Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Нэг хүнийх шиг бичгийн хэвтэй Хишиг-Өндөрийн хичээнгүй сурагчид

Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийг 1972 онд С.Ичинхорлоо багштай төгссөн наймын “а” ангийнхан дөч гаруй жилийн дараа төрөлх сургууль дээрээ уулзахаар болзжээ. Анх 1964 онд Ц.Гунгаа багшийн удирдсан ангид баг багаас ирсэн охид, хөвгүүд цуглаж байж. Ангийн багшийнхаа уншуулсан “Салан баавгайн үлгэр”-ийг “Салаан баавгайн үйлгэр” гэж уншиж байсан гэнэн хонгор үе тэртээд алсран үлдэж бүгд амьдралын харгуйд аав, эжий болон замнажээ. Өнөөдөр ангийн хоёр багш нь мэнд амар аж төрцгөөж байна. Их эрдэмтэн Ш.Гаадамбын төрсөн охин С.Солонгос ч эдний ангийн хүүхэд. Харин тэрээр өргөмөл эцэг Сууриараа овоглодог юм билээ. Солонгос бол Эрхүүгийн ХААИС-ийг төгссөн өндөр боловсролтой нэгэн. Хожим Хөвсгөл аймгийн Рашаант сумын ИТХ-ын нарийн бичиг, Засаг даргын орлогчоор ажилласан байна. Гадаадад суралцсан бас нэг эрхэм нь ЗХУ-ын Омскт техник мэргэжлийн сургууль төгссөн Бя.Даваажав. Бя гэхийн учир нь Баасандамбын, Цэндбазарын гэсэн хоёр амидай нь цаана нь байгаа хэрэг.

Энэ ангийнхан наймаа төгссөнөөс хойш үндсэндээ цацсан будаа шиг л талын нэг тарчихсан хамт олон. Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Өмнөговь, Могод, Дорноговь, Хөвсгөл, Тэшиг, Гурванбулаг, Хангал гээд ёстой л Монголын өнцөг булан бүрт үүрнээсээ ниссэн шувуухай шиг тархаж орхиж дээ. Эдний анги бол тэнгэрт гартал тасраад цойлчихсон алдартан суутан хомсхон Монголын түм түм төгсөлтийнхний л адил байдаг нэг эгэл жирийн нэг ангийнхан. Ангийн төлөөлөл болсон доктор, профессор С.Бадарч ХААИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуулийн маркетингийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Монгол Улсын ууган хөдөлмөрийн баатар Зундуйн Очир гуайн өргөмөл хүүгээс төрсөн ач хүү. Ууган хоньчин баатрын бас нэг хүү Дамдины охин Дэнсмаа нийслэлийн лаборатори нэгдүгээр сургуульд багшилдаг, хэлбичгийн ухааны доктор хүн. Тэрээр ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Бүлгийн дарга, таван онцын эзэн тэрээр гуравдугаар ангид байхдаа нам төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбалыг хүндэт пионерт элсүүлж пионерийн тэмдэг зүүж өгч байсан нэгэн.

Бал дарга савхин дээлтэй байсан болохоор хоёр ч тэмдэгний зүү хугалсны эцэст “За, миний охин наад тэмдгээ надад өгчих. Би зүүлгэсэн гэж бодоод авчихъя” хэмээн халаасалсан гэдэг. Энэ тухай “Пионерийн үнэн” сонинд “Ю.Цэдэнбал даргыг “бөхийлгөсөн” хүүхэд” гэсэн сурвалжлага гарч байсан түүхтэй.

Сурвалжлагыг “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан, яруу найрагч Жанчивын Шагдар гуай бичиж байж. Жан.Шагдар найрагч хоёр докторын өвөө Зундуйн Очир гуайн тухай “Эргэх дөрвөн цаг” баримтат туужийг бичих гэж бүтэн жил дагалдан хоньчин байсан хүн. Эл тууж дунд сургуулийн уран зохиолын сурах бичигт бараг ерээд он хүртэл байдаг байсан. Өвөөгийнхөө зурагтай туужаар үнэндээ бахархдаг байсан шүү гэж тэд өнөө дурсаж сууна. С.Бадарч хэрдээ хөөрхөн дуулчихдаг авьяаслаг нэгэн байсан гэнэ. Хишиг-Өндөр сумын урлаг соёлын гурван хоног Булган аймгийн төвд болоход зургадугаар ангийн сурагч Бадарч “Могой хээр” дуугаар оролцож, мандолины чуулгад Д.Дэнсмаа хөгжимдөж байсан аж. Гавьяат жүжигчин Нямын Цэгмид, Сүрэнхорлоо, Доржсүрэн, Гүрбазар нарын шүүлтүүрээр ийн сонгогдож байсан гэхээр Хишиг-Өндөрийнхний авьяас түрмэг байсан нь илэрхий. Ангийн дарга Гэндэнсүрэнгийн Цэцгээ төрөлх сургуулийнхаа орос хэлний багшаар насаараа ажиллажээ. Салаан дарга Ёндонгийн Билгүүн бараа судлаач мэргэжлээрээ Улаанбаатар хотын бөөний бараа баазуудад олон жил ажиллаж, эдүгээ “Миний фото” студийн арвангуравдугаар салбарын эрхлэгчийн алба хашиж байна. Билгүүн охин саваатай бүжгийг ёстой нэг нахилзаж намилзтал хийдэг байсан гэнэ дээ. Монгол Улсын гавьяат багш Цэдэв эдний ангийг “Одонтой анги” хэмээн тодорхойлсон нь учиртай. Алтан гадас одонгоор О.Тарвий, М.Батсуурь, Ч.Наранцэцэг, Г.Цэцгээ, О.Болд, С.Бадарч нар энгэрээ мялаасан бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Удвал нарын дөрвөн хүн шагнагдсан болохоор арга ч үгүй биз. Ангиас Б.Баасан, Г.Цэндсүрэн хоёр хүүхэд насны үерхлээ амьдрал болгон холбож. Сум орныхоо нэр нүүрийг тахалж яваа мянгат малчид хэд хэд бий. Хишиг-Өндөр сумандаа О.Тарвий, А.Пүрэвсүрэн, Ц.Должинсүрэн, С.Ягаан нар буянт сүргээ өсгөж үржүүлж яваа бол Бугат суманд Ж.Гарамсамбуу, Могод суманд Д.Мяхлай нар малынхаа тоог мянгаас дээш давуулан аж төрж байгаа юм байна. Төгсөлтийн 38 хүнээс магистрын зэрэгтэй 32, салбарын тэргүүний ажилтан 35 хүн байгаа нь нэгэн жигд сайн сурлагатай анги байсны илэрхийлэл гэлтэй.

Тэшүүрийн спортын мастер Ц.Сайнцэцэг Эрдэнэтэд холбооны инженерээр ажилладаг бол хөнгөн атлетикийн нэрт тамирчин О.Гансүх Өмнөговь аймагт “Оюу толгой” компанид мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрчлэн зээрэнцэг, бөөрөнцгийн нэгдүгээр зэргийн тамирчин Ба.Даваажав биеийн тамирын багш бөгөөд улсын арслан Д.Азжаргалын авга эгч нь аж. Гартаа их бүлтэй энэ бүсгүй Намхай аваргын удмын хүн гэнэ. Сурагч ахуй наснаасаа гар бөмбөгөөр гайхуулж явсан Дамдинсүрэнгийн Мягмарсүрэн Орхон аймгийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Эдний анги сайхан бичлэгээрээ сумандаа байтугай улсдаа толгой цохиж монгол хэлбичгийн улсын олимпиадад ангиараа хоёрдугаар байр эзэлж байсан сайхан түүхтэй. Энэ бол гавьяат багш Доржийн Цэдэвийн л гавьяа гэж өнөө ч тэд боддог юм билээ. Багш нь “Адармаатай үгийн толь” хөтлүүлж “буур-буурь, аргал-аргаль, нударга-шударга” гэх мэтээр хүүхэд бүртэй тулж ажилласаар гуч гаруй хүүхдийг яг нэг хүүхдийнх шиг алдаагүй, цэвэр сайхан бичүүлж сургасан ачтай. Тухайн үед ардын боловсролын тэргүүний ажилтан Балжирын Байвал багш эдний ангийг улсын олимпиадад бэлтгэж оруулжээ. Б.Байвал багшийгаа ирээд удаагүй байхад самбарт юм бичиж байх үеэр охид хөвгүүдгүй “Баллуур байвал баллая”, “Боорцог байвал идье”, “Багш байвал суралцъя” гэх мэтээр багшийнхаа Байвал нэрийг оролцуулан тоглоом тохуу хийдэг байснаа олимпиадад уйгагүй сэтгэл гарган бэлтгэл хийлгэснээс хойш хэн нь ч тэгж дооглохоо больцгоосон гэдэг.

Цэвэрч нямбай бичиж сурахын тулд ангийнхаа самбарыг долоо хоног тутамд шинэчлэн сольдог байсан гэхээр хичнээн их хичээл зүтгэл гаргаж байсны гэрч болох нь дамжиггүй. Монгол хэлбичгийн олимпиадад дээгүүр байр эзлэхэд нь гавьяат багш Гонживын Рэнцэндоржийн ажлын арга барил ч их нөлөөлсөн гэдэг. Хишиг-Өндөрийн сургууль угаасаа “Тайлбартай дасгал”-аараа Монгол Улсын боловсролын салбарт хувь нэмрээ оруулсан монгол хэлний багш нараараа алдартай ажгуу. Монгол Улсын их, дээд сургуулийн монгол хэлний багш, мэргэжилтнүүд ирж их туршлага судалдаг байсан гэдэг. Монгол хэл бичгээрээ гайхуулж явсан эл ангиас найман эдийн засагч, гурван эмч, хоёр малын эмч, хоёр холбооны инженер, нийтийн хоолны технологич хоёр, цагдаагийн офицер, барилгын инженер, ойн техникч тус бүр нэг гээд улс эх орондоо хэрэгтэй мэргэжилтнүүд төрөн гарчээ. Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгыг ээлжлэн олон жил барьсан ангийн андууд бол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Батсуурь, сумын Ардчилсан намын дарга О.Тарвий хоёр юм. Тус сумын сургуулийн хичээлийн эрхлэгч, захирлын албыг хорин гурван жил хашсан удирдах ажилтан гэвэл ардын боловсролын тэргүүний ажилтан Ч.Наранцэцэг аж.

Эдний ангийнхан улс орондоо нэр төртэй сайн сайхан яваагаа эрдмийн гэгээ хайрласан багш нартайгаа л холбон ярьцгаана. Хишиг-Өндөрөөс нэгэн үе тэшүүрийн спортын тамирчид шил дараалан төрж алдар суугаа мандуулж байсан нь биеийн тамирын багш Д.Зампаалай, Ч.Нямсүрэн нарын хичээл зүтгэлтэй зайлшгүй хол­бог­доно. Ангийн багш С.Ичинхорлоо нь гэхэд сургууль дөнгөж төгсөж ирсэн залуухан бүсгүй дугуй, мотоцикль унан хөдөөгийнхнийг бишрүүлэхээс гадна цанын спортын мастер хүн байсан гэдэг. Физик, математикийн багш С.Ичинхорлоо ангийнхандаа Жюль Вернийн “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Капитан Грантын хүүхдүүд”, “Арван таван наст ахмад” романуудын хорхой хүргэм хэсгийг уншиж өгөөд “За, та нар үргэлжлүүлэн уншина биз” гэж амтшуулаад орхидог байсан нь оюун билгийн далайд сэлэх өвчүүн завь шиг шавь нарт нь салхинаа дэрвэх далбааг орлодог байсан гэнэм.

Хишиг-Өндөр сумын сургуулийн түүхт 90 жилийн ой ирэх сарын эхээр уугуул нутагтаа болно. Тэр үеэр ангийнхан уулзацгааж 42 жилийн дотор хэрхэн аж төрөн явцгааж байгаагаа нэхэн дурсаж, баяр-гунигийн нулимстайгаар тэврэлдэн учирцгаах биз ээ. Дөчин хоёр жил гэдэг хүний нэгээхэн амьдралд маш урт хугацаа. Энэ хооронд эдний ангийнхнаас олон найз нь бурханы оронд оджээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Л.Жийжээ, Н.Баяраа, Ш.Цэндсүрэн, Ш.Туяа, Л.Чулуунпүрэв, Т.Бат-Өлзий, Я.Сосор, А.Баярсайхан, Д.Бурмаа, М.Ганболд, Ш.Гантөмөр, Б.Батжаргал, С.Ичинхорлоо, Э.Оюунтуяа, С.Бямбажав, С.Ганболд нараа тэд хүүхэд ахуйн гэнэн гэгээхэн төрхөөр нь дурсацгааж, сэтгэл зүрхэндээ амьдралын мөн чанарыг мэдэрцгээнэ. Тэр л цагт нэг ангийнхан гэдэг хичнээн үнэ цэнэтэй, хүний амьдрал гэдэг ямархан гайхамшиг болохыг ойлгоцгоох буюу. Ай хөөрхий, сурагч насны хонгорхон мөчүүд юутай хол одовч, юутай ойр санагднам бэ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Оюуны спортын их мастер А.Энхтуул

Хорьхон настай А.Энхтуул шатрын спортын их мастерын болзол хангалаа. Манай улс эрэгтэй гурав, эмэгтэй хоёр их мастертай байсан бол А.Энхтуул тэдэн дээр нэмэгдэж байна. Тэрээр хоёр жилийн өмнө сурагчдын дэлхийн аваргаас алтан медаль хүртэж олон улсад цуурайтах амжилтаа эхлүүлж байсан. Дараа нь Вьетнамд болсон Азийн аваргаас алтан медаль авч байлаа. Жилээс жилд амжилтаа ахиулсаар их мастерын гурван баллтай болжээ. Дээрх амжилтуудаараа түүний рейтинг 2300 болж, их мастер цолны болзол хангалаа. Тэрээр цолоо ирэх сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна. 

А.Энхтуулын аавыг Алтан-Өлзий гэдэг. Эднийх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын айл. Дунд сургуульд байхаасаа л шатар тоглох хоббитой болсон түүний анхны багшийг Ц.Батболд гэдэг. Есөн настай байхдаа “Төр монгол” дунд сургуулийн Ц.Батболд багшаар шатар заалгаж эхэлжээ. Гадаад дахь анхны тэмцээн нь 2006 онд Чехийн Пардубице хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн байсан гэдэг. Уг тэмцээнд Ц.Сайханчимэг, Ц.Саруул, Н.Бадамханд нарын шатарчидтай нэг баг болон оролцжээ. Тэрээр энэ тухайгаа “Чех рүү тэмцээнд явахыг мэдээд их догдолж байсан. Олон орны тамирчинтай халз тоглох сайхан санагдаж, бас сүрдэж байлаа. Гэхдээ алтан медальтай буцна гэж төсөөлөөгүй. Үнэхээр их баярлаж урам орсон” хэмээн ярьсан. Уг тэмцээний дараа Ц.Батболд багш нь АНУ руу явахаар болжээ. Анх шатар зааж өгсөн багш нь харийн улс руу удаан хугацаагаар явсан учраас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Жигжидсүрэн багшийн шавь болсон байна. Шатрын олон улсын томоохон тэмцээнд оролцох бүртээ шинэ танилуудтай болж эхэлсэн нь түүний амжилтын гараа гэж хэлж болно. Учир нь тэрээр найзуудаараа дамжуулан улсынх нь шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийдэг. Сүүлд л гэхэд дэлхийн аварга Хоу Ифань найзынхаа урилгаар Бээжинд очин Хятадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Уг бэлтгэлийнхээ үр дүнд Буриадад болсон насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах “Байкальские Зори” тэмцээнийг зорин гуравдугаар байрт шалгарсан байна. Харин түүний сэтгэлд хамгийн тод хоногшсон нь Туркийн Кайсери хотод болсон өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. А.Энхтуул уг тэмцээний үеэр өөрийнхөө ангилалд чансаагаараа тэргүүлж байсан тамирчныг хожсон байна. 

А.Энхтуул дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн хятад хэлний ангид элсэн оржээ. Оюутан болоод удаагүй байхдаа сургуулиа солин Москва хотод сэтгэлзүйч мэргэжлээр суралцаж байгаа юм байна. Сурч байх хугацаандаа өдөрт хоёроос гурван цагийг бэлтгэлдээ зориулдаг. Тэмцээний үед харин эрчимжүүлсэн бэлтгэл хийдэг ажээ. Чөлөөт цаг гарвал өөрийнхөө блогийг шинэчилнэ. Шатар тоглохоос гадна бас нэг хобби нь хүнтэй ярилцлага хийх гэсэн. Энд тэнд тэмцээнд оролцож байхдаа дэлхийн аваргуудаас яриа авчихна. Түүнийгээ өөрийнхөө блогт оруулдаг гэсэн. Сэтгэлзүйч мэргэжилтэй болчихоод үргэлжлүүлэн сэтгүүлчээр сурах бодолтой байгаа юм байна. “Би чөлөөтийн С.Батцэцэг болон дэлхийн аварга Хятадын шатарчин Хоу Ифань нартай ярилцлага хийж байсан. Блогтоо оруулчихдаг юм” гэлээ. Түүний блогт алдартай тамирчдын ярилцлагаас гадна шатрын спортын сонин сайхан, шатарчдын тухай танилцуулга бий ажээ. 

Тэрээр “Бороо гоулд”, “Монгол-Чех металл” ХХК-иар овоглож явдаг. Дөнгөж 12 настай байхаасаа л дээрх хоёр компаниас цалин авч эхэлжээ. Тодорхой хэмжээний орлоготой болохоор аав ээжээсээ мөнгө нэхээд байхгүй. Өөрөө өөрийгөө болгоод явчихдаг гэсэн. Харин сургуулиа төгсөөд шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг. “Их мастерын болзол хангачихлаа. Наймдугаар сард цолоо албан ёсоор баталгаажуулан авна. Одоо хамгийн том мөрөөдөл минь үлдсэн. Монголдоо шатрын сургууль байгуулна” гэлээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн банк мөнгөний бодлогоо чангаруулахыг зөвлөв

-УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ ЧУХЛЫГ МӨН САНУУЛЖ БАЙНА-

Эдийн засгийн өсөлт  сайн  ч сөрөг үр дагавартайг  Дэлхийн банкны эдийн засагчид сануулж байна. “Хэт халсан  хөдөлгүүр яадаг билээ, үүнтэй адил сөрөг нөлөөтэй” хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли зүйрлэв.  Тэд жилд хоёр удаа Монгол Улсын эдийн засгийн тоймыг мэдээлдэг бөгөөд MCS плазагийн дөрөвдүгээр давхарт ээлжит мэдээллээ хийлээ. Түүнтэй хамт эдийн засагч Ш.Алтанцэцэг сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Эдийн засгийн хэт өсөлт нь эдийн засгийн эмзэг байдлыг бий болгож байна гэж ахлах эдийн засагч Тэхюн Ли тодорхойлсон юм. Энэхүү эмзэг байдал нь  олон улсын санхүүгийн зах зээлээс зээл авахад сөргөөр нөлөөлдөг үзүүлэлт. Зээл авсан ч хүү өндөр байхад хүргэдэг аж. Сүүлийн гурван жил дараалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа.  Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт их хэмжээний  мөнгө нийлүүлснээс төгрөгийн ханш суларсан,  инфляци тогтмол өссөн. Засгийн газраас зээлийг нэмэгдүүлэхгүй мөнгөний нийлүүлэлтээ барьсан тохиолдолд инфляци тогтворжих учиртай. Цэвэр экспорт бага зэрэг өссөн нь Оюу толгойгоос экспортолж байгаа зэс ДНБ-ий өсөлтөд эерэгээр нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Тавдугаар сард инфляци  13.7 хувьд хүрэв. 

Гурван жилийн турш эдийн зас­гийн өсөлт өндөр байсан ч  гадаадын шууд хөрөнгө оруулалт багассанаар урсгал дансны алдагдал ихэссэн.  Урсгал дансны алдагдал 2011-2013 онд  ДНБ-ий 30 гаруй хувьд хүрч огцом өсчээ. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтаар төсвийн алдагдлыг нөхдөг байсан.  Өдгөө гадаадын хөрөнгө оруу¬лалт төсвийн алдагдлыг нөхөх хэм­ж­ээнд орж ирэхгүй  байгаа учраас хүндхэн байдалд оржээ. Дэлхийн банкны эдийн засагчид санхүүгийн тогтвортой байдлыг бий бол­гох нь чухал гэж үзэж байна.  “Эдийн засгийн тогтвортой бай­дал гэдэг нь эдийн засгийн өсөл­тийг хоёр оронтой тоонд  барих гэсэн үг биш. Үнийг тогтворжуулж, төлбөрийн тэнц¬лийн алдагдлыг  бууруул­на гэсэн үг. Хүмүүсийн хэрэг­лээнд эерэгээр тусч байвал эдийн засаг тогтвортой бай­на гэж үзэх хэрэгтэй” гэж ахлах эдийн засагч Тэхюн Ли тайлбарлав. Мөнгөний ханшийн уналтаас болоод манай иргэд хэрэглээгээ танаж эхэл­сэн. “Мөнгөний бодлогоо чангатгах хэрэгтэй” гэж тэд зөвлөж байгаа юм. Инфляци өндөр хэвээр үргэлжилбэл  хэрэглээ дарамтанд орно.   Зээл өсөөд байвал инфляци өсөөд байдаг учраас зээлийн өсөлтийг сааруулах хэрэгтэй гэнэ. Валютын ханшийг уян хатан байлгах Төв банкнаас авч байгаа арга хэмжээ зөв гэж үзэж буйгаа ахлах эдийн засагч хэллээ. 2011 онд импорт ихээхэн өссөн дүн гарсан нь зөвхөн Оюу толгойн үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж, бараа мате¬риал хилээр орж ирж байсантай холбоотой. Энэ нь урсгал дансны алдагдлыг тэлж орхижээ. Сүүлийн гурван жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар урсгал дансны алдагд¬лаа санхүүжүүлж ирсэн ч гадаадын хөрөнгө оруулалт 2013 онд 50 хувиар буурсан. Оны эхний таван сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 64 хувиар буурсан дүн гарчээ. Тиймээс Засгийн газар урсгал дансны алдагдлынхаа хагасыг бонд босгож хаасан байна. 2013 онд валютын нөөцөөсөө урс­гал дансны алдагдлаа хаахад зарцуулж эхэлжээ.  Урсгал дансны алдагдал өндөр,  түүнийг хаах хөрөнгө оруулалт байхгүй нөхцөлд  валютын нөөц буурна. Гадаад валютын нөөц тавдугаар сард 1.6 тэрбум ам.доллар  болж, 2012 оны эцсээр хамгийн өндөр байсан үзүүлэлтээсээ 61 хувиар буурчээ.   Энэ нь эргээд төгрөгийн  ханшийг бууруулж, үнэ цэнийг нь уна­га¬хад хүргэдэг байна. Жил хагасын хугацаанд төгрөгийн ханш 25 хувиар суларчээ.  

Импорт буурч, зэсийн экспорт сайжирснаар 2014 онд урсгал дансны алдагдал багахан хэмжээгээр буурах төлөв гарчээ. Гэхдээ энэ нь засгийн бодлогын сайных бус. Зах зээл өөрөө өөрийгөө тохи¬руулсан хэрэг гэж Дэлхийн банк¬ны эдийн засагчид тайл¬барлав. Уул уурхайн бус салбар хумигдсантай холбоотойгоор эдийн засаг идэвхгүй байдалд шилжиж импорт буурсан аж.  Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 20 хувь нэмэгдэх учраас ашигт малтмалын салбарын өсөлт хэвээр үргэл­жилнэ хэмээн эдийн засагчид тооцов.  

Инфляци  өндөр байгаа нь хүмүүсийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлжээ. Үнийн өсөлтийн хурд, өрхийн орлогыг гүйцэж түрүүлжээ. Хүмүүс хэтэвчиндээ зохицуулан хэрэглээгээ танах болсон. Айл өрхийн өрийн хэмжээ нэмэгдэж байгаад анхаарах шаардлагатайг Дэлхийн банк сануулав.

Орон сууцны моргейжийн зээлийн өсөлтийн улмаас  өрхийн өр зээлийн хэмжээ 50 гаруй хувиар нэмэгджээ.  2013 оны байдлаар  өрхийн жилийн орлого дахь дундаж өр 60 орчим хувь болж өсчээ. Хэрэв хүмүүс өрийн дарамтанд орж, банкны зээлээ хойшлуулах, хугацаа хэтэрсэн зээл нэмэг­дэж эхэлбэл яах вэ. 2013 оноос эхлээд хүмүүс авсан зээлээ төлж чадахгүйд хүрч, найдваргүй зээл хугацаа хэтэр­сэн зээлийн хэмжээ өсч, банкны тогтолцоонд сөргөөр нөлөө¬лөх хандлагатайг Дэл­хийн банк сэрэмжлүүлсэн. Орон сууцны зах зээлийн халалтын талаар тэд нэг бус удаа дурдав.  Орон сууцны инфляци огцом өсөх нь маш хэцүү гэлээ.  Орон сууцны зах зээл хэт халах нь  улмаар банкны салбарт нөлөөлдөг. Төв банкнаас хоёр их наяд төгрөгийг моргейжийн зээл болон барилгын компаниудын үйл ажиллагааг дэмжихэд зарцуулжээ. Энэ нь барилгын салбарыг халаахад хүргэсэн гэв.  Орон сууцны нийлүүлэлт хэтрэх хандлага бий. Ний¬лүүлэлт хэтэрвэл нөхцөл бай­дал хэцүү болно хэмээн анхаа­руулав. Орон сууцны зах зээлд нарийн нягт мониторинг хийх ёстой хэмээн тэд сануулж байна. 

-Моргейжийн зээлийг сааруулах, багасгах бодлого бари¬вал нэгэнт баригдсан барил­¬гууд борлогдохгүйд хүрч, барилгын салбар унал¬тад орж болох уу хэмээн лав­лахад “Орон сууцны зах зээл зөвхөн моргейжийн зээл дээр тулгуурлаагүй. Тэгнэ үгүй гэсэн шууд хариулт алга. Мор¬гейжийн зээл барил­гын салбарын эрэлтэд нөлөөлж болно.  Моргейжийн зээлийг орон сууцны эрэлт хэрэгцээтэй зорилтот бүлэгт хүргэх хэрэгтэй” гэж ахлах эдийн засагч хариулав. Эдийн засагч Ш.Алтанцэцэг “Өнгөрсөн хугацаанд банкны салбарын нийт зээлийн  33 хувь нь моргейжийн зээл, барилгын компаниудад барил­га барихад зориулж өгсөн зээл байна. Нийт зээлийн гуравны нэг нь ганц салбарт хандсан нь зээлийн багцыг төвлөрүүлжээ. Эдийн засаг сайжрах төлөв харагдахгүй бол энэ бүхэн хүндрэл үүсгэнэ. Эрсдэл нэмэгдэж байгаа гэдэг үүднээс илүү хяналт тавихыг зөвлөж байгаа юм. Бид моргейжийн зээлийг шууд зогсоо гэж хэлээгүй” гэж хариуллаа. Мөнгөний бод­логыг чангатгахад сөрөг үр дагавар байдаг ч эдийн засгийн тогтвортой нөхцөл байдал үүсгэхэд  ач холбогдолтой гэв.

“Хятадын банкны салбар Монголд нээгдэх талаар яриг­даж байна. Дэлхийн том банк Монголд орж ирэх нь ямар эерэг, сөрөг талтай вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад ахлах эдийн засагч Тэхюн Ли “Гадаадын том банкны салбар орж ирэх нь давуу болон сул талтай. Хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал,  хад­га¬ламжийн хүү бага, хөрөн­гө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал нөхцөлтэй Монгол Улсад гадаадын банк мөнгөтэйгээ орж ирсэнээр эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэг­дэх магадлалтай. Хөг­жиж байгаа улс орнууд банкны салбараа нээлттэй болгох нь дотоодын арилжааны банкуудад сөр­гөөр нөлөөлөх талтай. Гэхдээ дотоодын банкуудын өрсөлдөх чад­варыг нэмэх бодлого баримталж, сөрөг нөлөөг давуу тал болгон хувиргаж, үр шимийг нь хүртэж болно” гэсэн юм.    

“Улс төрийн харилцан ойлгол¬цол чухал” гэж Дэлхийн банкны  эдийн засагчид мөн онцолсон юм.  Хэт их зардлыг танаж, Төсвийн тогтвортой байдлын хуулийг дагаж мөр­дөх талаар улс төрийн харилцан ойлголцолд хүрэх нь чухал гэсэн л дээ. Ашигт малтмалаас орж ирэх орлогыг  үр дүнтэй захиран зарцуулж удирдах талаар бодох цаг болжээ.  Баялагийн сангийн сайн тогтолцоо бий болгох нь хожим “бороотой өдөр” зарцуулах, хойч үедаа хадгалж үлдэх боломж олгоно гэв. Эдийн засгийн өсөлт буурахад санаа зовох хэрэггүй. Төсөв санхүүгийн тогтвортой байдал бий болгоход анхаар гэж давтан сануулж байна лээ. 

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ(3)

-ГАВЬЯАТ
МАЛЧИН Х.МАГСАРЫН МАЛЫГ МАЛЛАЖ, 500 ГАРУЙ МАЛТАЙ

БОЛСОН ЗАЛУУ ХОТНООС НЬ ХУЛГАЙ ХИЙСЭН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙНА-

Түрүүч нь 160
(4800), 161 (4801) дугаарт

А.Энхнастын хашаанаас хөдөлж голоо уруудлаа. Галуут багийн төв
эзэнгүй байх аж. Багийн төв дээр саяхан зассан болов уу гэмээр хоёр байшингаас
өөр юм алга. Багийн даргынх сумын төвд байдаг гэх юм билээ. Малчид “Уг нь баг
эзэнтэй, дарга малчдаа эргэж тойроод байвал хулгайчид танагтай байх болов уу.
Гэтэл төр төлөөлсөн газар нь эзгүй л байна шүү дээ” гэцгээж байв. Зам зуур
Б.Энхбаярын гэргий, дүү нар нь хонио хяргаж байхтай таарлаа. Өнгөрсөн хавар
Б.Энхбаярынх бас хоёр эр үхрээ алджээ. Энэ талаар Б.Энхбаярын эхнэр Д.Оюунгэрэл
“Манай хүнийг хонио эргүүлж явахад цагаан өнгөтэй машин энэ хавиар эргэлдээд
байсан юм билээ. Ойртоод очихоор явчихаад байсан гэсэн. Тэгтэл үдэш нь хоёр эр
үхрийг минь жалганд хөөж аваачаад хүлж, нэгийг нь махалчихсан. Нөгөөх нь
хүлгээгээ тасдсан бололтой гүйж ирсэн. Үхэр махалсан газарт хутга, машиныхаа
сэлбэгийг орхисон байсан. Цагдаа нар хутгыг нь гялгар уутанд хийгээд аваад
явсан. Генералын Хадаа гэгч нөхөр жил бүр машин сольж унаад энэ хавиар
эргэлдээд байдаг. Тэр эргэлдэхээр заавал айлын малд хулгай ордог юм. Ням гуайн
адуун дунд хүртэл яваад байсан гэнэ лээ. 

Түүнийг дагаж хулгай хийсэн хоёр
хүүхдүүдийн нэг нутагтаа нэр хүндтэй мянгат малчны хүү юм билээ. Мянгат малчны
хүүхэд нэг голынхныхоо малыг хулгайлаад байхаар яах билээ” гэв. Энэ мэтээр
уулзсан хүн, очсон айл бүр малаа алдсан тухайгаа ярина. Хулгайчдын увайгүй
үйлдлийг жигшиж, зэвүүцсэн малчид “Тэдний малыг тэгж махалсан байна лээ”, “Тэр
гуайн малыг нядлаад аваад явахдаа арай ч дээ гэмээр болгож” гэх мэтчилэн ярьж
байсан. Хадаа Аяа гэдэг хөгшний хоёр үхрийг хулгайлж нядлахдаа өвчүүг нь
гэрийнх нь ойролцоох хадан дээр дэлгээд орхисон л гэнэ. Д.Үржингийн бухыг
алчихаад сэвсээр нь толгойг нь хуччихсан байсан гэцгээнэ. Бас тэдний азарга,
гүү хоёрыг алаад азарганых нь засааг гүүний толгойн дээр тавьчихаад явсан л гэнэ.
Малчдын ярьж байгаагаар дээрх хэрэг өнгөрсөн жил гарсан аж.

 

“ГОЛОМТООСОО ХУЛГАЙ ХИЙДЭГ ЮМ БАЙНА”

Бид Хэрлэн гол уруудаад гавьяат малчин Х.Магсарынд очлоо. Хоёр
хүү нь хойно, урд нь км орчмын зайтай саахалт зусч байгаа аж. Хоёр хөгшин,
туслах малчин залуутайгаа байдаг бололтой. Хотоос хоёр гөлгөн нохой авчирсныг
банхрууд нь дээрэлхэх янзтай байгааг гэрийн эзэн сонин болгож ярив. Хоттой хонь
руу нь хулгайч орсноос хойш Х.Магсар гуайн бие нэлээд дордсон гэнэ. Өвгөнийхөө
тухай “Сэтгэл санаагаар унахаар өвчин нь сэдэрчихдэг юм байна. Муу юм харснаас
хойш хэд хоног дуугаа хураасан. Ойрноос эмчилгээ хийлгэхээр явна” гэж хөгшин нь
ярив. Х.Магсар гуай Ховд аймгийн Булган сумын уугуул. 1970-аад онд хэдэн нялх
хүүхэдтэйгээ нэгдлийн мал маллахаар Баяндэлгэр суманд ирж байсан түүхтэй. Тэр
цагаас хойш Гүн галуут нуур, Хэрлэн голын хөвөөгөөр малаа маллаж, нутгаа шүтэж
яваа буурай. Сумын аварга малчнаар таван удаа шалгарч байсан юм билээ. Х.Магсар
гуай 1993 онд мянгат малчин болж байжээ. Тэрбээр зургаан өрхийг малжуулж,
гурван туслах малчинг ажлын байраар хангаж 2007 онд гавьяат малчин болжээ.
Тэднийх есөн хүүхэдтэй. Хоёр хүү нь мянгат малчин. Бусад нь суурин газар бизнес
эрхлэх нь эрхэлж, төрд ажиллах нь ажиллаж байгаа гэнэ.  

Х.Магсар гуай болж өнгөрсөн явдлын талаар ярихдаа “Байсхийгээд л
малнаас нэг, хоёр хонь зүсээрээ дутаад байдаг. Малчин хүүгээ зэмлээд байтал
хулгайч шөнөөр ирээд шүүрээд явчихдаг байж. 13 хонийг минь нядлахаас хэд
хоногийн өмнө нэг шөнө хөгшнийг гарахад гэрийн гадаах тэргэн дор хоёр нөхөр
хэвтэж байж. Ямар учиртай хүмүүс болохыг нь асуугаад гэртээ оруулахад
“Нохойноос айгаад тэргэн дор чинь орчихлоо. Машин ойрхон эвдэрчихсэн. 10-ын
түлхүүр байна уу” гэдэг байгаа. Тэр хоёр нөхөр түлхүүр авч яваад төд удалгүй
авчирч өгсөн. Азаар малчин хүү минь машиных нь номерыг тэмдэглээд авчихсан юм
билээ. Түүний дараахан нь тавдугаар сарын 14-ний үүрээр бие засах гээд гартал
хоттой хонь байдаггүй. Сандраад эрэл болтол гэрийн араар туугаад Зүүн шандын
аманд сорчилж байгаад 13-ыг нядалсан байна лээ. Тэндээсээ Хөх овоо руу
хөөчихсөн. Хөх овооны хайрхан (чоно) 20 гаруй бог сэглэчихсэн байгаа юм. Тэдний
хийсэн үйлдлийг ярихад хүртэл жигшмээр. Хэрэг болсны дараа хүүхдүүд Багануурын
телевиз, радиогоор “Хулгайн талаар мэдээлэл өгсөн хүнд арван сая төгрөгийн
шагнал өгнө” гэж зар тараасан ч мэдээл орж ирээгүй. Харин малчин хүү минь дээр
ярьсан цагаан машины дугаарыг өгтөл хулгайчдын унаж явсан машин болж таарсан юм
байна. Ингээд хэрэг шалгагдаж байгаа” гэв. Сартай шөнө хоттой хонь туугаад
явахаар нохой хуцдаггүй юм байх даа гэж тодруулахад “Хулгайчдын нэг нь
манайхаас голомтоо бадрааж, малжсан айлын хүүхэд юм шүү дээ. Нэг ёсондоо
голомтоосоо эргэж хулгай хийж байна. Тэгэхээр манай нохой танилгүй яах вэ.
Таниад чимээ өгөөгүй юм билээ” гэлээ.

 

СЭЖИГТНҮҮД

ХЭН БЭ?

Гавьяат малчин Х.Маг­сарын малыг хулгайлсан хэрэгт гурван хүн
сэжигтнээр татагдаж байгаа. Тэдний хоёр нь Х.Магсарынхаас гадна А.Энхнаст,
Б.Энхбаяр нарын малыг хулгайлснаа хүлээжээ.

 

ТОЛГОЙЛОГЧ

ГЭГДЭЖ БУЙ ГЕНЕРАЛЫН ХАДБААТАР

Уулзсан малчин бүр түүнийг хадны мангаа шиг ярьдаг юм билээ.
Ямар сайндаа “Танихгүй хүн ороод ирэхээр Генералын Хадаагийн хамсаатан явж
байна уу гэж сэжиглэдэг болсон” гэцгээх вэ дээ. Түүний талаар үлгэр домог мэт
яриа малчдын дунд байх юм. Жил бүр машин сольж унадаг л гэнэ. Өнгөрсөн жил
портертой байсан. Энэ жил нэмээд соната-6 авсан гэцгээх юм билээ. Хадбаатарын
аавын тухайд олон жилийн өмнө Баян-Өлгий аймгаас Баяндэлгэрт шилжиж ирсэн
гэцгээж байсан. Ерөнхийдөө айлын мал маллаж байгаад цөөн хэдэн малтай болсон
айл юм уу даа. Одоо Хадбаатар ахтайгаа Багануур дүүрэгт амьдардаг аж. Тэрбээр
2011 оноос хойш малын хулгайн хэрэгт шалгагдаж байгаа. Бичиг үсэг мэддэггүй
тэрбээр эрх ашгаа хамгаалахдаа гаргуун гэх юм билээ. Малчид энэ талаар
“Заргалдсаар бай­гаад дөрвөн цагдааг ажилгүй болгосон нөхөр, хэцүү хүн дээ”
гэцгээсэн. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруу­лахад Г.Хадбаатар 2011 оны
нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ж-ын 12
адууг хулгайлсан үйлдэлд шалгагдаж байхдаа Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн
байцаах тасгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Д.Сандагбалиряг өөрийг нь
эрүүдэн шүүсэн гэж гомдол гаргаж байсан. Түүний гомдлын дагуу шүүх
Д.Сандагбалиряд тэнсэн харгалзах ял оноож байсан юм байна.

Г.Хадбаатарт холбогдох малын хулгайн дөрвөн хавтаст хэрэг
хуулийнханд бий. Хэд, хэдэн сумаар явж хулгай хийсэн гэх үйлдлүүдийг нь нэгтгэж
Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоож Багануур дүүргийн цагдаагийн
хэлтэст шалгуулахаар болжээ. Одоо тэрбээр Х.Магсарын 13 хонийг хулгайлсан
хэрэгт шалгагдаж байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар Г.Хадбаатар хэргээ
хүлээхгүй байгаа боловч хоёр сэжигтэн “Генералын Хадаа ах биднийг дагуулж
явсан” гэж мэдүүлжээ.

Г.Хадбаатар 1986 онд төрсөн. Бага боловсролтой нэгэн юм байна.
Одоогоор тэрбээр гадуур шалгагдаж байгаа аж. Биднийг Багануур дүүргийн
цагдаагийн хэлтэст очиход гадна нь байсан хүмүүс “Сая Хадаа мэдүүлгээ өгчихөөд
явсан” гэцгээж байсан юм.

 

МЯНГАТ МАЛЧНЫ ХҮҮ Д.ТҮВШИНТӨР

Малын хулгайн хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа хоёр залуугийн
нэгийг Д.Түвшинтөр гэдэг. Түүний аав Баяндэлгэр сумын мянгат малчин. Насаараа
мал маллаж буй туршлагатай малчин. Нутаг усныхан нь ч ам сайтай юм билээ.
“Галуутад Д.Түвшинтөрийн аав, авга нарынх нь мал талаар нэг багширч байгаа.
Сүүлийн хэдэн жил малаа сайн өсгөсөн айл. Хүүхдүүд нь ч малын захад өссөн.
Малаа мянга гаргатал өсгөсөн айлын хүүхэд хулгай хийж, араатнаас дор авир
гаргасан гэхэд итгэмгүй” гэж малчид түүний тухай ярьж байна лээ. Авга ах нь
Баяндэлгэр сумын Тамгын газрын дарга. Д.Түвшинтөр 1991 оны аравдугаар сарын
13-ны өдөр төрсөн. 23 настай тэрбээр бүрэн дунд боловсролтой. Дунд сургуулиа
төгсөөд л мал дээр гарчээ. “Аав нь хүүдээ мал тасалж, унаатай болгосон. Хүнээс
дутахааргүй л элбэг хангалуун амьдардаг даа” гэж хөгшчүүд ярьж байна лээ.

 

Х.МАГСАРЫНХААС ГОЛОМТОО БАДРААСАН Д.НАЙДАНЛХАГВА

Д.Найданлхагвыг Галуут багийнхан Буядаа гэдгээр нь илүү таних
юм. Тэрбээр 1994 онд төрсөн. Бага боловсолтой. Түүний аав Х.Магсар гуайнхаас
голомт бадрааж, түүний үр хүүхэд шиг байсан гэж нутгийнхан нь ярьцгаах юм
билээ. Энэ талаар Х.Магсар гуай “Анх нялх хүүхдүүдээ хөтөлсөн, орон гэргүй
хүмүүс манайд ирж байлаа. Би хажуудаа гэр барьж өгөөд малынхаа ажилд туслуулдаг
болсон юм. Манай хажууд хоёр жил болоод хүүгийнд найман жил тусласан айл даа.
Хүүхдүүд нь хүүгийн минь хүүхдүүд шиг ижилсэж өссөн. Одоо ч зураг хөрөг нь бий.
Манайхнаас нүүхдээ хоёр гэр, хоёр мотоцикль, 300 гаруй ямаа, 170 хоньтой
болчихсон байсан. Тугалтай үхэр зааж өгсөн нь арав гаруй болтлоо өссөн.
Манайхаас бадраасан голомт нь хоёр болж, тасалж өгсөн мал нь 500 гаруй болж
өссөн нь тэр.”Мал ч өслөө. Тусдаа гаръя” гээд нүүсэн. Хүүхдүүд нь манайхаар орж
гараад л явдаг байсан. Мал төллөх үеэр нэг, хоёроор хонь дутаад байсан юм.
Тэгтэл Буядаа шүүрээд байдаг байж” гэж ярьсан.

Тэднийх одоо мянга шахам малтай, тэр голдоо боломжийн амьдралтай
айл юм байна.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Цагаан суваргын ордыг ашиглахад төр оролцохгүй

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны
байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.

 -2014
оны хаврын чуулган завсарлалаа. Хаврын чуулганыг та яаж дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар хийсэн сайн зүйлүүд бий.  Олон асуудалд дарагдсан, хэрүүл, хэлцэлтэй, завгүй
үе их байлаа. Эдийн засаг хүнд, төсвийн орлого тасалдалтай үе ч таарлаа.  Эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд нэлээд олон
бодлогын бичиг баримтуудыг УИХ-аас гаргалаа. Эдийн засаг, газрын баялагтай холбоотой
олон асуудлыг хэлэлцэж шийдлээ. Энэ талаасаа яривал хаврын чуулган үр дүнтэй байсан
юм шиг. Гэвч цаг алдсан зүйлүүд их байлаа. “Давхар дээл”-ийн асуудлыг хагас жил
яриад эцсийн мөчид батлагдах шатанд нь унагаалаа. УИХ-ын гишүүдийн нэлээд хувь нь
Засгийн газартаа ороод   суучихсан. Засгийн
газар нь УИХ-ынхаа дээр гарчихсан гэдэг шүүмжлэл бий. Ийм том зүйлийг ярьж, ярьж
эцэст нь ямар ч үр дүнгүйгээр унагалаа шүү дээ. Засгийн газрын гишүүдийг огцруулах,
томилуулах асуудлыг ярьж баахан цаг алдлаа. Долоо хоногийн дотор яриад, тухайн сайдыг
огцруулбал огцруулаад, огцруулахгүй бол болих хэрэгтэй байтал  завсарлага авдаг, хойшлуулж сунжруулдаг зүйл их
байлаа. Үүнийг дагаад ажил цалгарддаг асуудал их байв.  Энэ бүхнээс дүгнэхэд хаврын чуулганаар сайн зүйлүүд
ч хийсэн,  шүүмжлэлтэй асуудлууд ч байлаа.
Ер нь аливаа зүйлийг шүүмжилж байж алдаа мадгийг засдаг учраас үүнийг хэлээд байгаа
юм. Үүгээрээ УИХ-ын ажлыг бүхэлд нь харлуулах гэсэнгүй.

-Огцруулах,
томилох асуудал ярьсаар байгаад сүүлийн өдрөө хамаг хуулиудаа бөөндчих шиг болсон…

-Тэглээ. Улстөржилт, намчирхалт, талцал маш их байлаа. Сүүлийн өдөр
хуулиудыг бөөндсөн нь үнэн. Ер нь намын бүлгүүдийн дунд хууль гэдэг чинь хөлбөмбөг
шиг явж байдаг. Үүнийг батлахгүй, үүнийг батална гэдэг тохиролцооны хэмжээнд хуулиудыг  яриад байгаа нь зохимжгүй. УИХ хууль хэлэлцээд
эхэлсэн л бол батлах үгүйгээ ягштал шийддэг байх ёстой. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдийнхөө
саналаар шийддэг. Гэтэл энэ бүхнийг намын бүлгүүд тохироогоор шийддэг  болсон. Ийм байж болохгүй шүү дээ.

-Та
хаврын чуулганы сүүлийн хуралдаан дээр үүнийг хэлж байсан…

-Тийм. Ямар хууль батлахыг хэдхэн дарга шийддэг юм бол УИХ-ын 76
гишүүн байсны хэрэг алга. Ямар хуулийг дараагийн чуулганаар хэлэлцэх вэ гэдэг нь
дарга нарын үзэмжийн асуудал болсон юм шиг байна. Энэ бол байж боломгүй зүйл. Жишээ
нь манай байнгын хороо арав гаруй хууль санал болгоход дөнгөж хоёрыг нь намрын чуулганаар
хэлэлцэхээр болж байх жишээтэй. Бид зөвхөн эдийн засаг, мөнгө ярьж болохгүй. Нийгмийн
чухал асуудлыг эдийн засаг, мөнгөтэйгээ хамт ярих хэрэгтэй. Гэтэл тэр чигийн хуулиудыг
хойш нь тавьж байна. Энэ алдаануудаа дараа дараагийн чуулганаараа засах байлгүй
дээ гэж найдаж байна. УИХ-ын гишүүд хуульд анхаарлаа тавихаасаа илүү сандал суудалд
ихээхэн ач холбогдол өгч байгаа нь туйлын харамсалтай байна.

-Сая
хаврын чуулганаар Цагаан суваргын ордын асуудлыг шийдлээ. Яахаар болчихов оо?

-Хамгийн анх Засгийн газраас орж ирсэн төсөлд Цагаан суваргын ордод
төр 34 хувь эзэмшье. Төр хувь эзэмшихдээ 350 сая ам.доллар төлнө гэдэг байдлаар
орж ирсэн юм. Тэгээд УИХ-аас гаргасан ажлын хэсэгт нь би байсан. Ажлын хэсэг, байнгын хороон дээр “Одоо бид сургууль
цэцэрлэгээ барьж дийлэхгүй. Дээрээс нь улс орон мөнгөгүй, төсөв тасалдалтай байхад
350 сая ам.доллар төлж, Цагаан суваргын ордоос хувь эзэмшээд яах юм” гэж ярьцгаасан.
Хэрэв Цагаан суваргын ордод төр хувь эзэмшвэл яах юм гэдгийг бид ажлын хэсэг дээр
ярьсан. Эхний ээлжинд төр 350 сая ам.доллараа олох ёстой. Яаж гэхээр бонд гаргаж
л таараа шүү дээ. Бонд бол  хүүтэй өр болно.
17 жилийн хугацаатай баахан хүүтэй мөнгө зээлчихээд түүнийгээ нэг компанид өгч,
34 хувийг нь эзэмшинэ гэхээр ямар ч ашиггүй. 
Тэгснээс төр  ямар ч хувь эзэмшихгүй.  Хувийн компани эрсдлээ өөрөө бүрэн даагаад явахад
л Монгол Улсад таван их наяд төгрөгийн ашиг унах юм билээ.  Энэ бол Цагаан суваргын ордоос авах татварын хэмжээ.
Энэ хувилбар нь зөв гэж үзээд тогтоолын төслийг ингэж өөрчилсөн. 

-Төрд ямар ч эрсдэл байхгүй юу?

 -Ямар ч эрсдэл байхгүй, ачаалал өгөхгүй. Хувийн
компани өөрөө мөнгөө босгоод ажлаа явуулна. Төрд ирэх ашиг нь  таван их наяд төгрөг.   Хэрэв бид бонд гаргаж, Цагаан суваргад 350 сая
ам.доллар төлөөд 34 хувийг нь эзэмших юм бол 17 жилийн дараа 200  тэрбум төгрөгийн  ашиг хүртэх юм билээ.  200 тэрбум төгрөгийн  ашиг олохын тулд өр тавьж 350 сая ам.доллар босгоод
яах юм бэ. Тэгээд ч нэг ч гэсэн үндэсний компани  том төслийг толгой дааж хэрэгжүүлээд улсдаа ашиг
өгч байвал болж байна. Тэр талаас нь асуудалд хандсан. Түүнээс биш  төрийн өмч байх ёстой зүйлийг  хувийн компани авчихлаа  гэж улстөржүүлж ойлгох хэрэггүй. Цагаан суваргын
ордод  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул
хийх нь хийсэн. Гэхдээ сүүлд нарийвчилсан хайгуулыг нэмж хийхэд хувийн хэвшлийн
тухайн компани маш их хөрөнгө зарсан юм билээ. Тэгээд ч улсын төсвөөр хийсэн хайгуулынх
нь зардлыг төрд буцаагаад төлчихсөн юм байна лээ. Төр бүх зүйлд хутгалдаж, будлиан
хийх шаардлагагүй л гэж үзсэн дээ.

-Төр оролцоод ирэхээр л хамаг ажил гацдаг. Хэрэв Цагаан суваргын
ордод төр оролцвол хоёр дахь  Оюу толгой болох
байлгүй…

-Төр хувь эзэмшээд ирэхээрээ будлиулдаг,
ажил нь гацдаг, төрийн нэрээр дундаас нь зувчуулдаг зүйлүүд зөндөө.  Тийм учраас хувийн компани хийх юм бол тэр төсөл
үр дүнтэй, хурдтай ахина.  Төр бол хянадаг
ажлаа хийгээд, авдаг татвараа авахад л болоо. 
Цагаан суваргын ордоос төр таван их наяд төгрөгийн татвар авах бол хувийн
компанидаа гурван их наяд төгрөгийн ашиг л унах юм билээ.

-Тэгэхээр Цагаан суваргын ордод төр ерөөсөө оролцохгүй болжээ?

-Төр оролцохгүй гэдэг байдлаар
төслийг баталсан.

-Зарим гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаад байсан…

-Цөөн гишүүн шүүмжлэлтэй хандаж
байгаа. Гишүүн бүр өөр өөрийнхөө үзэж, харж байгаагаараа байр сууриа илэрхийлнэ
шүү дээ. Гэхдээ гишүүдийн дийлэнх нь төр оролцох ёсгүй л гэж үзсэн. Мэдээж 350 сая
ам.долларыг төр гаргаад өгвөл цаад компанидаа амар л байх. Гэхдээ төр яаж тэр мөнгийг
олох билээ.

-Ордыг ашиглах үйл явц ямар түвшинд байгаа юм бэ?

-2015 оны төгсгөлд баяжуулах үйлдвэрээ
ашиглалтад оруулна гэсэн. Тэгэхээр л болоо шүү дээ. Яваандаа зэс хайлуулах үйлдвэр
ашиглалтад орно. Өөрсдөө нэлээд хөрөнгө оруулчихсан. Одоо тэрбум хүрэхгүй ам.долларын
хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм билээ. Гаднаас хөрөнгө оруулах сонирхолтой компани
олон бий гэсэн. Тэгэхээр ямар ч гацаагүйгээр Цагаан суваргын ажил урагшилж, Монголд
ашиг орж ирэх нь.

-Тэгэхээр  танай байнгын
хороо хаврын чуулганы хугацаанд ямар хуулиудыг гараас гаргав?

-Манай байнгын хороо маш их ачаалалтай
ажилласан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг эцэслэж гаргалаа. Эрүүл мэндийн
даатгалын тухай хуулийг батлагдах эцсийн шатанд нь өгсөн.  Боловсролын талаар төрөөс баримтлах бичиг баримт
дээр нэлээд ажиллаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, гадуур багш нар, сурагчидтай уулзаж
байна. Батлагдсаны дараа амьдралд хэрэгтэй хууль гаргахын төлөө хичээгээд байна
л даа. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг эцсийн
шатанд нь хүртэл  бэлтгэсэн. УИХ-аар батлуулах
гэтэл бүлгийн дарга нарын тохироогоор оруулаагүй шүү дээ. Тиймээс үүнд бухимдаж  чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм.

-Энэ ямар ач холбогдолтой хууль билээ?

-Эмийн замбараагүй худалдаа, үнэ
хяналттай болно. Эмийг хянадаг байгууллагуудын үйл ажиллагаа сайжирна. Үүнээс гадна
Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлогыг манай байнгын хороо хэлэлцүүлнэ.
Мөн өргөн барихад бэлэн болсон хууль олон байна. Их, дээд боловсролын тухай хууль,
Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулийг шинэчилнэ. Эрүүл мэндийн
тухай хуулийг УИХ-ын гишүүд өргөн барина. Тэгэхээр манай байнгын хороо ачаалал ихтэй
байна. Соёлын салбарт Номын сангийн тухай хуулийг өргөн барилаа, Соёл урлагийн талаар
төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ. Кино урлагийн талаар томоохон хэлэлцүүлгийг
манай байнгын хороо өрнүүллээ. Монгол төр кино урлагийнхаа салбарт анхаарахгүй бол
болохгүй нь. Гадны кинонууд ихээр түрж орж ирж байна. Монголын түүхийг гуйвуулсан
олон ангит кинонууд гардаг боллоо. Гадны улс орнууд энэ кинонуудаараа дамжуулж,
соёлын бодлогоо явуулж байна. Гэтэл манайд ийм зүйл дутагдаж байна. Тиймээс олон
ангит кино хийх эрэлт хэрэгцээ манайд их байгаа зэргийг хэлэлцүүлгээр ярьсан. Үүнд
нь төр дэмжлэг үзүүлмээр байна гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгсөн. Энэ чиглэлээр
улсын төсөвт мөнгө суулгадаг болмоор байна. Тусгай салаа гэдэг олон ангит кино гарснаас
хойш залуучуудын цэрэгт явах идэвх сэргэсэн гэдэг шүү дээ. Ийм байдлаар кино урлагаа
хөгжүүлмээр байгаа юм. Мөн хөдөлмөрийн талаар баримтлах бодлогыг оруулж ирнэ. Гэх
мэтчилэн манай байнгын хороонд хийх ажил байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийн
хэлэлцүүлгийг хийгээд  дуусч байна. Тэтгэврийн
шинэчлэлийн бодлого, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар том хэлэлцүүлэг хийсэн.
Ийм учраас манай байнгын хороо нэлээд сайн ажилласан гэж үзэж байгаа.  Ихэвчлэн нийгмийн асуудал хэлэлцдэг учраас гишүүд
намын өнцгөөр биш итгэл үнэмшлээрээ асуудалд ханддаг. Тиймээс байнгын хорооны хурал
дээр улстөржсөн талцал ч өрнөдөггүй.

-Та ямар нэг бүлэгт харьяалагдахаа байж сул гишүүн болсон.
Бүлэгт харьяалагдаж байсантайгаа харьцуулбал ямар ялгаа мэдрэгдэж байна вэ?

-Ямар ч ялгаа алга. Байнгын хороогоо
удирдахад амар юм. Хэт нэг талыг барихгүй болохоор гишүүдэд ч тааламжтай, ажлыг
маань дэмжиж байна. Байнгын хороон дээр энэ тэр намынх, тэр энэ намынх гэдэг байдлаар
гишүүдэд ханддаггүй. Хэн нь ажлын хэсгийг удирдвал ажил хэрэгч байхав гэдгийг бодолцож
шийдвэр гаргадаг байх жишээтэй. Яахав, Шударга ёс эвслийн нэрээр байнгын хорооны
дарга болсон учраас  эвслийнхэн намайг өөрчлөх
болов уу гэж хүмүүс боддог байх. Хэрэв эвсэл шийдвэрээ гаргаад байнгын хорооны даргаа
өөрчилнө гэвэл энэ ажлыг өгөхөд би бэлэн. Гэхдээ эвслийн нөхдүүд маань “Хугацаатай
албан тушаал учраас ярих цагт нь асуудлыг ярья. Тэр хүртэл та ажлаа сайн хий” гэсэн.
Миний хувьд бүлэггүй сул гишүүн болчихоод хэцүүдээд байгаа юм одоохондоо алга.

-Бүлэггүй болчихоор таны үг хүчгүй, ганцаардахгүй юу?

-Намайг шударга ёс эвслийн бүлэгт
байхад бүлгийнхэн маань л дэмжиж байсан. Одоо бол бүх намын бүлэг намайг дэмжиж
байгаа.

-Ер нь та яагаад бүлгээсээ гаръя гэсэн юм бэ?

-Санал нийлэхгүй юм олон байсан.
Хэн нэгэн дарга миний өмнөөс шийдвэр гаргаад үүнийхээ дагуу явахыг тулгавал хэзээ
ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүний толгойгоор биш өөрийн толгойгоор ажлаа явуулна гэж
иргэдээс мандат авсан юм шүү дээ. Тиймээс ямар нэг бодлогод хайрцаглагдахгүйгээр
иргэдийн төлөөлөл болох учиртай.

-Намын чинь бодлого байр суурь бүлгээр дамжиж УИХ-д хүрч байгаа.
Гэтэл та бүлгээсээ гарсан болохоор намынхаа бодлогыг дагахгүй гэсэн үг үү?

-Өөрийнхөөрөө явж байгаа. Ер нь
Шударга ёс эвслээс УИХ-ын гишүүн болсон шүү дээ. Яваандаа ямар улс төрийн хүчинд
байх юм, сонгуульд бие дааж дэвших үү гэдгээ шийднэ.

-Намын квотоор орж ирээгүй ч эвслийн нэрээр  УИХ-ын гишүүн болчихоод ингэж нүүр бурууллаа гэдэг
шүүмжлэлд өртөх байх?

-Би УИХ-д орж ирээгүй байхдаа
ч парламентын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан. Өнөөдрийн УИХ-ын уур амьсгалыг харвал
төвөгтэй байна. Ард түмний төр засагт итгэх итгэл суларсан. Өмнө нь ийм зүйлд шүүмжлэлтэй
ханддаг байснаа одоо энэ бүхэнтэйгээ эвлэрээд дуугүй яваад байвал утгагүй шүү дээ.
Ямар ч байсан өөрийн бодол өөртөө зөв гэж бодоод шийдвэрээ гаргасан. Сонгогчдоос
маань “та  зөв шийдвэр гаргалаа, хүндэтгэж
байна” гэдэг захидал ирсэн. Тиймээс өөрийгөө буруутгахгүй байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сүрэнхорлоо: Оросын инженерүүд дотооддоо нарийн царигтай болох тухай ярьж эхэлсэн

Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоотой ярилцлаа. 

-Төмөр замын асуудлаар олон бодлого, олон байр суурь гарах юм. Мэргэжлийн хүний хувьд бодит мэдээллийг өгөхгүй юу. Өчигдөр л гэхэд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлууллаа? 

-Төмөр замын салбарт 35 жил ажилласны хувьд нэг зүйлийг онцлон хэлмээр сангддаг юм. Шууд хэлбэл төр засгийн хэмжээнд ийм олон үзэл бодол, өөр өөр бодлого гараад байгаа юм бол нэгдэж нийлээд тэндээсээ нэгдсэн шийдвэрийг гаргаж болдоггүй юм байх даа гэж. Талцалгүйгээр мэргэжлийн үүднээсээ, эдийн засгийн талаас нь, аюулгүй байдлыг нь оруулаад бодлогоо гаргачихвал хэцүү зүйл огт байхгүй. 2010 онд зөв бодлого гарсан. Харин ажил хийх сэтгэл байсан уу гэвэл үгүй. 

Тэр үед найман гарц, хилийн боомт, нүүрсний нөөцийг тодорхойлж далайд хүргээд бусад орон руу тээвэрлэнэ гээд бүгдийг нь ярьчихсан. Хамгийн гол нь хугацаа өнгөрөөд байгаа юм. Бодлого гарснаас хойш дөрвөн жил, төлөвлөж эхэлснээс хойш зургаан жил нийт 10 оныг үджээ. Бараг эхний галт тэрэг тээврээ хийх хугацааг алдсан гэж бодно.  

-Төмөр зам тавихад хөрөнгө шаардагдана. Мөнгө босгоно гэх мэтээр олон асуудал байдаг байх?

-Огт мөнгөгүй гэдэг худлаа. Өнөөдрийг хүртэл бараг хагас их наяд төгрөгийн зардал гаргачихаж. Гадны компаниудад сар бүр 150 мянган ам.доллар өгч байна. Энэ нь мөнгөтэй байгаагийн нотолгоо. Гэхдээ үүний үр дүн гэж алга. 

Хуулийн, санхүүгийн гээд байж болох бүхнийг нууцалчихсан. Төмөр замаа бас нууцын зэрэглэлтэй барихгүй л байлгүй дээ. Эцэстээ мэргэжлийн хүмүүсийг хүртэл талцуулаад эхэлсэн. Үнэн хэрэгтээ нэг л шинжлэх ухаан юм. Биднийг ингэж хэрэлдээд сууж байхад тээвэрлэх гээд байгаа бүх түүхий эд чинь үнс болох нь. Далайд хүрнэ, олон үйлдвэр барина гэдэг ч худлаа болоод байна. Гэтэл баахан мөнгө зарчихаад байдаг. Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд өнгөрсөн хугацаанд зарсан мөнгөөр нь төмөр замын дээд цогц бариад ашиглалтад оруулчих хугацаа болсон. Ийм байхад баруун, солгойгүй баахан шороо овоолоод л байх юм.  

-Засгийн газраас царигийн асуудлыг шийдэж, тээвэрлэлтийн бодлогыг тодорхойлохоор тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Үүнийг хэр судлав?

-Засгийн газраас оруулж ирсэн бичиг баримт гэвэл 2010 онд батлагдсан бодлогод тусгагдсан зүйл байна билээ. Нарийн эсвэл бүдүүн царигийн төмөр зам тавихаар болбол Засгийн газар нь асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ гэсэн заалтын дагуу. Гэтэл ийм нарийн асуудлыг салбарын сайд нь өргөн барьсангүй.

Ард түмэнд юу хийх гээд байгаа. Ямар замаар юуг тээвэрлэж, хэдий хэрийн ашиг олох гээд байгаагаа ил тод тайлбарлаж ойлгуулах хэрэг­тэй. Засгийн газар ийм бодлогын ажлаа хийхгүй­гээр нууцын зэрэгтэй байгуул­сан гэрээгээ нэгэндээ харуу­лах­гүйг хичээгээд л сууцгаах юм. Ийм утгагүй байж болох­гүй. А.Гансүх “төмөр замын царигийн асуудлыг ард түм­нээр хэлэлцүүлсэн ч яахав” гэж хэлж байна билээ. Гэтэл төр засгийн яриад байгааг ард түмэн битгий хэл мэргэжлийн бид ойлгохгүй байна. Тэгээд ямар ч мэдээлэлгүй хүмүүс тэр нь зүйтэй гэж аль нэгийг нь дэмжих юм гэнэ. Ард түм­ний амьдрал эмзэг байхад эх оронч үзлээр нь тоглож өргөн царигаар Орос, нарийн царигаар Хятад цэргийн бааз орж ирнэ гэж даапаалах хэрэггүй.

-Төмөр замаар гадны цэргүүд орж ирнэ гэж зарим хүмүүс хэлээд байгаа? 

-Сайншандаас Замын-Үүд хүртэл нарийн царигийн төмөр замыг зэрэгцүүлж тавина гээд байх юм. Тэнд төмөр зам байхад дахиад хажуугаар нь нэгийг барих нь хэн гээч ухаантны бодлого вэ. Хайран мөнгө биз дээ. Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигтээр нарийн царигийн төмөр зам тавьчихвал хангалттай баймаар. Асуудал нь өөрөө утгагүй. Энэ бүхнээс харахад төмөр зам барих сонирхолтой хүн байхгүй байна. Зөвхөн мөнгө угаах ажил хийж байх шиг. Төмөр замын салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа нь араасаа сөрөг асуудал дагуулаад байгаа нь үнэн. 

-Цэрэг дайны зориулал­таар ашиглана гэдэгт?

-Цэрэг дайны зориулал­таар ашиглана гэж юу байх вэ дээ. Үнэхээр танк, цэргийн хүчийг нууцаар хурдан хуга­цаанд оруулъя гэвэл хэдэн арваар нь агаараар оруулж ирэх боломж байна шүү дээ. Пуужин харвахад л хэдхэн секундын дотор заасан газарт хүрдэг болчихоод байгаа биз дээ. Нарийн цариг яривал Хятадын, өргөн цариг яривал Оросын эрлийз болгодог болчихож. Нарийн царигаар Хятадын хэдэн сая цэрэг орж ирнэ гээд байгаа бол аль хэдийнэ Монгол Улс эзлэгдчих байсан. Замын-Үүдэд нарийн царигийн төмөр зам 40 гаруй км газарт тавигдаад олон жил болж байна. Тэнд монгол хүмүүс ажиллаж байна. Хятад цэргүүд буугаа үүрээд орж ирж байгаа зүйл алга. Хойноос ч адил. Тэгээд бид баруунтай төмөр замаар холбогдож чаддаггүй бас нэг дутагдал бий. Латви, Литва, Белорусь, Украйн, Чех гээд Оросоос цаашаа нэвтрэх гэхээр өргөн, нарийн цариг тулаад зогсчихдог юм ш дээ. Тэнд цөөн тооны мах ачсан, цөөн тооны хүн тээсэн вагон нэвтэрдэг учраас дугуй солих ажил нэг их удаан үргэлжилдэггүй учраас асуудал яригддаггүй юм. Харин хэдэн зуун сая тонн ачаа тээвэрлэнэ гэвэл зүүдэнд оромгүй олон саад тулгарна даа.  

-Дэлхийн стандарт гэж байдаг. Өргөн, нарийн царигийн алийг нь дэлхий нийт түлхүү ашигладаг юм бол?

-Олон улсын стандарт цариг буюу 1435 мм-ийн өргөнтэй царигийг бид нарийн гэж хэлээд байгаа. Дэлхийн тээврийн 80 хувь нь бидний нэрлээд буй нарийн царигаар явагддаг. Америк, Канад, Австрали, Хятад гээд олон орон хэрэглэдэг. Өргөн цариг гэж хэлэгдээд байгаа нь зөвхөн Оросын хэрэглээ юм. Өөрөөр хэлбэл өргөн царигийн төмөр зам манай улсад мянган км тавигдсан. Дээр үед цэрэг, дайны зориулалтаар ашиглаж байсан. Энэ нь глобалчлагдаж байгаа эрин үед асар их ажиллагаа, хөлс, хүч, цаг хугацааг шаарддаг. Ямар ч тэнэг бизнесмэн ийм газраар бараагаа тээвэрлэхгүй. Хамаг цагаа алдаад илүү мөнгө төлнө гэж байхгүй ш дээ. Хятад улс дэлхийн 80 гаруй оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулж тив, далай алгасч наймаа хийгээд хэдэн зуун мянган тонн нүүрс, бүтээгдэхүүн тээж авчирч л байна ш дээ. Гэтэл манайх хаяа дэрлэж оршдог байж уул уурхайн түүхий эдээ гаргаж чадахгүй, хоорондоо хэрэлдээд байна гэдэг бодлогод алдаа байгаагийнх. Бас нэг зүйл байгаа нь бид Оросын нутгаар далайд хүрнэ гэвэл бараг 5-6 мянган км явж хүрнэ. Харин урагшаа хөдөлбөл мянга хоёр зуун км зам туулна. Тэрнээс гадна биднийг унтаад сэрэх хооронд хятадууд Үрүмчээр нарийн зам тавьж Европ руу гарчихаад байна. Ирэх жил нээлт нь болох гээд байна. Энэ мэтийг бид ашиглах л ёстой.

-Бас аль царигийн зам нь илүү ихийг тээвэрлэх вэ гэдэг асуулт гарна?

-Өргөн царигийн хөдлөх бүрэлдэхүүний нэг гол дээр дарах даралтын дээд хэмжээ нь 23 тонн. Шууд хэлбэл зэрэгцээ хоёр дугуйг холбосон гол дээр гэсэн үг. Тэгвэл нарийн царигийн хөдлөх бүрэлдэхүүний гол дээр дарах даралт 32 тонн хүрдэг. Бас нэг зүйлийг тодотгоход манай вагоны нэг тэвшинд 50-60 тонн ачаа ордог юм. Гэтэл авто машин илүү хурдан бага зардлаар 100 тонныг чирээд явчихаж байгаа биз. Ингэж хоцрогдчихоод байхад үүнийгээ ярихгүй юм. 

-Нарийн царигийн төмөр зам тавибал оросууд уурлана гэж эмээдэг нь нууц биш? 

-Оросын инженерүүд дотооддоо нарийн царигтай болох тухай ярьж эхлээд удаж байна. Олон Улсын эдийн засгийн форумд энэ хавар оролцож үзлээ. Тэгж явахад оросууд тийм зүйл огт ярихгүй байна. “Танайх луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хэнд хамаатай юм. Цаашаа ямар царигаар тээвэр хийх нь маньд ямар хамаа байна” гээд л ярьж байна ш дээ. Бүх зүйл ийм байхад манайхан дотооддоо юу болоод байгаа юм бэ. Энэ хоёр орны дундаас нүүгээд алга болохгүйгээс хойш тээврийн бүх асуудлаа шийдэх ёстой. Гарц байхгүй бол тээвэр байхгүй. Тээвэрлэлт хийгдэхгүй бол Монгол Улсын хөгжлийн коридор хэзээ ч нээгдэхгүй. 

-Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, техник технологи нь ямар байгаа бол. Баахан төмөр зам барьчихдаг, хүчин чадал нь хүрэхгүй бол дахиад л вагон, зүтгүүрүүд авах шаардлага тулгарах уу?

-Энэ байгууллага юу ч хийсэнгүй. Тэр бүү хэл Улаанбаатараас Замын-Үүд хүртэл авто зам тавья гэхэд “сөрөг тээвэр” гэдэг нэр томъёо гаргаж ирчихээд огт хийлгэдэггүй байсан. Ухаандаа төмөр замын тээврийг машинтай иргэд булааж аваад Улаанбаатар төмөр замын удирдлагууд нь орлогогүй болох юм уу даа. 20 гаруй жилийн дараа зам тавигдтал төмөр замын тээвэр ховх сорогдсон гээд хэлчихэж болно. Яагаад гэвэл Замын-Үүдээс ачсан ачааг авто тээврээр гэрийнх нь үүдэнд авчирч өгч байна гэнэ. Үүргийн наймаачид “Төмөр замаар тээвэр хийх гэж үйл тамаа эдэлж хахуульд хамаг мөнгөө өгдөг байсан” гээд баярлаж байна ш дээ. Энэ чинь л тээвэр байхгүй юу. Өрсөлдөх чадвараа нэмэхийн оронд эсрэг зүйл ярьсаар олон оныг үдсэн дээ. Тэгээд нэг мянгахан км замаар тээврийн үйлчилгээ хийхийн тулд 15 мянган хүн ажиллуулж байна. Энэ байгууллага хувийн эзэмшлийнх байсан бол бараг таван мянган хүнээр хамгийн өндөр үйлчилгээг үзүүлж чадна шүү. Дараа нь 15 мянган ажилтны 15 мянган эхнэр бий. Мөн тооны хүүхэд нийт 100 гаруй мянган хүний эрх ашиг гэж хашхирдгаа болих хэрэгтэй. Ядаж л олсон мөнгөөрөө ажилчдынхаа цалинг тавьж, шатахуунаа хангах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр бүх санхүүгээ татвар төлөгчдийн мөнгөөр, зээлээр хийдэг. Дээрээс нь улсад татвар төлдөггүй гэж байгаа. Төр хамгийн муу менежер байдгийн жишээ энэ. 

-Нарийнаас өргөн цариг руу шууд шилждэг технологи гарлаа гэж байсан. Үүнийг судлав уу?

-Энэ технологи их хэмжээний хөрөнгө шаардах учраас бүтэхгүй гэж хэлж болно. 1960 оны сүүлээр намайг сурч байхад яригдаж, судлагдсан зүйл. Өргөн царигийн хөдлөх бүрэлдэхүүн явуут дундаа нарийн цариг руу шилждэг технологи юм. Бид түүнийг чинь зураад, бичиж судлаад хөндсөн асуудал. Тэгэхэд “үүнийгээ нууцалчих, стратегийн зориулалттай” гэж хэлж байсан. Хүүхдийн тэрэг эвхэгддэг шиг нарийн цариг руу орохоор замын дэл нь дугуйгаа шахаад эвхэгдээд явчихдаг юм. Тээврийн нэг вагонд 300 гаруй хос дугуй байдаг. Ийм байдлаар буюу 3-10 км цагийн хурдтайгаар шилжинэ гэдэг томоохон асуудал болно. Дээрээс нь түгжээ гэх мэт олон асуудал байдаг учраас цаашаа явсан ч хурд багатай байна. Шууд тодорхойлбол бүрэн боловсрогдоогүй технологи.  

-Удахгүй хоёр хөршийн төрийн тэргүүн айлчилна. Энэ үеэр асуудал шийдэгдэх болов уу?

-Ингэж уулзах цаг хэдэн жилийн өмнө өнгөрсөн. Бид дээгүүр нь алхаж Америк, Канад гэж явахын оронд хоёр хөрш орныхоо гарыг бариулаад гурвуулаа асуудлаа ярих хэрэгтэй байсан. Айл саахалт улстайгаа аятайхан бай гэдэг дээ. Эндээс их асуудал шийдэгдэх байх. Олон зүйл дээр тохироо хийгдэнэ. Ядаж л эхлэл нь тавигдана. Царигийн асуудал шийдэгдэж, хөршүүдийн нэг нь төмөр зам тавиад өгөх тухай ч яригдаж магадгүй.   

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ (2)

-Хулгайчид бүтэн сартай шөнө хөдөлдөг-

Гавьяат малчин Х.Магсарын хоттой хонийг шөнө дөлөөр тууж жалганд аваачаад сорчилж 13-ыг нь нядалж, бусдыг нь чонын ам руу хөөсөн талаар өмнөх дугаартаа өгүүлсэн. Малын хулгайчдын увайгүй үйлдлийг нэхэн сурвалжилж Төв аймгийн Баяндэлгэр сум руу явлаа. 

Их зохиолч Д.Нацаг­доржийн мэндэлсэн бууриас урагш Хэрлэн голоо дагаад Галуут багийнхан зусч байна. Өвс нь өвдөг шүргэм ургасан дэлгэр зун болж байна, тэнд. Сүрэг хонь гол даган бэлчээрлэж, сарлаг, адуу холилдон байх аж. Айлууд нэг, хоёр км-ийн зайтай саахалт зусч байна. Эхний айлд очтол хаалга нь дэлгээтэй атлаа эзэнгүй байх юм. Гэр дээрээ ааруул дэлгэчихсэн. Хаяан дахь тогоотой сүүнд нь өрөм загсана. Гэрийн ойролцоо өтөг уугиулсан нь чононоос богоо хамгаалах арга бололтой. “Хулгайч амраахаа больсон гэдэг ч цуу юм уу даа. Хөдөөний айлууд ийм л байдаг даа” гэж бодоод урагш давхиж хаваржааных нь хашаанд очвол хонио хашчихсан хяргаж байна. Мэнд мэдсэний дараа гэрийн эзэн “Танихгүй хүмүүс ирэхээр цай цүү болохын хажуугаар “Энэ нөхдүүд чинь манайхыг судалж явна уу даа. Бүл муутайгаа мэдэгдэж болохгүй юм шүү” гэж болгоомжилдог болчихоод байна шүү. Энэ хулгайчид малчдыг хүртэл чоно шиг санаатай болгох юм” гээд яриагаа эхэллээ. Түүнийг А.Энхнаст гэдэг. Сумынхаа мянгат малчин тэрбээр энэ хавар адуугаа алдаж, азарга, хээлтэй гүүгээ хулгайчдын ярьдгаар махлуулчихаад цагдаа сэргийлэх эргэх ажилтай болсноо ярьсан юм. А.Энхнасттай ярилцлаа. 

-Танайх нутгийн айл уу?

-Айл болсон цагаасаа л энэ голд малаа өсгөж ирлээ. Эхнэртэйгээ хоёулхнаа мянга гаруй малын ажил хийдэг болохоор хулгайчид олзолчихсон байж л дээ. Азарга адуугаа худаг дээр услаад сургачихсан. Өдөрт худаг дээр хүрээд ирцгээдэг юм. Хавар мал төллөх үеэр нэг өдөр адуу ирдэггүй. Төвөөс хүүхэд дуудуулж ирээд араас нь явуултал “Өвөлжөөн дээр шувуу эргэлдээд байна. Хулгайчид идэш хийчихсэн бололтой” гэдэг байгаа. Манайхаас ерөөсөө л таван км зайтай газар. Очтол азаргыг маань хээлтэй гүүтэй нь, үрээтэй нь алчихаад махыг нь аваад явчихсан байгаа юм. 

-Мал төллөх үе гэхээр гүү унагалах дөхчихсөн байж дээ.

-Тэгэлгүй яах вэ. Хээл нь бүр томорчихсон. Бараг амьд гарч ирсэн байх, хөөрхий. Монгол хүн байж ийм юм ярихад эвгүй байх юм. Хулгайчид чинь жинхэнэ монголоо алдсан араатнаас дор хүмүүс байх юм. Азарганы минь засааг хашаанд өлгөөд хаячихсан, гүүний хээлийг гаргаад шидчихсэн байгаа юм. Гурван толгойг нь сэвстэй нь холиод хаячихсан хэрэг. Мал хайрлахгүйгээс гадна биднийг доромжилж байгаа нь тэр. Одоо сонсоход хулгайчид хөдөө, мал дээр өссөн нөхдүүд байна лээ. Тэгсэн атлаа мал хайрладаггүй зэрлэгшсэн хүмүүс юм байна. Хүмүүс малын хулгай гэхээр гарлага төдий бодоод өнгөрдөг. Гэтэл хулгайчид араатнаас дор балмад байдлаар үйлдлээ гүйцэтгэж байна. Азарганы минь толгой сэвстэйгээ холилдчихсон, дээр нь шувуу эргэлдэж байгааг хараад эр хүн палхийдэг юм билээ.

-Азарга байхгүй болохоор адуу тогтохгүй хэцүүднэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Хураах азаргагүй болчихоор адуу тарчихсан. Унагаа хураахгүй. Азаргаа алдсанаас хойш дөрөв, таван унага алдсан. Одоо ч адуугаа гүйцэд цуглуулаагүй мунгинаад байж байна. Айлын адуу руу тараад замбараагаа алдсан. 

-Бүл муутай болохоор хулгайчид олзолчихсон байж гэсэн. Адуунаасаа өөр мал бас алдсан юм уу?

-Адуугаа алдахын өмнө Багануур орчихоод иртэл орой хураасан үхэр байдаггүй. Араас нь явтал мотоцильтой туусан мөр байгаа юм. Гэрээс нэлээд зайдуу аваачаад томоос нь шилж байгаад гурван гунан үхрийг минь махлаад аваад явчихсан. Бас л толгойг нь орхичихсон. Толгойг нь орхичихоор эрэл мухардчихдаг юм байна. 

-Цагдаад мэдэгдсэн биз дээ?

-Багануурын цагдаад дуудлага өгсөн. Ирээд зургийг нь аваад явсан. Шалгаж байгаа л гэсэн. Хулгайч нь олдвол хэлнэ л гэсэн. Х.Магсар гуайн малыг хулгайлсан нөхдүүд баригдсан. Тэд манай нутгийнх. Биднийг сайн мэднэ. “Тэднээс өөр хэн байх билээ” гээд байцаагчдаа хэлсэн. Байцаагчийн хэлж байгаагаар тэд манай малыг хулгайлснаа хүлээсэн юм шиг байна лээ. Баригдчихаад байгаа хоёр нөхөр “Генералын Хадаа ах биднийг дарамтлаад дагуулж явж хулгай хийсэн“ гэдгээ хүлээсэн гэнэ лээ. Тэр Хадаа гэдэг нөхөр малын хулгайгаар гаршсан нөхөр юм билээ. Тэрний хавтаст хэрэг гэхэд хэдэн боть роман шиг юм байна лээ. Шалгахаар “Миний эрх зөрчлөө” гэж заргалдаад хуулийнхныг ажилгүй болгочих гээд байдаг хэл амтай нөхөр гэнэ лээ. Тийм болохоор цагдаагийнхан нотлох баримт сайн цуглуулах гээд байгаа бололтой юм. 

-Тэд танай малыг хулгайлсан гэх сэжиг юу байгаа бол?

-Манай дараа Б.Энхбаярын малд хулгай орсон. Дараа нь Х.Магсар гуайн сүрэг хонийг туусан. Ерөөсөө энэ хаваржин хулгайч энэ хавиар эргэсэн байгаа юм. Мөрдөн байцаагч ч “Үйлдэл нь нэг. Бүтэн сартай шөнө хулгай хийдэг байж” гэж байна лээ. Манай үхрийг ч дөрөвдүгээр сарын дундуур хулгайлсан. Сар эрт гарах үеэр махалдаг юм байна, тэд. Гурван гунан үхрийг махлахад уг нь их цаг орно доо. Гэтэл ерөөсөө л толгойг нь тасдаж, гэдсийг нь гаргаж хаячихаад их биеийг нь арьстай нь ачаад явчихсан бололтой юм. Олон хүн бол хагас цагийн ажил болдог бололтой. Бүр тэндээсээ жаахан урагш хөдлөөд гурван шил архи, гурван шар айраг уусан бололтой шилээ үлдээсэн байна лээ. Ажлаа амжуулчихаад баяраа тэмдэглэсэн нь тэр юм байх. Азарга адууг минь тавдугаар сарын 10-ны үеэр хөөж, гурвыг нь дээр ярьснаар махалж авч явсан шүү дээ. 

Малчид хулгайчдаас айдаг болсон үе. Түүнээс хулгайч айж, ичихээ больж. Хулгайгаа хийчихээд баяр тэмдэглээд архидаж, шилээ орхиод явчихсан байна. Алдсан бид ажлаа орхиод цагдаа сэргийлэхээр явна. Эргээд ирэхэд малын ажил ундарчихсан байна. Бүлгүй амьтад араас нь хөөцөлдөхөд бүлэг хулгайчид аль хэдийнэ ул мөрөө баллачихсан байдаг биз.

-Араас нь хөөцөлдөөд хаагуур явсан бэ?

-Багануур орж мах зардаг дэлгүүр, ченжүүдэд захиж байгаа юм. Тэд “Сэжигтэй зүйл харвал хэлнэ” л гэдэг. Таг. Хавар шинэ мах ховордож, үнэд орох үеэр хулгайчдын ажил эхэлдэг бололтой юм. Хулгайчдаас мах хямд авдаг наймаачид бас байх шиг. Түүнээс гурван адуу, хоёр үхрийн мах бас хурдан дуусахгүй дээ. 

-Үхэр махалсан газраа архины шилнээс өөр эд мөрийн баримт үлдээж үү?

-Ерөөсөө л бүлэг хүмүүс хулгай хийгээд байгаа нь илт. Тэд мал нядалсан, бой хийсэн газар бүртээ хутгаа үлдээдэг. Хутгаа хаях нь өөрсдийнх нь хийдэг дом юм уу даа. 

-Бүлэг хулгайч байх гэж ярилаа. Тийм байх сэжиг байх юм уу?

-Үхрээ хурааж байгааг хараад уулын орой дээрээс нэг нь утсаар мэдэгддэг юм шиг байгаа юм. Тэгэнгүүт шөнө нөхдүүд ирж махалдаг. Хуурайн давааны энгэрт үхрийг минь махалсан. Ерөөсөө замын хажууд шүү дээ. Манай багийнхны малыг дэл сул, ганц нэгээр нь хулгайлаад байдаг байсан юм билээ. Өнгөрсөн жилээс хойш хоёр гурваар нь авдаг болсон. Тэгэхдээ дандаа бүл муутай, араас нь хөөцөлдөх хүнгүй айлыг олзолж байна. Манай адууг хулгайлж махалсны дараа Хуурайн даваанд зүс мэдэхгүй дөрвөн адуу байгаад байсан юм. Гэтэл удалгүй толгойг нь тасдаж хаяад махыг нь аваад явчихсан байсан. Одоо бодоход өнөөх хулгайчид тууж ирж, хэд хонуулж байгаад махалсан байгаа юм. Сайхан дөрвөн морь байсан даа. Эзэн нь эрэл болоод сүйд болж байгаа биз, хөөрхий. 

-Ямар ч байсан сэжигтнүүд баригджээ. Шалгаад танайхныг хохиролгүй болгох байгаа.

-Мэдэхгүй юм даа. Хадаа гэдэг нөхөр өмгөөлөгчтэй гэнэ лээ. Өмгөөлөгч нь “Та нар хүний эрх зөрчиж байна” гээд хориулах нь бүү хэл мэдүүлэг өгүүлдэггүй юм гэсэн. Мөрдөн байцаагч нь “Та нар өмгөөлөгч авах юм уу” гэж байсан. Малаа алдчихаад өмгөөлөгч хөлслөх мөнгө хаана байх билээ. Хулгай хар мөртэй гэж ярьдаг. Арга ядахдаа ламд үзүүлж, засал хийлгэх юм. Ном уншуулчихаар сэтгэл сэргэх янзтай. 

Урт хөлтэй бод малаа гэрээ эргүүлээд хашаад байж чадахгүй юм. Гаднаа хорьж байгаад өвлийн зуданд алчихалтай нь биш. Дүүрсэн хэрэг гээд явуулчихаж байгаа юм. Араас нь санаа зовоод амрахгүй. Өглөө адуугаа эргэж байж л санаа амардаг болчихлоо, энэ цагт. Уг нь орчин үед малаа хамгаалаад байх арга бас байх шиг санагдах юм.

-Ямар арга байна вэ?

-Цагдаа нар үе үе эргүүл хийгээд байвал хулгайчид болгоомжтой байх болов уу. Нөгөө талаар орчин үед цахилгаан холбоог хөдөө маш сайн хөгжүүлмээр байна. Уулын цаад, наадгүй сүлжээ барьдаг бол бид нэг адуу, нэг үхэртээ GPS суулгачихмаар байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлд хаана байсныг нь мэдэж болж байна. Гэнэт хулгайчид хөөгөөд эхэлбэл, адуунд минь хөдөлгөөн орлоо гэж мэдчихээд араас нь давхичихмаар байх юм. GPS чинь хямд юм билээ. Сүлжээ барьдаг л бол тэрийг бид өөрсдөө малдаа аваад суулгачихмаар байна. Малын индексжүүлсэн даатгал гээд бөөн хөрөнгө мөнгө зарж мал нэг бүрийн чихэнд эм хийсэн. Одоо эмтэй мал нэг ч байхгүй. Эмээр нь хөөгөөд хулгайч барьчихна гэсэн нь ч худлаа болсон гэв. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Орлох: “Цөм”-ийг ашигласнаар Монгол Улсад ялгарч байгаа цацрагийн хэмжээ буурна

-23 ТОНН НҮҮРСНЭЭС ГАРГАЖ АВДАГ ЭРЧИМ ХҮЧИЙГ 1 КГ БАЙГАЛИЙН УРАНААР ГАРГАЖ АВДАГ-

“Би онолын физикч мэр­гэж­лийг хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотод су­рал­цаж эзэмшсэн. Сур­гуу­­лиа төгсөөд эгэл бөөм, атомын физикийн чиглэ­лээр 25 жил судалгаа, практик ажилхийлээ. 2004 онд АНУ-ын Сиракузын Их сургуульд “Их энергийн туршилтын физик”-ийн чиг­лэ­лээр доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан. Эрд­мийн ажил маань “Элект­рон-позитроны харил­цан үйлчлэлийн дүнд Лямбда-би хэмээх одоо ашиглаг­даад буй хамгийн хүнд ба­рионы судалгаа” байв. Лямбда-би гэдэг бөөм нь протоны нэг кваркийг би кваркаар солиход үүсдэг бөөм. Харин масс нь про­то­­ноос ойролцоогоор тав дахин их. Энэ ажлыг Амери­кийн дэлхийд алдар­тай Корнеллийн их сур­гуулийн хурдасгуур дээр төв­­тэй КЛЕО багийн ажлын хүрээнд хийж гүй­цэт­гэс­нээ дурсахад таа­тай байдаг”. 

Ийн хүүрнэх хүн бол  Монголын цө­мийн физикчдээс Олон улсын Атомын энер­гийн агентлагт ажил­лаж байсан. Тус агент­лагийн Нобелийн шаг­налт багийн гишүүн, Мон­гол Улсын Шинжлэх Ухаа­ны Академийн Фи­зик технологийн хүрээлэн­гийн захирал Д.Орлох бил­ээ. Д.Орлохтой цаг үеийн асуудлаар  ярилцлаа. 

-Таны эрхэлж байгаа хүрээлэнгийн хувьд  ямар төрлийн судалгаан дээр ажиллаж байна вэ?

-Шинжлэх Ухааны Академийн Физик технологийн хүрээлэнтаван том судалгааны чиглэлийг түшсэн салбаруудтай.

-Шинжлэх Ухааны Академийн Физик технологийн хүрээлэнтаван том судалгааны чиглэлийг түшсэн салбаруудтай. Монголдоо физикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ганц институт. Оно­лын физик, Цөмийн болон Их энергийн физик, Биофизик биотехнологи,  Материал судлал, Техник  техно­логийн зэрэг салбарууд тус тусдаа судал­гаа шинжилгээний ажлаа явуулж байна.

Манай судлаачдын эх орондоо болон гаднын улс оронд хийсэн судалгаанууд дэлхийд өндрөөр үнэлэгдэж байна. Ноднин Хиггс бөөмийг Европын цөмийн судал­гааны  төвд нээсэн нь энэ зууны эхний хамгийн том нээлт боллоо. Орчлонгийн бүрдэл хэсэг атом, молекулууд бүгд масстай. Энэ масс яаж бий болдог механизмийгХиггс механизм гэж нэрийддэг. 

Энэ нээлтийн үр дүнг ашиг­лан цаашид эгзотик төлөв, урьд ажиглагдаагүй харилцан үйлчлэ­лийн механизмын талаарманай хүрээлэнгийн судлаач Ц.Энхбат бүтээ­лээ туурвиж олон улсын хуралд илгэхээр уригдаад байж байна. Өөр нэг жишээ хэлэхэд олон улсын практикаар шинэ нээл­тийг хөндлөнгийн өөр нэг туршилтад нээснээр баталгааждаг. Дубнад нээгдсэн 117 дугаар элементийг манай Монголын суд­лаач Ж.Хуягбаатарын тэргүүлэн ажилласан баг Германд нээсэн би­лээ. Уг ажил хэвлэгдэхэд Ж.Хуяг­баатарыг нэгдүгээр хэвлэгчээр тавьсан байсан. Энэ нь түүнийг ямар ажиллаж байгаа, хэрхэн мэргэшснийг харуулж байна. 

Манайхаас Дубнад ажиллаад туршлагатай болсон эрдэмтэд их бай­гаа. Жишээлбэл, академич Ц.Баа­­тар сүүлийн үед хийсэн су­дал­гаа­гаараа кварк-глюон системд фазын шилжилт байгааг туршлагаар ажиглаад одоо Eвропт хийгдэж буй SPS туршлагын өгөгдөл дээр батлахаар ажиллаж байна.

Төр, засгаас судалгаа шин­жил­гээний ажилд хэр дэм өгдөг вэ?

-Төр, засаг боломжийнхоо хэрээр л дэмжих бодлого барьдаг байх. Энэ мөнгө Монголын шинжлэх ухааны түвшинг унагахгүй торгоох л мөнгө. Гэхдээ шинжлэх ухааныхаа үр өгөөжийг авъя гэж байгаа бол ахиухан мөнгө төсөвлөх хэрэгтэй. Түүнээс бус  өдөр хоног өнгөрөөх цалин өгөөд, судалгаанд нь бага­хан хэмжээний мөнгө өгөхөөр Мон­го­лын шинжлэх ухаан амиа арга­цаахаас бус эдийн засагт үр нөлөө үзүүлэхээр хэмжээний түв­шинд хүргэхгүй байна. Тиймээс манай хүрээ­лэн гадаад харилцаа, хам­тын ажиллагаа дээр л суурилан судалгаагаа явуулж, дэлхийн тав­цанд тайлагнах бүтээлүүд туурвиад Монголынхоо нэрийг гаргаж байна даа. 

-Судалгаа хийх явцад цацраг таны биед, эрүүл мэндэд  хэр нөлөөлсөн бэ?

-Цацрагтай ажилладаг дурын ажилтан шиг л би үргэлж хяналтан дор байсан. Миний авч байсан тун хэзээ ч зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч байгаагүй. Эрүүл мэндэд нөлөөлсөн юм байхгүй ээ.

-Ер нь цацраг хүний биед яаж нөлөөлдөг бол?

-Хүний үйл ажиллагаанаас гарсан том том осолтой холбоотой зүйл дээр л цацрагийн нөлөөлөл  илүү мэдэгдэж байна. Түүнээс бус байгалийн, уул уурхайтай хол­боотойгоор цацрагийн хор хөнөөл гарсан тухай батлагдсан зүйл хомс, маргаантай. Цацраг альфа, гамма, бетта гээд гурван янз байдаг. Үүнийг өнөөдөр хүн бүр л мэдэж байна даа. Альфа, Бетта хоёр нь цэнэгтэй учраас гүн нэвтэрдэггүй. Гамма нь бидний мэдэх үзэгдэх гэрэлтэй адил нэг төрлийн цацраг.  Гэхдээ эрчим ихтэй, бодист илүү гүн нэвтэрдэг. Биед хуримтлагдсан тунг хэмждэг нэгж нь зиверт. Тун нь цацрагийн төрөл, тусаж буй материалаасаа хамаарна. Нөлөөлөл нь мэдрэгдэх хоёр үе шаттай. Шууд болон яваан­даа мэдрэгддэг хоёр тал­тай. Хүчтэй цацрагт өртвөл эх­ний нөлөөлөл нь арьсан дээр улайлт өгөх зэргээр мэдрэгддэг. Байгаль дээр бид байнга цацрагт шарагддаг. Газрын, орон байрны, сансраас цацраг ялгарч  байдаг. Цацрагтай ажилладаггүй хүнд жилд зөвшөөрөгдөх тун гэж бий. Үүнтэй адил цацрагтай ажилладаг хүнд байх зөвшөөрөгдөх тун  бас байдаг. Цацрагтай ажилладаг хүн жилдээ 20 мл зибертийг  авахад энэ нь ямар нэг нөлөө байхгүй гэж үздэг. Жирийн иргэд 1 мл зиверт тун цацрагаас авахад нөлөө байдаггүй. 

-Хүмүүс цацрагийн хор нөлөө гарч ирлээ гэж яриад байна. Мэргэжлийн байгууллагад хэр хандаж байна вэ?

-Манайд хандахаасаа илүү Цөм­ийн Энергийн газар эсвэл эмнэлэгт хандаж байгаа байх. 

-Танай байгууллагын хувьд ямар чиглэлийг барьдаг вэ?

-Манайх судалгаа, шинжилгээ­ний ажил хийж байна. Изотопоор гарсан цацрагаар бодисыг өдөөгөөд шинж чанарыг нь судлах жишээтэй. Судалгаа шинжилгээний ихэнх аж­лаа гадаадын төхөөрөмжүүд дээр шинжлэн хийж байгаа. ОХУ, Япон, Герман, Хятад, Тайвань зэрэг олон газруудад манай ажилтнууд судал­гаа шинжилгээний ажил  хийж байна. Манай ажилтнууд  бүх төр­лийн цацрагтай ажилладаг. 

-Дорноговь аймгийн Улаан­бад­рах суманд болж байгаа асуудалд та анхаарлаа хандуул­сан уу? Мэргэжлийн хүний хувьд  тайлбарлахгүй юу?

-Тэнд ноднин ажлын хэсэг гарч ажилласан. Тэнд иргэний хөдөл­гөөнийхний яриад байгаа шиг хүн, мал амьтанд нөлөөлөх хэмжээнд цацрагийн тун авах боломж байх­гүй. Шаврын цэг гэх газрын хамгийн өндөр тун гэхэд тэндээс үүссэн  цацрагтай холбоотой өвчин гарна гэж байхгүй. Зарим хэвлэл мэдээллээр мутаци үүслээ гээд байна. Мутаци гэдэг чинь ийм бага тунгаас үүсэх нөхцөл байхгүй.

-Уул уурхайгаас гадна цацраг хамгийн их байгаа газрууд хаана хаана байдаг бол?

-Анагаах ухаанд хэрэглэж байгаа хавдрыг шардаг техник, тоног төхөөрөмжүүд байна. Өвчнөө эмчлүүлж шаруулж байгаа хүмүүс мэ­дээж эмчилгээний зорилгоор цацрагт өртөнө. Харин тэнд ажил­лаж байгаа хүмүүст цацрагаас хам­гаалах зохих арга хэмжээ авагддаг. 

-Цацрагийн мэргэжилтнүүд хэр бэлтгэгдсэн байдаг вэ? 

-Мэргэжилтнүүдийг Монгол Ул­сын Их сургуулийн Цөмийн судал­гааны төв дээр бэлтгэдэг. Жил бүр нэгээс хоёр анги оюутнууд төгсдөг. Цацрагийн мэргэжилтнүүд манайд хангалттай бий. Цөмийн Энергийн газрын хяналтад байдаг мэргэжлийн ажилчдын тоо гэхэд 2000 орчим байдаг. Тэд  улс ардын аж ахуйн бүх салбарт, цацрагийн үүсгүүр, янз бүрийн үүсгүүр дээр ажиллаж байна. Судалгааны хүмүүсээс илүү­тэй технологи дээр нь манай мэргэжилтнүүд их ажилладаг. Уул уурхай, зам, эмнэлэг, нисэх гээд бүх салбарт ажиллаж байна.

-Цөмийн технологийн  хөгжил манайд ямар явцтай байна вэ?

-Цөмийн технологийг бид өдөр тутмын амьдралдаа байнга хэрэглэж байгаа. Жишээ нь: хавдар, бусад өвчнийг оношлох, эмчлэх, малын өвчин оношлох эмчлэх, эм, вакцин үйлдвэрлэх, шинэ сортын үр тариа гаргаж авах, барилга, замын чанар хянах, уул уурхайн салбарт хайгуулаас ашиглалт хүр­тэл, боловсрол, шинжлэх ухаа­ны салбарын судалгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнийг илрүүлэх, онцгой бай­дал, терроризмаас урьдчилан сэргий­лэх, агаарын тээврийн аюул­гүй ажиллагаанд хэрэглэгддэг. Энэ утгаараа цөмийн технологиос салангид байна гэж үгүй.

Төрийн бус байгууллага, хөдөл­гөөнийхний  голлон санаа зовж байгаа зүйл нь цөмийн цахилгаан станц, ураны хайгуул, олборлолтын эсрэг байгаа. Нэг талаас нь тайлбарлахад хүн сайн мэдэхгүй зүйлээсээ айж, бэргэдэг талтай. Нөгөө талаасаа өөр, өөр сонирхлууд хөндөгдөж байгаа тал ч ажиглагдаж байна. Өнөөдрийн манайд яригдаад байгаа газар дор уусган баяжуулах аргаар уран олборлох технологи байгальд хамгийн ээлтэй гэж олон улсад үзэгддэг.

-Уран ашигласнаар байгальд хор хөнөөл нь хэр тусах вэ?

-Ураныг олборлох нь хэдэн арван сая тонн нүүрс авахаар ухаж байгаатай зүйрлэх аргагүй. Одоогийн ашиглаж байгаа газар доор уусган олборлох технологи нь байгальд ээлтэй технологи гэж дэлхийд үнэлэгдсэн. Технологио л зөв бариад явах ёстой.  Технологио зөв барихад иймаюул эрсдэл байхгүй. 

-Дэлхийн улс орнууд уранаа ашиглан эрчим хүч гаргаж авч байна. Бид яагаад энэ бүхнээс хоцрох вэ? Эрчим хүч гаргаж авъя гэж мэргэжилтнүүд ярьж байна. Цөмийн эрчим хүч гаргаж авах цаг болсон уу?

-Дэлхийд цахилгаан эрчим хүчний 10-15 хувийг уранаас гаргаж авч байна. Энэ нь үйлдвэрлэлийн нэг хэсэг.  Манай урд, хойд хоёр хөрш цөмийн эрчим хүчний хувьд асар өндөр хөгжсөн.  Ялангуяа урд хөрш 2050 онд 200 цөмийн буюу атомын цахилгаан станцтай болно гэж зорьж байгаа. Ийм үед бид  толгой дээрээ шуудай нөмрөөд суугаад байх хэрэггүй. Ямар нэг байдлаар мэддэг, судалдаг байх хэрэгтэй. Цөмийн цахилгаан стан­цыг ярингуутаа барьчихдаг эд биш. Турк улс гэхэд өнгөрсөн зууны 70-аад оноос цөмийн цахилгаан станц барина гэж ярьж, судалгаа хийж, газраа хайж  явсаар байгаад 2006 онд эцсийн шийдээ гаргаж,2010 онд ОХУ-тай атомын цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурсан.  Одоо Туркийн хам­гийн анхны цөмийн цахилгаан станц нь 2018 онд ашиглалтад орох гэж байна. Засгийн газраас  цөмийн цахилгаан станц барина гэж шийдвэр гарсны дараа 10-15 жилийн хугацаанд л хэрэгжих болов уу. 

-Цөмийн цахилгаан станцтай  улс орон сайхан хөгжиж байна. Дубайг хар… гээд гадаадад яваад ирсэн хүмүүс шагшин магтах юм. Хэрвээ манайх цөмийн эрчим хүчтэй болвол үсрэнгүй хөгжиж чадах болов уу?

-Хөгжил гэдэг бол өөр асуу­дал. Атомын цахилгаан станц барьсанаар хамгийн түрүүнд бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг нь хэлэхэд утаа багасна, нүүрсний хаягдал байхгүй болно. Дээр нь нэг зүйлийг хүмүүс анзаарахгүй байгаа юм. Манайх дулаанаар хангахын тулд 5-р дулааны цахилгаан станцтай болъё гээд байна. 23 тонн нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчийг 1 кг байгалийн уранаар гаргаж авдаг. Атомын цахилгаан станц барьсанаар нүүрсний хэрэг­лээ эрс буурах тул өнөөдөр Монгол Улсад ялгарч байгаа цацрагийн хэмжээ буурна уу гэхээс ихсэнэ гэж байхгүй. 

-Уран олборловол зах зээлд ямар ашигтай байх вэ? Манайх нүүрс, зэсээ олборлон гадаадын зах зээлд гаргатал ханш нь уначихлаа шүү дээ. 

-Үнийг сайн судлах хэрэгтэй. Тэр хол газраас техник технологитойгоо ирээд хөрөнгө оруулалтаа хийж, хайгуул явуулж байгаа нь цаашдаа эдийн засгийн хувьд ашигтай болоод л хийж байгаа байх. 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Н.ЭНХ

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Буриад Монголын нийслэл Улаан-Үдийн зун (7)

8Түрүүч нь
¹154, 155, 156, 158 (4794, 4795, 4796, 4798) дугаарт
8

Буриад бол манай зарим иргэдийн хувьд худалдаа наймаа хийдэг томоохон
газар нь. Наймаачид Хятадаас авсан бараагаа галт тэргээр Улаан-Үд рүү зөөнө. Нэгэн
үе Улаан-Үд монгол наймаачдаар дүүрчээ. Том том цүнх үүрсэн наймаачид хотын гудамж,
талбай, орон сууцны хороолол дундуур бараагаа бариад явна. Хүмүүс хямдхан үнэ сонсоод
хаана ч хамаагүй наймаа хийнэ. Дэлгүүр хоршоо, автобусны буудал, гэрийнхээ үүдэнд
хүртэл. Сүүлдээ эндхийн иргэд монгол наймаачдаас залхах хандлагатай болж. Засаг
захиргааны зүгээс энэ байдалд анхаарал хандуулж монгол наймаачдад зориулсан худалдааны
төв, дэлгүүр хүртэл гаргаж өгчээ.

Монгол гэсэн тодотголтой тэр дэлгүүрээр нь орвол голдуу Эрээний бараа
байх аж. Бараанууд нь хямдхан. Сонголт ихтэй. Одоо монгол наймаачид “гахай”-гаа
үүрээд Улаан-Үдээр хэсэхээ больсон гэнэ. Хятад-Монгол-Улаан-Үд гэсэн чиглэлд наймаа
арилжаа хийж амьдардаг монголчууд Улаан-Үдэд байр хөлсөлдөг юм байна. Тэндхийн монголчууд
бие биенээ танина. Тэр байрны төдөн давхарт хоёр монгол амьдардаг. Харин тэр байранд
хоёр монгол айл байдаг гэхчилэн заана.

Хөлсний байр гэснээс Улаан-Үдэд байрны үнэ манайхтай харьцуулбал
өндөр. Нэг өрөө шинэ байр байршил, зэрэглэлээсээ хамаарч 1.5-2 сая рублийн үнэтэй.
Сүүлийн үед орон сууцны хорооллууд ихээр баригдах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор
залуу гэр бүлүүдийг ипотекийн зээлд хамруулах ажил ид өрнөж байна.

Улаан-Үдийн зун ерөнхийдөө халуун бүгчим. Их мөрний хөвөөнд байдаг
болохоор агаар нь ихэд чийглэг. Гудамжны моддын навчисыг нь имэрч үзэхээр өчүүхэн
ч тоос, тортоггүй. Нов ногооноороо. Зүлэг, ширэг нь ч мөн адил.

Харин өвөлдөө хүйтэрнэ. Ямар сайндаа цаа бугын арьсан гутал өмсөх
вэ дээ. “Юун ноосон малгай вэ. Өвөл дан малгайтай явна гэж байхгүй шүү” гэцгээнэ.
Ноосон малгай өмсвөл дээгүүр нь куртикнийхээ малгайг давхар өмсөнө. Цаг агаарын
хэм хасах 36 хүрч хүйтэрвэл цэцэрлэг, сургуулийн бага, дунд ангийнхан нь хичээлдээ
явахгүй. Хүүхдүүд урьд орой нь цаг агаарын мэдээ заавал үзнэ. Агаарын хэм -38 хүрвэл
ахлах ангийн сурагчид хичээлдээ явахгүй, Онцгой байдлын газраас нь онц байдал зарлана.

Улаан-Үдийн охид, залуусын арьс нь тунгалаг, нүд нь жавхлааг байдаг
нь зөөлөн, цэвэр агаар, устай нь холбоотой гэж Оросын бусад муж, улсуудын залуус
ярьдаг гэнэ.

Буриадууд оросуудыг орос гэхээсээ илүүтэй орд, мангад гэж хэлж, ярьдаг
нь сонирхол татсан билээ.

Улаан-Үдэд саатахдаа тэндхийн буриад иргэдтэй хөөрөлдсөн юм.

 

ЦЭДЭВ: БУРИАД ЗАЛУУС ЭХ ХЭЛЭЭ МАРТАЖ БАЙНА

Хөлсний тэрэгний жолооч Цэдэв.

-Та
такси бариад хэдэн жил болж байна вэ?

-Есөн жил болж байна.

-Та
аль аймгийн хүн бэ?

-Буриад улс чинь хорин аймагтай шүү дээ. Би Зэдийн аймгийнх.

-Буриадын
аймгуудыг эхнээс нь нэрлэвэл?

-Баргажин, Зэд, Сэлэнгэ, Хиагт, Түнхэн, Хурамхан, Яруун, Хорь, Тарвагатай,
Мухар шивэр гээд хорин аймаг бий.

-Сүүлийн
үед буриад залуус өв уламжлалаа сэр­гээж, хэл, соёлдоо ихээхэн анхаарал хандуулж
байгаа гэлцэх юм?

-Хөдөө аймгуудад ажил төрөл олдохгүй, бүгд төв бараадаж байна. Төвд
орж ирээд энд тэнд юм хийгээд л явцгааж байна. Хөдөөнийхөн ёс заншлаа авч үлдэх
талдаа сайн. Аав, ээжүүд, өндөр настнууд нь хүүхэд залуустаа хэл, ёс заншлаа хэлж
өгдөг юм.

-Улаан-Үдэд
ирсэн залуус голдуу ямар ажил хийж байна вэ?

-Худалдаа наймаа хийнэ. “Абсолют”, “Титан” гэсэн сүлжээ дэлгүүрүүдэд
ажиллацгаана. Барилга дээр ч ажиллаж байна.

-Залуус
үүх түүхээ хэр мэддэг вэ?

-Муухан даа. Хэдий хил зааглахад ахан дүүс салсан ч цаг сайхан болсон
болохоор бие биенийдээ байнга зочилц­гоодог. Бид чинь Улаанбаатар руу байнга явна.
Худалдаа наймаа хийнэ.

Намайг жаахан хүүхэд байхад нагац ахынх маань Монголд байдаг байсан
юм. Хожим нь сураг тасарч холбоогүй болчихсон.

-Та
буриадаар сайн ярьдаг юм байна шүү дээ. Гэртээ буриадаар ярих уу?

-Тэгэлгүй яахав. Манайхан хоорондоо буриадаар ярина. Улаан-Үдэд удчихаараа
л хэлээ мартчихдаг юм.

-Цагаан
сараа яаж тэмдэглэдэг вэ, танайх?

-Битүүндээ мах чанаж, бууз жигнэж идээд сүүгээ ууна. Маргааш нь аав,
ээждээ айлчилж очно доо. Дүү нар минь манайд ирж золгоно. Хотуудаар явж ахан дүүсийнхээрээ
орно.

-Дацангуудад
найр болдог гэх юм?

-Хурал ном хураад зон олноороо цуглаж, эрийн гурван наадмаа хийдэг.

-Монгол
ардын дуунуу­даа хэр дуулдаг вэ. Та дуулна биз дээ?

-Би дуулдаггүй. Спортоор явсан болохоор хоолой муутай (инээв). Монгол
дуу дуулдаг хүмүүс олон байдаг юм. Манай хамаатан садангууд бүгд монгол дуу мэднэ.

 

ЕСҮХЭЙ: БИ ОЛОН МОНГОЛ НАЙЗТАЙ

29 настай, өмгөөлөгч, маркетингийн менежер мэр­гэ­жилтэй Есүхэйтэй
ярилцлаа.

-Буриад
хэлээ хэр мэддэг вэ?

-Сайн мэднэ шүү. Буриад дуу ч мэднэ. Миний үеийн залуус буриад хэлээ
сэргээх гэж, сурах гэж их эрмэлзэх болсон. 1990-2000 оны үед бол юун эх хэлээ сурах
тухай бодох вэ, нийгэм хүнд байсан цаг. Харин одоо хэл соёлдоо анхаарал хандуулах
цаг нь болсон. Ер нь буриадуудын 90 хувь нь өөрсдийгөө Монгол гэж боддог.

-Таны
үеийн буриад залуус Улаан-Үдэд ихэвчлэн ямар ажил төрөл эрхэлж байна вэ. Нийгмийн
байр суурийг нь сонирхвол?

-Миний эргэн тойрны, миний таньдаг залуусын дийлэнх нь буюу жараад
хувь нь төрийн албан байгууллагад ажиллаж байна. Үлдсэн хувь нь худалдаа наймаа
хийж, өөрийн гэсэн бизнес эрхэлж байна.

-Ажилд
ороход ямар нэг хүндрэл байдаг уу?

-Буриад дарга нь буриад хүнийг ажилд авна. Орос дарга нь орос хүнийг
ажилд авдаг. Ерөнхийдөө ийм хандлага бий.

-Буриад
залуус ямар зан чанараараа ажлын байран дээрээ гайхагддаг вэ?

-Ажлаа сайн хийгээд явбал чи буриад, чи орос гэсэн ойлголт байхгүй
л дээ. Гэхдээ буриад залуусыг ажилдаа үнэнч, хөдөлмөрч, чадварлаг, хариуцлагатай
гэж үнэлдэг тал бий.

-Монголд
очихоор Улаанбаатарын хаагуур явах дуртай вэ?

-Гандан орно. Тэрэлж явна. Хотын төв болон III, IV хорооллоор явдаг.
Улаанбаатарыг сайн мэднэ. Монголд рубль хэдэн төгрөгт хүрч байна гэсэн бэ?

-54 төгрөг.

-Тэгвэл ойрмогхон явъя байз. Рубль Монголд үнэд орвол бидэнд ашигтай
шүү дээ (инээв). Би Монголд очих дуртай. Тэнд миний олон найз бий. Би өөрийгөө Монголын
нэг хэсэг гэж боддог. Хэрвээ Монголд надад тохирох боломжийн ажил байвал хэзээ ч
явахад бэлэн байна.

Би буриад хэл мэддэггүй найзуудаа шоолдог юм. “Ичих­гүй байна уу,
буриад хэлээ мэдэхгүй байгаадаа” гэж.

Буриад улс тэр дундаа Улаан-Үд бол их тайван газар. Хүмүүс нь уужуу
сэтгэлтэй. Энд буриад, орос гэсэн зааг ялгаа ер нь гардаггүй юм. Зон олон нь ижилсчихсэн.
Москва ч юм уу Оросын зарим газруудад үндэсний үзэлтэй нөхдүүд бусдыг хавчих үзэгдэл
гаргадаг л даа. Харин Улаан-Үдэд тийм зүйл барагтай бол тохиолддоггүй. Залуус нь
эв найртай. Сайхан ч нөхөрлөдөг.

Би Улаанбаатарт очоод автобуснаас буухад хэзээ ч харь улсад очсон
юм шиг сэтгэгдэл төрдөггүй юм. Ганцаараа явчихдаг. Ерөөсөө юунаас ч айж эмээдэггүй.
Чемоданаа чирээд л дуртай газраараа алхчихдаг. Гоё байдаг.

 

БААТАРДОРЖ: БУРИАД ХЭЛ МИНЬ МАРТАГДААД Л БАЙНА

Хүний нөөцийн менежер мэргэжилтэй Баатартай ярилцлаа. Тэрээр 27 настай.

-Буриад
залуус хүссэн мэргэжлээ эзэмшээд хүссэн газартаа ажилд орох боломж хэр байдаг вэ?

-Хүн хүнээсээ шалтгаална. Өөрөө хүсээд тэмцвэл хүссэн газартаа ажилд
ордог. Энэ тал дээр ер нь шударга шүү. Үүнд хааж боогоод байдаг зүйл байдаггүй.

-Нэр
усаа гаргаад амжилттай яваа буриад залуусаа дурдвал?

-Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа залуус салбар салбарт л байна.
Улс төр, бизнес, урлаг гээд олон.

-Та
буриадаар ярьдаг уу?

-Буриад хэл минь мартагдаад л байна (буриадаар ингэж хэлэв). Би багадаа
их сайн ярьдаг байсан. Байнга ярихгүй болохоор мартчих юм.

Би хүүхэд байхдаа Монгол руу их явдаг байлаа. Одоо манай ахан дүүсийн
хүүхдүүд Монголд очиж сурдаг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Мянгат малчны хүүхдүүд хулгай хийхдээ араатнаас дор авирлажээ

Цагаан сар, наадам дөхөхөөр мал хулгайлах гэмт хэрэг ихэсдэг талаар цагдаагийнхан сэрэмжлүүлдэг. Хулгайчид бүлэглэн, машин хөлөглөн бүл муутай малчдыг онилж, хотыг нь харлуулсан тухай мэдээлэл зуны улиралд тасардаггүй. Гурван жилийн өмнө Хүй долоон худагт зусаж байсан хоёр хөгшинг хөнөөж, хоёр настай зээг нь хүнд гэмтээж орхиод хоттой малыг нь туугаад явчихсан хэрэг гарсан. Малын хулгайчид үйлдэл дээрээ баригдвал хүний амь ч хөнөөж мэдэхээр зэвсэглэчихсэн явдаг зэрлэгшсэн хүмүүс аж. Зэрлэгшсэн гэхийн учир нь тэд хулгайлсан малаа араатнаас дор тамлаж, зовоодог юм байна. Саяхан хулгайчид Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутагт гавьяат малчин хөгшний хоттой хонийг тууж арав гаруйг нь жалганд нядлаад, үлдсэнийг нь чонийн ам руу хөөчихсөн хэрэг гарчээ. Тэдний үйлдлийг нэхэн сурвалжлахад хүнээс гармааргүй балмад авир, бусармаг үйлдэл хийдэг нь тодорхой байв. Малчин, мөрдөн байцаагчдын дунд явж байгаад тэнсэн ялтай үлддэг малын хулгайчдын увайгүй үйлдлийг “Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа онцолж байна. 

ХОТОНД ГЯЛАЛЗАХ ГЭРЛИЙН УЧИР

Төв аймгийн Баяндэлгэр сум нийслэлээс 101 км зайтай. Аймгийнхаа төвөөс  108 км, Багануур дүүргээс 26 км зайд байдаг. Засаг захиргааны нэгжийн тухайд Байдлаг, Галуут хоёр багтай. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Хүн ам цөөтэй ч Улаанбаатар-Өндөрхааныг холбосон хэвтээ тэнхлэгийн мянганы зам сумын төвөөс хоёр км-ийн зайтай өнгөрдөг болохоор их хөлийн газар гэгддэг юм билээ. Нутгийн иргэдийн олонхи нь Хэрлэн голын хөвөөнөө малаа маллан амьдардаг. Сумын малчид чоно нохойноос илүү хулгайчдаас малаа хамгаалж,  байнгын харуул манаатай байлгадаг болоод удаж буй гэх. Ямар сайндаа л айл болгон бог малаа хашиж байх билээ. Бүлтэй, ээлжээр малаа харуул манаатай байлгах айлуудад хулгайч тэр бүр халдаад байж чаддаггүй гэнэ. Харин өндөр настай, бүл чадал муутай айлуудыг хулгайчид онилж, хотноос нь ганц нэг мал суйлж байгаад бөөнөөр нь туугаад явчихдаг аж. 

Гавьяат малчин Х.Магсар хөгшинтэйгээ, малыг нь малладаг залуутай гурвуулаа Хэрлэн голын хөвөөнд хаваржиж байжээ. Тэднийхээс саахалтын зайд хүүхдүүдийнх нь бий. Х.Магсар гуайнх цөөнгүй малтай болохоор бэлчээрээ харгалзан ганц гэрээрээ байхаас аргагүй гэнэ. Дал гаруй настай хоёр хөгшин ганц залуутай, 500 гаруй малтай байгааг хулгайчид мэддэг учраас эртнээс олзоо болгосон хэрэг. Шөнө дунд Х.Магсар гуайн хөгшин гарч бие засахад хотонд нь гэрэл гялалзаад, гүйгээд байдаг байж. Бүр малын хашаанд ч гэрэл гялалзаад байх болж. Энэ тухай өвгөндөө хэлээд хамт гарч харахаар юу ч мэдэгддэггүй гэнэ. Хоёр хөгшин нэгийгээ зөнөж, хий юм хардаг болж гээд өнгөрдөг байжээ.

Хааяа малаа тоолоход ганц, хоёр хонь сох дутчихаар нь малчин залуугаа “Хонь руу чоно оруулчихлаа” гэх юм уу “Айлын малтай хонио нийлүүлээд хольчихлоо” гэж зэмлээд өнгөрдөг байж. Гэтэл гэрэл гялалзаад байдгийн цаана нь хулгайч байдаг байсан нь хоттой хонийг нь тууж явснаар ил болжээ. Хулгайч тэдний малнаас ганц, хоёроор нь хулгайлдаг байснаа хүлээсэн байна. 

ХОТТОЙ ХОНИЙГ НЬ ТУУЖ ЖАЛГАНД АВААЧААД СОРЧИЛЖЭЭ

Х.Магсар гуайн хоттой хонийг тавдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хулгайчид туугаад явжээ. Хургатайгаа 500 гаруй хонийг хашаанаас нь гаргаж баруун хойшоо хоёр шахам км тууж Зүүн шандын аманд хүргэжээ. Шөнө дунд хотноос нь хөөгөөд босгохоор бог мал эргэж, хургадаг. Хулгайчид хурц иртэй төмөр юм уу, том хутгаар туусан бололтой нэлээд хэдэн хонийг ар нуруу руу сийчсэн байжээ. Малын хашаанд том хутга үлдээсэн нь ч үүнийг гэрчилнэ. Монголчууд малаа ширүүн туух, араас нь мод чулуу шидэхийг цээрлэдэг. Гэтэл хулгайчид хутга, мэсээр сийчиж хөөдөг болсон нь энэ. Түүгээр ч барахгүй хоттой хонийг нь Зүүн шандын аманд хөөж аваачаад гар чийдэн тусгаж байгаад сорчилж эхэлжээ. Шөнө дунд малын нүд рүү хурц гэрэл тусгахад хөдөлж чадахаа больдог. Ингэж гэрэл тусгаж байгаад хамгийн том, тарга тэвээргэ сайтайг нь сонгож хоолойг нь хэрчиж алсан байна. Энэ мэтээр 13 эр хонины хоолойг огтолж, дотрыг нь цувуулж хаяжээ. Нядалгаа хийсэн жалгандаа 13 хонины толгой, гэдсийг нь цувуулж хаячихаад гулууз махыг нь портер машиндаа ачаад явсан байна. 

Бүр хамгийн тарган, том хониных нь сүүлийг дундуур нь нэг хэрчээд Х.Магсар гуайн зүг рүү шидсэнээ хулгайчид ярьжээ. Хулгайлсан хониныхоо сүүлийг эзнийх нь зүг шидэх нь хулгайчдын хувьд дом юм байх. Сүүлийг нь шидвэл хэрэг нь баригддаггүй гэж ярьдгаа хулгайчид мөрдөн байцаагчид мэдүүлсэн байх юм. 

ҮЛДСЭН ХОНИЙГ НЬ ЧОНЫН АМ РУУ ХӨӨЖЭЭ

Үүр цүүрээр бой хийсэн хулгайчид үлдсэн малыг нь Хөх овоо руу туучихаад яваад өгч. Өөрөөр хэлбэл, чонын ам руу туусан гэсэн үг. Малчид “Ядаж эргүүлээд хот руу нь чиглүүлчихсэн бол хэдэн малаа чононд сэглүүлэхгүй байлаа” гэж ярьж байв. 

Х.Магсар гуайнх хаваржаандаа өвлийн байшинд амьдардаг. Тиймээс хоттой малыг нь хойноос нь иртэй мэсээр хөөж байгааг сонсоогүй юм билээ. Үүрээр хот нь эзгүйрснийг мэдэж араас нь эрэл болж. Гэгээ ороход Зүүн шандын жалган дээгүүр элээ, хон хэрээ эргэлдээд байхаар нь очтол сүргийнх нь сор хэдэн хонийн толгой, гэдсийг нь цувуулаад хаячихсан байж. Цаашлаад Хөх овоог давтал хээрийн нохой сүрэг хонь руу нь дайрч алахыг нь алж, сэглэхийг нь сэглээд хаячихсан байжээ. Тавь гаруй жил мал малласан хөгшин тийм дүр зургийг харах ямар байх билээ. Хэсэгтээ дуугаа хурааж, бодол болсон гэнэ. Алдсан хүн арван тамтай гэдэг үг малаа хулгайд алдсан малчдаас гарсан гэдгийн учир энэ биз. 

Нутаг усаараа хүндэлж явдаг гавьяат малчныхаа хотыг харлуулсан хулгайчид өөрсдөө мянгат малчдын хүүхдүүд байсан гэвэл итгэхэд бэрх. Гэвч тэд малын захад, өтөг идэж өссөн залуус байгаа нь харамсалтай. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР