Categories
мэдээ цаг-үе

Геологич залуугийн цогцсыг нутгийн “мөрч” өвгөд олжээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт геологич  Б.Мөнх-Эрдэнэ төрийн ажил хийж яваад харамсалтайгаар амь насаа алдсан. Ашигт малтмалын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь  шалгана” гэж заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад тэрээр нартаас буцсан юм. “Найз нь удахгүй ирнэ. Хэдхэн сумаар яваад л болно” гэж эхнэртээ хэлээд гарсан 27 настай Б.Мөнх-Эрдэнэ дахин эргэж ирээгүй нь хэний буруу вэ. Ашигт малтмалын газрынхнаас эхлээд  түүнтэй хамт явсан Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  жолооч Т.Түмэнбаяр нар, Онцгой байдлын газрынхан бүгд л “Бидэнд ямар ч буруу байхгүй” гэж өөрсдийгөө хаацайлж, өмгөөлж байна. Амиа алдсан залуу болон  хамт явсан хоёр ажилтан хэний тушаал зааврын дагуу ямар ажлаар явж байв. Машинаа орхиод алхахаас өөр сонголт тэдэнд байгаагүй юу. Мөн цаг хугацаа алдаагүй байсан бол залууг амьд байхад эрлийн багийнхан олох боломж байсан уу зэргийг нэхэн сурвалжиллаа.    

Запас хоёр дугуйнаас гадна данхраад, дугуйн дорцов  бүрэн байжээ 

Ашигт малтмалын газрын төлөвлөгөөт ажлын дагуу Өвөрхангай аймгийн Богд, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут сумын нутагт байх Ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниудын хийсэн ашигт малтмалын  геологийн судалгаа үнэн эсэхийг шалгахаар болж 19 хоног ажиллахаар явсан байна. Томилолтын багийг  ахалж  Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан явсан байна. 2014 оны долдугаар сарын 18-ны өдрийн 48 тоот томилолтын төсөв батлуулж, 40 тоот томилолтын удирдамжийн дагуу явжээ. Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  талийгаач Б.Мөнх-Эрдэнэ, жолооч Т.Түмэнбаяр нар  37 мянган километр явсан, аваад жил болох гэж байгаа шинэхэн “Ланд 200” маркийн автомашинтай Өвөрхангай, Баянхонгор аймгийн сумдууд руу хөдөлжээ. Тэдэнд Ашигт малтмалын газраас томилолтын мөнгө хангалттай өгсөн гэнэ. Хоол унд, цэвэр ус болон бусад шаардлагатай зүйлсэд зарцуулах мөнгөтэй явжээ. Хэргийг Баянхонгор аймгийн мөрдөн байцаах газрын албан хаагчид шалгаж байна. Цагдаа нар  багийн ахлагч А.Дэлгэрсайхан болоод жолооч Т.Түмэнбаяр нараас мэдүүлэг авч дуусчээ. Мөн гурван дугуй нь хагарсан газарт буюу Идрэнгийн нурууны Хул морьтод  очиж  “Ланд 200” маркийн автомашинд үзлэг хийсэн байна. Үзлэгээр автомашины шатахуун дуусах болоогүй. Бусад эд ангид эвдэрсэн зүйл байхгүй. Мөн машинд хоол унд болон нэг шил задлаагүй архи  байсан нь тогтоогдсон аж.  Харин гурван дугуй ташираараа харганын өргөс орж хагарсан байжээ. Гэхдээ зүүн хойд талын дугуй нэг газартаа бага хэмжээтэй хагарч, хий нь гарсан байдалтай байсан гэнэ. Өөрөөр хэлбэл дугуйгаа нөхөөд цааш явах бүрэн боломжтой байсан талаар автомашинд үзлэг хийсэн цагдаа нар  илтгэх хуудсандаа дурьджээ.  Машинд запас хоёр дугуй байсан. Огт хэрэглэж байгаагүй  болов уу гэмээр шинэ дугуй байсан гэнэ. Мөн машины багажинд  данхраад, дугуйн дорцов шинээрээ байсан аж. Гэтэл ямар учраас тэд 120 орчим километр явган явж тусламж дуудах шийд гаргах болсон талаар ийн ярьжээ. Энэ талаар Баянхонгор аймгийн цагдаа нар багийн ахлагч А.Дэлгэрсайхан болоод жолооч Т.Түмэнбаяр нараас тайлбар мэдүүлэг авсан байна. 

“Машин эвдэрчих юм бол та хоёр хариуцахгүй биз дээ гэж хэлээд хагарсан дугуйтай яваагүй” гэв

А.Дэлгэрсайхан “Машины гурван дугуй шөнө харгана дундуур явж байтал хагарсан. Тэгээд  яах вэ гээд ярилцаж байтал дугуй нөхөх нөхөөс, олгой хаймар, нассос гээд дугуй нөхчихмөөр зүйлс огт байхгүй байсан. Тэгсэн жолооч Т.Түмэнбаяр хагарсан дугуйтай явж болохгүй. Машин эвдэрчих юм бол та хоёр хариуцахгүй биз дээ гэж хэлээд хагарсан дугуйтай явахгүй. Сумын төв орж машин хөлслөөд дугуйгаа нөхүүлэх санааг гаргасан. Ингээд гурвуулаа машинаасаа гар чийдэн, мөнгө, GPS төхөөрөмж, хутга гээд хэрэгцээт зүйлсээ аваад явцгаасан” хэмээн мэдүүлжээ. Т. Түмэнбаяр нь олон жил төрийн албанд жолоочоор ажилласан нэгэн гэнэ.1995 оноос Үндэсний аюулгүй байдлын газар жолооч, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын жолооч, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайдын жолоочоор тус тус ажиллаж байжээ. Ашигт малтмалын газарт 2008 оноос Төрийн захиргааны хэлтсийн санхүү үйлчилгээний тасгийн жолоочоор өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна. Ашигт малтмалын газартаа хамгийн туршлагатай жолооч нарын тоонд зүй ёсоор ордог өвөл зунгүй хөдөө орон нутгаар геологич нартай хамт  явдаг гэнэ. 2008 оноос хойш олон удаа хөдөө орон нутгаар явсан. Мөн шинэхэн машинтай болохоор замд зогсох саад гарахгүй хэмээн бодож носос дугуйны нөхөөс зэргийг авалгүй гарчээ. Үүнээс болж 27 настай Б.Мөнх-Эрдэнэ элсэн говьд харангадаж амиа алдах шалтгаан болжээ. Эх сурвалжууд “Сүүлийн үед жолооч нар машиныхаа дугуйг ч нөхөж чадахгүй болсноос ийм байдалд орлоо. Уг нь холын замд явж байгаа жолооч машиныхаа дугуйг хагарах болгонд нөхөөд явдаг байсан. Эвдэрсэн тохиолдолд засчихдаг байсан” хэмээн ярих аж. 

Туршлагатай гэх багийн ахлагч геологичийн  энгийн дүрэм мэдэхгүйгээс болсон уу 

  Харин томилолтын багийг ахалж явсан А.Дэлгэрсайхан 1995 оноос геологичоор ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр сүүлийн арав гаруй жил уул уурхайн тусгай  лицензний зөвшөөрлийг баталгаажуулах хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн гэнэ. Ашигт малтмалын газрын урдаа барьдаг геологич нарын нэг аж. Монгол орныг хэд хэдэн удаа бүтэн тойрчихсон байна. Гэтэл захын  геологичийн мэдэх ёстой дүрмүүдийг зөрчсөнөөс болж эрдэнэт хүний амь үрэгдсэн гэдгийг хэлэх   геологич  олон байна. Шөнө төөрсөн тохиолдолд хамт яваа хүмүүсээс холдохгүй байх. Цэвэр ус биедээ авч явна  гэсэн энгийн  дүрмийг даган биелүүлээгүй гэнэ. Энэ талаар сургуульд нь зааж, томилолтоор гарах бүрт нь сануулдаг юм байна.  Мөн Ашигт малтмалын газарт сансрын холбооны утас байдаг гэнэ. Түүнийг нь шалгалтын багийнхан авч яваагүй байжээ.  

Тав дахь хоногоос өмнө олсон бол… 

Геологич залууг долдугаар сарын 24-ний шөнө  төөрч алга болсон гэдгийг 29-ний орой Ашигт малтмалын газрынхан мэдсэн байна. Тэгээд маргааш  өглөө нь ажлын хэсэг байгуулан Баянхонгор аймаг руу хүмүүс явуулж, Онцгой байдлын ерөнхий газарт онгоцоор эрэн хайх талаар санал хүргүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас онгоц гаргах боломжгүй гэсэн учир “МАК” компанийн хувийн онгоцыг  урьдчилгаа 12 мянган долларын хөлс төлөн Баян-Өндөр сум руу хөөргөжээ. Гэвч онгоц оройтож очсон  учир хэсэг хугацаанд хайгаад эрлийг буулгажээ. Харин  долдугаар сарын 31-ний өглөөнөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн эхлүүлсэн байна. Ашигт малтмалын газрын даргатай УИХ-ын гишүүн Г.Номтойбаяр холбогдож “Манай хамаатан байгаа юм. Бид бүх зүйлсээр тусалж дэмжинэ” хэмээн ярьсан талаар эх сурвалж онцолж байв. Талийгаачийн ар гэрийнхэн Баян-Өндөр сумынханд “Төөрсөн залууг олж өгвөл хоёр сая төгрөг өгнө” гэсэн зар тараажээ. Зарын дагуу Баян-Өндөр сумын ихэнх иргэд эрлийн багт орон өөр өөрсдийн таамгаар хайж эхэлсэн байна. Тус тусдаа хайж яваад Баян-Өндөр сумын иргэн Баярмөнх гэх 60 настай иргэн мотоциклиос унаж хүнд гэмтэл авчээ. Одоо биеийнх нь байдал маш хүнд байгаа гэнэ. Нийслэлээс эмч нарын баг очиж яаралтай мэс засал хийсэн боловч одоо хүртэл ухаан ороогүй байна. Талийгаач залуугийн цогцсыг хэдэн өдөр эрэн хайсан боловч олдохгүй байсан учир нутгийн иргэд болох  “мөрч” хэмээн алдаршсан 50-70 орчим насны гурван хүнээр алга болсон залуугийн мөрөөр нь явуулжээ. Тэгээд  машинаасаа 39 километрийн хол Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газарт харангадсан байдалтайгаар Б.Мөнх-Эрдэнэ  амиа алдсан байсныг олжээ. Шүүх эмнэлгийн урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтээр талийгаач залуу алга болсноосоо тав   хоногийн дараа харангадаж амиа алдсан гэх дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл  эрлийн багийг шуурхай ажиллуулж Онцгой байдлынхан онгоцоор яаралтай эрэн хайж ажлыг эхлүүлсэн бол залууг эсэн мэнд олох магадлал өндөр байсан гэнэ. Талийгаач залуугийн төөрсөн газар нь заган шугуй бүхий элсэн манхантай газар байжээ. 

Ид хийж бүтээх насан дээрээ явж байсан залуу нэр хүндээ бодсон жолооч, туршлага муутай багийн ахлагч, ажилтнуудаа томилолтоор явуулахдаа учирч болзошгүй аюулаас сэргийлэх зүйлс байгаа эсэхийг шалгадаггүй Ашигт малтмалын газар, нисдэг тэрэг ч байхгүй Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч нарын мэргэжлийн ур чадвар муутайгаас болж нартаас буцжээ. Жолооч машиныхаа хагархай дугуйг шаттал нь явуулсан бол тэр залуу амьд байх байсан даа  гэх бодол гол зурах ажээ. 

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр

Өнгөрсөн долдугаар сарын 26-ны оройн 18 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэрт байгалийн онц аюултай үзэгдэл болсон. Энэ үзэгдлийг эрдэмтэд шинжлэх ухааны хэлээр тайлбарлахдаа орон нутгийн чанартай хар салхи хэмээн томъёолдог ажээ. Харин монголчууд эртнээс “Луу унжих” гэж нэрлэсээр ирсэн байна. Гэхдээ энэ цагийн Монгол орны хувьд хар салхи гэсэн ойлголтоор бус байгалийн онц аюултай үзэгдэл, гамшиг гэж томъёолдог. Тухайн үед салхины хүч, хор хөнөөл ямар байсан, нутаг орны иргэдийн аж байдал ямар байгааг онц, аюулт үзэгдэл болсноос хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 28-нд очиж сурвалжилснаа хүргье.

Тэрхүү байгалийн гамшигт үзэгдэл хэдийгээр Хашаат сумын төвөөс зүүн урагш 30 орчим км буюу бидний сайн мэдэхээр Элсэн тасархайгаас баруун зүгт 40 км зайд их, бага Номгон уулын өвөрт болж таван айл өртөөд байгаа ч нутаг орны нийт иргэд ихээхэн цочирджээ. Хашаат суурингийн иргэд үйл явдлыг нүдээрээ үзээгүй ч аанай л амнаас ам дамжин нэмж хачирлан ярисаар байв. Хархорин, Хотонт, Хужирт сумаас хүмүүс сонирхон ирж байсан бол “Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт болоод холын аймгуудаас байнга утас цохин юу болсныг сонирхож байна” гэдгийг уулзсан хүн бүр өгүүлнэ. Сумын төв дээр Засаг дарга, ИТХ-ын дарга хийгээд байгаль орчны байцаагч, хүн эмнэлэг, цаг уурын мэргэжилтнүүд гээд цөөн хэдэн хүн бодит байдлыг газар дээр нь очиж үзсэн байв. Гэлээ ч Хашаат суурингийн иргэд бүгд л өөр өөрийнхөөрөө асуудалд хандаж, тайлбарлан ярьж байлаа.

Ихэвчлэн мухар сүсгээр буюу “Лус савдаг хилэгнүүлсэнтэй холбоотой. Уул овоо тахихдаа ч юм уу газар усанд хүндэтгэлгүй хандсанаас ийм зүйл тохиолоо” гэлцэнэ. Хашаат сумын иргэдийн өгүүлэхийг сонсвол эртний үлгэр тууль эсвэл зөгнөлт кинонд гардаг шиг зүйлийг сүр бадраан ярина. Ж.Чимэд, Г.Насанбат нарын өгүүлснээр бага үд хэвийх үеэс эхлэн тэнгэр хүнгэнэн дуугарч эхэлжээ. Сонсоход олон онгоц нисэн өнгөрч байгаа мэт эсвэл томоос том эвэр бүрээ үлээж байгаа юм шиг сонстож байж. Өдрийн 16 цагийн орчимд сэмжин үүлний үзүүр ч харагдахгүй байсан бол төд удалгүй баруун хойноос хурын хар үүл хуралдаж эхэлсэн гэнэ. Гэнэт гарч ирсэн хар үүлний түрүүч Номгон уулын өвөр Бор хоолойн урд дэнж, Хөөврийн толгойн дээхнэ ирсэн даруйдаа хоёр хэсэгт хуйлран эргэлдэж эхэлжээ. Ийм үзэгдэл 30 орчим минут үргэлжлээд оройн 18 цагийн үед хоёр үүлэн хуйлраа нэгдэж нэгэн цул болоход газрын гадарга дээр их тоос босчээ. Нүд ирмэхийн зуурт газарт хөдөлсөн тоос тэнгэр өөд цойлон үүлэн хуйлраатай нэгдсэн нь байгалийн гамшгийн эхлэл болж. Тэнгэр баганадсан хуй салхи эрчилж эхлэхэд түрүүнүүс хойш гараад байсан дуу татарч хүчтэй шуурганы исгэрэн улих чимээгээр солигджээ. Гамшигт үзэгдлийн үргэлжлэх хэмжээ маш богино байж. Бараг 20 хүрэхгүй минут үргэлжлээд тэр их тоос шороо, тэнгэр баганадсан хуй алга болоход газрын хөрсийг анжсаар сэндийчсэн мэт болгожээ. Хашаат сумын төвд оршин суух дээрх хоёр иргэнийг энэ тухай ярьж байхад тойрон цугласан олон “Тэнгэр баганадсан тэр хуйг яг өмнөөс нь харахад оройн хэсэгт нь улаан гал авалцаж байсан гэнэ лээ” гэж үг нэмнэ. Номгон уулын өвөрт ийн байгалийн онц аюултай үзэгдэл үүсч иргэн Ч.Баярсайхан, Б.Батжаргал, С.Гантөмөр, Чадраабал, Доржсүрэн, Гэрлээгийн хот айлд хохирол учруулахад эргэн тойрон 30 орчим км радиуст ширүүн  бороо,  мөндөр холилдон орсон байна. Мөндрийн хэмжээ ойролцоогоор 8-12 см радиустай буюу томхон мандарины дайтай байсан бөгөөд хайлуулахад 300-500 грамм ус гарч байсан гэдгийг ч цугласан олон хэлэхээ мартсангүй. “Мөндрийн ус тунгалаг, уусан ч асуудалгүй байдаг бол энэ удаагийнх нэг тийм цийлгэр өнгөтэй байсан. Лавтай лус хилэгнүүлснээс боллоо” хэмээн сүсэлцгээнэ. Зарим нь ийн сүслэнгүй өгүүлж байхад нөгөө хэсэг нь нэгнээ явуулж байхтай ч таарлаа. “Яагаав. Нөгөө Батаа чинь тэр их салхи шуурга, мөндөр нүдэж байхад дэлгэцтэй ааруулаа оруулах гэж гараад шалдан орж ирсэн гэсэн” хэмээн хөхрөлдөнө. Сумын төвийн дэлгүүрийн үүдэнд цугалсан олны яриа нэг ийм байв. 

Энэ үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байсан Ж.Наран гэх залуу “Биднийг Бат-Өлзий сумын ойн баярыг сонирхож явахад үдээс хойхно 15 цагийн үед цаг уурын байдал ихээхэн тааламжгүй болсон юм. Өглөөнөөс хойш дулаан, ямар ч үүлгүй байсан бол 15 цагийн үед яах ийхийн зуургүй, арваадхан минутын дотор битүү хар үүл тэнгэрийг бүрхсэн. Тэгээд салхи хөдөлж наадамчин олон үймж байх зуурт буюу хагас цаг ч болоогүй байхад тэнгэрийг битүү нөмөрсөн бараан үүл хаашаа ч юм алга болж дахиад нар ээсэн. Тэндээс эхэлсэн цаг уурын үзэгдэл, бороо, салхи явсаар Номгон уулын урд ирээд хүч нь ихэсч байгаль дэлхий хамаг араншингаа гаргаж л дээ” гэж байсан юм.  

Хашаат сум

Харин сумын Засаг дарга Б.Гэрэлт-Од  “Нар баруунаа гудайх үед манай энд тэнгэр эвгүйрхсэн. Өглөөнөөс хойш нуугисан халуун үргэлжилсээр оройн сэрүү орох үед үүл гарч бороо орж эхэлсэн. Залгаад мөндөр хаялсан нь Номгон багийн нутагт гол хүч нь байсан юм билээ. Мөндрийн хэмжээ том байснаас олон айлын нарны толь, машины цонх хагарч сүйдсэн гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна. Гамшигт үзэгдлийн голомт буюу хар салхины замд таван айл өртөж гурван байшин, гурван гэр юу ч үгүй болсон. Голомтод 20 орчим хүн байснаас нэг нь нас барж, Civic, Маяти, Прадо маркийн машин өртөж дахин ашиглах боломжгүй болоод байна. Урьдчилсан байдлаар 451 сая төгрөгийн хохирол учирсан бол 20 үхэр, 63 адуу, 100 гаруй бог хорогдоод байна. Одоогийн байдлаар салхины хүчийг 34 км цаг буюу түүнээс дээш гэж дүгнээд байгаа. Салхийг чухам ямар хурд хүчтэй байсныг хэмжих боломжгүй учраас хохирлын хэмжээгээр нь барагцаалж гаргадаг юм билээ. Ер нь нутаг орны овоо бүрийг бөө, удган гэх хүмүүс өмчлөөд авчихдаг болж. Нутгийн удирдлагуудад ч хэлэлгүй тайлж тахиж байна. Нутгийн хүмүүс үүнтэй холбоотой байх. Овоо тахилга, бөөгийн дом зэргийг дэг жаягийнх нь дагуу явуулж бай гэж шаардах боллоо” хэмээн өгүүлж сууна.

Нутгийн зарим иргэдийн хувьд ийнхүү сүсэг бишрэлийн үүднээс уул овоо буруу тахисан, лус савдаг хилэгнүүлснээс үүдэн “тэнгэрт орших луу хэмээх амьтан сүүлээрээ шарвалаа” гэж үзэж байхад шинжлэх ухаан байгалийн энэхүү үзэгдлийг 200 орчим жилийн тэртээ тайлжээ. Шинжлэх ухааны үүднээс эрдэмтдийн тайлбарласнаас үзвэл “Агаар нь тогтмол хөдөлгөөнд оршиж, агаарын хэм болон даралтын хэлбэлзлээс шалтгаалан өөчлөгдөж байдаг. Нэг хэсэг газар нь ойролцоох өөр нэг хэсэг газраас илүү ихээр халахад тэдний даралтын өөрчлөлт нь салхийг үүсгэдэг юм. Салхи гэдэг нь халуун хүйтэн агаарын урсгалын эргэлдсэн мөчлөг. Агаарын хэм нэмэгдэхэд салхи дээшээ чиглэлтэй болдог. Үүнийг дээшлэх урсгал гэнэ. Дээшээ чиглэсэн агаарын хоосон орон зайг хүйтэн сэрүүн агаар дүүргэдэг юм. Харин дараа нь хүйтэн агаар халж бас л дээшээ чиглэдэг. Дээр байгаа агаар сэрүүсэвч доороос ирж буй дулаан агаарын улмаас буцаж доошлох боломжгүй болно. Гэхдээ буцаж доошоо урсан хажуугийн салхи болон бууж, дахиад л сэрүүн салхи үүсдэг. Салхины хүч нь мөргөлдөж байгаа агаарын хоёр урсгалын хэмийн зөрүү хол байх тусам нэмэгддэг. Жишээлбэл газрын гадарга дээр 50 хэмийн халуун, агаарт мөн хэмжээний хүйтэн буюу тухайн хэсэгт устай үүл хуралдсан байвал гамшиг тарихуйц салхи үүсгэж замдаа таарсан бүхнийг хамна. Салхи үүссэн бүсийн төвд тэнгэр баганадан хуйларч байвал дээшлэх салхи их хэмжээгээр үүссэнийг илтгэж байгаа юм. Хажуугийн салхи ч дээшлэх салхинаас дутахааргүй хүчтэй, их хэмжээний хор хөнөөл учруулдгаас шинжлэх ухаан энэ үзэгдлийг хар салхи гэж нэрлэжээ. Салхи босохоос өмнө сонсогдсон дүнгэнэсэн дууны хувьд агаар хэт халахаар үүсдэг ажээ. Дээшлэх салхи буюу тэнгэр баганадсан хуйлрааны дээр улаан гал авалцан байсан гэдэг нь соронзон орон, үрэлтийн хүч, цахилгаан орны нөлөөллөөс үүсдэг байна. 

Шинжлэх ухаанд итгэж “орон нутгийн шинжтэй хар салхи харин ч бага хохирол учруулжээ” хэмээн дүгнэх нэгэн байхад үүнд үл итгэх нэгэн ойролцоох лам, хувраг руу хадаг барин гүйх нь ч байгааг нутгийн иргэд ярьж байна. Хашаат сумын төвийнхөн ийм байр байдалтай байх агаад зүүн урагш Номгон уулыг чиглэн хөдөлж 30 орчим км давхихад байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл болсон Хөөвөр, Бор хоолойд хүрнэ. Гамшигт үзэгдэл болсон газрыг таньж төвдөх зүйлгүй. Бор хоолойн урд дэнжээс эхлэн бага Номгон уулын тэртээд ямар ч өвсгүй улаан халзан газар дурайна. Ийм зүйл болсныг үзээгүй нэгэн айл зусаад саяхан нүүсэн газар гэж андуурмаар.

Эрдэмтдийн томъёолдгоор орон нутгийн шинжтэй хар салхи буюу Хашаат сумын Номгон багийн нутагт болсон байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл 17 км үргэлжилж замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Хоёр талаасаа уулсаар хашигдсан энэ хөндийд юу болсон нь бэлхнээ харагдана. Хөөврийн араас Бага Номгон уулын өвөр бараг Элсэн тасархай хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн мөр үлджээ. Эл мөр ихэнхдээ 200 орчим зарим хэсэгтээ 10 метр хүртэл нарийсч газрын хөрсийг эргүүлж ундуй, сундуй болгож орхисон байна. Хэдэн ч буурь харлан харагдах нь Номгон багийн малчин Ч.Баярсайхан, Доржсүрэн, Гэрлээгийнхэн хол саахалтын зайд зусч байсных. Онгойн харлах бууринаас харалдаа хэд хэдэн хот айл харагдах агаад зарим нь шинэ гэр дөнгөж босгоод буй бололтой. Алсаас харахад олон хүн бужигнаж гамшигт нэрвэгдсэн нэгэндээ нутгийн олон дэм болохоор цугласан байв. 

Гамшигт хамгийн ихээр өртсөн нь Ч.Баярсайханых бөгөөд хар салхины цөм буюу төвийн хуйлраа энэ хот айлыг дайрч өнгөрсөн байгаа юм. Эднийх 8х8 хэмжээтэй хоёр давхар дүнзэн байшинтай байснаас цементэн суурь л үлджээ. Тэрчлэн энэ айлд амарч явсан нэг хүний амь эрсдэж, гурван ч машиныг дахин ашиглах боломжгүй болсон нь Ч.Баярсайханы гаднаас 300, 500 метрийн зайд шидэгдсэн тэр хэвээрээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт айл, саахалтын Ч.Наранбат, Н.Дашзэвэг, н.Жанлав, Д.Даваалхагва, Төгсжаргал тэргүүтэй хүмүүс ирж гэрийг нь барьж өглөө. Булган аймгийн Рашаант сумаас ч хамаатан садангийнх нь хүмүүс ирж байгалийн гамшгийн үеэр тарж бий болсон хогийг хамж устгахыг нь устгаж дахин хэрэглэх боломжтойг нь ялган авч байсан.    

Энд цугласан олон болсон үйл явдлыг саахалтын зайнаас харж байжээ. Хар салхи босохоос өмнөхөн том ширхэгтэй мөндөр хоромхон зуурт хаялж байснаа Ч.Баярсайханы гэрийн чанх баруун зүгт хоёр км зайд том хуйлраа үүсч тэнгэр баганадсан гэнэ. Харин Ч.Баярсайханыд Булган аймгийн Рашаант сумаас 17 цагийн орчимд н.Авирмэндийн гэр бүлийнхэн амрахаар ирж идээ будаа, цай цүй болон дөнгөж хонь хагалаад үймцгээж байж. Тэгтэл гэнэт байшингийнх нь дээр, тэнгэрт ч юм шиг үхэр мөөрөлдөөд явчихаж. Гадуур байсан хүмүүс “шороон шуурга” гэсээр гүйн орж ирцгээжээ. Тэнгэрт үхэр мөөрөлдөх чимээ сонсогдсон нь тухайн хот айлаас баруун зүгт нэг км орчим зайд идээшиж байсан үхэр сүрэг нэрвэгдэн хийсч ирснийх байсныг хүмүүс гамшиг өнгөрсний дараа ойлгоцгоосон гэж байлаа.

“Шороон шуурга” эхэлж байгааг мэдсэн гэрийн эзэн хоёр давхартаа гарч цонхоо хаагаад буцаж гүйсэн байна. Тэгээд хэсэг хугацааны дараа мориныхоо уяаны хажууд ухаан оржээ. Хоёр давхар байшинд нийт 10 орчим хүн байсан бөгөөд тэдний дунд найман настай хүүгээс 93 настай буурал байж. Зочилж ирээд байсан Авирмэнд ч байшингийн нэг давхарт байсан хэрнээ мөн л 10 орчим метр хол шидэгдсэн байдалтайгаар сэрсэн гэнэ.

Хөвсгөл аймагт амраад буцаж явсан гэр бүлийн хоёр салхи босохын өмнөхөн худаг дээр адуу усалж, ус аваад гэр рүү хөдөлсөн байгаа юм. Худаг дээрээс дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн хоёр км-ийн цаана салхи босохыг хараад “Маяти” машины хурдаар гэрийн зүг тэмүүлсэн аж. Хэдийгээр худгаас гэр хүртэл 300 хүрэхгүй шахам метрийн зайтай байсан ч тэд хоёр км-ийн цаана үүссэн салхинаас түрүүлж хүрч чадсангүй. Гэрийн гадаа давхин ирэхэд хүчтэй салхи, шороон шуурга нөмрөн авчээ. Жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй буюу эхнэр нь бууж, байшинд гүйн орж амжсан ч нөхөр Ц нь машинаасаа ч бууж амжилгүй хийсэн оджээ. Нөхрөө машинтай хийссэнийг эхнэр нь тэр үед мэдээгүй бөгөөд хаалга онгойход арав орчим насны хүү хальт харсан бололтой юм. Энэ үед салхины хүч бага зэрэг зөөлөрчээ. Салхины хүч хэдхэн секунд намдсан бөгөөд хажуу талын амбаар аль хэдийнэ хийсэн алга болж дотор нь мах өлгөж байсан Рашаант сумын иргэн Авирмэндийн эхнэр тэр агшинд дүнзэн байшинд орж амжсан байна. Байшинд орохоор тэмүүлж байхдаа салхинд хийсч явсан чулуунд хөл нь цохигдож шагайгаараа эргэсэн байсныг хэзээ хойно мэдсэн гэнэ. 

Салхины хүч дахин ихсэхэд байшингийн дээвэр хууларч байгаа чимээ гараад араас нь байшингийн туурганд өрөгдсөн дүнз моднууд нурж, хоёр давхрын хэсэг цөмрөн унаж, цонхны шил шажигнан бутарч шуурганаас тусгаарлах зүйл үгүй болжээ. Тэрхэн мөчид нүдээ нээх нь бүү хэл амьсгаа ч авч чадахгүй байсан байна. Ийм байдалтайгаар бараг 20 минут тэмцэцгээжээ. Урт урт дүнзнүүд тэгнэлдэн унасан нь дотор байсан хүмүүс амьд үлдэх нөхцөл болсон байх гэлцэнэ. Ямартай ч дээрээс нуран унах дүнз, дээврийн хэсэгт цохиулалгүй завсар зайд нь хүмүүс эсэн мэнд үлдэцгээжээ. Байшинд байсан хүмүүсээс Ч.Баярсайхан, Авирмэнд нар л гадагш шидэгдэж бусад нь үлдсэн байна. Харин доторх эд хогшлоос юу ч үлдээгүй бөгөөд хоосон хоёр авдар л байрандаа байж. Тэр бүү хэл ханан пийшин нурж, дүүрэн устай ган савыг хүртэл гишгэсэн лааз шиг болгожээ. Байшингийн хананд өрөгдсөн дүнзний 10 гаруй нь үлдэж бусад нь хийсэн алга болсон байв. 

Хачирхалтай нь гэрийн гадуур байдаг өнчин хоёр хурга зүв зүгээр майлаад зогсч байсан бол хашаатай тугалны хоёр нь, гэрийн гадаа байсан гурван нохой мөн л таван км-ийн зайд шидэгдэн үхсэн байсан аж. Ингээд аюул өнгөрөхөд гэрийн эзэн Ч.Баярсайхан, Авирмэнд нар дүнзэнд дарагдсан хүмүүсийг татаж гаргасан бөгөөд ихэнх нь хөнгөн бэртэл авчээ. Энэ үед хол ойроос хүмүүс туслахаар ирсэн байна. Гэрийн эзний ээж 93 настай Жуугаа юу болсныг ч ухаарч төвдөлгүй уймран байсан бол “Маяти” машинаас бууж амжилгүй хийссэн Ц-г ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн аж. Эхнэр нь, туслахаар ирсэн иргэд, аюулд нэрвэгдсэн хүмүүсийн зарим нь гээд олон хүмүүс хайсны эцэст гэрээс 200 гаруй метрийн цаана амь эрсэдсэн байхыг нь олжээ. Талийгаачийн бүх хувцас нь урагдаж, тайлагдсан байсан бөгөөд биед нь ч тэр гэхийн тэмдэггүй олон бэртэл учирсан байж. Шороонд дарагдсан байсан тул онож очихгүй бол олоход тун бэрх байсан гэж хүмүүс ярьж байлаа.   

Ийнхүү нэг хэсэг нь дуудлага өгснөөр Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлгийнхэн хамгийн түрүүнд ирж тусламж үзүүлсэн байна. Тэд өөрийн харьяалал бүхий хүмүүсийг авч явсан бол Хашаат сум руу 93 настай Жуугаа хүргэгдсэн гэнэ. Сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг тухайн айлын орчимд ажиллахад “Маяти” машинаас рам төмөр, тэвш, бүхээгний багахан хэсэг, “Прадо” машинаас дөрвөн дугуй, мотор, кроп нь л үлдсэн байж. Харин талийгаачийн унаж ирсэн “Сивик” маркийн машин дээр гуалингууд дарж унасан учраас байрнаасаа хөдлөөгүй байсан байна. Хүмүүсийн ярьж байгаагаар “Прадо” машины нэг дугуй салхины эсрэг зүгт км гаруй хол шидэгдсэн байжээ. Шуурганд анх өртсөн үхэр сүрэг байсан газраасаа мөн л км шахам газарт буюу Ч.Баярсайханы гэрийн харалдаа байхыг нь үзэхэд толгойгүй, тал арьс нь хууларч унжсан, хутгаар сийчсэн мэт зүсэгдсэн гээд нүд хальтрам дүр төрхтэй байсныг өгүүлэх хүн олон байв. “Бүх үхрийн бие дэх яс нь бүгдээрээ хугарч үйрсэн бололтой дээр нь дараад үзэхэд туламлаж өвчсөн юм шиг байсан” гэдгийг тус багийн байгаль орчны байцаагч Төгсжаргал хүүрнэж байсан. Тэрээр “хоёр давхар байшингийн дүнзийг бүгдийг нь жиргэчихсэн юм шиг болгосон байна билээ. Салхины мөрөөр явбал баахан модыг газарт гүн гэгч нь шаагаад орхичихсон байхтай таарна. Айхтар хүчтэй байж” гэдгийг ч өгүүлж байсан.  

Михайл буюу Дашзэвэгийн өгүүлснээр хар салхины төвийн хуйлраа задгай газарт гарангуутаа эрчлэн улам хурдалж байсан бол айл хийгээд мал дээр очсон даруйдаа тэр хавьдаа хургаж хэсэг тогтож байжээ. Тэгээд тухайн объект буюу байшин, мал сүрэг юу ч үгүй болтол салхинд хийсч дуусангуут дахин хүчээ авч байсан гэнэ.

Ч.Баярсайханы хот айлыг түйвээсэн хар салхи “заан” Гантөмөр, Д.Доржсүрэн, Гэрлээ, Чадраабалын гэрийг нурааж, Б.Батжаргалын 100 гаруй бог, өөр хоёр ч айлын 60 гаруй адууг авч оджээ.

Ч.Баярсайханы хот айлыг ийн хар салхинд өртөж байхыг “заан” Гантөмөр хараад гэр бүлийнхнээ авч явахаар зэхэж эхэлсэн аж. Тэднийг гэрийнхээ гаднаас хөдөлж амжаагүй шахам байхад зуны байшин нь бараг арваад метрт хөөрч байснаа бутран унажээ. Үүнээс өмнөхөн харахад шуурганы төвөөс том эд зүйлс хүчтэй шидэгдэн гарч байсан аж.  Тиймээс гэрийн эзэд салхинаас зугтан хэсэг давхиж байгаад эргэн харахад мөн л гэр нь ор мөргүй алга болсон байжээ.

“Заан” Гантөмөр гэр орноо, зуслангийн байшингаа гамшигт нэрвэгдэхийг харсан бөгөөд “портер” машинтайгаа чанх хойшоо хэсэг давхихад зам нь ч харагдахаа больсон учраас зогсчээ. Тэдний зогс­сон газарт гэрийн тоононы хэсэг, хугархай унь, эсгий туурга хийсэн ирж байсан гэнэ. Тэднийхээс зүүн тийш буюу хар салхины замд өндөр настай ээж нь мөн отроор ирээд байжээ. Ээждээ, ах дүү нартаа санаа зовж байсан ч давхин хүрч туслах, сэрэмжлүүлэх боломж олгоогүй байна. Хар салхи анх үүссэнээсээ хойш хагас цагийн хугацаанд таван хот айлыг түйвээж арав гаруй км үргэлжлэн шуурахдаа хүч их, дагаж боссон шороо тоос бүүр ч их байснаас хурдан хөлтэй адгуус хүртэл амиа тээн зуг­тан гарч чадаагүй байгаа юм. Мал хорогдох шалтгаан нь олон жилийн цасан болон, шороон шуурганд орж байсан сү­рэг шуурганы уруу хошуурч зогсдогоос болсон хэмээн нут­гийнхан тайлбарлаж байна. 

Азаар “заан” Гантөмөрийн ээжийнх буюу нутгийнхны нэрлэдгээр Сүжиг эмээгийнд салхи хүрч аюул тарьсангүй. Бүр байгалийн гамшигт үзэгдэл болсон талаар мэдээ ч үгүй байжээ. “Хүчтэй хуй дайраад өнгөрөх шиг боллоо” хэмээн хуучлаад сууж байж. Шуурганаас зугтсан хэд ч бууриа нэг эргээд айл саахалтынхандаа туслахаар очицгоосон аж.   

 Ийн хоёр ч хот айлыг хаман авсан хар салхи цааш эрчилсээр малчин Б.Батжаргалынх руу дөхөж иржээ. Энэ үед хонин сүрэг нь гэрийнхээ баруун талд идээшиж байсан байна. Хуйларсан салхийг зайнаас ажихад хониных нь хойд захаар ороон нэг хэсгийг нь тасдан авчээ. Төд удалгүй төв хуйлраанаас нь хонь, ямаа шидэгдэн гарч “малаар бороо орж” байгаа мэт харагдаж байсан гэх. Б.Батжаргалын гэр ч салхины хүчинд цохигдон дэрвэж байсан агаад хар салхины цөм гэрийг нь чиглэн эрчилсэн байна. 

Тэнд байсан хүмүүс ч зугтах нь зугтаж, ойролцоо бүгэх нь бүгж амиа хоохойлохоор тэмүүлж байхад мориных нь уяа модонд бараг тулж ирээд байж. Ингээд аюулд нэрвэгдлээ гэж байтал салхины чиглэл өөрчлөгдөн цаашаа хуйларч эхэлсэн байна. Уяаны хоёр шонг бараг 70-80 см ухаж түгжсэн байсан бөгөөд нэгийг нь салхи дайрч суга татан авсан бол нөгөө нь зүв зүгээр хоцорсон аж. 

Гамшигт нэрвэгдсэн дараагийн айл нь малчин Доржсүрэн, Гэрлээгийн хот. Энэ хоёр айлын гэр мөн л эвдэрч сүйдсэн. Салхины исгэрэх чимээнээр бүгд л гэр гэртээ орж чагтагнаасаа зууралдацгаасан байна. Эртнээс хүчтэй хуй, шороон шуурга болоход тоононыхоо чагтаганаас хүнд зүйл дүүжилдгийн адилаар арга хэмжээ авах гэсэн ч дөчийн бедонтой ус дүүжлэх завдал өгөлгүй гэрийг нь балбаж эхэлжээ. Тооноор нь, хатавч, хаяагаар нь шороо пургиж гэр доторхийг ч харах боломжгүй болж. Аажмаар өрх нь гэрийн дээрээс нүдэхээ больсон нь хийсэн алга болсных байжээ. Улмаар гэр нь бүхэлдээ шидэгдэж гэрт байсан хүмүүс халхлах зүйлгүй хоцорсон байна. Шуурганы хүчинд сэмэрсэн дээвэр, туурга газар алгадан хийсч, унь, хананы шажигнан хугарах чимээнээс өөрийг сонсолгүй хэсэг хором өнгөрсөн аж. Малчин Доржсүрэн гэрээ нурахад ухаан алдсан байжээ. Ухаан ортол салхины хүч ч бага зэрэг саарч ойр тойрны зүйл харагдахуйц болсон байж. Гэхдээ л нүүр нүдгүй шороо балбан хүүхэд нь газраас хөөрч, бууж байсан  байна. Ухасхийн хүүгээ барьж аван дээрээс нь нөмөрлөн хэвтжээ. Ийн хэсэг хугацаанд гэрийнхнээсээ зөвхөн хүүгээ тэвэрч байснаа мэдэж байсан бөгөөд бусад хүмүүс хаагуур байгааг ч мэдэх сөхөөгүй байж. Ийм гамшигт нэрвэгдэхээр хүн чанга хашхирах ч тэнхэлгүй болж, хоолой сөөнгөтөн, дуугарсан ч амнаас гарсан үг бүхэн салхинд замхран алга болдог юм байна гэлцэнэ. Гэрлээгийнхэн ч ийм байдлаар гэр орноо алдаж орох оронгүй болжээ. “Гэрлээгийн хувьд гэр нь хийсэхээс өмнөхөн хүүхэд нь жингүйдэж байсан гэнэ билээ” хэмээн нутгийн олон хуучилж байлаа.  

Аюул ард гарсны дараа түрүүлж өндийсэн нь гэрийнхнээ дуудан хашхирч эхэлжээ. Ямартай ч хүнд бэртэл аваагүйгээр барахгүй зарим нь шалбархайгүй босч ирсэн байна. Шуурга өнгөрсний дараа үс, хувцсанд нь битүү шороо шигж, уруул нь омголтон, нүүр нь тоосонд битүү дарагдан хүн цочмоор царайтай байснаа санаж байсан гэнэ. Юу болоод өнгөрснийг ухаарах ч тэнхэлгүй тэд хэсэг уймарсны дараа гэрийнхээ буйрыг тэмтэрч үзэн үл итгэсээр байсан аж. 

Доржсүрэнгийн гэрийн буйран дээр шалны хоёр хэсэг л үлдсэн байсан бөгөөд бусад хогшлыг нь талын энгээр нэг тараасан байжээ. Гэрийн унь хамгийн багадаа гурав хуваагдаж төмөр цагаан орноос л гэхэд никель толгой нь үлдсэн байж. Гэрийн брезент хэдэн хэсэг хуваагдаж хаалга нь углуурга бүрээрээ салж бутарсан байж. Тооно ч ялгаагүй цамхаг, даага нь заадал заадлаараа салсныг олж авчирчээ. Авдранд байсан хатуу эдлэлийнхээ ихэнхийг олоогүй бөгөөд уяа модныхоо ойролцоогоос эмээлний мөнгөн даруулга нэгийг олж авсан байна. Энэ айлаас хийссэн зүйлсийн ихэнх нь ойр хавьд байгаагүй бөгөөд олдоогүй зүйл олон байгаа гэсэн. Бүр гурван км-ийн цаана байх гүний худгийн усны сангийн зузаан төмрийн тасархай ч гэрийнх нь гадаа ирсэн байсан ажээ. Барагцаагаар таван см-ийн зузаантай төмрөөр хийсэн ус агуулах савыг моторт худгийн блокон амбаар дотор цементээр цутган бэхэлж суулгасан байж. Гэтэл салхины хүчинд төмөр урагдан тасарч хийсч ирсэн нь энэ гэнэ.  

Гэрийн эд хогшлыг хайхад хэдхэн алхмын цаанаас эхлээд тав, зургаан км хол шидэгдсэн нь ч байж. Үнэтэй алт, мөнгөн эдлэл бүү хэл төмөр орны пүрж ч ор сураггүй алга болжээ. Шуурганд өртсөн таван айлын эд хогшил багцаагаар арван км-т тарж таньж мэдэхийн аргагүй холилдсон байсан тул эцэст нь бөөгнүүлж шатаасан байна. Дахин хэрэглэж болох зүйл гэвэл гэрийн эсгий туурга, дээвэр л байсан аж. Гар аргаар хийсэн эсгий бат бөх, хийссэн ч урагдалгүй бүтнээрээ үлддэг юм байна хэмээн шагшицгаана.  

Ийн Номгон уулын урд бэлээр арваад км цацагдсан эд хогшил бүгд хог болон хэд хэдэн “Портер” машинаар татаж устгажээ. Харин аюулд хамгийн их өртсөн Ч.Баярсайханы байшингийн найман метрийн урттай дүнзийг цуглуулахад гурван машин болжээ. Дүнз модыг тоолж үзэхэд байшинд орсон нийт модны 20 хүрэхгүй хувь нь үлдсэн байж. Үйрч бяцран бутарсныг түлээнд хэрэглэхээс өөр аргагүй гэж үзээд сүүлд хамахаар орхисон байлаа.

Гамшигт өртсөн өрхүүд амьд мэнд гарсандаа баярлаж байгаа ч цаашид хэрхэх вэ гэдэг асуудал бий. Уулзсан хүн бүрийн ярихыг сонсвол “Өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорлоо. Аймгийн удирдлагууд гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд нэг, нэг гэр хандивласанд нь талархаж байна. Хоромхон зуурт юу ч үгүй болж хоцорсондоо хоёр хоног өнгөрчихөөд байхад итгэж өгөхгүй юм. Ийм зүйлийг кинон дээрээс харж, өөр тивд болсон талаар сонч байснаас сонирхож хүчтэй салхины үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй болох тухай боддог ч үгүй байж. Өөрийн бие дээр буусны дараа л толгой руу орох юм. Уг нь салхины замаас хөндлөн зугтаж гарах ёстой юм байна. Үүнийг сая л мэдлээ. Дэлхийн дулаарал гэдэг зүйл Монгол орныг дайрч цаг уурын тааламжгүй нөхцөл байдал үүсэх болжээ. Тиймээс энэ мэт зүйлээс сэрэмжтэй байж, үүссэн нөхцөл байдалд амьд мэнд гарах тухай ойлголтыг авч баймаар юм байна” хэмээн өгүүлцгээнэ.

Нутгийн иргэдийн хувьд тухайн өдрийн цаг агаарыг бараг хараагүй байсан юм байна. Хоёр өдрийн өмнө, долоо хоног, сарын өмнө цаг агаар харсан нь ч байх. “Ямар ч гэсэн хүмүүсээс асуухад хоёр хоног бороо орж магадгүй гэж ярьцгааж байсан. Харин гамшиг болсны дараа Өмнөговь аймгийн Цаг агаарын хэлтэс манай аймаг руу ярьсан байсан. Танай аймагт гамшиг болж магадгүй байна. Танай аймагт агаарын хэмийн хэт халалт үүссэний зэрэгцээ Алтайн уулсыг давж орж ирсэн сэрүүн, тунадаст хуйлраа өнөөдөр Архангай аймгийг дайрч магадгүй байна, сэрэмжтэй байгаарай гэснийг аймгаас ирсэн албаныхан өгүүлж байсан” гэж байв.

Шуурга явсан хэсэг ямар ч ургамалгүй болжээ

Монгол орны цаг агаарын утга 1996-1997 оны зуд тохиосноос хойш алдагджээ. Хүлэмжийн хий, орчин цагийн хог хаягдал, байгаль экологийн тэнцвэр алдагдсанаас үүдэн дэлхийн дулаарал явагдаж буй. Энэ нь Монгол оронд ч сөргөөр нөлөөлж Монголын цаг агаар шинэ схемд шилжсэн байна. Шууд хэлбэл төв Азийн цаг агаар 1997 оноос өмнө нэгэн цикльтэй байсан бол дараагийн цикль нь эхлээд бараг 20 жил болж байгаа аж. Ингэснээр зундаа халуун орны цаг уурын үзэгдэл зонхилж өвөлдөө сэрүүн бүсийн (тундрийн) нөхцөл байдал хүчтэй идэвхжиж байгаа юм байна. Тиймээс Монголын зун халуун орны шинжтэй болж хар салхи бусад байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх хандлага илэрчээ.

Одоогоор Хашаатад боссон хар салхийг ямар нөхцөл, шалтгаантай байв гэдгийг судлах мэргэжилтэн, байгууллага Монголд алга. Бусад орнуудын шинжилснээс харахад хар салхи үүсэхэд хоёр хүчин зүйл шууд нөлөөлдөг гэнэ. Үүний нэг нь машины утаа. Автомашины мотороос ялгарсан хөө тортог бөөгнөрч агаар дахь чийгийг өөртөө шингээснээр мөндөрийн үүл үүсэхэд хүргэдэг ажээ. 

Ийм шалтгаанаар үүссэн хэт сэрүүн агаарын масс нь дулаан масстай мөргөлдсөнөөр хар салхи босдог байна. Гэхдээ хор хөнөөл дундаас бага, 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжилдэг аж. Харин 15 минутаас удаан үргэлжилдэг хар салхинд цэвэр байгалийн үзэгдлүүд нөлөөлснөөр үүсч хор хохирол ихээр учруулдаг юм байна. Дэлхий нийт аж үйлдвэржсэнээс хойш тохиож буй хар салхи мэтийн урьдчилан таахын аргагүй, хүчтэй үзэгдлүүд нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй үүсдэг болсныг олон орны эрдэмтэд тогтоогоод байгаа юм байна. 

Монгол орны хувьд сүүлийн 40 жилд байгалийн энэ үзэгдэл хоёр дахиа тохиож байгаа нь энэ. Ер нь төв Азид эртнээс хар салхи босдог байсныг монголчуудын “луу унжих” гэж нэрлэдгээс нь мэдэж болох. Гэхдээ тун ховор байсныг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэх биз. Харин бусад оронд тэр дундаа хойд Америкт жилд мянга гаруй хар салхи босдгийг эрдэмтэд тогтоожээ. Хар салхинд ихээр өртдөг орны иргэд ч гамшгаас өөрдсийгөө хамгаалах дээд зэргийн мэдлэг, мэдээлэлтэй болсон байна. Тэгвэл монголчууд гамшгийн үед авах арга хэмжээний талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байдгийг сая Хашаатад боссон хар салхи харууллаа. Гамшигт нэрвэгдэх үед гэр орон, эд хогшлоо орхин салхины төвөөс хоёр тийш зугтан гарах ёстой байдаг бол Номгон уулын бэлээр зусч байсан малчид бүгд л гэр гэр рүүгээ тэмүүлсэн байгаа юм. Гамшгийн үед амиа алдсан Ц л гэхэд худгаас ус авчихаад гэр рүү давхихын оронд салхины төвөөс 300 орчим метр зайлаад гарчихсан бол эмгэнэлт явдал болохгүй байж. 

Тэр бүү хэл хар салхи босохыг харсан иргэд тав, 10 км-ийн цаана айлд, мал хариулж явсан ч бүгд л гэр рүүгээ хятад мотоциклийн тэнхээ мэдэн давхилдсан гэж байгаа. Тэдний нэг нь Н.Чимэд. Тэрээр гэрээсээ арваад км-ийн цаана Эвтэй дөрвөн амьтны хөшөөн дээр Талын лам буюу Хар хорины хөл нүцгэн Ганбаад тусалж байжээ. Эвтэй дөрвөн амьтны хөшөөг тохижуулах ажлыг Ганбаа лам хийж байгаа бөгөөд Н.Чимэд бүтэн өдрийн турш тэнд байсан гэж байгаа. Ингээд оройн 18 цаг дөхүүлээд харихаар зэхэж байтал үүл бүрхэн мөндөр хаялж гэрийнх нь ойролцоо их тоос босон тэнгэрт хаджээ. Байдал эвгүйтсэнийг мэдээд хужаа мотоциклио асаан гэрийн зүг харвасан байна. Хурдны хэмжүүр 80-100 км цагийг зааж байсан ч амжиж очиж чадсангүй. Салхи хэдийнэ болж өнгөрөөд замдаа өртсөн бүхнийг сүйтгэсэн байлаа. Хар салхи 17 километр яваад замхарсан. Чимэд мотоциклиороо 80-аас дээш км цагийн хурдтайгаар арав орчим км замыг туулахад хоцорсон нь гамшигт үзэгдлийн хурд хүч ямар байсныг тогтоож болохоор. Азаар Чимэдийн гэр орныг нь салхи дайраагүй бөгөөд их, бага Номгон уулын урд хөндийн зарим хэсгийг атаршуулсан мэт болгож өртсөн айлуудын эд хогшил хог болон бүрхсэн байжээ. Алсаас харахад аймгийн төвийн хогийн цэг мэт болсныг хараад Ч.Баярсайхан нарын таван айлаас мэнд мултарсан нь үгүй байх гэж эмээж байсан байна.

Ингээд Н.Чимэдээс болсон явдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Та хар салхи босохыг хараад гэр рүүгээ ирсэн юм байна. Болсон үзэгдлийг бүтнээр нь харав уу?

-Миний байсан газар тэрүүхэндээ хотгор юм. Номгон уулын тэртээд буюу манай гэрийн тийш тэнгэр нижигнэж, үүл хуралдаад эхлэхээр нь хартал их тоос цойлж тэнгэрт хүрсэн байсан. Дөнгөж эхэлж байхад нь л би мэдсэн. Тэгээд мотоциклио асаан халхлаад байсан довцог дээгүүр гарч ирэхэд Ч.Баярсайханы зусч байсан довцгийн ар дээгүүр хуйлран орж байсан. Өөрийнхөө гэрийн зүгт харцаа шилжүүлээд л буцаахад тэр салхи тэдний хотыг нөмрөн авсан байна билээ. Үнэхээр хүчтэй, хурдтай явж байсан болохоор хүн бүр сүрдэж юу хийхээ мэдэхгүй сандчиж байсан юм билээ. Би ч дэмий л мотоциклио хаазлахаас өөрөөр яаж ч чадаагүй. 

-Тэгээд юу болсон бэ?

-Таарсан бүхнээ идэж байгаа аварга том амьтан шиг л байсан. Тэр том хуйлраа Ч.Баярсайханы гэрийн дээр хэсэг хургаж хуйларч байснаа цааш эрчилэхэд тэдний байсан газар тэгширч үлдсэн. Замд нь таарсан бүхнийг хаман авснаа буцаан гаргаж цацаад үнэхээр аймшигтай юм. Ядаж хажуугаар нь том том мөндөр бууж ирээд явахад бэрхтэй байсан ч би хамаг хурдаараа гэр рүүгээ давхисан. Ингэж явахад мөндрийн нэг ширхэг нь мотоциклийн их гэрэл дээр буусан нь төмрийг нь шамбийлгаж, шилийг нь хагалсан байгаа юм. Монголчууд 24 км цагаас илүү хүчтэй салхийг хэмжиж чаддаггүй юм байна ш дээ. Манай энд ирсэн мэргэжилтнүүд нэг тийм үг хэлчих шиг боллоо. Ер нь байгалийн тийм хүчний өмнө хэн ч сөхөрмөөр юм билээ. Дэлхийн сүйрэл, үхэл, хагацал муу юм бүхэн хамгийн түрүүнд бодогдож байсан. Цаашаа явсаар дөрвөн ч хот айлыг дайраад өнгөрөхөд онгойсон хар буурь л үлдэж байх жишээтэй. Байгальтай хамгийн ойр, бүх зүйлийг нь мэдэрч байдаг адгуус мал хүртэл дайжин гарч чадаагүй гээд бодохоор үнэхээр гэнэтийн, хурд хүч нь хэмжээлшгүй байсныг нотолно. Юу харснаа ярихаар зарим хүмүүс “битгий даваадуулаад бай” гэж байгаа юм даа. 

-Та бүхэн бүхэн өөрсдөө хар салхины талаар хэр мэдээлэлтэй байв?

-Ганц хоёр кинон дээрээс харсан төдийхөн. Огт үзээгүй зүйлтэйгээ нүүр тулахаар балмагдахын зэрэгцээ амиа аврах мэдлэггүй байдаг нь ямар ч боломжийг олгодоггүй бололтой. Гамшгийн үед нас барсан хүн л гэхэд амьд үлдэх өчнөөн боломжтой байсан юм билээ. Мэдлэг, мэдээлэл дутмагаас л ийм зүйл болчихлоо. Өнгөрсөн хойно нь сум, аймгаас хүмүүс ирж туслахын хувьд болж байна. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар хуй салхи дайраад өнгөрсөн юм шигээр асуудалд хандаж байгаа нь эмгэнэлтэй байна. Ер нь төр засаг энэ талаар анхаарч байгаа шинж огт алга. Ийм зүйлийг судалж, шинжилж, ард иргэддээ сэрэмжлүүлээд, аюулаас амьд мултрах аргыг нь зааж өгмөөр юм шиг байна.

-Танай нутгийнхан ч асуудлыг мухар сүсэгтэй холбож ойлгоод байх шиг байна даа?

-Шинжлэх ухааны үүднээс тайлбарласан л байдаг байх. Шинжлэх ухаанд нэр нь орсон зүйлс нэг дор бөөгнөрөөд л ийм гамшиг болсон байлгүй. Монголчууд мэдээж газар усаа хилэгнүүлснээс боллоо гэнэ шүү дээ. Би ч тийм л бодолтой явдаг хүн. Нас барсан эрэгтэй Хөвсгөл аймгийн гарвалтай, тэндээ амарч байгаад ирсэн юм билээ. Ирэхдээ нуурынхаа уснаас, загас жараахайнаас нь баахныг авчирсан байсан гэсэн. Тэгээд л ийм зүйл болж өөрөө амь эрсдээд, бусад хүмүүс нь хомрогонд нь өртлөө гэж нутгийн олон ярьж байна. Бодохоор тийм ч юм шиг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлачихсан бол ийм дэмий яриа гарахгүй шүү дээ. Асуудал хариуцсан сайд дарга нь анхаараад, ард түмэндээ хандаж бодит байдлыг мэдээлэх л хэрэгтэй байх. Малчин бид чинь төр засаг руу байнга чих тавьж байдаг хүмүүс шүү дээ. Тэгээд гэнэтийн ийм үзэгдэлд өртсөн айлуудад тусламж огт олгодоггүй юм шиг байна. Аймгийн удирдлагууд нэг гэр өгөөд болоо. Үгүй дээ л сэтгэл санааны туслалцаа хэрэгтэй л байдаг бололтой. 

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

О.Гүндэгмаа: Олимпийн шалгуур хүндэрсэн. Гэхдээ би олимпийн эрхээ авах болно

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Шведийн Гётеборг хотноо болсон өсвөрийн хөлбөмбөгийн “Готхиа Цуп” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн “Дэрэн” баг болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, паралимпид оролцох эрхээ аваад байгаа З.Ганбаатар нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад паралимпийн тамирчин З.Ганбаатар хүндэтгэх шалтгааны улмаас хараахан ирж амжаагүй юм. Ингээд энэ үеэр Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай цөөн хором ярилцлаа.Тэрээр өнгөрсөн зургадугаар сард дэлхийн цомын цуврал болох Германы Мюнхен хотноо болсон тэмцээний спорт гар бууны 25м-ийн дасгалд алтан медаль, Словени улсын Марибор хотноо болсон тэмцээнд мөн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. 


-Юуны өмнө танд дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцсонд баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Таны хувьд багагүй хугацаанд спортоосоо завсарлаад эргэн ирсэн гэхэд бэлтгэл сайн хангагдсан нь анхны тэмцээнүүдээс чинь л харагдаж байна. Ер нь гарт орчихсон чадвар гэдэг өөр байдаг уу?

-Би буудлагын спортоор 20 гаруй жил хичээллэсэн. Тиймээс хоёр жил бэлтгэл тасраад эргээд ороход нэг их хүндрэл байсангүй. Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлдээ гарсан. Ер нь бол бэлтгэлийг маш эрчимтэй, шаргуу хийсэн гэхэд болно. 

-Германы Мюнхен хотод болсон тэмцээнд алтын төлөө Монгол Улсын гавьяат, ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяртай өрсөлдөхөд хэр сандрав. Таны хүчтэй өрсөлдөгчдийн нэг шүү дээ?

-Нэг их сандраагүй. Анхнаасаа л финалд үлдэж, алтын төлөө өрсөлдөнө гэсэн зорилготой орсон. Мөнхбаяр эгч надтай ойролцоо оноо авсан учраас бид хоёр алтын төлөө өрсөлдөж таарсан. Тэмцээний дараа Мөнхбаяр эгчтэй уулзаад “2008 оны олимпийн үеэр болсон явдал дахин давтагдлаа шүү” гээд хоорондоо ярьж инээлдсэн. 

-Дүрэмд өөрчлөлт орсон нь хэр нөлөөлсөн бэ?

-Хоёр жилийн дараа шинэ дүрмээр өрсөлдөхөд бас тийм ч амар байсангүй. Гэхдээ манай дасгалжуулагч финалын шатны бэлтгэлд түлхүү анхаарсан. Үндсэн 25 сумнаас 15-18 сум оноход медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно гэж зөвлөсөн. Өмнө нь 16, 17 сум оноход бараг медаль хүртэх магадлалтай болчихдог байсан байхгүй юу. 

Олон улсын буудлагын спортын финалын шатны дүрэмд том өөрчлөлт орсон. Тэмцээнийг илүү үзүүштэй болгох үүднээс гэдэг ч юм уу финалын шатанд үлдсэн найман тамирчинг хоёр хоёроор өрсөлдүүлдэг болсон байна лээ. Финал дотроо дахин шинээр өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын гол зорилго алт, мөнгөн медаль авах байсан. Өмнө нь тамирчдыг тэмцээнээс хүрэл медаль авахад үзэгчид “Энэ чадахгүй байхдаа яадаг юм. Хүрэл медаль аваад” гэж чамлах тохиолдол гардаг байсан. Тэгвэл одоо хүрэл медалийг хүртэл тамирчид нөр их хүч хөдөлмөрөөр авах болж байгаа юм.

-Мюнхенд болсон тэмцээнийг дөнгөж дуусгаад дахин нэг дэлхийн цомын цуврал тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн. Дараагийн тэмцээнд бэлтгэх боломж гарсан уу?

-Тэмцээний үед бэлтгэл хийх боломжгүй байдаг. Дэлхийн цомын тэмцээнд долоо хоногийн турш 80 гаруй орны тамирчид буудлагын арав гаруй төрлөөр өрсөлддөг. Тиймээс тамирчид дор дороо хувийн бэлтгэлээ л базаадаг. Бүх юм цагийн хуваарийн дагуу явагддаг. Явахаасаа өмнө л бэлтгэлээ сайн базаадаг.

-Ирэх сард ДАШТ болно. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-Бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Есдүгээр сард Испанид ДАШТ болно. Энэ тэмцээнээс эхэлж “Рио-2016” олимпийн эрхийг олгох юм. Спорт гар бууны төрөлд шалгарсан эхний тав, хийн гар буунд шалгарсан эхний зургаан тамирчин олимпийн эрх авах тухай журамд заасан байгаа. 

Дэлхийн цомын тэмцээнд 80 орны 150 орчим тамирчин орсон. ДАШТ-нд олимпийн эрх олгодог учраас дэлхийн цомоос нэг дахин их тамирчид өрсөлддөг. Тиймээс миний хувьд бэлтгэлээ маш сайн, шаргуу базааж байгаа. 

-Шинэ дүрмээр ДАШТ-ээс гадна хэдэн тэмцээнд орж байж эрхээ авна гэсэн үг?  

-Олон улсын буудлагын холбооны дүрэмд орсон өөрчлөлтүүдийн нэг бол энэ. Олимпийн эрхийг ДАШТ-ээс гадна хойтон болох дөрвөн дэлхийн цомын тэмцээн, азийн аварга шалгаруулах тэмцээнээр олгоно. Өмнө нь найман дэлхийн цом, Азийн аварга, дэлхийн аваргын гээд нийт арван тэмцээнд олгодог байсан нь багассан. Энэ утгаараа тамирчдын шалгуур ч өндөрссөн гэсэн үг.

-ДАШТ-ээс олимпийн эрхээ авна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж тэр өдөр хэн сайн байсан, хэн сийрэг ажиллаж чадсан нь медаль авах байх. Финалд дахин шинээр өрнөж байгаа учраас бүгд л эрхээ авахыг хүсч байгаа тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн болох байх. 

-Таны хувьд өөрийнхөө төрөлд дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар нэгт бичигдсэн гэсэн. Ер нь онооны хувьд хэр нягтралтай байгаа вэ? 

-Миний хувьд оноо гайгүй. Сүүлийн хоёр тэмцээнээс тус бүр 584 оноо авсан нь төрөлдөө тэргүүлэхэд нөлөөлсөн байх.

-Сая сайдтай уулзах үеэр гадаа бэлтгэх хийх боломжгүй гэсэн асуудал яригдсан. Энэ талаар?

-Манай тамирчдын амжилт гаргах хамгийн боломжтой төрөл бол 25 м-ийн зайд бууддаг спорт гар бууны дасгал. Зуны цагт зохиогдож буй томоохон тэмцээний үеэр тус төрөл гадаа талбайд болдог. Харин манайд бол гадаа бэлтгэл хийх боломжгүй. Гадаа зориулалтын талбайд хийх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл гадаа буудахад нарны тусгал хүртэл буудлагад нөлөөлдөг. 2008 оны Бээжингийн олимпод бэлтгэж байхдаа гадаах буудлагыг Найрамдал зусланд хийж байсан. Уг нь Техник спортын төвд хийх ёстой байдаг. Гэвч заавал тус төвийн дасгалжуулагч нартай дахин гэрээ хийх зэргээс эхлээд чирэгдэл ихтэй учраас боломж байдаггүй. Ямартай ч өнөөдрийн /өчигдөр/ сайдтай хийсэн уулзалтын үеэр энэ асуудал сөхөгдлөө. Өнөө маргаашгүй  Техник спортын төвтэй ярилцаад долоо хоногт хоёр удаа ч юм уу бэлтгэл хийх юм шиг байна. 

-Одоо бэлтгэлээ хаана хийдэг юм бэ?

-Батлан хамгаалах их сургуулийн “Аварга” клубт бэлтгэл хийж байгаа. 

-Ер нь тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаад ирэхдээ өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг үү?

-Тэмцээний үеэр бол айхтар догдлоод байдаггүй. Спорт хүнийг баргийн юманд хөөрөөд байхгүй ийм тэсвэр тэвчээртэй болгочихдог юм байна/инээв/. Ихэвчлэн эх орондоо ирээд, гэр бүлийнхээ дунд ирээд амжилт, алдаа оноогоо ярилцаад ирэхээр арай өөр болдог. Би анх энэ спортод хөл тавихдаа Отрядын охин Гүндэгмаа гэж олонд танигдсан. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн, алдар нэр өссөн гээд юу ч өөрчлөгдөхгүй. Отрядын охин Гүндэгмаа хэвээрээ л байх болно. 

Би ямагт өөртөө энэ үгийг сануулдаг. Харин ээж, гэр бүлийнхэндээ маш их баярладаг. Байнга л тэмцээн уралдаан гээд явахад үр хүүхдүүдүүдийг минь харж хандан арын ажлыг минь ганц зохицуулдаг хүн. Тиймээс ээждээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Л.Лха-Очир: Хүлээцгүй, яарч барилдаад, хариу мэхэнд орж өвдөг шорооддог алдаагаа энэ жил давтаагүй

Энэ жилийн үндэсний их баяр наадмаар улсын начин болон харцага цолны болзол хангасан бөхчүүд

Өнөө жилийн үндэсний их баяр наадмаар тав давж, улсын начин цолны болзол хангасан Завхан аймгийн Алдархаан сумын уугуул,”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, ”Саруул зам” ХХК-ийн бөх Л.Лха-Очиртой ярилцлаа.  

-Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. 

-Баярлалаа. Үндэсний их баяр наадамдаа дөрөв дэх жилдээ зодоглож, улсын начин цолны болзол хангасандаа сэтгэл хангалуун байна.  

-Бөхчүүд багаасаа л энэ спортод шимтэн, хичээллэж эхэлсэн байдаг. Харин таны хувьд? 

-Миний хувьд ч мөн ялгаагүй. Би Завхан аймгийн Алдархаан суманд 1986 онд төрсөн. Төрөлх сумандаа дөрөвдүгээр анги хүртэл амьдарсан. Тэр үеийн хөдөөгийн хөвгүүдийн жишгээр нэгэнтэйгээ барилдаж, дээл хувцсаа уралцаж л өссөн дөө. Мөн ч олон дээл, гутал элээсэн дээ. 

Харин дөрөвдүгээр ангиасаа аймгийн төв болох Улиастай хотод шилжин ирж дунд сургуулиа дүүргэсэн. Харин энэ үеэс аймгийн хурц арслан, үндэсний бөхийн дасгалжуулагч, спортын мастер С.Юнрэн агсны удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа базаах болсон. Өдгөө амжилттай сайхан барилдаж, бөхийн хорхойтнуудынхаа мэлмийг баясгаж яваа улсын га­рьд Ц.Цэрэнпунцаг, М.Баяр­жавх­лан, Б.Гончигдамба, Ш.Жар­гал­сайхан, улсын харцага М.Дармаабазар, улсын өсөх идэр начин Б.Сумьяабэйс, Н.Бат-Амгалан, Ю.Алтансүх нар бол түүний унаган шавь. Багшийнхаа удирдлаган дор хичээллэж, 2005 онд Архангай аймагт зохиогдсон өсвөрийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанаас бага насны ангилалд амжилттай барилдаж, мөнгөн медаль хүртсэн маань надад асар их урам зориг өгсөн дөө. Тэгээд ч миний эргэн тойронд бөхөд элэгтэй, үндэсний энэ спортоо дэмждэг олон сайхан хүн байсан. Одоо ч хэвээрээ. Тэдгээр хүмүүсийн тус дэм ч их бий. 

-Дунд сургуулийн сурагч ахуйдаа сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байсан үеэ дурсвал?

-Наймдугаар ангийн сурагч байхдаа сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэн. Анхны цол, анхны түрүү, дээрээс нь нутаг усандаа гэх утгаараа эргээд санахад үнэхээр дурсгалтай сайхан санагддаг шүү. Анхны энэхүү амжилт минь надад асар их урам зориг өгч, тэр үеэс л эргэлт буцалтгүйгээр бөх болохоор шийдэж билээ. Дээр нь бага залуу байсан учраас нутаг усныхан маань ч миний урмыг бадрааж, зоригийг хурцалж өгсөн. Дунд сургуулиа дүүргэчихээд Улаанбаатарт ирж, “Аварга” биеийн тамирын дээд сургуульд бэлтгэлээ базаах болсон.

Ийнхүү аймгийн наадам, цаашлаад улсын их баяр наадамдаа зодоглох бэлтгэлдээ гарч байгаа хэрэг шүү дээ. 

-Та хэзээ аймгийн арслан цол хүртсэн билээ?

-Аймгийн наадамд 2008 онд үзүүрлэн аймгийн заан, дараа жил нь түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн. Ингээд л 2010 оноос улсынхаа баяр наадамд зодоглож эхэлсэн.  

-Өмнөх улсын баяр наадмуудад хэрхэн барилдаж байв?

-Хоёр, гурван ч жил дараалан хоёрын даваанд өвдөг шороодсон. 2010 онд хоёрын даваанд улсын начин Ч.Цогбаярт шуудагны барьцнаас түрж хөөж яваад дагуулж тонгоруулан өвдөг шороодсон. Дараа жил нь Ховд аймгийн арслан Батсайханыг харцага цолтой байхад нь мөн хоёрын даваанд таарч хонгодуулан унасан. Өнгөрсөн жил гурвын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Ч.Баянмөнхөд өвдөг шороодож байлаа. Бөх хүн алдаан дээрээсээ суралцаж бэлтгэл сургуулилтаа шургуу хийдэг жишгээр л явж ирлээ. Нэгэнт үндэсний бөхтэй амьдралаа холбосон учраас одоо надад ухрах зам, шантрах эрх байхгүй. Зөвхөн бэлтгэлээ сайн хийж, амжилтаа ахиулж, үзэгч түмнийхээ урмыг сэргээсэн гал гарсан барилдаан үзүүлэх нь миний зорилго. 

-Энэ жилийн баяр наад­маар хоёрын даваанд аймгийн арслан Л.Ши­нэ­баатартай учраа таар­сан барилдаан тань наадамчин олныг яах аргагүй суудлаас нь өндөлзүүлж байсан. Улсын цолонд хүрэх хам­гийн хүндхэн барилдаан тань тэр байсан талаар бөхийн хорхойтнууд хуу­чилцгааж байна лээ?

-Үндэсний их баяр наадмын даваа болгон амаргүй. Тэр ч утгаараа бөхчүүдийн хөлс хүчийг дээд зэргээр шавхдаг. Амжилттай сайн барилдаж чадахгүй бол бүтэн жилийн хөдөлмөр талаар өнгөрлөө л гэсэн үг. Хоёрын даваанд “Алдар” спорт хороо,”Рекимон” компанийн бөх аймгийн арслан Л.Шинэбаатартай барилдсан. Бид хоёр нэгнийхээ барилдааныг андахгүй мэднэ. Нэг нь мэх хийх гэхээр нөгөөх нь хориглочихоод, эсвэл хийсэн мэхээ дутуудуулчихвал өөрөө уначих гээд хэцүүхэн байсан. Барилдааны төгсгөлд хавираан дээр нь тонгорчихсон. Гурвын даваанд намайг Ховд аймгийн уугуул, улсын харцага Г.Алтангэрэл амласан. 

Амлуулж байгаа бөхөөсөө илүү аманд гарч байгаа бөх нь өөрийгөө хурцалдаг юм шиг санагддаг. Тэр жишгээр л гурвын даваанд өөрийгөө хурцалж барилдсан. Шуудагны барьцыг нь халж тавиулангуутаа гишгэдлийг нь тааруулж байгаад зайлчихсан. Өвөрхангай аймгийн уугуул, ”Хилчин” спорт хорооны бөх, улсын заан Т.Санчиртай дөрвийн даваанд оноолтоор таарсан. Золгоон дээрээс хавираад давсан. 

-Улсын начны босгыг давахад ганцхан даваа авах үлдчихээд байхад танд чухам юу бодогдож байв?

-Хэрхэн өөрийнхөө ур чадварыг бүрэн дайчилж барилдъя даа гэхээс өөр зүйл огт бодогдоогүй. Улам хичээж, хийгүй барилдахаар сэтгэл санаагаа төвлөрүүлсэн. Дан ганц үндэсний бөх ч гэлтгүй бусад бүх спортын төрөлд тамирчид биеийн хүч, ур чадварын дасгал хийхээс гадна сэтгэл зүйн бэлтгэлийг давхар хангах хэрэгтэй болдог. Хангалттай ур чадвар, хүч чадалтай хэрнээ сэтгэл зүйн бэлтгэлгүй бол амжилтад хүрэхгүй. Энэ жилийн улсын баяр наадмаар тавын даваанд намайг Өвөрхангай аймгийн уугуул, “АПУ” компани,“Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн бөх улсын арслан До.Ганхуяг амалсан. Бүтэн жилийн хөдөлмөр, гол зорилго минь гэж бодоод л зүтгэсэн. Сэнжигний барьцнаас дунгуйлдаад давсан даа. 

Өмнөх жилийн улсын баяр наадмуудад барилдахдаа өөрөө түрүүлж мэх хийгээд, яарч барилдаад, хариу мэхэнд ороод өвдөг шорооддог байсан алдаагаа энэ жил давтахгүйг хичээж барилдсан. Хүлээцтэй, хийгүй барилдахыг хичээсэн. Энэ маань ч оносон. Улсын цолны босгоор алхах даваа тул өөрт байгаа бүх хүчээ дайчилж барилдсан. Сэнжигний барьцнаас дунгуйлдаад давсан. Ямар нутаг усны хэн гэдэг бөх улсын цолонд хүрэх нь хамаагүй, цэнгэлдэхэд цугларсан наадамчин олон аймгийн цолтой бөхөө үнэн сэтгэлээсээ дэмжин, давахад нь магнайгаа хагартал баярладаг, монгол түмэн минь сайхан юм даа. Наадамчин олны уухай, хүмүүсийн урам хайрласан сайхан үгийг сонсоод нутгийн минь уул ус, зон олон намайг дагаад цэнгэлдэхэд ирчихсэн мэт сайхан санагдаж билээ. 

-Харин зургаагийн даваанд ямар бөхөд өвдөг шороодсон билээ?

-Архангай аймгийн уугуул, улсын гарьд Д.Рагчаад унасан. Шуудагны барьцыг нь халуулах гэж байгаад хойш алхахдаа гишгэдэл алдаад өвдөг шороодсон. Цол даваандаа ханалгүйгээр даваа өгсөнө л гэж барилдсан. Гэхдээ дараа жилийн наадам ойрхон байна шүү дээ. 

-Таны дархан мэх?

-Ихэвчлэн золгоон дээрээс хавирах эсвэл тонгордог. Хав барьцнаас барилдахад ч дөхөм байдаг. 

-Таныг үндэсний бөхөөс гадна самбо, жудо бөхөөр хичээллэдэг гэж сонссон юм байна?

-Жүдо бөхөөр нэг хэсэг хичээллэсэн. Жүдогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн. Самбо бөхөөр насанд хүрэгчдийн улсын аварга болж байлаа. Самбо жудогоор хичээллэх нь үндэсний бөхөөр барилдахад багагүй дөхөм болдог шиг надад санагддаг. 

-Энэ жил улсын начин цолонд хүрсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Б.Бадамсүрэн та хоёрыг багын найзууд гэх юм билээ?

-Бид хоёр нэг гол дээр тоглож өссөн яах аргагүй хар багын найзууд. Завхан аймаг тэр дундаа Алдархаан сумаас хоёр ч улсын цолтон төрлөө. Энэ бол тэр бүр тохиолдоод байдаггүй ховор завшаан. Завхан аймгийн Идэр сумын уугуул, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан одтой сайхан барилдаж, үзүүрлэн, улсын гарьд цол хүртсэн. Ер нь энэ жил Завхан нутгийн бөхчүүд өнгөтэй сайхан барилдлаа. Сайхан байлаа.  

-Ярилцсанд баярлалаа.

-Монгол бөхийн босоо цагаан хийморь уншигч түмнийг минь ивээх болтугай.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр (III)

 “Заан” Гантөмөр гэр орноо, зуслангийн байшингаа гамшигт нэрвэгдэхийг харсан бөгөөд “портер” машинтайгаа чанх хойшоо хэсэг давхихад зам нь ч харагдахаа больсон учраас зогсчээ. Тэдний зогс­сон газарт гэрийн тоононы хэсэг, хугархай унь, эсгий туурга хийсэн ирж байсан гэнэ. Тэднийхээс зүүн тийш буюу хар салхины замд өндөр настай ээж нь мөн отроор ирээд байжээ. Ээждээ, ах дүү нартаа санаа зовж байсан ч давхин хүрч туслах, сэрэмжлүүлэх боломж олгоогүй байна. Хар салхи анх үүссэнээсээ хойш хагас цагийн хугацаанд таван хот айлыг түйвээж арав гаруй км үргэлжлэн шуурахдаа хүч их, дагаж боссон шороо тоос бүүр ч их байснаас хурдан хөлтэй адгуус хүртэл амиа тээн зуг­тан гарч чадаагүй байгаа юм. Мал хорогдох шалтгаан нь олон жилийн цасан болон, шороон шуурганд орж байсан сү­рэг шуурганы уруу хошуурч зогсдогоос болсон хэмээн нут­гийнхан тайлбарлаж байна. 

Азаар “заан” Гантөмөрийн ээжийнх буюу нутгийнхны нэрлэдгээр Сүжиг эмээгийнд салхи хүрч аюул тарьсангүй. Бүр байгалийн гамшигт үзэгдэл болсон талаар мэдээ ч үгүй байжээ. “Хүчтэй хуй дайраад өнгөрөх шиг боллоо” хэмээн хуучлаад сууж байж. Шуурганаас зугтсан хэд ч бууриа нэг эргээд айл саахалтынхандаа туслахаар очицгоосон аж.   

 Ийн хоёр ч хот айлыг хаман авсан хар салхи цааш эрчилсээр малчин Б.Батжаргалынх руу дөхөж иржээ. Энэ үед хонин сүрэг нь гэрийнхээ баруун талд идээшиж байсан байна. Хуйларсан салхийг зайнаас ажихад хониных нь хойд захаар ороон нэг хэсгийг нь тасдан авчээ. Төд удалгүй төв хуйлраанаас нь хонь, ямаа шидэгдэн гарч “малаар бороо орж” байгаа мэт харагдаж байсан гэх. Б.Батжаргалын гэр ч салхины хүчинд цохигдон дэрвэж байсан агаад хар салхины цөм гэрийг нь чиглэн эрчилсэн байна. 

Тэнд байсан хүмүүс ч зугтах нь зугтаж, ойролцоо бүгэх нь бүгж амиа хоохойлохоор тэмүүлж байхад мориных нь уяа модонд бараг тулж ирээд байж. Ингээд аюулд нэрвэгдлээ гэж байтал салхины чиглэл өөрчлөгдөн цаашаа хуйларч эхэлсэн байна. Уяаны хоёр шонг бараг 70-80 см ухаж түгжсэн байсан бөгөөд нэгийг нь салхи дайрч суга татан авсан бол нөгөө нь зүв зүгээр хоцорсон аж. 

Гамшигт нэрвэгдсэн дараагийн айл нь малчин Доржсүрэн, Гэрлээгийн хот. Энэ хоёр айлын гэр мөн л эвдэрч сүйдсэн. Салхины исгэрэх чимээнээр бүгд л гэр гэртээ орж чагтагнаасаа зууралдацгаасан байна. Эртнээс хүчтэй хуй, шороон шуурга болоход тоононыхоо чагтаганаас хүнд зүйл дүүжилдгийн адилаар арга хэмжээ авах гэсэн ч дөчийн бедонтой ус дүүжлэх завдал өгөлгүй гэрийг нь балбаж эхэлжээ. Тооноор нь, хатавч, хаяагаар нь шороо пургиж гэр доторхийг ч харах боломжгүй болж. Аажмаар өрх нь гэрийн дээрээс нүдэхээ больсон нь хийсэн алга болсных байжээ. Улмаар гэр нь бүхэлдээ шидэгдэж гэрт байсан хүмүүс халхлах зүйлгүй хоцорсон байна. Шуурганы хүчинд сэмэрсэн дээвэр, туурга газар алгадан хийсч, унь, хананы шажигнан хугарах чимээнээс өөрийг сонсолгүй хэсэг хором өнгөрсөн аж. Малчин Доржсүрэн гэрээ нурахад ухаан алдсан байжээ. Ухаан ортол салхины хүч ч бага зэрэг саарч ойр тойрны зүйл харагдахуйц болсон байж. Гэхдээ л нүүр нүдгүй шороо балбан хүүхэд нь газраас хөөрч, бууж байсан  байна. Ухасхийн хүүгээ барьж аван дээрээс нь нөмөрлөн хэвтжээ. Ийн хэсэг хугацаанд гэрийнхнээсээ зөвхөн хүүгээ тэвэрч байснаа мэдэж байсан бөгөөд бусад хүмүүс хаагуур байгааг ч мэдэх сөхөөгүй байж. Ийм гамшигт нэрвэгдэхээр хүн чанга хашхирах ч тэнхэлгүй болж, хоолой сөөнгөтөн, дуугарсан ч амнаас гарсан үг бүхэн салхинд замхран алга болдог юм байна гэлцэнэ. Гэрлээгийнхэн ч ийм байдлаар гэр орноо алдаж орох оронгүй болжээ. “Гэрлээгийн хувьд гэр нь хийсэхээс өмнөхөн хүүхэд нь жингүйдэж байсан гэнэ билээ” хэмээн нутгийн олон хуучилж байлаа.  

Аюул ард гарсны дараа түрүүлж өндийсэн нь гэрийнхнээ дуудан хашхирч эхэлжээ. Ямартай ч хүнд бэртэл аваагүйгээр барахгүй зарим нь шалбархайгүй босч ирсэн байна. Шуурга өнгөрсний дараа үс, хувцсанд нь битүү шороо шигж, уруул нь омголтон, нүүр нь тоосонд битүү дарагдан хүн цочмоор царайтай байснаа санаж байсан гэнэ. Юу болоод өнгөрснийг ухаарах ч тэнхэлгүй тэд хэсэг уймарсны дараа гэрийнхээ буйрыг тэмтэрч үзэн үл итгэсээр байсан аж. 

Доржсүрэнгийн гэрийн буйран дээр шалны хоёр хэсэг л үлдсэн байсан бөгөөд бусад хогшлыг нь талын энгээр нэг тараасан байжээ. Гэрийн унь хамгийн багадаа гурав хуваагдаж төмөр цагаан орноос л гэхэд никель толгой нь үлдсэн байж. Гэрийн брезент хэдэн хэсэг хуваагдаж хаалга нь углуурга бүрээрээ салж бутарсан байж. Тооно ч ялгаагүй цамхаг, даага нь заадал заадлаараа салсныг олж авчирчээ. Авдранд байсан хатуу эдлэлийнхээ ихэнхийг олоогүй бөгөөд уяа модныхоо ойролцоогоос эмээлний мөнгөн даруулга нэгийг олж авсан байна. Энэ айлаас хийссэн зүйлсийн ихэнх нь ойр хавьд байгаагүй бөгөөд олдоогүй зүйл олон байгаа гэсэн. Бүр гурван км-ийн цаана байх гүний худгийн усны сангийн зузаан төмрийн тасархай ч гэрийнх нь гадаа ирсэн байсан ажээ. Барагцаагаар таван см-ийн зузаантай төмрөөр хийсэн ус агуулах савыг моторт худгийн блокон амбаар дотор цементээр цутган бэхэлж суулгасан байж. Гэтэл салхины хүчинд төмөр урагдан тасарч хийсч ирсэн нь энэ гэнэ.  

Гэрийн эд хогшлыг хайхад хэдхэн алхмын цаанаас эхлээд тав, зургаан км хол шидэгдсэн нь ч байж. Үнэтэй алт, мөнгөн эдлэл бүү хэл төмөр орны пүрж ч ор сураггүй алга болжээ. Шуурганд өртсөн таван айлын эд хогшил багцаагаар арван км-т тарж таньж мэдэхийн аргагүй холилдсон байсан тул эцэст нь бөөгнүүлж шатаасан байна. Дахин хэрэглэж болох зүйл гэвэл гэрийн эсгий туурга, дээвэр л байсан аж. Гар аргаар хийсэн эсгий бат бөх, хийссэн ч урагдалгүй бүтнээрээ үлддэг юм байна хэмээн шагшицгаана.  

Ийн Номгон уулын урд бэлээр арваад км цацагдсан эд хогшил бүгд хог болон хэд хэдэн “Портер” машинаар татаж устгажээ. Харин аюулд хамгийн их өртсөн Ч.Баярсайханы байшингийн найман метрийн урттай дүнзийг цуглуулахад гурван машин болжээ. Дүнз модыг тоолж үзэхэд байшинд орсон нийт модны 20 хүрэхгүй хувь нь үлдсэн байж. Үйрч бяцран бутарсныг түлээнд хэрэглэхээс өөр аргагүй гэж үзээд сүүлд хамахаар орхисон байлаа.

Гамшигт өртсөн өрхүүд амьд мэнд гарсандаа баярлаж байгаа ч цаашид хэрхэх вэ гэдэг асуудал бий. Уулзсан хүн бүрийн ярихыг сонсвол “Өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорлоо. Аймгийн удирдлагууд гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд нэг, нэг гэр хандивласанд нь талархаж байна. Хоромхон зуурт юу ч үгүй болж хоцорсондоо хоёр хоног өнгөрчихөөд байхад итгэж өгөхгүй юм. Ийм зүйлийг кинон дээрээс харж, өөр тивд болсон талаар сонч байснаас сонирхож хүчтэй салхины үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй болох тухай боддог ч үгүй байж. Өөрийн бие дээр буусны дараа л толгой руу орох юм. Уг нь салхины замаас хөндлөн зугтаж гарах ёстой юм байна. Үүнийг сая л мэдлээ. Дэлхийн дулаарал гэдэг зүйл Монгол орныг дайрч цаг уурын тааламжгүй нөхцөл байдал үүсэх болжээ. Тиймээс энэ мэт зүйлээс сэрэмжтэй байж, үүссэн нөхцөл байдалд амьд мэнд гарах тухай ойлголтыг авч баймаар юм байна” хэмээн өгүүлцгээнэ. 

Нутгийн иргэдийн хувьд тухайн өдрийн цаг агаарыг бараг хараагүй байсан юм байна. Хоёр өдрийн өмнө, долоо хоног, сарын өмнө цаг агаар харсан нь ч байх. “Ямар ч гэсэн хүмүүсээс асуухад хоёр хоног бороо орж магадгүй гэж ярьцгааж байсан. Харин гамшиг болсны дараа Өмнөговь аймгийн Цаг агаарын хэлтэс манай аймаг руу ярьсан байсан. Танай аймагт гамшиг болж магадгүй байна. Танай аймагт агаарын хэмийн хэт халалт үүссэний зэрэгцээ Алтайн уулсыг давж орж ирсэн сэрүүн, тунадаст хуйлраа өнөөдөр Архангай аймгийг дайрч магадгүй байна, сэрэмжтэй байгаарай гэснийг аймгаас ирсэн албаныхан өгүүлж байсан” гэж байв. 

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Хагархай дугуйгаа шаттал нь явуулсан бол геологич залуу амьд байх байжээ

– Хагархай дугуйнаас хямдхан хүний амь –

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт ажил үүргээ гүйцэтгэж явсан Ашигт малтмалын газрын Геологийн албаны Эрдэс баялгийн судалгааны тасгийн мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Долдугаар сарын 24-нд гараад ор сураггүй алга болсон залуугийн цогцсыг эрлийн багийнхан долоо хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт Цэнхэрийн баруун үзүүр, Хар дов гэдэг газраас олсон. 

Талийгаач залуу харангадаж амиа алдсан болох нь тогтоогдоод байгаа. Тухайн үед юу болсон, эрлийн багийнхан хэрхэн ажилласан хийгээд  27 настай геологич залуу юунаас болж амиа алдах болсон талаар уншигч та бүхэнд хүргэж байна. 

Хоёр жилийн өмнөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын IV багийн нутаг Идрэнгийн нуруунд БНХАУ-ын компани хууль бусаар ашигт малтмалын судалгаа хийж эхэлсэн байна. Идрэнгийн нуруу Говь-Алтай аймгийн Эрдэнэ,  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, БНХАУ-ын дунд  хил залгаа оршдог аж. Уг нуруунд өвлийн улиралд нутгийн малчид өвөлждөг гэнэ. 

Хавар, зун, намарт гол горхи, худаг гээд ойр орчимд  ус огт байхгүй учраас хүн амьтны бараа байдаггүй газар аж. Идрэнгийн нуруунаас хамгийн ойрхон зусдаг айл нь  80 гаруй километрийн цаана байдаг юм байна. Ийм л хүн амьтангүй, уух усгүй газарт Ашигт малтмалын газрын гурван ажилтан шалгалт, судалгаа хийхээр  20 хоногийн томилолт аван гарсан байна.  АМГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн  тушаалаар Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  талийгаач Б.Мөнх-Эрдэнэ, жолооч Ч.Түмэнбаяр нар явсан байна. Тэд 30 гаруй мянган километр л  явсан шинэхэн “Ланд 200” маркийн авто машинтай Идрэнгийн нурууг зорин очжээ. 

Запас хоёр дугуй байжээ 

Тухайн үед юу болсон талаар тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  жолооч Ч.Түмэнбаяр нар цагдаа нарт ийм мэдүүлэг өгсөн байна. Идрэнгийн нуруунд ашигт малтмалын судалгаа шинжилгээний ажлаа хийж дуусгаад нийслэл хот руу долдугаар сарын 24-ний орой  хөдөлсөн байна. Тэд хэдхэн километр давхиад Баян-Өндөр сумын төв орно гээд нэг ч ширхэг савтай цэвэр ус нөөцөлж аваагүй гэнэ.  GPS төхөөрөмжтэй болохоор төөрөх гэсэн ойлголт байхгүй гээд шөнөөр гарсан  байна. 

Тэд ингэж явахдаа говь нутгийн бут сондуул, харгана зэргийг машинаараа дайруулан явжээ. Тэгж яваад харганын толгойн үзүүртэй хэсэг машиных нь дугуйнд битүү шивж ороод гурван дугуй нь хагарсан аж.

Ингээд гурван дугуй нь хагарсан болохоор цааш явах боломжгүй болжээ. Машиных нь эд анги эвдэрч, эсвэл  шатахуун нь дуусаагүй байсан болохоор  жолооч Ч.Түмэнбаяр ажлын хариуцлага алдсан хэмээн талийгаач залуугийн ар гэрийнхэн үзэж байна лээ. Машинд нь запас хоёр ч  дугуй байсан аж. Тиймээс хагарсан хоёр дугуйгаа сольж тавиад нэг дугуйгаа хагархай чигт нь явуулаад нутгийн  айлд очих боломж байсан аж. Жолооч Ч.Түмэнбаяр шинэхэн авсан машиндаа хоёр запас дугуйтай болохоороо илүү олгой хаймар болоод дугуйны нөхөөс зэргийг авалгүй гарсан байжээ. Мөн шинэ машиныхаа нэг дугуйг нь хагархай чигт нь яваад шатаачихвал ажил дээрээ хэл аманд орно гээд цааш яваагүй байна. Мөн хагарсан хоёр дугуйгаа ч сольж тавилгүй Баянхонгор аймгийн Шинэжинст сум руу тусламж дуудахаар  алхаж хүрэхээр ярилцаад гар чийдэн, GPS төхөөрөмжөө аваад алхсан байна. Шөнө дундын алдад гурвуулаа газрын чиг баримжааг GPS төхөөрөмжөөс авч явсан гэнэ. Ийн явж байтал жолооч Ч.Түмэнбаяр “Хөл өвдөөд явж чадахгүй байна. Та хоёр түрүүлж яваад айлд хэл хүргэ. Би эндээ сууж хэсэг амарч байгаад араас чинь мөрийг чинь хөөгөөд алхъя” гээд үлдсэн байна. Мөн таван километр орчим яваад  Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан мөн л “Ядраад байна. Чи ингээд яваад бай. Айл амьтны бараа харагдах байх. Түмээ ахтай хамт араас чинь алхаж байя” гээд үлджээ. Гэхдээ А. Дэлгэрсайхан талийгаач Б.Мөнх-Эрдэнэтэй дуу дуугаа авалцаад хэсэг явж байгаад хоцорсон байна.  Сүүлдээ Б.Мөнх-Эрдэнийн  бараа нь харагдахгүй болжээ. Ийн явсаар үүр цайх үед А.Дэлгэрсайхан,  Ч.Түмэнбаяр нар тааралдаж хамт явжээ.  Тэд өдөржин алхаад наранд цохиулж, ам нь цангаад хүндхэн байдалтай явсан талаараа цагдаа нарт мэдүүлсэн гэнэ. Бүр харангадаж унах гээд байхаар нь шээсээ уусан гэжээ. Гэвч уруул нь омголтоод  хэцүү байсан аж. Өдөржин дусал ч усны бараа харалгүй явсаар харанхуй болж тэндээ унтсан байна. Ингээд өглөө эрт босч хоёр өдрийн өмнө орсон борооны тогтоол ус жалга судгаар үлдсэн байж магадгүй гээд гүн  жалгатай хэсгээр явжээ. Ийн хагас өдөр явсны эцэст жалганд жаахан газар шалбааг ус олдож амь гарцгаажээ. Тэд шалбааг усан дээр хоёр хоносон байна. Бие нь сульдаж хүндхэн байдалтайгаар явах үед нь Баян-Өндөр сумын малчин залуу мотоцикльтой  өвөлжөөгөө эргээд  буцахдаа    А.Дэлгэрсайхан,  Ч.Түмэнбаяр нартай тааралдаж амийг нь аварсан байна. Тэднийг нутгийн залуу гэртээ аваачин хоол цай өгөөд оройхон сумын төвийн эмнэлэгт хүргэж өгчээ. Тэд сумын төв орсон даруйдаа Ашигт малтмалын газар, Онцгой байдлын газар Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх зэрэгт мэдэгдсан байна. Ингээд дөрөв дэх хоногоос эхлэн Баян-Өндөр сумынхан 28 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайж ажлыг эхлүүлжээ.    


“Онцгой байдлын алба хаагч нар машинаа тойрч зогсчихоод юу ч хийхгүй байсан”  

Баян-Өндөр сумын Засаг даргын тушаалаар мал эмнэлэг, сумын Засаг даргын Тамгын газрын машин, нутгийн иргэд мотоцикльтойгоо алга болсон геологичийг эрэн хайх ажлыг эхлүүлжээ. Сумынхан нэг өдөр хайсан боловч олоогүй аж. Баянхонгор аймгийн төвөөс УАЗ пургон маркийн авто машинтай Онцгой байдлын таван албан хаагч ирсэн байна. Ашигт малтмалын газраас геологич нь алга болсон гэдгийг мэдсэн боловч хоёр хоног ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Мэргэжилтэн нь алга болоод тав хонох гэж байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсан нь Ашигт малтмалын газарт геологич нар алга боллоо гэхэд эрэн хайх ямар ч төсөв мөнгө байхгүйтэй холбоотой аж. Тиймээс АМГ-аас  Засгийн газарт хүсэлт тавьж алга болсон геологич залууг  эрэн хайх хөрөнгө мөнгө гаргуулсан байна. Талийгаач залуугийн ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газарт  “Эрэн хайхад нэмэлт хүч өгөх, цөлөрхөг усгүй газар болохоор амиа алдсан байж магадгүй. Тиймээс хурдан олох хэрэгтэй байна. нисдэг тэргээр хайж өгнө үү” гэх хүсэлтийг тавьжээ. Тэгсэн ОБЕГ-ынхан “Бидэнд нисдэг тэрэг байхгүй. Зэвсэгт хүчний жанжин штабаас нисдэг тэрэг гуйсан Сэлэнгэ рүү явчихсан байна” гээд хөдөлж өгөөгүй гэнэ. Харин талийгаачийн ар гэрийнхэн “МАК”-иас нисдэг тэргий нь хөлсөлж эрэн хайлгах ажиллагааг хийлгэжээ. Мөн талийгаач Б.Мөнх-Эрдэнийн ар гэр, хамаатан садан, найз нөхөд, нутгийн иргэд гээд олон хүн Идрэнгийн нуруунд очиж эрлийн багт ажиллажээ. Талийгаач залуугийн ар гэр, найз нөхдийн хэлж буйгаар Онцгой байдлын албан хаагч нар машинаа тойрч зогсоод огт удирдан хайх ажил хийгээгүйд гомдолтой байгаагаа хэлж байв. Эрлийн багынхныг мэргэжлийн дагуу удирдахгүй байснаас үүдэн эрэл зохион байгуулалт муутай байсан аж. Бүр хэсэгчилж хайлгүй нэг газраараа байнга явж хайсан. Онцгой байдлын алба хаагчид  хоол унд эргүүлээд алга болчихдог байсан гээд олон санал гомдол иргэдээс  ирсэн байна. 

Харин нутгийн иргэд олноор ирж эрэлд туслалцаж, газар нутгийн баримжааг зааж өгснөөр талийгаач залуугийн цогцсыг баасан гаригт  олжээ.  

Багийн ахлагч туршлага муутайгаас болж талийгаач амиа алдсан гэв 

Ашигт малтмалын газраас томилолтоор явуулж байгаа ажилтнууддаа  холбоо барих сансрын утас өгдөггүй. Хангалт муу өгдөг. Мөн геологич нар төөрч, осолд орлоо гэхэд ямар арга хэмжээ авах талаар огт сургалт зохион байгуулдаггүй. Хөдөө орон нутагт явж байгаа автомашины бүрэн бүтэн байдал болоод бусад нэн шаардлагатай зүйлсийг авч явж байгаа эсэхийг  огт анхаардаггүй зэргээс үүдэн нэгэн залуу харамсалтайгаар амиа алдсан гэдгийг геологич нар хэлж байна. Мөн геологич нарт бичигдээгүй алтан дүрэм байдаг гэнэ. Тэр нь байнгын цэвэр усны нөөцтэй явах, мөн төөрсөн тохиолдолд хэрэглэх шоколад, шүдэнз  зэргийг биедээ авч явах ёстой гэнэ. Шоколад нь ядарч туйлдаж байгаа хүний алдагдсан зүйлсийг нөхдөг юм байна. 

Мөн  геологийн  баг ахалж явсан тасгийн дарга А.Дэлгэрсайхан туршлага муутайгаас  болж  хамт явсан хүнээ ганцааранг нь явуулжээ. Хэрэв хүмүүс хээр хөдөө төөрсөн бол нэгнийгээ ганцааранг нь явуулахгүй гэсэн энгийн   дүрмийг биелүүлээгүй байна.  Мөн жолооч Ч.Түмэнбаяр хагархай нэг дугуйгаа шаттал нь явуулсан бол өдийд эрдэнэт хүний амь үрэгдэхгүй байсан талаар ар гэрийнхэн нь гомдолтой байна лээ. 

Талийгаач хэн байв  

Б.Мөнх-Эрдэнэ томилолт аваад гэрээсээ гарахдаа эхнэртээ “Найз нь удахгүй ирнэ. Ердөө 20 хоноод хүрээд ирнэ” гээд эхнэр хүүхдээ үнсэж гарсан гэнэ. Тэрээр 27 настай бөгөөд ШУТИС-ийг төгсөж “Хулан-Уул” компанийн хэлтсийн даргаар  ажиллаж байгаад Ашигт малтмалын газарт мэргэжилтнээр орсон юм байна. АМГ-т ажилд ороод жил болж байсан гэнэ.  Ийм л залуу нэг дугуйгаа шатахаас хайрлаж нэр хүндээ бодсон жолоочийн буруугаас  болж амиа алджээ.   

Э.ХҮРЭЛБААТАР  

Categories
мэдээ цаг-үе

Элчин сайд И.К.Азизов: В.Путины айлчлалын товын талаар мэдэгдэл хийх өдрийг хараахан тохироогүй

Халхын голын ялалтын 75 жилийн ойг ирэх есдүгээр сард тэмдэглэх юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ үеэр манай улсад айлчлах бөгөөд уг арга хэмжээнд оролцохоор болсон билээ. Оросын төрийн тэргүүний хийх айлчлалын талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовтой ярилцсаныг сонирхуулъя.

-Ноён Элчин сайдаа таныг саяхан Халхын голд очоод ирсэн гэж сонслоо.  Удахгүй болох Халхын голын ялалтын 75 жилийн ой арга хэмжээний бэлтгэл ажил ямар байна?

-Одоогоос арав гаруй хоногийн өмнө би Дорнод аймагт ажиллаад ирсэн. Энэ ажлын айлчлалын хамгийн гол зорилго газар дээр нь очиж хөшөө дурсгал ямар байгааг өөрийн нүдээр ха­рах явдал байлаа. Мөн Халхын гол сумын шинээр бай­гуулагдаад удаагүй байгаа удирдлага, Дорнод аймгийн Засаг дарга Ганбат, Хэнтий аймгийн удирд­лагатай танилцлаа. Би зорилгоо үндсэндээ биелүүлсэн. “Өдрийн сонин”-ы уншигчдад айлдахад хөшөө дурсгалын гадаад байдал тун дажгүй байсан. Зарим нэг нь бүр маш сайхан байсан гэдгийг дурдмаар байна.

Ганц нэг хийх зүйл байгаа. Унасан плитаг нөхөж наах, будгийг нь сэргээх, ургасан ногоо зүлгийг тайрч янзлах зэрэг жижиг сажиг ажлыг хийчих юм бол бүр сайн болно. Аймаг, сумын засаг захиргаа маш их зүйлийг хийж байгаа гэдгийг хэлмээр байна. Халхын голын ялалтад зориулсан музейн дарга Мягмарсүрэнг бүр онцлон дурдъя. Энэ бол маш ихийг сэдэж санаачилдаг хүн бөгөөд олон жилийн өмнө болсон түүхэн үйл явдалтай холбоотой бидний мэддэг болон тэр болгон мэддэггүй зүйлийн талаарх баримтыг цуглуулсаар байна. Музейд одоо засвар хийж байгаа. Түүнийг дэлхийн түүхэн чухал үйл явдлыг цогцоор нь харуулсан музей болгохын тулд нэмэлт хөрөнгө шаардлагатай  гэж бодож байна.

-Энэ ой тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах гэж байгаа. Айлчлалын зорилго зөвхөн баярын арга хэмжээнд оролцохоор хязгаарлагдахгүй байх гэж бодож байна. Үүнээс гадна ямар зорилготой вэ?

-Тиймээ, ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин Монголд айлчлахаар төлөвлөж байгаа. Харин товыг би танд хараахан хэлж чадахгүй. Учир нь бид Монголын талтай айлчлалын болон түүний товын талаар  албан ёсны мэдэгдэл хийх өдрийг хараахан тохироогүй  байгаа.Ийм нөхцөлд дипломатууд бид мэдэгдэл хийдэггүй. Манай Ерөнхийлөгчийн айлчлалХалхын голын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хийгдэж  байгаа. Энэ нь маш их зүйлийн илэрхийлэл юм. Түүнээс гадна энэ бол зөвхөн манай хоёр улсын харилцааны түүх болон өнөөгийн байдлыг эргэн харах гэхээсээ илүү Орос, Монголын түүхэнд болж буй чухал үйл явдал. Үүний хамгийн гол зорилго нь  ирээдүйн хамтын ажиллагааны шинэ  боломжийг нээх гэсэн оролдлого гэж бодож байна. 

Манай хоёр улсын харилцааны 90 гаруй жилийн түүх үүний үндэс суурь нь болж өгөх юм.

-Энэ айлчлалын үеэр манай хоёр улс ямар гэрээ байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Айлчлалын үеэр нэлээд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байгаа. Үүнд хоёр улсын иргэдийг харилцан зорчих нөхцөлийг нэлээд хөнгөвчлөх асуудал багтсан. Түүнээс гадна хил дамнан үүсдэг онцгой нөхцөл байдлуудын талаарх асуудал байна. Жишээ нь түймэр. Энэ  нь манай хоёр улсын хил орчим нутагт маш их хохирол учруулдаг гэдгийг онцлох хэрэгтэй. 

Бид энэ чиглэлээр хамтран ажиллах туршлагатай боловч үүндээ  хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх шаардлагатай. Гарын үсэг зурах өөр баримт бичгүүд ч бий. Би тэр бүхнийг нэгд нэгэнгүй тоочмооргүй байна.  Ямар ч байсан одоогоос хэдэн жилийн өмнө байгуулсан стратегийн түншлэлийн ойрын ирээдүйг хоёр тал  хэрхэн харж байгаа тухай баримт бичигт гарын үсэг зурахаар бэлдэж байгааг дурдъя.

-Оросын тал энэ айчлалаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Энэ айлчлалаас Оросын талын хүлээж байгаа үр дүн Монголын талынхтай  адилхан  гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Аль аль тал нь энэ чухал үйл явдал  юуны түрүүн хоёр улсын янз бүрийн салбарын харилцаа холбоо, хамтын ажиллагаа зогсонгидуу байдалд орсныг болиулна гэж найдаж байгаа. Хоёрдугаарт, манай түншлэл  улам бүр хөгжиж хоёр талын байгуулсан гэрээ хэрэгжих явдал. Мөн энэ айлчлалаар хамтын ажиллагааны чухал түлхүүр болсон худалдаа, эдийн засгийн харилцааг олон улсын зах зээлийн эдийн засгийн нэгэн чухал хэсэг болгох явдал. Манай хоёр улсын харилцааны бусад чиглэлүүд 1990 он хүртэлх болон түүнээс хойшхи үеийнх  шиг болоосой гэж бид хүсч байна. 

Ю.ДЭЛГЭРМАА

Гэрэл зургийг Л.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр (II)

Ч.Баярсайханы 8*8 харьцаатай хоёр давхар байшингийн суурь л үлджээ

Эрдэмтдийн томъёолдгоор орон нутгийн шинжтэй хар салхи буюу Хашаат сумын Номгон багийн нутагт болсон байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл 17 км үргэлжилж замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Хоёр талаасаа уулсаар хашигдсан энэ хөндийд юу болсон нь бэлхнээ харагдана. Хөөврийн араас Бага Номгон уулын өвөр бараг Элсэн тасархай хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн мөр үлджээ. Эл мөр ихэнхдээ 200 орчим зарим хэсэгтээ 10 метр хүртэл нарийсч газрын хөрсийг эргүүлж ундуй, сундуй болгож орхисон байна. Хэдэн ч буурь харлан харагдах нь Номгон багийн малчин Ч.Баярсайхан, Доржсүрэн, Гэрлээгийнхэн хол саахалтын зайд зусч байсных. Онгойн харлах бууринаас харалдаа хэд хэдэн хот айл харагдах агаад зарим нь шинэ гэр дөнгөж босгоод буй бололтой. Алсаас харахад олон хүн бужигнаж гамшигт нэрвэгдсэн нэгэндээ нутгийн олон дэм болохоор цугласан байв. 

Гамшигт хамгийн ихээр өртсөн нь Ч.Баярсайханых бөгөөд хар салхины цөм буюу төвийн хуйлраа энэ хот айлыг дайрч өнгөрсөн байгаа юм. Эднийх 8х8 хэмжээтэй хоёр давхар дүнзэн байшинтай байснаас цементэн суурь л үлджээ. Тэрчлэн энэ айлд амарч явсан нэг хүний амь эрсдэж, гурван ч машиныг дахин ашиглах боломжгүй болсон нь Ч.Баярсайханы гаднаас 300, 500 метрийн зайд шидэгдсэн тэр хэвээрээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт айл, саахалтын Ч.Наранбат, Н.Дашзэвэг, н.Жанлав, Д.Даваалхагва, Төгсжаргал тэргүүтэй хүмүүс ирж гэрийг нь барьж өглөө. Булган аймгийн Рашаант сумаас ч хамаатан садангийнх нь хүмүүс ирж байгалийн гамшгийн үеэр тарж бий болсон хогийг хамж устгахыг нь устгаж дахин хэрэглэх боломжтойг нь ялган авч байсан.    

Энд цугласан олон болсон үйл явдлыг саахалтын зайнаас харж байжээ. Хар салхи босохоос өмнөхөн том ширхэгтэй мөндөр хоромхон зуурт хаялж байснаа Ч.Баярсайханы гэрийн чанх баруун зүгт хоёр км зайд том хуйлраа үүсч тэнгэр баганадсан гэнэ. Харин Ч.Баярсайханыд Булган аймгийн Рашаант сумаас 17 цагийн орчимд н.Авирмэндийн гэр бүлийнхэн амрахаар ирж идээ будаа, цай цүй болон дөнгөж хонь хагалаад үймцгээж байж. Тэгтэл гэнэт байшингийнх нь дээр, тэнгэрт ч юм шиг үхэр мөөрөлдөөд явчихаж. Гадуур байсан хүмүүс “шороон шуурга” гэсээр гүйн орж ирцгээжээ. Тэнгэрт үхэр мөөрөлдөх чимээ сонсогдсон нь тухайн хот айлаас баруун зүгт нэг км орчим зайд идээшиж байсан үхэр сүрэг нэрвэгдэн хийсч ирснийх байсныг хүмүүс гамшиг өнгөрсний дараа ойлгоцгоосон гэж байлаа.

“Шороон шуурга” эхэлж байгааг мэдсэн гэрийн эзэн хоёр давхартаа гарч цонхоо хаагаад буцаж гүйсэн байна. Тэгээд хэсэг хугацааны дараа мориныхоо уяаны хажууд ухаан оржээ. Хоёр давхар байшинд нийт 10 орчим хүн байсан бөгөөд тэдний дунд найман настай хүүгээс 93 настай буурал байж. Зочилж ирээд байсан Авирмэнд ч байшингийн нэг давхарт байсан хэрнээ мөн л 10 орчим метр хол шидэгдсэн байдалтайгаар сэрсэн гэнэ. 

Нутгийн олон гамшгийн дараа 

Хөвсгөл аймагт амраад буцаж явсан гэр бүлийн хоёр салхи босохын өмнөхөн худаг дээр адуу усалж, ус аваад гэр рүү хөдөлсөн байгаа юм. Худаг дээрээс дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн хоёр км-ийн цаана салхи босохыг хараад “Маяти” машины хурдаар гэрийн зүг тэмүүлсэн аж. Хэдийгээр худгаас гэр хүртэл 300 хүрэхгүй шахам метрийн зайтай байсан ч тэд хоёр км-ийн цаана үүссэн салхинаас түрүүлж хүрч чадсангүй. Гэрийн гадаа давхин ирэхэд хүчтэй салхи, шороон шуурга нөмрөн авчээ. Жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй буюу эхнэр нь бууж, байшинд гүйн орж амжсан ч нөхөр Ц нь машинаасаа ч бууж амжилгүй хийсэн оджээ. Нөхрөө машинтай хийссэнийг эхнэр нь тэр үед мэдээгүй бөгөөд хаалга онгойход арав орчим насны хүү хальт харсан бололтой юм. Энэ үед салхины хүч бага зэрэг зөөлөрчээ. Салхины хүч хэдхэн секунд намдсан бөгөөд хажуу талын амбаар аль хэдийнэ хийсэн алга болж дотор нь мах өлгөж байсан Рашаант сумын иргэн Авирмэндийн эхнэр тэр агшинд дүнзэн байшинд орж амжсан байна. Байшинд орохоор тэмүүлж байхдаа салхинд хийсч явсан чулуунд хөл нь цохигдож шагайгаараа эргэсэн байсныг хэзээ хойно мэдсэн гэнэ. 

Салхины хүч дахин ихсэхэд байшингийн дээвэр хууларч байгаа чимээ гараад араас нь байшингийн туурганд өрөгдсөн дүнз моднууд нурж, хоёр давхрын хэсэг цөмрөн унаж, цонхны шил шажигнан бутарч шуурганаас тусгаарлах зүйл үгүй болжээ. Тэрхэн мөчид нүдээ нээх нь бүү хэл амьсгаа ч авч чадахгүй байсан байна. Ийм байдалтайгаар бараг 20 минут тэмцэцгээжээ. Урт урт дүнзнүүд тэгнэлдэн унасан нь дотор байсан хүмүүс амьд үлдэх нөхцөл болсон байх гэлцэнэ. Ямартай ч дээрээс нуран унах дүнз, дээврийн хэсэгт цохиулалгүй завсар зайд нь хүмүүс эсэн мэнд үлдэцгээжээ. Байшинд байсан хүмүүсээс Ч.Баярсайхан, Авирмэнд нар л гадагш шидэгдэж бусад нь үлдсэн байна. Харин доторх эд хогшлоос юу ч үлдээгүй бөгөөд хоосон хоёр авдар л байрандаа байж. Тэр бүү хэл ханан пийшин нурж, дүүрэн устай ган савыг хүртэл гишгэсэн лааз шиг болгожээ. Байшингийн хананд өрөгдсөн дүнзний 10 гаруй нь үлдэж бусад нь хийсэн алга болсон байв. 

Хачирхалтай нь гэрийн гадуур байдаг өнчин хоёр хурга зүв зүгээр майлаад зогсч байсан бол хашаатай тугалны хоёр нь, гэрийн гадаа байсан гурван нохой мөн л таван км-ийн зайд шидэгдэн үхсэн байсан аж. Ингээд аюул өнгөрөхөд гэрийн эзэн Ч.Баярсайхан, Авирмэнд нар дүнзэнд дарагдсан хүмүүсийг татаж гаргасан бөгөөд ихэнх нь хөнгөн бэртэл авчээ. Энэ үед хол ойроос хүмүүс туслахаар ирсэн байна. Гэрийн эзний ээж 93 настай Жуугаа юу болсныг ч ухаарч төвдөлгүй уймран байсан бол “Маяти” машинаас бууж амжилгүй хийссэн Ц-г ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн аж. Эхнэр нь, туслахаар ирсэн иргэд, аюулд нэрвэгдсэн хүмүүсийн зарим нь гээд олон хүмүүс хайсны эцэст гэрээс 200 гаруй метрийн цаана амь эрсэдсэн байхыг нь олжээ. Талийгаачийн бүх хувцас нь урагдаж, тайлагдсан байсан бөгөөд биед нь ч тэр гэхийн тэмдэггүй олон бэртэл учирсан байж. Шороонд дарагдсан байсан тул онож очихгүй бол олоход тун бэрх байсан гэж хүмүүс ярьж байлаа.   

Ийнхүү нэг хэсэг нь дуудлага өгснөөр Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлгийнхэн хамгийн түрүүнд ирж тусламж үзүүлсэн байна. Тэд өөрийн харьяалал бүхий хүмүүсийг авч явсан бол Хашаат сум руу 93 настай Жуугаа хүргэгдсэн гэнэ. Сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг тухайн айлын орчимд ажиллахад “Маяти” машинаас рам төмөр, тэвш, бүхээгний багахан хэсэг, “Прадо” машинаас дөрвөн дугуй, мотор, кроп нь л үлдсэн байж. Харин талийгаачийн унаж ирсэн “Сивик” маркийн машин дээр гуалингууд дарж унасан учраас байрнаасаа хөдлөөгүй байсан байна. Хүмүүсийн ярьж байгаагаар “Прадо” машины нэг дугуй салхины эсрэг зүгт км гаруй хол шидэгдсэн байжээ. Шуурганд анх өртсөн үхэр сүрэг байсан газраасаа мөн л км шахам газарт буюу Ч.Баярсайханы гэрийн харалдаа байхыг нь үзэхэд толгойгүй, тал арьс нь хууларч унжсан, хутгаар сийчсэн мэт зүсэгдсэн гээд нүд хальтрам дүр төрхтэй байсныг өгүүлэх хүн олон байв. “Бүх үхрийн бие дэх яс нь бүгдээрээ хугарч үйрсэн бололтой дээр нь дараад үзэхэд туламлаж өвчсөн юм шиг байсан” гэдгийг тус багийн байгаль орчны байцаагч Төгсжаргал хүүрнэж байсан. Тэрээр “хоёр давхар байшингийн дүнзийг бүгдийг нь жиргэчихсэн юм шиг болгосон байна билээ. Салхины мөрөөр явбал баахан модыг газарт гүн гэгч нь шаагаад орхичихсон байхтай таарна. Айхтар хүчтэй байж” гэдгийг ч өгүүлж байсан.  

Михайл буюу Дашзэвэгийн өгүүлснээр хар салхины төвийн хуйлраа задгай газарт гарангуутаа эрчлэн улам хурдалж байсан бол айл хийгээд мал дээр очсон даруйдаа тэр хавьдаа хургаж хэсэг тогтож байжээ. Тэгээд тухайн объект буюу байшин, мал сүрэг юу ч үгүй болтол салхинд хийсч дуусангуут дахин хүчээ авч байсан гэнэ.

Ч.Баярсайханы хот айлыг түйвээсэн хар салхи “заан” Гантөмөр, Д.Доржсүрэн, Гэрлээ, Чадраабалын гэрийг нурааж, Б.Батжаргалын 100 гаруй бог, өөр хоёр ч айлын 60 гаруй адууг авч оджээ.

Ч.Баярсайханы хот айлыг ийн хар салхинд өртөж байхыг “заан” Гантөмөр хараад гэр бүлийнхнээ авч явахаар зэхэж эхэлсэн аж. Тэднийг гэрийнхээ гаднаас хөдөлж амжаагүй шахам байхад зуны байшин нь бараг арваад метрт хөөрч байснаа бутран унажээ. Үүнээс өмнөхөн харахад шуурганы төвөөс том эд зүйлс хүчтэй шидэгдэн гарч байсан аж.  Тиймээс гэрийн эзэд салхинаас зугтан хэсэг давхиж байгаад эргэн харахад мөн л гэр нь ор мөргүй алга болсон байжээ. 

Үргэлжлэл бий. 

Л.МӨНХТӨР   

Categories
мэдээ цаг-үе

Бидэнд лаборатори дээр ажиллах туршлага дутагдаж байсан

Вьетнамын Ханой хотод болсон химийн олимпиадаас гурав­дугаар байр эзэлсэн Нэг­дүгээр сургуулийн сурагч Б.Бат-Оргил, Шинэ Монгол сургуулийн сурагч Н.Тэмүүжин нар­тай ярилцлаа. Тэд энэ хавар ахлах сургуулиа дүүргэжээ. 

Зүүн гар талаас хоёр дахь нь Б.Бат-Оргил, Баруун гар талаас Н.Тэмүүжин.

-Химийн олон улсын олим­пиадад амжилттай ороод ирсэн гэсэн. Аль улсад болсон ямар олим­пиадад ороод ирэв? 

-Б.Бат-Оргил: Бид сая Вьетнамын Ханой хотод болсон олон улсын химийн 46 дугаар олимпиадад дөрвүүлээ оролцоод ирлээ. Манай багаас бид хоёр хүрэл медаль авсан. 

-Хэр том цар хүрээтэй тэмцээн болов. Хичнээн орны хичнээн хүүхэд орсон бэ?

-Ер нь нэлээд том олимпиад. Шинжлэх ухаан, химийн салбар өндөр хөгжсөн 77 орны 300 гаруй хүүхэд орсон. Нэгдүгээр байрын шагналыг Сингапур авсан.Олимпиад туршилтын даал­гавар, бодлогын даалгавар гээд хоёр үе шаттай байсан. 

-Та нар өмнө нь энэ олимпиадад орж байв уу?

-Манай улс жил бүр энэ олимпиадад дөрвөн хүүхэд шалгаруулж явуулдаг. Түрүү жил бид хоёр өөр хоёр хүүхэдтэй хамт явж байсан. Одоо тэр хоёр хүүхэд маань төгсөөд МУИС-д сурч байгаа. 

-Багийнхаа бусад гишүүдийг танилцуулахгүй юу?

– Нөгөө хоёр хүүхэд маань хоёулаа Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11 дүгээр ангид орох хүүхдүүд байгаа. Сэлэнгэсүрэн, Энхнаран гэдэг. Багийн хүүх­дүүдийг хувь хувийн оноогоор нь дүгнээд, дараа нь багийн нэгдсэн дүнг гаргадаг учраас тэр хоёр маань медаль авч чадаагүй.

-Насны ангиллын хувьд?

-Б.Бат-Оргил: Ер нь нас­ны хязгаар заагаагүй.  20-иос доош насны тухайн улсаас шалгараад ирсэн ямар ч дөрвөн хүүхэд оролцох боломжтой.

-Туршилтын даалгавар их сонирхолтой санагдаж байна. Энэ даалгавар дээр яг юу хийсэн бэ?

-Б.Бат-Оргил:  Лабора­торийн даалгавар дээр аливаа бодис найруулж, хэр хурдан хугацаанд урвал явж байна. Хоорондоо хэр зохицолтой байна гэх зэргийг судалдаг юм. Энэ удаагийн туршилтын даалгавар нь  Вьетнамын сайн чанартай ургамлаас эм гаргаж авах даалгавар байсан.  Би тэр даалгавар дээр 88 хувийн гарцтай гүйцэтгэсэн. Тэмүүжин 75 хувийн гарцтай гүйцэтгэсэн.  Ер нь олимпиадад орж байх үед 100 хувийн гарцтай гаргах хүүхэд байдаггүй. Дээд тал нь 92-95 хувь байхад болдог.

-Бусад орны хүүхдүүд хэр чадвартай байна?

-Б.Бат-Оргил: Ер нь өрсөлдөгч орны хүүхдүүд нь 16-аас дээш насныхан байсан. Бид нар онолын мэдлэг сайтай ч гэсэн өндөр хөгжилтэй орны хүүхдүүд лаборатори дээр ажиллах чадвар  нь биднээс хамаагүй сайн юм билээ. 

-Н.Тэмүжин: Бид нар гарандаа дасгаж сайн хийж чадаагүй. Бусад орны хүүхдүүдийн орчин нөхцөл, лаборатори дээр бэлтгэл хийх хугацаа нь илүү их байдаг юм билээ. Бараг жил гаруйн өмнөөс бэлтгэл хийдэг гэж байсан. Харин бид нар сар гаруйн хугацаанд л бэлдэж байсан. 

-Манай ЕБС-уудад лабора­тори дээр ажил­лах орчин нөхцөл нь ерөн­хийдөө тааруу шүү дээ. Та нар бэлтгэлээ хаана, яаж хийдэг байв?

Б.Бат-Оргил: Ер нь манай химийн багш жил бүр олим­пиадад бэлддэг болохоор лабораторийн анги байдаг. Эдний сургууль ч гэсэн лабораторитой.  Мөн МУИС-ийн Дорж багштай олимпиадын багт багтдаг болохоор их сургууль дээр очиж бэлддэг. 

-Энэ даалгавар дээр  аль орны хүүхдүүд илүү туршлагатай байв?

-Тэргүүн байранд орсон Сингапур улсын хүүхдүүд. Мөн Орос, Хятад, Герман, Солонгосын хүүхдүүд лаборатори дээр ажиллахдаа их чадварлаг юм билээ. Азийн орнууд онол талдаа их сайн. 

-Та хоёр хавар ахлах сургуулиа төгссөн гэж байсан. Одоо аль сургуульд, юуны чиглэлээр сурах гэж байгаа вэ?

-Б.Бат-Оргил:  Би ШУТИС-ийн инженерийн ангид орсон. Химиэс гадна техник сонирхдог болохоороо энэ чиглэлээр сурах гэж байгаа.

-Н.Тэмүжин: Би МУИС-ийн Химийн шинжлэх ухааны сургуульд орсон. 

-Химийн хичээлээсээ гадна сонирхож судалдаг юм байна уу. Өөр чиглэлээр амжилт гаргаж байв уу?

-Б.Бат-Оргил: Би Нийслэлийн шилдэг сурагчаар хоёр удаа шалгарч байсан. 2010 онд болон энэ зун шилдэг сурагч болсон. Ер нь хичээл, урлаг спорт гээд аль аль чиглэлд өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Ингэснээр ирээдүйд аль ч салбарт ажилласан, хувийн амьдралаа зохиоход ч гэсэн тустай юм болов уу гэж боддог. 

-Жишээлбэл ямар спор­тоор хичээллэж байна?

-Спортын хувьд гэвэл бокс их сонирхдог.  Монголын боксын шигшээгийн дасгалжуулагч Б.Энхтайван багшаар удирдуулан “Баянгол” клубт гурав дахь жилдээ хичээллэж байгаа. Өнгөрсөн хоёр сард болсон өсвөрийн улсын аваргаас хойш олимпиаддаа бэлдээд бэлтгэлээ хийгээгүй. Одоо хичээл ном жигдрээд ирэхээр ирэх жилийн улсын аваргад орохоор төлөвлөж байгаа. Мөн бүжиглэх дуртай.  “Aim4r Prod dance” бүжгийн клубт хичээллээд жил болж байна. 

-Н.Тэмүүжин: Миний хувьд спорт тийм ч их сонирхдоггүй л дээ. Одоо л волейволоор хичээллэдэг юм билүү гэж бодож байна. Спорт гэхээсэээ илүү загварын чиглэлд нэлээд дуртай. Энэ жил “Сити” институдээс зохиосон загварын тэмцээнд тусгай байр эзэлсэн. 

-Химийн шинжлэх ухаа­ны юу нь сонирхлыг чинь татдаг юм бэ?

-Н.Тэмүжин:  Аливаа юмны дотоод найрлагыг судалж, шинэ бодис гаргаж авах их сонирхолтой санагддаг. Дээр нь химийн хичээлээ сайн ойлгодог болохоор химиэр явах сонирхолтой.

-Б.Бат-Оргил: Харин би химиэр явъя гэж боддоггүй л дээ. Химиэр би зүгээр өөрийн оюун ухаанаа дайчилж, сорихыг хүсдэг. Яг л бокс, бүжиг гээд спортоор хичээллэдэгтэй адилхан юм уу даа. Харин чадвартай инженер болох илүү хүсэлтэй. 

-Ямар хүнийг хамгийн их хүндэлдэг вэ?

-Б.Бат-Оргил: Би аав, ээж болон ангийн багшаа хамгийн их хүндэлдэг. О тогтоолтын академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарыг маш их хүндэлдэг. Монголын залуус ийм байх ёстой гэж бодон, үлгэр жишээ авдаг даа.

-Н.Тэмүүжин: Би ч гэсэн ээжийгээ хамгийн их хүндэлдэг. Мөн ангийн багш Оюунчимэг, химийн багш Өнөржаргал, Батбилэг нарыг хүндэлдэг. 

-Удахгүй хичээл орлоо. Их сургуульд орох бэлтгэлээ хэр хангасан бэ. Бүртгүүлж, мате­риалаа бүрдүүлж дууссан биз дээ?

-Н.Тэмүүжин: Бүрт­гүүл­чихсэн. Гэхдээ зарим юмаа хөөцөлдөж дуусаагүй байгаа. 

-Сэтгэл хэр догдолж байна?

-Арван жилээсээ  шинэ шат руу ахиж байгаа, мөн  шинэ танил нөхөдтэй болох гэж байгаа болохоор догдолж байгаа. Анхнаасаа сайн сурна даа л гэж бодож байна.

-Н.Тэмүүжин: Би бэлт­гэлээ хангаад дуусчихсан. Хичээлийн юмнуудаа л аваа­гүй байна. Хүмүүс чинь нэг дэвтэр нэг балтай байхад л болчихно гээд байх юм байна ш дээ. Миний хувьд ч гэсэн адилхан догдолж байна.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Гэртээ өнжих завгүй “хордлого”-ын Юндэн эмч

Хөтөлд гарсан булчин задрах тахал, метилийн спирттэй  архинаас болж өчнөөн хүн амиа алдсан тохиолдол, Дорнодын түймэр, Налайхын уурхайн осол гээд Монголд болсон томоохон үйл явдлуудын ихэнхэд нь хордлогын эмчээр ажилласан эрхмийнд өнжлөө. “Хордлого”-ын С.Юндэн гэхээр салбарынхан нь анддаггүй юм билээ. Утас цохиж гэрт нь өнжих хүсэлтэйгээ  хэлтэл “За даа, би ч гэртээ тогтоод байдаг хүн биш дээ. Манай эмнэлэг дээр хүрээд ирэх үү. Гэрээр ороод гарах зав олдох байхаа” гэж байна. Эмнэлгийг нь заалгаж аваад очлоо. С.Юндэн эмч Сонгинохайрхан дүүргийн урд талд “Гэгээн мед” гэдэг хувийн эмнэлэг ажиллуулдаг юм байна.  Айраг найрын цаг болохоор цөөхөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хордлогын чигийн эмнэлэг аж. Тасгууд нь цэвэрхэн, тохилог, өрөө бүрдээ ариун цэврийн өрөөтэй юм.

Эмчийн өрөөнд орлоо. Номоо хэвлэлд бэлтгээд тун завгүй суугаа нь ажлын ширээг нь харахад л илт байв. Эмнэлэгтээ ажиллахаас гадна Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвлөх эмчээр ажилладаг гэнэ. Мэдээж хордлогын чиглэлээрээ. “Та Монголд гарсан томоохон хордлогууд дээр ажиллаж байсан хүн. Илүү хөлс урсгасан, хүч шаардсан тохиолдол гэвэл алийг нь онцлох вэ” гэж асуутал “Хөтөлд 1996 оны үед гарсан холер. Монголоор бол булчин задрах тахал л даа. Би Эрүүл мэндийн яамны багийг толгойлж сэхээний эрчимт эмчилгээний зөвлөхөөр ажилласан юм. Өмнө нь манайд халуун орны тийм өвчин гарсан удаагүй учраас их хэцүү байсан. Ямар ч туршлагагүй. Шууд холер гэж мэдээгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс гарч байгаа хаягдал уснаас хүн амьтан хордчихож, химийн хордлого байж магадгүй гээд намайг явуулсан юм. Анх очиход таван хүн нас барчихсан байлаа. Биднээс түрүүлээд бактерлогич, эрүүл ахуйчид оччихсон байсан л даа. Яг очдог орой  лабораторийн шинжилгээгээр холерийн үүсгэгч  гэдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь огт заалгаж байгаагүй зүйлтэйгээ нүүр тулсан” гэж хэлээд толгой сэгсрэв. Тэднийг очсоны дараа нэг ч хүн амь үрэгдээгүй, шуурхай эмчилгээ хийж бүгдийг нь босгожээ.  Амжилттай болсны шалтгаан нь цэргийн байгууллага ажилласных гэнэ. “Цаашдаа ч гэсэн янз бүрийн голомтон дээр ажиллавал цэргийн байгууллагаа түлхүү түших нь зүйтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гэж яриагаа үргэлжлүүлэв. Холерийн голомтод ажилласан эмнэлгийн ажилтнуудын хэн нь ч халдвар аваагүй нь зохион байгуулалт өндөр байсантай холбоотой гэж С.Юндэн эмч ярив. 

 Дараагийн хэцүү  тохиолдол нь Багануурын хордлого гэнэ. “Азийн чоно” компанийн метилийн спирттэй архины хордлого гэхээр уншигчид андахгүй. С.Юндэн эмч тэр хордлогын талаар “Маш богино хугацаанд их олон хүнийг хамарсан, нягтрал ихтэй хордлого байсан. Би арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хотоос дуудагдаад очсон юм. Тэр үед хоёр хүн нас барчихлаа гэж байсан. Намайг очих хооронд шөнөдөө долоон хүн нас барчихсан. Тэр үед бид нэг л зүйлд гомдолтой байсан. Эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал л даа. Архинд хордсон хүмүүс шартчихаж гээд гэртээ хэвтсээр байгаад яг үхэх болохоороо эмнэлэг бараадсан. Эмнэлгийн хаалгаар орж ирээд үхээд байсан. Тэр үед зуун хориод хүн хордож ирсэн. Цаг алдалгүй ирсэн хүмүүс нь бүгд сэхсэн. Хамгийн харамсалтай нь нас барсан хүмүүсийн дийлэнх нь  баяр ёслолын үеэр л архи амсдаг  залуус байсан” гэж ярилаа.  Архинд хордох, шартах хоёр ялгаатай эсэхийг сонирхоход “Ялгаатай байлгүй яахав. Хордлого нь  харьцангуй гүнзгий илэрнэ. Нүдний хараа муудна. Хөхрөлтийн шинжүүд ажиглагдана” гэсэн хариу өгөв. Ерэн оны эхээр Налайхын уурхайн осол ч их хүч шаардаж байж. Уурхай нурсан тэр үед угаарын хийн хордлого голложээ.  Уурхайчид тархины архаг хордлогод орсон гэнэ. Одоо ч зарим нь эмчийн хяналтад байдаг аж. Монголд олон хүнийг хамарсан химийн голомтын ослууд  20 гаруй удаа гарч байсны ихэнх тохиолдолд С.Юндэн эмч ажиллаж байжээ. 

Сүүлийн үед залуу хүмүүс амиа хорлох нь ихэсчээ. Эмчийн эмзэглэж явдаг асуудлын нэг нь энэ гэсэн. Тэрээр “Цаана нь сэтгэл зүйн асар том драм явагдаж байгаа. Гарцгүй байдалд орж эцсийн шийдэл нь үхэл болчихсон байдаг. Энэ нь эмчид үнэхээр хатуу буудаг. Нэгэнт сэтгэл зүрхээрээ явъя гээд шийдчихсэн учраас эмчилгээний үр дүн муу байдаг. Хүний бие сэтгэл хоёрыг хоёуланг нь эмчилж байж л босч ирдэг” гэж ярив. “Аврах боломжгүй өвчтөнийг аварсан тохиолдол бий юу” гэж асуухад “Өчнөөн бий. Эх нялхаст  могойд хатгуулсан  хоёрхон настай  казак хүүхэд ирж байсан юм. Их хүнд хордлоготой. Монголд тэрийг нь эдгээдэг эм  байхгүй. Могойн хорны ийлдэс гэж байдаг. Вакцин шиг зүйл гэсэн үг. Бие нь эрс муудчихаад байхад бид лазерын туяаны эмчилгээ хийсээр байгаад босгоод ирсэн. Хатгасан могойг тэр хүүхдийн аав цэвэр усны таван литрийн саванд хийгээд ирчихсэн. Хүү нь амьдарвал ууланд нь тавина, хүүгээ нас барвал цуг оршуулна гэж ярьж байлаа.  Жэпэнес мабуши гээд бамбай хоншоортны бүлгийн Японы могой байсан юм” гэж дурсамж сөхөв. Одоо л гэхэд Гэмтлийн сэхээнд могойд хатгуулсан есөн настай охин хэвтэж байгаа гэнэ. Мөн л энэ могойд хатгуулаад иржээ.  Зун цагт хүүхдүүд могойд хатгуулах нь их байдаг аж. 

С.Юндэн эмч ширээн дээрээсээ үдэж бэлдсэн зузаан гэгчийн бичгийн цаасыг авснаа  “Бид өглөө бээлий өмсөөд орой нь  тайлдаг хүмүүс. Амьдралын хэв маяг маань тийм. Хажуугаар нь эрдмийн ажилтай, багшилна, зөвлөх эмч хийнэ. Хувийн эмнэлгээ ажиллуулна. Одоо гуравдугаар эмнэлэг орж бэлэн болгосон номын эхээ редакторлуулах хүндээ өгөх юм. Тэр далимаараа та нарт гэрээ харуулъя. Ороод л  гарах байх шүү. Дараа нь гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийх ажил бий” гэж байна. Эмчилгээний өрөөнөөсөө саарал өнгийн жижиг аппарат аваад халаттайгаа үүд зүглэлээ. Могойд хатгуулсан охиныг эмчлэх лазерын эмчилгээний аппарат гэнэ. Машинд суугаад гуравдугаар эмнэлэг явах замд утас нь хангинав. “Одоо чинь найр наадмын цаг. Хүмүүс нь цуглана гэвэл очиж болж байна аа” гэж хэлээд утсаа салгав. Найз бүсгүйдээ гар хүрч амиа алдахад нь нөлөөлсөн гэх Алтанхүүгийн хэрэгтэй холбоотойгоор  шүүх хуралд  байлцахыг хүсч залгажээ. Шүүх эмнэлэг бүсгүйг зодуулснаас болж амиа алдаагүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг нь хохирогч тал хүлээн зөвшөөрөөгүй учраас  дүгнэлтийн талаар яамнаас хөндлөнгийн шинжээчид томилжээ. Шинжээчдийнх нь бүрэлдэхүүнд С.Юндэн эмч багтсан юм байна. Энэ мэт ажилд ч нэлээд оролцдог бололтой юм. 

Гуравдугаар эмнэлгээр орсны дараа гэр рүү нь явлаа. Гэрт нь ороход зураачийнд ороод ирэв үү гэж андуурмаар дүр төрх угтав. Бийр, будаг, эгнүүлж өрсөн эскиз зургууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Мандаж буй нарны наана зогсох унага, хоёр морь хөтөлсөн хүү гээд морины зураг цөөнгүй харагдав. Нөгөө талын хананд жаазлахад бэлэн болсон зургууд харагдана. Ц.Дамдинсүрэн зохиолчийн хөрөг их содон шийдэлтэй юм. Доод талд нь тоос татуулан давхих морьд, дээд талд нь эрдэмтэн зохиолчийн хөргийг зуржээ.  Саарал голдуу өнгө давамгайлсан энэ хөрөг яах аргагүй нүд унахаар бүтээл болж. Цэцэгсийн зураг ч нэлээд хэд үзэгдэв. Хүүхдүүд нь бололтой хүү, охин хоёрын зураг ч анхаарал татахаар юм. Зураг зурах нь  С.Юндэн эмчийн хобби гэнэ. Өнгөрсөн жил  хөгшнөө өөд болсноос хойш гэртээ байхдаа сав л хийвэл бийр, цаас нийлүүлдэг болж. Өглөө таван цаг гэхэд босч номоо бичдэг ажилтай гэнэ. Голдуу хордлогын чигийн ном бичдэг аж. Одоогоор хориод ном бичжээ. Номныхоо завсар зайгаар зургаа зураад суучихдаг бололтой. Зургаа цуглуулахаас илүү бэлэглэчихдэг юм байна. 

Санктпетербургт сурч байхдаа зурсан зургаараа бие даасан үзэсгэлэн хүртэл гаргаж байж. Хойно сурч байсан зургуудаа сонирхуулав. Санктпетербургийн цэргийн академи төгсч ирээд хөдөө бага эмчээр хэсэг ажиллажээ. Хотод ирээд цэргийн газарт нэлээд хугацаанд цэргийн эмч хийж.  Сонирхуулж хэлэхэд С.Юндэн эмч анагаах ухааны доктороос гадна цэргийн хурандаа цолтой юм билээ. Гэрийн эзэн зургийн цомог сонирхуулангаа “Одоогоор бол Сантпетербург, миний сурч байх үеийнхээр бол  Ленинградын Цэргийн хүмүүнлэгийн академид  байнга л байлдааны тухай заана. Шарх, хордлого хоёр л заана шүү дээ.  Тэр үед чинь надаас өөр хордлогын эмч байгаагүй юм. Эндээ ажиллаж байгаад Ленинградад буцаж очиж эрдмийн зэрэг хамгаалсан. Ленинградад нийтдээ  11 жил болсон. Санктпетербург их гоё хот. Зүгээр ч нэг тэнгэрийн доорх музей гэж нэрлээгүй. Жинхэнэ урлагийн хот доо” гэж ирээд Санктпетербургийн талаар баахан яриа өрнүүлэв.

Эднийх нэг хүү, нэг охинтой. Ач, зээ нийлээд долоо хүрчээ. Зуны цагт хайртай ач, зээ нар нь зуслан гардаг гэнэ. Өвөө нь амралтын өдрөөрөө очиж “эрхүүлэх ажил”-аа хийдэг аж. Ач, зээдээ амь, их ажлынхаа хажуугаар яаж ийгээд зав гаргадаг нь ярианаас нь илт. Байсгээд л ач, зээгээ ярих юм. Охин нь Боловсролын их сургуулийг хэлний чиглэлээр төгсчээ. Том хүү нь циркийн найруулагч  юм байна. Одоо циркийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж  байгаа гэнэ. 

Өчнөөн ажлын хажуугаар хоёр төрийн бус байгууллагатайг нь гэрт нь яриа өрнүүлж  суухдаа мэдэж авав. Нэг нь баруунд элбэг байдаг  шар айрагны клубэрхүү байгууллага гэнэ. “Оюуны сүм” гэсэн нэртэй. Ертөнцийн ээдрээтэй түмэн асуудлаар салбар салбартаа дажгүй яваа хүмүүс тойрч суугаад халуун яриа өрнүүлэх бололтой. С.Юндэн эмч бидэнд кофе бэлдэнгээ “Танин мэдэхүй хязгааргүй учраас шашнаас эхлээд ярихгүй сэдэв байхгүй. Миний цагийг авч мэдэх эд болоод байна даа” гэж байна. Эрхээ авахаар бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн гэнэ. Шар айрагны клубынхны ярих эхний уулзалт тун сонирхолтой өрнөх шинжтэй. Цөмийн физикийн залуус оролцох гэнэ. Эйнштейн амьдралын сүүлийн жилүүддээ эхний онолуудаа үгүйсгэсэн шиг шинжлэх ухаанд байдаг маргаантай асуудлуудаар  Монголын шар айрагны клубынхан яриа өрнүүлж эхлэх нь ямар ч гэсэн тодорхой болчихож. Хоёр дахь төрийн бус байгууллага нь Хордлого судлалын үндэсний шинжилгээний нийгэмлэг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхантай хамтарч архины эсрэг сурталчилгааны төсөл хэрэгжүүлж  эхэлжээ. Хашдаг алба нь хэд хүрснийг сонирхвол “Лав л хориод юм бий” гээд инээж байна. Одоо дахиад нэгийг нэмэх гээд бэлдэж суугаа  нь “Оюуны сүм” клуб аж.  

Кофе ууж, зургийн цомог сонирхож, элдэв яриа өрнүүлж суутал нэг л мэдэхэд гарах цаг болжээ. С.Юндэн эмч цагаа харснаа “Одоо гэмтэл рүү явж хоёр хүнд эмчилгээ хийх ёстой” гэж яаравчлав. Бид ч дагаж явах зөвшөөрөл аваад хамтдаа Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү сүнгэнүүллээ. Могойд хатгуулсан охин сэхээнээс энгийн тасаг руу шилжжээ. Лазерын эмчилгээ хийж эхлэх гэнэ. Охины өрөө рүү явах замдаа  “Хэт ягаан туяаны нэг гол үйлчилгээ нь микробыг шууд үхүүлдэг. Дараагийн үйлчилгээ нь  дархлааны бүх л элементийг идэвхжүүлнэ” гэж эмчилгээгээ тайлбарлав. Охин их л зовиуртай байгаа нь илт. Хөлөө битүү боолгожээ. Хөлөндөө дахиад мэс засал хийлгэсэн гэнэ. Биднийг очиход ээж нь сахиж байв. Охин эмээ, өвөөтэйгөө хөдөө явж байгаад могойд хатгуулжээ. Ганцаараа жимс түүх гээд мод руу ороод хатгуулчихсан аж. С.Юндэн эмч авч яваа аппаратандаа холбогч маягийн зүйл шургуулж, охины судсанд бэхэлсэн уян зүүтэй холболоо. Охины судсыг нэвтлэн харагдах  ягаан туяаг С.Юндэн эмч заагаад “Хэт ягаан туяа дамжиж байгаа нь энэ” гэв. “Хордлогын хувьд хамгийн гол зүйл бол цаг алдалгүй  тусламж үзүүлэх. Бид цаг алдаад байна. Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй нь гол зовлон болоод байна даа. Хордлогын хувьд үндэсний сүлжээтэй, үндэсний төвтэй болох цаг ирсэн. Миний зорьж ажиллаж байгаа гол ажил гэвэл энэ. Одоо бол эндээс онгоцоор явж очих гэсээр байтал хордсон хүн маань муудчихдаг. Тэнд нь мэргэжлийн эмч байхгүй учраас нааш нь авчрах гэсээр байтал цаг алддаг. Манай оронд11 төрлийн могой байдгийн дөрөв нь хор учруулдаг. Могой бол хүнийг зүгээр байхад нь ирээд хатгачихдаг. Зөгийний хувьд  зөвхөн биеэ хамгаалах гэж л хатгадаг. Монголд могойноос өөр өчнөөн олон аюултай амьтад бий. Зун болоод ирэхээр хусны хачиг аюул тарьдаг. Хазуулчихсан л бол бараг авралгүй. Амьд үлдсэн хэд нь элий балай болоод дуусдаг. Аалз, хилэнцэт хорхой ч аюултай” гэж ярьснаа “За үг олдох нь, эмч нь эмчилгээгээ үргэлжлүүлье. Одоо зөгийд хатгуулсан нэг хүүхдийг үзнэ. Дахиад нэг хүүхэд могойд хатгуулаад ирчихэж. Нохойд хазуулсан хүнээ бас эмчилнэ. Ингэсгээд өндөрлөх үү дээ” гээд эмчилгээндээ анхаарав. 

Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ