Categories
мэдээ цаг-үе

“ETV” телевизийн зураглаач хүүхдийн амь аварчээ

 “ETV” телевизийн зураглаач Н.Батбаяр Баянхонгор аймгийн Түйн голоос таван настай хүүгийн амийг аварчээ. Тэрбээр Баянхонгор аймагт ажиллаж байгаа юм. Н.Батбаяртай утсаар холбогдож ярилцлаа. 

-Хүний амь аварч, сайн үйлс бүтээжээ. Баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Нэг их онцлоод байх зүйл биш шүү дээ. Хүн бүр эрхээ ярьдаг болсон энэ цагт иргэн хүний үүргийг л биелүүллээ. Би өмнө нь TV9 телевизэд ажиллаж байсан. ETV телевизэд хоёр дахь жилдээ ажиллаж байна. 

-Баянхонгор аймагт томилолттой яваа юм уу?

-ETV телевизийн хамт олон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, “Говийн бүсийн” уралдааныг шууд дамжуулж байгаа. Тэр ажлаар Баянхонгорт байна.

-Тухайн үед юу болсныг яриач. Голын эрэг дээр олон хүн байсан уу?

-Өчигдөр  (уржигдар) шүү дээ. Баянхонгорт нэлээд халуун байсан. Тиймээс манай телевизийнхэн сэрүүцэх санаатай Түйн голын эрэг дээр сууцгааж байсан юм. Наадамчид ч голоо бараадсан байсан үе. Маш олон хүнтэй, голын эрэг ер нь битүү байлаа. Тэгтэл нэг хүүхэд урсч явсан. Хүүг харсан бид сандарч, нэг л мэдэхэд гол руу харайгаад орчихсон. 

-Өөрөөс чинь өөр хүмүүс орсон уу?

-Үгүй. 

-Та сайн сэлдэг үү?

-Би Орхон голынхоо хөвөөнд өссөн хүүхэд шүү дээ. Өөрийнхөө хэмжээнд сэлчихнэ. 

-Хүүхдийг уснаас гаргахад ухаан алдчихсан байсан уу?

-Ухаан алдчихсан байсан. Зүрхнийх нь цохилтыг сонсоход цаана, их сул сонсогдож байсан.  Хиймэл амьсгал хийж байтал ухаан орсон. 

-Жаахан л хугацаа алдсан бол хэцүү юм болох байж дээ?

-Түйн гол ширүүн урсгалтай шүү дээ. Тэр хүүхдийг их холоос урсч ирсэн, бараг нас барчихаж гэж айсан. Зүрхний цохилтыг нь сонсоход ч тун эвгүй байлаа. Хүү азаар бага ус залгисан бололтой юм билээ. 

-Түргэн тусламж хэзээ нь ирсэн бэ?

-Хүүг ухаан орсон даруйд тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 20-иод минутын дотор ирсэн байх. Ямар ч байсан хүү ухаан ороод, биеийнх нь байдал дээрдчихсэн байсан. 

-Гэрийнхэн нь голын эрэг дээр байгаагүй юм уу?

-Байгаагүй. Гэхдээ аав ээж нь түргэн тусламжийнхнаас өмнө ирсэн. Аав, ээжийнх нь ярьснаар хүү хашаандаа тоглож байгаад гол руу гүйчихсэн бололтой юм билээ. Аав ээж нь хүүгээ гол руу явсныг мэдээгүй гэж байсан. 

-Аав ээж нь танд баярласнаа илэрхийлсэн биз дээ. Хүү өөрөө юу ярьж байна вэ?

-Мэдээж баярлаж байгаа­гаа хэлсэн. Хүү цочролд орчихсон байсан учраас юу ч хэлээгүй ээ. 

-Хүүтэй дахин уулзсан уу. Бие нь ямархуу байгаа бол?

-Эмнэлгийнхэн ирээд аваад явснаас хойш уулзаагүй ээ. Шууд нэвтрүүлэгтэй нэлээд завгүй байгаа учраас эргэж очиж амжаагүй л байна. 

-Та өмнө нь хүнд түргэн тусламж үзүүлж байсан уу. Хиймэл амьсгал хийсэн гэхээр түргэн тусламж үзүүлэх талаар багагүй мэдлэгтэй бололтой?

-Ер нь хүн бүр мэдэж байх ёстой зүйл шүү дээ. Хаана, ямар ч тохиолдолд анхны тусламж үзүүлэх шаардлага гарч мэднэ. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбарынхан хөдөө гадаа их явдаг. Мэдээллээ бэлтгэж явахад тал бүрийн мэдлэг шаардагддаг шүү дээ. Энэ зун цөөнгүй гол үертэй байгааг онцгой байдлын аврагчид, цагдаагийн алба хаагчид сануулж байгаа. Тиймээс хүн бүр гол, уснаас сэрэмжтэй байхыг зөвлөмөөр байна. 

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Монгол-Америкийг холбосон гүүр буюу Хангины Гомбожав

АНУ-д Монгол судлалыг үндэслэгчдийн нэг, Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, АНУ-аар хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт гарамгай хувь нэмрээ оруулсан, нэрт монголч эрдэмтэн, хэл шинжлэлч, сурган хүмүүжүүлэгч Хангины Гомбожав агсны талаар та бүхэндээ цуврал нийтлэл хүргэх гэж буйдаа таатай байна. Го багшийн талаар өмнө бичсэн зүйл, дурсамж яриа олон байдаг боловч чухам намтар бүтээлийг нь дэлгэрэнгүй задлан үзсэн бичлэг ховор байдаг тул энэ хүний үндэслэсэн байгууллагад ажиллаж буй, хичээлээ зааж байсан сургуульд нь судалгаа хийж явсан хүний хувьд энэхүү цувралыг бичиж, монгол уншигчдадаа танилцуулахыг өөрийнхөө үүрэг хэмээн үзлээ. Ингээд юуны өмнө их эрдэмтний намтрыг танилцуулъя.

1. Эх нутагтаа

Гомбожав нь 1921 оны тавдугаар сарын 10-ны өдөр Цахарын Шилийн гол аймаг, Тайвас Зүүн хошуунд, Фүллэхэнгэ (1897-1936), Галиндари (1899-2001) нарын хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Эцэг эхийнх нь төрсөн, нас барсан оноос та бүхэн нэгэн зүйлийг анзаарсан бол, Гомбожавын ээж Галиндарь гуай нэн урт насалж, 102 хүрээд, дөнгөж саяхан буюу 2001 онд бие барсан байна. Гомбожав ах дүү дөрвүүл байснаас ах нь эрт нас барж, харин эмэгтэй дүү Сайчингуа нь Калифорнид, Баадай нь Тайваньд аж төрж байна.Мөн нэрт эрдэмтний гэргий Сарангэрэл гуай өнөөг хүртэл Индиана мужийн Блүүмингтон хотдоо энх тунх аж төрсөөр буй.Гомбожав, Сарангэрэл нар Эрдэнэ-Уул, Эрхэмбат гэж хоёр хүүтэй, Гэрэлтэй хэмээх охинтой айл бөлгөө.


Зураг, тайлбарыг сонирхуулбал:

Тайлбар:

Юнайтед Эйр Лайнзын

Мэдээллийн товчооноос

Монгол зочид: Хатагтай (эхлээд Ноён гэж алдаж бичээд харандаагаар дээр нь засжээ. М.С.)Куо Тай Юү Цэ (Сарангэрэлийн хятад нэр.“Тайчууд” гэдгийг нанхиаджуулж.М.С.)хүү Эрдэнийнхээ хамтаар дэлхийн бөмбөрцгийн бараг хагасыг туулан ирлээ. Тэд эхлээд Сиэттлд буугаад дараа нь Юнайтед Эйр Лайнзын онгоцоор Балтиморыг зорьсон юм.Онгоцны үйлчлэгч Дорис Торрей хөвгүүнд зурагтай ном үзүүлж байна.Эх хүү хоёр Жонс Хопкинсын Их Сургуулийн Олон Улсын Харилцааны Сургуульд багшилдаг нөхөр дээрээ очихоор яваа юм.Бүсгүй хэдийгээр англи хэлээр ярьдаггүй боловч Юнайтедийн хятад хэлний орчуулагч нарын тусламжтайгаар юу хүсэж байгаагаа ойлгуулсаар, зорьсон газраа саадгүй хүрлээ гэжээ.

Хангин Гомбожав гуайн өвөг дээдэс олон үеэрээ Манжийн төрд хүчин зүтгэсэн язгууртнууд байжээ.Са амбан хэмээн алдаршсан Самданлхүндэв болбоос Гомбожав гуайн өвөг эцэг юм. 2005 онд манайд хэвлэгдсэн “Их эрдэмтэн Дандаа хэмээх Дэмчигдорж” номд “Мөн Цахарын Са амбан гэгч Дандааг Нийслэл Хүрээ явсан тухай дуулаад “Хүний доторх жигүүртэй хүн, морины доторх далавчтай морио халхчуудад алдав” хэмээн харамсан өгүүлсэн…”  хэмээн дурдсан байдгийн тэрхүү Са амбан нь Гомбожав гуайн өвөө билээ.

Хангины Гомбожав бага наснаасаа монгол, манж, хятад гурван хэлэнд нэвтэрхий суралцан өсчээ.Энэ нь хожмоо хэл шинжлэлч болоход нь, олон том толь бичиг бүтээхэд нь нөлөөлсөн буй заа.  

Нэрт эрдэмтний амьдралд хамгийн чухал нөлөө үлдээсэн хүн бол эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэмчигдонров ван юм.Дэ ван гучаад оны үед Өвөр Монголыг Монгол улстай нэгтгэх их үйлд хүчин зүтгэж байхдаа Япон улсын тус дэмд ихээхэн түшиглэж байсан тул ирээдүйтэй залуусыг боловсролтой болгохоор Япон руу олноор нь явуулсан байдаг.Залуу Гомбожав тэдний нэгэнд тооцогдож, 1937 онд Япон улсад их сургуулийн бэлтгэл ангид сурахаар явсан байна.

1938 онд бэлтгэл ангиа төгсөөд их сургуульд элсэхэд нь харин өөр нэг эх оронч Үнэнбаян нөлөөлсөн гэдэг.Үнэнбаян нь Дэ вангийн Засгийн газар Зөвлөлийн дарга, Улс төрийн хэргийг эрхлэх дарга, Японд суралцагчдыг бэлтгэх сургуулийн захирал зэрэг албан тушаал хашиж байсан улс төрийн зүтгэлтэн юм.Чухам энэхүү Үнэнбаянгийн зөвлөгөө, ятгалгаар Хангин Гомбожав 1938 онд Хоккайдогийн Их Сургуулийн Ойн аж ахуйн ангид элсэн оржээ. Үнэнбаян Гомбожавыг ой судлалаар сургасан нь бас учиртай байх.Учир нь Дэ вангийн захиргаанаас явуулж байсан олон шинэлэг үйлийн нэг нь нутаг усаа сэргээх, ой мод нөхөн тарих ажил байсан юм.1941 онд сургуулиа төгсөөд арванхоёрдугаар сард нутагтаа эргэн иржээ.

Ингээд тэр үеийн Өвөр Монголын боловсрол, соёлын сэргэлтийн бэлгэ тэмдэг болж байсан Шинэ Монгол сургуулиудад багшлах болсон байна.Тухайлбал Жанчхүү буюу Хаалган дахь Монгол сургууль, Шилийн гол дахь Охидын сургуульд тус тус хичээл зааж байжээ.

Дэмчигдонров ван мэдлэг боловсролтой сэхээтнүүдийг дэмжин, тэднээр өөрийгөө хүрээлүүлж байсан учраас 1944 онд Хангин Гомбожавыг ч мөн татан авч, Тамгын газартаа ажиллуулсан байна.Энэхүү Тамгын газар буюу Нарийн бичгийн дарга нарын албаны гол ажлыг нугалж байсан Хангин Гомбожав, Өргөнгөө Онон, Жагчид Сэцэн нар бүгд хожмоо алдартай эрдэмтэд болсон нь Дэ вангийн хүн таних алсын харааг харуулах мэт.1947 онд Хангин Гомбожав Хятадын хуучин засгийн Үндэсний Ассемблей буюу Их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байлаа.

Япон дайнд ялагдаж, Хятадад дотоодын дайн дэгдсэнээр Дэ вангийн үйл хэрэг ч мөхөх замдаа орсон тул Хангин Гомбожав амьдралынхаа ирээдүйг өөрөөр харах хэрэгтэй болжээ.Энэ үед түүний амьдралд гүнзгий нөлөөгөө үлдээсэн хоёр дахь хүн болох, нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор гарч ирэв.

2. АНУ-д

Зорьсон хэрэг нь бүтэхгүй болсон Хангин Гомбожав 1947 онд Оуэн Латтиморын тусламжтайгаар АНУ-д гарчээ.Энэ нь АНУ дахь Монгол судлалын хувьд тун золтой явдал болсон гэж хэлж болно.

Хангин Гомбожав АНУ-д ирээд Жон Хопкинсын Их Сургуульд Оуэн Латтиморын үүсгэн байгуулсан “Монгол хөтөлбөр”-т Дилов хутагт, Онон Өргөнгөө нарын хамт, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж эхлэв. Харамсалтай нь тун удалгүй МкКартигийн хэмээх тодотголтой хилс хэрэг өрнөж, Оуэн Латтимор АНУ-ын Сенатад олон удаа очиж мэдүүлэг өгөх болсноор “Монгол хөтөлбөр” нь ч мөхөж, Жон Хопкинсын Их сургуульд ч монгол судлал төгсгөл болжээ. Хангин Гомбожав ингээд ажилгүй болж, гэр бүлээ санхүүгийн хувьд тэтгэн тэжээхэд нэн хүнд болж эхэлсэн байна.Байнгын ажилгүй болсон тэрбээр баруун зүүн эргийн их сургуулиудад ээлжлэн очиж, Жоржтаун, Берклийн их сургуулийн судалгааны төслүүдэд хамрагдаж байв.

Харин 1960-аад он бол Гомбожав гуайн ид сэргэн мандлын үе байлаа.Юуны өмнө, нэрт эрдэмтэн Денис Синьор Индианагийн Их Сургуульд Монгол судлалыг үүсгэн байгуулахдаа Хангин Гомбожавыг урьснаар гэр, ажил нь суурьшин, тогтворжиж авав. Нөгөө талаар Хангин Гомбожав Монгол улсыг НҮБ-д элсүүлэхийн тулд яриа сурталчилгаа хийх, захидал бичих кампанит ажлаа уйгагүй гүйцэтгэсээр байсан нь 1961 онд биеллээ олж, Монгол Улс бүрэн эрхт гишүүн болсон билээ. Энэ баярт явдлын дараа Хангин Гомбожав АНУ дахь анхны Монгол судлалын ТББ болох “Монгол нийгэмлэг”-ээ үүсгэн байгуулсан юм. Ингээд анхных нь Ерөнхийлөгч болооч хэмээн хуучны анд Латтимороо урьжээ.

“Монгол нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсныхаа дараа Хангин Гомбожав тус нийгэмлэгийн мэдээ болох “Mongolia Society Newsletter”-ийг 1962 онд, “Mongolia Society Bulletin”-ийг 1965 онд, эрдэм шинжилгээний сэтгүүл нь болох “Mongolian Studies Journal”-ыг 1974 онд тус тус санаачлан эхлүүлсэн нь олон жилийн туршид АНУ-д Монголын талаарх хамгийн гол, найдвартай эх сурвалж болж өгсөн билээ. Ялангуяа тэр сүүлчийн “Монгол судлал” сэтгүүл бол өнөөдөр АНУ-д хэвлэгдэж буй, Монгол судлалын цорын ганц сэтгүүл болон үлджээ.

1967 онд тусгаар тогтносон Монгол Улсад анх удаагаа зочилсон байна.Элэг нэгт монголч эрдэмтэдтэйгээ уулзан танилцаад сэтгэл их өндөр ирсэн байдаг.Үүнээс хойш байнга Монгол Улсад зочлон, хэлний баримт сэлт цуглуулах, ном сэтгүүл солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл хэрэгжүүлэх гээд олон ажил хөөцөлдөж байсан байна.АНУ-д байхдаа бол Нью-Йорк дахь НҮБ-ын Төлөөлөгчийн газрын монголчуудтай холбоотой байхыг эрмэлзэж байв.Ер нь явсан газар бүрээ монгол хүнтэй уулзахыг хүсдэг байсан нь ХБНГУ-д судалгаа хийж байхдаа, Мюнхений Олимпод хэрэг болгон очиж, монгол бөхчүүдээ дэмжиж байснаас нь харагдана.Төмөр хөшиг татаастай үзэл суртлын тэр жилүүдэд монгол хүн гэдгээрээ, бас улс төрч бус судлаач гэдгээрээ яах аргагүй хоёр улсын хоорондох нарийхан ганц гүүр нь Хангин Гомбожав гуай болж байлаа.   

Индианагийн Их сургуульд багшлангаа 1970 онд докторын зэргээ хамгаалжээ.1972-1973 онд Боннын их сургуульд, 1979-1983 онд Токиод, Тэнри их сургуульд зочин судлаачаар ажиллаж байв.

1987 онд нутгаасаа гарснаасаа хойш анх удаа эх нутагтаа, Өвөр Монголд хөл тавьж, садан төрлүүдтэйгээ уулзсан байна.1987 онд Хангин Гомбожавын удаан хугацаанд хөөцөлдөж, тэмцэж явсан бас нэгэн чухал үйл бүтэж, АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтлоо.АНУ-ын Төрийн Департамент 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтсоны ёслолыг хийхдээ төрийн томчуудаа урьсан бөгөөд энэхүү арга хэмжээнд хоёрхон энгийн иргэн уригдсаны нэг нь Хангин Гомбожав гуай байлаа.

1961 онд НҮБ-д Монгол Улсыг элсмэгц урт амьсгаа аваад “Монгол нийгэмлэг”-ээ байгуулсан шигээ 1987 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтонгуут Америкийн Монголчуудын Соёлын Нийгэмлэгийг Сөнидөөс ирсэн Цорж ламын хамт байгуулжээ. Тус байгууллагын хамгийн анхны томоохон үйл ажиллагаа нь АНУ-д анх удаа яг дүрэм жаягийнх нь дагуу явуулсан Чингэс хааны тахилга болсон юм.Хангин Гомбожав гуай өөрөө Өвөр Монголын Эзэн Хороон дахь тахилгын зан үйл, судартай танилцан, Америкийн нөхцөлд тохируулан авч хэвшүүлжээ.Хангин Гомбожавын энэ үйл хэргийг доктор Санж Алтан гуай залгамжлан авч, өнөөг хүртэл Чингэс хааны тахилгыг жил бүр амжилттай хийсээр байна.

1989 онд Хангин Гомбожав багш толь бичгийн төсөл авч, Улаанбаатарт ажиллахаар ирэв. Наймдугаар сарын сүүлчээр Залуу монголч эрдэмтний зуны сургуульд оролцож, хойч үедээ үг сургаалаа айлдсан байдаг.Үүнээс тун удалгүй аравдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар зочид буудал дахь өрөөндөө зүрх нь хаагдан таалал болсон билээ.Насаараа АНУ-д амьдарсан хүн гэхэд чухам Монгол нутагтаа ясаа тавьсан нь урьдаас зурсан зураг, Монголын төлөө зүтгэсэн монгол эрдэмтэнд л оногдсон хувь тавилан гэлтэй.

3. Шигтгээ зураг

Аливаа хүний намтар сэлтийг элдэв сонин шинэ мэдээлэл, зураг хөрөггүйгээр цулгуй дурдаад өнгөрөх нь сонирхолгүй.Тиймээс та бүхэндээ Хангин Гомбожавын амьдралтай холбоотой нэгэн сонирхолтой зургийг танилцуулъя.

Хангин Гомбожав гуай Оуэн Латтиморын тусламжаар АНУ-д гарч ирснийхээ дараа эхнэр хүүхдээ татаж авах нь хамгийн чухал ажил болоод байжээ.Гомбожавын эхнэр Тайчууд овогт Сарангэрэл нь мөн л Өвөр Монголын боловсролтой сэхээтний охин байлаа.Тэрбээр өдгөө хүртэл Блүүмингтон хотод энх тунх аж төрж буй.АНУ-д оргон ирсэн үүх түүхээ “Энхтүвшингийн охин” нэртэй ном болгон хэвлүүлсэн юм.1949 онд нөхрийнхөө араас гарсан тэрбээр Юнайтед компанийн онгоцоор Хонг-Конгоос гарч Сиэттл хүрээд, тэндээсээ Балтимор луу Чикагогоор дамжин нисчээ. Номынхоо 123 дугаар талд Сарангэрэлийн бичсэн нь:

“1949 оны гуравдугаар сарын 5-ны өглөө 9 цагт онгоц Чикагод газардлаа.Онгоцны үйлчлэгч хүүг маань онгоцноос буухад туслав.Үйлчлэгч хүүг маань аваад бууж байхад Чикаго Трибюн сонины сурвалжлагч ирчихсэн зураг авч байгаа харагдана.Чикаго Трибюны сурвалжлагч гэдгийг нь би хожим мэдсэн л дээ.Хүү маань сүүлд Чикаго хотын бүх том сонинуудыг шүүж байгаад тус сонины 1949 оны гуравдугаар сарын 5-ны дугаарын микрофишийг олсон юм.Бүр нүүр хуудсан дээр нь хүүгийн маань зураг дурайж байлаа.Нэг залуу биднийг тосож аваад буудлын цайны газар хүргэв.Өглөөний цай бэлдчихэж.Би юм идэж ч чаддаггүй, хүү харин намайг идэхээс нааш иддэггүй болохоор хоёулаа хоолоо боолгож авлаа.Дараа нь бид хоёрыг нэг албан өрөөнд оруулав.Тэнд нэг залуу утасны харилцуур барьж байснаа надад өгч байна.Харилцуурыг нь аваад сонсвол нэг хүн надтай мандарин хятад хэлээр ярьж байна. Намайг Чен Чиао Чу гэдэг, би Чикагогийн Их Сургуульд хятад хэл заадаг юм.Та Хятадаас оргон гарч ирсэн анхны хүн боллоо.Яагаад та АНУ-д ирж байгаа юм бэ? хэмээн асууж байна…”

Хүү гэдэг нь Хангин Гомбожав гуайн ууган хүү Эрдэнэ-Уул юм.Сонирхолтой, бас азтай зүйл юу хэмээвээс яг энэхүү номд өгүүлж буй тэр түүхэн зургийн уг эхийг үүнийг тэрлээч олж авсан юм.Зургийн ар талд Мэдээллийн товчооноос тайлбар хийн хавсаргажээ.

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч 

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Элбэгдорж: Хамтарч бүтээе, үйлдвэрлэе, борлуулъя

Манай сонины тусгай сурвалжлагч Я.МӨНГӨНЦЭЦЭГ Япон улсаас мэдээлж байна.


Монгол, Японы бизнес форум өчигдөр эхэллээ. Форумын өмнө Японы Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Кейданрэн нь Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо юм. 2002 онд бий болсон энэхүү байгууллагад Японд болоод дэлхий дахинаа нэр цуутай 1600 гаруй компани гишүүнээр нь ажилладаг. Хувь хүн, байгууллага ялгахгүйгээр шударга зарчмаар ажиллахыг эрхэм болгосон энэ байгууллага гаргасан шийдвэрүүдээрээ Японы төр засгийн бодлогод нөлөөлөхийг эрмэлздэг. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, орон нутгийн төрийн байгууллагуудыг өөрчлөх, байгаль орчны асуудлыг шийдвэрлүүлэх, хувийн хэвшлүүдийг дэмжих, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг юм байна. Энэ үүднээсээ Япондоо хүчтэйд тооцогддог байгууллага. Харин өчигдрийн бизнес форум тус байгууллагын байранд боллоо. 

Хурлын эхэнд Кейданрэн байгууллагын ерөнхийлөгч С.Сакакибара үг хэлсэн юм. Тэрээр “Монголд бизнес хийх сонихолтой япон компаниуд бий. Ойрын жилүүдэд Монгол Улс ашигт малтмалаар дамжуулан эдийн засгаа өргөжүүлэх зорилготой байна. Үүнийг ч Японы хөрөнгө оруулагчид найдвар хэмээн харж, том боломж гэж үзэж байгаа. Хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулахын тулд чөлөөтэй, тогтвортой орчин бүрдүүлэх нь чухал. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр орны түншлэлийн хэлэлцээр байгуулна гэж найдаж байгаа.  Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжих үедээ ирээд байна. Өнөөдрийн форум хоёр орны эдийн засгийн шинэ эринийг нээх боломж болно” гэв.  Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр  “Энд Монголын бизнесийн салбарын 130 гаруй төлөөлөгч ирсэн байна. Японы талаас 180-аад төлөөлөгч иржээ. Үдээс хойш хоёр талын бизнесийнхний танилцах уулзалт болно. Үүнд Японы талаас 500 гаруй бизнесийн төлөөлөл оролцоно гэсэн сайхан мэдээ байна. Ийм өргөн хүрээтэй анхны том уулзалт Токиод болж байгаад баяртай байна. Үр дүнд нь итгэлцлийн харилцаа тогтоно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Японтой харилцах харилцаа эртний түүхтэй. Түүхийнхээ онцгой мөч бүхэнд бид Япон улстай харилцахыг эрмэлзэж ирсэн байдаг. Тодорхой жишээ дурдъя. Хубилай хаан ширээнд суусан цагтаа Японы хаантай харилцаа тогтоох захидал илгээсэн байдаг. Энэ захидлын хуулбар Японд хадгалагдаж байна. 1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хаан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр элч илгээж байсан. 1990 онд тэр үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч П.Очирбат нар  тусламж  хүссэн захиаг Япон руу  илгээж байжээ. 

Энэ бол Японтой түүхийн чухал үеүдэд харилцаж,  түнш гэдгээ бататгахыг зорьж байсан эрмэлзлэл. Монгол Улстай найрамдал хамтын ажиллагаа тогтоох гэсэн оролдлого 1960-аад оноос иргэдийн дунд хүчтэй өрнөсөн. Монгол Улстай хамтын үйл ажиллагаа өрнүүлдэг сайн дурын 70 гаруй нийгэмлэг байна. Энд нэг зүйлийг онцолж хэлье. 1990 онд ардчилал, зах зээлд шилжихэд Японы ард түмэн хамгийн их тусламж дэмжлэг үзүүлсэн. Япон улс өөрөө туслаад зогсоогүй, банк санхүүгийн байгууллагыг Монголд ажиллуулахыг эрмэлзэж иржээ.  Бидний хүнд үед байнга тусалж ирсэн Японы ард түмэн, танай Засгийн газарт үргэлж талархаж явдаг.  Хүний тусыг бүү март гэж  бидний өвөг дээдэс сургасан байдаг. Та бүхний тусыг бид мартахгүй. Японы дэмжлэг нүдээ олсон тусламж  байсан шүү гэдгийг цохон хэлье. Монголчууд өвлийн хүйтэнд гал алдахад манай цахилгаан станцид  тусалж байлаа. Нийтийн тээвэр зогсч бид хөл дүүжлэх унаагүй  болоход шатахуунаар тусалсан байдаг. Гал команд, түргэн тусламжийн машин хуучраад зогсоход та бүхэн урьдчилан харж тусалж байлаа.

Шилжилтийн үед монголчууд хөдөөгөөс хот руу нүүж,  сурах сургууль, цэцэрлэггүй болоход Япон улс тусламжаар олон арван цэцэрлэг барьж өгсөн. Өдгөө энэ цэцэрлэгт 55 мянга гаруй хүүхэд хүмүүжиж  байна. Энэ мэт тусламж дэмжлэгийн сайн үйл хэрэг өнөө жилээр дуусгавар болж байна. Япон улс манайд орчин үеийн эмнэлэг барьж өгснөөр тусламжийн ажлаа өндөрлүүлнэ. Ингээд манай хоёр орон  харилцан ашигтай хамтын ажиллагаа руу шилжиж байна. Япон улсын Монголд үзүүлсэн дэмжлэг тусламжийн тухай яагаад энд  онцлов гэхээр энд ирсэн та бүхний ажилладаг япон  компаниудын татварын мөнгө Монголд  тусламж болж ирж байсан. Та бүхний зүтгэж олсон тэр мөнгө Монголын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн учраас үүнийг онцолж байгаа юм.  Тэр үед дөнгөж эхээс төрсөн унага тэнцэж ядаж байсан бол өнөөдөр Монголыг хөгжилд хүргэх агт болж өсчээ гэдгийг хэлэхэд таатай байна. Сүүлийн арван жил Монголын ДНБ-ий хэмжээ олон дахин нэмэгдсэн. 1990 онд 500 сая ам доллар байсан бол өдгөө 20 дахин нэмэгдсэн. Хувийн хэвшил хөл дээрээ босч чадлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ойрын арван жилд дунджаар арван хувь байх тооцоо гарсан. Гэхдээ энэ нь уул уурхайгаас хэт хамаарсан өсөлт. Тэгэхээр цаашдаа энэ хамаарлыг багасгах, эдийн засгаа солонгоруулах бодлого барьж байна.  Цаг нь алт болсон ажил хэрэгч хүмүүс ирсэн учраас энэ уулзалт руу яриагаа чиглүүлье. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй уулзахад энэ уулзалтыг хийх санаа төрсөн. Монголын Японтой харилцах хамтын ажиллагаа цөөн салбарт төвлөрч, цар хүрээ нь хэдхэн компаниас хальж чаддаггүй байлаа. Хөрөнгө оруулалт, худалдааны хэмжээ ч бага байна. Японы Монголд хийж байгаа хөрөнгө оруулалт хагас тэрбум ам.долларт ч хүрэхгүй байна. Худалдааны хэмжээ нь 100 сая доллараас хэтрэхгүй байна. Ер нь манай эдийн засгийн харилцаа унтаа байдлаас гарах хэрэгтэй байна. Үүнд өнөөдрийн уулзалт чухал нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Япон, Монголын хувьд хамтарч судалъя, үйлдвэрлье, борлуулъя гэдэг бизнесийн харилцааг баримтлахаар зорьж байна. Мөн хувийн хэвшлийн санаачилгаар бус хоёр талын Засгийн газраас хамтарч дэмжье гэдэг чиглэл рүү анхаарлаа хандуулж байна.  Монголын эдийн засаг, зах зээл бага гэдэг. Гэхдээ дэлхий дахинд бидний үлдээсэн мөр том гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Иймээс дэлхийн зах зээлд хамтдаа гаръя. Зөвхөн Монголын зах зээл рүү биш дэлхийн зах зээл рүү чиглэсэн хамтын ажиллагаа явуулъя.  Монгол Улсын байршлыг та бүхэн мэднэ. Хамгийн их хүн амтай, хамгийн том газар нутагтай хөршүүд хоёр талд маань байна. Ямар учраас өнөөдөр бид энд ирэв ээ. Цаг нь болсон, одоо хөдлөх хэрэгтэй гэдэг мессежийг өгөх гэж ирсэн. Одоо хийе, хөдөлье. Энэ ажлыг хийхэд нөхцөл байдал бүрдсэн.  Нэгт хоёр орны улс төрийн түвшний, иргэд хоорондын харилцаа ойлголцлын түвшинд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн сайн харилцаатай орнууд нь манай хоёр орон байна. Мөн олон талын хүчин чармайлт гарган ярьсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр орны хооронд байгуулах нөхцөл бүрдлээ. Хоёр улсын Засгийн газрын эдийн засгийн түншлэлийн хэлцлийг үндсэнд нь тохирлоо. Энэ сайхан мэдээг дуулгахад таатай байна. Энэ хэлэлцээрийг УИХ-аар баталгаажсаны дараа хүчин төгөлдөр болно. Монголд эдийн засаг, хөрөнгө оруулалтын суурь болсон банкны харилцаа идэвхтэй сэргэж байгаа. Одоогоор Японы хоёр банк Монголд, Монголын хоёр банк Японд салбараа нээх гэж байна. Энэ бол манай банкууд нэг стандарттай, нэг зарчмаар явах боломж хангагдаж байна гэсэн үг. Цаг нь болсон гэж хэлэх дөрөв дэх шалтгаан бол боловсон хүчин байгаа. Энэ чиглэлд маш олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн.  Цаашдаа ийм хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Японы хөнгөлөлттэй зээлээр Япон улсад 1000 инженер бэлтгэхээр зэхэж байна. 5000 мэргэжилтэй ажилтныг сургах талаар ярьж байна. Төгсгөлд нь хэлэхэд хоёр талын эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал. Монгол Улс сайн зүйлээ авч үлдэхийг оролдож байна. Япон улсын хувьд өндөр технологи, боловсон хүчнээ гадагш нь гаргаж, шинэ баялаг бүтээх бодлоготой байна. Энэ хоёр эрмэлзлэл давхцаж байгаа нь чухал юм.

 Ярианыхаа дараагийн хэсэг рүү оръё. Монголын онцлог юу байна гэдгийг хэлье.  Монгол Улс өөрөө нээлттэй. Сүүдрээ, дутагдлаа нуудаггүй төр засагтай. Иргэдийнхээ хэлж байгаа, түншүүдийнхээ үгэнд чих нээлттэй. Улс төр нийгмийн салбарын өөрчлөлтийн хувьд айдгаа ардаа хийж байгаа улс. Нөгөө талаар нээлттэй нийгэм гэдэг бол суралцах үйл явц гэж боддог. Бид алдаа хийдэг, түүнийгээ засахын төлөө ажилладаг хүмүүс. Монголд хөрөнгө оруулалтын орчин ямар байна вэ. Эдийн засгийн зурвас өсөлтийг удаан байх юм шиг санаж явжээ. Иргэддээ бэлэн мөнгө тарааж, төсвийн зарлагыг ихдүүлсэн дутагдал бидэнд байсан. Гэвч  2012 оны сонгуулиар бэлэн мөнгө тараахыг хуулиараа хориглосон. Хөнжлийнхөө хэрээр жийх ёстой гэдэг сургамж авч байгаа. Бизнест оролцох төрийн оролцоог багасгах хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн. Хувьчлалыг үргэлжлүүлнэ. Хувийн хэвшлээ дэмжих нь хамгийн гол хүчин зүйл гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөрөнгө оруулалтад төрөөс хувь эзэмшинэ гэдэг зүйл зогссон. Жишээ нь Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагүй гэдэг шийдвэр гаргасан нь сайны дохио.  Бид энэ зарчмыг хуульдаа тусгаж өгнө. Одоо эрх зүйн орчин Монголд ямар байгаа талаар хэлье. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Газрын тосны хуулийг шинэчилсэн. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөр нэг сайн шинэчлэл бол хууль, шүүхийн байгууллагад ахиц гарч байгаа. Олон улсын авлигын эсрэг тооцоогоор авлигын түвшин байнга буурч байгаа оронд манай улс тооцогдож байгаа. Энд байгаа хөрөнгө оруулагчид сонссон байх. Оюу толгой, Таван толгойн талаар дуулсан байх. Оюу толгойн талаар мэдээлэл өгье. Одоогоор дэлхий дээр ажиллаж байгаа их нөөцтэй ордын нэг гэдгийг та нар мэднэ. Оюу толгой 2014 онд 2.6 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Үүнийхээ 1.2 тэрбумыг нь хийсэн байна.  Оюу толгой ашиглалтад орохоос өмнө Эрдэнэт үйлдвэр байсан. Одоо ч амжилттай ажиллаж байна. Гэтэл Оюу толгой Эрдэнэтээс 40 хувиар илүү байна. Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа тогтворжсон гэдгийг хэлье. Таван толгойтой холбоотой мэдээлэл өгье. Энэ бол коксжих нүүрсний том орд юм. Үүнийг хувийн хэвшил хариуцах нь зөв гэсэн байр суурь ойлголтод хүрч байгаа. Таван толгойд оролцох сонирхолтой компанитай манай хувийн хэвшлийн компани гэрээ хийгээд, шаардлагатай бол төр дэмжих бодлого барьж байна. Таван толгойг эргэлтэд оруулах ажил удааширсан нэг нөхцөл нь дэд бүтэцтэй холбоотой. Удахгүй тавдугаар цахилгаан станцыг барина.  Энэ баригдвал Таван толгойг эрчим хүчээр хангана. Таван толгой, Оюу толгойн бүтээгдэхүүнийг зөөх авто зам дуусч байгаа. Төмөр замын асуудлыг  нэлээд хэлэлцсэн.  Одоо УИХ шийдвэрээ гаргана. Ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс Японы хөрөнгө оруулагчдад ямар боломж байна гэдгийг хэлье. Манай Засгийн газрын түвшинд эдийн засгийн бүтцийг өөрчлөх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар зорьж байна. Энэ бодлогуудыг ямар зарчмаар өрнүүлэх вэ гэдгээ Абэ Ерөнхий сайдтай уулзаж ярина. Мөн уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татахаар бид сонирхож байгаа. Үйлдвэр худалдааны байгууллагын бааз суурийг ашиглах бүрэн боломжтой. Монгол Улс банк санхүү, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, барилга хот байгуулал, аялал жуулчлал, дамжин өнгөрөх тээврийн түшиц газар байх боломжтой. Монголчууд Японы зах зээлд хэрэгтэй бүтээгдэхүүнийг хамтарч үйлдвэрлээд Японы бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнд хамтарч оролцох сонирхолтой байна. Японы хөрөнгө оруулагчдаас болгоомжлох салбар бидэнд бараг байхгүй. Японы хөрөнгө оруулалт орох тусмаа сайн гэж үзэж байгаа. Монгол Японы эдийн засгийн харилцаанд нэг онцлог байдаг. Яагаад гэвэл бидэнд хоёр хөршийг дамжиж харилцах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд хоёр хөрштэй харилцах нь хамгийн чухал. Бид хоёр хөрштэйгөө ижил түвшинд харилцахыг эрмэлздэг. Хөрөнгө оруулалт эдийн засаг худалдааны хувьд манай гурван улсад дамжин өнгөрөх тээврийн асуудал чухал байдаг. Энэ талаар олон жил ярьж байгаа. Гэхдээ одоо энэ чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдсэн. Ерөнхий асуудлууд шийдэгдэж байгааг хэлье. Хятадын дарга Си Жиньпин ирэх наймдугаар сард, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр  сард Монголд ирнэ. Хятад улсын хувьд нүүрс боловсруулах, дэд бүтцийн салбарт манайхтай  хамтран ажиллахаар бэлтгэж байна. ОХУ-тай төмөр зам, хоёр улсын иргэдийн визгүй зорчих, эдийн засгийн хамтын ажиллагааны зураг гаргах чиглэлээр ажиллаж байгааг дуулгая. 

Монгол, япон хүмүүсийг нэгтгэдэг нэг зүйл байдаг. Тэр бол хөх толбо.Үүнийг монголчууд тэнгэрийн тамга гэж нэрлэдэг. Эхээс төрөхөд тэнгэр тамгалж өгдөг  ийм хүмүүсийн үр хойч юм аа. Тиймээс дэлхийд нэг мөртэй явцгаая. Дэлхийн өнгийг газарт буулгаж, дархлах ажлыг хамтдаа хийцгээе. Хөх толбо бол тэнгэрийн өнгө. Энэ уулзалтаар бид дэлхийд хамт мөрөө гаргах үйл ажиллагааны эхлэлийг тавьж байна. Энэ мөр дэлхийн зах зээлд мянга мянгаараа дурайх болтугай”гэсэн юм. Түүнийг ийн үг хэлсний  дараа Японы Мицүбиши банкны ажилтан ингэж ярилаа.  

“Таны ярианаас тодорхой мэдээлэл авлаа.Манайх  Японы хамгийн том банк. Гадаад харилцааг өргөн хөгжүүлдэг. Монголтой албан ёсны тусламжийн харилцаа өрнүүлж байсан. Манай банк Монголд төлөөлөгчийн газраа нээсэн. Ерөнхий сайд Абэгийн уриалж байгаагаар ардчилал, энх тайван, харилцан туслалцах зорилгоор  үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан гэж та ярилаа.  Хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байгаа юм байна гэж ойлголоо. Нөгөө талаар дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурснаас болж Монголд гадаад валютын нөөц багаслаа. Энэ тал дээр бид санаа зовж байна. Ийм асуудлыг яаж шийдэх вэ. Япон, Монгол хамтдаа дэлхийн зах зээлд гаръя гэж байна.  Аливаа гадаад орны зах зээлд оролцоход хүлээж авч байгаа орны идэвх зүтгэл маш их шаардлагатай байдаг. 

Монголын тал Японыг  халуун сэтгэлтэй хүлээж байгааг ойлголоо. Мөн Япон улсад Монголын хөрөнгө оруулалтын агентлагийг нээх талаар бодохгүй юу” гэв. 

Хариуд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмрийг халуун дээр нь давт гэж үг бий. Ийм үе Монголд иржээ. Ялангуяа Япон улс Монголд хөрөнгө оруулах боломж байна. Олон улсын зах зээлийг судалдаг байгууллагуудын үнэлгээ бол Монголд өгч байгаа анхааруулга гэж үзэж байна. Алдаатай явуулж ирсэн бодлогуудаа зас, түншүүдтэйгээ ажлаа эхэл гэсэн анхааруулга. Монголын хөрөнгө оруулалтын орчин нээлттэй байдлаасаа сайжрах чиглэл рүү орно. Засгийн газрын хамтын ажиллагааг хангах байнгын механизмтай болох талаар Абэ Ерөнхий сайдтай ярина. Өнөөдөр энд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хариуцлагатай алба хашдаг хүмүүс ирсэн байна. Гадаад валютын болон бусад асуудлаар тодорхой хариулт өгөх байх” гэлээ. 

Монголын хууль эрх зүйн орчин таатай болсныг танилцуулав

Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг УИХ-аар баталсан зарим хуулиудын талаар товч танилцуулсан юм. Тэрээр “Бид өөрсдөө хөгжчих юм шиг санаж явсан үе бий. Тиймээс Засгийн газар алдаагаа ухамсарласан” хэмээн үгээ эхэлж байв.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ялгалгүй дэмжихээр болсон. Хөрөнгө оруулалтын бүртгэлийн асуудлыг энгийн хүнд сурталгүй болгосон гэдгийг ч дуулгав.  Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын хуулийг хүчингүй болгосон. Монголд гаднаас хөрөнгө оруулалт хийх бүх процессийг хариуцах “Инвес Монголиа” агентлаг байгуулсан зэргийг танилцууллаа.  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталснаар  Монгол, Японы хооронд хөрөнгө оруулалтын сан байгуулах процесс өрнөх боломж бүрдсэнийг дуулгав. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилснөөр стратегийн ордуудын тоог нэмэхгүй байх зарчмыг баримтлахаар болсныг хэлэв.  Ашигт малтмалын ордуудыг стратегийн болон түгээмэл тархацтай, энгийн гэж гурван ангилалд хуваахаар болсон. Сүүлийн жилүүдэд зогсоод байсан хайгуулын лицензийг олгох ажлыг эхлүүлсэн зэргийг танилцууллаа. Газрын тосны хуулийг баталснаар ойрын таван жилдээ НӨАТ, компанийн орлого, гааль, нөөц ашигласны төлбөр тогтвортой,  хүчинтэй байх зохицуулалтуудыг хийж өгсөн гэдгийг дуулгалаа. Гадны хөрөнгө оруулагчид тогтворжуулалтын гэрчилгээ авах боломж ч нээгдэж байгааг хэллээ. Бүтээн байгуулалтын томоохон төслүүд хөрөнгө оруулагчаа хүлээж байгааг уламжиллаа. 

Валютын нөөцөд санаа зоволтгүйг дуулгав 

Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Монголын эдийн засгийн хувьд сүлийн хоёр жил хүнд байлаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Нүүрсний үнэ буурснаас валютын урсгал суларсан. Үүний эдийн засагт ирэх ачааллыг яаж зөөллөх талаар Засгийн газартай хамтарч бодлого хэрэгжүүллээ.  Ажилгүйдлээ хамгаалах, хувийн сектораа хамгаалах үүднээс эдийн засгийн өсөлтөө долоон хувьд нь барих бодлого барилаа. Засгийн газар, УИХ-ын зүгээс дорвитой арга хэмжээ авч байгаа учраас эерэг үр дүн гарах болов уу. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт, Оюу толгойн төсөл дээр Засгийн газрын зүгээс идэвхтэй арга хэмжээ авах ёстой гэдэг зөвлөмж өгч байгаа. Дотооддоо үүнийг дэлгэрэнгүй ярьж байгаа. Мөнгөний бодлогын хүрээнд эргэж харах зүйлүүдийг ярьж байна. Эдийн засгийн сулралтыг бид урьчилж харж байсан учраас яаж зөөлрүүлэх вэ гэдэг бодлого явуулсан. Цаашид мөнгө, төсвийн бодлого дээр тодорхой өөрчлөлт хийх боломж бүрдлээ. Ханш дээр гол ачааллаа авлаа. Гэхдээ эрсдэл үүсгэхгүй байх талаар идэвхтэй ажилласан. Үр дүнд нь манай банкуудын муу зээлийн дүн 2.4 гэсэн тоотой байна. Энэ бол муу дүн биш. Цаашид үүнийгээ тогтвортой хадгална. Иргэдийн моргейжийн зээлийн түвшингээ аль түвшинд барих вэ гэдэг бодлого барьж байна. Энэ нь эерэг үр нөлөө авч ирнэ гэж найдаж байгаа. Валютын нөөцийн талаар хэдэн зүйл хэлье. Валютын нөөцийн хэмжээ Монголын эдийн засгийн худалдаа, хэрэгцээг хангахад бүрэн боломжтой. 1.6 милллиард долларын нөөцтэй байгаа нь хангалттай тоо. Дээрээс нь Хятад бол Монголын эдийн засаг, худалдааны том түншийн нэг. Тэдний төв банктай валют солилцох гэрээтэй. Ер нь хоёр талаасаа мөнгөний бодлого дээр бүрэн итгэлцэлтэй яваа нь үүгээр илэрхийлэгдэж байна. Гэрээгээ гурван жилээр сунгасан байгаа. Тэгэхээр манай валютын нөөцөд ирэх ачаалал буурна. Валютын нөөц Хятадын зах зээлээс шууд хамаардаг. Гэтэл сүүлийн хоёр жил Хятадын түүхий эдийн зах зээл сул байлаа. Энэ байдал удахгүй сайжрах төлөвтэй байна. Эдийн засгийн асуудлаар товч хэлэхэд ийм байна. Японы хоёр том банк Монголд төлөөлөгчийн газраа жилийн дотор нээлээ. Үүний үр дүн удахгүй мэдрэгдэнэ. Монголын хоёр банк Японд төлөөлөгчийн газраа нээнэ. Энэ мэтчилэн санхүүгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөж байна” хэмээн ярив.  

Түүний дараа Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга салбартаа хийгдэж байгаа төсөл хөтөлбөр, эрдэс баялгийн талаарх бодлогоо танилцуулсан юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат үг хэлж,  Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга ч салбарынхаа бодлого, төслүүдийн талаар товч танилцуулга хийлээ. Энэ талаар дараагийн дугаарт дэлгэрэнгүй бичих тул ингээд орхиё. Тэдний танилцуулгын дараа Японы зарим компанийн төлөөлөл өөрсдийн санаа бодол, явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, ноён Мицүй Сумитомо банкны гүйцэтгэх захирал Ф.Күрахара “Дэд бүтэц, ашигт малтмалын салбарт Японы талаас  дэмжлэг үзүүлэх сонирхолтой байна.  Япон Монголын харилцаа сайн. Гэхдээ Оюу толгой, Таван толгой зэрэг бодитой  том төсөлд хөрөнгө оруулна. Тавдугаар цахилгаан станц, төмөр зам зэрэг төрийн хэмжээний томоохон төсөлд хамтарч ажиллана. Ер нь төслийн санхүүжилтийн хэмжээнд хамтран ажиллах саналтай байна. Томоохон хөрөнгө босгох шаардлагатай байхад тийм боломж нь Монголд  тааруу байдаг. Гэхдээ хууль эрх зүй шинэчлэглэгдэж орчин нь сайжирч байгаа юм байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч сая эрч, хүчтэй ярьж өглөө” гэсэн бол Японы Монголын эдийн засгийн хорооны дарга, Иточу корпорацийн захирал Ё.Кобаяши  “Монгол Улс өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй. Япон улстай дотно байдаг. Миний хувьд арав гаруй жил Монголын бизнест оролцсон. Монголын ашигт малтмал дэд бүтцийн асуудлаар идэвхтэй ярилцаж ирлээ. Нисэх онгоцны буудал, хот зохион байгуулалтын чиглэлээр ч ажилласан. Монгол бол уран зэрэг эрдэс баялгаар баялаг. Гэтэл энэ баялгийг бид гаднаас авдаг. Тиймээс Монголын ашигт малтмалыг төрөлжүүлэх чиглэлд ажилламаар байна. Ялангуяа Ган төмөрлөгийн үйлдвэрлэлд хэрэгтэй коксжих нүүрс Монголд байна. Олборлосон коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замыг барих шаардлагатай. Транзит тээврийн асуудлыг шийдэх нааштай алхмууд Монголд хийгдэж байгаа талаар сая Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэллээ. Энэ чиглэлд том найдлага тавьж байна. Япон улс зөвхөн нүүрс биш өндөр чанарын ашигт малтмал авах сонирхолтой байна. Энэ арвин баялгийн талаар мэдээлэл авч болдог боловч хуулийн талаар хөрөнгө оруулалтын орчин ил тод бус байдаг. Энэ нь японы компаниудын хувьд хаалт болж байна” гэв. Монголын хөрөнгө оруулалтын газарт Япон битгий хэл англи хэлгүй хүн ажилладаг тухай зарим бизнесийнхний амнаас гарч байв. “Түүхийнхээ хувьд бид нэг ард түмэн гэж хэлж болно. Япон бол  Монгол Улсад их дэмжлэг үзүүлж байсан. Монгол Улс асар хурдтай хөгжиж байгаа. Үүнийг бэхжүүлэхийн тулд хоёр улс хамтарч ажиллах ёстой. Монголд олон сайхан зүйл байна. Гэхдээ онгоцны буудлаас Улаанбаатар ороход зам нь маш муу байдаг. Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ч анхаарах шаардлагатай зүйлүүд бий. Ер нь гурван жилийн өмнө энэ уулзалтыг хийсэн бол амжилттай,  илүү сайн байх байжээ” гэх япон хүн ч энэ үеэр байлаа. Ийм яриа өрнүүлсэн бизнес форум өндөрлөж,  айлчлалын багийнхан дараа нь Японы Жетро байгууллагатай хамтран хийж байгаа арга хэмжээнүүдтэй танилцаж, Монгол, Япон компаниудын танилцах уулзалт боллоо. Жетро нь Японы гадаад худалдааг дэмжих байгууллага юм. Японы бараа бүтээгдэхүүнийг олон улсад танилцуулах, Японд хэрэгтэй импортын бүтээгдэхүүнийг судлах зорилготой юм байна. 

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдийн засгийн форумын үеэр зарим төлөөлөгчдөөс авсан тодруулгын хамт дараагийн дугаарт уншигчдадаа хүргэе.

Categories
мэдээ цаг-үе

Туул голын эрэг дагуу онцгой байдлын алба хаагчид завьтай эргүүл хийж байна

-Гол ус ихтэй, үертэй байгааг анхаарууллаа-

Зуны дэлгэр цагт Туул  голын эрэг дагуу салхилах хүмүүс хаа сайгүй. Голын эрэг дээр амралтаа өнгөрөөж байгаа хүмүүс голдуу архи, дарс хэтрүүлэн уудаг. Ингэж яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахаар онцгойгийнхон цаг наргүй ажиллаж байна. Тэд өнгөрсөн зургадугаар сарын 10-наас эхлэн Баянзүрхийн товчооны наахна талд эргүүл хийж эхэлжээ. Өчигдөр бага үдийн алдад очиход ч ажлаа хийсээр байж л байна. Албаны машинтай, дуудлага ирэхэд хэзээ мөдгүй ус руу орохоор завиа бэлдчихэж. Тэнд Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх аврах салбарынхан эргүүлд гарчээ. Тэдэнтэй хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоёр ч цагдаа байв. Хоёр байгууллагын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байгаа ажээ. Биднийг эрэг дээр очиход амрахаар яваа улс гэж бодсон бололтой өөдөөс хүрээд ирэв. Мэнд усаа мэдээд “Гол усны аюулаас урьдчилан сэргийлье” гэсэн сэрэмжлүүлэг бүхий хуудас өгч байна. “Гол үертэй байгаа шүү.

Машинаа эргээс 50 метрийн зайд тавиарай” гэлээ. Сурвалжлагаар яваагаа дуулгаад тэдэнтэй нэгдлээ. Өнөө жил голын ус олон жилийн дунджаас 35-45 см илүү байгаа гэнэ. Урьд урьдын амрагчид сэрүүцэх зорилгоор голын захаар усанд ордог байсан бол энэ жил тийм боломж байхгүй байна. Хур бороо ихтэй байгаа болохоор гол үерлэжээ. Бүр нэлээн их үертэй байна.

Тиймээс хүмүүс аюулыг ухамсарлан гол руу хэр барагтай орохгүй байгаа гэнэ. Гэхдээ л согтуу хөлчүү хүмүүс ус руу ороод байгаа ажээ. Тиймээс өглөөний найман цагаас оройн 20 цаг хүртэл эргүүл хийдэг гэсэн. Ийн ярилцаад гол уруудан завьтай эргүүл хийхээр боллоо. Ус руу орох гэж байгаа хүн байна, толгойгоо норгочихъё гэж бодоод гол руу дөхтөл эрэг нураад ус руу уначихдаг байгаа. Хажууд байсан аврагч хүүе гэхийн завдалгүй ганцхан татаад гаргаад ирэв. “Яг ингэдэг юм. Үертэй байхад эрэг нурдаг. Ерөөсөө ойртож болохгүй” гэлээ. Үнэхээр л нүд ирмэхийн зуур унадаг ажээ. Гол үертэй болохоор ус нь эргээ иддэг. Ийм үед хүн гишгэхэд байтугай зүв зүгээр байж байгаад нурдаг ажээ. Онцгойгийн аврагч дэргэд байсан тулдаа инээдэм болоод өнгөрөв. Түүнээс биш ширүүн урсгалтай гол хамаад аваад явчихдаг ажээ. Эрэн хайх, аврах салбарын дарга ахмад Б.Гансүх “Хүн болгоны дэргэд манай аврагчид очоод зогсож чадахгүй. Тиймээс урьдчилан сануулж сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хүмүүс гол дээр ирээд ус руу битгий ороорой гэхэд би сэлж чадна гэдэг. Гэтэл тийм биш. Усан бассейн, урсгал ус хоёр чинь тэс өөр. Үертэй байхад зүгээр л чулуу шидэхээр эрэг дээр зогсож байгаад голд уначихсан хүмүүс олон. Бас хүчтэй аадар бороотой байхад голын эргээс хол байх хэрэгтэй. Хув хуурай байсан газарт хэдхэн минутын дотор үер буудаг” гэж байна. Ингээд тэр хавиар амарч байгаа хүмүүс дээр очин урьдчилан сэргийлэх хуудас тараав. Түүн дээр нь “Бороо ихээр орж усны түвшин нэмэгдсэн үед гол, гүнзгий тогтоол ус руу орохгүй байх. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх. Гол усны дэргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх” зэргийг тусгажээ. Түүнчлэн хэрэв голд живбэл ухаан оруулах анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө байсан. Уг хуудсаа бариад хүн бүр дээр л очих юм. Эргээс 50 метрийн зайтай машинаа тавиарай, ус руу орж болохгүй шүү гэхчилэн зөвлөж байв. Мөн голын эрэг дагуу анхааруулах самбар суурилуулжээ. Иргэд өнөөх самбарыг нь тойруулаад хогоо аваачаад хаячих юм. Энэ хавь хотын төвөөс ойрхон болохоор хүний хөл ихтэй. Цайны цагаараа салхилах гэж буй хүмүүс ч ирдэг бололтой юм. Ирсэн хүмүүс идэж уусан зүйлийнхээ хогийг хотын төвд байгаа юм чинь түүдэг хүн байдаг биз гэж бодоод хэнэг ч үгүй хаячихдаг ажээ. 

Баянзүрхийн товчооны гүүрний доохно талд байсан иргэдэд сэрэмжлүүлэг өгөөд завьтайгаа гол уруудахаар боллоо. Аврагчид комбинзонорхуу хувцастай явах юм. Ус нэвтэрдэг хэдий ч биеийн дулааныг барьдаг учраас даарахгүй. Өнөөхөө өмсөөд ус руу орно. Хэдийгээр дааруулахгүй ч гэлээ ингээд өдрийн хэдэн удаа хүйтэн ус руу ороод байвал нуруу, бөөр гэж авах юмгүй болдог байх даа гэж бодогдож байлаа. Ингээд доош уруудав. Эрэн хайх аврах салбарын дөрөвдүгээр бүлгийн дарга ахлах ахлагч Ц.Наранбаатар эрэг дагуу хүн харагдвал чанга яригчаар яриад явах юм. “Иргэдээ гол үертэй байна. Голын эрэг рүү хэтэрхий ойртож болохгүй шүү. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж болохгүй” гээд л. Бас бүлгийнхэндээ “Энэ долоо хоногт нэлээн халах шинж дуулдсан. Гуч хүрэх юм шиг байна лээ. Гол дээр ирсэн хүн бүрт сэрэмжлүүлж байхгүй бол…” гэхчилэн ярина. Ер нь ингэж сэрэмжлүүлэг өгөхийн ашиг тус их байгаа гэсэн. Жил бүрийн өдийд голын усанд осолдсон иргэдийн тоо хорь нэлээн давчихсан байдаг бол өнөө жил харьцангуй бага байгаа гэнэ. Наадмын өдрүүдэд, наадмын дараах хэд хоногт усанд эндсэн тохиолдол их гардаг. Хорин долоо, хорин найм л гэдэг байсан бол өнөө жил долоон хүн осолдоод байгаа юм байна. “Иргэдийн ухамсар ерөнхийдөө дээшилсэн шүү. Өмнө нь бид нар иргэдэд сэрэмжлүүлэг өгөхөөр “Хаана амрахаа та нараар заалгахгүй” гэдэг байсан. Өөдөөс хэрэлдэнэ, зарим нь бүр юу ч болоогүй байхад зодолдох гэж дайрна. Харин сүүлийн хоёр жил, тэр дундаа энэ жил хүмүүс дээр очихоор сайхан хүлээж авч байгаа. Болгоомжтой байна аа, баярлалаа гэдэг болсон” хэмээн ахмад Б.Гансүх ярилаа. Одоо ганц бэрхшээлтэй зүйл нь согтуу хөлчүү хүмүүс гэнэ. Голын эрэг дээр найз нөхдөөрөө ирчихээд архи хэтрүүлэн хэрэглэнэ. Ийм үедээ ус руу орно. Согтуу хүн хүйтэн ус руу орохоор шөрмөс нь татдаг учраас тун аюултай. Бас усанд осолдох шалтгааны нэг нь бөмбөг гэсэн. Хүүхдүүд эрэг дээр бөмбөгөөр тоглож байгаад гол руу уначихаар араас нь ордог. Эсвэл аав, ээж нь хүүхдийнхээ бөмбөгийг авч өгөхөөр ус руу орон осолдох тохиолдол гардаг ажээ. Тиймээс гол дээр амрахаар ирсэн хүмүүс голын эргээс аль болох холхон зайд тоглоом наадмаа зохиож байхыг онцгойгийнхон анхааруулж байна лээ. 

Завьтай эргүүл хийж явахад эрэг дээр л хүн харагдвал тэдэн рүү дөхөж очих юм. Ер нь таарсан хүн бүртээ сэрэмжлүүлэг өгдөг ажээ. “За тэнд насанд хүрсэн тохитой томоотой хүмүүс байна. Гайгүй биз” гээд өнгөрч яагаад ч болохгүй гэсэн. Хэдэн жилийн өмнө ингэж эргүүл хийж явахад эрэг дээр байгаа улс тэдний өөдөөс “Би тэр даргын найз байна. Чи муу яах юм бэ” гэдэг байсан гэнэ. Тиймээс харьяа дүүргийнхээ цагдаа нартай хамтран эргүүл хийдэг болжээ. Ингэж явахдаа голын эрэг дагуу архидан согтуурч байгаа хүмүүсийг торгоно. Цагдаа байхгүй бол амрагчид онцгойгийнхныг тоохгүй байх үе олон. Гэхдээ сүүлийн үед хүмүүс өөрсдийнх нь амь нас, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгааг ойлгодог болжээ. Аврагчид наадмын үеэр нэг хэсэг ачаалал ихтэй ажилладаг. Бас наймдугаар сарын хорьдоос есдүгээр сарын эхний долоо хоногт ачаалал ихтэй. Учир нь оюутнууд хөдөө гэртээ амарч ирээд ангийнхантайгаа нийлэх үедээ голын эрэг бараадах нь их. Ингэж яваад усанд осолдох магадлалтай байдаг гэнэ. Эдний бүлгийнхэн долдугаар сарын 13-нд Баянзүрхийн товчооны орчим усанд боогдоод байсан гурван иргэний амь насыг аварчээ. Маргааш нь бас хоёр хүний амийг аварсан байх жишээтэй. Харин машин тэрэг уснаас гаргах бол өдөр тутмынх нь ажил. “Ланд” унасан нөхдүүд машиндаа эрдэн ямар ч гарамгүй газраар гол гатлах гэж байгаад урсдаг гэнэ. 

Аврагчид хүний амь нас аварснаараа бахархана. Живж буй хүнийг гаргаж ирээд судсыг нь бариад үзэхэд цохилж байвал бөөн баяр. Мэддэг чаддаг бүхнээ л хийнэ. Залгисан ус нь гараад амьсгалаад эхэлвэл түүн шиг том баяр бахдал гэж үгүй. Анги дээрээ байхад дуудлага ирээд машиныхаа хурдаар давхиад очиход өнгөрчихсөн байвал нэг хэсэгтээ л хэцүүддэг гэсэн. Хоорондоо юу ч ярихгүй, дүнсийсэн нөхөд буцна. Аравхан, эсвэл тавхан минутын өмнө ирэх боломж байсан болов уу гээд л шаналчихдаг ажээ. Харин дуудлага аваад хөдлөхөд ихэнх машин зам тавьж өгөхгүй. Зэрэгцээд л уралдаад байна уу гэхээс, тэнд хүний алтан амь эрсдэх гэж байна гэдгийг ойлгодоггүй ажээ. 

Баянзүрхийн товчооны гүүрнээс Маршалын гүүр хүртэл цаг гаруй хугацаанд хөвж ирэв. Ингэж явахад голын ус ямар их байгааг мэдрэх юм билээ. Ямар ч усгүй, эрэг байсан газраар үерлэсэн гол урсаж байна. Туул голын эрэг дагуу байх хэдэн амралтын газрын ихэнх нь усанд автчихаж. Голын усыг боох, усыг шавхах зэрэг арга хэмжээ авч байв. Завьт эргүүлийнхэн Баянзүрх дүүргийн XX хороо буюу Хар усан тохойгоос Яармагийн гүүр, цаашлаад Биогийн модон гүүр хүртэл хэсэгчилсэн эргүүл хийдэг ажээ. Есдүгээр сарын аравд хүртэл ингэж ажиллах юм байна. 

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Он цагийн хамгийн шилдэг бие хамгаалагч

Чонотой бүжиглэгч, Бие хамгаалагч, Усан ертөнц зэрэг олон киногоороо бидний танил болсон Кэвин Костнэрийн хамгийн сүүлд тоглосон 3 Days to Kill адал явдалт, тулаант төрлийн кино Юнивишний Hollywood Box-т нэмэгдлээ. Ингээд тус киноны гол дүрийн жүжигчид болох Кэвин Костнэр, Амбэр Хөөрд нартай хийсэн ярилцлагыг толилуулъя. 

Люк Бэссон, Ади Хасак нарын зохиолоор Мак Жигийн найруулсан 3 Days to Kill кинонд хувийн ажил, амьдралаа зохицуулан авч явахаар оролдож буй тусгай ажилтан Итан Рэннэр (Кэвин Костнэр)-ийн талаар өгүүлдэг. Ажлаа орхихоор нэгмөсөн шийдэж, арваад жил хол хөндий харьцаатай байсан эхнэр, охин хоёртойгоо хамт байхаар шийдсэн тусгай ажилтан Рэннэр чөлөөнд гарахаасаа өмнө эцсийн даалгавраа биелүүлэх ёстой болно. Дүрүүдэд Амбэр Хөөрд, Хэли Стэнфилд, Конни Нилсон нар тогложээ.


-Кэвин, энэ киноны тулааны хэсгүүд танд ямар байв?

-К.К: Би зарим хэсэгтээ орлон тоглогчгүй тоглохыг оролдож байгаа. Би орлон тоглогчтойгоо аль хэсэгт нь түүнийг тоглуулбал болох талаар ярилцсан юм. Тэгээд тоглох ёстой хэсэг дээр нь очтол тэр надад намайг хийхэд болох юм гэж хэлсэн. Тэр айгаад байгааг би мэдсэн л дээ. Тэгэхээр нь би чадахгүй гэдгээ шулуухан хэлсэн. Азаар би шинэ орлон тоглогчтой болж тэр нөгөө хэсэгт тоглосон. Кинонд машин жолоодох, морь унах, охиноо аврах гээд янз бүрийн хэсэг бий. Энэ үед орлон тоглогч нарын тоглох хэсгүүдийг тодорхой заасан байдаг. Би түүнд нь тохируулж тоглох ёстой. Хэрвээ би алдаа гаргавал амиа ч алдаж болно. Тийм болохоор бүгдийг тун нарийн ажиглах ёстой. 

-Кинонд Итан ажил, амьдралаа тэнцвэртэй байлгахаар оролдож байгаа талаар гардаг. Хэрвээ та ийм ажил хийдэг бол энэ бүхнийг яаж зохицуулах байсан бол?

-К.К: Итан бүсгүйчүүдтэй холбогдохоороо нэг тийм өөртөө итгэлгүй гэмээр болчихдог. Би бас нэг тиймэрхүү. Кинонд нэг тийм хошин өнгө аяс тодорхой хэмжээгээр заавал байх учиртай. Энэ их чухал. Итаны хувьд тэр ажил мэргэжилдээ тун чадварлаг хүн ч амьдрал дээрээ бол тийм биш.

-А.Х: Кинон дээр Итан бид хоёрын харилцаа тун сонирхолтой. Энэ байдал нь бидний дүрийг бие биеийнх нь эсрэг болгож чадаж байгаа юм. Итан бол үнэхээр туршлагатай, чадварлаг ажилтан. Дарга нарынхаа хувьд тэр ахмад дайчнаас ялгаагүй. Харин Виви бол цоо шинэ арга барилтай хүн. Тиймээс тэр хоёр хоорондоо таарч тохирохгүй зүйл олон гарна. Үнэндээ тэр хоёр өстөн дайснаас ялгаагүй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох иймэрхүү харьцааг кинон дээр тэр бүр гаргаад байдаггүй. Найруулагчийнхаа яг төсөөлснийг гаргаж чадсандаа би үнэхээр баяртай байна. 

-Амбэр, танд тусгай ажилтан, хөлсний алуурчны дүрд тоглох ямар байв?

-А.Х: Вивигийн дүрээс намайг хамгийн их татсан зүйл нь ийм хүн бодит амьдрал дээр байдаггүй. Тэр бидний амьдарч байгаа ертөнцөд амьдардаг хүн биш. Бусад дүрийн ертөнцөд ч амьдардаггүй. Энэ нь л миний Вивигийн дүрд дурлах болсон шалтгаан. Бас тэр бусдыг урхидан татах чадвартай, гэхдээ энэ нь түүний гол чадвар биш л дээ. Мэдлэг, сэтгэлийн хүч, бусдын нөлөөнд авталгүйгээр ажлаа дээд зэргээр хийх нь түүний хамгийн чухал чадвар. Түүнийг ямар хүн болохыг илтгэх олон зүйл бий. Хүнийг урхидан татах нь түүний хийж чадах үй түмэн зүйлийн ердөө л нэг хэсэг. Энэ байдал нь өөрт нь огтхон ч саад болдоггүй. Тэгээд ч би хуримын даашинз өмсөхөөс буудалцсан дүрд тоглохыг илүүд үзнэ. Надад энэ нь илүү сонирхолтой.

-Кэвин, та хүүхдүүдээсээ болоод нэг хэсэгтээ жүжиглэхгүй гэж мэдэгдэж байсан. Гэсэн атлаа та өмнөхөөсөө олон кинонд тоглож байх шиг. Тэгэхээр та шийдвэрээ өөрчилсөн гэсэн үг үү?

-К.К: Би одоо маш их ачаалалтай ажиллаж байна. Одоо би жүжиглэх тал дээр өмнөхөөсөө илүү сайжирсан мэт санагдаж байгаа. Бусадтай харьцуулахад би арай удаан сурдаг хүн. Ямар нэг дүр бүтээхдээ судалж багагүй хугацаа зарах хэрэгтэй болдог. Зураг авалтын эхний өдөр талбай дээр ирээд л ямархуу кино болохыг гадарладаг. Би өөрийгөө ч бусад жүжигчдийг ч ямархуу чадвартай гэдгийг мэднэ. Сайн жүжигчин бүрийн хийдэг бүхнийг би хийж чадна. Хүүхдүүд маань балчир байсан болохоор би өмнө нь тэгж хэлж байсан. Хүүхдүүдээ төрснөөс хойш хэд хэдэн кинонд тоглолоо. Би кино бизнест дуртай, бүр үнэн голоосоо дуртай.

-Та жүжигчний зэрэгцээ Оскарын шагналт найруулагч хүн. Найруулагч Кэвин Костнэрийг та жүжигчин Кэвин Костнэрээс хэр өөр гэж бодож байна? Найруулагч Мак Житэй ажиллах ямар байв?

-К.К: Надад амар байдаг. Би түүн шиг олон зүйлд санаа зовдоггүй. Гэхдээ надад түүнээс сурууштай зүйл олон байгааг сая ажиглалаа. Би жүжиглэх ёстой бол түүнийгээ л хийнэ. Харин найруулагч болсон үедээ жүжигчдэдээ “Надад таагүй өдрүүд тохиодог шүү. Тэр үед хамгийн сайнаараа ажиллаарай” гэж хэлдэг. Кино хийж байх үед бүхий л амьдралаа түүндээ зориулах хэрэгтэй болдог. Хэрвээ найруулагч надад “Наадах чинь арай л болохгүй байна” гэвэл би илүү сайн тоглохыг оролдоно. Тэр үед би дасгалжуулагчаасаа зөвлөгөө авч буй тамирчнаас ялгаагүй. Найруулагч бол дасгалжуулагч. Дасгалжуулагч надад юу хий гэж хэлнэ би түүнийг л хийнэ шүү дээ. 

-Киноны хэд хэдэн хэсэгт хөгжилтэй ярианууд байсан. Та нар тоглохдоо өөрсдөө нэмчихсэн үү, эсвэл кино зохиол дээрээ анхнаасаа бичигдсэн байсан уу?

-К.К: Зохиол дээрээ бичигдсэн байсан. Найруулагч киногоо ямар байлгахыг хүсч байгаагаас үүдэж тиймэрхүү хэсгүүд оруулсан болов уу.

-Кэвин, Амбэр та хоёрт баярлалаа. Шинэ кинонд чинь амжилт хүсье.

3 Days to Kill


Тагнуулын төв газрын тусгай ажилтнаар олон жил ажилласан Ethan Renner зэвсгийн наймаачин “Чоно” хочит гэмт хэрэгтнийг барихаар оролдоно. Ажлаасаа болж гэр бүлээсээ салсан Renner өөрт нь амьдрах хугацаа багахан үлдсэнийг мэдээд Парист очиж салсан эхнэр хүүхэдтэйгээ харилцаагаа сэргээхийг оролдох ч энэ удаад түүний ажил бас л саад болох аж.

Rio 2


Blu, Jewel хоёр Рио хотноо хөгжимд дуртай Carla, номын хорхойтон Bia, дэггүй Tiago гэсэн гурван дэгдээхэйтэйгээ аз жаргалтай амьдарч байлаа. Тэдний хуучин эзэд Амазонд хийх аяллын үеэр тохиолдсон явдлыг дуулсан даруйдаа Jewel очиж туслахаар шийднэ. Эхнэрийнхээ шийдвэрт анхандаа дургүй байсан ч Blu гэр бүлээрээ тийш явахаар болов. Харин тэднийг Амазонд төсөөлөхийн аргагүй адал явдал хүлээж байсныг гадарласан ч үгүй.

Та бүхэн эдгээр киног монгол дуу оруулалттайгаар Юнивишний Hollywood Box-оос үзээрэй.

Categories
мэдээ цаг-үе

Т.Мэндсайхан: АТГ шүүгчийг шалгах эрхтэй гэдгээрээ дарамтлах, нөлөөлөх магадлалтай

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа. 


Хямралын талаар иргэд эерэг ойлголттой, хүлээлттэй байна

-Энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс харахад Шүүхээр шийдсэн захиргааны хэргийн тоо өсчээ. Төр, захиргааны албан хаагчид хууль зөрчиж, иргэдийг хохироох нь ихэссэн гэсэн үг үү?

-Иргэдийн шүүхэд итгэх итгэл өссөний нэг үзүүлэлт байх. Шүүхэд хандаж эрхээ хамгаалуулж болдог юм байна гэж итгэсний үндсэн дээр энэ тоо өссөн гэж үзвэл эерэг үзүүлэлт л дээ. Нөгөө талаар захиргааны байгууллага муу ажиллаад, муу шийдвэр гаргаад байгаа учраас иргэд шүүхэд хандаж байж ч мэднэ. Захиргааны хэргийг бүтцээр нь харахад газрын маргаан, төрийн албанаас халсан чөлөөлсөн гэх маргаан голлох хувийг эзэлж байна. Нийслэлд газартай холбоотой нэлээд хатуу арга хэмжээ авсан. Хүчингүй болгосон, эзэмших эрхийг нь цуцалсан олонхи шийдвэр шүүхэд ирж байх жишээтэй. Сонгууль өнгөрөөд хоёр жил болж байгаа учраас төрийн албатай холбоотой маргаан харьцангуй багассан байх учиртай. Тиймээс газартай холбоотой маргаан өссөнөөс эхний хагас жилийн байдлаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өссөн гэдэг үзүүлэлт гарч байгаа юм.

-Захиргааны хэрэг өссөн бол иргэний хэрэг буурчээ. Олон улсын жишгээр эдийн засаг хямарсан үед иргэд шүүхээр асуудлаа шийдүүлэх нь ихэсдэг. Манайд эсрэгээрээ байгааг харахад эдийн засгийн хямрал иргэдэд төдийлөн нөлөөлөөгүй гэсэн үзүүлэлт үү?

-Эдийн засгийн хямрал болж байгааг шүүхийн тоо баримтаас хардаг. Хүмүүс эдийн засгийн хямралд орж санхүүгийн маргаан гарахаар шүүхэд хандах нь ихэсдэг. Тэр утгаараа хямралын үед шүүхийн маргаан өсдөг. Банкнаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахаа болих, гэрээний дагуу төлбөрөө төлж чадахгүйд хүрэх зэргээс үүдэж шүүхэд ханддаг. Харин эдийн засаг өсөлттэй байгаа үед хүмүүсийн хооронд эрүүл хэлэлцээрүүд явагддаг. Энэ оны эхний хагас жилийн шүүхийн тоон баримтаас харахад эдийн засгийн хямрал байгаа нь нотлогдохгүй байна. Нөгөө талаас иргэд хямралтын талаар эерэг ойлголттой, богино хугацааных гэсэн хүлээлттэй байна. “Намраас эдийн засаг гайгүй болчих байлгүй, маргаад яах вэ” гэх зэргээр хямралд зохицох, хүлээх хандлага байгааг тоон баримт харуулж байна.

-Цөөнгүй барилгын ажлыг зогсоосон. Ер нь хөрөнгө оруулалт зогссон, царцсанаас үүдсэн гомдол шүүхэд олон байна уу?

-Тоон дүнгээрээ тийм маргаан багасчихаад байгаа.  Ямар ч байсан эхний хагас жилийн байдлаар шүүхийн тоон баримтад мэдрэгдсэнгүй. 

-Шүүхэд эвлэрүүлэн зуучлагч ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэр бүлийн маргааныг эвлэрүүлсэн тоон дүн өссөн болов уу?

-Хөдөлмөрийн маргаан, иргэний эрх зүйн зарим маргаан, гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлагчаар шийдэгдэх магадлал өндөр болсон. Эхний зургаан сарын байдлаар эвлэрүүлэн зуучлагч 1923 маргааныг хүлээж авснаас 50 хувь нь эвлэрсэн байна. Эвлэрээгүй олонхи хэрэг нь гэр бүлийн маргаан байна. Сүүлийн үед гэр бүлийн маргаан ихэссэн, эвлэрэхгүй байгаа нь “Шинээр гэр бүл болсон иргэдэд 500 мянган төгрөг өгөх” улс төрийн шийдвэртэй холбоотой нь харагддаг. Энэ шийдвэр хэрэгжсэнээс хойш сүүлийн хоёр, гурван жилийн хандлагыг харахад гэр бүлээ цуцлуулах маргаан өссөн. 500 мянган төгрөг авах гэж хуурамчаар гэр бүл  болсон иргэд гэрлэлтээ цуцлуулах, хамт амьдарч байгаа нь таарч тохирохгүй болох зэрэг асуудал үргэлжилсээр байна. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг багассан уу?

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйчүүд, хүүхдийн тоо эрс багассан.  Өнгөрсөн оны сүүлээс эхлэн энэ талаар шат, шатандаа ярьсны дүнд ийн эерэг үзүүлэлт гарч байна.

Эхний хагас жилийн байдлаар 3401 хүн хорих ял авсан

-Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргээс нийгмийн байдлыг тодорхойлдог юм билээ. Манай улсын эрүүгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 9.4 хувиар өссөн. Гэмт хэргийн хохирогч болсон  хүмүүсийг ангилбал, хүнд гэмтэл авсан хүний тоо 27 хувиар, хүндэвтэр 22 хувиар, амь насаараа хохирсон хүмүүсийн тоо 11 хувиар өссөн ноцтой тоо баримт гарсан. 

-Зах зээлийн эхэн үед сургуулиас завсардсан, эцэг эхийн хараа хяналтаас хол өссөн хүүхдүүд насанд хүрч хүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдэх боллоо гэх юм. Ихэвчлэн ямар боловсролтой, хэдий хэр насны хүмүүс эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол?

-Ажил, сургуульгүй хүмүүс 2716 буюу нийт ял шийтгүүлсэн хү­мүүсийн 61 хувийг эзэлж байна. Боловсрол эзэмшээгүй, ажилгүй байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт анхаарахгүй бол гэмт хэрэг буурахгүй байх магадлал байна. Насны хувьд эхний хагас жилийн байдлаар 18-29 настай 2000 орчим залуу эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн. 

-Хагас жилд сурч боловсрох, хийж бүтээх насны 2000 залуу шоронд орно гэдэг ноцтой үзүүлэлт болов уу. Ер нь хагас жилд хичнээн хүн шоронд орсон хэрэг вэ?

-Эхний хагас жилийн байдлаар 3401 хүн хорих ял шийтгүүлсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс өссөн үзүүлэлт. Зургаан сарын дотор 3401 хүнийг шоронд хийгээд байвал Монголын нийгэм тэр чигээрээ шоронжих гэж байгаа мэт харагдаж байгаа биз. Эрүүгийн хууль хатуу, нийгмийг шоронжуулж байна гэх шүүмжлэл ортой болохыг энэ тоо харуулж байгаа. 3401 хүнээс нэг жил хорих ял авсан 321, 1-3 жил 1348, 3-5 жил 945 хүн гэх мэтчилэнгээр 15-20 жил 53, 20-25 жилийн ял авсан 24 хүн байна. 

-Гэмт хэргээс үүдэж 11.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний найман тэрбум нь иргэдийг хохироосон хохирлын үзүүлэлт гэсэн тоон баримт гарчээ.  Хүний амь хохироосон бол эдийн засгийн хохирлыг яаж тогтоодог юм бэ. Шүүхийн практикаас харахад оршуулгын зардал л гаргадаг бололтой юм билээ?

-Өнөөдөр хүний амь нас, эрүүл мэндийг үнэлэх тогтсон практик байхгүй. Хүний амь хохирсон тохиолдолд оршуулгын болон нэмж гаргасан зардлуудыг шүүх гэм буруутай этгээдээс гаргуулдаг. Түүнээс хохирогчийн ирээдүйд олох байсан орлого, хүнээ алдсанаас ар гэрт нь учирсан сэтгэл санааны хохирол зэргийг шүүх бүрэн үнэлж чадахгүй байна. Шүүгчдийн тухайд “Нотлох баримтуудаа гаргаад ирвэл шийдвэр гаргаж болно” гэж ярьдаг. Хуулиараа ч эдийн болон эдийн бус хохирлыг аль алийг нь нэхэмжлэх боломжтой. Иргэний хуулийн дагуу шийдэх боломж байгаа ч Монголд бүрэн хэрэгжихгүй байгаа. Олон улсад судалгааны байгууллагууд хохирлыг үнэлэх хэмжүүр, шалгуурыг гаргадаг. Эрүүл мэнд, даатгалын байгууллагууд хамтраад хүний эрүүл мэнд, амь насыг үнэлэх аргачлалууд гаргачихсан байдаг. Харамсалтай нь манай улсад тийм зүйл байхгүй. Цаашид Шүүхийн хүрээлэн аргачлал гаргаад, шүүхийн зөв практик тогтоочих боломжтой. Иргэдэд учруулсан найман тэрбум төгрөгийн хохирлын тухайд эд хөрөнгийг залилсан, гэмтээсэн, устгасан зэрэг асуудал байгаа. 

Шүүгчид хуулийг өөр, өөрөөр хэрэглэдэг 

-Шүүхээр шийдэгдсэн хэргийн дүнг харахад анхан шатны шүүхийн шийдвэрийн бараг тал нь давж заалдах шатны шүүхэд өөрчлөгджээ. Хяналтын шатанд ч давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тал нь өөрчлөгдсөн байна. Шүүгч хэргээ мухарлаж шийдэж чадахгүй байна уу. Өмгөөлөгчид дутуу ажиллаад байгаагийн үзүүлэлт үү?

-Өмгөөлөгч, хариуцагч, нэхэмжлэгчийн оролцоо анхан шатны шүүхэд сул байсан байх магадлалтай. Гэхдээ ийм тохиолдол бага болов уу. Харин шүүгч хэрэг маргааныг шийдэхдээ нотлох баримтыг үнэлэх, хуулийг хэрэглэхдээ өөр өөрөөр ханддаг. Хоёр хуулийг хоёр янзаар тайлбарлах асуудлаас үүдэлтэй байх. Анхан шатны шүүгч хуулийг нэг хэрэглэдэг, давж заалдах шатных нь шүүгч өөрөөр хэрэглэдэг байх жишээтэй. 

Нотлох баримтын үнэлгээг заавал мэргэшсэн шүүгч ч биш жирийн иргэд ч хийдэг. Тиймээс ч зарим улсад иргэдийн төлөөлөгчдөд нотлох баримтыг үнэлж, үйл баримтын талаар дүгнэлт гаргах эрхтэй. Манай улсад ийм жишиг тогтоох гэсэн боловч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хориглосон. Нотлох баримтыг анхан шатны шүүгч нэг янзаар, дараагийн шатны шүүгч өөрөөр харснаас үүдэж өөр өөр шийдвэр гаргадаг. Тиймээс шүүхийн тогтолцоон дээр анхаарах ёстой. Ялангуяа үйл баримтын маргааныг анхан шатны шүүх дээр эцсийн байдлаар шийддэг, дараагийн шатанд хуулийн буруу хэрэглээг засч залруулах тогтолцоо руу орох шаардлага бий. Шүүх хууль тайлбарладаг учраас давж заалдах шатны шүүхийн тайлбарыг анхан шатан дээр хэрэглэдэг болчихвол маргаан бага гарна. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэглээн дээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрээ илүү хардаг болгомоор байдаг. Мөн хяналтын шатны шүүхийн эрх, үүргийг ч илүү тодорхой болгох ёстой. Нөгөө талаар хуулийг олон янзаар ойлгож, хэрэглэх нөхцөл бүрдчихсэн. Тиймээс хууль тогтоогчид хуулиа зөв батлах ёстой. Олон утгатай хууль баталчихаар хүн бүр өөрөөр хэрэглээд байх жишээтэй. Бас хуулийн шинжлэх ухаан маш сайн хөгжсөн байх ёстой. Ингэж сайн хөгжсөн онолын дагуу хуулиа сайн бичиж батлахаар хууль нэг мөр хэрэглэх асуудал хайрцлагдаад ирнэ. Энэ мэт шийдэх асуудал байна. Тиймээс тоон мэдээн дээр үндэслэн хэлэлцүүлэг хийгээд саналуудаа нэгтгэхээр төлөвлөж байна. 

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгчдээс нөлөөллийн мэдүүлэг авдаг болсон. Өнгөрсөн хугацаанд шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого гарав уу?

-Шүүгчдээс таван нөлөөллийн мэдүүлэг ирүүлжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар гурван хүнийг шүүхэд нөлөөлөхийг завдсан гэдэг үндэслэлээр торгох арга хэмжээ авсан.  

-Ямар байдлаар шүүгчид нөлөөлөхийг завдсан бэ. Утсаар ярьсан уу. Эсвэл ганцаарчилж уулзахыг завдсан юм болов уу?

-Шүүх хуралдааны явцад шүүгчтэй уулзахыг оролдсон. Мөн дарамтлах ч гэх юм уу байдлаар нөлөөлсөн оролдлого гарсан. Харин утсаар ярих, ганцаарчилж уулзахыг завдсан тохиолдол гараагүй. Тамгын газраас шүүгчтэй шууд уулзах боломжийг хааж байгаа. Заавал хэргийн хоёр тал хамт байж уулзах зэрэг зохицуулалт хийсэн. Харин ажлын цагаар гар утсаа ажиллуулахгүй байх, хуралдааны танхимд гар утасны сүлжээ сааруулагч тавих зэрэг асуудал яригдаж байна.

-Шүүгч өөрт нь нөлөөлөх гэсэн оролдлогын тухай нөлөөллийн мэдүүлэгтээ бичээгүй тохиолдол гарсан уу?

-Тийм тохиолдол гараагүй.

-Шүүх хуралдаанд шүүгчид гар утсаараа оролдох, цонхоор харах, хоорондоо ярих зэргээр өмгөөлөгч, шүүгдэгчийн үгийг хайхрахгүй байна гэх яриа иргэдийн дунд их байдаг. Шүүгчийн цалин хангамж, халдашгүй байдалд багагүй анхаарч байгаа. Тэр хэрээр хариуцлага ярих учиртай болов уу?

-Бүх шүүхийг дуу, дүрс бичлэгийн хэрэгслээр хангаж байгаа. Шүүх хуралдааныг танхимын гаднаас нь үзэх боломжтой. Мөн хуралдааны бичлэг архивлагдаж үлдэнэ. Үнэхээр шүүгч хайхрамжгүй байсан гэж үзэж байгаа бол Ёс зүйн хороонд хандах эрх иргэдэд бий. Шүүгч оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, төвийг сахисан байр суурьтай байх ёстой. Хэрвээ шүүгч ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцох бүрэн боломжтой. 

-Цагдан хорих шийдвэрийг шүүгч гаргадаг болсон. Гэвч шүүгч зөвхөн прокурорын саналыг дагаж шийдвэрээ гаргаж байна гэх шүүмжлэл бас байна. 

-Цагдан хоригдсон иргэдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад буурсан. Прокурор ямар санал оруулна, түүнийг шүүгч баталдаг гэх шүүмжлэл бий. Үүнийг ч тоон баримт харуулж байгаа. Прокурорын саналаас шүүгч татгалзсан тоон баримт бага байгаа нь ч үнэн. Эхний зургаан сарын байдлаар цагдан хорих зөвшөөрөл олгосон хүмүүсийн 1012 буюу 48.3 хувийг сэжигтнээр 51.6 хувийг яллагдагчаар татах зөвшөөрөл олгосон байна. Насанд хүрээгүй хүнийг цагдан хорьсон тоо 32 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. 

-Шүүгчийг АТГ шалгах эрхтэй болсон. Тиймээс АТГ-ын шалгасан сэжигтэн бүрийг цагдан хорих шийдвэрийг шүүгч гаргаж байна гэх яриа бас бий. Үнэний ортой болов уу?

-Цагдан хорих асуудалд хуулийн дагуу хандая гэдэг зөвлөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан. АТГ, цагдаагийн байгууллагаас хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийж, гэм буруутай мэтээр ярьж шүүхэд дам нөлөөлөхийг оролддог. Дараа нь нөгөө хэргийг шүүх хүлээж авахгүй болохоор “Цагдан хорихгүй байна. Шалгах бололцоо олгохгүй байна” гэх зэргээр шүүхэд нөлөөлдөг. Энэ байдлаа болиоч гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн ч одоогоор тодорхой арга хэмжээ авсан нь мэдрэгдэхгүй байна. Харин бидний зүгээс шүүхэд  цагдан хорих асуудал эрхэлсэн нэг шүүгч ажиллуулахаа больё. Олон шүүгч тохиолдлоор шийдвэрлэдэг болъё гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр АТГ-аас ирдэг дарамтууд багасах магадлалтай. АТГ шүүгчийг шалгах эрхтэй учраас зарим тохиолдолд шүүгчид хэрэг үүсгэх, тодорхой хэмжээгээр дарамтлах асуудал мэр сэр гарсан тохиолдол бий. Энэ байдал нь шүүгчид ч дарамттай байдаг бололтой. Өөрийг нь шалгадаг хүн хэрэг бариад ороод ирэхээр шүүгчид нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс цагдан хорионы асуудлыг нэг шүүгч биш тойргийн журмаар шийддэг болъё гэж байгаа юм. 

-Анхан шатны шүүх Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг хэлэлцэж нас барсан хүнийг шүүсэн нь олон нийтэд их муухай харагдлаа. Нас барсан хүнийг шүүх шаардлага байсан гэж үү?

-Нас барсан тохиолдолд хэрэг хүлээх чадваргүй болж байгаа учраас прокурорын саналаар хэргийг нь тусгаарлаад хэрэгсэхгүй болгох бололцоо бий. Огт гарцгүй биш. Гэхдээ тухайн нөхцөлд шүүх чухам яаж үнэлснийг эндээс дүгнэж, тайлбарлах боломжгүй. 

-Шүүгч хараат бус, халдашгүй байх ёстой. Гэтэл зарим хэрэг дээр өмгөөлөгч Ёс зүйн хороонд хандаагүй атлаа илт шүүгчийг буруутгаж мэдээлэл хийх юм. Хамгийн сүүлд Г.Сарангэрэлийн өмгөөлөгч шүүгчийг Х.Тэмүүжин сайдын эсрэг ажиллах зорилгоор үйлчлүүлэгчийг нь цагдан хорьсон тухай асуудал ярьсан. Үүн дээр шүүгчийнхээ халдашгүй байдлыг хамгаалах боломж байгаа биз дээ?

-Гомдолтой байгаа хүмүүс Ёс зүйн хороонд хандах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ажилладаг. Үнэхээр тэр шүүгч хараат бус байдлаар ажиллаж байхад нь нөлөөлөх гэж оролдсон уу гэдэг асуудал дээр бид шүүгчид туслах үүрэгтэй. Тиймээс ч бид шүүгчийн хараат бус байдлыг хангах тал дээр анхаарал тавьж байгаа. Ёс зүйн хороо шүүгчийг хараат бусаар ажилласан гэж үзвэл нэр төрийг нь сэргээх асуудал ч яригдана. 

-Тойргийн шүүх ажил­ладаг болсноос болж мөр­дөн байцаагч, яллагч сум дамжиж ажилладаг болсон гэж Ерөнхий прокурор шүүмжилж байсан. Иргэдэд ч хүндрэлтэй байх шиг. 

-Прокурор хэргээ бариад явахаас өөр аргагүй. Харин хэргийн оролцогчид орон нутгаасаа цахимаар холбогдоод өөр суманд болж байгаа шүүх хуралдаанд оролцох боломжийг нээж байгаа. 

-Тойргийн шүүхтэй болсноор шинээр шүүхийн цөөнгүй байр барихаар болсон. Шинээр шүүхийн байр барьсан уу?

-Хуулиараа Дээд шүүхтэй нийлээд 79 шүүх байгуулагдсан. Шүүх бүр тусдаа байртай байхаар хуульчилсан. Гэвч шинээр нэг ч шүүхийн барилга бариагүй байна. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Л.Сандагдорж: Нуруу урт, хөл майга, тэсвэр, тэвчээртэй учраас монгол хүн хөлбөмбөг гаргуун тоглож чадна

Үндэсний баяр наадмын өмнөхөн гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Л.Сандагдоржтой ярилцлаа. Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөөх түүний хагас зуун жилийн хөдөлмөрийг ийн төр засаг үнэлсэн юм. 

-Та хаана төрсөн, аль нутаг усны хүн билээ?

-Би Улаанбаатарын унаган иргэн. 1937 онд төрсөн. Миний аав Лувсандорж гал командын жолооч байв. 1939 онд Халх голд холбооны шугам тавьж яваад бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдсан. Миний ээж Дулам хүнсний дөрөвдүгээр дэлгүүрт худалдагч хийдэг байлаа. Эцгийгээ өнгөрсний дараахан ээжтэйгээ Төв аймгийн Лүн сумын долдугаар багт очиж гурван жил хэртэй амьдарсан. 1943 оны намар сургуульд орох болсон чинь миний талийгч эцгийг лам байсан, дээр нь эсэргүүний хамаатан гээд сургуульд бүртгээгүй юм даг. Эсэргүүний хамаатан гэдэг нь авга ах Найданжав маань уурын тэрэгний хэлтсийн анхны даргаар ажиллаж байгаад 1938 оны арванхоёрдугаар сард эсэргүү хэмээн буруутгагдаж буудуулсантай л холбож байгаа хэрэг. 1944 оны намраас оёдлын гуравдугаар артелийн харьяа цэрэг хувцасны тасаг нээгдэхэд Бавуудорж гэдэг хүн дарга нь болсон. Тэднийх манай хөрш байсан юм. Бавуудорж гуайн эхнэр нь гэртээ цэрэг хувцас хийдэг уйгагүй хөдөлмөрч хүн байв. Тэр хүний дэргэд хувцасны бүч, зарим шулуун оёдол хийж сурсан. Энэ мэт ажлыг хар бор гэж гололгүй хийж өссөн дөө. 

 -Хөлбөмбөгт хэдийнээс шимтэн хорхойсох болов?

-Анх 1944 онд Нисэхийн засварын газар ажилладаг хоёр орос хүн хөлбөмбөг тоглож байхыг нь харсан. Хоёр шонгийн завсраар бөмбөг оруулдаг болохоор нь хөлбөмбөгийг тухайн үедээ “хаалга гаргах” гэж нэрлэдэг байсан. Тэр хавийн хүүхдүүд ч тэр хоёрыг дуурайж атгын чинээ жижигхэн резинэн бөмбөгөөр хаалга гаргаж тоглоно. Харин 1945 оны намар Халх голын дайн дуусч, цэрэг эрс халагдаж ирээд Нисэхийн хөлбөмбөгийн шигшээ багийг дахин байгуулсан. Ухаандаа дайнаас өмнө хөлбөмбөг тоглодог байсан юм билээ. Тухайн үед хөлбөмбөг мундаг тоглодог Дамдинжав гэдэг хүн байлаа. Хөлбөмбөгийн хаалганы торыг нь үүрээд хаана л тоглоно тэр газар нь дагаад явна. Тоглолт бүрийг нь шимтэн үзсээр нэг мэдэхэд хөлбөмбөгчин болсон. 

Хөлбөмбөг тоглож эхлэхээс өмнө хоккей тоглодог байлаа. 1952 онд хоккейн Улаанбаатар хотын аварга болдог жилд сургуулийн аваргын тэмцээний үеэр Соёл нийгэмлэгийн дарга Намдагсүрэн бидний тоглохыг харчихаад заримынх нь нэр сургуулийг бичиж аваад явсан. Тухайн үедээ эсэргүү энэ тэр гээд шалгаж барих гэж байгаа юм байх даа гэсэн шүү юм бодогдоод эмээж л байлаа. Хэд хоногийн дараа сургуулийн захирал Отгон, Сэдэд бид гурвыг дуудаад “Соёл нийгэмлэг дээр очиж Намдагсүрэн даргатай уулз” гэсэн. Яваад очтол өнөөх бидний нэрийг бичээд явдаг хүн маань “Та нар Соёл нийгэмлэгийн хөлбөмбөгийн хоёрдугаар шигшээ багт тогло. Бэлтгэл хийж байгаад наадмын тэмцээнд орно шүү” гээд бөмбөг өгсөн. Бид ч хоёр багт хуваагдаад л тоглодог байлаа. Тэрхэн үедээ амихандаа бэлтгэл хийгээд л байгаа хэрэг шүү дээ. Одоо бодоход буруу зөвгүй хаалга руугаа өшиглөж, хөлсөө гартал тоглодог байж. Одоогийнх шиг системтэй, дэс дараалалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл хийдэггүй байсан. Тухайн үед тийм орчин нь ч бүрдээгүй байсан цаг. Тэмцээндээ “Хилчин” нийгэмлэгийн багийг хожчихоод “Ард” хоршооны багт хожигдоод хасагдаж байлаа. Харин дараа жил нь хоёрдугаар байрт шалгарсан. 1954 оны есдүгээр спартакатад ороод мөнгөн медаль хүртэж, 1955 онд улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээний аварга болсон. 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойгоор Алдар нийгэмлэгийн багт тоглож хоёрдугаар байрт орлоо. 

-Уг нь таныг конкурсдээд Их сургуулийн физикийн ангийн хуваарийг авсан хэрнээ сургууль биш хөлбөмбөгөө сонгосон гэх юм билээ?

  -Тэр үнээн. Багш дасгалжуулагч нар ч намайг их ятгасан. Тэгээд ч задгай талбай, зуслан, спорт заалны алинд ч хөлбөмбөгөө л тоглож байвал надад түүн шиг аз жаргал байгаагүй. Хамаатан садан найз нөхөд маань гудамжинд бөмбөг өшиглөхөө дээд боловсролтой сэхээтэн болохоос дээгүүрт тавилаа гээд дургүйлхэж л байсан. Гэсэн ч би хүсэл мөрөөдлөө дагаж Оюутан залуучуудын хөлбөмбөгийн дугуйланд шалгалт өгч тэнцээд орсон. Харин 1956 оны өвөл Лхагвасүрэн жанжны тушаалаар Биеийн тамирын хорооны дэргэд 15 хүний бүрэлдэхүүнтэй хөлбөмбөгийн шигшээ баг байгуулахаар болсон. Тэрхүү шигшээд би хагас хамгаалагчаар тоглож, намраас нь цалин авч эхэлсэн. Ухаандаа мэргэжлийн хөлбөмбөгчин болж байгаа юм уу даа. Ингээд л 1956 1968 он хүртэл улсын болон армийн шигшээ багт тоглосон. 1959 оноос улсын шигшээг арми руу шилжүүлж армийн шигшээ баг болгосон юм. Энэ үед хөлбөмбөгийн аварга шалгаруулах хот, бүс, улсын чанартай тэмцээнд дандаа л түрүүлдэг байлаа. 

-Улс хотын чанартай тэмцээнд шигшээ баг нь илт давуу хожих нь тодорхой. Өөр орны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх эсвэл олон улсын тэмцээнд оролцож байж ур чадвараа ахиулна. Танай шигшээ баг олон улсын чанартай тэмцээн уралдаанд ямар амжилттай оролцдог байв?

-1959 оноос 1973 оны хооронд Зөвлөлтийн Өвөр байгалийн цэргийн тойргийн багтай харилцан зочилж нөхөрсөг тоглолт хийдэг байв. Тэдний талбай дээр хожигдлоо гэхэд өөрсдийнхөө талбайд буулгаж авдаг байлаа. 1993 онд Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд орох хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэмцээнд орох хүмүүс маань бэлтгэлдээ ирдэггүй. Ажил төрөлтэй хүмүүст амралт чөлөө олдоход бэрх. Бэлтгэлээ олигтой хийгээгүй юм чинь тэр тэмцээнд яаж ч амжилттай оролцох билээ дээ. Эхний тоглолтдоо Хятадын шигшээ багт зургаа нэгээр хожигдсон. Харин Макаогийн багийг дөрөв гурваар хожоод зургаан орноос тавдугаар байрт шалгарсан. Дараахан нь Тайландад болох Зүүн Азийн арвангуравдугаар тоглолтод оролцох багийг бэлтгэх үүрэг надад өгсөн. Тухайн үед нь би “Хонь хариулдаг мориор уралдаанд сойсон хүлэгтэй уралдахтай л адил юм болно доо” гэж хүртэл хэлж байсан. Байнгын бэлтгэлтэй багтай тэмцээн дөхөхөөр л ажил төрлөөсөө чөлөө аваад ганц сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд бэлтгэл хийгээд тоглоход хожил хэний талд байх нь мэдээж шүү дээ. Гэхдээ ингэж гадны багтай тоглох болсноор бидний ур чадвар сайжирсан шүү. 

-Хөлбөмбөгийн төрөлд тив дэлхий, олон улсад амжилт гаргаагүй учраас энэ спортоор монгол хүн угаас амжилт гаргаж дөнгөхгүй, бидэнд тохирохгүй спорт хэмээн санах хүмүүс цөөнгүй байдаг шиг санагддаг? Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Монгол хүн хөлбөмбөгийг гайхамшигтай уран чавдарлаг тоглох боломж бүрэн бий. Бүр 1973 онд ЗХУ-ын сурган хүмүүжүүлэх ухааны доктор энэ чиглэлээр судалгаа хүртэл хийсэн байдаг юм шүү. Нуруу урт, хөл майга, тогтвор сайтайгаас гадна тэсвэртэй, хүчтэй учраас монгол хүн хөлбөмбөг тоглохдоо гаргуун болж болно. Гагцхүү ойрын зайн хурд, техникээ сайжруулах хэрэгтэй хэмээн судалгааны дүн гарсан байдаг. 1958 онд ардчилсан Солонгосын шигшээ баг манай багтай тоглоход эхний тоглолтод нэг нэгээр тэнцээд, дараагийн тоглолтдоо нэг тэгээр хожигдсон. Тэгсэн өнөөх шигшээ баг чинь 1966 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд эхний наймд шалгарч байсан. Хятадын шигшээ багтай өгөө аваатай тоглодог байлаа. Бэлтгэл сургуулилтийг сайн хийвэл хөлбөмбөгөөр амжилт гаргах бүрэн бололцоотой. Бид хэсэгхэн хугацаанд тогтмол бэлтгэл хийгээд л дээрх амжилтанд хүрсэн. 

-Монголын хөлбөм­бөгийн спортын түүхэнд хүүхдийн дасгалжуулагчаар удаан хугацаанд ажилласан тань шиг туршлагатай дасгалжуулагч байхгүй. Таны хувьд хөлбөмбөг тэр дундаа хүүхдийн хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхэд чөдөр тушаа болж байгаа ямар асуудлууд байна гэж боддог вэ? 

-1962 оноос өнөөг хүртэл хагас зуун жил дасгалжуулагчаар ажилласны хувьд сэтгэл эмзэглэдэг зүйл байлгүй яах вэ. Одоо бол хөлбөмбөгийн талбай хүрэлцээтэй, орчин нөхцөл нь сайжирч байгаа ч дасгалжуулагч багш нарын ур чадвар л дутмаг юм уу даа гэж харагдах болсон. Тэдэн дунд улс хотын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, хөлсөө дуслуулж явсан тамирчин тун цөөн. Ихэнх нь хэдхэн долоо хоногийн давтан сургалтаар багшлах үнэмлэхээ авсан байх жишээтэй. Багш дасгалжуулагч нар л ур чадвараа сайжруулбал хөлбөмбөгийн төрөл хөгжихөд маш том түлхэц болно.  

-Та нас сүүдэр 80 дөхөж яваа ч таны хөл хөнгөн, хараа хурц, сонсгол сайн юм. Ийм эрүүл чийрэг байгаагийн нууц нь хөлбөмбөгийн спортоор хичээллэсний ач тус байх тийм үү?

-Уг нь бол би аль 1987 онд тэтгэвэртээ гарсан юм шүү дээ. Ганц хоёр жил “Алдар” нийгэмлэгт цагийн дасгалжуулагч хийж байгаад 1989 оноос Биеийн тамирын хорооны дэргэдэх Спорт сургалтын төвд хүүхдийн хөлбөмбөгийн дугуйлан ажиллуулах болсон. Бүртгүүлэхээр хүүхдүүд ирэх болов уу гэж санаа зовж байтал 200 гаруй хүүхэд цугласан юм. Тэндээсээ шигшиж байгаад гурван насны ангиллаар 45 хүүхэд бүртгэж аваад тав зургаан жил хичээллүүлсэн дээ. 1995 онд “МонСол” хэмээх клубээ ажиллуулж байгаад 1998 оноос Монголын хөлбөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагчаар албан ёсоор ажиллах болсон. Энэ мэтчилэн хөл дээрээ явж, нүдээрээ харж байгаа цагт энэ спортоо хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсээр ирсэн, хийх ч болно. Үүний төлөөс нь эрүүл чийрэг бие бялдар юм даа. 

-Хөлбөмбөгийн ДАШТ-д аль улсын шигшээ багийг дэмжиж байв?

-Нидерландын багийг түрүүлчихээсэй гэж бодож байсан. Хөлбөмбөгийн ДАШТ-ээс гурван ч удаа мөнгөн медаль хүртсэн баг түрүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь төсөөлж байсан хэмжээнд хүртэл тоглож чадаагүй. Бразилийн шигшээ баг аваргын төлөө маш хариуцлагагүй тоглосон. 1958 оны дэлхийн аваргаар Бразилийн шигшээ баг дөрвөн довтлогч, дөрвөн хамгаалагч, хоёр хагас хамгаалагч гэсэн шинэ системээр амжилттай тоглосон. Урдаа дөрөв нь довтолно гэдэг сиймхий л гарвал эсрэг багийн хаалганд бөмбөг оруулдаг “босоо” байлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүн нь ч сайн байсан. Гаренчи, Пеле, Бава, Лагала, Диди нар багийн бүрэлдэхүүнд байсан. Энэ жилийнх шиг ганцхан хүн дээр довтолгоогоо төвлөрүүлж тоглодоггүй байсан. Тэр нь (Нэймар) бэртчихээр тэгээд л тоглолт нь унах жишээтэй. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
америкийн-монголчууд булангууд мэдээ цаг-үе

Монгол орон танаас эхэлдэг

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 2014 оны зургадугаар сарын 15-ны өдөр “Монгол орон танаас эхэлдэг” уулзалт өдөрлөг боллоо. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тэргүүтэй улс төр, нийгмийн албатнууд, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгээр ахлуулсан утга зохиол, урлагийн төлөөлөгчид Монгол Улсаас хүрэлцэн ирж, Вашингтон хот орчимд суугаа монгол иргэдтэйгээ санал бодлоо солилцон, мэдээлэл өгч, уран бүтээлээсээ толилуулав.

Бололцоо байна, эх орондоо ирцгээ залуус аа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав гадаадад хөдөлмөрлөж байгаа монголчуудаа хүнд хүчир хөдөлмөрийн хамгийн доод шатнаас эхэлж, өндөрлөгт хүрсэн болохыг бахархан дурдаад Монгол Улсад хүний нөөц их хэрэгтэй байгаа, эх орондоо ирцгээ хэмээн уриаллаа. Тэрбээр мөн гадаадад байгаа монголчууд эх оронтойгоо холбогдож, шинэ технологи санаа оноогоо хүргэж эхэлснийг, мөн Нацагням зэрэг залуус гадаадаас эргэж ирээд амжилттай хөдөлмөрлөж байгааг жишээ болгон ярилаа.

Эх орноосоо хол ажиллаж буй хүмүүсээ харж үзэх бололцоо нээгдлээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х. Амгаланбаатар АНУ дахь монголчуудын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцах гол зорилготой ирснээ хэлээд саяхан дэлхийн 183 улсын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоод ажил олгогч нартай хамтран хуралдаад эх нутгаасаа хол, өөр улсад ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн эрхийг эдлүүлэх, хянах нэгдсэн шийдэлд хүрсэн тухай өгүүлэв. Мөн гадаадад байгаа монголчуудаа эх орондоо татах гол хүчин зүйл нь цалин болохыг, тиймээс цалинг нэмүүлэхийн төлөө ажиллахаа амлалаа.

Хятад ажилчдыг хоёр дахин бууруулсан

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны дэд ерөнхийлөгч Х. Ганбаатар АНУ дахь монголчуудыг зах зээл ойлгодог, системтэй ажиллаж сурсан, хариуцлагатай хүчин болохыг онцлов. Өнөөдөр Монгол Улсад чухам яг тийм л ажиллах хүчин хэрэгтэй байгаа ажээ. Хувийн хэвшлийнхэн, ажил олгогч нарт хүний нөөц, ялангуяа ажил хийж сурсан хүмүүс хэрэгтэй байдаг, гэтэл тийм хүмүүс нь одоогоор Монголд харийнхан болчих гээд байдаг зовлон байдаг аж. Харин ч Хятад улсаас 60 мянган хүн авсан байснаа хоёр дахин цөөлж 30 мянга болгосон хэмээхэд алга нижигнүүлэн ташиж байлаа.

Шагнал гардуулав

АНУ-д амжилттай хөдөлмөрлөж буй зарим иргэнд төр засгийн шагнал гардууллаа. Вашингтон хотноо компани байгуулан амжилттай ажиллуулж, олон монгол иргэнээ ажлын байраар хангасаар ирсэн Дашийн Өлзийхуяг, Гомбосүрэнгийн Ганзориг нарыг “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, Чикаго хотноо оршин сууж буй яруу найрагч Пүрэвсүрэнг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнав. Мөн Хөдөлмөрийн яамны жуух бичиг, Үйлдвэрчний эвлэлийн шагнал, “Хүндэт тэмдэг”-ийг арав гаруй хүнд олгосноос гадна компани байгуулан ажиллуулж буй иргэдэд ажил олгогч нарын хүндэт өргөмжлөлийг гардуулав. Ингэхдээ бас монголчуудыг олноор ажилд аван, ажлын байраар хангадаг америк эздийг ч орхисонгүй.

Монгол сурагчид тэтгэлгийн эзэд боллоо

Виржиниа мужийн Арлингтон хотод монголчууд олноор оршин суудаг. Тус хотын иргэдийн үндэслэсэн “Арлингтоны Хамт олны сан” хэмээх байгууллагын тэтгэлэг олгох үйл ажиллагаа өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрлөө. Тус байгууллага нь 1991 онд байгуулагдсан, Арлингтон хотыг хөгжүүлэх, оршин суугчдаа тэтгэн дэмжих, хүмүүнлэг, буяны үйл ажиллагаа явуулах зорилготой юм байна.

Тэдний нэг чухал үйл ажиллагаа нь Арлингтон хотын дунд сургуулиудыг дүүргэж байгаа шилдэг сурагчдад цаашид их дээд сургуульд сурахад нь тусалж, тэтгэлэг олгодог аж. Өнгөрсөн хугацаанд нийтдээ дөрвөн сая долларын тэтгэлэг олгосон тэд энэ жил 380 мянган долларыг хотынхоо шилдэг сурагчдад гардууллаа.

Тус хотын нийт дунд сургууль төгсөгчдөөс 64 шилдэг сурагч энэхүү тэтгэлгийг хүртэн, цаашид их дээд сургуульд суралцахаар боллоо. Бахархалтай зүйл юу хэмээвээс тэдний дотор авьяас сурлагаараа шалгарсан монгол хүүхдүүд маань ч бас багтаж, манлайлагчдын тоонд зүй ёсоор тооцогдлоо. Үүнд Түвшинзаяагийн Энхжин Жэймс Мэдисоны Их Сургууль, Баяндалайгийн Номин Жэймс Мэдисоны Их Сургууль, Энхболдын Жаргалмаа Виржиниагийн Их Сургууль, Эрдэнэболдын Туул Виржиниагийн Политехникийн Дээд Сургууль, Цэвээнсүрэнгийн Ачболд Денисоны их сургуульд суралцах тэтгэлгээ хүлээн авч, эцэг эх, улс орныхоо нэрийг сайнаар дуртгав.

Нийт тэтгэлэг хүртэгсдийг төлөөлөн Шалма Актер хэмээх охин үг хэллээ. Тэрбээр “Би долоон настайдаа АНУ-д ирсэн. Тэр үед би англи хэл огт мэддэггүй байлаа. Гэхдээ АНУ-ыг их хурдан, их сайн ойлгож чадсан. Сургууль, номын сан зэрэгтэй нь танилцуутаа боломж бол хангалттай байгаа юм байна гэдгийг мэдсэн юм. Ингээд л хичээн суралцаж эхэлсэн. Зүгээр нэг сайн сураад зогсоогүй, санаачилга гарган, араасаа ирсэн хүүхдүүдэд ч тусалдаг болсон.

Энэ бүхний эцэст амжилтад хүрэн, гэр бүлээсээ анх удаагаа их сургуульд сурч байгаа хүүхэд болсондоо их баяртай байна….” хэмээн ярив. Тэтгэлэг хүртсэн монгол хүүхдүүд ч мөн энэ улсад анх англи хэлгүй ирээд, үеийнхээ олон зуун хүүхдийн өмнө гартлаа сурч чадсан нь бахархалтай.

“Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвсүрэн: Гадаад харилцааны хувьд ихээхэн ач, холбогдолтой бас ачаалалтай зун болох нь

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрөөс эхлэн Япон Улсад ажлын айлчлал хийж байна. Тус айлчлалын зорилго, ач холбогдлын талаар тайлбарлахгүй юу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Японд төрийн айлчлал хийсэн. 2013 онд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Японд айлчилсан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сай Ш.Абэтай 2012 оноос хойш хэд хэдэн удаа уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан. Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад эмчлүүлэхдээ ч Шинзо Абэтэй уулзсан. Энэ мэтээр хоёр орны удирдлагуудын хооронд ажил хэргийн ойр дотно харилцаа тогтмолжсон гэж хэлж болно.  

Өнгөрсөн жил Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад айлчлахдаа  Монгол, Японы харилцааг идэвхжүүлэх “Эрч” санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт дэвшүүлэн зарласан. Энэ санаачилгын дагуу өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон ажил хийгдсэн. Ер нь манай улсын эдийн засаг сайнгүй байна. Дэлхий дээр санхүүгийн боломжтой цөөн орны нэг нь Япон улс. Ялангуяа Ерөнхий сайд Ш.Абэгийн явуулж буй Авонимэкс гэж нэрлээд буй эдийн засгийн бодлогын гол утга санаа нь эдийн засгаа гадагш нь тэлэх бодлого юм. Манай талаас Японы хөрөнгө оруулалтыг Монгол руу татах сонирхол японы эдийн засгаа гадагш тэлэх бодлоготой ийнхүү зохицон нийлж байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал товч ажлын айлчлал байна.  Гол нь Монгол-Японы эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилт тавьсан.  Ерөнхийлөгчийг дагалдан манай 120 гаруй компанийнхан явж байгаа. Засгийн газраас  Ч.Сайханбилэг сайд ахалсан ажлын хэсэг гарч, айлчлалын бэлтгэлийг базаасан. Ажил олгогч эздийн холбоо, Банкны холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим болоод бизнесийн бусад холбоодоос зохион байгуулан манай компаниуд Японоос яг юуг сонирхож байгаа вэ гэдгийг Японы талд урьдчилан мэдээлсэн. Японы талаас “Кeidanren”, “Jetro” гэдэг Японы томоохон бизнес байгууллага хариуцан бизнесийн уулзалтыг зохион байгуулж байна.  

-Эдийн засгийн хувьд яг ямар асуудлуудыг шийдэхээр айлчилж байгаа гэсэн үг вэ?

– “Кeidanren” байгууллагын гишүүн 200 гаруй томоохон компанийн төлөөлөл оролцсон арга хэмжээ маргааш буюу долдугаар сарын 22-ны үдээс өмнө эхэлнэ. Тус арга хэмжээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлэх юм. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, Засгийн газар, хувийн хэвшлийн шугамаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийн танилцуулга хийнэ.   Хэд хэдэн яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон нэлээд өргөн бүрэлдэхүүн явж байгаа.  Тухайн өдрийнхөө үдээс хойш японы гадаад худалдааны чиглэлийн “Jetro” байгууллагын гишүүн 300 гаруй жижиг, дунд хэмжээний компанийнхан манайхаас очсон 120 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтын ажиллагааны холбоо хэлхээ тогтоох уулзалт болно. 

-Хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг тогтоох нь. Тэгвэл хоёр орны төрийн хэмжээнд ямар асуудал яригдах бол? 

-Японы Засгийн газраас өнөөдрийг хүртэл манай улсад хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж байсан. Харин одоо Японы талаас олгодог арилжааны томоохон зээл, бондын хөтөлбөрт хамрагдах, худалдаа, хөрөнгө оруулалтын зээл, баталгааны нөхцөлийг сайжруулах шаардлага гарч байгаа. Төрийн шугамаар явагдах ярианы гол агуулга энэ байх болно. Энд шүүмжлэлтэй хандах нэг зүйл байдаг нь хоёр жилийн өмнө Японы Засгийн газар манай Засгийн газарт найман тэрбум иен буюу 100 сая ам.долларын арилжааны зээлийг олгохоор болж, холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэтэл үүнийг манай тал одоо хүртэл ашиглаж эхлээгүй байна. Яагаад гэвэл манай дотоод процедур өнөөдрийг хүртэл дуусаагүй юм. Сангийн яам, Эдийн засгийн яам, УИХ-аар яригдсаар хоёр жилийг үдсэн. Манай компаниуд Японоос тоног төхөөрөмжөө авъя гээд тохирчихсон байхад Монголын төрийн зүгээс боломжийг хангаж өгөөгүй байна. Төр ингэж л удаан ажиллаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлээд байгаа ухаалаг төрийн нэг зорилт төрийн энэ хүнд суртал, удаан ажиллагааг өөрчлөх явдал шүү дээ. Засгийн газраас энэ асуудлыг яаралтай шийднэ хэмээн хувийн хэвшлийнхэн хүлээж байгаа нь тодорхой.  

Монгол Улс анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээр буюу Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон улстай байгуулж байгаа. Энэ талаарх хэлэлцээг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд хийсэн айлчлалын дараа эхлүүлсэн. Хэлэлцээ сүүлийн шатандаа яваа. Ерөнхийлөгчийн энэ удаагийн ажлын айлчлалын хэлэлцээг амжилттай дуусгахад нэмэр хандив болно гэж бодож байна. Тэгвэл манай улс анх удаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэсэн үг. Товчхондоо дүгнэхэд Ерөнхийлөгчийн энэ ажлын айлчлал Монгол-Японы эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болно. 

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал яригдаж байгаа. Энэ айлчлал хэдийгээр товлогдож байгаа вэ?

-Гадаад харилцааны хувьд ихээхэн ач, холбогдолтой бас ачаалалтай зун болох нь. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотноо болсон Азийн аюулгүй байдал хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт дээр хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй уулзаж ярилцсан. Хоёуланг нь Монголд урьж, Улаанбаатар хотноо Монгол-Орос-Хятадын гурван талт уулзалт хийх санал дэвшүүлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хувьд наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр тэмдэглэх Халх голын дайны ялалтын баярт оролцохоор болж, бидний урилгыг талархан хүлээж авсан. БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалд бэлтгэж байгаа. Мөн л наймдугаар сарын хоёрдугаар хагаст айлчлалыг хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. Энэ айлчлалууд бол мэдээж улс төр, эдийн засгийн талаасаа ихээхэн ач холбогдолтой. Энэ утгаараа төрийн байгууллагууд амралтгүй ажиллаж айлчлалд бэлтгэж байна. 

-Хэд хоногийн хугацаанд ямар хэмжээний айлчлалыг өрнүүлэх юм бол?

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдээж Халх голын ялалтын баярын үйл ажиллагаанд оролцоно. Ер нь бүрэн хэмжээний төрийн айлчлал байх болов уу гэж харж байгаа. Транзит тээврийн асуудлаас эхлээд иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг  чухал асуудлууд айлчлалын үеэр яригдах болно. ОХУ-тай тогтоосон стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах шаардлага ч байгаа. Энэ мэтээр олон асуудлыг шийдэх болно. 

БНХАУ-тай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг байгуулан хэрэгжүүлж байгаа. Түүнийгээ шинэ шатанд гаргах тухай асуудал ярих болно.  

-Оросоос Хятад руу тавигдах хийн хоолойн асуудал гэх мэтээр анхаарлын төвд байгаа олон зүйл айлчлалын үеэр шийдэгдэх байх?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурван талт уулзалтыг хийе, энэ үеэр дамжин өнгөрөх төмөр замын асуудал зэрэг гурван талд хамаатай асуудлуудыг ярилцан шийдье гэсэн санаачлагыг гаргасан. Энэ дагуу хоёр хөршийн тэргүүн Улаанбаатарт зэрэг айлчлах асуудал яригдаж байсан юм. Гэхдээ энэ удаа цаг хугацааны хувьд боломжгүй болж байх шиг байна. Монгол Улс хоёр хөрштэйгөө улс төрийн хийгээд эдийн засгийн аливаа зөрчилдөөнгүйг хүн бүр мэднэ. Мөн ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн харилцаа нь сүүлийн үед ихээхэн эрчимжиж байна. В.Путины Хятадад хийсэн айлчлалаар 400 тэрбум ам.долларын буюу өмнө нь дэлхийд байгаагүй томоохон арилжаа наймааны тухай яригдлаа. Тэгэхээр Оросоос Хятад руу явж байгаа тэр их бүтээгдэхүүн, нефть, газыг дамжуулах боломжтой хамгийн дөт замын нэг нь Монгол Улс. Юуны өмнө Монголоор дайрдаг төмөр замын шугам бий. Гэхдээ энэ төмөр замын дамжуулах хүчин чадал хязгаарлагдмал.  Одоо байгаа нэг замыг хос төмөр замтай болгож, цахилгаанжуулах замаар дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хоёр хөрштэйгөө ярьж байж шийдэх учиртай. Мөн хоёр хөршийн нутгаар дамжин далайн боомтод Монголын бүтээгдэхүүнийг гаргах, Монгол руу ирэх импортын урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хоёр хөрштэйгөө ярилцан шийдэх учиртай.  Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван талт уулзалтыг санаачилсан. Энэ мэтээр эдгээр айлчлалын үеэр эдийн засгийн асуудал, сэдвүүд давамгайлна. ОХУ-тай хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, ОХУ руу гаргах экспортлохыг нэмэгдүүлэх гээд оросын талтай ярих тодорхой сэдвүүд байна.   ОХУ-ын зүгээс ч гэсэн хайгуул хийх, уул уурхайн төсөлд хамтарч оролцох хүсэлтүүдийг ирүүлсэн байдаг. Харин эдийн засгийн хөгжлийн хувьд дэлхийд тэргүүлж байгаа БНХАУ-тай харилцан ашигтай наймаа хийх шаардлага тавигдаж байна. Нүүрсээ л гэхэд түүхийгээр нь гаргаад байх бус боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоё. Боловсруулахдаа байгаль орчинд халгүй технологийг нэвтрүүлэх гээд ярилцах өргөн сэдвүүд байна, байх. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг бид байнга анхаарч байх ёстой.  Нэг зах зээлээс хараат болох бодит аюул бий. Тиймээс ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дайрч гуравдагч зах зээлд гарах гарцыг хайх ёстой. Энэ асуудлын хүрээнд транзит тээврийн яриа хэлэлцээ явагдаж байгаа. Айлчлалын хүрээнд энэ асуудлуудаар тодорхой шийдвэрийг гаргах байх. 

-Талын зам төсөл хэрэгжих, манай нутгийг дайрах нь тодорхой болсон уу?

-Зарим хүмүүс мөрөөдлөө болсон зүйл мэтээр ярьж байгаа нь арай эртэдсэн хэрэг болж байна. ОХУ, Хятадын талтай ярьж байгаа асуудал бий юу гэвэл бий. Орос хийн хоолойгоо хаагуур тавих вэ гэсэн бодлогоо боловсруулсан байдаг. Европ руу их хэмжээгээр бүтээгдэхүүнээ гаргаж байсан. Украйны асуудлаас үүдээд Европын зах зээл хязгаарлагдмал байдалд орохоор Азийн зах зээлээ анхаарах нь ойлгомжтой.  Гэхдээ Ази руу байгалийн хий, нефть нийлүүлэх асуудлаа олон жилийн өмнөөс сайн төлөвлөсөн байгаа. Хятад улс Оросын нефть, байгалийн хийн хамгийн том худалдан авагч байх нь мэдээж.  Гэхдээ оросууд асуудалд ухаалгаар хандаж олон жилийн өмнөөс төлөвлөн Номхон далайн боомт руу чиглэсэн хийн хойлойг тавьж эхэлсэн шүү дээ. Ингэснээр нэг зах зээлээс хараат  бус байх давуу талтай болж байна гэсэн үг.  Орос-Хятадын энэ хаврын байгалийн хийн том наймааны агуулга нь Владивосток руу татаж буй гол хоолойноос нэг хоолойг салаалуулж Хятад руу татна гэсэн үг. Ямар ч орон эдийн засгийн аюулгүй байдал, нэг зах зээлээс хараат бус байхыг тэргүүн эгнээнд шийдэж ажиллаж байгаагийн жишээ энэ байна. Мөн Байгаль нуурын баруун талд буй байгалийн хийн томоохон орд байгаа. Эндээс Хятад руу бүтээгдэхүүн нийлүүлэхээр яригдаж байна.  Аюулгүй байдлаа тооцож үзээд гурав дахь улсаар дайруулахгүй байхаар нэлээд эртнээс ярилцсан байдаг. Тиймээс Алтайн нурууг давуулж Монгол Улс,  Казахстаны дундуур “Алтай” гэсэн хийн хоолойг барьж, байгуулах тухай ярьдаг.

Түүнийг барихад өндөр уул нуруу, байгаль орчны асуудлаас эхлээд олон бэрхшээл тулгарч байгаагаас эцэслэн шийдвэрлээгүй. Магадгүй түүгээр тавьж болохгүй бол Монголын Улсын нутгаар дайруулж болох хувилбар яригдаж магад.  Тэгэхээр өнөөдөр Орос, Хятадын талын байр сууриа илэрхийлээгүй, техникийн үнэлгээ гараагүй байхад ямар нэгэн зүйлийг хэлэхэд эртэднэ. Мэдээж Монголоор энэ хоолой дайрахаар бол нөхцөлийн талаар ярилцахад бэлэн гэдгээ бид эртнээс хэлсээр ирсэн. Тэгэхээр үйлдвэрлэгч хийгээд эцсийн хэрэглэгч үгээ хэлнэ гэсэн үг.  Украйнаар дайрч байсан хийн хоолой дээр аюулгүй байдал талаасаа олон асуудал гарч байсан. Аюулгүй байдал, үнэ тариф гээд. Саяхан Киргизийн Ерөнхий сайд манайд айлчилсан. Киргиз Улс Туркменээс Хятад руу чигэлсэн хийн хоолойг өөрийнхөө нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг шийдсэн тухай ярьж байна. Энэ нь цэвэр транзит шугам байхаар тохирсон байгаа юм. Үүнийг хэрэглэсэн тохиолдолд дундаас нь саасан, саагаагүй, их хэмжээгээр авсан, аваагүй гэдэг асуудал үүсдэг. Дээрээс нь бид өөрсдөө хүрэн нүүрсээ шингэрүүлээд хятадын талд хий нийлүүлэх асуудлыг ярьж байгаа. Хүрэн нүүрснээс хий гаргасан тохиолдолд бүтээгдэхүүнээ хэрхэн нийлүүлэх юм. Бүх эдийн засгаа, бүх төхөөрөмжөө газан технологиор оруулах уу гэх мэт асуудал бий. Байгалийн хий  хэрэгтэй байгаа нь үнэн. Улаанбаатарыг утаанаас салгахад хамгийн их дөхөм болох зүйл чинь хий юм. Монгол оронд хүрэн нүүрс хамгийн их бий. Тэгэхээр өөрийн нутгаар дайрах хоолойноос хийгээ аваад бас л хараат болоод суух уу. Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад үнэтэй ч гэсэн үйлдвэрлэгч болох уу гэсэн сонголт бий. Энэ бол удаан хугацаанд бодож хэлэлцээд гаргах төрийн бодлого юм. 

-Бид гадаад айлчлал бүрийн араас хөрөнгө оруулалт, зээл, тусламж хардаг. Харин дотоод орчны зээл авах боломж бололцоо тун тааруу байна?

-Мэдээж төрийн шугамаар гадаадаас  авдаг хөнгөлөлттэй зээлийн хэмжээ багасаж буй.Арилжааны зээл рүү орлоо гэсэн үг.  Зээлээс гадна Японы талтай тохиролцоод Самурай бондыг ашиглаж эхэлсэн. Энэ нь шинэ тутам ажил. Үүний ард өрийн босго ДНБ-ий 40 хувиас илүүгүй байна гэсэн хуультай. Энэ босгыг нэмж, хасах шаардлага байгаа. Миний хувьд эдийн засагч, банкир биш ч ажиглахад олон улсын тавцан дээр өрийн босго өндөр байх тохиолдол байдаг. Америк л гэхэд өрийн хэмжээгээ ДНБ-ий 250 хувьд хүргэсэн байдаг бол Герман 70-80 хувьтай байна. Ер нь манай улсад өнөөдөр хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийн шатанд гарсан. Хувийн хэвшлийн ч тэр төрийн хэмжээнд ч төр хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нөхцөлд өрийн босгоор боомилох нь хэр оновчтой вэ гэдгийг дахин дахин харж улс төрийн намууд үндэсний хэмжээнд шийдвэр гаргах хэрэгтэй байх. 

-Манай улс ШХАБ-ын ажиглагч орноос гишүүн орон болж магадгүй гээд байгаа. Мэдээлэл үнэн үү. Гишүүн орон болсноор ямар дэвшилд хүрэх юм?

-Газрын зургийг харахад ч ШХАБ ОХУ, Хятад болоод Төв Азийг хамарсан байдгаас ороогүй ганц цэг нь манайх. ШХАБ-ын ажиглагчаар элсээд 10 жил болж байна.  Яагаад гишүүн орноор ороогүй вэ гэдэг асуудал гарч байна. ШХАБ-ын байгууллагын үйл ажиллагааг жигдрэхийг бид анхааралтай харж байна. Одоогоор эдийн засгийн талаа барих юм уу. цэрэг, улс төрийн холбоо чиглэл рүүгээ илүү ажиллах юм уу гэдэг нь тодроогүй. ШХАБ-ын хүрээнд банк байгуулна гэж яригддаг. Яг гарт баригдахуйц хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл юу байна вэ, мэдээж дэд бүтцийн, бүс нутгийн холбогдолтой ажил байвал бид хоцрох ёсгүй. Ер нь бол энэ байгууллагад элсье гэж өргөдөл өгсөн олон орон байгаа. Тэр орнуудын өргөдлийг хэрхэн шийдэх юм гэх мэтээр ажиглах зүйл олон байна.

-Эцэст нь асуухад Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлага хэр хэрэгжиж байна вэ. Та саяхан хойд Солонгост ажиллаад ирсэн гэл үү?

-Зүүн хойд Азийн бүс нутаг гэдэг бол хамгийн эмзэг цэгүүдийн нэг болчихоод байна. Солонгосын, цөмийн зэвсгийн асуудал гээд. Энэ бүсийн бүх оронтой манай улс сайн харилцаатай байдаг. Өнгөрсөн жил Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг зарласнаас хойш хэд хэдэн уулзалт хэлэлцээ Улаанбаатарт амжилттай явагдсан. Үүнийг хоёрдугаар шугам гэж нэрлэдэг. Албан ёсны хэлэлцээр нь мухардмал байдалд орчихоод байгаа шүү дээ. Америкийн болоод бусад талууд нь хойд Солонгостой зөвхөн цөмийн асуудлыг ярьж болно. Цөмийн асуудлыг ярихгүй бол ширээний ард суухгүй гээд гацчихсан. Гэтэл цөмийн асуудлаас гадна улс орнуудын хооронд ярилцах зүйл олон байдаг. Байгаль орчин, дэд бүтэц, эдийн засгийн асуудлаар санал солилцох шаардлага байна. Тиймээс үүнийг албан бус шугамаар ч болов явуулж байх шаардлагатай. Энэ хүрээнд Хойд Солонгос-Японы уулзалтыг Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо амжилттай явуулсан. Мөн хойд Солонгос, Америкийн эрдэмтдийн уулзалтыг өн­гөрсөн зургаадугаар сард хийсэн. Бас бүсийн бүх орныг оролцуулж, Европ, Америкийн эрдэмтдийн уулзалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан. Ирэх наймдугаар сард л гэхэд Зүүн хойд Азийн том хотуудын дарга нарын уул­залтыг бас Улаанбаатар хотод хийнэ. Хойд Солонгосын дотоодод ч гэсэн том өөрчлөлтүүд гарч байна. Саяхан Гадаад харилцааны шинэ сайдтай болсон гэх мэтээр. Тиймээс Ерөнхийлөгчийн тусгай элчийн хамт би хойд Солонгост ажиллаад ирлээ. Тодорхой хэмжээнд яриа хэлэлцээр явагдаж байгаа. 

Л.МӨНХТӨР

Categories
булангууд мэдээ томилолт цаг-үе

Тэнгэрт диваажин, газарт Сужоу

Дорнын Венец

Хятадын Энхтайван хөгжлийн сангаас Хятадын Ардын Их сургуультай хамтран зохион байгуулсан “Орчин үеийн хэвлэл мэдээллийн чиг хандлага” сэдэвт сургалт аялалд оролцох боломж тохиов. Тус сан МАН-тай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийн багийг урьсан нь энэ ажээ. Энэ удаагийн сургалт аялалд Монголын хэвлэл мэдээллийн арав гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон. Зохион байгуулагчдын зүгээс тав хоногийн сургалтыг Бээжинд хийгээд эдийн засгийн загвар хот Шанхай, дорнын Венец хэмээн нэрлэгддэг Сужоу хотоор аялах маршрутыг сэтгүүлчдэд зориулан бэлтгэжээ.
Хятад улс зарим талаараа гадаад мэдээллийн сүлжээнээс хаалттай байгаа боловч интернэтийн өөрийн гэсэн дотоод сүлжээгээ бий болгож чадсан аж. Манай багийнхныг Синьхуа агентлаг, Хятаддаа алдартайд тооцогдох QQ.com, Baike.com сайтуудын үйл ажиллагаатай танилцуулсан юм. Дэлхийд алдартай Синьхуа агентлаг бүтэц, туршлагын хувьд дээгүүр жагсдаг ч орчин үеийн мэдээллийн хурдаас хоцрохгүйн тулд шинэ мэдээний албыг байгуулжээ. Тус албыг агентлагийн ирээдүйн гол хүч болно гэж үзэж буйгаа ч Синьхуагийнхан илэрхийлж байсан. QQ.com, Baike.com сайтуудын хувьд дэлхийг хэрээд буй Google, Facebook-ээс хандалтын тоо, ашиг орлогоороо илүү гарна уу гэхээс дутахгүй гэж танилцуулсан. Ер нь автобус, метрогоор зорчигчид гар утас, таблетаа ширтээстэй л суугаа нь харагдана. Тэгэхээр тэдний танилцуулга бодит үнэнд дөхөж очих байх. Орчин үед гар утас, интернэт сүлжээ хүн бүхний хэрэглээ болсон. Ухаалаг гар утас болон олон төрлийн төхөөрөмжөөр мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулдаг ч бодит мэдээлэл тэр бүр авч буй нь эргэлзээтэй. Мэдээлэл дамжуулах хэрэгсэлд интернэт хүч түрэн орж ирсэн ч уламжлалт мэдээллийн хэрэгсэл сонин, телевиз, радио чухал үүрэгтэй хэвээр байгаа талаар Хятадын их сургуулийн эрдэмтэн багш нар сургалтын үеэр голчлон хэлж байлаа. Хятадын Иргэний их сургуулийн мэдээллийн сургуулийн профессор Шенг Бао Вэйн хэлснээр сонин дөрвөн зууны тэртээгээс тэргүүлэх байр сууриа алдалгүй явж иржээ. Одоогоос 100 жилийн өмнө буюу радио үүсч бий болоход сонингийн эрин үе дуусна гэж үзэж байж. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонирхогчдын тоо буурсангүй. Жараад онд телевиз гээч цоо шинэ юм гараад ирж. За одоо сонин ч байхгүй болно гэцгээж. Гэтэл сонин уншигчийн тоо улам нэмэгдэж. Ерээд онд интернэт сүлжээ дэлхийг хэрж эхэлсэн. Тэгсэн ч сонин тэргүүлэх байраа тавьж өгсөнгүй. Гэхдээ цаг үетэйгээ уялдуулаад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийн хурд, өгөлт, дамжуулалт, чанартаа онцгой анхаарч шинэчлэл өөрчлөлт хийх шаардлагатай байгааг ч дурдаж байсан. Тус улсад анхны вэб сайт 1994 онд шангаа татаж байсан бол өдгөө интернэт хэрэглэгчийн тоо 600 сая хол давжээ. Хятадын жиргээчид ч twitter-ийнхнээс дутахааргүйгээр жиргэдэг гэнэ. Нэгэн зурагтай жишээг сургалтын үеэр үзүүлсэн юм. Хятадын тэргүүн хатагтай Iphone утсаар ярьж буй зураг хэвлэлд гарч жиргээчдийн нүдэнд өртчихөж. Улмаар жиргээчдийн шүүмжлэл ч өрнөж. Үүний дараахан Хятадын дарга Си Жин Пиний гэргий эх орны үйлдвэрийн Nubia гар утсаараа “гангарах” болсон аж. Бээжинд бидний сонирхсон газрын нэг бол Хориотой хот буюу хааны ордны цогцолбор. Гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газруудын нэг. 1406-1420 онд баригдсан энэхүү цогцолбор нь том жижиг 980 барилгаас бүрддэг. Найман мянга гаруй өрөөтэй. Өрөө бүрт нэг хоноод явахад 24 жил зарцуулах юм гэсэн. Хориотой хот нь 500 жилийн турш хаадын төрийн үйл хэрэг явуулдаг гол төв байжээ.

Сургалт-аяллаа өндөрлөөд дурсгалын зургаа татуулав.

Бээжингээс Шанхай хүртэл ойролцоогоор 1500 км зайтай. Бидний хөлөглөсөн хурдны галт тэрэг таван цаг давхиад хүрэв. 300 км/цагийн хурдтай давхиж явааг вагон доторхи хурдны заалт байнга заах нь харагдана. Газрын түвшнээс дээш 5-6 метр өндөрт тавигдсан төмөр замаар цахилгаан ашиглан утаа тортоггүй, тоос шороогүй орчинд зорьсон газраа түвэггүйхэн хүрэх нь тун амар. Санаагаар болдогсон бол Улаанбаатарын “агаар”-т ийм зам тавиад метро явуулчихвал түгжрэл, бөглөрөлгүй болох байх даа гэсэн гэнэн бодол тээж явлаа. Зам дагуух хотуудад ердөө гурван минутын хугацаатай саатна. Зорчигчид энэ хугацаанд амжиж бууж, суух ёстой юм билээ. Шанхай хот хорь гаруй сая хүнтэй. Дээр нь арваад сая хүн орж гардаг гэсэн статистик байдаг аж. Аргагүй л эдийн засгийн чөлөөт том бүс гэдэг нь аяндаа мэдрэгдэнэ. Бидний танилцсан худалдааны томоохон төв Пудон дүүрэг ч үүний бас нэг илэрхийлэл. Эртний түүхэн дурсгалт байшин барилгаа яг байсан хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг байна. Мөн хуучны барилгын хэв маягийг өөрчлөлгүйгээр тохижуулсан орчин үеийн пабуудад гаднын жуулчид шар айраг тамшаалан сууцгаана. Олон давхар замтай учир автомашины түгжрэл харьцангуй бага. Гэхдээ манайд автомашин худалдаж аваад дугаараа зүүдэг бол энд эсрэгээр. Дугаартай болсныхоо дараа машинаа худалдаж авна. Автомашины дугаар харьцангуй үнэтэй. Бээжинд дунджаар 20 мянган юань бол Шанхайд 80 мянган юань буюу манайхаар 24 сая төгрөг. Хотын төвд тэнгэр баганадсан нэгэн барилга баригдаж дуусах шатандаа орж байлаа. Энэ аварга “амьтан”-ыг өндрөөрөө гүйцэх барилга дэлхийд одоогоор байхгүй юм гэсэн. Алдарт “Forbes” сэтгүүлийн Хятад дахь салбар Шанхайд төвлөрдөг. Биднийг тус салбартай танилцаж байх мөчид Улаанбаатарт “Forbes” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдлээ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдав.

Сужоу хот

Бидний дараагийн буудал Шанхайгаас зуугаад км зайтай орших Сужоу хот. Дорнын Венец гэж нэрлэгддэг Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог байна. Бас сайн чанарын торго, дурдангаараа алдартай. Италийн Венец адил зарим барилгууд нь усаар хүрээлэгдсэн. 12 сая хүн амтай, аялал жуулчлал өндөр хөгжсөн хот. Эртний, орчин цагийн, барууны хэлбэрийн барилгын архитектураар барьсан гурван өөр бичил хотыг Жижи Фу, Янжу Фу, Душу Фу гэсэн гурван нуурын хөвөөг дагуулан байгуулсан нь тун өвөрмөц бөгөөд“Тэнгэрт диваажин, газарт Сужоу” гэдэг хэлц үгтэйгээ дүйнэ.
Их дээд сургуулиудын хотхонуудыг нэг дор төвлөрүүлсэн хот цэвэр цэмцгэрээс гадна нам гүм орчныг бүрдүүлжээ.Эртний хаадын цэцэрлэгт хүрээлэн болон эртний барилга байгууламжтай хотод гадаад, дотоодын жуулчид хөлхөлдсөн хүн ихтэй бол, барууны хэв маягтай хот нь гоё ганган машин тэрэг хөлөглөсөн залуус, өнгө өнгийн гэрэл гялбасан паб, уушийн газраар дүүрэн.

Дэлхийн хамгийн өндөр барилга

Эцэст нь энэхүү сургалт аяллыг зохион байгуулсан Хятадын энхтайван хөгжлийн сангийн талаар товч танилцуулъя. Энэ сан нь 2011 онд байгуулагдсан, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн сургалт зэрэг нийгмийн халамжийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж. 2011 онд Монголд хараа сэргээх хагалгаа хийх ажлыг амжилттай зохион байгуулсан бол 2012 онд МХАҮТ-тай мэргэжлийн сургалтын төв байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Манай багийг ахалж явсан Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Г.Ганбаяр тус сангийн удирдлагуудтай уулзах үеэрээ “ажлаа амжуулж” Улаанбаатарын хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн машин шаардлагатай, хүүхдийн эмч дутагдалтай байгааг дуулгаад боломж байвал туслахыг хүссэн. Тус сангийнхан ч Монголд явуулах хүмүүнлэгийн ажлаа өргөжүүлэх сонирхолтойгоо илэрхийлж байсан. Хятадын Ардын их сургууль 1937 онд байгуулагдсан. Улсдаа тэргүүнд эгнээнд бичигддэг сургуулиудын нэг. Нийгмийн ухааны чиглэлээр голлон сургахаас гадна шинжлэх ухааны чиглэлүүдээр ч мэргэжил эзэмшүүлдэг. Одоо тус сургууль 20 мянга орчим оюутантай. Монголоос 25 оюутан тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг юм билээ.

Б.ЭНХБОЛД

Бээжин-Шанхай-Сужоу