Categories
мэдээ спорт

UFC: Д.Батгэрэл өнөөдөр тулалдана DNN.mn


Холимог тулааны хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо бол UFC. Тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог тус холбоонд өрсөлдөхийг тулаанч бүхэн мөрөөддөг. Тэр хэрээр өндөр босготой, шалгуур өндөртэй.

Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч бол Данаагийн Батгэрэл.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат тэрбээр өнөөдөр тулалдана. “Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн өрсөлдөгч нь АНУ-ы тамирчин Крис Гутиеррес.

Д.Батгэрэл мэргэжлийн дэвжээнд 12 ялж, хоёр ялагдсан. UFC-ийн дэвжээнд гурав ялж, нэг дийлдсэн. Америк эр UFC-ийн дэвжээнд тав явж, хоёр ялагджээ.

Categories
мэдээ спорт

Монголын дугуйчид Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ || DNN.mn

Дугуйн спортын Азийн АШТ Тажикистан улсад үргэлжилж байна. 40 дэх удаагийн тус тэмцээнд 17 орны тамирчид хурд сорьж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр болсон эрэгтэйчүүдийн багийн цуваа гараатай, 24 км-ийн уралдаанд Монголын баг 27 минут, 54v секундийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ.

Манай багийн бүрэлдэхүүнд С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар багтсан юм.

Categories
мэдээ спорт

Биеийн тамирын багш нарын шилдэг илтгэлүүд тодров || DNN.mn

Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академи, Биеийн тамирын багш нарын холбоотой хамтран “Сурагчдын бие бялдрын хүмүүжил ба Олимпын боловсрол” сэдэвт илтгэлийн уралдааныг биеийн тамирын багш нарын дунд зохион байгуулав.

Уралдааны бүтээлийг гуравдугаар сарын 1-нээс хойш авсан бөгөөд нийт 27 хүн материалаа ирүүлсэн байна. Шилдэг бүтээлийн эздийг өнөөдөр шалгаруулж, шагналыг нь гардуулан өглөө.

Уралдааны дүн

  1. С.Ганчимэг /Эрдмийн ундраа цогцолбор сургууль/ – “Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон өнөөгийн нөхцөл байдал ба багш, сурагчдын идэвхтэй дасгал хөдөлгөөн” илтгэл
  2. Д.Анхзаяа, Д.Сумъяа /Эрдмийн хөтөч цогцолбор сургууль/ – “ЕБС-ийн биеийн тамирын багшийн ажлын онцлог, ачаалал, үнэлэмжийг илрүүлэх нь” илтгэл
  3. Ц.Алтанцэцэг, С.Мөнхдэлгэр, Ц.Алтан-Өлзий /29-р сургууль/ – “Сонсголын бэрхшээлтэй суралцагчдын бие бялдрын хөгжлийн ялгаатай байдал, онцлог” илтгэл.

20-р сургуулийн багш Б.Цагаанцэцэгийн “Ковид-19 цар тахал ба хүүхдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний чадварт нөлөөлж буй хүчин зүйлс” илтгэл тусгай байрт шалгарав.

Categories
мэдээ спорт

Монголын жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагналаа || DNN.mn

МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор спорт, олимпизмын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнадаг. Харин энэ удаа нэр хүндтэй шагналаа хувь хүн бус, байгууллагад хүртээлээ.

Гаргасан амжилтаараа монгол түмнээ баярлуулж, олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлж буй Монголын жүдо бөхийн холбоог “Алтан од” одонгоор шагнасан юм. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өглөө.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Монголын жүдочид олон сайхан амжилтаар монголчуудаа баярлуулж ирсэн. Олимпын наадмаас хамгийн олон медалийг Монголын жүдочид авчраад байна. Ийм мундаг амжилттай хамт олныг МҮОХ-ны хамгийн дээд шагналаар шагнаж байгаадаа баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Монголын тамирчид олимпын наадмаас нийт 30 медаль хүртсэний 11-ийг нь жүдочид аваад байна. “Токио-2020” олимпоос Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ спорт

Такаясү 10 даваатай башёг тэргүүлж байна || DNN.mn

Такаясү өрсөлдөгчөө давснаар ганцаараа 8 даваатай башёг тэргүүлж байна

Осака хотноо болж байгаа сумо бөхийн Хаврын тэмцээний 10 дахь өдрийн барилдаанд нэг ч унаагүй энэ башёг тэргүүлж явсан Такаясү /М-7/, Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэнтэй учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж 10 даваатай болов.

Харү башёгийн 10 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил 4-5 /М-2/-той Ичиножёо 5-4 А.Ичинноров /М-2/ учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай болсон бол Тамаваши 4 даваа, 6 унаатай боллоо.

Харин энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Оношо /М-4/-той хүчээ сорьж түүнийг сүкүинаге мэхээр давснаар 7 даваа, 3 унаатай болоод байна.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Мёогирюү /М-11/-тэй барилдаж түүнийг хатакикоми мэхээр давснаар 4 даваа, 6 унаатай боллоо.

Озэки Митакэүми энэ өдөр Хокүтофүжи /М-6/-тэй учраа тааран түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Хокүтофүжи даваа, унаа адил 5 болоод байна.

Озэки Такакейшо энэ өдөр Такарафүжи /М-5/-той хүч үзэн түүнийг катасүкаши мэхээр хасснаар 7 даваа, 3 унаатай болов.

Энэ өдөр Озэки Шодайтай, Эндо /М-4/ хүчээ сорьж, түүнийг ошидаши мэхээр давснаар даваа, унаа адил 5 боллоо.

Categories
мэдээ спорт

СПОРТ: Алдартнуудын хэлсэн онч мэргэн үгс || DNN.mn

Спорт бол хүний тэсвэр тэвчээр, оюун ухааныг шалгах томоохон сорилт юм. Энэхүү хүнд сорилтуудыг даван спортын өндөрлөгт хүрсэн эрхмүүдийн хэлсэн онч мэргэн үгсийн та бүгдэд хүргэе.


1.Лионел Месси: Аз жаргалтайгаар инээмсэглэсэн хүүхдийг харах шиг сэтгэл ханамжтай зүйл байхгүй. Би гарын үсгээ зурсан ч гэсэн чадах бүхнээрээ тусладаг. Хүүхдийн инээмсэглэл дэлхийн бүх зүйлсээс илүү.

2. Кристиано Роналдо: Шаргуу хөдөлмөрлөхгүйгээр авьяас бол юу ч биш.

3. Дэвид Бекхэм: Надад хоббидоо зарцуулах цаг гэж байдаггүй. Учир нь хоббигоо ажлаа болгосон

4.Коби Брайнт: Сөрөг хүмүүс, дарамт шахалт, хүнд сорилтууд бүгд миний өсөх боломж юм.

5. Майкл Жордан: Би амьдралдаа дахин дахин бүтэлгүйтсэн, тийм ч учраас би амжилтанд хүрсэн

6. Мухаммед Али: Би бэлтгэлийн минут бүрийг үзэн яддаг байсан ч өөртөө “Битгий орхи” гэж хэлсэн. Одоо үлдсэн амьдралдаа аварга болж амьдарна

7.Чарльз Бакстон: Шатартай адил урьдчилан бодож сэтгэх нь амьдралд дээр хождог.

8. Бернхард Хорвиц: Нэг муу нүүдэл таны бүх зүйлсийг үгүй хийж чадна.

9. Ирвинг Чернев: Шатрын мастер бүр анхлан суралцагч байсан.

10.Брюс Женнер: Миний хамгийн том хөрөнгө бол миний бие махбодийн чадвар биш, оюун ухааны чадвар гэдгийг би үргэлж мэддэг байсан.

11.Миа Хамм: Чиний тамирчин болсон олон цагийн бэлтгэл, дасгалжуулагчдын ард энэ спортод дурласан, хэзээ ч эргэж хардаггүй бяцхан охин байдаг. Түүний төлөө тоглоорой.

12. Усайн Болт: Уралдааны эхлэлийг бүү бод, төгсгөлийг нь бод.

13.Конор Макгрегор: Шилдэг байх нь ур чадвар биш юм. Шилдэг байдал бол хандлага юм.

14.Рафаэль Надаль: Хэрэв чи хожигдохгүй бол ялалтын таашаал авч чадахгүй.

15. Леброн Жэймс: Үүрд амьдрах юм шиг мөрөөдөж, өнөөдөр үхэх юм шиг амьдар!



Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

Такаясү өрсөлдөгчөө давснаар ганцаараа 8 даваатай башёг тэргүүлж байна || DNN.mn

Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 8 дахь өдрийн барилдаанд ганц унаатай яваа шинэхэн Озэки Митакэүми, Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэнтэй учраа тааран хүч үзэж түүнийг ошитаоши мэхээр хаяж 7 даваатай болов.

Харин Хошёорюү 4 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ башёд 5 даваа, 2 унаатай яваа Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ өнөөдөр Озэки Шодайтай хүчээ сорьж, түүнд ёрикири мэхээр ойчсоноор 3 унаатай болоод байна.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/ энэ өдөр Мэйсей /М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг цүкитаоши мэхээр давснаар 4 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. Озэки Такакейшо энэ өдөр Оношо /М-3/-той хүч үзэн түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 6 даваа, 2 унаатай болов.

Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ өдөр Комүсүби Таканошотой хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 5 даваа, 3 унаатай болоод байна. Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Аойяама /М-10/-тай барилдаж түүнийг окүридаши мэхээр давснаар3 даваа, 5 унаатай боллоо.

Энэ башёд нэг ч унаагүй башёг тэргүүлж яваа Такаясү /М-7/, Вакамотохарюү /М-9/-тэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр 50 хувийн амжилт буюу Гачикоши хийж, тэргүүллээ хадгаллаа.

Categories
мэдээ спорт

Кубын боксын алдарт дасгалжуулагч Г.В.Гутиррез Монгол ирлээ || DNN.mn

Куба улсын алдарт дасгалжуулагч Гилберто Виера Гутиррез Монголын боксын холбооны урилгаар Улаанбаатар хотноо өнөөдөр ирлээ.

Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, МБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, Олон улсын боксын холбооны тэмцээн зохион байгуулах албаны гишүүн Г.Бадрах нар хүндтэй зочноо угтан авлаа.

Г.В.Гутиррез сэтгэгдлээ хэлэхдээ: “Би Монголд анх удаа ирж байна. Сэтгэгдэл өндөр байна. Олон найз нөхөдтэй болно гэж итгэж байна. Миний гол зорилго бол Кубын боксын арга барил, школ, туршлагыг Монголын тамирчдад боломжоороо зааж сурган, арга техникээ хуваалцахад оршино. Намайг халуун дотно хүлээж авсан та бүхний итгэлийг алдалгүй, хариуцлагатай ажиллана” хэмээн онцолж байв.

Тэрбээр Кубын боксын спортын хамгийн өндөр амжилт үзүүлсэн 30 гаруй жилийн хугацаанд ажилласан, туршлагатай дасгалжуулагч юм. Түүний шавь нараас дурдвал, олимпын хошой аварга Ариэль Эрнандес, олимпын хошой аварга Родниэл Иглесиа, олимпын аварга Хуан Карлос Лемус, олимпын аварга Баутиста Эрнандес, олимпын аварга Лоренцо Сотомайор нарын шилдгүүдийг дасгалжуулж байсан билээ.

Categories
мэдээ спорт

Боксын УАШТ маргааш эхэлнэ || DNN.mn

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Дашрамд дуулгахад, сонирхогчдын боксын өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-14-нд Йорданы нийслэл Амман хотод болсон бөгөөд Монгол Улсын 11 ширэн бээлийтэн өрсөлдсөн билээ.

Нийт 21 орны 352 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн 52 кг-ын жинд Ц.Манал, залуучуудын эрэгтэйчүүдийн 48 кг-д О.Түвшинзаяа, эмэгтэйчүүдийн 63 кг-д У.Анужин нар хүрэл медаль хүртсэн байна.

Categories
мэдээ спорт

МҮОХ-ны ээлжит чуулган энэ сарын 28-нд болно

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган өнгөрсөн онд хэдэнтэй товлогдсоны эцэст энэ сарын 28-нд товлогдсон билээ.

Энэхүү чуулганаар МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийн сонгууль явагдах юм.

2020 оны ээлжит бус чуулганаар олимпын аварга Н.Түвшинбаяр ерөнхийлөгчөөр сонгогдсон ч хэрэгт холбогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тийнхүү түүний эзгүйд дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг баг тамирчдаа удирдан “Токио-2020” олимпод оролцсон билээ.