралдаануудад түрүүлээд олимпийн гурван алтан медальтай болчихоод байна. 15км-ийн гарцаарчилсан уралдааны хүрэл медалийг бас нэмж болно. Сердалийн цанын дунд сургуульд сурч байхдаа танилцсан Рөүсэланн гэдэг залуутайгаа гурван жил үерхэж байгаад 18 хүрээд гэрлэж өөрийн овгоо Мартэ Олсбюү-Рөүсэланн хэмээн хамтатган бичих болсон норвеги бүсгүйн тухай товч өгүүлэхэд ийм байна.

Б.ХУЛАН

Categories
мэдээ спорт цаг-үе

Бээжин-2022: Анна Щербакова олимпийн аварга болж, Камила Валиева дөрөвдүгээр байрт шалгарлаа

Щербакова ответила на вопрос о продолжении карьеры - РИА Новости Спорт,  17.02.2022

Бээжин-2022 өвлийн олимпын наадамд уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээ үзүүлж дууслаа. Энэ төрөлд 25 шилдэг уран гулгагчид шалгарч үлдсэнээс ОХУ-ын уран гулгагч, 2021 оны дэлхийн аврга Анна Щербакова тэргүүлж, Олимпын аваргын болзол хангав.

Энэ удаагийн тэмцээнд Камила Валиева шагналт байр эзэлбэл олимпын медаль гардуулах ёслолыг зохион байгуулахгүй гэж ОУОХ-ноос мэдэгдсэн. Бээжин-2022 олимпын аваргаар эртнээс нэрлэгдэж байсан 15 настай татар охин Камила Валиева сэргээшийн асуудалд холбогдсоноор энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээнээс хойш шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хойшлуулаад байгаа юм.

Камила Валиевагийн хувьд чөлөөт үзүүлбэртээ хэд хэд алдаж, 141.93 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдэж, нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байранд шалгарснаар олимпын медалийн болзлоос харамсалтайгаар мултарлаа. Бээжин-2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын ганцаарчилсан төрөлд:

  • ОХУ-ын тамирчин Анна Щербакова- 255.95 оноогоор АЛТ
  • ОХУ-ын тамирчин Александра Трусава- 251.73 оноогоор МӨНГӨ
  • Япон улсын тамирчин Каори Сакамото- 233.13 оноогоор ХҮРЭЛ медалийн эзэн боллоо.

Уран гулгалтын ганцаарчилсан төрлийн онооны жагсаалт:

  • Улс Тамирчдын нэрс Богино үзүүлбэр Чөлөөт үзүүлбэр Нийлбэр дүн
    1 Польш Екатерина Куракова 59.08 /24/ 126.76 185.84
    2 Болгар Викториа Сапонава 61.46 /17/ 123.37 184.83
    3 Австри Олга Микутина 61.14 /18/ 121.06 182.20
    4 Азербайжан Екатерина Рябова 61.82 /16/ 118.15 179.97
    5 АНУ Карен Чен 64.11 /13/ 115.82 179.93
    6 Герман Николь Шотт 63.13 /14/ 114.52 177.65
    7 Нидерланд Линдсей Ван Цүндерт 59.24 /22/ 116.57 175.81
    8 Канад Маделин Скизас 60.53 /20/ 115.03 175.56
    9 Эстони Эва Лотта Кийбус 59.55 /21/ 112.20 171.75
    10 Швейцар Алекса Паганини 61.06 /19/ 107.85 168.91
    11 Япон Кавабэ Мана 62.69 /15/ 104.04 166.73
    12 Болгар Александра Фейгин 59.16 /23/ 100.15 159.31
    13 Финланд Женни Сааринен 59.97 /25/ 96.07 153.04
    14 Чех Элишка Бржезинова 64.31 /12/ 111.10 175.41
    15 АНУ Мерайя Белл 65.38 /11/ 136.92 202.3
    16 Гүрж Анастасия Губанова 65.40 /10/ 135.58 200.98
    17 БНСУ Ким Илим 67.78 /9/ 134.85 202.63
    18 АНУ Алиса Лю 69.50 /8/ 139.45 208.95
    19 Бельги Луна Хендрикс 70.09 /7/ 136.70 206.79
    20 БНСУ Ю Ёнг 70.34 /5/ 142.75 213.09
    21 Япон Вакаба Хигүчи 73.51 /5/ 140.93 214.44
    22 ОХУ Александра Трусава 74.60 /4/ 177.13 251.73
    23 Япон Каори Сакамото 79.84 /3/ 153.29 233.13
    24 ОХУ Анна Щербакова 80.20 /2/ 175.75 255.95
    25 ОХУ Камила Валиева 82.16 /1/ 141.93 224.09

    Александра Трусава

  • Каори Сакамото
  • Камила Валиева
Categories
мэдээ нийгэм спорт

Монголд тивийн АШТ-ний 3 дугаар шатны тэмцээн болно

Монгол Улс 2023 онд БНХАУ-д зохион байгуулах хөлбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Ази тивийн цомын АШТ-ний урьдчилсан 3 дугаар шатны хэсгийн тоглолтуудыг 2022 оны 6 дугаар сард хүлээн авч, зохион байгуулахаар сонгогдлоо.

Монгол Улсын хувьд 2019 оноос хойш ДАШТ-ний урьдчилсан шатны хүрээнд амжилттай тоглосноор ийнхүү энэ шатанд шалгарч үлдсэн юм байна. Энэ шатанд нийт 24 баг шалгарч үлдсэн бөгөөд 11 эрхийн төлөө өрсөлдөнө. Сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сарын 24-ний өдөр явагдах болсон талаар МХБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Канадын эмэгтэй хоккейчид АНУ-ын багийг хожиж олимпын аварга боллоо

“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын хоккейн тэмцээний эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг АНУ-ыг 3:2-оор хожсоноор олимпын аварга цолыг 5 дахь удаагаа хүртлээ. Тус баг өмнө нь 2002, 2006, 2010, 2014 онд олимпын аварга болсон юм.

Канадын эмэгтэй шигшээ баг 1998, 2018 оны олимпын мөнгөн медаль, Дэлхийн аваргын 11 алт, 8 мөнгө, нэг хүрэл медальтай дэлхийн шилдэг багийн нэгд зүй ёсоор ордог билээ.

“Агч модны” орны багийн ахлагч Мари-Филип Пулен өнөөдөр 2 гоол хийж, 1 дамжуулалт өгч багийн лидер тамирчин ямар чухал үүрэгтэйг харуулж чадлаа. Түүний хувьд олимпын 3 алт, нэг мөнгөн медальтай болоод байна.

Финланд бүсгүйчүүд Швейцарын шигшээ багийг 4:0-ээр илүүрхэн хожиж хүрэл медаль хүртлээ.