Categories
мэдээ спорт

Багийн дүнгээр Японы эмэгтэйчүүд тэргүүллээ DNN.mn

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрийн медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн -53 кг-ын жинд Б.Хулан анх удаагаа тивийн аваргадаа зодоглож, мөнгөн медалийн эзэн болов.

Тэрбээр хэсэгтээ дэлхийн аварга Японы Акари Фүжүнамид оноогоор (10:0) цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Санжай Шиндэг цэвэр дарж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны ахмад бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялсан юм. Харин шигшээ барилдаанд Акаритай дахин таарч оноогоор цэвэр (0:11) ялагдснаар үзүүрлэлээ.

Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөө Узбекистаны Шохида Ахмедоваг оноогоор цэвэр (11:1) ялснаар тивийн аваргын хошой медальтан болж байна.

62 кг-ын жинд Токиогийн олимпод оролцсон Б.Хонгорзул хүрэл медаль хүртсэн. Тэрбээр шөвгийн наймд олимпийн мөнгөн медальт, дэлхийн хоёр, Азийн дөрвөн удаагийн аварга, Кыргызстаны Айсулуу Тыныбековад 3:7-гоор ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Надира Эсенбаеваг 10:0-ээр ялснаар насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа зүүж шагналын тавцанд зогсов.

Тэгвэл 65 кг-ын жинд Ө.Пүрэвсайхан тойргийн сүүлийн барилдаандаа Узбекистаны Ариухан Жумабаеваг 10:0-ээр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн 72 кг-ын жинд Э.Даваанасан хүрэл медаль хүртэж, манай эмэгтэй бөхчүүдийн тав дахь хүрэл, ес дэх медалийг авчирлаа. Түүний хувьд тойргийн сүүлийн барилдаанд Энэтхэгийн Никиг 5:2-оор ялж шагналын тавцанд зогсохоор болсон. Ийнхүү чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өндөрлөж манай тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.

Багийн дүнгээр Японы эмэгтэйчүүд 227 оноотой тэргүүлж, Монгол, Казахстаны багууд удаалжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ө.Батзул Азийн аваргад үзүүрлэв DNN.mn

Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79 кг-ын жинд манай бөхчүүд хүрэл медалийн төлөөх барилдаанд бүгд мултарсан.

Тэгвэл “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул 97 кг-ын жинд Монголын бөхчүүдийн цорын ганц мөнгөн медалийг авчирлаа.

Тэрбээр шигшээ барилдаанд “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн цэргийн спортын наадам болон цэргийн дэлхийн аварга, 2015 оны Азийн аварга, Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж 0:11-ээр ялагдснаар хоёр дахь удаагаа тивдээ үзүүрлэж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

О.Насанбурмаа: Надад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөөс олон медаль авах боломж байсан DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаатай ярилцлаа.


-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Хүүхэд нас маань Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад өнгөрсөн. Зуны амралтаараа хөдөө явж хонь хурга, тугал мал хариулж хөдөөний хүүхдүүдийн адил л өссөн.

-Чөлөөт бөхөөр барилдахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Хамгийн том эгчийг маань О.Мягмарсүрэн гэдэг. Чөлөөт бөхөөр барилддаг тамирчин хүн. Монгол Улсын долоон удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн тоглолтын хүрэл медальтай, олон улсын хэмжээний цолтой. Бөхийн спортод эгч маань анх оруулж байсан.

-Спортод анхны суурь нь ирээдүйн амжилтын эх үндэс нь байдаг шүү дээ. Та анхны чөлөөт бөхийнхөө багшийн тухай яриач?

-Бөхийн спортоор хичээллэхээсээ өмнө 2002 онд хүндийн өргөлтөөр спортын мастер С.Хөхөө багш дээр найман сар хичээллэсэн. Эгчийгээ дагаад 2003 онд “Замчин” спорт клуб, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа багш нарынхаа удирдлага дор чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэлсэн.

-Бэлтгэл сургуулилт хийн, барилдаж эхлэхдээ өөртөө ямар зорилго тавьж байв?

-Анх бэлтгэл хийж эхэлж байхдаа чадахаасаа чадахгүй хүртлээ барилдаж үзье гэж бодож байсан. Мөн дэлхийн медальтан болох, олимпоос медаль авч аварга болж үзэх юмсан гэсэн зорилготой энэхүү спортод орсон доо.

-Бэлтгэлийн тэр хүнд хэцүү, их ачааллыг аваад шантарч байсан уу. Тухайн үед өөрийгөө хэрхэн хурцалж, зоригжуулж байсан бэ?

-Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гээд гурван насанд 14 настайгаасаа эхлэн барилдаад томоохон тэмцээн уралдаануудад оролцож байсан. Анх улсын аваргаас хүрэл медаль хүртээд түүндээ маш их урамшиж байсан. Тэгээд 14 настайдаа насанд хүрэгчдийн Азийн цомд очоод багаараа хүрэл медаль авсан. 15 настайдаа насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж илүү их урамшаад, ер нь тууштай хичээллэе гэх бодол төрсөн. Өөрийгөө их хурцалдаг бас их хөдөлмөрч байсан. Хэцүү зүйл гэвэл бэртэл гэмтэл авах нь л хүнд хэцүү санагддаг ч бууж өгөлгүй бэртлээ эдгээчихээд барилддаг байсан. Одоо эргээд харахад 18 жил чөлөөт бөхөөр барилдсан байна.

-Анх 16 насандаа улсын аварга болсон. Тухайн тэмцээнийхээ талаар хуваалцаач?

-Бөхийн өргөөнд болж байсан улсын аваргад 16 настайдаа түрүүлж Монгол Улсын аварга болж байсан. Тэр тэмцээний үеэр олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан нь хамгийн залуу олон улсын хэмжээний мастер цолтон болоход хүргэсэн.

-Мөн та насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 15, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 19 насандаа хүрэл медаль хүртсэн бахдам амжилтын эзэн. Энэ тухайгаа дурсвал?

-Анх эгчийгээ дагаад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд би -63 кг жинд, эгч маань -59 кг жинд барилдсан. Эгч хүрэл медалийн төлөө барилдан хожигдсон. Хоёулаа хүрлийн төлөөх барилдаан дээр Энэтхэг улсын бөхтэй барилдсан. Эгчийгээ ялагдах үед дотроо их шаралхсан. Тэгээд Азийн аваргын анхны медалиа авч байсан даа. Тухайн үедээ эгчийг минь ялсан улсын тамирчныг ялсандаа маш их баярлаж байсан. 2008 онд Япон улсын нийслэл Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны дэлхийн аваргын хүрэл медалийг 19 насандаа хүртсэн.

-2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болсон. Энэ амжилтад хүрсний дараа танд ямар сэтгэгдэл төрж байв?

-2008, 2011, 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Надад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөөс илүү медаль авах боломж байсан. Мөнгө, хүрэл ч биш аварга болох боломжуудаа өөрийнхөө буруугаас болж алдсан. Дэлхийгээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо гээд их баярлаж байсан. Ер нь спортод олон тэмцээнд анхдагч болон үеийнхээ залуустай мөр зэрэгцэж яваадаа баяртай байдаг.

-Олон улсын тэмцээнд хоёрхон жил зодоглохдоо оролцсон бүх тэмцээнээс медаль авч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганцхан удаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн тамирчин бол таны дотны найз Монгол Улсын гавьяат тамирчин Б.Оюунсүрэн. Харамсалтай нь бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан байдаг. Та найзынхаа тухай яриач?

-Монгол Улсын гавьяат тамирчин Б.Оюунсүрэн найзтайгаа анх 2006 онд танилцан, 2008 оноос хойш найзалж нөхөрлөсөн. Нэг үе нэг жингийнх болохоор хамтдаа маш их бэлтгэл хийдэг байсан. Найзыгаа дөнгөж 22 насандаа бэртэл авсны улмаас спортыг орхиж байхад нь маш их харамссан. Өөртөө маш их итгэлтэй, дайчин миний амьдралын туршид ямар ч үед ойлгож дэмждэг найзтай болсондоо баярлаж явдаг.

-Та найзынхаа эмчилгээнд зориулж хандивын барилдаан зохиож, сайн үйлсийн аяныг хүртэл зохион байгуулж уйгагүй хөөцөлдсөн. Үүний үр шимээр таны найз 2018 онд мэс засал хийлгэж мөрөө эдгээсэн. Та найзыгаа дахин дэвжээн дээр хараад ямар мэдрэмжийг авч байсан бэ?

-Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Дэлхийн аваргаас дахиад хамтдаа медаль авна гэж зорилго тавьсан. Хагалгаа эмчилгээ нь маш сайхан болсон. Үүнд ганцхан миний хөдөлмөр байгаагүй, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ах, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, “Малчин” телевизийн захирал Жагаа ах, Бат ах мөн манай найз Бямбадорж бид хэд нэг баг болж ажилласан. Хандивын аянд минь спортод хайртай олон хүн оролцсон, мөн үндэсний бөхөөр барилддаг залуучууд аянд маань нэгдсэн. Найзыг минь дэмжсэн тэр хүмүүст маш их талархаж явдаг. Олон хүний итгэл сэтгэлээр найзыгаа дэвжээн дээр эргэж ирэн улсын аваргаар түрүүлэхийг нь хараад их баярласан.

-Таны гэр бүлийн хүн аймгийн начин цолтой, үндэсний бөхөөр барилддаг тамирчин хүн. Гэр бүлийн хоёр хүн хоёул тамирчин байх ямар байдаг вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат С.Доёддорж гэдэг. Бид хоёр 2014 онд гэр бүл болсон, өнгөрсөн онд хуримаа хийж Монгол Улсад нэг өрх нэмээд гал голомтоо бадраагаад явж буй залуу хосууд. Хоёул барилддаг хүмүүс болохоор тэмцээн уралдаанд явахдаа биенийхээ бэлтгэл сургуулилт хийхэд маш их нөлөөлдөг, нэгнийгээ бас их дэмждэг. Манай хүн бас намайг ялахад минь цуг баярлаж, ялагдахад алдаан дээр хэлж өгөөд ямар ч үед дэмжиж миний бат бөх ар тал болдогт нь маш их баярладаг.

-2021 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох барилдааны дараа та зодог тайлсан. Олон жилийн амьдарлаа зориулсан энэ спортоосоо зодог тайлахад юу бодогдсон бэ?

-2021 оны есдүгээр сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилгын үеэр алтан медалийн төлөө барилдаж байхдаа мөрөө мулталсан шалтгаанаас болоод зодог тайлсан. Сүүлийн үед жаахан амархан бэртдэг болсон. 2021 он миний хувьд хатуу жил байлаа. Гурван сард бэлтгэлд гарсан байхдаа хоёр шагайндаа хоёуланд нь бэртэл авсан. Олон жил барилдахаар тамирчин хүний бие жаахан сулардаг юм болов уу гэж бодогдсон. Түүнчлэн гэр бүлээ төвхөнүүлье гэж бодоод зодог тайлсан даа.

-Та цаашид юуг хийхээр төлөвлөж байна?

-Цагдаагийн ерөнхий газрын харьяа тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газар ажлаа хийн явж байна. Цаашдаа ажлынхаа хажуугаар бөхийн эрдэмд шамдан суралцаж байгаа дүү нартаа өөрийнхөө мэддэг чаддагаасаа хуваалцан нэг ч гэсэн хүүхдийг амжилтад хүргэхийн төлөө зөвлөх ёстой зүйлээ зөвлөе гэж бодож байгаа. Энэхүү сониныг уншиж буй Монголынхоо ард иргэддээ олон жил намайг дэмжиж урам хайрлаж байсанд баярлаж явдгаа хэлье.

Categories
мэдээ спорт

Ц.Шийрэв: Засгийн газрынхаа ордонд дэвжээ засаад олимп, дэлхийн аваргад оролцох тамирчдаа шалгаруулдаг байсан DNN.mn

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны жүдо бөхийн багш Ц.Шийрэвтэй ярилцлаа.


-Та өөрийнхөө өсөж төрсөн нутаг, хүүхэд насныхаа тухай хуваалцаач?

-Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж, өссөн. Хүүхэд нас маань хөдөөний хүүхдүүдийн адилаар үхэр тугал хариулах, хурдны морь унах зэргээр л өнгөрсөн дөө. Намар хичээл эхлэхэд сургуулийнхаа дотуур байранд суудаг байлаа, 1974 онд Улаанбаатар хотод ирсэн.

-Яагаад спортын хүн болов?

-Хүүхэд байхын л барилдах сонирхолтой, бөхийн тухай хууч, домог их шимтэн сонсдог байсан. Зургадугаар ангид байхад манай суманд Б.Цэдэв гэж багш ирсэн юм. Тэр багш уран зохиолын хичээл орсноос хойш номтой их нөхөрлөсөн. Ж.Дамдин гуайн “Монгол бөх” гэсэн номон дээрх даншигийн аварга, арслангуудын түүх намтрыг уншаад бөх болохыг мөрөөдөж эхэлсэн. 1982 онд хүч нийгэмлэгт хүндийг өргөлтийн шилдэг дасгалжуулагч н.Хөхөө багш дээр очиж спортод хөл тавьсан. Үндэсний бөхөд бол найрамдлын биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч Ш.Нямхүү, Монгол Улсын хүчит арслан М.Мөнгөн нар миний бөх болох хүсэл мөрөөдлийг асааж, суурийг тавьсан.

-Таны залуу тамирчин байх үе болон одоогийн тамирчдын хоооронд ялгаа их байна уу?

-Байлгүй яахав, тухайн үед шигшээ багийн тамирчид байнгын бэлтгэл сургуулилттай цугларалтанд гардаг, улсаас бүх хэрэгцээг хангадаг, олон улсын тэмцээнийг дотооддоо зохион байгуулдаг байсан. Тэр үед чөлөөт бөх манайд номер нэгдүгээрт орох спорт, хоёрдугаарт самбо бөх ордог байлаа. Тэр байтугай засгийн газрынхаа ордонд дэвжээ засаад олимп дэлхийд оролцох тамирчдаа сонгон шалгаруулах барилдаанаа хийдэг байсан. Ер нь улсаас тамирчдаа их л дэмждэг байсан үе.

-“Токио-2020” олимпод манай баг тамирчдын хоол зүйч, сэтгэл зүйч гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байх аа…

-Энэ удаагийн олимпод зөвхөн дасгуулжуулагчаас гадна мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсан нь маш таатай санагдсан. Тамирчдад ч мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад бэлтгэл сургуулилтаа хийхэд илүү амар байсан байх.

-Хүүхдийг хэдэн наснаас нь жүдогоор хичээллүүлбэл тохиромжтой вэ?

-Ес, арван настай үеэс нь жүдогийн бэлтгэлд оруулбал тохиромжтой. Хүн төрөхдөө 306 ястай байдаг, тэр нь бэхэжсээр насанд хүрэхэд 206 болдог. Булчингийн тоо гэхэд 639, зөвхөн гарын булчин гэхэд 72 байдаг. Хүүхэд 12 нас хүрч байж яс нь бүрэн бэхэждэг. Тэгэхээр нас насанд нь тохирсон бэлтгэл дасгал хөдөлгөөнийг хийлгэвэл тохиромжтой.

-Шавь нартаа юуг чухалчилдаг вэ?

-Жүдо их ёс зүйтэй спорт, монгол үндэсний бөх ч адилхан. Жүдод тамирчин хамгийн эхэнд орж ирэн дэвжээндээ ёсолж, багшдаа ёсолж, бэлтгэл дуусах үед ч мөн дэвжээндээ ёсолж гардаг. Шавь нартаа бусдыг хүндлэх, цаг баримтлах, ёс зүйтэй шударга байхыг шаарддаг.

-Дасгалжуулагч хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг зүйл байна уу?

-4-6 настай хүүхдүүдийн дунд зохиодог “Хуйрнан шуугигч” гээд хүүхдийн бөхийн барилдаанд эсрэг байр суурьтай байдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд юу ч мэдэхгүй хөл гараа буруу тулах гэмтээх, доргилт авах зэрэг нь тухайн хүүхдийнхээ ирээдүйн амжилт, өсөлт хөгжилтөд сөрөг нөлөөтэй. Мөн мэхний буруу хэвшил суудаг, засагдахад маш хэцүү. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийг бус цэрэгт явж буй залуусыг бүгдийг нь зодог шуудагтай явуулж үндэсний бөхийн өв уламжлалыг таниулж эр бярыг тэгшрүүлж ирээдүйн эрүүл чийрэг монгол хүн болгож төлөвшүүлэх нь зүйтэй санагддаг.

-Та үндэсний бөхийн аймгийн арслан цолтой шүү дээ…

-1997 онд Баянхонгор аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон. 1990 онд аймагтаа очиж барилдан шөвгийн дөрөвт үлдсэн, түүнээс хойш аймагт барилдаагүй, улсад л барилдсан. Тухайн үедээ аймгийн заан, арслан хоёр ялгаа юу байхав гэж боддог байсан. Шавь нар эхнээсээ аймгийн арслан болж ирсэн тэгэхээр нь аймагтаа очиж барилдаж арслан болсон (инээв).

-Спортоор хичээллэх нь ямар давуу талтай вэ?

-Хамгийн эхэнд цаг баримталж сурна. Өглөө Спортын төв ордон дээр 7:30 цагаас бэлтгэл ороход хотын захын зүүн салаа, баруун салаа, Салхит, зайсан, налайхаас хүртэл тэр жаахан хүүхдүүд хоцролгүй хүрээд ирдэг. Үүнээс харахад хүүхэд спортод сонирхолтой дуртай болж байна. Аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг болно, хүнтэй зөв харилцаж сурна, мэндэлж сурна, хөдөлгөөний эвсэлтэй, тэвчээртэй болох зэрэг олон чадваруудыг эзэмшинэ.

-Өнгөрөгч Токиогийн олимпод таны шавь Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн. Тухайн мөчид таны сэтгэл их хөдөлсөн үү?

-Тэгэлгүй яахав. Ц.Цогтбаатар маань анх 11 настай, 30 гаруй кг жинтэй жаахан хүүхэд ирж байлаа. Өөрөө төрөлхийн авьяастай, уян хатан, мэдрэмжтэй ерөнхийлөгч асан Х.Баттулга хараад их авьяастай хөгжихөөр хүүхэд байна гэж хэлж байсан. Тэгээд улсын аваргаас хүрэл медаль аваад Америкийн Майми хотод болсон өсвөрийн дэлхийн аваргаас Монголын тамирчдын анхны өсвөрийн хүрэл медалийг авсан, тэр тэмцээнд би цуг явсан. Олимпод сайхан барилдсан, олимпоос медаль авна гэдэг тамирчин бүрийн мөрөөдөл шүү дээ.

-Усан бар жилийн Цагаан сарын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд таны шавь аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж монгол бөхийн түүхэнд нэгэн түүхийг бичсэн, энэ талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Э.Мөнхжаргалыг жаахан хүүхэд байхад аав нь надад авч ирж өгч байсан. Аав нь цэргийн начин цолтой бөх хүн, Мөнхжаргал үгнээс гардаггүй, бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг хөдөөний бор хүү ирсэн. Тэгээд өсвөрийн Азийн аваргад түрүүлж, насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль аваад улсын шигшээд орсон, 90 кг-ын жинд түрүүлээд 2020 оны олимпийн цикилд байж байгаад бэртэл авч хэвтрийн дэглэм бариад жин нэмсэн. Одоо +100 кг-ын жинд мөн үндэсний бөхөөрөө барилдаж байна. Цагаан сарын барилдаанд түрүүлэхэд нь багш хүний хувьд шавиараа их бахархаж огшсон.

-Мэргэжлийн сумогийн 73 дахь ёкүзана Тэрүнофүжи Ган-Эрдэнэ мөн таны шавь нарын нэг, сумогийн түүхэнд Озёки цолноос хамгийн доод зиндаа руу унаад эргэж дэвшээд ноён оргилд нь гарсан бахдам амжилтыг үзүүлсэн. Шавийнхаа тухай яриач?

-Ган-Эрдэнэ маань анх 14 настайдаа ирж байлаа. Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбат надтай уулзаад “Удам сайтай хүүхэд байна, алсдаа сумод орох бодолтой юм шиг байна лээ” гэж хэлээд манай бэлтгэлд оруулсан. Их том биетэй тарган хүүхэд ирээд гар дээрээ нэг ч суниаж чаддаггүй байсан. Жилийн дараа гэхэд 100 гаруй суниадаг болсон. Тэгээд хот, дүүргийн аваргад орж хоёр дахь жилдээ кураш бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Өөрөө их мэдрэмжтэй, биеэ их сайхан суллаж барилдана, зоригтой, тайван, толгойгоо сайн ажиллуулж барилддаг хүүхэд. Одоо сумод амжилттай сайхан барилдаж явна аа.

-Дасгалжуулагч хүний хамгийн сайхан нь юу вэ?

-Бэлдсэн шавь нар амжилт үзүүлэн тив дэлхийд нэрээ гаргана гэдэг чинь л хамгийн сайхан. Тэгээд ард түмнээ баясган гэр бүл, найз нөхөд, нутаг орон нь баясаж баярлах нь хамгийн гоё санагддаг. Өөрөө ч тэднээсээ маш их урам авдаг.

-Таны шавь нар бусад спортын төрлөөр ямар амжилт гаргасан бэ?

-Манай шавь нар жүдо бөхийн төрлөөр өсвөр залуучуудын тэмцээнээс Монголын тамирчдын анхны медалуудыг авсан. Жүдо, самбо, сумо, кураш, жиү жцү, чөлөөт бөх, бокс, холимог тулаан зэрэг олимпийн ба олимпийн бус төрлөөр тив дэлхийгээс 200 гаруй медаль хүртсэн. Шавь нар минь ганцхан спорт гэлтгүй бусад салбарт ч эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон амжилттай сайхан явж байна даа.

Categories
мэдээ спорт

Азийн АШТ “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна DNN.mn

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм.

Тэмцээний зохион байгуулалтад НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран оролцож буй. Энэ талаар тус тэмцээний Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Азийн аварга шалгаруулах тэмцээн нь тивийн хэмжээний том арга хэмжээ учир НЗДТГ, Монголын Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо зэрэг байгууллага онцгой ач холбогдол өгч, зохион байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

зураг

Мөн заалны зохион байгуулалт, тохижилтыг Дэлхийн бөхийн холбооноос баталсан стандартын дагуу хийдэг. Уг стандартыг хангахад Нийслэлийн Соёл, урлагийн газар онцгой дэмжлэг үзүүлсэн бөгөөд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс гэрэлтүүлэг, дэвжээ, хөгжим зэрэг бусад техник хангамжийг хариуцан ажилласан. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлээс өндөр ач холбогдол өгч, хамтран ажилласанд баяртай байна” хэмээв.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа.

Тодруулбал, 1993, 2001 онд Монгол Улсад зохион байгуулснаас хойш 21 жилийн дараа болж байна. Дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болох бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гарагаас чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй тамирчдын тоглолт эхлэх юм. Харин дөрөвдүгээр сарын 23-ны бямба гарагаас эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Монгол Улсаас бөхийн сонгомол барилдаан, чөлөөт барилдаан, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанд 10 жин тус бүрд 30 тамирчин оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс чөлөөт бөх сонирхогчдыг “Буянт-Ухаа” спорт цогцолборт хүрэлцэн ирж, монгол бөхчүүдээ дэмжихийг уриалж байлаа.

зураг

зураг

зураг

зураг

Categories
мэдээ спорт

Ширээний теннисний шилдэг оюутан тамирчид шалгарлаа DNN.mn

Монголын Оюутны спортын V наадмын ширээний теннисний тэмцээн 2022 оны дөрөвдүгээр сарын 14-15 нд болж, 21 их, дээд сургуулийн оюутан тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.

Ширээний теннисний “Оч” төв клубт явагдсан тус тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд ҮБТДС-ийн Б.Должинзуу 1 дүгээр байр, МУИС-ийн М.Ундрам 2 дугаар байр, СЭЗИС-ийн Б.Болор-Эрдэнэ 3 дугаар байр эзэллээ. Харин эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар ХУИС-ийн Г.Сэр-Од шалгарсан бол удаах байруудад ШУТИС-ийн М.Тэмүүлэн,ШУТИС-ийн Т.Өсөхбаяр нар шалгарлаа.

Тэмцээний холимог хосын төрлийн аваргаар ҮБТДС-ийн хос Б.Должинзуу, Э.Бат-Эрдэнэ, МУИС-ийн хос Н.Цэрэндорж, М.Ундрам нар 2 дугаар байр, ШУТИС-ийн хос М.Тэмүүлэн, Б.Дуламсүрэн нар 3 дугаар байрт орлоо. Тэмцээнд нийт 21 их, дээд сургуулийн баг тамирчид оролцсоноос байгууллагын дүнгээр тэргүүн байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг, 2 дугаар байрт Н.Батсайхан дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг, 3 дугаар байрт Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарч наадмын алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

Шилдэг тамирчдын шагналыг Монголын Оюутны Спортын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Аварга дээд сургуулийн багш Г.Ундрах, Монголын ширээний теннисний холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, МШТХ-ны шигшээ багийн дасгалжуулагч Кан нар гардуулав.

Categories
мэдээ нийгэм спорт

Монгол, Оросын улсын хилийг шалгах хамтарсан комиссын хэсгийн даргаар Д.Билэгдоржийг томилжээ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
  • УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачлан боловсруулсан Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
  • Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Д.Билэгдоржийг томиллоо.
  • Компакт гэрээний хүрээнд барих Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хангамжийн эх үүсвэрийг 2024 оны зургаадугаар сард бэлэн болгосон байх шаардлагатайг харгалзан нэн тэргүүнд хийгдэх ажлын хэмжээ, хүчин чадал, төсөвт өртгийг тооцож, хэрэгцээт хөрөнгийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгав.

Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар томилогдсон Д.Билэгдорж нь 2017 онд Вьетнам улсад суух Элчин сайдаар ажиллаж байжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

DNN-ЯРИЛЦЛАГА: Спортоор дамжуулж өөрийгөө өөрчилж болдог DNN.mn

Монголын багийн спортын анхны легионер тамирчин, Рагбигийн спортын ОУХМ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Хосбаяртай ярилцлаа.


Хүүхэд насныхаа тухай хуваалцаач?

-1984 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага байхын их том биетэй хүүхэд байлаа. Том биетэй ч их хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд байсан юм. Өсвөр насандаа спортын хажуугаар реп бүжиг бүжиглэчихдэг өөрийгөө муугүй урлагийн мэдрэмжтэй гэж боддог доо. Тэр үед атаман ихтэй дээрэм тонуул, зодоон цохионоос авахуулаад хэцүүхэн нийгэм байлаа ш дээ. Би дунд ангиасаа архи, тамхийг маш ихээр хэрэглэдэг болсон. Одоо бодохдоо спорттой амьдарлаа холбоогүй байсан бол Г.Хосбаяр гэдэг хүн өдийд яаж яваа бол гэдгийг төсөөлөхөөс ч айдаг. 17 настай байхдаа Д.Ганбаатар багшийн удирдлага дор бөхийн дугуйланд хамрагдаж байсан.. Тэр цагаас эхлэн спортоор идэвхтэй хичээллэж эхэлсэн дээ. Бага ангиас багш нар намайг бөх барилдуулдаг байсан. 2000 оны эхээр нохойн зодоон(WWE) гэж бага зэргийн тавилттай холимог тулаан од болж миний сонирхлыг их татсан.

Тэрхүү тулааны спортын мэргэжлийн тамирчин болно гэж мөрөөддөг хүүхэд байсан даа(инээв).

-Рагби гэх энэ спортоор хэзээнээс эхлэн хичээллэх болсон бэ?

-Хотын дарга асан Д.Сумъяабазар аварга 2003 онд Монголд анх миний сонирхдог тулааны спортын холбоо байгуулж байгааг мэдээд олимпийн хорооны 407-н тоотод очиж нэлээн айдастай бүртгүүлж байлаа. Харамсалтай нь анхны бэлтгэлдээ МУГТ Ж.Нарантунгалагтай тулалдаж байгаад бэртэж байв. Тухайн үедээ Ж.Нарантунгалагт их л уур хүрдэг байсан гэхдээ одоо бол бид гэм хоргүй сайхан найзууд. Бэртэл аваад эмнэлэгт хэвтэж байх үед миний багын найз ОУХМ Г.Дашдэндэв маань анх Рагби спортын бөмбөг авч ирж надаа үзүүлэн, танилцуулж байлаа. Тэр цагаас хойш бид хоёр энэ спортоор хичээллэх сонирхолд автан өдөржин бөмбөгөө дамжуулан гүйдэг, багтай болоод олуулаа тоглохыг хүсдэг байсан даа. Харин одоо бол нэг үеээ бодвол олуулаа болжээ. Манай спортыг дэмждэг, хичээллэдэг хүмүүс их болсон байна. Рагбигийн холбоо нь МҮОХ-нд гишүүнээр бүртгэлтэй мөн 2021 оны арванхоёрдугаар сард Олон Улсын Рагбигийн холбооны бүрэн эрхт гишүүн болсон. Хүүхэд насны мөрөөдөлдөө хүрэхийн тулд бага багаар урагшилсаар л байна даа.

-Монгол улсад Рагбигийн хичнээн тэмцээн зохион байгуулагддаг вэ?

-Манай холбооны зүгээс энэ жил олон улсын гурван, дотоодын 6 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ оны гуравдугаар сард хаврын улирлын тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд холбоонд бүртгэлтэй мэргэжлийн клубууд оролцдог. Мөн ЕБС-ийн аварга шалгаруулах тэмцээн, Их дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Олон улсын тэмцээний хувьд гэвэл Зүүн азын гутгаар түвшний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ авч чадсан юм. Одоогийн байдлаар дэлхий дахинд нүүрлээд буй асуудлуудаас хамааран оролцох багууд хараахан гүйцэд тодроогүй байна.

-Холбооны зүгээс энэхүү спортыг сурталчлан хөгжүүлэхийн тулд ямар зарчмаар ажиллаж байгаа вэ?

-Бид ирээдүйн боловсон хүчин, хүний нөөцдөө их анхаарал хандуулан ажиллаж байгаа. Саяхан нийслэлийн ХУД, БЗД, СБД, ЧД-үүдэд ЕБС-ийн сургуульд рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн. Дараагийн хичээлийн шинэ жилээс эхлэн МУБИС-ийн сургалтын хөтөлбөрт рагбигиийн дасгалжуулагчийн анги оруулахаар ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт спортоо сурталчлах тал дээр анхааран ажиллаж Баруунхараа, Дархан гэх газруудаас тэмцээнд идэвхтэй хамрагддаг. Рагбигийн холбоо болон клубууд сайн үйлсийн аянд их хамрагддаг. Жишээлбэл, Модны нүх ухах, хог цэвэрлэх (субботник) асрамжийн газруудад хандив тусламж үзүүлэх гэх мэт ажлуудад их идэвхтэй оролцдог шүү.

-Хүмүүс энэ спортыг бэртэж гэмтэх эрсдэл өндөр гэж боддог. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Рагби нь биеийн хүч их шаарддаг ширүүн тэмцэлтэй спорт. Гэхдээ харагдах байдал болон талбай дээр өрнөж буй үйл явц тэс өөр гэдгийг хэлье. Спорт л болсон хойно бүх зүйл дүрмийн дагуу явагдана. Мөн унах техник, унагаах техник гэх мэт зүйлсийг сурдаг болохоор тэгж их бэртэх явдал гардаггүй.

-Рагбигийн тамирчид болон санхүүгийн хувьд…

-Одоогийн байдлаар монголд рагби тоглоод цалин авна гэдэг ер нь боломжгүй гэж хэлэхэд болно. Рагби нь өөрөө монголд хараахан сайн хөгжиж олонд танигдаагүй спорт учраас санхүү талаас дэмжих спонсор байгууллага олоход маш их хүндрэлтэй. Манай залуучууд бор зүрхээрээ энэ спортоор хичээллэж байгаа.

-Та “Sport for Change” илтгэлийнхээ талаар яриач?

-Миний хувьд нийгэмдээ сайн сайхныг түгээхийг маш их эрмэлздэг. Залуустаа үнэгүй өгч чадах үнэт зүйл маань миний мэдлэг болон урам зориг. Энэхүү илтгэлийн агуулга нь хувь хүн спортоор дамжуулан өөрийгөө хэрхэн өөрчилж болох талаар юм. Спорт гэдэг зүйл нь хүнийг автоматаар хорт зуршлаас салгадаг гэдэгт би итгэдэг. Би өөрөө том жишээ. Би чинь өсвөр насандаа өдөрт бараг хоёр хайрцаг тамхи татдаг, өдөр болгон архи үнэртүүлж явдаг байлаа. Харин спортоор хичээллэснээр өөрийгөө бүрэн өөрчилж чадсан. Ядаж л хүн өөрийнхөө бие галбир, харагдах талаа хүн өөрөө бүтээдэг байх хэрэгтэй шүү дээ.

Тархиндаа мэдлэг өгөхөөс гадна ковидын хөл хорионы үед хүмүүсийн бие бялдарт анхаарахын тулд сошиал хуудсаараа фитнесс дасгалууд хичээл болгон зааж байсан.

-Та албаны болон сайн дурын ажлуудыг хийх хугацаанд шантрах үе байв уу?

-Миний албаны ажил бол тэр чигтээ спорт гэж хэлэхэд буруудахгүй. Ямар нэгэн ажлын боол болоогүй. Сонирхлоо ажил болгоод тэр зүйлээрээ хоолоо олж иднэ гэдэг бол том аз жаргал шүү. Нийгэм рүү чиглэсэн ажлын хувьд илтгэл тавьж байх явцад ч тэр сошиал дээр сэтгэгдэл үлдээж буй хүмүүсийг харахад үнэгүй зүйл гэсэн хандлагаар хандаж буй хүмүүс их анзаарагддаг. Хүний хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа, сэтгэл энэ зүйлсийг мөнгө эд баялагаар хэмжиж болохгүй шүү дээ. Би залуучууддаа ч гэсэн хэлдэг хүний тэр сэтгэл, цаг завыг битгий үнэгүйдүүл. Үнэгүй юм үнэгүй л байдаг гэх хандлагатай хүнд би үнэхээр дургүй.

-Саяхан болж өнгөрсөн залуучуудын жагсаалын талаар таны байр суурь?

-Миний хувьд олон жил буруу удирдсан энэ улс орныг манай залуучууд одоо цэгцлэх цаг нь болсон гэж би бодож байгаа. Манай монголчуудын муухай зан байдаг нь залуу үеэ огт хүлээн зөвшөөрдөггүй. Хөгшин гээд ухаантай бус, Залуу гээд тэнэг гэсэн үг биш шүү дээ. Саяны жагсаалын хувьд залуучуудын дуу хоолой төр засагт хүрч залууд маань өөрсдийн хүчийг мэдэж авлаа. Би ч гэсэн талбай дээр очиж үзэл бодлоо илэрхийлсэн. Тэнд очоод залуучуудаараа үнэхээр бахархсан шүү.

Ц.ОРГИЛМӨНХ

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар 2022” Азийн АШТ-д зодоглох Узбекистаны багийн бүрэлдэхүүн тодорчээ DNN.mn

“Улаанбаатар-2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцох Узбекистаны багийн бүрэлдэхүүн тодорсон байна.

Эрэгтэйчүүд:

57 кг: Гуломжон Абдуллаев: Залуучуудын Азийн хошой аварга (2016, 2018 он)

61 кг: Жахонгирмирза Туробов: Азийн аварга (2021 он), залуучуудын Азийн аварга (2017 он)

65 кг: Аббос Рахманов: Азийн АШТ-ий хүрэл (2018 он), залуучуудын Азийн аварга (2018 он)

70 кг: Бегижон Кулдашев

74 кг: Ихтиор Наврузов: “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө (2015 он), Азийн АШТ-ий 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл

79 кг: Жасурбек Усмонохунов

86 кг: Бобур Исломов: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл (2019 он)

92 кг: Ажиняз Сапарниязов: Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө (2019 он)

97 кг: Мухаммадрасуль Рахимов: Залуучуудын олимпийн хүрэл (2018 он), өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2017 он)

125 кг: Сардорбек Холматов

Эмэгтэйчүүд:

50 кг: Жасмина Иммаева: Азийн АШТ-ий мөнгө (2021 он)

53 кг: Актенге Кунимжаева: Азийн АШТ-ий хошой хүрэл (2019, 2020 он), залуучуудын ДАШТ-ий мөнгө (2018 он)

55 кг: Сарбиназ Жиенбаева

57 кг: Шохида Ахмедова: Залуучуудын олимпийн мөнгө (2018 он), өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

59 кг: Дилфуза Аймбетова

62 кг: Набира Эсенбаева: Азийн АШТ-ий мөнгө (2018 он), хүрэл (2019 он), залуучуудын ДАШТ-ий мөнгө (2018 он)

65 кг: Ариухан Жумабаева: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл (2019 он)

68 кг: Азода Эсбергенова

72 кг: Светлана Окназарова: Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө (2019 он), өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

76 кг: Валентина Торениязова

Categories
мэдээ спорт

О.Насанбурмаа шилдэг довтлогчоор шалгарлаа DNN.mn

Төмөр зам дахь цагдаагийн газраас Монгол Улсын Ерөнхий сайдаас санаачлан хэрэгжүүлж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, бие бялдрын бэлтгэлтийг хангуулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд нөхөрсөг харилцааг сайжруулах зорилгоор байгууллагын “ Сагсан бөмбөгийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд тус газрын 10 багийн 60 тамирчид оролцжээ. Үүнээс онцолбол, шилдэг эмэгтэй довтлогчоор Монгол Улсын гавъяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны дөрвөн медальтан, Ази тивийн аварга, нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа шалгарлаа.