Categories
мэдээ цаг-үе

Ж.ШАРАА: Зангад маань “Хар ус нуур”-ыг ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан дуулсан даа

Монгол Улсын урлагийн гавьяат
зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараатай ярилцлаа.

-Алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуунаас
тань яриагаа эхэлье дээ. Таны “Хар ус нуурын шагшуурга” бол ардын дуу шиг мөнхийн
бүтээл. Давтагдашгүй чанар нь эгшиглэгээний дотоод гоо зүйдээ байна уу?

-Би анх “Хавар ирлээ
шүү, хүүхнүүд ээ” дуугаа 1962 онд бичсэн юм шүү дээ. Намайг хөгжим бүжгийн сургуульд
хийлийн багшаар ажиллаж байхад Зангад Ховдын театрт нэг жил ажиллаад ирсэн юм. Зангад
бид хоёр 35, 36 гэсэн тоот зэргэлдээ өрөөнд суудаг байлаа. Хоёулаа хорин хэдтэй
залуучууд, ерөөсөө л юм хийхийн хүслэн байсан юм биз дээ. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд
ээ” дуугаа биччихээд Зангадад өгсөн. Дараа нь “Чиний минь хайр” гэдэг дуугаа бичсэн,
мөн л Зангад дуулсан. Гурав дахь дуу маань “Хар ус нуурын шагшуурга” юм л даа. Энэ
дууг бичсэн түүх сонин шүү.

-Б.Явуухулан гуайн номоос шүлгийг нь авсан
уу?

-Үгүй. Яруу найрагч
Намжимын Очирбат нэг өдөр манай сургууль дээр гүйгээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийгээдэхээч,
миний багшийн шүлэг байгаа юм гээд үг барьчихсан ирлээ. Явуухулан гуайн  “Хар ус нуурын шагшуурга”  нэртэй шүлгийн түүвэр нь гарчихсан байсан юм байна.
Тэндээс нь гараар хуулж бичээд надад авчирчээ. “Багш энийг дуу гэж бичээгүй. Гэхдээ
ая хийж болох болов уу, үгүй болов уу” гэчихээд яваад өгсөн. Уншлаа. “Шагшуурга”
гэдэг үгийг нь би мэдэхгүй.  Хар ус нуурыг
нь ч үзээгүй. Гэсэн ч ая хийгээд жин тан болгочихоод Зангадад сонсголоо. Зангадаасаа
шагшуурга гэж юу юм гэж асуусан ч үгүй. Тэгэхэд Явуухулан гуай Зохиолчдын хорооны
Яруу найргийн секторын эрхлэгч байв. Залуу ч байж, их ч зоригтой байжээ, би. Жижүүрийн
утсаар Явуухулан гуайтай холбогдлоо. “Таны шүлэгт би ая хийлээ. Та ирээд сонсохгүй
юу” гэсэн. “Тэгье, тэгье. Би одоохон яваад очъё” гэж байна шүү, ээ, бурхан зүг минь
ээ. Төдөлгүй л ороод ирлээ. Анх удаа Явуухулан гуайг харж байгаа минь тэр. Миний
“Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Чиний минь хайр” хоёр дууг сонсчихсон юм байна
л даа. Дуугаа сонсголоо. “Сайхан дуу болжээ” гэж байна. Зориг ороод “Явуухулан гуай,
энэ шагшуурга гэдэг чинь юу гэсэн үг вэ” гээд асуучихсан. “Чи хө, Шараа,  энэ Туулын голоор явсан уу” гэж асуудаг юм. Туулын
шугуй ямар гоё найгаж байдаг билээ, би анх хотод орж ирээд биширч байснаа түрүүн
хэлсэн. Явуухулан гуай Хар ус нуураа, шагшуурга гэдгээ нүдэнд харагдтал дүрсэлж
тайлбарлаж өгөөд “Чи нэг ёсондоо Туулын бургасаа л бодчих” гэсэн дээ. Илүү гоё төсөөллийг
өгсөн байхгүй юу. Тэгмэгц “Нэг, хоёр, гурав, нэг хоёр” гэсэн солигдмол хэмнэлийг
эхнээс нь төгсгөл хүртэл хэрэглэсэн. Энэ нь ч үр дүнгээ өгсөн. 1964 онд Хөгжмийн
зохиолчдын анхдугаар их хурлын илтгэлд орсон л доо. “Хар ус нуурын шагшуурга” бол
Монголын орчин үеийн дуунд шинэчлэл хийсэн бүтээл” гэж тэр илтгэлд онцолжээ. Яагаад
гэвэл, солигдмол хэмнэлийг анх удаа оруулж ирсэн байх нь. Тэр хэмнэл, тэр үгэндээ
л хүний сэтгэлд хүрэх учир нь байгаа байхгүй юу. Үгийг нь уншиж байхад надад “Хотон
шувуудаа явчихаар

Зүүн гараас Шараа, Н.Очирбат, Явуухулан, Ш.Цогт, Б.Зангад, Дарьсүрэн
зохиолч Ш.Шагдар

Хатан Хар ус уйдаа
юу” гэсэн хоёр мөр их сайхан санагдсан. Энэ бол хүн байгалийг холбосон гүн ухааны
үг. Сэтгэл их хөдөлгөсөн л дөө. Явуухулан гуай хажууд суугаад өөрөө ярьж өгсөн болохоор
би тэр дор нь хэмнэлээ өөрчилж засварласан юм. Зангад маань өөрөө Ховд нутгийн хүн.
Хар ус нуураа мэддэг учраас ёстой л сэтгэлдээ сэтгэж, хүнд харагдахаар агуу сайхан
дуулсан даа. Тэгээд болоогүй ээ. Зангад бид хоёр 1964 онд хөгжмийн зохиолчдын анхдугаар
их хуралд оролцов оо. Хоёулаа их хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо. “Хар ус нуурын
шагшуурга”-тай хамт “Чиний минь хайр”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж”
гэсэн гурван  дуу маань илтгэлд сайшаагдаад
орчихсон. Нөгөө их хурлын төлөөлөгчид чинь “Улаанбаатар” ресторанд хүлээн авалт
хийв ээ. Зангад бид хоёр залуухан хоёр, үүд хавиар л байв.  Зохиолч Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн
гуай, Бэгзийн Явуухулан гуай гэсэн томчууд хоймроор яриа хөөрөө дэлгэсэн шиг байцгаана.
Тэгж байтал Явуухулан гуай хундагатайгаа барьчихсан ирж явна аа. Ирээд “Хар ус нуурын
шагшуурга” бол дахин давтагдашгүй бүтээл. Үүний төлөө хундага өргөе. Та хоёрын цаашдын
бүтээлд амжилт хүсч байна аа” гэв ээ. Сүүлд бодох нь ээ, энэ бол хаанаас ч хэзээ
ч олдохгүй өндөр шагнал байсан байна.

-Бага насныхаа дурсамжаас сонирхуулахгүй
юу?

-Би Сүхбаатар аймгийн
Асгат сумын уугуул хүн дээ. Жаахан шаргын нутаг шүү дээ. Аав ээжийнхээ есөн хүүхдийн
хамгийн бага нь. 1948 онд аравтайдаа Асгат сумынхаа бага сургуульд орсон. Манай
ангийн багш Шагдарсүрэн гэдэг сайхан эмэгтэй Халзан сумын долдугаар ангийг төгсөөд
ирсэн байлаа. Тэр үеийн долдугаар анги төгссөн хүн гэдэг чинь одоогийн их дээд сургууль
төгссөн хүнтэй л адил байлаа л даа. Бадарчийн Сүхбаатар гэж мөн л Халзан сумын долдугаар
ангийг төгсөөд ирсэн ийм хоёр сайхан багшаар бичиг ном заалгасан. 1952 онд сургуулиа
онц төгслөө. Онц төгссөн гээд манай ангийн Шүхэрдорж, Цэнд-Арслан бид гуравт Офицерийн
сургуулийн хуваарь өгөв өө. Зун нь эгч минь намайг шуудангийн машинд суулгаад хот
руу үдэж өглөө. Гурав дахь эгч Дарьсүрэн маань Улаанбаатар хотод амьдардаг байв.
Шуудангийн машин ховор байсан. Намайг хотод авчирсан Цээсүрэн гэдэг жолоочийг би
одоо ч санадаг юм. Тэр хүн Сүхбаатар аймгаас өглөө гараад орой нар жаргаж байхад
Улаанбаатар хотод 22-ын товчоон дээр ирж байсан даа. Би дөнгөж дөрөвдүгээр анги
төгссөн, хот мэдэхгүй, аймгийн төвийг дөнгөж зам зуур дайраад ирж байгаа. 22-ын
товчоо гэдэг  машин тэрэг гэж жигтэйхэн, нар
жаргаад л их л гоё санагдаж байж билээ. Туул гол дээр сал урсаад л. Нөгөө алдартай
Туулын шугуй гэдэг чинь зогсоо хүн харагдахгүй тийм гоё байсан юм. Анх удаа хотын
зах харж байгаа хөдөөний жаал надад гайхалтай гоё сэтгэгдэл төрсөн дөө. Нөгөө жолооч
намайг эгчийнд авчирч өгөхөд эгч танихгүй байж билээ. Хотод ирээд удаж байсан болохоор
тэр л дээ. Нэлээн харж байснаа таньж, миний дүү байна шүү дээ гээд үнсч билээ. Эгч
тэгэхэд нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байсан юм. Гэр нь Чойжин ламын сүмийн хажууд
хашаанд ганц гэр, хойхнотоо нь нэг дан байшин байсан юм. Би нэг морин хууртай, нэг
төмөр лимбэтэй хотод ирсэн. Сургуульд орохоосоо өмнө сонсголоороо морин хуур тоглож
сурсан. Дараа нь сумын клубийн эрхлэгч Буд гэдэг хүн надад лимбэ зааж өгсөн юм.
Эгч ажилдаа явахдаа хар цай чанаж, баахан гамбир хайрч тавьчихаад явна. Би гэрт
нь ганцаараа, хот газар гэрээсээ гарч болохгүй гэсэн захиастай, морин хуур, лимбээ
тоглоод үлдэнэ.

-Офицерийн сургуульдаа очиход ямар байв?

-Тэр сургуульд ороогүй.
Манай хойд хашаанд цэргийн хувцастай хүмүүс ирээд, дуулж хуурдаад л байдаг байсан
юм. Нэг өдөр эгч тэр айлд оржээ. Айлын хүн эгчээс намайг ямар сургуульд ирснийг
асууж л дээ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд техникумд ордог байсан үе.
Эгч Офицерийн сургуульд ирсэн л гэж.  Гэтэл
нөгөө хүн “Миний бодлоор энэ хүүхэд урлагт их сонирхолтой хүүхэд шиг байна. Уран
сайхны сургууль гэж байдаг юм. Тэнд сард 120 төгрөгийн цалинтай” гэжээ. Хожим мэдэх
нь ээ тэр хүн эрхэм уран зохиолч Цэнд-Очир гуай байсан юм билээ. Тэгээд Цэнд-Очир
гуай намайг дагуулаад явлаа.  Цэнд-Очир гуай
Урлагийн хороонд ажиллаж байсан юм байна. Ажил дээрээ ирээд нэг боровтор царайтай
хүнд намайг хөтлүүлээд Уран сайхны сургуульд шалгуулахаар явууллаа. Хуучин циркийн
ар талд тэр сургууль байсан юм. Нэг хаалга онгойлгосонд цоохордуу царайтай хүн сууж
байна. Уран сайхны сургуулийн захирал Түдэв гэдэг хүн байж. Намайг хөтөлж очсон
хүнийг жигтэйхэн уриалгахан хүлээж аваад 
“Манай дээр шалгалт авахгүй байгаа. Хөгжимт драматик театр дээр авч байгаа.
Та тэнд очоод шалгуул” гэв. Нөгөө хүнтэйгээ хөтлөлцөөд Хөгжимт драматик театр дээр
нь ирсэнд энд тэнд хөгжим дуугарсан хонь хурга нийлж байгаа юм шиг л шуугиан дунд
ороод ирлээ. Нэг өрөөнд яваад ортол ёстой л лусын дагина шиг сайхан эмэгтэй байна
аа.  “Лусын дагина гэдэг л ийм байдаг байх
даа” гэж дотроо бодож зогслоо. Нөгөө лусын дагина чинь бид хоёрыг дагуулаад өөр
нэг өрөө рүү орлоо. Өрөөний буланд их гоё гялтганасан хар авдар байна. Амьдралдаа
ер үзээгүй, ямар гоё хар авдар вэ гэж бодоод л зогсч байлаа, би. Тэгж байтал нэг
хүн өнөө хар авдарныхаа тагийг онгойлгосон чинь хар цагаан хоёр юм ярааж байна аа.
Мандолинаас өөр юм мэдэхгүй хөдөөний хүүхэд амьдралдаа анх удаа харсан гайхсан юм
л тэр байлаа. Миний сонсголыг шалгалаа. Дараа нь нөгөө лусын дагина шиг эмэгтэй
нь гар хурууг минь үзээд, цээжийг минь хоёр тийш нь эргүүлж үзчихээд за боллоо,
түр гадаа хүлээж бай гэв. Төд удалгүй дагуулж очсон хүн маань инээчихсэн гарч ирлээ.
Тэнцчихжээ. Эргээд Урлагийн хороо руугаа явах замдаа нөгөө шалгасан гурван хүний
тухай ярьж өглөө. Сүүлд мэдэхэд, алдарт морин хуурч Жамьян, удирдаач Ж.Чулуун, нөгөө
лусын дагина шиг эмэгтэй нь удирдаач Ц.Намсрайжав гуайн гэргий Цэрэндолгор гэдэг
хийлч байжээ. Тэгж тэр агуу хүмүүс хөгжмийн ертөнцөд алхах алтан шар замыг минь
нээж өгсөн юм. 1955 он хүртэл Уран сайхны сургуульд сураад хойшоо Орос руу Мусоргскийн
нэрэмжит Уралын Консерваторид хийлийн ангид явсан л даа.

-Тантай хамт хэн явж байв?

-Бэгз бид хоёр явсан
юм. Тэр жил тэндээс Новиков гэдэг багш өвөл ирж дуулаачдыг шалгаруулж аваад, хийлийн
хоёр хүүхэд авахад Отгонбаярын Бэгз бид хоёр тэнцээд, дуучдаас Пүрэвдорж гуай, Банди,
Цэвэлсүрэн гуай,  Цэрэнсодном, Дарьсүрэн гээд
Монголоос анхны оюутнууд дээд сургуульд сурахаар явсан. Биднийг очиход Урал хаалттай
хот байсан. Гадаадын хүн ер хүлээж аваагүй байсан үе юм байна.

-Яагаад хаалттай байсан юм бол?

-Дайны үед бүх том
том үйлдвэрүүдээ Уралд төвлөрүүлчихсэн учраас хаалттай хот байж л дээ. Галт тэргээр
бараг арваад хоног явж байж Уралд хүрсэн юм даг. Энд тэнд очоод зогсчихно. Тэгж
явсаар Свердловскт шөнө орой очсон юм. Бид хэдийг жигтэйхэн сайхан угтаж авлаа.
Цагаан толгойтой өндөр хүн “Волга” машинтай зогсч байна. Бид хэл мэдэхгүй. Пүрэвдорж
гуай “Энэ чинь Уралын Консерваторийн проректор байна гэж байна. Нөгөө том хүн чинь
“За, та нар олон хоног явж ядарсан байх. “Урал” зочид буудалд байрлуулна аа. Манай
оюутны байр засвартай байгаа” гэж байна шүү. Шөнө унтаж байтал халуураад, хамаг
бие загатнаад, сэрье гэвч сэрж чаддаггүй, үхэх нь ээ. Тэндээс Пүрэвдорж гуай сэрж,
гэрэл асааж харчихаад “Пээ, бясаанд эзэмдүүлээд үхлээ шүү дээ” гэдэг юм. Би тэр
бясаагий нь мэдэхгүй. Орны цагаан даавуун дээр баахан улаан юмнууд гүйлдэж байх
юм. Дайны дараа анх удаа гадаадын хүмүүс хүлээж авч байгаа учраас бидний орох байрыг  засварлаж байж л дээ. Өглөө нь босоод Банди маань
чемоданаа таксинд мартаад буучихсанаа санадаг юм. Одоо ч өнгөрлөө гэж байтал нөгөө
жолооч чемоданыг нь аваад ирсэн. Тэр үеийн хүмүүс ийм л сайхан байлаа. Тэгж хөглөж
Свердловскт очоод зургаан жил сурсан.

-Арван долоотой, хэлийг нь мэдэхгүй газар
ямархуу байв?

-Хэцүү ч гэсэн залуу
хүүхэд учраас хэл сурахад бас ч гайгүй байсан. Гадаадынханд орос хэл заадаг мундаг
сайхан багш байсан юм. Тэр хүн бол бидэндтэй маш их ажилласан. Ерөөсөө л эх хүн
шиг чин сэтгэлээсээ ажилласан даа. Гуанзанд орно. Авдаг хоол нь котлет, хар талх,
цай гурав. “Котлет, чёрный хлеб, чай” гэсэн гурван үг мэднэ. Тэрийгээ хэлээд авдаг,
котлет талх идсээр байгаад жигтэйхэн мариалаад ирж билээ. Уралын консерваторид бид
60 рублийн цалинтай, дээрээс нь онц сурсны нэмэгдэл авдаг байлаа. Гадаадаас анх
удаа оюутан очсон нь бидний монгол оюутнууд байв. Дараа нь Политехникийн дээд сургууль
нь манайхаас оюутан авч, тэгж үргэлжилсэн түүхтэй л дээ.

-Аав ээжийнхээ тухай дурсахгүй юу?

-Хөдөөний л малчин
хүмүүс байсан даа, миний ээж аав хоёр. Аав минь ан гөрөө хийдэг, тухайн үедээ хоршооныхоо
төлөвлөгөөг биелүүлдэг хүн байсан. Ан хийхдээ бууддаггүй, дандаа хавхаар авладаг
байсан.

-Анчид буу хэрэглэдэггүй байсан үе юм
уу?

-Манай нутагт зарим
хүмүүс цахиур буу хэрэглэдэг байсан. Аав, ээж минь үнэхээр ажилсаг хүмүүс байсныг
би одоо хүртэл санадаг юм. Аав бэлтгэлийнхээ тарваганд явна. Намар орж ирнэ. Тарваганы
махыг далбайтал хатаагаад, томоо цагаан хайрцганд дүүрэн давхарлаад ирдэг сэн. Тарваганыхаа
тосыг шар тос болгоод яг есийн тос шиг болгочихно. Өвөл нь тэр тосоор нь шарвин
хийнэ. Хатаасан тарваганы махаа иднэ. Дараагийн өвөл хүртэл бараг түүгээрээ хооллочихдог
байсан сан.

-Та анхны зохиолоо хэдийд, ямар зохиол
бичиж байв. Бодвол, Уралд бичээ байх, тийм үү. Хаана тоглуулж байв?

-“Монгол аялгуу” гэж
хийл, төгөлдөр хуурын бүтээл байгаа юм. Дөрөвдүгээр курст байхдаа бичсэн. Манай
багш Наум Абрамович Шварц гэж тэндээ их нэр хүндтэй профессор байв. Шалгалт болоход
багш намайг тэр зохиолоо тогло гэдэг юм. Ж.Чулуун багшийн Ардын хоёр дууны найруулга,
Билигийн Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”, мөн БНХАУ-ын хөгжмийн зохиолчийн
нэг зохиолыг тоглосон л доо. Тэгээд сонгодгоос нэг зохиол тоглосон. Багш намайг
өөрийнхөө зохиолыг хөтөлбөртөө оруулаад тогло гэсний дагуу би “Монгол ялгуу”-гаа
тоглосон л доо. Шалгалтын дүн гарлаа, сайн авлаа. Тэр үед гурав авбал ер нь боллоо
л гэж баярлана. Багш тэгэхэд надад их урам зориг өгсөн шүү. Шалгалтын дараа “За,
би чиний зохиолыг авч тоглоё. Чи дараагийн хичээлд ирэхдээ клавериэ аваад ир” гэдэг
юм. Би ч дотроо эргэлзэж байлаа. Багш намайг даапаалж байна даа. Ийм том профессор
хүн миний зохиолыг тоглоно гэж юу байхав гэж л бодсон. Тэгээд клавериэ авч очсонгүй.
Багш дараагийн хичээлд ирэхдээ “Хаана байна, нөгөө  клавер чинь” гэж байна аа. Уучлаарай, би мартчихаж
л гэсэн. Тэгвэл дараагийн хичээл дээр аваад ирээрэй гэхээр нь сая л итгэж эхэллээ
л дээ. Удаа ч үгүй, сар ч болоогүй байтал багш “За, би чиний зохиолыг тоглоод Свердловскийн
радиод бичүүлчихсэн шүү. Маргааш радиогоор явна, чи сонсоорой” гэлээ. Тэнд нь доцент
Багомаль гэж мундаг концертмейстртэй хамт багш тогложээ. Нөгөөдөхөө сонслоо. Тэр
том профессорын тоглосон, миний тоглосон хоёр гэдэг чинь газар тэнгэр шиг л хол
зөрүүтэй юм байхгүй юу. Багшдаа баярлалаа л гэсэн, өөр юу хэлэхэв дээ. Зун болж
нутаг явах боллоо. Би ч зориг орчихсон, нөгөө бичлэгээ багшаар хуулуулж аваад ирсэн.
Тэр бичлэг манай Радиогийн алтан фондод орсон юм. Тэр чинь 1961 он юм. “Монгол аялгуу”
нэртэй хийл, төгөлдөр хуурын тэр бүтээлээрээ би хөгжмийн урлагт хөл тавьсан хүн
дээ. Нийтийн дуугаар ороогүй. Төгсч ирээд би Хөгжим бүжгийн дунд сургуульд хийл
хөгжмийн багшаар, Бэгз маань Улсын Филармонид хөгжимчнөөр орсон юм. Тэгэхэд хөгжим
бүжгийн сургуульд Зөвлөлтийн мэргэжилтэн 30 гаруй хүн байлаа шүү дээ. Монгол талаас
би анх удаа хийлийн ангийг хүлээж авч байлаа.

-Таны дууны санд Ж.Бадраа гуайн шүлэг
хэд хэд бий. Бадраа гуайн шүлгүүдэд монгол хэлний яруу тансаг сонсголон, утга агуулга
хоёр онцгой гайхалтайгаар зохицон нийцсэн байх юм л даа. Хөгжмийн чамгүй боловсролтой,
судлаач хүн. Та хоёр хэрхэн хамтарч байв?

-Нэг сайхан ая орж
ирлээ. Ноотолчихоод Бадраа гуайд үзүүллээ. Бадраа гуай их айхтар. Баян хуур хөгжимтэй.
Ноотоо ч мэднэ. Шууд баян дээрээ тоглож үзээд “би хийе ээ” гэж байна. Хэдхэн хоногийн
дараа ирж үгээ аваарай гэж байна. Очсон чинь “Мөрөөдөл” гэдэг сайхан шүлэг биччихэж.

Цэцэгтэй хөндийгөөр

Цэнгэлтэй ч явж билээ

Амраг хайрт чамтайгаа

Ахин яаж учирна вэ… гэсэн сайхан шүлэг бичжээ. Зангад маань
дууллаа. Дараа нь Найдалмаа дуулсан. Энэ дууг романс гэдэг л дээ.  Бадраа гуайтай дуу хийх болсон минь ингэж эхэлсэн
дээ. Хэдэн сайхан дуу хийсэн. Бадраа гуайн хөгжмийн торгон мэдрэмж, монгол хэлний
үгийн тансаг сайхан аялгуу гэдэг чинь ёстой л дахин давтагдашгүй, сайхан.

-“Монгол аялгуу” хийл, төгөлдөр хуурын
зохиолыг тань хожим нь манай хөгжимчид тоглосон уу?

-Монгол хөгжимчид
миний дан хөгжмийн бүтээлүүдийг ер тоглоогүй. Энд миний буруу бий.  Би клавериа өгөөгүй болохоор хэн тоглох вэ дээ.
Дандаа Оросын хөгжимчид тоглосон. Москвагийн Консерваторийн профессор, олон улсын
шагналтай Шихмаразаева миний “Цоглог аялгуу”-г тоглосон, “Монгол аялгуу”-г Шварц
багш тоглосон. “Элегия”, Ноктюрн эд нарыг дандаа Оросын хөгжимчид тоглосон. Манай
Радиогийн алтан фондод бүгд тэдний тоглосноор байгаа юм. Би ойрдоо зөвхөн хийлийн
бүтээлүүдээрээ цомог хэвлүүлэх бодолтой. Өмнө нь төрийн шагналт хөгжмийн зохиолч
Ц.Нацагдорж агсан, судлаач, миний шавь Батжаргал хоёр “Эх орны уянга” нэртэй дууны
түүврийг минь гаргаж өгсөн. Харин дан хөгжмийн бүтээлээрээ “Эх орны уянга-2” нэртэй
цомог гаргана. Ирэх арав юм уу арваннэгдүгээр сард гаргачих байх.

 Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

С.БААТАР: 1932 оны бослогод химийн хорт бодисоор цэнэглэсэн сум хэрэглэхийг завдсан байдаг

Улс төрийн хэлмэгдэгсдийн
холбооны тэргүүлэгч гишүүн Түүхийн ухааны доктор С.Баатартай 1932 оны бослогын талаар
ярилцлаа.

-1932 оны лам нарын бослогыг зөвхөн лам
нарынх биш нийт монголчуудын бослого гэж та ярилаа. Гэтэл түүхэнд лам нарын бослого
гээд биччихсэн байдаг шүү дээ?

-МАХН-ын  түүхэнд 1932 оны эсэргүүцлийн хөдөлгөөнийг лам
нарын бослого гэж бичсэн байдаг. Гучаад  оноос
эхэлсэн бослого л доо. Хил дагуух бүх аймгийн иргэд хил давж дүрвэж эсэргүүцлээ
илэрхийлсэн. 1932 оны бослогыг товчхондоо Монголыг хамарч хоёр жил өрнөсөн эсэргүүцлийн
хөдөлгөөний оргил үе гэж хэлж болно. Эсэргүү хөдөлгөөнийг дарах үеэр хэчнээн хүн
баривчлагдсан гэх мэдээ баримт бий. Зөвхөн нэгэнд нь баривчлагдсан хүмүүсийн 70
хувь нь нам, эвлэлийн гишүүн байсан. Завханы 612 хүнээс гэхэд л  40 хувь нь феодал, лам нар, 60 хувь нь иргэд байсныг
баримтаас харж болно. Тэр үеийн бослого улс төрийн зүтгэлтнүүд, нам эвслийн гишүүд
гээд нийгмийн бүх давхаргыг хамарсан.

-Зэвсэгт бослого гэж яриад байдаг байх
аа?

-Хувьсгалт намын удирдлагад
ирсэн мэдээнд 500 эсэргүү 40 буутай байсан гэж бичсэн байдаг. Ингээд бодохоор
13 хүний дунд нэг буу оногдоод байгаа юм. Тэгэхээр ямар юмных нь  зэвсэгт бослого байх вэ дээ. Гэтэл тэдний мэдээнд
“500 тооны эсэргүүтэй тулгарлаа. Тэднийг нисэх онгоцоор бөмбөгдлөө, танкаар хөнөөлөө,
хуягт зэвсгээр буудлаа, пулемётоор шүршлээ. Тэнд хичнээн хүн үхсэнийг мэдэхгүй”
гэсэн утгатай өгүүлбэр байдаг.

-Бослого яагаад, ямар шалтгаанаар, яг
хэзээ эхэлсэн бэ?

-1932 оны дөрөвдүгээр
сарын эхээр Хөвсгөл аймгийн Рашаант сумаас энэ эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн. Тэр
үед Монголын нийгмийг ерөнхийд нь зураглавал 
тус тусдаа малаа хариулж аж төрсөн хэдэн малчид л байлаа. Харьцангуй төвлөрсөн
газар нь хүрээ хийд. Хүрээ хийдэд шавилсан лам нар арав, хориороо нийлээд эсэргүүцлээ
илэрхийлснээр эхэлсэн түүхтэй. Өөрсдийг нь доромжилсон, дарамталсан байдал хэрээс
хэтрээд ирэхээр Монголын уламжлалт төрийн эсрэг, Монголын оюуны өмч зүйлсийн эсрэг,
монгол хүний эрхийн эсрэг түүхэнд байгаагүй бузар булай зүйл үйлдээд ирэхээр хүмүүс
тэсэж суухын аргагүй болно биз дээ. Ийм л шалтгаантайгаар эхэлсэн бослого. 1929
онд феодалын хөрөнгө хураах, хүрээ хийдийн жасын хөрөнгө хураах хоёр том кампанит
ажил өрнүүлсэн. Энэ ажил ард түмний дургүйцлийг ихээр хүргэсэн. 1928 онд намын
27 дугаар бүгд хурал болоод хамтрал коммун гэж байгуулж хүчээр хөрөнгийг нь хураагаад
хамтралд оруулсан. Хүмүүсийн бүх хөрөнгийг хурааж 10-30 айлыг нэгтгээд нэг хамтрал
коммун болгож улсын мэдэлд хөрөнгийг нь булааж авсан л даа. Ингэхээр хэн ч бухимдана
биз дээ. Одоо үеэр жишвэл “MCS”-ийн Оджаргал, “Женко” Баттулга, “Буян” Жагаа- гийн
үйлээ барж босгосон компанийг булаагаад тараагаад байгаатай ялгаагүй зүйл. Бурхан
шүтээн, хамгийн үнэтэй цайтай юмыг хурааж устгаад байхаар ямар санагдах вэ. Лам
нарыг хэрээс хэтэрсэн үйлдлээр доромжилж байсан. Тэсэж суухын аргагүй байдалд хүргэсэн
юм. Ингэж боссоны үүдэл шалтгаан нь ерөөсөө л Зөвлөлтийн төрийн бодлого. 1924 оны
наймдугаар сард  Ардын намыг байхгүй болгоод
Хувьсгалт намыг байгуулсан. Энэ тухай 1924 оны арванхоёрдугаар сарын 2-нд Ринчинов
гэдэг хүн бичсэн байдаг. Хуучин хувьсгалт нам яагаад нэрээ солив гэдэг асуудал үүнтэй
холбогдож гарч ирсэн хэрэг. Бодит түүх баримт нь байгаа учраас тэр л дээ.

-Бослогын гол төв нь аль аймгууд байв?

-Гол төв нь гэвэл
Хөвсгөлийн Тосонцэнгэл, Архангайн Тариат.

-Бослого эхлэнгүүт бусад нутгийнхан ч
эсэргүүцлээ илэрхийлж босоод эхэлсэн үү?

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл,
Архангайн Тариатаас эхэлсэн бослого дорхноо хүрээгээ тэлсэн. Хөдөлгөөн анх дөрөвдүгээр
сард эхэлсэн юм. Тэгээд намар хүртэл буюу аравдугаар сар хүртэл хагас жил үргэлжилсэн
байдаг. Ингээд зогсоогүй Монгол орны нэлээд газар нутгийг хамарсан. Эсэргүүнийг
дарах зохион байгуулалттай хөдөлгөөн өрнөж, галдан шатаалт зэргээр дарах бүх аргыг
хэрэглэж эхэлснээс хойш зургаа, долдугаар сард жаахан намжсан. Гэхдээ бүр зогсоогүй.
Аравдугаар сард л хөдөлгөөнийг бүрэн дарсан.

-Ард түмэн эсэргүүцлээ яаж илэрхийлж байсан
бэ?

-Анх 1929 онд Төгсбуянтын
бослого гэж гарч байсан юм. Дараа Улаангомын гэх мэтээр үргэлжилсэн. Хүн төвлөрсөн
газруудад “Байдал хэрээс хэтэрч байна шүү” 
гэж хэлж сануулсаар ирснийг эдгээр бослогуудаас харж болно. Тухайн үед гарсан
бослого бүрийг нухчин дарж харгислаж байсан. Дүрвэх, Төгсбуянт, Улаангом, Баянтүмэний
хөдөлгөөнийг дараад л, хядаад л байсан. Ингэж хайр найргүй харгислан дарж байсан
учраас тэмцэгчид тэрнээс ч илүү харгис зүйлээр тэмцэж эхэлсэн байгаа юм. Тэгээд
хувьсгалчид гээд байгаа хүмүүсийг алж эхэлсэн. Хоршоо сургууль, сумын захиргаа гээд  төвлөрсөн гурван газрыг галдан шатаасан.

-Ийм сүрхий өрнөсөн эсэргүүцлийг яаж ч
бодсон бослого гэхгүй юм байна даа. Тэгэхээр 1932 оны энэ түүхэн үйл явдлыг юу гэх
вэ?

-Нийт монголчууд Монгол
оронд тулган хүлээлгэх гэсэн Зөвлөлт засаглалын буюу Монголд тоглоомын засаг байгуулах
үйлдлийн эсрэг боссон нийтийн хөдөлгөөн байсан гэсэн дүгнэлтэд судлаачид санал нэгдсэн.

-Монголчуудыг хооронд нь хагаралдуулаад
байжээ дээ?

-Ерөөсөө Зөвлөлт засгийн
бодлого чинь монголчуудыг, нам засийн удирдлагыг хооронд нь хутган үймүүлж нэгийг
нөгөөгөөр нь хядуулж ирсэн байдаг.  Энэ талаар
Дилав  хутагтыг Тайваниас  Америкт аваачиж монгол судлалаар хичээл заалгаж
байсан О.Латтимор гэдэг Америкийн нэрт монголч эрдэмтний хэлсэн үг бий.
1920-1930-аад оны заагаар хэлсэн байдаг юм. “Харахад монголчууд л бүгдийг гардаж
хийж байна. Үнэн хэрэг дээрээ юу хийхийг нь оросууд хэлдэг юм байна” гэсэн үг. Улааны
хэнээрхэлээр л хийсэн зүйл. Оросууд үнэндээ Хятадтай байлдахгүй гэсэн. 1924 оны
байгуулсан гэрээгээр Монгол бол Хятадын хэсэг мөн гэсэн гэрээ байгуулсан улс. Монголын
тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэтэл авралын од гэж ярьдаг.

-Босогчдыг харгис аргаар дарсан уу?

-Хэл шинжлэлийн доктор
Чой Лувсанжав сонссон мэдээллүүдээ надад хэлдэг байсан юм. Тэрээр “Тариатын хүрээн
дээр Тариатын хүрээний лам нарыг модон байшинд чихэж оруулж байгаад байшинтай нь
амьдаар нь галдан шатаасан. Тэгж шатаахад хүрээний ноход хойд уулын орой дээр гараад
ульж байсан гэдэг. Үүнийг амьд ертөнцийн сүйрэл гэдгийг  ноход хүртэл өөрийн хэлээр хэлж байна шүү дээ”
гэж ярьж байсан нь санаанд тод байна.

-Ард иргэдийг хэн хядаж байсан юм бол?

-Монголын арми. Армийн
хэд хэдэн отряд тэнд очсон. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Бослого газар аваад тэлээд
ирэнгүүт хүчээр  дарахын тулд арми оруулсан.
Арми хичнээн хүн хядсаныг бүү мэд.

-Таны ярианаас бослогыг зориуд гаргасан
гэж ойлголоо?

-Энэ бослогыг босогчид
гаргаагүй. Босогчдыг ийм байдалд хүртэл турхирсан нь Монголд тулган хүлээлгэх гэсэн
Зөвлөлт засгийн олон жилийн бодлого. Монголчууд арван жил тэвчсэний эцэст боссон
юм. Ардын хувьсгалыг эсэргүүцсэн хүчин байна гэдэг ойлголтыг өгч баримт болгохын
тулд зориуд турхирсан. Дараа нь түмтийн эсэргүү, буриадын эсэргүү гээд бүгдийг нь
хүйгээр нь аймаглан устгасан. Тэгэхээр хүйгээр нь устгахын тулд санаатай хийсэн
үйлдэл байжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна.

-Зөвлөлт засаг энэ  бодлогоо яаж эхэлсэн бэ?

-Долдугаар сард Ардын
засгийг зарлахтай яг зэрэгцээд Монголын “Үндэсээ чөлөөлөх хөдөлгөөн”-ий удирдагчдыг,  энэ хөдөлгөөнд оролцогчдыг баривчлаад эхэлсэн
байдаг.  Үүний дараа наймдугаар сарын 25-нд
Хувьсгалт залуучуудын эвлэл гэж байгуулсан. Өнөөг хүртэл Залуучуудын хөдөлгөөний
анхны байгууллага намын дайчин туслагч гэж ярьсаар ирсэн. Гэтэл эдгээр нь Ардын
намыг устгах зорилготой хэт даврагчдын буюу Зөвлөлтийн төрийн бодлогоор хийсэн бүтэц
байсан. Үүнийг Коминтерны төлөөлөгч Ринчиновын удирдлагадаа бичсэн илтгэлээс  тодорхой харж болно. Тэр “Бид Залуучуудын эвлэлийг
гурван жилийн турш бэлтгэлээ. Ингээд эвлэл бэхжиж Ардын намыг устгахад их үүрэг
гүйцэтгэлээ” гэсэн байдаг. Тэгэхээр  1921
оны “Үндэсээ чөлөөлөх хөдөлгөөн”-ийг удирдсан улс төрийн хүчин 1920 оны зургадугаар
сарын 25-нд  байгуулагдсан Ардын нам гэсэн
үг. Тэгэхээр Монгол Ардын намын зорилго, Монголын эх орончдын зорилго бол “Үндэсээ
чөлөөлөх хөдөлгөөн” байсан. Гэтэл Зөвлөлт энэ хөдөлгөөнийг өөрийн зорилгод ашиглаж
хувиргасан.

-Бослогыг дарж байх  үеийн эмзэглэмээр  баримтууд их байдаг байх?

-Оросын сургагч Чибисовын
зүгээс Дотоод яамны хэлтсийн дарга эсэргүү хөдөлгөөнийг дарах отрядыг  толгойлж явсан Гиваапилд “Энэ сумаар бууд” гэж
сум өгсөн байдаг. Тэр нь химийн хорт бодисоор цэнэглэсэн сум байсан гэдэг. Гаваапил
тэр хорт сумыг хэрэглээгүй.  Хэрэглээгүйг
нь мэдээд  “Чи улс төрийн том алдаа хийлээ”
гэж загнаж байсан гэсэн. Энэ хэргээр хожим нь түүнийг Орост аваачиж цаазалсан. Энэ
мэт сэтгэл эмзэглүүлэм баримт цөөнгүй бий.

-Монголчуудыг өөрсдийг нь өөрсдөөр нь
хядуулсны цаад зорилго нь сэхээтнүүдийг тэр чигт нь устгаж, Монголыг үгийнхээ аясаар
явуулах гэсэн Зөвлөлтийн бодлого гэж ярьдаг…?

-Энэ хөдөлгөөнийг
гаргасан  зорилго нь ерөөсөө энэ шүү дээ.
Монголын сор болсон удирдагч сэхээтнийг аймаглан устгах гэж л тэгсэн. 1924 онд Ардын
засаг ялаад гурван жил өнгөрөхөд 1921 оны долдугаар сард байгуулагдсан байнгын Засгийн
газрын таван гишүүний дөрвийг буюу  Ардын
намын анхны долоогийн дөрвийг  цаазалсан.
Ингэж Ардын намыг гурван жилийн дараа устгасан юм. 1931 онд МАХН-ын төв хорооны
71 дүгээр тогтоол гэж гарсан. Хүрээ хийд, лам нарыг устгаж дуусгахын тулд шүүх,
дотоод яамны байгууллагынхан хоорондоо уралдаантайгаар лам нарыг устгаж дуусга гэсэн
агуулгатай тогтоол.

-Зөвлөлт засгийн унагах гэж хичээгээд
байсан Монгол ардын нам ямар бодлого барьж байсан бэ?

-1920 оны зургадугаар
сарын 25-нд байгуулагдсан МАН-ын тангаргийн бичиг гэж мөрийн хөтөлбөрт  нэгдүгээрт, алдагдсан эрхээ сэргээнэ гэсэн өгүүлбэр
байдаг. Гамингийн эрхшээлд орчихоод байсан учраас улсаа гадаадын түрэмгийлэгчдээс  чөлөөлье гэсэн хэрэг. Хоёрт, шашин үндэсээ сэргээн
мандуулна гэсэн. Монголчуудын зорилго ийм байхад шашныг нь устгана гэхээр яах нь
тодорхой. Хүрээ хийдийг сүйтгээд лам нарыг нь байж суух аргагүй хөөгөөд эхлэхээр
дургүйцнэ биз дээ. Гуравт, дотоод засаглалыг сайжруулна гэсэн. Тодруулж хэлбэл  баян хоосны ялгаа, нийгмийн анги давхарга хоорондын
зөрчлийг үгүй болгоё гэсэн  л дээ. Хөлс хүч
өгөхгүй боолчилж байсныг арилгах гэсэн санаагаар хийсэн заалт. Үүнд феодалын эсрэг
гэсэн ямар ч ойлголт байгаагүй.

-Оросын зүгээс Монголыг “устгаж”, өөрсдөөсөө
хараат байлгахын тулд яг ямар бодлого барьж байсан бэ?

-Монгол үндэстэн үндэстний
хувьд оршин тогтнохын эсрэг үйлдэл байсан л даа. Монгол үндэстэн оршин тогтнох хоёр
үндэс байдаг. Нэгдүгээрт, уламжлалт төрт ёсны ухаан. Энэ нь хүн төрөлхтөнд монголчуудын
өвлүүлсэн ёс шүү дээ. Төрт ёс гэдгийг Чингэс хаан өвлүүлсэн гэдгийг дэлхий нийтээр
хүлээн зөвшөөрдөг. Зөвлөлт төр үүний  эсрэг
байсан юм. Хоёрт үндэсний уламлалт шашин. Төрт ёс, уламжлалт шашин хоёр улс оршин
тогтнохын тулгуур байдаг. Энэ хоёрын эсрэг байсан юм. Үндэстнийх нь хувьд л устгах
гэсэн бодлого байгаа юм. 

-Хядлагын үеэр хичнээн хүн амь үрэгдсэн
талаар бодит тоо гаргах боломжгүй юм байна. Таамаг тоо байдаг уу?

-Цуварч ирсэн мэдээгээр
л бодож гаргаж байгаа. Рашаантын хүрээнд 204 хүнийг баривчлаад 54-ийг нь цаазаллаа,
мөргөлдөөний явцад хичнээн хүн үрэгдсэнийг тооцоогүй гэсэн мэдээ байгаа юм. Дараа
нь Өлзийбатын отрядад Бичигийн орчим 100 гаруй хүн, Тариат хавьд 600 хүн, Хөнжил
голын орчимд 500-гаад хүн нийлээд 1200 гаруй хүнтэй мөргөлдсөн байгаа юм. Үүнийг
нисэх онгоц хуягт зэвсэг хэрэглэж дарсан. Хичнээн хүн алагдсаныг мэдэхгүй. Гиваапилийн
отряд Жалханзын (жалханз хутагт)хүрээ орчим 300 гаруй хүн, Тэсийн хүрээ орчим
1500 гаруй хүнтэй тулгарлаа, үүнээс 100 гаруйг нь цаазалсан гэсэн байгаа юм. Наймдугаар
сард Хөвсгөлөөс 1500 хүн олзолсноос  285-ыг
нь цаазалсан, 75 хувь нь нам эвслийн гишүүд байсан гэсэн тоо байдаг. Нийтдээ
3600 хүн болж байгаа биз. Сүүлчийн мэдээгээр 2717 болж нэмэгдсэн байдаг. Хэд үхсэнийг
мэдэхгүй гэсэн мэдээнүүд тун олныг өгч байсан байгаа юм.

-Олон л хүн үрэгдэж дээ. Хүмүүсийн таньж
мэддэг алдартай хүмүүс амь эрсэдсэн баримт байна уу?

-Завханд болсон байлдааны
үед С.Шагж аварга алагдсан байдаг. Бөхийн холбооноос аварга гэж зарлаад байгаа хүн
шүү дээ. Тэр хүн улсдаа нэг удаа дөрөвт үлдээд дөрвөн жил дараалаад улсын наадмын
тэргүүнд явсан бөх. Ардын цэргийн суманд оногдож үхсэн баримт бий.

 С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Батсайхан: Улсын баяр наадмыг морин хуурынхаа аялгуугаар 36 жил нээлээ

Монгол Улсын Ардын
жүжигчин, морин хуурч Ч.Батсайхантай ярилцлаа. Тэрээр уртын дуу болон ардын
дууны татлагуудыг чадвар­лаг тоглодог цөөхөн хөгжимчдийн нэг. Ялангуяа  түүний тоглосон Төрийн хошой шагналт
Н.Жанцанноровын морин хуур, симфони найрал хөгж­мийн концертыг хөгжим
сонирхогчид гайхамшигтай тоглосон хэмээн ярьдаг билээ.

 -Сүүлийн үеийн уран бүтээлийн
сониноосоо хуваалцахгүй юу?

-Манай Үндэсний
дуу бүж­гийн чуулга жилд 2-3 бүтээл туурвидаг. Энэ жил “Морьтон Монголын
аялгуу” хэмээх тог­лол­тоо ард түмэндээ хүргэхээр ерөнхийдөө бэлэн болоод
байна. Энэхүү тоглолт Монгол орны маань ахуй амьдрал шингэсэн маш сайхан
тоглолт болно. Учир нь Монголын сор болсон уран бүтээлчдийн сор бүтээлүүд
тоглолтод тавигдах юм. Тухайлбал, хамгийн анхны бүжгэн жүжиг “Нарны домог”,
Мэнд-Амарын “Монгол бахархал”, Нацагдоржийн “Нүүдэл”, Шаравын “Алтан ураг”,
Мөнхболдын “Их хатдын дууль”, Жанцанноров гуайн бүтээлүүдээс тоглогдоно. Үүнээс
гадна сонгодог бүтээ­лүүд, морины тухай бүтээ­лүүд тоглогдохоороо энэ удаа­гийн
тоглолт онцлог болох юм. Тоглолтын ерөнхий удирдаа­чаар Буянбаатар мөн Цэдэн-Иш
ажиллаж байгаа. Тоглолт энэ сарын 20, 21-нд болно.

-Хувийн уран бүтээ­лээсээ
сонирхуулаач?

-Соёлын гавьяат
зүтгэлтэн Л.Балхжав надад зориулаад “Талын Монгол айл” дууны аяыг морин хуураар
бичиж өгсөн. МУГЖ Т.Ариунаа энэ дууг ард түмэнд хүргэсэн шүү дээ. Энэ дууны
морин хууртай хэсгийг би анх тоглож байсан юм. Харин энэ дууны аяыг бүтнээр нь
морин хуураар тоглоход бас ямар сонсогдох нь сонирхолтой байх болов уу гэж
бодож байна. Тиймээс энэ удаагийн тоглолтод анх удаа энэхүү уран бүтээлээ
үзэгчдийн хүртээл болгох болно.

-Морин хуур уртын дуу хоёр зайлшгүй
хамт оршин тогтнодог. Энэ утгаараа та олон сайхан уртын дуучидтай уран бүтээлд
хамтарч байсан болов уу. Тэрхүү дурсамжаасаа яриач?

-Би анх 1978 онд
Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Ардын дуу бүжгийн чуулгад орлоо. Тэр үед уртын
дуучинтай хамтран тоглож үзээгүй байсан юм. 1979 онд гавьяат жүжигчин, уртын
дуучин Сүглэгмаатай Энэтхэг явж тайзан дээр анх уртын дуутай нийлж үзлээ.
Тэгсэн манай уран сайхны удирдагч байсан Д.Лувсаншарав гуай “Морин хуур уртын
дууныхаа ард дагаж явдаг юм. Чи зохиолын дуу шиг зэрэгцээд байна. Уртын дуу
сайн мэддэг хүн л дуучнаасаа түрүүлдэг юм” гэж билээ. Уртын дууг мэддэггүй хүн
дуучнаа сонсч араас нь дагаж аяа тоглодог. Тэр болгон хөгжимчин дуучинтай
зэрэгцэхгүй. Би уртын дууг нэлээд сайн ойлгож, мэдэрч хөгжимдөж сурсан хэрэг.
Хөгжим бүжгийн коллежид байхад морин хуурын багш Төрийн шагналт, Ардын жүжигчин
Г.Жамъян “Та нар морин хуурыг гадны сонгодог аятай хослуулна гэж томордог.
Уртын дуу өөрөө морин хуурын сонгодог зохиол. Уртын дуу сайн тоглож сур” гэж
захидаг байсны гавьяа байхгүй юу. Түүнээс хойш Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат
жүжигчин Лхамжав, Түвшинжаргал, гавьяат жүжигчин Сарантуяа, Баттөмөр, Базарбат
зэрэг олон сайхан уртын дуучинтай хамтарч тоглосон. Гавьяат жүжигчин Лхамжав
гуайтай “Жаахан шарга” дууг тоглодог байлаа. Түүнчлэн Төрийн шаг­налт,
Хөдөлмөрийн баа­тар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайн олон ч уран бүтээлийг
тоглож байсан даа. Дуучин болгоны нугалаа өөр өөрийн онцлогтой. Тэр болгоныг
сурна гэдэг маш их туршлага байхгүй юу. Түүн дээрээ тулгуурлаж хөгжмөө
тоглохдоо өөрөө бас тохируулж нугалаа гаргаж сурна.

-Зууны манлай дуучин Н.Норовбанзад
гуай дуугаа дуулахдаа Ардын жүжигчин Ц.Батчулуун та хоёрыг л хуурчнаараа
сонгодог байсан гэж сонссон?

-Н.Норовбанзад
гуай бид хоёртой л уртын дуугаа дуулна гэж уран сайхны зөвлөлд хандсан удаатай.
Шархүүхэн гуай доод өнгөө тод гаргадаг байхад Н.Норовбанзад гуай дээд өнгөө их
мундаг гаргадаг. Тиймээс дуучныхаа цар хүрээ, өнгөнд нь тохируулж хуурдана
гэдэг хуурчаас их ур шаарддаг. Дуучныхаа дуулж байгаа дууны аяыг нэг барилаар л
ингэх ёстой гээд тоглоод байвал хөгжимчин хүн хөгжихгүй. Харин ч өөрийнхөө арга
барил, сурсан зүйлийг дуучныхаа онцлогт тааруулж мэдрэмжтэй байх хэрэгтэй.
Тэгээд ч Норовбанзад гуайг дуулахад ард нь хуурдаж байгаа миний гар аяндаа
дагаад тоглодог. Норовбанзад гуай уртын дууг оргилд нь хүргэчихсэн, байгалиасаа
заяасан авьяастай хүн. Нэгэнт оргилд нь хүргэсэн зүйлийг хойч үе нь тэр
хэмжээний авч явна гэдэг их хэцүү. Өнөөдөр маш олон уртын дуучин байна. Гэхдээ
Норовбанзад гуайн хэмжээнд хүрэх болоогүй санагддаг. Ялангуяа уртын дуучид нас
ахих тусам хоолой задардаг гэдэг. Норовбанзад гуай бол 50 нас гарч байж хоолой
нь илүү задарч цээлхэн болсон. Тиймээс манай өнөөгийн дуучдад ахиад ажиллах
олон жил байна гэсэн үг. Тухайн үеийн хуурчид дундаа бид хоёрыг зууны манлай
уртын дуучин тоосонд үнэхээр хувь тохиол гэж боддог. Хамгийн сүүлд Норовбанзад
гуай есөн дуутай уртын дууны CD гаргасан юм. Би бүх дууных нь аяыг тоглосон.
Тэгэхэд л есөн уртын дууг нэг дор ердөө 20 минутын дотор л бичүүлчихсэн. Гэтэл
одооны дуучид чинь нэг дууг бараг дөрөв таван цаг бичүүлэх тохиолдол байна. Ард
нь тоглож байгаа хөгжимчин хүртэл залхдаг байхгүй юу. Бид хоёр олон ч уран
бүтээлд хамтарч гадна, дотны тоглолтод оролцож явлаа. Энэ гавьяаг үнэлээд
Норовбанзад гуайн нэрэмжит шагналыг олгож байсан. Энэ бол хөгжимчин хүний хувьд
нэр төрийн хэрэг.

-Чадварлаг хуурчид бол шинэ дуучдыг
дагуулах үе бас байх уу?

-Байлгүй яахав.
Морин хуурийн ая дууны дундуур орх, гарах үе байна. Заримдаа морин хуур орж
түрнэ. Араас нь хөөнө, зарим газраа түрүүлнэ. Шинэ дуучид бидний тоглож буй
аяыг сонсоод хөтлөгдөх үе ч гардаг. Дэлхийн өөр хаана ч дагаж явдаг хөгжим
байдаггүй. Үүгээрээ морин хуур агуу, энэ нь миний сонирхлыг анх татсан. Анх
морин хуурч болно гэж бодоогүй байсан. Аав, ээж маань Сүхбаатарын Дарьганга
сумын хүмүүс. Урлагийн салбарт ажилладаггүй мөртлөө бага байхад ээж ямар ч
билээ нэг хөгжим авч өгсөн юм. Тэгээд намайг Хөгжим бүжгийн коллежид оруулсан.
Тухайн үед үлээвэр хөгжмийн ангид орох гэтэл багш нь “Амаа ангай” гэснээ “Чи
тэнцэхгүй” гэж билээ.

-Яагаад?

-Шүд тэнцэхгүй
орсогой байхгүй юу/инээв/.

-Тэгээд аргагүй эрхэнд морин хуурын
ангид орсон байж ээ?

-Яахав надад
байгалиас заяасан жаахан ч гэсэн авьяас байна гэдгийг миний багш алдарт морин
хуурч Г.Жамъян харсан байж л дээ. Намайг дагуулаад ангидаа орсон. Тэр цагаас
хойш морин хуурнаас салсангүй дээ.

-Өнөөг хүртэл ҮДБЭЧ-ын гоцлол хуурч
явлаа. Энэ хугацаанд тоглосон бүтээлээс тань хамгийн их сэтгэлд тань үлдсэн
бүтээл юу байна вэ?

-Анх төгсөөд
удаагүй байхдаа “Үүлэн бор” зохиолыг Мэнд-Амарын баяжуулж найруулснаар тоглож
ард түмэнд хүргэж байлаа. Намайг ард түмэнд таниулсан бүтээл. “Үүлэн бор”-ыг
тоглосноос хойш Батсайханы “Үүлэн бор” гэдэг болж. Одоо ч энэ тэнд арга
хэмжээнд очихоор “Үүлэн бор”-оо тоглооч гэдэг. Эндээс харахад  зохиолыг их, бага гэж голох бус сэтгэлээсээ
тоглож л үзэгчдэд хүргэх юм бол хүний сэтгэлийг хөнддөг юм болов уу гэж боддог.
Тэрнээс зохиолыг их, бага гэж голдоггүй. Хичнээн мундаг алдартай том зохиолыг
тайзан дээр тоглоод үзэгчдэд хүрэхгүй үе байна шүү дээ. 

-Анх чуулгын босгыг яаж давж байв
даа. Хүссэн хөгжимчин бүр чуулгад ороод байдаггүй гэдэг?

– Дөнгөж Хөгжим
бүжгийн коллежийг төгсөөд байтал Монгол Зөвлөлтийн их наадам болдог байсан. Тэр
наадамд би морин хуураар Сенсани /хун/ гээд балетын аяыг дуурийн театрт
тоглосон юм. Тэгэхэд миний ард чуулгын оркестр тоглож байлаа. Тэднийг хараад би
“Ямар гоё юм бэ. Чуулгад орох юмсан” гэж бодсон. 1978 онд уралдаан болоод дэд
тэргүүн байр эзэлчихлээ. Тэгсэн чуулгад хуваарилсан. Тухайн үед УГЗ Цэрэндорж
багш намайг хөгжим бүжигтээ багшаар үлдээнэ гээд харин Жамъян багш чуулгын
хөгжимчин болгоно гэж маргалдсан байгаа юм. Цэрэндорж багш дараа нь надад
“Жамъян багшийн зөв байжээ” гэж хэлж байсан удаатай. Өөрөө чуулгын хөг­жим­чин
болохыг хүсч байсан болохоор уралдаанд хичээж, их эрч хүчтэй тоглосон байх.
Ингээд чуулгад орлоо. Тэгсэн чуулгад морин хуурын оркестрын суудалд намайг
суулгахдаа Батчулууны хажууд тэргүүн эгнээнд суулгадаг байгаа. Нөгөө чуулгад
орохыг хүсч байсан хүүхэд чинь олон жил ажилласан хөгжимчдийн тэргүүн эгнээнд
суусандаа эмээгээд болдоггүй. Уг нь уралдааны ач холбогдлоороо нэгдүгээр эгнээнд
суулгасан байж таарахгүй юу. Тэр явдал надад их урам зориг, магадгүй өнөөдрийн
энэ амжилтад хүрэх эрч хүчийг өгсөн байх.

-Таны хувьд Ардын жүжиг­чин хэмээх
эрхэм цолыг хүртсэн. Хөгжимчид ялангуяа оркестрын дундаа олонд танигдана гэдэг
амаргүй байдаг болов уу?

-Миний багш
Г.Жамъян Төрийн шагналт, Ардын жүжигчин. Мөн багшийн минь шавь Ц.Батчулуун
Ардын жүжигчин. Энэ хүмүүс бол морин хуурыг хосгүй эзэмшсэн. Харин миний хувьд
1993 онд гавьяат, 2009 онд Ардын жүжигчин болж байлаа. Хөгжимчин ардын жүжигчин
ховор. Тоглогчийнхоо үүргийг гүйцэтгээд Ардын жүжигчин  цол хүртсэн нь намайг гэж багш минь хэлдэг.
Одоо энэ оркеструуд, найрал хөгжим дунд надаас өөр Ардын жүжигчин битгий хэл
гавьяат байхгүй. Би чуулгад орсон цагаасаа эхлээд л морин хуурын оркестрын
тэргүүн эгнээний хөгжимчиний үүрэг гүйцэтгэж байна. Ер нь хөдөлмөр байгаад
авьяас байхгүй бол хэцүү л дээ. Миний хувьд ямар нэгэн тоглолт, концерт,
уралдаан тэмцээнд өөрийнхөө давуу талыг харуулахын тулд их хөдөлмөрлөдөг
байсан. 

-Таны морин хуураар улсын баяр наадам
нээлтээ хийдэг. Хичнээн жил наадмыг нээж хуураа татаад байна вэ?

-Их найрал хөгжим
бол улсын нүүр царай байдаг. Үндэснийх нь урлагаар тухайн улсыг дүгнэдэг. 36
жил улсын баяр наадмын нээлтийн концертод тоглож наадмыг морин хуураар
эхлүүлсэн байна. Манай симфони оркестрын хөгжимчид, хамт олон бол маш их
авьяастай, чадварлаг хөгжимчид. Бид зөвхөн улсын баяр наадам гэлтгүй төрийн
айлчлал, хүндэтгэлийн арга хэмжээ гээд маш олон ёслолыг уран бүтээлээрээ нээж
яваа их хувьтай хүмүүс.

-Морин хуураа татахад таньд хамгийн
түрүүнд юу  буудаг вэ?

-Морин хуураа
бариад суулаа татлаа нэг их сайхан тал нутаг, амгалан тайван хөдөөгийн амьдрал,
морин дээл дээр хийсэх хязгааргүй эрх чөлөө шууд буудаг. Манайхан монголдоо
морин хуураа ойлгохгүй хэрнээ гадаадад очоод амьдарч байхад нь тоглолтоор
очиход морин хуурын аялгуу сонсмогцоо уйлцгаадаг. Учиргүй сүйд болдог. Морин
хуур бол бидний үндэсний хөгжим. Үндэсний хөгжим нь аливаа улсынхаа уламжлал,
ёс заншил, амьдрал ахуйг тусгасан, илэрхийлсэн байдагтай холбоотой шүү дээ. Тиймээс
би ирээдүйд морин хуураа дэлхийн хэмжээний хөгжим болгож түгээхийг хүсдэг. Хийл
хөгжим Италид анх үүссэн болохыг хүн бүр мэддэг. Тэгсэн хэрнээ аль ч оронд
сонирхож тоглодог, бараг чадахгүй хүн ховор болтлоо түгсэн байна шүү дээ.

-Морин хуурын сонгодог аялгуу гэж
болохоор ямар бүтээлүүд байдаг вэ?

-Шубертын
(Серенада), Сенсани (хун), Дворжак (аялгуу), Чайковский (Анданте кантабиле)-г
морин хуурын дөрвөл, Броме (Унгар бүжиг)гээд нэрлэж болно л доо. Морин хуур
хөндий утастай. Хөндий утастай учраас нугалаа хийнэ. Хоёрхон утастай хол
даралттай хөгжмөөр дөрвөн утастай хийлийн сонгодог бүтээлийг бүрэн тоглоно гэж
байхгүй. Ер нь морин хуурын сонгодог зохиол бол уртын дуу. Бололцоотой хэсгийг
л тог­лодог. Хэзээ ч бүтэн сонгодог зохиолыг морин хуураар тогло­но гэж
байдаггүй. Харин морин хуурын даралтад зориулсан хэсэгхэн тоглолтыг л тоглодог.
Гэтэл сүүлийн үеийн залуус морин хуураар сонгодог бүтээл толгочихлоо гээд
ардынхаа юмыг хаях гээд байдаг. Гэтэл уртын дууны­хаа аяыг тоглохдоо нотноос
хэтэрдэггүй. Гэтэл тэрийг чинь өөрөө донжийг нь тааруулж, мэдрэмжээрээ тоглож
болно шүү дээ. Тэгсэн хэрнээ сүүлийн үеийн хүүхдүүд уртын болон ардын дууны
бүтээлээс тоглуу­лахаар дургүй шинжтэй харагддаг.

-Та ингэхэд хичнээн шавь­даа авьяасаа
өвлүүлж байна даа?

-Тоглогч хүнд нэг
зовлон байна. Чуулгад ажиллаж байхдаа багшилна гэж байхгүй. Байнга гадагшаа,
дотогшоо тоглолтоор явна. Амьтны хүүхдийн амьдрал ахуйгаар тэгж тоглоод яахав.
Харин сүүлийн морин хуурын дөрвөн CD нэг DVD гаргаад амжсан. Үнэндээ манайд
морин хуурын цомог гэж бараг байхгүй. Би саяхан 26 дуутай морин хуур, уртын
дууны цомог гаргасан анхдагч байх шүү.

-Та хичнээн морин хуур сольсон бэ.
Хуучны хөгшчүүл морин хуур удах тусмаа аялгуу нь тодордог гэж ярьдаг юм билээ?

-Насан туршдаа
хоёр л хуур сольсон. Нэг нь Батсайханы “Улаан хуур” гээд нэрлэчихсэн анхны
модон цартай хуур. Хүмүүс андахгүй. Бирваа, Жүгдэр гээд хоёр урлаач урласан
байдаг. 40-өөд жил барьсан. Хөгжим бүжигт ороход л Жамъян багш өгч байсан юм.
Энэ сайхан хуурынхаа буянаар Энэтхэг, Шри Ланк, Швецарь, Франц, Итали зэрэг
гадаадын 30 гаруй оронд очиж, эх орноо хэдэнтээ тойрлоо шүү дээ. Одоо элэгдээд
200 гаруй нөхөөстэй болчихсон. Тийм болохоор гэртээ нандигнаад хадгалчихсан.
Мод чинь олон жил болох тусам бараг өөрөө дуу орж, илүү уянгалаг болдог гэдэг
нь үнэн.  Гэхдээ хуучин хуураа хадгалаад
сая Энхболд гээд урлаач залуугаар шинэ хуур хийлгэсэн.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарсайхан агсны ах Д.Наранбаатар: Талийгаачийг овог нэрээр нь дуудаад ял сонсгоход тэсмээргүй байсан


хадам ах Д.Наранбаатартай ярилцлаа.

-Монголын шүүх нас барсан хүнийг шүүж байгаа нь их эвгүй харагдаж байсан. Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Анхан шатны шүүх шигээ талийгаачийг амьд байгаа юм шиг яллаж, тогтоол уншиж байна уу?

-Талийгаачийг минь шүүх хуралдаанд хоёр удаа суулаа. Бурханы оронд очсон хүнийг шүүж байгаа тийм зүйлийг над мэт энгийн хүн бол ойлгохгүй юм билээ. Хуульчдаас асуухаар тухайн хүн нас барсан бол хэргийг нь тусгаарлаад хэрэгсэхгүй болгодог гэсэн. Тэгтэл талийгаачийг амьд хүн шиг овог нэрээр нь дуудаад, ял сонсгож байгааг сонсох нь үлдэж хоцорсон хүмүүст тэсмээргүй мөч байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ч нэр усаар нь цоллосоор байгаад л ялын тогтоол уншлаа.

Талийгаачийн өмгөөлөгч хэргийг хэлэлцүүлэх хүсэлт тавьсан юм уу?

-Төр иргэнээ шоронд хорьж, хамгаалалтандаа авчихаад амь насанд нь хүрчихлээ. Талийгаачийг яллагдагчаар татсан тогтоол байхгүй, сэжигтнээр татагдсан, хүн учраас гэм буруугийн асуудлыг ярих боломжгүй. Тийм учраас гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй байх ёстой гэж өмгөөлөгч нь анхан шатны шүүх хурал дээр хэлсэн ч хүлээж авалгүйгээр шийдвэрээ гаргачихсан. Улмаар талийгаачийг гэм буруутайд тооцоод нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Нэгэнт гэм буруугийн асуудал шийдэгдсэн учраас өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр цагаатгах байр сууринаас оролцохоос аргагүй болсон. Ингэхдээ өмгөөлөгч хоёр үндэслэлээр цагаатгах байр сууринаас хуралдаанд оролцсон. Нэгдүгээрт талийгаачийг яллагдагчаар татаагүй, сэжигтэн байхад нь шүүчихсэн. Хоёрдугаарт, авлига авсныг нь нотлох ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан.

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Өмгөөлөгч “Энэ хүн яллагдагч мөн бол ял сонсгосон тогтоол нь хавтаст хэргийн хаана нь байна вэ” гэдэг асуудлыг ярьсаар байгаа. Давж заалдах шатны хурал дээр шүүгчид үүнийг улсын яллагчаас тодруулж асуусан. Улсын яллагч “Яллагдагчаар татсан тогтоол байхгүй” гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талаас шүүгч “..Шүүх таамгаар асуудалд хандахгүй, зөвхөн нотлох баримтанд тулгуурлаж хэргийг шийднэ. Газрын тосны талбайн сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөд авлига авсан гэдгийг нотлох баримт бий юу?” гэхэд улсын яллагчаас “Байхгүй” гэж хариулсан. Нэг нь сануулж, нөгөө нь хүлээн зөвшөөрөөд байхад шүүх ял өгөөд байгааг ойлгохгүй юм.

Улсын яллагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа зөрчиж сэжигтэнг шүүхэд шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?

-“Яллагдагчаар татах тогтоолыг хэн үйлддэг юм бэ” гэдгийг шүүгч тодруулж асуусан. Мөрдөн байцаагч тогтоол үйлдэх ёстой, гэхдээ тэр тогтоол нь хавтаст хэрэгт байхгүй гэдгийг улсын яллагч хуралдаан дээр хэлсэн. Тэр тогтоолыг үйлдсэн юм уу, эсвэл байсан тогтоол хавтаст хэргээс алга болчихсон юм уу гэж шүүгч лавлаж асуусан. Улсын яллагч тийм тогтоол байсныг өөр хоёр өмгөөлөгчийн мэдүүлгээр нотлогддог гэж хариулж байна лээ. Гэхдээ анхан шатны шүүх дээр нотлох баримт нь гарч ирээгүй шүү дээ.

Өмгөөлөгчид Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд татгалзсан. Нэгэнт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хэргийг хэлэлцсэн учраас гэм буруутайд тооцох л байсан гэдэг хардлага танд байдаг уу?

-Анхан болон давж заалдах шатны шүүхэд итгэх итгэл үнэхээр алдагдсан. Шударга байх, ариун тунгалаг, хараат бус байх ёстой шүүх ийм эмгэнэлтэй байгаад харамсч байна. Шүүгч гэдэг чинь хүн шүү дээ. Түүнд хүний ухамсар, ёс зүй байж л таарах байх. Гэтэл тэд арьсаа хамгаалсан, утсан хүүхэлдэй шиг асуудалд хандаж байгаа нь харагдах юм. Ийм байгаа нь нэр бүхий хэдхэн шүүгчийг улам бүр ичгэвтэр харагдуулж байна шүү дээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн зарим шүүгч өөрсдийгөө хамгаалахын тулд талийгаачид холбогдох хэргийг өөрсдөө хэлэлцсэн гэж үү?

-Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд талийгаачийн ар гэр болон өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүн болон прокуророос татгалзсан. Гэтэл тэд өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг хаацайлахын тулд хүсэлтийг хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Дэндүү увайгүй улайрсан нь өөрсдийгөө хамгаалж хаацайлах биш харин ч шүүхийг ёс зүйгүй, шударга биш харагдууллаа шүү дээ. Хүний хувь заяаг шийддэг шүүхэд ашиг сонирхлын зөрчил огт байх ёсгүй. Гэтэл ар гэрийнхэн нь тухайн шүүхийг хүн амиа алдахад хүргэсэн гэж үзсэн учраас өмгөөлөгчөөрөө дамжуулж татгалзсан шүү дээ. Прокуророос ч татгалзсан. Яагаад гэвэл талийгаачийг Цагдан хорих ангид хорих хүсэлтийг шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа прокурор өөрөө гаргаж, шүүх хуралдааныг даргалсан шүүгч өөрөө баталсан байдаг. Тэдний шийдвэрээр шоронд хоригдсон хүн төрийн хамгаалалтад амиа алдсан. Ийм байхад уг прокурор болон шүүгчээс татгалзах хүсэлтийг Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авч шүүх бүрэлдэхүүнийг солих ёстой байтал нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан нь шүүхийг тэр чигт нь муухай харагдуулчихлаа. Хэрвээ тэд “Нээрээ бид татгалзах ёстой шүү” гэдэг байдлаар хандсан бол Монголын шүүх ард түмний дунд шударга харагдах байсан юм.

-Анхан шатны шүүх хуралдааны үеэр талийгаачийн ар гэрийнхний нэг “Шүүгчид ядаж эмгэнэл илэрхийлчихээд гэм бурууг нь ярихгүй дээ. Энэ бол хүн ёсны л асуудал” гэж ярьсан нь сэтгэл эмзэглүүлж байна лээ. Шүүх шударга байснаас ухаалаг байх нь дээр гэдэг үүн дээр ч харагдаж байх шиг байсан.

-Төр төмөр нүүртэй гэдгээр шүүх хандсан юм байгаа биз дээ. Үндсэн хуульдаа заасан хүнлэг, энэрэнгүй байдал бүх л шатанд илэрч баймаар юм. Гэтэл шүүгчид шууд л улайрсан.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчдийн нэг “Энэ хэрэг анхнаасаа улстөржсөн” гэж ярьж байна лээ. Улстөржсөн гэхээсээ илүү шүүх шүүгчдээ хамгаалсан асуудал яригдах болов уу?

-Хуралдаанд оролцсон шүүгчид шүүхээ, шүүгчээ хамгаалж байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийнхээ алдаа дутагдлыг дараагийн шатных нь шүүхүүд засдаг гэж ойлгож байлаа. Гэтэл анхан шатны шүүх ашиг сонирхлын зөрчилтэй, хэргийг өөрсдөө шийдэж алдаа гаргачихаад байхад “Нас барсан хүн босч ирэх биш” гэдэг байдлаар хандаад байгааг шүүх шүүхээ хамгаалж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Талийгаач МАН-ын бага хурлын гишүүн байсан учраас улс төртэй холбох ёстой юм болов уу. Эсвэл шоронд амиа алдсан учраас хуулийнхан улс төр гэдэг үгээр халхавчлах шаардлага гарсан юм болов уу?

-Ерөөсөө улс төр орно гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. Шүүх засаглалд улс төр нөлөөлдөг, халхавчлах үндэслэл болчихсон юм уу, ойлгохгүй байна. Шүүхээр шийдэж байгаа хэрэгт улс төр орох ямар ч шаардлагагүй баймаар юм. Улс төр гэдгийн ард хэн байх ёстой юм. Тэр хүн шоронд нас барсан нь нэг хэсэг хүнийг гэм буруутайд тооцох нөхцөл үүссэн учраас өөрсдийнхөө арьсыг хамгаалах үйлдлээ “улс төр” гэдэг хий хоосон зүйлээр халхавчлаад байна уу.

Шүүгчид арьсаа хамгаалж “Нас барсан хүн босоод ирэх биш” гэдэг байдлаар хандсан гэж үзвэл талийгаачтай хамт шүүгдсэн гурван хүн хэлмэгдэж байгаа юм биш биз. Хэрвээ Д.Амарсайхан агсан хорих ангид нас бараагүй бол шүүх гэм бурууг нь шударгаар шүүх байсан гэх бодол төрөх юм уу?

-Магадгүй. Талийгаачийг гэм буруутай байсан шүү гэдэг ойлголтыг өгч, өөрсдийгөө бага ч болов хамгаалах үүднээс ял өгөх гээд байна уу гэдэг таамаглал бий. Хэрвээ талийгаач амьд байгаад, шүүх хуралдаан дээр өөрөө өөрийгөө хамгаалах мэдүүлэг өгсөн бол үр дүн нь өнөөдрийнхөөс өөр гарах байсан гэдэгт итгэлтэй байгаа. Талийгаачтай хамт шүүгдсэн гурван хүний хоёр нь цагаадсан. Тэгсэн атлаа цагаадсан хоёр хүний нэг нь гурван өрөө байраа улсад хураалгаад хохирчихоод сууж байна шүү дээ. Талийгаачид авлига өгсөн гээд байгаа Х.Анхбаяр гэдэг залуу эрүүл мэндээрээ хохирч, 461-р хорих ангид байх үедээ хавдартай болж, түүнийгээ мэс заслын хагалгаанд орж эмчлүүлсэн ч дахин хавдар сэдрэн өөр газарт гарсан, хоёр бөөрний үрэвсэлтэй болсон тухайгаа шүүхэд мэдүүлж, хүсэлт гаргасан ч авч хэлэлцээгүй. Энэ мэт ноцтой асуудал олон бий. Тэр залуугийн бие маш муу байгаа учраас дахиад муу мэдээ сонсогдох вий дээ гэж болгоомжилж байна.

Талийгаачийг гурван өрөө байр авлигад авсан гэх хэргээр шүүсэн. Анх Х.Анхбаяр гэдэг хүнийг шалгаж байтал түүний байранд талийгаач амьдарч байсан гэдэг асуудал яригддаг. Тэр ямар учиртай байр юм бэ?

-Талийгаачийн дүү Чандмань гэдэг залуу Анхбаярын компанид ажилд орохоор тохиролцохдоо гурван өрөө байрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан юм билээ. Чандмань, Анхбаяр хоёр олон жилийн өмнө Германд танилцсан юм билээ. Үүнд талийгаач ямар ч хамаагүй. Чандмань тэр байрандаа амьд-рахгүй болохоор түрээслэх гэж байж. Ингээд л талийгаачийнх тэр байрны урсгал зардлыг төлж, гарахдаа тохижуулж өгөхөөр тохиролцоод нүүж очсон юм билээ. Жаахан хүүхэдтэй болохоор агаар сайтай гээд л Зайсангийн байранд амьдраад үзье гэж эхнэр нь шийдсэн байгаа юм. Үүнд талийгаачийн ямар ч оролцоо байгаагүй. Ингээд тэр байранд амьдарч байтал АТГ-ынхан ирээд “Анхбаярын байранд Амарсайханых амьдарч байна. Энэ авлига байж таараа” гээд л зүтгэчихсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ энэ тэрээрээ Чандманийнх гэдэг нь батлагддаг. Бүр орон сууцны үнэ болох 100 000 долларыг Чандмань Анхбаярт өгчихсөн юм билээ. Гэтэл Чандманиар халхавч хийж орон сууц авлигад өгчихсөн гээд л яллачихсан шүү дээ.

Талийгаачийг таньдаг, мэддэг хүмүүс нуруутай, төрийн хар хүн байсан гэж ярьдаг юм билээ. Та хүргэнтэйгээ хэр ойр байв?

-Манайхан нэгийнхээ амьдралд хэт оролцоод байдаггүй. Гэхдээ дүү бид хоёр хоёулхнаа. Нэг насны зөрүүтэй дэрсхэн өссөн хоёр. Тиймээс ч нэгэндээ маш их хайртай, өөриймсөг өссөн. Тийм ч учраас ийм хүнд үед ахын хувьд хамт л байна. Яавал нулимсыг нь бага гаргах бол, юу яривал зовлонг нь нимгэлэх бол гэж хором мөч бүрт бодож явна. Талийгаачийг хүүхэд байхаас нь мэднэ. 1-р сургуульд манайхаас дээд ангид сурдаг. Толгойтой, гоё ах л гэж ярьдаг байлаа. Төрийн хар хүн гэдгийг талийгаачаар л төсөөлдөг. Эр нөхөр, эцэг, төрийн хүн ямар байх ёстой юм түүний л үлгэр жишээ байсан юм шүү дээ. Хүнээс нэг байр авчихаад гарын үсгээ худалдах хүн яавч биш. Төрд орохоосоо өмнө бизнес эрхэлж байсан, гэргий нь ч өөрийн гэсэн ажилтай. Тийм хүн ганц байр авахын тулд гарын үсгээ худалдахгүй л дээ. Үнэхээр байр хэрэгтэй байсан бол би өөрөө барилгын компанитай. Ганц охин дүүдээ орон сууц бариад өгчилгүй яахав дээ. Гэхдээ энэ хоёр маань надаас гуйхааргүй хүмүүс. Нүдний хор нь гарчихсан хүн байдаг даа. Талийгаач тийм л хүн. Олон улсын худалдааны мэргэжилтэй. Бизнес хийж, хувийн дээд сургуультай байхдаа төрийн албанд орсон юм шүү дээ. Өөрийн гэсэн хөрөнгийг босгочихсон байхдаа төрд орсон хүн дүүгээ золиосолж халхавч хийгээд байр авна гэдэг байж боломгүй асуудал.

Талийгаач бид хоёр “40 мянгат”-ын хүүхдүүд. Бүгд сэхээтний гэр бүлээс гаралтай. Социализмын үед аав нь Эрүүл мэндийн яамны дэд сайд, Намын төв хорооны хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан хүн байдаг. Их ноён нуруутай, сайхан хүн. Удам дамжсан төрийн түшээ гэж хардаг. Гэр бүлийн суурь хүмүүжлийг нь харсан ч хар буруу юм хийхээр хүн биш. Тийм ч учраас аль ч засгийн үед манай хүн ажлаа хийгээд л явдаг байсан.

Уучлаарай, талийгаачийг бас “Петрочайна Дачин тамсаг”-ийн хэрэгтэй холбож байсан. Энэ хэрэг юу болсон бэ?

-Анх талийгаачийг маань газрын тосны борлуулалтаас Монгол Улсад ноогдох орлогоос 50 тэрбум орчим төгрөгийг Хонконгт байх дансаараа дамжуулж хувьдаа завшсан гээд л хэвлэл мэдээллээр дуулиан тарьж, интерполоор эрэн сурвалжилж байна гэж хүртэл шуугисан. Гэтэл тэр хэрэг хэрэгсэхгүй болсон талаар дүүргийн хоёрдугаар прокурорын газраас мэдэгдэх хуудас өгсөн. Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны долдугаар сарын 28-ны өдрийн 2150 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-ээр “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай миний дүү, талийгаачийн эхнэр Д.Нарантуяад танилцуулаад, “Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Тосон уул 19”, “Тамсаг 21” талбайгаас олборлосон газрын тосны борлуулалтаас болон Монгол Улсын Засгийн газарт ноогдох орлогоос хувьдаа завшсаны улмаас Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг танд мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэх хуудсыг дүүргийн хоёрдугаар прокурорын газраас 2014 оны наймдугаар сарын 8-нд өгсөн байдаг.

-Та бид хоёр шүүх хуралдааны талаар ихэвчлэн ярилаа. Ар гэрийнхнийх нь хувьд бугшсан гомдол, хэлж яримаар зүйл их байгаа нь гарцаагүй. Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг хүлээж байгаа учраас ил гаргахгүй байгаа бололтой.

-Хүлээж байна. Хэлмээр, яримаар юм асар их байна. Дүүгээ бодохоор л… Авлига гэдэг бидний санаанд багтамгүй муухай хэрэг. Гэтэл хань нь ийм хэрэгт холбогдоод гэмгүй гэдгээ шүүхээр тогтоолгож, нэрээ цэвэрлэж амжаагүй байхдаа шоронд амиа алдчихлаа. Тендер зарласан ч хэрэгжээгүй, одоо ч улсын мэдэлд байгаа талбайд, хэнд ч хохирол учруулаагүй төслийг хэзээ хойно талийгаачид нялзааж авлига авсан болгож, шоронд хориод, эцэст нь алтан сайхан амийг нь авчихлаа. Шүүх үнэнийг тогтоосон бол ядаж л нэр нь цэвэрлэгдэх байсан юм. Ухаан орж байгаа үр хүүхэд нь томроод аавынхаа тухай мэдээд яах билээ.

Дүү минь өөрөө зүрхний эмч. Зүрхний шигдээс өвчнийг судалж үүгээрээ докторын зэрэг хамгаалсан. Тэгсэн атлаа ханьдаа ганц тариа хийж өгч чадалгүй алдчихаар ямар байх билээ. Бид “Энэ хүний бие болохгүй байна. Эмчлэхгүй бол болохоо болилоо” гэж маш олон удаа хандсан ч төр төлөөлж байгаа хэдхэн хүн “Шоронд эмчилчихнэ” гээд халгаагаагүй юм шүү дээ. Харамсал барагдахгүй юм билээ. Дүү минь үнэхээр сэтгэлийн дарамттай, зовлон шаналал дунд өдөр хоногийг өнгөрөөж байна.

Шүүх хэргийг эцэслэн шийдээгүй учраас тэр авлига авсан, өгсөн гэдэг асуудлынх нь талаар дэлгэрүүлж ярих боломжгүй. Үнэндээ хэн ч сонссон инээд хүрэхээр хэрэг тулгасан юм шүү дээ.

Ц.ӨРНӨХ

 

Categories
мэдээ цаг-үе

Тувачууд бид удам угсаагаараа ч, ёс заншлаараа ч монгол шүү дээ

Тувагийн Эрзин хошууны Нарын сумын иргэн М.Гунгаатай ярилцлаа.

-Тувад
монгол хэлээр ярьдаг ганц сум нь Нарын юм байна. Та нутгийнхаа түүхээс ярихгүй юу?

-Бид чинь анхнаасаа монгол үндэстэн юм шүү дээ. Сүбэдэй баатрын үр
сад гэж өөрсдийгөө үздэг. Манжийн дарлалын үед бид бүгд дарлалд нь байсан. 1911
онд Манжийн дарлалаас гарсны дараа Тува ч Манжийн нөлөөнөөс гарсан байдаг. Тухайн
үед Тувагийн ноёд Монголдоо буцаж нэгдэх үү, эсвэл Орост дагаар орох уу гэдэг дээр
нэлээд эргэлзсэн гэдэг. Монгол Тувагаа өөртөө татаад авах боломжгүй байсан хэрэг.
Ингээд л арга буюу Оросын нөлөөнд орсон хэрэг. 1914 онд Орос Туваг авсан гэж үзээд
энэ онд 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа хэрэг. Оросын нөлөөнд орсноор тувачууд
өөрсдийгөө Тагнын Тува гэж нэрлээд бие даасан улс болох гэж олон жил зөрчилдсөн
шүү дээ. Монголчууд Саяны нурууг анхнаасаа өөрсдийнхөө нутаглаж байсан нутаг, туваг
монгол үндэстэн гэж үзэж ирсэн ч том гүрний бодлого том шүү дээ. Тува 1944 он хүртэл
бие даасан тусгаар улс байгаад ОХУ-тай нийлсэн байдаг. Одоо монгол хэл, ёс заншлаа
авч үлдсэн ганц сум нь Эрзин хошуу болчихоод байна. Энэ хошуунаас долоон км зайтай
хошууныхан монгол хэлээ мэдэхгүй шүү дээ. Бидний  өвөг дээдэс эртнээсээ монголоор ярьж ирсэн.

-Тува,
эсвэл орос хэлний аялга байх юм уу?

-Үгүй. Яг хуучин монгол хэлээрээ ярина. Ялангуяа малчид монголоороо
маш сайн ярьдаг. Ёс заншил, амьдрал ахуй нь ерөөсөө л монгол.

-Сургуульд
тува хэлээр хичээл заана биз?

-Тэр асуудал больчихоод байгаа юм. Сургуульд орсон хүүхэд тува хэл
мэддэггүй. Аргагүйн эрхэнд тува хэл сурсан ч монгол хэлээ мартана гэж байхгүй. Нарынаас
Кызылд ирсэн хоёр хүн гэхэд зөвхөн монголоороо ярина. Түүнтэй адил сургуульд хичээлээ
тува хэлээр үздэг атлаа хоорондоо монголоор ярьдаг. Ер нь монгол хэлтэй тувачууд
бичгийн монгол хэл мэдэхгүй. Монголоор бичсэн ном сонин уншиж ойлгохгүй. Хичээлээ
тува, орос хэлээр үздэг учраас зөвхөн ярианы монгол хэлтэй үлдсэн. Москва явсан
хүүхдүүд монгол хэлээ мартахгүй байж тува хэлээ мартаад байгаа нь сонин.

-Монголчуудтайгаа
хил залгаа амьдарч байгаа. Уулзах боломж гарах юм уу?

-Урьд цагт нэг дор, малаа нийлүүлээд амьдардаг байлаа, бид. Монгол,
тува хоёр айл нэг хотонд амьдардаг байлаа шүү дээ. 1944 онд хилийн шугам татсанаас
хойш салчихсан. Хил залгаа монголчууд маань аав, ээжийнхээ буурин дээр ирж чадахгүй
болчихсон шүү дээ. Хоёр улсын хилийг яалтай билээ. Ах дүү шиг байсан бид ч салж
хоцорсон.

-Таны
үеийнхэн монголчуудаа андахгүй. Харин залуу үе Монголын талаар ямар бодолтой байдаг
бол?

-Манай сумынхнаас бусад нь Монголын талаар сайн мэдэхгүй. Завхан
аймгийн Улиастай, Увс аймгийн Улаангом сумаар л очиж үзсэн залуус байдаг. Монгол
маш сайхан хөгжиж байгаа гэсэн ойлголттой л байгаа даа. Улиастайгаас Тува руу иртэл
60 сайн эрийн толгой авсан гэх түүх домог бий. Залуус маань Улиастай гэхээр “Манайхны
толгойг авсан газар” гэж бас айх жишээтэй. Гэхдээ элэг нэг юм болохоор Монголдоо
үнэхээр хайртай. Тувагийн баруун хошууныхнаас илүү хайртай. Боломж гарвал, настайчууд
нь Увс, Завхан аймаг руу сувилалд явчих санаатай.

-Танай
сумынхан ихэнх нь малчин уу?

-Ихэнх нь малаа маллаад амьдарч байна. Мал маллаж байгаа арга ухаан,
бурхан шашин бүгд монголчуудтай адил. Хоол унд нь ч монгол шүү дээ. Гурилтай шөл,
буузаа иднэ. Хувьсгалын дараа манайд цагаан сар тэмдэглэхийг хориглочихсон байсан.
Одоо монголчуудтай адил цагаан сар хийдэг, настнууддаа золгодог болсон. Бөх барилдана,
цагаан сараараа дуу хуураа тоглоно. Уул хадаа тахина, сан тавина. Яах аргагүй монголчуудын
минь заншил шүү дээ.

-Хандгайтаас
Кызыл хүртэлх замд таарсан малчид малаа саадаггүй, цагаан идээ хийдэггүй юм байна
лээ. Танай сумынхан бас тэгэх үү?

-Яалаа хийж. Айраг, таргаа хийнэ. Ааруул ээзгий хийнэ. Гүүний айрагт
их дуртай. Хил хуваасны дараа адуу бараг устах талдаа байлаа. Сүүлийн жилүүдээс
л адуу өсч байна даа. Үхэр, хонь ихэвчлэн маллана даа. Тэмээ цөөрч байгаа.

-Танай
сумынхны амьдрал хэр байна?

-Кызыл, Монголтой харьцуулахад үнэндээ хэцүү амьдарч байна. Дээр
үед хүн бүр ажилтай, хамтрал болоод амьдрал нэг түвшинд байлаа. Зах зээл эхэлснээс
хойш ажилтай хүн ховор болсон. Цөөн хэдэн малаа маллаад л өдөр хоногоо өнгөрөөж
байна. Төрийн албанд цөөн хэдэн хүн ажилладаг. Хүүхдүүдээ өөрсөд шигээ амьдруулахгүйн
тулд яаж ийгээд Москва руу сургуульд явуулдаг. Москвад сурсан хүүхдүүд буцаж ирнэ
гэж байхгүй. Ирээд яах билээ, энд ажилгүй юм чинь. Бүгд тэндээ үлдэж байгаа. Монгол
шиг охидуудаа яаж ийгээд дээд мэргэжилтэй болгодог. Нөгөөх нь нутагтаа ирээд хийх
ажилгүй. Тэгээд Москвад ойр зуурын ажил хийгээд л амьдарч байна даа, манай сумын
хүүхдүүд.

-Хил
зөрчиж хулгай хийлээ гэсэн мэдээлэл их гарах юм. Ажилгүй учраас хулгай хийгээд байна
уу?

-Залуучуудад ажил алга. Ажилгүй хүмүүс чинь амиа дээсэн дөрөөн дээр
тавиад хулгай хийх янзтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд хилийнхэн чангарч малын хулгай
багассан шүү дээ. Манайхан архи их уух юм. Ажилгүй, архичин хүмүүс олон байна. Тэдэнд
төрөөс анхаараасай л гэж бодох юм даа.

-Амьдрал
хэцүү байгаа үед Монголдоо буцаж очих юмсан гэж боддог болов уу?

-Тусдаа улс болохоор яалтай билээ.

-Та
ямар ажил хийж байсан хүн бэ?

-1974 оноос Москвагийн Хилийн дээд сургуульд монгол хэлний орчуулагч
багшаар ажиллаж эхэлсэн. Тэр үед Монголоос жилд 45 оюутан ирж сурдаг байлаа. Тооцоод
үзэхэд манай сургуулийг 750 орчим монгол хүн төгссөн юм билээ. Тэднээс маань 14
генерал миний гарын шавь. Тэднийхээ талаар сонсоход сайхан байдаг юм. Тэсийн хил
дээр ирэхдээ намайг дурсдаг гэнэ лээ. Пүрэв генералаас эхлээд миний шавь нар олон
бий. Монголын генералууд гэдэг ном дээр бүгд байна лээ. Хил хамгаалах ерөнхий газрыг
удирдаж байсан генералууд миний шавь шүү дээ. Би 20 жил багшилсан, хошууч цолтой.

-Таны
үед монгол оюутнууд хэр байв?

-Сахилга баттай, сурлага сайтай хүүхдүүд байлаа. Зарим нэг нь сахилга
алдах гээд байхаар “Чиний нэр гарахгүй. Монгол Улсын нэр гарна. Монгол үндэстэн,
улсаа бод” гэж загнадаг байлаа. Би тэдэндээ элэгтэй гэж жигтэйхэн.

-Одоо
ямар ажил хийж байна вэ?

-Зээ нараа л харж байна. Дээлээ өөрөө оёод өмсчихнө. Хүүхдүүддээ
бүжиг заах зэргээр л өдрийг өнгөрөөж байна. Хоёр охинтой. Хоёулаа Москвад их сургууль
төгссөн. Тэндээ ажиллаж байгаа. Би ОХУ-ын Зохиолчдын эвлэл, Зураачдын эвлэлийн гишүүн.
Тувагийн Соёлын гавьяат цолтой. Эрзин хошуунд маань дунд сургуулийн номын санг миний
нэрэмжит болгох гэж байгаа.

-Гэр
бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

-Эмч мэргэжилтэй. Физик эмчилгээ хийдэг юм. Сумандаа нэртэй эмч дээ.

  Ц.ӨРНӨХ

 

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Ерөнхий сайд, Улсын баатар төрсөн физикийн ангийнхан

МУИС-ийн Физикийн ангид 1976 онд 23 хүүхэд элсэн оржээ. Арав гаруй
аймгаас дунд сургуулиа төгсөөд ирсэн хүүхдүүд нэг анги болон суралцаж, насан туршдаа
найз нөхөд болж ирсэн түүх ингэж эхэлжээ. 1976 оны намар  Баруун хязгаар Увс аймгаас  Н.Алтантуяа ноосны машинд дайгдан 20 гаруй хоног
явсаар Улаанбаатарт ирж байсан гэнэ. Харин  
Хөвсгөл аймгаас Ч.Сайнбилэг, Н.Дүүжий нар  арав гаруй хоног явсаар оюутан болохоор ирж байжээ.
Дундговь аймгаас Тэрбиш мөн ирж байсан аж. Тэр жил Физикийн ангид ЗХУ-аас нэг оюутан,
Вьетнамаас хоёр оюутан элсэн суралцаж  байв.
Мөн үсээ ургуулж, трапецин өмд өмсөж чанамал жинсээр гангарсан унаган хотын хүү
Э.Бат-Үүл ч энэ ангийн хүүхэд. Ерөнхий сайд, Монгол Улсын баатар олон эрдэмтэн,
доктор, профессор төрөн гарсан ангийнхны энэ удаагийн уулзалтад очлоо. Тэд сургуулиа
төгсөөд 30 жилийн дараа 2011 онд ангиараа уулзсан байна. Уулзалтаар гурван гадаад
оюутнаас бусад нь бүгд цугларсан гэнэ. Тэр уулзалтаас хойш жил бүрийн намар  уулзалдах болжээ. Энэ жил ч гэсэн ангиараа уулзсан
байна.  Уулзалтын үеэр  ангийн багш Х.Цоохүү “Арав  гаруй аймгаас ирсэн хүүхдүүд нэг анги, би анги
удирдсан багш нь болж байлаа. Тухайн үеийн хүүхдүүдийн хүмүүжил одоогийнхоос их
өөр байсан шүү дээ. Хүүхдүүд маань маш богино хугацаанд ижилсэж билээ.

Манай ангиас Ерөнхий сайд, улсын баатар, олон эрдэмтэн төржээ. Манай
Э.Бат-Үүл хичээлээ их тасална. Нэг удаа багш нарын хурлаар орж байсан юм байна.
Ер нь их жигдхэн, хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Харин сурлагатай, мундаг гэвэл Н.Алтанхуяг,
Р.Хоролжав, Д.Сүхгал, Ж.Цэрэндолгор, С.Наранцэцэг гээд олон хүүхэд бий дээ.  Гэхдээ манай ангийн хүүхдүүд хоорондоо их эвтэй,
сурлага хүмүүжилдээ ч сайн.  Сургуулиас бусад
ажилд нийгмийн идэвх сайтай хүүхдүүд байсан” 
гэж ярьсан юм.

“ЦЭНДЭЭ, АЛТАНТУЯА НАРААС
ХУУЛСААР БАЙГААД Л ТӨГСЧИХСӨН ХҮН ШҮҮ ДЭЭ”

Нийслэл хотын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Юуны өмнө багш
нартайгаа, ангийн хүүхдүүдтэйгээ уулзаад сэтгэл үнэхээр их хөдөлж байна.  Эхлээд багш нараасаа хүлцэл өчмөөр байна. Их тааруу,
аргыг чинь барсан оюутан байжээ, би. Бараг хичээлд суугаагүй юм шиг санагддаг юм.
Цэндээ, Алтантуяа нараас хуулсаар байгаад л төгсчихсөн хүн шүү дээ. Дамба багш миний
дипломыг удирдсан юм. Тухайн үед хүмүүсийн нэг их анхаараад байдаггүй сэдвээр диплом
бичүүлж байлаа. Аргыг нь мөн ч барсан даа. Дипломынхоо учрыг ч ойлгоогүй, нэг мэдсэн
хамгаалаад төгсчихсөн байсан. Гэхдээ төгссөнийхөө дараа өөрөөсөө ичээд дипломынхоо
сэдвийг нухацтай судалсан шүү. Өөр нэг юм гэвэл би ямар азаар физикийн анги сонгож,
төгссөн юм бэ. Физикийн шинжлэх ухаан гэдэг бодит байдлыг өөрийнхөө тааллаар тайлбарладаг
юм. Үүгээрээ бусад бүх салбараас онцлог. Боловсролтой, сэтгэж  чаддаг, амьдралын мөн чанарыг тайлж, ухамсарлаж
чаддаг болъё гэвэл физикийн ухааныг л сонгох хэрэгтэй. Сүүлд нь ангийн нөхөдтэйгээ
уулзсан чинь одоогоос 30 гаруй  жилийн өмнө
дэггүйтэж явсан Бат-Үүл болчихсон юм шиг сэтгэгдэл төрөөд байна” хэмээн оюутан ахуй
цагийн дурсамжаас хуваалцсан юм.

“ЭНЭ ЭЙНШТЕЙНИЙ ХАРЬЦАНГУЙН ОНОЛ ХУДЛАА ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА” ГЭЖ Э.БАТ-ҮҮЛ
НАДААС АСУУГААД …

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Анх оюутан болоод 301 тоотод сууж
байтал самбарынх нь зүүн дээд буланд “Физикийн шинжлэх ухаан бол цэнгэлийн манлай”
гэсэн үг байж байна. Тэр үед ийм аймаар зовлонтой хичээлийг цэнгэлийн манлай гэдэг
нь яаж байгаа юм бол гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр л цэнгэлийн манлай шинжлэх
ухаан мөн байсан. Биднийг өдий зэрэгтэй яваа нь физикийн шинжлэх ухааныг судалсны
гавьяа. Мөн улстөрд туйлширдаггүй занг маань ч энэ л салбар төлөвшүүлсэн гэж боддог
юм. Бүх юманд онцлог гэж байдаг. Тэгвэл манай анги онцлогийн онцлог анги. Улсдаа
ганцхан баатартай бас интернациональч. Ирц бүртгэж байсан дэвтрээ хааяа хардаг юм.
Түүн дээр хамгийн олон удаа хичээл тасалсан нь манай баатар шүү дээ. Ер нь Дамба
багш  Бат-Үүлийг энэ нийгэмд их тэсрэлт хийхэд
бэлдсэн хүн нь юм байна шүү гэж сүүлд бодох болсон. Дипломынх нь сэдэв хүртэл  тэсрэлтийн талаар байдаг. Гэхдээ Бат-Үүл аймаар
мартамхай хүүхэд байсан. Ямар сайндаа л бээлийгээ байнга резинээр холбож өмсдөг
байх вэ дээ. Гэхдээ тийм л хүн хувьсгал хийж чаддаг юм. Энэ Бат-Үүл их сонин хүүхэд
байж билээ. Нэг өдөр Туяа нааш ир гээд болдоггүй. Яваад очтол “Энэ Эйнштейний харьцангуйн
онол худлаа юм шиг санагдаад байна” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа
юм бэ. Наад бодлогоо л олигтой бод” гэж байлаа” хэмээн Ерөнхий сайд маань өгүүлж
байна.

НАМРЫН АЖИЛД ЯВАХДАА ИХ
ӨЛСДӨГ БАЙСАН  ГЭВ

Оюутан ангийн гэгээн дурсамж ийн хөвөрч эхлэх ажээ. Ангийн хамгийн
“гавал” Цэндсүрэнгээс эхлээд ангидаа төдийгүй сургуулийнхаа оюутнууд дунд ганган
хээнцэрээрээ алдартай  “фигур” Самбаа, говь
нутгийн хүүхэд “ТБ”, Ангийн зохион байгуулагч Д.Сүхгал, ШУТИС-ийн математик, технологийн
сургуулийн Физикийн салбарын эрхлэгч П.Түмэндэмбэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Шинжлэх ухааны Академи, физикийн хүрээлэнгийн доктор,
профессор, Р.Хоролжав нар ангийнхаа хөгжилтэй явдлын талаар дурсан ярих аж. Тэдний
оюутан цагийн санаанаас гардаггүй дурсамжуудын нэг нь  намрын тариа хураалтын үе. Оюутны анхны намрын
ажлаар Жаргалантын САА-д 45 хоног төмс, байцаа, лууван хураалцсан байна. Мөн Төв
аймгийн Октябрийн САА-д шонгийн мод суулгаж цахилгаан татах ажил, Хэнтий аймгийн
Мөрөн суманд сургуулийн дотуур байр барих, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд дунд
сургуулийн байшингийн суурь цутгаж өрлөг хийх, Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт
сургуулийн байшингийн суурь тавих ажлуудыг хийжээ. Ангийнхаа найман охиноор хүнд
хүчир ажил хийлгэдэггүй, “эрхлүүлдэг” байсан гэнэ. Тухайн үед улсаас томилолт өгдөг
байгаагүй болохоор өөрсдөө тарвага агнаж эсвэл арвайн гурил багсарч иддэг байжээ.  Ангиараа тариан албайд дуулж хуурдаад, нэгнийгээ
шоглож уйлуулчихаад аргадах гэж зовдог байсан тэр л дурсамжууд нь хамгийн сайхан
үе гэнэ.

Ангийн Самбалхүндэв ихэнх охинд хайрын захиа илгээсэн нэгэн.  Сургуулийнхаа олон охинд захидал бичиж, олон охинд
сэтгэлээ өгч байсан аж. Мөрөө давсан урт үстэй, их наргианч, шогч зантай Самбалхүндэв
дөрвөн хуруу зузаан өсгийтэй гутал өмсчихөөд л таалагдсан бүсгүйнхээ өмнө орж дуулж,
бүжиглээд л явдаг байжээ. Ангийнхан түүнийг “фигур Самбаа” хэмээн дууддаг байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ангийнхан нь Туяа гэж дуудна. Түүний
нэрийг Алтантуяа гэдэг байжээ. Их сургуулиа төгсөхийн өмнөхөн нэрээ сольж Алтанхуяг
болгожээ. Гэвч ангийнхан нь түүнийг одоо хүртэл Алтантуяа гэж дууддаг юм билээ.  

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

ШХАБ-ын онцолж очсон Тажик

Саяхан Тажикистаны нийслэл Душанбед Монгол, Орос, Хятадын Ерөнхийлөгч
уулзсан нь түүхэнд анх удаа гэж тэмдэглэгдэж буй. Энд ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүний
14 дэх удаагийн уулзалт мөн болсон. Тиймд Монгол Улстай холбоотой түүхийн гэрч болохын
зэрэгцээ ШХАБ-ын онцолж очсон Тажикистан улс, Душанбе хотыг энэ удаа танилцуулъя. 

Тус орны тухай товч өгүүлэхэд одоогоос 23 жилийн тэртээ ЗХУ задрахад
Бүгд Найрамдах Тажикистан улс болон тусгаар тогтносон. МЭӨ онуудад Согд, 1000-аад
онд Саман гээд перс хэлтнүүд дундад Азийн энэ бүсэд оршин тогтносоор иржээ. Киргиз,
Узбек, Афган, Хятад улсаар хүрээлүүлэн буй тажикууд бараг найман саяулаа. Ерөнхийдөө
өндөр уулын орон гээд хэлчихэд хол зөрөхгүй. Нийт нутгийн 90 хувь нь уул, нуруудаас
тогтсон байх агаад бараг тэн хагас нь далайн түвшнээс дээш 3000 метр өндөрт өргөгдсөн
байдаг ажээ. Монголчуудын хувьд тажикууд нь Чантуу угсаатан бөгөөд Тэнгэр уулын
муж, Памирын нуруу эх захгүй үргэлжилж Амударья гол ч харьяалагдана. Энд Түргийн
хэлхээ холбоотнууд буюу Монгол цусны Узбек үндэстэн ч тодорхой тоогоор аж төрдөг
ажээ.

Улсын 60-аас илүү хувь нь ядуугаас доогуур орлоготой гэсэн мэдээлэл
дэлхийд цацагдсан байдаг. Гэтэл мал аж ахуй, жимс, жимсгэнийн тариалалт өндөр хөгжиж
ан амьтан, ой мод, зарим эрдэс баялгийн нөөц ихтэй. Ялангуяа үнэт чулуу, ашигт малтмал,
эрдсийн олон том ордтойн дээр дэлхийд үнэлэгдсэн олон арван очир алмааз энэ л бүсээс
олдож байсан удаатай аж. Тийм атал хөгжлөөрөө Монголоос даруй 15-20 жилийн ард явна
уу гэлтэй. Гадаад өрийн бодлого алдагдсанаас нутаг орныхоо 45 хувийг Хятадад өгөх
шийдвэрийг Душанбе хот тун саяхан гаргаж байсан нь одоо ч дэлхий нийтийн анхаарлын
төвд орж ядуу, арчаагүйгээрээ дуудуулж эхэлсэн. Горно Бадахшаны өөртөө засах бүс
буюу Иран зүгийн тажикууд оршин суудаг 1500 гаруй км газар нутгийг Хятадын талд
шилжүүлэх шийдвэр гаргасан нь гадаад өрөө тэглэх бас хилээ хянах чадвараа алдсантай
холбоотой гэж үздэг ажээ. Угийн энэ нутгийн оршин суугчид салан тусгаарлахаар цаг
ямагт санагалзаж байнга цуст мөргөлдөөн эхлүүлдэг ажээ.

 

ИХЭНХ ОРНЫ ИРГЭД ХЯТАДУУДАД
ТААТАЙ ХАНДДАГГҮЙ БОЛ ТАЖИКУУД ХАМГИЙН ИХЭЭР ХҮНДЭЛДЭГ

Нэн ядуу, хөгжил буурай гэж тодотгогдоод буй Тажикистан Улсын нийслэл
Душанбе хотод хоёр долоо хоногийн өмнө температурын заалт 25 хэмийг заах ч бүгчим
халуун ноёлж Монголын долдугаар сарыг санагдуулам байлаа. Хотын захын хэсэг эл хуль,
шороо хөдөлгөх нохой ч үгүй байхад төвийн гудамж дүүрэн хүн хөлхөнө. Ялангуяа зээл,
худалдааны гудамжинд тэргэнцэр дүүрэн жимс ёстой л ёоз ёозоороо өрөгдсөн харагдах.
Худалдаачид нь урдуураа өнгөрөх хүн бүрийг царайчлангуй харж, шавдуулан гуйх ч авах
хүн тун ховор. Нэг ам.доллар таван сомони (улсын мөнгөн тэмдэгт)-тэй дүйж, нэг килограмм
мах таван ам.долларын ханштай бол нэг хүнд ногдох ДНБ мянга гаруйхан ам.доллартай
тэнцдэг гэж байгаа. Тарьж ургуулсан банана, усан үзэм, хулуу, тарвас гээд бүхнийг
бараг л худалдан авагчийн хүссэн үнэд өгнө. Хүссэн үнээ­рээ авч буй иргэн ч нэг,
хоёр ширхэгээс илүүг жинлүүлэхгүй. Энэ мэтээр тажикууд бор хоногоо тэвдүүхэн өнгөрүүлж
буй нь илт.

Хар захад иран зүгийн хивс, нэхмэл эдлэл худалдаалдаг Армен гэх залуу
ихээхэн сонин зүйлийг хуучиллаа. Тэрээр Монголд 1981 оны орчимд ирж байсан бөгөөд
хамгийн сайхан орон гэнэ. Тэрээр туршлага судлах шугамаар ирж байснаа өгүүлээд ард
түмний аж амьдрал тогтвортой, өлсч цангаж гачигдах зүйлгүй аж төрдгийг шагшиж байлаа.
Өөрийнхөө улсын тухай ярихдаа бидний адилаар төрийн бодлого муугийнх, улстөрчид
авлигад идэгдсэнийх хэмээнэ. Өөрийн орны иргэд нь толгойгоо даахаа больтлоо өлсгөлөнд
нэрвэгдэж турж эцсэн зүйлгүй ч энэ байдлаараа удвал жимс ургуулах бутгүй, тариа
тарих газаргүй болох вий гэж байв. Тэрчлэн “Манай ард түмэн хэдэн зууны өмнөх шигээ
байгаа. Душанбе хотод л Оросын эрлийз, юм үзсэн хүмүүс байгаа тулдаа ийм өнгөтэй,
өөдтэй байна. Харин хөдөө тосгон руу зүглэбэл хэдэн ямаа, жимсний бут, тариан талбайгаас
өөрийг харахгүй. Тэнд барааг бараагаар сольж хэрэгцээгээ хангадаг байдал байж л
байна” хэмээн манай орны нэг зууны өмнө халсан нийгэм байгааг өгүүлж байсан.  Харин шилэн дэлгүүр, супер маркетуудыг нь ихэвчлэн
оросууд эзэлсэн бөгөөд тэдний худалдаалж буй бараа хэдэн зуу, хэдэн мянган ам.долларын
ханштай. Энэтхэг торго, дубайн алчуур, орос чихрийг бараг үндэсний мөнгөн тэмдэгтээр
бус ам.доллараар дээд зэрэглэлийн дэлгүүрээс авна.

Иргэн Армены өнгөтэй өөдтэй хэмээн тодотгоод буй Душанбе хотын хөгжлийн
тухайд арваас дээш давхартай барилга бараг үгүй юм. Хар зах нь Нарантуултай, Хотын
төв нь Бага тойрогтой нэлээд төстэй. МУИС, Урлан бүтээх төв шиг ёотон цагаан барилгууд
эгнэж замын хажуугаар хэдэн улиас гацуур, хар мод сэрийжээ. Авахаас зам нь тав,
арван эгнээ, энхэл донхол гэж үгүй. Зам дээгүүр нь ихэвчлэн волга, УАЗ 24 гэх мэтчилэн Улаанбаатарыг нэгэн
цагт бүрхээд одоо бараа сураггүй болсон машинууд хөлхөнө. 90 кузовтой марк II, соната
I, II гээд мөн л арав гаруй жилийн өмнө манай оронд өнгө нэмсэн авто машинууд өнөөдөр
тус орон руу нийлүүлэгдээд эхэлж. Үүний зэрэгцээ спорт болгож дэглэсэн lexus
570, гялгар бүрээсийг нь хуулаагүй шахам ланд 200 тансаг зэрэглэлийн машинуудыг
бага балчир хөвгүүд унан хотын гудмаар тэнхээ мэдэн давхина. Бас хотын төв талбай
цэцэрлэгт хүрээлэнд хөшөө дурсгалын зүйл, хэн нэгнийг хүндэтгэн босгосон цамхаг
бараг үгүй.    

Тажикистаныг зорьж очих жуулчдын урсгал тун цөөн гэнэ. Энэ нь хар
тамхи, мансууруулах өвс, нутгийн ардын амьдрал байдлаас улбаатай гэсэн сураг чих
дэлсэж байв. Нутгийн олон ч жуулчдад таатай ханддаггүй бололтой. Хил, гаалиар нэвтрэхэд
дээрэмчид, хулгайчдаас сэрэмжтэй байхыг сайтар сануулна. Гэхдээ Ази царайтай хүнийг
харуутаа бүгд “Ни хао” хэмээн бөхөлзөн өөдөөс гар барихаар тэмүүлнэ. Бодвол хятад
хүн гэж санан баярлаж, талархаж явдгаа илэрхийлэхээр тэмүүлж буй нь энэ бололтой.
Тэд үнэхээр “Би та нарт, Хятад оронд хайртай. Гүнээ талархаж явдаг шүү. Ахан дүүс
минь” хэмээн Орос хэлээр дуржигнуулах нь гайхаш төрүүлэх. “Та нар Хятадын юунд нь
хайртай гэж” хэмээн асуухад “Та нар бидний хувьд эрхэм” гэхээс өөрийг өгүүлэхгүй.
Ийн үнэхээр хүндлээд байгаа юм уу эсвэл тал засч цаасан малгай өмсгөж байгаагийн
алин болох нь үл мэдэгдэнэ.

ШХАБ-ын орнуудын өнөө жил онцолсон Тажикистан улсад нэг өдөр саатахад
ийм яриа өрнөж, дүр зураг харагдаж байлаа.   

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Су.Батболд: Хэрэг хийсэн хүний асуудлаар олон юм яримааргүй байна


УИХын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.

Удахгүй намрын чуулган эхлэх гэж байна. МАнын гишүүд амрахгүй гээд танай бүлгийн дарга мэдэгдсэн.Тиймээс завсарлагааны хугацаанд та бүхэн завгүй байв уу?

-Чуулганы завсарлагаа бол УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллах хугацаа олгодог л доо. УИХ-ын гишүүн иргэд сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг танилцуулж, санаа бодлыг нь сонсдог.Энэ жишгээр л тойрогтоо ажиллалаа. Аймаг, сумын ойд ч оролцлоо.

Манай намын бүлгийн хувьд “Эзэн 100” хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах тал дээр нэлээд сайн ажилласан. Ажлын хэсэг гаргаж, энэ хөтөлбөрийн аль зүйл, заалт дээр үр дүн гарав гэдгийг тулгасан. Орон нутгаар явж судалгаа хийсэн.Энэ тухайгаа манай бүлэг хэвлэл мэдээллээр зарласан.Намын ажлын хувьд хэд хэдэн бүсчилсэн зөвлөгөөн хийлээ.Намын дотоод ажиллагааг сайжруулах чиглэлийн эдгээр ажлуудад оролцлоо.

ТанайхЭзэн-100” хөтөлбөрийг хангалтгүй гэж дүгнэсэн. Засгийн газар болохоор 100 хоногийн дотор эдийн засгийг сэргээнэ гэж хэлээгүй. Энэ хугацаанд эрх зүйн чухал баримт бичгүүдийг гаргасан нь амжилт боллоо гэж дүгнээд байгаа?

-100 хоногийн дотор эдийн засгийг өөд нь татаад бүгдийг сайхан болгочихно гэж байхгүй л дээ. Ямар утгаар 100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлнэ гэж зарласныг мэдэхгүй. Мэдээж бид лав үүнээс тодорхой үр дүн гарахгүй гэдгийг ойлгож байсан. Үндсэндээ “Эзэн-100” гэдэг хөтөлбөр бол цаг хожсон арга хэмжээ гэдгийг нь мэдэж байлаа. Тиймээс хамгийн гол нь Засгийн газар хүндрэлтэй нөхцөл байдалд хүрэхээс өмнө өөрийнхөө үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулах шаардлагатай байсан. Болохгүй байгаа салбараа, түүнийг удирдаж байгаа сайдын асуудлыг шийдэх хэрэгтэй байлаа. Эрх зүйн орчноо ингэж сайжруулаач, ийм хууль гаргаач гэдгийг сөрөг хүчний хувиас шаардаж л байсан шүү дээ. Үүнийг “Эзэн-100” хөтөлбөртэй хөтөлбөргүй УИХ-аар оруулж ирэх нь нээлттэй байсан.Гэхдээ одоо манай намын гаргаж тавьсан баримт, Засгийн газрын ярьж байгаа хоёрыг ард түмэн ялгаж салгаж дүгнэлтээ хийх байх аа.

Үнэхээр үр дүн харагдахгүй байна уу эсвэл сөрөг хүчин юу ч байсан шүүмжлэх ёстой гэдэг өнгөнөөс хандаад байгаа юм уу гэдгийг бас ялгах хэрэгтэй байх л даа?

-Засгийн эрхийг олон жил барьсан хүчний хувьд манай нам харин ч асуудалд хүлээцтэй хандаж байгаа шүү. Болно биз, хийх байлгүй, анхаарах байх гэсэн байдлаар яваад байгаа. Зарим намын удирдлагууд “МАН их хүлээцтэй хандаж байна” гээд түрүүчээсээ яриад эхэлсэн байна. Тэр битгий хэл манай нам өөрсдийнхөө гишүүдэд ч зэмлүүлдэг. “Та нар шүүмжлэхгүй, эрх баригчдад юм хэлэхгүй байна” гэж. Гэтэл нөгөө талд эрх баригч хүчин “Биднийг ажил хийлгэхгүй байна” гэх юм. Тэгж яривал өмнө нь биднийг эрх барьж байхад АН-ынхан ёстой ажил хийлгэдэггүй байлаа.Бойкотолно, үймүүлнэ.Өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө явдаг байв. Харин манай нам ийм үйлдэл гаргахгүй байгаа. Хэлж буй бүхэн минь улс орны эрх ашгийн төлөө байгаа. Өнөөдөр яалт ч үгүй эдийн засгийн аюулгүй байдал, төрийн бодлогын залгамж чанар эрсдэлд орчихсон учраас анхаараач ээ л гэж байна. Түүнээс биш эрх баригч муу байх тусам бидэнд сайн гэдэг зарчмаар явсан бол чимээгүй суугаад байж чадна. Тэр тохиолдолд бүгд нураад дампуурна шүү дээ. УИХ дахь манай намын гишүүдийн чуулган, байнгын хороонд хэлсэн үгийг шүүгээд үзээрэй. Бид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг ямагт анхааруулсан байдаг.Тэр бидний хэлж байсан зүйлүүд өнөөдөр батлагдаж байна шүү дээ.

-“Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд гарсан эерэг зүйлүүд их болсон. Ядаж л хоёр хөршийн дарга манайд ирлээ. Энэ нь эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж дүгнэх хүмүүс бий

-“Эзэн 100” хөтөлбөрийн үр дүнд хоёр хөршийн дарга айлчиллаа гэж ярьж болохгүй л дээ. Гадаад айлчлал өөрөө тодорхой давтамжтай. Мэдээж хоёр хөршийн төрийн тэргүүн манайд айлчилсан явдал бол чухал. Харин одоо дээд түвшинд ярьсан зүйлүүдийг ажил хэрэг болгох дээр Засгийн газар анхаарах хэрэгтэй. Яам, тамгын газрууд төлөвлөгөө гаргаж, айлчлалын үеэр яригдсан үг, өгүүлбэр бүрийн араас хөөцөлдөх хэрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тодорхой албан тушаалтан “Монголын тал өмнө нь ярьсан зүйлүүдээ хийдэггүй. Ажил хэрэг болгохгүй байгаа шүү” гэж мэдэгдэж байна лээ. Хятадын хувьд ч ялгаагүй. Тэднийхээс өмнө нь авсан зээл бусад асуудлаа шийдэж чадаагүй л байгаа шүү дээ. Тэгэхээр айлчлал гоё сайхан боллоо гэж хөөрцөглөж гүйхээсээ урьтаж, айлчлалын үр дүнг бодох хэрэгтэй.

Хоёр хөршийн даргыг ирэхэд МАН жинхэнэ сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж, шүүмжлэлээ өрнүүлэх байтал тал засч гүйлээ гэдэг шүүмжлэл байлаа

-Олон улсын харилцаанд тал засах тухай ойлголт байхгүй шүү дээ. Манай нам туршлагатай улс төрийн хүчний хувьд улс орны эрх ашгийн асуудал дээр хариуцлагатай хандах ёстой. Тэр байр сууриар асуудалд хандсан. Айлчлалын үеэр Засгийн газрыг огцруулах ч юм уу, ээлжит бус чуулган хийх асуудлыг тавихгүй байя гэсэн юм. Үүнийг хүмүүс яаж ч ойлгож болно.

Оюу толгой, Таван толгойг энэ намар гацаанаас гаргана гэдгээ Засгийн газар зарлачихлаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ хоёр том төслийг өнөөдрийг хүртэл ярилаа. Гэвч шийдэж чадахгүй байна.Энэ бол манай улсын байгаа байдлыг л харуулж байна.Одоо боллоо, энэ намар, энэ өвөл төслийг явуулна гээд байнга ярьдаг. Гэвч өдий хүртэл бахь байдгаараа л байна.Оюу толгой бол Монголд орж ирсэн барууны хамгийн том хөрөнгө оруулалт.Тийм учраас урагш нь явуулах ёстой. Оюу толгой төсөл яаж явахаас дараагийн төслүүдийн хувь заяа шийдэгдэнэ. Ажлын хэсэг байгуулаад Таван толгойг гацаанаас гаргана л гэх юм. Гэхдээ хэцүү. Таван толгой төслийг явуулж болох тааламжтай цаг хугацааг алдчихсан шүү дээ. Одоо хичнээн зарлаад Таван толгойг хэн сонирхох юм бол доо. Нүүрсний үнийн байдал, прогнозыг харахаар надад итгэл төрөхгүй байна.

Таван толгойд хөрөнгө оруулах гэж хүлээсэн компани олон байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Тэгж хүлээж, бужигнаж байсан үе бий.Гэхдээ тэр үеийн боломжийг бид алдчихсан.

Тэгж бужигнаж байх үед нь эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтаа бэхжүүлээд авах бодлого явуулаагүй гэдэг шүүмжлэл байдаг?

-М.Энхболд, С.Баяр, С.Батболдын Засгийн газрын үед эдийн засаг дандаа өсөлттэй байлаа. Гэтэл хэдхэн улстөрчийн санаачилгаар тодорхой хөрөнгө оруулагчдад хориг тавьсан хууль батлаад бүгдийг нь нураасан шүү дээ. Тэр хүртэл бүх юм зөв байсан. Тухайн үед тэр хуулийг батлуулсаннэр бүхий улстөрчид өнөөдөр ч байна. Зарим нь сайд болчихсон явж байна. Оюу толгойг хэн эсэргүүцэж байлаа. Тэр хүмүүс сайд дарга болчихсон байна шүү дээ.

Намрын чуулган эхлэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Гэхдээ Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлаа. Тэгэхээр яана гэсэн үг вэ?

-Дэгийн тухай хуулиар бол УИХ-аар нэгэнт хэлэлцсэн асуудлыг дуусгаж байж дараагийн асуудал руу ордог. Тэгэхээр Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх учиртай.Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн асуудал оруулна гэж байх шиг байна. Үүнийг хоёр талаас нь харж байгаа. Засгийн газрыг анх байгуулагдахад нь манай бүлгээс ч миний зүгээс ч нүсэр бүтэцтэй байна. Ийм олон яамны хэрэггүй. Тэр тусмаа энэ олон сайд чинь УИХ-аасаа байх хэрэггүй” гэдгийг хэлж байлаа. Ер нь Монгол Улсын Засгийн газар есөөс арван яам, 12-13 сайдын бүтэцтэй явахад болдог. 1990-2012 он хүртэл ингэж л явж ирсэн уламжлалтай.

Хоёр том нам нийлээд ч юм уу эсвэл үндэсний тодорхой асуудлыг шийдэх үүднээсээ заримдаа бүтцийг өргөжүүлж болно. Үүнийг хуульчла х л хэрэгтэй. Нөгөө талаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ тэргүүлэх чиглэлээ тодорхойлдог.Жишээ нь энэ дөрвөн жилийн хугацаанд манай Засгийн газар уул уурхайг тэргүүлэх чиглэл болгоно гэвэл тусгай яам байгуулах жишгээр явдаг. Харин энэ Засгийн газрын бүтэц арай хэтэрсэн.Тодорхой нэр бүхий хүмүүст суудал хуваарилж, бялуу хуваах маягаар явсан шүү дээ. Үүнийг цэгцлэх нь зөв.Гэхдээ бүтцийн өөрчлөлт гэдэг нь өөрөө эрсдэл дагуулна. Дахиад бужигнана. Шинэ хүмүүс томилно гээд тав, зургаан сарын асуудал болно. Угаасаа өнөөдөр төрд ажиллаж байгаа алба мэргэшээгүй. Ажлаа мэддэг хүн тэнд байхаа больсон. Ийм байхад дахиад солио хийнэ гэдэг төвөгтэй. Тиймээс бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүү сайд нарынхаа асуудлыг цэгцлэх замаар энэ сэлгээг хийх хэрэгтэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан хүний хувьд ингэж бодож байна. Тэгэхгүй бол муу дээр муу муухай дээр улцан гэгч л болох байх даа.

Ардын нам АНын аль нэг фракцитай нэгдээд Засгийн газрыг түлхэн унагах төлөвлөгөө зохиосон гэх мэтийн ярианаас үүдээд Ерөнхий сайд асуудлыг гартаа авч байгаа юм болов уу гэдэг таамаг ч бий

-Ер нь сайд бөгөөд Засгийн газрыг огцруулах нь ердийн асуудал. Угаасаа биднийг засаг барьж байхад ч огцорч л байдаг. Бусад улс орныг хараад байхад Засгийн газар нь өөрсдөө санаачлаад огцордог. Нэг сайд нь хариуцлага алдвал Ерөнхий сайд нь саналаараа огцордог. Сонгуулийн өмнө рейтингээ харж байгаад муу байвал Ерөнхий сайд нь танхимаа унагаж, шинэ баг бүрдүүлдэг байдлаар явдаг.Харин манайхан болохоор Засгийн газрыг огцруулж хүний мууг үзэх гээд байна гэдэг. Мэдээж Засгийн газар олон дахин огцроод байх нь сайн зүйл биш л дээ. Гэхдээ болохгүй байгаа бол халаа сэлгээ хийж болно. Харин Ерөнхий сайд юу бодож ийм асуудал оруулж ирж байгааг мэдэхгүй юм. Цаг хожихын тулд өнгөн өөрчлөлт хийж, хүмүүсийг хуурах гэж байгаа бол буруу. Үлдсэн хоёр жилд алдаагаа засаад цомхон чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэж байгаа бол хамаа алга. Ер нь АН-ыг ойлгож байна. Засгийн эрхэнд олон жил гарч үзээгүй. Нэг гарсан болохоор тэр олон фракцийн гишүүдээ ажилтай болгох гэснээс асуудал үүссэн байх. Одоо үүнийгээ цэгцлээд улс орныхоо эрх ашгийн үүднээс явъя гээд оруулж ирвэл сайн л хэрэг.

Хэн дуртай хүн нь Засгийн газрыг огцруулах бичиг барьж гүйхээс сэргийлж, өөрөө асуудал оруулж ирж байгаа юм болов уу даа?

-Тэгвэл сайн л байна. Ер нь Ерөнхий сайд гэдэг хүн хүчтэй байх ёстой. Манайх сонгодог парламентын засаглалаа бий болгож чадаагүй болохоор харамсалтай нь Ерөнхий сайд нь тийм хүчтэй байж чаддаггүй.Тиймээс бараг муудалцсан сайдаа огцруулна гээд бичиг бариад гүйх хандлага давамгайлах шинжтэй болоод байна. Тэгэхээр Засгийн газрын гишүүнийг хэн огцруулах эрхтэй юм, Ерөнхий сайд Засгийн газрын өмнө, парламентын өмнө ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг эрх зүйн хувьд боловсронгуй болгох хэрэгтэй байна. Үгүй бол одоогийн байдлаараа л явна. Энэ бол тусдаа асуудал.

Харин өнөөдрийн Засгийн газар бол арай дэндүү хариуцлагагүй байгаа. Асуудлыг шийдэхээсээ илүү шоудах, эсрэгээр тайлбарлах чиглэл рүү анхаарлаа хандуулаад байна. Өөрсдийгөө их сайн ажиллаж байна гэдэг.Гэхдээ ийм их хэмжээний өр тавьчихаад ингэж ажилллана гэвэл ямар ч Засгийн газар чадна. Бондын мөнгөөр тавьсан зам Засгийн газрын ажил биш шүү дээ. Төсөв, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь тэдний ажил.Гэтэл баахан өр тавьчихаад ийм хэмжээний ажил хийснийг нь харахаар чамлалтай санагдаад байна.

Өрийн хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг намрын чуулганаар дахиад ярих юм шиг байна лээ

-Одоо арай хэтэрлээ. Гадагшаа гаргадаг түүхий эдийн үнэ олигтой өсөхгүй байна. Тийм учраас энэ их өрийг төлөхөд хүндрэлтэй, өрийн дарамтад орох нь байна. Үүнийг бид ч хэлээд байгаа юм биш. Олон улсын санхүүгийн байгууллага, судлаачид, эдийн засагчид анхааруулаад байна.

Зээл авахгүйгээр өргөждөг бизнес байхгүй ч гэдэг

-Зээлийг хэр зөв зүйлд зарцуулж байна гэдэг нь чухал шүү дээ. Өмнө нь манай авч байсан зээлүүд удаан хугацаатай, хүү багатай байлаа. Гэтэл бондын өр богино хугацаатай байна. Таван жилийн хугацаатай зээл авсан бол тэр хооронд ашиг олох төсөлд мөнгөө зарцуулах хэрэгтэй байсан.Тэгэлгүйгээр манай танилын, ах дүүгийн компани гэдэг зарчмаар мөнгөө тараагаад байна уу, үгүй гэдэг дээр аудитын газар анхаарал тавих хэрэгтэй.

Эцэст нь танаас УИХын гишүүн асан Д.Дондогийн талаар асуух гэсэн юм. Түүнээс эхлээд танай намын гишүүд ял аваад шоронд ороод эхэллээ. Гэтэл яагаад Ардын нам дуугарахгүй байгаа юм бэ?

-Ер нь гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүйг шүүх тогтоодог. Үнэхээр сүүлийн үед манай намын гурав, дөрвөн хүн хуулийн хариуцлага хүлээж байх шиг байна. Гэхдээ энд улстөржилт явж байгаа.Хэргийг шийдвэрлэх үед ч энэ нь харагдсан. Манай нам улс төрийн үүднээсээ дүгнэлт гаргаж зохих байгууллагад хандаж байгаа шүү дээ. Энэ бол хэлмэгдүүлэлт. Хэргийг үнэн шударгаар шийдэх хэрэгтэй гэдэг үүднээс хандаж байгаа. Өнөөдөр намаар нь ялгаварлан шалгаж, хэрэг үүсгэдэг. Хэрэг үүсгэлээ гэхэд энэ намын хүмүүсийг шийтгэх ёстой гэдэг байр сууринаас хандаад байна. Үүнийгээ таслан зогсоох хэрэгтэй.

Та УИХын гишүүн асан Д.Дондогтой хамт Төв аймгийн тойргоос УИХд хэдэнтээ сонгогдож, мөр зэрэгцэж явсан нөхөр нь. Тиймээс таныг энэ талаар дорвитой юм хэлэх хүн гэж хараад байна л даа?

-Хууль хяналтын байгууллага дээр явж байгаа асуудал руу хөндлөнгөөс оролцох ёсгүй. Д.Дондог гишүүн хү-мүүсээс мөнгө аваад ид-чихсэн биш. Хөндлөнгийн хүн нэрийг нь ашигласан.Тодорхой хэмжээний мөнгө зээлсэн бол түүнийгээ буцаагаад төлчихсөн юм билээ. Тэр бол хувь хүнийхээ ч, улстөрчийнхөө ч хувьд ноён нуруутай. Улсыг болоод хүнийг хохироогоод явах хүн биш. Ер нь бол улс төрийн үйл ажиллагааны мөнгийг УИХ-ын гишүүний хувьд тусдаа хуулиар зарцуулдаг. Нэг тойргоос сонгогддог гэдэг утгаараа цуг байдаг гэдэг ойлголт байхгүй.

Ардын намыг эрх барьж байх үед УИХд суудал авч ирж байсан гишүүнээ тоохгүй хаячихлаа гэдэг ойлголт хүмүүст байх шиг байна

-Энэ тухай задалж яриад яах вэ. Хувь хүний, хэрэг хийсэн хүний асуудлаар сониноор дамжуулаад олон юм ярих нь дэмий. Чамд ч гэсэн тэнэг байгаа биз дээ. Тэнэг асуулт байгаа биз дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

МАН Г.Алтангаас сая ам.долларыг ямар хэлбэрээр авсан бэ?

Төр эргүүлэн авахаар  шүүхийн
шийдвэр гарсан Нийслэлийн МАН-ын байр буюу
Лениний музейг  МАН-ынхан нэг сая
ам.долларын барьцаанд тавьчихсан байсан гэнэ. Барьцаанд
авсан хүн нь Г.Алтан аж. 2012 оны
арван­нэгдүгээр сарын 6-ны өдөр
МАН-ын Ерөнхий нарийн
бич­гийн дарга Г.Занданшатар, болон иргэн Г.Алтан нар гарын
үсэг зурж баталсан Зээлийн
болон барьцааны гэрээ  дэлгэг­дэв. Зээлийн гэрээг
“Сүхбаатар дүүргийн VI хороо, Бага тойруу,
Улаанбаатар-11, Тусгаар тогтнолын ордон
хаягт орших 8082001001 тоот улсын бүртгэлийн
гэрчилгээтэй 8488908 тоот регистрийн дугаартай
Монгол Ардын нам, нөгөө
талаас Боргочууд овогт Г.Алтан
нар зээлийн гэрээ байгуулжээ.

Ардын нам дотоод үйл
ажиллагаандаа зарцуулахаар Г.Алтангаас найман
сарын хугацаатай  нэг
сая ам.доллар зээлсэн
уг гэрээг Ардын намыг
төлөөлж тус намын Сан
хөмрөгийн хэлтсийн дарга Балжир засаг
овогт Жамбаагийн Тамир,  иргэн
Г.Алтанг төлөөлж
хуулийн зөвлөх нь болох
Лхамжавын Сарангэрэл нар байгуулсан  байна. Зээлийг нэг
сая ам.долларын сарын
хүү 2.9 хувь байхаар тохирчээ.
Энэ нь Ардын нам
Г.Алтанд сар
бүр 29 000 /хорин есөн мянга/
ам.долларын хүү төлөхөөр болсон
гэсэн үг.  Энэ
гэрээг хийхдээ МАН-ынхан
зөвхөн Лениний музейг барьцаалаагүй
байна. Музейн дээрээс нэмж
Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, зургадугаар хороолол
дахь Ү-2202002678, 000133314 гэрчилгээний болон улсын бүртгэлийн
дугаар бүхий 7550 мкв талбайтай оффис
үйлчилгээний зориулалттай байрыг 0231960, 154/0135 гэрчилгээний болон улсын бүртгэлийн
дугаартай 4712 мкв газрын хамт
Г.Алтангийн барьцаанд
тавьжээ.

 Гэвч МАН
Г.Алтангаас зээлж
авсан  нэг
сая ам.доллараа төлөөгүй
байгаа гэнэ. Үүнээс болж  шүүхийн
хаалга  татахдаа
хүрээд буй бололтой.  Хэвлэлд гарсан мэдээллээс
харвал МАН Г.Алтан
хоёрын хэн нь  шүүхдэлцэх гээд байгаа нь
ойлгомжгүй харагдаж буй юм. Учир
нь МАН Г.Алтан
хоёрыг салгаж харах хүн
гарахгүй л байх. Г.Алтангийн бизнесийн уналт амжилт  МАН-ынхантай холбоотой
байсаар ирсэн. САПУ шатахад,
“Зоос” банкийг дампууруулж Төрийн
банк болоход ч Г.Алтангийн хадгаламжин дахь их хэмжээний
мөнгийг эрх барьж байсан
МАН-ынхан гаргаж өгсөн
гэдэг. Энэ талаар тухайн
үед  хэвлэлээр
шуугиж  байлаа.
Тэгэхээр МАН болон Г.Алтан хоёрын энэ
гэрээ өнөө­дөр яагаад
хэвлэлээр гарах болов гэдэг
анхаа­рал татна. Шүүхийн  аль
ч шатанд Нийслэлийн
төрийн өмчийн  хороо  Лениний
музейг мэдэлдээ авах тухай ярьж
байхад дээрх сэдэв огт
сөхөгдөөгүй.   Ингээд
шүүхийн шийдвэр гарч Лениний
музейг төрд шилжүүлж, Батаарын
музей болгосон. Зарим нэгний үзэж
байгаагаар дээрх гэрээ   Г.Алтан МАН
хоёрын дунд хийсэн Лениний
музейн ерөнхий түрээслэгчийнх байсан
байж болзошгүй гэж үзэх ч
хүн байна.  Ерөнхий
түрээслэгчээр Г.Алтан  гэрээ хийж харин
энэ ажлыг түүний хүн
гүйцэтгэсэн байх. Аж ахуйн
компани албан ёсоор хийсэн  түрээс
биш болохоор  хэдий  хэмжээний
ашиг олсныг олж мэдэх
аргагүй. Шууд тайлан тооцоо
гэж гарч ирэх боломжгүй
гэж хардах хүн ч
байгаа юм.

 Дээрх гэрээ
бодитой байлаа гэхэд тэр
сая ам.долларыг МАН
ямар хэлбэрээр Г.Алтангаас авсан
бэ гэдэг нь сонин
байх бололтой. Түүнээс нь хөөх
юм бол САПУ, “Зоос”
банк дампуурч, Олон Овоотын уурхайд  хүртэл
нэр холбогдож  явсан
Г.Алтангийн  бизнесийн байдалд, 2012 онд МАН-тай  хийж
байсан дээрх гэрээ хүртэлх
замыг нягтлахыг  санал
болгох эдийн засагчид мундахгүй
гарах нь.

Г.Алтан 2009 оны сүүл  2010 оны эхээр “Зоос
банк” дампуурсны дараа Увс аймгийн
нэр дээр МАН-ын
Бага хурлын гишүүн болсон
түүхтэй. Бага хурлын гишүүн
болсноосоо хоёр жилийн дараа
ийн  гэрээ
цаг хугацааны хувьд үзэглэгдсэн бололтой.  Үүнийг  2012 оны  Орон
нутгийн сонгуультай зарим хүн холбож
үздэг юм билээ. Ямартай
ч МАН, Лениний
музей, Г.Алтан гэсэн
гурвалсан холбооны учир начир  цаашид өрнөх үйл
явдлуудаас  илүү
тодорхой харагдах биз ээ.

Г.ОНОН

Categories
мэдээ цаг-үе

Ш.Гунгаадорж: Ардын нам ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн зүйл дээр байгаа онож буудах хэрэгтэй

Монгол Улсын
Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой ярилцлаа.

-Таныг Ерөнхий
сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлын та­лаар
асуумаар байна. Хоёр хөршийн төрийн тэр­гүү­ний айлчлал гээд хэд хоног л хөл хөдөлгөөн
болох шив?

-Монгол Улсын хувьд
өнөө жил маш онцлог жил болж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд 10 гаруй хоногийн
зайтай айлчилж цаашдын томоохон хүрээний асуудлуудыг ярилцлаа. Энэ бол манай орны
хувьд том дэвшил гэхээс өөр юу гэхэв. Айлчлалаар Монгол Улсын эрх ашиг, ирээдүйн
хөгжил ямар байх вэ гэсэн манай орны эрх ашигт нийцсэн онцлох үйл явдал болох шив.
Аль аль талдаа олон чухал асуудлуудыг шийдвэрлэлээ. Ялангуяа хойд хөрштэйгээ бид
сүүлийн жилүүдэд эдийн засаг, худалдааны харилцаа жаахан холдох маягтай бай­сан.
Манай хоёр орон олон томоохон боломжоо ашиглаж чадалгүй өдий хүрснийг ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путины айлчлалаар шийдэх замд нь оруулсан. Монгол Улс хоёр хөрштэйгээ ойр дотно
байна гэдэг нь манай орны амин чухал асуудал. Цаашид стратегийн олон түншлэлийн
хүрээнд хамтран ажиллах, ярьсан хэлсэн зүйлсээ ажил хэрэг болгох шаардлагатай. Д.Медведев,
В.Путин нар өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа манай оронд айлчилж олон асуудлуудыг
ярьж хэлэл­цээд явж байсан. Тухайн үед ярьж байсан уран, ашигт малт­малыг ашиглах,
Асгатын мөнгөний орд, төмөр зам гээд нэлээд хэдэн асуудлууд сая ч гэсэн давтагдаж
байх жишээтэй. Тэр үедээ за гээд явсан ч түүнээс хойш зургаан жил болоход өнөө асуудлуудаа
дахин тавьж байгаа бол энэ манай талын хариуцлагагүйн шинж. Бид
ярьснаараа юм бүтчихлээ гэж асуудалд ханддаг нь буруу. Энэ бүгдээс сургамж авч ажлын хэсэг, холбогдох яамд ажиллаж байгаа байх. Өдөр шөнөгүй хэлэлцсэн асуудлуудынхаа хүрээнд ажиллаж хоёр хөрштэйгээ хамтран ажиллах хэрэгтэй. Хоёр хөршийнхөө аль нэгийг тэргүүн эгнээнд тавилгүй яг ижил түвшинд харилцаагаа өрнүүлэх хэрэгтэй. Бидэнд тэнцвэртэй бодлого шаардлагатай байна. Тэгээгүйгээс болж алдаж байсан гашуун сургамж ч бий. Нэг алдсан бодлогыг олон жилийн хугацаанд засахад хүнд байдаг. Хоёр хөрштэйгээ сайн байна гээд гуравдагч хөршөө цааш нь түлхэж болохгүй. Хөрш орнуудтайгаа сайн байна гэдэг нь бусад орнуудыг биднээс холуур бай гэсэн үг биш гэдгийг санах ёстой.

Манай хоёр хөрш чинь Монгол Улсын гуравдагч хөршид тийм ч тааламжтай ханддаггүй гэдэг шүү дээ?

-Энэ бол эмзэг асуудал. Хоёр хөрш маань манай гуравдагч хөршид тааламжгүй ханддаг гэдгийг юугаар батлах вэ гэдгээс эхлээд бодох юм байна. Гуравдагч орнуудтайгаа эдийн засаг, улс төрийн түвшний харилцаагаа хэвээр хадгалах шаардлагатай. Ер нь бол донжийг нь тааруулж харилцах нь зөв. Гуравдагч хөрштэйгээ харилцахдаа хоёр хөрштэйгээ харилцаагаа муутгах хэрэггүй. Энэ нь тактикийн асуудал. Дэлхий нийтээр глобалчлагдаж байгаа үед хэн нэгэнд бус бүгдтэй нь сайн байх зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Аль нэг улсыг өмнөө тавьдаг цаг өнгөрсөн. Аль нэг улсад илүү таатай хандах цаг ирж магадгүй. Тэр үед бид болгоомжтой хандах нь чухал. Бекерийг манай оронд ирэхэд Ерөнхий сайд байхдаа уулзахад гуравдагч хөршийн тухай анх ярьж байсан. Тэгэхэд “Гуравдагч хөрш гэж байж болно. Гэхдээ танай улсын хоёр талынхаа том хөршийг дайрч гарч байж л гуравдагч хөрштэйгээ харьцана. Монгол Улс хоёр том айлын дунд байгаа” гэдгийг хэлж байсан. Дэлхийн хэмжээний политик хүн Монгол Улс шинэдэж хоёр хөршөө хаяад алдах вий дээ гэдгийг анхааруулж хэлсэн хэрэг. Тэр цаг үеийг бодоход өнөөдөр цаг өөр болсон. Тиймээс энэ бодлогыг төр засгийнхан зөв тэнцвэрийг олох хэрэгтэй.

Монгол орны эдийн засгийн байдал дээр ямар бодолтой байгаа вэ. Эдийн засаг мөд сэргэхгүй нь л гээд байна?

-Яахав ээ, хүмүүс янз бүрээр л ярьж байна. Шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа олон ажил бий. Хийх ёстойгоо хийж чадахгүй ч байгаа зүйлс харагдах юм. Олон асуудлын дундаас зөвийг нь барьж хийх ажил гэж байна. Зөвийгөө барьж авсан уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Түүнээс болоод нэг хэсэгт нь юм хийж байгаагаар нөгөөд нь Засгийн газар юм хийхгүй байгаа тийм л дүр төрх харагдаад байна. Юм хийж байгаа үгүйг ажил хийсэн, хийгээгүй гэдэг хэрүүлээр бус ард түмний амьдралаар хэмждэг юм. Ард түмнийхээ амьдрал руу орох хэрэгтэй. Энэ талаас харвал хөдөө монголчуудын амьдрал хүнд байгаа. Хэн хэдэн машинтай байна вэ гэдэг нь хэмжүүр биш. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад хэр дүн шинжилгээ хийж байгаа юм бол. Дээгүүрээ бид зам, барилга барьж байна гээд л байдаг. “Барилгыг чинь хоосон хүн хоол болгож иддэггүй юм байгаа биз дээ” гэж сэтгүүлч Ц.Дашдондов бичсэн байдаг. Үнэн ш дээ. Засаг төрийнхөн ард түмэн айх аюулгүй, дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байна уу гэдэг толинд л өөрсдийгөө харж байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр ард түмнийхээ толинд харалгүй дээр өлгөөтэй байгаа толийг хараад байх юм. Алтан нарыг алгаараа хааж болдоггүйтэй адил бодит зүйлсийг харах хэрэгтэй.

Гадаадын хөрөнгө оруулалт, ам.долларын урсгал чинь бүгд цаанаа учир шалтгаантай. Үүнийг л зөв гаргах хэрэгтэй. Гуравхан сая монголчуудад өнөөдөр эв хэрэгтэй байна. Эв нэгдэлтэй байна гэдэг нь халаас халаасаа нийлээд мөнгө зувчуулна гэсэн үг биш. Нам эвсэл, нас шүдээрээ талцаад байвал энэ улс өөдлөхгүй. Үндэсний эв нэгдэл дээр л бид нэгдэж чадвал хөгжлийн зам эхэлнэ.

Манайд улс төрийн уламжлал гэдэг зүйл хаягдан шороотой хутгалдсан. Өмнөх Засгийн газраас авах, хаях зүйл бий. Гэтэл аль ч нам нь гарсан түрүүчийнхээ дөрвөн жилийг үгүйсгэж байх юм. Урд урдын сайн зүйлсийн суурин дээр бид байшин барих ёстой. Нэг нь гарч ирээд барьж байшин барилгыг нь нураагаад дахин шинээр хундаам цутгаж тоосгоо өрдөг. Ингэсээр байтал хамаг цаг хугацаа, сайн сайхан бүхнээ алдаад дууслаа. Ийм л замаар үе үеийн Засгийн газар учраа олохгүй яваад байх юм. Нийтлэг асуудал дээрээ нэгдэж чадахгүй байна. Эрх мэдлийн хуваарилалтаа цаашид хэрхэх вэ гэдгээ ярихгүй бол цаашаа явахад бэрх л дээ. Манай сонгууль явагдаж буй арга системийг бүтнээр нь өөрчлөхгүй бол болохгүй болчихож.

Юу нь болохгүй байна гэж?

-Сонгуульд орохын тулд намууд асар их хэмжээний мөнгө зардаг. Түүнээс болоод төрийг аваад явчих хэмжээний чадвартай залуу, дунд насныхан орж чадахгүй байна. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс Их хуралд сууж байгаа нь нүдэн дээр ил болчихсон. Жинхэнэ улстөрчид оръё гэхээр бөөн мөнгөтэй үзэх болдог. Мэдлэг, чадвараараа өрсөлдөх хэмжээний хүмүүс байх хэрэгтэй. Харамсалтай нь мөнгөгүйгээсээ болоод гарч чадахгүй юм. Сонгуулийн энэ тогтолцоог өөрчлөх ёстой.

Оюу толгой, Таван толгой төсөл зогссоноос болоод хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. Гадны хөрөнгө оруулагчид хоёр толгойг харсан байдалтай байна. Цаашид хэрхэх нь зөв бол?

-Монгол Улсыг хөгжүүлэхэд уул уурхай, эрчим хүчний салбар зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ манай орон уул уурхайг түшиглэж хөгжинө гэсэн явцуу бодлогын хүрээнд 20 жил явлаа. Энэ хоёр толгойг 10 гаруй жил мөлжих гэж үзээд мэрсээр байгаад таарлаа. Уул уурхайн салбар уналтад орох үед түүнийг нь нөхөж байх бусад салбаруудаа орхичихсон. Монгол Улсын хөдөө аж ахуй гэдэг чинь бидэнд мэдрэгдэхгүй байгаа болохоос өнөөдрийг хүртэл тэжээгээд л яваад байгаа эд. 2008 онд дэлхий нийтээр эдийн засаг хямрахад бид өлсөөгүй, гаднаас махаа зөөгөөгүй. Уул уурхайн хажуугаар бусад салбараас хөрөнгө оруулалт татах ажлаа хийх хэрэгтэй. Бусад салбаруудаа дэмжээд явчихсан бол, үйлдвэрүүд барьчихсан бол, хөрөнгө оруулалтаа хийчихсэн бол арьс ширээ боловсруулаад экспортлон, гадны хөрөнгө оруулалтыг татчихсан байх байлаа. Гэтэл манай хөрөнгө оруулалт ганцхан “толгой” руу л яваад байдаг. Энэ хоёр толгойгоос дутахгүй баялаг манайд бий. Малаас амьсгаанаас бусдыг нь ашигладаг. Үхрийн хөөвөр, адууны дэл, сүүл, тэмээний ноос, зогдор зэрэг хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүдийг боловсруулаад валют болгож байгаа юм алга. Гадныхантай хамтар л даа, хамаагүй. Өнөөдөр “Говь” шиг хэд хэдэн үйлдвэр байхад уул уурхайн эдийн засгийн хажуугаар том жийрэг болно. Үүнийгээ бодолцохгүй л хоёр толгой гэсээр байгаад толгойны өвчин болчихсон. Хөгжлийн бодлогодоо тусгах ёстой. Уул уурхайг л өнөөдөр хөгжүүлье. Мал аж ахуй тийм ч жинтэй зүйл биш гэж байна. Улс орныг хөгжүүлэх урт хугацааны концепц манайд алга. Их хурлын дараа З.Энхболд ноднин Их хурлаар оруулж шийднэ гэсэн. Гарсан юм юу ч алга байна.

Таныг Ерөнхий сайд байхад хөгжлийн концепц гэж юу байв?

-Хуучин бол тав, 10 жилийн хөгжлийн бодлого явж байсан. Япон улс гэхэд 20 жилийн дараа Япон улс ямар болох уу гэсэн хөгжлийн бодлоготой байна шүү дээ. Ингэж юмаа төлөвлөхгүйгээр дайралдсанаа барьж аваад байсны гай, өнөөдрийн хөгжлийн удаашрал нэгдсэн бодлогогүйгээс болсон. Тавдугаарт хийх ёстой асуудлыг нэгдүгээрт хийгээд байхаар хөгжлийн удаашрал болоод байгаа юм. Шийдэх асуудлуудынхаа эрэмбэ дарааллыг зөв тогтоох ёстой. Ингэж явсаар байтал 2015 он гарна. Тэгээд л долоо, наймдугаар сараас сонгуулийн сурталчилгаа эхэлчихнэ. Энэ Засгийн газарт идэвхтэй ажиллах нэг жилийн хугацаа л үлдсэн. Сибирийн Алс Дорнод гэдэг хязгааргүй хэрэглээ байна. Өнөөдрийн нийт малынхаа 30 хувийг гаргаад ч хэрэгцээг нь хангаж чадахгүй. Тиймээс энэ цаг мөчийг алдалгүй Оростой мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамтдаа боловсруулах хэрэгтэй. Үүнийг сэргээе л дээ. Сибирь Алс Дорнод руу ноос, ноолуураар хийсэн хивс, дээл, ноосон хувцсаа гарга. Эдийн засгийн том боломж байна. Тэгэхгүйгээр бид үүнийг давж хараад хоёр толгой руу хошуураад байгаа юм. Хоёр толгойн наагуур урсаж байгаа мөнгийг бид харахгүй байгаа нь харамсалтай. ОХУ-тай худалдаа эдийн засгийн харилцааг өндөр түвшинд гаргана гээд ярьчихсан. Тиймээс бид боломжийг алдах ёсгүй.

Өнөөдрийн Засгийн газарт та ямар үнэлэлт өгөх вэ. Хүмүүс бол янз бүрээр л ярьж байна. Ерөнхий сайдын хувьд мэдэгдэл хийж яамдын тоог цөөлнө гэдгээ мэдэгдсэн?

-Манайхны хоёр гурван жилийн дараагийнхыг харж чаддаггүй бодлоготой нь холбоотой. Анхнаасаа Засгийн газар байгуулахад ийм олон яамыг дагаад орон тоо нэмэгдэж байна гэсэн. Хэрэгцээ шаардлагатай гээд байсан. Хоёр гурван нам нийлж олонх болоод авсан. Намуудаас гадна олон фракцынх нь эрх ашгийг харгалзан олон яам байгуулсан. Энэ бол жижиг асуудал. Үүний цаана том эрх ашиг бий. Энэ буруу байж гэдгийг Ерөнхий сайд сая харж л дээ. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Саналаа гаргах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Н.Батбаяр, Д.Ганхуяг сайдыг гэдэгтээ гол нь биш. Сайд нарыг нь огцруулах нь тийм ч том зүйл биш бөгөөд хамгийн чухал нь Засгийн газрын бүтэц данхайсан. Тэр олон сайдууд нь парламентад үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл учирдаг. Эдийн засаг хүнд байгаа энэ үед Ерөнхий сайдын уг алхмыг би зөв гэж харж байна.

Ерөнхий сайдын шийдвэр хожимдсон уу?

-Анхнаасаа Засгийн газар байгуулахад л ингэх шаардлага байгаагүй. Цомхон бүтэцтэй 11-12 яамтай байсан бол болох байсан. Ерөнхий сайд ядаж жилийн өмнө ийм шийдвэр гаргасан бол байдал арай дээр байх байлаа. Тэгсэн бол Н.Алтанхуягт өөрт нь түвэг бага байх байсан юм. Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг шиг түргэн хугацаанд чадварлаг бүтэцтэй ажиллах хэрэгтэй болчихлоо. Үүнд болохгүй зүйл байхгүй. Ерөнхий сайдын мэдэгдэл гэнэтийн байсан тул шуугиан дэгдээж байх шиг байна. Ерөнхий сайдын шийдвэр оройтсон ч гэсэн буруу зүйл биш ээ. Ерөнхий сайд нэгэнт ам гарчихсан юм чинь Их хуралд асуудлуудаа оруулж таарах байх.

МАНын үйл ажиллагааны талаар ямар дүгнэлт өгөх вэ. Ардын нам залуусаар эгнээгээ бүрдүүлсэн тул үйл ажиллагаа нь тааруу байгаа харагдах юм. Намын дарга, генсекийн хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Намын дарга хааяа дуугарч л байна. Аймаг орон нутгаар бүсийн зөвлөгөөн хийгээд ажиллаж байх шиг байгаа юм. Гэхдээ нам эрчимтэй ажиллаж чадахгүй байна. Сөрөг хүчин үргэлж сөрдөг юм биш. Улс орны эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэдэг дээр хэд хэдэн саналыг тавьж байна лээ. Ажиллаж байна гэдгийг аль утгаар нь ойлгох юм. Үргэлж хуралдаж, хашгичаад байгааг ажиллаж байна уу гэх үү. Намынхаа бодлогыг боловсруулаад ард түмэнд танилцуулж байгаа бол ажил хийж байна гэх үү. МАН бүр ажиллахгүй байна гэж би хэлж чадахгүй. Хангалттай хэмжээнд ажиллах цаг үе ирчихлээ. Одоо нам идэвхжих шаардлагатай.

Их хуралд байгаа намын бүлэг Удирдах зөвлөлтэй хамтран ажиллаж бүлэг парламент дээр ямар байр суурь барих вэ гэдгээ эргэж харах ёстой. Шүүмжлэх зүйл гаралгүй яахав. Хамгийн гол нь шүүмжлэх зүйлээ зөв олж, ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн зүйл дээр байгаа зөв онож буудах хэрэгтэй. Түүнээс биш зөв, буруу аль ч зүйл дээр шаагиад байх нь сөрөг хүчний нэр хүндэд сайн зүйл биш. МАН тактикаа зөв боловсруулж чадахгүй байгаа тул дотор нь хутгалдаад шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм шиг харагдаад байна.

Манай нам залуу боловсон хүчнээр эгнээгээ бүрдүүлсэн нь тийм ч муу зүйл биш. Яахав дадлага туршлага дутаж байгаа зүйл нэлээд байна. Эртнээс ахмад, дунд, залуу үе гэсэн гурван хэлхээг өнөөдөр хэр залгаж байна вэ гэдгийг харах ёстой. Ярихдаа алтан хэлхээ гээд байгаа юм. Ахмад үе нь хэлэх зүйлээ хэлээд явна. Тэглээ гээд ахмад үеэ удирдлагадаа оруул гэж байгаа юм биш. Ахмадуудынхаа үгийг сонс. Дунд, залуу үеийнхний харьцаа зөв байх хэрэгтэй. Өнөөдөр энэ харьцаа жаахан алдагдаад байгаа юм биш үү гэсэн бодолтой явна. Ахмадуудынхаа үгийг сонсч өдөр тутмын ажилдаа бодолцож явах тал дээр учир дутагдалтай байна. Ардын намынхан доошоогоо буюу анхан шатныхантайгаа холбоо муу байгаа тухай үргэлж ярьж байгаа. Амьдрал дээр ийм зүйл байгаа болоод л хэлж байна. Энэ мэтчилэн зүйлс нам цаашдаа амжилттай ажиллах, 2016 оны сонгуульд сайн орохын эх үүтгэл юм. Нам бүр идэвхгүй болсон юм байхгүй.

Та хөдөө аж ахуйн салбарт бүхий л насаа зориулж яваа. Өнөөдрийн хөдөө аж ахуйн салбарын тухай ямар бодолтой байна вэ. Салбарынхан нь нэг талдаа, яамд тамгын газрууд нь нөгөө талдаа гараад суучихсан харагдах юм?

-Хөдөөгийн хөгжлийн бодлого үндсэндээ орхигдчихсон. Өнөөдөр хөдөө гэдэг үг нь ч тэр анхаарлын төвөөс холдчихлоо. Уул уурхай гэсэн сэтгэхүй яваад байна. Хөдөөд зах зээлийн орчныг бий болгох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг, зам, орчин үеийн бүхий л зүйлийг хийж хөдөөд байгаа хүнээ тойрсон ажил хийх ёстой. Анхнаасаа үүнийг цогцоор нь авч үзээгүй. Их хурлаар бодлого гарсан гэх байх. Харамсалтай нь цогцоор шийдэж чадаагүй. Одоо хөдөөгийн 30 гаруй хувь нь нийслэлд ирээд шигдчихсэн. Энэ нь хөдөөгийн бодлого алдагдсанаас л болж байна. Түүнээс хөдөөнөөс уйдаад, хөдөө ажиллахгүй гээд хот руу ирээд байгаа юм биш. Хөдөөгийн иргэдэд наалдсан бодлого явуулж чадахгүй байгаа. Яагаад заавал хөдөөнийхөн хотод ирж эмнэлэг, сургуульд хамрагдах ёстой гэж. Орон нутагт жижиг, дунд үйлдвэр гэж 20 жил ярилаа. Тийм үйлдвэр гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүс зөндөө байна. Мах, сүү, ноос, ноолуурыг анхан шатанд нь боловсруулах үйлдвэр бариад өгчихвөл хөдөөгийн хөгжил тэндээ явагдаад л байх юм. Мал, газар тариалан л гэдэг. Үүнийг чинь хүн эрхлэн явуулдаг. Яагаад Улаанбаатараас дутуугүй орон сууцыг хөдөө барьж болохгүй гэж. Сургууль, цэцэрлэг цогцоороо бий болоогүй үед хөдөөгийн хөгжил гэдгийг мал, газар хоёроор тодорхойлж болохгүй.

Монголын мал 20 сая байхдаа ч, 25 сая байхдаа ч Монголын ард түмнийг тэжээсээр ирсэн. Мал аж ахуйн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байна. Их хурлаас гарсан бодлого бий л гэх байх. Тэр нь амьдралаас эх булаг авч чадахгүй байгаа тул начир дээрээ хэрэгжихгүй байгаа юм. Бэлчээрийн мал аж ахуй цаашид яах юм. Хязгааргүй өсгөсөөр байгаад 100 саяд хүргэх юм уу. Эсвэл 50 сая дээр нь бариад чанаржуулах уу гээд бодлогын асуудлууд хэрэгтэй. Монголын мал зохих хэмжээний хязгаарт байх ёстой. Тооны хувьд хязгаартай өсгөж чанарыг сайжруулах шаардлага бий. Малын ашиг шимийг нэмэгдүүлнэ гэхээр эрлийз малын тухай асуудал хөндөгдөнө. Гэхдээ монгол мал аж ахуйгаа хөгжүүлэх хэрэгтэй. Бэлчээрийн мал аж ахуй үеийн үед байна. Өвөлжөө хаваржаандаа байшин бариад өвлийн хэцүү гурван сарыг тэндээ давчихдаг байх хэрэгтэй. Энэ хугацаанд малчид нь мал шигээ биш сонин хэвлэл уншчихдаг, телевиз үзчихдэг болох ёстой. Хотын иргэдтэй ойролцоо амьдардаг болчихвол болох юм. Өвлийг суурин байдлаар давчихаад хавар нь бэлчээрт гараад явчихдаг болчихвол болох гээд байна. Ардын селекциэр бий болсон баяд хонь, Галшарын адуу ч гэдэг юм уу энэ бүхнийг сэргээж бэлчээрийн нөхцөлд ашиг шимийг нь нэмэгдүүлмээр байгаа л даа. Байгалийн нөхцөл сайтай Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй.

Газар тариалангийн салбарт ямар процесс явагдаж байна гэж харж байгаа вэ. Улаанбуудайн үнээс эхлээд асуудлууд аль аль талдаа гарч байх шиг байна?

-Газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх хэрэгтэй. Газар тариалан мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх шаардлагатай гэдэг нь тодорхой харагдаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард Төрийн гурван өндөрлөгт газар тариалангийн салбарт төрийн ийм бодлого баримталмаар байна гэсэн саналаа бичиж өгсөн. Харамсалтай нь төрийн өндөрлөгүүд одоог хүртэл чимээгүй л байна. Бодвол миний бичсэн саналууд тэдэнд хүрээгүй нэг даргын ширээний нүдэнд байгаа юм байлгүй. Ямартай ч надад цаашид ингэж тэгж дамжуулж өглөө гэсэн зүйлийг мэдэгдсэнгүй. Тиймээс миний санал хүрээгүй байх. Харамсалтай л байна. Өнөөдөр манай төрийнхөн мэргэжилтэй хүмүүсийнхээ үгийг сонсч бодлогодоо тусгаж байх хэрэгтэй. Улаанбуудай бол ард түмний гурилын хэрэгцээг хангадаг стратегийн чухал бүтээгдэхүүн. Энэ утгаараа газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд салбар яам нь бодлогоо зөв бариагүйгээс болоод буруу яваад эхэлж байна. Хэдэн жилийн өмнөөс эхлээд улаанбуудайны талбайд арабс гээд тосны ургамлыг оронд нь тарьдаг болчихлоо. Арабсыг цаашид ихээр тарих хандлага ажиглагдаж байгаа нь бодлогын том алдаа. Төр бизнесийн салбарт хутгалдаж болохгүй ч стратегийн холбогдолтой зүйл дээр хатуу байх хэрэгтэй. Улаанбуудайг авахгүй юм бол рапсаа тарилаа гэдэг тариалан эрхлэгч байж таарахгүй. Тариалан эрхлэгчид үндсэндээ хэний газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Газар төрийн өмч шүү дээ. Төр засагтаа захирагддаггүй, төрийн бодлогыг баримталдаггүй тариаланч байж болохгүй. Тариаланчдын зовлонг би мэдэхийн дээдээр мэднэ. Үнэрхэж тунирхлаа гээд цаана нь байгаа гурван сая ард түмнийхээ хэрэгцээг боож болохгүй. Тарисан рапсаа 800 мянгаар урд өгдөг гээд улсын дотор улс байгуулаад байж таарахгүй. Рапсыг битгий тарь гэж байгаа юм биш. Тарихдаа тусгай талбайд тариад бүтээгдэхүүнийг нь дотооддоо боловсруулдаг байх шаардлагатай. Рапс, улаанбуудайн харьцааг зөв тооцож тарих нь чухал.

Газар тариалангийн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулалтын систем гэж байх хэрэгтэй. Жилийн жилд тариалсан улаан буудайгаа гурилын үйлдвэрт өгөх гэж тариаланч гурвалжин дөрвөлжин хэрүүл болж байна. Бүтээгдэхүүн борлуулдаг систем нь зах зээлийн шугамаараа явах ёстой. Тариалан дэмжих сан гэж үе үеийн сайд нарын шохоорхлыг татдаг сан байдаг.

Тэр нь ямар учиртай сан юм?

-Мэдэхгүй. Салбарын сайд бүр их л сайн байдаг юм. Тариалангийн хуулинд сан байгуулах тухай заасан. Би “Сан байг хамаагүй. Харин яамнаас нь салга” гэдэг юм. Яамнаас гаргаад төр хувийн хэвшил оролцсон бие даасан нэгж болгох ёстой. Тариалан дэмжих сан нь тариаг ийм үнээр авна гээд жишиг үнэ зарлачихдаг. Тэр үнэ нь улсын үнэ болоод бөөн маргаан үүсдэг. Яам жишиг үнэ гэж зарлахгүй, сангаа тусад нь гаргачихдаг зах зээлийн системд орох ёстой. Үнэ тогтоож байгаа нь буруу. Тариа тарьж байгаа авч байгаа хоёр нь үнээ тохирдог байх хэрэгтэй. Энэ жилийн хэрүүл үүнээс болсон. Яам нэг тонн улаан буудайн жишиг үнийг 500 мянга гэчихсэн. Яам зарласан зарлаагүй энэ үнэ боломжийн үнэ шүү дээ. Дээр нь 100 мянган төгрөгийг урамшилд өгөхөөр 600 мянган төгрөг болно гэсэн үг. Тариаланчид жаахан ургац гарчихсан үедээ давуу тал олох гэсэн эрх ашгаа хэтрүүлсэн шаардлага тавиад байгаа юм уу гэж бодоод байна. Бүтээгдэхүүний өөрийн өртгийг маш нарийн тооцох ёстой. Өөрийн өртгөөс үндэслэн үнэ үүсдэг. Би яаманд “Тариалан эрхэлдэг газруудыг бүсчилээд дундын байгууллага гаргаад судалгаа явуул” гэсэн. Ургац нэмэгдэх тусам бүтээгдэхүүний өөрийн өртөг багасдаг. Урамшууллыг хавтгайруулан өгч болохгүй. Урамшууллын 100 мянган төгрөгийг улсад тушаасан товарын улаан буудайнд л олгоно.

 

Э.ЭНХБОЛД