Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ энэ сарын 6-нд эхэлнэ DNN.mn


Туркийн нийслэл Истанбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд болно.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.

Тус тэмцээнээс Монголын боксчид цор ганц медаль хүртсэн нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ.

Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон тус тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв. Монголынбаг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Categories
мэдээ нийгэм спорт

АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн 1A зэрэглэлийн сургалт явагдлаа DNN.mn

АХБХ-ны Фитнесиийн дасгалжуулагчийн 1А зэрэглэлийн сургалтыг МХБХ зохион байгууллаа.

Уг сургалтыг Иран Улсын сургагч багш Абдолхоссейн Парнов удирдаж, таван өдрийн турш онол практик хослуулан заажээ.

Тус сургалтад АХБХ-ны B-гээс дээш зэрэглэлтэй МХБХ-ны Үндэсний дээд лигийн клубүүдийн нийт 13 дасгалжуулагч нар хамрагдаж оролцсон байна.

Мөн АХБХ-ны Фитнессийн дасгалжуулагчийн 1B зэрэглэлийн сургалт жилийн дараа явагдаж, тэнцвэл АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлтэй болох аж.

Categories
мэдээ спорт

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт 25 тоглогчийг дууджээ DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж шигшээ багийн бүрэлдэхүүн болон бусад асуудлаар шийдвэр гаргажээ. Үндэсний шигшээ багт 25 тоглогчийг дуудсан бөгөөд тамирчдыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний баасан гаригт 19:00 цагаас Уран Ган спорт танхимд цуглуулахаар болсон байна.

Үндэсний шигшээ багийн даргаар М.Отгонбаяр ажиллах бол Ерөнхий дасгалжуулагчаар Ч.Ижилболд, туслах дасгалжуулагчаар Ц.Чинзоригт, н.Алтан-Очир нар ажиллана.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  1. Б.Билгүүн /Хасын Хүлэгүүд/
  2. О.Сэргэлэн /Хасын Хүлэгүүд/
  3. Ц.Азбаяр /Хасын Хүлэгүүд/
  4. Г.Насанжаргал /Хасын Хүлэгүүд/
  5. Т.Санчир /Эрдэнэтийн Уурхайчид/
  6. О.Очирбат /Эрдэнэтийн Уурхайчид/
  7. Г.Ган-Эрдэнэ /Эрдэнэтийн Уурхайчид/
  8. Ч.Ихбаяр /Архангай Алтандорнодын Дайчид/
  9. Б.Сүхбат /Тэнүүн Өлзий Металл/
  10. Т.Ууганбаяр /Тэнүүн Өлзий Металл/
  11. Э.Цэрэнбаатар /IHC Apes/
  12. Ц.Сэргэлэнбаатар /IHC Apes/
  13. Ц.Отгонжаргал /Завхан Brothers/
  14. О.Эрдэнэцогт /Алдар Танан Гарьд/
  15. А.Тэмүүжин /Алдар Танан Гарьд/
  16. Б.Болдбаатар /Алдар Танан Гарьд/
  17. А.Энхбаясгалан /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
  18. Д.Дөлгөөнмөрөн /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
  19. Г.Баттөр /Этүгэн Баянгол Ирвэсүүд/
  20. М.Өлзий-Орших /Багануур Тулнууд/
  21. Н.Ганбаатар /Багануур Тулнууд/
  22. Х.Мөнхтөр /Налайх Bison/
  23. Ш.Энхийн-Од /Dayton Flyers/
  24. Н.Батбаяр /Seoul Samsung Thunders/
  25. Д.Баясгалан /Тайванийн лиг/

Монголын шигшээ баг 2025 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтоо зургаадугаар сарын эхээр хийх учиртай. Шигшээ баг Тайланд, Малайз, Вьетнам, Таитигийн шигшээ багуудтай D хэсэгт багтсан.

Categories
мэдээ спорт

Ц.Наранжаргал жилийн дотор спортын гурван өөр төрөлд УАШТ-ээс медаль авлаа DNN.mn


Спортын цөөнгүй төрлөөр давхар хичээллэн, чамлахааргүй амжилт гаргаж яваа тамирчдын нэг нь ОУХМ Ц.Наранжаргал.

Тэрбээр энэ жил холимог тулааны улсын аваргад түрүүлж, дараа нь MFC холбооны тэмцээнд ялж, АНУ-д тулаан хийх эрх өвөртөлсөн.

Дараа нь боксын улсын аваргад анх удаа өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртэн, шуугиулсан. Түүний хичээллэдэг үндсэн төрөл нь жүдо. Ц.Наранжаргал улсын 11 удаагийн аварга, багийн ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын гурван хүрэл медальтай жүдоч. Тэрбээр Дундговь аймагт үргэлжилж буй жүдо бөхийн УАШТ-ээс ээлжит түрүүгээ хүртлээ. Ингэснээр улсын 12 удаагийн аварга жүдоч болов.

Улмаар Ц.Наранжаргал нэг жилийн дотор спортын гурван өөр төрлөөр улсын аваргаас медаль хүртэн, содон, давтахад бэрх амжилтын эзэн боллоо. Одоо түүнд олимп, дэлхийн медаль л дутуу.

Categories
мэдээ спорт

Б.Буджаргал Нью-Йоркт болсон гүйлтийн тэмцээнд түрүүлжээ DNN.mn

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт зургаан өдрийн “Self-transcendence” АНУ-ын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо амжилттай боллоо. Тус тэмцээнд дэлхийн 17 орны 32 гүйгч оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Б.Буджаргал гүйв.

Плашинг Медов хүрээлэнгийн гүйлтийн 1.6 км-ын зам дээр зургаан өдрийн турш тамирчид байгаль. цаг уурын эрс тэс нөхцөлд өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьсон юм. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулж байх бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, мөн амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлөөр хангасан аж.

Тус гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал 1031.6 км гүйж түрүүлсэн бол түүний араас Литвийн Аудас 808.4 км, Италийн тамирчин Андрей Маркато 746 км, Румыны тамирчин Адриан Папик 661.9 км гүйж, тус тус барианд оржээ. Эмэгтэйчүүдээс эхний хоёр байрт Австралийн хоёр тамирчин Суузан Мааршал 711.8 км, Аннабел Хейпворт 686.8 км нар орсон бол гуравдугаарт Тайванийн Цай Вей Яа 619.9 км гүйж барианд оржээ.

Сонирхуулахад, Андрей Маркато 2021 онд дэлхийн хамгийн хол зайн гүйлт буюу 3100 милийн тэмцээнд түрүүлсэн дэлхийн шилдэг тамирчин юм. Харин манай тамирчин Б.Буджаргал хэт холын зайн олон улсын гүйлтийн тэмцээнүүдэд нийтдээ 12 удаа түрүүлжээ.

Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө зургаан өдрийн гүйлтийн тэмцээн 25 дахь жилдээ болов. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж энэ удаагийн тэмцээнд арван өдрийн гүйлтийн төрлийг оруулаагүй бөгөөд оролцогчдын тооны хязгаарыг 40-өөр тогтоосон байна.

Categories
мэдээ спорт

Ё.Басхүү улсын аваргаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймаг Мандалговь хотод өчигдөр эхэлсэн.

Эхний өдөр эрэгтэй 3, эмэгтэй 4 жингийн барилдаанууд болсон бөгөөд -66 кг жинд Парисын их дуулгын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийд чансаагаар гуравт бичигддэг Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хагас шигшээд 2018 оны Дюссельдорф их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаярт ялагдсан бөгөөд Б.Эрхэмбаяр алтан медаль хүртсэн.

Харин бусад жинд түрүүлэх магадлал хамгийн өндөр байсан тамирчид түрүүллээ. Тодруулбал,

Эмэгтэй –48 кг

  • Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/
  • Мөнгө – Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/
  • Хүрэл – Б.Ойдовчимэд /Женко клуб/
  • Хүрэл – Г.Бүрнээбаяр /Боржин клуб/

Эмэгтэй –52 кг

  • Алт – Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/
  • Мөнгө – А.Гал-Од /Алдар спорт хороо/
  • Хүрэл – М.Нандин-Эрдэнэ /Шинэбадрах клуб/
  • Хүрэл – П.Буянхишиг /Женко клуб/

Эмэгтэй –57 кг

  • Алт – М.Ичинхорлоо /Женко клуб/
  • Мөнгө – Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/
  • Хүрэл – Б.Алтанцэцэг /Женко клуб/
  • Хүрэл – Ц.Хулан /Шинэ бадрах клуб/

Эмэгтэй –63 кг

  • Алт – Б.Ганхайч /Алдар спорт хороо/
  • Мөнгө – Б.Баасанжаргал /Хилчин спорт хороо/
  • Хүрэл – Ц.Сүнжидмаа /Женко клуб/
  • Хүрэл – С.Лхагвадулам /Аврагч спорт хороо/

Эрэгтэй –60 кг

  • Алт – Б.Сүхбат /Женко клуб/
  • Мөнгө – Э.Сумъяабазар /Женко клуб/
  • Хүрэл – Э.Ариунболд /Алдар спорт хороо/
  • Хүрэл – Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/

Эрэгтэй –66 кг

  • Алт – Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/
  • Мөнгө – Л.Өнөболд /Женко клуб/
  • Хүрэл – Ё.Басхүү /Хилчин спорт хороо/
  • Хүрэл – Ө.Бямбасүрэн /One team клуб/

Эрэгтэй –73 кг

  • Алт – Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/
  • Мөнгө – Л.Анхзаяа /Женко клуб/
  • Хүрэл – Г.Одбаяр /Женко клуб/
  • Хүрэл – О.Уранбаяр /Хэнтий аймаг/

Монголын жүдо бөхийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Дундговь аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохиож буй тэмцээн дөрөвдүгээр сарын 26, 27-д үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт энтертаймент-ертөнц

Сумогийн башёд нэг ч удаа амарч үзээгүй DNN.mn

“Магнайд гялалзах” буюу Сакигакэ Ягаанбаатарын Баттүшиг мэргэжлийн сумод 19 жил барилдахдаа нэг ч удаа башёд амарч байгаагүй, багшаасаа сурсан гэх тууштай байх, үргэлжлэхийн хүчийг өөрийн биеэр мэдэрсэн эгэл даруухан хэрнээ өөдрөг гэгээн бодол үргэлж тээж явдаг, бас хавь ойрын хүмүүсээ үргэлж инээлгэж явдаг жинхэнэ сумогийн язгуур барилдаантай бөх гэж хэлэгддэг монгол хүчит хөвгүүдийн нэгэн саяхан зодог тайлах ёслолоо хийж, сумо бөхийн ажил үүргээ өндөрлөлөө.

Тэр 1986 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улаанбаатарт төржээ. Аав Д.Ягаанбаатар, ээж Я.Энхтуяа хоёулаа инженер. Тэрбээр дөрвөн хүүгийн хамгийн отгон нь, бие бялдраараа нэлээд том, өсгөлүүн, хүүгээ аав нь бөх болгох сонирхолтой байлаа. 2000 оны эхээр Монголд сумог үзэж, сонирхдог ид халуун үе байсан болоод ч тэр үү Кёкшюүзан Д.Батбаяраар дамжин сонгон шалгаруулалт болж хорин хэдэн хүүхдийн дундаас анхны ояагата болох Сумогийн холбооны тэргүүн байсан Ханарэгома багшийн нүдэнд түүний зураг өртсөн гэдэг. Анх 2003 оны дөрөвдүгээр сард 17 настайдаа Японд хөл тавьж, ирэнгүүтээ хоёр хоногийн дараа банцүкэнд нэр нь орчихсон шууд башёгийн дэвжээнд барилдаж эхэлсэн нь бусад сумочдоос ялгаатай байдаг. Гадаадаас ирсэн залуус заавал зургаан сарын бэлтгэл курст сурна. Японы ахлах сургууль, их сургууль төгссөн ч ялгаагүй доод тал нь гурван сар бэлтгэл сургуулилт хийж байж башёд барилддаг ёстой билээ. Анх суши идье гэж багшдаа хэлсэн хэрнээ дагуулаад ороход нь нэгийг ч идэж чадаагүй гарч ирсэн гээд л хөгжилтэй дурсамжууд бас хөвөрнө. Сумогийн хатуу дэглэм, бэрх сургуулилтаас халшран зугтах хүүхдүүд ч байдаг байлаа.

Нэгэн үеийн бөхчүүд гэвэл Кёкшюүхо Т.Эрдэнэбаатар, Азумарюү С.Тодбилэг, Кагамио Б.Нанжид, Араваши Э.Дөлгөөн, Соококурай Энхтүвшин, Сэйро А.Өнөболд, Гочозан Д.Ууганбаатар нар мөр зэрэгцэн барилдаж, барилдлага нэгт найз нөхөд болжээ. 2014 оны 1 дүгээр сарын башёд жүрёод анх гарч ирсэн юм. Зиндаа ахих боломж ойртох тусам хүн өөртөө улам итгэлтэй болдгийг бас их сайн ойлгосон юм. Ингэж зургаан башё жүрёод барилдсаар цаашаа олигтой явж өгөхгүй л байлаа. Больдог ч юмуу гэж бодож байх үед ах Түвшинтүшиг нь одоо ганц жил барилдаад үзэхгүй юу даа гэж хэлснээр үгэнд нь орж өдий хүртэл барилджээ. Дүүгээ бөхийн удам бий болгож байгаад их баяртай байна гэж ах нь өгүүлж байлаа. Бие бялдар, бэлтгэл төгс сайн байсан ч сэтгэл зүй бас ихээр нөлөөлдөг, унаа, даваа хором мөчид шийдэгддэг эгзэгтэй, эрэмбэ дараалал нарийн энэ спортод хүн удаан байна гэдэг асар их сэтгэлийн тэвчээр шаарддаг. Жижиг бэртэл л авч байснаас том бэртэл, гэмтэлд өртөөгүй нь түүний аз бас барилдааны ур дүйтэй нь ихээхэн холбоотой болов уу.Нэг галын бөх байсан Кисэнэсатод том биетэй хүнтэй барилдаж, бэлтгэл хийх хэрэгтэй болоод нэг сар очиж бэлтгэлд нь оролц гэсэн ояагатан даалгавраар очжээ. Тэр башёд түрүүлж тун удалгүй аварга болов. Түүний дараа намайг үргэлжлүүлэн бие халаалт хийхэд нь туслахыг хүсч туслахаар нь явах болов. Маш үг дуу цөөнтэй, няхуур, эгэл даруухан аварга хүн дээ. Монгол хүн туслахаар нь ирсний дараа аварга болсон болоод ч тэр үү, дараах башёд хүнд бэртэлтэй байсан ч түрүүлж чадсан өлзий дэмбэрлийг бодоод ч тэр үү түүнийг туслахаараа байлгах тун дуртай байжээ. Гэргийг нь Д.Сарнай гэдэг. Инженер мэргэжилтэй. 2017 онд гэр бүл болж, гурван настай охинтой. Нэр шигээ түшигтэй хань даа гэж гэргий нь бахархан өгүүлж байв. Одоо тэрбээр Сакигакэ Баттүшиг Их сургуульд эдийн засгаар суралцаж байгаа. Зодог тайлсныхаа дараа Японд бизнесээ эхлүүлэх зорилготой. 2013 онд найз Өнөболдтойгоо таарч давж, зиндаа ахиж байсан барилдаан түүний сэтгэлд маш тод үлдсэн гэдэг. Тэр хоёр аль аль нь дээш ахих гээд ид чармайж байсан болохоор тэр. 2021 оны анхны башёд Макүшта зиндаанд түрүүлсэн барилдаан бас онцгой байлаа. Түрүүлэх, эсвэл дээш ахих боломжийг нэг атгаад л алдах, дахин хүч үзэх, чармайх, даваа, унаа үргэлжилсэн сумогийн дугуй дэвжээнд арван есөн жилийг туулжээ. Сумогийн тоймч, алдарт бөх байсан хатуу ширүүн үгтэй Китанофүжи түүний япон хэл, аялга төгс байдгийг магтан хэлсэн байдаг. Үнэхээр сумочид япон хэлдээ нэвтэрхий л дээ. Хөвгүүдийнхээ нэгнийг ч гэсэн бөх болгочих мөрөөдөлтэй байсан аавынхаа хүслийг биелүүлж, жүрёо цолд дэвшиж, баярлуулж байсандаа сэтгэл хангалуун явдаг гэж тэр ярьж байв. Зодог тайлах ёслол нэгэн томоохон зочид буудалд 100-гаад зочид цугларч, Шибатаяма ояагата хамгийн сүүлд үс авах ёсыг үйлдэж, ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Ёслолд Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням болон мөр зэрэгцэн барилдаж байсан бөхчүүд ирж оролцон баяр хүргэлээ. Үс хөндөх ёслолд нэрсийн дарааллаар цувран хүн болгон хөндөж, сэтгэлийн үгээ шивнэж, баяр хүргэж явсаар, ар гэрийнхэн нь сүүлд гарч ирэхэд Сакигаке Баттүшигийн нүдэнд хуралдан байсан нулимс асгарсан юм. Ээжийн чин сэтгэлийн сүүн цацал, ах нарынх нь урам зоригийн үгс, эргэн тойрны дэмжигч, найз нөхдийн их халуун сэтгэл, итгэл найдвар, ханийн хайр халамж түүнийг өдий хүртэл явсны их хүч байсанд тэр талархан баярлаж буй нь дамжиггүй. Тууштай байх гэдэг асар их тэвчээр байдаг. Ганцхан нугаршгүй сумо бөх биш эр хүн байх, хүн байхын их сургуулийг эндээс суралцсан гэж тэр бахархан өгүүлсэн юм.

Япон дахь манай сонины тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ нийгэм спорт

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна DNN.mn

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймаг Мандалговь хотод эхэллээ.

Монголын жүдо бөхийн холбоо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Дундговь аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохиож буй тэмцээн дөрөвдүгээр сарын 26, 27-д үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Манай гурван тамирчин медалийн төлөө барилдана DNN.mn

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь буюу сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

Манай улсаас 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох алт, 74 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 125 кг-д “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө 18:00 цагт барилдана.

Categories
мэдээ спорт

Ахмад тамирчдад хүндэтгэл үзүүлэв DNN.mn

Азийн бөхийн холбооноос “Мехико-1968” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, “Мехико-1968” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ардын багш Д.Сэрээтэр, “Монреаль-1976” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт А.Энхээ, ДБНХ-ны хүндэт шүүгч Н.Дүгэрсүрэн нарт хүндэтгэл үзүүллээ.

Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгч Кеннет Ли, ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нар байлцав.