Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртэв DNN.mn

Москва хотноо Иван Поддубныйгийн нэрэмжит “Бөхийн лиг” хоёр өдөр үргэлжилж өчигдөр/2022.05.20/ өндөрлөлөө. Эхний өдөр манай дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин тавдугаар байрт орсон бол өчигдөр таван бөх финалдаж, хоёр алт, гурван мөнгөн медаль зүүв.

Тодруулбал, эхний өдөр 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн аваргын хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.

Харин өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа, 76 кг-д Г.Ариунжаргал алт, эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, 125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 68 кг-д өнгөрсөн жилийн Азийн аварга З.Болортунгалаг нар мөнгөн медалийн эзэн болсон.

Энэхүү тэмцээнд ОХУ-ын Буриад улсын “Зугалай” багийн нэрийн өмнөөс манай улсын эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.

Categories
мэдээ спорт

​ Чөлөөт бөхөөс дифлимпийн анхны аваргатай боллоо DNN.mn


Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Кыргыстаны Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпийн анхны аварга болов. Монголын тамирчдаас дифлимпод “Тайпей-2009” гавьяат тамирчин Дамдины Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байсан бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр чөлөөт бөхөөр хоёр дахь аваргаар тодорч байна.

Түүнээс гадна өмнөх димфлимпийн мөнгөн медальт Д.Чинзориг 70 кг-ын жинд 7, хүрэл медальт Ш.Батбаатар 74 кг-д 5 дугаар байрт тус тус оров.

Categories
мэдээ спорт

​ Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх боллоо DNN.mn

Ц.Бат-Энх IBA-ийн Ерөнхийлөгчийн албан ёсны зөвлөх боллоо

Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг Олон улсын боксийн холбоо буюу IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев өөрөө санал болгосноор албан ёсны зөвлөх нь боллоо.

Турк улсын Истанбул хотод үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үеэр Олон улсын боксын холбоо (IBA)-ны их хурал болов.

Их хуралд Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Батнасан, Гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцлоо. Их хурлаар IBA-ийн Ерөнхийлөгч Умар Кремлев улиран сонгогдов.

IBA-г үргэлжлүүлэн удирдахаар болсон Умар Кремлев зөвлөхөөрөө Монголын Боксын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг өөрийн биеэр санал болгон сонгосон байна.

Categories
мэдээ спорт

Бостон, Баксыг хожиж, цувралын харьцаа 3:3 болж тэнцэв DNN.mn


NBA-ийн 2021-2022 оны улирлын плэй-оффын тоглолтууд үргэлжилж байна. Бостон Селтикс Милуаки Бакс багуудын хоёрдугаар шатны зургаа дахь тоглолт болж 108:95 харьцаагаар Бостон Селтикс хожив.

Бакс цувралын тав дахь тоглолтод хожсоноороо 82% хувьтай дараагийн шатанд шалгардаг давуу талыг өөртөө аваад байсан хэдий ч бууж өгдөггүй Селтикс тоглолтын турш илүүрхэж ийнхүү цувралыг тэнцүүллээ.

Өнөөдрийн тоглолтод Селтиксээс Жэйсэн Тэйтум 46 оноо авч шилдэг тоглолтоо үзүүллээ. Харин Милуаки Баксаас Яннис 44 оноо авсан хэдий ч баг нь хожигдол хүлээлээ.

Ингэснээр Бостон-Милуакигийн цуврал 3:3 харьцаатайгаар үргэлжилж байна. Дараагийн шатанд шалгарах сүүлчийн тоглолтыг хоёр багийн хөгжөөн дэмжигчид амьсгаа дараан хүлээх л үлдлээ.

Categories
мэдээ спорт

“Оддын хөлбөмбөг”-ийн ялагчаар “Goal” баг тодорлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Нийтийн хөлбөмбөг” төслийн нээлтийн өдөрлөг өнөөдөр боллоо. Мөн Английн “Арсенал”, “Челси”, “Тоттенхэм Хотспүрс” багт тоглосон алдарт хөлбөмбөгчин Виллиам Галлас болон Монголын урлаг, спортын бүх оддын хөлбөмбөгийн тоглолт Сүхбаатарын талбайд болж,

Ташрамд дуулгахад, хөлбөмбөгийн өдөрлөг энэ сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Эвийн өргөө-Энхийн гүйлт: АНУ, ОХУ, Унгар, Австрали зэрэг улсын гүйгчид оролцож байна DNN.mn

Дэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” манай улсад болж байна. Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцож байгаа юм.

“Эвийн өргөө-Энхийн гүйлт”-ийн нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол хүндэтгэлтэй боллоо.

May be an image of 12 people, people standing and outdoors

Ёслолд ЗГТА, Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Бурхан шашин, соёл судлалын хүрээлэнгийн тэргүүн Г.Мягмарсүрэн тэргүүтэй хүндтэй эрхэмүүд хүрэлцэн ирэв. Тус арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр нээж, хэлсэн үгэндээ “Энэхүү гүйлтэд оролцсоноор өөрт байгаа нөөц, боломж, чадвараа нээн илрүүлж улмаар эрч хүчтэй, эрүүл чийрэг байх, гүйлтийг амьдралынхаа хэвшил болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, баяр баясгалан, хүсэл тэмүүллээ олох билээ” хэмээлээ. Энэхүү гүйлт нь манай эх орны 21 аймаг болон 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг туулах юм. Гүйгчид галт бамбарыг буухиалахдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах ач холбогдолтой. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялажээ. Галт бамбарыг Сүхбаатар дүүргийн гүйгчид хүлээн авч, улмаар Хан-Уул дүүрэгт шилжүүлэх бөгөөд цааш Төв аймаг буухиалах юм байна. Бамбарыг буухиалах аялал 54 хоногт өрнөж, долдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатарын талбайд бариална.

May be an image of 13 people and people standing May be an image of 1 person, standing, fire and outdoors

May be an image of 2 people, people standing and outdoors

May be an image of 7 people and people standing

Categories
мэдээ спорт

Д.Батгэрэл тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо DNN.mn

Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-ийн дэвжээнд өрсөлдөж яваа анхны монгол тулаанч бол Данаагийн Батгэрэл билээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, “Талын шуурга” хочит тэрбээр ээлжит тулааны бэлтгэлээ хийхээр Тайланд улсыг зорилоо.

Түүний дараагийн тулаан ирэх сарын 11-нд Сингапурт болно.

Categories
мэдээ спорт

Мино Райола: Мөнгөө өгчих. Дараа нь намайг хэн ч гэж дуудаж болно DNN.mn

Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийг бүрэн утгаар нь баздаг хоёр том агент бий. Байсан. Мендеш ба Райола гэх хоёр эрийн тухай ярьж байна. Холланд, Ибрагимович, Погба, Веррати, де Лигт гээд одоо тоглож байгаа болон өмнө нь гялалзаж байсан түмэн одуудын бие төлөөлөгч Карминэ “Мино” Райола гээч итали эр 54 насандаа уушгины дутагдал гэх оноштойгоор хэд хоногийн өмнө нас нөгчлөө. Жил бүрийн зун, заримдаа өвлийн наймааны богино хугацаанд зоолттой нэр нь дурсагдаж, том багуудын эздэд шүдний өвчин лугаа зовлон чирдэг байсан энэ итали эр сүүлийн гучин жилийн хөлбөмбөгийн наймааны эзэнт гүрний эзэн нь чухам мөн байсан юм шүү.

Райола өмнөд Италид төрсөн, бараг л мафиозигийн нутгийн хүүхэд байсан агаад улаан лоолийн өвөрмөц хувилбарын эх орон Салернод бага насаа өнгөрөөн ухаан орсон цагаасаа аавынхаа пиццаны газар цэвэрлэгч, зөөгч, туслах тогооч гээд хар бор ажил хийн өнгөрөөж байсан юм билээ. Эцэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж Голландад салбараа нээн ажилласан тул тэр ч бас Нидерландад очиж удаан хугацаанд суурьшин амьдарсан, тийм учраас голланд хэлээр италиас дутахгүй ярина. Ер нь Мино цаашлаад итали, голланд, англи, испани, франц, герман хэл сурч, улмаар бразиль хөлбөмбөгчидтэй чөлөөтэй харьцахын тулд гуравхан сарын дотор португаль хэл сурч байсан гэхээр ой сайтай эр байжээ. Бас түүний намтарт хөлбөмбөг тоглодог байсан гэж байдаг ч гудамжинд үеийн хүүхдүүдтэйгээ ширэн бөмбөг өшиглөж явснаас цааш гавиагүй гэдэг л үнэн болов уу.

Харин хөлбөмбөгчдөд юу хэрэгтэй вэ гэдгийг бусдаас түрүүлж анзаарч ойлгосон нь үнэн. Бас түүнд тэр үеийн цаг хугацаа том боломж олгосон. Уг нь Райола анхлаад Sports Pro­motions хэмээх пүүст жирийн нэгэн агентаар орж ажиллаж эхэлсэн үе нь өнгөрсөн зууны ерээд он байлаа. Яг голланд хөлбөмбөгчид мандан сэргэж байсан үе. Зэрэгцээд дэлхийн хамгийн үзүүштэй сонирхолтой лиг нь тэр үедээ Италийн Сери-А байж таарсан. Хуулийн сургууль эчнээгээр төгсөж өмгөөлөгчийн үнэмлэхтэй болчихсон, нэлээн хэдэн жил Нидерландад арилжаа эрхлээд наймааны ухаан суучихсан итали эрд ийм л сайхан боломж олдож дээ. Бас тэр зальжин нэгэн байсан тул Нидерландын хөлбөмбөгийн үйлдвэрчний холбоотой гэрээ байгуулан бүх голланд хөлбөмбөгчдийг төлөөлөн гадаадын аль нэг лигт тоглох, худалдагдах бол хууль зүйн гэрээг нь хариуцна гэдэг эрхийг авчихсан байгаа юм. Тэгээд л Мино бие даасан агентлаг байгуулан Бергкампаас эхлүүлээд Йонк, Крик гээд тэр үеийнхээ одуудыг Итали руу шидэж эхэлсэн дээ.

Минод нэг онцлог бий. Тэр хөлбөмбөгчдийг од болохоос өмнө “энэ залуу ирээдүйд гялалзана” гэдгийг тун сайн мэдэрдэг. Погбаг дунд сургуулиа төгсөөгүй байхад сэр Фергюсоныг уурлуулж байгаад л урвуулан авч явсан шүү дээ. Недведийг Чехийн “Спарта” гэдэг жижигхэн багаас сугалж аваад Италид авчирч хэдэн жил ч юм бэ дэлхийг чимсэн хөлбөмбөгч болгосон нь үнэн юмдаг. Одоо энэ “Боруссиа”-д тоглож байгаа Холландын үнэ цэнэ ирэх зуны хамгийн доргионтой наймаа байх болно. Гэтэл тэр Норвегид байсан хүүхэд. Гэх мэтийн жишээ олон. Тэр өөрийгөө Мендешээс тэс өөр үзэл бодолтой гэж ярьдаг байсан. “Мендеш зөвхөн мөнгө л боддог. Жорж Мендеш бол бэртэгчин.

Харин би эхлээд хөлбөмбөгчөө боддог. Жишээ нь, хөлбөмбөгчийг авах баг нь тухайн хүний төлөө тавин саяыг өгье, харин хувь хүнд нь зуун мянгыг өгнө гэвэл Мендеш өөрт ирэх хувиа тооцоолоод гэрээлчихдэг. Би бол тэр хүнийг хамаагүй арван саяар ав, харин цалин нь сая доллар байна шүү гэж л дайрдаг. Бид хоёрын ялгаа энэ.

Тэр өмнөд туйлд, би хойд туйлд байгаа хоёр” гэж өөрийгөө тодорхойлж байлаа. Энэ нь үнэний хувьтай. Нас барсных нь дараа хамтран ажиллаж байсан одуудын эмгэнэл илэрхийлэн үлдээсэн сэтгэгдлүүд нь бараг л сайн найзаа, эцэг шиг нэгэн хүнээ алдлаа гэж бичсэн нь их олон байх юм. Тэр дундаа Златан Ибрагимовичийн дурдатгалууд бүр ч их онцгой харагдлаа.

Тэр хоёрын үерхэл хорин жил орчим үргэлжилсэн болохоор аргагүй ч юм. Залуухан Златан Голландын “Аякс”-т тоглож байхдаа өөрөө анх Минод хандсан юм байна лээ. “Би Порше уначихсан, Rolex-ийн алтан цагтай, Gucc-гийн хослолтой нэг их ганган хүн түүнийг суши-барт урьж хүлээн суулаа. Надтай адил хувцасласан тансаг хүн ирээд авокадо, хавч захиалан ихэмсэг харьцах байх гэж бодож байтал биеийн тамирын хувцастай, том гүзээтэй, хаанаас нь ч харсан мафийн гишүүн байрын бүдүүлэг нөхөр орж ирээд таван хүний идэх хэмжээний хоол захиалаад хусч эхэлдэг юм даа. Идэж дуусаад цаас гарган миний мэдэхгүй тоо баримтаар намайг булж, чи энэ жил тавхан гоол оруулсан мөртлөө өөрийгөө дэлхийн шилдэг багт тоглох эрхтэй гэж бодож байна уу гээд хэрчсэн. Ер нь тэгээд бэлтгэлээ ингэж хий, ахуйгаа ингэж авч яв, наад машинаа зар гээд л амьдрал заасан даа. Хэрэвзээ дэлхийн шилдэгт хүрье гэж бодож байгаа бол мөнгө бүү бод.

Тэр чинь миний хийх ажил. Бэртэхгүй, гэмтэхгүй, бэлтгэл сайн хий. Бусдыг нь би хариуцъя гэж хэлээд хорин жил амлалтаа биелүүлж яваа хүн шүү дээ” гэсэн байдаг. Тэр тод утгаараа гэрээлж авсан хөлбөмбөгчийнхөө төлөө бүхнийг зориулж чаддаг нэгэн байжээ. Италийн домогт хөлбөмбөгч Андреа Пирло түүний тухай өөрийнхөө дурдатгалд ингэж бичсэн байх.

“Райола төлөөлж буй хөлбөмбөгчийнхөө хүсч буй багт сэтгэл ханасан гэрээ байгуулахын тулд юугаа ч хамаагүй зориулж чаддаг нэгэн байсан. Нэгэн удаа сэтгүүлч бас л нэг дуулиант наймааны дараа “Таны нэрийг яаж зөв дуудах вэ” гэж асуухад “Мөнгөө өгчих. Дараа нь намайг өөрийнхөө хүссэнээр дуудаарай” гэж хэлээд яваад өгч билээ” гэсэн байдаг юм.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

Ронни О’Салливан Снүүкерийн долоон удаагийн дэлхийн аварга DNN.mn

Пуужин хочит Ронни О’Салливан 46 насандаа хүсэн хүлээсэн амжилтдаа хүрч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоон удаа түрүүлсэн Хендригийн амжилтыг давтаж чадлаа.

Шинэ цагийн шилдэг снүүкерч Ронни О’Салливан шиг ийм өндөр насандаа дэлхийн аварга болсон тамирчин нэгээхэн ч үгүй агаад анх 2001 онд тэр түрүүлж байсан гээд бодвол бараг хорин жил энэ амжилт руу тэмүүлжээ.

Снүүкерийг урлаг мэт харагдуулж чаддаг, өөрийнхөө салбарт Месси, Федерер нартай эн зэрэгцэхүйц гайхамшгийг үзүүлдэг уг англи эр 12 жилийн хугацаанд таван удаа аваргалж Шотландын шилдэг снүүкерч асан Стивен Хендригийн 1990-1999 оны хооронд аваргалсан долоон удаагийн амжилтыг эвдэх нь гэж ярилцаж байсан ч 2014 онд Марк Селбид финалийн тоглолтдоо хожигдсоноос хойш ДАШТ-ий талбарт одгүй наадах болсон.

“Би энэ зураасыг ер нь давж чадахгүй юм байна гэж бодох болсон шүү. Энэ танхимд олон удаа тоглож байлаа. Өнөөдрийнх шиг баяр баясгалантай байснаа санахгүй байна” гэж тэр өгүүлжээ.

Ронни энэ удаагийн ДАШТ-ий финальд түүний залгамжлагч гэж яригддаг, тоглох наадах хэв загвар нь тун төстэй залуу од Жадд Трамптай үлдсэн билээ. Өнөө цагт тоглож буй шилдэг снүүкерчид дотроос зөвхөн Трамптай л хожил хожигдлын харьцаа нь хасах гэж гардаг гээд бодохоор хэцүүхэн өрсөлдөгч таарч. Тэр хоёр өгөө аваатай тоглосоор 18:13 харьцаагаар Ронни О’Салливан өрсөлдөгчөө буулган авч мөрөөдөлдөө хүрлээ.


ТОВЧХОН

Английн “Ливерпүүл” баг Испанийн “Вильярреал”-ыг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр буулган авч арав дахь удаагаа хөлбөмбөгийн Аваргуудын Лигийн финальд шалгарлаа.

l l l

Испанийн “Реал” Мадрид баг дотоодын тэмцээн дуусахад дөрвөн тойрог дутуу байхад аварга болж байна. Энэ нь тэдний Ла Лигт түрүүлж буй 35 дахь түрүү.

l l l

ОХУ-ын Санкт Петербург хотын “Зенит” баг дөрөв дэх жилдээ дараалан Оросын хөлбөмбөгийн аварга баг боллоо.

l l l

Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лиг НХЛ-ийн плей-офф эхэлж 16 шилдэг баг Стенлийн цомын төлөө өрсөлдөж эхэллээ.

l l l

Цагтаа цалгиж явсан теннисчин Борис Беккерт Лондонгийн шүүх 2.5 жилийн ял оноов. Тэр Англид амьдардаг бөгөөд дампуурлын хууль зөрчиж орлогоо нуусан хэргээр дээрх ялыг авчээ.

l l l

“Майами Хит” багийн сагсан бөмбөгч Тайлэр Хирро НБА-гийн 2021/2022 улирлын шилдэг сэлгээний тоглогчийн шагналыг хүртлээ. 22 настай Хирро “Майами Хит” багийн хувьд анх удаа энэхүү шагналыг хүртэж буй тоглогч болж буй юм билээ.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм спорт цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хагаст үүлэрхэг, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж шөнөдөө 2-4 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө сэрүүсэж 5-7 градус дулаан байна.