Categories
мэдээ цаг-үе

АТГ, Цэц хоёр тохиролцов бололтой

Б.Хурцыг  2011 онд  АТГ-ын дэд даргаар
томилсныг хүмүүс санаж байгаа
байх. Гэвч энэ томилгоо
Үндсэн хууль зөрчсөн гэж
үзээд   “Хос
дэнс”  залуу
хуульчдын клубийн гишүүн  А.Гантөмөр Цэцэд
хандсан билээ. Түүний Цэцэд
өгсөн мэдээллээр бол  АТГ-ын дэд даргын
албан тушаалд Авлигын эсрэг
хуульд заасны дагуу ийм
л  хүн
томилогдох ёстой байж.  Мэргэжлийн болон зохих нөхцөл
шалгуур хангасан. Авлига, албан тушаалын
хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Төрийн
албанд арваас доошгүй жил
ажилласан. Эрх зүйч мэргэжилтэй,
гүйцэтгэх болон мөрдөн байцаах
ажлын мэдлэг, туршлагатай. Сүүлийн
таван жил улс төрийн
албан тушаал   эрхлээгүй
байх ёстой юм байна.
Гэтэл Б.Хурцыг төрийн
албанд арваас доошгүй жил
ажилласан эсэхийг нягтлаагүй. Авлига,
албан тушаалын хэргээр шалгагдсан үгүйг
нь ч тодруулалгүйгээр АТГ-ын дэд даргаар
томилсон.  Энэ  нь  Үндсэн
хуульд заасан хууль дээдлэх
төрийн үйл ажиллагааны үндсэн
зарчмыг зөрчсөн байх магадлалтай.Тиймээс хянан шийдвэрлэж
өгөхийг иргэн А.Гантөмөр   Цэцээс
хүсчээ.                                      

Цэц энэ мэдээллийг хүлээж
аваад Д.Сугарт хуваарилжээ.   Д.Сугар А.Гантөмөрийн
гарга­сан мэдээллийг нягтлаад
Цэ­цэд маргаан үүсгэхээр
асуу­дал биш гэж
үзсэн бай­на. Тэрээр
“Иргэн А.Гантөмөрийн мэдээллээр
Үндсэн хуулийн Цэцэд маргаан
хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй
байна.  Маргаан
шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсугай” гэдэг тогтоол үйлдэж,
гарын үсгээ зуржээ. Үүнийг
санамсаргүй зүйл гэх үү,
үгүй. Цэц анхнаасаа энэ
асуудлыг Д.Сугарт хариуцуулсан
нь зориуд байж таарах
нь. Байнга хэрэгт шалгагдаж,
дуудагдаад шаналж яваа Д.Сугарыг АТГ-тай
эвээ олог гэсэн юм
байна.

Ер нь манай эрх
баригч нам дотроо олон
фракцид хуваагдсан байдаг. Тэр бүлэглэлүүд
нь өнөөдрийн  төрийн
институциудыг  өмчлөөд
авчихсан учраас малгай тавьсан
бол манайх гэдэг зарчмаар
ханддаг.  Төрийн
байгууллагууд ч эздийнхээ  эрх ашгийн төлөө
өргөсөн тангаргаа умартан, үхэн хатан  зүтгэдэг.  Жишээ
нь ТЕГ Засгийн газрынх.  Тэгвэл
АТГ өөр эзэнтэй. Тиймээс
энэ хоёр байгууллага хөлөө
жийлцэн толхилцдог. ЦЕГ ч өөр
эзэнтэй учраас  сайдынхаа
эсрэг сөрөн зогсдог биз.  Монголбанк  ч
ялгаагүй.  Засгийн
газрыг л хорлох гэж   долларын
ханшийг өсгөж тоглоом наадам
хийдэг байх .  Яагаад
гэвэл энэ байгууллага УИХ-д харьяалагддаг юм.
Гэх мэтчилэнгээр төрийн байгууллагуудын аль
нь хэний дохиогоор хөдөлдөг
тухай бичээд байвал жишээ
олон. Яг үүн шиг
сонирхолтой үзэгдэл  иргэн
А.Гантөмөрт өгсөн
Цэцийн хариунаас харагдаж байна. АТГ-т
шалгагдаж байгаа Д.Сугар
Цэцээс өөрт нь өгсөн
боломжийг овжин ашиглалаа. Үндсэндээ
Б.Хурцын томилгоо
хууль зөрчөөгүй гэж үзээд түүнтэй
холбоотой маргааныг Цэцээр авч хэлэлцүүлэхээргүй
болгож тал засчихлаа. Харин
одоо Б.Хурц хариу
нүүдэл хийх л үлдэх
шив дээ. Явж, явж
АТГ, Цэц хоёр тохиролцчих
шиг боллоо шүү.

Я.МӨНГӨН

Categories
мэдээ цаг-үе

А.Доржсүрэн: Ойн инженерийн гараар амьд байгаль, ертөнц бий болдог

Монгол орныг ойжуулах, цэвэр усны эх, байгаль хамгаалах үйлсэд насаараа зүтгэж яваа ойн инженер А.Доржсүрэнтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс Төв аймгийн Ой, ангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан гэдгээр нь мэдэхээс гадна Хан Хэнтийн Дархан цаазат газрыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь магтан ярьцгаадаг.

Таны аав ойн цагдаа, та ойжуулагч, бас хүү тань ойн байцаагч. Ингэхээр танайх гурван үеийн ойжуулагчид болж таарах нь байна шүү?

-Би 1952 онд төрсөн юм. Намайг төрдөг жил аав минь Угтаал сумын ойн ан хамгаалагчаар очсон гэдэг. Ингэж л ойн хамгаалагчийн гэрт төрж, өсч хүмүүжсэн дээ.

Аравдугаар ангиа төгсөөд хуваарь авах боллоо. Би тухайн үед аавынхаа мэргэжлийг өвлөж, ойн хүн болъё гэж бодоогүй. Багшийн дээдэд зургийн ангид юм уу, их сургуулийн физикийн ангид орно гэсэн бодолтой байв. Конкурст орсон ч миний бодож байсан хуваарь байдаггүй. Тэгтэл хүмүүс “Ойн инженер гэсэн хуваарь байна. Танай аав чинь ойн инженер. Чи удам дамжсан ойн хүн болох хэрэгтэй. Энийг ав” гээд өнөө хуваарийг тулгачихсан. Тэгээд яахав тэр хуваарийг нь аваад гараад ирлээ. Ах дүүс, танил, эргэн тойрныхон маань “Чи ойн инженер болоод аавынхаа дарга болох нь дээ. Сайхан мэргэжил сонгож” гэж ярьцгаана. Ингэж ярих нь сүүлдээ надад таатай санагдаад, тэгээд л Хөдөө аж ахуйн их сургуулийн Ойн аж ахуйн инженерийн ангид орчихсон юм байхгүй юу. Таван жил болоод төгсөөд ирэхэд Төв аймагт ойн аж ахуй байгуулагдаад нэг жил болж байлаа.

Та ойн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна гэсэн үг үү?

-Яг дөчин жилийн нүүр үзэж байна.

Ойн хамгаалагчийн хүүхэд байсан болохоор таны бага нас байгальтай ойр байсан нь мэдээж?

-Ойн модонд явна, Угтаал, Жаргалантын ойд. Төвдөө өвөлжчихөөд хавар нь хөдөө гараад явчихна. Аав маань бараг гэртээ үзэгдэхгүй, ойгоо хамгаалаад явчихна. Ой хамгаалах ажлын жинхэнэ амт шимтийг хүүхэд насандаа нэг их мэдрээгүй санагдана. Харин мэргэжилтэн болж ирээд л амтыг нь мэдэрсэн дээ. Ойн аж ахуйн инженер гэдэг чинь ойтой холбоотой бүхий л ажлыг хийдэг мэргэжил.

Ойтой холбоотой мэргэжил гэхээр сонирхолтой санагдана. Мэргэжилтэйгээ холбоотой сонин сайхан дурсамжаасаа сонирхуулахгүй юу?

-Ойн ажил гэдэг чинь их онцлогтой. Энэ дэлхий дээр ургаж байгаа олон мянган ургамал дотроос хамгийн өндөр ургадаг, хамгийн урт настай тийм ургамал болох модтой манай ойчид чинь ноцолддог юм байхгүй юу. Тэр том ургамлыг ургуулдаг, арчилдаг, хамгаалдаг, зөв зохистой ашиглуулдаг ажил эрхэлдэг хүмүүс шүү дээ. Ой гэдэг чинь энэ дэлхийн ургамал, амьтны ус, агаарыг зохицуулж байдаг чухал зүйл.

Хүмүүс мод тарьдаг. Хотоо тохижуулна гээд энд тэнд мод тарьж байна. Арван мод тарьсныг нь арван мод тарилаа гэнэ. Зуун мод, мянган мод тарьсныг нь ч мод тарилаа л гэж үзнэ. Хэдийг ч тарьсан мод тарилаа гэж ярина. Гэтэл манай ойчид тэгдэггүй. Ойн инженерүүд тарьсан модоо ширхгээр ярьдаггүй. Хэдэн арван мянга, хэдэн саяар нь ярина. Нэгж нь га. Зөвхөн манай аж ахуй гэхэд таван мянга гаруй га талбайд ойжуулалт хийсэн байдаг. Жилд зуун га, зарим жилд гурав, дөрвөн зуун га-д мод тарина.

Хүмүүсийн ойгоос унагаж байгаа мод, та бүхний тарьж байгаа мод хоёрын харьцаа хэр байдаг юм бэ. Нөхөж чаддаг болов уу?

-Ашиглалтын харьцаанаас нь үзвэл хамаагүй алдагдалтай.

Дээр үед зохистой хэмжээнд нь барьдаг байв уу?

-Үгүй. Барьж чадахгүй. Мод ашиглаж ирсэн цагаас хойш ой нөхөн төлжүүлэх ажил, ашиглах ажлаасаа үзүүлэлтээрээ хамаагүй дор явж ирсэн.

Арван мод унагахад нөхөөд арвыг тарьж гүйцдэггүй гэж үү?

-Яаж тэгэх юм. Жилд чинь ойгоос хэдэн арван мянган га-гаар нь мод бэлтгэж байна. Гэтэл тарьж байгаа нь маш бага. Ашиглаж байгаа модны аравны нэгд нь ч хүрэхгүй хэмжээний мод нөхөж тарина.

Байгаль хамгаалах ажил яагаад бий болсон юм бэ гэхээр байгальд бүх юм өрсөлдөөнд байдаг. Нэг нь нэгийгээ дийлж, идэж устгаад явдаг. Үүний үр дүнд өрсөлдөөнд шалгарал явагддаг. Хамгийн сайнууд нь үлдэнэ. Амьтдын, ургамлын хамгийн сайн нь үлдээд байгаль сайжраад явдаг. Ингэхээр байгаль чинь устахгүй улам сайжраад яваад байдаг байхгүй юу. Гэтэл хүний нийгмийнхэн байгалиас хамгийн сайныг нь шилж авдаг. Хүн моддоос хамгийн сайныг сонгож унагадаг. Хүний нийгэмтэй байгаль, зэрлэг байгаль хоёрын хооронд ийм том ялгаа байдаг юм. Үүнээс л үүдэж байгаль хамгаалах ажил эхэлж байгаа юм.

-1970-аад оны үед Туул голын эхэн бүхэлдээ нүцгэрч, ус нь татарч байсан гэдэг?

-Туулын хөвөөнөөс нь эхлүүлээд мод унагадаг байлаа. Унагасан модоо шууд л гол руу урсгаж тээвэрлэнэ. Өөр татаж, тээвэрлэх арга байгаагүй байх. Туул голоос үйлдвэрүүд модны хэрэгцээгээ хангана. Ингэж байсан учраас Туулын эх Босгын гүүрнээс цаашаагаа үсээ хусуулсан хүн шиг л болсон юм. Тавиад жилийн турш Туул голоос мод бэлтгэсэн гэсэн үг л дээ. Туул гол дээр Улаанбаатар хотын түлшний модны трест гэсэн том байгууллага байж байгаад 1980 онд үйл ажиллагааг нь зогсоосон түүхтэй.

Туул голтой адилхан Хэнтийн нуруунд чинь Онон голын дагуу Хэнтийн гурав, дөрвөн модны үйлдвэр, Ерөө, Хэрлэн, Сэлэнгэ, Түнхэл, Зүүнхараагийн асар том модны үйлдвэрүүд байдаг байлаа. Ийм олон үйлдвэр 50, 60 жилийн турш хөрөө ажиллуулаад ирэхээр Хэнтий нуруу чинь доройтолд орсон. Тэр их үйлдвэрийн олон машин техник шуугиад байхаар амьтад нь дүрвэсэн. Ингээд сүүлд нь Хэнтий нуруу чинь тал талаасаа сийчүүлсээр байгаад багассан юм.

Та яг энэ үед Хан Хэнтийн байгалийг хамгаалах тухай хэдэн жил судалгаа хийсний үр дүнд Хан Хэнтийн Дархан цаазат газрыг байгуулсан гэдэг билүү?

-1980-аад оны сүүлч шүү дээ. Хэнтийн Дархан цаазат газар гэгчийг байгуулж, үлдээд буй жаахан газрыг нь хамгаалах хэрэгтэй гэсэн бодол надад төрсөн юм. Үлдэж байгаа онгон дагшин байгалийг хэвээр нь үлдээж, эндээс мод бэлтгэхээ больё оо гэдгийг уриалж хөдөлгөөн зохион байгуулсан байхгүй юу. Ойн эрдэмтэдтэй хамтарч Хэнтий нуруунд судалгаа хийсэн. Монголын байгаль орчныг хамгаалах холбооны ээлжит хурал дээр Хэнтийн Дархан цаазат газар байгуулах тухай уриалгаа гардуулж өгөөд 1990 онд Ой, ангийн аж ахуйн даргынхаа ажлыг өгсөн. Ингээд Монголын байгаль орчныг хамгаалах холбоо ТББ-д шилжиж ажиллаад гурван жилийн турш Хан Хэнтийн Дархан цаазат газар байгуулах ажилтай ноцолдоод 1.2 сая га газрын хилийн цэсийг гаргасан юм. Маш нарийн, хүнд хэцүү ажил байсан шүү. Нэг жилийн дараа буюу 1991 оны гуравдугаар сард “Хан Хэнтийн Дархан цаазат газар байгуулах асуудал” сэдэвт онол практикийн бага хурал боллоо, Төв аймагт. Олон эрдэмтэд оролцсон юм. Ан амьтан, өвс ургамал, түүхийн гээд бүхий л чиглэлийн эрдэмтэд. Ингээд дархан цаазат газар байгуулах үндэслэлээ боловсруулсныг аймгийн Ардын Депутатуудын хурал дэмжин Улсын бага хурал, Байгаль орчны хяналтын улсын хороонд өргөн барьсан. Ингээд дараа жилийнх нь буюу 1992 оны хавар нь 11 дүгээр тогтоолоор Хан Хэнтийн Дархан цаазтай газрыг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хил заагийг нь албан ёсоор тогтоосон доо. Туул, Онон, Хэрлэн, Ерөө, Минж, Захар, Шороот гээд олон том голуудын эхийг Хэнтийн хөвч хамгаалдаг юм. Тэнд чинь 1.2 сая гаруй га газартай том ой байна шүү дээ, одоо.

Нүцгэрчихсэн ойд мод тарьчихаад хожим нь тэндээ очоод өөрийн гараар бүтээсэн байгалиа харахад хэмжээлшгүй их баяр бахдалыг мэдэрдэг байх шүү?

-Би чинь таримал ой гэдэг юмыг чинь үзээгүй л их сургуулиа төгсч байлаа. Гэхдээ мод яаж ургуулахаа мэдэх мэргэжилтэн болчихсон байсан. Тэр үед юу гэж мөрөөдсөн бэ гэхээр “Өөрийнхөө тарьсан мододтой таримал ой дундуур алхахсан” гэж хүссэн. Ойжуулах төлөвлөгөө өгдөг үе чинь миний үед эхэлсэн байхгүй юу. Төлөвлөгөөгөө биелүүлэх гээд ууланд мод суулгаж, тарих гэж ноцолдож байхдаа “Энэ хэзээ ургах бол доо” гэж бодогдоно.

Одоо бол би жинхэнэ таримал ой дундуур явах нь бүү хэл зугаалж байгаа шүү дээ. Тариад таван жилийн дараа, арван жилийн дараа, арван таван жилийн дараа очиход улам л өндөр, саглагар болсоор байдаг. Надаас өндөр болчихно. Дор нь туулай хяраад, гөрөөс дэргэд нь харагдаад, мөчир дээр нь шувууд жиргээд л. Хээрийн амьтад үүрлэчихсэн. Миний тарьсан ой амьтдын гэр орон нь болсныг хараад маш гоё сэтгэгдэл төрнө. Маш гоё. Тэрэн шиг гоё зүйл байх уу.

Мэргэжлээрээ их бахархдаг юм. Би Монголын ойн инженер хүн. Монгол инженер хүний гараар энд амьд байгаль, амьд ертөнц бий болж байна гэж их бахархдаг. Хүнд үзүүлэх юмтайдаа баярладаг.

Гэхдээ нэг хүндрэл байдаг юм. Ойчдын ажил хүнд үзэгддэггүй. Ойн байгууллагын ажлыг хүн мэддэггүй юм. Яагаад гэвэл хүнээс алс, 50, 60, 200, 800 км-ийн цаана хөвч, ой дотор мод тарина. Тэрийг явж үздэг хүн гэж үгүй. Бас мод чинь хавар нь суулгаад намар нь гардаг ногоо биш шүү дээ. Миний тарьсан мод 300, 400 жил ургана шүү дээ. Хүмүүс “Энэ ойжуулалт гэж нэг юм хийдэг юм гэнэ лээ. Улсын хөрөнгийг үрээд. Юу хийж байгааг нь яаж мэдэх юм бэ” л гэдэг. Гудамжинд суулгаад үхүүлчихдэг суулгацтай л адил сэтгээд хот тохижуулахын ажилтай зүйрлээд байдаг. Тэгж ярьсан хүмүүс таримал ойд очоод шагширдаг юм.

Ардын хянан шалгах хороо манай аймгийн ойжуулах ажлыг нэг удаа шалгах болов оо. Нэг, хоёр настай тарьцтай ой чинь их муу байдаг байхгүй юу. Яагаад гэвэл тарьсан мод эхнийхээ жилд ургадаггүй. Өндрийн өсөлтгүй хэрнээ үхдэггүй юм. Мод үржүүлгийн газарт арчилгаанд байсан тарьц ойн хөрсөнд, огт өөр орчинд ирэхээрээ сульдаанд ордог. Тэгтэл Ардын хянан шалгах хорооныхон бага настай тарьцуудыг харчихаад “Модод муу ургасан байна. Улсын их хөрөнгө үрэгдэж байна” гэж билээ. Би ингэж л Ардын хянан шалгах хороогоор орж бангадуулж, сүйдлүүлэх шахсан. Дараа нь тэр гоочлоод байсан ой сайхан ургасан ш дээ (инээв).

Таныг нэлээд хэдэн жилийн өмнөТөв ой ангэсэн компаниа байгуулсныг мэдэх юм?

-Миний амьдралын түүх чинь Төв аймгийн ойн байгууллагын түүхтэй холбоотой яваа юм чинь Ой, ангийн аж ахуйн үйл ажиллагааг авч явъя, ажлыг нь үргэлжлүүлье. Ой байгаа цагт мэргэжлийн ажил байх ёстой гээд “Төв ой ан” компаниа байгуулсан юм. Байгуулагдаад 14 жил болж байна. Хэдий хувийн компани ч гэлээ аймгийн хэмжээний томоохон ажлуудыг нуруун дээрээ үүрч хийдэг байлаа.

Хүү тань ой зүйчээр хаана ажиллаж байгаа вэ?

-Аав минь 36 жил ойн хамгаалагч хийсэн хүн. Би энэ мэргэжлээр 40 жил ажиллаж байна. Ууган хүү Батзориг маань арваа төгсөөд их сургуулийг ой зүйчээр дүүргэсэн. Нэг хэсэг ойн нөөц тогтоодог ажил хийж байгаад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байцаагчаар ажилд ороод арваад жил болж байна. Ингэхээр манай гэр бүл Монголын ойжуулалтын салбарт ерээд жил ажиллаж байна гэж хэлж болох байх. Ийм сайхан түүхтэй айл бараг л байхгүй болов уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюундарь: Фракц бүрээс нэг сайдыг татах хэрэгтэй гэх хүн ч байна

АНын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

УИХын чуулганы хуралдаан эхлэх дөхөж улс төр идэвхижиж байна. Нийгэм, эдийн засгийн хувьд асуудалтай байгааг энэ намар хаа хаанаа хөндөх бололтой. Энэ бүх асуудалд АНын удирдлагад байгаа хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манайхан дотоод шүүмжлэлд дасаагүй ард түмэн юм. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд Ма н зонхилон эрх барьж байсан. Бүх асуудлыг дотооддоо, хаалттай шийддэг байлаа. гаднаас нь харахад бүх зүйл өнгөлөг хэрнээ асуудал хүндрээд задрахаараа ямар зүйл болдгийг өнгөрсөн сонгууль харуулсан. Тэгэхээр эрх баригч хүчний бүх асуудал нээлттэй байх ёстой. энэхүү нээлттэй байдалд сэтгүүлчид, ард түмэн дасахгүй байна. Хэрэлдээд эхэллээ юу болох бол гэж хүлээгээд л. авгай, нөхөр хоёр хэрэлдэхээр хөрш нь сандрахдаа цагдаа дуудаж, ирэхэд нь тэврэлдчихсэн сууж байдаг шиг. тийм л зүйл болоод байна гэж би харж байгаа.

Хоёрдугаарт Ерөнхийлөгч Ц.элбэгдорж 2009 онд сонгогдохдоо авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн. сая 2013 онд сонгогдоход нь ч мөрийн хөтөлбөрийнх нь багагүй орон зайг авлигатай холбоотой асуудал эзэлж байсан. авлига гэдэг зүйл эрх мэдэлтнүүдэд л байдаг. тиймээс эрх мэдэлтнүүдийг хүний өөрийн гэлгүй шалгаж байж авлигатай тэмцэх ажиллагаа хэрэгжинэ. энэ тохиолдолд “Өөрсдийн хүмүүсээ бариад эхэллээ. Дараа нь яах бол” гэх мэтээр хүлээж, хошуурч байгаа нь шинэ соёлд дасаагүйнх. авлигатай тэмцэх энэ процесс бол ан-аас нэр дэвшин гарч ирсэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа. атг бол бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. энэ жишээн дээрээс үндэслээд хэлэхэд нийгэмд болж байгаа энэ бүхэн жирийн процесс юм. Жирийн процессийг хүмүүс хэтэрхий дөвийлгөж хараад байна.

Таны хэлж буй жирийн процесс дотор олон асуудал нуугдаж байгаа гэдгийг хүмүүс шүүмжилж байгаа. Жишээ нь эдийн засаг хүндрэлтэй байна. Гэтэл ийм зүйлийг шүүмжилж байсан АНынхан өөрсдөө энэ удаа төрийн эрхэнд байдаг?

-эдийн засгийн асуудал өнөөдөр гэнэт бий болчихоогүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. олон жил хуримтлагдсаны зэрэгцээ эдийн засаг сайн байхад Монголд хөрөнгө хуримтлуулж чадаагүй. Байгаагаа, үрээд, зарцуулаад ирсэн. эцэст нь асуудал үүсэхээр тансаг хэрэглээг нь буцаан хумихад ихээхэн хэцүү байдаг. эхнээсээ тансаг хэрэглээгээ хязгаарлаад, хуримтлал үүсгэчихсэн байсан бол өнөөдөр нүүрсний үнэ бараг гурав дахин унаж байхад тэр хэмжээгээр нь нийгмээ аваад явах боломж байсан. Жишээ нь 2012 оны сонгуулийн өмнө тавьсан өрийг жилийн дотор төлж дуусгах байсан бол түүхий эдийн үнэ буурах тусам эргэн төлөлтийн хугацаа уртсаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор орлого орж ирэхгүй байгаа нь үнэн. энэ нөхцөлд менежмент хийх үүрэг нь эдийн засгийн хөгжлийн яаманд байсан. тус яам үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бодитой. Үүнийг нам дотор ч тэр хэвлэлийнхэн ч тэр ил тод ярьж байгаа. “засгийн хөгжлийн яам зөв бодлогоо явуулаач ээ. ганц хүний толгойгоор удирдаад байна. Дор хаяж орон нутгаа яаж хөгжүүлэх юм. орлого тасалдлаа гээд суугаад байлгүй ажиллах хэрэгтэй байна” гэдэг шүүмжлэл байнга гарч байсан. Тэгэхээр хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг хангалттай ярьж байна гэсэн үг.

Ийм шүүмжлэлийг аргацааж өнгөрөөхийн тулд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм биш биз. МАНынхан хөтөлбөрийн хэрэгжилтэд хангалтгүй гэсэн дүн тавьснаа хэлчихлээ. Харин АНын хувьд?

-эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хөтөлбөрийг санаачлах болсон нь олон хууль нэгнээ чагталчихаад байсан учраас тэр чагтыг мултлах гол зорилготой байсан. Яагаад яаралтай, эдийн засгийг эрчимжүүлэх гэж томъёолсон бэ гэвэл уИХ дээр дараалал зөрчиж, хуулиудыг хурдан хэлэлцэж шийдвэрлэхийн тулд хөтөлбөр болгон дэвшүүлсэн. уИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө гол хуулиудаа баталж чадсан ч төлөвлөсөн хэмжээнд хүрч чадаагүй. гэхдээ гадны хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцөл бүрдүүлэх эрх зүйн орчингоо баталж гаргасны үндсэн дээр оюу толгойн гэрээ хэлэлцээр нэлээд нааштай болж таван толгойд хөрөнгө оруулалт орж байна. Энэ мэтээр эхлэл тавигдсан байна.

Бодит үр дүн гарахыг хэн хүнгүй хүлээж байгаа. Та нар хийсэн, эхлүүлсэн энэ ажлаа ямар үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа юм?

-Бодит өсөлт түүхий эдийн үнийн өсөлттэй шууд холбоотой. Манай эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэх хэмжээний өсөлтийг Ман-ын үед ч манай үед ч гаргаж

байгаагүй. Бүх л цаг үеийн эдийн засгийн өсөлт түүхий эдийн үнийн өсөлтөөс л хамаардаг шүү дээ.

Та бүх зүйл гадны хүчин зүйлтэй холбоотой гэж байх шиг байна. Харин Н.Алтанхуяг сайдБидэнд буруу байж. Хариуцлага тооцно. Цомхотгоногээд мэдэгдчихлээ?

-намын мөрийн хөтөлбөр бол сонгогдсон уИХ-ын гишүүд болон томилсон засгийн газраараа дамжиж хэрэгждэг. одоо явж буй бодлого 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт шүү дээ. Мөрийн хөтөлбөрөөс гажсан зүйл байвал нам үүнийг нь авч хэлэлцэх ёстой. тэгээд ямар хэмжээнд ажиллаж байгаагаа мэдэхийн тулд хоёр жил тутамд бид суурь судалгаа хийдэг. суурь судалгаа ид хийгдэж байна. судалгааны дүн гарахаар ан-ын бүлэг алдаа, оноогоо дэнслэнэ. Оны эхэнд Ерөнхийлөгч “том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн концепц гаргасан. Үүний дагуу зардлыг танаж засаг цомхон, чадварлаг болох ёстой болсон.

Харин өмнө нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хүн бүр ажилтай, орлоготой болох ёстой учраас Хөдөлмөрийн яамыг, эдийн засаг солонгорох ёстой учир эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулъя гэж шийдсэн. Ингэж л “Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа бас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор яамдынхаа тоог цөөлбөл яасан юм. зардлыг хэмнэх ажлаа газраасаа эхэлбэл яасан юм” гэж нам дотор ихээхэн яригдсан. тиймээс Ерөнхий сайд н.алтанхуяг мэдэгдэл гаргаж “газарт бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй юм байна” гэдэг санааг дэвшүүлсэн. тодотгож хэлэхэд Ерөнхий сайд засгийн газрын тэргүүнийхээ хувьд мэдэгдэл хийсэн гэж ойлгож байгаа. Үүнийг нь намын бүлгээр хэлэлцэх ёстой. Мөн ан-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг удахгүй хийх гэж байгаа. Энэ зөвлөгөөнөөр засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ гэх мэтээр хэлэлцэнэ.

Тэгэхээр Засгийн газрын хэдэн хувийг цомхотголд оруулах бол гэх мэтээр таамаглал гараад эхэлчихэж. Ямар болгохоор ярилцаж байгаа юм?

-нарийн хэлэлцэж эхлээгүй байна. н.алтанхуяг сайд засгийн газрын тэргүүнийхээ хувьд төлөвлөгөө гаргах ёстой. Үүнийгээ бүлэг дээр танилцуулсных нь дараа бид хэлэлцэж эхэлнэ. Чуулган эхлээд бүлгийн эхний хуралд төлөвлөгөөгөө танилцуулчих байх. одоо судалж байгаа учраас ямар нэг тоо хэлэх боломж алга.

Нам, Засгийн газрын нэр хүндэд халтай гишүүд гэж хэнийг тодотгох вэ. Н.Батбаяр сайдтай хамт хэнээр туг тахих вэ гээд танай намд томоохон хэрүүл эхэлсэн гэх яриа тархсан?

-ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудыг хүнийх нь хувьд ч
өөрчилнө гэж Ерөнхий сайд мэдэгдэлдээ хэлсэн. Давхар бүтцийн өөрчлөлт ч
хийнэ гэж байгаа. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд их нарийн судалгаа хийх ёстой. Яагаад вэ гэвэл бүтцийн өөрчлөлтийг олон асуудал дагадаг. Өмнө нь хэрэгжиж байсан төсөлт хөтөлбөр зогсох уу, үргэлжлэх үү гэх мэтээр. Судалгаагаа ч
хийгээд эхэлсэн. Аль яамыг алинтай нь нийлүүлбэл эхлүүлснээ зогсоолгүй хадгалах боломжтой вэ гэж. Магадгүй Н.Батбаяр сайд олон сар, жил балбууллаа. Тэр хүнд бодол байгааг үгүйсгэх аргагүй. Тэр хүнд тайлбар хийх эрх нь бий. Бид л
балбаад байгаа болохоос өөрийгөө хамгаалж дуугарах эрхтэй. Хэрэв өөрийгөө хамгаалж чадахгүй бол хариуцлагыг нь тооцох ёстой.

Фракц бүрээс нэг сайдыг явуулъя гээд л асуудлыг шийдчих байх даа?

-Яах вэ гэдгээ шийдээгүй. Олон өөр санал ирж байгаа. Фракц бүрээс нэг сайдыг татах хэрэгтэй гэх хүн ч байна. Гэхдээ ажил хийсэн байдлаар нь ангилж асуудалд хандах ёстой гэсэн үзэл давамгайлж байгаа.

Засгийн газарт орох энэ өөрчлөлтийг далимдуулах магадлал өндөр. Бүтцийн өөрчлөлт хийх бус Засгийн газар огцрох хэмжээнд асуудал яригдах юм биш биз. Тийм мессеж цацагдаад эхэлсэн?

-Намын нийт гишүүд дунд 1996 оны үе давтагдах вий гэсэн болгоомжлол бий. Хүн бүхэн ийм айдас өвөрлөж байгаа учраас тухайн үеийн үйл явдал давтагдахгүй гэсэн үг. Хэрвээ хэн нэгэн гарч ирээд томоохон концепц дэвшүүлбэл нам хэзээд хуралдаад түүнийг нь хэлэлцэж болно. АН-ын дүрмээр ҮЗХ-ны 2014 оны хоёр дахь хурлаа хийгээгүй байна. Тэгэхээр тийм үзэл санаа дэвшүүлбэл арав, арваннэгдүгээр сард хуралдаад хэлэлцэж болно. Харин өнөөдөр концепц огт ярихгүй, тэрийг соливол энэ очно гэх мэтээр сандал ширээ яриад байгаа юм. Нам сандал ширээг бус үзэл санааг хэлэлцэнэ.

Би намын дарга болъё. Н.Алтанхуягийн оронд очоод ийм ажил хийнэ гээд хэн нэг нь хэлбэл асуудлыг яаралтай хэлэлцэж болно гэсэн үг үү?

-Тийм. Яагаад гэвэл эдийн засгийн хүндрэлээс яаж гарах юм. Нөгөө л түүхий эдийн үнэ өсөхийг хүлээгээд суугаад байх юм уу гэдэг асуудал бий. Эсвэл өөр концепц дэвшүүлээд “Ийм багаар ингэж ажиллахад хоёр жилийн дотор үр дүнг нь үзэх юм байна. Энэ Засгийн газар үүн дээр алджээ. Одоо ингэж хожих юм байна” гэсэн бодлого байвал гаргаад ирэг. Тэр тохиолдолд нам хэлэлцэхэд бэлэн.

Саяхны нэг жагсаал дээр ардчиллаас татгалзъя гэдэг үг хүчтэй хэлэгдэж байсан. АН л ийм байдалд хүргэсэн гэгдэж байна билээ?

-Ардчиллыг зөвхөн АН бэхжүүлнэ гэж байхгүй. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталсан. Тэр Үндсэн хуульд Монгол улс ардчилсан зарчмаар улс орныг удирдана. Ардчилсан, хүнлэг нийгмийг байгуулна. Зах зээлийн чөлөөт нийгэм рүү шилжинэ гээд заачихсан. Тэгэхээр тэр жагсагчид ардчиллыг байхгүй болгоё гэж байгаа бол Үндсэн хуулийг эсрэг үйлдэл юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

С.Цэрэнчимэд: Олимпийн аварга болж одоо байгаа амьдралаа илүү сайхан болгоно

-ИЖИЙГЭЭ ТАКСИНД
ГАРАХ БОЛГОНД НЬ ТАНЫГАА ЖАРГААХ БОЛНО ОО ГЭЖ ӨӨРТӨӨ АМЛАДАГ-

Саяхан Узбекийн Таш­кент хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медальтай ирсэн
билээ. Эмэгтэйчүүдийн хасах 60 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд алтан медаль хүртэж
дэлхийн аварга боллоо. Түүнийг хүн бүр л 20 нас ч хүрээгүй мөртлөө хашир барилдаж,
бяр чадлаараа ёстой л дэвжээг эзэгнэсэн гэж ярьж байна. Үнэхээр ч бяртай эмээгийн
үр удам гэдгээ тэрээр харуулаад авсан. Харин дэлхийн аваргатай уулзаж ярилцахад
хүүхэд зангаараа гэнэн цайлган инээд цацруулж хүсэл мөрөөд­лийнхөө тухай хуваалц­сан
юм. Ингээд түүн­тэй ярилцсанаа хүргэе.

 -Сая
бэлтгэлээс ирсэн гэлээ. Дөрөө мултлаад л бэлтгэлдээ оржээ. Ямар тэмцээнд орох гэж
байна вэ?

-Тэглээ. Энэ сарын сүүлээр АНУ-д цэргийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Өглөө Америкийн элчин
орж бичиг баримтаа зохицуулаад ирсэн.

-Дэлхийн
аваргаас ирэхэд онгоцны буудал дээр гэр бүлийнхэн тань гээд нэлээд олон хүн угтсан
харагдсан. Зорилгоо биелүүлчихээд ирэхэд ямар сэтгэгдэл төрдөг юм байна?

-Үнэхээр сайхан. Онгоцонд ирж явахдаа хурдхан шиг л бууж ээждээ үнсүүлэх
юмсан гэж бодож байлаа. Онгоцноос
буухад ээж, ах, эгч, Хосоо багш,  “Алдар”
спорт хорооныхон гээд хүмүүс намайг угтах байх гэж бодсон. Тэгсэн ээж, ах нараас
гадна Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Алдар спорт хорооны дарга Өсөхбаяр дарга, Цог-Эрдэнэ дарга нар хүлээж
аваад тусгай өрөөнд хүлээж авдаг юм билээ. Тэгээд тэр өрөөнөөс гараад ирсэн чинь
манай спорт хорооны хамт олон, найз нөхөд, хамаатан садан гээд зөндөө хүн ирсэн
байсан. Би бүр гайхсан. Тийм их хүн намайг хүлээж байна гэж зүүдлээ ч үгүй болохоор.
Манай спорт хорооны нярайлаад, бэлтгэлдээ ороогүй эгч хүртэл баяр хүргэхээр ирсэн
байсан шүү. Тэр хүмүүсийн хүндлэл, баяр надад үнэхээр гэнэтийн бэлэг болж чадсан.

-Ц.Хосбаяр багш тань санхүүгийн байдлаас
болоод үлдсэн гэсэн. Аварга болох тэр мөчид хэн заавар, зөвлөгөө өгч байсан бэ?

-Уг нь Хосбаяр багш
намайг аварга болох үед дэргэд минь байсан бол сайхан байхгүй юу. Даанч санаснаар
болсонгүй. Гэхдээ Цогтбаяр багш байсан болохоор газардсангүй. Цогтбаяр багш маань
Хосбаяраас дутахааргүй бас л миний багш. Цогоо багш барилдаж байхад зөвлөгөө өгч
байсан. Бас дотроо багшийнхаа зааж, зөвлөсөн захиасыг биелүүлэхийн төлөө л зүтгэсэн
дээ.

-Нэгэн тамирчин “Дэвжээн дээр гарсан хойно
ямар ч аврагч бурхан гэж байдаггүй, гагцхүү араас тэг ингэ гэж орилж буй дасгалжуулагч
л миний бурхан” гэсэн байдаг. Ер нь дэвжээн дээр барилдаж байгаа үед дасгалжуулагчийн
хэлж ярьж байгааг сонсдог уу?

-Зөвхөн өрсөлдөгч
бөхөөс гадна цаг, шүүгч, дэвжээтэй барилддаг. Өөрөө л сайн төвлөрч тайван, бүхнийг
тооцоолж чадвал дасгалжуулагчийнхаа заавар зөвлөгөөг сонсч чаддаг. Сая барилдааны
үеэр Цогтбаяр багш болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батбаяр, Сүхээ, Дүвчин
багш нар дэвжээний булангаас зөвлөгөө өгч байсан. Дасгалжуулагчийн зөвлөгөөг барилдааны
үеэр сайн сонсч чадвал тухай бүрт нь барилдах арга барилаа боловсруулаад явчихдаг.

-Аваргын төлөө Азар­бейжаны бөхтэй барилдсан.
Өөрөөс тань насаар нэлээд эгчмэд туршлагатай бөх харагдсан. Яах бол гэж сандарсан
уу?

-Азарбейжаны бөх Раткевич
28 настай тамирчин байсан. Өмнөх барилдаануудынх нь бичлэгийг үзсэн. Давхар хамах
мэхэндээ сайн юм билээ. Тийм болохоор би сайн хамгаалж, өөрийнхөө мэхийг хийнэ гэсэн
бодолтой гарсан. Тэгээд ч нас залуу, цус шингэн гэдэг утгаараа би илүү хөдөлгөөнтэй
барилдана гэж бодсон. Нэг их сандраагүй. Эхлээд нэг оноо алдаад хоёр оноо аваад
дахиад хоёр оноо алдсан. Гэхдээ оноо алдчихлаа гэж сандралгүй тайван барилдаж мэхээ
гүйцээнэ гэж зүтгэсэн. Шилбэдэж, давхар хамах мэхийг хэд хэдэн удаа хийж оноо авсан.
Энэ мэх манай Хосбаяр, Цогтбаяр багшийн дархан мэх. Цогтбаяр багш ч “Чимэдээ чаддаг
мэхээ хий” гэх нь сонсогдож байсан.

-Энэ удаа барилдсан өрсөл­дөгчидтэйгөө
өмнө ихэвчлэн учраа таарч байсан гэлээ. Ялангуяа Японы бөхөд ялагдаж байсан байх
аа?

-Эхлээд Оросын бөхтэй
барилдсан. Бэртэл аваад хоёр жил барилдаагүй байж байгаад барилдсан тамирчин. Дараа
нь Японы бөхтэй барилдсан. Долоо нойлоор би буулгаж авсан. Японы бөхийг эхлээд хөмөрч
дөрвөн оноо аваад шилбээр давхар хамж хоёр оноо дахин авсан. Цаг дуусахын өмнө цэвэр
ялсан. Өмнө нь манайд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Японы бөхтэй
учраа таараад харамсалтайгаар ялагдсан. Дахиад таарах байх гэсэн тооцоолол байсан
болохоор энэ удаа давна гэдэгтээ итгэлтэй байсан. Харин зооны аваргын төлөө Финландын
бөхтэй таарсан. Бас л өмнө барилдаж байсан болохоор барилдааныг нь сайн мэднэ. Тэгээд
ч ямарваа юманд өөр­төө итгэлтэй, зоригтой байх юм бол ард нь гарч чаддаг юм байна
гэдгийг би маш сайн ойлголоо. Ялангуяа Японд байхад тэндхийн тамирчид ямар их хүнд
бэлтгэл хийж, хамаг амьдралаа зориулан байж амжилтад хүрдгийг би мэдэрсэн.

-Японд байсан тухайгаа ярихгүй юу. Сурахаар
явсан юм уу?

-2013 онд насанд хүрэгч­дийн
улсын аваргад түрүүлээд Японд сурах эрхээр шагнуулсан. Тэнд очоод Олон улсын харилцааны
сургуульд сурахаар хэлний бэлтгэлд явж байлаа. Бас хажуугаар нь бэлтгэлээ хийнэ.

-Ямар мэргэжлээр сурах гэж байсан юм бэ?

-Дасгалжуулагч багшаар
төгсөх байсан.

-Тэгээд яагаад хүрээд ирсэн юм бэ?

-Ээжийн маань бие
муудаад хүрээд ирсэн. Би багадаа аавынхаа өвөр дээр тоглож ч амжаагүй бурхны оронд
алдсан. Харин ээжийгээ амьд мэнд байгаа дээр нь хажууд нь байж тус нэмэр болъё гэж
шийдсэн. Хэдий эрдэм сураад ирээрэй гээд явуулсан ч гэлээ хүний нутагт охин үрээ
яажшуухан амьдарч байгаа бол гээд санаа нь байнга зовдог байсан байх. Тэгж бодоод
санааг нь чилээгээд яахав гээд эргээд ирсэн. Тэгээд ч эндээс явахад гэр бүлээсээ
гадна Хосоо багшийгаа орхиод явах надад хүнд байсан. Би Монголоос Япон руу явахдаа
зөндөө уйлсан. Аргагүй л багаас минь бөхийн дөртэй болгосон хүн шүү дээ. Тэнд очоод
надад бэлтгэл чинь болж байна, одоо ингэ тэг гээд хэлээд өгөх хүн ч үгүй үнэхээр
хэцүү санагдсан. Ганцаардах, уйлах үе ч зөндөө байсан (хоолой нь зангирч уйлав).
Энд Хосоо багш маань нуруундаа хагалгаатай, хадаастай мөртлөө өөрөө дэв­жээн дээр
гарч ирээд бэлтгэл хийлгэдэг байхгүй юу. Харин тэнд бэлтгэлээ хийгээд ганцаараа
сууж байхдаа дэл­хийн аваргын тэмцээнд түрүүлчихээд эх орныхоо төрийн далбааг өндөрт
өргөөд багш руугаа гүйж байна гэж мөрөөдөж жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. Харин
тэр мөрөөдөл минь биелэлээ. Ер нь хүн ганцаараа байхдаа алдаа оноогоо их тунгааж
бодохоос эхлээд аливаад их тэвчээртэй, илүү мэриймтгий болдог юм билээ.

-Аав нь хэдэн настай бай­хад тань өөд
болсон юм бэ?

-Аав хоёр настай байхад
бурхан болсон. Даралт ихтэй хүн байсан гэж ээж ярьсан. Би аавыгаа ямар хүн байсныг
мэддэггүй. Ерөнхийдөө тийм хүн байсан байх даа гэсэн төс л орж ирдэг.

-Хааяа шантарч аавыгаа үгүйлэх үе гарна
биз?

-Тэгэлгүй яахав. Бага
байхад аав маань байсан бол гэж арай ч ингэж амьдрахгүй дээ гээд шантрах үе гардаг
байсан. Миний аав Сүхээ гэж сайхан бөх байсан гэдэг. Их бяртай. Ер нь манай аавын
талынхан их бяр чадалтай хүмүүс байдаг гэж ээж хэлсэн. Би хүртэл бага байхдаа хамаатнуудынхаа
үеийн хөвгүүдтэй барилдаад бүгдийг нь унагаадаг байсан. Аав маань надад ийм сайхан
авьяас үлдээсэнд нь би их талархдаг. Аавынхаа үргэлжлэл байж, ээжид үгүйлэгдсэн
аавын  орон зайг нөхөх юмсан, нөмөр нөөлөг
нь болж явах юмсан гэж боддог. Хааяа аавыгаа санахаар аавын дүү Цэрэнбат гээд ахыг
нүдэндээ төсөөлдөг. Их адилхан. Надтай бас адилхан /санаа алдав/.

-Ах тань Солонгост ажиллаж олсон мөнгөөрөө
тэмцээниий тань зардлыг гаргадаг байсан гэж сонссон?

-Ах, ээж хоёр анх
намайг “Алдар” спорт хороонд оруулж Хосбаяр багшийн шавь болгож байсан. Тухайн үед
өсвөр, залуучуудын олон улсын чанартай тэмцээнд явах гэхээр зардал олдохгүй хэцүү
байдаг байсан. Үндэсний шигшээ баг биш болохоор. Ээж нэг хэсэг дэлгүүр ажиллуулдаг
байсан. Гэхдээ олсон орлогоороо гэртээ идэж, уух хоолны юм аваад таарна. Харин ах
Солонгост хүнсний үйлдвэр, барилга дээр ажиллаж олсон мөнгөө миний тэмцээнд орох
зардалд явуулдаг байсан. Бас багш маань энд тэнд хүн амьтантай уулзаж, байгууллагын
хаалга сахиж байж шавь нарынхаа тэмцээнд орох мөнгийг олдог байлаа. Тэгж л олон
тэмцээнд оролцсоны үр дүн өнөөдөр гарсан гэж би бодож байгаа. Ах өөрөө чөлөөтөөр
барилддаг байсан болохоор намайг их дэмжинэ. Аавын орон зайг орлож ар гэрээ авч
явж байгаа хүн ах. Аав маань нэгэнт үгүй болсон болохоор ахыгаа л түшиж тулдаг.
Ахдаа маш их хайртай. Заавал та хэдийнхээ ачийг хариулах болно гэж амлаж байна.

-Тэгэхээр таны зорилго амжилтад хүрч гэр
бүлээ авч явах байх нь ээ?

-Тийм ээ. Анх барилдаж
эхлэхэд бөх зүгээр л сонирхолтой санагддаг байсан. Харин Цагаанбаатар, Түвшинбаяр
зэрэг мундаг ах эгч нарыг хараад энэ хүмүүс шиг том тамирчин болж ар гэрээ авч явж
болох юм байна гэж бодох болсон. Миний чин хүсэл бол олимпийн аварга болох. Хэрвээ
олимпийн аварга болох юм бол миний амьдралд их өөрчлөлт гарна гэж би боддог. Одоо
чинь олимп, дэлхийн чанартай тэмцээнээс медаль авах юм бол төрөөс тогтмол урамшуулал
хүртэл өгдөг болчихсон. Тиймээс би сайн барилдаж ээж, ах, эгч нарынхаа амьдралыг
сайхан авч явна гэж боддог. Ижийгээ өглөө таксинд гарах болгонд өр минь эмтэрч,
таныг удахгүй жаргаах болно оо гэж дотроо амладаг.

-Найз залуутай юу?

-Байхгүй.

-Дэлхийн аварга болчихлоо. Төрөөс ямар
нэгэн шагнал өгөх болов уу?

-Сайн мэдэхгүй байна.
Миний сонссоноор гавьяат тамирчин болж магадгүй гэсэн. Миний жин олимпод байхгүй
болохоор Ерөнхийлөгчийн санаачилсан урамшууллаас ямар нэгэн шагнал авахгүй юм шиг
байна лээ.

-Тэгвэл олимпод орохын тулд жингээ нэмэх,
эсвэл хасах хэрэгтэй гэсэн үг үү?

-58 кг эсвэл 63 кг
руу хөрвөх байх. Доошоо жинд барилдана гэхээр би жин их хасах болно. Жин хасахаар
их ядарч сульддаг. Одоо миний жин 64 кг. 63 кг-д барилдана гэхээр бас л хөдөлмөрлөх
хэрэгтэй болно.  Ямар ч байсан Цэргийн аварга
шалгаруулах тэмцээнээс ирээд л багш нартайгаа ярьж байгаад шийдэх байх.

-Олимпийн аварга болохоос гадна амьдралаас
юу мөрөөддөг вэ?

-Анх би 2008 онд Баянзүрх
дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд орж хүрэл медаль хүртэж байсан юм. Миний жинд
гуравхан хүүхэд ороод би хоёуланд нь ялагдсан хэрнээ хүрэл медаль хүртэж байсан.
Одоо бодоход их инээдтэй санагддаг ч миний өнөөдрийн амжилт тэгэхэд л суурь нь тавигдаж
байж дээ гэж бэлгэшээдэг. Би тамирчин хүн. Мундаг нэр хүндтэй тамирчин болчихоод
барилгын салбарт бүтээн байгуулалт хийнэ гэж мөрөөддөг. Гол спортын цогц цогцолбор
барина гэж боддог. Одоо манайд спортын төрлүүдийг нэгтгэсэн том цогцолбор алга байна.
Энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Уг нь энэ жил ШУТИС-д барилгын инженерээр оръё
гэсэн боловч элсэлтийн шалгалтаа өгч чадаагүй.

-Яагаад?

-Азийн аварга шалгаруулах
тэмцээн давхцчихсан. Барилгын инженер болоод өөрөө цемент зуураад суухгүй. Тэр үед
мөнгөтэй болчих юм чинь хөрөнгийг нь гаргаж өгөөд ерөнхийдөө удирдаад сууж байна
гэж мөрөөддөг дөө (инээв).

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Оюу толгойн далд уурхайн санхүүжилт энэ жилдээ багтаж шийдэгдэнэ

Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Хөрөнгө
оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн Оюу толгой,106 лицензийн асуудал хэзээ шийдэгдэх
бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихлээ. Яамнаас энэ асуудалд хэр анхаарч ажиллаж байгаа
вэ?

-2012 оны сонгуулийн өмнө батлагдсан Стратегийн салбарт гадны хөрөнгө
оруулалтыг зохицуулах  тухай хууль хөрөнгө
оруулагчдыг  үргээх шалтгаан болсон. Үр дагавар
нь  хоёр жилийн хоцрогдолтойгоор өнөөдөр гарч
байна л даа. Одоо бол хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлсэн хууль хэрэгжиж
байна. Үр дүн нь ч мэдрэгдэж байгаа. 106 лицензийн хувьд сонгон шалгаруулалтаар
олгох ёстой байсан лицензийг өргөдлөөр олгочихсон юм билээ. Процесс нь буруу байна,
дахин сонгон шалгаруулалт зарлаж  хуульд нийцүүл
гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу ажиллаж байна. Компаниуд идэвхтэй оролцож
байгаа. Оюу толгойн хувьд татвар болон ТЭЗҮ-ээ өгөх гэсэн хоёр гол асуудал байна.
Мөн төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөл бий. Хамгийн гол нь ТЭЗҮ-ээ өгөх ёстой.
Удахгүй өгөх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Оюу
толгойн нөөц нэмэгдэх боломжтой гэж байсан. Нөөц нь  нэмэгдсэн болов уу?

-Оюу толгой нөөцийн тайлангаа өгчихсөн. Өнгөрсөн хоёр жил эрэл хайгуулын
ажил явуулсны үр дүнд алтны нөөц  өссөн. Гүнд
байгаа хүдрийн биетээ илүү сайн ойлгож байна.

-ТЭЗҮ-ийг
боловсруулахад хугацаа хэр орох вэ. ТЭЗҮ-ээ өгсний дараа Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөл хэлэлцэхэд хэр хугацаа зарцуулах бол?

-Оюу толгой компани бүтээн байгуулалтын үе шатаа дуусгасан.  Өөрөөр хэлбэл барилгын төсөл байхаа больсон. Хөлөө
олсон, технологийн хувьд зүгширч байгаа, борлуулалт нь маш сайн компани болоод хувирчихлаа
л даа. Тэгэхээр үйлдвэрлэлийн ТЭЗҮ-г тодотгоход цоо шинэ ТЭЗҮ хийхээс хялбархан
гэсэн үг. Хүлээж авахад ч ачаалал нь харьцангуй бага. ТЭЗҮ-ийн тодотгол ороод ирвэл
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл чиг үүргийнхээ дагуу хэлэлцээд хурдан хугацаанд
хүлээж авах боломжтой. Энэ асуудалд Засгийн газрын оролцоо байдаггүй.

-Оюу
толгойн татварын асуудал яаж шийдэгдэх бол. Хэд хоногийн өмнө Уул уурхайн дэд сайд
татварын маргаан шийдэгдлээ гэсэн утгатай мэдэгдэл хийсэн…?

-Татварын асуудал дээр татвар төлөгчийн зүгээс байцаагчийн тавьсан
актад маргаантай зүйл байна гээд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл дээр энэ
асуудал шийдэгдсэн гэж ойлгож байгаа.

Хувь нийлүүлэгчдэд техникийн шинжтэй хоёр асуудал үлдсэн гэж Уул уурхайн
сайд мэдээлсэн. Үнэхээр зарчмын зөрүүтэй асуудал байхгүй хэрэг үү?

-Гол гацааг үүсгэж байсан ойлголцлын зөрүүтэй асуудлууд дээр тодорхой
ахиц гарч байна. Хувь нийлүүлэгчдэд зарчмын зөрүүтэй ойлголцоогүй асуудал байхгүй.
Нэг завин дээр сууж байгаа, олон улсын зах зээлд нийлж  өрсөлдөх хоёр шүү дээ. Хоёуланд нь зардлаа бага,
үр ашгаа өндөр байлгах сонирхол бий. Оюу толгойн хувьд  маргаантай асуудал байгаа ч Монголыг дэлхийд таниулах
нэрийн хуудас болсон төсөл. Гадаадад ажлаар очоод кафед сууж байхад зөөгч нь хаанаас
ирсэн бэ гэж асуудаг юм. Монголоос гэхээр “Танайд нэг том уурхай байдаг билүү” гэж
асуудаг.  Тэгэхээр Монголыг яах аргагүй дэлхийд
таниулж байгаа төсөл. Намайг 2002 онд Германд сурч байхад тэндэхийн хэвлэлээр “Дэлхийд
хамгийн томд тооцогдох зэс алтны орд илэрлээ” гэж шуугиж байсан. Зэсийн хувьд дэлхий
дээр хамгийн том үйлдвэрлэгч орон бол Чили. Гэхдээ олон жижиг үйлдвэрүүд нь нийлж  байж Чилийг дэлхий дээр том тоглогч болгодог.
Гэтэл манай Оюутолгой дангаараа дэлхийд нэлээд томд орох үйлдвэр. Цагаан суварга
зэрэг орд ашиглалтад орвол  манай улс зэсээрээ
бүс нутагтаа жинтэй тоглогч болж чадна.

-Ерөнхий
сайд Оюу толгойн асуудлыг энэ намартаа багтааж шийднэ гэж мэдэгдсэн. Гүйцэтгэх засаглалын
тэргүүний үг биеллээ олох болов уу?

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт энэ жилдээ шийдэгдэж далд уурхайн
бүтээн байгуулалт эхэлнэ. Оюутолгойн асуудлыг энэ намартаа багтааж шийдэх боломжтой.

-Таван
толгой төсөлд оролцох сонирхлоо Орос, Хятадаас эхлээд Япон, Солонгос зэрэг улс илэрхийлээд
удаж байна. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа”-гийн үеэр АНУ-ын элчин гуравдагч
хөрштэйгээ эдийн засгийн харилцаагаа орхигдуулаад байна гэж шүүмжлэхдээ Таван толгойд
оролцох сонирхлоо дахиад илэрхийлсэн. Сонгон шалгаруулалт дээр ямар бодлого барих
учиртай гэж та бодож байна?

-Таван толгой дээр ажлын хэсэг байгуулагдсан.  Таван толгойд үйл ажиллагаа явуулах компанийг
сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу ямар нэг байдлаар үргэлжилнэ. Би хувьдаа энэ
том ордод хамтрах түншийг сонгохдоо  үндэсний
аюулгүй байдлын  үзэл баримтлалд байдаг  тэнцвэртэй олон тулгуурт бодлогыг хангах нь зүйтэй
гэсэн байр суурьтай явдаг. Мэдээж гол худалдан авагч улсынхаа эрх ашгийг тооцохгүйгээр
сонгон шалгаруулалт явахгүй. Гэхдээ дэлхийн шилдэг техник технологи,   шинэ туршлага, практик авчрах боломжийг ч давхар
тооцох ёстой. Том төсөл учраас нэг, хоёр оролцогчоор хязгаарлагдахгүй байх боломжтой.
Аль болох арилжааны сонирхлоо харсан, техник технологийн шинэ стандарт, шалгуурыг
хангасан компаниудтай хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Гуравдагч
хөрштэй эдийн засгийн хувьд яаж хамтрахаас аргагүй өчнөөн шалтгааныг тусгаар тогтнолоос
эхлээд дурдаж болно гэж эдийн засагчид ярьдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Хоёр хөршөөс орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хамгаалах, хадгалах
нь зүй ёсны хэрэг. Гэхдээ манай улс өөрсдийнхөө бодлогыг тунхагласан орон. Хувийн
хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлтэй улс. Улс төрийн хувьд ардчилсан тогтолцоотой.
Хүний эрх, хувь хүний өмчийг дээдэлдэг орон. Тэгэхээр бидэнтэй адил үнэ цэнэтэй
гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах нь бидний тунхагласан, хувийн хэвшилдээ
тулгуурласан чинээлэг эдийн засгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Манайх шиг
жижиг улсын хувьд тэнцвэрээ хадгалах нь л чухал. Дахин онцлоход мэдээж  хоёр хөршгүйгээр дэлхийн зах зээл дээр гарч чадахгүй.

-Энэ
жил уул уурхайн салбараас төсөвт хэр мөнгө төвлөрөх боломж байна?

-Уул уурхай шууд утгаараа төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлсээр
ирсэн. Энэ хэмжээ, байр сууриа хадгалж үлдэхийг хичээж байна. Төсвийн гол орлогыг
бүрдүүлэгч нүүрсний салбарын хувьд байдал сайнгүй байгаа. Биет хэмжээгээрээ их гарч
байгаа ч өр төлж байгаа гэсэн шалтгаан бий. Монголоос гадагшаа гаргадаг үндсэн түүхий
эдийн хувьд ирэх жил үнэ өснө гэсэн найдлага муу байна. Гэхдээ орлого бүрдүүлэхийн
тулд салбараараа зүтгэхээс өөр арга байхгүй. Гол худалдан авагч оронтойгоо худалдах
худалдан авах гэрээнүүд байгуулж байна. Зэсийн тухайд  борлуулалт сайн байгаа. Зэсийн үнэ нүүрсийг бодвол
харьцангуй тогтвортой байх болов уу. Гэхдээ гол худалдан авагч Хятадын зах зээл
дээр нийлүүлэлтийн илүүдэлтэй, нөөц сайтай байгаа. Тэгэхээр зэсийн үнэ өснө гэх
магадлал муутай. Нүүрсний хувьд Хятадад экспортолж байгаа орнуудын тоо өсч байна.
Манай тээврийн зардал олон улсын дунджаас нэлээд өндөр учраас өрсөлдөх чадварыг
нэлээд бууруулж байгаа. Төмөр замын асуудлаа шийдэж чадвал нүүрсэн дээр урт хугацаанд  зах зээлээ бэхжүүлэх боломж бий.

-Нүүрсэн
дээр манай гол өрсөлдөгчид хэр ширүүн байгаа вэ
?

-Нүүрсний зах зээл ирэх оноос сэргэх хандлага байгаа учраас нүүрсний
салбарт өрсөлдөөн ширүүсч байна. ОХУ экспортынхоо хэмжээг өсгөнө гэдгээ зарлачихлаа.
Америкаас нүүрс нийлүүлээд эхэлчихсэн. Индонези, Австрали нүүрсний үнийн уналтыг
тоо хэмжээгээ өсгөх замаар давж байна. Тэгэхээр өрсөлдөөн улам ширүүсч байна гэсэн
үг. Монголчууд дотроо нэгдмэл байр суурьтайгаар дэлхийн  зах зээлд өрсөлдөж байж хүнд үеэ давж чадна. Хамгийн
гол нь зардлаа бууруулах хэрэгтэй. Тэгэхийн тулд төмөр замын асуудлаа даруйхан шийдэх
хэрэгтэй болчихоод байна.

-Сая
шил дараалаад хөрөнгө оруулалтын гурван ч уулзалт боллоо. Ямар ч байсан хөрөнгө
оруулагчдын хувьд Монгол моодноос гараагүй нь мэдрэгдсэн. Танд ямар сэтгэгдэл төрөв?

-“Дисковер Монголиа”-д 350-400 хүн ирсэн. “Инвест Монголиа”-д  400 гаруй хүн харагдсан. Газрын тосны хуралд
250 хүн оролцсон. Нийлээд мянга орчим хөрөнгө оруулагч ирлээ гэж харсан. Сая дурдсан
чуулга уулзалтуудын хувьд оролцогчид нь нэг их давхцаагүй учраас хөрөнгө оруулагчийн
тоо цөөрөөгүй, харин ч их байна гэж дүгнэж байгаа. “Инвест Монголиа”-д оролцсон
хөрөнгө оруулагчид  уул уурхайгаас гадна өөр
бусад салбарыг сонирхсон шинэ хандлага анзаарагдлаа. “Дисковер Монголиа”-д оролцогчид
уул уурхайн салбарыг улстөржүүлэхгүй байя гэдэг дээр санал нэгдсэн. Энэ бол хамгийн
том мэссэж. Газрын тосны хуралд энэ салбарын дэлхийн томчууд ирсэн. Газрын тосны
хуулийн шинэчилсэн найруулгыг их сонирхож байна лээ. Газрын тосны хуулийн шинэчилсэн
найруулга батлагдсанаас хойш эрлийн гэрээ байгуулах 27 хүсэлт ирсэн. Сая чуулга
уулзалтын үеэр гурван эрлийн гэрээн дээр гарын үсэг зурлаа. Ер нь бол өмнө нь нэг
л том уулзалт болдог байсан. Харин энэ жилийн хувьд нэг дор шахуу гурван ч том уулзалт
боллоо. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох хүсэлтэй хүмүүс гурав
хуваагдсан. Ийм механик шалтгаанаар оролцогчдын тоо буурсан гэж харагдсан тал бий.
Үүнийг хөрөнгө оруулагчид цөөрлөө гэж  айхтар
улстөржүүлэх хэрэггүй байх.

-Газрын тосны шинэчилсэн
хуулиар уламжлалт бус газрын тос гээд занар, метан хий орсон нь онцолж хэлмээр өөрчлөлт
болсон. Энэ хуульд өөр ямар давуу тал байгаа вэ?

-Газрын тосны өмнөх хууль
либериал тогтвортой явж ирсэн. Үүн дээр нэмсэн ололттой зүйл гэвэл төрийн байгууллагуудын
чиг үүргийг тодорхой болгосон. Хүнд суртлыг бууруулсан. Хамгийн гол өөрчлөлт нь
сая таны онцолсон занар, нүүрсний давхаргын метан хий хувьд  бизнес эрхлэх эрх зүйн боломжуудыг бий болгож
өгсөн явдал. Цахилгаан,  бензиний  олдоц хүртээмж  муу байгаа нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх
чадварыг бууруулж байгаа гол зүйл. Үйлдвэр нээсэн хүн төвийн цахилгаан эрчим хүчинд
холбуулна гэдэг том асуудал болсон. Хөдөө орон нутагт жижиг хэмжээний бизнес явуулъя
гэхээр бензиний олдоц муу байна. Хоёроос гурван сараар ажлаа  төлөвлөөд юм хийхэд хэцүү. Занараас эрчим хүч
гаргаж, шатахууны асуудлаа шийдчихвэл хэрэгцээгээ хангахаас гадна дэлхийн зах зээл
дээр өрсөлдөх боломжтой.

-Америкийн элчингийнхэн
газрын тосны шинэчилсэн хуулин дээр компаниудын техник
технологийг төр дайчлан
ашиглана, хурааж авна гэсэн агуулгатай заалт байна гэж шүүмжилсэн. Ямар агуулгаар
тийм  заалт оруулсан бэ?

-Орчуулгын алдаа болчихжээ
гэж харсан. Манай зарим хуулинд дайн, онцгой байдал, газар хөдлөлт зэрэг  үед техник хэрэгслийг нөхөн олгох замаар түр дайчилж
болно гэсэн агуулгатай заалт бий. Ийм агуулгаар орсон заалтыг  өөр соёлтой хүн  буруугаар ойлгодог тал байгаа байх.  Дайчлах гэдэг монгол үгийг  төрийн өмчид авна гэсэн утгатай үгээр орчуулсан
байсан. Манай орчуулсан хувилбар дээр дайчилгаа гэдгээрээ бий. Албан бусаар орчуулахдаа
ийм алдаа гаргасан болов уу.

-Газрын тосны хурал
дээр “Вульф петролиум” компани 100 км-ийн бассейн нээсэн гэж ярьсан. Ер нь газрын
тосны нөөц нэмэгдэх боломж манай улсад бий юу?

-“Вульф петролиумын яриад
байгаа бассейны хувьд өрөмдөж үзэж байж л ямар нөөцтэйг нь  мэднэ. Галба -19 дээр бол хатгасан болгоноос нь
тос гарч байгаа гэсэн. Гэхдээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орж баталгаажаагүй
учраас нөөц нь албан ёсных болоогүй. Газрын тосны нөөц алсдаа нэмэгдэх боломж бол
асар их. Манай улс хайгуул хийгээгүй шахуу орон. Зүүн тийшээ, урагшаа л жаахан хайгуул
хийсэн. Өндөр нарийвчлалтай хайгуул хийгээгүй. Хайгуулыг урамшуулж дэмжээд  хийгээд явбал нөөц өсөх бүрэн боломж бий.

-Ашигт малтмалын хайгуулын
тусгай зөвшөөрлийг хэзээ олгож эхлэх вэ?

-Энэ сарын 24-нөөс өргөдөл
хүсэлт хүлээж авч эхэлнэ. Тэгэхээр нутаг дэвсгэрийн хорь хүртэл хувьд лиценз олгож
эхлэх юм.Энэ үеэр томоохон орд илрэх магадлал бий. Учир нь Монгол хагарлын бүс ихтэй.
Хагарлууд дээр янз бүрийн ашигт малтмалууд үүсдэг юм. Тэгэхээр газрын хэвлийн баялаг
одоо байгаагаасаа илүү байх боломжтой.

-Зэс,
нүүрс, алт, газрын тос, занар, уранаас гадна дэлхийд үнэ хүргэж зарахаар ямар эрдэс
байна?

-Фосфор байна. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүн төрөлхтнийг  тэжээх шаардлага гарч ирнэ. Тэгэхийн тулд бордоо
маш чухал. Гэтэл бордооны үндсэн түүхий эд нь манайд байна. Хүний хоолтой холбоотой
учраас бордооны үнэ нүүрс, зэс шиг савлаад байдаггүй. Манай улсад фосфорын нөөц
боломжийн хэмжээнд бий.  Бүрэн хааны фосорын
орд гэхэд л бүс нутагтаа томд орох орд.

-Ганц
Монголд ч гэлтгүй дэлхий даяараа хөрөнгө оруулалт хүнд байна гэсэн яриа бий. Эдийн
засагчийн тань хувьд асууя. Дэлхий даяараа хөрөнгө оруулалт үнэхээр хүнд асуудал
болоод байгаа хэрэг үү?

-Дэлхийн уул уурхайн компаниудын хувьд өмнөх жил  маш хүнд байсан. Нийтдээ 120 тэрбум ам.долларын
алдагдалд орж байсан юм. Хөрөнгө оруулагчид жижиг компаниудын хувьд хөрөнгө босгох
нь дэлхий даяар хүнд байх шиг байна. Евро бүс, Грекийн байдал тодорхойгүй. Украины
хүндрэл хэвээрээ. Ойрхи Дорнодод Сири, Иракт байдал хурцадсан янзаараа. Хятад, Америкийн
эдийн засагт төдийлөн өсөлтгүй. Өрийн хямрал байна. 2007-2009 оны хямралын үеэр
улс орнууд асар их өр тавьж байж эдийн засгаа тэтгэсэн. Цаашдаа дэлхий эдийн засаг
хоорондын худалдаагаа сайжруулж хамтарч ажиллахгүй л бол дахиад нэг том хямрал руу
орох эрсдэл өндөр бий. Учир нь өр зээл тавих боломж алга болсон. Гэхдээ ойрын хугацаанд
Европын зах зээл сэргэх хандлага байна. Хятад, Америкийн байдал  сайжраад ирвэл манай эдийн засагт, экспортод эерэгээр
нөлөөлөх магадлал бий. Ганцхан Монгол ч биш ер нь уул уурхай хөгжиж байгаа орнуудын  хөрөнгө оруулалт саарсан байдал ажиглагдаж байна.
Манайтай адил экспортод түшиглэж амьдардаг улсуудын валютын ханш мөн л ялгаагүй
суларсан. Зөвхөн Монголд учирсан асуудал биш л дээ. Нүүрсний ханш дэлхий даяар унасан.
Австралийн нүүрсний компаниуд ажилчдаа хэдэн мянгаар нь халж байна. Нүүрс, төмрийн
гол экспортлогч Австралид хүртэл байдал хэцүү байна. Хөрөнгө оруулагчид нэлэнхүйдээ
голомтгой, шилэмтгий болсон байна. Эрсдлээс айсан байдалтай байгаа. Гэхдээ бид гараа
хумхиж зүгээр суугаагүй.  Гол зах зээлүүдтэйгээ
эдийн засгийн харилцаагаа улам эрчимжүүлж, өөр зах зээл рүү гарах ажлуудыг хийгээд
эхэлсэн. 106 дээр удахгүй лицензийг нь олгоод эхэлнэ. Хайгуулын ажлыг идэвхжүүлнэ.
Хөрөнгө оруулалт сайжрах төлөв байна.

Ц.БААСАНСҮРЭН

 

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Засгийн газрыг “залилсан” хэргээр шалгуулж байна

-ТЭРБЭЭР Б.ГАРАМГАЙБААТАР
ГИШҮҮНИЙ “МОНРОУД” КОМПАНИД 46.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг албаны эрх мэдэл, албан
тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө
завшсан гэх хэрэгт шалгаж байгаа. Хөгжлийн банкийг Засгийн газар байгуулахаар шийдвэрлэж,
УИХ холбогдох хуулийг нь баталсан. Гэтэл өөрөөс нь төрсөн банкны удирдлага яагаад
Засгийн газраа залилсан, хууран мэхэлсэн гэх асуудалд орж байна вэ. Энэ талаар АТГ-аас
сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ  “Халзан бүргэдэй,
Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт
дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан. Ингээд
нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж
өгсөн байгаа юм. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
Б.Гарамгайбаатарын компани. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт
өртгийг нэмж өгсөн байж болзошгүй” гэсэн юм. Эдгээр асуудал нь хуульд нийцэхгүй,
сэжиг бүхий үйлдэл учраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон дээрх
хоёр төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлыг хариуцан ажилласан нэр бүхий албан тушаалтнуудад
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Засаад эхэлчихсэн замыг шинээр тавих гэж
байгаа мэтээр Засгийн газарт ойлгуулж гүйцэтгэгч компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн
гэх хэргийн талаар тоймлон хүргэе.

 

Засгийн
газрын 2013 оны

124 дүгээр тогтоолын хавсралт

ХЯТАДЫН КОМПАНИ ЗАМЫН 38 ХУВИЙГ
ЗАСЧИХСАН БАЙЖЭЭ

Архангай аймгийн Тариат сумын нутаг Халзан бүргэдэйгээс Солонготын
даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлжээ. Зам засварын
ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч
ажлаа эхэлсэн байна. Замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ
байгуулжээ. Гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл,
инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан байна. Энэ
ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх асуудлыг УИХ хэлэлцэж 2012 оны төсөвт суулгажээ. Үүний
дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас
Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын
тендер шалгаруулжээ. Тендерт “Монроуд” компани материалаа ирүүлэхдээ 37.2 тэрбум
төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгджээ. Тиймээс тендерт шалгарсан
“Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулсан байна. Улмаар
Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр
Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар
гүйцэтгүүлэхээр болсон байна. Уг тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231
сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд
2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн
санхүүжилт хийхээр болсон байна.

Гэтэл үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт
хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ
гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа
гэх асуудал яригджээ. Тухайн үед Б.Гарамгайбаатар эдийн засгийн байнгын хорооны
даргаар ажиллаж байсан юм. Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг
уг байнгын хороо хэлэлцэж байсан билээ. Тэгэхдээ 38 хувийн гүйцэтгэлтэй замыг шинээр
засахаар төсөл оруулж ирснийг мэдээгүй мэт өнгөрөөсөн нь анхаарал татаж байна.

Мөн Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих
талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг
байх тооцоо гаргасан байна. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын
хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ. Тэр тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс
Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая
400 мянган төгрөг гэжээ. Улмаар 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн
санхүүжилт хийхээр болсон байна. Энэ тогтоолын дагуу энэ онд Хөгжлийн банкнаас
43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн нь өдгөө АТГ-т
шалгагдахад хүргээд байгаа юм. Анх хөрөнгө оруулалт хийх дүнгээсээ даруй есөн тэрбум
гаруй төгрөгөөр илүү мөнгийг “Монроуд” компанид шилжүүлэхээр Засгийн газрын тогтоол
гаргуулсан нь албан тушаалаа ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийн сэжүүр
болсон аж.

38 хувийн гүйцэтгэлтэй замын ажлыг дахин шинээр тавих асуудлыг Засгийн
газарт оруулж, гүйцэтгэгчид мөнгө шилжүүлсэн гэх асуудлыг “Их Монгол нэгдэл” төрийн
бус байгууллага АТГ-т мэдэгдэж байжээ. Энэ мэдээллийн дагуу АТГ Эдийн засгийн хөгжлийн
яам болон Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн юм. Тухайн
үед Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж
тавьсан гэх дуулиан ч үүнтэй холбоотой өрнөж байсан билээ.

 

“МОНРОУД” КОМПАНИЙН ТУХАЙ

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Монроуд” компани 2001 оны нэгдүгээр
сард байгуулж байжээ. Оюу толгой-Гашуун сухайт, Ханбогд, Ухаахудаг-Гашуун сухайт,
Хануйн гүүр-Халзан бүргэдэй, Мөрөн-Өндөрхаан, Эрдэнэсант-Лүн, Дуутын даваа-Мөрөн
сум зэрэг замыг тус компани тавьж байсан түүхтэй. Харин Халзан бүргэдэй-Солонготын
даваа чиглэлийн замыг энэ оны дөрөвдүгээр сараас засч эхэлсэн бөгөөд ирэх онд дуусгах
төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа аж. Уг замыг засах төсвийг хэтрүүлсэн гэх асуудалд
тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар
гишүүн нөлөөлсөн гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд байсан. Энэ асуудлыг АТГ газар
тодруулна гэдгээ ч хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдэж байсан билээ.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР
ХЭРЭГЖҮҮЛЖ

ШИЛЖҮҮЛЭХ
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭН ДАРАА ТӨЛӨГДӨХ 
НӨХЦӨЛТЭЙГЭЭР БАРИХ АВТО ЗАМЫН ЖАГСААЛТ

Ц.ӨРНӨХ 

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны ипотекийн зээлийн талаар иргэдийн тавьж буй нийтлэг асуултууд

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ТАЛААР

-Иргэд зээл хүссэн мате­риалаа банкинд бүрдүүлж өгс­нөөс
хойш санхүүжилт ороо­гүй гээд зээл олгох үгүй нь тодорхойгүй байна. Сан­хүүжилтийг
тодорхой цаг хугацаанд иргэдэд нээлт­­­тэй хийж болохгүй юм уу?

-Эх үүсвэрийг Монгол­банк­наас тухай бүр шилжүүлж байгаа.

Банкууд зээл хүссэн ир­гэ­дийн өргөдлийг өөрс­дийн дотоод
журмын да­гуу тодорхой хугацаа (тухайл­бал, 14 хоногт)-ны дотор шийдвэрлэдэг.

-Санхүүжилт байхгүй гэ­сэн үндэслэлээр олон бан­кууд ипотекийн зээлийг
ол­гох­гүй байна гэсэн мэ­дээ­лэл байна. Дахин сан­хүүжилтийг хэрхэн хийж байна
вэ?

-Орон сууцны ипотекийн зээ­лийн санхүүжилтийг Мон­­гол­­банк
тухай бүр бан­куудад олгож байна. Дэд хөтөлбөр хэрэг­жиж  эхэлсэн 
эхний үетэй харьцуулахад бан­куудын зээл олголтын хурдац буурч байгаа хэдий
ч журамд заасан шаардлагыг хангасан зээл хүсэгчдэд банкууд орон сууцны ипотекийн
зээл олго­соор байна.

ОРОН  СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ
ШАЛГУУРЫН ТАЛААР

-Орон   сууцны    ипоте­кийн зээ­лийн хөтөлбөрт ха­лам­жийн мөнгө
авдаг ир­гэд, жирэмсний амралт ав­сан иргэд хамрагдах бо­ломж­той юу?

-Боломжтой. Нийгмийн даат­галын дэвтэрт тасралт­гүй бичилт
хийгдсэн байх шаард­лагатай бөгөөд орлого нотлох баримтыг бүрдүүлсэн байхад зээлд
хамрагдана. “Ипо­те­кийн зээлийн үйл ажил­лагааны журам”-ын 13.4.3-т заасны дагуу
тахир ду­туу­гийн тэтгэмжийн дэв­тэр, тэтгэврийн дэвтэр, ха­лам­жийн дэвтэр, шүүхийн
тог­тоол, бусад халамжийн дэв­тэр дээрх иргэдийн тэт­гэмжийг өрхийн бусад орло­гын
эх үүсвэрт оруулж тооцно.

-Бизнесийн зээл авсан ир­­гэн орон сууцны 8 ху­вийн
хүүтэй зээл авах боломж­той юу? Хэрэв авах бо­ломжтой бол ямар эрх зүйн зохицуулалт
байна вэ?

-Санхүүжилтийн журмын шал­гууруудыг хангасан то­хиол­долд
боломжтой. Энэ тохиол­долд зээлийн нийт төлбөрийг өрхийн зарлагад тооцон зээлдэгчийн
өр-ор­логын харьцааг тооцож дэд хөтөлбөрийн шалгуурыг хан­гаж байгаа (ӨОХ<45%)
эсэхийг шалгадаг.

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэдэд зарим банкууд эрсдэлтэй гэж
үзэн 8%-ийн зээл олгохгүй байна. Ямар эх үүсвэр, баталгаагаар зээл авах боломжтой
вэ?

-Дэд  хөтөлбөрийн
хү­рээнд тухайн нэг салбарт ажил­лагсдыг 
ипотекийн зээлд хамруу­лахгүй байх бодлого, зохи­цуулалт байхгүй. Энэхүү
асуудал нь тухайн банкны дотоод журам, бодлогоор зохи­цуулагдана. Харин зээ­лийн
журамд заагдсан шал­гууруудаа хангаж чадаж байх ёстой.

-Хувиараа бизнес най­маа хийж байгаа хүмүүс 8 ху­вийн
хүүтэй орон сууц­ны зээлд хамрагдаж болох уу?

-Болно. Зээлийн журамд заасан ерөнхий шаардлага, шалгуурыг
хангаж байгаа то­хиолдолд боломжтой. Түүнч­лэн хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн
орлого нь тогтмол биш байдаг бөгөөд орлогын тогтвортой байдлыг шалгахын тулд банк
орлого батлах баримт бичгүүдийг зээл хүсэгчээс гаргуулж, ор­логын тогтвортой байдлыг
судалж тогтооно.

-Гадаадад ажилладаг боловч гэр бүл нь Монгол улсад суугаа иргэний гэр
бү­лийн гишүүний орлого хү­рэх­гүй тохиолдолд өө­рийн нэр дээр ипоте­кийн зээлд
хамрагдах бо­ломж­той юу? Үүнд ямар зохицуулалт байна вэ?

-Боломжтой. Орон сууцны ипотекийн зээлтэй холбоотой журмуудад
гадаадад ажил­лаж буй иргэдийг 8 хувийн хүүтэй хөтөлбөрийн зээлд хамруулахгүй талаар
хориг­ло­сон заалт байхгүй. Хэрэв үндсэн зээлдэгч нь гадаадад ажиллаж байгаа бол
хамтран зээлдэгчдээ итгэмжлэл олго­сон байх нь зохимжтой.

-Тэтгэвэрт гарахад 7-8 жил үлдсэн хүн ипотекийн зээлд хамрагдах боломж
бий юу?

-Боломжтой. Ипотекийн зээлтэй холбогдолтой али­ваа журамд
тэтгэврийн нас­тай, эсвэл тэтгэврийн нас дөхсөн иргэнд ипотекийн зээл олгохыг хориглосон
заалт байхгүй бөгөөд банкууд өөрсдийн хийсэн зээлийн шинжилгээнд үндэслэн зээл олгох
шийдвэрээ гаргана. Гэх­дээ ипотекийн зээл нь урт хугацаатай учир зээлийн нийт хугацаанд
зээлдэгчийг амь насны даатгалд хамруулах шаардлагатай байдаг.

-Квотоор байр авсан тө­рийн албан хаагчдыг 8 ху­вийн зээлд хамруулж болох
уу? Хамрагдах ямар боломж байна вэ?

-Болно. Зээлийн журамд заасан шалгууруудыг хангаж байгаа
тохиолдолд 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авах бүрэн боломжтой.

-Банкнаас зээл авахын тулд заавал тухайн банкны үйлч­лүүлэгч, тухайн
бан­­каа­раа  дамжуулан  цалин­гаа авдаг байхыг шаардаж байна. Энэ талаар?

-Монголбанкнаас энэ та­лаар хязгаарласан аливаа зохи­цуу­лалт
байхгүй. Бан­кууд орон сууны ипотекийн зээлийн эрсдэлийг өөрсдөө бүрэн хариуцдаг
тул болзош­гүй эрсдэлээс сэргий­лэх ар­га хэмжээг өөрсдийн до­тоод дүрэм, журмын
дагуу хэрэгжүүлдэг.

-Өмчийн бүртгэл яагаад маш зөв байх ёстой вэ?

-Ипотекийн зээлийн ху­вьд худалдан авч буй орон сууц нь
уг зээлийн барьцаа хөрөн­гө болдог. Барьцаа хөрөнгө буюу өмчийн бүрт­гэл, түүний
барьцааны гэ­рээ, барьцаалбар нь зөв зо­хис­­той хийгдсэнээр Үүрэг гүй­цэтгүүлэгч-банк,
үүрэг гүй­цэтгэгч-зээлдэгч нарын эрх ашгийг хамгаалах анхны нөх­цөл бүрддэг. Мөн
өмчийн бүртгэл, барьцааны гэрээ, барьцаалбар алдаагүй зөв хийгд­сэн тохиолдолд уг
хөрөнгийг үнэт цаасжуулах бо­ломж бүрдэнэ. Өмчийн бүрт­гэл нь тухайн эд хөрөн­гийн
өмчлөгчийн эрх аш­гийг хамгаалахад шууд хамаа­ралтай байна.

-Ипотекийн зээлийг нэ­гэнт авсан байхад ямар нэг шалтгаанаар зээлийн
хуга­цаанд зээл буцаагдах боломж байдаг юм уу?

-Ипотекийн зээлийг хоёр­догч зах дээр зарах үед ипотекийн
зээлийг анх олгоход, эсвэл дахин сан­хүүжилт хийхэд, эсвэл зээ­лийн багц худалдан
авахад дэд хөтөлбөрийн хү­рээнд тавьсан шаардлага, шалгуурыг хангаагүй тохиол­долд
МИК ОССК ХХК нь уг зээлийг дэд хөтөлбөр, түүний хүрээнд мөрдөгдөж буй жу­рам, цаашилбал
Үл хөдлөх хө­рөн­гийн барьцааны тухай хууль, Иргэний хууль зэрэг холбогдох хууль,
журамд ний­цүү­лэхийг шаардаж, бан­куу­дад эргэн мэдэгддэг. Учир нь МИК ОССК ХХК
нь эдгээр зээлүүдийг дэд хөтөлбөрийн шалгуурыг хангасан тохиол­долд л худалдан авах
бо­ломж­той. Дэд хөтөлбөр хэ­рэг­жиж эхлэхээс өмнө олгогд­сон зээлийн хувьд да­хин
санхүүжилт хийгдэж 8 хувийн хүүтэй зээлд шил­жиж байгаа. Банк энэхүү зээ­лийг МИК
ОССК ХХК-д худал­дахаар гэрээ хийхийн өмнө үнэт цаасжуулах үйл ажиллагааны эрх зүйн
шаард­лагыг хангах зорилгоор за­рим тохиолдолд нэмэлт гэ­рээ болон нэмэлт баримт
авах шаардлага үүсч байна.

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ТАЛААР

-Ипотекийн зээлийн урьдчилгаа мөнгөө хэрхэн олсон тухай зээл авч буй
банкдаа заавал тайлагнах ёстой юу?

-Тайлагнах шаардла­га­тай. Учир нь банк зээлийн эрс­дэлийг
бүрэн хариуцдаг тул урьдчилгаа төлбөрийг бус­даас зээлэх хэлбэрээр бүр­дүүлсэн тохиолдолд
зээ­лийн хугацаанд тухайн зээлдэгчийн төлбөрийн чад­варт дарамт үүсэх эсэхийг шалгах
үүднээс энэхүү ба­рим­тыг шаарддаг.

-Ипотекийн зээлийн урьд­чилгааны барьцаанд өгч байгаа байрыг арил­жааны
банкууд хэт доогуур үнэлэх эрсдэлд хэн хяналт тавих вэ?

-Үүнд Монголбанк шууд хя­налт тавих эрх зүйн зохи­цуулалт
байхгүй. Гэхдээ ту­хайн банк Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны
журам”-ын 17.1-д заасан барьцаа хөрөнгөнд тавих ерөнхий шаард­лагыг хангаж байгаа
эсэхийг судалж, барьцаа хө­рөнгийг өөрийн эрсдэлийн бодлого, барьцаа хөрөнгийн үнэлгээ
хийх аргачлалд үндэс­лэн барьцаа хөрөнгийн үнийн хандлага, зах зээлийн нөхцөл байдалд
нийцүүлэн үнэлдэг байгаа.

-Хашаа байшин ч ялгаа­гүй үл хөдлөх хөрөнгө бай­­тал
яагаад урьдчилгаа төл­бөрт хашаа байшинг байр­­­шуулж болохгүй байна вэ?

-Орон сууцны ипотекийн зээ­лийн барьцаа болж буй үл хөдлөх
хөрөнгө нь Мон­гол­банкнаас баталсан “Ипоте­кийн зээлийн үйл ажил­­лагааны журам”-ын
17.1-д заасан ерөнхий шаард­лагыг хангасан байх бө­гөөд үнэлгээ сайтай, дэд бүтцэд
бүрэн холбогдсон, орон сууцны ипотекийн зээ­лийн барьцаа болох боломж­той, цаашид
зээлийн эрсдэл дагуулахааргүй байх нөх­цөлийг хангасан байх шаардлагатай.

-Урьдчилгаа мөнгөнд тавьсан байрны мөнгийг төлж дууссан ч байрны ор­дер
20 жил банкинд хад­галагдах ёстой гэж байна. Яа­гаад? Бид урьдчилгаа мөн­гөө эргэн
төлж байгаа шүү дээ.

-Урьдчилгаа 30 хувийн төлбөрт орон сууц барьцаа­лан зээл
авсан бөгөөд уг төлбөрийг    төлж барагдуул­сан
тохиолдолд урьдчилгаа төл­бөрт барьцаалсан орон сууцыг барьцаанаас чө­лөө­­­лөх
боломжтой. Энэ тохиолдолд тухайн зээлийн хөрөнгийг үнэт цаас гаргагчид худалдсан
тохиолдолд үнэт цаас гаргагч эсвэл түүний эрх олгосон этгээдээс зөвшөөрөл авах шаардлагатай.
Уг үүр­гийг МИК ОССК ХХК гүй­цэтгэж байгаа бөгөөд зээл бүрэн төлөгдөж дууссан тухай
мэдэгдэл баримтыг бан­куу­даас хүлээн авч хяналт тавьж тулгалт хийсний дараа чөлөөлсөн
тухай мэдэгдлийг иргэнд ЭХЭБГ-ын нэр дээр гаргаж байна.

ОРОН НУТАГ ДАХЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТАЛААР

-Орон нутагт ипотекийн зээл олгоход арилжааны бан­куудын шаардлага өөр,
өндөр байгаа юу?

-Тухайн нэг банкны хувьд хот, хөдөөгийн зээлдэгчийн хувьд
ижил нөхцөлөөр зээл олгоно. Орон сууцны ипо­текийн зээлийн барьцаа хөрөнгө болж
буй орон суу­цанд тавигдаж байгаа зөвхөн нэг шаардлага нь дэд бүтцэд бүрэн холбогдсон
байх бөгөөд зээлийн журамд заасан ба­рьцаа хөрөнгийн шаард­лага, шалгуурыг хангахаас
гад­на тухайн банкны барьцаа хө­рөн­гийн талаар баримталж буй бодлого, үнэлгээг
дагах ёстой.

-Сүхбаатар аймгийн ир­гэн Хэнтий аймагт байр ава­хаар урьдчилгаа
30%-ийг төл­сөн. Гэтэл Сүхбаатар айм­гийн арилжааны банк м2-ийг 1 сая төгрөгөөс
хэт­рүү­лэхгүй үнэлнэ, зөрүү мөн­гийг нь төл гэж байна. Банк өөрөө үнэлгээ өгөх
эрхтэй юм уу? 

-Барьцаа хөрөнгийн үнэл­гээг эрх бүхий байгууллагаас зохицуулсан
заалт байхгүй бө­гөөд банкууд өөрсийн эрс­дэ­лийн удирдлагад үндэслэн барьцаа хөрөнгийн
үнэлгээг хийж байна.

-Банкууд зээлээ шалгуу­рын дагуу олгох ёстой хүмүүс­тээ олгож чадаж бай­гаа
тал дээр хэн хяналт тавьдаг вэ? 

-Монголбанк нь бан­куу­дын зээлийн үйл ажил­лагаанд хяналт
тавих эрх бүхий байгууллага бөгөөд Мон­гол­банкны Хяналт шал­гал­тын газар нь 8
хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгоход баримтлах Засгийн газар болон Монголбанкнаас
тогтоосон шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд 2013 оны 9 дүгээр сард бан­куудад
шалгалт хийж, гар­сан зөрчлийг тухай бүр арилгуулах арга хэмжээ ав­сан. Харин олгосон
зээлийн эрсдэлийг зээлдүүлэгч банк хүлээж байгаа тул зээл олгох эсэх шийдвэр нь
ту­хайн банкны бүрэн эрхийн асуудал юм.

-Банкууд 8 хувийн хүү­тэй зээлд хамрагдахад өн­дөр шаардлага тавьж бай­на.
Ийм эрх банкуудад байгаа юу? 

-Тийм. Засгийн газар, Монгол­банкнаас баталсан жур­маар
орон сууцны 8 ху­вийн хүүтэй ипотекийн зээлийг авах иргэнд тавигдах хамгийн бага
шалгуурыг тог­тоож өгсөн тул зээлдүүлэгч банк нэмэлт шаардлага та­вих бүрэн эрхтэй.

-Банкны зээлийн эдийн за­сагчид авилгал авч, хуу­рамч
бичиг баримт бүр­дүүлж иргэдийг хохироож бай­на. Энэ талаар хаана хэн арга хэмжээ
авах ёстой вэ? 

-Тус асуудлыг тухайн банк­ны
дотоод аудитын газар, Авил­гатай тэмцэх газар, Мон­голбанк, хууль, хяналтын бусад
байгууллагуудад нот­лох баримтын хамт хан­даж, шийдвэрлүүлэх шаард­ла­га­тай.

-Банкуудын зээлийн тоо­цоолуурт хэн хяналт та­вих вэ? Тооцоолуурыг нь
шалгаад үзэхээр зарим банк­ных 8%-аас илүү ху­вьтай гараад байна. Энэ ямар учиртай
вэ? 

-Банкууд зээл, зээлийн хүү­гийн тооцооллыг Монгол­банк­наас
баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимт­гэл, хураамжийн мэ­дээл­лийн ил тод
байдлын жу­рам”-ын дагуу хийх ёстой. Зээлийн хүү жилийн 8 хувиас илүү гарч байгаа
тохиолдолд хариуцсан эдийн засагчаасаа тодруулах, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн
(хүү төл­сөн баримт, зээлийн гэ­рээ, эргэн төлөлтийн ху­ваарь, холбогдох бусад ба­римт)
тухайн банкны до­тоод аудитын газарт хандах, мөн Монголбанкинд гом­дол гаргаж болно.
Хэрэв дээрх журмыг зөрчсөн нь барим­таар нотлогдвол тухайн банк хохирлыг бүрэн барагдуулах
үүрэгтэй.

-Санхүүгийн зохицуулах хороо, МИК-ийн ипотекийн зээлд ямар үүрэгтэйгээр
оролцдог вэ? 

-СЗХ нь хөрөнгөөр бата­лагаажсан үнэт цаасны ту­хай хууль,
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэрэг­жүүлж, хяналт тавих Төрийн институци
юм. Үнэт цаасны хөрөнгө оруулагчдын эрх аш­гийг хууль бусаар эрсдэлд оруулахаас
урьдчилан сэр­гий­лэн хуулийн хэрэг­жил­тийг хянах эрхтэй оролцогч төрийн байгууллага
болно. МИК ОССК ХХК нь ипоте­кийн хоёрдогч зах дээр үйл ажиллагаа явуулдаг сан­хүүгийн
байгууллага бөгөөд Тусгай зориулалтын компани байгуулж, банкуудаас орон сууцны ипотекийн
зээлийг багц­лан худалдан авч, түү­гээр баталгаажсан бонд гар­гах үйл ажиллагааг
явуулж байна.

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ БУСАД АСУУДАЛ

(ДААТГАЛ, ТАТВАР, ДОЛЛАРААР АВСАН

ЗЭЭЛ ЗЭРЭГ)

-Орон сууцны зээлээ дол­лараар авсан тохиол­долд ханшийн
эрсдэлээс хэр­хэн хамгаалах вэ? Ханш өсөөд ханшийн зөрүүнээс ал­дагдал хүлээх үед
ямар ар­га хэмжээ авах нь зөв бэ? 

-Орон сууцны ипотекийн зээ­лийг гадаад валютаар олго­сон
тохиолдолд банк, зээл­дэгч аль аль нь ханшийн болзошгүй эрсдэл хүлээж бай­даг. Банк
орон сууцны ипо­текийн зээлийг гадаад валютаар олгохдоо тухайн зээл хүсэгчийн орлого
гадаад валютаар зонхилж байгаа эсэхийг голчлон хардаг. Га­даад валютын ханшийн өсөл­төөс
үүдэх эрсдэлээс урьдчилан хамгаалахын тулд санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох форвард
хэлцэлийг ашиглах боломжтой.

-Зээл өгөхдөө банкууд яагаад өмнөхөөс илүү материал шаардаад байна вэ?
Яагаад даатгал төлөх хэрэгтэй вэ? 

-Зээлдэгч эрсдэлд орсон тохиолдолд нэг талаас зээлдэгчийг болон
түүний өв залгамжлагчийг хөрөнгөө алдахаас хамгаалах, нөгөө талаас барьцаалуулагчийг
зээлээ буцаан төлөгдөхгүй байх эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгал хийгддэг. Зээлдэгч
нь хөрөнгийн даат­гал, зээлийн даатгал (амь насны)-д хамрагдсанаар зээл­дэгчийг
банкны болон МИК ОССК ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн тасал­дал, эсвэл
орон сууцны үнэ цэнийн бууралтаас үүсч бол­зош­гүй аливаа эрсдэлээс хам­гаа­лахад
ихээхэн ач холбог­долтой юм. Харин зээлдэгч даатгагчийг өөрөө сонгох эрхтэй.

Categories
мэдээ цаг-үе

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бүх зарчим цахим орчинд ч адил үйлчлэх ёстой

Олон нийтийн анхаарал тат­сан сэдвээр, шийдэл гарц хайх зорилгоор
“Өдрийн сонин”-ы редакциас хэлэлцүүлэг өрнүүлдэг уламж­лалтай. Энэ удаад “Хэвлэл
мэдээлэл, цахим ертөнц, үг хэлэх эрх чөлөө” сэдвээр “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн
танхим”-д хэлэл­цүүлэг зохион байгуул­лаа. Хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн,
хуульч Б.Пүрэвням, “Глоб интернэшнл” төрийн бус бай­гуул­лагын тэргүүн Х.Наран­жаргал,
“Онлайн эрх чөлөө” эвслийн ажлын хэсгийн гишүүн, эдийн засагч Д.Жаргалсайхан
(@jargal_defacto) twitter дэх жиргээчдийн төлөөлөл болох Д.Түмэн-Өлзий
(@artanyan), хуульч Н.Цогжавхлан (n_tsogjavkhlan), Т.Отгонбаяр (@OtgonbayarT),
“Цахим эрх зүй” номын зохиогч Л.Галбаатар (@galbaatar_l), М.Номин
(@gandanstyle), П.Баярмагнай (@baikap) нараас гадна “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад
мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, Эрэн сурвалж­лах, тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай,
Зар, сурталчилгааны албаны дарга Б.Энхболд, Дизайн, гэрэл зураг компьютерийн төвийн
дарга Я.Баярбаатар нар болон сэтгүүлчдийн төлөө­лөл оролцлоо. 

Улс төр, гадаад мэдээллийн
албаны дарга Э.Энэрэл хэлэлцүүлгийг нээхдээ “Цахим ертөнцөд үг хэлэх үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх бас үүгээрээ дамжуулан бусдыг гүтгэх доромжлох асуудал
дэлхий нийтэд тулгараад байгаа асуудлын нэг. Хүний нэр төрд халдаж гүтгэн доромжлохгүйгээр
үг хэлэх эрх чөлөөгөө яаж авч үлдэх вэ гэдэг асуудлыг хуулиар зохицуулах уу, эсвэл
хувь хүний өөрийнх нь соёлын хэмжүүр болгох уу гэдэг олон асуулт хариултгүй хэвээр
байна. Энэ удаад ч бид хамтдаа ярилцаад гарц хайцгаая. Хэлэлцүүлэг маань аль нэг
түвшинд шийдэл авчрах байх гэдэг үүднээс хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэн
нэгэн нь асуугаад нөгөө нь хариулаад явахаас илүү хамтдаа хэлэлцэж, мэтгэлцвэл зүгээр
болов уу” гэж онцоллоо.

 НЭР ТӨРД ХАЛДСАН, ГУТААСАН ГЭХ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН
ХУУЛИАС ХАСАХ ЗӨВЛӨМЖ ГАРГАСАН

“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын
тэргүүн Х.НАРАНЖАРГАЛ:
Сүүлийн үед цахим хэвлэл, мэдээллийн салбарт
“amjilt.com” сайтыг хаасан болон жиргээч Ц.Батад баривчлах ял оноосон асуудал анхаарал
татаж байна. Энэ хоёр хэрэг дээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас
мэдэгдэл гаргасан. Аливаа вэб сайтыг хаах нь шүүмжлэлийг нухчин дарах зорилготой
гэж харагддаг. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах манай байгууллагын хүсэл
зорилгын эсрэг зүйл юм. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйд айдас бий болгож байна гэдгийг
тус байгууллагаас мэдэгдсэн. Ц.Батыг хүний нэр төрд халдсан хэрэгт буруутган баривчлах
ял ногдуулсан нь зохисгүй бөгөөд хүлээн зөвшөөрөмгүй үйлдэл юм гэдгийг илэрхийлсэн.
Мөн нэр төрд халдсан хэргийг Эрүүгийн хуулиар шийтгэхгүй байх талаар оролцогч улсууддаа
олон жил ажил өрнүүлж байгаа гэдгээ илэрхийлсэн. НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол
Улсын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн тайланг
2011 онд хэлэлцээд нэр төрд халдсан, гутаасан гэх хэргийг Эрүүгийн хуулиас хасах
зөвлөмжийг гаргасан. НҮБ-ын хамтарсан тунхагт “Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд
үйлчилж байсан хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бүх зарчим
цахим хэвлэл мэдээлэлд адил үйлчлэх ёстой” гэсэн байдаг. Манайд үйлчилж байгаа хуулиар
тухайн хүн мэдээллийг худлаа гэдгийг мэдсээр байж зориудаар тараасан бол яллах ёстой
байдаг. Гүтгүүлсэн, доромжлуулсан гээд байгаа хүний хийсэн гэх үйлдэл үнэн үү, үгүй
юу гэдгийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж тогтоох ёстой. Гэтэл манай практикт
нийтэлсэн материалыг хэлний шинжээчид үзээд хүнийг доромжилсон өнгө аяс, гүтгэсэн
шинж байна гэж үзсэнийг үндэслэл болгоод шийтгэчихдэг. Жиргээчдийг “Иргэний сэтгүүлчид”
гэж нэрлэе. Тэд нийгмийн санаа бодлыг тээгчид байдаг. Тэдний мэдээлэл нь олон нийтийн
бодит эрх ашигт нийцсэн, хэн нэгэн албан тушаалтан төсвийн хөрөнгөөс завшсан, авлигад
холбогдсон тухай байвал олон нийт мэдэх ёстой. Энэ утгаараа олон нийтийн нэрийн
өмнөөс өндөр албан тушаалтнуудад хяналт тавьдаг хоточ нохой, дөрөв дэх засаглал
болдог. Одоо энэ хяналтыг өргөжүүлэх боломж цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлэгчдэд
бий болжээ. Нөгөө талаар байнга олон нийтийн хараа хяналтад байна, хувийн нууцад
жирийн иргэдээс илүү халдана гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас өндөр албан тушаалд
очдог. “Хүү төрийн хүн боллоо” гэдэг нь тухайн хүн хувь биш нийгмийн хүн болчихоод
байгаа хэрэг. Тиймээс ч байнга хяналтад байх ёстой. Ийм бүлэгт урлагийнхан, сэтгүүлчид
ч багтдаг.

 ХҮН БҮР ӨӨРТӨӨ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ

П.БАЯРМАГНАЙ (@baikap): Цахим ертөнц дуу хоолойгоо олон нийтэд
хүргэх маш том боломжийг олгож байгаа. Твиттерээр хувьсгал хүртэл хийж  байсан. Ийм хүчирхэг зэвсэг ард түмний гарт ирчихлээ.
Twitter-т хяналт байхгүйгээс бусдыг гутаан доромжлох, харааж зүхэх нь хэрээс хэтэрчихжээ.
Үүнийг зохицуулахгүй бол болохгүй болж. Гэхдээ цензур гэж битгий ойлгоорой. Олон
улсын практикт бүх компаниуд ажилтнууддаа олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах талаар
журам гаргасан. Үүнийгээ хөдөлмөрийн гэрээнд нь тусгаад өгчихсөн байна. Гэхдээ нууц
нэрээр орох зэргээр энэ зохицуулалтыг мөрдөхгүй байх эрсдэл бас байдаг. Тиймээс
хүн бүр хэзээ, хаана, юу ярихаа мэддэг байх хэрэгтэй. Хүн бүр өөртөө ингэж хяналт
тавихаас гадна байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хяналттай байхгүй бол цахим
ертөнц дэх хэрүүл улам бүр газар авна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрөө
twitter, facebook-ийг эх сурвалж болгож мэдээллээ бэлтгэдэг болчихсон нь аюулыг
нэмж байна.

“Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын
тэргүүн Х.НАРАНЖАРГАЛ:
Албан ёсны бүртгэлтэй хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд нийтлэлийнхээ агуулгын төлөө өөрөө хариуцлага хүлээдэг. Өөрийнхөө сайтыг
хэрүүлийн талбар, соёлтой байлгах уу гэдэг нь өөрсдийнх нь үнэлэмж шүү дээ.

 ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ХАМГААЛАХ, КИБЕР ГЭМТ ХЭРГЭЭС
СЭРГИЙЛЭХЭД УЛСААС АНХААРАХ ЦАГ БОЛЖЭЭ

Т.ОТГОНБАЯР (@OtgonbayarT): Хувь хүний нууцыг хамгаалах, кибер гэмт
хэргээс сэргийлэхэд улсаас анхаарах цаг болжээ. БНСУ, Японд хувь хүний нууцыг интернэтэд
дэлгэснээс болж амиа хорлосон хүн олон бий. Манай улс энэ асуудалд одооноос анхаарч,
урьдчилан сэргийлж, хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Цагдаагийн байгууллагын кибер
гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээ сайтар санхүүжүүлж, хөгжингүй орнуудаас энэ талаарх
хуулийг судалж, хуулийн зохицуулалт хийх шаардлагатай байна.

Улс төр, гадаад мэ­дээл­лийн албаны дарга
Э.ЭНЭРЭЛ:
Хуулийн зо­хи­цуу­лалтыг төрийн оролцоотойгоор
хий­нэ. Төр оролцоод зохицуулалт хийхээр бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд
халдаж, өөрсдийгөө шүүмжлүүлэхгүй бүхий л арга саамыг хайж эхэлдэг. Цахим дээр ч
ийм байдал гарч эхлэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл хэвлэл мэдээлэлтэй хол­боотой асуудал
дээр заавал хуульчилж хязгаарлахгүй байвал яасан юм бэ?

 “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын
тэргүүн Х.НАРАНЖАРГАЛ:

Хязгаарлалт байхаас
аргагүй. Үндэсний аюулгүй байдал, хүний нэр төр, нийгмийн дэг журам, эрүүл мэндийг
хамгаалах үүднээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болно. Гэхдээ тэрхүү
хязгаарлалт нь хуулиар, зайлшгүй гэдгийг нотолсон байх ёстой. Манайд Садар самуунтай
тэмцэх хуулиас эхлээд олон хуулинд агуулгын хязгаарлалт хийсэн байдаг. Даанч тэр
хуулиуд агуулгынх учраас хэрэгждэггүй. Төр хуулиа ерөнхий хийчихээр цензур болоод
хувирчихдаг. Үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах,
хараалын үг хэрэглэхгүй байх зэрэг нь хувь хүний өөрөө суралцах асуудал болчихоод
байна.

 “МЕДИА КОНСУЛ” БУЮУ “ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН
ХЭРЭГСЛИЙН ЗӨВЛӨЛ”-ТЭЙ БАЙМААР БАЙНА

П.БАЯРМАГНАЙ (@baikap): Ажилтай хүмүүс нь байгууллагын журмаар
зохицуулалтад орчих боломж байна. Харин ажил эрхэлдэггүй хүмүүст нэг бүрчлэн зохицуулалт
хийх боломжгүй. Үүн дээр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд “Медиа консул” буюу “Олон
нийтийн мэдээллийн хэрэгслийн зөвлөл”-тэй баймаар байна. Доромжлуулсан, гүтгүүлсэн
хүмүүс түүнд очиж гомдол мэдүүлдэг, нөгөөх нь дүгнэлт гаргадаг байх учиртай.

Хуульч Н.ЦОГЖАВХЛАН (n_tsogjavkhlan): Үзэл бодлоо илэрхийлж гаргасан мэдээллээ
нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх нь жам ёсны зүйл. Үзэл бодлоо илэрхийлэх,
гүтгэх гэдэг хоёр асуудлыг ялгаж сурах ёстой. Нэр нууцлах эрх хэмжээ эзэнтэй, хаягтай
хүн дээр яригддаг болохоос бусдыг хэний ч мэдэхгүй нэрээр гутаан доромжилж болно
гэсэн үг биш. Тэгвэл нэг хүний гар утсанд үүнээс олон хүнд мэдээлэл түгээх хэрэгсэл
хадгалагдаж байна. Ярьдаг, бичдэг утас маань бусдыг гүтгэдэг, доромжилдог хүчтэй
зэвсэг болчихлоо. Үүнийг дагасан ёс зүй, сургалт хөгжил, сахилгын тогтолцоо хоцрогдоод
байна. Үүнийг оператор компаниудтай хамтраад хийх хэрэгтэй байна. Тухайн хүн гар
утас, дугаар авахаар очиход нь бусдыг гүтгэсэн, доромжилсон мэдээлэл түгээхгүй байх
гэрээ байгуулах, үүгээрээ дамжуулаад хариуцлага ярих боломж бий.

 ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ЭРХ ЧӨЛӨӨТ БАЙДЛЫГ ХАМГААЛАХАД
СОШИАЛ МЕДИАГ
ЯАЖ АШИГЛАХ ВЭ ГЭДЭГ БОЛ ТОМ АСУУДАЛ

“Онлайн эрх чөлөө” эвслийн ажлын хэсгийн
гишүүн, эдийн засагч Д.ЖАРГАЛСАЙХАН:
Энэ сэдвээр “Өдрийн сонин” анхлан хэлэлцүүлэг
өрнүүлж байгаад баярлаж байна. Хүний эрх, эрх чөлөө, эрх чөлөөт байдлыг хамгаалахад
сошиал медиаг яаж ашиглах вэ гэдэг бол том асуудал. Манай улс энэ асуудал дээр бүс
нутагтаа тэргүүлэх зэргийн байр суурьтай байгаа. Манай улс асуудлыг эхэлж хөндсөн
орнуудын тоонд багтаж байгаа гэдэг утгаараа анхаарал татаж байгаа. Бүс нутгийн мэдээллийг
хадгалах нь асар том бизнес байдаг. Хонконгт үүнийг хийх гэж байгаад хойшилсон.
Үүнийг Монголд хийчихвэл асар том хөрөнгө оруулалт ирнэ.

 Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хуульч Б.ПҮРЭВНЯМ:

-Энд оролцож буй хүмүүсийн
дийлэнх нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ гол  чухал зүйл хөндөж байна. Тэр нь юу вэ гэвэл хариуцлагатай
байх. Хэвлэл мэдээллийн гүтгэлэг гүжирдлэг, нэр төрийн хэрэг маргаан дээр явж байхдаа
хэвлэл мэдээлэл хэрэгсэл эсвэл сэтгүүлчид тийм сайхан  нааштай, сайхан таатай хандаад байдаг ч юм  биш. Яагаад гэвэл одоогийн бидний дагаж мөрдөж
буй хууль, хууль зүйн орчин хариуцлагын тогтолцоо нь өөрөө  хүн болгонд яг таалагдахгүй  байхаас өөр аргагүй шийдвэрийг гаргаж  байгаа асуудал  юм. Твиттер хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү
гэж энд яригдаж байна.  Бат энэ твиттер чинь
хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш шүү дээ гэж мэдүүлгэндээ хэлсэн байна билээ. Биш
гэсэн тэр орон зай руу явчихвал хариуцлагаас мултрах уу гэдэг нь асуудал. Энд гол
хоёр чухал асуудал бий. Юуны өмнө энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх Үндсэн
хуульд байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ эрхийг бас хязгаарлаж болдог юм. Хязгаарлахгүйгээр
энэ эрхийг эдэлж болдоггүй юм. Өөрийнх нь энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ
хязгаар нь хаана байна вэ гэвэл бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн үг. Тэгэхээр
тэр хязгаарлалтын чухал ойлголт нь юу вэ гэвэл ерөөсөө гутаах зорилго агуулсан гэж
хэлээгүй. Эрүүгийн хуулиар хоёрхон зүйлийг гэмт хэрэг гээд тогтоосон. Тэр нь юу
вэ гэвэл гүтгэх, доромжлох гээд Эрүүгийн хуулийн 111,111.2 гээд. Яагаад гэмт хэрэг
гээд үзсэн юм. Гэмт хэрэг байхаар дандаа хорьж байдаг юм уу. Дөрвөн төрлийн ял байхад
торны цаана хийчиж байгаа болохоор хорьж байгаа харагдаад байгаа юм. Гэтэл баривчлах
хорих ял хоёр чинь өөр шүү дээ. Энэ болгоноос юуг харж болох вэ гэхээр үзэл бодол
үг хэлэх эрхэд гагцүү бусдын эрх эрх чөлөөг зөрчсөн үйлдэл бодитой юм. Тухайлбал,
гүтгэсэн эсвэл доромжилсон. Хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол
бүх гэмт хэрэгт дөрвөн шинж байж шийтгэдэг. Энэ хоёр гэмт хэрэгт хэлбэрийн өөрөөр
хэлбэл гүтгэсэн, доромжилсон байх юм бол Наранжаргал гуайн хэлснээр мөрдөн байцаалтын
аргаар тогтоох ёстой. Тэгэхээр энэ хэрэг яагаад шүүх рүү явчихваа гэдэг асуудал
гарч ирж байгаа юм.  Гэмт хэрэгт тооцож буй
гол үндэслэл нь тухайн хүний өөрийнх нь үйлдэл, тэр сэдэл санаатай нь холбоотой
юм. Монголчуудын уламжлалт ойлголт байдаг. Үгээр хүнийг алж, сэхээж болдог гэдэг.  Шүүмжлэл доромжлол гэдэг үгээ зөв ойлгодог, боддог
байх нь зүйтэй. Хуульч хүнийхээ хувьд бодлоо хэллээ.

 МЭДЭЭЛЭЛ ДУТУУГААС ДОРОМЖЛОЛ, ГҮТГЭЛЭГ ГАРДАГ

М.НОМИН (@gandanstyle):

 -Инженер Бат гэдэг хүнийг баривчилсан нь зөв буруу
гэж ярьхаасаа илүү санаа зовоосон асуудал гэдэг талаас нь яръя л даа. Тэр хүн А.Гансүх
сайдын  гэрийн хаягийг  твиттер орчинд зарласан нь  өөрөө ёс зүйн хувьд буруу. Ёс зүйгүй үйлдэл болсон.
Хэн нэгнийг доромжилсон зүйл  юунаас болж
гардаг вэ гэвэл мэдээлэл дутмаг учраас л гардаг. Нэг хүн нэгнийхээ талаар муухай
үг биччихлээ. Сөрөг мэдээлэл байлаа гэхэд 
мэдээлэлтэй байгаа тал руугаа ханддаг. Нөгөө талаасаа твиттерчид ёс зүйтэй
хариуцлагатай байх ёстой. Интернэтийн эрх зүй 
олон улс оронд хөгжсөн байна. Энэ орнуудын туршлагаас судалж практик дээр
ямар байна вэ гэдгийг үзэж хуульдаа тусгах хэрэгтэй  юм  шиг
санагддаг.

 Хуульч Н.ЦОГЖАВХЛАН (n_tsogjavkhlan)

 Шүүх рүү очтолоо  хүн бүхэн ардын баатар байдаг. Шүүхийн өмнө очихоороо
би мэдээгүй болоод явчихдаг. Тийм болохоор 
хариуцлагыг тэнцвэржүүлэх тал дээр ярилцмаар санагддаг. Эрх ба үүргийн тухай
ярьдаггүй. Би  үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгээд
яачихсан юм бэ гэдэг асуудлыг тавьдаг. Мэдээллээр заналхийлэх явдал газар авсан
байна. Тэгэхээр эрх ба үүргийг тэнцвэржүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

 ОНЛАЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ УЛАМЖЛАЛТ СЭТГҮҮЛЗҮЙГЭЭСЭЭ
ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

Л.ГАЛБААТАР (@galbaatar_l): Онлайн сэт­гүүл зүй уламжлалт сэт­гүүлзүйгээсээ ямар ялгаатай юм гэдэг асуудал
гарах байх. Эрх зүйн зохицуулалт, дээр нь технологийн зохицуулалт байх ёстой.

*П.БАЯРМАГНАЙ (@baikap): Твиттерийг дураараа хэрэглэдэг гэвэл эндүүрэл.
“Twitter” компани хэрэглэгчдэдээ хүний хувийн нууцтай холбоотой мэдээллийг  гаргаж болохгүй, тийм дүрэмтэй.  Хүний гэрийн хаяг, регистрийн дугаар гэдэг ч юм
уу  бусдад нээлттэй гаргаж тавьж болдоггүй,
дүрэм журам бий. Энэ мэтээр твиттер компанийнхан хувь хүний нууцтай холбоотой  зүйлд хязгаар тогтоосон байгаа. Тэгэхээр олон
улсын хэрэглэгчид твиттерийг ашиглахдаа тус компанийн дүрэм журманд захирагдах ёстой
байдаг. Ёс зүйтэй хариуцлагатай байх ёстой. Эрүүл ухаанаараа  энэ бүхэнд хандах ёстой. Үүнд бид зөв эхлэлийг
нь тавихгүй бол хойч үе маань энэ твиттерээр тоглож болдог юм байна. Худлаа мэдээлэл
цацаж болдог  гэсэн буруу хандлагыг авчих
гээд байна. 2016 онд сонгууль болно. Сонгууль дөхөөд ирэхээр худлаа мэдээлэл цацах,
бие биенээ  доромжлох байдал хэрхэн газар
авч болохыг мэдэхгүй байна. Өөрсдийнхөө олон дагагчтай хаягийг  твиттерчид хоорондоо зардаг болсон. Ийм бузар
зүйл хийдэг болсон байна. Өөрсдийнхөө юмыг яагаад зараад байгаа юм бэ. Үүнийг буруу
гэж бодож байгаа. “Би тэдэн төгрөг өгье. Энэ талаар жиргэчих” гэдэг. Бид улс төрийн
намынхны энэ муухай зүйлд хутгалдахгүй байх ёстой.

 ТВИТТЕРЧИД ХУВЬ ХҮН ТАЛААСАА ХӨГЖИХ, БОЛОВСРОХ
ШААРДЛАГАТАЙ

Хуульч Н.ЦОГЖАВХЛАН (n_tsogjavkhlan):

Нэг талаараа Ц.Баттай
холбоотой өрнөсөн энэ хэрэг твиттер орчинд эрх үүргээ мэддэг, ёс зүйтэй байхыг сануулсан
сануулга боллоо. Бодсон бүхнээ хэлэх бус хэлэх үгээ бодох ёстой гэдгийг  харуулж байна. Твиттерчид хувь хүн талаасаа хөгжих,
боловсрох шаардлагатайг ойлгож эхэлж байгаа нь сайшаалтай.

Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ (@artanyan): Хүн юу дуртайгаа ярьж, бичиж болно. Интернэт орчинд ч ийм байгаасай гэж хүсдэг.
Харамсалтай нь жирийн хүмүүсээс доогуур зан төлөвтэй хүн твиттерт олон байна. Танил
охиныхоо хувийн мэдээллийг твиттерээр дэлгэж гутаан доромжлох зэрэг байж болшгүй
зүйл их байна. Ц.Бат инженерийн гэх хэрэгт твиттерчид сайдыг багагүй эсэргүүцлээ.
Гэхдээ Ц.Бат инженер гэсэн хаягаар бичдэг хүний зан төлөвт дуртай хүн ховор. Тэгсэн
атлаа барьж хорилоо гэхэд нь нөгөө талыг нь илүү бааллаа. Хүн юу дуртайгаа бичиж
болохгүй, хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгох цаг болсон нь үүний илрэл. Юу дуртайгаа
бичиж болохгүйг мэддэг ч твиттерт түүнийгээ баримталдаггүй хүн олон байна. Ийм хандлагаараа
гэмт хэрэгтэн болох магадлал их болжээ.          

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хуульч Б.ПҮРЭВНЯМ: Зар
сурталчилгааны тухай хуульд твиттерийг мэдээллийн хэрэгсэлд оруулчихсан. Хууль зүйн
орчин бол байна. Тиймээс үг, үсэг бүрээ хянах ёстой. Энд сууж байгаа жиргээчид бусармаг
зүйлийг эсэргүүцэх, тийм зүйл дээр өөрсдөө хяналт шаардлага тавих ёстой гэж хэлэлцэж
байгаа нь сайшаалтай. Өөр, өөрсдийнхөөрөө албан бус байдлаар соён гэгээрүүлэх тал
дээр ажиллаасай гэж хүсч байна.

 ЭРЭН СУРВАЛЖЛАХ,
ТОЙМЧДЫН АЛБА,

УЛС ТӨР, ГАДААД
МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Төмөр замаар овоглосон РАШ ИЙНХ

Монгол Улсын хөдөл­мө¬рийн баатар, гавьяат тээвэрчин Раднаабазарын Раштай хууч хөөрч өнжлөө. Дундговийн зон олны итгэлийг хүлээж Их хуралд найман жил суун төр түшилцсэн, С.Баярын Засгийн газрын үед Зам тээ¬вэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан уг эрхмийг төрийн түшээ, сайд гэхээсээ илүү “Төмөр замын” хэмээн тодотгох нь бий. Энэ нь ч аргагүй юм. Тэрээр далан найман оны наймдугаар сарын зургааны өдөр Чойрын өртөөний жижүүрээс ажлын гараагаа эхэлж, дар­га даамлыг нь хүртэл амьд¬ралынхаа дийлэнх он жилүүдийг ган замчдын дунд өнгөрүүлсэн нэгэн. Өөрийнх нь хэлснээр “буг” болтлоо ажиллажээ.  Өнөө хэр нь Төмөр замдаа харьяалагдаж байна. Вокзалын зүүн хойд талын байранд нь хүрч очлоо. Хөдөлмөрийн баатар маань гэргий, бага охиныхоо хамт угтав. 

Зочны өрөөнийхөө ханын шүүгээнээс даалин хөөргөө авчраад цагаан хөөргөөр тамхиллаа. “Намаржаа сайхан уу, мал сүрэг мэнд үү, ажил алба тавтай юу” хэмээсэн нь уулзсан нэгэнтэйгээ “сайнуу, юу байна, өглөөний мэнд” гэсхийгээд өнгөрдөг надад их сайхан сэтгэгдэл төрөөд явчихлаа. Нуруу тэнийгээд айван тайван болоод явчих шиг. Гэргий бага охин хоёр нь цай цүй гээд гал тогооныхоо өрөөнд наана цаана болох зуурт зочны өрөөнийх нь ханан дахь гэр бүлийнх нь зургийг сонирхлоо. “Манайх чинь хоёр охинтой айл” гэж гэрийн эзэн өгүүлснээ  “Том охин маань Их хурлын Тамгын газар ажилладаг юм. Одоо хүүхэд гаргаад гэртээ байгаа” гэв. 

“1978 оны зургадугаар сарын 13-нд том охин Оргилмаа Ленинград хотод төрж, би гурав хоногийн дараа буюу 16-нд дипломоо хамгаалж төмөр замын инженер болж байлаа. Энэ бол миний амьдралд тохиолдсон баярт мөчүүдийн нэг, оюутан цагийн мартагдашгүй дурсамж. Том охинд маань Оргилмаа гэдэг нэрийг манай сургуулийнхан өгсөн юм. Фонтанка гэдэг нь манай сургуулийн урдуур урсдаг голын нэр. Түүний нэрийг монголчлон эхний үе болгон авч түвдээр эмэгтэй, эх дагина гэсэн утгатай “маа”-г залгаж бүтээсэн утга учиртай нэр. Намайг сургуулиа төгсөөд диплом хамгаалах үеэр аав, хадам ээж хоёр минь очсон байсан. Нутаг руугаа хөдлөхийн өмнөхөн аав “Миний хүү сургууль дээрээ очоод сургуулийнхаа хаалганд мөргөөд нэг адис авчих” гээд явуулж билээ. Тэнд нэг учир начир байсан байх гэж одоо хэр нь боддог юм. Нутаг руугаа буцаж явахдаа “Би энэ сургуулийн хаалгаар дахин орох ч билүү, үгүй ч билүү хэн мэдлээ” гэж бодож байлаа. Гэтэл хувь тавилан хөтөлж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны өвөл ОХУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан Москвад очих үеэрээ сургуулийнхаа 200 жилийн ойд оролцох завшаан тохиосон” хэмээн дурсамж дурдатгалаасаа хуваалцлаа. 

Раш баатрын гэргий Мягмарсүрэн гэж нүдээрээ инээд алдсан даруухан эмэгтэй байна. Украины Киев хотын технологийн дээд сургуулийг төгссөн хөнгөн үйлдвэрийн инженер, зохион бүтээгч мэргэжилтэй нэгэн ажээ. Гутлын үйлдвэрт мэргэжлээрээ олон жил ажилласан гэнэ. “Сүүлд үйлдвэрийнхээ хажуугаар явахад өөрийн эрхгүй харамсах сэтгэгдэл төрдөг байж билээ. Ямар сайхан үйлдвэр байлаа, яаж зүтгэж явлаа гэж бодогддог юм билээ” хэмээн Мягаа эгч бодлоо хуваалцсан юм. Тэрээр туйлын даруу нэгэн. Хөгшинтэй нь хууч хөөрч байхад барагтай бол зочны өрөөгөөр орохгүй. Хэрхэн танилцсан талаар нь хэрэг болгон асуухад “Бид хоёр далан долоон онд танилцаад Москвагийн Элчин дээр бүртгүүлж байлаа. Хоёулаа оюутан байсан үедээ” гэх товчхон хариултыг өгсөн. Баатрынх одоогоор хоёр зээтэй болоод байгаа гэнэ. Том охин Оргилмаагийнх хоёр хүүхэдтэй гэнэ. Эхний зээ хүүдээ Раш гуай Цэрэнноров гэдэг нэрийг өгчээ. Төмөр замд нэгдүгээр орлогч даргаар 23 жил ажиллаж, Монголын талаас удирдсан хүний нэр гэдгийг гадарлах хүмүүс нь гадарлаж байгаа байх. “Төмөр замын хүн болоорой гэсэндээ биш бэлгэшээж л өгсөн хэрэг” хэмээн манай хүн мушилзаж суулаа. Бага охин Ундармаа нь Хятадад сурч байгаа гэнэ. Амралтаараа аав ээждээ ирчихээд байгаа бололтой.  

Юунаас ч боллоо доо, Раш гуайтай судар номын талаар яриад явчихсан. “Ээж маань судар номтой сүрхий хүн байсан. Миний мэдэх гэж юу байхав. Ганц нэг тарнитай л хүн. Харин өөрт минь өлзий болох байх гэж бодоод өглөөдөө төв гандангаа нэг тойрч алхдаг юм” гээдэхэв. Баатар өглөө долоон цагийн алдад гэрээсээ гарч алхуулсаар Гандантэгчинлэн хийд, Мэгжиджанрайсиг шүтээнээ нар зөв тойрон гороолчихоод гэртээ ирдэг байна. Гандантэгчинлэн хийд гэснээс Чой хамба Раш баатар хоёр нэг ангийн нөхөд юм билээ. Рашийгаа улс төрд хүч үзэн Дундговьд нэр дэвшихэд “Раш бол УИХ-д хэрэгтэй хүн” гэж хамба маань сүрхий улс төржөөд “Бид хоёр арван жилийн 28 дугаар сургуульд хамт суралцаж байлаа. Тэр үеэс бие биенээ сайн мэднэ. Их төлөв даруу хүүхэд байсан юм даг. Дараа нь Ардын их хурлын депутатаар сонгогдож Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хамт баталсан түүхэн барилдлагатай хүмүүс” хэмээх батлан даалтыг говийн аараг толгод руу илгээж байсан удаатай. 28 дугаар сургуульд Чой хамбаас гадна Сангийн сайд Ч.Улаантай хамт нэг танхимд аравдугаар ангиа дүүргэсэн гэж байгаа. “Манай Улаан бол тоо физиктээ гаргуун, тун цэвэрч нямбай хүүхэд байж билээ” гэж дурссан юм.

“Та ойрд өнөө хэдтэйгээ уулзаж байна уу” гэж яриан завсар асуугаад авлаа. “Өнөө хэд” гэдгийг манай хүн шууд ойлголгүй хаачихав. Саарал ордонд найман жил суусан төрийн түшээд их л дотно сонсогдсон байх. -Саяхан үсээ засуулангаа ордон орлоо. -Өө тийм үү, та ордныхоо үсчинд засуулсан хэвээр байгаа юм уу. 

-Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр тийшээгээ сажлах юм. Тэгж нэг очихдоо саяхан Нямдорж таарлаа. Цаад чинь тун давгүй эр хүн ш дээ. Бид хоёр баахан ярьж зогслоо. –Та хоёр тэгээд юу ярив даа. –Украин Оросын асуудлыг ярьсаар байгаад хамаг цагаа авсан гэв. “Өнөө хэд”-тэйгээ гэх асуултаас улбаалаад бид хоёрын хооронд ийм яриа өрнөөдөхөв. “Гэр бүлийн найзууд юу билээ” гэж асуухад “Их хурал талдаа бол Одбаяртай холбоотой. Тэрбишдагва сайдтай тун дажгүй. Хөвсгөлийн Даваасүрэнтэй хааяа бүр ахаа эгчээ” гэлээ. За тэгээд Нямдорж, Лүндээ хоёроо нэрлэсэн. Эд бол улс төрийн хүрээнийхэн нь. Урлаг, спорт, төмөр зам гээд явбал тоо томшгүй олон хүний нэр дурсагдах ажээ.       

“Оройхондоо Өлзийт хорооллын тийшээ морь мал руугаа очдог юм билүү” гэв. Мань хүний уг ярианаас үүдэн, ханын шүүгээний дээд талд зэрэгцүүлж өрсөн баахан “морьд”-той холбогдоод яриа хөөрөө маань адуу мал руу хэвийлээ. Раш гуайн өвөг дээдэс хурдан хурц хүлгүүдээрээ зартай, адууны нутаг Эрдэнэдалайдаа адуугаараа гайхагдаж явсан хүмүүс байжээ. Ардын хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 оны улсын наадамд говь нутгаасаа ирж ажнай хүлгүүдээ Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө хурдлуулж байсан түүхтэй гэнэ. Тэдний удмынхныг ус голынхон нь Дориуныхан гэдэг байж. 

Дориун гэдэг нь Раш гуайн аав Раднаа даргын төрсөн ах. “Дориуныхан Баян улаан хөтөл усны аманд адуугаа хураахад ам тэр чигтээ дүүрч байвал бүрэн байна гэж багцаалддаг байсан” тухай Дэлгэрхааны “Малига бүргэд” Пэлжидийн Бат-Очир арслангийн хүү Монхор дурссан байдаг. Тэгэхээр ямархан хэмжээний адуу малтай овог айл байсан нь мэдрэгдэнэ. Мөн говь нутгийн алдарт адуучин Намхайн Ичинхорол хөдөлмөрийн баатар цол хүртээд Монголын радиод өгсөн ярилцлагадаа “Мал маллах арга ухааныг би Дориун гэдэг хүнээс сурсан” хэмээн ярьсан нь бий. Ийм л эцэг өвгөдийнх нь заяа түшсэн үү, 2001 оны наян жилийн ойгоор Рашийн хүрэн азарга төрийн наадамд аман хүзүүдсэн билээ. Морьдынх нь уяа сойлгыг тод манлай Д.Онон тааруулжээ. Тэр жил мөн Ононгийн хээр магнайлж тэдний уяаныхан хавтай сайхан наадсаныг сонирхууллаа. “Миний хүрэн азаргыг Буянт-Ухаагийн буурал дэнжид аман хүзүүдээд ороод ирэхэд зургийг нь дараад, тухайн фотогоо харж байгаад үүнийг Дашзэвэг зураач зурж надад бэлэглэсэн юм” хэмээн мань хүн хэдийнэ суудлаасаа босч харайгаад хананд өлгөөтэй зурагны өмнө зогсож байна.

Уг зурагны эсрэг талын хананд Раш гуайн хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүж буй торгон агшин дурайна. “Та чинь 2005 онд баатар болсон билүү” гэж лавлахад, тийм ээ гэв. Гэтэл тухайн мөчид гэргий нь чихэр жимс, хиам талх зэргийг ширээгээр өрөөд буцахдаа “Хөгшөөн 2004 онд баатар болсон шүү дээ” гэлээ. Манай хүн, өө тийм билүү, нээрээ сонгуулийн дараа болсон доо гээд инээвхийллээ. Багабанди гуайгаас баатрын алтан соёмбот тэмдгийг авч буй зурагны доод талд гэрийн эзэнд хүмүүсийн зориулж бичсэн шүлэг зохиол, дурсгалын зүйл, өргөмжлөл диплом, одон медалиуд ёстой нэг зулаастай байна даа. Тэр бүгдийг сонирхсон шигээ хэсэг зогсоод гоёмсог буйданд нь дахин шигдлээ. Хоёул хөгшнийх нь будаатай цайг амтархах зуурт баатар “Америкийн конгрессийн гишүүн Раш гэж хүн байдаг. Монголд ирэхэд нь уулзаж байлаа” гэснээ хоёр нүдээ сүрхий жуумалзуулж ирээд “Тэр жил Зава Дамдины хийдийн сэргээн босголтод оролцохоор Дэлгэрцогтод шөнө дүлээр очсон юм. Хоноглох газар байдаггүй эмнэлэгт хонолоо. Тэгтэл хажуу өрөөнд нэг бүсгүй амаржиж охин хүүхэд төрүүлжээ. Намайг ирж хоносонд бэлгэшээсэн үү, охиндоо Рашмаа гэж нэр өгч билээ” гээд өөдөөс ширтээд авлаа. “Чамд сонин байх болов уу гэх үүднээс үүнийг хэллээ шүү” гэх зүйл харцнаас нь уншигдаж байна. 

“Та бол төмөр замынхаа тухай эл дол болтол ярьсан хүн. Гэхдээ мэдээж танаас асууж таарна. Эхлээд улс төрд орох болсныг тань дахин сонирхъё. Намбарын Энхбаяр анх санал тавьсан гэдэг билүү” гээд тууж орхилоо. Тэрээр шууд л “Тэгсэн юм” гээд цааш нь ингэж ярьсан юм. “Энхбаяр дарга Дундговь руу таныг явуулна гэж байна. Би бол төмөр замдаа хоргодоод байдаг. Өмнөх сонгуулиар мөн л намайг дэвшүүлэх санал гарч байсан. Гэвч би Сүрэнд байраа тавьж өгч байв. Өмнөх гэдэг нь 2000 оны сонгууль шүү дээ. Ингээд Дундговийн намын хорооны хуралд явж очоод дэвшинэ ч гээгүй, үгүй ч гээгүй бөөрөнхий хариу өгчихөөд хүрээд ирсэн хүн шүү дээ, би. Тэгтэл намайг М.Энхболд дарга Баянгол дүүрэгт нэр дэвшүүлнэ гэдэг юм аа. Хотын намын хорооны даргын хувьд хэлж байгаа хэрэг. Би татгалзлаа. Маргааш нь Энхбаяр дарга дээр ороод Дундговьд дэвшье гэдгээ эрсхэн хэлсэн. Тэгэхдээ гурван зүйл санал болгосон юм” гэв. Тэдгээр нь юу байсан гэхээр “Би аж ахуйн хүн. Наад улс төр гээчийг чинь сайн мэдэхгүй. Түүнд тус дэм болоорой. Төмөр замын даргаар өөрийнхөө орны хүнийг би өөрөө мэдэж санал болгоно” гэж тулган хүлээлгэсэн байна. 

Ингээд мань хүн төрөлх нутаг руугаа гараад өгчээ. “Урлаг соёлынхноос таныг хэн хэн дагаж явсан бэ” гэхүйд “Хурд хамтлаг явсан. Манай төмөр замын хүүхдүүд шүү дээ” гэж сүрхий өмчирхөөд авна лээ. Тэрээр ялалт байгуулна гэдэгтээ итгэл дүүрэн байсныг нь дараахь ярианаас анзаарсан юм. Түүний гол өрсөлдөгч нь ардчиллын Лантуугийн Алтанхуяг гэж нөхөр байж. Раш даргаас санаа оноо авдаг, наануу цаануугаа асуудаг, эдийн засгийн тус дэм ч хүсдэг байсан аж. Уулзах бүртээ “Та Дундговьд очихгүй биз дээ” гэж асууна. “Үгүй ээ” гэхийг нь сонсоод уужирдаг байсан нь мэдээж. Тэгтэл яалт ч үгүй дэвшихээр болоод хамгийн түрүүнд өнөө Алтанхуяг руугаа ярьжээ. “Ах нь дэвшихээр боллоо. Намын даалгавар, одоо яая гэхэв. Миний дүү тийшээ очоод нэмэр байна уу, мөнгөний гарз биз дээ” гэж шуудхан хэлээд авч. Үндсэндээ томорсон байгаа юм.  Рашийг очих нь гээд Ардчилсан хүчнийхэн нэр дэвшигчээ яалаа гэж татах билээ. Алтанхуягаа тулаанд мордуулах нь мэдээж. Их хуралд Дорнодын Одбаяр, Төв аймгийн Сүхбаатар, Монголбанкны Пүрэвдорж нартай тохой нийлүүлж суусан байна.  “Их хурал гэдэг чинь далай шиг өргөн дэлгэр харчуудын цугларалт юм” гэж гэрийн эзэн маань сүрхий бодлогошронгуй суугаад хэлж байна. Тухайн агшинд шугамын радио ёнгиноод явчихлаа. Их үдийн цаг агаарын мэдээ явсан нь тэр. “Малчид, тариаланчдын анхааралд” гээд байх шиг дуулдсан. Раш гуайнх шугамын радиогоосоо салаагүй нь мөн л таатай сэтгэгдэл төрүүлсэн юм. 

“Та Их хурлын танхимд монгол ухаан нэвт шингэсэн айхтар үг хэлдэг, нуруулаг хүмүүсийн нэг байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Мөн зарим үед хэлсэн үг чинь гишүүдийг хөгжөөж инээдэм наргиан ч болж байсан үе бий дээ” хэмээн ширээг нь тохойлдож баатар руу налаад сүрхий асуулаа. “Үгүй ээ, яахав дээ. Миний үгийг цаад хэд чинь сонсдог л байсан. Ямар нэгэн асуудал дээр намайг хэрхэн хандаж байгааг сүрхий ажиж анхаардаг нэг нь байсан л байх. Намын нөхөддөө ч би хатуу үг хэлдэг л байлаа. Уулын оройгоор дарцаглаад явах яах вэ. Бэл рүүгээ бууж аргал түүвэл яасан юм бэ гэж хэлж л байсан. Сайд байхдаа “Зам тээвэр гэдэг үг чинь өөрөө сахилга бат гэсэн үг” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байлаа. Мөн аялал жуулчлал гэдгийг “аятайхан мөнгө олох уут, томоохон үүц нөөц, улс орныхоо нүүр царайг дэлхий нийтэд харуулах цонх” гэж хэлж байсан. Баяр, Лүндээ, Нямдорж бүгд л миний үгийг анхаарч сонсдог байсан даа. Нэг удаа чуулган дээр “Та хэд гадуур дотуур явж гадна дотнын хүмүүстэй нөхцчихөөд тэдний эрх ашгийг хамгаалсан хууль батлах гэж улайрч байна” гэж хэлээд танхимыг нэрхийтэл инээлгэж байлаа. Нөхцчихөөд гэдэг үгийг манай нөхөд буруугаар ойлгож намайгаа дамшиглаж байгаа байхгүй юу. Засгийн газрын хуралдаан дээр  шиг санагдана. Хотоос гараад явахаар замд “хурд-үхэл” гэсэн машины сэг байж байх юм. Анхааруулсан, болгоомжлуулсан зүйл гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ энэ чинь монгол хүний оюун ухаанд бууж өгөхгүй юм аа. Машины сэг хараад, үхэл гэсэн үгээр үдүүлээд замд гарч байгаа хүмүүсийн санаа сэтгэл ямар байх уу гэж хэлэхэд Баяр сайд жигтэйхэн инээж билээ. Арван хоёр оны хавар билүү, Үүл баатартай маргаад. Бат-Үүл “олонхид дарлуулдаг цөөнх гэж юу байхав” гэхээр нь зөрүүлээд “цөөнхөд дээрэлхүүлдэг олонхи гэж байхгүй байх аа” гэж хэлсэн удаатай” гэв. 

Буурал баатар маань энэ мэт олон зүйлийг хэлснээс цөөн хэдийг нь хүргэж байгаа минь энэ л дээ. “Манай ажлын өрөөгөөр нэг орох уу” гэж гэрийн эзэн хэлэв. Тэгээд унаагаа дуудлаа. Манай зурагчинд мань хүн зургаа даруулах гэж сүрхий юм болоодохов. “Ах нь энэ цамцыг солиод орхиё. Бараантаад нэг л олигтой гарахгүй нь лав” гээд ухасхийлээ. Тэгснээ “Миний охион аавынх нь нэг цэнхэр цамц байдаг даа. Тэр хаа байна. Ээж нь хааччихав аа. Ээж нь л сайн мэдэх ёстой” гээд цаад өрөөгөөр алга боллоо. Энэ хооронд зочны өрөөнд тохоостой байх ланжгар хоёр мөнгөн эмээлийг сонирхлоо. Хэн хүний нүд булаахаар эртний хийц бүхий эмээлүүд байна. Раш баатар цэнхэр цамцаа олоод өмсчихсөн, хүүхэд шиг цамц руугаа хараад тэнгэр цэлмэсэн мэт л ороод ирэх нь тэр. “Энэ хоёр эмээлийн тухай танаас асуух гээд” гэхүйд “Эдээрээ гайхууллаа гээд улс амьтан дургүйцэх л байх даа. Гэхдээ яахав, сонирхож байгаа учир түүхийг нь хэлье. Ааваас минь өвлөгдөж ирсэн юм аа” хэмээн баруун талынх нь эмээлийг зааж байна. Хансан занги гэж өвөг эцгийнх нь үнэт өв бололтой. Өвөг эцгээс нь эл эмээл, мөн өөрийн гараар бичиж үлдээсэн “Жадамба” судар хоёр Раш гуайнд хадгалагдаж байгаа ажээ.

Раш гуай эмээлийн бүүргэнд ороогоостой байгаа суран жолоог зааснаа “Хойшоо сургуульд явахад аав минь “Миний хүү туруут морь яваад хүрэхгүй, тураг шувуу нисээд очихгүй хол газар явлаа” гээд энэ суран жолоог хадагтай барьж билээ” хэмээсэн. Тэгээд аавынхаа тухай жолоочоо хүлээх зуур тохоостой эмээлээ түшиж байгаад ийн өгүүлсэн юм.   

“Миний аав гэрийн боловсролтой, тухайн үеийнхээ том сэхээтэн байлаа. Арван хоёр настайгаасаа төр улсдаа зүтгэх ажлаа Говь түшээ гүний хошууны тамгын газар тал бичээчийн албаар эхэлсэн юм билээ. Дундговь аймгийг 1942 онд Ембүүдэрсэнэ-Ус гэдэг газар анх байгуулагдахад шавыг нь тавилцсан арван долоон хүний нэг. Сүүлхэн үедээ Эрдэнэдалай сумын дарга, намын үүрийн нарийн бичгийн даргын албыг цөөнгүй жил хашсан. Төр улсынхаа хөгжил түүхийн ачааны тэнг таталцаж явсан сайхан зам мөртэй хүн” хэмээн эцгийнхээ тухай өгүүлж байхад жолооч нь ярилаа. Гадаа ирчихлээ гэдгээ хэлэх бололтой. Ингээд “төмөр замын Раш”-ийн хар машинд суугаад төмөр замынх нь ажлын өрөөгөөр орлоо. Гэрийн гаднаас л хүмүүс мань эртэй мэндлээд сүйд байна. Нэг хүүхэд сүрхий мэндэлсэн нь Өлзийт хороололд хурдан морь унадаг аваргуудын нэг гэнэ. 

Төмөр замын удирдлагууд буурал “хурандаа”-даа скалад байсан өрөөгөө суллаж тохижуулж өгчээ. Томоо гэгч цэлгэр сайхан өрөө байна. Гишүүний өрөөн дэх бүхий л дурсгалт зүйлс, ном бүтээлээ авчирчээ. Сайд болоход нь өөрийн унасан газар Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлөөс дурсгасан зураг байна. Тэрээр Эрдэнэдалайн хүн. Гэхдээ яг төрсөн нутаг нь Дэлгэрхааны Баян уулын Булаг гэдэг газар юм билээ. Тавин гурван оны усан могой жил Раднаа даргынх Эрдэнэдалайгаас Дэлгэрхаанд оторлон нутаглах жил нэг хүү төрсөн нь өнжиж буй айлын маань эзэн хөдөлмөрийн баатар ажээ. Өрөөнд нь Ленин, Ганди нарын хөрөг баримлаас гадна Самбуу даргын хөшөөний эх загвар байна. 

Тэр тухай сонирхоход “Би Самбуу гуайг хүндэлж дээдэлж явдаг юм. Самбуу гуай манай эцэгтэй ойр дотно нөхөрлөж явсан юм билээ. Өмнөговь аймгийн дарга байхдаа Эрдэнэдалайгаар дайрч манайхаар хонож өнжөөд явдаг байсан гэдэг. Манай том ах Содномдорж “Би та нарыг бодох юм бол Самбуу даргын хоолыг хийж байсан хүн шүү” гэж томордог сон. Энэ баримлыг Самбуу гуайн Сүрэнжав надад дурсгасан. Самбуу дарга Хойд Солонгост Элчин сайдаар сууж байхдаа тэднийд цөөн тооны мал бэлэглэхээр амласан юм билээ. Тэгээд өгч авч амжилгүй явсаар өнгөрсөн зууны ерээд он гаргасан. Хойд Солонгосын төмөр замын яамны сайд тэр малыг авахаар ерэн нэгэн онд Монголд ирлээ. Би тэр хүнд тусгай вагон гаргаж хэдэн сайхан эм хонь, саваг нь газар шүргэсэн сарлаг, нас гүйцэж дэрийсэн сэрх, унагатай гүү гэхчлэн тэмээнээс бусад бүх малыг ачиж явуулсан. Аавтай дотно явсан тэр хүний төрийн өндөр түвшинд амласан бэлгийг насан өөд болсноос нь хойш гучаад жилийн дараа Ардчилсан Солонгосын ард түмэнд хүргэх ажилд тэгж гар бие оролцсон” хэмээн хуучиллаа. 

“Сочигийн өвлийн олимпийн дараа таны нэг зураг интэрнэтээр баахан “од” болж, багагүй баалуулсан даа” гэж асуугаад авлаа. Тэгтэл өөдөөс “өнөө эмгэн чинь хэн билээ” гэж байна. “Ямар эмгэн билээ, өө танхай эмээ юу” гэхэд, “Тийм ээ. Танхай эмээ чинь надад үүргэвч үүрүүлж цана углуулаад сүйд болсон доо. Би тэр зургийг хараад өөрөө ч инээд хүрсэн. Манай зээ “өвөө та өөрийгөө харсан уу” гэж явуулж ч байх шиг. Гэхдээ тэр зургаар намайг шоолсон, донгодсон зүйл байхгүй байх аа. Зүгээр л өхөөрдсөн, инээд наргиан болгосон зүйл болов уу. Цанын спортоо Монголын төр анхаарах цаг нь ирсэн юм биш үү гэсэн сануулга гэж боддог” гээд өнөө л хоёр нүдээ жуумалзуулж харагдана.    

Тэрээр өрөөнийхөө дурсгалуудыг сонирхуулах зуурт нэг хүний нэрийг сүрхий гэгч нь хэлсэн нь Эрдэнэт хотын орлогч дарга байсан Гүнсэнгийн Чулуунбат. Уг эрхэм далан гурван онд хойно хамт оюутан байхдаа Раштаа нэг цүнх бэлэглээд “Миний найз Төмөр замын 50 жилийн ойгоор энэ цүнхэнд илтгэлээ хийж очоод ойн хурлыг нээнэ шүү” гэж хэлжээ. Тэгтэл хэлсэн ёсоор нь болж 1998 онд Раш дарга найзынхаа бэлэглэсэн цүнхэнд илтгэлээ хийж бариад Төмөр замын ойг нээж байсан түүхтэй гэнэ. Өрөөнийхөө хойморт О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлгийг хадчихаж. Тэр зүгт харц хандуулахад “Балбар хувилгаан хүн байсан байх, тийм үү. Би тэгж боддог” гэсэн юм. 

Уулзалтын ширээнийх нь ард суугаад хоёул баахуу найруулж уунгаа бас л хүүрнэлээ. Өвгөн баатрын яриаг сонсоод л баймаар. “Балхаажав гуай Их дэлгүүрийн тэндээс алхаад манай өрөөнд хүрээд ирнэ. Хөгшинтэй хоёул хууч хөөрөх сайхан. Түдэв гуайтай ойрдоо ярьсангүй. Наян долоон онд төмөр замын намын хорооны бүгд хурлыг Түдэв гуай удирдаж, илтгэл тавьж байлаа. Тэгэхэд хэлэх үгийг нь би бэлдэж байсан. Тэр үеэс бид хоёр дотно. Сүрэнжав гуай, Цогзолмаа гуай гээд урлаг соёлынхонтой би их ойр байдаг. 2004 онд Их хурал руу явахын өмнөхөн Лувсаншарав гуай гээд аваргуудыг цуглуулж арван хүнд “Хүндэт төмөр замчин” гэх тэмдэг гардуулж баяр хүргэсэн. Түдэв гуай ч ирж байсан. Тэр аваргуудтай дурсгалын зураг татуулсан бол гэж одоо хэр нь бодогддог юм. Лувсаншарав гуайгаас аваад унаад өгч байна даа” хэмээн цайгаа оочлонгоо ярьж байлаа. “28 дугаар сургуулийн маань ой удахгүй болно. Цэсэнжав, Цэрэннадмид, Намжилсүрэн гээд домог болсон багш нараа үргэлж дурсдаг, Гунгаадорж гуайн засгийн үед Бугын Дэжид агуу хүн намайг төмөр замын дарга болгож байсан”-ыг ч мөн л хуваалцсан юм.

Түүнийг ажлынхаа ширээнд очиж суухуйд ширээг нь түшиж зогсоод “Та Багабанди гуайтай хэр дотно вэ” гэж асуулаа. “Дотно бишдээ тэр хүн надад гавьяат тээвэрчин, хөдөлмөрийн баатар хоёрыг өгөх үү” гэж өөдөөс ам асуудаг байгаа.   Ажлын өрөөний хананд сайд байх үеийнх нь зураг байна. “Баяр сайдтайгаа та сүүлд уулзав уу” гэхүйд “Огт үгүй. Сураг алдарсан даа” гэлээ. “Та ингэхэд намдаа гомддог уу. Өнгөрөгч сонгуулиар танд нэр дэвших мандат олдоогүй дээ” гээд бас л тулгаад асуучихлаа. “Уул нь манайхан намайг Баянгол дүүрэгт, төмөр замд минь нэр дэвшүүлнэ гээд за зүй болоод тохирчихсон байсан. Гэтэл намын бага хурлын өглөө баруун хойноос салхилж байсан салхи гэнэт зүүн урдаас үлээгээд манаргачихдаг байна шүү. Ах нь та хэдэд дараа болохоо болъё доо гээд гараад явчихсан” гэлээ. Тэрээр “найман жил төр түшилцэхдээ нэг зүйлийг мэдэрлээ. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Ах нь төрийн хүн юм аа” гэж хэлсэн нь үнэн сонсогдсон. Мөн “манай улстөрчид их л цэцэрхэх юм. Амьдралын үнэн гэдэг чинь хатуу байдаг юм шүү” гэж яриан дундаа хэд хэд хэлсэн нь бодох л үг. 

Раш гуайн ээжийг хөгшин залуугүй Жуужаа хэмээн авгайлж хүндэлдэг байжээ. Арван дөрвөн хүүхэд төрүүлсэн хөгшин. “2001 оны өвөл Их хурлын дарга Л.Энэбиш Дундговь аймагт ажиллахдаа Эрдэнэдалайд очоод буудалд хоноогүй. Рашийн ээжийнд очиж очъё, буянтай сайхан хөгшний бор гэрт хонож, задгай галын цай уух сайхан шүү гээд Энэбиш, Лүндээжанцан нар Жуужаагийн жижигхэн гэрт хонож билээ” хэмээн Раштай нэг хонхрын хүүхдүүд болох соёлын гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Зэвсэг бичсэн байдаг.  

Өдөржингөө хуучилсны эцэст баатрын ажлын өрөөнөөс гарахуйд тэрээр “Намхайнямбуу гуай “Миний энэ хөдөлмөрийн баатрын тэмдэг чинь хотонд байгаа хэдэн хонь минь юм шүү дээ” гэсэн байдаг. Түүн шиг Монголын төмөр замаар хөндлөн гулд тээвэр хийж байгаа хэдэн вагон, замаа засч байгаа шар хантаазтай хэдэн замчид, энэ төмөр зам л ахынх нь амь амьдрал юм. Өдөр шөнийн аль ч цагт вокзал дээр гал тэрэг уухилсаар түжигнэн ирж зогсоход сэтгэлд нар мандах шиг болдог. Ах нь ховорхон хувь заяанд төрсөн хүн шүү хэмээн инээмсэглээд хоцорсон юм. 

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Сү.Батболд: Тогтвортой хөгжлийн стратеги үгүйлэгдэж байна


-Хэн их ярьж, илүү үгүйсгэхээр биш, тогтвортой хөгжлийн бодлогоор л уралдах ёстой-

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, анхаарал татсан асуудлыг хөндөж, УИХын гишүүн Сү.Батболдтой ярилцлаа.

Эдийн засаг ихээхэн хүндэрч, нэлээд амаргүй нөхцөл үүссэн нь иргэн бүхэнд мэдрэгдэж байна. Таныг Засгийн газар тэргүүлж байх үед эдийн засгийн өсөлт 17.8 хувьд хүрч байсан. Гэтэл 10 гаруй хувиар унаж, дөнгөж 5.3 хувь болжээ. 17.8 хувийн өсөлт үнэхээр бодит өсөлт байсан уу, эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-2008-2012 онд манай нам ан-тай хамтарч засаг барьж байсныг та санаж байгаа байх. тэр үеийн эдийн засгийн өсөлт бидний хамтын л бүтээл. төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны оролцоогүйгээр, хэн нэгнээс огт хамааралгүйгээр урсгалаараа эдийн засаг өсөөд явчихна гэж байхгүй л дээ. эдийн засгийн 17.8 хувийн өсөлт бол бодитой л тоо байсан. Хэдэн хүн хэл амаа нийлүүлээд хэлчихсэн тоо биш, олон улсын мэргэжлийн байгууллагууд баталгаажуулсан, тухайн үедээ “гайхалтай өсөлт” гэж дэлхий нийтэд шагшигдаж байсан амжилт шүү дээ.

тэр дөрвөн жил бас л амаргүй жилүүд байсан. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг тойроогүй. Хямралыг ямар арга замаар давж гарах, эрсдэлийг багасгаж, өсөлтийг хэрхэн хангах вэ гэсэн том зорилт, асуултууд тулгарч байлаа. Бид одооных шиг ямар нэг байдлаар хэн нэгнээс алдаа хайх гэж оролдоогүй. Харин яах ёстой вэ гэдэг дээр тогтож эргэцүүлж, бодлогоо хэрэгжүүлж байлаа. эдийн засгийг эрүүлжүүлэх үндсэн арга зам бол гадна дотнын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, манайхыг чиглэсэн урсгалыг идэвхжүүлэх явдал мөн гэсэн зарчимд манай Засгийн газар бодлогоо чиглүүлсэн. Үүнтэй холбогдуулж томоохон хөтөлбөр, шийдвэрүүдийг гаргах ёстой гэж үзсэн. тухайн үед Ма н үнэмлэхүй олон суудалтай байсан ч хамтарсан засгийн газрыг байгуулж, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг боловсруулан, хамтдаа томоохон шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж чадсан гэж боддог.

Тэдгээр шийдвэрүүдээсээ заримыг нэрлэж болох уу?

-”оюутолгой” төслийг эхлүүлэх бүх шийдвэр, тавантолгойн асуудал, зам, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гэх мэтчилэн бүх салбарыг хамарсан. түүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт бол зөвхөн статистик үзүүлэлт биш, үр шим нь иргэд, хувь хүн, айл өрхөд хүртэх ёстой гэдэг зарчмаар хүний хөгжлийн бодлогыг хамтад нь дэвшүүлж тавьсан. Үр дүнд нь эдийн засгийн сэргэлт, идэвхжил эрс нэмэгдсэн. энэ бүхэнд гадаад зах зээлийн нааштай байдлууд, тухайлбал манай уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт бас эергээр нөлөөлсөн л дөө.

Манай засгийн газрын үед гаднын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. эдийн засгийн өсөлт 2012 онд 17.8 хувьд хүрснээр эдийн засгийн хурдтай хөгжлийн суурийг тавьж чадсан гэж боддог. гэхдээ хөгжлийн суурийг тавьчихлаа гэж бид өөрсдийгөө тунхаглаагүй. Дэлхийн банк, оувс, эдийн засгийн форумаас “Хэрвээ та бүхэн энэ бодлогоо тогтвортой үргэлжлүүлэх юм бол танай улсын эдийн засаг ирэх 10-20 жилд 15 хувиас доош буухгүй” гэсэн дүгнэлтийг өгч байсан юм.

Эдийн засгийн хөгжлийн суурийг зөв тавьсан юм бол ингэтлээ амархан нурчихгүй баймаар. Яагаад уруудалт нүүрлэчихэв. Гаднын хөрөнгө оруулагчид яагаад биднээс үргэчихэв ээ?

-Монгол төрийн, засгийн газрын бодлого тогтвортой, ойлгомжтой, залгамж чанартай байх нь маш чухал. Шинээр байгуулагдсан Засгийн газар өмнөх засгийн газрынхаа зөв зүйтэй ажлуудыг баяжуулан үргэлжлүүлж, бурууг нь засаж, түүнийгээ нийгэм, олон нийтэд ил тод зарладаг байх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулагчид итгэл үнэмшилтэйгээр ажлаа явуулна.

гэтэл хамтарч хэрэгжүүлсэн ажлаа, өмнөх засгийн газрынхаа зөв чигт явж байсан бодлогыг өөрчлөх нь, залгамж чанараа алдагдуулах нь хэр оновчтой байсан юм бол. Ингэсний харгайгаар хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдэд хүлээлт, болгоомжлол үүсэж, удалгүй ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон. Хямарсан үед яах ёстой вэ гэдэгт үе үеийн засгийн газрууд гол анхаарлаа хандуулсаар ирсэн. тухайлбал, манай засгийн газрын үед шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны, урт хугацааны хөтөлбөрүүдийг гаргаж байв. урт хугацааны буюу 20 жилийн хөтөлбөр нь холдоод, төсөөлөл болчих гээд байсан тул засгийн газраас “Шинэ Бүтээн Байгуулалт” хөтөлбөрийг уИХ-д оруулж батлуулсан нь илүү оновчтой болсон гэж боддог. авто болон төмөр зам, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, нийгэм гээд бүх салбаруудыг хамарч, эдийн засгийн нөхцөл, өгөгдөхүүн дээр тулгуурласан, ямар ч засгийн газар гарсан бай хамаагүй, улам боловсронгуй болгоод явчих боломжтой энэ хөтөлбөрийг бид анх гаргасан юм. Даруу биш санагдаж болно, уучлаарай, гэхдээ энэ хөтөлбөр нь салбарын мэргэжилтнүүдийн үнэхээр ихээхэн хүчин чармайлтын дор боссон, дэлхийн жишгийн тооцоо судалгаа, дүгнэлт үнэлэмжид суурилсан чухал баримт бичиг байсан юм шүү. энэ хөтөлбөр, хийсэн ажил маань сүүлийн хоёр жилд үгүйсгэлийн бай болов. Үүнээс улс орны хөгжил удааширч, ард иргэд маань хохирно.

Дэвшүүлсэн зорилт, эхлүүлсэн ажлууд маань их бага хэмжээгээр үргэлжлээд явж байгаа хэдий ч байсныг байгаагүй, хийснийг хийгээгүй, бүтээснийг нураасан мэтээр сурталдаж, 2012-2014 онд л хийж байгаа гэж зарлаад явах нь хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн итгэлийг бууруулахаас өөр юунд ч хүргэхгүй. тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт саарах нь гарцаагүй.

Гарц нь тэгээд юу вэ?

-Миний бодлоор гарц, түлхүүр байгаа. тэр бол тогтвортой хөгжлийн бодлого. уИХ дахь Ман-ын бүлэг хөгжлийн бодлогын стратегитай болох саналыг уИХ-д оруулсан. Бодлого тогтвортой байж чадаж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэдэг механизмтай болох ёстой. урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтууд хэрхэн хэрэгжив, дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн хувиар өсөв, нэг хүнд ногдох орлого яаж өсөв, эдийн засгийн бусад үзүүлэлтүүд нь хэрхэв гэдэг тодорхой үзүүлэлтээр дүгнэдэг систем рүү орох ёстой юм. Хэн илүү ярьж, хэн илүү үгүйсгэж байгаагаар биш, бодит үзүүлэлтээр дүгнэдэг, тэндээсээ хөгжлийн бодлогоо тодорхойлдог зарчим руу явах ёстой гэж бид үзэж байгаа юм.

Дэлхийн банк, оувс, олон улсад ч гэсэн тогтсон, сонгодог хэдэн үзүүлэлтүүд байдаг. Ийм тодорхой үзүүлэлтээр дүгнээд явах юм бол эдийн засгийг улстөржүүлдэг байдлаас холдож, өөрийнхөө сонгодог зорилтуудаар ялгардаг зам руу орох бололцоотой. эрх авсан нам болгон шинээр бодлого гаргаж ирж, уралдуулаад байвал хол явахгүй.

аливаа хөгжлийн бодлого сонгуульд, намд зориулагдах ёсгүй. Ялсан улс төрийн хүчний дур зоргоор өөрчлөгддөг зүйл биш, уламжлагдан залгамжлагддаг байх ёстой. Монгол төрийн бодлого, намын бодлого хоёр бол огт өөр зүйл. Монгол төрийн бодлогод хэнбугай ч байсан захирагдах л учиртай. Манай нам сайхан, бид сайн, бусад нь муухай гэж харуулах зорилгоор төрийн бодлогыг засамжилж таарахгүй.

Гадны хөрөнгө оруулагчдын хамгийн их эмзэглэж байгаа зүйл нь Монголын улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал юм байна гэдгийг хэн ч ойлгодог боллоо. Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх, монголчууд бид өөрсдөө гадаад зах зээлд сайн тоглогч байх асуудалд төрийн залгамж чанар алдагдсан уу. Таны яриад байгаа хөгжлийн бодлогыг цааш хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

-Өнгөрсөн хоёр жил засгийн газрын хувьд их сургамжтай он жилүүд болсон байх аа гэж би хувьдаа боддог. гаднын хөрөнгө оруулалт эрс буурсан, өсөлтийн хурд саарсан нөхцөлд зээлийн эх үүсвэрүүд, төрөөс дэмжих дэмжлэг, хөтөлбөрүүд гэх мэтээр санхүүгийн цар хүрээ нь эрс нэмэгдсэн тул эдийн засгийн хувьд урагшлах боломжууд байгаа юм. Харамсалтай нь өмнөх газрын үед суурийг нь тавьж чадсан эдийн засгийн өсөлт, хурдцыг хадгалж чадсангүй.

Манай засгийн газрын үед төсвийн нийт зарцуулалт 4.0 их наяд орчим төгрөг байсан бол Шинэчлэлийн засгийн газрын үед 7.5 их наядын төсвийн зардалтай болов. Дээр нь 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэртэй “Чингис” болон “самурай” бонд, Монголбанкны 4.0 их наядын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, 1.0 их наяд төгрөгийн засгийн газрын Үнэт цаас, манай засгийн газраас Хөгжлийн банкинд үлдээсэн 580 сая ам.доллар гээд мөнгөний асар их боломж байна. Би нэг тоо харж байсан. Манай Засгийн газраас 5.4 дахин их мөнгөний эх үүсвэртэй, өмнөх засгийн газруудаас хэдэн арав дахин илүү хөрөнгө чинээтэй засгийн газар ажиллаж байна. гэтэл эдийн засгийн өсөлт нь тэр хэмжээнд нэмэгдэж чадаагүйгээр үл барам бүр саарч, удааширч байгаа нь гарцаагүй бодлогын алдаанаас л болсон. сургамж авсан болов уу гээд байгаагийн учир энэ.

Танай Засгийн газрыг халамжийг хавтгайруулж, дэндүү их өр тавьснаас болж эдийн засгийн өсөлт саарсан гэж байнга ярьдагт ямар хариулт өгөх вэ?

-Би үүнтэй ерөөсөө санал нийлэхгүй байна. эдийн засаг чинь тийм их өсөлттэй байгаа юм бол яагаад айл өрх, хувь хүн буюу Дулмаа, Доржид наалдахгүй байна вэ гэж биднийг засаг барьж байх үед их шүүмжилдэг байлаа. Бид эдийн засгийн өсөлтийн үр шимийг хувь хүн, бизнес, үйлдвэрлэлийн аль аль нь мэдрэх ёстой гэж бодлогоо тодорхойлж байсан. уул уурхайгаас олсон орлогын тодорхой хэсгийг ард түмэнд хүртээх зорилгоор “Хүний хөгжил сан” байгуулж байв. Хоёр нам “эх орны хишиг”, “эрдэнийн хувь” гэсэн бодлогуудыг гаргаж, хамтарсан засгийн газрын үед хэрэгжүүлсэн шүү дээ.

Цалин, тэтгэврийг хоёр дахин нэмэгдүүлж, эх орны хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр Монголын иргэн бүрт 21 мянган төгрөгийг Хүний хөгжил сангаас хүртээсэн. Үүнийг их шүүмжилдэг. энэхүү ажлыг бид эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ нааж өгөх, өрх бүрт хүртээх зорилгоор Хүний хөгжлийг дэмжих бодлого, сангийн хүрээнд хэрэгжүүлж ирсэн. Ялангуяа дундаж болон дундаас доош орлоготой иргэдэд гэр бүлийн бодит орлого болж очсон гэж боддог. Үүнийг үргэлжлүүлэх ёстой юм. гэхдээ хавтгайруулсан хэлбэрээр биш, нийгмийн зорилтот хэсэг рүү, мөнгөн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа ахмадууд, хүүхдүүд, орлого багатай иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэт тодорхой бүлэгт олгох нь зөв.

Халамжийн бодлогод таны тэргүүлсэн Засгийн газар хэчнээн төгрөг зарцуулсан бэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн уул уурхайн салбарын орлогоос хуулийн дагуу эх үүсвэр бүрдүүлсэн. тэр эх үүсвэр нь засгийн газрын бонд ч юмуу, зээл биш байсан. “эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгаас, тавантолгойн орд газрын нүүрсийг урьдчилан борлуулсан орлогоос ард иргэддээ хүртээж байв. нийт 300 сая ам.долларын 250 сая ам.долларыг “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан Монголын 2.8 сая хүнд хүртээсэн.

Гэхдээ энэ бодлогоос авч үлдсэн сургамжаа би хэлье. Ийм хөтөлбөрийг зорилтот хэсэг рүү, шаардлагатай нийгмийн давхарга руу л чиглүүлэх ёстой юм. Шинэчлэлийн засгийн газрын түнтгэр хэтэвчний дэргэд нүүрсний урьдчилгаа гэх 300 сая ам.доллар бол эдийн засгийг унагаж, уруудуулчих хэмжээний мөнгө биш. нөгөө талаар өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ үргэлжлүүлээд, алдаа мадаг байсан бол засаж залруулаад, нүүрсний ачилтаа хэвийн явуулчихсан бол энэ өрийг богино хугацаанд барагдуулчих боломжтой байлаа. гэтэл ачилтаа зогсоож, харьцангуй гайгүй үнэтэй байхад нь өрөө төлөх боломжийг алдаж байсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн шүү дээ. Ерөөсөө өмнөх засгийн газрын зөв ажлыг үргэлжлүүлэх асуудлаар шинэчлэлийн газар алдаа гаргасан гэж бид үздэг.

Таны ярианаас шинэчлэлийн Засгийн газар 7.8 их наяд төгрөгийн төсөвтэй, дээр нь бараг л энэ хэмжээний бондын мөнгөтэй, нийтдээ 14 орчим их наяд төгрөгийн хэрэглээтэй байгаа юм байна. Тэгсэн хэрнээ эдийн засаг яагаад ингэж суларч, ам.долларын ханш чангараад байна вэ. Иргэн миний халаасанд байгаа 1000 төгрөг яагаад 700 болтлоо үнэгүйдчихэв ээ. Энэ нөхцөл байдлыг яаж эрүүлжүүлэх вэ?

-зах зээлийн эдийн засгийн хууль, жам ёсыг горимоор нь явуулах ёстой гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. төр бизнест хөндлөнгөөс илүү ихээр оролцож, зах зээлийн бус аргаар зохицуулалт хийхийг оролдохдоо их мөнгийг хүчээр нийлүүлсэн нь сөрөг үр дагавартай байсан. зах зээл дээр эрүүлээр, ном журмаараа явж байсан урсгалыг хөрөнгө оруулалт багасаад ирэнгүүт хүчээр балансжуулж, үнэ тогтоох, зохицуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн ч цаад талдаа баланс нь алдагдсан.

Өнгөрсөн хоёр жил зах зээлийн эдийн засгийн харилцаанд төр засгаас хэтэрсэн зохицуулалт, хэтэрсэн оролцоогоор хандсан нь алдаанд хүргэж байна гэж бодож байна.

Гаднаас орж ирж буй валютын урсгал 2011 онтой харьцуулахад 60 хувиар багассан байна. Эрх баригчид энэ валютын урсгалын дийлэнх нь Оюутолгойн мөнгө байсан гэж хэлдэг. Статистикаас харвал 2011 онд орж ирсэн валютын урсгал дотор Оюутолгойн эзлэх хэмжээ 20 хувь л байж. Гэтэл 2013 онд Оюутолгойтой холбоотой орж ирсэн урсгал 60 хувьд нь нөлөөлж байх жишээний. Тэгэхээр энд хөрөнгө оруулалт эрс буурснаас үүдсэн бэрхшээл үүсч байгаа нь илэрхий байна.

Саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийсэн. Сүүлийн 20 жилд бий болгосонтой тэнцүү хэмжээний эрчим хүчний сүлжээг хоёр жилийн дотор хийлээ гэж мэдэгдсэн. Энэ ажлыг танай Засгийн газар хийх боломж байгаагүй юм уу.

-Аливаа асуудал хөгжлийн үе шатаараа л явдаг. Хүний хөгжил ч ялгаагүй. Цэцэрлэгт ороод, дараа нь дунд сургуульд суралцаж, цаашид дээд боловсрол эзэмшдэг шүү дээ. Эрчим хүчний салбарын хөгжил үүнтэй адил дэвшин хөгжиж яваа. Бид энэ салбарыг хөгжүүлэх эхний алхам болгож тухайн үед Монголын 21 аймаг, бүх сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, дэд бүтцийг барьж байгуулах зорилт тавьж байв. Монголын өрх бүрт эрчим хүч хүргэж, малчин айл өрхийг гэрэлтэй болгох зорилго бүхий “100 мянган нарны гэрэл” хөтөлбөрийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж байсан. Харин эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шинээр бий болгох дараагийн шатны ажил нь өнгөрсөн хоёр жил илүүтэй явж ирлээ. Гэхдээ зарим ажлууд тухайлбал, ТЭЦ-IV-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Салхитын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулагдах асуудлууд нь манай Засгийн газрын үед суурь нь тавигдаж, өнгөрсөн хоёр жил ашиглалтад оржээ.

Хоёрхон жилийн хугацаанд 2300 км авто зам тавьсан байна шүү дээ. Үүнийг та бас л өөрийнхөө Засгийн үед эхлүүлсэн ажлын суурь гэж хэлэх үү?

-Тийм шүү дээ. Аймаг орон нутгийг холбох замын ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаас эхлээд замыг бүрэн ашиглалтад оруулах хүртэл наад зах нь хоёр жил болно. Тэгэхээр өнгөрсөн хоёр жил ашиглалтад орсон замын ажлын эхлэл нь 2011, 2012 онд тавигдсан байж л таарах гээд байгаа биз. 2012 онд манай Засгийн газар хөдөө орон нутгийн 14 чиглэлээр зам барих ажлыг шийдвэрлэсэн бөгөөд тухайн онд 900 км замыг хүлээж авна хэмээн төлөвлөж байсан. Гэтэл сонгууль энэ тэртэй холбоотойгоор 2012 ондоо амжаагүй, 2013 он руу шилжсэн. Эдгээр зам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дуусаж, ашиглалтад орсон байх жишээтэй.

Орон сууцны асуудал байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 08 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Иргэдээ орон сууцжуулах ийм хөтөлбөрийг танай Засгийн газрын үед дэмжсэн бол олон хүн байртай болох байсан биш үү?

-Иргэдээ орон сууцжуулах бодлого үе үеийн Засгийн газрын эн тэргүүний зорилт байсаар ирсэн. Бүр социализмын үеэс одоог хүртэл. Одоогийн МАН-ын дарга М.Энхболдын Засгийн газрын үед 40.000 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах зорилт тавьж байсан. Тухайн дөрвөн жилийн дотор 43.000 орчим орон сууц ашиглалтад орсон байна лээ. Энэ тоог би зориуд харсан л даа. 2010 онд баталсан Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрөөр 100 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах зорилт тавьж, манай Засгийн газар бага орлоготой иргэддээ орон сууцыг боломжит өртгөөр олгох бодлого барьж байв. Үүний тулд 06 хувийн хүүтэй зээл олгож эхэлснийг та санаж байгаа байх. Тухайн үеийн хамтарсан Засгийн газрын шийдвэр шүү дээ. Одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Зургаан хувийн хүүтэй зээл боломжтой юм байна” гэж хэлж байсан. Дараагийн Засгийн газар 06 хувийн зээлийг 08 болгосон. Иргэдээ орон сууцаар хангах хөтөлбөрийг биднийхтэй адил энэ Засгийн газар ч хэрэгжүүлээд л явж байна.

Манай улсын эдийн засгийн нэг гол салбар бол хөдөө аж ахуй. Газар тариалан түүний салшгүй хэсэг. Энэ жилээс эхлэн манай улс анх удаа улаан буудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө хангадаг боллоо гэж Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан байна лээ?

-Монгол бол байгалийн асар их баялагтай орон. Бид азтай ард түмэн. Мах, гурил, хүнсний ногоо гээд хоол хүнсээ хэнээс ч авахгүй байх бүрэн боломжтой нь бас нэг давуу тал. Үүнд төр засгийн бодлого, дэмжлэг л хэрэгтэй байдаг. 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баяр “Атрын III аян”-ыг эхлүүлэх санаачилга гаргаж байсан. Энэ аянаар газар тариаланг дэмжих бодлого дэвшүүлж хөрөнгө санхүү, татвар, техник технологийн оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр 2010, 2011 онуудад манай улс өндөр ургац авч төмс, гурилаар өөрсдийгөө бүрэн хангах хэмжээнд хүрсэн. “Атрын III аян”-ы амжилт, ололт өнөөдөр ч үргэлжилж, ахиж дэвшсээр байна. Хоёрхон жилийн дотор энэ Засгийн газар л хийчихсэн ажил биш шүү дээ. Мал аж ахуйн салбарт ч өсөлт, дэвшил гарсаар байна. Бидний үед “Монгол мал”, “Таван эрдэнэ” хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлого гээд олон баримт бичгүүд баталж, томоохон зорилтыг хэрэгжүүлж ажилласны үр дүн гарч байна гэж хардаг.

Хоёр хөршийн Төрийн тэргүүнүүд манайд айлчиллаа. МАНын лидер улстөрчийн хувьд айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ. Хоёр хөрштэйгөө хийх худалдаа, эдийн засгийн эргэлт эрс сайжрах нь гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын маань гадаад бодлогын хувьд гарцаагүй тэргүүлэх ач холбогдолтой түнш бол манай хоёр хөрш. Бид хоёр хөрштэйгөө бүх талын харилцаа, тэр дундаа дэд бүтэц, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаагаа эрчимтэй хөгжүүлэх нь маш чухал. Түүний зэрэгцээ гуравдагч хөршүүдтэйгээ тогтоосон эдийн засаг, түншлэл, хамтын ажиллагаагаа орхигдуулахгүй хөгжүүлж явах ёстой. Монгол Улсын гадаад бодлого дээр манай нам нэгдмэл байр суурьтай байгаа. Нам ч гэлтгүй, бүх монголчууд нэг байр суурьтай байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Дотроо бид үзэл бодол зөрж болно. Улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудлаар хувь хүмүүсийн ойлголт, улс төрийн намуудын сөргөлдөөн байж болох юм. Харин гадаад бодлогын асуудлаар бол улс орны нийтлэг эрх ашиг хөндөгддөг учраас бид нэгдмэл байх ёстой. Манай нам эрх барьж байхдаа ч, сөрөг хүчин байхдаа ч хоёр хөрштэй харилцах харилцааны асуудлаар бие биеэ дэмжиж ажиллах ёстой гэж хандсаар ирсэн. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү үр ашигтай болгох талаар өмнө нь ярьж байсан ажлуудыг бодит ажил хэрэг болгоосой гэдэг саналаа бид нээлттэйгээр илэрхийлж байсан.

ОХУ-тай худалдааг либералчлах, экспортын бараа бүтээгдэхүүнд харьцангуй хөнгөлөлттэй тариф ногдуулах талаар миний Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ ОХУ-д тавьж байсан саналуудыг үргэлжлүүлэн, тодорхой ахиц гарсанд таатай байна. Өмнөд хөрш болон хойд хөрштэйгөө транзит тээврийн хэлэлцээр хийж, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ахиц гаргах тодорхой тохиролцоонд хүрч чадсан нь чухал алхам. Монгол улсын Ерөнхийлөгч хоёр хөршийн тэргүүнүүдтэй Душанбед 3 талын уулзалтыг амжилттай хийж эдийн засгийн хамтын ажиллагаа, транзит тээвэр, бүс нутгийн хамтын ажиллагаанд Монгол улс илүү идэвхтэй оролцох боломж бий болж байгаа нь чухал ач холбогдолтой боллоо гэж бодож байна. Зарчмын ийм асуудлуудаар нийтлэг эрх ашгаа эн тэргүүнд тавьж, дэмжин ажиллах болно. Сөрөг хүчин гэхээр сөрөөд байдаг юм биш, зөв бодлогыг дэмжих нь зүй. Харин буруу зүйл дээр бол сөрөг хүчний зүгээс ч, улс орны эрх ашгийн үүднээс ч шүүмжлэлтэй хандана гэдгээ манай нам болон УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа илэрхийлж байгаа. Яг ийм байр сууринаас ухаанаа уралдуулах хэрэгтэй. Харин улс төрийн асуудал нь сонгуулиар шүүгдээд явах ёстой юм.

З.ОЮУНБИЛЭГ