Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нуур дотоод, гадаадын аялагчдын очих дуртай газруудыг тэргүүлжээ

Аялал жуулчлалын үндэсний төвөөс аялахад хамгийн тохиромжтой газруудыг нэрлэжээ. Зуны дэлгэр цагт манайхан гэлтгүй жуулчдын хөлд дарагддаг газрыг Хөвсгөл нуур тэргүүллээ. Харин Өвөрхангайн Хархорин, Орхоны хөндий, Өмнөговь, Дорноговийн Хамрын хийд удаалсан байна. Мөн Орхоны хүрхрээ, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо, Тайхар чулуу, Төвхөн хийд үзэх харах зүйл ихтэй учраас зуны дэлгэр цагт дотоод, гадаадын жуулчдыг татдаг ажээ. Улаанбаатараас Хөвсгөл хүртэлх аяллыг ихэнх компани зохион байгуулж байгаа.

Аяллын компаниар Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл аялахад дунджаар нэг хүний 450 мянган төгрөг. Үүнд байрлах жуулчны бааз, унаа, аялалын хөтөч, хоол, үзвэр үйлчилгээ зэрэг ордог. Ингэж аялахаар бол долоо хоногийн аялал санал болгодог ажээ. Замдаа Булган аймгийн Хутаг-Өндөрт байх Уран тогоо уулыг сонирхохоос гадна буцахдаа Амарбаясгалант хийдийг сонирхож болох юм. Харин Хөвсгөл далайд очоод тусгай хөтөчтэйгөөр аяллаа үргэлжлүүлнэ. Хэрэв аялагчдад тусгай хүсэлт байвал нуурын эргээс цааш 100 гаруй км аялан цаатнууд дээр зочилж болох ажээ. Тэнд цаа буга унахаас гадна урцанд хонож үзэх боломжтой юм байна. Харин далай дээр байхдаа “Skitboard”-аар аялж болно. Жуулчдыг татах зорилгоор сүүлийн үед хувийн хөлөг онгоц хөлслүүлэх, завиар зугаалах зэрэг сонирхолтой зүйлс нэмэгдэж буй гэнэ.

Д.ДОРЖДЭРЭМ


Categories
мэдээ цаг-үе

Сумдын наадам хэзээ вэ?

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн тэгш ойн наадмаа сумдууд тэмдэглээд эхэлжээ.

Архангай аймаг долдугаар сарын 9-10-нд наадмаа хийсэн байна. Харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болох юм. Архангай аймгийн төв нь Улаанбаатар хотоос 521 километрийн зайтай.

Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил сумдын тэмдэглэлт ой байхгүй бөгөөд аймгийнхаа наадмыг энэ сарын 5-6-нд хийсэн байна.

Баянхонгорын наадам Засгийн газрын тогтоолын дагуу долдугаар сарын 25-26-нд болсон. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Булган аймгийн наадам энэ сарын 9-10-нд болсон. Харин Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой долдугаар сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болох юм байна. Дашрамд дурдахад тус мялаалга наадамд Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох аж.

Говь-Алтай аймгийн хувьд энэ жил хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх юм. Тухайлбал, Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэх юм байна.

Говьсүмбэр аймгийн баяр наадам энэ сарын 3-4-нд болсон. Тэгвэл мөн Баянтал сумын 90 жилийн ой 3-4-нд болсон юм.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам долдугаар сарын 19-20-нд болно.

Тэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор Дорноговь аймаг хоёрт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд долдугаар сарын 10-27-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Дорнод аймгийн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Булган, Матад, сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой долдугаар сарын 14-16-нд болсон бол Халх гол, Вангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ.

Дундговь аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд харин Луус, Гурван сайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой зургадугаар сарын 9-10-нд болсон юм.

Завхан аймгийн хувьд 10 сумын ой энэ жил тохиогоод байгаа юм. Аймгийн баяр наадам нь энэ сарын 10-11-нд Улсын баяр наадамтай давхцсан бөгөөд Отгон, Дөрвөлжин, Сантмаргац, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17-28-нд болно.

Орхон аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ой зургадугаар сарын 28-29-нд болсон бөгөөд аймгийн баяр наадмыг долдугаар сарын 9-11-нд тэмдэглэн өнгөрүүллээ.

Өвөрхангай аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болсон. Харин Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 18-19-нд зохион байгуулж байна.

Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд тус наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам наймдугаар сарын 8-нд ганцхан өдөр болно. Өмнөговь аймаг Улаанбаатар хотоос 560 км зайтай байдаг.

Сүхбаатар аймгийн Уулбаян, Эрдэнэцагаан, Сүхбаатар, сумын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-24-нд болох юм.

Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 9-11-нд болж, Шаамар 4-5-нд, Зүүнбүрэн 14-15-нд баяраа тэмдэглэсэн, Цагааннуур 15-16-нд, Түшиг болон Ерөө сум 14-15-нд, Баруунбүрэн сум 24-25-нд наадмаа тэмдэглэнэ. Мөн Мандал сум наймдугаар сарын 1-2-нд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн аж.

Төв аймгийн баяр наадам энэ сарын 9-10-нд болов. Харин Лүн, Өндөрширээт сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 9-10-нд, Эрдэнэ, Батсүмбэр, Угтаалцайдам сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 10-15-нд, Бүрэн сумын 90 жилийн баяр наадам долдугаар сарын 15-16-нд болжээ. Мөн Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долдугаар сарын 18-19-нд болж байна.

Увс аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд, харин Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 16-наас эхэлж наймдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд болох аж.

Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд болно. Тус аймгийн Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд болжээ.

Хэнтий аймгийн Галшар сумын 90 жил энэ сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 14-15-нд болсон бол Бэрх сумын 60 жилийн ойн баяр 11-12-нд болсон байна. Түүнчлэн Мөрөн суманд энэ сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд энэ сарын 18-20-нд “Алтаргана” их наадам зохион байгуулагдах юм.

С.АРИУНЖАРГАЛ

Д.ДОРЖДЭРЭМ

Categories
мэдээ цаг-үе

“Боорчи” компани улсын комиссын дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн үү

Ургах нарах
хороолол өвөл ийм байсан юм

“UB Town”-НЫ БОХИРЫН ШУГАМЫГ “БООРЧИ” КОМПАНИАС УСУГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ГЭВ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг “UB Town”, “Wizard” хотхоны
оршин суугчид бохир дундаа өвөлжсөн билээ. Оршин суугчид “Зайсанд тохилог орчинд
амьдрахаар орон сууц сонготол бохир дундаа, өмхий орчинд өдөр хоногийг өнгөрөөж
байна” гэж ярьсан. Үнэхээр ч тэр хавиар байнга эвгүй үнэр үнэртдэг болсон. Жилийн
өмнө “UB Town” хотхоны бохирын шугам эвдэрч, бохир нь хальснаас хойш өвөлд нь мөсийг
нь ачиж, дулааны улиралд оршин суугчид шавар шавхайтай хутгалдсаар байгаа. Өнгөрсөн
хавар нийслэлээс 15 сая төгрөг гаргаж бохирын дөрвөн ширхэг өргөх станц сольсон.
Дараа нь мөс цэвэрлэх, бохир соруулах зэрэгт Хан-Уул дүүргээс нэмж таван сая төгрөг
гаргасан. Гэвч өнөөг хүртэл бохирын шугам бүрэн засагдаагүй. Хэзээ дахин бохир хальж
өмнөх шавар шавхай дээр нэмэхийг албаныхан хэлж мэдэхгүй байна. Ингэж оршин суугчид
эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлэн хотын төвд бохиртой хутгалдан амьдарч
байгаа нь тэр хавьд шугам хоолой тавьсан компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас
үүдэлтэй аж. Тодруулбал, Хан-Уул, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрладаг Баруун
урд үйлдвэрийн районы бохир ус цуглуулах шугам (бохир усны 24 дүгээр коллектор)-ыг
Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын захиалгаар “Боорчи” компани
2008 оны аравдугаар сарын 28-наас 2009 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн хооронд
хийж гүйцэтгэжээ. Уг ажлыг 912 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Гэвч
“Боорчи” компани “Мон-Кузбасс” компанийн боловсруулсан зураг төслийг дур мэдэн өөрчлөн
техникийн горим зөрчин хуванцар хоолой тавьж, шороогоор булсан байжээ. Хуванцар
хоолой нь задарч, бохир нь хальсны дараа оршин суугчдын гомдлоор Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар шалгалт хийж дээрх зөрчлийг илрүүлжээ. Улмаар Нийслэлийн захирагчийн
ажлын албанаас бохир усны 24 дүгээр коллекторын ажлыг гүйцэтгэсэн “Боорчи” компани
болон хүлээж авсан төрийн байгууллагуудад хариуцлага хүлээлгэхээр болжээ. Гэтэл
уг шугамыг Ус суваг угсралтын газар (УСУГ) хүлээж аваагүй гэдэг асуудал үүссэн байна.
УСУГ-аас бохир усны 24 дүгээр коллекторын асуудлаар 2009 оны гуравдугаар сарын
30-ны өдрөөс эхлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тав, холбогдох төрийн байгууллага,
албан тушаалтнуудад 16 удаа албан бичгээр ханджээ. Өөрөөр хэлбэл, техникийн горим
зөрчин хуванцраар хийсэн шугамаа өөрчилж, албан ёсоор хүлээж авахыг удаа дараа шаардсан
байна. Мөн уг шугамыг УСУГ хүлээж аваагүй учраас засвар үйлчилгээг нь хариуцахгүй
гэдгээ удаа дараа мэдэгджээ. Уг нь УСУГ бохирын шугамыг хүлээж аваагүй бол Улсын
комисс дүгнэлт гаргах учиргүй. Гэтэл “Боорчи” компанийн гүйцэтгэсэн ажлыг Улсын
комисс хүлээж авсан асуудал гарсан байна. Энэ талаар УСУГ-ын горимын инженер Х.Чимгээгээс
тодрууллаа.

 “UB
town” хотхоны хүүхдүүд бохирын хөлдсөн мөсөн дээр тоглож өвөлжсөн

 –Бохир
усны 24 дүгээр коллектор эвдэрч “UB town” хотхон орчмын оршин суугчид агаар, хөрс
нь бохирдсон орчинд амьдраад удаж байна. Үүнд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-УСУГ хариуцлага хүлээхгүй. Учир нь Бохир усны 24 дүгээр коллекторыг
манай байгууллага анхнаасаа хүлээж аваагүй. Энэ тухайгаа 2009 оноос хойш холбогдох
байгууллагуудад удаа дараа албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл ашиглалтад хүлээж аваагүй
шугамыг хэрэглэгчид дур мэдэн холбож, өнөөх шугам нь ачааллаа даахгүй задарсан асуудал
гардаг.

-Ямар
учраас танайх ашиглалтад хүлээж аваагүй юм бэ?

-Анхнаасаа ашиглалтын шаардлага хангахгүй материал ашиглан ажлаа
гүйцэтгэсэн юм билээ. Хуванцар материалаар шугам татсан учраас хүлээж аваагүй.

-УСУГ
ашиглалтад хүлээж авахгүй гэж байхад Улсын комисс дүгнэлт гаргах ёсгүй биз дээ?

-Манай байгууллагаас гарын үсэг зураагүй. Гэтэл Улсын комисс хүлээж
авсан баримт дээр УСУГ-ын инженерүүдийн гарын үсэг зурагдсан асуудал гарсан. Манайхны
өмнөөс гарын үсэг зурсан гэх асуудал ч яригдаж байгаа.

-Цаашид
тэр хавийн бохирын шугамыг яах вэ?

-Хөрөнгө оруулалтын газраас “Боорчи” компанид хийсэн бохирын шугамаа
засах үүрэг өгсөн юм билээ. Тус компанийн барьцаа хөрөнгө болох шугамын ажил хийж
гүйцэтгэсэн хөрөнгийн таван хувь байгаа гэсэн. Үүгээрээ шугамаа зас гэсэн үүрэг
өгсөн ч өнөөдрийг хүртэл засвар хийгдээгүй байгаа бололтой гэв.

Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Бохирын 24 дүгээр коллекторын
43 дугаар худгаас баруун тийш шугам бөглөрч, бохир усаар худгууд дүүрч хальсан гэдэг
дүгнэлт гарчээ. Зураг төсөлд 78 худаг барих ёстой байхад ачаалал ихэдсэн гэдэг шалтгаанаар
худгийн тоог нэмж 94 болгосон байна. Гэвч тэдгээр худгуудын 47-д нь лаг сууж, хог
их тогтсон, 19 нь таггүйгээс хогонд бөглөрсөн, 26 нь шороонд дарагдаж мэдэгдэхээ
больсон байна. Анхнаасаа хуванцар хоолойгоор шугам барьсан дээр нь худгууд үүргээ
гүйцэтгэхгүйгээр бөглөрсөн, шороонд дарагдсан байхад Бохирын 24 дүгээр коллекторт
38 хэрэглэгч холбогдсон байдаг аж. Тэдгээрийн 29 нь дур мэдэн, зөвшөөрөлгүйгээр
холбогдсон байдалтай байгаа гэнэ.

Бохир усны шугам бөглөрч, бохир нь хальсаар байхад гэмтлийн шалтгааныг
тогтоож, шугам хоолойг засаагүй нь Барилгын тухай хуулийн ”Барилга байгууламжийн
чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас
үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах” гэсэн заалтыг зөрчиж байгааг Мэргэжлийн
хяналтын газар дүгнэлтдээ онцолжээ. Боорчи компани хийсэн ажлынхаа баталгаат хугацааг
дуусгаж, холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөөгүй аж. Тиймээс засварыг бүрэн
хариуцахаас өөр аргагүй юм байна. Зайсан орчмын буюу “UB town”-ы оршин суугчид бохир
орчинд амьдарч байгаа нь “Боорчи” компанитай шууд холбоотой нь шалгалтаар ил болсон
нь энэ аж.

 

БОХИР НЬ ХАЛЬДАГ “УРГАХ НАРАН” ХОРООЛЛЫН ШУГАМЫГ Ч “БООРЧИ” ГҮЙЦЭТГЭЖЭЭ

Баянзүрх дүүргийн нутаг “Ургах наран” хорооллын оршин суугчид ч бохирын
усан дунд амьдарч байгаа талаар гомдоллодог. Уг хорооллын ойр хавь буюу Ногоон зоорь
орчмын орон сууцны хорооллын бохир усны гадна шугам сүлжээний ажлыг “Боорчи” компани  2008 онд гүйцэтгэжээ. Нэг тэрбум арван хоёр сая
төгрөгийн төсөвтэй уг ажлыг улсын комисс хүлээж аваагүй аж. Улсын комисс хүлээж
аваагүй учраас ашиглалтын байдлыг “Боорчи” компани хариуцдаг аж. Гэтэл тус компани
худагнуудад таг хийх, шугам хоолойд орсон усыг зайлуулах, лаг цэвэрлэх, угаалга
хийх зэрэг ажлуудыг хийгээгүйгээс удаа дараа бохир алдагдсан байна.

 

“БООРЧИ” КОМПАНИ ХАР ЖАГСААЛТАД ОРЖЭЭ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа “Боорчи”
компанийг нийслэлийн удирдлагууд хар жагсаалтад оруулж цаашид хамтран ажиллахгүй
гэдгээ мэдэгджээ. Нийслэлд ажил гүйцэтгэх эрхгүй болсон тус компани орон нутагт
тендер авахаар ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдэгдсэн.

“Боорчи” компани анх 1995 онд зургаан ажилчинтайгаар Улаанбаатар
хотод барилга, сантехник угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж
байжээ. Тус компани нь бохирын шугам сүлжээний ажил гүйцэтгэхээс гадна Сүхбаатар
дүүргийн II хорооны нутагт Авто угаалга ажиллуулдаг юм байна. Мөн Төмөр бетон эдлэлийн
үйлдвэртэй аж.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбат: Өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.

-Өнөөдөр
эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Сайжрах төлөв байна уу?

-Манай макро эдийн засгийн үзүүлэлтүүд муудах тал руугаа хандчихсан.
Төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларчихлаа. Төлбөрийн баланс алдагдалтай байна.
Төсөв төлөвлөснөөс хамаагүй доогуур үзүүлэлттэй. Үүнийг дагаад төсвийн хөрөнгө оруулалт
багасчихлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан хэвээр байна. Дотоодын зах
зээл дээр ажиллаж байгаа компаниудын орлого багаслаа. Эндээс харвал эдийн засаг
маань нэлээд тормостой явж байна. Эхний улирлын байдлаар долоон хувийн өсөлттэй
дүн гарсан. Гэхдээ ханш хэдэн хувиар унав гэдгийг сайн тооцож байгаад энэ долоон
хувийн хэд нь цэвэр өсөлт вэ гэдгийг гаргах ёстой. Тиймээс өнөөдөр Монголын эдийн
засаг сайхан байна гэж хэлэхэд хэцүү юм. Энэ хүнд байдлаас яаралтай гарах арга хэмжээг
төр засгаас авч байна л даа. Ер нь бол нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг таатай
болгох хэрэгтэй. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл одоогийн Засгийн газрын үед бий
болчихсон зүйл биш юм.

-Хэзээнээс  яаж бий болсон гэж?

-Монголчуудын сүүлийн дөрөв, таван жил хамтран хийсэн үйл ажиллагааны
үр дүн.  Хамгийн их хөрөнгө татдаг, орлого
өгдөг, эдийн засгийг тэлдэг уул уурхайн салбарыг сүүлийн тав, зургаан жил чангаллаа.  Жишээ болгоод хэлье, эхлээд Ураны тухай хууль
гарсан. Дараа нь гэнэтийн ашгийн татварын талаар гар мушгисан хууль гарлаа. Урт
нэртэй хуулийг баталж, энэ салбарынхны толгой дээр цохиод авлаа. Стратегийн салбарт
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулна гээд уул уурхайн салбарынхны тархин дундуур
мунаар цохиод авсан. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд бид ийм л зүйл хийсэн учраас өнөөдөр
үр дүн нь мэдрэгдэж, эдийн засаг дордож байна. Энэ арга хэмжээнүүдийг явуулахад
өнөөдрийн улс төрийн хүчнүүд цөм байсан, оролцсон. Эх орон газар шороогоо хайрласан
тэр их хайрын илчинд энэ хуулиудыг бий болгосон 
шүү дээ.  Тиймээс өнөөдөр хэн нь хэнийгээ
гэх вэ.

-Ингээд
ярихаар таныг эх орноо худалдагч, гадныхны гар хөл гэх байх?

-Өнөөдөр орлогоо бууруулахгүй, хөрөнгө оруулалтаа багасгахгүй байх
нь чухал байна шүү дээ. Монгол Улс мөнгөтэй байж хөгжинө. Тиймээс энэ мөнгө багасч
болохгүй.  Үүний эсрэг байгаа юм шиг сэтгэлгээгээр
улстөрчид хандаад байна. Гэхдээ  улстөрчид
бүгдээрээ ийм биш л дээ. Ялангуяа иргэний хөдөлгөөнүүд улстөрчдийг шийдвэр гаргахад
нь их нөлөөлөөд байгаа юм. Уг нь бол улстөрчид хөдөлгөөнийхнөөс илүү мэдээлэл, мэдрэмжтэй.
Намайг  2008-2012 онд парламентад сууж байхад
сая миний нэрлэдэг хуулиудыг батлахын өмнө гишүүдийн байр суурь өөр байснаа хөдөлгөөнийхний
үгэнд автаад кноп дарахдаа өөрчлөгддөг үзэгдэл олон байлаа. Монгол эх орноо хайрлаж
байгаа сэтгэгдэл төрүүлж, нэг ёсондоо сонгогчиддоо таалагдах үйлдэл хийдэг. Гэвч
тэр бүх шийдвэрүүд нь эх орноо хайрласан биш элэг нэгт монголчууддаа хор болох нь
их байсан. Гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр буурчихлаа.  Гадаадынхантай хийсэн гэрээ хэлэлцээрүүд дээр
бид ухралт хийчихлээ. Тогтвортой байдал, залгамж чанаргүй бодлого явууллаа. Дэлхийн
зах зээл Монголд итгэх итгэлгүй болчихлоо. Үүнээс бид маш том сургамж авч, алдаагаа
засах хэрэгтэй байна. Засаг солигдоод энэ төрийн бодлогод засч залруулах юм байна
гэж үзэж байгаа бол асуудлыг дотооддоо ярих болохоос гадаадтай хийсэн гэрээг өөрчлөх
гэж оролдох хэрэггүй. Тэгвэл хэлсэндээ хүрдэггүй, тогтворгүй бодлоготой улс гэдгээ
гадныханд батална. 

-Та
Оюу толгойг яриад байна уу?

-Энэ гэрээг  УИХ, Засгийн газраараа
ярилцаж байж, хичнээн их маргаан дэгдээж, нийгмээрээ хэлэлцэж байж хийсэн билээ.
Тухайн үед Оюу толгойн гэрээний талаар надад 
шүүмжлэлтэй хандах  ганц, хоёр зүйл
байсан. Гэсэн ч олонхиороо зөвшөөрөөд баталсан учраас яах юм. Энэ чинь ардчилсан
нийгэм биз дээ. Олонхиороо шийдсэн л бол тэр эцсийн шийдвэр шүү дээ.

-“Чалко”-той
хийсэн гэрээг ч өөрчилсөн. Энэ бүхэн таны ажиллаж байгаа Засгийн газрын хийсэн ажил
юм шиг байна…

-“Чалко”-г шууд буруутгаж болохгүй. Манайд наймаа хийх гэж л ирсэн
хүмүүс. Буруутгах гээд байгаа бол “Чалко”-той ярилцаж, хэлэлцээ хийхээр Засгийн
газраас томилогдсон хүмүүстэйгээ тооцоо бодох ёстой. Тэднээс  тайлбар авах хэрэгтэй. “Чалко”-той хийсэн гэрээний
практик бол олон улсын зах зээлд хэрэглэгддэг. Хятадын далайн дөрвөн порт дээр коксжсон
нүүрс ямар үнэтэй байна гэдгийг тооцож, дундаж үнийг нь тогтоогоод  тээврийн зардлыг нь хасаад “ийм үнээр авъя” гэж
л тохиролцсон юм билээ. Энэ бол дэлхийн худалдааны алтан зарчим шүү дээ. Үүнийг
нь бид хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл гэрээг өөрчилснөөр юу болсон юм.
70 ам.доллараар зарж байсан бол өнөөдөр хадгаа барьж очоод 35 ам.доллараар нүүрсээ
худалдаж байна. Үр дүн ийм байгаа юм. Ер нь гадныхан “Та нар гадны түншүүд рүүгээ
дайраад байх юм. Боловсролтой, чадвартай, мэдлэгтэй хүмүүсээ сонгоод бидэнтэй хэлэлцээ
хийлгэсэн биз дээ. Тэдэнтэйгээ яагаад ярихгүй байгаа юм” гэж хэлдэг. Бизнесийнхээ
зарчмаар ирээд Засгийн газраас томилсон хүмүүстэй хэлэлцээд гэрээ хийгээд явсан
гадаадынхан руу ингэж дайрч болохгүй. Энэ бол монгол хүний зан биш. Монголчууд хэзээнээсээ
тууштай, тогтвортой, залгамж чанартай ард түмэн. Ийм л бодлого өнөөдөр дутагдаад
байна.

-100
хоног юу юугүй дууслаа. Эдийн засаг эрчимжих хандлага ажиглагдаж байна уу?

-Сая хэд хэдэн сайн арга хэмжээ авлаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль
баталлаа. Уул уурхайн бодлогын үзэл баримтлалыг баталсан. Газрын тос, Ашигт малтмалын
тухай хууль батлагдлаа. Шилэн дансны тухай хуультай боллоо. Шилэн дансны тухай хууль
маш чухал. Монгол Улсыг авлигад хэт идэгдсэн орон гэж хэлээд байна. Тэгвэл одоо
авлигад хэт идэгдээд байхгүйн баталгаа нь энэ хууль болж байна.

-Хэн
хэний, юуны данс шилэн болох юм бэ?

-Төсвийн бүх данс, төсөв захирагчдын данс шилэн болно. Төрийн өмчит
том  компаниуд хэнтэй, юуны гэрээ байгуулж,
хичнээн төгрөг зарцуулсан нь ил тод болно. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт, төмөр зам,
цахилгаан станциудад дандаа бараа шахсаар ирсэн. Энэ бүхэн алга болно. Эрдэнэт үйлдвэр
ус худалдаж авсан ч түүнийгээ вэб сайт дээрээ тавина. Олон нийтэд хэвлэл мэдээллээр
дамжуулж тайлагнадаг тогтолцоо руу орох юм. Ингэхээр нөгөө шахаанууд алга болно
гэсэн үг. Хоёр төгрөгийн барааг дөрвөн төгрөгөөр авахаа болино. Нэг даргын захиасаар
мянган төгрөгийн барааг хоёр мянган төгрөгөөр авахгүй гэсэн үг. Тэгэхээр ямар ч
байсан хууль эрх зүйн орчноо сайжруулах ажлуудыг сая УИХ, Засгийн газар хийлээ.
Тэрнээс биш эдийн засгийг 100 хоногт эв эрүүл болгоно гэж юу байхав. Бүхэл бүтэн
улс битгий хэл компанийн ажлыг 100 хоногт сайжруулахад бэрх шүү дээ. Энэ хөтөлбөрийн
үр дүн дунд болон урт хугацаандаа мэдрэгдэнэ. Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн
орчин аль болох нээлттэй, ил тод болмоор байна. 
Ер нь улс орны эдийн засгийг хэдхэн хүний захиалгаар, цөөн хүний ааш аягаар
удирдаж болохгүй. Мэдээллээр дамжуулж, олон улсын стандартын дагуу удирдах ёстой.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд яг өнөөдрийн бидний энэ замыг туулаад гарсан юм.
Солонгосоос эхлээд Азийн бар гэгдэж буй улсууд цөм дэлхийн стандартаар тоглоод
20-30 жилийн дотор ямар сайхан болсныг хар даа. Бүх иргэнээ байртай, хувцастай,
хоолтой, боловсролтой, эрүүл болголоо. Тэдний хэрэглэсэн тоглоомын дүрэм, стандартыг
бид сайн судалж мэдсэн байх ёстой. Үүний дагуу л явах хэрэгтэй. Тэрнээс биш дэлхий
дээр ганцхан Монголын дүрэм бий болговол тэр зах зээл чинь манайхыг ойлгохгүй.  Монголчууд одоо морин дэл дээр дэлхийг эзэлнэ
гэж байхгүйгээс хойш  олон улсын тоглоомын
дүрмээр  явах хэрэгтэй. 

-Ер
нь бид Монголынхоо дүрмээр тоглоод байгаа юм байна л даа?

-Хууль эрх зүйн орчныг дандаа монгол сэтгэхүйгээр өөрчилсөн шүү дээ.
Манай хууль эрх зүйн орчин хамгийн тогтворгүй байна.

-Эрх
баригчид зээл авч байж улс хөгжинө гэж үзэх хандлагатай. Үнэндээ зээлгүйгээр хөл
дээрээ боссон бизнес ч байдаггүй гэдэг утгаараа энэ нь зөв байх. Гэхдээ хаврын чуулганы
хаалтан дээр УИХ-ын дарга өрийг хязгаарлах нь зөв гэдэг утгатай үг хэлчихсэн. Та
энэ талаар юу хэлэх вэ?

-УИХ-ын даргын хэлдэг зөв. Бид гадаадын хөрөнгө оруулалтаа хөөчихсөн
учраас өр тавиад байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт хангалттай байсан бол
Засгийн газар өр тавиад байх шаардлагагүй. Монгол Улс хуульдаа өөрчлөлт хийгээд
өрийн дээд хэмжээгээ нэмэгдүүлсэн ч бид зээл авч чадахгүй. Манай рейтинг найдваргүй,
тогтворгүй гэдэг үнэлгээтэй яваа учраас тэр. Хоёр жилийн өмнөх шиг манайд зээл өгөх
хүн олдохгүй. Монголчууд хэр тогтвортой байх юм, хууль эрх зүйн орчноо олон улсын
дүрмээр тайлбарладаг болох нь уу гэдгийг гадныхан харзнаж  байгаа. Эдийн засгаа муутгая гэсэн бодолтой ямар
ч хүн байхгүй. Бүгдээрээ нэг тоглоомын дүрмээр тоглохгүй бол үр дүн нь өөр тийшээ
гараад байна гэдгийг сүүлийн үеийн туршлагууд харуулаад байна.

-“Чингэс”,
“Самурай” бондын мөнгийг төсөвт тусгах ёстой гэдэг санаа УИХ-ын даргын үгэнд явж
байна лээ…

-Олон улсын практикаа л харах хэрэгтэй. Төсөвт тусгаагүй байхад  үзүүлэлт нь муу гарлаа гэж байна. Төсөвт тусгалаа
ч ялгаагүй шүү дээ. Харин зээлсэн мөнгийг сайн төслүүдэд зарцуулах юм бол төсвөөр
дамжуулаад хэрэггүй. Тав, арван жилдээ мөнгө нь найдвартай төлөгдөх учраас болно
гэсэн үг.  Эргэн төлөгдөх нь нүдэнд үзэгдэхгүй,
урт хугацааны дараа ашиг нь гарах төсөлд тэр зээлийг зарцуулсан бол төсөвт тусгах
хэрэгтэй. Жишээ нь замын төслүүдийг төсөвт тусгах л ёстой байсан. Яагаад гэвэл замд
зарцуулсан мөнгийг бид тав, зургаан жилийн дотор эргүүлээд олчихно гэж байхгүй шүү
дээ.  Төмөр замын төслийг төсвөөр дамжуулаад
хэрэггүй. Энэ бол цэвэр арилжааны ашигтай төсөл.  Үүнийг л хэлж байгаа болов уу.

-Эхнээсээ
ийм бодлого яагаад бариагүй юм бэ?

-Одоо ийм бодлого барих гээд л яваад байна.

-“Bank
of China”-гийн салбарыг Монголд нээх нь Засгийн газрын бодлого  биш гэдэг зүйлийг Ерөнхий сайд хэлжээ. Үүнээс
үүдсэн үү, Хятадын энэ банкийг Монголд оруулж ирэхээр О.Чулуунбат гэдэг хүн улайраад
байгаа тухай яриа дэгдсэн байна. Та юу хэлэх вэ?

-Би бодлого тодор­хой­логч биш. Бодлого то­дорхойлогчдод зөвлөх эрхтэй
хүн. Миний хувьд Н.Батбаяр сайдад зөвлөдөг. Шийдвэрийг тэр хүн гаргадаг. Засгийн
газрын ажилд ч зөвлөмж өгөх журмаар оролцдог. Гэхдээ би банкны салбарт 30 гаруй
жил ажилласан учраас туршлага дээрээ үндэслэж ийм зүйлүүдийг ярьж байгаа юм.  Дэлхийн аль ч улс оронд гадаадын банкууд очоод
тухайн орон сүйрчихсэн  зүйл байдаггүй. Энд
зөвхөн  “Bank of China”-г яриагүй шүү. Гадны
банкууд манайд орж ирнэ гэвэл алгаа ташаад хүлээж авах хэрэгтэй. Учир нь бид мөнгөгүй
байна. Мөнгө агаар ус шиг хэрэгтэй байна. Мөнгө, хөрөнгө орж ирэх бүх цонх, хаалгаа
нээх ёстой. Тэгж чадсан  орнууд хурдан хөгжиж
байна шүү дээ. Куб, хойд Солонгос зэргийн хаалттай орнууд яаж байгааг та нар мэдэж
байгаа шүү дээ.

-Ам.долларын
ханш бараг 1900 хүрлээ. Цаашид өссөөр байх юм уу. Засгийн газар үүнийг  хазаарлах ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм болов
уу?

-Төгрөгийн ханш бол эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгааг харуулж
буй  үзүүлэлт шүү дээ. Эдийн засаг сайжрах
юм бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт, валют орж ирнэ. Тэгж л  ханш тогтворжино.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан: Өөрийнхөө хүчээр гарьд цолонд хүрлээ. Идэртээ очиж амарна аа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын
93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн
Завхан аймгийн Идэр сумын харьяат Монгол Улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан
гарьд цол хүртсэн билээ. Түүний хувьд 2003 онд аймгийн арслан, 2011 онд улсын начин
цол хүртсэн юм. 2012 онд начин цолоо баталсан бол өнгөрөгч онд дөрөв даван тавын
даваанд улсын арслан Хадбаатарын Мөнхбаатарт тахим буулгаж байв. Түүнтэй ярилцсанаа
хүргэе.

-Тулгар
төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойн үндэсний их баяр наадмын
хүчит бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэнд баяр хүргэе. Энэ наадмын талаарх
сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр их баяртай байна. Намайг дэмжиж, надад итгэл хүлээлгэж байсан
бүх хүмүүстээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэ жилийн баяр наадам нар хур тэгширсэн
наадам болж өнгөрлөө. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийсний үр дүнд Монгол Улсын
гарьд хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрлээ.

Гарьд цолыг өөрийн хүчээр авч, төрийнхөө наадамд үзүүрлэсэндээ маш
их баяртай байна. Нийт Монголчууддаа, Завхан нутгийнхаа ард түмэнд баярлалаа. Завхан
аймгийн Идэр суманд байгаа аав Ширбазар, ээж Лхагвасүрэндээ их баярлалаа. Би анх
Юмрэн багшид шавь орж байсан. Багшдаа баярлалаа.

-Энэ
жил наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Миний хувьд Богд Очирваань хайрхандаа очоод Сүүжид баяр наадмын
бэлтгэлээ базаасан.

-Ер
нь бэлтгэл хэр ханга­сан гэж бодож байсан бэ. Төрийн наадмын үзүүр түрүүнд гараад
ирнэ гэхээр сэтгэлзүйн бэлтгэл ч гэсэн сайн байжээ. Таны хувьд даваа өгсөх тусам
улам л задгайрч сайхан барилдаж байгаа харагдсан?

-Энэ жилийн хувьд би заал­ны барилдаанд цөөхөн барилдсан. Гэсэн ч
бэлтгэл сургуулилт гайгүй, аятайхан таарсан юм болов уу өндөр даваанд гарч ирсэн.
Мэдээж бөхчүүд бүгдээрээ л дээшээ явж барилдах хүсэлтэй бай­даг болохоор миний хувьд
биеийн хүчнээс гадна сэтгэл­зүйгээ бэлдэлгүй яахав. Өнөө жилийн баяр наадмын бэлтгэл
ерөнхийдөө аятайхан байлаа.

-Таны
хувьд тав, зургаа­гийн даваанд энэ цаг үедээ бөхчүүдийн манлай болон яваа хоёр аваргыг
дараалан орхисон. Хоёр аваргад дараалан амлуулж барилдах амаргүй байсан уу?

-Монгол Улсын хүчит авар­га, арслан, гарьдуудтай барилдаж найм даван
үзүүр­лэж гарьд цол хүртсэндээ баяртай байна. Хоёр авар­гатай барилдсан барилдаан
гэлтгүй бүхий л барилдаан эхнээсээ дуусах хүртлээ асар их хариуцлага тээлгэсэн хүнд
барилдаанууд болсон. Энэ бүхэнд ямар нэгэн зүйл­гүй­гээр өөрийнхөөрөө барилдахыг
хичээсэн. Тухайн үедээ хийчихье гэсэн мэхнүүдээ хийгээд явсан л даа. Барилдаан ч
сайхан болсон.

Хоёр аваргын хувьд мэдээж энэ цаг үеийн үндэс­ний бөхийн өнгийг тодорхойлж
бай­гаа бөхчүүд. Энэ хүмүүстэй барилдахад сэтгэлзүй хүнд шүү дээ. Хоёр аварга бол
мэдээж авах цолоо авчихсан болохоор түрүүлэх л гэж барилдаж байсан. Ер нь хүнд байсан
даа.

-Үзүүр
түрүүнд одоогийн Н.Батсуурь арслантай үлдэ­хэд барилдааны туршлага аль алийг нь
бодсон ч таныг түрүүлчих байх гэсэн хүлээлт их байлаа. Үнэхээр болсонгүй юу?

-Янз бүрийн зүйл бодоод байх ч завдал гараагүй. Барил­даан эхлээд
л хэн хэнд маань түрүүлчих юмсан гэсэн хүсэл байсан болохоор өөрийн бай­гаа хүч
боломжоо ашиглаж барил­даад л дууссан. Үнэхээр ч болсонгүй л дээ.

-Таны
хувьд 2003 онд аймгийн арслан цол хүртсэн. Түүнээс хойш улсын баяр наадамдаа зодоглож
байгаа юу?

-Би улсынхаа баяр наа­дамд зодоглоод яг 12 жил болж байна. Харин
улсын начин цол хүртээд дөрвөн жил болчихож. 2011 онд улсын начин цол хүртсэн бол
дараа жил нь улсын начин цолоо баталснаар өсөх идэр чимэг хүртсэн. Ноднин жил тавын
даваанд Х.Мөнхбаатар арсланд унаж байсан бол энэ жил харин найм давчихлаа. Нүдэндээ
нулимс мэлтэлзүүлэн цэнгэлдэхээс гэр рүүгээ буцсан он жилүүд надад олон бий. Энэ
жил харин гарьд цол хүртлээ.

-Завхан
аймгаас жил дараалан гарьд цолтон төрлөө. Уг нь арслан болчихсон бол сайхан л байх
байлаа. Нутгийнхан тань арслан цол л хүлээж байсан биз?

-Харин тиймээ. Өнгөрөгч онд манай Б.Гончигдамба гарьд маань найм
даван үзүүрлэж Монгол Улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрсэн. Ямар ч байсан
энэ буухиаг нь алдалгүй гарьд цолтны бүлд багтлаа. Гарьд цол ч гэсэн дааж явах хариуцлага
өндөртэй цол шүү дээ. Цаашид улам хичээж барилдан цолоо бататгахын төлөө бэлтгэл
сургуулилтаа хийнэ дээ.

-Долоогийн
даваанд оюутан ахуй цагт нэг өрөөнд хоолоо хувааж идэж явсан найз Х.Мөнхбаатартаа
амлуу­лан барилдсан. Энэ барилдааныхаа тухай ярихгүй юу. Өмнөх наадмаар та тавын
даваанд амлуулан тахим буулгаад байсан даа?

-Х.Мөнхбаатар арсланд ноднин наадмаар тавын даваанд унаж байсан юм.
Энэ жил намайг долоогийн даваанд амалсан. Яахав ээ намайг амаллаа гэж би дотроо
янз бүрийн зүйл бодоогүй. “За Мөнхбаатар намайг амалчихлаа. Өөрийнхөөрөө барилдъя”
л гэж бодож хичээсэн. Түүнээс хэн хэндээ нэг даваа өгчихье гэсэн бодолгүй хал балгүй
л үзсэн дээ. Мөнхбаатар арслан ч гэсэн аварга цолонд хүрчихье л гэж бодож явсан
байх.

-Таныг
барилдаж байхад ямар хүмүүс зөвлөгөө өгч байсан бэ?

-Намайг барилдаж байхад Завханы бөхчүүд маань дэргэд байсан. Нутгийн
бөхчүүд болох М.Баяржавхлан гарьд тэргүүтэй бөхчүүд барилдааны туршид хэрхэн барилдах
талаар ярилцаад явсан.

-Төрийн
их баяр наадмынхаа ард гарчихлаа. Удахгүй нутаг ус руугаа явах уу?

-Тэгнэ дээ. Төрийн наадамд нутгийн уул, ус нь дагаж ирдэг гэдэг биз
дээ. Тийм болохоор Завхан аймгийнхаа Идэр сум, Идэр голынхоо хөвөөнд очно. Нутагтаа
хэд хоног амарч байгаад есдүгээр сараас бэлтгэлдээ орно доо.

-Заалны
барилдаанд цөөхөн барилдаад байгаа шалтгаан тань юутай холбоотой вэ?

-Бөхчүүд бид чинь бэртэж гэмтэхээс эхлээд асуудал их шүү дээ. Тийм
болохоор бэртлээ эмчлэх шаардлагатай. Заалны барилдаанд олон гараагүй шалтгаан бэртэл
байсан юм. Хавраас бэртэл ерөнхийдөө гайгүй болсон тул бэлтгэлдээ эрчимтэй орсон.

-Таныг
наадмын барилдааны таавар эвдсэн бөхийн нэг гэж нэрлээд байгаа. Та өөрийгөө хэр
дээшээ явж барилдана гэж бодож байсан бол?

-Би л хувьдаа дээшээ сайхан барилдах юмсан гэж боддог. Хоёр жилийн
баяр наадмаар дараалан шөвгөрөөд дараа жил нь тавын даваанд өвдөг шороодсон. Тиймээс
энэ жил дээшээ явж барилдана л гэж бодож байлаа. Үнэхээр ч бодож байсан барилдаанаа
хийж төрийн  наадамдаа үзүүрлэлээ. Таавар
эвдсэн гэхдээ хүрвэл бүх бөхчүүд л таавар эвдсэн байж таарна. Бүгдээрээ л сайхан
барилдаад дээд даваануудад гарч ирье гэсэн хүсэлтэй байсан.

-Та
оюутан ахуй цагтаа олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, өсөх
идэр начин Э.Энхбат нартай нэг өрөөнд амьдардаг байсан гэдэг. Нэг өрөөнд хоолоо
хувааж идэж явсан залуус өнөөдөр бүгд спортын өндөр амжилт гаргацгаасан байна. Бас
л сонин тохиолдол юм даа?

-Манай өрөөнийхөн чинь мундаг хүмүүс байхгүй юу, базарваань. Би эднийхээ
хажууд хэн ч биш. Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, төрийн наадмын түрүү бөх
Х.Мөнхбаатар арслан, улсын баяр наадамд гурав шөвгөрсөн Э.Энхбат начин, Гансүх начин
маань байна. Бид оюутан ахуй цагтаа нэг өрөөнд амьдардаг байсан нь бас л зол юм
шүү.

-Бүгдээрээ
үндэснийхээ бөхөөр улсын цолонд хүрлээ дээ?

-Зөв явбал санасан хэрэг бүтдэгийн нэг жишээ бид тав байх аа. Бас
л ховорхон хувь тохиол гэж боддог.

-Та
ч наадмаар байнга л аманд гарч барилдлаа. Амлуулаад байх нь танд ямар санагдсан
бэ?

-Ер нь бол амалж байснаас амлуулж барилдсан нь дээр гэж боддог. Тэр
нь ч амар санагддаг.

-Бөхийн
удам бий юу?

-Аав маань бөхөд дуртай ч өөрөө барилдаж байсангүй. Харин ээжийн
авга ах Хаян гэж даншигийн заан байсан юм билээ. Бие томтой, асар их бяр чадалтай
хүн байсан гэдэг.

Э.ЭНХБОЛД

 

Categories
мэдээ цаг-үе

Н.Батсуурь: Барилдаан бүрийн ард аав минь намайг хурцалж байдаг

Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа. Түүнийг нутаг руугаа яарч байхад нь уулзсан юм.

-Төрийн наадамд түрүүлж Монгол Улсын арслан цолтой боллоо. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Нар хур тэгширсэн дэлгэр сайхан наадам боллоо. Монгол түмэн минь дэлгэр сайхан наадсан байх. Өнгөрсөн жил улсын харцага цолонд хүрсэн бол өнөө жил цолоо батлаад зогсохгүй улсын наадмын түрүү бөхөөр тодорч Монгол Улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Аавынхаа, өвөөгийнхөө хүрч амжаагүй цолонд хүрч төрийн наадамдаа түрүүллээ. Төр түмнийхээ энэ сайхан наадмын тэргүүн бөхөөр шалгарч түмэн олноо баясгаж чадлаа. Бөхчүүд бид түмэн олондоо сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гэж байнга л бэлтгэл сургуулилт хийдэг. Бөхийн спорттой амьдралаа холбосноос хойш ийнхүү зорьж явсан цолондоо хүрлээ. Улам их хариуцлага надад ирж байгааг илүүтэйгээр мэдэрсэн. Үнэхээр их баяртай байна.  

-Та “Увс нуур” дэвжээний бөх. Нутгийн тань бөхчүүд таны бэлтгэлийг үнэхээр сайн байсан гэж ярьж байна лээ? 

-Дэвжээнийхэнтэйгээ хамт бэлтгэл хийсэн. Увсын бөхчүүд маань Харзтайд байх “Шүтээн” амралтын газар бэлтгэлээ базаасан. Мэдээж хэрэг дээгүүр сайн барилдах зорилготой бэлтгэлээ хийлээ. Давгүй барилдчих юмсан гэж нэлээн хичээсэн шүү. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг биз дээ. Жил дараалан цолоо бататган ахиулсан болохоор “цолоо ахиулчих юмсан” гэж хичээсэн. Хүн уйгагүй хөдөлмөрлөж, хүссэн зүйлдээ сэтгэл шулуудаж чадвал амжилт ирдэг гэдгийн нэг баталгаа энэ боллоо. Энэ жил өөрийнхөө болох хэмжээнд хүртэл бэлтгэл сургуулилтаа хичээж хийсэн. Тамирчин хүн урсгасан хөлснийхөө хэмжээгээр амжилтаа үнэлүүлдэг. Энхийн цагт хөлс их гарвал дайны үед цус бага урсана гэдэг биз дээ. Нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа ханатлаа сайхан базаалаа. Тэд маань ч гэсэн сайхан дэмжиж, хамтдаа бэлтгэлээ хийцгээсэн. 

-Түрүү, үзүүр булаалдахаар зогсож байхад юу бодогдож байв?

-Олон зүйл бодох сөхөө байгаагүй. Нутгийн ах нар тойрч ирээд “шийдсэн мэхээ хийнэ шүү. Сайн барилдаарай” л гэсэн. Ямартай ч санасандаа хүр­тэл барилдана, дараа нь харамсахгүй гэж бодсон. Өөрийнхөө төлөө өөрөө өөрий­гөө хурцлахгүй бол бо­лохгүй шүү дээ. Төрийн наадамд зүгээр ч нэг за­луу­чууд зодог, шуудаг бү­сэлж ирээд барилддаггүй. Төрийн наадмын даваа бүр хариуцлагатай байдаг. Тий­мээс үзүүр түрүү гэлтгүй бүх л барилдаан эхнээсээ дуусан дуустлаа хариуцлагатай байсан. Би түрүүлчих юмсан гэж хичээхээсээ илүү өөрийнхөөрөө барилдахыг л зорьсон. Төрийн наадмын энэ өндөр даваанд гарч ирчихээд сүүлд нь толгойгоо шаах вий гэж бодсон. Тиймээс өөрийн сурсан барилдаан, эцсийн хүчээ шавхаад ч хамаагүй үзье л гэж өөртөө хүч нэмсэн. Барилдаанууд хариуцлагатай ч үнэхээр сайхан болж чадсан. 

-Түрүүлэхэд аав тань баярын нулимс унагаж байгаа харагдсан?


-Аргагүй шүү дээ, аав минь. Өөрөө бөх хүн болохоор хазайхад минь хамт хазайж, давахад минь баярлан, унахад минь хамт л унаж явдаг хүн. Аав минь Монгол Улсын харцага цолтой Гэлэгийн Намсрайжав гэж хүн бий. 1988 онд 29 настайдаа улсын арслан Б.Ганбаатарыг давж улсын цол авч байсан. Б.Ганбаатар арслан тухайн үед наадамд хоёр дараалан түрүүлчихсэн, ид үедээ байсан юм билээ. Манай өвөө ч бас улсын начин цолтой. Ж.Гэлэг гэж хүн байсан. Ардын хувьсгалын 29 жилийн ой буюу 1950 онд Батсуурь аваргаар тав давж начин цолны болзол хангаж байсан. Тэр үед Батсуурь аварга бас л наадамд хоёр дараалан түрүүлчихээд байсан гэдэг. Аав минь намайг барилдах үед даваа бүрийн ард хамт байсан. Аав надад хүч өгч байсан гэхэд болно. 

-Хүүдээ зааж зөвлөнө биз?

-Өөрийн мэдэх чадах бүхнээ л хэлнэ. Тайван сайхан барилдаарай гэдэг. Аав минь намайг хурцалж улсын наадамд түрүүлүүллээ. Үүнээс том амжилт гэж хаа байхав дээ. Аав минь их баярласан шүү.

-Ээжийн тань талд бас улсын цолтон бий гэж сонслоо?

-Манай ээж Ховд аймгийн Дарви сумынх. Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай, улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар байна. Аав ээжийнхээ талд бөхийн удамтай. Харин би айлын ганц хүү. Хоёр эгчтэй.

-Та хэдэн жил улсад зодоглож байж түрүүлэв?

-Анх 2009 онд улсын наадамд барилдсан. Өнгөрсөн жил харцага цолонд хүрсэн. Аавынхаа цолонд хүрлээ гэж их баярлаж байсан бол одоо арслан болчихлоо. Одоо харин аав минь хүүгээрээ бахархаж байгаа байх аа.

-Наадмын дараа хаана очиж зодоглох вэ?

-Нутаг руугаа явах гэж байна. Нутгийнхаа уул усанд очиж ах дүүстэйгээ амарч байгаад ирнэ дээ. 

-Та хаана ямар сургууль төгссөн юм бэ?

-Би 2008 онд “Соёл-Эрдэм” дээд сургуулийн Аялал жуулчлалын ангийг төгссөн. “Химон” констракшны бөх. 

-Гэр бүлтэй юу?

-Байгаа. Эхнэр маань амаржаад удаагүй байгаа.  

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дуулгах сонин, дуурсах бүхнээр дүүрэн их баяр наадам

Монгол төрийн наадам дэлгэр сайхан боллоо. Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 524 бөх зодоглож уран мэхээ уралдуулан барилдсан. Арслантай, гарьдтай, заантай, харцагатай, начинтай наадаж хотол олныг баясгалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ түрүүлж арслан цолны болзол хангасан Н.Батсуурь удам дагасан хүчтэн. Түүний өвөө болон аав нь улсын цолтой бөхчүүд. Тэгвэл хурдан азарганы түрүүг ч мөн гурав дахь үеийн уяач хүртлээ. М.Данзаннямын удмынхан гурван үеэрээ төрийн наадамд азарга түрүүлгэж монгол наадмын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна. Эрхий мэргэн харваачдын цэц ончтой байсан. Наадмын өмнөхөн үндэсний сурын харваанд хөдөлмөрийн баатар төрсөн нь харваачдад урам хайрласан юм.


Аварга цолтой таван бөх зодоглож, зүүний магнай зүгээр ирээгүй нэгийн даваа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн Үндэсний их баяр наадам дуулгах сонин, дуурсах бүхнээр дүүрэн болж өндөрлөлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга цол хүртээд дөрөв хоноод, төрийн баяр наадамдаа найман жил зодоглоогүй Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Агваансамдангийн Сүхбат зодоглосноороо онцлог боллоо. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, улсын аварга Одвоогийн Балжинням, Сүхбаатарын Мөнхбат, Гунаажавын Эрхэмбаяр гээд таван аварга цолтон, улсын арслан зургаа, гарьд тав, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглолоо. Харин аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх хүч үзлээ.

Нэгийн давааны эхэнд хоёр дархан аваргын хэн нь зүүний маг­найд гарч 512 бөхийг магнайлах вэ гэдэг нь олны сонирхлыг татав. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар зүүний магнайд гарахын тулд нэлээдгүй маргаж, бөхийн холбооны дэд тэргүүн соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан Г.Өсөхбаярыг зүүний магнайд босох ёстой гэсэн ч гаргасан амжилтаараа А.Сүхбат босох нь гарцаагүй гэнэ. Удтал маргаан болсны эцэст олон жилийн дараа хүрэн дээлээрээ гангарч төрийн наадмынхаа дэвжээнээ зодоглохоор болсон Сүхбатыг магнайлуулахаар болов. Зүүний магнай зүгээр ч нэг ирээгүй бөгөөд А.Сүхбат аварга зодог тайлж буйгаа зарладаг жилээ малгайгаа нүүр рүүгээ дараад уйлж буй дүр зургийг одоо ч бид мартаагүй. Тэгвэл яг ийм дүр зураг зүүний магнайд гаргуулахгүй гэх үед гарсан байна. Түүний шавь нар Ө.Даваабаатар тэргүүтэй бөхчүүд ирж багшийгаа тайвшруулж харагдсан. Нэгийн даваанд улсын өндөр цолтой бөхчүүд учраа бөхчүүдээ төвөггүй өвдөглүүлсэн ч цөөн хэдэн улсын цолтон тахим буулгасан ч таавар эвдэх хэмжээний барилдаанууд биш байсан юм.

Хурц арслангууд хуйгаараа унасан хоёрын даваа

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын гарьд И.Доржсамбуу, заан Ц.Баярсайхан, Очирын Одгэрэл, харцага Д.Батболд, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах нарын улсын цолтой бөхчүүд өвдөг шороодлоо. И.Доржсамбуу, Ду.Батбаяр нарыг шөвөгт гарч барилдах байх гэж байсан ч ийнхүү хоёрын даваанд тахим буулгасан юм. Жил жилийн баяр наадмаар улсын цолонд хүрнэ хэмээн яригддаг байсан бөхчүүд оноолтоор таарч барилдав. Хоёрын давааны сүүлийн дүйзүүдэд жил бүр начин цолны тааварт багтдаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Алтангэрэлийн Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ц.Чимэддоржид тахим буулган нэлээд харамсаж байгаа харагдсан. Харин Улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Бат-Оршихыг хөнгөхөн хонгодчихоод туг тойрлоо. Өнөө жил ногоон дээлээр гангарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Сүхбатыг бариа зөрүүн дээрээс тэнгэр харуулан төрийн есөн хөлт цагаан тугаа хоёронтоо тойрсон юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Отгоннямыг өвдөглүүлсэн бол Баян-Өлгий аймгийн ганц найдвар гэгдээд буй аймгийн арслан Еркеболан улсын начин Д.Багахүүг чанга гэгчийн савчихаад дэвж яваа харагдлаа. Улсын харцага Ц.Содномдоржийн хүргэн Увсын хурц арслан Оюуны Гантулга Өмнөговийн Дарханбатад унасан бол Сүхбаатар аймгийн Онгон су­мын харьяат хурц арслан Ша­рын Мөнгөнбаатар Баянхонгор айм­гийн арслан Болдын Эрдэнэхүү нарын барилдаан сонирхолтой болон үргэлжилсэн юм. Хоёр бөхийн барилдааны цаг дуусч барьц сонгоон дээрээс хоёулаа нэг нэг удаа алдан Эрдэнэхүү арслан дахин барьц сонгохын тулд 20 гаруй минутыг зарцуулав. Аргаа барсан гарын даа Хайдав арслан хөлийн цэц Д.Мягмар заан дээр очин “Энэ хоёр барилдахгүй нь ээ. Шууд хасчихъя” гэхэд Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат Доёдын Бадрах начин уг саналыг дэмжиж “хас, хас” хэмээн уухайлав. Шодооны барьцан дээрээ нэлээд удсаны эцэст залуу арслан Мөнгөнбаатар ахыгаа унагачихаад дэвж одлоо. Баян-Өлгий аймгийн арслан Баатарцол аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганзоригийг хонгодож цацчихаад цааш явлаа. Аймгийн арслан Батням ижил цолтой бөх болох Хадбаатарыг, аймгийн арслан Б.Батжаргал Ганзоригоор, аймгийн арслан Золбоо засуул, хөлийн цэцийн дэмжлэгтэйгээр аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэлийг давсан юм. Уг барилдааны дараа хурц арслан нүдэндээ нулимстай хөлийн цэцийн ард сууж байхад нутгийнх нь аймгийн арслан Дэлгэрсайхан ирээд дагуулан явлаа. Жил бүрийн баяр наадмаар баараггүй начин гэгддэг Б.Одгэрэл арсланд хүндхэн байсан нь гарцаагүй. Учир нь Б.Одгэрэл арслан ухарч явахдаа засуулын хөлд тээглэн унасан юм. Энэ барилдаан цэнгэлдэхийн зүүн талд болсон. Харин цэнгэлдэхийн баруун талын мухарт хоорондоо хов ярьж суусан хөлийн цэцүүдээр түүний хувь заяаг шийдүүлсэн нь даанч харамсалтай. Сүүлийн үед улсын цолтны бүлд багтана гэгдээд буй О.Хангай Занданбат арслангаар, аймгийн арслан Лхагвын Лха-Очир Архангайн Батцэнгэлийн уран барилдаант Л.Шинэбаатар арсланг орхисноор гурвын даваанд барилдах эрхээ авсан юм. Үнэндээ хөлийн цэц, засуулууд хэдэн сайхан аймгийн арслангийн хувь заяагаар тоглосон гэдгийг бөх үзэгчид хэлж байлаа. Хөлийн цэцийн ахлах Д.Мягмар заан аргаа барахаараа урдаа байгаа ногоон дотуур холбоогоороо бөхийн холбооны удирдлагуудтайгаа хэрхэх талаар зөвлөлдөж байгаа харагдсан шүү. Тэнцүү шахам унасан барилдааныг дахиулахын оронд үзэмжээрээ шууд тахим ч авахуулахгүй туг тойруулж байгааг харсан үзэгчид бухимдаж байлаа. Хоёрын даваан хурц арслангуудаас Төв аймгийн арслан Батчулуун ганцаараа гурвын давааны босго алхсан юм.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Увсын аймгийн харцага Элбэгбаяртай барилдав. Элбэгбаяр харцага наадмын дэвжээнээс ухаан жолоогүй ухран гүйсээр үзэгчдийн өмнө тулж ирлээ. Тэр бүрд Өсөх-Ирээдүй харцага хөөж байгаа харагдав. Увс аймгийн Давст сумын харьяат Э.Элбэгбаяр харин Өсөх-Ирээдүй харцагын нүүр рүү цохиод авлаа. Түүний энэ үйлдлийг барилдааны үед гарсан санаандгүй зүйл гэж цагаатгаж болох ч Элбэгбаярын хувьд барилдаан болгон дээрээ зугтдаг гэдгээрээ алдартай бөх билээ. Хөлийн цэцийн шийдвэрээр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давуулах шийдвэр гаргасан юм. Учир нь Элбэгбаяр барилдахгүй байсан тул хөлийн цэц ийн шийдвэрлэжээ. Харин барилдахгүй байсан Элбэгбаяр энэ шийдвэрийг сонсоод улсын харцагын араас чиргүүл шиг чаргууцалдав. Улсын харцага Өсөх-Ирээдүйг давуулан туг тойрууллаа.

Дархан аварга дархан аваргаа амалсан ам буюу А.Сүхбатын зангарга

Төрийн их баяр наадмын нэгийн давааны эхэнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга нарын хэн нь зүүний магнайд босох вэ гэдэг нь хэл амтайхан байсан билээ. Энэ бүхэнд цэг тавих гэсэн мэт гурвын давааны хамгийн эхэнд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаярыг амласан ам байлаа. Жижиг аваргын энэ шийдвэрийг хэн ч тааварлаж байгаагүй бөгөөд аманд очсон Г.Өсөхбаяр аварга ч гэсэн ууртай байгаа харагдсан. А.Сүхбат аваргын амыг буцаалгах гэж олон хүн очиж түүнд нөлөөлөх гэсэн боловч тусыг эс олов. Энэ хэвээр удалгүй гурвын даваа эхэлж дархан аварга А.Сүхбат Г.Өсөхбаяртай барилдахын өмнө шууд л элэг бүсээ тайллаа. Г.Өсөхбаяр аварга энэ бүхнийг тооцоолоогүй байсан тул тахим авах дургүй байгаагаа илтгэв.

А.Сүхбат аварга энэ үйлдлээ “Монгол бөхөд ёс жудаг эрэмбэ гэж бий. Цаашлаад хэдхэн хоногийн өмнө адилхан дархан аварга цол хүртсэн Өсөхөөдөө хүндэтгэл үзүүлсэн юм” хэмээн тайлбарлав. Дархан аварга дархан аваргаа амалсан тохиолдол өмнө бараг байгаагүй байх. Жил жилийн наадмын гурвын даваанд бөхийн цол дуудуулах мэт энэ амын талаар ярьцгаана гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ даваанд улсын аварга О.Балжинням улсын харцага Чулуунбаатарыг, С.Мөнхбат аварга аймгийн начин Мөнхдоржийг амлан даваагаа ахиуллаа. Завханы Их-Уулын Б.Гончигдамба гарьд Отгонбаатараар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Ариунмөрөнгөөр гурав давлаа.

Аймгийн арслан Бат-Отгон Т.Өсөх-Ирээдүй харцагын нүүр лүү дэлсэв

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхэд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяртай оноолтоор таарсан аймгийн арслан Баасандорж аваргын хөл рүү дохиод буцав. Гэсэн ч аварга түүнийг төвөггүйхэн өвдөглүүлээд туг тойрлоо. Архангайн Цэнхэрийн аймгийн арслан М.Бадарч улсын аварга О.Балжиннямыг давснаар улсын начин цолонд хүрэхэд нэг даваа үлдлээ. С.Мөнхбат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг төвөггүйхэн өвдөглүүлэв. Г.Эрхэмбаяр аварга бяраар ааглан аймгийн арслан Ганболдыг мушгиад давлаа, улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Ганбаатараар дөрөв давав. Улсын гарьд Н.Ганбаатар Баянхонгорын аймгийн арслан Золбоотой, заан Т.Санчир аймгийн арслан Лхагвын Лха-Очиртой, Чимэдрэгзэнгийн Санжаадамба аймгийн арслан Баатарцолтой, Соронзонболд заан Бадамсүрэнтэй Бат-Орших харцага Сэлэнгийн аймгийн арслан Дэлгэрсайхантай, улсын харцага Содномдорж улсын начин Цэрэнтогтохтой барилдсан юм. Энэ даваанд уран барилдаант хоёр бөх оноолт таарсан нь харцага Ө.Даваабаатар улсын начин Б.Пүрэвсайхантай оноолт таарчээ. Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Чимэддоржийг давлаа. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Дарханбатын ард нь гарч өвдөглүүллээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Баатарцолоор дөрөв давлаа. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Еркеболанаар даваагаа ахиуллаа. Улсын харцага Н.Түвшинбаяр улсын начин Одбаяртай барилдаж талбайн зах руу нэлээд хөөж яваа харагдана.

Аймгийн арслан Баасандорж Бүрэнтөгсөөр дөрөв давж олны уухайтай туг тойрсон юм. Аймгийн арслан Золбоо Н.Ганбаатар гарьдад тахим буулган наадмыг өндөрлүүлэв. Аймгийн арслан Л.Лха-Очир Т.Санчир заанаар даваагаа ахиулж тавын даваанд гарахаар боллоо. Өвөрхангайн улсын заан Б.Сайнбаяр улсын начны тааварт явсан аймгийн арслан О.Хангайг давсан бол улсын заан Б.Батмөнх мөн дөрөв давж туг тойрсон юм. Аймгийн арслан Дэлгэрсайхан Ө.Бат-Орших харцагад уналаа. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Өмнөговийн Ц.Одбаяр начныг хөлийн цэц, засуул, цагдаа нарын хамгаалалтад давчихлаа гэж бөх үзэгчид дургүйцлээ илэрхийлж цэнгэлдэх даяар “Одбаяр, Одбаяр” хэмээн орилоход хүргэв. Хөлийн цэц, засуулуудын бөхчүүдийн хувь заяагаар тоглосоор байгаад хүмүүс бухимдаж байлаа. Ард түмний бухимдал дээд цэгтээ ирэх үед Одбаяр начин эргэхэд хүмүүс алга ташин угтсан ч тэрбээр тахимаа өгөөд үзэгчдийн зүг эргэлээ. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэн Соронзонболд зааныг, Ц.Содномдорж харцага Цэрэнтогтох начингаар даваа авлаа. Аймгийн арслан Бат-Отгон улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн нүүр рүү хар мундагаараа дэлсээд авлаа. Барилдааны явцад Өсөх-Ирээдүй харцага Бат-Отгоны гарыг хөшсөн аж. Цагаан сарын барилдаанд Содномдорж харцагад гараа хөшүүлсэн гарьд Б.Гончигдамба зүгээр л зогсож байсан. Харин улсын цолонд хүрээгүй бөхчүүдийн хувьд ёс жудаг гээчийг холоо гээсэн харагдав. Энэ үед хөлийн цэц, засуулууд гэж үнэндээ юугаа ч мэдэхгүй тойрч гүйгээд байгаа нь хүмүүст таалагдсангүй. Улсын цолонд зүтгэж яваа ч гэсэн аймгийн арслангууд улсын цолтой бөхчүүдийгээ нүүр нүдгүй цохиод байж болохгүй биз ээ. Энэ мэт зохисгүй үйлдэл гаргасан бөхчүүддээ цаашид арга хэмжээ аваарай хэмээн үзэгчдийн суудлаас хүмүүс орилж Т.Өсөх-Ирээдүй харцагыг дэмжиж байлаа. Энэ наадмын түрүү бөх Н.Батсуурь улсын начин Сангисүрэнгээр дөрөв давлаа. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Булганы аймгийн арслан Бат-Эрдэнээр барьц сонгоон дээрээс давж түмэн олныг баясгалаа.

Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нар Монгол Улсын начин цол хүртлээ


Баяр наадмын жил бүрийн тавын даваа олны анхаарлын төвд байдаг. Ямар бөхчүүд үнэн хүчээрээ улсын цолонд хүрч, ямар бөхчүүд нь дэмжлэгтэйгээр улсын цолны босго давах бол гээд л. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн бөх Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Н.Адъяабатыг амлан барилдахдаа баруун ташаагаа тавьж өгсөөр байв. Төд удалгүй Адъяабатын аваргын баруун хөлд хавирахад дархан аварга тэссэнгүй. Н.Адъяабат улсын цолонд ийн хүрлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Баасандоржийг халз хутган гэдрэг нь харуулав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аврага спорт хорооны бөх улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханыг амлан уначихав. Үзүүр түрүүнд баараггүй үлдэнэ гэж байсан аварга Эрхэмбаяр өвдөг шороодсоноор бөхийн таавар нэлээдгүй будилж эхэлсэн юм. Өвөрхангайн улсын арслан Д.Ганхуяг Завханы Алдархааны аймгийн арслан Лхагвын Лха-Очирыг амласан ч тахим буулгаснаар Лха арслан улсын начин боллоо. Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэнг амлан бариа зөрүүн дээрээс зайлаанд нь явчихлаа. Ингэснээр Бадамсүрэн өнөө жилийн улсын начнуудын салхийг хагаллаа. Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Бадарчийг халз хутгаад өвдөглүүлэв. Д.Азжаргал арслан улсын заан Баасандоржоор давлаа. Улсын гарьд Дамбын Рагчаа улсын начин Ж.Нямсүрэнгээр тав давж шөвгөрсөн бол улсын гарьд “өндөр” Н.Ганбаатар улсын начин Чотонгийн Баянмөнхийг давснаар их шөвөгт шалгарсан юм. Ч.Санжаадамба заан Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяраар тав давж түмэн олныг баясгалаа. Ж.Бат-Эрдэнэ гарьд Говь-Алтайн Тонхилын Б.Суманчулууныг амлан тахим буулгасан юм. Б.Суманчулууны хувьд Жанцангийн Бат-Эрдэнэ гарьдын удирдлага дор өнөө жилийн наадмын бэлтгэлээ базаасан билээ. Ингэснээр олон жил начны тааварч байсан Балжиннямын Суманчулуун улсын начин боллоо. Улсын гарьд Гончигдамба Таванханы улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давав. Аймгийн хурц арслан Ч.Батчулууныг улсын заан Б.Сайнбаяр амлаад байсан. Барилдаан удааширсан тул хаялцах барьцыг улсын заан авсан юм. Гэсэн ч барилдааны дүнд нөлөөлөөгүй тул Батчулуун арслан барьц сонгоод ч давалцсангүй. Барилдааны төгсгөлд хурц арслан зааныг орхисноор улсын начны цолд багтлаа.

Улсын харцага Намсрайжавын Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихыг гуд татан өвдөглүүлэв. Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг орхин начин цолоо баталлаа. Энэ барилдаанд улсын харцага Цэдэвийн Содномдорж, улсын начин Б.Пүрэвсайхан нарыг хэн ч амлалгүй тунасан. Уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан харцага Ц.Содномдоржийг давснаар улсын начин цолоо баталлаа. Монголын Залуучуудын холбоо хамгийн залуу улсын начин цолтонд олгодог хурдан удмын даагаа Тод манлай уяач Д.Ононгийн адуун сүргээс барьж ирсэн бөгөөд өнөө жил Б.Бадамсүрэн начинд олгосон юм.

Ш.Жаргалсайхан хоёр аваргыг дараалан орхиж, Б.Пүрэвсайхан харцага цол хүртсэн зургаагийн даваа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга С.Мөнхбат Завхан аймгийн Идэр сумын харьяат өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар шинээр Улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабатыг, Д.Азжаргал арслан улсын начин Б.Пүрэвсайханыг, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Л.Лха-Очирыг, Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн хурц арслан Ч.Батчулууныг, Улсын гарьд Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулууныг, Улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Бадамсүрэнг тус тус амлаж Улсын харцага Н.Батсуурь Улсын начин Б.Пүрэвдагва нар туналаа. Улсын арслан Д.Азжаргал Улсын начин Б.Пүрэвсайхан нарын барилдаанд залуу начин илүү байж арсланг давснаар улсын харцага цолны болзол хангалаа. Харин Улсын гарьд Б.Гончигдамба шинээр Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Б.Суманчулууныг, Улсын гарьд Н.Ганбаатар шинээр Улсын начин цол хүртсэн аймгийн хурц арслан Төв аймгийн Баянхангайн Ч.Батчулууныг тус тус давж зааны буюу долоогийн даваанд гарч ирлээ. Тунаж барилдсан бөхчүүдээс Увсын Ховд сумын улсын харцага Н.Батсуурь Архангайн Булганы Р.Пүрэвдагвыг илүүрхэн давснаар улсын харцага цолоо баталлаа.

Н.Батсуурь заан болж, Архангайн Санжаа Завханы Гончигийг шороодуулав

Баяр наадмын долоогийн даваа үнэхээр үзүүштэй болсон бөгөөд энэ даваанд тунасан Завханы гарьд Б.Гончигдамба Архангайн заан Ч.Санжаадамба нарын барилдаан маш сонирхолтой боллоо. Хоёр бөхийн барилдаан тун ч ширүүхэн болж эцсийн мөчид эн тэнцүү газардсан юм. Монгол бөхийн “мэргэн бөөдий” болох засуул хөлийн цэцийн шийдвэрээр заан Архангайнханд даваа өгсөн нь мэдээж Завханыханд таалагдсангүй. Гончигдамбыг дэмжигчид дургүйцлээ илэрхийлэв. Гончиг гарьд ч гэсэн есийн даваа эхэлтэл хөлийн цэцийн дэргэд байж учир байдлаа хэлээд тусыг эс олов. Ингэснээр залуу заан Санжаадамба цолоо баталж чадлаа.

Архангайн Булган сумын харьяат Д.Рагчаа гарьд Увсын Ховдийн Н.Батсуурь нарын барилдаан шахааны барьцнаас өндөрлөв. Энэ даваанд Увсын харцага Архангайн гарьдыг илүүрхсэнээр заан цолны болзол хангалаа. Оюутан ахуй цагийн нэг анги, дотуур байрны нэг өрөөнд хамт амьдарч байсан бөхчүүд бие биенээ амалсан нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар Зав­хан аймгийн Идэр сумын харьяат улсын өсөх идэр начин Ш.Жар­галсайханыг амалсан явдал байв. Ноднингийн наадмын тавын даваанд арслан Х.Мөнхбаатар мөн Ш.Жаргалсайханыг амлан барилдаж давж байсан билээ. Энэ удаагийн барилдаанд Жа­гаа начин хариугаа авч давсан бол Х.Мөнхбаатар арслан та­хим буулгахгүй гэж хэсэг тээ­нэгэлзсэнээ элэг бүсээ тайлснаар өрөөнийх нь найз улсын заан боллоо. Харин “өндөр” Ганбаа гарьд шинээр харцага цолны болзол хангасан Ховдын Булганы Пүрэвсайханыг шуудагны барьц­наас илүүрснээр гарьд цолоо батлах даваанд тулж ирснээр долоогийн даваа өндөрлөв.

Шахаж татах, зүүн тахимдах мэхүүд үзүүр түрүүнд авч ирлээ

Наймын давааны барилдаанд Архангайн Хашаатын “баавгай” хэмээх заан Санжаадамба Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын харцага Билэгийн Намсрайжавын хүү заан цолны болзол хангаад байсан Батсуурьтай тунан барилдсан билээ. Барилдааны туршид заан Санжаадамба илүүрхсэн ч зүүн давхар шуудагнаас Увсынхан илүү гэдгээ баталж Санжаадамбыг шуудагнаас шахаж эргүүлснээр Намсрайжавын Батсуурь улсын гарьд цолны болзол хангалаа. Харин Завханы Идэрийн Ширбазарын Жаргалсайхан Говь-Алтайн Тонхилын Нямдоржийн Ганбаатарын зүүн хөлийг тахимдсанаар үзүүр, түрүү булаалдахаар болсон. Ингэснээр төрийн наадмын үзүүр түрүүнд улсын начин, харцага цолтой бөхчүүд түрүү булаалдахаар болсон.

Намсрайжавын Батсуурь төрийн наадамд анх удаа түрүүллээ


Есийн давааны бөхчүүдийг зүүн, баруун талын засуулуудаа ханаруулан гарч ирэх мөчид үзэгчдийн сэтгэлд альхан нутгийн бөх түрүү бөхөөр тодрох вэ гэдэг хүлээлт үүслээ. Ноднин жил Завханы Б.Гончигдамба үзүүрт үлдэж Сэлэнгийн аваргад тахим буулгаж байсаан. Тэгвэл өнөө жил Увс аймгийн Ховд сумын удамд бөх Батсуурь түрүү булаалдахын тулд тун их хичээв. Өндөр давааны хариуцлагатай барилдаанд Завхан аймгийн Идэр сумын харьяат Ш.Жаргалсайхан Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Намсрайжавын Батсуурь нар тун хийгүй барилдаан хийсэн. Хүндхэн барилдаануудын ард гарч энэ даваанд хүрсэн Батсуурь харцага илүү гэдгээ баталж Увс нутагтаа нэгэн түрүү, цэнгэлдэхэд Увс нуур дуугаа аялах боломжийг олгосон юм. Тэрбээр өнөө жил түрүүлснээр арслан цол хүртсэн бол Завханы бөхчүүд хоёр жил дараалан гарьд цолонд хүрлээ. Н.Батсуурийн түрүү Увс аймгийн 15 дахь түрүү байлаа. Түүнээс өмнө дархан аварга Х.Баянмөнх 10, улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс нар нэг нэг удаа түрүүлээд байсан билээ.

Э.ЭНХ

Categories
булангууд мэдээ цаг-үе эх-орон-сумаас-эхэлнэ

Марал саруул нутаг Мандал хайрхан уул мину

Хүний зүрх сэтгэлд төрсөн нутаг ус, төрөлх сум орон нь юу юунаас илүү эрхэмлэгдэн оршдог. Энэ талаар хэн ч маргахгүй биз ээ.

Бид хотоос 900-аад км засмал, шороон зам туулан байж шөнө дүлээр төрсөн сумандаа хүрч аяны дөрөө мулталлаа.

Эрт дээр цагаас Сайн ноён хан аймгийн Пүрэвжав жонон бэйлийн хошуу гэж хангай, тал хээр, говь хосолсон үзэс­гэлэнт сайхан нутагт эрдэ­нэт хүмүүн амьдарч, буянт мал сүрэг өсөж үржсэн заяа тавилант газар нутагт Хүрээмарал сум минь оршдог юмаа. Хөх сүмбэр Мандал хайрхныхаа өвөр бэлд гал голомтоо бадраасан сум маань оноосон Хүрээмандал нэртэйгээр байгуулагдсан ч тэр үед төвдөө тамга сийлэх үедээ босоо монгол бичиг юугаа маруухан мэддэг, юманд хааш яаш ханддаг хэн нэгний балгаар мандал гэдгийн “Д” үсгийг “Р” хэмээн тааж, “Н” үсгийг гээгдүүлэн орхиж тамга тэмдэг бүтээснээр Хүрээмарал гэсэн олдмол алдар нэр хүртсэн түүхтэй билээ.

Нэгэн түүх сөхвөл манай сум тэртээ 1923 оны усан гахай жилийн хавар Цэцэрлэг-Мандал уулын айм­гийн Богдмарал уулын хошууны “Цоохор” сум нэртэй байжээ. Цоохор хэмээсний учир Пүрэвжав жонон бэй­лийн хошууны өмнөд хэсэг, Жамъяндорж вангийн хошуу­ны Осор тайж, Нацаг тойны хамжлага албатууд зэрэг хоёр хошууны ард нэгдэн нийлснээс ийнхүү нэрлэх болжээ.

1924 оны модон хулгана жил засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Гурван шар сум гэж нэрлэгдэн даргаа­раа нутгийн ард Бат-Очирын Нармандал гэдэг хүнийг сон­госон байна.

Ийм учраас өнөө жил сум байгуулагдсаныхаа түүхт ойг тэмдэглэхээр шийджээ.

Хүрээмаралчуудын удам угсааг сайн тунгаавал Чингэс хааны хатан Бөртэ-үжингийн дөрөвдүгээр хүү Тулуйн долоо дахь үеийн Батмөнх (1464-1543) Даян хааны хатнаас төрсөн Гэрсэнз Жалайр хунтайж түүний гутгаар хүү Онох үйзэн ноёны ууган хөвгүүн Автай сайн хааны албат ардуудын үр хойчис юм. Энэ суманд Боржигон, Чинос, Хошууд, Мангуд, Өөлд, Харчин, Харчууд, Хиргэс, Тайчууд, Олхонууд, Долоод, Мянгад, Сартуул,Гурван шарынхан, Бэсүд гээд халх Монголын олон овгийн үр удам амьдарч байна. Хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч учир замбараагүй болж буй өнөө үед өөр ч үндэстэн ястан бүхний үр удам байгааг үгүйсгэх аргагүй билээ.

Тус сумын Алтангэрэлийн хүрээ хэмээн олноо алдаршсан “Цорж”-ийн хүрээ нь 1925 оны харагчин үхэр жилийн намрын дунд сард зургаан гэртэйгээр Дэлгэрмөрөнгийн Хөх толгой гэдэг газар анх байгуулагджээ. Энэ хүрээг 1926 оны хөх гал бар жилийн хавар Дашзэвэг тавнан үхэр тэргээр нүүлгэн “Цорж” хэмээх буяны үйлс дэлгэрэх, бурхан номын авшиг арвидах өлзий дэмбэрэлтэй өргөн дэлгэр энэ нутагт залж, зуны эхэн сарын шинийн гуравны цогийн наран гийж, өлзий учрал бүрдсэн өгөөмөр сайн өдөр хааны багш Юндэндорж чойр дөвлөсөн тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Цоржийн хүрээ хийдийн тэргүүн хамба Юндэндорж нь Сайн ноён хан Намнансүрэнгийн багш нь байсан учир сүсэгтэн ард олон нэрийг нь хэлдэггүй зөвхөн хааны багш гэж нэрлэдэг байжээ. Түүний шавь нар Чойрын номонд нэвтэрхий байсан гэдэг. Тиймээс ч Богдын хүрээний чойрын том лам нар, Төвдийн лхарамбууд ирж, дагсал хаяхад хааны багшийн шавь нарыг чойрын номоор дийлдэггүй байжээ. Хааны багшийн шавь нараас Нацагийн Дагийсүрэн лам төв ганданд сууж, түүний орчуулгын зарим ном судар англи хэл дээр хүртэл хэвлэгдэж байсан юм. 1930-аад онд олон зуун сүм хийдийг устгахад Цоржийн хүрээ мөн л өртсөн ч сүүлийн үед сүсэгтэн олон сэргээн буян үйлдэж, Цоржийн хүрээнд чойр байгуулахад босгосон чулуун суврагыг сэргээсэн явдалд ард олон талархалтай ханджээ. Сүүлийн үед шашнаа сэргээж, шавь нараа сургаж, ном судар цуглуулан баяжуулж, хийдээ сэргээх талаар ихээхэн санаачилга гаргаж, анхаарал тавьж биечлэн зүтгэсэн хамба Лхамжавсүрэн гуайн гавьяа зүтгэл ч их байсныг дурсахгүй өнгөрч болохгүй ээ.

Хүрээмарал сум нутаг дэвсгэрийн хувьд Хангайн нурууны өмнөд хэсэг их уулсын урдах уул толгод, тал хөндий хосолсон хангай говийн завсрын бүсэд оршдог. Нутгийн өмнө хилээс хойд цэг хүртэл 70 км, зүүнээс баруун хил хүртлээ 104 км, хилийн тойрог уртаараа 1000 шахам км юм. Хойд талаараа Баянбулаг сумтай 45 км, Гурванбулаг сумтай 85 км, зүүн талаараа Заг сумтай 118 км, урд талаараа Бууцагаан сумтай 48 км, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сумтай 85 км нутгаар хиллэдэг. Сумын төв Дэлгэрмөрөн нь далайн түвшингээс 2000 метрийн өндөр өргөгдсөн дэлхийн бөмбөрцгийн зүүн уртрагийн 98015I, хойд өргөргийн 46021I-ийн солбилцолд оршдог.

Тус сум 1963 онд Цоржийн хүрээ хийд байсан газраас нүүж Дэлгэрмөрөн хэмээх энэ газар суурьшсан түүхтэй. Нутгийн хамгийн өндөр уул нь Мандал хайрхан бөгөөд далайн түвшингөөс 2200 м өргөгдсөн байна.

Хүрээмарал саруул нутаг байгалийн сонин тогтоцтой үзэсгэлэнт газар болох Мандал, Богд хайрхан, Чандмань, Сувараа, Норовлин, Овоо, Өл, Хүнхэл, Бүрэг, Гурван шар, Бараан хад, Хангай улаан уул нурууд, Домбон цохио, Ловон цохио, Дөрвөлжингийн багана хад, Сэрвэн, Мааньт, Майхан, Хэвтээ босоогийн үелсэн хадан хясаа, Наадам толгой зэрэг үзэсгэлэнт газар, Агийн хөндий, Хооног, Чандманийн хоолой, Шилүүстэй, Босоогийн уудам тал цайдмууд үнэхээр хөлгийн шандас сорьсон нутаг билээ. Уртын гол, Ац, Ховолын голууд, Бүрдийн нуур, Дал, Хөлийн нуур, Холбоо, Бор-Овоо, Мандалт, Уст хонхорын нуурууд, Майхан хадны рашаан, Сүүжийн рашаан, Рашаант мухар, Тарвагатайн булаг, Цоржийн булаг гээд эх усны ундарга элбэгтэй. Хэнзийн хөтөл, Холбоогийн дөрөлж, Ангалаг, Хөх энгэрийн даваа, Дөрөө хангинадаг, Ачаа давдаг гээд нутаг олны алтан шар замын хөтөч хөтөл, даваа гүвээ олон бий.

Манай сумын хэмжээнд Хүрэл зэвсгийн үеийн зүйлсээс авахуулаад хиргэсүүр, бунхан булш, хөшөө дурсгал, хадны сүг зураг, бичээс, байгаль түүхийн дурсгалууд арвин. Уул, нурууд, ус бэлчээр хосолсон энэ өргөн уудам нутагт дэлхийд ховор аргаль, янгир, ирвэс, шилүүс, хойлог, шонхор, тас гээд жигүүртэн шувуу, ан амьтан, төрөл бүрийн ургамал, цэцэгс, эмийн ургамал, алтан харгана, ортууз бут сөөгөөс авахуулаад цөм бий. Солир буусан нутаг учраас нарны туяаны өндөр эрчмийн дор алмаз эрдэнэс үүссэн, түүнийг дагаад олон төрлийн нэн ховор элемент ашигт малтмалын орд энд бий гэдэг. Эрдэс баялаг, барилгын материал , хүрмэн чулуу, ашигт малтмал алт, зэс, төмрийн хүдэр, алмаз эрдэнэ хүртэл асар их ашигт малтмалын арвин их нөөцтэйг цухасхан дурдаад өнгөрөхөөс өөр арга боломжгүй байна.

Хүрээмарал сумын өвөг дээдэс, ард түмэн, тэдний үр удмын дотроос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдар цолтон, гавьяат үйлстэн, эрдэмтэн мэргэд олноор төрж гарсан даа.

Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн, Ухуулан боловсруулах хэлтсийн дарга Гомбын Гэндэн нам, төр засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд өөрийн зохион байгуулах авьяас чадвар, сэтгэл зүрхээрээ тухайн цаг үедээ тодорч “Суртлын Гэндэн”, Хүрээмаралын Гэндэн хэмээн алдаршсаныг ард олон андахгүй мэдэх билээ. Анхны дарга нарын нэг Ойдовын Донёд нь Авто­номитын үеийн хошууны бичээ­чээс Цэцэрлэг Мандал уулын аймгийн Улаанбаатар хот дахь жасын төлөөлөгч, сумын дарга, 1932 оны эсэргүүг дарах Амгай захирагчтай хувьс­галт цэргийнхэн тус суманд хувьсгалт түр хороо байгуулахад түүний бүрэлдэхүүнд орж, хүмүүсийг хоморголон баривчлах, хил­сээр хороох явдлыг таслан зогсоохын төлөө ухаалгаар ажил­лаж, энх цагийн амар тайван амьдралыг төвх­нүүлэхэд өөрийн нэр хүнд, зохион байгуулах ур чадвар, ухаалаг бодлогоороо идэвхтэй орол­цож тэмцэж явсан жин­хэнэ хувьсгалт тэмцлийн зүтгэлтэн байсан юм.

Монгол Улсын хөдөлмөрийн баа­тар Бэгзийн Батчулуун намын уриа, эвлэлийн илгээл­тээр Төв аймгийн Угтаал­цайдамд очиж атрын сангийн аж ахуй байгуулан 16 жил удирдан, аж ахуй зохион бай­гуу­лалтын хувьд бэхжүүлж, хөдөлмөрийн гарамгай амжилт гарган баатар болсон билээ. Атрын хоёр дахь гараанд Төв аймгийн Цээл суманд очиж “Залуучууд” сангийн аж ахуйг байгуулж нэр алдраа дуурсгаж явсныг уншигч та бүхэн мэдэх бизээ.

Монгол Улсын шигшээ багийн гавъяат тамирчин Шаг­дарын Чанрав тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож самбо бөхийн дэлхийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж, Монгол улсаас бөхийн төрлөөр хам­гийн анхны дэлхийн аварга болж байлаа. Түүний зэрэгцээ улсын баяр наадам, цагаан сарын үндэсний бөхийн барилдааныг 25 жил тасралтгүй тайлбарлаж үзэгч олноо баярлуулж байсныг хэн бүхэн наадам дөхөж буй энэхэн үед бүр ч тодхон санаж байгаа.

Жамбалын Жамъян 1939-1945 оны дайнд оролцон гавьяа байгуулж, байлдааны гавьяаны улаан тугийн одон, ЗХУ-ын улаан таван хошуу одонт хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний нэг ээ. Баруун хязгаарыг зэвсэгт халдлагаас хамгаалан төвхнүүлэх үйлсэд гар бие оролцож, Хатанбаатар Магсаржав жанжны морин хөтөч, төрийн тугийн дуучнаар арван хэдхэн насандаа явж байсан ахмад дайчин партизан Ундрахын Бямба, 1939 оны халх голын байлдаанд оролцож одон тэмдгээр шагнагдаж олондоо “Одонт” хэмээн алдаршсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, алдарт уяач Балдангийн Бэгзжав, БНМАУ-ын начин, улсын аварга малын их эмч Жанцангийн Бэгз, 1990 онд АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан Б.Баярсайхан, Г.Бүдий, Г.Жадамбаа, М.Гантөмөр, Т.Ширмэн, НҮБ-д Монгол улсаа төлөөлөн сууж байсан нэрт дипломатч Цогтийн Нархүү, хүний гавьяат эмч С.Нацагдорж, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Цэдэв, гавьяат эдийн засагч С.Тарва, доктор Б.Базаррагчаа, А.Намхай, Т.Намхайжанцан, Б.Сангидорж, Ж.Заанхүү, Я.Дашжамц, Ц.Батдорж, С.Цэрэнсоном, Ж.Алтангэрэл, БНМАУ-ын сайн малчин цолыг сумаасаа анх удаа авсан нь Ц.Баасан байсан бол дараа нь Улсын аварга, сайн малчин Б.Доржсүрэн, Д.Хаянхярваа, Б.Бэх, С.Маахүү, Т.Намхай, Д.Бямбасүрэн нарын олон алдартан төрж гарсан байна. Ямар ч уран бүтээлч, зохиолч, зураач, яруу найрагч хэний ч сэтгэл зүрхэнд эх нутаг, эх орон, нутгийн зон олон нь байнга л бичигдэж, зурагдаж, дурсагдаж байдаг буй за.

МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Лхагвын Дагийрааз

Categories
мэдээ цаг-үе

Хэрэг зөрчил багатай, осол аваар ихтэй нааджээ

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА “40 МЯНГАТ”-ЫН ШАТСАН ОРОН СУУЦЫГ ЯАРАЛТАЙ ЗАСАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ-

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ наадмын өдрүүдэд онц ноцтой хэрэг зөрчилгүй, иргэд тайван наадсан талаар мэдээллээ. Цагдаагийн байгууллагын 3000 гаруй алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангахаар ажилласан бөгөөд тэдний 1600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд хамгаалалтад гарчээ. Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 187 хэрэг бүртгэгдсэнээс 143-ынх нь эзэн холбогдогчийг тогтоож, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулж байгаа аж. Наадмаар хулгайн хэрэг арав гаруй бүртгэгдсэн байна. Мөн согтуугаар бусдын биед гэмтэл учруулах, нийтийн хэв журам зөрчих хэрэг арваад бүртгэгджээ. Энэ жил Хүй долоон худагт хяналтын камер олныг суурилуулсан нь иргэдийг тайван наадамлахад нөлөөлсөн гэнэ. Гэхдээ эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас үүдэж бага насны хүүхэд төөрсөн дуудлага цагдаагийн байгууллагад цөөнгүй иржээ. Тодруулбал, Хүй долоон худагт 54, Төв цэнгэлдэх хүрээлэнд 65 хүүхэд төөрсөн байсныг цагдаагийн байгууллагынхан эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Найман сартай хүүхдээ Хүй долоон худагт үзэгчдийн сандал дээр орхиод явсан тохиолдол хүртэл гарчээ. 

Иргэд амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорихдоо гэр орноо хамаатан садан, хөршдөө захиж үлдээхийг цагдаагийн байгууллагаас санууллаа. Мөн хамгийн ойр байрлах цагдаагийн хэлтэст бүртгүүлвэл цагдаагийн алба хаагчид эзэнгүй айлыг эргэж тойроод байх боломжтойг ч хэлсэн юм. 

ЖОЛООЧ НАР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД СОЁЛТОЙ ОРОЛЦСОН ГЭВ

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ наадмаар зам тээврийн осол цөөн бүртгэгджээ. Замын хөдөлгөөний ачаалал их байсан ч жолооч нар соёлтой, нэгийгээ хүндэлж хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн ноцтой осол гараагүй гэдгийг Нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээллээ. Харин орон нутгийн замд жолооч нар хурдаа хэтрүүлж явснаас үүдэж зам тээврийн гурван осол гарч 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Наадмын дараа Төв аймгийн нутагт хоёр машин мөргөлдөж хоёр хүн ослын газар дээр амиа алдсан байна. Мөн нэг хохирогч эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Жолооч нарыг орон нутгийн замр хурдаа тааруулж явах, өмнөх машинаа гүйцэж түрүүлэхдээ болгоомжтой байхыг сануулсан юм. Мөн бага насны хүүхдээ зориулалтын суудал дээр суулгах, өөрсдөө хамгаалалтын бүсээ зүүж хэвшихийг зөвлөлөө. 

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД 18 ХҮН УСАНД ОСОЛДЖЭЭ

Энэ зун хур бороо ихтэй байгаагаас ихэнх гол мөрөн үертэй байгаа. Баярын өдрүүдэд 18 хүн усанд осолдсон харамсалтай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өглөө. Тэдний дунд хоёр настай хүүхэд ч байгаа аж. Тухайлбал, энэ сарын 14-ний өдөр Туул голд хоёр эрэгтэй хүн, Сэлэнгэ аймагт 18-20 насны таван залуу осолджээ. Тэр үеэр Хэнтий аймгийн Дархан сумын Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч өвчтэй байсан ч аврах ажиллагаанд дайчлагдсан байна. Аврах ажиллагааны үеэр салаан захирагчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан харамсалтай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн юм. Иргэдийг голын эрэг дагуу аялж, зугаалахдаа болгоомжтой байхыг санууллаа. 

ЦАХИЛГААНЫ АЧААЛАЛ ХЭТЭРСНЭЭС ГАЛ ГАРСАН ГЭВ

Өнгөрсөн даваа гаригт Баянгол дүүргийн нутаг “Модны 2”-т байрладаг Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэшнл” компанийн байранд гал гарч, онцгой байдлын алба хаагчид гал унтраах зургаан машинтайгаар хүч нэмэгдүүлэн ажиллаа. Уг гал бүрэн унтраагүй байхад олны нэрлэж заншсанаар “Дөчин мянгат”-ын 40 дүгээр байрны дээврийн зүүн хэсгээс гал гарч, 42, 44 дүгээр байрны дээвэрт гал авалцсан юм. Дуудлага өгснөөс 18 минутын дараа аврагчид ирж гурван цаг гаруй ажиллан галыг унтраалаа. Оршин суугчид цахилгааны ачаалал нэмэгдсэнээс болж гал гарсан гэж ярьцгааж байв. Тэдний ярьж байгаагаар “40 мянгат”-ын орон сууцнуудын нэг дүгээр давхарт зоогийн газар, үйлчилгээний байгууллагууд ажилладаг. Үйлчилгээний газрууд цахилгаан их зарцуулдаг хэрэгсэл ашигладаг бөгөөд айлуудын цахилгаан байнга шахам тасардаг аж. Энэ сарын 11-ний өдөр цахилгаан удаан хугацаагаар тасарсан аж. Цахилгаан тасарсан талаар оршин суугчид СӨХ-дөө мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй гэнэ. Энэ мэтээр цахилгааны ачаалал хэтэрч, хэлбэлзэл үүссэнээс гал гарсан гэж оршин суугчид үзэж байгаагаа хэлсэн. Харин мэргэжлийн байгууллагууд галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж шатсан гурван орон сууцыг яаралтай засах үүрэг өгсөн. Тиймээс засварын ажилд хэдий хэмжээний хөрөнгө орохыг өчигдөр судалсан байна. Улмаар тооцоо судалгаагаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт мэдэгдэж, өнөөдрөөс засварын ажил эхлэхээр болжээ.  

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Aмерикан Экспресс: Бид шилдгүүдтэй хамтарч ажилладаг

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа эхлэхээс өмнө манай уншигчдад
өөрийгөө танилцуулахүй юу?

-Баярлалаа. Намайг Марио Клапсис гэдэг. Би Американ Экспресс
байгууллагын Европ, Ойрхи Дорнод, Африк бүсийн бизнес хөгжил хариуцсан захирлаар
Грек, Канад зэрэг дэлхийн олон улсуудад 10 гаруй жил, бизнесийн стратеги, бизнес
хөгжлийн борлуулалт, зах зээл тэлэлт, хамтын ажиллагаа зэрэг  өргөн хүрээнд ажиллаж ирлээ. Бид Голомт банктай  хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьснаас хойш
нийтдээ 6 жил, Американ Экспресс картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг
хангаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд картын бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд
амжилттай гаргаж чадлаа. Энэ бол манай 2 байгууллагын гайхалтай хамтын ажиллагааны
илрэл гэж дүгнэж байна.

-Дэлхийн шилдэг брэнд Монгол улсад ирж байгаад бид маш их баяртай байна.
Та манай уншигчдад Американ Экспресс картыг танилцуулахгүй юу?

-Өнөөдөр харилцагч бүхэн хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг
авахыг хүсдэг шүү дээ. Энэ шаардлага нь өөрөө Американ Экспрес брэндийг улам тодотгож
өгдөг. Учир нь Американ Экспресс нь тухайн бүс нутгийн хэрэглэгчдийн таалалд хамгийн
их нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө шаргуу ажиллаж ирсэн, 160 гаруй
жилийн баялаг түүхтэй байгууллага юм. Американ Экспрес брэнд нь нэр хүнд, дэлхийн
хэмжээний үйлчилгээ, нууцлал хамгааллын давуу талуудаараа өрсөлдөгчдөөсөө ялгарч
ирсэн нь бидний бахархал билээ. Бид 1997 оны “шинэчлэлтээс” хойш, банк болон бусад
байгууллагуудтай илүү өргөн хүрээнд нээлттэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд, үүний
үр дүнд Американ Экспресс брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ өсч, хамтран ажиллагч
байгууллагуудын сүлжээг илүү хурдацтайгаар нэмэгдүүлж чадсан. Банк санхүүгийн байгууллагуудтай
хамтарч ажилласнаар бид тухайн зах зээл дээрх Американ экспресс брэндийн картуудын
тоог нэмэгдүүлж, худалдаа үйлчилгээний байгууллагуудад өндөр дүнтэй худалдан авалт
хийх, үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдийг татах боломжийг олгож,  мөн картаар үйлчлэгч байгууллагуудын тоог нэмэгдүүлж
байгаа зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа явуулж байна. Бид Голомт банктай
хамтарч ажилласнаар, Монголын харилцагчдад Американ Экспресс брэндийн үнэ цэнэ болон
давуу талуудыг авчрах боломжтой болсондоо сэтгэл хангалуун байна.

-Монголчуудын хувьд Американ Экспресс бренд нь цоо шинэ зүйл биш юм.
Одоогоос 6 жилийн өмнө Монголын арилжааны банкуу­даас Голомт банкийг “Американ Экспресс”
кар­тыг  хүлээн авах цор ганц банкаар сонгон
хамтын ажил­лагааг эхлүүлж  байс­ныг манай
уншигчид ан­дах­гүй. Тэгэхээр танай 2 байгууллага  нэлээн эрт­нээс хамтын ажиллагаа­гаа эхлүүлжээ?

-Тийм ээ. Голомт банк Монгол дахь Аме­ри­кан Экспресс картаар
үйлчлүүлэгч байгууллагуу­дын тоог маш амжилттайгаар өсөн нэмэгдүүлж чадсан шил­дэг
банк бас шилдэг түнш юм. Тийм ч учраас харилцагчиддаа хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн
үйл­чилгээг зориулах бидний зорилготой хамтдаа байдаг, Голомт банк шиг хамгийн шилдгүүдийг
бид сонгон хам­тарч ажилладаг.

Бидний хамтын ажилла­гаа­ны үр дүнд Голомт банк, Монгол
Улсад Американ Экспрес брэндийн картыг гаргагч цор ганц банк болс­ноор харилцагчиддаа
дэл­хийн хэмжээний бүтээгдэ­хүүн  үйлчилгээ
болон олон төрлийн боломж, давуу талыг олгон, мөн Монгол Ул­сын зах зээл дээр бидний
баримталж буй бодлогыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой. Бид шилдэг түнш
болсон Голомт банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж дэлхийн хэм­жээ­­ний бүтээгдэхүүн
үйлчилгээг Мон­голын зах зээлд нэвтрүү­лэ­­хийн төлөө ажил­лах болно.

-Монголд Американ Эксп­ресс картыг төлбөр тоо­цоонд хүлээн авдаг бо­лоод
багагүй хугацаа өнгөрсний дараа Американ Экспресс карт Монголын зах зээлд нэвтэрч
байна. Энэ хугацаанд  ямар нэг шалгуур тавьж
байв уу? Эсвэл зах зээлийн тохи­ромж­той цаг үеийг хүлээж байв уу?

-Өмнө дурьдсанчлан, Го­ломт банктай Американ Эксп­ресс
картыг төлбөр тооцоонд  хүлээн авах хамтын
ажилла­гааг эхлүүлснээс хойш бид Монгол улс дахь Амери­кан Экспрес картаар үйлчлэгч
байгууллагуудын тоог нэ­мэг­дүүлэхэд гол анхаар­лаа хандуулж ажилласан. Картаар
үйлчлэгч байгуулла­гуу­дын­хаа тоог нэмэгдүүлэх нь бидний Голомт банктай хамтын
ажиллагаагаа өргө­жүүлэх, картын бүтээгдэ­хүүнээ зах зээлд нэвтрүүлэх шийдвэрийг
гаргахад чухал нөлөө үзүүлсэн.

Мөн бид Монголын харил­цагч­дын санхүүгийн амьдрал, аяллын
хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гар­гаж, зах зээлээ ойлгохын тулд Голомт
банктай өргөн хүрээнд хамтарч ажил­ласан. Хэдэн сарын турш үргэлжилсэн бидний ажлын
үр дүнд Монголын зах зээлд нэвтэрч буй хөнгөлөлт урам­шуул­лаар дүүрэн бүтээг­дэхүүн
маань нэр хүнд, амжилтаараа ялгарч чад­сан хүмүүсийн амьдрал,  аял­лын хэв маягт зохицож санхүүгийн хэрэгцээнд
бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй бай­на. Энэ бүтээгдэхүүн маань амьдралын онцлог, ажлын
шаардлагатайгаа уял­дан дэл­хийг тойрон аялж амьдар­даг хүмүүст зориулсан аяллын
болоод олон төрлийн хөнгөлөлт  урамшуулалтаар
дүүрэн гэдгийг онцлон хэлэ­хийг хүсэж байна.

-Американ Экспресс кар­тыг тухайн улс оронд нэвт­рүүлэх банкийг сонгохдоо
ямар шалгуур тавь­даг вэ? Ер нь яагаад Аме­рикан Экспресс картыг банкуудтай хамтран
гарга­даг вэ?

-Бидний картаа шинээр нэвтрүүлж байгаа улс бүхэн, салбар
сүлжээгээ өргөт­гөн тэлэх, өндөр дүнтэй ху­далдан авалт хийдэг үнэнч харил­цагчдыг
татах стра­те­гийн түвшний өндөр ач холбогдолтой юм. Монгол улс цаа­шид илүү хурдацтайгаар
хөгжинө гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас энэ бүс ну­тагт өөрсдийн бизнесээ, тэр
тусмаа өсөн нэмэгдэж буй бэлэн бус гүйлгээг улам өргө­­­жүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид Голомт банктай хамт­­ран зөвхөн төлбөр тоо­цоо гүйлгээ
хийх бус үнэ цэнэ, чанарыг харилцагчид­даа хүргэхийн  төлөө хи­чээх 
болно. Үүний тулд хамт­ран ажиллаж буй бай­­гуул­лагуудынхаа хамт ха­рилцагчид­даа
зо­риул­­­­­сан бү­тээгдэхүүн үйлчил­­­гээг хөн­гөлөлт, урамшуу­лал, харил­цааны
өндөр соёл, ур чадвар, нэгдсэн зарла­гын тайлан зэрэг олон хөтөлбөрүүдээр дам­жуулан
хүргэдэг. Цаашид зөвхөн Монгол улсын карт хэрэглэгчдийн хэрэгцээ шаард­лагад нийцсэн
шинэ­лэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын төлөө ажил­лах болно. Мөн Алтан картыг
Монголын зах зээлд нэвтрүүлснээр Американ эксп­рес картаар үйлчлэгч бай­гууллагууд,  өндөр дүнтэй худалдан авалт хийдэг үнэнч харилцагчдынхаа
тоог өсөн нэмэгдүүлэх  сайхан боломж нээгдэж
байна.

-Американ Экпресс кар­тыг дэлхийн 130 гаруй оронд хүлээн авдаг нийт
107 сая карттай гэж танай вебсайтаас уншлаа. Танай байгууллага ийм олон хү­ний итгэлийг
яаж тэгт­лээ та­тав аа? Олон сая хэрэг­лэгчдийг хэрхэн нэгтгэж, нэ­гэн гэр бүл болгож  чадав?

-Бид дэлхий даяар Американ Экспресс брэн­дийн гол ялгарал
болсон шилдэг үйлчилгээ, нууцлал хамгаалалт, нэр хүндийн баталгаа болсон эрхэм зо­рилгод  нэгдэж чадсан бан­куудыг сонгон хамтарч ажил­ладаг.
Энэхүү шалгуур маань ч Американ экспрес брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өвөрмөц
байлгаж, дэл­хий даяар тогтсон нэгэн хэвшмэл ойлголтоос ялгаж өгдөг. Өнөөдөр өдөр
ирэх тусам карт эзэмшигчдийн маань хэрэгцээ шаардлага шинэч­лэгдэж,  өсөн нэмэг­дэж байна. Харин бид карт эзэмшигчдийнхээ
энэ хэрэг­цээ шаардлагаас давахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хамт­ран ажиллагч  байгуулла­гуудтайгаа хамтран гаргахыг эрмэлзэж
ажилладаг. Үүний дүнд бид харилцагчдынхаа итгэ­лийг илүү нэмэгдүүлж үнэнч харилцагчидтай
болж чадсанаараа өрсөлдөгчдөө­сөө ялгарч чаддаг.

Американ Экспрес Ал­тан карт бол бидний энэ амжил­­тын
хамгийн шилдэг жишээ­нүүдийн нэг. Энэ карт нь санхүүгийн илүү эрх чөлөөтэй амьдралын
хэв маягийг эрхэмлэдэг Монгол харилцагч­дад маань бүрэн тохирохоос гадна хөнгөлөлт
урамшууллуудаар дүүрэн карт. Тодруулбал Алтан карт эзэмшигч нь American Express
Membership Rewards® хөтөлбөрийн хүрээнд хийсэн гүйлгээ бүхэндээ оноо цуглуулж, цуглуулсан
оноогоороо төрөл бүрийн хөн­гөлөлт, урамшууллуудыг аваад зогсохгүй нислэг, зочид
буудал, худалдааны ваучер болон тансаг зэрэглэ­лийн бараа бүтээгдэхүүн худал­дан
авах боломжтой. Мөн Американ Экспрес нь өөрсдийн  карт эзэмшигчиддээ зориулж хамгийн шилдэг даат­галын
үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд үүнд аяллын, замын тусламж, аюулгүй худалдан авалтын
даатгал зэрэг орохоос гадна 24/7 харилцагчийн үйлчилгээг үзүү­лэх бөгөөд таны картыг
24 цагийн дотор сольж өгөх боломжтой.

-Цаашид Голомт банк, Американ Экспрессийн хам­тын ажиллагаа хэрхэн үргэлжлэх
бол?

-Энэ хамтын ажиллагаа­ны хүрээнд Голомт банк харилцагчиддаа
дэлхийн хэм­жээний бүтээгдэ­хүүн үйлчилгээ болон боломжуу­дыг  илүү ойртуулах, мөн бид­ний Монгол улсын зах зээлд
баримталж буй бодлогыг дэм­жих зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм.
Мөн бид олон улс болон дотоодын зах зээл дээр илүү олон өндөр дүнтэй гүйлгээ хийдэг
үнэнч харилцагчидтай болох боломжтой болж байна. Цаашид та бүхэндээ үргэлж сайхан
мэдээллүүдийг хүргэж байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

-Танай хоёр бай­гуул­лагын хамтын ажил­­лагаанд уншигчдын­хаа
өмнөөс өн­дөр амжилт хүсье. Бид­ний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Монголчуудын хувьд Американ Экспресс бренд нь цоо шинэ зүйл биш юм.
Одоогоос 6 жилийн өмнө Монголын арилжааны банкуу­даас Голомт банкийг “Американ Экспресс”
кар­тыг  хүлээн авах цор ганц банкаар сонгон
хамтын ажил­лагааг эхлүүлж  байс­ныг манай
уншигчид ан­дах­гүй. Тэгэхээр танай 2 байгууллага  нэлээн эрт­нээс хамтын ажиллагаа­гаа эхлүүлжээ?

-Тийм ээ. Голомт банк Монгол дахь Аме­ри­кан Экспресс картаар
үйлчлүүлэгч байгууллагуу­дын тоог маш амжилттайгаар өсөн нэмэгдүүлж чадсан шил­дэг
банк бас шилдэг түнш юм. Тийм ч учраас харилцагчиддаа хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн
үйл­чилгээг зориулах бидний зорилготой хамтдаа байдаг, Голомт банк шиг хамгийн шилдгүүдийг
бид сонгон хам­тарч ажилладаг.

Бидний хамтын ажилла­гаа­ны үр дүнд Голомт банк, Монгол
Улсад Американ Экспрес брэндийн картыг гаргагч цор ганц банк болс­ноор харилцагчиддаа
дэл­хийн хэмжээний бүтээгдэ­хүүн  үйлчилгээ
болон олон төрлийн боломж, давуу талыг олгон, мөн Монгол Ул­сын зах зээл дээр бидний
баримталж буй бодлогыг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой. Бид шилдэг түнш
болсон Голомт банктай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж дэлхийн хэм­жээ­­ний бүтээгдэхүүн
үйлчилгээг Мон­голын зах зээлд нэвтрүү­лэ­­хийн төлөө ажил­лах болно.

-Монголд Американ Эксп­ресс картыг төлбөр тоо­цоонд хүлээн авдаг бо­лоод
багагүй хугацаа өнгөрсний дараа Американ Экспресс карт Монголын зах зээлд нэвтэрч
байна. Энэ хугацаанд  ямар нэг шалгуур тавьж
байв уу? Эсвэл зах зээлийн тохи­ромж­той цаг үеийг хүлээж байв уу?

-Өмнө дурьдсанчлан, Го­ломт банктай Американ Эксп­ресс
картыг төлбөр тооцоонд  хүлээн авах хамтын
ажилла­гааг эхлүүлснээс хойш бид Монгол улс дахь Амери­кан Экспрес картаар үйлчлэгч
байгууллагуудын тоог нэ­мэг­дүүлэхэд гол анхаар­лаа хандуулж ажилласан. Картаар
үйлчлэгч байгуулла­гуу­дын­хаа тоог нэмэгдүүлэх нь бидний Голомт банктай хамтын
ажиллагаагаа өргө­жүүлэх, картын бүтээгдэ­хүүнээ зах зээлд нэвтрүүлэх шийдвэрийг
гаргахад чухал нөлөө үзүүлсэн.

Мөн бид Монголын харил­цагч­дын санхүүгийн амьдрал, аяллын
хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гар­гаж, зах зээлээ ойлгохын тулд Голомт
банктай өргөн хүрээнд хамтарч ажил­ласан. Хэдэн сарын турш үргэлжилсэн бидний ажлын
үр дүнд Монголын зах зээлд нэвтэрч буй хөнгөлөлт урам­шуул­лаар дүүрэн бүтээг­дэхүүн
маань нэр хүнд, амжилтаараа ялгарч чад­сан хүмүүсийн амьдрал,  аял­лын хэв маягт зохицож санхүүгийн хэрэгцээнд
бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй бай­на. Энэ бүтээгдэхүүн маань амьдралын онцлог, ажлын
шаардлагатайгаа уял­дан дэл­хийг тойрон аялж амьдар­даг хүмүүст зориулсан аяллын
болоод олон төрлийн хөнгөлөлт  урамшуулалтаар
дүүрэн гэдгийг онцлон хэлэ­хийг хүсэж байна.

-Американ Экспресс кар­тыг тухайн улс оронд нэвт­рүүлэх банкийг сонгохдоо
ямар шалгуур тавь­даг вэ? Ер нь яагаад Аме­рикан Экспресс картыг банкуудтай хамтран
гарга­даг вэ?

-Бидний картаа шинээр нэвтрүүлж байгаа улс бүхэн, салбар
сүлжээгээ өргөт­гөн тэлэх, өндөр дүнтэй ху­далдан авалт хийдэг үнэнч харил­цагчдыг
татах стра­те­гийн түвшний өндөр ач холбогдолтой юм. Монгол улс цаа­шид илүү хурдацтайгаар
хөгжинө гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас энэ бүс ну­тагт өөрсдийн бизнесээ, тэр
тусмаа өсөн нэмэгдэж буй бэлэн бус гүйлгээг улам өргө­­­жүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид Голомт банктай хамт­­ран зөвхөн төлбөр тоо­цоо гүйлгээ
хийх бус үнэ цэнэ, чанарыг харилцагчид­даа хүргэхийн  төлөө хи­чээх 
болно. Үүний тулд хамт­ран ажиллаж буй бай­­гуул­лагуудынхаа хамт ха­рилцагчид­даа
зо­риул­­­­­сан бү­тээгдэхүүн үйлчил­­­гээг хөн­гөлөлт, урамшуу­лал, харил­цааны
өндөр соёл, ур чадвар, нэгдсэн зарла­гын тайлан зэрэг олон хөтөлбөрүүдээр дам­жуулан
хүргэдэг. Цаашид зөвхөн Монгол улсын карт хэрэглэгчдийн хэрэгцээ шаард­лагад нийцсэн
шинэ­лэг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын төлөө ажил­лах болно. Мөн Алтан картыг
Монголын зах зээлд нэвтрүүлснээр Американ эксп­рес картаар үйлчлэгч бай­гууллагууд,  өндөр дүнтэй худалдан авалт хийдэг үнэнч харилцагчдынхаа
тоог өсөн нэмэгдүүлэх  сайхан боломж нээгдэж
байна.

-Американ Экпресс кар­тыг дэлхийн 130 гаруй оронд хүлээн авдаг нийт
107 сая карттай гэж танай вебсайтаас уншлаа. Танай байгууллага ийм олон хү­ний итгэлийг
яаж тэгт­лээ та­тав аа? Олон сая хэрэг­лэгчдийг хэрхэн нэгтгэж, нэ­гэн гэр бүл болгож  чадав?

-Бид дэлхий даяар Американ Экспресс брэн­дийн гол ялгарал
болсон шилдэг үйлчилгээ, нууцлал хамгаалалт, нэр хүндийн баталгаа болсон эрхэм зо­рилгод  нэгдэж чадсан бан­куудыг сонгон хамтарч ажил­ладаг.
Энэхүү шалгуур маань ч Американ экспрес брэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү өвөрмөц
байлгаж, дэл­хий даяар тогтсон нэгэн хэвшмэл ойлголтоос ялгаж өгдөг. Өнөөдөр өдөр
ирэх тусам карт эзэмшигчдийн маань хэрэгцээ шаардлага шинэч­лэгдэж,  өсөн нэмэг­дэж байна. Харин бид карт эзэмшигчдийнхээ
энэ хэрэг­цээ шаардлагаас давахуйц бүтээгдэхүүн үйлчилгээг хамт­ран ажиллагч  байгуулла­гуудтайгаа хамтран гаргахыг эрмэлзэж
ажилладаг. Үүний дүнд бид харилцагчдынхаа итгэ­лийг илүү нэмэгдүүлж үнэнч харилцагчидтай
болж чадсанаараа өрсөлдөгчдөө­сөө ялгарч чаддаг.

Американ Экспрес Ал­тан карт бол бидний энэ амжил­­тын
хамгийн шилдэг жишээ­нүүдийн нэг. Энэ карт нь санхүүгийн илүү эрх чөлөөтэй амьдралын
хэв маягийг эрхэмлэдэг Монгол харилцагч­дад маань бүрэн тохирохоос гадна хөнгөлөлт
урамшууллуудаар дүүрэн карт. Тодруулбал Алтан карт эзэмшигч нь American Express
Membership Rewards® хөтөлбөрийн хүрээнд хийсэн гүйлгээ бүхэндээ оноо цуглуулж, цуглуулсан
оноогоороо төрөл бүрийн хөн­гөлөлт, урамшууллуудыг аваад зогсохгүй нислэг, зочид
буудал, худалдааны ваучер болон тансаг зэрэглэ­лийн бараа бүтээгдэхүүн худал­дан
авах боломжтой. Мөн Американ Экспрес нь өөрсдийн  карт эзэмшигчиддээ зориулж хамгийн шилдэг даат­галын
үйлчилгээнүүдийг үзүүлдэг бөгөөд үүнд аяллын, замын тусламж, аюулгүй худалдан авалтын
даатгал зэрэг орохоос гадна 24/7 харилцагчийн үйлчилгээг үзүү­лэх бөгөөд таны картыг
24 цагийн дотор сольж өгөх боломжтой.

-Цаашид Голомт банк, Американ Экспрессийн хам­тын ажиллагаа хэрхэн үргэлжлэх
бол?

-Энэ хамтын ажиллагаа­ны хүрээнд Голомт банк харилцагчиддаа
дэлхийн хэм­жээний бүтээгдэ­хүүн үйлчилгээ болон боломжуу­дыг  илүү ойртуулах, мөн бид­ний Монгол улсын зах зээлд
баримталж буй бодлогыг дэм­жих зэрэг олон талын ач холбогдолтой болж байгаа юм.
Мөн бид олон улс болон дотоодын зах зээл дээр илүү олон өндөр дүнтэй гүйлгээ хийдэг
үнэнч харилцагчидтай болох боломжтой болж байна. Цаашид та бүхэндээ үргэлж сайхан
мэдээллүүдийг хүргэж байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

-Танай хоёр бай­гуул-лагын хамтын ажил­­лагаанд уншигчдын­хаа өмнөөс
өн­дөр амжилт хүсье. Бид­ний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.