Categories
мэдээ спорт

Олимпийн өдрийн арга хэмжээ энэ сарын 22-нд болно DNN.mn

Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен 1894 оны зургадугаар сарын 23-нд ОУОХ-г байгуулж, орчин үеийн олимпийн хөдөлгөөний эхийг тавьсан билээ. Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпийн өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Энэ жилийн хувьд МҮОХ-ноос зургаадугаар сарын 22-ны өдөр Олимпын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ОУОХ-ноос энэ жил Олимпийн өдрийг “Энхтайваны төлөө” буюу “Move for peace” уриан дор тэмдэглэхээр болсон юм.

Олимпийн өдрөөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ зохиогдоно. Мөн спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпийн хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийнхөн хүүхэд залууст бүжгийн үзүүлбэрээсээ сонирхуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Ахлах дэслэгч Э.Адъяа олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Хилийн цэргийн 0243 дугаар ангийн харуул хамгаалалтын тусгай салбарын орлогч, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч Э.Адъяа ОХУ-ын Буриад улсад зохион байгуулагдсан Н.Н.Петровын нэрэмжит Олон улсын байлдааны самбо бөхийн тэмцээнд 71 кг-ийн жинд амжилттай оролцож, гуравдугаар байранд орж хүрэл медаль хүртлээ.

.

Categories
мэдээ спорт

Шигшээ баг хоёр дахь удаа тоглолтын төгсгөлд хожигдлоо DNN.mn

Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны B хэсэгт багтсан Монголын шигшээ баг өнөөдөр талбайдаа Филиппиний шигшээ багтай тоглолоо.

Шигшээ багийн үндсэн арга барил болох хамгаалалт маш сайн хэрэгжсэн бөгөөд Палестинтай хийсэн тоглолтой харьцуулахад олон довтолгоо зохион байгуулсан.

Тоглолтын төгсгөлд Филиппиний шигшээ баг торгуулийн цохилтын эрх авсан ч Монголын шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ амжилттай хаасан. Улмаар тоглолт тэнцүү үргэлжилж байсан ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Филиппиний шигшээ багийн довтлогч, Германы Бохум клубт тоглодог Холтман гоолдож 1-0 харьцаагаар Филиппин хожлоо.

Монголын шигшээ баг ийнхүү хоёр тоглолт дараалан, тоглолтын төгсгөлд гоол алдаж тун харамсалтайгаар хожигдлоо.

Хэсгийн эхний тоглолтод торгуулийн цохилт алдаж Палестинд 1-0 харьцаагаар хожигдоод байсан Монголын шигшээ баг сүүлийн тоглолтоо энэ сарын 14-ний мягмар гаргийн 17:00 цагт Йементэй хийнэ. Харин Филиппиний шигшээ баг тус өдрийн 12:30 цагт Палестинтай тоглох юм.

Хэсгийн нөгөө багууд болох Палестин, Йемений багууд өнөөдөр 17:00 цагаас Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд тоглоно. Өмнөх тоглолтод Филиппинтэй 0-0 харьцаагаар тэнцсэн Йемен нэг оноотой яваа бол Монголыг хожсон Палестин 3 оноотой хэсгээ тэргүүлж байна.

Categories
мэдээ спорт

Польшийн теннисчин Ига Святек Roland Garros-т хоёр дахь удаа түрүүллээ DNN.mn

Дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн теннисчин Ига Святек талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн буюу Roland Garros-т хоёр дахь удаа түрүүллээ.

Тэрээр АНУ-ын залуу тамирчин дэлхийн чансааны 18-д бичигдэж буй, 18 настай Коко Гауффыг 6-1, 6-3 харьцаагаар ялж аваргын цомыг өргөсөн.

Хоёр жилийн өмнө Францын нээлттэй тэмцээнд анх удаа түрүүлж дэлхий нийтийг гайхшруулж байсан 21 настай Польш эмэгтэй ийнхүү 35 тоглолт дараалан ялаад байна. Энэ нь 21-р зуунд тогтоосон Венус Уилльяамсын амжилттай тэнцэж байна.

Энэ талаар Святек “2020 онд би өөрийгөө азтайд мэдэрч байсан бол өнөөдөр үүнийг хийнэ гэдгээ мэдэрч байсан” хэмээв.

Categories
мэдээ спорт

Манай бөхчүүд дэлхийн чансаа олгох тэмцээнээс долоон медаль хүртэв DNN.mn

Чөлөөт бөхийн чансаа олгох оны хоёр дахь тэмцээн буюу Болат Турлыхановын нэрэмжит тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар долоон тамирчин тус тэмцээнээс медаль хүртээд буй. Тэмцээний эхний өдөр эмэгтэй дөрвөн бөх барилдсанаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол өчигдөр дөрвөн бөх барилдсанаас дөрвүүлээ медаль хүртэв.

Медаль авсан тамирчдын нэрс:

  • Эмэгтэй -50 кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг алт,
  • Эмэгтэй 53кг жинд ОУХМ Б.Болортуяа алт,
  • Эмэгтэй 68 кг жинд ОУХМ З.Болортунгалаг мөнгө,
  • Эмэгтэй 62 кг жинд ОУХМ Э.Гантуяа мөнгө
  • Эмэгтэй -50 кг жинд ОУХМ Д.Отгонжаргал хүрэл,
  • Эрэгтэй 125 кг жинд ОУХМ М.Лхагвагэрэл хүрэл
  • Эмэгтэй 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болсон байна.

Өнөөдөр эрэгтэй 65 кг жинд Т.Тулга, 74 кг жинд Б.Бямбадорж нар барилдана.

Categories
мэдээ спорт

А.Энхтуул: Шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг DNN.mn

Олон улсын шатрын их мастер, олон улсын шатрын холбооны дасгалжуулагч А.Энхтуултай ярилцлаа.


-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнд алтан медаль хүртсэнд тань баяр хүргэе. Энэхүү шатрын шинжлэх ухаан, спортоор хэрхэн хичээллэх болсон тухайгаа хуваалцахгүй юу. Энэ спортыг сонирхон хичээллэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Баярлалаа. Би багадаа дуулдаг, драм уншдаг, төгөлдөр хуур тоглодог урлагийн чиглэлтэй хүүхэд байсан. Тухайн үед Цоглог студи, Хүүхдийн ордны хүүхдийн багт наадам зэрэг болдог байх үед тоглолтод оролцдог байлаа. Нэг өдөр манай төгөлдөр хуурын Бүжинлхам багш маань манай ээжид ийм шатрын дугуйлан байна, та охиноо явуулаад үзээч гэж санал тавихад ээж намайг явуулж байсан. Ингэж л шатрын спортод орж байсан даа. Хамгийн сүүлд шатар бол миний явах чиг байна гэж тууштай хичээллэсэн.

-Та анх хэдэн настайдаа, ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-Хамгийн анх өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн настай байхдаа оролцон, нийт есөн өргөөс 1.5 оноо авч байсан.

-Шатар тоглож сурч байх үед шатрын нүүдлээ заалгахаас эхлүүлэн багшийн үүрэг их чухал шүү дээ. Таны хувьд хэн гэдэг багшаар удирдуулан шатрыг сурч байв?

-Миний хамгийн анхны шатрын багшийг “Төр Монгол” шатрын клубийн дасгалжуулагч Ц.Батболд гэдэг. Багш минь бага ангийн сурган хүмүүжүүлэгч байсан. Багш маань одоогоор Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Багануур дүүргийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Үүний дараагаар Монгол Улсын гавьяат жүжигчин олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшийн шавь болсон цаг үеэс хойш 16 жил хамт байна. Мөн Москвад суралцах хугацаандаа орос дасгалжуулагч нартай ажилласан.

-Та өөрийн гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-Би шатраар хичээллээд 19 жил болж байна. Энэ хугацаанд улсын, тив дэлхийн олон тэмцээнд оролцсон. Хамгийн их сэтгэлд хоногшсон тэмцээнүүдээс дурдвал 14 настай байхдаа Монгол Улсын насанд хүрэгчдийн дэлхийн шатрын олимпиадад оролцдог шигшээ багт шалгаран багийн хамт Герман улсын Дрезден хотод зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 38 дугаар олимпиадад оролцсон. Багийн тэмцээнүүдэд нэгнийгээ тоглуулахын тулд өнжих ёстой байдаг ч миний хувьд өнжөөгүй. Маш амжилттайгаар оролцон багтаа их чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Тухайн үед олимпиад таван ангилалд хуваагдан зохиогддогийн C ангилалд тэргүүн байр эзэлж байсан. Нэг ангилалд нэг л байрыг шалгаруулдаг. Мөн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаагаа тэргүүн байр эзэлсэн. Өсвөрийн тамирчин байхдаа арван жил тасраад байсан өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийг эх орондоо авчирсан. Энэ үедээ мэргэжлийн гэж яригддаг насанд хүрэгчдийн ангилалд орос дасгалжуулагчынхаа заавар зөвлөгөөг даган хүрэл медаль хүртэж байсан. Эдгээр нь миний сэтгэлд их хоногшсон амжилтууд маань юм. Энэ жилийн улсын аварга насанд хүрэгчдийн шигшээ Монголын шилдэг шатарчид оролцдог тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн минь үнэхээр бахдам амжилт.

-Таны хувьд шатрын шинжлэх ухаан гэж юуг ойлгодог вэ?

-Шатар бол математикийн шинжлэх ухаантай харьцуулан яривал математик томьёоллоор бодон тооны хариуг гаргадаг бол шатар онол хэрэглэдэг. Шатарт бид эхний гараанд заавал онол хэрэглэдэг. Гэхдээ их өвөрмөц. Шатар нь гараа, дунд, төгсгөл гэсэн гурван үе шаттай. Дунд үед тухайн хүний ухаан юуг сэтгэж өөрийн дүрсийг хэрхэн удирдаж байгаа зэрэг нь их гайхалтай. Тиймээс шатрын хөлөг дээр яг л бидний амьдрал оршиж буй мэт санагддаг. Шатар бол дуусашгүй, хязгаар нь үл үзэгдэх тийм л шинжлэх ухаан. Их сэтгэл хөдөлгөм байдаг.

-Та Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан гэсэн үү. Энэ тухай тодруулахгүй юу?

-2015 онд Азийн шатрын холбоо болон Арабын нэгдсэн Эмират улсын Алейн шатрын клубт ажиллах урилга надад ирсэн. Азийн шатрын холбоонд ажиллаж байх үедээ олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах болон Алейн шатрын клубт дасгалжуулагч хийдэг байсан. Эндээс миний ажил амьдралын минь гараа эхэлсэн. Шатартай холбоотой ажил хийж эхлүүлсэндээ гэж өөрийгөө их азтайд тооцдог. Бага наснаасаа хичээллэж дуртай байсан спортоо өөрийн амьдрах эх үүсвэр болгож явах нь хэн бүхэнд тохиохгүй. Азийн шатрын холбоонд ажилласнаараа дэлхийн олон алдартай шатарчидтай танилцан, тэмцээнд урих, холбоо харилцаатай байх зэрэг боломжууд нээгдсэн.

-Сурагчиддаа юуг захиж, зөвлөдөг вэ?

-Би шавь нарт гэхээс илүүтэйгээр юун түрүүнд эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг. Хамгийн эхэнд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй. Шатрын спортоор тууштай хичээллэх үү, эсвэл өмнө хэлсэнчлэн хаана ч очсон хүнтэй тоглочихдог хэмжээнд сурах юм уу гэж эцэг эхчүүдээс асуудаг. Яагаад гэвэл хүмүүс шатрын клубт ирэхээр амархан хурдан сурч, нэг, хоёр сараас тэмцээн уралдаанд оролцож амжилт гарган мэргэжлийн тамирчин шиг болдог гэж ойлгодог. Гэтэл энэ нь эсрэгээрээ. Хүн харахад амархан юм шиг ч биеэр туулахад их хэцүү, олон жилийн хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулдаг спорт. Шавь нартаа хожиж, хожигдох нь чухал биш, сайн тоглолт өрөг гаргаж, бэлтгэлээ хийх нь чухал. Аливаа зүйлд яаралгүйгээр тайван бодож, сэтгэлээ тогтоох нь их чухал гэж зөвлөдөг дөө.

-Шатарчин бүр өөрийн өргийн санг бүрдүүлсэн байдаг гэсэн үү?

-Тийм. Шатарчин хүн ер нь өөрийн тоглосон өргөө үргэлж тэмдэглэж явдаг. Миний хувьд ч ялгаагүй өөрийн шатрын программ дээр өргөө бичиж тэмдэглэн хадгалдаг. Мөн Монгол Улсын болон дэлхийн бүх орны өргүүд Chess­base олон улсын шатрын программд автоматаар хадгалагдаж байдаг. Бидний олон улсын тэмцээнд тоглож буй бүх өргүүд автоматаар хадгалагдан өргийн сан бүртгэгдэж байдаг. Энэ нь өнгөрсөн үетэй харьцуулахад ямар тоглогч хэрхэн тоглосон талаар орж харахад амархан болсон.

-Та шатар сонирхогч залууст юуг зөвлөх вэ. Шатраар хичээллэж эхэлж буй залуус юунд анхаарах хэрэгтэй байдаг юм бол?

-Шатар сонирхож буй хүүхэд, залууст хандаж хэлэхэд шатар гэдэг нь ганцхан спорт биш. Шатрын дэлхийн аварга Анатолий Карпов “Шатар бол шинжлэх ухаан, урлаг спортын цогц” гэж хэлсэн байдаг. Би шатрыг спорт гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухаан талаас нь харж авч үздэг. Учир нь шатрын 64 буудал дээр хэний ч бодолд буумгүй уран сайхан нүүдлүүд тоглогдож, тооцоолон боддог юм. Шатар нь анхаарал сайжруулах, тэвчээртэй болгодог гэх мэтчилэн хүмүүс их ярьдаг. Миний хувьд олон жилийн турш тоглосноор шийдвэр гаргах чадварт сургадаг юм болов уу гэж боддог. Шатрын спорт хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг. Өөрийн сэтгэл зүйн байдлаас хамааран шатрын гараагаа сонгох тал бий. Шатар бол их сонирхолтой. Тиймээс энэ шинжлэх ухаанаар мастер болтлоо хичээллэдэггүй юм аа гэхэд тодорхой хэмжээнд тоглочихдог, тэмцээн уралдаанд оролцдог түвшинд сурвал илүүдэхгүй шүү гэж хэлье.

-Шатар тоглох нь хүүхэд болон хүнд хэрхэн нөлөөлж, оюун ухааныг хэрхэн задалж хөгжүүлдэг вэ?

-Шатар тоглоно гэдэг нь их цаг хугацаа, оюуны ачааллыг шаарддаг. Төсөөлөн бодох чадвар их сайжирсан байдаг. Шатарчид магадлалын онолоор юмсыг хардаг. Шатар тоглох нь хүний зургаа дахь мэдрэхүйг нээж, хөгжүүлдэг. Шатар тоглодог хүмүүс мэдрэмжтэй, зөнтэй болж, урьдаас таамагладаг гэж их ярьдаг. Учир нь бид шатар тоглож байх үедээ олон хувилбарыг тооцоолж, нүүдлүүдийг бодож өрсөлдөгчийнхөө нүүх болов уу гэж бодсон нүүдлийг хийдэг. Бүгдийг зөвхөн толгойдоо хийсвэрээр сэтгэж, төсөөлөн боддог учраас эдгээр ур чадварууд нэмэгддэг гэж боддог. Тэр ч утгаараа урьдчилан таамаглах, тооцоолоход шатарчид сайн байдаг юм болов уу гэж анзаарагддаг. Шатар оюун ухааныг олон талаас нь задалж өгдөг. Хүүхдийг хайрцагласан сэтгэлгээнд оруулалгүй, өөрөө чөлөөтэй сэтгэх боломжийг олгодог учраас хоёр тархи зэрэг хөгждөг.

-Хүүхдийг хэдэн наснаас нь эхлүүлэн шатрын спортоор хичээллүүлэх нь тохиромжтой вэ?

-Хүүхдийг шатраар тууштай хичээллүүлье гэж бодож байвал аль болох эрт хичээллүүлж эхлэх нь сайн. Бага насны хүүхдийг хамгийн эртдээ таван настайгаас эхлүүлэх нь тохиромжтой. Зарим эцэг эхчүүд 3, 4 настай хүүхдүүдэд шатар заалгах гээд байдаг. Гурав, дөрвөн нас гэдэг нь хорвоо ертөнцтэй танилцан явж байх нас шүү дээ. Энэ үедээ шатар сурч явах нь зохимжгүй санагддаг. Хамгийн эртдээ таван настайгаас шатраар хичээллүүлж эхэлбэл ирээдүйд өндөр амжилтад хүрэх магадлалтай. Аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтдоггүйтэй адил шатрыг хэдэн ч наснаас сурч болно.

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шиг би зарим тохиолдолд өглөө 05:00 цагт босон шатраа бэлдэн хичээллэдэг байсан. Тиймээс зорилгоо зөв тодорхойлон хэрхэн амжилтад хүрэх, ямар учраас шатар сурах гэж байгаагаа ойлгочихвол хэзээ эхлэх нь хувь хүний сонголт юм.

-Монгол Улс шатрын спортоор олон улсад ямар түвшинд байгаа вэ?

-Олон улсын шатрын холбоо буюу дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 184 орноос манай улс нийт шатарчдын дундаж чансаагаар 54 дугаарт эрэмбэлэгдэж байгаа. Жил ирэх тусам л манай шатарчдын чансаа бага багаар өсч байгаа. Энэ нь манайд шатрын спорт хөгжиж байгааг илтгэж байгаа болов уу гэж хардаг. Бидний үетэй харьцуулахад олон хүүхэд шатраар хичээллэж, гадны орон руу тэмцээнд явж буй хүүхдүүдийн тоог харахад үргэлж нэмэгдсэн харагддаг. Манай шатарчид тив дэлхийд тэмцээн уралдаанд оролцоход 50 хувиас дээш амжилт үзүүлдэг. Тиймээс бидний олон улсад үнэлэгдэх чансаа жил ирэх тусам нэмэгдэнэ гэдэгт их итгэлтэй байдаг.

Мөн намайг шатрын их спортод хөл тавиулсан анхны дасгалжуулагч Ц.Батболд багшдаа, 16 жил надтай хамт байж миний төлөө зүтгэсээр байгаа гавьяат дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер П.Жигжидсүрэн багшдаа, дэд мастер байхаас минь дэмжсэн Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Далай ах, “Их заргач” клубийн дасгалжуулагч их мастер н.Мөнхгал ах, хурандаа Ж.Түмэнтулга захирагчтай Дотоодын Цэргийн 805 дугаар ангийн хамт олон зэрэг хүмүүстээ баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлье.

Монгол Улсын шигшээ баг тамирчид удахгүй долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны өдрийн хооронд Энэтхэг улсын Ченнай хотноо зохиогдох Дэлхийн шатрын олимпиадад оролцоно. Олимпиад нь коронавирус цар тахлын дараагаар тив дэлхийн шилдэг шатарчид цуглан тоглох гэж байгаа нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тэмцээн болох байх гэж бодож байна. Монгол Улсын шигшээ баг тамирчид хичээж оролцох болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Ц.Хосбаяр: Чөлөөт бөхийн холбоог 452 сая төгрөгийн өрөнд оруулаад хаалгаар гарсан Б.Батбаяр одоо тооноор орохыг санаархаж байна DNN.mn

Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа.


-Монголын чөлөөт холбооны ээлжит их эе өнгөрсөн хавар болсон. Сонгогдсон дасгалжуулагчид ажилдаа орж амжаагүй байна гэх юм. Юу болоод байна вэ?

-Орж амжаагүй байна. Их хурлаар нэр бүхий 29 хүнийг тэргүүлэгчээр сонгосон байдаг. Тэргүүлэгчдээс шигшээ багийн дасгалжуулагч нарыг сонгохоор 11 хүнийг томилсон. Б.Болд, П.Буяндэлгэр, шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Б.Баттулга, улсын гарьд Б.Гантогтох, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын начин Ло.Энхбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдээ, гавьяат тамирчин Б.Наранбаатар, Д.Алтанхуяг, П.Гансүх, Н.Батсайхан нарын зэрэг хүмүүс сонгогдсон юм. Ингээд тэргүүлэгчид ярилцаад шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцохоор нэр дэвшсэн 22 хүнээс зургааг нь сонгож нэрийг дугуйлж шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгож ерөнхийлөгч рүүгээ явуулахаар шийдсэн юм билээ. Санал хураалтын үр дүн гарахад О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран, Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, Э.Ням-Очир нар шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдсон байдаг. Гэтэл энэ үр дүн Буяндэлгэрийн Болд гэж хүний санаанд нийцээгүй юм билээ. Болсон үйл явц товчхондоо ийм. Сонгогдоод хоёр сар болж байна. Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдоод хоёр сар болж байгаа ч ажлаа аваагүй явсаар өнөөдрийг хүрлээ.

-Өмнөх удирдлагууд тодруулбал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарын хүмүүс их хэмжээний өртэй үлдээсэн гэх мэдээллийг та онцолсон байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Н.Батсайхан надад хэлж байна л даа. Ажлаа авахынх нь өмнө багш дасгалжуулагч нарын өргөтгөсөн хурлын үеэр Н.Батсайханд хандаж “Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч гэх албан тушаалд очлоо. Албаа хүлээж авахаас өмнө холбооны өр ширийн асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулаарай” гэж анхааруулж байсан юм. Өнөөх маань сая надад 452 сая төгрөгийн өртэй байна гэдгийг надад хэлж байна лээ. Өмнөх удирдлагууд олон улсын тэмцээнд шүүгчгүй явах зэргээр удаа дараа торгууль хүлээж байсныг нь сайн мэдэхийн хувьд би анхааруулсан юм. Тухайн үеийн МЧБХ-ны ЕНБД Б.Батбаяр “Чөлөөт бөхийн шүүгч олон улсын тэмцээнд явахад хамгийн багадаа долоо хонодог. Шүүгчдийн зардал гаргаж байснаас торгуулийг нь хүлээгээд өрөнд орсон нь амар байдаг юм” гэж хэлж байлаа. Ийм ойлголттой хүн чөлөөт бөхийг яаж хөгжүүлэх вэ. Шүүгч олон улсын тэмцээнд явна гэдэг ур чадвараа ахиулах, зэрэг цол авахаас өгсүүлээд олон талын ач холбогдолтой шүү дээ.

-452 сая төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ. Ковидын үед тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй. Энэ их өр яагаад үүсэв гэдэг нь анхаарал татаж байна л даа.

-Би сая тэмцээнд шүүгчгүй явдаг асуудлыг онцоллоо. Дээрээс нь нэмээд хэлэхэд, Б.Батбаяр өнгөрсөн зун олимпийн наадамд оролцож тамирчны буланд суусан асуудал байгаа. Энэ үйлдэлдээ торгууль хүлээсэн байх. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хүн олимпийн дэвжээнд зодоглож буй тамирчны буланд сууж байгаа нь илтэд дүрэм зөрчсөн үйлдэл. Тухайн үед Б.Батбаяр БЗД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм. Энд ковидын нөхцөл байдал амар биш, дүүрэг нь усанд автчихсан үер болж байхад л Засаг даргын орлогч Б.Батбаяр олимпийн наадам үзэж тамирчны буланд суугаад алчуур сэвээд МЧБХ-г өрөнд оруулаад зогсож байлаа. Мөн Б.Төмөрбаатар гэж шүүгч нь дэлхийн бөхийн холбооны дүрмийг удаа дараа зөрчсөн. Энэ үйлдэлдээ торгууль хүлээсэн. Дэлхийн бөхийн холбооноос Б.Төмөрбаатарын шүүх эрхийг хоёр жилээр хассан байдаг. МЧБХ-ноос энэ үйлдлийг олонд зарлалгүй, дараад өнгөрөөсөн. Энэ бүхэн хуримтлагдаад л ийм хэмжээний өр үүсч. Энд онцлоод багаа хүмүүсээс өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагаа хэвийн явж байлаа.

-Энд анхаарал татах өөр нэг асуудал байна л даа. Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сая Улаанбаатарт болсон. Энэ үеэр санхүүгийн ноцтой зөрчлүүд гарсан байх юм.

-Тус тэмцээнд Засгийн газраас дэмжлэг болгож 930 орчим сая төгрөг төсөвлөсөн байдаг. Гэтэл нэг тэрбум хоёр зуун тавин сая төгрөгийн зардал гаргасан байгаа юм. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр гэж хүн гарын үсэг зураад л зарцуулаад байна лээ. Яг юунд зарцуулсан тайлан тооцоо нь ил биш. 900 гаруй сая төгрөг гэдэг бага мөнгө биш шүү дээ. Суманд бага сургууль барьчих хэмжээний төсөв. Ийм хэмжээний төсвийг Монголын чөлөөт бөхийн холбооны цөөхөн хүмүүс гар хөлийн үсэг зурж зарцуулчихаад тайлан тооцоогоо ил гаргахгүй байгаа нь ноцтой асуудал.

-Тэмцээнд оролцсон тамирчдаас хураамж авдаг шүү дээ. Дээрээс нь Засгийн газраас дэмжлэг авдаг хэрэг үү.

-Хажуугаар тамирчдын хураамж өдрийн 180 швейцарь франк авдаг. Нэг өдрийн 180-ыг дөрвөн өдрөөр тооцоход 720 швейцарь франк. Энэ мөнгийг Монголын чөлөөт бөхийн холбоо хурааж авдаг. Мэдээж эндээс тамирчдын буудал, тэднийг зөөх унааны мөнгө гарна. Заал чимэглэх гэх мэт ажлуудад зардал гардаг. Энэ мэт зардлууд их гарлаа гэхэд л 20 сая төгрөгөөс хэтрэхгүй. Энэ бүх тайлан тооцоо нээллтэй байх ёстой. Гэтэл хаашаа яаж зарцуулсан нь бүрхэг хэвээр байна.

-Их хэмжээний төсөв эргэлдэж байна шүү дээ. Аудитын байгууллагаас шалгалт ороогүй юм уу?

-Оруулах санал гаргахад өөрсдөө татгалзаад байх юм. Хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагууд нь үүнд анхаарал хандуулах ёстой. Ийм хэмжээний төсөв хаашаа орсон нь ил биш, тэгээд 452 сая төгрөгийн өртэй үлдээчихээд аудитын шалгалтаас зайлсхийж байгаа нь анхаарал татаад байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр нарын хүмүүс чөлөөт бөхийн хөгжлийн төлөө ажилласан уу, эсвэл энэ мэтээр мөнгөнд шунаж байсан уу гэдгийг хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. Энд аудит оруулах зайлшгүй шаардлагатай нэг асуудал бий. Үүнийг би хардах эрхийн хүрээнд хэлж байгаа юм шүү. 2019 онд украин, орос дасгалжуулагчид ирж сонгомол бөхийн сургалтын талаар сургалт хийсэн. “Алдар” спорт хорооноос Ц.Цогтбаатар, Б.Одончимэг бид гурав сууж сертификат авсан юм. Үүний дараахан миний хоёр шавийг хэд хэдэн тэмцээнд багшгүйгээр явуулсан байдаг. Ингээд Казахстанд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө хоёр шавиа дагаж явахаар өргөдөл бичсэн юм. Холбооноос хоёр хоногийн зардал л хүссэн юм. Гэтэл зөвшөөрөөгүй. Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс миний хоёр шавийг багшгүйгээр тэмцээнд явуулж нэр зүүж байсан нь тайланд тусгах л зориулалттай байсан болов уу. Энэ үеэр Дэлхийн бөхийн холбооноос их хэмжээний мөнгө орж ирсэн байх ёстой. Энэ нь хаашаа орсон нь мэдэхгүй. Үүнийг зайлшгүй шалгах ёстой.

Энд онцлоод байгаа 452 сая төгрөгийн өр бол ил байгаа нь. Хэрэв аудит оруулах юм бол хэд нугарсан их мөнгөний зөрчил гарна гэдгийг ам бардам хэлье.

Монголын чөлөөт бөхийн холбоог ийм хэмжээний өрөнд оруулж хаячихаад Буяндэлгэрийн Болд нарын хүмүүс үгсэн хуйвалдаж “Мэргэжлийн зөвлөл” гэх зүйлийг байгуулж чөлөөт бөхийн дахин гартаа оруулахыг санаархаж байгаа нь зэвүү хүргэж байна. Гэрийн хаалгаар гараад явсан Буяндэлгэрийн Батбаярыг тооноор оруулж ирэхийг завдаж байна л даа. Ингэхдээ мэргэжлийн зөвлөлийн даргаар энэ бүх булхай, будлианы хөрөнгө Буяндэлгэрийн Батбаярыг томилох гэнэ. Дэлхийн бөхийн холбооноос бандуулсан шүүгч Б.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр нар нь мэргэжлийн зөвлөлийн гишүүд болох юм байна. Чөлөөт бөхийг дахиад гартаа оруулж гадаад дотоодын тэмцээний төсвөөр гараа угаах гээд байгаа юм уу. Хэвийн ажиллагаатай байсан чөлөөт бөхийн холбоог авч 452 сая төгрөгийн өрөнд оруулаад орхисон хүн ямар нүүрээрээ чөлөөт бөх рүү харж байна вэ. Үүнийг хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Ийм сэтгэлээр ажилладаг хүмүүс чөлөөт бөхийн хөгжлийг урагш нь чиглүүлж чадахгүй.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын ямар тэмцээн уралдаанууд болов?

-Ковидын үед нас насны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд явагдлаа. Ингэхдээ тамирчдаас мандатны мөнгө гэж 20000 төгрөг хурааж авсан. Байнд нь өргөмжлөл л өгсөн. Жүдо, таэквондо зэрэг спортын төрлүүдийн тэмцээнүүд хэвийн явагдаж бай шагналаа олгож байсан. МЧБХ-ны зүгээс мандатны мөнгөөр л тэмцээнээ зохиосон. Шагнал өгөөгүй. 452 сая төгрөгийн өртэй холбоо юугаараа ч шагнах вэ дээ.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр БНСУ-ын шүүгчдийн мөнгө хулгайд алдагдсан гэв үү?

-Одоо Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа П.Буяндэлгэр гэж хүн цүнхнээсээ мөнгө хулгайд алдсан гэж байна лээ. Тэр хүн хулгайд алдсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэмээр юм. Бага хэмжээний мөнгө биш шүү дээ. Багаар бодоход л хэдэн арван саяар тоологдох мөнгө. Ийм мөнгө алдчихаад цагдаад мэдэгдээгүй байгааг болоход хувьдаа завшсан болов уу гэж хардаж байна. Үүнийг нуун дарагдуулах гэж их үзсэн байна лээ. Асуудал ил болоход нь асуудлыг өөрөө төлсөн гэж байгаа юм.

-МЧБХ-ны удирдлагуудын талаар хоёулаа түлхүү ярилцлаа. Та өөрөө холбоонд ажиллах ашиг сонирхолтой байгаа ч юм шиг өнгө аяс харагдаад байх юм.

-Үгүй дээ. Би өнөөдөр “Алдар” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж байна. 100 гаруй хүүхэдтэй ажиллаж байна шүү дээ. Надад холбоонд орж ажиллах зав зай алга. Ашиг сонирхол ч бахгүй. “Алдар” спорт хорооноосоо дэлхийн аварга төрүүлсэн. Одоо олимпийн медальтан төрүүлэхээр л ажиллаж байна. Сүүлд нь онцлоход, энэ бүхнийг хөндөөд байгаа минь Монголын чөлөөт бөхийн цаашдын сайн сайхны төлөө юм шүү.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын сагсан бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээн хойшлогдлоо DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд хойшлогджээ.

Тодруулбал, урьдчилсан шатны эрхийн төлөөх D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод 6 дугаар сарын 2-4-нд болох байсан ч Монголд ирэх багууд дамжин нисэх боломжгүйгээс тэмцээн хойшилжээ. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг тус тэмцээний D хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам зэрэг гурван улстай багтсан юм.

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос Монголд ирүүлсэн захидалд “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт орох D хэсгийн тоглолтууд Шри-Ланка улсын Коломбо хотод болох байсан нь тус улсын дотоод шалтгааны улмаас Монголын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах болсон. Монголын сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулалтын бүх ажлыг хийн ажилласан ч багууд дамжин нисч ирэх давагдашгүй хүчин зүйлийн улмаас боломжгүй болсноос ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сард Монголд зохион байгуулахаар болж хойшлуулсныг албан ёсоор мэдэгдлээ” гэжээ.

МИАТ компаниас Тайланд руу чартер нислэг хийх санал гаргасан боловч цаад талаас дэмжээгүй юм байна.

Categories
мэдээ спорт

​“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн бямба гаригт болно DNN.mn

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээний хөтөлбөр, зохион байгуулалт болон нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл өгч байна.

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн 07:00-18:00 цагт болно. Тэмцээн 42, 21, эрүүл мэндийн буюу 5 километр, гэр бүлийн 1.5 километрийн зайд болох бөгөөд сонирхсон иргэд цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой. Түүнчлэн марафонтой холбоотойгоор нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орох юм.

Categories
мэдээ спорт

“The Championships, Wimbledon”-д Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо DNN.mn

Дэлхийн хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “The Championships, Wimbledon”-д Орос, Беларусийн тамирчдыг оролцохыг хориглолоо. Тэмцээнийг зохион байгуулагчид Их Британийн засгийн газрын удирдамжийг үндэслэн уг шийдвэрийг гаргасан байна.

“The Championships, Wimbledon” бол дэлхийн хамгийн эртний теннисний тэмцээн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Японы тоглогчдыг тэмцээнд оролцохыг хориглож байв. Тэр цагаас хойш аливаа улсын тамирчинд хориг тавьсан хоёр дахь тохиолдол нь энэ болж байна.