Categories
мэдээ цаг-үе

Хувийн хэвшлийг оролцуулбал Монгол Улсын нийт өр 19.8 тэрбум ам.долларт хүрчихлээ шүү дээ

УИХ-ын  2014  оны    хаврын чуулган өндөр­лөсөн­тэй холбогдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлaа.

-Удахгүй Үндэсний Их баяр наадам болох гэж байна. Өнгөрсөн жил баяр наадмыг тэмдэглэхдээ Ардын Хувьсгалын 92 жилийн ойг дурсаагүй өнгөрсөн санагдаж байна. Ер нь наадмын зардал, бэлтгэл ажил хэр байна вэ?

-Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх гэж байна. Танай сониноор дамжуулан ард иргэддээ  Монголын тул­гар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд¬чил­гээ дэвшүүлье. Ардын намын эрэлхэг хөвгүүдийн гавьяа, Ардын хувьсгалын үр дүнг манай ард түмэн, хойч үеийнхэн хэзээ ч мартах ёсгүй түүхэн үнэн.  Сүүлийн жилүүдэд эрх баригчид Үндэсний их баяр наадмын нэрээс Ардын хувьсгалын ой гэснийг хасах, Жанжин Сүхбаатарын талбайг Чингэсийн талбай гэж нэрлэх зэргээр түүхийн үнэнийг мушгин гуйвуулах оролдлого хийж байгааг ард иргэд шүүмжлэх боллоо. Нар, хур тэгширсэн сайхан зун болж бид Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэм­дэглэхээр бэлтгэж бай­на. Өнөө жилийн наад¬мыг тэм­дэглэхэд 2,2 тэрбум төгрөг зарцуу¬лахаар төлөвлөж бай­гаа бөгөөд наадмын бэлтгэл ажил хэвийн явагдаж байна.

-Наадмаар тав хоног амрах асуудлыг та эсэр­гүүцэж байсан. Ялангуяа улс орны эдийн засгийн нөх­цөл байдал тийм ч сайн¬гүй байгаа энэ эгзэгтэй цаг үед УИХ-ын гишүүд асуудалд ажил хэрэгч байдлаар хандах ёстой гэж олон нийт харж байгаа?

-Үндэсний их баяр наадмаар та¬в хоног амрах боллоо. Энэ асууд­лыг шийдвэрлэхдээ УИХ-ын гишүүд жилийн ажлын болон амралт, баяр ёслолын өдрүүдийн баланс, тэнцвэ¬рийг хангах талаар сайн судлах ёс­той байсан. Зарим баяр ёслолын өдрүү¬дээр заавал амрах ёстой юу? Манай ажиллагсдын хөдөлмөрийн бү¬тээмж ямар байгаа билээ зэрэг асуудлыг харгалзан үзэх учиртай.Улс орны эдийн засаг сайнгүй байгаа үед УИХ-ын гишүүд хариуцлагатай, ажил   хэрэгч байдлаар хандах ёстой гэсэн таны асуулттай санал нэг байна. Яг энэ үндэслэлээр би эсрэг саналтай байсан. 

-Улсын Их Хурлын хаврын чуулган завсарлалаа. Намрын чуулган хийх ажлынхаа 30 хувийг ч амжуулж чадалгүй мөн л цагаан сар гээд тараад алга болсон. Та үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Хаврын чуулганы үр дүнг та юу гэж дүгнэж байна вэ? 

-УИХ-ын хаврын чуулган өндөр­лөлөө. Чуулганы үр дүнг хангалтгүй гэж дүгнэж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байсан олон чухал хуулийг баталж чадсангүй. Засгийн газраас  оруулж ирсэн хуулийн төслийн боловсруулалт хангалтгүй байс¬наас  олон хуулийн төслийг УИХ-аас буцаасан. Зарим хуулийн төсөл улс үн­дэсний эрх ашигт хохирол учруулахаар байсныг УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ-ын гишүүд эсэргүүцэж, олон нийтийн шаардлагаар Засгийн газар аргагүйн эрхэнд буцааж татсан. Ер нь УИХ-ын хаврын чуулганаар 24 хууль батлахаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаснаас бие даасан 8 хууль баталлаа. Өөрөөр хэлбэл хийх ёстой ажлынхаа гуравны нэгийг л гүйцэтгээд чуулганаа завсарлуулав. 

-Чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ.  Ашигт малт¬малын тухай хуулийн төсөл, Өрийн удирдлагын тухай хууль,  Газрын тухай хууль гэхчилэн. Ер нь хууль тогтооох дээд байгууллага хэрхэн ажиллаж байна? 

-Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хуулиудын ихэнх нь нийгэмд хүлээлт үүссэн чухал хуулиуд байсан. Харамсалтай нь эрх баригчид хуу­лийн төсөл боловсруулахдаа улс ор¬ны нийтлэг эрх ашиг, үндэсний аюул¬гүй байдал, ард иргэдийн санал бодлыг харгалзахгүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж байгаа нь хууль батлахад ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна. Ашигт малтмалын тухай хуу­льд нэмэлт өөрчлөлт оруулснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тодорхой болгосон хэдий ч 2012 оны 1-р сарын 12-ны өдөр баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөв­шөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болголоо. Ингэснээр 300 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, үүнээс ч олон тооны тусгай зөвшөөрөл шинээр олгох үүд хаалгыг нээж өглөө. Эрх бари¬гчид зарим томоохон ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамааруулж бидний “урт нэртэй хууль” гэгдэх хуулийн хоригоос гаргах арга сэдэж байсныг манай намын бүлэг зогсоож байсан. Үүний нэгэн адил гол усны эх, ойн нөөц бүхий газарт хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл  олгох эрх  нь Засгийн газрын  байгууллагуудад  нээг­дэж байна гэсэн үг.  Өрийн удирд­лагын тухай хууль Монгол улсад хэрэгтэй, чухал хууль мөн. Гэтэл хууль санаачлагч  хуулийн нэр томьёо, ДНБ-д эзлэх өрийн хязгаар гэх мэт олон заалтын хувьд өмнө нь Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлж, нэлээдгүй хөрөнгө, хүч зарж байж боловсруулж баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл заалттай зөрчилдсөн хуу­лийн төсөл оруулж ирсэн. Монгол Улсын өр гэсэн олон улсад түгээмэл хэрэглэдэг ойлголтыг өөр­чилж зөвхөн Засгийн газрын болон аймаг, нийслэлийн өр, Засгийн газ­рын өрийн баталгааг хамруулах бол­с­ноор Засгийн газрын дотоод өр, тө¬рийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын өр, санхүүгийн түрээс зэрэг өрийн хэрэгслүүд Зас-гийн газрын өрөнд тооцогдохгүй болхоор байна. Дотоодын хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээдийн зээллэгийн 85 хүртэл хувьд Засгийн газар өрийн баталгаа гаргах зэргээр улсын өрийг нэмэгдүүлэхээр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын өрийн хэмжээ ДНБ-ий  40 хувиас хэтрэхгүй байна гэж заасныг Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-ий 70 хувь,  Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл ДНБ-ий 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан нь нийт дүнгээрээ Засгийн газрын өрийг ДНБ-ий 90 хувь хүртэл нэмэгдүүлж,  улс орныг өрийн дарамтад оруулах нөхцөлийг бүрдүүлэхээр байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Газрын тухай хуулийн төсөлд бэл­чээ¬¬¬рийн газрыг эзэмшүүлэхээр заа­¬сан нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай ард түмний амьд¬рал ахуйд нийцэхгүй байгааг УИХ-ын гишүүд, олон нийт шүүмжилж байлаа. Хуулийн төсөлд гадаадын ир¬гэнд газрыг урт хугацаагаар (60+40 жил) эзэмшүүлэхээр оруулж ир¬сэн нь Монгол орны газар нутгийг гад­ны иргэнд өмчлүүлэх эрхийг нээж байгаа¬тай  агаар нэг болж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг  зөрчсөн эрсдэлтэй үйл¬дэл болсон. Газрын тухай хуулийн төсөлд газрыг хуваарилах эрх мэдэл, үйл ажиллагаанд илүү анхаарч, ха¬рин газрыг төлөвлөх, газар зохион байгуу¬лах, хамгаалах, нөхөн сэргээх асууд­лууд орхигдсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Товчхон дүгнэж хэлэхэд УИХ-ын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байна. Гол нь УИХ-д олонх болсон эрх баригчид өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулах гэж хүч түрж байгаа нь хууль тогтоох дээд байгууллагын ажилд хүндрэл учруулж байна. 

-Эдийн засгийг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газ­раас эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн тө¬сөл өргөн барьсан. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд саад болж байгаа татварын дарамт, НӨАТ-ын асуудал энэ хуулиар чөлөөлөг­дөх­гүй юм шиг байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Манай улс 2007 онд “Татварын зарим хууль болон нийгмийн даат¬галын тухай хуулийг хэрэгжүүлэх ту¬хай” (Татварын ил тод байдлын тухай хууль), 2008 онд Татварын өршөөлийн ту¬хай хуулийг баталж хэрэгжүүлсэн. Ту­хайн үед манай улс татварын багц хуулиудыг шинэчлэн баталсан тул ир¬гэн, аж ахуйн нэгж  сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн, тат­вар ноогдох орлого, бараа, ажил, үйлчилгээг татварын албанд мэдүүл­сэн тохиолдолд  тэдгээрийг хариуц¬лага болон албан татвар, нийгмийн даат¬га¬лын шимтгэлээс чөлөөлсөн. Өр­¬шөө¬¬лийн тухай  хуулиар зарим эт­гээ¬¬дийг татварын өр, төлбөрөөс тодор­¬хой хувиар чөлөөлж, эрүүгийн бо¬лон захиргааны хариуцлага, ялаас нэг удаа чөлөөлсөн. Олон ул¬сын туршлагаас харахад татварын өршөөлийн хуулийг ойр ойрхон олон гаргах нь үр дүн муутай, нийгэмд хүлээлт үүсгэдэг, шударга бус байдлыг бий болгодог зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг байна. Энэ удаа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл 2007 онд баталснаас илүү их өргөн цар хүрээ хамарсан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, гааль, нягтлан бодох бүртгэл болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүртэл хамруулахаар тооцжээ. Ялангуяа Авлигын эсрэг хуулийн дагуу авлигад тооцогдох үйлдлүүдийг энэ хуулийн төслөөр өршөөх, хариуцлагаас чөлөөлөх заалт оруулсан нь нийгэмд эрх баригчид авлигачдыг өөгшүүлж, тэтгэсэн хууль батлах гэж байна гэсэн ойлголт төрүүлж байна. Авлига авсан төрийн албан хаагчид, эрх баригчид энэ хуулиар өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ цайруулах,  нуун дарагдуулах гэж  оролдож байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Гэтэл эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон хэрэг, зөрчил, өр төлбөр, хүү торгууль энэ хуульд хамаарахгүй гэж заасан нь бизнес эрхлэгчдэд учирч байгаа дарамт шахалтыг багасгахад энэ хуулийн төсөл нөлөөлөхгүй нь тодорхой байна. Хуулийн төсөлд нууцлалын асуудлыг чухалчилж өмнөх онуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана, эдгээр мэдээллийг нууцлаагүй, хэвлэн нийтэлсэн хувь хүнийг 5 сая төгрөг, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгож хатуу хариуцлага хүлээлгэх гэнэ. 2007, 2008 онуудад шинэчилсэн тайлан , мэдээллийг татвар, нийгмийн даатгалын байгууллагууд нууцын журмаар архивлан хадгалж болоод байсан. Өргөн барьсан хуулийн төсөлд шинээр гаргасан тайлан, хөрөнгө орлогын мэдүүлэг болон нуусан хөрөнгө, орлого, тэдгээрийн эх үүсвэр, үнэ өртгийг нууцлан, нотлох баримт болгож ашиглах, хэвлэн нийтлэхийг хориглохоор тусгаж өмнө онуудын тайлан баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана гэж тусгасан нь эрх баригчид гэмт үйлдлүүд нь олон түмэнд ил болохоос айж, 2016 оны сонгуулиас өмнө ямар ч хамаагүй аргаар холбогдох баримтыг устгах гэсэн санаархал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл УИХ-аас баталсан эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх тухай тогтоолд заасан бизнес эрхлэгчид, ААН-үүдийн үйл ажиллагааг сэргээхэд хамгийн том саад болж байгаа эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дарамт, өрийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулалт хийгдээгүй байна. 

-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног дундаасаа өнгөрөөд явж байна. Энэ хугацаанд эдийн засаг сэргэсэн, сэргэх нөхцөл байдал бүрдсэн гэж та бодож байна уу. Ер нь үлдсэн хоногууд, цаашдын дүр зургийг та хэрхэн харж байна вэ?

-Засгийн газар эдийн засаг хямраагүй, эдийн засгийн өсөлт 2 оронтой тоонд гарлаа гэж мэдэгдэж  УИХ дахь манай намын бүлгийн удаа дараагийн шаардлагыг үл тоомсорлож байсан. Гэтэл энэ хаврын чуулганы үеэр үнэнд гүйцэгдэж “ Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан. УИХ-ын дарга 2014 оны хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ Засгийн газар, Монгол банктай хамтран хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон төсвийн гадуур хяналтгүй зарцуулсан их хэмжээний хөрөнгө болон төсөв, мөнгөний бодлогын алдаа өнөөгийн ханшийн огцом уналт, эдийн засгийн хямралын гол үндэс болсныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэ алдаатай бодлогоо засч залруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэж Засгийн газар, Монгол банкинд хандаж хэлсэн. 100 хоногийн хөтөлбөрийн хугацаа талдаа орж байхад эдийн засгийн сэргэлт гарахгүй байгааг эрдэмтэн, судлаачид хэлж ярьж байна. Валютын ханш 1 ам.доллар 1830 төгрөг хэвээрээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-50 хувь өссөн, иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар уруудсан хэвээрээ л  байна. Монгол улсын зээлжих зэрэглэл 2012 онд (+B) байсан бол өнөөдөр (-B) болж олон улсын түвшинд 2 шат буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалт 2014 оны эхний улирлын байдлаар 60 гаруй хувиар буурсан бөгөөд макро эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээрээ манай улс 78 байраар ухарч 130-д бичигдэх боллоо. Монгол банк нэг жилийн дотор гадаад валютын нөөцөөсөө 2.4 тэрбум ам.доллар зарцуулсан хэдий ч  төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларлаа. Олон улсын Блюмбэрг агентлаг ханш нь хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж дэлхий нийтэд зарлав. Засгийн газрын өр сүүлийн 1 жилд 2 тэрбум 984 сая ам.доллараар нэмэгдлээ. Улсын өр ДНБ-ий 64 хувьд хүрч, хувийн хэвшлийн өрийг оролцуулбал Монгол улсын нийт өр 19.8 тэрбум ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 175 хувьтай тэнцэж байна. Эдийн засгийн хямрал банк, санхүүгийн салбарт нөлөөлж эхлэв. Үндэсний статистикийн хороо болон Монгол банкны тайлангаас харахад энэ оны эхний 5 сарын байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  381,2 тэрбум төгрөг болж чанаргүй зээлийн хэмжээ 619,7 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин өссөн байна. Өр, зээлээс өөр өссөн дэвшсэн зүйлгүй, өмнөх онуудын ололт амжилтаас ухарсан уруудсан гэдэг нь  дээрх хэдхэн тооноос тодорхой байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2013 оны 4-р сараас эхлэн улс орны эдийн засаг хүндэрч эхэлснийг эрх баригчдад удаа дараа анхааруулж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж ирсэн юм. Эдийн засгийн хямралыг сөрсөн зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцохыг УИХ-д оруулж хэлэлцүүлсэн боловч эрх баригчид тухай бүр хамгаалж хаацайлсаар ирсэн билээ.

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг эрх баригчид хамгаалаад аваад үлдчихлээ. Энэ нь хууль зөрчсөн асуудал болж байна уу?

-УИХ бол хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагаас гадна ардчилсан нийгэмд байдаг зөвшилцлийн хамгийн дээд хэлбэрийн байгууллага. Бусад институциуд үүнээс зөвшилцөл болон хамтын шийдвэр гаргах үйл явцыг харж үлгэр авдаг гэж би ойлгодог. УИХ-ын үйл ажиллагаа  хар дээр цагаанаар бичигдсэн хуулийн дагуу маш нарийн дэг журамтайг та бүхэн мэднэ. Эдийн засгийн хөгжлийн сайдтай хариуцлага тооцох асуудлыг хамгаалж авч үлдсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл мөн. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр эрх баригчид өмнө хэрэглэсэн муйхар  аргаа дахин хэрэглэж байгааг хэлсэн. Нөгөө талаар эдийн засаг, бизнесийн орчин муудаж, валютын ханш, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн аж амьдралын түвшин доройтож байгаагийн цаана олон нийтийн эрх ашиг байгаа гэдгийг эрх баригчид олж харахгүй байна.  

-АН-ынхан эдийн засаг хямарч байгаа нь МАН Засаг барьж байх үеэс үүдэлтэй гэж ярьж байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү? 

-Эрх баригчид өөрсдийн алдаатай бодлогын үр дагавраар эдийн засаг хямарч байгааг өмнөх Засгийн газраас болсон гэж байгаа нь буруугаа бусдад түлхэх гэсэн арчаагүй арга. Манай нам Засгийн эрх барьж байсан 2011 онд ДНБ-ий өсөлт 17.5 хувьд хүрч, төсвийн орлого төлөвлөснөөс 118,3 тэрбум төгрөгөөр давж, улсын валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болсон өндөр өсөлт бүхий тогтвортой эдийн засгийг Шинэчлэлийн гэх энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн билээ. 2011 онд үр тариа 446,1 мянган тонныг хураан авч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байсан.Гэтэл Засгийн газрын алдаатай бодлогын улмаас хоёрхон жилийн дотор манай улсын эдийн засаг, нийгмийн бүхий л үзүүлэлтүүд буурч, эдийн засаг, санхүү хямралд ороод байна. 

-МАН ажил хийлгэхгүй байна гэж АН-ынхан шүүмжилдэг. Сөрөг хүчин гэдгээрээ бүх асуудлыг улс төржүүлдэг гэдэг. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би МАН-ын намын даргаар сонгогдоод үйл ажиллагаандаа баримтлах зарчмаа тодорхойлохдоо бид бүтээлч сөрөг хүчин байх ёстой гэдгийг хэлсэн. Эрх баригчид   засаглаж сурах хэрэгтэй. Засаг барьж байхад сөрөг хүчин болгон л шүүмжилдэг. Өнгөрсөн намар болон хаврын чуулганд бид эрх баригчдын олон бодлого, шийдвэрт байгаа алдааг засаж залруулсан. Харин сөрөг хүчний намын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцдэггүй муухай жишиг манай олонход байна. Энэ  тэднийг муухай харагдуулдаг олон зүйлсийнх нь нэг гэж бодож байна.      

-Өнгөрсөн хугацаанд МАН зас­гийн эрхийг барьж байх үед дэлхийн зах зээлээс ихээхэн хэмжээний мөнгө босгож, бүтээн байгуулалт, улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ажлуудыг хийж болох байсан. Одоо бол хийсний араас илүү юм ярьж байна гэх шүүмжлэл МАН руу чиглэж ирдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-МАН Засгийн эрх барьж байхдаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах замаар томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх бодлого хэрэгжиж байсан. 2012 оны байдлаар хандивлагч орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээл 1.9 тэрбум ам. доллар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4,5 тэрбум ам.доллар болж, уул уурхайн томоохон компаниуд хөрөнгийн биржээс олон зуун сая долларын хөрөнгө босгож байсныг манай иргэд сайн санаж байгаа. Эдгээр хөрөнгө нь улс орны бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн санхүүгийн чухал эх үүсвэр байсан. “Шинэчлэлийн” гэх Засгийн газар олон улсын зах зээлээс арилжааны нөхцөлтэй, их хэмжээний (2.1 тэрбум ам.долларын) зээл авч, эргэн төлөгдөхгүй, үр ашиг муутай төслүүдийг санхүүжүүлж байгаа нь бидний хэрэгжүүлж байсан бодлогоос тэс өөр, улс орны эдийн засгийг өрийн дарамтад оруулах эрсдэлтэй алхам болж байна. Хамгийн гол нь хэрэгжүүлэх төслүүд нь бэлэн болоогүй, Эгийн голын УЦС-аас өөр ТЭЗҮ нь бэлэн болсон томоохон төслүүд байхгүй байхад их хэмжээний бонд гаргасан нь бодлогын алдаа болсон гэж үздэг. 

-МАН дангаараа олон жил төр барьж ирсэн гэдэг утгаараа боловсон хүчний тал дээр асуудалгүй гэж харагддаг. Харин ялагдал хүлээсэн, дотроосоо дахин нам төрүүлсэн, жирийн гишүүд, зарим лидерүүд нь намаа орхисон гээд бараан дүр зураг танай намыг хүчгүй харагдуулаад байх шиг. Магадгүй энэ байдал дараагийн сонгуульд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй юм шиг.Харин танд намын даргын хувьд ямар итгэл үнэмшил төрж байна вэ?

 -Манай нам бэлтгэгдсэн боловсон хүчний нөөцтэй. Манай нам залуу, дунд, ахмад үеийн алтан хэлхээ, залгамж чанарыг хадгалж чадсан улс төрийн ууган хүчин. Намын боловсон хүчний бодлого гишүүд,  дэмжигчдээ идэвхижүүлж, тэднийг урамшуулах, намын эв нэгдлийг хангаж, зангидсан гар мэт нэг цул болгоход чиглэж байна. Сонгуулийн ялагдал, талцлын асуудлыг түүхийн хуудаснаа үлдээж урагшаа харж эрч хүчтэй ажиллах цаг болсон.  

-2013 оны төсвийн гүйцэтгэлийг Үндэсний аудитын газраас танилцуулсан. Нэлээд зөрчил харагдлаа, энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Саяхан Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-аар хэлэлцэх үед төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан төсвийг хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нь хэрээс хэтэрсэн талаар тодорхой яригдсан. Үндэсний аудитын газрын болон УИХ-ын Төсвийн зардлагын хяналтын дэд хорооны дүгнэлт гарсан. Төсвийн ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг 2.2-558.3 сая төгрөгөөр, 11 төсвийн ерөнхийлөн захирагч гадаад зочны зардлыг 1 тэрбум гаруй төгрөгөөр батлагдсан төсвөөсөө хэтрүүлсэн байна. Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгаа нь тогтоогджээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн 222 албан тушаалтан тутамд жилд 3.3 сая төгрөгийн илүү зардал гарсан байна. Төрийн албанд сүүлийн 3 жилд худалдан авсан нэг бүр нь 83 сая төгрөгөөс дээш үнэ өртөгтэй 61 автомашин байгаагийн 51 автомашинийг буюу 84 хувийг нь сүүлийн 2 жилд авсан байна. Эрх баригчид төсвийн хөрөнгөөр хэрхэн тансаглаж, үр ашиггүй зарцуулж байгаагийн тод жишээ нь энэ. Монгол Улсын 2013 оны төсвийн хуулиар төсвийн ерөнхийлөн захирагчдын үндсэн чиг үүрэгт хамаарах 101 хөтөлбөрийн 304 арга хэмжээнээс 110 нь огт хэрэгжээгүй буюу дутуу хэрэгжсэн  байгаагаас  үзэхэд 2013 оны төсөв үндсэндээ биелэгдээгүй байна. Төсвийг хэрэгжүүлж чадаагүй, хууль бус олон данс арилжааны банкуудад нээсэн, зөвшөөрөлгүй автомашин хэрэглэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох шаардлагатай гэсэн дүгнэлттэй санал нэг байна.

-Сүүлийн үед Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг тойрсон асуудал нэлээд хурцаар өрнөж байна. Төрийн чухал алба хашиж яваа хүнийхээ хувьд хэрхэн дүгнэн харж байна вэ? Эрх баригч намын бодлого нь гажуудал ихтэй байгаа учраас зарим хүнийг солиод   асуудал шийдэгдэхгүй гэдэг нэг өнцөг харагддаг. Та энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Асуудал Н.Батбаяр, Х.Тэмүүжин гэдэг хүнийг л огцруулах гээд байгаад юм биш. Хамгийн гол нь төрийн сайдын ажлыг хийж чадахгүй, улс орны эдийн засгийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлээгүй учир эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал доройтож байгаад асуудал хариуцсан сайдтай нь хариуцлага тооцдог болох, сайд нь ч өөрөө огцрох өргөдлөө өгдөг зарчим тогтоох нь цаашид Монгол төрийн төлөвшилд зайлшгүй чухал асуудал юм. Улс төрч хүн, төрийн сайдын алба хашиж байгаа хүн төрийн хууль, ёс зүйг эрхэмлэн нэр цэвэр явах учиртай. Төрийн хууль, ёс зүйг чанд сахидаг Япон зэрэг орны Хууль зүйн сайд манай Х.Тэмүүжин сайд шиг хэл ярианд орооцолдсон бол шууд огцрох нь тодорхой шүү дээ.

-Та чуулганы завсарлагаанаар ямар ажлуудыг амжуулахаар төлөвлөж байна вэ. Мэдээж тойрогтоо ажиллах байх?

-Чуулганы завсарлагаанаар сон­гог­дсон тойргийн сумандаа ажиллаж Төв аймгийнхаа иргэдэд УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа, ба¬талсан хууль тогтоомжийг сур­талч¬лан таниулах ажлыг зохион бай­гуулна. Намрын ургац хураалт, хад­лан тэжээл болон өвөлжилтийн бэлт¬гэл зэрэг цаг үеийн ажлаар айм­гийн¬хаа зарим сумдад ажиллана. МАН-ын даргын хувьд зарим аймаг, суманд ажиллаж намын бодлого, шийдвэрийг сурталчилна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиудтай холбогдуулан эрдэмтэд судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.

Л.ОЮУН

Categories
мэдээ цаг-үе

С.Алтанхуяг: Малын хулгайчид бүлэг байдаг учраас таарч, илрүүлэхэд бэрх юм

-МЯНГАТ
МАЛЧНЫ ХҮҮХДҮҮД ХУЛГАЙ ХИЙХДЭЭ АРААТНААС ДОР АВИРЛАЖЭЭ-

8Түрүүч нь ¹160
(4800), 161 (4801), 162 (4802) дугаарт
8

Төв аймгийн Баян­дэлгэр сумаар явж, хулгайчид малаа алдсан малчидтай
ярилцахад “Малын хулгайн гэмт хэрэг гаарчихаад бай­на. Олон нийт энэ та­лаар мэддэггүй.
Хууль тогтоогчид ч ан­заардаггүй. Аймаг, сумын мөрдөн байцаагч малчин хоёрын дунд
малын хулгайчийн мэдээлэл үлддэг. Тэднийг олон нийт анзаардаггүй учраас тэнсэн ял
авчихаад эргээд хулгайгаа хийгээд эхэлдэг. Бараг л “Би ма­лын хулгайч шүү” гээд
өөрийгөө зарлаад унаа тэргээ сольж унаад малчдыг элэг барьж байна шүү дээ. Хулгайчид
биднийг дагуулахгүй хуулийн мэдлэгтэй. Яавал хэргээс мултрахаа сайн мэднэ. Бүлэглэл
болчихсон учраас бүлгүй малчдад дийлдэнэ гэж байхгүй” гэцгээж байсан юм. Гавьяат
малчин Х.Магсарын 13 хонийг хулгайлж, нядалсан хэрэгт шалгагдаж байгаа гурван сэжигтний
нэгийг малчид “Малын хулгайн бүлгийн ахлагч. Энэ хавиараа алдартай. Түүнийг хулгайч
гэдгийг нутаг усаараа мэддэг ч хуулийн дагуу арга хэмжээ авахуулж байгааг нь харсангүй”
гэж ярьж байсан. Орон нутгийн цагдаагийн байгууллага малын хулгайчидтай хэрхэн тэмцэж
байгааг сурвалжлахаар Багануур дүүргийн цагдаагийн хэл­тэс рүү явлаа. Баяндэлгэр
сумын Галуут багаас Багануур дүүргийн төв рүү ороход засмал зам дээр бог малын дотрыг
өөхтэй нь цувуулаад хаячихсан байх юм. Хулгайчид мал хулгайлж, бойлохдоо араатнаас
дор авир гаргадгийг малчдаас сонссон учраас хар төрснийг нуух юун.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст Малын хулгайн гэмт хэрэгтэй
тэмцэх хэсэг ажиллаж байна. Ахлах төлөөлөгч, төлөөлөгч, мөрдөн байцаагч, цагдаа,
жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй,  УАЗ-469 машинтайгаа
үүрэг гүйцэтгэдэг аж.  Тус хэсгийн ахлах төлөөлөгч,
цагдаагийн ахмад С.Алтанхуягтай ярилцлаа.

-Танай
дүүргийн цагдаагийн хэлтэс Төв аймгийн зарим сумдад гарсан хэргийг шалгадаг болжээ.
Ачаалал нэмэгдсэн гэсэн үг үү?

-Хуулийн шинэч­лэл­тэй холбоотой энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Багануур
дүүргийн Цагдаагийн хэлтэст Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Мөнгөнморьт,
Баяндэлгэр сум ха­рь­яа­лагдах болсон. Малчдаас ирсэн мэдээллийн дагуу хурдан шуурхай
шалгаж байгаа. Сумд манайд харьяа­лагдаж ирсэн ч бүтэц, орон тоо, мөнгө төсөв нэмэгдээгүй.
Хуучин орон тоогоороо л ажиллаж байна.

-Малчидтай
уулзаж явахад малын хулгайн хэрэг нэлээд ихэссэн бололтой юм. Яг танайд шалгагдаж
байгаа хэргийн тоон мэдээг танилцуулаач?

-Энэ оны эхний зургаан сарын байдлаар малын хулгайн гэмт хэрэг Хэнтий
аймгийн Цэнхэрмандал суманд хоёр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд хоёр, Баяндэлгэр
суманд гурав бүртгэгдээд шалгагдаж байна. Багануур дүүрэгт малын хулгайн нэг хэрэг
бүртгэгдсэн байсныг илрүүлээд шүүхээр шийдүүлчихсэн байгаа.

-Шалгагдаж
байгаа хүмүүсийн зарим нь малын хулгайн хэргээр шалгагдаж, шийтгэлээ хүлээж байсан
нөхдүүд байх шиг байна. Баяндэлгэр суманд мал хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа
хүмүүсийн тухай ч ийм яриа байна. Үнэн үү?

-Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн олонхи нь өмнө
нь ийм төрлийн хэрэг үйлдсэн, ял шийтгэл эдэлсэн байдаг нь үнэн. Өнгөрсөн тавдугаар
сарын 13-14-нд шилжих шөнө Төв аймгийн Баян­дэлгэр сумын малчин Х.Магсарын 13 тооны
хонь хулгайлсан хэрэгт мөрдөн шалгалт хийгээд хоёр хүнийг сэжигтнээр хорьж шалгаж
байгаа. Тэднээс гадна сэжигтэн Г.Хадбаатарыг энэ хэрэгт шалгаж байна. Мөн Галуут
багийн иргэн А.Энхнастын гурван үхэр, гурван адуу хулгайлагдсан хэрэг гарсан. Б.Энхбаяр
гэдэг хүний нэг үхэр дөрөвдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Хайлааст гэх газраас
алга болсон хэрэг бүртгэгдсэн. Тэдгээрийг шалгаж байна.

-Хулгайчид
хулгайлсан малаа нядалсан газраа заавал хутгаа үлдээдэг юм байна. Малчдын ярьж байгаагаар
энэ нь дом бололтой юм. Тэр хутган дээр үлдсэн хурууны хээгээр хулгайчдыг шуурхай
барьчих боломж байх уу?

-Хуулийн дагуу шин­жээч, мөрдөн байцаагч, төлөөлөгч хэргийн газрын
үзлэгийг хийж байгаа. Хэргийн газар дээр үлдээсэн эд мөрийн баримтыг шинжээч шалгаад
явж байгаа.

-Хоёр
сэжигтэн “Генералын Хадаа ах биднийг дагуулж явсан” гэж мэдүүлсэн гэдэг мэдээлэл
бий. Малчид ч түүнийг хулгайчдын бүлэглэлийн ахлагч гэж ярьсан. Тэр хүн батлан даалтад
байгаа юу?

-Генералын Хадбаатар гэдэг хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.
Хэнтий, Төв аймагт мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргээр Улсын мөрдөн байцаах
газарт шалгагдаж байсан хүн. Улсын Ерөнхий прокуророос харьяалал тогтоож хэрэг нь
манайд ирсэн. Батлан даалтад шалгагдаж байгаа. Г.Хадбаатар 2011 оноос хойш шалгагдаж
байгаа. Холбогдсон хэрэг нь хүнд гэмт хэрэг. Тиймээс 12 сар хүртэл хугацаагаар цагдан
хоригдох хуультай. Тэр хугацаагаар нь цагдан хорьчихсон учраас батлан даалтад шалгахаас
аргагүй.

-Малын
хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шалгадаг байсан.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ зүйл анги байхгүй болсон. Тиймээс хулгайн
хэргээр зүйлчлэх үү?

-Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах
хэргээр зүйлчилж байгаа.

-Малчдын
ярьж байгаагаар хулгайчид бүтэн сартай шөнө мал хулгайлж, нядалдаг юм байна. Тэр
үеэр нь эргүүл хийх боломж байх уу?

-Сумдын хэсгийн төлөөлөгчидтэй хамтраад эргүүл хийж байгаа. Малын
хулгайчид бүлэг байдаг далд аргаар үйлдэгддэг учраас тэр бүр таарч, илрүүлэхэд бэрх
юм.

-Хулгайчдаас
гарал үүслийн гэрчилгээгүй мах хямд авдаг дэлгүүр, ченжүүд байна. Тэд малчдад мэдээлэл
огт өгдөггүй, халгаадаггүй юм байна. Тэр хүмүүст хэр хяналт тавьдаг вэ?

-2014 оны тавдугаар сараас хүнсний зах, мах борлуулдаг цэгүүдэд цагдаа
ажиллаж, хяналт тавьж байна. Малын хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүмүүст
хулгайн малын мах худалдаж авсан хүмүүс ч бий. Ер нь мал хулгайлах гэмт хэргээр
зохих ялаа эдлээд гарсан хүмүүс хэсгийн байцаагчдын хяналтад байдаг. Энэ ажил ч
хийгдэж байгаа. Ер нь малын хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй хүмүүсийн судалгаа
ч байдаг.

-Малын
хулгайчид хурдан унаатай, зэвсэгтэй, олноороо явдаг гэх юм. Олон өмгөөлөгч хөлсөлдөг.
Түүгээрээ дамжуулж цагдаагийнхныг дарамталдаг, ажлаас нь салгадаг гэх юм. Бүлэг
хулгайчтай тэмцэхэд цагдаа хүчгүйдэх юм уу?

-Цагдаагийнхан хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Малын хулгайн гэмт
хэрэг үйлдэж байгаа хүмүүс олон машинтай, утсаар хоорондоо холбогддог. Бүр галт
зэвсэг ашиглах нь ч бий. Тэглээ гээд цагдаа хүчин мөхөсдөөд, айж ичээд байгаа юм
алга. Одоо ч машиндаа бензин хийгээд гарахад хүн нэг бүр хуулийн дагуу хэрэглэх
зэвсэг хэрэгсэл нь бэлэн байна гэв.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР 

Categories
мэдээ цаг-үе

Баруун хязгаарыг тохинуулж, хилийн зурвасыг тогтооход гар бие оролцсон Монголын анхны армийн генерал

Монголын анхны бөгөөд цорын ганц армийн генерал болох Монгол Улсын баатар Батын Дорж 1914 онд Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Тэрээр 15 настайгаасаа сумандаа адуу маллаж, тариа ногоо тарихаас авахуулаад сумынхаа захиргаанд зарлага хүртэл хийж байжээ. Цэргийн албанд 1935 онд татагдан, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсанаар түүний Монгол Улсын батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийн гараа эхэлжээ. 

Морьт дивизийн Бага даргын сургуульд элсэн суралцсанаасаа хойш дөрөвхөн жилийн дотор нэгдүгээр морьт хороонд сумангийн дарга болжээ. Харин 1939 оноос буюу 25 настайгаасаа Ардын цэргийн нэгдүгээр морьт дивизийн дарга бөгөөд Улаанбаатар гарнизоны даргын хариуцлагатай албанд дэвшин томилогджээ. Энэ үед Халх голын дайны хүндхэн сар өдрүүд тохиож байсан учраас тус дивиз цэрэгт шинээр татагдагсдыг богино хугацаанд цэргийн эрдэмд дадлагажуулахын сацуу Халхын голд байлдаж буй анги, салбаруудын бие бүрэлдэхүүнийг шинэчлэх үүрэг байлаа. 1940-1941 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга, 1941-1948 онд Дотоод явдлын яамны хязгаарын ба дотоодын цэргийн хэргийг эрхэлсэн дэд сайд, орлогч сайд, 1952-1953 онд МАХЦ-ийн тавдугаар тусгай морьт бригадын дарга, 1953-1956 онд Монгол зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Совмонголметалл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч даргаар ажиллаж байжээ. 1956-1959 онд БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд, 1959-1961 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1961-1963 онд БНАСАУ-д, 1963-1966 онд БНАГУ-д, 1966-1968 онд ХБНСЮУ-д онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдын албыг хашиж байжээ. Эх орондоо буцаж ирүүтээ 1978 оныг хүртэл Батлан хамгаалах яамны сайд, 1978 оноос Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны даргаар насан өөд болтлоо ажилласан билээ. Эдгээр албан тушаалыг хаших хугацаанд түүнд БНМАУ-ын баатар цол, Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Лениний одон, Эх орны дайны хоёрдугаар зэргийн одон,  Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор хоёр ч удаа тус тус шагнуулж байжээ. Хашсан албан тушаал, гавьяа шагналууд нь төр улсдаа хэр үр бүтээлтэй ажилласныг гэрчилнэ. 

Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа ЗХУ-тай хамтарч, орчин үеийн мото буудлагын хэд хэдэн тусгай анги нэгтгэлүүдийг байгуулж, орчин үеийн техник хэрэгслээр хангах, анги нэгтгэлүүдийг байгуулан, олон улсын жишигт хүргэх нүсэр ажлыг Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсан гардан зохион байгуулж байжээ. Армийн генерал Б.Дорж Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байх хугацаандаа баруун хязгаарыг тохинуулж, Оспаны хасгийн дээрэмчдийн удаа дараалсан дайралтуудыг няцаан, улсынхаа дархан хилийг тэр хэвээр нь хадгалж үлдсэн гэдгээрээ баатар цолоор шагнагдсан. 

Армийн генерал, хөдөлмөрийн баатар Б.Дорж агсны мэндэлсний 95 жилийн ой 2009 онд тохиосон бөгөөд энэ үеэр түүний дурсамж үзэсгэлэнг олонд танилцуулсан юм. Тус үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, дүрэмт хувцас, гэрэл зургуудыг олны хүртээл болгож байсан. Энэ үеэр цэргийн шинжлэх ухааны доктор, дэслэгч генерал Ш.Арвай “1940 онд Монголын цэргийн даргаар томилогдон, Монгол, Орос, Япон, Манж дөрвөн улсын хилийн маргааныг шийдвэрлэхэд толгойлон оролцсон билээ. Тодруулбал улсын хил тогтоох хамтарсан комиссын Монголын талын хэсгийн даргаар Б.Дорж гуайг томилсон гэдэг. 1940 оны хавраас жил дамнан Буйр нуурын умард эргийн Улаан ганга хэмээх газраас Нөмрөг голын өмнө орших амралтын уул хүртлэх 215 км газарт улсын хилийг тогтоож, 132 хилийн багана босгосон түүхтэй. Энэхүү тогтоосон хилийн шугам нь 300-аад жилийн өмнө буюу 1734 онд тогтоосон хилийн зурвастай үндсэндээ нийцсэн. Энэ нь хожим 1962-1964 онд Улсын хилийн шугамыг газар дээр нь дахин тогтоох эрх зүйн суурь болж өгсөн. 1940-1949 оны хооронд 1800-аад удаагийн хилийн зөрчил халдлага гарч байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ үед хил хамгаалах бодлогыг зайлшгүй шинэчлэн сайжруулах шаардлагын дагуу 1943 онд шинэ журам, дүрэм батлан гаргасан. Үүний дагуу хилийн цэргийн байгуулалтыг шинэчилж, хилийн манаа, пост, застав, бэлтгэл хүч, отряд хэмээх тогтолцоог бий болгож, шинэ техник хэрэгслийг нэвтрүүлсэн. Б.Дорж сайдын хэрэгжүүлж, армийн түүхэнд ул мөрөө тод үлдээсэн, цэргийнхний дунд одоо ч сайнаар дурсан яригддаг нэг гол зүйл бол анги, салбарт ажиллаж бай­гаа офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэ алхмуудыг хийсэн явдал. Үүнийг дараах үеийн сайд нар үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн билээ. Чухамдаа Б.Дорж генералын үед цэргийн албаны нэр хүнд эргэн сэргэж, офицер, ахлагч нарт  удаан жилийн нэмэгдэл олгох, одон, медалиар шагнах журам боловсронгуй тодорхой болж, цалин хангамж мэдэгдэхүйц сайжран, цэргийнхэнд зориулсан орон сууцны хорооллууд хот, хөдөөд баригдаж эхлэн, олон зуун офицер, ахлагч нар өөрийн гэсэн тохилог орон сууцтай болж эхэлсний дээр анги, салбар болгон хугацаат албаны цэргийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх, түүний дотор тохилог гал зуух, соёлын төв гэх мэт цэрэг дайчдын ахуйг сайжруулахад чиглэсэн олон зүйл хийгджээ. Б.Дорж генерал дадлага, туршлагатай сайн зохион байгуулагч, жинхэнэ цэргийн жанжин байсны зэрэгцээ хүний төлөө ихээхэн анхаарал халамж тавьдаг, залуу хүмүүсийг ахиж дэвших, амьдрах ухаан, туршлага суухад нь бүх бололцоогоор тусалдаг хүн байсан нь цэргийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хүчтэй түлхэц болсон юм.” гэсэн юм.  

Армийн генерал, Монгол Улсын баатар Б.Дорж агсны ач хүү Б.Баяраа “Миний өвөө үймээн самуун, дайн дажинтай түүхийн эгзэгтэй цаг мөчид Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрхэт байдлыг хамгаалахын төлөө их хувь нэмэр оруулсан цэргийн гарамгай жанжин гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм ч учраас Монгол Улсын түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал хэмээх хүндэт цолыг олгосон гэж боддог. Баруун хязгаарын хилийн зурвасыг шинэчлэн тогтооход монголын талын төлөөлөгчдийг ахалж байснаас гадна хасаг, гоминданчуудаас эх орноо хамгаалах үйлсэд гарамгай амжилт гаргасан гэж би бахархдаг. Халхын голын дайнтай зэрэгцээд Гоминданы түрэмгийлэгч, Хасагийн дээрэмчид Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн хилийг удаа дараа зөрчин хилийн анги салбарууд руу довтолж, тэр хавийн иргэдийн мал хуй, эд хогшил зэргийг дээрэмдэн зарим тохиолдолд бүр амь насанд нь хүрдэг байсан гэдэг. Чухам энэ үед зүүн өмнө зүгт Японы эсрэг, баруун, баруун өмнөд чиглэлд гоминдан хасгийн дээрэмчдийн эсрэг нэгэн зэрэг тулалдаж, хүч тарамдах аюул нүүрлэжээ. Миний өвөө баруун хязгаарын асуудлыг шийдвэрлэхдээ улс төр дипломат аргыг, цэргийн ажиллагаатай амжилттай хослуулж чадсаны үр дүнд 1943 оны намар “Хасгуудтай  БНМАУ-ын эсрэг дээрэм тонуул хийгүй байх” амлалт авснаас гадна гоминданы түрэмгийлэгчдийн эсрэг хүч хавсран тэмцэх хэлэлцээрт хүрсэн гэдэг. Гэсэн хэдий ч гурав дөрөвхөн жилийн дараанаас хасгууд дахин гоминдантай нэгдэн дахин хил орчим халдан довтлох нь нэмэгдэж эхэлж. Гэсэн ч нөхцөл байдлыг зөв дүгнэж, халдлага бүрт нь хариу цохилт өгч, баруун хил орчмын газруудад сайтар бэлтгэгдсэн цэргүүдээр хамгаалуулсны үр дүнд хилийн зөрчлийг дайн болгочихолгүй намжаасан гэдэг. Өвөө маань үр ач бидэндээ “Чин үнэнээр байвал үхэр тэргээр туулай гүйцнэ. Эгэл үнэн, энгийн даруу амьдарвал аз жаргал чамд өөрөө ирнэ” гэж сургадаг байсан. Өөрөө зөв сайхны оргил, үлгэр жишээ байж дээ. Хэлэсэн үг, хийсэн үйлдэл бүр нь амьд домог болон үлдэж дээ” хэмээн өвөөгийнхөө тухай хүүрнэсэн юм.  

Батлан хамгаалах яамны сайд Л.Болд “Харийн түрэмгийлэгчид, тэд­ний гар хөл болсон Оспаны дээрэмчидтэй хий­сэн цус асгаруулсан олон тулалдааныг гардан зохион байгуулж, домог болсон дуун¬даа гардагчлан цагийг товчлон тэнгэрээр ирж, техник хүрэхгүй бэрх газарт тэнгэрээр ч одож, цэрэг дайчдаа ялалт өөд удирдан залж, баруун хязгаарыг төвшитгөн бэхжүүлснээрээ 1930-1940 оны хүнд¬хэн сорилын жилүүдэд түүхэн гавьяа байгуулсныг нь төр засгаас өндрөөр үнэлж, “Улсын баатар” цолоор шагна­жээ. Тийм ч учраар тэрээр Монголын зэвсэгт хүчний түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц армийн генерал байх бүрэн эрхтэй цэргийн нэрт зүтгэлтэн” хэмээн тодотгон хэлж байсан удаатай. 

Түүний Монгол орны бүрэн эрхэт тусгаар тогт¬ноход оруулсан хувь нэм­рийг нь хойч үеийнхэнд үлгэрлэн сануулах үүднээс Завхан аймгийн Улиастай, Алдархаан, Ховд аймгийн Үенч сумдад хөшөө дурсгалыг нь босгон мөнхжүүлсэн гэдэг. Мөн нийслэлийн арван­гуравдугаар хорооллоос Цайз зах хүртэлх өргөн чөлөөг түүний нэрэмжит болгосноос гадна “Монгол Улсын баатар хилчид” цогцолборт хөргийг нь гантиг чулуун дээр урлаж, байршуулсан нь хүртэл бий. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Дорнын говиос Монгол эхэлдэг…

Эртнээс нааш Эрдэнэ толгойн байцаан өнгөрүүлэх застав буюу эдүгээгийн Замын-Үүдийн хилийн боомтын гал голомт бол хэдийнээсээ бузрыг хааж, буяныг оруулдаг эх орны маань алтан босго билээ. Ази, Европыг холбосон алдарт торгоны зам, цайны зам мөнөөхөн замын үүдээр орж ирж Жанжин Чойроор дамжин баруун Европт хүрдэг.  Монголчуудыг гадаад ертөнцтэй  XX зуунд холбосон төмөр зам ч мөн л эдийн засгийн чөлөөт бүс болсон Замын-Үүдээр дайран гардаг. 

Дорнын говиос Монгол эхэлдэг гэж нэг сайхан дуу байдаг…

Сайншандад нүүрс, хүдэр, зэс угааж боловсруулан нэмүү өртөг үйлдвэрлэх аж үйлдвэрийн парк барьж байгуулах засгийн газрын хөтөлбөр сүүлийн үед яригдах нь бүдгэрч харин ч долоо найман боомтоор Хятад руу нарийн төмөр зам тавьж нүүрс, алт, зэсээ хямдханаар боловсруулалгүй гадагшаа зөөх тухай дээр доргүй маргалдах болов. Эх орон сумаас эхтэй, төр засаг айл өрхөөс эхтэйн учир би нутагтаа тэр боловсруулах том үйлдвэрийг бариасай, улс орны маань сан хөмрөг арвижаасай, улсын маань төсөв алдагдалгүй болоосой гэж Дорноговь аймгийн санхүүгийн хэлтэст арван зургаан жил орлого хийгээд татварын байцаагчийн алба хашиж явсны хувьд шинэ шинэ үйлдвэрүүдийн тууз хайчлах тэр баярт өдрийг тэсэн ядан хүлээдэг хүний нэг. Хөдөө орон нутагт улсын төсвийн сэжүүр дээр хэдэн жил суусны хувьд үндэсний том үйлдвэргүйгээр улс орны хөгжлийн тухай, эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлын тухай бодохын ч хэрэггүй гэдгийг басчиг бага зэрэг гадарлана.

1949 онд байгуулагдсан Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр Монгол Улсын бензин шатахууны гуч гаруй хувийг хангаж кокс, мазут, бензин, дизелийн түлш үйлдвэрлэж Дорноговь аймгийн төсвийн гол эх үүсвэрийг бүрдүүлж байсан цаг саяхан. Хэдийгээр Оросын цагаан хааны үеийн шахам хоцрогдсон технологи, нэрэх байгууламжтай байсан ч нэг литр А-76 бензиний жижиглэн худалдаалах үнэ нь нэг төгрөг 42 мөнгө байлаа. Улсын маань цөөхөн хүнд үйлдвэрүүдийн нэг Дорнын говийн цохьлох зүрх болсон тэр нефтийн  үйлдвэрт Орос, Монгол, Казак олон үндэстний 2000-аад хүн ажиллаж, арваад мянган хүн аж төрж байлаа. Гэтэл газрын тосоо гадагшаа зөөснөөс хойш “Зүрх сэтгэлийг булаасан Зүүнбаян хот ” гэж дуулдаг байсан тэр сайхан хот эдүгээ балгас болоод олон арван жилийн нүүр үзлээ. Сайншандын аж үйлдвэрийн парк , цогцолбор сүндэрлэн босох тэр өдрийг улс гүрний маань маргааш хүлээж байна. 

Говьд   усны асуудал  хүнд, боловсруулах үйлдвэрт нүүрс хүдэр угаахад усны хэрэгцээ их, гэвч үүнийг шийдэх хялбар арга бий. 

XIII жарны цагаагчин төмөр тахиа жил буюу 1801 онд Хэрлэн мөрөн савнаасаа халин урд зүгт газрын намыг даган олон хоног урссан их ул мөр үлдсэн түүх байдаг. 

Зураглаваас:Хэрлэн мөрөн саваа халин Баян  эрхт уулын сав газраас буюу Үзүүр толгойн баруун суга хавиас эхлэн Малхын талын зүүн урд сэжүүр, Цагаан тэмээтийн холхи, Цайдмын хөндий уруудан Жарангийн талыг дамжин Уртын болон Өнгөтийн гол,  Айрагийн ар говь, Гашууны говь, Муруйн говь, Тэрэгтийн хөндий, Агь,  Хөх ус  уруудан Алтгана, Бор хошуу, Хадан хошууны голоор урссаар Булан, Сайн усны говь хүрсэн ай сав эдүгээ буй. Манай төр захиргааны ахмад ажилтан Дорноговь аймгийн дарга байсан Лувсангийн Ишдоржийн ээжийн эмэг эх Хандсүрэн гэдэг хүн:

-Хадан хошууны голоор Хэрлэн мөрөн олон хоног урсан голын хоёр эргийн хүмүүс өөр хоорондоо уулзаж чадахгүй  хоёр сар болсон тухай дурсан ярьдаг байжээ.  Иймд хавар, намрын шар ус, борооны үерийн усыг хуримтлуулах, нөөцлөх цөөрөм Хэрлэн мөрний эрэг дагуу олныг барьж гадаадад сохор зоосны ашиггүй алддаг тэр их усыг насосоор өртөөлөн татаж, турбагаар Сайншанд руу аваачих бүрэн боломжтой мэт санагдана. Анх Оюу толгойн гэрээнд гадаадынхантай гарын үсэг зурж байхдаа С.Баярцогт сайд юу гэж уран гоёор донгодож байлаа. Гэтэл одоо юу болов. 

Нөгөө нэмүү өртөг үйлдвэрлэх Сайншандын боловсруулах үйлдвэрүүд юу болов. Нутгаа санаж, нулимсаа арчин арчин байж шүлэг, зохиол бичиж суудаг сампингийн нягтлан бодогч миний бие энэ мэт зүйлээр тархи толгойгоо гашилган санаа зовж сууна. 

Сампингийн эрхи цөөхөн ч гэлээ

Сансрын оддыг багтаадаг юм

Тоо гэдэг хязгааргүй ч

Толгой дотор багтдаг юм.

Манай санхүүгийн сургуулиас Ерөнхий сайд асан Д.Содномыг оролцуулахгүйгээр Сангийн Яамны үе үеийн 9 сайд, Их зохиолч, яруу найрагч Бэгзийн Явуухулан, Цэгмэдийн Гайтав Төрийн шагналт Доржийн Гармаа, Соёлын гавъяат зүтгэлтэн Ишдоржийн Цэрэнжамц нар төрсөн. Ер нь бага залуу наснаасаа тоотой ноцолдсон хүний толгойны эргээ эрт гардаг гэдэг үг бий.  

Сайн ч бай муу ч бай уран бүтээлч хүнд долоо дахь найм дахь нь үгүй юмаа гэхэд зургаа дахь мэдрэхүй гэж нэг юм байдаг юм .

Манай гурван залуу сайд С.Баярцогт , Л.Гансүх, Д.Зоригт нарыг Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурж байхыг би анх хараад энэ гурав ч эх орныхоо томоохон уурхайг тавиад туучихлаа даа гэж бодож суусан маань хэдэн жилийн дараа үнэн л байсан. 

Одооны УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа газрын хуульд 60-100 жилээр гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд газар эзэмшиж цаашдаа сунгуулж болох тухай заалт байгаа зэргийг харгалзан үзвээс монгол орны газар нутгийн ихээхэн хэсэг урт хугацаагаар гадаадынхны мэдэлд очих аюул нүүрлэж байгаа нь тодорхой болж  байна. 

Монголд нэгэнтээ хөрөнгө оруулсан гадаадын хүмүүс зардлаа нөхөж ашгаа олчихсоны дараа өөрийн гараар барьж босгосон үйлдвэр, хот тосгоноо зүгээр нэг орхичихоод дүрвэсэн юм шиг нэг л өдөр яваад өгөхгүй нь ойлгомжтой. Арав, хорин жилийн дараа нялхсыг угтаж, настнаа үдсэний хойно Монголын нутаг, газар шороог өөрийн төрж өссөн эх орноо гэх гадаадын уугуул иргэд цөөнгүй төрнө. 

Тэд Монголд босгосон өмч хөрөнгөндөө  эзэн болно. Ингээд бодохоор Өмнөговь зэрэг аймгуудын нутаг нь Монголын газрын зураг дээр байвчиг гадаадынхны нутаг болно. Энэ бүхнийг үл өгүүлэн өнгөн хөрсний болон гүний усны нөөц багатай, өвс бэлчээр сийрэг тачир, эмзэг хөрстэй говь нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад усны асуудлыг шийдвэрлэх хамгийн ашигтай хувилбар нь Орхон, Хэрлэн голуудыг говь руу татах төлөвлөгөө юм. 

Энэ хоёр голыг говь руу урсгавал ус нь тасарч, газар шурган алга болно гэж зарим хүмүүс болгоомжилж байж магадгүй. Тэгвэл хаврын цасны шар ус, зун, намрын борооны улиралд энэ хоёр гол бүтэн жилд урсдаг усныхаа бараг 60 орчим хувийг ганц, хоёрхон сарын дотор гадагшаа алддаг тухай эрдэмтэн мэргэдийн тооцоо байдаг. Эдүгээ Монгол Улс ус, салхи хоёроо цахилгаан энерги болгож үндэснийхээ үйлдвэрт ашиглах цаг хэдийнээ болсон. 

Аль болгон цаасан дээр үйлдвэр, завод босгож, аль болгон жил бүр арав хорин тэрбум төгрөгөөр хөрсний шинжилгээ хийж, бонд, зээлийнхээ мөнгийг ийш тийшээ цацах вэ. Эхлээд дээрх голуудын сав газраар усан сан байгуул! Дараа нь үйлдвэрүүдээ барь.

Усныхаа асуудлыг төгс төгөлдөр шийдчихсэн цагт үйлдвэр байгуулах мөнгө, хөрөнгө оруулагчид хоёр хар аяндаа өөрөө ороод ирнэ. “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэж яруу найрагч Лхамжавын Лувсандоржийн хэлсэн нэг сайхан үг бий. Орхон, Сэлэнгэ хоёр Байгаль далайн 50-60 хувийг, Халхын гол, Хэрлэн хоёр Манжуурын Далай нуурыг тус тус тэтгэдэг гээд бодохоор дэлхийн цэвэр цэнгэг усны 30 гаруй хувийг агуулдаг Байгаль далай Монголын гол мөрнүүдээс үүсч буй болсон ажээ. Жилд бид ийм их усыг гадагш алдаж байхад Монголын гурван их говьд нүдээ хөлөртөл цангасан адуу мал, зээр гөрөөс худгийн хагссан  онгоц сахин, малчид маань суганыхаа булчирхайг цочтол хэдий болтол ховоо татан зогсохсон билээ. Орхон, Хэрлэнг өмнийн говь руу татахгүйгээр өнгөн хөрсний юм уу гүний усаар хамгийн багаар бодоход зуун жил боловсруулах үйлдвэрийг ажиллуулна гэвэл Бор хөөвөрийн говь байтугай Дорноговь аймаг гандаж гундан цөлжих болно. Гар худгууд ширгэж, ховоо татаж мал усалдаг тэр цаг мартагдана. Мал, хүнгүй усны гачаалд орж, үүл, бороо холдож, тоос шороогоор амьсгалдаг Өмнөговийн эмгэнэл давтагдана. Эрэг нь усаа хашиж эзэн нь юмаа мэддэг цаг ирэв гээд хамаагүй хөдөлж болохгүй ээ. Ноён Итгэлтийн хэлээр “Нэгийг зараад аравыг олохгүй юм бол наймаа хийх ямар хэрэг байна.” Хэрлэнг говь руу татвал олон аймаг сумын нутгийг хамарч олон мянган хүн, малыг унд усаар хангах сайхан цаг ирнэ. Ховоо татдаг олон хүний гар амарч, олон малын гол дэвтэнэ. 

Голын эрэг, ай савд байгуулсан усан санд хавар, намартаа их хэмжээний ус хуримтлуулж чадваас голын түвшин хэзээ ч дундардаггүй, урсгал нь саардаггүй болохыг Араб хийгээд Казакстан бага Азийн жишээнээс бэлээхэн харж болно. Ундны байтугай ахуйн хэрэглээний саарал усны асуудал дэлхийн хүн төрөлхтөний толгойны өвчин болсон энэ цаг үед гүний цэвэр цэнгэг усаар нүүрс, хүдэр угаана гэдэг гэмт хэрэг.

Эцэг эхийн үйлдсэн нүглийн цус, үр хүүхдийнх нь толгойд үсэрдэг тавилантай учир тэнгэр бурхан, лус савдаг бид нарыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үхэж үгүй болсон хойноо ч тэнэг юм хийсний төлөө үр ачтайгаа есөн үеэрээ олон амьтны хараал иднэ. 

Гар утас, угаалгын машин, тоос сорогч хүртэл ухаалаг болсон энэ цаг үед агуу их ухаантан хэмээгч хүмүүс та бид дан мөнгө бодолгүй, агаар ус, газар шороогоо хайрлах ёстой бус уу. 

Учир иймд он жилийн уртад эрэг гольдролоо өөрчлөөгүй ч хэзээч эргэж ирэхгүйгээр эх орноо орхин, улсын хил даван оддог Орхон Түшээ мөрөн, Хэрлэн хатан ижий голуудаа дорнын их говьд уринхан, урсганхан авчрах тэр баярт өдрийн ерөөлийг олон түмэн ард та бүхэндээ талбин ёсолж, доорх гурван бадаг шүлгээр мялаалга өргөе.

Хэрлэнгийн согоо хаврын үдэш

Хэтийн булагт гүйж л ирдэг

Баян Толбын овоог тахихад 

Баастын талд бурхад чуулдаг аа

Хүүхэд нь унасан ч орхиод явдаггүй

Хүлэг сайн мориндоо би хайртай

Хүний газраас ижий шиг дууддаг

Хүй цөглөсөн талдаа би хайртай

Эр, эм хоёр өвс тэврэлдэнхэн 

Эрхлэнхэн ургадаг 

Туулайн тал мину

Энгэрийг чинь түшин 

зүүрмэглэн жаргахдаа

Эмээ, өвөө болж зүүдэлдэг 

Өлзийт хайрхан мину…

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, 

Соёлын гавьяат зүтгэлтэн  Балжирын ДОГМИД 

2014 оны долдугаар сарын 1-ний билэгт сайн өдөр

Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: Азид харилцааны өөрчлөлтүүд гарч байгаагийн нэг илрэл нь энэ


МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Ж.Баттөртэй ярилцлаа.

-Хятадын дарга Си Жиньпин хойд биш өмнөд Солонгост түрүүлж айлчиллаа. Энэ нь цаанаа ямар учиртай гэж та судлаач хүний хувьд үзэж байна вэ? 

-Ер нь Хятад улс Японтой харилцаа таарамжгүй. Энэ нь арлын маргаанаас үүдэлтэй.  Дээрээс нь бүс нутагтаа хэн нь нөлөөллөө тогтоох вэ гэдэг дээр өрсөлддөг. Ийм л шалтгаанаар Хятад улс өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулж байгаа болов уу. 

-Өмнөд Солонгосыг Японтой сөргөлдүүлэх  тактиктай  гэж үү? 

-Өмнөд Солонгос Япон хоёр холбоотны харилцаатай. Гэсэн ч  өмнө нь Япон улс  Солонгосыг колончилж байсан. Энэ хоёрын  ойрх үеийнх нь түүхэнд таагүй харилцаа бий. Дайны үед япончууд солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж байсан гэдэг талаасаа асуудалтай.  Хоёр улсын хооронд Такашима арлын маргаан ч байдаг.  Тиймээс өмнөд Солонгос өмнөх үеийн түүхийн талаар Японыг  шүүмжлэхийн тулд Хятадтай нийлж байж ч мэднэ. Хамгийн сонирхолтой нь  ирэх жил Японыг дайнд ялсны 70 жилийн ой болох гэж байна. Үүнийг Хятад улс Солонгостой хамтран  тэмдэглэж магадгүй болчихоод байна. Албан ёсоор зарлаагүй ч Хятадын зүгээс тийм санал гаргаж байгаа. 

-Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан баяраа тэмдэглэнэ…

-Тийм. 1945 оны дэлхийн хоёрдугаар дайнд Хятадын ардын чөлөөлөх арми  япончуудтай тулалдаж ялсан байдаг. Тиймээс энэ баярыг хамтарч тэмдэглэх саналыг өмнөд Солонгост хэллээ. Хятадын дарга ОХУ-д ч энэ саналаа хэлсэн байгаа.  Хятадын энэ ялалт бол манай улстай ч хамаатай. 

-Нэг ёсондоо Японыг ганцаардуулах гэсэн санаа Хятадад байх шиг байна…

-Тийм.  Японыг  ялсан баяраа  бүс нутгийн хэмжээний томоохон үйл явдал болгохоор хичээж байх шиг байна. Үүний тулд хэдийгээр Японтой холбоотны харилцаатай ч гэлээ түүхийн таарамжгүй дурсамжтай өмнөд Солонгосыг өөртэйгээ нэгтгэх зорилго өвөр­төлж байна уу гэж харагдаж байна. Ер нь том орнууд өнгөр­сөн үеийн түүхийн маргааныг их сөхдөг боллоо.

Зүүн Азид түүхийн дайн явж байна гэж үзэх судлаачид ч бий.  Ялангуяа япон, солонгосчууд  түүхээрээ их бахархдаг хүмүүс шүү дээ. 

-Хятадын дарга зөвхөн үүнийг ярих гэж Өмнөд Солонгост очоогүй байх…

-Хятад, Өмнөд Солонгосын хооронд хамгийн их яригдаж байгаа зүйл нь өөр өөрсдийнхөө валютаар худалдаа наймаа хийх асуудал. Өмнө нь яадаг байсан гэхээр өмнөд солонгосчууд Хятадад бизнес хийж олсон юаниа доллар болгосныхоо дараа вон болгож авдаг байлаа.  Үүнээсээ их хэмжээний алдагдал хүлээдэг байсан.  Хятадын компаниуд ч ялгаагүй Солонгост бизнес хийж  вон олохоороо доллар болгож солиулсныхаа дараа юаньд хувиргадаг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж, шууд өөр өөрсдийнхөө мөнгөн тэмдэгтээр худалдаа наймаа хийх боломжийг хоёр улс хайж байгаа. Аль алиныхаа мөнгөн тэмдэгтийг хүлээн зөвшөөрөхөөр болж байх шиг байна. Хятадын даргын Өмнөд Солонгост хийж байгаа айлчлалын нэг зорилго энэ байсан.   

-Өөр ямар зорилго байгаа юм бол?

-2015 онд багтаагаад  энэ хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах гэж байна.  Энэ нь хоёр улс харилцан гаалийн татваргүй болно гэсэн үг. Аль алиндаа ашигтай.  Магадгүй уг хэлэлцээрийг хийчихвэл Өмнөд Солонгосоос  Хятад улс  технологийн шинэ дэвшлүүдийг их хэмжээгээр авах байх. Гар утас, автомашин, хүнд болон хөнгөн үйлдвэрийн төрөл бүрийн  бүтээгдэхүүнийг  гаалийн татваргүйгээр гаргах боломж Өмнөд Солонгост нээгдэнэ. Мөн кимчигээ их хэмжээгээр Хятадын зах зээлд “шахах” боломжтой болох байх. Өмнөд Солонгосын хувьд Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авах болов уу. Ийм л зорилготой зүйлүүд Хятад, Өмнөд Солонгосын хооронд яригдаж байна.  

-Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг дэмжинэ гээд байх шиг байна. Хойд Солонгос үүнийг нь яаж хүлээж авч байгаа юм бол?

-Энэ айлчлалыг Хойд Солонгосын тал их шүүмжилж байна. Гол тулгуур түнш нь Өмнөд Солонгост түрүүлж айлчлахаар шүүмжлэх нь мэдээж. Си Жиньпинийг өмнөд Солонгост айлчлахын өмнөх өдөр хойдууд урагшаа хоёр удаа пуужингаар буудсан нь дургүйцлээ илэрхийлсний шинж байх.  Гэхдээ  Пак Гын Хэ БНСУ-ын Ерөнхийлөгч болохдоо  нэг том амлалт өгсөн. “Би Солонгосын хойгийг цөмийн аюулаас ангид болгохын төлөө чадах бүхнээ зориулна. Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх тэр цагт заавал ахиц гаргасан байна” гэж хэлсэн. Тиймээс Итгэлцлийн үйл явц гэдэг нэр томъёон дор энэ чиглэлийн бодлогоо явуулж байгаа.  Гэтэл Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгохын төлөө хамтарч ажиллана гэж мэдэгдсэн нь Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн амлалтын хүрээнд биелж байгаа томоохон үр дүн гэж болно. 

-Хятадын тэр мэдэгдэл үнэн болов уу. Хятад бол Хойд Солонгосын гол түнш биз дээ? 

-Солонгос бол өнөөдөр АНУ-ын цөмийн шүхэр дор байгаа. Хойд Солонгос бол дангаараа цөмийн зэвсэг бүтээх гэж оролдож, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Цөмийн туршилт хийж, бүс нутгаа байнгын аюул, түгшүүр дунд байлгадаг. Энэ дундаас хамгийн их түгшиж байгаа орон бол Өмнөд Солонгос мөн. Яагаад гэвэл Өмнөд Солонгос өөрөө цөмийн хөтөлбөргүй. Тиймээс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөргүй болгоход хэн нөлөөлж чадахыг тэд хайж байгаа. Мэдээж цэргийн хүчин чадал, тогтоон барих бодлогоороо АНУ нөлөөлөх магадлалтай. Мөн Хойд Солонгосын ганц түнш нь Хятад улс.  Энэ түншээр нь дамжуулж бодлогоо хэрэгжүүлэхээр Өмнөд Солонгос хичээж байна. Ийм үед хийж байгаа Хятадын мэдэгдэл БНСУ-ын хувьд маш том ололт байлгүй яахав.  Гэхдээ зарим судлаачид “Энэ бол зүгээр дипломат үзэгдэл төдий зүйл” хэмээн үзэж байгаа.  Хэрэв Хятад улс үнэхээр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь холдуулна гэж байгаа бол мэдэгдэл хийгээд өнгөрөх биш, шахалт үзүүлэх ч юм уу тодорхой, бодитой үйлдэл хийх  байсан гэж үзэх судлаачид байгаа. Тэгээгүй учраас Хятадын энэ мэдэгдэл үр дүн муутай байх магадлалтай.  

-Гэхдээ Хятадын даргын өмнөдөд хийсэн айлчлал хойд Солонгос, Хятад хоёрын харилцаанд нөлөөлнө биз дээ? 

-Нэг их нөлөө үзүүлэхгүй гэж судлаачид үзээд байгаа.  Гэхдээ яг одоохондоо энэ талаар дүгнэлт хийхэд эрт байна. Хятадын зүгээс энх тайвны төлөө тодорхой алхам хийе гэдэг санаа дэвшүүлж байгаа нь өмнөдөд хийж байгаа  айлчлалаас харагдаж байна. Үндсэндээ Хятад, БНСУ  хоёр маш том процессийг эхлүүлж байна. Хятадын дарга Хойд Солонгос биш өмнөдөд очиж байна гэдэг нь Хятад улс Солонгосын хойг дээр энх тайвныг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ харуулж байна. Цаашлаад Зүүн хойд Азид энхийн тогтолцоо чухал юм шүү гэдэг мессеж өгч байна. 

-Хятад бол бүс нутагтаа төдийгүй  дэлхийд нөлөөллөө тогтоох эрмэлзэлтэй. Үүндээ хойд Солонгосыг ашигладаг байх. Энэ бодлогоосоо  татгалзах нь гэдэг хандлага Си Жиньпиний айлчлалаас ажиглагдаад байх шиг… 

-Магадгүй. Гэхдээ одоогоор тааж хэлэхэд хэцүү. 

-Ер нь Си Жиньпинээс өмнөх даргын үед Хятад, өмнөд Солонгосын харилцаа, ер нь Хятадын гадаад харилцаа ямар байсан бэ? 

-Өмнөх дарга нарын үед Хятад том гүрэн болсон гэдгээ харуулахын тулд олимп зохион байгуулах, томоохон байгууламжууд барих зэргийн бодлого явуулж байлаа. Харин Си Жиньпин дарга бол өвөрмөц бодлого явуулж байна гэж судлаачид үздэг. Тэр аль болох их зардлаас татгалзаж байгаа. Хятадын дарга нарыг үнэтэй машин унахыг хориглосон. Улсын мөнгөөр хүлээн авалт хийж, хурал чуулган зохион байгуулж,  их хэмжээний архи дарс уухыг хориглосон. Тэнд зарцуулж байсан мөнгөөрөө хүүхдийн сургууль, цэцэрлэг байгуулж, ард түмний амьдралд хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулахыг чухалчилж байгаа. Си Жиньпин дарга өөрөө саяхан жирийн гуанзанд хямд үнэтэй хоол идсэн нь бөөн шуугиан тарьсан.  Тэр жирийн сууцанд амьдарч, энгийн амьдралтай болсон гэж байгаа. Хятадад  удирдагчийнх нь үйл хөдлөл маш том мессежийг агуулдаг. Эндээс юу харагдаж байна гэхээр  Хятадад баян, хоосны ялгаа их. Үүнд Хятадын коммунист нам ихээхэн санаа зовж, аль болох дундаж ангийг бий болгох бодлого явуулахаар зорьж байгаа нь илт байна. Хятадад  гадаадын үнэтэй машин, орон сууцнаас татгалзаад жирийн нийгэм рүү явах үзэгдэл дэлгэрч байна. Тансаглалаас хэмнэсэн мөнгөөрөө сургууль цэцэрлэг барьж байна. Си Жиньпин дарга Хятадад  торгоны замыг сэргээж, хуучин харилцдаг байсан улсуудтай харилцаагаа сэргээж, гадаад худалдаа, бизнесийн тал дээр ихээхэн анхаарч байна.  “Хятад мөрөөдөл” гэсэн нэр томъёог мөн гаргаж ирлээ.  Үүгээрээ Хятад бол сайн сайхан руу тэмүүлсэн орон гэдгийг дэлхий дахинд харуулахыг хичээж байна. Соёлын дипломат бодлого буюу их хэмжээний жуулчдыг татах, бараа таваарын чанарыг эрс сайжруулах, авлигатай эрс тэмцэх маягаар үр дүнтэй бүтэц бий болгохоор зүтгэж байна. 

-Хятад улс эдийн засгийн харилцааг  чухалчилж байгаа учраас  хойд биш өмнөд  Солонгост түрүүлж очжээ?

-Хятад, БНСУ-ын эдийн засгийн харилцаа айхтар өргөжих нь. Ер нь бол Азид харилцааны өөрчлөлтүүд гараад байгаагийн нэг илрэл нь энэ л дээ. 

Хойд Солонгос Японы харилцаа сүүлийн үед ойртож эхэлж байна. Японд байдаг хойд солонгосчууд нутаг руугаа сая доллар хүртэлх хэмжээний мөнгө  шилжүүлэх эрхтэй боллоо. Мөн Японы боомт руу Хойд Солонгосын усан онгоц орохыг зөвшөөрч байна. Мөн аялал жуулчлалын зарим үйлчилгээ явуулах эрхийг хүлээн зөвшөөрөх зэргээр Япон, Хойд Солонгосын харилцаанд өөрчлөлтүүд гарч байна. Магадгүй энэ өөрчлөлт нь Хятадын даргын өмнөд Солонгост хийж буй  айлчлалтай давхцаж байгаа юм шиг анзаарагдаж байна л даа.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын баярын өмнөх Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөлийн өнгө

Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөл наадамчин олны хөлд дарагджээ. Улсын баяр наадам хором, хормоор ойртож буй энэ өдрүүдэд уяа мориныхоо сойлго, давхилыг тааруулах уяачдын хөдөлмөр, гараа, барианы зурхайг тохижуулах ажлын явц Эмээлт тосгоныг өнгөрмөгц ажиглагдана. 

Хүй долоон худаг хурдан морины барианы зурхай орчмыг хөгжиж байна гээд хэлчихэд хилсдэхээргүй болж. Олон жил яригдаж, өнгөрсөн жилээс эхэлсэн бүтээн байгуулалт өнөө жил бүр ч хурдацтай, ахицтай байна. Наадамчин олны тав тухыг хангах үүднээс гурван мянган түшлэгтэй сандал байрлуулах ажил өнгөрсөн баасан гаригаас эхэллээ. Бас автомашины зогсоол, хуушуур, айраг, хорхог худалдаалах талбай, орчин үеийн боловсон жорлон гээд бүхнийг хийж байгаа нь томоохон хотын төв талбайтай жишихүйц өнгөлөг байна. Төмөр замын автобус явах зам, зогсох буудал, автомашины асфальтан зам уулзварууд ч нэгэн өнгө нэмэн байна. 

Хур бороо элбэг, долоон сарын зун дэлгэр байгаагаас орчин тойронд зүлэг ногоо жигдрэн өнгийн цэцэгс алаглан байна. Гэм нь ойр ойрхон бороо орж байгаагаас газрын хөрс зөөлөрч балчиг ихтэй болсон ажиглагдана. Оготно, зурамны нүүдэл энэ хавийг одоохондоо дайраагүй ч өнгөрсөн жилүүдэд үүссэн үлий бас л бэрхшээл дагуулж магадгүй байгаа юм байна. Хүй долоон худагаас Цагаан хөтөл өнгөрч гарааны зурхай хүртэлх газрын өнгө төрх нэг ийм.

Хүй мандалын хөндийд уяачид 200 орчим гал болон айлсчээ 

Бараг 30 орчим км үргэлжлэх энэ хэсэгт улсын болоод аймгийн алдар суут уяачид гал болон гарчээ. Дааганы уяаг онцгой сайн тааруулж олон түмэндээ “Дааган” хэмээн цоллуулах болсон  манлай уяач Ц.Цэнд-Аюушийн гал Галзуу харын худгийн зүүн урд аманд байна. Хуучин “Ноёд” гурппийн гэх тодотголтой М.Буяндоржтой нэг гал болдог байсан бол өнөө жил нутгийн уяачидтай айлсан буужээ. Тэрээр арав гаруй хурдан ажнай уяан дээрээ сойж соёолон, дааган насны морьдоо Цагаан хөтөлд энэ өдөр болох сунгаа руу авч явсан байлаа. Ц.Цэнд-Аюуш уяачийнхтай айл, саахалт гуч гаруй гал байгаа нь бүгд баруун нутгаас ирсэн гэдгийг унаач хүү өгүүлнэ. Айл, саахалтуудынх нь уяан дээр ихэвчлэн 10-20 морь сойсон байх агаад ганц модонд ганц морь уясан айл ч байх. 

Нутгийн залуу Батболд боломжийн үнээр авсан морио сойж байгаа нь энэ гэж хавийн хүмүүс хэлэлцэнэ. Тэрээр хурдан моринд саяхнаас хорхойсч буй шинэ тутам хүн учраас олон алдарт уяачийг бараадан байгаа нь энэ аж. Ер нь Ц.Цэнд-Аюуш уяачийн үйл хөдлөл бүрийг нь ажиглан дагаж хөдөлдгийг хүмүүс мэдэх юм билээ. Гал, галын уяа руу дуран сунган үйл хөдлөлийг нь дагаж хийж үнэ хаяж авсан хээр мориныхоо хөлс, хүчийг тааруулж байгаа гэх. Шөнийн хоёр цагт морио идээшлүүлж, өглөө үүрээр барьдаг эрдэмд саяхнаас суралцаж байна гэх наргиа ч дуулдаж байсан. Хурдан ажнайн хөлсийг тааруулж авахад уяач цалинжуулбал ханш өндөр болсон сураг ч энэ хавиас сонсогдлоо. Зургадугаар сараас намар болж, наадам шингэртэл морь мэддэг, дүйтэй нэгнийг цалинжуулахад арав гаруй сая төгрөг зарцуулдаг тухай яриа байна. Тиймдээ ч Батболд өөрийн арга барилаар хурдан хээр морио сойж буй нь энэ гэнэ.

Энэ амны баруун хойд захын уяан дээр 40 орчим хурдан морь сойсон нүсэр гал байх нь тод манлай уяач, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийнх. Тод манлайнхтай бас нэгэн тод манлайнх айлсан буй нь Э.Эрдэнэчулуун. Өвөрхангай гаралтай хоёр тод манлай өглөө Улаанбаатарын зүг хөдөлсөн бөгөөд Г.Батхүү гишүүн Цагаан хөтөлийн сунгаанд оролцоогүйгээрээ онцлог байлаа. Саяхан болсон дунд сунгаанд оролцож их сунгааг хүлээн буй нь энэ аж. УИХ-ын гишүүн Г.Батхүү гал дээрээ байрлаж буй бөгөөд таван ханатай дүнэгэр цагаан гэр барьжээ. Хоолны гэр, унаач, уяачдын гэр гэж барьсны зэрэгцээ том чингэлэг, хэд хэдэн жийп тэдний галыг чимнэ. Зүүн жигүүрийн улаан халзтай таван ханат нь Э.Эрдэнэчулуун тод манлайнх байлаа. Эртлэн боссон томцуул нь үдээс өмнө дугхийж өдрийн ажлыг ихэвчлэн хүүхдүүд амжуулдаг бололтой. Гийнгоо хадаан морьдоо хөдөлгөхөөс эхлээд шавших, услах, ундны ус, түлээ мод бэлтгэх гээд хүүхдүүд тун завгүй. 

Энэ галаас цааш хөдөлбөл манлай уяач Түвдэн агсны хүү алдарт уяач Т.Батцоожийнх ганц гэрээр байх нь тааралдана. Сүүлийн үед бага залуу насны морьдын уяа сойлгийг тун ч сайн тааруулж буй Т.Батцоож алдарт уяач өнөө жил ч нас насны морьд сойжээ. Харин “Налгар” амралтын газрын наад аманд “Талын хүлэгч” галын улсын алдарт уяач Н.Даш-Өлзий ганц гэрээр буусан байна. Цөөн тооны гүү саяхан барьсан бололтой унага нь зэлнээсээ зулран байх. Мөн л нас насны арав гаруй хүлэг сойсон харагдана. “Талын хүлэгч” галыг тарсан тухай мэдээлэл саяхан цацагдаж байсныг түүнээс асуухад мэдээлэл худлаа болохыг баталж байв. Энэ галын уяачид Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь аймгуудад бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын наймнаас нэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Жил бүр “Талын хүлэг” гал энэ аманд гардаг байсан бөгөөд галын уяачдын морь олширсноос ийн тарж нүүсэн гэнэ. Харин Н.Даш-Өлзий гуай галынхаа шавыг тавьсан энэ газарт байнга гардаг бөгөөд худаг гаргаж урд уулан дээрээ хийморийн овоо босгон тахижээ. Мөн зарим уяачдынх нь морь өнгөрсөн жил уралдааны замаас хадуурч энэ ам руу гүйсэн болохоор ганц нэг нь Цагаан хөтөлөөс зүүн тийш барианы зурхай хүртэлх зам дагуу зусч байгаа аж.

Галзуу харын худагийн урд уулын бэлээр ийн уяачид 40 гаруй гал болон гарсан байгаа бол Цагаан хөтөл орчимд бараг 100 орчим уяачийн гал байна. Хамгийн баруун талд “Макс”-ын гал байхаас эхлээд сүүлийн үед олны хараанд өртөөд буй аймгийн алдарт уяач Т.Ихбаяр ойролцоогоор 70 орчим морь сойж байна. Тэрээр “Хүй мандал” гал уяандаа нутаг усныхнаасаа эхлээд Монголын томчуулын хурдан ажнайг ийн нэг дор сойж байгаа нь энэ юм байна. Түүний 2013 онд нэг түрүү, 13 айраг авсан амжилт нь залуу гэлтгүй буурь заасан уяачдыг ч эмээхэд хүргэж байгаа гэлцэх.

 Цагаан хөтөлийн баруун хэсгээр Ховд, Баянхонгор, Увс, Завханы зүгийн уяачид улсын алдарт уяач Б.Ерөөлтийг бараадан бууцгаажээ. Мөн хонгор азаргаа Их хурдад айрагдуулж, төвийн бүсийн хурдад торгон жолоо өргүүлсэн Дамбын Баяраа, хурдан хүрэн үрээгээ төвийн бүсэд айрагдуулсан Батмөнхийн Шагдаржав, хурдан буурал морьтой Шаравын Мөнгөншагай нарын уяачид гал, галын тоог нэмэн хол саахалтын зайтай хаяа хатгацгаасан байна. Олноо Дугараа хэмээн авгайлах болсон Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий өнгөрсөн жил зургаан  түрүү, найман  айраг авсан амжилтаа эвдэхээр бэлтгэж байна. Хурдан мориндоо зориулан сүүдрэвч, асар барьсан ганц айл тэднийх байлаа. 

Даага, соёолонгийн сунгаа будлиантай болж, хэд хэдэн хүүхэд унажээ

Энэ өдрүүдэд хоёр хоногийн зайтай сунгааг уяачид зохион байгуулж буй бөгөөд баасан гаригт уяач Т.Ихбаяр даага, соёолон насны морьдоо сунгах санал гаргаснаар ийн Цагаан хөтөлийн арын дэнжид уяачид нийлцгээжээ. Энэ сунгаанаас бас Хүй мандалын хөндийд айлссан уяачдыг ажиглахад өнөө жилийн наадам тун ч өтгөн болох шинжтэй. Сунгаанд 70 гаруй соёолон, 100 орчим даага уралдаж байгаа нь үүнийг илтгэнэ. Өвөрхангай аймгийн хойд болон Архангай аймгийн урд биеийн сумдын уяачид улсын наадмын түрүүг зүүдэлж ирснээсээ хойш тунчиг амь нэгтэй байгаа гэдгийг хавийн хүмүүс хүүрнэцгээж байна. Тэд гурав хоногийн өмнө ирцгээж гэр ч барилгүй уяа хатган “Портер” машиндаа амьдарцгааж байгаа сураг байна.  Үүнийхээ хажуугаар сунгааны хуушуур зарж бэлээхэн ашиг хайцгааж байхтай нь таарлаа.

Уяачид төвийн хэвлэл мэдээллийн байгууллага, зургийн аппарат, телевизийн камераас нүүр буруулдаг болчихож. Улсын баяр, томоохон уралдаануудаас өмнө олон нийтийн хэвлэлээр өөрөө эсвэл мориных нь дүрс цацагдчихвал хар, цагаан хэл ам хүрэх нигууртай гэнэ. Тиймээс улсын баяр наадам хүртэл зураглаачдын дуранд өртчихгүйг хичээж ойр байгаа гэр, хуушуурын палатка, машины цаагуур зугтан орж байна.  Харин баяр наадмын дүн гарсан тохиолдолд өөрийгөө олонд таниулах сонирхол тун их байдаг учир сэтгүүлчдийг урьж залдаг тухай ч тэд ярьж эхэлсэн байна. 

Цагаан хөтөлөөс зүүн тийш Хүй долоон худаг зүгт 17 км явж байж соёолонгийн уралдааныг эхлүүлэхээр ярилцаж тохиролцоод байв. Бараг 30-40 жийп машин хашиж явсан ч газрын цээжинд хүрүүтээ унаач хүүхдүүд эргэхийг санаархаж эхэлсэн юм. Баруун жигүүрийг захлан явсан арваад хүүхэд мориныхоо амыг эргүүлэн гүүглэхэд унаач хүүхдүүдийн бараг хагас нь дагасан нь морьд хоёр тасрахад хүргэсэн. Эзэд нь аль болох цааш нь шахсан ч төдий л холдолгүй  үлдсэн морьдыг эргүүлэхээр болсон юм. Ингээд хоёр тасарсан морьд уралдаж барианд ороход хэний морь түрүүлж байгаа нь тодорхой мэдэгдсэнгүй. Сүүлд хөдөлсөн хэсэг нь гүйцэж түрүүлсээр утга учраа алджээ. УИХ-ын гишүүн асан Р.Буд соёолон насны хоёр ч үрээ хөтөлж ирсэн нь нэлээд хойгуур иржээ. Унаач хүүхдүүддээ 20 хуушуур авч өгчихөөд Улаанбаатарын зүг шууд хөдөлж байгаа харагдсан. Харин хэний морь түрүүлсэн бэ гэхэд нэг хэсэг нь “Макс”-ын уяанаас гэж байхад нөгөө хэсэг нь тод манлай Э.Эрдэнэчулууны үрээ түрүүлсэн гэцгээж байснаар үзүүр, айргийн тавд хурдалсан морьд ч тодорхой болсонгүй. Дааган насны уралдаан ч мөн л дээрхийн ижил будлиантай боллоо.  Хоёр тасарч эргэснээр хэн гээч уяачийн даага өнгөлж байгааг тэнд очсон хүмүүсийн хэн нь ч мэдсэнгүй. Морьдоо дагаж явсан уяачид л өөрийнхөө ажнай хүлгийн сойлго хэр таарсныг барагцаалж мэдэх шиг боллоо. Энэ үеэр дөрөв таван ч хүүхэд унаж зарим нэгнийх нь даага барианы зурхайд биш гүүн зэл рүүгээ давхиж оджээ. 

Хүүхэд унасан тухай асуудлаар туслах уяачид тойрч суугаад хэсэг хөөрөлдлөө. “Талын хүлэгч” галын бололтой арав орчим насны хүүхэд морьд тасарч эргэхэд унасан тухайгаа өгүүлэхэд “Ийм асуудалтай уралдвал хүүхэд битгий хэл том хүн ч унана. Одоо ч тэгээд хүүхдийн асуудлыг хөндөж, хүний эрх ярьж улс төр хийх гэсэн хүмүүс олон болж дээ. Бага байхад морь унаж байна гэж зүүдэлж босч ирдэг байлаа. Тэр үед чинь одоогийнх шиг хамгаалалт, аюулгүй байдал хангах нь бүү хэл ярьдаг ч үгүй байсан үе. Одоо ч овоо л болоод байна. Хурдан морийг хүүхдээр унуулахгүй гэвэл яах бол. Үс сахал нь өрвийж, дэлэн хөхөө савчуулсан хүүхнүүдээр унуулах гээд байгаа юм байх даа. Хэрвээ тийм зүйл болбол би л лав морь уяж, наадам үзэхгүй. Та нар том хүн бүдүүн хоолойгоор бархирч, хэлээ унжуулсан морьд барианд орж ирж байхыг харах сайхан уу” хэмээн ёжлонгуй ярих нэгэн ч байсан. 

Мэдээж бэсрэг наадам дээр нутаг нутгийн ахан дүүсийн ярилцаж байсан дараагийн асуудал нь “Хэний морь хурдан байх вэ” гэдэг. Уяачдын өгүүлж буйгаар тод манлай Э.Эрдэнэчулуун, “Макс”-ын гал, “Талын хүлэгч” галын морьдын уяа жигдэрч тэр дундаа бага залуу морьдынх нь хөл чанга байна гэцгээж байсан. Тэгвэл улс төрийн хүрээнээс “Мон Уран”-ы буюу УИХ-ын гишүүн Б.Наранхүү, сайд Д.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гээд улсын наадмын айргийг авдгаараа уламжлал болчихсон гээд хэлчихэж болох уяач улстөрчдийн морьдыг өнгөтэй байна гэлцэж байсан. 

Хүй мандалын хөндийгөөр бүтэн өдрийн турш бэдчиж “Танайд өнжье” булангаа бэлтгэхэд ийм сонин сайхантай байлаа. Жил жилийн наадмаас өнөө жилийн баяр бүр ч өнгөтэй, өтгөн сайхан болох бололтой. Барианы зурхайд баяр наадмын бэлтгэл ажлыг базаагсад хийгээд хурдан буянаа сойх уяачдын морьд өнөөдөр өнгөтэй байна. Чухам хэн гээч аавын хүүгийн хурдан ажнай торгон жолоо өргүүлэхийг харахад хэдхэн хоног үлдлээ. 

Л.МӨНХТӨР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН  

Categories
мэдээ цаг-үе

Ж.Мөнхбат: Монголын улс төрд том зөвшилцөл бий болгож хөгжлийн ажлуудыг дорвитой хийх хэрэгтэй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа. 

-УИХ-ын 2014 оны хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Энэ удаагийн чуулганы хуралдааны үр дүнгийн талаар яриагаа эхэлье? 

Одоогоос 93 жилийн тэртээ ардын журамт цэрэг улс орныхоо тусгаар тогтнолыг тунхаглаж, эх орноо харийн дайснаас чөлөөлөөд хүрээнд орж ирсэн түүхтэй. Үүний маргааш буюу долдугаар сарын 11-нд тусгаар тогтносон БНМАУ-ын ард түмэн баяраа тэмдэглэж байсан. Нэн тэргүүнд Ардын хувьсгалын 93 жилийн ойн мэндийг нийт монголчууддаа дэвшүүлье. 

Хаврын чуулган энэ сарын 1-ний өдөр хаалтаа хийлээ. Цөөнхийн зүгээс энэ хаврын чуулганыг  үр дүнтэй болж чадсангүй гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл улс орны язгуур эрх ашигтай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл орж ирсэн ч хэлэлцээд, нэгдсэн шийдвэрийг гаргаж чадсангүй. Газрын тухай,Төмөр замын тухай, Өрийн удирдлагын тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт. Энэ хуулиуд нь нэг нам эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн хүч түрж шийддэг асуудал биш. Тэр чигээрээ улс орны эрх ашигтай холбоотой учраас ойлголцож, зөвшилцөж явуулах шаардлагатай байдаг. Харамсалтай нь эрх баригчдаас ийм санаачлага дутлаа гэж бид бүхэн харж байгаа. Мөн хаврын чуулган эхэлснээс хойш хоёр сар гаруйн хугацаанд Монголын парламент завсарлага авсан өдөр хоногуудыг өнгөрөөж үнд¬сэн асуудлуудаа огт хэлэлц¬сэнгүй. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд МАН асуудлыг гацааж хойш нь татаж байна гэсэн яриаг эрх баригчид хэл­сээр байсан. Энэ нь үнэнд нийцэхгүй яриа юм. Та бүхэн мэдэж байгаа. Давхар дээлийн асуудлаар ч тэр Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох асуудлаар ч тэр МАН нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр чуулганы хуралдааны тасалдал, асууд­лаа хэлэлцэж чадахгүй бай­сан нь эрх баригчдаас, өөрсдөөс нь хамааралтай. Энд бас нэг зүйлийг онцлоход ойлголцол, зөвшилцлийг эрх баригчид хийж чадаагүй. Тийм ч учраас өнөөдөр энэ олон асуудлууд явсангүй. Нийгэм нь хуулийг хүсч байсан. Гэх­дээ чуулган завсарлахын өмнө дээрх хуулиудыг нэг амьсгаа­гаар, бөөндөх хэлбэрээр бат­лах боломжгүй юм. Иймд газрын тухай, Төмөр замын тээврийн тухай хуулиас эхлээд эсэргүүцэж байсан. Гэхдээ МАН зарим хуулийг гаргах ёстой гэдэг дээр санал нэгтэй байсан. 

-Өнгөрсөн хаврын чуулганыг хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Зарим нь УИХ тарах ёстой ч гэж хэлэх болж. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа юм бол? 

-МАН-ын XXVII Их хурлаас  намын Удирдах зөвлөл, бүлгээрээ 21 нь аймаг есөн дүүргээрээ хоёр удаа тойрсон. Ингэж явахад хамгийн их ярьж байсан зүйл нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны доголдлын тухай байсан юм. “Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал бодитойгоор нүүрлэчихлээ. Төр засаг дампуурлын ирмэг дээр ирчихсэн байна. Төр нь төр шиг байж чаддаггүй,засаг нь засаглаж чадахгүйгээс гадна хуулийн засаглал гэж үгүй болсон. Тийм учраас Засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаггүй, шахаж шаардаж чаддаггүй байдал үүссэн. Тэр байтугай улс орны амин чухал асуудал ард түмнийхээ хувь заяагаар дэнчин тавиад өр зээл авсан. Энэ олон бондын зарцуулалтыг нь хянаж чаддаггүй, тайланг нь сонсч чаддаггүй энэ УИХ монголын түүхэнд байгаагүй ийм хариуцлагагүй парламент” гэдгийг иргэд ярьж байсан. Манай намын бүлгийн Б.Бат-эрдэнэ, Ж.Энхбаяр гишүүд энэ асуудлыг хөндсөн.  

Сөрөг хүчний хувьд нэг зүйлийг шулуухан хэлэх нь зөв байх. Бид Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төгсгөл дээр ажлыг нь дүгнэх ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага тавина. Энэ чуулганаар бид бүхэн эдийн засагт дорвитой ахиц дэвшил гарч чадаагүй, эрчимжүүлж чадаагүй, уналтыг зогсоож чадаагүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг тавина. Саяын жишээ л гэхэд нэг сайдын асуудалд хариуцлага ярья гэхэд намрын чуулганаар хэлэлцэнэ гээд л өнгөрөөлөө.  УИХ өөрөө ийм унхиагүй байх юм бол энэ УИХ-ыг тараах асуудлыг ярихаас өөр арга байхгүй. Нийгэм ч үүнийг хүсч байгаа. Энэ бүхнээс дүгнэхэд УИХ-ын сонгуулийг дахин явулах ч шаардлага ч гарч болох юм. 

-МАН олон жил эрх барьсан. Энэ парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Үүнд ундууцсанаасаа болж дахин сонгууль, дараагийн парламентийг бүрдүүлэх асуудлыг босговол хохирлын тухай яриа гарч магадгүй юм биш үү? 

-Энэ нөхцөл байдал даамжирахаас өмнө таслан зогсоох нь зөв алхам байж ч магадгүй. Бүгдээрээ эргээд харъя. Хаврын чуулганаар батлах шаардлагатай байсан асуудлуудыг энэ парламент гаргаж чадсангүй.  2013 оны намрын чуулганаар орж ирсэн “давхар дээл”-ний асуудлаар гурав, дөрвөн сарын турш хэрэлдсээр тарж одлоо. Ийм үйлдлүүд нь бүх асуудлыг хойш татаж байна. Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудыг яагаад энэ хаврын чуулганаар хэлэлцчихэж болоогүй юм. Хуулийн хугацаанаас нь бултуулж хаврын чуулганд өргөн барьсан асуудлыг намар хэлэлцэхээр болж байгаа нь хариуцлагагүй байгаагийн хамгийн том илрэл. Тийм учраас зөвхөн Засгийн газар гэлтгүй парламентад, өөрт нь хариуцлага ярих цаг болсон. Төрийн энэ завхрал сүүлдээ төрийн завхайрал болж байх шиг. Тэгэхээр энэ бүхнийг таслан зогсоох ёстой. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдэг нь бодитой зүйл биш юм. Зөвхөн цаг авах гэсэн томъёолол гэж байна. Үүнийг сөрөг хүчин юу гэж дүгнэж байгаа юм бол? 

-Эрх баригчид санал тавьж, хүсэлт оруулж ирсэн. Ер нь улс орны хувь заяа, эдийн засгийг 100 хоногт босгож ирж байсан түүх дэлхийд байдаггүй юм билээ. XX зууны эхэн үед, Манжийн төрийн хамгийн сүүлчийн хаан  шинэчлэлийн 100 хоног гэдгийг зарлаж байсан. Энэ 100 хоног нь дампуурал болоод үр дүнд нь Манжийн төр өөрөө мөхөж хаант засаглалын эрин дуусч байсан түүхтэй. Дэлхийн хэмжээнд аваад үзэхэд 100 хоногт сэргээнэ гэдэг асуудал шинэчлэлийн Засгийн газрын үед хоёр дахь удаагаа гарч ирж байна. Тэгэхээр 100 хоногийн талаас илүү нь өнгөрчихлөө. Монголын ард түмэн харж, хүлээж суугаа. Бүлгийн удирдлагааасаа эхлээд хэлсэн. “Энэ 100 хоногийн хугацаанд эдийн засгийг босгож ирж чадахгүй бол бид нар өөрсдөө хариуцлага” ярина гэж. Цөөнх ч гэсэн хариуцлага ярина. Бодит утгаараа 100 хоногийн дотор нэг улсын байтугай компанийн, гэр бүлийн эдийн засаг ч дээшилнэ гэдэг эргэлзээтэй байдаг. 

-Газрын тухай хуулийг орж ирсэн өдрөөс нь эхлээд ихээхэн шүүмжиллээ. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Газар бол улсын үндэс гэдэг. Өвөг дээдэс маань хэдэн зууны турш газар шорооныхоо төлөө тэмцэж ирсний хүчинд Монгол гэдэг улс өнөөг хүртэл оршин тогтнож бид энэ цаг үед эзэн нь гээд цээжээ дэлдэн сууж байгаа. Төрд зүтгэж байгаа хүмүүс нэг зүйлийг бодох ёстой юм шиг ээ. Бид юуны төлөө явж буйгаа тунгааж, эрх ашгаа эрэмбэлж сурах хэрэгтэй. Улс төрд явж байгаа төрийн хүн гэдэг байнга бусдын төлөө, нийтийн төлөө, улс эх орныхоо эрх ашгийн төлөө явдаг байх ёстой. Тэгэхээр Газрын тухай хууль нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд хамгийн их заналхийлсан, хор хохирол учруулах хууль гэж  МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг үзсэн. Тиймдээ тус хуулийг тууштай эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Ер нь газар шороо, нутаг усаа зарчихаад, хүнд өгчихөөд эсвэл хэн нэгэнд булаалгачихаад хаана очих вэ. Монгол хүний үнэ цэнэ юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. 

-Эрх баригчид өөрийн сайддаа хариуцлага тооцохгүй нь ойлгомжтой байхад асуудлыг өргөн барьж хэрүүл үүсгэдэг. Дээрээс нь 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх үндэс суурийг тавих байтал мөн л хэрүүл зарга болгоод байна. Сөрөг хүчин сөрж зогсохын тулд ажиллаад эхэллээ гэдэгт та тайлбар хийгээч?

-Хэлэх, хийх хоёрын хооронд том ялгаа байдаг. Хаврын чуулганыг та бүхэн хараарай. Бүх асуудал дээр МАН сөрж хөндөлсөөд гацаасан зүйл байхгүй. Хариуцлагын асуудлыг бид хаврын чуулган дээр биш намрын чуулган дээр ярьж байсан. Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд хоёрт хариуцлага тооцох асуудлыг оны өмнө оруулж ирж байсан. Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт байхгүй болсон уу, байхгүй болсон. 34 мянган аж ахуй нэгжүүд хаалга үүдээ барьлаа. Томоохон компаниуд хэдэн зуугаар нь ажилчдаа цомхотгож байна. Энэ бүхний ард, ард түмний амьдрал байдаг. Хамгийн сүүлд “Атар” талхны үнэ мянган төгрөгт хүрлээ. Ингээд эдийн засгийн маш том хямралын ирмэг дээр ирсэн байна гэдгийг Засгийн газар нь өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. “Энэ олон бонд босгоод хийсэн ажил, бүтээн байгуулалт байна уу гэхээр ганц онгоцноос өөр гарт баригдах юм байхгүй байна” гэж УИХ-ын дарга хэлсэн. Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой” гэж хэлсэн. Энэ нь зөвхөн МАН сөрөөд байгаа асуудал биш нийгмийн захиалга байсан. Энийг төрийн тэргүүн ч тэр спикер ч тэр хэлж байгаа.

-Эдийн засгийг сэргээх, хэрэгтэй хуулиудыг явуулах тал дээр хамтарч ажиллах ямар ч боломж байхгүй юм уу? 

-Зөвшилцөл гэдэг бол ойлголцол. Ойлголцоно гэдэг нь өөд өөдөөсөө харж суух л асуудал юм. Ярилцаж байж л ойлгодог. АН энэ хугацаанд МАН-ыг зөвшилцлийн ширээний ард албан ёсоор уриагүй. Ер нь томоохон асуудлуудаар намууд ширээний ард сууж чаддаг байх ёстой. Бид намынхаа ХХVII Их хурлыг хийсний дараа үндэсний зөвшилцөл гэдэг зүйлийг бий болгож улс төрийн бүх намуудын дарга нарын түвшинд таван удаа, генсекүүдийн түвшинд зургаан удаа нийт 11 удаа уулзаж зөвшилцсөн. 11 удаа уулзахад АН-ын генсек нэг л удаа ирсэн. Тэгэхдээ бүх улс төрийн намуудын төлөөллийг  загначихаад л явчихсан. Ийм олон удаа улс төрийн намын дарга нар бүгдээрээ уулзахдаа урилга өгөөд байхад ирэхгүй байна гэдэг нь тэдний зүгээс ямар ч зөвшилцөл хийх сонирхолгүй байгаагийн илрэл. Харин төр барих, барихгүйн тухай асуудал дээр нэг ойлголт байгаа юм. Сая “давхар дээл”-тэй холбоотой асуудал босоход МАН засагт орох гэж байна МАНАН-гаа зүүдлээд эхэллээ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Яагаад гэвэл парламентэд олонх байхгүй. АН олон болоод явахдаа МАН-д урилга өгөөгүй. Харин өмнөх парламентуудад АН-ыг МАН удаа дараа урьж, хамтран ажиллаж байсан. Энэ нь  тулхтай намын зүгээс гаргаж буй санаачлага юм. Энэ удаа цөөнх болсон учраас олонхи болсон намын байр суурийг харахаас өөр аргагүй. Олонхи болсон нам маань өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд явсан учраас бид болж өгвөл дэм больё, болохгүй бол засч, залруулаад явах л зам үлдэж байгаа. 

-УИХ-ын гишүүд 2013 төсвийн гүйцэтгэл дээр хайнга хандсан тухай яриа байна. Дээрээс нь Аудитын газар зарим задаргааг дутуу оруулж ирсэн, 100 гаруй байгууллага төсвөөс гадуур данстай байсан нь МАН-ын үеийнх гэж ярьж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ? 

-Аудитаас их сонин дүгнэлт орж ирлээ. Улс төрд ийм жишиг тогтож байгаа юм. Болохгүй бол өмнөх удирдлага руу нь чихдэг. Өмнө нь гал тогоо барьж байсан хүн хоолыг шорвого болгосон, өмнөх хүн махаа хайр гамгүй хийснээс болж бид хоосон хонож байна гэдэг болчихож. Жишээлбэл  Оюу толгой, Таван толгойтой холбоотой асуудал байна. Чалко Таван толгойн хооронд гэрээ байгуулах ажлын хэсгийн дарга нь тухайн үеийн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өөрөө байсан. Оюу толгойн гэрээг байгуулсан гурван сайдын хоёр нь АН-ын гишүүн байсан. Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх хоёр. Ийм байхад бусад руу буруугаа түлхдэг жишгийг болимоор байгаа юм. Аудитын дүгнэлтээр 222 дарга эрхээ хэтрүүлээд машин аваад уначихсан байгааг тогтоосон байна. Бас 19 ширхэг “Lexus 570” машиныг төсвийн таван тэрбум төгрөгөөр аваад уначихаж. Нэг л дарга 360 сая төгрөгөөр машин авчихсан байх жишээтэй. Энэ хэт их тансаглалыг болимоор байгаа юм. Ерөнхийлөгчийн хэлсэн данхар төрөөс бага ч гэсэн ухаалаг, жижиг төр рүү явмаар байна. Төр гэдэг зөвхөн менежерийн үүргийг гүйцэтгэгч . Тиймээс төр дарангуйлагч биш, бас тансаглагч биш байх ёстой.  Яамдын тоог цөөлнө гэж байсан, 19 яамтай байна. Сайд нарын тоог цөөлнө гэж байсан мөртлөө  улам нэмсэн. Жирийн нэг ядарсан эмэгтэйд тэтгэлэг, ард түмэнд цалин, тэтгэврэээр очих мөнгөний урсгал төрийн тансаглалд зориулагдаж  байна. Өнөөдөр Монголын төр бялуурсан, бялхсан, баярхсан төр болж хувирсан байна. Хүнээр жишээ авбал хөл нь нарийсч, гэдэс нь томорч, толгой нь данхайгаад аахилахаас өөр ажил хийдэггүй болчихож.  

-Өрийн удирдлагын тухай хуулийг яриад байгаа. Өмнөх Засгийн газар их өр тавьснаас шалтгаалан энэ засаг дахин өр тавих шаардлага гарсан гэж ярьж байгаатай санал нийлэх үү?  

-Эдийн засагчдын тооцоо. Тооцоогоор 1990- 2012 оныг хүртэл гаднаас авсан зээлтэй тэнцэх хэмжээний мөнгийг Шинэчлэлийн Засгийн газар жил зургаан сарын дотор гаднаас авчээ. ОХУ-д төлнө гээд байсан их өрийн бараг дөрөвний нэгтэй тэнцэхүйц гэсэн үг. Өмнөх Засгийн газрууд гаднаас авсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхой байгаа. Том том хот суурингууд, эмнэлэг, сургууль бүгдийг нь босгосон. Үүний хүчинд бид өнөөдөр усанд ордог, бичиг үсэг тайлагдсан 21-р зууны соёлт иргэн болсон байгаа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар зээлсэн мөнгөөрөө цэцэг тариад, замын уулзвар засч, онгоц авсан нэртэй өнгөрч байна. Энэ өрийг хэн төлөх вэ, монголын ард түмэн төлнө. Энэ дарга, сайд нар төлөхгүй. Тэд 10 жилийн дараа эх орноосоо зугтаад явж  ч магадгүй. Тэр үед шаварт унасан шарын эзэн монголын ард түмний үр хойчис өрийг төлнө. Тийм учраас энэ Өрийн удирдлагын хуульд ухаантай хандах цаг болжээ. Дээрээс нь өрийг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гэдэг байж болохгүй. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын эдийн засгийн зөвлөхүүд хориглож, зөвлөмж гаргасан.  Зөвхөн өнөөдөр гэдсэндээ хоолтой, гаднаа гялгар торго өмсөж байвал маргааш, нөгөөдөр түүнээс хойших хамаагүй гэж хандах нь байж болохгүй үзэгдэл юм. Ялангуяа улс төрийн нам. Тийм учраас Өрийн удирдлагын хуулийг намрын чуулганаар хэлэлцвэл монголынхоо ард түмнийг өрөнд оруулахгүйн тулд МАН хариуцлагатайгаар сөрж зогсоно. 

-Үнийн өсөлт, ард түмний амьдрал бүх зүйл болохгүй байна. Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа байдал нь ч хайнга байгаа. Босгосон бондыг хүртэл хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжгүй салбарт зарцуулсан. Та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авахгүй шүүмжилж ярьчихаад л суугаад байх юм уу?

-Таслан зогсоох эрх нь УИХ-д байгаа. УИХ энэ бондын зарцуулалтыг хянах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлынхаа зөвлөмжийн эсрэг ажилласнаас болж бондын мөнгө үр дүнгүй дууслаа. Тэгэхээр гүйцэтгэл дээр нь хяналт тавих хэрэгтэй. Хэд хэдэн иргэний нийгмийн байгуулагууд бондын зарцуулалттай холбоотой зүйлээр АТГ мэдэгдсэн нь эрүүгийн хэрэг үүсч байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Тэгэхээр энэ бүхнийг тодорхой болгоод хариуцсан эзэнд нь хариуцлагыг үүрүүлэх л ёстой . Монгол улсын эрх ашиг, ирээдүй зөвхөн нэг л хүний, нэг сайдын, хэсэг бүлэг хүний хувийн эрх ашгаас болж хохирч болохгүй. Тэд ухаантай,боловсролтой, эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ улс орны том эрх ашгийн төлөө энэ явуургүй үйлдлийг нь таслан зогсоох эрх нь УИХ-д байгаа. Энэ мэт ажлуудаа хийж чадахгүй УИХ-ын юунд нь итгэх вэ. АН төр барьж чадахгүй, Ардын нам жагсаж чадахгүй гэсэн онигоо гарсан байна. Жагсана гэдэг өөр асуудал. Улс орны төрийг барьж  засаглана гэдэг бол үндэстний асуудал. Засаглаж чадахгүй, ажлаа хийж ачаагаа үүрч чадахгүй байгаа  хүмүүстэй хариуцлага ярихаас өөр арга байхгүй. 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу “өршөөлийн” тухай хуулийг гаргах асуудал хөндөгдөж байна. Энэ хуулийн талаар?

-Эдийн засгийн ил тод байдал гэж гоё нэртэй цаанаа олон зүйлийг халхалсан хуулийн төсөл орж ирсэн. Энэ дээр бол манай бизнес эрхлэгчид нэг зүйлийг ярьж байна.  Жишээлбэл татварын мөнгөнөөс хулгай хийгээд олон жил нуучихсан хүн арваннэгдүгээр сараас өмнө мөнгөө ил гаргавал уучилагдана.  Гэтэл ажлын байр бий болгож, татвар төлж, шүүх цагдаад нь дарамтлуулаад зүтгэсэн хүмүүс хохироод үлдэнэ гэсэн үг. Шударга зүтгэсэн нь хохирдог  хулгайлж хумсалсан нь хождог болж байх шиг. Бас хэд хэдэн заалт дээр бид эргэлзэж байгаа юм. Жишээлбэл, өршөөгдсөн хүний талаарх нотлох баримтыг устгана. Энэ тухай мэдээлсэн хэвлэл, хувь хүнийг таваас тавин сая төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Энэ нь цагаан захтнууд, дарга нарт зориулсан заалт юм. Гуравдугаарт одоо шүүхийн шатанд буюу мөрдөн байцаалтад явж байгаа хэргүүд өршөөлд хамаарахгүй гэж байсан. Тодруулбал, нэг сая төгрөгийн татвар төлөөгүй аж ахуйн нэгж энэ хуульд хамрагдалгүй ялаа  аваад явах бол хулгайлж нуусан, зөөсөн нөхдүүд нь ил цагаандаа гарах нь байна. Бас татварын мөнгийг хэдэн зуун саяар нь нуусан хүмүүс мөнгөө ил гаргаад л болоо. Тэгвэл Европод гаргаж ирсэн мөнгөнийх нь 25-30 хувийг нь татвар болгож авдаг байх жишээтэй. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын хууль дээр нухацтай ярих ёстой. 

-Энэ хаврын чуулганы хугацаанд чухал гол гол асуудлуудыг хэлэлцэх ёстой байтал олны анхаарлыг татсан олон нийтийг хамруулсан бүлэг хүмүүст хандсан асуудлууд ар араасаа явлаа. Давхар дээл, зарим нэг сайдын асуудал гэх мэтээр. Асуудал эцэстээ ёс зүйгүй, хувь хүн рүү хандсан болоод байх шиг? 

-Энүүхэндээ гэж хэлэхэд “давхар дээл”, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудал бол МАН-ын санаачилсан асуудал биш байсан. Ерөнхийлөгчийн хийгээд “Шударга ёс” эвслийн гишүүний санаачилсан асуудал. Бид ёс зүйн хувьд ч тэр хариуцлагын хувьд ч тэр байх ёстой хэм хэмжээ гэж үзээд дэмжсэн. Хэрвээ алдаа байвал “давхар дээл”-ээ тайлъя гэсэн юм. Харамсалтай нь эрх баригчид өөрсдөө хариуцлагаас зугатаж сунжирсан тоглолт болгоод өнгөрч байна. Өнөөдөр төрд зүтгэж байгаа хүний хамгийн эхэнд эрхэмлэх гурван зүйл бол ёс зүйн асуудал. Саяхан Ерөнхийлөгч хэвлэлээр ярьж байх шиг байна. Ёс зүйн алдаа гаргасан бол буруугаа хүлээдэг байх ёстой. Уучлалаа гуйдаг байх ёстой гэж. Жишээлбэл Ерөнхий сайдын охин “Цэвэр агаар” сангийн хэрэгт оролцсон байхад Н.Алтанхуяг надад хамаагүй гээд явж байна.  Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд их олон сайхан зүйлийг шинэчилж байна л гэж бодож байгаа. Тэр шинэчлэлийнх нь нэг энэ. Тэгэхээр ёс зүйт төрийг өнөөдөр ярих хэрэгтэй болжээ. Харамсалтай нь  Шинэчлэлийн Засгийн газар үүний эсрэг шинэчлээд байх шиг ээ. Ардчилсан шинэчлэл гэж ийм байдаг юм болов уу ч гэж сүүлийн үед бодох боллоо. Ер нь бол ардчилсан нийгмийн үнэт зүйлийн эсрэг яваад байна даа. Хэлснийхээ эсрэг л хийхийг шинэчлэл гэж хэлдэг юм байна.

-Тусгаар тогтнолыг улс төр болгодог боллоо. Улс төрөөс болж ард түмэн хуваагдаж эхэллээ. Улс төрийн үүднээсээ хэр зөв бэ?

-Аминаас үнэтэй нэг зүйл байдаг нь тусгаар тогтнол гэж ярьдаг даа. Улстөрчдийн хөндөж болох, тоглож болох олон асуудал байна. Гэхдээ тусгаар тогтнол гэдэг ямар ч том даргын, ямар ч их мөнгөтэй хүний тоглож болдог асуудал, сэдэв биш. Тэгэхээр бид болгоомжтой хандаж, хоёр хөрштэйгээ хэрхэн харилцах нь  мөнхийн сэдэв юм. Ямар их үнээр, ямархан цаг хугацаанд зовж зүдэрсний эцэст тусгаар тогтносон улсын иргэн боллоо. Тиймээс энэ бүх хагарал бутралаа зогсоох хэрэгтэй. Ялангуяа хоёр хөршийн асуудлаар. МАН-аас шалтгаалж байгаа зүйл үгүй. Эрх баригчид энэ тухай тогоон дотроо ярьчихаж болохгүй байх шиг байна. Улс төрийн нам юм бол хариуцлага, ёс зүй гэж байдаггүй юм уу. Хаалгаа хааж байгаад нэгдсэн шийдвэрт хүрчихэж болдоггүй юм бол. Үүнийг эрх баригчид өөрсдөө л хийх ёстой. 

-Царигийн асуудал хүчтэй яригдаж байна. Энэ тухай ярих гэхээр нэг бол Х.Баттулгын талд орж байгаа юм шиг эсвэл сөрж зогсоо юм шиг харагдах гээд болохгүй байна. Тэгвэл МАН яг ямар бодлого баримталж байгаа юм?

-Төмөр замын асуудлыг МАН эрх барьж байхдаа ерөнхий бодлогыг нь шийдсэн. Тухайн зам ямар царигтай байхыг нь бүх үндэслэлээс нь хамаараад УИХ шийддэг байя гэсэн зарчмыг баталсан. МАН энэ байр сууриа хадгалж байгаа. Ер нь нэг нь өргөн, нэг нь нарийн байна гээд босч ирээд хэрэлдээд байхаасаа илүүтэй шийдвэр гаргах нь чухал. 

-Арилжааны банкууд орон нутгийн иргэдийн бүх малыг барьцаанд авчихсан байгаа. Тэгвэл хятадын банк орж ирж байгаа нь бүх газрыг нь барьцаалаад авчих вий гэсэн болгоомжлол бий?

-“Банк оф Чайна” орж ирэх сургаар Монголын бүх банкны удирдлагууд манай нам дээр ирж уулзалт хийсэн. Эерэг хийгээд сөрөг үр дагаврыг ярьсан. Тиймээс энэ асуудал дээр дахиад л ярих хэрэгтэй байгаа юм. Үндэстний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө улс төрийн намууд тойрч суугаад ойлголцолд хүрэх хэрэгтэй. Нэгнийхээ хийсэн зүйлийг үгүйсгэдэг зүйлсээс болоод улс орон хөгжихгүй байна. 

-МАН-ын амлалтын биелэлт хэр байгаа вэ. Бас ирэх намраас эхлээд сонгуулийн идэвхижил нэмэгдэнэ. Ямар зарчим баримталж сонгуульд оролцох бол?

-2016 оны сонгуульд баримт¬лах МАН-ын зарчим тодорхой. МАН 27 дугаар их хурлаа хийсэн. Харьцангуй шинэчлэгдсэн. 34 настай Ерөнхий нарийн бичгийн даргатай болсон нь үүний нэг илрэл. Манай намын 60 орчим хувь нь залуус. Улс төрийн нам гэдэг олон өнгө, үнэр, амт байх ёстой. Энэ бүгд нэгдэж байж нэг эрч хүч, цул, эв нэгдэл зорилго болно. МАН дараагийн сонгуулиар өмнөх алдаануудаа давтахгүй. Ялагдал гэдэг гутрал биш ухаарал юм байна гэж ойлгож байгаа. Алдаагаа ухаар­сан хүн, ачаагаа тэнцүүлсэн ат хол явдаг гэдэг. Бид алдаагаа ухаарсан. Манай намд байдаг давуу тал гэвэл хариуцлага, сахилга бат. МАН-ын залуус ахмадууддаа суудлаа тавьж өгч хүндэтгэж чаддаг бол ахмадууд нь залуустаа зайгаа тавьж өгч дэмжиж чаддаг гэдгийг харуул¬даг. Үүнээс бусад улс төрийн намууд үлгэр авах ёстой. 

-Монголын нийгэмд С.Баяр, Ц.Нямдорж шиг хүмүүсийн байр суурь шаардлагатай. Төрийн ажлын туршлага, мэдлэг боловсрол, дуу хоолой хэрэгтэй байна. Зарим хүмүүс нь 60 нас дөхөөд миний үеийн хөгшчүүл гээд ярьдаг нь гунигтай санагддаг. Мэдээж залуус орж ирэх нь зүй ёсны шаардлага?

-Санал нэг байна. Үгүйлэгдэхээр барахгүй өнөөгийн парламентад үүргээ гүйцэтгэж байна. Нам гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшлийн нэгдэл. Олон өнгө, үнэр олон үе байгаа. Гэхдээ нэг зүйл байгаа нь хуучин хөгшчүүлийн нам гэгддэг байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн. 

-Улс төрийн нөхцөл байдал хүндрээд эхлэхээр хэвлэл мэдээлэл рүүгээ дайрч эхэлдэг гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Хамгийн эмгэнэлтэй гэж хэлж болохоор асуудал. Ялангуяа шинэчлэлийн гэх нэртэй, ардчилсан гэх тодот­голтой Засгийн газрыг эрх барьж байх үед шүү дээ. Ардчиллын амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөө. Үүнийг мөнгөөр, захирамжаар далайлган буул-гаж авч болохгүй. Эхлээд амыг нь барина, дараа нь амийг нь барина гэдэг зүйл үйлчлээд эхэлбэл харамсалтай. Монголын хэвлэл хэдэн улс­төрчдөд үйлчлээд эхэлбэл ком­мунист орны хэвлэлээс ялгагдах зүйлгүй болно биз дээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг Засгийн газар татаж авах ёстой. 

-Наадмаа, түүхээ, хөшөө дурсгалаа хүртэл булаацалддаг болсон цаг. Гэхдээ та ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Наадмаа, эдийн засгаа өмчилдөгөө орхиж, үндэсний баяр наадмаас хойш Монголын улс төрд том зөвшилцөл бий болж хөгжлийн том гарцуудыг дорвитой бөгөөд зоригтой хийх хэрэгтэй. Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Тулгандаа галаа бадраасан тусгаар монгол орныхоо эзэн бүрт эрүүл энхийг хүсье.  

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ цаг-үе

Алтай ханы Таванбогд хайрханыг анх удаа тахилаа

Баян-Өлгий аймгийн Улаан-Хус болон Цэнгэл сумдын нутагт байрлах Алтай ханы Таванбогд хайрханыг тахих Төрийн ёслол энэ сарын гуравны өдөр боллоо. Алтай Таванбогд хайрханыг тахих зарлиг 2012 онд гарсан бөгөөд түүнээс хойш анх удаа зуны дунд сарын шинийн зургааны өдөр анх тахьсан юм. Төрийн тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүн А.Бакей, тус аймгийн Засаг дарга Х.Дармен тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нарын хүндэт хүмүүс оролцлоо. Төрийн тахилгын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “…Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдын туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм.

Их эзэн Чингэс хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ Монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна. Иймээс Алтай ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэл болон сүндэрлэж байна” гэлээ. 

Тахилгын арга хэмжээнд оролцсон казах, урианхай, тува, дөрвөд, торгууд, мянгад, хотон, хотгойд, халх, баяд, захчин, өөлд гэсэн олон ястны төлөөлөл төрийн тахилга сайхан болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Энэ өдрийн өглөө наран үүлэн цаана өнжиж, Таван богд хайрханы Потанины болон Александрын мөсөн гол Их Монгол, Малчин, Хүйтэн тэргүүт оргилууд үүлэн хөшиг өмнүүрээ хөндөлсүүлж байгалийн үзэсгэлэнгээ нуусан байлаа. Алтай Таванбогд  хайрханы тахилгад оролцохоор Улаанбаатар, Дархан, Увс, Ховд, Говь-Алтай аймгуудаас иргэд хүрэлцэн ирсэн байсан юм. Төрийн тахилгын зан үйлийн өмнө лам нар ном уншиж байгаль дэлхийг аргадав. Морин цагт Төрийн тэргүүн хүрэлцэн ирснээр тахилгын арга хэмжээ эхэллээ. Ерөнхийлөгчийг үг хэлж эхлэнгүүт үүлэн суудалт уулс хөшгөө нээж, энэ өдрийн нар морин цагт анх удаа наран үүлэн цаанаас шагалзав. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үг хэлж байхад тэнгэр бүрэн цэлмэж, цаст хайрхануудын хүйтэн салхи арилсан юм. “Төрийн тэргүүн гэдэг эв нэгдлийн илэрхийлэгчээс гадна байгаль дэлхийтэй холбоотой хүн юм байна” хэмээн Цэнгэл сумаас ирсэн иргэд өөр хоорондоо ярилцаж байсан юм. Тэргүүн хамба Д.Чойжамц  “Энэ хайрхан цаанаасаа эзэнтэй нь мэдэгдлээ. Ерөнхийлөгчийг зарлигаа уншиж байхад нь нар мандаж, тэнгэр цэлмэлээ. Энэ сав шим бидэнд ивээл хайраа үзүүлж байна. Бид эвтэй найртай байж Монгол Улсыг босгох юм шүү” гэдгийг ч хэллээ. Алтай Таванбогд хайрханы тахилгад явах зам тийм ч сайн биш тул “Сайн жолооч, хийморьтой хүмүүс л тахилгадаа оролцоно доо” гэдгийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжилтэн М.Жухаан хэлж байлаа. Үнэхээр л хөлтэй нь хөлхөж хүрмээр, хөлгүй нь мөлхөөд ч хамаагүй хүрч анх удаагийн төрийн тахилгад оролцох хүсэлтэй байгаа нь хайрханд очихоос өмнө уулзсан нутгийн иргэдийн амнаас гарч байсан юм. Хэр баргийн зүйлд үг унагаад байдаггүй ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн “Үнэхээр бяртай уулс юм аа” хэмээн сүсэглэн залбирч зогслоо. Нутгийн иргэд Монгол Улсын дархан аварга А.Сүхбаттай зургаа татуулах хүсэл байсан бөгөөд энэ өдрийн хамгийн эрэлттэй хүнээр түүнийг нэрлэж болохоор байлаа. Тахилгын арга хэмжээнд оролцож буй хүмүүс Төрийн тэргүүнээ бидний хэлж заншсанаар “амьдаар” нь харахаар ирснээ нуусангүй. Тэр бүү хэл А.Сүхбат аварга, Б.Лхагвасүрэн, Н.Жанцанноров нарын мундагчуудын гэгээн дүрийг харж халуун гарыг атгасандаа талархаж байгаагаа илэрхийлэв. Тэд ч гэсэн нутгийн иргэдтэй энэ сүрлэг уулсын өмнө халуун дотно яриа өрнүүлсэндээ баяртай байгаагаа хэллээ. Б.Лхагвасүрэн найрагчийн уулсын өмнө хэлсэн санаашрал, ухаарал тээсэн үгс, Сүхбат аваргын нутгийн иргэдийн мөрөн дээрээс дэвээ шаваагаа хийж байгааг харахад сэтгэлд дотно санагдах. Тахилгын арга хэмжээний үеэр хүчит 64 бөхийн барилдаан уулын өвөр бэлд  болж, 100 орчим шандаст хүлэг уралдаж тэнгэр хөгжөөсөн юм. 

Мөнгөн оройт уулс нь сүр бараагаа мэдрүүлэх гэсэн мэт нарны улбар туяа ойн буух нь нэн таатай. Мөсөн голууд үе үехэн хүрхэрч буй арслан мэт чимээ өгнө. Энэ өдөр Хүйтний оргилыг эзлэн бууж яваа уулын спортын тамирчид тааралдав. Тэдний хувьд Хүйтний оргилд өмнө нь хэдэнтээ гарсан бөгөөд энэ өдөр оргилыг эзэлчихээд бууж явна гэлээ. Уулчдын араас мөн л оргилоо үзүүлэх дургүй Хүйтний оргилд өглөөний зургаан цагт авиралтаа хийсэн тухай хэлж байв. Уулчдын хамт яваа гадаадын уулчид Монгол Улсын төрийн тэргүүнийг харсандаа, түүнийг үгээ хэлж байхад нь гурван өдөр хөшгөө нээгээгүй оргилууд нүүрээ угаах мэт гэрэлтэн байсан нь цаанаа ямар нэгэн учиртай хэмээн ихэд догдлонгуй хэллээ. 

Алтай Таванбогд нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсыг дамнан оршдог бол Төв Азийн нийт мөсөн голуудын 80 гаруй хувь нь эл хайрханаас эх авдаг аж. Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ф.В. Штайнмайер: Бид ирээдүйд хэрхэн хамтран ажиллахаа төлөвлөнө

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайерийн манай
улсад хийж буй айлчлал өчигдөр эхэлсэн билээ. Тэрээр  Улаанбаатарт ирэхээсээ өмнөхөн манай сонинд өгсөн
ярилцлагыг толилуулъя.

-Ноён
Штайнмайер, та Монголд хийх айлчлалаасаа ямар үр дүн хүлээж байна вэ?

-Манай хоёр улс 40 жилийн өмнөөс дипломат харилцаа тогтоосноос хойш
хамгийн үнэт зүйлээсээ хуваалцан, нягт хамтран ажилладаг сайн түншүүд болсон. Бид
маш амжилттай хамтран ажилласан ойгоо бүтэн жилийн турш тэмдэглэх бөгөөд янз бүрийн
арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Танай Гадаад хэргийн сайд Лу.Болд  өнгөрсөн зургадугаар сард манайд айлчилсан. Би
ч Монголд айлчлах болсондоо  маш их баяртай
байна.

Бид зөвхөн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх төдийгүй
ирээдүйд хэрхэн хамтран ажиллахаа төлөвлөнө. Айлчлалын үеэр энэ асуудал дээр шаргуу
ажиллаж, улам нягт, өргөн хүрээг хамруулан амжилттай ажиллах талаар ярилцах юм.
Ингэхийн тулд эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар тодорхой
алхам хийх хэрэгтэй. Намайг дагалдан Германы томоохон компаниудын төлөөлөгчид явах
бөгөөд тэд Монголтой хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Тиймээс ч танай
компаниудын албан ёсны төлөөлөгчидтэй тээвэр, тээврийн дэд бүтэц, барилга, эрчим
хүчний салбарт хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана.

-ХБНГУ-ын
канцлер 2011 оны аравдугаар сард  манай улсад
айлчилсан. Энэ үеэр уул уурхай, үйлдвэрлэл, техник технологийн салбарт хамтран ажиллах
гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Эдгээр гэрээнүүдийн хэрэгжилт ямар байгаа вэ?

-Монгол бол ашигт малтмалын орд газраараа дэлхийд тэргүүлдэг орон.
Тиймээс ч байгаль орчныг хамгаалахад олон улсын стандартыг баримтлахыг хичээж байгаа
танай оронтой энэ чиглэлээр хамтрахад бидэнд хамгийн тохиромжтой.

Манай хоёр улс энэ талаарх яриа хэлэлцээгээ байнга гүнзгийрүүлж ирсэн
бөгөөд эхний төслүүд хэрэгжилтийн шатандаа явж байгаа. Үүний нэг жишээ нь Герман-Монголын
ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулсан явдал. Одоо бол таатай нөхцөлийг
бүрдүүлж өгснөөр хувийн компаниудын үр дүнтэй хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх
хэрэгтэй. Учир нь уул уурхайн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа нь бизнесменүүдийн
хүсэл эрмэлзлээс ихэд хамаарна.

-Таныхаар
манай хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх ямар боломжууд байна?

-Соёл, шинжлэх ухаан тэр дундаа эрдэмтдийн солилцоо, оюутнуудад тэтгэлэг
олгох зэрэг нь бидэнд маш чухал. Ялангуяа тэтгэлэгт хамрагдсад нь хоёр улсыг холбогч
нь болдог.

Герман, Монголын хамтын ажиллагааны бас нэгэн салбар бол археологи.
Үүний бас нэгэн том үр дүн бол Улаанбаатар хотын Үндэсний түүхийн музейд “Талын
дайчдын өв соёл” үзэсгэлэнг нээсэн явдал бөгөөд түүнийгээ цаашид улам өргөжүүлэх
болно. Тиймээс ч Хархоринд хэрэгжүүлж буй 
археологийн  төслийн харилцан ойлголцлын  тунхаг бичигт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Германы
Археологийн хүрээлэнгийн захирал профессор Флесс нар гарын үсэг зурах юм.

 

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг шамшигдуулсан хэрэгт шалгуулж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж энэ оны эхний хагас жилийнхээ ажлыг тайлагналаа. Тус газар нь эхний зургаан сарын байдлаар  гэмт хэргийн шинжтэй 303 гомдол, мэдээлэл хүлээж авснаас 52-т нь эрүүгийн хэрэг үүсгэж, 53-ыг нь харьяаллын дагуу өөр байгууллагуудад шилжүүлсэн байна. Харин 159 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Одоогоор 37 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Тус байгууллага он гарснаас хойш 162 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өмнөх жилийнхээс 26.6 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нь 40 хүнд холбогдох найман хэргийг шүүх шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаар нь ангилбал 4.9 хувь нь улс төрийн, 9.8 хувь нь төрийн захиргааны, 4.7 хувь нь төрийн тусгай, 6.8 хувь нь төрийн үйлчилгээнийхэн аж. 

Гэмт хэргийн улмаас 45.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.1 тэрбумыг нь мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 15.1 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилж, анхан шатны шүүхээс найман тэрбум шахуу төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан гэх мэт тоон баримт дурдсан юм. 

Засгийн газар хууль бус томилгоогоо эргэж хараагүй учраас УИХ-д ханджээ

Үүний дараа нэр бүхий албан тушаалтнуудын талаар тодотгож мэдээллээ. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нэг ангид хамт сурч байсан нэр бүхий хүмүүсийг татварын байгууллагад томилжээ.  Нөгөө хүмүүс нь уг албан тушаалд томилогдох шалгуурыг хангаагүй байсан аж. Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан томилогдохдоо Тагнуулын байгууллагын хууль зөрчиж, мэдүүлгээ буруу мэдүүлсэн нь тодорхой болжээ. 

Тэднийг албан тушаал бууруулж хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т танилцуулга хүргүүлсэн байна.  

Үүнээс гадна Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нь аймгийнхаа Худалдан авах ажиллагааны албаны даргыг томилохдоо хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогджээ. АТГ-аас авлига ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилж байна гэж Б.Бадраа даргад удаа дараа хандсан ч шийдвэрээ өөрчлөөгүй гэнэ. Тиймээс мөн ЗГХЭГ-т  хандаад байгаагаа АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир мэдээлсэн юм. Түүний мэдээлснээр Засгийн газар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа,  Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ нарын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилжээ. Энэ асуудлаар ЗГХЭГТ-т хандсан ч хариу ирүүлээгүй аж. Тиймээс УИХ-д танилцуулгаа хүргүүлээд байгаа гэнэ. 

Ойг далимдуулан хууль бусаар хандив цуглуулжээ

Энэ жил цөөнгүй сумд ойгоо тэмдэглэх гэж байгаа. Үүнтэй холбоотой орон нутгийн Засаг дарга нар хууль бусаар хандив цуглуулж байсан нь илэрчээ. Тодруулбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга болон VI багийн Засаг дарга тухайн орон нутагт ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжээс хууль бусаар хандив авч байсан нь тогтоогджээ. Эдгээр Засаг дарга нарын албан тушаалыг бууруулах албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн байна. 

Ерөнхий сайдын охин, ахлах зөвлөхийг нь шалгаж байна

Нийслэлийнхнийг хямд нүүрсээр хангах Засгийн газрын хөтөлбөрийг далимдуулан төсвийн хөрөнгийг завшсан гэх хэргийг АТГ шалгаж байгаа аж. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирол үүссэн юм байна. Энэ хэрэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүнийг сайд байх үеийнх нь туслахууд, эхнэрийнх нь дүүгийн хүүхэд гэх зэрэг төрөл, садангууд нь холбогдон шалгагдаж байгаа аж. Ерөнхий сайдын нэртэй уягддаг өөр нэг асуудал нь түүний охин А.Саранзаяад холбогдох хэрэг. А.Саранзаяа Төрийн санд ажиллаж байхдаа хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн хэрэгт шалгагдаж байгаа. Анх түүнийг “Цэвэр агаар” сангийнхны гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн ч өөр баримт гарсан учраас хэргийг нь тусгаарласан аж. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг БСШУ-ы сайдаар ажиллаж байхдаа Багшийн хөгжлийн ордны барилгын асуудал, БСШУ-ы яамны барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд нэмж хоёр хүнийг сэжигтнээр татжээ. 

Таван толгойн захирал хувийнхаа шатахууныг зарж, 470 сая төгрөгөөр машин авчээ

Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Тэрбээр Таван толгой компанийн захирлаар ажиллаж хөрс хуулалтын ажил хийж байсан бусад аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслүүдэд хувийнхаа колонкоор дамжуулан шатахуун түгээдэг байжээ. Энэ аргаараа тодорхой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар мөрдөн шалгаж байгаа аж. 

“Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгөөс төсвийн урсгал зардалд  зарцуулахгүй байх учиртай. Гэтэл төслийн хөрөнгөөс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авчээ. Энэ нь хууль зөрчиж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаран сая доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байгаа аж. 

Засгийн газрыг залилав уу

Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нийт 38 орчим хувьтай байгаа аж. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулчихжээ.  Ингэснийхээ хүчинд төсвөөс  46.3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулжээ. Энэ мөнгөө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрчээ. Эдгээр асуудлыг шалгаж байгаа аж. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэдгээ онцолсон юм. 

Ц.ӨРНӨХ

Б.УРАНЧИМЭГ