Categories
мэдээ спорт

ДБНХ-ноос чансаа өндөр бөхчүүдээ урамшуулна DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос 2022 оны улирлын эцэст чансаа өндөр бөхчүүдээ мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.

Чансааны оноог ДАШТ, тивийн АШТ, чансааны тэмцээнүүдээс олгодог билээ. Мөнгөн шагналыг жин тус бүрийн тэргүүн 3 бөхөд олгоно. Энэ жилийн шагналын сан өнгөрсөн жилээс багассан нь 2020 онд цар тахлын улмаас тэмцээн явагдаагүй тул хоёр жилийн шагналыг 2021 онд олгосонтой холбоотой юм.

ДБНХ-ноос сонгомол барилдааны шагнал хүртэх бөхийн нэрсийг зарлалаа. Хамгийн их шагналыг Азербайжаны бөхчүүд авсан байна. Тэд долуулаа 27 мянган ам.доллар авсан бол 22 мянган ам.доллар хүртсэн Туркийн баг удаалжээ. Хачирхалтай нь Дэлхийн Цомын эзэн Ираны багаас ганцхан бөх эхний гуравт багтжээ.

Энэхүү урамшуулалд 13 улсын тамирчид хамрагдахаар болсны дотор Монголоос эмэгтэйчүүдийн 50 кг жинд чансааг 52000 оноогоор тэргүүлсэн Д.Отгонжаргал 5000 ам.доллар хүртэх юм. Харин эмэгтэйчүүдийн 53 кг жинд Б.Хулан /45000/, эрэгтэйчүүдийн 57 кг жинд З.Занданбуд /45000/, 125 кг жинд М.Лхагвагэрэл /53600/ нар 3-т эрэмбэлэгдэж 2000 ам.доллар тус тус хүртэхээр болжээ.

Сонгомол барилдаанаас хамгийн өндөр чансаатай бөх нь Туркийн Риза Каялп. Тэр энэ жил дэлхийн аварга, Европын АШТ-д түрүүлж, чансааны 2 тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж, 74200 оноо цуглуулжээ.

Categories
мэдээ спорт

Ш.Энхийн-Од багаа тэргүүлж, “Дэйтон Флайерс” улирлын эхний хожлоо авав DNN.mn

АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-гийн нэгдүгээр дивизионы шинэ улирлын тоглолт болж байна.

“Дэйтон Флайерс” өнөөдөр “Линдэнвүүд лионс” багийн эсрэг тоглож, 73:46 харьцаагаар илүүрхэн, улирлын эхний хожлоо авлаа.

Тус багийн гарааны бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од багтаж, 14 оноо авч, гурван самбар, таван дамжуулалт өгснөөр багаа тэргүүлсэн байна. “Дэйтон Флайерс” багийн дараагийн учраа нь “СМУ Мустанг” бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нд талбайдаа хүлээн авна.

Categories
мэдээ спорт

3Х3: Монголын багууд дэлхийн элсний наадамд оролцох болзлоо хангалаа DNN.mn

Индонезийн Бали аралд 2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд дэлхийн элсний наадам зохиогдоно. Тус наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудыг зохион байгуулагчид зарлалаа.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 баг баг өрсөлдөнө. Арваннэгдүгээр сарын 1-нд гарсан дэлхийн чансаагаар тивдээ эхний дөрвөн байрт бичигдсэн багууд (Ази тивийн хувьд эхний гурав) наадамд шууд оролцох эрхтэй болсон байна.

Тивийн чансааны нэг болон гуравдугаар байрт бичигдэж буй Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид уг журмын дагуу наадамд оролцох эрхтэй болов.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, АНУ, Чили, Доминикан, Пуэрто-Рико, Египет, Бенин, Тунис, Кени, Литва, Франц, Польш, Израиль болон зохион байгуулагч Индонезийн шигшээ наадамд өрсөлдөх болзлоо хангаад байна.

Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд БНХАУ, Япон, Монгол, АНУ, Венесуэл, Чили, Доминикан, Египет, Тунис, Кени, Уганда, Франц, Герман, Нидерланд, Литва болон зохион байгуулагч Индонезийн шигшээ өрсөлдөхөөр боллоо.

2019 онд Катарын Доха хотод болсон өмнөх элсний наадмаас 3х3 сагсны эрэгтэй шигшээ хүрэл медаль хүртэж байв.

Ирэх жилийн наадамд манай улс 3х3 сагсан бөмбөгөөс гадна элсний бөх, элсний волейболын төрлөөр эрхээ аван оролцох боломжтой.

Categories
мэдээ спорт

О.Баярцэнгэл кикбоксын ДАШТ-ээс хүрэл медалийн эзэн боллоо DNN.mn

“ISKA” холбооны дэлхийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээний 65 кг-ийн жинд Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч О.Баярцэнгэл хүрэл медаль хүртлээ.

Бүгд Найрамдах Турк улсын Анталя хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 5 тивийн 31 орны 1000 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулж байна.

Ахлагч О.Баярцэнгэл нь Онцгой байдлын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд кикбокс, боксын спортоор хичээллэж, уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Т.Хангал Тайландын лигт легионер тамирчнаар тоглоно DNN.mn

Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Хангал Тайланд Улсын лигт легионер тамирчнаар тоглохоор эх орноосоо мордлоо.

“Натур Ноён Мед” клубын тамирчин тэрбээр 20 настай. Түүний өвөө волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Ренчин, аав нь волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Р.Тамираа юм.

Тэрбээр “Тив, дэлхийн болон Олон улсын тэмцээнд оролцож, гадны оронд легионер тамирчнаар тоглохыг хүсдэг” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан бөгөөд мөрөөдлөө ийнхүү биелүүлж байгаа нь энэ билээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Монголын 7 боксчин Амманы ринг дээр тулалдана DNN.mn

Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 5 дахь өдөр Монголын 4 боксчин тулалдаж бүгд өрсөлдөгчдөө ялснаар тэд хүрэл медалийн болзол хангаад байна.

Монголын баг тамирчдын энэ өдрийн тулааны талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ, олон улсын шүүгч Ц.Нандигжавын бичсэн 5 дахь өдрийн тодруулга мэдээллийг хүргэж байна.

Монголын боксчид энэ өдөр нэг ч ялагдалгүй тэмцээнийг өндөрлүүлсэн, мөн энэ тэмцээний хамгийн олон алдартнууд рингэнд гарсан сайхан өдөр байлаа.

Шигшээ 1/4 тулаанууд бол медаль руу орохуу үгүй юу гэдгийг шийддэг маш хариуцлагатай тэмцэл өрнөдөг. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд Л.Алтанцэцэг Узбекийг 3:2-оор, 54 кг жинд О.Есүгэн Филиппинийг 5:0-ээр, 60 кг-д У.Шинэцэцэг Тайванийн тамирчинг 4:1-ээр тус тус ялсан.

Харин эрэгтэйчүүдээс Х.Энхмандах БНСУ-ын боксчинг 4:1-ээр буулган авч тивийн аваргын хүрэл медалийн болзол хангаснаар Монголын багаас 5 боксчин медальтай болсон бөгөөд тэдэнд дараагийн тулаандаа медалийнхаа өнгийг хувиргах асуудал үлдэв.

Мөн энэ өдөр олимпын аваргууд Японы Ирие Сена, Узбекийн Хасанбой Дусматов, Дэлхийн аваргууд Казахстаны Бибоссинов, Японы Цубой Томоя, Тайванийн Циао Вен Хуанг, Филиппинийн Нести Петисио, олимпын хүрэл медальт Казахстаны Дарига Шакимова, ДАШТ-ий мөнгөн медальт Казакийн Жайна Шекербекова, Тайландын Жутамас Житпонг, дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Парвийн Хоода нарын алдартнууд энэ өдөр ялалт байгуулж медалийн босгыг давж алхлаа.

Түүнчлэн 2006 оны дэлхийн аваргад оролцоод сураг тасарсан 35 настай энэтхэг бүсгүй Приити Узбекийн боксчныг ялж тивийн аваргын анхныхаа хүрэл медалийн болзлыг хангаж байх юм.

ОУХМ Х.Энхмандахын жин хамгийн том алдартнуудаар дүүрэн, ёстой гайхамшиг байж нэг олимпын аварга Узбекистаны Дусматов, дэлхийн аварга Казакстаны Бибоссинов, Японы Цубой Томоя нартай хамт дөрвүүл тунаж үлдлээ. Гайхалтай ховор түүх шүү. Олимпын аварга Ирие Сена дэлхийн 2, Азийн хошой аварга Тайванийн тамирчин Юу Тинг Линийг ялж, медалиас мулталж орхилоо. Спорт ийм л байдаг даа.

Өнөөдөр /11.06/ хүрэл медалийн төлөөх хариуцлагатай тулаанууд үргэлжлэн явагдана. Манай 7 тамирчин рингэнд гарч хүч, зориг, авхаалж самбаагаа үзүүлнэ. Эрэгтэй 48 кг-д О.Өнөболд Японы Аратаке Казуматай, 67 кг-д Азийн аварга Б.Чинзориг Палестинтай, 54 кг-д Д.Ганболд Казахстаны залуу од Белградын дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн залуучуудын аварга Махмуд Сабирхантай, 57 кг-д Г.Лундаа Тайванийн тамирчинтай, 60 кг-д Б.Буяндалай Ирантай, эмэгтэй 48 кг-д Б.Жанаргуль Японы Като Хикару-тай, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ Ази тивийн хошой аварга Казахстаны Римма Волосенкотой тус тус тулалдана.

Манай ид гарч ирж байгаа залуу боксчид болох Лундаа, Буяндалай, Жанаргуль нарын хувьд медалийн босго давах 100 хувийн боломж байна.Мөн Б.Чинзоригийн хувьд өрсөлдөгч нь түүнд хөнгөн даваа байх болов уу. Т.Номин-Эрдэнэ, Д.Ганболд хоёрт аваргуудыг ялж сүр хүчээ үзүүлэх сайхан боломж байгаа. Ер нь боксчид алдарт аваргуудтай таарч тулалдахыг аз завшаан гэж үздэг. Боломжоо л ашиглах нь хамгаас чухал. Махмуд Сабирхан бол Азийн залуучуудын аваргаар Улаанбаатарт ирж 54 кг-д түрүүлж байсан, Белградын дэлхийн аваргаар финалд шалгарч, харин одоо энд 51 кг жинд тулалдаж байгаа. Тэр Японы дэлхийн аварга Цубой Томояд ялагдаж мөнгөн медаль хүртсэн боксчин, манайхан түүний тоглолтын арга техникийг нь сайн мэднэ. Хашир туршлагатай, ахмад аварга Римма Волосенког ч манай боксчид сайн мэднэ. Багш нар нь тодорхой тактик төлөвлөж хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Боксчиддоо амжилт хүсье хэмээн онцоллоо.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын жюү жицүчид 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ DNN.mn

Япон улсын Нагоя хотноо өчигдөр (2022.11.05) эхэлсэн жюү жицүгийн “Asian open 2022” тэмцээнд хүч үзэж буй Монголын тамирчид 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, “Их шавь” дэвжээний тамирчин Г.Хүслэн цагаан бүсний 61 кг-ын жинд мөнгөн медаль, “Их шавь” дэвжээний тамирчин И. Баасанжаргал хөх бүсний 74 кг-ын жинд мөнгөн медаль, Gmobile ХК, “Bogd asar enjerening Almighty clinic”, “Их шавь” дэвжээний тамирчин М.Даваадорж насанд хүрэгчдийн бор бүсний 74 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Categories
мэдээ спорт

Монголын пара жүдочид ДАШТ-д өрсөлдөхөөр Бакуг зорив DNN.mn

Азебайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-11-ний өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Базаррагчаагийн Нарантуяагийн удирдлага дор есөн эрэгтэй, долоо эмэгтэй тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Бакуг зорив.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг-ын жинд С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх өрсөлдөнө. Харин 90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат, Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Н.Алтанцэцэг, Л.Туруунаа нар өрсөлдөх юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

Бакугаас Л.Сосорбарам мөнгө, Б.Цогт-Очир хүрэл медаль хүртжээ DNN.mn

Жүдо бөхийн Бакугийн Гранд Слам өчигдөр/2022.11.04/ эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн нийт 18 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр хоёр медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдсөн Б.Цогт-Очир хэсэгтээ Израилийн Матан Коколаевыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Азербайжаны Балабай Агаевд ялагджээ. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Дилшодбек Баратовыг, хүрэл медалийн төлөө мөн тус улсын Кемран Нуриллаевыг тус тус ялжээ.

Эрэгтэйчүүдийн -66 кг-д Б.Эрхэмбаяр тавдугаар байр эзэллээ. Тэрбээр хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарсан ч эхлээд Тажикстаны Мулоражаб Халифаевд дараа нь Испанийн Давид Гарсиа Торнед тус тус ялагджээ.

Эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү хүрэл медалийн төлөө Сербийн Милица Николичтой барилдсан ч ялагдал хүлээжээ.

Эмэгтэйчүүдийн -52 кг-д Л.Сосорбарам хэсгээ тэргүүлэн хагас шигшээд Узбекистаны Сита Кадамбоеваг ялжээ. Ийнхүү алтан медалийн төлөө Диёора Келдиёороватай учраа таарсан ч торгуулиар ялагдав.

Эмэгтэйчүүдийн -57 кг-д Г.Мөнхтуяа Их Британийн Некода Смит-Дэвист ялагдан тэмцээн өндөрлүүлсэн.

Categories
мэдээ спорт

Сонирхогчдын боксын Дэлхийн цомын тэмцээнээс найман тамирчин медаль хүртжээ DNN.mn

Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 2-5-ны хооронд болж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж буй.

Дэлхийн цомын рингэнд гарсан Монгол тамирчдын хувьд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медалийн төлөө тулалдах бол 54 кг-д Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Тэгвэл 50 кг-ын жинд Н.Оюун-Эрдэнэ тулаанаа дуусгасан бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Даваадорж, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медалийн болзол хангав.

Ийнхүү дэлхийн цомыг зорьсон Монголын есөн ширэн бээлийтнээс найм нь медальтай ирэх нь тодорхой боллоо.