Categories
мэдээ спорт

АНУ-ын коллежийн “NAIA” дивизионд 3 монгол залуу барилдана || DNN.mn

АНУ-ын Невраска мужин Грит хотын “Доан” их сургуульд сурдаг 3 монгол залуу “NAIA” дивизионы аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорин барилдана.

Америкийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулдаг чөлөөт бөхийн тус тэмцээн Канзас мужийн Вичита хотноо баасан, бямба гарагуудад болж аваргаа тодруулах юм.

Тус тэмцээнд хүчээ сорих залуусыг танилцуулбал, Монгол Улсын спортын мастер Цэрмаагийн Чингэс /71.2 кг/, Болдмаагийн Бат-Эрдэнэ /63.9 кг/, Батхишигийн Одгэрэл /130 кг/ нар барилдах юм. Б.Бат-Эрдэнийн хувьд 2020, 2021 онд тус тэмцээнд дараалан түрүүлж байв. Чөлөөт бөхийн спортын мастер Ц.Цогтбаяр тус сургуульд туслах дасгалжуулагчаар ажилладаг юм байна.

Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” өвлийн паралимпnийн наадамд манай улсын цаначид энэ сарын 7-нд уралдана || DNN.mn

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцох билээ.

Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээлснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар энэ сарын 7-нд гүйлтийн цанын 20 км-ын сонгомол техникийн төрөлд уралдах бол энэ сарын 12-нд 12.5 км-ын тэших техникийн төрөлд өрсөлдөх юм байна.

Б.Ганболд, Ц.Дашдорж нар дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор өрсөлдөнө.

Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм.

Тэднээс Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018” паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Туялзуур сэлэмний Азийн АШТ-ээс монгол тамирчин медаль хүртлээ || DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний өсвөр насны ангиллын хүнд сэлэмний төрөлд манай улсаас 13 тамирчин өрсөлдөж буй.

Эл төрөлд өрсөлдсөн Батбямбын Гандөл хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хасагдах шатанд Ливан, Вьетнам, Казахстан, Узбекистаны тамирчдыг ялжээ. Ингэснээр 2021 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга Б.Гандөл туялзуур сэлэмний төрлөөр Азийн АШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо.

5 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Түүхэн амжилтын эзэн болсон тэрбээр дасгалжуулагч Ц.Жигжидсүрэнгийн удирдлага дор “Дуэль” клубт бэлтгэл сургуулилтаа хангадаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Т.Гүррагчаа: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Алтай Таван богдод төөрчихөөд “Ах аа, бид Хятадын хил нэвтэрчихсэн үү” гэж асууж билээ

Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Гүррагчаатай ярилцлаа. Түүний тухайд 74 насандаа Эверестийн оргилд авиралт хийж дээд амжилт тогтоож байсан тамирчин. Мөн томоохон ослуудын араас эрэн хайх ажиллагааг гардаж зохион байгуулж байсан уулчин юм.


-Сайхан хаваржиж байна уу та.

-Сайхаан. Баруун Алтайд өнтэй өвөл улирч урин хавар айлчиллаа. Нар ээсэн дулаахан өдрүүд үргэлжилж байна.

-Та олон оргилд авиралт хийсэн хүн. 74 настайдаа Эверест рүү авирсныг тань онцолж асуумаар байна. Эверест төсөөлж байснаас тань ямар байв?

-Эверестэд өдөр бүр шахуу харанхуйлсан манантай байдаг гэж төсөөлөөгүй шүү. Баруун хойд талаасаа хүчтэй шуурдаг юм билээ. Үдээс хойшхондоо цасан шуурга доошоо буучихна. Нар буухаас өмнө л майхандаа амжиж орохгүй бол дулаацахгүй. Миний авч явсан мишок хасах 40 хэмийн хүйтнийг эсэргүүцдэг. Тэнд хасах 52 градус хүртэл хүйтэрнэ. Мишокныхоо гадуур юм давхарлаж хучаад л хэвтдэг байлаа. Байнга тийм хүйтэн агаараар амьсгална гэдэг хэцүү юм билээ. Хүйтэн агаараар амьсгалаад байхад нүүр, ам хөлдчих гээд амар биш. Нүүрээ хөлдөөчихөөд бууж яваа хэд хэдэн уулчинтай таарсан шүү.

-Тэр хүйтэнд ямар хоол хүнс хэрэглэж байв?

-Борцоороо хоол хийж иднэ. Тэндхийн хоол надад зохихгүй юм билээ. Тийм хүйтэнд л халуун ногоотой хоол өгч байгаа юм. Хоёр ч удаа тахианы шарсан мах идсэн. Монгол хоол маань л нүдэнд харагдаад байж билээ. Тогоочтой нь танилцаад годгор борц өгөөд л сонгино, сармистай шөл хийлгэж уугаад л явсан. Монгол хоолоо идэхэд тамир ороод ирж байгаа юм.

-Таныг авиралт хийх үеэр Эверестэд газар хөдлөлт болсон байдаг. Нөхцөл байдал ямар байв?

-Том мөсөн оргил, хадан хясаатай зэрэгцэж тогтсон байдаг юм билээ. Хавцал дагасан мөс нь хайлсаар байгаад голоороо зам гарч цагаан суварга шиг болчихсон. Намайг тийм мөсөн ирмэг дээр явж байхад гэнэт л газар хөдөлсөн. Зогсоход л мөс, хад хоорондоо хавирч хяхтанаж дуугараад аймшигтай байж билээ. Хад нурж ирээд л мөсний хоёр тал руу унаад алга болсон. Миний явж байсан орчимд хүржигнээд л тэнгэр дуугарч байгаа юм шиг чимээ гарч байлаа. Цас нурахад тийм дуу гардаг юм билээ. Газар хөдлөлт цөөхөн секунд л үргэлжилсэн. Жаахан удсан бол би доошоо унах байсан болов уу гэж одоо боддог юм.

-Тэр үед танд юу бодогдож байв?

-Энэ доошоо ангал гараад унавал харайгаад гарч болох болов уу, эндээс хад нураад ирвэл зугтаагаад том хадны цаагуур орно доо гэхчлэн юм юм л толгойд эргэлдэж байлаа. Газар хөдлөлт зогсохоор нь доошоо зугтчихсан. Ядарч явсан хүн чинь доошоо хэд харайгаад л алга болж байгаа юм. Буугаад майхандаа ирэхэд доторх нь ямар ч эмх замбараагүй болчихсон байж билээ.Тийм хүчтэй хөдөлсөн байгаа юм. Ингээд л авиралт хийж байсан хүмүүсийг бүгдийг нь хөөж буулгасан. 6445 гаруй метрт гарчихаад буухдаа сэтгэл гонсгор л байсан. 7000 метр лүү их ойрхон очоод буцсан даа. Нөгөө талдаа тэр өндөр эрсдэлийг ард үлдээгээд гараад ирсэндээ баярламаар ч юм шиг (инээв).

-Танаас өөр 74 гаруй насандаа Эверестэд авирсан тохиолдол байхгүй болов уу. Өндөр настай хүн тэр оргил руу авирч явахад уулчдын хандлага ямар байв?

-Японы уулчин 69 насандаа авиралт хийсэн байдаг. Намайг авиралт хийх үеэр уулчид их хүндэлж байсан шүү. Зөрөөд өнгөрөхдөө мэхийж ёсолно. Хүн бүр л баяр хүргэнэ. Хурал болбол хамгийн эхэнд суулгана. Бие засдаг 00-ыг хүртэл миний майхны хажууханд байрлуулж өгсөн. Гэхдээ нөгөө талаар “Энэ гарч чадах болов уу” гэж анхааралтай ажиглаж байсан.

-Та Казахстаны Хан тэнгэр хайрханд авиралт хийж байсан шүү дээ. Бас л эрсдэлтэй авиралт болсон гэдэг. Энэ талаараа хуучлахгүй юу?

-1990 оны намар Казахстан, Киргизийн хил дээр орших Хан тэнгэр гэдэг аюултай уул руу авирч байлаа. 7000 гаруй метр өндөр, зүйрлэж хэлбэл харандааны үзүүр шиг шовх оройтой хайрхан л даа. Намайг авирахаар очтол хориотой үе нь таараад гаргадаггүй. Тэгэхлээр нь шөнөөр босоод л оргоод авирч байлаа. Ингэж явахад Чехийн уулчин амиа алдсан байсантай таарч байсан юм. Аюултай гэдэг нь тэндээс л ил цагаан харагдаж байсан даа. Энэ авиралтаас хойш 30 гаруй жил өнгөрсөн байна. Гэсэн ч санаанаас ердөө гардаггүй юм. Замд хэдэн солонгос нөхдүүдтэй таараад хэл нэвтрэлцэхгүй хөглөж явсан, шуурга болж майхандаа цурамхийлгүй үүр цайлгаж байсан гээд л олон дурсамж үлджээ, тэр авиралтаас.

-Та Алтай Таван богдод Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамт авиралт хийх үеэрээ төөрч, хүнд байдалд орсон гэдэг. Байдал буруугаар эргэвэл амь насаа ч алдахаар байсан хэмжээнд хүрч байсан талаараа Н.Энх баяр гуай хэлж байсан. Та энэ авиралтын талаар ярихгүй юу?

-Тийм шүү. 2012 оны намар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын найман хүний бүрэлдэхүүнтэй баг Алтай Таван богдод авиралт хийсэн юм. Тэр багийг би ахалж явлаа. Бэлд очиж хоноглохдоо миний зүгээс өглөө 04:00 цагт авиралтаа эхлэх санал гаргасан юм. Гэтэл Н.Энхбаяр маань “Тэнгэр цэлмэг сайхан байна. Үдээс хойш авиръя” гэдэг юм. Ингээд үдээс хойш 14:00 цагийн үед авирлаа. Хэд хэдэн хадан хясаа туулж явсаар байгаад 19:30 цагийн орчимд Алтай Таван богдынхоо оргилд нь гардаг юм. Цай ууж, сан тавиад л буухын хооронд юу юугүй харанхуйлаад нүүр нүдгүй цасаар шуурлаа. Үзэгдэх орчим хязгаарлагдмал болоод л зүг чигээ алдчихсан. Би урд нь гараад л таамаглаад л алхчихлаа. Яваад л байлаа, яваад л байлаа. Ингээд том хадан ангал тулаад ирдэг юм. Эрсдэл хажууханд ирснийг ойлгож Н.Энхбаяртайгаа зөвлөөд буцаж өгсөхөөр боллоо. Тас харанхуй битүү цасан шуурганд өгсөх үнэхээр хэцүү. Ямартаа ч аажуухан алхах ёстойгоо л сайн мэдэж байлаа. Яарч алхвал хөлрөөд хөлдөж үхэх аюултай. Алхахгүй зогсчихвол осгоно. Зөөлнөөр алхаж явсаар байгаад л 03:00 цагийн алдад нэг шовгор толгой руу өгсдөг юм. Ингэж явтал Н.Энхбаяр маань надад хандаж “Гүрээ ах аа, бид Хятадын хил рүү ороод ирчихсэн юм биш үү” гэж их санаа зовсон байдалтай асуудаг юм. Бүх л шөнийн турш алхсан учраас л манай хүн санаа зовсон нь тэр л дээ. “Ороогүй, ороогүй” гэж өнөөхөө тайвшруулаад л цааш алхсан. Ингэж яваад 06:00 цагийн алдад түнэр харанхуй сарниж жаахан гэгээ орлоо. Баруун хойшхоноо алхаад л авирч явсан нөхдийн зоож үлдээсэн модон таяг олддог юм. Таяг олоод л багийнхан сая нэг санаа амарсан даа. Цасан шуурга ч намдаж, тэнгэр цэлмээд нар шараад ирсэн. Шөнөжин алхсан зарим маань зүүрмэглэж байсан юмдаг. Ингээд оргилдоо гарчихаад “Монголын уулчид мандан бадраг” гэж хэлээд л буусан. Түнэр харанхуйд мөсөн дээгүүр алхаж явахад ч аймшигтай байсан шүү. Багт маань туршлага нимгэн улс олон байсныг ч хэлэх үү. Байдал буруугаар эргэвэл яаж ч мэдэхээр байлаа. Сүүлд хотод ирчихээд Н.Энхбаяртайгаа уулзахад “Гавьяат хүн өөр юм аа. Та байгаагүй бол бид үхэх байсан шүү” гэж хэлсэн.

-Отгонтэнгэрийн 17 уулчны ослын аврах ажиллагаанд та нэмэлт хүчээр очсон шүү дээ. Газар дээр нөхцөл байдал ямар байв?

-2017 оны намар аравдугаар сарын дундуур болсон асуудал шүү дээ. Тухайн үед би Ховдод хуриманд ороод явж байсан юм. Гэтэл “Отгонтэнгэрт уулчид осолдлоо, яаралтай ир” гэсэн дуудлага хүлээж авсан. Мэдээ сонссон даруйдаа Ховдоос гарч шөнөжин давхиад л Отгонтэнгэр лүү очсон. Очоод харахад 27 хүний 17 нь Отгонтэнгэрийн зүүн урд тал руу хадан хясаа руу уначихсан байсан. Хадан хясааны ирмэгээрээ нурж унахад бэлэн мөс, цас тогтчихсон. Ийм л эрсдэлтэй нөхцөлд эрэн хайх ажиллагаа явуулсан.

-Эрэн хайх ажиллагааг хэрхэн явуулав?

-17 хүний долоогийнх нь цогцос олдохгүй байсан юм. Эрлийн ажиллагааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал зохион байгуулж ажилласан. Нураад тогтсон зургаан метр мөсөн дундаас цогцос хайна гэдэг амар ажил биш байна лээ. Нурсан хэсгээр нь явахад өөрөө нисчих гээд л аймшигтай. Ийм л эрсдэлтэй нөхцөлд эрэн хайх ажиллагааг явуулсан. Цогцоснууд олоход нүд халтирмаар дүр зурагтай байсан даа. Мөсөн дээгүүр гулсахад хүний цээж доошоо явдаг. Ингэхлээр хамаг хувцас нь мултарч унаад нүцгэрчихсэн байгаа юм. Хадан хясаанд цохигдчихсон, үнэхээр аймшигтай болсон байсан даа. Тэднийг ар гэрт нь таниулна гэдэг үнэхээр хэцүү ажил. Сонирхол нэгт нөхдөд маань ийм эмгэнэлтэй зүйл тохиолдсонд их харамсдаг юм.

-Ууланд авирахад тохиромжтой хугацаа байдаг байх…

-Тийм ээ. Есдүгээр сараас хойш авирахад тохиромжгүй байдаг. Хүйтний нөхцөлд мөс нь гялайгаад толийчихдог. Авирахад эрсдэлтэй гэсэн үг шүү дээ. Хавар тавдугаар сард авирахад л тохиромжтой. Нэг бол наймдугаар сард зүгээр.

-17 уулчны ослын шалтгааныг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. Та яаж хардаг вэ?

-Харанхуй болж байхад буцсан, зүг чигээ олоогүй гээд л таамаг яриа байдаг. Тэр бүү хэл мөнгөний төлөө явж хүмүүсийн амь авсан гэх дам яриа ч гарсан. Магадгүй тохиромжгүй үеэр авиралт хийсэн байж болно.

-2013 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Бурхан Халдун хайрхан руу гарахдаа төөрч, холбоо тасарч байсан удаатай. Эрэн хайх ажиллагааг та удирдсан бил үү?

-Бурхан Халдун хайрханд явагдсан аврах ажиллагаанд би оролцоогүй. Хоёр хоногийн хугацаанд нисдэг тэргээр хайж Н.Алтанхуяг нарын хүмүүсийг эсэн мэнд олсон байдаг.

Categories
мэдээ нийгэм спорт

Сумо бөхийн хаврын тэмцээний банцүкэг зарлажээ || DNN.mn

Японы сумо бөхийн холбооноос энэ оны 3 дугаар сарын 13-27-нд Осака хотноо болох хаврын тэмцээний банцүкэг өнөөдөр зарлалаа.

Макүүчи зиндааны зүүний магнайг Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлнэ. Тэрбээр 3 дахь банцүкэдээ ганцаараа ёкозүна цолтой бичигдэж байгаа юм. Харин 2020 оны 11 дүгээр сараас хойш мэргэжлийн сумо шинэ озэкитэй болсон нь Митакэүми бөгөөд озэки цолтон Шодай, Такакэйшёо нар энэ башёд кадобан болсон тул цолоо хамгаалж барилдана.

Вакатакакэгэ, Аби нар анх удаа сэкивакэ цол аваад байгаа. Манай бөх Хошёорюү С.Бямбасүрэн барууны комүсүби болсон. Тэрбээр гадаадын 27 дахь комүсүби болж байна. Цар тахлын хөл хорионы дэглэм зөрчсөн озэки асан Асанояма зиндаа буурч Макүшитад уналаа. Монгол сумоч Ёошёояма Б.Анхбаяр нэрээ Токисоүма болгон өөрчилжээ.

Энэ сарын банцүкэд 618 бөх бичигджээ. Коконоэ дэвжээ 27, Хаккакү дэвжээ, Такасаго, Таманои дэвжээ тус бүр 24 бөхтэй удааллаа. Монголын 20 бөх барилдах бол Хятад, Бразил, Орос, Гүрж, Болгар, Казахстан, Филиппин, Украинаас тус бүр нэг сумоч барилдах юм байна.

Хаврын тэмцээний Банцүкэ:

Ёкозүна Тэрүнофүжи

Шодай Озэки Такакэйшёо

Озэки Митакэүми

Вакатакакагэ Сэкивакэ Аби

Таканошёо Комүсүби Хошёорюү

Дайэйшёо Маэгашира-1 Үра

Ичиножёо М-2 Тамаваши

Ооношёо М-3 Мэйсэй

Кирибаяма М-4 Эндо

Такарафүжи М-5 Ишиүра

Хокүтофүжи М-6 Котоновака

Такаясү М-7 Окиноүми

Чиёошома М-8 Саданоүми

Тобизарү М-9 Вакамотохарү

Шиманоүми М-10 Аойяма

Миёогирюү М-11 Тэрүцүёоши

Котоэко М-12 Чиёотайрюү

Чиёомарү М-13 Чиёонокүни

Котошёохо М-14 Ютакаяма

Акүа М-15 Точиношин

Нишикиги М-16 Котокүзан

Кагаяки М-17 Ичиямамото


Монголын 6 сумоч дээд зиндаа буюу Макүүчид барилдах бол бусад зиндаанд хүчээ сорих монгол бөхчүүдээ танилцуулж байна.

Жюүрёо: З-2 Азүмарюү С.Тодбилэг, З-7 Миторюү Б.Төрболд, З-9 Дайшёохо Ч.Шижирбаяр

Макүшита: Б-3 Дэванорюү Т.Тэмүүлэн, Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр, Б-5 Хокүсэйхо Э.Даваанинж, З-13 Тамашёохо Э.Энхманлай, Б-35 Токисоүма Ёошёояма Б.Анхбаяр, Б-44 Араүма Б.Төртогтох, Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат

Санданмэ: З-3 Сакигакэ Я.Баттүшиг, Б-8 Хокүтомарү Н.Чинзориг, З-46 Саданохикари Д.Наранцогт

Жонокүчи: З-13 Котокэнрюү Г.Билгүүн

Categories
мэдээ нийгэм спорт

Монголын эмэгтэй баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ || DNN.mn

“Дубай 2022” Пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг амжилттай оролцож, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ. Онөөдөр болсон Олимп, Паралимпын үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны эмэгтэй багийн төрөлд Монгол улсын баг (Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс) хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан болсон сайхан мэдээтэй байна.

Эмэгтэй 8 багаас Италийн баг дэлхийн аварга болсон бол ОХУ-ын харваачид дэд аварга боллоо.Манай харваачид урьдчилсан харваалтаар 5-д эрэмбэлэгдсэн бөгөөд эхний харваанд Туркийн багийг 5:4-р хожиж, хагас шигшээд үлдсэн. Улмаар чансаагаар тэргүүлсэн ОХУ-ын багт 6:0-р дийлдэн хүрэл медалын төлөө харвах болсон юм. Манай багтай урьдчилсан харваанд 2-оор гарч ирсэн Энэтхэгийн хүчтэй баг таарсан ч “Токио 2020” Паралимпын наадмын оролцогч Д.Сэлэнгээ, шигшээ багийн харваач Б.Жавхлантөгс нар маань 5:1-ээр хожин медалын болзол хангалаа. Энэхуу ялалт Монголын пара баг тамирчдын ДАШТ-д узуулж байгаа бахдам амжилт юм. Монголын эрэгтэй баг (А.Анхбаяр 547, П.Мөнхбаатар 541 оноо) эхний тойрогт АНУ-ын багт ялагдсанаар тэмцээнээ өндөрлуулсэн.

Энэ төрөлд Их Британы баг дэлхийн аварга болсон бол ОХУ мөнгө, Ираны баг хүрэл медаль хуртлээ. Мөн холимог Багийн төрөлд манай баг Тайландын багт ялагдсан юм. Ганцаарчилсан төрөлд манай харваачид хоердугаар тойрогт шалгарсан амжилтыг үзүүлэв. Пара байт харвааны ДАШТ-д 30 гаруй орны баг оролцсоноос Монгол Улсын баг эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай энэ оны тэмцээнийг эхлууллээ.

Монголын багийн дасгалжуулагчаар МБХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажилласан бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцлоо. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж буй пара байтын ДАШТ Ням гаригт (02.27) өндөрлөлөө.

Categories
мэдээ спорт

Дэлхийн шатрын 44 дэх олимпиадыг цуцлав || DNN.mn

FIDE буюу Дэлхийн шатрын холбооноос өөрийн тэргүүлэх тэмцээнүүдийн нэг болох шатрын 44 дэх олимпиадыг ОХУ-д зохион байгуулахгүй гэсэн шийдвэрээ өчигдөр зарлалаа. Дэлхийн 190 орчим орны баг хоёр долоо хоногийн турш өрсөлддөг дэлхийн шатрын олимпиад 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 8-ны хооронд Москва хотод болох ёстой байв.

Нэмж дурдахад, биатлоны Дэлхийн цомыг жил бүр зохион байгуулдаг дэлхийн хэмжээний алдартай цана, уулын спортын төв болох Ханты-Мансийск хотод энэ жил хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын шатрын анхдугаар олимпиадыг зохион байгуулахаар тогтоод байсан билээ.

ОХУ-аас нүүлгэн шилжүүлж байгаа өөр нэг арга хэмжээ бол шатрын олимпиадын хажуугаар зохиогдох Дэлхийн шатрын холбооны 93 дугаар их хурал аж.

Дэлхийн шатрын холбооны одоогийн ерөнхийлөгч Аркадий Дворковичийн эхний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул энэ жил Конгрессод сонгуулийн журмыг мөн оруулах ёстой. Дворкович уг албан тушаалд 2018 оны 9 дүгээр сард сонгогдсон.

Ташрамд дуулгахад, FIDE дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах улс болон хугацааг дахин төлөвлөхөөр аль хэдийн ажилдаа оржээ.

Categories
мэдээ спорт

Пара байт харвааны ДАШТ-д манай улсын баг оролцож байна || DNN.mn

Пара байт харвааны ДАШТ Дубай хотод болж байна.

Өчигдөр болсон олимп, паралимпын үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны чансаа тогтоох харваанд А.Анхбаяр 547, П.Мөнхбаатар 541 оноогоор 32-33-р байрыг эзэллээ. Энэ төрөлд 22 орны 42 тамирчин оролцжээ.

Франц, ОХУ, Иран, Тайланд, БНСУ, Польш, Иран, Турк, Их Британийн тамирчид 610-642 хүртэлх оноог авчээ. Мөн эмэгтэйчүүдийн рекурв төрөлд Д.Сэлэнгээ 532 оноогоор 14-р байр, Б.Жавхлантөгс 511 оноогоор 17-р байрт жагсав. Энэ төрөлд 23 тамирчин өрсөлдөж, ОХУ, Итали, Польш, Энэтхэгийн тамирчид өндөр оноо авчээ.

Манай тамирчид өнөөдрөөс ганцаарчилсан, багийн, холимог багийн төрлийн хасагдах шатанд өрсөлдөнө.

Монголын багийн дасгалжуулагчаар МБХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажиллаж байна. Багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцож байна.

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж буй пара байтын ДАШТ энэ сарын 27-д өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

Паралимпийн наадамд оролцох баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино || DNN.mn

“Бээжин 2022” өвлийн паралимпийн наадам ирэх гуравдугаар сарын 4-нд эхлэх бөгөөд үүнд манай улсаас гурван тамирчин оролцохоор боллоо.

Манай улсын баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино. Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцох юм. “Сочи 2014”, “Пенчан 2018” Паралимп наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөнө. Түүний хувьд тугчаар ажиллах аж.

2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлийг сонгосон Б.Цэрэнпунцаг нар анх удаа Паралимпэд өрсөлдөнө. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллаж буй.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар Туркээс алт, мөнгөн медаль хүртлээ || DNN.mn

Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон Д.Отгонжаргал Бразилын Камила Барбоса (12-2), АНУ-ын Эрин Симон Голстон (10-0), Польшийн Анна Лукашиак (6-4) нарыг ялж хагас шигшээд Румыны Эмилиа Алинад 6-0 харьцаагаар хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.

Харин Токио 2020 олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй -53 кг жинд Энэтхэгийн Гелот Пүжа (11-1), Узбекистаны Кеунимжаева Актенге (11-0), АНУ-ын Доминик Оливиа Парриш (цэвэр), Оросын Милана Дадашева (13-8) нарыг ялж тэмцээнээс Монголын хоёр дахь алтан медалийг хүртлээ.

Ийнхүү Туркийг зорьсон эмэгтэй 4 тамирчин бүгд медаль хүртээд байна. Харин эрэгтэй -97 кг жинд зодоглосон Ө.Батзул эхний шатанд Гүржийн Гиви Матчарашвилид 12-1 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгана.

Харин +125 кг жинд зодоглосон М.Лхагвагэрэл Казахстаны Юсүп Батирмурзаев (2-1), Германы Геннади Кудинович (6-1), Оросын Ацамаз Теблоев (4-3) нарыг хожиж финалд шалгарсан бөгөөд финалд Туркийн Таха Акгулд 10-0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртсэн.

Тэмцээний эхний өдөр манай улсаас С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртээд байсан бол хоёр дахь өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр таван медальтай боллоо.

Өнөөдөр орой эрэгтэй

  • 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ,
  • 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд,
  • 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар,
  • 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин нар тус тус барилдана.