Categories
мэдээ спорт

Монгол Улсын хууль, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, шударга ёсыг бий болгох нь чөлөөтийнхний нэн тэргүүний зорилго || DNN.mn

“Монголын чөлөөт бөхийн холбоо чухам яагаад олон жилийн турш хэрүүл маргаантай байдаг юм бэ” гэсэн асуултад нотолгоотой үнэнд тулгуурласан хариулт өгье.

Чөлөөт бөх үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой 2021 онд тохиож, төр засгийн шагналын хур буулаа. Энэ нь өнгөц харвал сайхан мэт боловч өнөөгийн МЧБХ-ны байгаа байдлыг өнгийж үзвэл ард түмний хайрлан хүндэлдэг энэ их спортын хагас зуун жилийн “Алтан түүх”-ийг үгүй хийсэн гутамшигт үйлдэл, дөрвөн жил гаруйн шүүхийн маргаан гарч ирнэ. Маргааны уг учир нь МЧБХ-нд хууль бус, шударга бус, ялгаварлан гадуурхах, хүний эрхийг зөрчих явдал хэрээс хэтэрсэн, одоо ч тэр хэвээрээ байгаатай л холбоотой юм.

Энэхүү увайгүй хэрэг явдлыг чөлөөт бөхийнхөн анх сонсоод үнэндээ итгэж чадахгүй байсан бөгөөд одоо ч зарим нөхдийн санаатай буруу мэдээлэлд төөрөлдсөн хүмүүс байсаар байна. Эцсийн үнэн гэвэл МЧБХ-ны дээрх үйлдэл нь хууль бус болохыг Монгол Улсын гурван шатны шүүх хянан үзэж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 001/XT2021/00013 тоот тогтоолоор хууль бус болох нь тогтоогджээ.

МЧБХ-ны хууль бус үйлдлийг Шүүх ийнхүү шийдвэрлэжээ.

Нэг. 2013.11.25, 2016.11.23-ны өдрийн МЧБХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталсан дүрмүүдийг хүчингүй болгож,

Хоёр. Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөөр сонгогдон томилогдсон гэх хоёрын хоёр ерөнхийлөгчийн 2016.11.21-ний 19/01 ба 2017.01.05-ны өдрийн 01/4 тоот тогтоолуудыг хүчингүй болгож,

Гурав. МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн гэх нэр бүхий 16 хүн хууль бусаар сонгогдсон болохыг тогтоон “…удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу холбоог төлөөлөх харилцаанд оролцох эрхгүй байна” гэж тус тус заажээ.

Нөхцөл байдал ийм байхад холбооны нөхдүүд “Бид эрхээ хэрэгжүүлнэ, асуудлаа шийднэ” гэж өөрөөр хэлбэл нэгэнт хууль бус нь тогтоогдчихсон удирдах зөвлөл гэгчийнхээ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэж улайран зүтгэж, улмаар “МЧБХ-ны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-нд зохион байгуулагдана” гэсэн мэдээллийг 2 дугаар сарын 18-ны өдөр холбооны нүүр хуудаснаа тавьжээ. Хачирхалтай нь уг их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийн талаар нэг ч үг, мэдээлэл байхгүй байна.

Тэгсэн атлаа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Удирдах зөвлөлийн гишүүн гэх хүмүүсийн гарын үсгийг нь цуглуулан санал авсан гэдгээр “Хурал зохион байгуулах комисс”-ыг байгуулсан гээд байгаа нь бас л хууль бус үйлдэл гэдгийг мэдмээр юм даа.

Асуудлын гол нь нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарч, МЧБХ-нд үүссэн онц нөхцөл байдлаас шалтгаалан эвлэлдэн нэгдсэн чөлөөт бөхийн хамт олны төлөөллөөс бүрдсэн “Хурал зохион байгуулах комисс” шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс холбоогоо шинэчлэн өөрчлөх “МЧБХ-ны их хурал”-ыг хуралдуулах тухай шийдвэр гаргахаар ярилцаж байсан билээ. Гэтэл нөхдөө хулхидаж, мөн л дур мэдэн ийнхүү увайгүй үйлдэл хийжээ.

Ийм байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэн, дээрх хууль бус үйлдлийн алдаа завхралыг засаж, хуулийн дагуу холбоогоо шинэчлэн өөрчилж хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий их хурлыг хуралдуулах ямар ч боломжгүй юм.

“Хурал зохион байгуулах комисс”-ын уулзалтын өмнөх байдлын талаар товч өгүүлье. Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байтал МЧБХ-ны удирдлагууд: “…тийм юм болоогүй, шүүхийн шийдвэр гараагүй, манай холбоо хууль зөрчөөгүй, хуулийн дагуу байгаа…” гэх зэргээр баг тамирчид болон чөлөөт бөхийн хамт олонд улайм цайм худал хэлж, бодит үнэнийг нууж хаахаар оролдож байсан нь тодорхой байв.

Даанч дээ гэмээр бусармаг үйлдэл нь үнэнд гүйцэгдэж, шударга үнэнийг тогтоосон шүүхийн шийдвэр бичгээр гарсны дараа танилцуулан мэдэгдэхэд “Энэ шүүхийн шийдвэр ямар хамаатай юм, бид мэднэ” гэж дэндүү увайгүй зүйлийг ярьж ил цагаандаа гарч байсан. Иймд чөлөөт бөхийн хамт олны төлөөлөл шүүхийн шийдвэрийг биелүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоож, хууль, дүрмийн дагуу “МЧБХ-оог шинэчлэн зохион байгуулах Түр хороо”-оос шударга ёсны “Шаардлага” тавихад хуулийн дагуу албан ёсны хариу өгөх нь битгий хэл харин ч бүр өширхөж занасан байдаг нь бидний гайхширлыг төрүүлсэн билээ.

Тодруулбал, холбооны хууль бус болох нь тогтоогдсон нэр бүхий гишүүдийн Удирдах зөвлөлийн хурал гэгч дээр үнэхээр чөлөөт бөхийн төлөө сэтгэл нь байдаг юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх, бий болсон нөхцөл байдлаас яаж гарах, яаж шинэчлэл өөрчлөлт хийх вэ гэж ярихын оронд харин ч бүр “…энэ нөхдүүдтэй хатуу үзнэ, энэ тавьсан шаардлагад нь хариу өгөх шаардлагагүй, нам дарах хэрэгтэй, эдэнтэй эвлэрнэ гэж байхгүй шүү…” гэж заналтайгаар ярьж байгаа нь чөлөөтийнхний сэтгэлийг түгшүүлж байна.

Түүнчлэн бүр, “Тэд нарыг насаар нь дарна, нар битгий үзүүл” гэж зарим гишүүд нь шууд занаж хэлснийг одоо юу гэж ойлгох болж байна аа? Үүнд чөлөөт бөхийн хамт олон л хариуцлагатай хариу өгөх ёстой.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон МЧБХ-ны тогтоол, дүрмийг чухамхүү ямар учраас хууль ба дүрмийг зөрчин байж үйлдэх болсон зорилго нь уг хэргийн үйлдлээс тодорхой байдаг.

Маш товчхондоо: Тус спортын асуудлыг эвлэлдэн нэгдсэн Монголын чөлөөт бөхийн хамт олон буюу түүний төлөөлөл нь биш, харин зөвхөн хэдхэн хүн бүх эрхийг гартаа авч, бүхнийг шийдэх, бүхнийг зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс шийдэж байхын тулд үйлдсэн нь шүүхийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон юм.

Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд юуны түрүүнд хуурамч гарын үсэг, тамга бүхий бичиг баримт үйлдэж зохиомол “Холбооны үүсгэн байгуулагч” гэгчийг үнэн түүхийг уландаа гишгэн зохиомлоор бий болгосноор чөлөөт бөхийн үе үеийн хамт олон хуралдаж асуудлаа олонхоороо шийддэг байсан тэр ардчилсан ёс, хууль ёсны эрх нь устаж, дээрх зохиомол хуурамч үүсгэн байгуулагч гэгчийн шийдвэрээр бүх зүйлийг хийж эхэлсэн байдаг.

Ийнхүү үзэл бодол таардаггүй, ялангуяа шударгаар үнэнийг хэлсэн бүхнийг ялгаварлан гадуурхаж, дарамтлан шахан зайлуулах ба холбооны асуудлыг хууль, дүрэм бусаар хийж Удирдах зөвлөлийн гэх хэдхэн хүн буюу хэн нэгэн эрхтэн дархтан өөрийн дураар шийддэг болсон нь ердийн хэрэг болсон. Үнэндээ дарангуйлал бий болсныг илчилсэн тамирчид, дасгалжуулагчдын ярилцлага өнгөрсөн хугацаанд сонин хэвлэл, сошиалд бишгүй нийтлэгдсэн дээ.

2009.03.14-ний өдрийн МЧБХ-ны их хурлын 170 гаруй төлөөлөгчдийн хэлэлцэн баталж гаргасан “МЧБХ-ны дүрэм”, “МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд”-ийн нэрс, хурлын тогтоол, шийдвэрүүд зэрэг тус их хурлын үндсэн баримт бичгийн ганцыг ч Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-т бүртгүүлэлгүй алга болгосноор чөлөөт бөхийн хамт олон итгэхийн аргагүй тун ноцтой хэрэг үүссэн байдаг.

Ийнхүү УБЕГ-т чөлөөт бөхийн түүхийн хуудаснаа маш онцлогоор, бас ч үгүй ихэд чухлаар тэмдэглэгдэн үлдсэн уг их хурлын түүхэн баримт бичиг МЧБХ-ны хувийн хэрэгт нь байхгүй байгаа нь маш ноцтой хэрэг. Туйлын харамсалтай.

Энэ бол чөлөөт бөхийн гурван үеийн төлөөлөл оролцсон хамт олон тухайн цаг үедээ урьд өмнө гаргаж байгаагүй ихээхэн идэвх зүтгэл чармайлт гаргаж бүтээсэн чөлөөтийнхний амьд түүх шүү дээ.

Дээрх бүрэн хангалттай бүрэлдэхүүнтэйгээр хоёр өдөр хуралдаж хэлэлцэн баталсан МЧБХ-ны түүхэн баримт бичгийн талаар шүүх хурлын явцад тодруулан асуухад мэдэхгүй гэж хариулт өгснийг чөлөөт бөхийн хамт олон бид юу гэж ойлгох болж байна аа?

Монгол Улсын чөлөөт бөхийн нийт хамт олны төлөөлөл оролцсон 2009.03.14-ний өдрийн их хурлын төлөөлөгчдийн багагүй хугацаа, хөдөлмөр гаргаж хэлэлцэн баталсан тогтоол, шийдвэр, дүрэм нь УБЕГ-т архивлагдаагүй бөгөөд харин түүний оронд дээрх хуурамч гарын үсэг тамга бүхий тогтоол, баримт бичиг 2009.03.14-ний өдрөөр үйлдэгдсэн гэх материал гарч ирснийг нүдээр үзээгүй хүн бол итгэхгүй л дээ. Яаж ийм зүйл хийж зүрхэлнэ вэ? Энэ бүх нотолгооны баримт хавтас хэрэгт шүүхийн журмаар авагдсан байдаг юм.

Дээрх хууль бус үйлдлээс эхтэй энэхүү хууль, дүрэм бусаар хийгдсэн бусармаг үйлдлүүд нь үргэлжлэн хийгдсээр эцсийн эцэст гурван шатны шүүхээр үнэн зөв нь тогтоогдсон юм. МЧБХ-ны олон жилийн хэрүүл, маргаан гэх зөрчлийн эх үндэс, хэрэг явдал нь ийм л учиртай юм.

2009.03.13-14-ний өдрийн МЧБХ-ны их хурлыг удирдсан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, алдарт аварга Х.Баянмөнхийн чөлөөт бөхөө гэсэн сэтгэл, зүтгэлээр чамгүй их цаг зарцуулан хурлын төлөөлөгчдөөр ихэд идэвх гаргуулан, хэлэлцүүлэн батлуулсан “МЧБХ-ны дүрэм” ба “МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд”-ийн нэрс болон тус их хурлын “Тогтоол”-ууд зэрэг түүхэн баримт бичиг устаж үгүй болсон нь чөлөөт бөхөд юугаар ч хэмжишгүй хохирол учирсан юм. Энэ бол чөлөөт бөхийн 60 жилийн түүхэнд байгаагүй гутамшигт балмад хэрэг болсон.

Манай алдарт аваргууд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ОУХМ, доктор Л.Ням тэргүүтэй тус их хурлын тэргүүлэгчид болон 170 гаруй төлөөлөгчдийн хоёр өдрийн хөдөлмөр ийнхүү хуурамч баримт бичиг, тогтоол болон хувирсан энэ юм.

Энэхүү хуурамч тогтоолд тус их хурлын төлөөлөгчдөөс нэрийг нь дэвшүүлэн “МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн”-ээр хурлын бүх төлөөлөгчид санал нэгтэй гар өргөн сонгож баталсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Шинжлэх ухааны доктор, ОУХМ Л.Ням нарын зэрэг хүмүүсийг хасаж, харин огт нэр нь дэвшигдээгүй, сонгогдоогүй хүмүүсийг оруулан баталж, “Хурлын дарга Х.Баянмөнх” гэж хуурамчаар гарын үсгийн зуржээ.

Хамгийн ноцтой нь тус тогтоолын гарын үсэг, тамга хуурамчаас гадна уг Удирдах зөвлөлийн гишүүд гэх энэ 31 нэрсийн 22 нь хурлын дарга Х.Баянмөнх төлөөлөгчдөөр хэлэлцүүлэн, сонгон баталсан хүмүүс биш гэдэг нь шүүхийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Дээрх хуурамч тогтоолууд мөн “МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг сонгох тухай” гэх тогтоолд хуурамч тамга дарж, алдарт аварга Х.Баянмөнхийн гарын үсгийг нь дуурайлган зурсан ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь Монгол Улсын ШШҮХ-ийн шинжээчийн 2017.07.03-ны өдрийн 3254 тоот дүгнэлтээр нотлогдсон юм.

Хагас зуун жилийн түүхэн замналтай чөлөөт бөхийн алтан үеийн түүхийг ийнхүү гутамшигт байдалд оруулан шүүхийн хаалга татах хүртэл ичгүүртэй болгосон хууль, дүрэм бус бусармаг үйлдэлд алтан үеийн нэг нэрт тамирчин нь оролцож дэмжин гарын үсгээ зурсан нь даанч харамсалтай. Хэрвээ нотлох баримт нь гарч ирээгүй бол нөгөө сурсан зангаараа “Би юу гэж тийм юм хийх юм, намайг гүтгэж байна” л гэх байсан байх. МЧБХ-ны удирдлагуудын энэхүү хууль, дүрэм бус үйлдлийн уршгаар эвлэлдэн нэгдсэн чөлөөт бөхийнхөн МЧБХ-ны дүрмээ хэлэлцэн батлах буюу холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ба ерөнхийлөгчөө сонгох, өөрөө сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон эрх нь үгүй болж, тус хамт олны эрх ашиг ноцтой зөрчигдөөд олон жил боллоо.

Нөгөөтэйгүүр Монголын чөлөөт бөхийн холбоо гэж хэлэхийн аргагүй гэр бүлсэг байдалд хүрсний баримт нотолгоо нь 2009 оноос МЧБХ-ны ерөнхийлөгчөөр хадам эцэг нь, ерөнхий нарийн бичгийн даргаар хүргэн хүү нь байсан бол улмаар төрсөн ах, дүү гурав гурвуулаа МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсан төдийгүй ах дүү хоёр нь Холбооны ерөнхийлөгчийг ээлжлэн хашиж ирсэн гэхэд итгэх хүн байх уу? Гэтэл үнэн нь ийм л байсан.

Тэгвэл одоо ах нь МЧБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, төрсөн дүү нь Ерөнхий нарийн бичгийн дарга байна гээд бод доо. Ийнхүү МЧБХ-ны хууль бус үйлдэл төдийгүй бүтэц зохион байгуулалт, нөхцөл байдлыг аваад үзэхэд их спортын холбоо биш, хувиараа эрхлэх аж ахуйн хэмжээнд хүрсэн гэхэд бараг хилсдэхгүйг дээрх бодит баримт бэлхнээ нотолж байгаа бусуу?

Хууль, шударга ёс гэж байдаг л юм бол энэ ноцтой завхралыг засаж залруулан шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зүйн хэрэг бөгөөд энэ нь тус спортын ахмад, залуу, өнөө үеийн хүн бүрийн эрхэм үүрэг гэдгийг ухамсарлах цаг нэгэнт болжээ. Энэ бол чөлөөт бөхөөр хичээллэж байсан, хичээлдэг хүн бүхний, бөхөд хайртай, чөлөөт бөхөө гэсэн сэтгэлтэй хүн бүрт хамааралтай чухал асуудал бидний өмнө тулгараад байна. Чөлөөт бөхийхөн ийм амирлангуй байж, хайрлан, дурлан, хүссэн энэ сайхан чөлөөт бөхдөө ийм хүнийрхэг хөндий сэтгэлээр хандах бүдүүн зүрх байхгүй баймаарсан даа, уг нь.

Иймд Та бид дээрх хууль бус болохыг тогтоосон Удирдах зөвлөл гэгчийн хууль бусаар зарласан Их хурал биш, харин эвлэлдэн нэгдсэн чөлөөт бөхийн хамт олныхоо дундаас байгуулсан “Хурал зохион байгуулах комисс”-ынхоо шийдвэрээр жинхэнэ хууль ёсны Их хурлаа зохион байгуулах шаардлагатай болоод байна.

“Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороо

Categories
мэдээ спорт цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Хоккей бол эр зоригийн спорт || DNN.mn

Монгол Улсын хоккейн шигшээ багийн туслах дасгалжуулагч, “Отгон Од” клубийн Бласт багийн тамирчин, спортын мастер Н.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголд хоккейн спорт нь хэзээнээс хөгжсөн бэ?

Анх 1960 оны эхээр Дархан-Уул аймгийн Шарын гол сум болон Эрдэнэтийн бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан Орос инженер ажилчид хоккей тоглож улмаар манай улсад хөгжих суурь тавигдсан. Харин Монгол Улсын хоккейн холбоо нь 1997 онд байгуулагдаж олон улсын хоккейн холбоонд (IIHF) 1999 онд нэгдэж байсан. Тэр цагаас эхлээд тэмцээний бүтцийг өөрчилж лигийн зарчимд шилжүүлсэн. Ер нь манай лигт тогтмол 6-7 баг оролцож байна.

Харин 1997 онд спортын мастер Ч.Пүрэвдаваа багш маань үе тэнгийн 24 хүүхэд сонгон дасгалжуулж “Отгон од” клубийг байгуулж байлаа. Тэр мөчөөс эхлэн энэ спортод дурлаж миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон доо.

-Энэ спортоор хичээллэхэд талбай хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Хоккейн спорт гэдэг улирлын чанартай. Гэхдээ орчин үед хиймэл мөсөн талбайтай болсноор хоккейн спорт хөгжих боломж нэмэгдэж зориулалтын зааланд тоглох боломжтой болоод байна. “Мөсөн ордон” буюу “Steppe Arena” ашиглалтад орохоос өмнө гадаа талбайд буюу -20 хэмийн хүйтэнд тэмцээн зохиогддог байсан. Үүнийгээ дагаад маш их хүндрэл гарна. Жишээлбэл, Үзэгчид даарах мөн цохиур мод хөлдсөнөөс болоод амархан хугарах, хувцас хэрэглэл хөлсөнд нороод хөлдөх гэх мэт олон саад бэрхшээл тулгардаг юм. Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд хэд хэдэн гадаа талбай бий. “Мөсөн ордон”-ы хувьд хувийн хэвшлийн байгууллага учраас өртөг өндөртэй. Тиймээс тэмцээн зохион байгуулж, бэлтгэл сургуулилалт хийх боломж хомс байдаг.

-Хоккейн спорт биеийн хүчний тоглолт шаарддаг. Зарим үед хоорондоо муудалцах ч үе бий. Энэ талаар тайлбар хийвэл?

-Спорт л болсон хойно мэдээж өөрийн гэсэн дүрэм журамтай. Талбай дээр өрнөж байгаа ширүүн тэмцэл нь дүрмээр зохицуулагдаж байгаа нь энэхүү спортын нэг хэсэг. Нэг талаас ширүүн тэмцэл нь энэ спортын чимэг төдийгүй үзэгчдийг татах гол түлхэц болдог. Харин нөгөө талаас тамирчид бэртэл авах магадлал бас бий. Гэхдээ тамирчдын хувцас тоноглол нь хамгаалалт сайн учраас бага бэртдэг. Мөн NHL болон KHL гэх дэлхийн том лигүүдэд тамирчид хоорондоо нэгийн эсрэг нэг буюу зодолдох эсвэл тулалдаж болно. Аль нэг тамирчин бууж өгөх эсвэл газар унасан тохиолдолд шүүгч салгаж хоёр тамирчинд торгууль өгдөг.

Дэлхийн хоккейн холбооноос (IIHF) энэ спортыг хөгжүүлж олон хүн татахын тулд Ази тивийн орнууд болон хоккей сайн хөгжөөгүй улс орнуудад бүрэн контакт буюу тамирчид хоорондын ширүүн тэмцлийг хориглодог.

-Манай улсад шүүгч, дасгалжуулагч, боловсон хүчин хэр их байдаг вэ?

-Одоогоор сургалтад сууж батламжтай болсон албан ёсны шүүгч байхгүй. Мэргэжлийн дасгалжуулагч нэг, хоёр л байгаа байх. Зөвхөн спорт гэлтгүй бусад салбарт боловсон хүчин байхгүй бол хөгжил байхгүй гэсэн үг. Гадаадад тамирчдын хамгийн гол хэрэгсэл болох тэшүүрийг ирлэдэг хүн хүртэл сургалтад сууж мэргэжил эзэмшдэг.

Манай улсын дотоодын лигийн тоглолтуудыг ОХУ-ын шүүгч ирж шүүдэг. Дасгалжуулагчдын хувьд ихэнх нь зодог тайлсан тамирчид байдаг. Ер нь манай улсын хувьд хоккейн хөгжил дэлхийгээс хол хоцорч байгаа. Халуун оронд ч хоккейг хөгжүүлэхийн тулд маш их анхаарч хөрөнгө хаяж эхэлж байна. Боловсон хүчин бэлдэхийн тулд олон улсын чанартай сургалтад хамруулах, тамирчдаа ур чадвар дээшлүүлэх сургалтад явуулах, ур чадвар өндөртэй гадаадын тамирчдыг өөрийн орны нэр дор тоглуулах гэх мэт маш их ач холбогдол өгч байгаа. Хоккейн спортыг хөгжүүлэхийн тулд төсөв хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх мөн клуб болон тамирчид хоккейн холбоотой нягт холбоотой хамтран ажиллах нь чухал юм билээ. Саяхан Киргизстанд болж өнгөрсөн дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцох байсан боловч оролцлож чадаагүй. Учир нь дэлхийн хоккейн холбооны шинэчилсэн дүрмээр дэлхийн аваргын урьдчилсан шатанд оролцох багууд олон улсын стандарт хангасан дор хаяж л 500 хүний суудалтай мөсөн талбайтай байхыг шаарддаг байсан.

-Хоккейн спортоор хичээллэхийн давуу тал юу вэ?

-Хоккейн спорт өөрөө тэсвэр тэвчээр, хурд хүчний спорт. Талбай дээр өрнөж буй ширүүн өрсөлдөөнийг 3 үе тэсэж гарна гэдэг бол маш их тэвчээр шаардана. Иймээс хоккейн спортоор хичээллэснээр хувь хүн өөртөө тэсвэр тэвчээр, хурд хүч мөн багаар ажиллах чадвар, хувь хүний төлөвшил зэрэг давуу талыг олж авдаг. Тэшүүрээр гулгах, цохиур модоор жижиг шайбыг дамжуулах нь хүнээс багагүй мэдрэмж шаардана. Тиймээс мэдрэмжийг ч бас сайн хөгжүүлдэг.

-Монгол Улсын үндэсний шигшээ баг олон улсын тавцанд гаргасан амжилтаас дурдвал?

-Манай шигшээ багийн хувьд Ази тивдээ амжилт болон түвшний хувьд дээгүүрт бичигддэг. Жишээлбэл, Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалийг эх орондоо авч ирээд байна. Мөн бөмбөгтэй хоккейн 2-р зэрэглэлийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Манай тамирчдын хувьд энэ амжилтыг ахиулах боломж бололцоо бүрэн бий. Монгол залуусын бие бялдар, оюун санаа, авхаалж самбаа нь хоккейн спортод маш их тохиромжтой.

Ер нь хоккей гэлтгүй бусад спортын төрөлд манай залуучууд амжилт гаргах боломжтой гэж боддог. Үнэхээр авьяастай спортын үр, навч болсон залуус бидний дунд их бий. Харамсалтай тэр үр тариаг тордож арчилж ургуулах таатай хүлэмж нь хараахан бий болоогүй байна.

-Тамирчин байх болон дасгалжуулагч байх хугацаандаа урам хугарах аль эсвэл гутарч байсан уу?

-Мэдээж байгаа. Бөмбөгтэй хоккейн талбай нь хөлбөмбөгийн талбайтай ижилхэн хэмжээтэй байдаг. Манай оронд тийм том хэмжээний мөсөн талбай байхгүй. Иймээс манай шигшээ багийнхан 2017 онд бөмбөгтэй хоккейн ДАШТ-д бэлдэхийн тулд бид ОХУ-ын Эрхүү хот руу бэлтгэл хийхээр явж байсан. Бид хангалттай төсөв байгаагүй тул хувийн автомашинтай хил давж байлаа.

Биднийг хил давах үед Оросын цагдаа нар шалгаж байсан. Тэгээд “Монголын үндэсний шигшээ багийн тамирчид байна. ДАШТ-д оролцохоор явж байна” гэхэд итгээгүй. Тэгээд тоглолтын хэрэгсэл өмсгөл зэргээ үзүүлж байж явсан даа(инээв). Эрхүүд 10 хоногийн бэлтгэл хийж дуусаад Москва хотыг зорьж тэндээс онгоцоор нисэж Швед улс руу явж тэмцээндээ оролцон хүрэл медаль хүртэж байсан юм. Тухайн үед адал явдалтай сайхан аялал байсан боловч одоо бодоход жаахан өрөвдөлтэй санагддаг.

Мөн дашрамд манай спортыг хайрладаг дэмждэг үзэгч, болон тамирчид арын албаны хамт олон, дэмжигч байгууллагуудад чин сэтгэлээсээ баярлалаа.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ нийгэм спорт

Ш.Энхийн-Одын нэр дэлхийн шигшээ багт албан ёсоор оржээ || DNN.mn

МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой билээ. Мэдээж түүнийг Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч ч гэж хэлж болно.

Тэгвэл Шаравжамцын Энхийн-Одын нэр дэлхийн шигшээ багт албан ёсоор оржээ. Ш.Энхийн-Одын хувьд Америкийн нэгдүгээр дивизионд харьяалагддаг Дэйтон их сургуульд суралцдаг билээ

Categories
мэдээ спорт

Б.Ялалт Ерөнхийлөгчид хүсэлт гаргалаа || DNN.mn

2021-2022 оны “Монголын сагсан бөмбөгийн Дээд Лиг”-ийн тэмцээнтэй холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигийн комиссар Б.Ялалт мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн салбар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хоёр, гурван холбоотой буюу хуваагдалтай байснаас болоод олон улсын тэмцээнд оролцож чаддаггүй байсан. Холбоод энэ жил эвлэлдэн нэгдэж, нэг хараатайгаар олон улсын тэмцээнд эрхээ сэргээлгэх гэж байгаа. Тамирчид нэг талдаа цуглаж нэг тэмцээнд өрсөлдөж байгаа явдалд хөгжөөн дэмжигчид болон зохион байгуулагчид, тоглогчид гээд сагсан бөмбөгтэй холбоотой бүх хүн сэтгэл өндөр байна. Монголд анх удаа дээд түвшний 13 баг өрсөлдөж буй нь сагсан бөмбөгийн хөгжил, сонирхогчдын хүрээ, мэргэжлийн түвшинд тоглодог тоглогчид их болсныг батлан харуулж байна.

13 баг нэгдсэн Дээд лигийн тэмцээн маш амжилттай явж байгаа боловч их эмзэгхэн байна. Хэрэв нэг л буруу гишгэвэл задраад 10 жилийн өмнөх үе рүүгээ буцах нөхцөл байдал ойрхон байгаа тул зохион байгуулагчдын зүгээс хүлээцтэй хандаж, шүүгчдийн зөвлөлтэй зөвлөлдөн ажилласан.

Энэ удаагийн эв нэгдэл Дээд Лигийн тэмцээнээр битгий дуусаасай гээд энэхүү мэдэгдлийг өгч, миний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байна.

Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоодын энэ их хариуцлагатай үед Ерөнхийлөгчийн зохион байгуулалт, шаардлагыг сагсан бөмбөгт хувьдаа хүсэж байна.Монголын сагсан бөмбөгийн холбоодын удирдлагыг хүлээн авч уулзан, тоглолтын эрх ашийг хамгаалах тал дээр манлайлал үзүүлэхийг хүсэж байна. Эвлэлдсэн нэгдэлтийг төгс болгохын тулд миний бие хувийнхаа зүгээс уг хүсэлтийг гаргаж байгаа юм. Спорт бол улс төрөөс ангид байдаг. Гэхдээ энэ удаа өнгөрсөн 10 гаруй жилийн маргааныг эцэслэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох ёстой хэмээн харж байна.

Хэрэв монголын сагсан бөмбөгт дахин хагарал хуваагдал үүсвэл үзэгчид, тоглогчид буюу монголын сагс хохирно” гэв.

Playoff-н тоглолтуудыг Польш улсаас гурван шүүгч ирж шүүж байгаа нь энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог аж. Одоогийн байдлаар Дээд Лигийн тэмцээний хагас шигшээ багийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна.

Дээд Лигийн тэмцээний онцлогоос харвал,

  • Шүүгчид анх удаа зохион байгуулалтаас хараат бус явсан. Өөрөөр хэлбэл шүүгчид өөрсдийгөө томилж хариуцлага тооцдог болсон. Улирал эхэлснээс хойш нэг шүүгчид сануулга өгч, тоглолт шүүх эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авсан.
  • Сагсан бөмбөгийн өндөр мэдлэгтэй, хуульч мэргэжилтэй хүмүүсийг мэргэжлийн зөвлөлөөр бүрдүүлж, зөвлөмж өгөх байдлаар ажилласан.

Лигийн тэмцээний финалын шатны тоглолтууд удахгүй эхэлнэ. Энэ удаагийн тэмцээний шагналын сангийн тухайд,

  • 1-р байр 100 сая төгрөг
  • 2-р байр 20 сая төгрөг
  • 3-р байр 10 сая төгрөг байх юм.
Categories
мэдээ спорт

Нэгдсэн дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо || DNN.mn

Нэгдсэн дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн комиссар Б.Ялалт лигийн тэмцээн өндөрлөх дөхсөн холбоотойгоор зохион байгуулалт, шагналын сан, улирлын шагналтнуудаа өнөөдөр/2022.03.09/ зарлалаа.


Комиссар Б.Ялалт:

-Лигийн хагас шигшээ тоглолтууд болж байна. Хоёр холбооны багууд нэг талд цуглан өрсөлдөж байгаад хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна. Монголд анх удаагаа дээд түвшинд 13 баг оролцож байна. Хоёр тусдаа байсан тэмцээн нэгдсэн учир цоо шинээр эхлэх сорилттой тулгарсан. Дөрвөн салбар хороотой болсон. Удахгүй финал эхэлнэ. Дээд лигийн нийт шагналын сан 130 сая төгрөг. Аварга баг 100 сая төгрөг авах бол хоёрдугаар байрт орох баг 20 сая, гуравдугаар байрт орох баг 10 саяыг тус тус хүртэнэ. Аваргын цуврал долоон тоглолтоор шийдэгдэх бол хүрэл медаль нэг тоглолтоор шийдэгдэнэ. Тэргүүн тоглогчийг улирал болон плей-оффын тоглолтоор нь тодруулсан бол финалын тэргүүн тоглогчийг цор ганц финалын цувралын тоглолтоос тодруулна. Үндсэндээ зургаан шагналын эздийг тодруулна. Дөрвийг нь одоо танилцуулъя. Аварга авсан багийн дасгалжуулагч лигийн шилдэг дасгалжуулагчийн эзнээр тодорно.

  • Тэргүүн тоглогч: Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
  • Шилдэг хамгаалан тоглогч: О.Энхбаатар /Архангай Алтан Дорнодын Дайчид/
  • Шилдэг шинэ тоглогч: Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий Металл/
  • Шилдэг зургаа дахь тоглогч: Б.Мөнхболд /Алдар Танан Гарьд/

Шагналын эздийг цэвэр статистик үзүүлэлтийг үндэслэн тодруулсан.

Буцаад холбоод тусдаа тэмцээнээ зохион байгуулах аюул ойрхон байгаа. Энэ жил шигшээ багийг Азийн наадам, Азийн цомын тэмцээний урьдчилсан шат хүлээж байгаа. Өмнө нь бид зөвхөн Азийн наадамд оролцож байлаа. Энэ жил энэ эрх сэргэсэн учир шигшээ багаа шинээр бүрэлдүүлэх шахуу хуваарь хүлээж байна. Лигийн тэмцээн дуусаад эв нэгдэл дуусах болгоомж байгаа учир монгол түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хүсэлт гаргамаар байна. Бөхийн холбоонд эвлэрлийг авчирсан шиг сагсан бөмбөгийн холбоонд эвлэрэл авчраасай гэж хүсмээр байна. Мэдээж спорт улс төрөөс ангид байх ёстой ч 10 гаруй жил үргэлжилсэн энэ маргаанд Ерөнхийлөгч оролцох ёстой гэж би харж байна. Энэ хагарлаас болж үзэгчид, сагсчид, монголын сагс хохирно.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нэг шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн гэсэн. Шалтгаан нь юу байсан бэ?

-Ур чадварын асуудал байсан. Монголд анх удаагаа лигийн тэмцээнээс шүүгч түдгэлзэж байна. Улирлын тоглолтод алдаа гаргасан хэд хэдэн шүүгчийг плей-оффд ажиллуулаагүй.

-Тасалбарын үнэ нэмэгдэх үү?

-Сагсан бөмбөгийн тамирчдын хүч хөдөлмөр үнэтэй байх ёстой. Сая бид баяраар үнээ буулгасан. Гэхдээ финалын тоглолт үнэтэй байх ёстой гэж бодож байна. Тоглолтууд бүгд Спортын төв ордонд болно.

-Гомдол гаргасан, мөнгө нэхэмжилсэн багуудын талаар?

-Бүх шүүгчид шударгаар ажилладаг гэдэгт би итгэдэг. Мэдээж сагсан бөмбөгийн моментын спорт. Тиймээс алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдааг бага байлгахыг хүссэн.Шүүгчдийн зөвлөл шүүгчдээ хариуцлага тооцсон. Зориудаар багуудыг хохироосон асуудал байхгүй. Шүүгчдийн зөвлөлийг би магтмаар байна. Мөн Польш шүүгчид ирээд нэг шат ахиж байна.

-Ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчдад хариуцлага тооцсон уу?

-Эв нэгдэл эмзэг байгаа учир аль нэг багийг дурдмааргүй байна. Гэхдээ талбай дээр ёс бус үйлдэл гаргасан тамирчдыг тоглолтоор торгосон. Г.Баттөрийг 500 мянгаар торгож, нэг тоглолт өнжүүлсэн. Т.Санчирыг багийнхаа андтайгаа зүй бусаар харьцсан үйлдлийг 500 мянгаар торгосон. Эрдэнэтийн Уурхайчид багийг сошиал дээр лигийн нэр хүндэд халдсан гээд мөнгөн торгуулиар торгосон.

Categories
мэдээ спорт

Монголын пара цаначид 18, 19 дүгээр байрт шалгарлаа || DNN.mn

“Бээжин 2022” Өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын ойрын зайн уралдаан /2022.03.09/ явагдаж тэших техникээр 25 тамирчин 1,2 км зайд уралдлаа.

Энэ зайд бүх тамирчид замаа дуусгаж барианд орлоо. Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-аар гараанаас гарч уралдааны замаа 03 минут 05.39 секундын хугацаанд туулсан амжилтаараа 18 дугаар байрт, Цэгмидийн Дашдорж 11-ээр гараанд гарч 03 минут 07.32 секундын амжилтаар 19 дүгээр байранд шалгарлаа.

Энэ зайд уралдсан тамирчдаас эхний 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгараад байна. Хагас шигшээ шатны уралдаан орон нутгийн цагаар 12:30 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын паралимпийн тамирчид өнөөдөр уралдана || DNN.mn

Өвлийн арвангуравдугаар Паралимпын наадам Хятадын Бээжин хотод үргэлжилж байна. Наадмын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр болох ба тамирчин уралдана.

Манай улсаас Ц.Дашдорж 10:45 цагт, Б.Ганболд 10:46 цагт тус тус гараанаас гарна. Тамирчид 1.2 км зайг богино хугацаанд туулахын тулд өрсөлдөх болно.

Б.Ганболд гүйлтийн цанын 20 км зайн уралдаанд 12-р байр эзэлсэн бол Ц.Дашдорж тус төрөлд өрсөлдсөн ч уралдаанаа дуусгаж чадаагүй.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид паралимпод гүйлт, уулын цанын төрлөөр өрсөлдөнө || DNN.mn

Өвлийн XIII паралимпийн наадам өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлнэ. Гуравдугаар сарын 4-нөөс 13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Азербайжан, Израиль, Пуэрто-Рико улс өвлийн паралимпод анх удаа оролцох бол Лихтенштейн, Эстони, Латви улс хэд хэдэн наадмыг өнжсөний эцэст эргэн ирэхээр болжээ.

Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөх юм. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпийн наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байна. Харин Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо уралдах бөгөөд Монголын багийн тугчаар сонгогдоод байна.

Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана. Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.

Categories
мэдээ спорт

С.Цэрэнчимэд UWW-гийн хоёрдугаар сарын шилдгээр тодров || DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн нэгдүгээр сараас сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг болсон билээ.

Анхных буюу 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний Гранпригийн 53 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байв. Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн долоо хоногт Стамбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарчээ.

Тэрбээр Стамбулд дөрөв барилдахдаа олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн (Болгар), олимпын хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), Марва Амри (Тунис) нарыг цэвэр ялсан юм.

Чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар Яшар Догугийн ОУТ-ий 70 кг-д аваргалсан Амирмохаммад Яздани (Иран), сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар (Турк) нар тодров.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Бээжин-2022” өвлийн паралимп эхэллээ || DNN.mn

“Бээжин-2022” өвлийн паралимпийн наадам албан ёсоор эхэллээ. Гуравдугаар сарын 4-13-ны хооронд 10 өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн наадамд 49 орны 650 гаруй тамирчин спортын үндсэн зургаан төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн Б.Ганболд, Ц.Дашдорж нар гүйлтийн цанын төрлөөр, Б.Цэрэнпунцаг уулын цанын төрлөөр өрсөлдөнө. Б.Цэрэнпунцагийн хувьд паралимпын наадамд уулын цанаар өрсөлдөх анхны монгол тамирчин болоод байна. Харин Б.Ганболдын хувьд гурав дахь паралимпдоо уралдах бөгөөд Монголын багийн тугчаар сонгогдсон.

Гүйлтийн цанын хоёр тамирчин гуравдугаар сарын 7-нд 20 км, гуравдугаар сарын 9-нд спринт зайд, гуравдугаар сарын 12-нд 12.5 км зайд тус тус уралдана. Харин Б.Цэрэнпунцаг гуравдугаар сарын 8-нд уулын цанын слаломын төрөлд өрсөлдөх болно.