Categories
мэдээ цаг-үе

Хууль сахиулагчдын өмнөөс ажиллаж хуулиа зөрчих эрх тэмцэгчдэд бий юү

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Жи энд Юу голд” компанийн талбайд “Дэлхийн монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагынхан дайрч орж, удирдлагуудаас нь бичиг баримт дээрэмдэж, дөрвөн хүнийг хүчээр машиндаа суулгаж барь­цаал­сан талаарх мэдээлэл цахим хуудсаар тарсан юм. “Жи энд Юу голд” компанийн ажилтнууд байгаль орчны төлөө гэх төрийн бус бай­гууллагуудын үйл ажилла­гааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бичгийг Ерөн­хий сайд болон Хууль зүйн сайдад хаяглажээ. Түүнээс үзэхэд төрийн бус байгууллагынхан сумын зарим иргэнтэй нийлж сог­туугаар компанийн талбайд дайрч, хууль бус шаард­лага тавин, зодоон цохион үүсгэснээс гадна удирдлагуудыг нь хүчээр машинд суулгаж барьцаалсан байна. Хөдөл­гөө­нийхөн болон компанийн хооронд уржигдар эхэлсэн энэ тэмцэл одоо ч үргэлжилж байгаа аж. Бид үйл явдлыг сурвалжиллаа.

Г.ЧИНТӨМӨР: НУТГИЙНХАН, ХӨДӨЛГӨӨНИЙХНИЙ ДАРАМТААС ХЭДЭН МЯНГАН АМ.ДОЛЛАР АЛДЛАА

Жи энд Юу голд” компанийн ерөнхий захирал Г.Чинтөмөртэй утсаар холбогдож ярилцлаа.

Танай компанийн ажилт­нуудын гарын үсэгтэй, Ерөн­хий сайд, Хууль зүйн сайдад хаягласан бичгийг харлаа. Чухам юу болсон юм бэ?

-Манай компани 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компанид 150 залуу ажилладаг. Энэ хүмүүс ажил хийж, амьдралаа залгуулах гэж хөдөө хээр, үр хүүхдээсээ хол яваа. Тэдний ард 500 орчим хүмүүсийн амьдрал бий. Гэтэл өөрсдөдөө гоё нэр өгсөн рекетчид дайрч ирээд үймээн дэгдээж, эрх чөлөөнд нь дураараа халдаж байна. Бүр заримыг нь барьцаалаад явчихлаа. Үүнд манай хамт олон үнэхээр бухимдаж байна. Олон жил хуулиас гадуур дарамтлуулж, дээрэлхүүллээ. Арга ядахдаа гарын үсгээ цуглуулаад Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад хандаж байна шүү дээ.

Ням гаригт хөдөлгөөний жийп хөлөглөсөн залуус, сумын иргэдийг дагуулж ирээд бидэнд “Бичиг баримтаа шалгуул” гэсэн хууль бус шаардлага тавьж, хэл амаар доромжилж эхэлсэн. Хуулийн дагуу харьцахыг сануулсан ч бичиг баримт дээрэмдэж, зодоон хийлээ. Бүр дөрвөн хүнийг ачааны машины тэвшин дээр хүчээр авч шидээд сумын төв рүү авч явсан. Үүнийг “Хүн барьцаалсан” гэхээс өөрөөр нэрлэх арга алга (Тэрбээр тухайн үед болсон явдлыг дүрсжүүлж хадгалснаа үзүүллээ. Бичлэгт дээлтэй, хамгаалалтын хувцастай залуучууд гурван ч хүнийг хүчээр машины тэвшин дээр суулгаж байгаа харагдав).

Хүчээр авч явсан хүмүүсээ хаана аваачсан хэрэг вэ?

-Сумын төвд хүмүүс хуралдаж байсан юм билээ. Тэр хурал дээр аваачиж, хоёр цаг гаруй байцааж, хэл амаар доромжилсон. Үндсэн хуульд заасан хүний эрх хаана байна вэ. Хэн дуртай нь барьцаалдаг, хорьдог байж болох уу.

Та бүхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Албан ёсоор гомдол гарга­сан. 2011 онд мөн л ийм зүйл болж байсан. Нутгийн хэдэн залуус манай компанийн хүмүүсийг уурхайгаас хүчээр авч яваад уурын зуухны байранд дөрвөн цаг хорьсон. Гэтэл хуулийн байгууллага авч хэлэлцээгүй. Тоогоо ч үгүй. Тиймээс тэд хууль зөрчиж болдог гэж ойлгочихоод үйлдлээ давтаж байх шиг байна. Өмнө нь ингэж дарамтлуулж байсан учраас энэ удаад олон нийтэд хүргэе гэж бодсон юм. Танай сонин хамгийн олон уншигчтай, нийтлэл бүрт чинь албаныхан анхаарлаа хандуулдаг. Бидэнд тохиолдоод байгаа энэ үйл явдалд ч анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ийм хууль бус явдал, дарамт байгаа нь хэвийн зүйл мэт болсон.

Хөдөлгөөнийхөн танайд ирэхдээ хуулийнхныг дагуулж ирсэн үү?

-Хууль сахиулах, шалгах эрхтэй нэг ч хүн ирээгүй. Тэгсэн атлаа өнөөг хүртэл Гурванбулаг суманд байж, өөрсдийгөө хуулийн дагуу байсан мэтээр олон нийтэд худлаа мэдээ тарааж байгаа.

Нутгийн иргэд ямар учраас танай компанийг дарамтлаад байдаг юм бэ?

-Хоёр, гуравхан хүний зохион байгуулж бай­гаа ажил. Уул уурхайн ком­пани олбор­лолт хийж байгаа сумынхаа татварын байцаагчтай газрын гэрээ хийж, татвар төлөх ёстой. Гэтэл татварын байцаагч Шаравсэнгэ гэдэг хүн энэ гэрээг хийдэггүй. Бид өнгөрсөн гуравдугаар сард гэрээ хийх хүсэлтээ хүргүүлсэн ч өнөөг хүртэл гэрээ хийгээгүй. Бид зохих ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байхад татварын байцаагч гэрээ хийгээд татвараа авах нь үүрэг. Гэтэл өөрөө гэрээ хийдэггүй байж “Газрын гэрээ байхгүй” гэж шантаажлаад, дарамтлаад байдаг. Энэ удаад ч хөдөлгөөний залуус энэ гэрээг шалгах гэж ирсэн. Хийгээгүй гэрээ бидэнд байхгүй шүү дээ. Тэгэхээр л бичиг баримт дутуу гэж дарамталдаг юм.

Бас яагаад үйл ажилла­гааг чинь зогсоогоод байдаг юм бэ?

-Бид Ашигт малтмалын газар, Байгаль орчны яам гээд холбогдох бүх зөвшөөрлөө аваад хуулийн дагуу ажиллаж байгаа. Гэтэл сумын байгаль орчны байцаагч дээрх гэрээ зэргийг нэхэж ирээд, үйл ажиллагаа зогсоочихдог. 2011 оноос хойш ийм байдалтай байна.

Танайх голын эхэн дээр алт олборлоод “Урт нэртэй хууль” зөрчөөд байдаг юм биш үү?

-Хууль зөрчсөн бол холбог­дох байгууллагууд зөвшөөрөл өгөхгүй шүү дээ. “Урт нэртэй хууль” зөрчсөн ямар ч асуудал байхгүй.

-2011 оноос хойш нутгийн иргэд, хөдөлгөөнийхний дарамтаас болж олборлолт явуулж чадахгүй байсан гэлээ. Энэ хооронд танай компани хэр их алдагдал хүлээв?

-Манайх хоёр төсөл дээр 1.5 тонн орчим алтны нөөцтэй байсан. “Урт нэртэй хууль”-ийн хүрээнд 500 кг орчим нөөцтэй талбай маань эргэлтэд орж чадахгүй гацчихсан. Одоо талбайд маань 600 кг алтны нөөц бий. Энэ алтыг 2011 онд олборлож чадсан бол тэр үед алтны ханш нэг унци 1800-1900 ам.доллар байсан. Гэтэл одоо 1190 ам.доллар байна. Зөвхөн ханшийн зөрүүнээс нэг унци тутамд 700-800 ам.дол­ларын алдагдал хүлээж байна. Ингээд тооцохоор хэдэн мянган ам.доллар алдсан. Сүүлийн гурван жилд нутгийн иргэд, хөдөлгөөнийхөн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг сөрөг мэдээл­лээс болж манайх олборлолт хийж чадаагүй. Одоо олборлолтоо хийх гэтэл дахиад ийм зүйл болж байна. Хуулийн дагуу дарамтгүй ажил­лаж болдог байсан бол манайх эдийн засагт хэр хэм­жээний мөнгө оруулж чадах байсан билээ. Дэлхийн зах зээл дээрх алт, нүүрсний үнийн өсөлтийг үндэсний компаниуд ашиглах бүрэн боломжтой байсан. Гэтэл иргэний хөдөлгөөнийхөн, хэдхэн хүний балагаар энэ боломжийг алдсан. Бүр бие махбодидоо халдуулж, барьцаалуулдаг боллоо гэв.

Д.БАНЗРАГЧ: ҮЛ ОЙЛГОЛЦОЛ БОЛООД БАЙХ ШИГ БАЙНА

Гурванбулаг сумын Засаг даргаас болсон үйл явдлыг тодруулахад “Би хотоос одоо л буцаж байна. Хөдөлгөөнийхөн ирээд үл ойлголцол болоод байх шиг байна. Манай сумынхан тэр залуусыг дуудсан бололтой юм. Ирээд хууль бус шаардлага тавьсан гэж сонслоо. Иргэдийн хүсэлтээр гэх нэрийдлээр бичиг баримтыг нь шалгах нь хуульд нийцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ “Жи энд Юу голд” компанийнхан өөрсдөө аймаг, сумын удирдлагуудтай гэрээ хийгээгүй атлаа алт олборлож бай­гаад иргэд дургүйцээд бай­гаа юм болов уу даа” гэлээ.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛГОХООР ИРЛЭЭ”

Дэлхийн монгол ногоон нэгдэл”, “Босоо хөх монгол” төрийн бус байгууллагынхан Гурван­булаг суманд ажиллаж байгаа учраас уулзах боломж байсангүй. Лавлах утсанд тэмдэглүүлсэн 9911..-тэй дугаарууд нь бүгд холбогдох боломжгүй байв. Харин”Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ын ажлынх нь утсыг авсан эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

Танай хөдөлгөөнийхөн Гурванбулаг суманд очоод уул уурхайн компа­нийн талбайд дайрч орж, ажилтнуудыг нь барьцаал­сан гэж сонслоо. Тэнд ямар зорилгоор очсон юм бэ?

-Нутгийн иргэдтэй хамт очиж, бичиг баримтыг нь үзэж тодруулга хийх л зорил­готой байсан. Гэтэл тэр компанийнхан нь бичиг баримтаа үзүүлэхгүйгээс үл ойлголцол үүссэн бололтой юм билээ.

Компани, аж ахуйн нэгжийн баримт бичигтэй танилцаж, тодруулга хийх эрх хөдөлгөөнийхөнд бий болов уу. Эсвэл тийм эрх авчихсан байдаг юм уу?

-Хэнд ч тийм эрх байгаа. Төрийн байгууллагаас тэр компанийн үйл ажиллагааг зогсоосон баримт бичиг гаргаж байсан гэсэн. Түүнтэй нь танилцах эрх байгаа.

Танайхан хөдөө, орон нутагт их ажиллах юм. Зар­дал мөнгө олоход хүнд­рэлтэй л байдаг болов уу?

-Бид нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр ажилладаг. Зардал мөнгөө ч хувиасаа зохицуулдаг. Байгаль орчноо онгон дагшнаар нь үлдээх хүсэл нэг ч гэсэн монгол хүнд байдаг юм шүү дээ. Голын эх дээр алт ухаж байгааг болиулах сэтгэлтэй хүмүүс байгаад баярлаж яв.

Байгаль орчноо гэх сэт­гэл­тэй байгааг нь буруут­гаагүй шүү дээ. Тэглээ гээд компанийн өмчид халдаж, хүн барьцаалж болдог юм уу?

-Сүртэй юм болоогүй шүү дээ. Битгий сүр бадруулаад бай гэв.

Гурванбулаг суманд бай­гаа хөдөлгөөнийхөн facebook хуудастаа “Босоо Хөх Монгол”, “Дэлхийн монгол ногоон нэгдэл” төрийн бус бай­гууллагынхан бидБаянхонгор аймгийн Гурванбулаг сумын ард иргэдийн хүсэлтийн дагуу тус орон нутагт хууль бусаар алт ухаж, ус ургамал, ан амьтан, хүн мал хордуулж, нутгийн ард иргэдийн санал бодлыг үл тоон илтэд дарамт­лан дураараа дургиж байгаа “Жи энд Юу гоулд” ХХК-ны үйл ажиллагаатай танилцаж хууль хяналтын байгууллагаар үйл ажиллагааг нь зогсоолгохоор ирлээ. Уул уурхайн яам тус компани нь ашигт малтмалын тухай хэд хэдэн заалтыг зөрчсөн тул хуулийн хариуцлага хүлээл­гэхийг мэдэгдсэн байхад үл тоон, мөн аймаг сумын тусгай хамгаалалтанд авсан газрыг дураараа ухаж сэндийчиж мөнгөөр бүхнийг шийдэж байна. Биднийг хүн зодсон, дээрэм хийгээд явж байна л гэнэ. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэдэг шиг эд булхайгаа нуухын тулд аргаа барж биднийг гүтгэж эхэлж байна. Гэхдээ бид ямарч дарамт шахалт, гүтгэлгээс айхгүй ээ, харин ч энэ уурхайг хаалгахдаа л хаалгана” гэж бичсэн байв. Мөн сумын иргэдийн хурлын хойморт сууж байгаа зургаа түгээсэн байв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Ард түмэн рүү хүрэх мөнгийг нэмж, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна

Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Төсвийг өргөн барилаа. Өнөө жилийн төсвийн онцлог нь юу вэ?

-Төсөв гэдэг улс төр, эдийн засгийн бодлогын төвлөрсөн тоон илэрхийлэл юм. Тэр тусмаа хязгаарлагдмал хөрөнгө санхүүгийн боломжийн хүрээнд амьдралыг залгуулах, хөгжил жолоодох бодлогыг тодорхойлсон баримт бичиг. Тиймээс төсвийг нухацтай анхаарч, ойлгох учиртай. Төсвийг бодлогыг нь уншаад, тоог нь бодоод, хооронд нь нэгтгэж дүгнэсний эцэст хүн ойлгоно. Ингэхгүйгээр захаас нь ишилж яриад хэн ч ойлгохгүй. Тэгэхээр төсөв гэдэг бодлого юм чинь өөрийн гэсэн философи, зарчим, шалгуур үзүүлэлт, хэрэгжих механизм, хариуцлагын шинжийг агуулсан цогц бодлого гэсэн үг л дээ. Энэ бүгдийг харж чадвал төсвийг ойлгодог.

-Тэгвэл ямар филосо­фитой төсөв өргөн барив?

-Энд гурван зүйлийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт санхүүгийн эрхийг анхан шатны нэгж рүү шилжүүлж байгаа философитой төсөв. Цаашилбал төсвийн төвлөрлийг сааруулж байгаа хэрэг. Ямар нэгэн шинэ технологийг ашиглахын тулд туршилт, тохируулга хийдэг дээ. Төсвийн хүрээнд эрх шилжүүлэх шинэ технологийг 2013 оноос туршиж, тохируулга хийсэн. Харин одоо зүгшрүүлж, бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна. Энэ нь орон нутгийн Хөгжлийн санд төвлөрүүлэх мөнгө хэд дахин нэмэгдсэнээр илэрч байгаа. Мөн орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх бололцоог ихээхэн нээж өглөө. Орон нутаг өөрөө хариуцах боломжтой зарлагыг мөн хариуцууллаа. Тиймдээ ч орон нутагт олгох төсвийн хэмжээ өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдэнэ. Дов довон дээрээ эзэн гэдэг шиг тухайн нутагтаа орлогоо ч бүрдүүлдэг, бүрдүүлснээ ч өөрөө зарцуулдаг тэгээд хариуцлагаа хүлээдэг эрхийг нь шилжүүлж байгаа ийм л төсөв. Энэ хүрээндээ барьж байгаа нэг зарчим нь гэвэл хэн хүчин чармайлт гаргана түүнийг нь улс дэмжинэ. Орон нутаг нэг төгрөг олчихвол улсаас 1.5 төгрөг нэмж өгнө. Тэгэхээр орон нутгийн олж байгаа орлогоос зарцуулах эрх нь 2.5 дахин нэмэгдэж байгаа биз.

Хоёрдугаар философи нь ард иргэдийн амьжиргааг түлхүү анхаарах. Өнгөрсөн онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляфийн түвшинтэй уялдуулж нэмсэн. Ингэхдээ бодитой нэмэлт болгохын тулд олон түмэнд зарлалгүй, үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм. Энэ нь үр дүнгээ өгсөн учраас үргэлжлүүлээд цалин тэтгэврийн хэмжээг мөн л 2.5 дахин нэмж байгаа. Инфляцийн өсөлттэй уялдуулаад өгч байгаа мөнгөө 2.5 дахин өсгөлөө. Энэ нь инфляцийн өсөлтийг хаана. Тэгээд цаана нь бага хэмжээний нэмэгдэл болно гэсэн үг. Нийт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 500 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэсэн үг.

Харин энэ төсвийн гурав дахь философи нэг төсөвтэй болох. Ингэснээр дотоод, гадаадад төсвийн талаар нэгдсэн ойлголт, шалгууртай болно гэсэн үг. Бодлого зөв байна, эрсдэл хяналтад орлоо, нэг хэлээр ярьж байна, нэг үзүүлэлтээр дүгнэж байна гэсэн үг. Ийм зорилтыг шийдэхэд зориулж боловсруулагдсан төсөв. Ингээд бид бүх түвшиндээ хэвшсэн ойлголт, арга барил, үйл ажиллагаагаа өөрчлөх шаардлагатай болж байгаа юм.

-Яаж?

-УИХ-аас, хэлэлцэж баталдаг процессоосоо эхлээд өөрчлөгдөх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэхдээ Их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг төсөвтэй хамт өргөн барьсан. Тэр нь УИХ дээр төсвийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцэж баталдаг даа. Эхлээд бодлогыг нь сонсоод хүлээж авдаг. Тэгэхээр одоо энэ хэлэлцүүлгийг явуулаад төсвийн орлого, нийт зарлага, тэнцэл, хөрөнгө оруулалтыг зөвшөөрч баталдаг болъё гэж байгаа. Энэ хүрээнд төсвөө хэлэлцэж сайжруулдаг байхаар болж байна гэсэн үг. Эс тэгвээс зарлагаа нэмээд, орлогоо хийсвэрээр нэмдэг. Эсвэл төсвийн алдагдлаа нэмдэг хуучин практикаасаа салах хэрэгтэй байгаа. Гол нь төсвийн үр ашгаа нэмэгдүүлэх өөрчлөлт юм л даа. Энэ бол хүн бүрийн ярьдаг АНУ-ыг төсвөө баталдаг зарим.

-Гишүүдийн мөнгө гэж байхгүй болохын зэрэгцээ тойргийнхоо бүтээн байгуулалтад хөрөнгө төсөвлүүлэх эрхгүй болно гэсэн үг үү?

-Саяын ярьсны цаана УИХ-ын гишүүд бид өөрсдөө өөрчлөгдөх шаардлагатай байгаа юм. Объект нэг бүрийг задалж баталдаг. Ингэхээр сумын соёлын төвийн хөгжмийг хүртэл УИХ дээр батлах шаардлага гардаг. Одоо болиод бөөн дүнгээр нь орон нутагт өгөх гээд байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдлаа гэх мэтээр асуудал цухалзана байх. Гэхдээ тойрог руугаа мөнгө татах амбицийг нь дарах санаа юм. Ер нь УИХ-ын гишүүн ард түмний элч болохоос биш аймгийн Засаг дарга биш. Аймгийнхаа төсвийг барьчихаад яаж ахиухан мөнгө хуваарилуулах вэ, хэрхэн хэдэн төгрөг суулгах вэ гэж л хөөцөлддөг нь үнэн. Тэгээд эцэст нь би ийм ч хөрөнгийг татаж, тэр ч объектыг барьж өгсөн гэж сонгуулийн сурталчилгаагаа хийдэг. Гишүүний мөнгө гэдэг гажуудсан буруу арга энэ бүхнээс л үүдэлтэй. Тэгэхээр гишүүд өнөөдрөөс цааш орон нутагт хэдий хэр хөрөнгө очив, үнэхээр ард иргэдийн хүсэн хүлээсэн зүйлд зарцуулж чадсан байна уу гэдэгт л хяналт тавих, үр дүнг нь сайжруулах үүрэгтэй болж хувирч байгаа.

-Тэгвэл ирэх оны төсвийн орлого нь ямар хэмжээнд байх юм. Өнөө жилийн орлого тасалдлаа гээд л шуугицгааж байна?

-Ирэх жилийн орлогыг төлөвлөхдөө бид таван зарчим барьсан. Нэгдүгээрт нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон. Тэнцвэржүүлсэн журам гэдгийг жишээлбэл стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн манай улсад зэс, нүүрс л байгаа. Зэс, нүүрсний дэлхийн өнөөдрийн үнээс ихээхэн доогуур буюу өмнөх гурав, ирэх гурван жилийн прогнозыг харгалзан үзэж жигнэсэн дундаж үнээр тооцож байгаа. Зэс, нүүрсний үнийг яг хэдээр авснаа санахгүй байна. Гэхдээ дэлхийд зэс, нүүрсний үнэ жигнэсэн дундаж үнэ хүртэл буухад төсөв савлахгүй гэсэн үг. Өмнө нь ингэж авалгүйгээр өнөөдрийнхөө үнээр тооцоход сарын дараа ханш буурч төсөв савалдаг. Хоёрдугаарт төсвийн орлогыг бүрэн дайчлахыг хичээлээ. Урд онуудад төсвийн орлого төлөвлөгөөгөөр их өндөр тавьж, тодотголоор жаахан бууруулж жинхэнэ гүйцэтгэлийг харахаар түүнээсээ хамаагүй доогуур байдаг. Ийн нэлээд ул суурьтай тооцоод өмнөх жилээс 900 гаруй тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрүүлэхээр тооцож байна. Ингэснээр нийт төсөв долоон их наяд болно. Гуравдугаарт татварын тогтвортой орчинг хадгална гэж үзэж байгаа. Улсын төсөв дээр бид нэг ч татвар нэмэхгүй. Харин орон нутагт эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор татварын уян хатан нөхцөлтэй байх эрхийг нь засаглалд нь өгнө. Жишээлбэл хүн амын орлогын албан татвар интервальтай. Бид хамгийн доод интервалиар нь бодож орлогыг нь өгчихнө. Тэгээд та бүхэн ард иргэдтэйгээ зөвлөж, хэрэгцээ шаардлагадаа уялдуулаад үүнийгээ өсгөе гэвэл болно гэж байгаа. Нийслэлд ч тэр татварын эрхийг нь өгч байгаа. Мөн томоохон төсөл, арга хэмжээнд татварын хөнгөлөлт үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд технологи оруулж ирвэл татвараас чөлөөлнө. Томоохон улсын чанартай төсөл хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалт хийх үед нь буюу хоёр хүртэл жилээр татварыг нь хойшлуулна. Дөрөвдүгээрт өмч хувьчлалын орлогыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Төрийн өмчийг эзэнтэй болгох санаа. Улсын төсвөөс хөрөнгө оруулчихаад дуусгаж чадаагүй төсөл байна. Өнөөдөр 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт асуудалтай байна. Үүнийг худалдъя, хувьчилъя гэж байгаа. Тавдугаарт уламжилж авсан ачаагаа оновчтой хэлбэрээр хөнгөвчлөх. Жишээ нь Оюу толгой, Таван толгой. Урьдчилгаа төлбөрийг нь өгвөл 900 тэрбум төгрөг төлөх шаардлагатай болно. Тэгэхээр 900 тэрбум төгрөгийг гаргаж төлөх боломжгүй учраас бид төлөх татвараас нь суутгах гэх мэтээр ярилцаж тохирохоор болж байх жишээтэй.

-Харин зарлагаа яаж тооцож байгаа юм бол?

-Бид төсвийн хэмнэлтийн горимд шилжсэн. Хэмнэлтийн горимын үед зарлагыг огт нэмэгдүүлэхгүй байх таван зарчмыг баримтална гэж бай­гаа. Энэ нь төрийн албан хаагчдын орон тоо, төсвийн байгууллагыг ши­нээр нэмэгдүүлэхгүй байх, захиргааны болон удирд­лагын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, гэнэтийн халагдлын тэтгэмжийг нэмэхгүй байх, салбаруудын бэлэн мөнгөний амлалт нэмэгдүүлэхгүй байх. Бас бууруулах таван зорилт байна. Энд гадаад дотоод томилолт, бараа ажил үйлчилгээ худалдан авах зардал, шатахуун тээвэр, гэрээт албан хаагчдын тоог, татаас алдагдал нөхөх, ажил үүрэг бүтцийн давхардлыг багасгана. Дараа нь тэвчих таван зорилт бас байна. Юуг тэвчих вэ гэвэл ирэх онд эд хогшил худалдан авах, авто машин, албан контор, үр дүн муутай төсвийн зардал буюу ивээн тэтгэлт, ой тэмдэглэхийг тэвчинэ.

Бас байнга хасч танаад байхгүй нэмэгдүүлэх таван зарчим байна. Үүнд цалин тэтгэврийг, хөрөнгө оруулалтын үр дүнг дагаж бий болж байгаа зардал үйлчилгээ, төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж буй үйлчилгээ, орон нутгийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтыг, цэцэрлэг, сургууль, эмийн зардлыг нэмэгдүүлнэ. Амьдралд буюу ард түмэн рүү шууд хүрэх зардлыг нэмж төр, захиргааны аппарат, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна гэж байгаа нь энэ. Ингээд дүнг тоогоор нь авч үзэхэд өмнөх жилээс нэг их наяд төгрөгөөр зардал нэмэгдэнэ. Шууд хэлбэл 2015 оны төсөвт 900 гаруй тэрбум төгрөгөөр орлого нэмж нэг их наяд төгрөгөөр зарлагаа нэмж долоон их наядад орлого, зарлагын тэнцэл ойртож ирсэн.

-Төсвийн алдагдал ДНБ-ий хэдэн хувьтай байх бол. Хоёр хувиас өндөр байвал Засгийн газрыг огцруулах хэмжээнд асуудал яригддаг байх аа?

-Төсвийн гол шалгуур бол төсвийн алдагдал юм. Энэ удаа төсвийн бүтцэд их том өөрчлөлт орсон. Ингээд төсвийн алдагдал долоон хувьтай орж ирнэ. Төсвийн гадна байсныг чөлөөлж уламжлалт бүтцээрээ авч үзвэл хоёр хувьдаа барина. Бодлогын өөрчлөлтөөр ингэж өндөр тоо гарч байгаа юм. Цаашид тогтвортой бууруулах замаар хоёр хувьд хүргэхийн тулд гурваас дөрвөн жил шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад төсвийн гадна баахан мөнгө гарсныг хүмүүс гадарлаж байгаа. Төсвийн орлого нь хүрэхгүй, хөгжилд мөнгө хэрэгтэй учраас Хөгжлийн банк байгуулаад мөнгө олж ирээд зарцуулаад байсан. Гэтэл Хөгжлийн банкны мөнгө төсөвт ороогүй хэрнээ дотоодын төсвөөс ч их хэмжээгээр эргэлдээд байдаг.

-Хуулийн заалтыг нь хэрхэх юм бэ?

-Хоёр хувиас доош байна гэсэн хуулийн заалттай. Тийм заалттай учраас тодорхой хугацаанд өөр дэг мөрдөхөөр хуулийн өөрчлөлт оруулж байгаа.

-Тэгвэл энэ онд хэдэн төгрөгийн өр, зээлийн хүү төлөх юм бэ?

-Ирэх оны хувьд зээлийн төлбөр үйлчилгээ ямар нэгэн хэлбэрээр төсөвт дарамт болохгүй. Нийт дүнгээрээ 500-гаад тэрбум төгрөгийн төлбөр хийнэ. Долоон их наяд төгрөг дотор энэ нь нэг их дарамт биш гэсэн үг. Харин ачаалал хэзээ үүсэх вэ гэвэл 2018 онд бий болно. Үүнд хэрхэн бэлдэх вэ гэдэг л байгаа юм.

-Өрийн босго хуулиараа 40 хувь байх ёстой. Гэтэл Хөгжлийн банкны төсвөөс гадуурх өр төсөвт орохоор бас л хуулийн заалтыг зөрчих нь ээ?

-Мэдээж өрийн босгыг давж байгаа. Тиймээс Өрийн удирдлагын хуулийг өргөн барьсан. ДНБ-ий 70 хувь болгоё гэсэн санаа байгаа даа. Төсвийг ингэж үзэхэд тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдээ хангасан, хоорондоо уялдаж балансжсан ийм л байгаа. Мэдээж хязгааргүй хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлэх боломж байхгүй. Жаахан бүсээ чангалж явна.

-Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал ч төсвийн хүрээнд яригддаг. Ирэх онд энэ хүрээнд асуудлыг яаж ярих бол?

-Төсвийн гадуур байсан эх үүсвэрүүдийг төсөвт оруулснаар хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг хуучин зөвхөн төсвөөс хуваарилснаар дүгнэдэг байсан бол бол “Чингэс” бонд, Хөгжлийн банк, улсын төсөв, орон нутаг гээд бүгд хөрөнгө оруулалтад тооцогдох болж байна. Ингээд дүгнэхэд өмнөх дөрвөн жилээс гурав дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Бүтээн байгуулалт ирэх жил нэлээд эрчимжинэ.

-Ам.доллараа хэдээр бодож авч байна вэ. Өнгөрсөн жилийн төсвийн гол маргаан ам.долларын ханштай холбогдож байсан?

-Төсвийн тооцоонд оруулахдаа Эдийн засгийн хөгжлийн яамтай ярилцаад энэ оны дундаж ханшаар тооцон авч байгаа. Оны эцэст 1750 орчим төгрөгт очих байх.

-Эцэст нь асуухад Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэнэ гэж байгаа. Таны байр суурь ямар байна вэ?

-Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал л даа. Ерөнхий сайд танхимтайгаа зөвлөж байгаад саналаа оруулсан. Энэ саналаар Эдийн засгийн хөгжлийн яам Сангийн яамыг нэгтгэж байгаа юм биш. Сангийн яаманд Эдийн засгийн хөгжлийн яамны тодорхой чиг үүрэг шилжиж ирж байгаа. Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Барилга, хот байууглалтын яамд бол нэгдэж байгаа. Ийм зааг бий.

-Тэгэхээр та яамаа тэр­гүүлж үлдэнэ гэсэн санааг хэлээд байна уу?

-Ерөнхий сайд л мэднэ дээ.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Багын багштай багачуудын талаар хөөрөлдөж өнжлөө

Багачуудыг ном эрдэм сургаж, зөв хүн болгож төлөв­шүүлэхэд багшаас багагүй сэтгэл, мэдлэг, ур чадвар, авьяас билэг шаардагдах нь гарцаагүй. Өөрт байгаа бүхнээ хүний бяцхан үрсийг сургахад зориулж чадаж байж “Багын багш” хэмээн өргөмжлөгддөг биз ээ. Ийм өргөмжлөлийг хэдийнэ хүртэж, сурагч, эцэг эхчүүдийн хүндлэлийг дааж яваа Х.Нарантуяа багштай багачуудын эв дүйг олж сургах арга барилынх нь талаар ярилцаж өнжлөө. Түүнийг багш нар “Багын Нараа” гэдгээр нь анддаггүй юм билээ. 93 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Х.Нарантуяаг “Өдрийн сонин”-ы хоймор дахь “Танайд өнжье” буландаа урьсан нь Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөртэй холбоотой.

Нараа багш баасан гаригийн 13.30 цагт нийслэлийн удирдлагуудаас шагнал гардаж авах учраас өглөө эрт гэрт нь зочиллоо. Гэрийн эзэн Ч.Батцогт ханийнхаа баярт зориулж бялуу, чихэр, жимс тэргүүтнээр ширээ засчээ. Нараа багш цай аягалангаа “Үдээс хойш баярын арга хэмжээтэй гээд та нарыгаа арай эрт дуудчихав уу даа” гэж зовонгуй асууна. Гэргийнх нь баярын өдөр учраас Ч.Батцогт гуай гал тогоонд эзэн суусан бололтой, зууш бэлтгээд завгүй. Эзэгтэй бид хоёрын яриа багш нарын баярын тухай дурсамжаас эхлэв. “20 настай үе. Багш болсон жилээ энэ баярыг энгийн л өдөр гэж боддог байлаа. Тэгтэл шат дагаад сурагчид зогсчихсон баяр хүргээд л, тэднийхээ дундуур нь алхахад маш их айж, Төрийн ордны Ёслолын танхимд алхаж байгаа мэт сүрдмээр санагдаж билээ. Тэр өдрөөс хойш 35 жил багш нарын баярын өдөр хүүхдүүдтэйгээ баярлаж, хамт олонтойгоо догдолж байна” гээд социализмын үед сүртэй тэмдэглэдэг байснаа, зах зээл эхэлсний дараахь хэдэн жилд хүмүүс боловсролыг биш наймааг чухалчилдаг болж, багш гэдэг мэргэжил үнэ цэнгүй байх үед энэ баяр хамт олны хүрээнд л өрнөдөг байсан. Сүүлийн хэдэн жилд багшийг хүндэлдэг болсон талаар ярилаа. “Баярын хурал дээр эцэг эхийн зөвлөлийнхөн орж ирээд талархал илэрхийлэхэд л багш нар цэлмээд явчихдаг юм шүү дээ” гэж ярихад л догдолж байгаа нь мэдрэгдэх юм. Баярын хуралдаа өмсөх гоёлын даашинз, үсээ яаж янзлуулах гээд эмэгтэйчүүдийн дотно шивнээгээ ч бид хоёр алгассангүй.

СУРАГЧТАЙГАА ДЭЭС ТОГЛОЖ БАЙГААД НАМЫН ДАРГАД ТООГДОВ

Нараа багшийг мэргэжлээ сонгоход аав нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний аав Б.Хоролтогоо хуульч, эдийн засагч, багш мэргэжилтэй хүн байжээ. Тэднийх 13 хүүхэдтэй өнөр айл учраас хүүхдүүдээ өсгөх үүрэг ээжид, харин гэрийн төсөв санхүүг зохицуулах үүрэг аавд ноогддог байж. Тиймээс ч аав нь багшлахынхаа хажуугаар давхар ажил хийдэг байсныг мэргэжлийг нь өвлөсөн охин дурсана. Ажлынхаа талаар хүүхдүүдтэйгээ ярилцдаг, тэднийгээ гэрийн ажилд сургахдаа өөрөө үлгэр үзүүлдэг гэх мэтчилэнгээр Нараа багш аавыгаа дурсахдаа нүд нь гэрэлтээд л явчих юм билээ. Тэрбээр айлын дунд охин. Эгч, дүү хоёр нь өөртэй нь тэрсхэн учраас гэрийнхээ ажил хийхдээ нэгэнтэйгээ барьцдаг байсан юм уу даа. Нэг өдөр аав нь цаасан дээр гурвуулангийнх нь нэрийг бичиж, униндаа өлгөөд өдөрт хэн, ямар ажил хийснээр нь дүн тавьж, сарын эцэст урамшуулал олгох болсны дараа охид гэрийн ажилд мундаг сайн болсон гэдэг. Нэг өдөр аав нь “Ангийн маань хүүхэд намайг түшиж зогсож байгаад унтчихсан. Аав ээж нь ирж автал хоёр цаг өвөр дээрээ унтууллаа” гэж ярихыг сонсоод бяцхан охин нь “Хүний хүүхэд өвөр дээрээ унтуулаад байхдаа яахав дээ” гэж харамлаж, бас ойлгоогүй өнгөрсөн гэдэг. Хожим 16 настайдаа аавынхаа ярьсныг захидал болгож бичээд багш нарын баяраар уншихад сургуулийн захирал нь “Энэ хүүхэд багш болох сэтгэлтэй нөхөр байна” гэж үнэлжээ. Түүнээс хойш л аав шигээ багш болно гэдэг бодол салахаа больж. Багшийн сургуулийн ганц хуваарийг багш нарынхаа “Энэ багш болох чин хүсэлтэй нөхөр” гэсэн дэмжлэгийн хүчээр авч Багшийн сургуульд орсон Х.Нарантуяа ажлын гараагаа V сургуульд түр ажиллах болзолтойгоор эхэлсэн гэдэг. 20 настай залуу багш гуравдугаар ангийг дааж авсан эхний өдрөө сурагчидтайгаа дээс тоглож байгаад МАХН-ын даргын хараанд өртөж “Хүүхдийн төлөөх сэтгэлтэй” гэж үнэлэгдэж байсныгаа дурсаж ярихдаа “Ямар юмных нь сэтгэл байх билээ. Өөрөө адилхан хүүхэд байсан учраас л цаг нөхцөөж байсан нь тэр биз” гэж үгүйсгэх янзтай. Дааж авсан ангиа амжилттай төгсгөөд сургуульдаа үлдэх эрхтэй болж V сургуульдаа 17 жил ажиллахдаа ажлын үзүүлэлтээр ч, эцэг эхчүүдийн үнэлгээгээр ч сайнд тооцогддог байж. Дараа нь урилгаар Гоц авьяастнуудын буюу 93 дугаар сургуульд багшлахаар очиж байжээ. Тэр үед Гоц авьяастнуудын сургуулийн багш нэр хүндтэйгээс гадна, цалингийн нэмэгдэл авдаг байсан үе.

“Мэргэжилдээ дурласан л бол ажлыг аяндаа сайн хийдэг юм билээ” гэхэд нь зөрүүлээд “Хүний олон хүүхдийн төлөө сэтгэл гаргах ч яггүй байх шүү” гэчихлээ. Тэгэхэд Нараа багш инээж байснаа “Нарийн яривал, эхний арван жилд түүн шиг худлаа юм байхгүй. Эргээд харахад хүүхэд дотор орно гэдэг огт өөр юм билээ. Хүүхэд дотор ороод, тэднийхээ төлөө ажиллах сэтгэлтэй болсны дараа хүүхэд харахаар л өөрийн эрхгүй хайр хүрээд байдаг. Эхний арван жилд ангидаа орсон хүүхдийг бүртгээд л явуулдаг байсан бол одоо “Энэ хүүхэд надтай холбогдож байгаа юм шүү” гэж чин сэтгэлээсээ хайрлаж, хардаг болчихсон. Тийм хандлагатай байхад аяндаа тэр хүүхдийн төлөө өөрийнхөө зориулж чадах бүхнийг зориулдаг болчихдог” гэв. Зөөврийн компьютерээс Нараа багшийн хичээл зааж байгаа хэд, хэдэн бичлэгийг сонирхож үзлээ. Бичлэг үзэж суухад нэг л дулаан, хүүхэд бүр ээж аав руугаа харж байгаа мэт багшдаа дотно байгаа нь мэдрэгдэх юм. Бусад багш нарт үлгэр болгож үзүүлэхийн тулд Нараа багшийн хичээлийг дүрсжүүлдэг юм байна. “Залуу байхад ийм бичлэг хийсэн бол бэлтгэж бэлтгэж, жүжиглээд өнгөрөөх байсан биз. Харин одоо өдөр бүр хүүхэдтэйгээ яаж ажилладаг түүнийгээ л хийж байгаа нь энэ” гэж тайлбарлаад “Эхний жилүүдэд дурсамж хичээлээ бэлтгэж байгаад автоматаар заачихдаг байсан, харин одоо хүүхдүүдтэйгээ уйлан хайлан бага ангийнхныхаа дурсамжаа ярилцдаг болсон байна лээ” гэж нэмэрлэв. Хүүхдүүдээ хэдхэн хором шуугилдахад бид “Толгой эргэлээ сүйд боллоо” гэцгээдэг дээ. Тэгвэл Нараа багш эсрэгээрээ чимээгүй оргиод байвал толгой нь өвддөг болчихсон нь мэргэжлийн онцлог гэлтэй.

ХҮНИЙГ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХИЙН УЧИР

Нараа багштай ярилцаж суухад “Сайн анги” гэдэг үг давтагдаад байхаар нь “Та бага ангийнхныг юугаар нь сайн гэж дүгнэж байна вэ” гэхэд “Сайн хамт олон л бүрдүүлвэл аяндаа болчихдог юм. Хоёрдугаар ангиасаа эхлээд л хүүхдүүд нэгийгээ ховлох, муулах гээд эхлэнэ. Ингээд задарч эхлэх үед ховыг нь хүлээж авахгүй, болохгүй байгаа хүүхэдтэй тусад нь уулзаж ярилцаад эхлэхээр нэгийнхээ мууг үзэх шаардлагагүй болчихдог. Нэгнийхээ мууг анзаарч, түүнийгээ бусдад ярих шаардлагагүй болчихоор аяндаа хичээлдээ анхаарлаа хандуулаад явчихдаг юм” гээд өөрийнхөө арга барилыг ярилаа. Зарим багш нар сурагчийнхаа сурлагад анхаараад хүмүүжлийг нь орхигдуулснаас болж амьдралд хөл тавиад алдах, эндэх тохиолдол гардаг гэнэ. Онц авахын төлөө бүхнээ зориулсан хүүхэд бусад хүмүүжлээ орхигдуулах тал байдгийг ч бодолцох шаардлагатайг ярилаа. Багаасаа л хамт олон гэдгийг мэдэрсэн, бусаддаа атаархаж, жөтөөрхөж өсөөгүй хүүхдүүд насан туршдаа тийм л байдаг гээд “Номин талст” хамтлагийн Хаазааг жишээ болгов. Хаазаа Нараа багшийн шавь. Тэдний ангийнхан жил бүрийн цагаан сараар багшдаа золгодог гэсэн. Багштайгаа уулзах бүрдээ “Загасны мах яалаа багшаа” гээд инээдэм болдог гэнэ. Тэр нь ийм учиртай. Хаазаа дунд ангид орсныхоо дараа хичээл орж байхад хөвгүүдтэйгээ нууцаар загасны дарсан мах багагүй идэж. Загасны мах нууцаар иднэ гэж юу байх билээ. Үнэр нь ангиар нэг тарахгүй юу. Анги даасан багш нь дөнгөж төгссөн залуу бүсгүй байсныг ч хэлэх үү. Гомдож, уйлаад сүйд болж. “Хангэрэл (Хаазаа) чи яв. Бага ангийнхаа багшийг дуудаад ир” гэж. Хаазаа эмээж, эмээж Нараа багшийгаа дуудсан юм уу даа. Тэгээд Хаазаагийн ангийнхан багынхаа багштай зогсож байгаад залуу багшаар нэг их загнуулсан гэдэг.

Хүүхдийг зөвхөн онц сургахын төлөө биш харин хүн болгож төлөвшүүлэхийн тулд тулж ажиллах, авъяасыг нь хөгжүүлэх арга барил 93 дугаар сургуулиас гаралтайг олон багш ярьдаг. Одоо боловсролын салбарт үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа шинэчлэл л дээ. Тиймээс ч багш бид хоёрын яриа хүүхдийг хөгжүүлэх арга барил руу шилжээд нарийн ширийн рүү нь орчих нь тэр. Хүн болж төлөвших гэж байгаа амьтдыг онц сайнаар нь үнэлээд уралдуулаад байх нь сайн арга биш. Тэнгэр, газар шиг зөрүүтэй хүүхдүүдийг хооронд нь харьцуулж, үнэлэх боломж ч байхгүй. Харин зөв хүн болгож төлөвшүүлэх нь багшийн гол үүрэг гэдгийг ярианаас нь ойлголоо. Багш гэдэг хичээл заах биш, хүнтэй ажиллах хүн гэдгийг л ойлгоод дараа нь ажлаа хийх ёстойг Нараа багш чухалчлав. Нэг ангийн 40 хүүхэд, түүний цаана 80 эцэг, эх нийлээд 120 хүнтэй ажиллаж байж сая хүнээр хүн хийдэг гэдгийг өөрийнхөө арга барилыг жишээ болгож ярихыг сонсоод багшийн ажил яггүй юм даа гэж бодож суув. “Аав ээжүүд “Манай хүүхэд сурлагадаа хэр байна” гэж хамгийн түрүүнд асуудаг. Миний арга барил бол сурлагынх нь талаар биш яаж хамтрах талаар ярилцаж ойлголцдог. Тиймээс ч долоо хоног бүр эцэг, эхчүүдийн цуглаан хийхэд хүүхэдтэйгээ харилцах арга барилаа хүртэл нэгтгээд авчихдаг” гэлээ. Бага ангийнхан аав, ээждээ ярьдаггүй нууцаа багштайгаа хуваалцдаг, бас гэртээ болсон үйл явдлыг багшдаа “ховлодог” гэдгийг бид мэддэг. Нараа багш нь ч хүүхдүүдтэйгээ олон нууцтай. Нэг удаа гэрийнхээ даалгаврыг хийгээгүй сурагч “Аав согтуу ирээд. Бид айгаад” гэж ярихдаа уйлчихаж. Нараа багш тэр сурагчийнхаа ээжтэй ярилцаж байгаад эцэг эхийн хуралд аавыг нь суулгаж дөнгөжээ. Тэр хурал дээр архи хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар багагүй ярьж. Дараа нь аавтай нь тусгайлан уулзахдаа хүүг нь магтаж, өөрийг нь дуурайсан учраас мундаг байгаа юм гэх мэтчилэн ярилцжээ. Түүнээс хойш аав хүүдээ илүү анхаарал хандуулж, архинаас хөндийрсөн гэнэ.

Х.Нарантуяа багш бол найм, долоо, зургаан настнуудыг нэгдүгээр ангид хүлээж авсан боловсролын бодлогын хэд, хэдэн үеийг өнгөрөөсөн гэдгээрээ арвин их туршлагатай. Тиймээс ч найман настай нэгдүгээр ангийнхан, зургаан настай жаалуудын ялгааг асуув. Бие, бялдрын хувьд ялгаа маш их мэдрэгддэг гэнэ. Үүнээс гадна нийгмээ дагасан ялгаа маш их анзаарагдаж байгааг багш ярилаа. Социализмын үед бүх зүйлийг нэг л өнцгөөс хардаг. Мэдээлэл бага, хүн бүр мэдээллээр цангачихсан байдаг учраас багшийн хэлснийг л тэр чигээр нь хүлээж авдаг байж. Хүүхэд том хүний ярианд оролцож болохгүй гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлэхийг нь хүртэл хаачихдаг байсан учраас тэр үеийн хүүхдүүд ичимхий, дорой байсныг ч нуусангүй. Харин одоогийн зургаан настнуудыг нүдний цангаа тайлагдчихсан. Мэдээллийн хэрэгсэл, интернэтээс мэдээллээ аваад ханачихсан хүүхдүүд багшаас нарийн учрыг нь асуух, тайлбарлуулах сонирхолтой байдаг аж. Тиймээс ч зургаан настай жаалууд хорин хэдэн жилийн өмнөх найман настнуудаас сэтгэхүй талдаа хамаагүй илүү гэнэ. Харин биологийн онцлогийн хувьд социализмын үеийн олон хүүхэдтэй, ясли цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд борогдуу одоогийн тав, зургадугаар ангийнхан шиг байсан бол одоогийн зургаан настнууд хэтэрхий нялхамсуу, бүхнийг аав ээжээрээ хийлгээд сурчихсан байгаа нь анзаарагддаг болжээ. Хүүхдийнхээ гутлыг тайлж, нүүрийг нь угааж өгч эрхлүүлсээр байгаад хэтэрхий нялхамсуу болгосон нь сэтгэлгээ, бие даах чадварт нь сөргөөр нөлөөлж байгааг нь ярианыхаа дундуур эцэг, эхчүүдэд анхаарууллаа.

Нараа багш энэ хичээлийн жилд зургаан настнуудыг хүлээж авсан. УИХ-ын гишүүн Г.Уянгын хүүхэд тэдний анги гэнэ лээ. “Зургаан настнууд ямар хөөрхөн гээч. Анхаарал нь ердөө хэдхэн минут төвлөрнө. Тэр үед нь л хичээлээ ойлгуулах ёстой. Зарим нь ангидаа ирээд уйлна, хичээлээ хийж байгаад унтчихна. Хөгжилтэй зүйл өдөрт хэдээрээ тохиолдоно. Тийм сайхан энерги дунд байгаа хүн хөгширдөггүй юм билээ” гээд бяцхан сурагчдынхаа хөгжилтэй явдлыг ярьж өглөө. Багш ангийнхандаа “А” үсэг зааж өгчихөөд нэг сурагчаас “Энэ ямар үсэг билээ” гэж асуутал гайхаж, гайхаж “Та мартчихсан юм уу. А шүү дээ” гэж хариулсан гэдэг. Анзаараад байхад Нараа багш хүүхдүүдээ ярихдаа илт сэргээд явчих юм. Тэгснээ үе, үе нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. “Хүүхдүүдээрээ захидал, зохион бичлэг хийлгэх их дуртай. Захидлыг нь цуглуулж байгаад бага ангиа төгсгөхөд нь ном болгож дурсгадаг. Тэр захидлуудыг нь уншихад ямар сайхан мэдрэмж төрдөг гээч” гэж ярихдаа нулимсаа арчих аж.

НАЙМААНД ДӨРГҮЙ, БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГҮЙ ЭЗЭГТЭЙ

Нараа багш ажлынхаа талаар, шавь нарынхаа тухай яриад байвал нэг өдөр хангалтгүй санагдав. 35 жил багшилж, зургаан зуу гаруй хүүхдэд “А” үсэг заасан багшид арвин их туршлага, ярьж хөөрөх зүйл их байлгүй яах билээ. Хань нь “Манай хүн их яриа. Хүүхдүүдийнх нь тухай яриад байвал нүд нь сэргээд л явчихна” гэх юм. Ч.Батцогт гуай жолооч мэргэжилтэй. Контенинтал зочид буудалд ажилладаг аж. Танилцаж, дотноссон үе рүү яриа хандуулбал, бүр бага нас руу нь яваад оччихно. Учир нь тэр хоёр нэг гудамжинд тоглож өссөн хоёр. Хожим нэг нь цэргээс, нөгөө нь Багшийн сургууль төгсөж ирээд дотносож гэр бүл болсон гэдэг. Тэднийх дэрсхэн өссөн гурван хүүтэй. “Манай хадмууд Говь-Алтайн хүмүүс. Намайг дархан бэр гээд хир халдаахгүй. Манай хүн ч их тайван. Гэртээ дөрвөн эр хүний дунд, ажил дээрээ түмний олон хүүхдийн дунд жаргаж яваа эмэгтэй гэж өөрийгөө боддог доо” гэх далимдаа ханиа магтаад авав. Долоон жилийн өмнө том хүү нь банкнаас 150 сая төгрөг зээлж дэлгүүр ажиллуулъя гэхэд “Тийм их мөнгийг яаж төлдөг юм бэ” гэж уулга алдаад хоцрогдсоноороо дуудуулж байсан гэдэг. Одоо том хүү нь өөрийн гэсэн бизнесээ босгочихсоныг ярихдаа “Бид хоёр ч өртэй л бол дууссан гэдэг сэтгэхүйтэй хоцрогдсон хүмүүс юм билээ” гээд инээв. Дунд хүү нь эхнэр, хүүхэдтэйгээ Канадад, бага нь эндээ бизнес эрхэлдэг гэнэ. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан болохоор хоёулхнаа нам гүм байдаг янзтай. Ширээн дээр нь “Хаан төрийн нууц”, “Ногоон нүдэн лам”, “Хөх судар”, “Онцгой эрх”, “Манан будан”, “Тавилан” романууд өрөөстэй. Хоёр том хүү нь нэг, нэг охинтой. Том ач нь хааяа ирж нар гаргадаг. Бага ачийгаа санаад сүйд болж байгаагаа ярина. Ач нарынхаа зургийг ширээн дээрээ өржээ. Нөхөр нь зураг даруулах дургүй болохоор гэр бүлийн зураг байхгүй гэж учирлах юм. “Зах зээл эхэлсний дараа дэрсхэн өсч яваа гурван хүүхэдтэй. Өмсөж зүүх, идэж уух нь хэцүү. Төрийн алба цалин багатай хэцүү л байлаа. Наймаа хийе ч гэж бодож үзсэн” гээд 500 мянган төгрөгийн зээл аваад Эрээн рүү явахдаа “Еэвэнгийн сар”-ыг мэдэлгүй очоод шатсан тухайгаа инээдэм болгож ярив. “Бид хоёр шиг хүн наймаанд дөргүй юм билээ. Олон эцэг, эхтэй харьцаж байсан наймаа хийж чадна гэж бодсон ч бараагаа сурталчлахаар худлаа яриад байгаа юм шиг санагдаад болдоггүй юм билээ” гэв. Зусландаа байшин барьж, хүүхдүүдэд давтлага өгдөг болсноо “Зуны амралтаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ давтлага авъя гэдэг. Тэднийгээ гэртээ суулгаад давтлага өгдөг байлаа. Тэгтэл нэг сурагчийн маань ээж “Зуслангаас хүүхдээ зөөхөд хэцүү байна. Та зуслан дээр өдөр өнжүүлэх ажиллуулаач” гэхээр нь зээл авч байгаад зуслан дээрээ байшин барьж авлаа. Одоо зээлээ төлчихсөн. Зуны улиралд хүүхдүүдэд давтлага өгөөд овоо хэдэн төгрөг олчихдог болсон. Бизнес сэтгэлгээгүй хүн хүний хэлснээс л санаа авах юм байна” гэлээ.

Энэ мэтчилэн ярилцаад сууж байтал Нараа багшийн шагнал авах цаг боллоо. Тэрбээр заах арга барилаараа нийслэлд тэргүүлжээ. Тиймээс Бөхийн өргөөнд очиж Нийслэлийн удирдлагуудаас өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Дараа нь хамт олонтойгоо баяраа тэмдэглэхээр явсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Лу гүний Г.Вандан аврагын зургаа дахь үеийн бөх А.Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа

Багш Р.Гантөгсийн хамт

Хяруу цавцайтал буугаад хоножээ. Тэртээд харагдах уулс намрын халтар хомоол шиг л шаргалтан, шим нь толгой руугаа орсон өвс намрын салхинд найгах ажээ. Бүрднийэхнээс бараан зүсмийн адуу туусан хүн айсуй. Япон улсын сумо бөхийн түүхэн олон амжилтыг эвдээд байгаа “Монголын үлэмж биет” Ичиножо Ичинноровын аав Ш.Алтанхуяг адуугаа туусаар ирж яваа нь энэ аж. Үүр дөнгөж бүгээнтэж байхад мордоод нар гарсан хойно ирлээ. Харин гэрийн эзэгтэй Н.Болортуяа үнээгээ саагаад хэдийнэ дуусчээ. Тогоо дүүрэн цай буцалж, гэрийн тооноор уур савсана. Даргитал буцлах тогоо дүүрэн цайг ердөө тал шанага сүүгээр сүлж байна лээ.Намаршаад үнээний сүү будаг шиг л өтгөрсөн болохоор бага сүү орж байгаа нь тэр. Зэлэн дээр ирсэн гурван азарга адууны 20 гаруй унагыг барив. А.Ичинноров малчин айлын ууган хүү болохоор бага байхаасаа мал хариулж өсчээ. Хөдөөний малчин айлын хүүхэд суурин газарт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулшгүй бяр тэнхээтэй байдаг. Тэд хөлд орсноос хойш өдөр болгон л бэлтгэл сургуулилт хийдэг юм. Тухайлбал, дөнгөж хөлд ороод ганц хоёр алхаж эхлэнгүүтээ л нялх хурга, ишгээр тоглоно. Харин тав зургаан наснаасаа үнээ ивэлгэж, тугал татна. Мөн тугал, бяруу уургалж тоглоно. Арай том болоод ирэхээрээ морь унаад эмнэг унага, даагатайноцолдоод бяр тэнхээ суугаад ирдэг.

А.Ичинноров ийм л замналаар эрийн цээнд хүрсэн гэнэ. Түүний хүүхэд нас эмнэг хангал адуутай ноцолдож, уулнаас үхэр тэргээр мод цагаалж, нүүр нүдгүй цасан шуурга шуурч байхад ч, азарган бороо хувингаар цутгаж байгаа юм шиг орж байхад хонины захад зогсож, олон шөнө адуугаа манаж, голын жавар хөндий даган тачигнасан идэр есийн хүйтэнд цантай уурга барин адуундаамордсон нэгэн байсан гэнэ. А.Ичинноровын аав Ш.Алтанхуяг гүүн зэлэн дээрхүүгийнхээ талаар ийн ярив. “Миний хүү адуунд их эрэмгий. Бага байхын унаган махтай болохоороо хурдан морь олон жил унаж чадаагүй. Гэхдээ морь уяхад тусалж ирсэн. Моринд хөлс авах,наадмын өдрүүдэд морь манаж хонох зэргээр аавдаа тус болно. Эмнэг адуутай ноцолдохдоо их сайн. Зүтгэдэг адуу уургалчихаад эргүүлээд л ирнэ. Шуундаа их бяртай шиг байгаа юм. Барилдахдаа хүртэл дандаа бяраар ааглаж барилддаг хүүхэд байсан. Хоёр гар нь шуудганд хүрсэн л бол татаж гаргаж ирээд давчихна. Бас бусгаж хавирахдаа их сайн. Зурагтаар хүүгийнхээ барилдааныг харж байхад хүүхэд байхдаа барилдаж байсан арга барил нь хэвээрээ байна лээ” гэв.

АРЛЫН ЯПОН ОРНЫГ ЗОРЬСОН ТҮҮХ

Батцэнгэл сумын биеийн тамирын багш нар А.Ичинноровыг анх заалны бэлтгэл хийлгэн, мэхнийх нь суурийг заан барилдуулж эхэлжээ. Сум, аймгийн үндэсний бөхийн тэмцээн уралдаанд ч амжилт гаргаад эхэлсэн гэнэ. Өөрөө ч барилдах дуртай болжээ. Есдүгээр ангиа төгссөн жил нь нагац ах нь болох Монгол Улсын харцага Н.Алтансүх хотодСпортын дунд сургуульд оруулжээ. Спортын дунд сургуульд ороод хоёр сар гаруй хугацаа өнгөрсний дараа Ш.Алтанхуяг руу харцага Н.Алтансүх утсаар холбогдож ийн ярьсан байна. “Сумогийн том дэвжээний багш ирчихсэн байна гэнэ. Монголоос хоёр хүүхэд авч явах юм байна. Ичког тэр шалгаруулах тэмцээнд нь оруулчих уу. Юмыг яаж мэдэх вэ Япон руу явчих ч юм билүү. Сургуулийн багш нар нь над руу утсаар яриад байна” гэжээ. Харин Ш.Алтанхуяг “Юу ч гэсэн тэр тэмцээнд нь оруулаад л үз. Бөхөөр олон жил хичээллэж байгаа хүүхдүүд л түрүүлэх биз. Ямар ч байсан тэмцээнд нь оруулчих, өөрийгөө үеийнхнийхээ хаана явааг мэдээд аваг” гэж хэлжээ.

Хэд хоногийн дараа Ш.Алтанхуяг хот орж, тэр үед нь сумогийн сургуульд хүүхэд шалгаруулах тэмцээн эхэлсэн байна. Хүүгийнхээ барилдахыг ч үзжээ. А.Ичинноров аав, нагац ах Н.Алтансүхийн хамт тэмцээн болж байгаа газарт очтол “Тоттори” сургуулийн багш дуу алдаад л явчихсан гэнэ. “Тоттори” сургуулийн багшаар ажиллаж байгаа сумо бөхийн ДАШТ аварга Р.Гантөгс хожим нь “Ичинноровыг заалны хаалгаар ороод иртэл манай багшийн нүд нь сэргээд явчихсан. Тэгснээ хайж яваа хүнээ олчихлоо. Тэр хүүхдийг аваад ир. Уулзмаар байна. Ирээдүйн аварга бөх энд хүрээд ирлээ” гээд л дуу алдаад явчихсан. Тэгээд Ичинноровтой уулзаад “Чи заавал түрүүлэх ёстой шүү. Би чамайг аваад явна” гэжярьсан байдаг. Япон багш А.Ичинноровын аавд тэмцээн эхлэхээс өмнө “Би энэ хүүхдийг аваад явна. Аав, ээж нь зөвшөөрнө биз дээ” гээд шууд тулгаж хэлсэн байна. А.Ичинноров хүү тэр тэмцээнд оролцогч хүүхдүүдийг бүгдийг нь унагаж түрүүлжээ. Тухайн үед болсон тэмцээнд одоогийн улсын харцага Оюунболд зэрэг улсдаа үндэсний бөхөөр сайн барилддаг шилдэг хүүхдүүд ч оролцож байжээ. Ингээд 2010 оны гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ олон хоног явж үзээгүй А.Ичинноров хүү Япон улсыг зорьжээ.

Энэ талаар түүний ээж Н.Болортуяа “Хүүгээ Япон руу явахад нь хэдэн мал зарж, борлуулаад хэдхэн төгрөг өгөөд л онгоцонд суулгасан даа. Хүний нутагт яаж яваа бол гээд санаа их зовно оо. Үүнийг үгээр илэрхийлж хэлж болдоггүй юм. Хүүтэйгээ гурван жил уулзаагүй. Хаа нэгтээ л утсаар ярина. Хүүгийнхээ дууг сонсоод л уйлчихна. Хүү “Санаа зовох хэрэггүй, хичээлээ хийгээд, бэлтгэлээ хийгээд л байна. Сайн байгаа шүү” гэж хэлчихээд л утсаа салгачихна. Үнээ саахдаа, аргал түүхдээ, шөнө унтахдаа хүүгээ их санана. Манай ээж 80 гарчихсан хөгшин бий. Нэг удаа ээж “Тэнгэрт утаатай онгоц нисэхээр хүүгээ санаад байх юм” гэж хэлээд намайг уйлуулчихсан. Сүүлдээ тэнгэрт утаатай онгоц нисэхээр нь өөрийн эрхгүй хүүгээ бодоод уйлчихдаг болсон. Одоо бодоход их инээдтэй шүү” гэв. А.Ичинноровын Япон улс руу сумо бөхөөр барилдахаар явсан түүх ийм ажээ.

А.ИЧИННОРОВЫН ӨНДӨР ӨВӨГ ДОМОГТ Г.ВАНДАН АВАРГЫН ТУХАЙ

Ичиножо Ичинноров Луу гүний хошуу буюу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн домогт Г.Вандан аваргын удмын бөх. Түүний аав Ш.Алтанхуяг “Г.Вандан аваргын зургаа дахь үе нь миний хүү” гэж хэлж байсан. Лу гүний Вандан аваргын хувьд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны алдарт Намхай аваргын дараа Монгол бөхийн түүхэнд тодрон гарсан нэрт бөх. Тэрээр 17 насандаа анх нутаг хошуундаа барилдаж эхлээд, 42 нас хүртлээ 25 жил барилдсан байдаг. Г.Вандан аварга 1916-1925 он хүртэл нэг ч өвдөг шороодоогүй босоо байсан ганц бөх хэмээн бөхийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1912-1929 оны хооронд болсон улсын чанартай баяр наадамд 14 удаа барилдахдаа, завсаргүй арванудаа түрүүлж, нэг үзүүрлэж, нэг гуравт үлдэж, нэг шөвгөрсөн гайхамшигтай их аварга. Г.Вандан аваргын талаарх түүх, домог олон байдаг. Тухайлбал, Г.Вандан аварга хөмсөг дух нь булцруутсан мэт шанаа өргөн, эрүү дугуй маш сүрлэг эр байсан гэгдэх бөгөөд хүүхэд байхаасаа онцгой хүч тэнхээтэй нэгэн байсан аж. Энэ тухай зарим хууччуул “Нэг өдөр хошуу ноёны тамгын газраас албаны хэдэн хүн ирж “Вандан чамайг ноён аваад ир гэлээ” гээд дагуулаад явжээ. Тэгэхэд ээж нь хүүгээ хэрэгт төвөгт орсон юм болов уу гээд ихэд айсан гэдэг. Харин ноён Лүнгийн овооны наадамд барилдуулахаар дуудуулж, сан тавьж ариусгаад, барилдуулсанд Вандан тэнд анх түрүүлснээс хойш бараг өвдөг шороодоогүй гэдэг” хэмээн ярьдаг. Мөн Вандан аварга өрсөлдөгчөө бяраар ааглан ноёлж голдуу дугтарч унагаадаг байсан гэдэг. Ихэвчлэн барилдаж байгаа бөхийнхөө далбаанаас барьж авуут 2-3 удаа халаад л дугтрахад ямар ч бөхтэсдэггүй байсан гэгддэг. Түүний их хүчтэй байсны өөр нэг жишээ нь бяруу, шүдлэн үхэр хонины хашаанд ороход хөлөөр нь хөөж гаргадаггүй “Хашаа хэмхэлчихнэ” хэмээн өргөж аваад хашааны гадна тавьчихдаг байсан гэнэ. Түүнчлэн тэрбээр Хиагт, Алтанбулаг руу үхэр тэргээр жин тээж, урд зүг рүү тэмээгээр жин тээдэг байсан гэдэг. Тэгэхдээ тэмээн жинд дандаа орсон буурнуудыг цуглуулан авч явдаг байсан гэнэ. Ардын засгийн наадамд түрүүлсэн анхны бөх зэрэг олон гайхамшигт түүх, домгийг Батцэнгэл сумынхан ярьж байна лээ.

А.Ичинноров ээж талаасаа ч бөхийн удамтай. Түүний өвөө Нинжээ гэх бяр тэнхээтэй хүн бий. Ээж Н.Болортуяагийн төрсөн дүү нь улсын харцага Нинжээгийн Алтансүх юм. Харцага Н.Алтансүх 1996 оны улсын наадамд сайн барилдаж гурвын даваанд начин Жавзанжамьяныг, дөрвийн даваанд Б.Жавхлантөгс начинг, тавын даваанд Д.Хишигдорж зааныг, зургаагийн даваанд гарьд И.Доржсамбууг давж харцага цолны болзол хангасныг бөх сонирхогч олон мэдэж байгаа. Ийм л хоёр талын бөхийн удамтай хүү дөнгөж 21 насандаа Япон улсад шуугиан тариад байгаа юм. ЯпончуудИчиножо Ичинноровыг яагаад ийм хурдан амжилтад хүрсэн, мэргэжлийн сумод гарч ирсэн даруйдаа өрсөлдөгч бөхөө бяраар ааглаж давж байгааг, нутгийнхаа аваргуудтай ана мана барилдаж байгаа зэргийг гайхаж, судалж байна. Олонх нь түүнийг Монголын цэнгэг агаарт малтай тоглож, ноцолдож, өссөнтэй нь холбон үзэж байгаагаа аав, ээжид нь ярьсан аж. Япон улсын томоохон телевизүүд Ш.Алтанхуягийнд ирсээр байгаа гэнэ. Энэ талаар гэрийн эзэд ингэж ярьж байна. “Хүүгийн талаар нэвтрүүлэг бэлтгэх гээд хүрээд ирэхээр нь чадах чинээгээрээ үйлчилж байгаад л явуулж байна. Тэд тогоотой сүү дэврэхээр сүйд болоод зураг хөрөг аваад эхлэх юм. Хөдөөний бид чинь ирсэн гийчиндээ хонь гаргаад л өгдөг биз дээ. Мах чанаад өгөхөөр нэг ч огтолж чадахгүй байна. Амьхандаа өөх багатай, хар голдуу мах чанаж өгч байгаа юм. Хоол ундгүй хэцүүдэх гээд байх юм билээ. Харин будаа агшаагаад өгөхөөр идэж байна лээ шүү. Ичког хонь хариулдаг байсан, чонотой тааралдаж байсан гэдгийг ярихаар бүр гайхаад нүд нь томроод, шогшролдоно. Хөдөөний бидэнд чонотой таарах энгийн л зүйл шүү дээ. Гайхаад дуу алдаад явчих юм. Манай гэрийнхний талаар дэлгэрэнгүй нэвтрүүлэг бэлтгэж аваад явцгаасан. Одоо бас өөр телевизийн япон сэтгүүлчид ирж яваа гэсэн” гэв.

Унага татаж өгөхөөр гарав. Намрын хонгор салхинд үс нь ургаж сорлосон адуу зогсоогоороо зүүрмэглэнэ. Хонь айлын хоньтой ойртсон харагдав. Гэрийн эзэн мориндоо мордон давхиж одлоо.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Мэнд-Ооёо: Миний өв хөрөнгө гэвэл монгол соёл, язгуур мэдлэг ухаан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёотой уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Румын улсын Крайова хотноо болсон Дэлхийн яруу найргийн наадмаас тэргүүн шагнал хүртэж, Монголынхоо яруу найргийн нэр төрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулаад ирсэн билээ. Энэхүү яруу найргийн наадмын үеэр дэлхийн тавь гаруй шилдэг яруу найрагчийн бүтээлийг эмхэтгэсэн 600 гаруй хуудас бүхий антологийн нээлт болсон байна. Уг антологид найрагч Мэнд-Ооёогийн “Хуучинсүмийн дээгүүр саран мандах цагт”, “Ертөнцийн явдал”, “Уулсын дүрийг тайлахуй”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор” тэргүүтэй есөн шүлэг сонгогдон оржээ. Түүний тухай”Мэнд-Ооёо бол байгалийн язгуур чанар, махбод хийгээд амьдрал ахуй руу нэвчин шингэсэн, сэтгэл оюуныхаа уран гоо мэдрэхүйгээрээ сүлжин урласан гэрэлтэм тунгалаг, аниргүй нам гүм эзэгнэсэн, гүн сэтгэл хөдлөлийн шүлэг найргаараа уншигч түмнээ амирлуулан анагааж, эргэцүүлэн бодуулж байдаг тийм гойдын авьяас билэгт найрагч юм” хэмээн томоохон үнэлэлт өгчээ.

Дэлхийн яруу найргийн наадмын тэргүүн шагналыг эх орондоо авчирсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе!

-Баярлалаа. Румыны уянгын суут яруу найрагч Михай Эминескүгийн Олон Улсын Академи болон тус академийн Европын сангаас Крайова хотод зохион байгуулсан яруу найргийн наадам л даа. Михай Эминескүгийн яруу найргийн олон улсын академийг Нобелийн шагналт яруу найрагч ВолеСоенко, Нобелийн шагналт Чеслов Милош нарын дэлхийд алдартай зохиолч, яруу найрагч, уран барималчид үүсгэн байгуулсан юм билээ. Энэ удаагийн наадамд дэлхийд нэртэй 53 яруу найрагчийн франц хэлээр гарсан бүтээлээс сонголт хийж Румын хэлнээ орчуулан эмхэтгэх ажлын явцад нэр хүнд бүхий шүүгчид шагналыг тодруулж, наадмын нээлтийн өдөр нийтэд зарласан даа.

Антологид дэлхийд алдартай найрагчдын бүтээл багтаж уу?

-Тийм ээ. Уг антологид орсон уран бүтээлчдийн нэрсийг интернетээр хайгаад үзэхэд дэлхийн ямар өндөр түвшний яруу найрагчид болохыг төвөггүй харж болно.Нобелийн шагналт яруу найрагч Воле Соенко, Томас Транстромер, Гунтер Грасс болон Сирийн алдарт яруу найрагч Ахмал Саид Асбар, Норвегийн вангийн зэргэмжит яруу найрагч Кнүт Өдигард, манай монгол уншигчдын эртний танил Оросын алдарт яруу найрагч Евгений Евтушенко, Румыны өнөө цагийн нэрт яруу найрагч Николэ Дабижа, Канадын яруу найрагч Никол Броссард, Италийн нэрт яруу найрагч Гаетано Лонго, Израйлын яруу найрагч Амир Ор нарын өнөө цагт дэлхий дахинаа зохиол бүтээлээрээ танигдсан эрхмүүдийн бүтээл багтсан байна лээ. Миний франц хэлнээ орчуулагдсан бүтээлээс есөн шүлгийг сонгож оруулсан байна.

Франц хэлэнд таны шүлгийг хэн орчуулсан байв?

-Франц хэл бол яруу найргийн хэл юм. Арваад жилийн өмнөөс миний үзэг нэгт нөхөр Францын академийн шагналт яруу найрагч, орчуулагч Имрэ Золдош буулгасан байсан юм. Мөн миний анд, францын үлгэрч Патрик Фишмен болон олон шилдэг орчуулагчид орчуулсан. Румын хэлээр маш сайхан орчуулагдсан гэж тэд баяр хүргэж байсан даа.

Та өмнө нь Дэлхийн яруу найргийн лаврын навчин титэм шагнал хүртсэн дээ?

-Тиймээ 2009 онд. Тэр шагнал бол яруу найрагчид насан туршид нь олгож буй цол юм даа.

-Стругагийн яруу найргийн наадамд ноднин оролцсон Б.Галсансүх бичсэн тэмдэглэлдээ “Эмээ өвөө нарын цуглаан” гэж бичсэн байсан. Түүнээс үзвэл дэлхий дахины үйл явдалд насажсан яруу найрагчид их оролцдог юм байна гэж ойлголт төрсөн л дөө…

-Галсансүх бид хоёрын харах нүдний өнцөг өөр өөр юм даа. Би дэлхийд нэр хүндтэй ахмад үеийн яруу найрагчдыг “эмээ өвөө” гэх тавласан үгээр хэлмээргүй байна. Тэд хийж бүтээдгээ бүтээж, өөрийн хэл соёл, сэтгэлгээг дэлхий дахинд илэрхийлж яваа утга зохиолын төлөөлөгчид шүү дээ. Би бол тэднийг энэ талаас нь хардаг. Насны ялгаа ямар ч хамаа байхгүй. Стругагийн яруу найргийн наадам бол дэлхийд нэр хүндтэй наадам. Яруу найрагч болгон очиж шүлгээ уншихыг хүсдэг. Уран зохиол, тэр тусмаа яруу найргаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг урт хугацаа, нөр их хөдөлмөрийн үр шим юм. Бүтээл зохиогчийн мэдлээс гарсны дараа, нийтийн оюуны өмч болдог. Чингэснээр өөрийн хүчин зүтгэл гэхээсээ бусдаас хамааралтай болчихдог. Хэвлэлийн газраас, уншигчдаас, орчуулагчдаас, судлаачдаас хамаарна. Олон улсад нэр хүндтэй утга зохиолын байгууллагуудын анхааралд орно.

Таны бүтээл гадаад хэлээр гарч эхэлсэн ч гэх юм уу, та олон улсын утга зохиолын үйл явдлуудад оролцож эхлээд хэдэн жил болж байна вэ?

-1985 оноос эхэлсэн гэж үзвэл өдгөө бараг 30 жилийн түүх ярина. Урт хугацаа хол зам туулж байж л амжилтууд ирж байна. Утга зохиолын гадаад ертөнцөд өөрийн буй болгосон амжилт, нэр хүнд маань хойч үеийнхэнд минь хэрэг болно гэж бодож байна.

Таныг бараг ганцаараа л яваад байна. Бусад нь яагаад ингэж гарч ирэхгүй байна гэх яриа байдаг?

-2006 онд Дэлхийн урлаг соёлын академиас Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав нарт “Гарамгай яруу найргийн төлөө” гэдэг алтан медаль, Г.Аким, Д.Урианхай нарт утга зохиолын доктор цолыг бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхойлж олгуулсан. 2010 онд Ц.Бавуудоржид мөн дээрх алтан медалийг олгосныг та бүхэн санаж байгаа байх. Би өөрийн буй болгосон нэр нөлөөг хойшид ч Монголын уран зохиолын төлөө зориулах болно.

Сүүлийн үед бараг л анхныхаа номыг хүртэл англи хэл дээр гаргадаг моод дэлгэрчихлээ…

-Одоогоос арван жилийн өмнө бол монгол шүлэг гадаад хэл дээр яаж орчуулагддаг юм бэ, энэ бол боломжгүй зүйл гэж ярьдаг байсан. Бид эрэл хийж монгол уран зохиолын орчуулагчийг олсон, хамтарч ажилласан. Саймон Вэкхам Смит гэдэг англи залууг янз бүрээр өөчилдөг. Тэгээд эцэст нь тэр хүнээр л бүгдээрээ шүлэг зохиолоо орчуулуулдаг болчихсон. Чин үнэнийг хэлэхэд монгол түүх соёл, шашин, гүн ухааныг үзэж, монгол хэлийг уран зохиолын бүх цаг үетэй нь судалсан ийм хүнийг Монгол Улс бэлтгэхэд доор хаяж хорин жил хэрэгтэй.

Манай үндэсний уран зохиолоос танаас өөр хэн хэний бүтээл гадаад ертөнцөд жин дарж байна?

-Би нэг зүйлийг бахдалтайгаар хэлэх байна. Ганц өөрийн бүтээлийг өмнөө бариад яваагүй. Монголын үндэсний уран зохиолын их өв санг дэлхий дахинд таниулах жингийн цувааг би хөтөлсөн. Хүннүгийн яруу найргаас эхлээд Чойжи-Одсэр, Цогт хунтайж, Инжиннаши, Данзанравжаагаар үргэлжлүүлэн эртний яруу найраг, их найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулан, О.Дашбалбар, залуу үеэс Ц.Бавуудорж, Б.Золбаяр бүгд л нөгөө Саймоны орчуулгаар дамжин дэлхийд гарч байна. Сая би Михай Еминескюүгийн Олон улсын академид эдгээр номын баглааг бэлэглэсэн.

Яахаараа модернист яруу найргийн эринд монгол шүлэг бичдэг нөхөр амжилт гаргаад байна гэдэгт зарим хүн эргэлзээд байх шиг?

-Надад цохилж байгаа зүрхнээс өөр зэр зэвсэг байхгүй, өмссөн хувцаснаас өөр хөрөнгө байхгүй. Миний өв хөрөнгө гэвэл монгол өв соёл, ард түмний минь язгуур мэдлэг ухаан, дээр хөх тэнгэр, дэргэд эх нутаг минь л байна. Би үүнийгээ л бичдэг. Монголоо л бичсэн минь дэлхийг гайхуулж, утга зохиолын ертөнцийг доргиогоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол тэдэнд сонирхолтой байгаа юм байна. Ер ньмонгол оюун ухаан, уламжлалт мэдлэг, шашин соёлынхоо үнэт зүйлсийг өнөөгийн дэлхийн уншигчдын мэдээгүй, таниагүй байгаа тэр содон сониныг эх хэлнийхээ дээд баялгаар илэрхийлж чадваас дэлхийн дэвжээнд Монголын уран зохиол ганц нэгээрээ биш өргөн фронтоороо гарч ирэх боломжтой. Үүнийг баттай хэлчихье.

Та дэлхийн яруу найргийн томоохон шагналуудын эзнээр удаа дараа тодорлоо. Ер нь дэлхийн яруу найрагт Монголын нүүдлийн оюун сэтгэлгээний онцлог сонирхол татахуйц хэмжээнд байна гэж ойлгож болох бол уу?

-Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд зохиогдох хүртэл манай найрагчдын сэтгэл зүйд “Монгол яруу найраг гадаад хэлнээ орчуулагдах боломжгүй, орчуулагчид нь хаа ч байгаа юм” гэсэн гутранги үзэл байсан юм. Би 1999 онд Японд болсон Дэлхийн яруу найрагчдын ХХ зууны хамгийн сүүлчийн их наадам дээр “Яруу найргийн хувьсах ба үл хувьсах зүй тогтол, хүн төрөлхтөний яруу найрагт Монголчуудын орчуулсан хувь нэмэр” гэсэн илтгэл тавьсан. 2001 онд Австралид болсон Дэлхийн яруу найрагчдын их хурал дээр “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” нэртэй илтгэл тавьж байсан. Тэр болтол бараг л Монгол Улс бичиг үсэгтэй юм уу, Монголд яруу найраг байдаг юм уу гэх ойлголттой байсан дэлхийн яруу найргийн ертөнц миний дуу хоолойг сэртхийж сонссон. Дараа жил нь Румыны Яаси хотод Дэлхийн урлаг соёлын академиас утга зохиолын доктор цол олгох боллоо гэж урьсан. Ингээд би гэдэг хүн дэлхийн уран зохиолын хүрээлэлд эргэж буцалтгүй яваад орчихсон юм. Тэнд би “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй” хэмээх лекц уншиж, “Монголчууд олноороо шүлэг найраг, зохиол бүтээлтэйгээ дэлхий рүү нүүж яваа шүү” гэж тунхагласан. Мөн 2005 онд миний “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” хэмээх шүлэг маань АНУ-д болсон “Бурханы хайр” уралдаанд шалгарч тэргүүн байр эзэлсэн.Ингэж Монголын яруу найргийг дэлхийд гайхуулах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Гэхдээ би ганцхан өөрийн бүтээлийг бариад яваагүй. Монголын бүх цаг үеийн яруу найргаас орчуулуулж, хэвлэн нийтлэх ажлыг тасралтгүй хийсээр, түүнээ түгээн дэлгэрүүлсээр, Монголын уран зохиолын талаар илтгэл лекцээ тавьсаар ирсэн юм. Буян хишиг нь захаасаа ирж байгаа юм болов уу гэж бодож байна. Сая би шагнал гардах үедээ “Монголын их утга зохиолын нүүдлийн хөсөг буурал Европын төвд буудаллаа. Нүүдэл цааш үргэлжлэх болно” гэж итгэлтэй бөгөөд бахдалтайгаар мэдэгдсэн дээ.

Танд уран бүтээлийн улам их амжилт хүсье.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Монголын маань ирээдүй юутай гэрэлтэй, ямархан саруулхан

Хэдхэн хоногийн өмнө Даваахүүгийн Мөнхзул охин Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг эх орондоо авчрав. 90 улс орны 8-18 насны 1000 гаруй тамирчинтай мөр зэрэгцэн оюун ухаанаа сорьж Дэлхийн аваргын титмийн эзэн боллоо. Дэлхийн аваргын төлөөх охидын найман настнуудын ангилалд 51 шатарчин тоглосон. Д.Мөнхзул найм хожиж, нэг тэнцэн, хоёр хожигдож, нийт 8.5 оноогоор тэргүүлж дэлхийн аварга хэмээх алдрыг наймхан насандаа хүртээд байна.

Түүнийг Монголын эмэгтэй тамирчдаас хамгийн бага насандаа дэлхийн аваргын тавцанд зоссоныг спортын ертөнцөд онцлов. Дэлхийн аварга маань гурван охинтой айлын дунд охин ажээ. Эгч, дүү хоёр нь мөн л шатарчид. Охидын аавыг Г.Даваахүү, ээжийг нь Н.Наранцэцэг гэдэг байна. Мөнхзулынх нь дүү, зургаан настай Өнөрзул нь өнгөрсөн зургадугаар сард болсон өсвөрийн шатрын Зүүн Азийн наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн. Бяцхан охид нь оюун ухаанаараа тив, дэлхийн үе тэнгийнхнээ тэргүүлж яваад баярлаж бахархах эцэг, эхэд баяр баясгалангаа илэрхийлэх үг олдохгүй нь мэдээж. Гэхдээохиноо дэлхийн аварга болоод эх орондоо ирэх мөчид аав Г.Даваахүүгийнх нь хэвлэлээр дамжуулан хэлсэн товчхон үг нэлээн анхаарал татсан үг байлаа. Тэрбээр “Би охиноороо бахархаад зогсохгүй монголагуу үндэстэн гэдгээрүнэхээр их бахархаж байна” гэж хэлсэн. Хэн бүхний анхаарлын гадна үлдэмгүй энэ үгс сайн эцгийн чин сэтгэлийн илэрхийлэл болон сонсогдов.

Өсвөрийн шатарчдын энэ удаагийн ДАШТ-ээс Есөнтөмөрийн Төгстөмөр хүү мөнгөн медаль хүртсэн. Найм хүртэлх насны, хөвгүүдийн ангилалд. Төгстөмөр зургаан настайдаа Азийн аварга, долоон настайдаа сурагчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастерын цол хүртэж байсныг мөн энэ өдрүүдэд онцолж байна. Дэлхийн аварга Д.Мөнхзулын шатрын багш нь спортын мастер Д.Дамдин, П.Алтанбаяр нар. Д.Мөнхзулд анх эгч нь шатар зааж өгчээ. Эгч нь түүнийг таван настайд шатартай танилцуулахдаа “пионер мад” зааж өгсөн гэнэ. Нэгдүгээр ангид ороод эгчийнхээ заасан пионер мадаар анхныхаа хожлыг авчээ. Тэр нь сургуулийнх нь хүрээнд болсон тэмцээн байсан бөгөөд долоон удаа тоглохдоо долууланд нь пионер мад тавин хожиж байсан аж.

Дараа нь Улаанбаатар хотын даргын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд эгчээсээ сурсан мөнөөх “алтан мад”-аараа хожжээ. УАШТ-ий дараа аав ээж нь охиныхоо авьяасыг тууштай хөгжүүлэхээр шийдсэн байна. Ингэж зургаан настайгаасаа шатар тоглож сурсан бяцхан охин хоёрхон жилийн дотор маш их туршлага, мэдлэг хуримтлуулжээ. Аливаа тэмцээнийг том жижиг гэлгүй алгасалгүй уйгагүй оролцож, тэмцээн бүрээс туршлага, шинэ,шинэ арга техникт суралцдаг гэнэ. Мэдээж тэмцээн болгон сэтгэл зүйн бэлтгэл болж байгаа. Тэмцээн бүрийг ялгалгүй оролцож ирснийхээ үр шимийг хүртэж, ийм балчир наснаасаа аав, ээжийгээ төдийгүй эх орон нэгтнүүдээ баярлуулж эхэллээ. Тэрбээр Нийслэлийн 33 дугаар сургуулийн 3 б ангид сурч байна. Дэлхийн аваргын тэмцээнээ өндөрлөөд “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухдаа “Аав бид хоёрт тавьсан зорилго бий” хэмээн хэвлүүхэн өгүүлсэн бяцхан гүнжхэн. Монголын маань ирээдүй юутай гэрэлтэй, ямархан саруулхан.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Н.Батбаяр: Монгол Улсын өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлаар МАН-ын бүлэг Ерөнхий сайдаас мэдээлэл авсан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаагүй билээ. Харин баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Эзэн-100” хөтөлбөрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийснээр эхэллээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаа гэдэг бол гурван сар гаруйн хугацаа. Энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх олон чухал арга хэмжээг Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаар батлуулж, олон хууль, тогтоомж батлагдаж, олон хүнд суртал багасч эдийн засаг эрчимжихэд нэмэр хандив боллоо гэдгийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Ерөнхий сайдын дэргэд байнгын ажиллагаатай Эдийн засгийн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх хуулиуд, мөн бизнест учирч байгаа саад бэрхшээлийг тодорхойлж 100 хоногийн хугацаанд маш идэвхтэй ажилласан. Цаашид ч мөн ажиллана гэлээ. Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 28 хууль, тогтоолын төсөлд тэдний санал тусгагдсан аж. Тус зөвлөлийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газрын бүх шийдвэрүүд “Монголын бизнесийг дэмжсэн байх” гэсэн үндсэн зарчмыг баримталж байхаар болжээ. 100 хоногт Засгийн газар 53 тогтоол, тэмдэглэл баталсан бол Ерөнхий сайдын захирамжаар 14 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчид гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн гэдгийг дуулгалаа. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд төлөх гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдсанаар иргэдэд 3.8 тэрбум төгрөг үлдлээ. Иргэд төлсөн татвараа буцаан авдаг болно гэв. Засгийн газрын шийдвэрээр Алтанбулаг, Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ олон улсын боомт өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагаар ажиллаж эхэллээ. Энэ нь иргэдийн харилцан зорчих, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Гашуун сухайтын гарцын хүчин чадал гурав дахин нэмэгдсэн тухай хэлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдын мэдэгдэлд дургүйцлээ илэрхийлж “Хувийн хэвшлийнхний чадан ядан хийсэн ажлыг та нар өөрсдөө хийсэн гэж хэлж байна. Тэдэнд ямар ч нэмэр болоогүй байж бид хийсэн гэж хэлэх эрх байгаа юм уу” хэмээн нэлээд бухимдалтай байсан юм.

УИХ дахь МАН-ын бүлэг “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжих хугацаанд талхны үнэ 850 төгрөгөөс 1150 төгрөг болж 300 төгрөгөөр өссөн бол орон сууцны үнэ хоёр жилийнхээс 2.6 дахин өссөн. Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1906 төгрөгтэй тэнцсэн нь Монголын түүхэнд анх удаа валют дээрх жишигт хүрч, ханшийг шинэчлэн тогтоосон. Хоёр жилийн хугацаанд 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан төдийгүй зөвхөн “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжсэн 100 хоногийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан нь эдийн засаг сэргэх биш хүндэрсэн гэж дүгнэхээс аргагүй байна гэв.

УИХ-ын гишүүн Су.Батболд бодит амьдрал ямар байгааг олж харахгүй бол Оюутолгойд ажиллаж байсан залуус хэдэн зуугаараа ажилгүй болж гэр рүүгээ буцсан. Бусад уурхайд ч байдал ийм. Хоёр жилийн өмнө хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөнтэй ресторанд ороход ширээ олддоггүй байсан бол одоо 20 хувь нь л хүнтэй. Сонины зарыг харахад “Үл хөдлөх хөрөнгүүдийг зарна” гэсэн зар маш их болсон. Ихэнх нь цайны газар, үйлдвэрлэл явуулж байсан цехээ зарна гэдэг. Хорооллын үйлчилгээний төвүүдийн лангууны 50 хувь хоосон болсон. Түрээсний мөнгөө төлөх боломжгүйгээс болж байдал ийм болчихоод байхад “Эзэн 100” сайн болсон гэж үзэх ёс зүй байхгүй гэдгийг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ард иргэдээс авдаг торгууль шийтгэврийн хэмжээ хоёр дахин өссөн байтал ард иргэдийнхээ халаасанд үлдээсэн мөнгө өссөнгүй. Цалин тэтгэврийг хэзээ нэмэх вэ. Өргөн хэрэглээний барааны үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд 10-60 орчим хувиар өссөн. Төрийн алба тойрсон хулгай тасарсангүй. Монгол Улсын өр 20 тэрбум ам.доллар боллоо. Яагаад ийм байдалд хүрчих вэ гэхэд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Монгол Улсын өр 20 тэрбум ам.долларт хүрээгүй. Бодитой шалтгаанууд бий юу гэвэл бий. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ хэд дахин унасан. Үүнээс болж, 2011 онд уул уурхайн баялгаар дамжиж орж ирж байсан орлогын хэмжээ 2014 онд хэд дахин буурсан. Үүнийг хаа, хаанаа ойлгох ёстой. Нөгөө талдаа Оюутолгойгоос Монгол Улсад борлуулалтын орлого хэлбэрээр 700 сая ам.доллар орж ирээгүй байна. Энэ бүхэн нь эргээд хүндрэл учруулж байна” гэж хариулсан юм. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Улсын хэмжээнд нийт 99600 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 54 мянга орчим нь үйл ажиллагаа эрхэлж бусад нь Х тайлан гаргадаг. Энэ нь одоо бий болсон үзэгдэл биш, өмнөх Засгийн газрын үед ч байсан. Өнөөгийн байдлаар 44854 жижиг дунд үйлдвэрлэл ажиллаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл өмнөх жилүүдийнхээс өссөн тоо гардаг. Хөдөлмөрийн яам энэ онд 51 мянган иргэнийг ажилтай болгох зорилт тавьсан, түүндээ хүрч байгаа. Ажилгүй иргэдийн тоо өссөн асуудал байхгүй, бүртгэл сайжрахын хэрээр, хороо бүрт Хөдөлмөрийн бирж ажиллаж, иргэдийг ажил хөдөлмөрт зуучилдаг болсон. Тодорхой бэрхшээлүүд гарч байгааг үгүйсгэхгүй” гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар алдаагаа засахгүй бол зургаан сарын дараа нийгэм, эдийн засгийн байдал улам хүндэрнэ гэлээ. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд энэ онд эдийн засгийн өсөлт сайд Н.Батбаярын хэлж байсанчлан 10 хувьд хүрэхгүй зургаан хувьтай гарна. 2014 оны төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасарна. Төлбөрийн тэнцэл 2012 онд 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2014 онд 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байгаа аж. Өрийн хэмжээ 2011 онд ДНБ-ий 32.7 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр өр ДНБ-ий 67.5 хувьтай тэнцэнэ. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнээс 40 хувиар өссөн. Ханшийн хямрал санхүүгийн хямрал болчих вий, бодлогын алдаагаа засч чадаагүй учраас энэ үзэгдлүүд гарч ирээд байна” гэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөр хэрэгжүүлэхэд зардал мөнгө дорвитой гаргаагүй. Хоёр жилийн ажлын тайланг оруулаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийхэд л тодорхой мөнгө зарцуулсан гэсэн бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Дэлхийн зах зээл дээр эрдэнэс баялгийн үнэ хэд дахин унасан. “MCS”-ийн Л.Энх-Амгалан, “МАК”-ийн Н.Номтойбаяр нар хаана байна. Тэд нар мэдэж байгаа. Хэлээд өгнө” гэж байлаа.

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ тухай дэлгэрэнгүйг даваа гаригийн дугаараас уншаарай.

Э.ЭНХ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Бөхийн холбооны тэргүүлэгчид болоод академич Б.Жадамба нарын ангийнхан

“Нэг ангийнхан” буланд МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн 1972-1977 онд төгсөгчид онцлогдлоо. Энэ ангийг арван есөн оюутан төгссөнөөс тав нь эмэгтэй байж. МУБИС-ийн ректороор олон жил ажилласан академич, шинжлэх ухааны доктор, онолын физикч, Монгол Улсын гавьяат багш Б.Жадамба бол энэ ангийнхны бахархал гэхэд хилсдэхгүй. Архангай аймгийн Тариат сумын уугуул эл эрхэм арван жилийн сургуулиа алтан медальтай төгсөж ирсэн “танк хүлэгч” аж. 1932 оны эсэргүү хөдөлгөөн дэгдэхэд Тариатынхан танк хүлнэ гэснээс үүдэлтэй энэ хочийг ангийнхан нь түүнд оюутан болсон эхний өдрөө л өгсөн гэнэ. Тамхи татахаас өөр ноцтой дутагдалгүй тэрээр ангийн даргаар томилогдож, таван жилийн хугацаанд үүргээ ч сайн гүйцэтгэжээ. Түүний нэг онцлог бол хөөрхөн барилдчихна, бас гар барилдаанаар ангийнхаа хөвгүүдэд хэзээ ч дийлдэж байгаагүй шөрмөслөг эр аж. Эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас Х.Хайрат хэмээх сэргэлэн хөвүүн ирсэн нь онолын физикч болжээ. Ангийнхнаа хооронд нь холбогч гүүр бол яах аргагүй тэр юм. Хайрат сургуулиа дүүргээд ШУА-ийн физик техникийн хүрээлэнд олон жил ажиллаж, Монголын анхны өнгөт “Монел” телевизийг хийлцсэн инженер гэж байгаа. Тэрээр эдүгээ байгаль орчны үнэлгээний компани удирдан ажиллуулдаг юм байна.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзан найзынх нь тодорхойлсноор “Говь-Алтай аймгийн Чандмань сумаас ирсэн өндөр хар залуу” бол эдүгээгийн МУСГЗ, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Рэгжийбуугийн Нямдорж байж. Тамхийг бол хуруу шиг бүдүүн ороогоод сайхан маналзуулчихдаг нөхөр ирсэн гэж байгаа. Ер нь Д.Данзан бээр Б.Жадамбаа, Р.Нямдорж хоёрын тамхи татах зуршилтай олон жил уйгагүй тэмцсэн нэгэн юм билээ. Ямар сайндаа л оюутан байхдаа сонин сэтгүүлээс тамхины хор холбогдлын талаарх булангуудыг хайчилбар хийн бэлэглэдэг байсан юм билээ. Харамсалтай нь мөнөөх хоёр нь андынхаа хичээл зүтгэлийг өнөө хүртэл талын нэг тарааж хаян, уушгины улаанаа уугиулсаар буй юм. Өнөөгийн тэргүүн Нямдорж оюутан байхдаа төрөлх сумандаа зуныхаа амралтаар очин барилдаж сумын начин цолтой ирж. Нямдорж, Данзан хоёр их сургуульд элссэн анхны өдрөөс эхэлж үерхэн өнөөг хүртэл холбоотой хоёр үрээ шиг зорилго үйлсээ нэгтгэж яваа нь хүн атаархмаар. Бөх хамт үздэг, уран зохиолын сонирхлоороо нэгдсэн гээд тэр хоёрыг холбох зүйл маш олон байжээ. Р.Нямдоржийн хувьд уянгын өгүүллэгүүд бичнэ. “Газрын хол”, “Дөмөн дуутай намар” зэрэг өгүүллэгийн түүврүүдээс гадна нийтлэлийн хорь гаруй ном туурвисан хүн бол тэр юм. “Газрын хол” киногоо 2002 онд олноо толилуулжээ. Данзан шүлэг оролдоно. Сонирхуулахад мань хоёр цагдаагийн байгууллагын ойгоор найруулал бичиж уралдаанд оролцож байсан. Төгсөх жилээ ангийн дарга онц сурлагатан Б.Жадамбынхаа тухай “Оюутны цонх гэрэлтэй” гэсэн найруулал бичин “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлсэн нь ирээдүйн ректорын хувь заяанд эергээр нөлөөлсөн байх магадлал өндөр гэнэ. Учир юу гэвэл эдний ангийнхан байгалийн шинжлэх ухааны хичээлдээ “гавал” болохоос Шинжлэх ухаан коммунизмын түүх зэрэг нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүддээ “нохой хориход” маруухан байж. Сурган хүмүүжүүлэх ухааны хичээлийн шалгалт авахад ганц ч хичээлд сайн дүнгүй Б.Жадамба нэлээд баргар харагдана гэнэ шүү. Тэгтэл аз болж тэр өдөр нөгөө найруулал сонинд нийтлэгдсэн байсныг шалгалт өгөхөөр орсон ангийнхаа нэг нөхрөөр шалгалтын комиссын багш нарт атгуулчихаж. Нөгөөдүүл нь дамжуулж уншаад, хоорон­доо шивнэлдэн байж цонх гэрэл­түүлэгч найрууллын баат­рыг онц дүнгээр мялаажээ.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор Довдонгийн Данзан бол Ховдын Дарвийн уугуул нэгэн бөгөөд аймгийнхаа дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд МУИС-д элсэх урилга гардсан завшаантай. Сурагч байхдаа л ангийн эвлэлийн үүрийн даргын албан тушаалтай байсан тэрээр оюутан ангидаа ч, төгсөөд сургуулийнхаа багшаар ажиллахдаа ч энэ сэнтийгээсээ буугаагүй дархан дарга аж. “Монгол эрийн жавхаа”, “Түшээт хааны Намхай аварга”, “Гэртээ ирлээ”, “Насны хайр” тэргүүт олон дууг нь аялах хүн олон байж таарна. Мөн “Босоо дэлтэй борлог”, “Дэлхийд ганц наадам” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн нэгэн. Тэрээр МУИС-ийг онц дүнтэй төгсөж, сургуульдаа өчигдрийн оюутнаас өнөөдрийн багш болж, 16 жил бодис зүйн эрдмийн шимийг амтлуулж явсан багш, сурган хүмүүжүүлэгч, ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. “Хэт богино радио долгионы тархалтын судалгаа” гэсэн сэдвээр 1992 онд физик математикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үндэсний бөхөө эрхэмлэн дээдэлж хөгжүүлэх үйлст оюун билэг, авьяас чадвараа сорин МҮБХ-г байгуулалцаж Бөхийн өргөөтэй болох нүсэр ачааг үүрэлцэж уран барилга, архитекторч болж үзсэн толгой. Д.Данзан “Эгшиглэнт нас”, “Босоо дэлтэй бор”, “Дэлхийд ганц наадам”, “Дэлхий чимсэн нутаг”, “Бусдынх амттай хорвоо” тэргүүт яруу найргийн түүврүүд хэвлүүлж, “Насны хайр”, “Сайхан хүмүүс” тоглол­тоо ард түмэндээ толилуулсан. Энэ эрхэм нийтлэл, танин мэдэхүйн гуч гаруй номыг хэвлүүлсэн хөдөлмөрч, авьяаслаг нэгэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн Ц.Нинжбат төгсөөд сумандаа багшаар очин, сургуулийнхаа хичээлийн эрхлэгч, захирлын алба хашихын зэрэгцээ физикийн улсын олимпиадад шавь нараа олон жил тууштай сайхан сойж байгаа “уяач” болжээ. Эдний ангийнхан намрын ажилд Төв аймгийн Жаргалантын САА-д хэдэн жил дараалан очиж ажилласан байна. Харин 1974-1975 онд хоёр жил дараалан зуны ажлаар Дорнод аймгийн Баяндун суманд очин сумын клубийн тоосгон барилгыг босголцжээ. Ийн ажиллахдаа 1974 оны наадамд Р.Нямдорж зодоглон үзүүрт тунаж, сумын заан Басгадайд тахимаа өгч байсан нь дурсгалтай санагддаг гэнэ. Хойтон жилийнх нь наадамд Ц.Нинжбат шигшээ барилдаанд түрүүлж, ангийн анд Жадамбаа, Данзан хоёрынхоо хорыг гозолзуулж байсан гэж байгаа. Учир нь энгийн үед барилдахад мөнөөх хоёр Нинжийгээ ёстой нэг нүдээрээ үздэггүй байж. Тэгсэн тэр барилдаанд нөгөө хоёр нь доор даваанд нутгийн ханагаруудад унаж, унаад байдаг найз нь түрүүлж л дээ. Эдний ангийн хөвгүүд Тасганы овоон дээр гараад бараг өдөржингөө барилдчихдаг байсан нь Монголын үндэсний бөхийн ирээдүйн их зүтгэлтнүүд төрөх үүдэл болсныг үгүйсгэх газаргүй. Баяндунд хоёр жил дараалан зусахдаа тухайн сумын наадмыг жинхэнэ утгаар амилуулсан гэдэг. Учир нь буриадууд монгол наадмыг тэгтлээ нэг их сонирхдоггүй болохоор идэвхгүй, нэг л тийм үлбэгэр наадманцар болдог байж л дээ.

Энэ ангийнхан хоёрдугаар курсээсээ гурван бүлэгт хуваагдан хичээллэх бол­жээ. Хатуу биеийн физикийн бүлэгт Д.Данзан, Р.Нямдорж, Ц.Нинжбат, Л.Майдар, Ш.Жаргалсайхан, Ц.Одончимэг нар, радио физикийн бүлэгт С.Бэрхээ, Г.Хүрлээ, С.Баасанцэрэн, А.Тогтох, Д.Ишзэн, Р.Бат-Эрдэнэ, С.Мягмарсүрэн нар, онолын физикийн бүлэгт Б.Жадамба, Ж.Бааст, Төгөлсүрэн, Ц.Мөнхжаргал, Х.Хайрат, Цэндсүрэн нар тус тус хуваагджээ. Шинжлэх ухааны докторын зэргийг Б.Жадамба хамгаалсан бол боловсролын докторын зэргийг С.Мягмарсүрэн, Д.Данзан нар нэр төртэй хамгаалсан байдаг. С.Мягмарсүрэн Ховдын багшийн дээд сургуульд насаараа физикийн багшаар ажилласан хөдөлмөрч, маш цэвэрч нэгэн. Цэвэрч нь дэндүүдээ оюутан байхдаа өглөө бүр цүнхнээсээ тусгай алчуур гарган сандал, ширээгээ бараг нүүр харагдтал зүлгэн арчиж байгаад суудаг байж. Энэ нь хамт суудаг Данзанд сайхан санагддаг байсан гэнэ. Харамсалтай нь энэ нямбай хүмүүн тавь гаруйхан насандаа бурхан болжээ. Төгөлсүрэн, Мягмарсүрэн, Майдар, Бэрхээ, Ишзэн нар нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч ангийн нөхөд нь оюутан ахуйн тэр л гэгээн дүр, хүүхдэрхэг занг нь өнөө ч дурссаар. Сургуулиа төгссөн даруйд Хүрлээ, Бэрхээ, Хайрат, Баасанцэрэн нар ШУА-ийн физик техникийн хүрээлэнд хуваарилагдан баяртайгаар очиж, хожим тэд “Монел” теливизийн хамтран зохион бүтээгчид болсон түүхтэй. Р.Нямдорж төгсөөд МУИС-ийн хуулийн тэнхимд криминалистикийн багшаар 16 жил ажилласан бол Оюунчимэг Геологийн төв лабораторид инженерээр ажилласан байна.

Ангийн гарын таван хуруу, цэцгийн таван дэлбээ болсон охид нь Төв аймгийн Жаргалантын САА-гаас ирсэн Жаргалсайхан хэмээх аманцар шар охин, нийслэлийн V сургуулийн төгсөгч Оюунчимэг, Сэлэнгэ нутгаас ирээд нутагтаа багшаар одсон Мөнхжаргал, Увсын Цэндсүрэн, Өмнөговийн Тогтох нар юм. Тогтох шиг гайхамшигтай сайхан бичигтэй хүнтэй өнөөдрийг хүртэл таарсангүй гэж ангийнхан нь ам шүд алдаж байна. Майдар, Баасанцэрэн хоёр Эрхүү хотоос эдний ангид ирсэн аж. Тэд орос хэлэнд ус цас болохоор нөгөөдүүл нь бараг л хадаг барьж шавь орохоо шахдаг байж. Ишзэн гитарыг ёстой л уйлуулж дуулуулах шиг тоглож, дуулахыг ч нэг үзүүлж өгдөг байсан нь оюутан цагийн уянгыг хөглөж үлджээ. Г.Хүрлээ нийслэлийн нэгдүгээр сургууль дүүргэж ирсэн болохоор математикаар толгой цохино. Аав Гомбосүрэн нь хот тохижилтын зүлэг услалтын жолооч хүн байж. Зан сайтынд хүн болгон цуглана гэгчээр эднийхийг тус ангийнхан бараг босгогүй болгосон гэж байгаа.

МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн багш нь Монголын үндэсний сурын спортын мастер, физикийн шинжлэх ухааны доктор, Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг байжээ. Эднийг анх оюутан болоход МУИС-ийн захирал академич Н.Содном байсан бол төгсөх үед нь Монгол Улсын нам төрийн удирдагч Жамбын Батмөнх гуай захирлаар ажиллаж байсан гэнэ. Тэд мэргэжлийн хичээлийг доктор Д.Батсуурь, Д.Цэрэн, Г.Шилаагарьд, Н.Лувсандорж, Ө.Баваасан, Э.Дамдинсүрэн, И.В.Арсентеев нарын эрдмийн гэрэлт мэргэдээр заалгаж, ухааны жигүүр тэлсэндээ өнөө ч бахархаж явна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат багш С.Марта: Шавь нараас минь ирсэн хоёр алимны хайрцаг дүүрэн захидал миний хамгийн үнэтэй өмч

Гавьяат багш, 84 дүгээр сургуулийн захирал С.Мартатай ярилцлаа.

Гавьяат багш болсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Би гавьяат багшийн шавь. Бага ангийн маань багш Долгор гэж гавьяат байлаа. Гавьяат авах үедээ багшийгаа бодож зогслоо. Шавийн эрдэм багшаас гэж үнэн үг. Би сайн багш нараар хичээл заалгасан азтай хүн. Монголын багш нарын өдрийг энэ жил анх удаа намар тэмдэглэж байна. Дэлхийн багш нарын баярыг тохиолдуулаад танай сониноор дамжуулаад багш нартаа талархсанаа илэрхийлмээр байна.

Та хичнээн жил багшилж байна вэ?

-Би Түүх нийгмийн ухааны багш. МУИС-ийн түүхийн ангийг 1979 онд төгссөнөөс хойш 35 жил багшилжээ. Тухайн үедээ сургуульдаа багшаар үлдэх санал авсан ч хөдөө явж багшилсан. Манай хань цэргийн хүн л дээ. Нөхрөө дагаад Зүүн баянгийн цэргийн хотхон руу явсан юм. Тэгээд л тэндээ дунд сургуульд багшилж эхэлсэн.

Багш мэргэжлийнюу нь сайхан гэж та боддог вэ?

-Өдөр бүр хүүхдийн гэгээн инээдтэй нүүр тулдаг нь миний ажлын хамгийн гоё агшин. Багш нар ямар ч хар хорын сэтгэлгүй, гэрэл гэгээ, хүсэл баясал цацруулсан гэгээн ертөнцөд ажилладгаараа бусад мэргэжлээс онцгойрдог. Цаг наргүй ч хамгийн жаргал­тай ажил даа.

Хичнээн анги дааж төгсгөсөн бэ?

-Таван удаа анги даасан. Зүүн баянгийн арван жилийн сургуульд багшилж байхдаа хоёр анги дааж байлаа. Хөнгөн хүнсний техникумд багшлах үедээ нэг анги дааж төгсгөсөн. 84 дүгээр сургуульдаа ирээд хоёр анги даасан. Анх 1990 онд сургуульдаа ирж байлаа. Тэр үед багш нарыгсонгон шалгаруулж авдаггүй байсан үе. Томилогдож ирнэ, эсвэл орон тоо байвал авдаг байсан цаг. Гэтэл захирал, сургалтын менежер хоёр маань нэг нэг өдөрарваад цагийн хичээл дээр сууж байж намайг ажилд авч байлаа.

Ерээд онд олон багш ганзагын наймаанд явах гэж ажлаасаа гарч байсан. Мэргэжилдээ үнэхээр дурласан хүн л хоёр өдрийн турш шалгуулж байжбагшаар ажиллах сонголт хийнэ дээ?

-Зүүнбаянгийн дунд сур­гууль л намайг багш болгосон. Энэ сургуулийн сурагчид намайг багш гэж хүндэлсэн. Багшийн мэргэжилд дурлуул­сан. Тийм болохоор ямар ч цаг үед өөр ажил хийе гэсэн бодол толгойд орж ирдэггүй. Их, дээд сургуульд багшлаач гэсэн санал цөөн биш удаа ирдэг ч дунд сургуулиасаа явах дургүй. Хар хорын сэтгэлгүй инээд хөөрөөр дүүрэн энэ орчиндоо хайртай.

Даасан ангиудаас сэтгэлд тод үлдсэн, “амины анги” гэвэл алийг нь онцлох вэ?

-Бүгд л сэтгэлд дотно, дулаан орон зайтай. Гэхдээ хамгийн анх дааж авсан ангийнхандаа илүү амь байж магадгүй. Анх удаа намайг багшаа гэж дуудсан, багш болгосон хүүхдүүд. Надтай зэрэг өтөлж яваа (инээв). Би даасан ангийнхаа хүүхдүүдийг дарга сайд ч юм уу, алдар цуутай хүн болсноор нь хэм­жих дургүй. Бид хүнээр хүн хийх л үүрэгтэй. Тийм учраас өөрийгөө олсон, өөрийнхөө хүчээр амьдралын төлөө тэмцэж яваа, алдаж оносон ч өөрийнхөө чадлаар өндийж босч чадсан, хүн болсон хүүх­дүү­дээр бахархдаг. Миний ангийн хүүхдүүдээс төлөвшлийн хувьд нь энэ л хэцүү дээ гэх хүүхэд байхгүй. Бүгдээрээ хүн болж чадсан.

Сэтгэлд тод үлдсэн шавь нар мэдээж олон бий. Гэхдээ онцлоод нэг шавиа дурсаач?

-Сая анхны ангиа ярьсан болохоор одоо хамгийн сүүлд даасан ангиасаа нэг жишээ хэлье. Миний отгон анги түүх нийгмийн ухааны төрөлжсөн сургалттай байлаа. “Номин талст” хамтлагийн Дэлгэрмөрөн, Хаянхярваа хоёр чинь манай анги. Дэлгэрмөрөн эмэгтэй хүүхэд шиг маш нямбай. Хачин гоё бичнэ. Хичээлийнхээ гол хэсгийг улаанаар тэмдэглэх зэргээр өнгө ялгана гэж жигтэйхэн. Дэвтрийн ажил­ла­гаан дээр ярих юмгүй. Өрөвч зөөлөн гэж яана. Багш нарт юмны учрыг ухсан асуулт их тавина. Хааяа цагаахан дүрсгүйтэнэ ээ. Багш нарын өрөөнд орохоор л өөдөөс танай Дэлгэрмөрөн тэглээ, ингэлээгэсэн багш тасрахгүй. Хэрэгтэй хэрэггүй асуудаг гэж ирээд шүүмжилнэ.Тэгэхээр нь би “Манай Дэлгэрмөрөн чинь өвөрмөц, оньсогот ертөнц. Та нар оньсогыг нь таачихаач дээ” гэдэг байлаа. Би Дэлгэрмөрөнгөө сайн хүн болно л гэж боддог байсан. Одоо бол сайн дуучин. Олонд нэртэй яваад нь шавиараа бахархдаг. Гэхдээ би арай өөр мэргэжил сонгоно гэж боддог байсан юм.

Нэг хамтлагийн хоёр дуучин сурч байсан гэхээр танай анги сургуулийн урлагийн үзлэгийн үеэр гялалздаг байж дээ?

-Нэг их дуулаад байдаггүй байсан шүү. Хаянхярваа бол дуулна. Гэхдээ жаахан ичимхий. Тэр үед “Гэгээн алсын одод”, “Одод болохын хүслэн” гэх мэт хүүхдийн авъяасыг нээдэг сайн тэмцээ­нүүд болдог байлаа. Манай ангийнхан их орно. Тэндээс л манай хоёр гарч ирсэн дээ.

Хүүхдийг хайрлах сайхан сэтгэлтэй хүн л сайн багш болдог юм шиг. Таны хувьд багш хүнд хамгийн түрүүнд байх ёстой чанар гэвэл…?

-Надад голдуу л сахил­гагүйдуу хүүхэдтэй ангийг даалгаж өгдөг байсан. Би даасан анги бүрийнхээ хүүхдүүдтэй илэн далангүй харилцах дуртай. Миний гол зарчим гэвэл энэ. Манай ангийн­хан ээж, аавдаа хэлдэг­гүй нууцаа ирж хэлдэг байлаа. Одоо ч тийм. Амьдралдаа тохиосон нарийн нандин бүхнээ ярина шүү дээ. Багш хүн хүүхдийн өмнө толь л гэсэн үг. Гоё сайхан хувцаслах хэрэгтэй. Тэр бүү хэл гар хурууныхаа зангааг хүртэл бодож байх ёстой. Цаашлаад яривал хэт дэл сул үг хэлж болохгүй. Учир нь хүүхэд багшийгаа даган дуурайдаг. Сайн багшийн хичээлийгхүртэл сэтгэлээ гаргаж хичээж давтдаг. Лав л хичээл орох үед миний хичээлийн даалгаврыг хийгээгүй хүүхэд гараагүй.Миний хичээлийг өөр багш нарын хичээл дээр хийж байгаад багшийгаа бухимдуулсан тохиолдол цөөн биш удаа гардаг байсан.

Гуч гаруй жил багшлах хугацаанд юу эсийг анзаа­­­рахав. Хүүхдүүдэд, аав, ээжүүдэд үүнийг л сануулаад хэлэхсэн гэсэн үг бий байх?

-Амьдралын туршлагаас харахад “Чи муу, чи сул байна, ингэх хэрэгтэй” гэж үглэж, чиглүүлжявсан хүүхдүүд амьдралд сайн яваад байх шиг санагддаг. Тийм хүүхдүүд сурч байх хугацаандаа өөрийгөө жинхэнэ утгаар нь олдог байх. Энэ ийм сайн сурчболоод байхад би чадаж л таарна гэж өөрийгөө ирлэж, тэмүүлж сурсан учраас илүү амьдралын ухаан суудаг юм шиг. Тийм хүүхдүүд одоо ч гэсэн мэндгүй зөрнө гэж байхгүй. Гэтэл сайн гэж дандаа магтуулдаг хүүхдүүд хамгийн наад зах нь үг дааж сураагүй байдаг. Муу хэлүүлж сураагүй. Сэтгэлийн хатгүй болчихдог юм шиг. Хамгийн эхний бэрхшээл тулаад ирэхэд л шантардаг. Дандаа магтуулаад арван жил болчихоор амьдрал тэр чигтээ тийм дардан байх шиг сэтгэдэг. Тэр хэрээр гундаж, амьдралд уруудах нь элбэг санагдах юм. Гэхдээ энэ миний хувьдаа хийсэн ажиглалт. Бусад багш нар юу гэхийг мэдэхгүй

Таныг багшилж байх үед захидал их бичдэг байсан цаг. Захиа, занаа шавь нараас ирнэ биз?

-Өчнөөн бий. Хоёр алимны хайрцаг дүүрэн захидал байгаа. Шуудангаар ирдэг, цаасан дээр буулгасан, сэт­гэ­лийн үгтэй захидал гэдэг бол хамгийн үнэтэй зүйл юм байна. Танаар хичээл заалгаж байсандаа баярладаг, таны хэлсэн үг үнэхээр үнэн байсан гэсэнүгтэй захиа их ирдэг байлаа. Би яг өөрийнхөө мэргэжлээр хувьчилж конкурсэнд бэлд­дэг байсан юм. 256 хүүхдийг их дээд сургуульд элсэх конкурсэнд бэлдсэн. Бүгдээрээ их, дээд сургуульд орсон шүү. Тэднээс минь 178 нь яг миний мэргэжлээр буюу нийгмийн ухаанаар их дээд сургуульд элсэн суралцаж байлаа. Үүгээрээ их бахархдаг. Энэ тооноос улбаалаад хүүхдүүдийн даган дуурайхыг эрмэлздэг багш байсанюм болов уу гэсэн “горьдлого” төрдөг. Тан шиг багш болохсон гэсэн үг сонсох ямар сайхан санагддагийг зүйрлэх юм биш.

Сэтгэлд үлдсэн, өнөө хэр дурсагдаад байдаг захидал гэвэл алийг нь онцлох вэ?

-Миний нэг шавь алдаж эндээд шоронгийн хаал­га татаж байсан юм. Хам­­гийн сахилгагүй гэж яригд­даг байсан хүүхэд л дээ. Шоронд ороод надад таван удаа захидал бичлээ. Хам­гийн эхний захидал нь харамс­лаар дүүрэн. Хоёр дахь захианаасаа өөрийгөө буруут­гасан, ухаарсан, өөрт нь хэрэг­тэй юм хэлдэг байсан дотнын хүмүүсээ сана­галз­сан хандлагатай боллоо. Сүү­лийн захидал нь огт өөр өнгө аястай. Сайхан амьдар­на гэсэн итгэлээр дүүрэн захидал. Удаагүй тэр газраасаа гарсан. Одоо маш сайн явж байна. Сайхан гэр бүлтэй. Нүүр бардамамьдарч яваа. Баяр ёслолын өдрөөр над руу утсаар ярихаар өөрийн эрхгүй уйлдаг (нүдэнд нь нулимс цийлэгнэв). Миний шавь алдаж эндчихээд өөрийнхөө хүчээр өндийж босч чадсан. Одоо ангийнхны маань хэн нэгэнд ямар нэгэн зовлон бэрхшээл тулгарахад л тэр маань хамгийн түрүүнд зохион байгуулна. Ерөнхий координатор. Над руу багш нарын баяр, төрсөн өдрөөр ярьдаг, цагаан сараар ирж золгодог шавь нарын маань нэг. Төрсөн өдрөөр ярихаар нь баяр­лалаа гэж хэлчихээд нулимсаа дуслуулна. Багший­гаа баярлуулсан сайхан хүү дээ.

Багш ямар байхаас хүүх­дийн хувь заяа шалтгаалдаг гэдгийг ухааруулсан сайхан жишээ байна. Багш хүнд байх ёсгүй чанарын талаар яриагаа үргэлжлүүлье?

-Хүүхдийг ялгаж үзэхгүй байх. Хөрөнгө мөнгө, сурлага, өмссөн зүүснээр нь ялгах эрх багшид байх ёсгүй.Зүрх сэтгэлээсээ хүүхэдтэй харилцдаггүй багш байна шүү. Харамсалтай санагддаг. Хүүхдийг ялгаж үздэг, хүүхдэд чин сэтгэлээсээ ханддаггүй багш хүүхдийн хувь заяаг хүртэл өөрчилдөг. Тийм жишээ миний амьдралд ч байна. Дүү минь сурлага сайтай, сайн хүү байлаа. Ганц, хоёрхон удаа даалгавраа хийлгүй ирж, багшаасаа айснаас болж худлаа хэлснийх ньтөлөө мөнхөд “Чи муу” гэж чичлүүлснээсээ болоод сур­гуульдаа дургүй болчихсон. Тэрэндээ өнөөдрийг хүртэл харамсдаг. Би өөр багшийн ангид байсан огт өөр амьдрах байсан даа гэж хааяа ярьдаг юм. Үнэхээр үнэн. Багш гэдэг хүн хүүхдийн хувь заяанд нөлөөлдөг. Дахиад хэлэхэд хүүхдийг ялгаж, чичилж харьцах эрх багш хүнд байх ёсгүй. Хар хорын сэтгэлгүй, гэнэн цайлган хүүхдүүдийн хэнийг нь яаж ялгах вэ дээ. Манай сургуулийн дал гаруй хувь нь дандаа залуу багш нар. Би залуу багш нартаа “Хамгийн гол нь сэтгэлтэй ажилла” гэж захидаг юм. Сэт­гэл гаргах л юм бол аяндаа зүтгээд эхэлдэг. Зүтгэж бай­гаа юм чинь амжилт гарч л таарна. Наад зах нь “Багшаа сайн байна уу” гэж хэлсэн хүүхдийн өмнөөс инээгээд мэндлэх хэрэгтэй. Анзаараад байхад зарим багш хүүхэд мэндлээд байхад сонсоогүй юм шиг яваад өгдөг. Мэндэлж байгаа хүүхэд яаж үлдэх вэ гэд­гийг огт тоодоггүй. Инээ­гээд сайн байна уу гэчихэд багшаас юу ч унахгүй. Гэтэл багштайгаа мэндэлсэн хүүхэд “Багш миний өөдөөс инээгээд мэндэллээ” гээд тэр өдөртөө баяр хөөртэй явна. Инээд бол өгч байгаадаа ямар ч гарзгүй өгсөн хүндээ хамгийн том бэлэг.

Хэцүү хүүхдийг зөв, сайн хүн болгоход багшийн нөлөө хэр их гэж та боддог вэ?

-Маш их. Би тийм хүүхдүүд­тэй ажиллах дуртай.Багш гэдэг өнцгөөс дээрээс нь харж биш. Яг зэрэгцэж сууж байгаад илэн далангүй ярилцдаг. Өчнөөн жишээ авч ярина. Гэр бүлтэйгээ ч холбож ярина. Тэгээд итгэл өгдөг. Тийм хүүхдүүдэд итгэл өгөхөөр хүний итгэлийг алдахгүйн төлөө ямар их сэтгэл гаргаж хичээдэг гэж санана. Гэтэл тийм хүүхдүүдэд ихэнх хүн итгэдэггүй шүү дээ. Итгэл дааж амьдарна гэдэг эрхэм дадлыг би хүүхдүүдээсээ авсан.Дээд сургууль төгсөн төгст­лөө хүний итгэлийг дааж амьдрахын утга учрыг бараг мэддэггүй байсан гэхэд хилс­дэхгүй. Багш болоод л итгэл ямар чухал гэдгийг ойлгосон. Хүний итгэлийг дааж амьдрахсан гэсэн хүслээ амьдралынхаа зарчим болгосон.

Би ямар азаар багш болсон юм бэ гэж бодох тохиолдол зөндөө л дөө. Гэхдээ онцлоод ярих тохиолдол бий байх?

-Ханиа алдаад хэцүү бай­хад шавь нар маань ирж байлаа. Өнгөрсөн зун Монгол Улсын гавьяат багш болоход бүгд утасдаж баяр хүр­гэсэн. Сураг тасарсан хүүхдүүд хүртэл энд тэндээс залгасан. Амьдралын жаргал, зовлонтой үед шавь нар минь дэргэд байлаа. Энд тэнд явж байхад сайн уу багшаа гээд хүрээд ирэх бас их гоё агшин. Сүүлийн жилүүдэд захирлаар ажиллахаар анги даахаа больчихож байна л даа. Есдүгээр сарын нэгэнд захирал гэдэг утгаараа цэцэг бэлгэнд авдаг ч ангийн багш нар өөр шүү. Тэвэрт багтахгүй шахам цэцэгтэй болдог. Багш хүнд хамгийн том бэлэг бол шавиасаа цэцэг авах. Есдүгээр сарын 1-нд жаахан “гуниглана” аа (инээв). Гэхдээ хэдэн жилийн өмнө нэг баяртай үйл явдал тохиосон шүү. Сурагчид маань “Та зааланд ороод ирээч” гэдэг юм. Яваад ортол заал дүүрэн хүүхдүүд. “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийнхнийг урьчихаж. Гайхаад учрыг нь асуутал”Сурах орчныг минь таатай болгож, мөрөөдлийг минь биелүүлсэн учраас ийм нэвтрүүлэгт оруулсан юм аа” гэцгээгээд их гоё бэлэг өгсөн. Царан дээр сэтгэлийн үгээ бичээд өгсөн. Миний авсан хамгийн том бэлэг энэ дээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн дагуу хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилохоор болсон билээ. Энэ дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтын бүртгэлийгявуулж эхэлсэн. Энэ бүртгэлд шаардлага хангасан дөрвөн хүнийг бүртгэсэнбайдаг. Тэгвэл нэр дэвшигчид уржигдар хууль, эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалт өгч дөрвөн нэр дэвшигчийн хоёр ньбуюуДамбийнямын Цэрэндорж, Чойжанцангийн Болдбаатар нар шалгалтдаа тэнцжээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрындаргад нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг хүргэе.

ДАМБИЙНЯМЫН ЦЭРЭНДОРЖИЙН

НАМТАР

Тэрбээр Улаанбаатар хотод 1959 оныдөрөвдүгээр сарын 14-нд төржээ. 55 настай. ЗХУ-ын Дотоод явдлын яамны Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг төгссөн, магистр зэрэгтэй юм байна. 1980 оноос ажлын гараагаа Архангай аймгийн Цагдан сэргийлэххэлтсийн Мөрдөн байцаах группын даргын албан тушаалаас эхэлжээ. Энэ албанд 1990 хүртэлажилласан байна. Дараа нь1991 оны хоёрдугаар сарын 1-нээс 1991 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Октябрь дүүргийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллажээ. 1991-1993 он хүртэл Найрамдал дүүрэг дэх Мөрдөн байцаах тасгийн дарга, 1993-1996 он хүртэл Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн дарга,1996-1998 он хүртэл Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, 1998-1999 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, 1999-2000 он хүртэл Мөрдөн байцаах газарт чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, 2000-2001 он хүртэл, Цагдаагийн академийн Цагдаагийн тэнхимийн хэлтсийн эрхлэгч хийж явсан байна. 2001-2003 он хүртэл Ховд аймгийнцагдаагийн хэлтсийн дарга, 2003 оны есдүгээр сарын 1-нээс 2004 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэл Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн Биокомбинат дахь цагдаагийнтасгийн даргаар ажилласан байна.

АЛЬ Д.ЦЭРЭНДОРЖ БИЛЭЭ”

Одоогоос арван жилийн өмнө Д.Цэрэндорж цагдаагийн байгууллагад ажиллахаа больжээ. Цагдаагийн байгууллагынхны ярьж байгаагаар бол энэ хүнийг мэдэх хүн ховор аж. Зарим нэг нь Д.Цэрэндорж тэтгэвэртээ гарах дөхсөн хүн. Өвчний улмаас ажлаасаа чөлөөлөгдөж байсангэж байв. Харин энэ хүний нэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад нэр нь дэвшиж буйг сонсоод “Ямар Цэрэндорж” гэсэн асуултыг тавих хүн олонбайна. “Хэв журмын хэлтэст Цэрэндорж гэж хүн байсан. Гэхдээ өөр овогтой л доо … Аль Цэрэндорж билээ. Уг нь тэр үед цөөхөн ийм нэртэй хүн байсан” гэх мэтээр тааварлан ярьж байв. Цагдаагийн байгууллагыг толгойлж байсан хүмүүсээс асуухад “Энэ хүний талаар мэдэхгүй болохоор сайн, муу гэж хэлж чадахгүй байна. Намайг дарга байхад уг нь байсан л юм байна. Гэхдээ нэг их нүдэнд өртөөд байдаггүй байсан болов уу” гэсэн хариулт өглөө. Д.Цэрэндорж гэдэг хүнийзураг ч ховор байдаг бололтой. Өвөрхангай аймгийн нэгэн сэтгүүлээс түүний зургийг авлаа. Уг ньнэр дэвшигчийнзургийгНийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсгийнхнээс олж өгөхийг хүсэхэд “Ямар нэгэнгадны нөлөө сонгон шалгаруулалтын ажилд саад тотгор болно гэдэг үүднээс бид зургийг ньнийтлэхгүй байгаа. Мөрийн хөтөлбөрийг нь олон нийтэдтанилцуулахдаа “А”,”В” гэсэн хувилбараарнийтэлж байгаа гэв.

ТҮҮНИЙ ААВ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ ПРОКУРОР БАЙЖЭЭ

ЧойжанцангийнБолдбаатарцагдаагийн байгууллагад ажиллаж буй болохоортүүний талаарх мэдээллийг олоход ядах юм байсангүй.Болдбаатар гэдэг хүнийг ярихаар Ж.Чойжанцан гэдэг хүний нэр тод яригдах аж.Болдбаатарын аавТөв аймгийн прокурорт ажиллаж байжээ. Дараа нь Улсын ерөнхий прокурорынорлогч прокуророор ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, тэтгэвэрт гарахаасаа өмнө Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байсан гэнэ. “Яагаав тэр Чойжанцан гэдэг хүн чинь одоогийн Үндсэн хуулийн цэцийн шинэ байрыг барихад багагүй гар бие оролцсон хүн” гэж онцлох аж. “Хуулийн байгууллагад олон жил ажилласан тулхтай хүн. Болдбаатараавынхаа нэр сүрээр яваагүй. Анхнаасаа л цагдаагийн байгууллагад бэлтгэгдсэн боловсон хүчин, их нуруутай залуу” гэж магтацгаах аж. Ч.Болдбаатарынэхнэр цагдаагийн байгууллагад хүүхдийн байцаагчаар ажилладаг юм байна.

НЭР ДЭВШИГЧ Ч.БОЛДБААТАРЫН НАМТАР

Ч.Болдбаатар ньТөв аймгийн Зуун мод суманд 1972 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн.42 настай юм байна. Цагдаагийн дээд сургуулийг 1993 онд дүүргэжээ. Баянгол дүүргийнцагдаагийнхэлтэст 1993 оноос 1996 он хүртэлмөрдөн байцаагчааражиллажээ. 1996-2000 онд хүртэл Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2000-2001 хүртэлахлах төлөөлөгчөөр ажилласан байна. 2001-2002 хүртэл Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, 2002-2003 оны хооронд тус хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, 2003-2006 онд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн даргын алба хашиж байгаад 2006-2010 он хүртэл Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ. 2010-2012 он хүртэлСонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийндаргын албыг хашиж байсан аж. Дараа нь буюу хоёр жилийн дотор Эрүүгийн цагдаагийн газрын дэд, нэгдүгээр хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дэд, хэв журмын хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд Хэв журам хамгаалах газрын дарга гэх мэт албан тушаалд очиж байжээ. 2014 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс өнөөг хүртэл Нийслэлийн цагдаагийн дэд бөгөөд захиргааны удирдлагын газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.

Товчхондоо бол энэхоёр хүнийнамтар ийм байна. Нэг нь сураг алдарсан, нөгөө нь цагдаагийн байгууллагад одоо ч ажиллаж буй болохоор энэ хоёр хүнийтухай мэдээллийн олдоц ялгаатай байлаа.

ТЭД ТЕЛЕВИЗЭЭР ХАЛЗ МЭТГЭЛЦЭНЭ

Дээрх нэр дэвшигчдийгонцлон хүргэж байгаа нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой сонгох болж байгаа иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах болсон учир хэн нь хэн бэ гэдгийг хүргэж буй юм. Дашрамд дурдахаддээрх нэр дэвшигчид Эрүүл аюулгүй Улаанбаатарын төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулжээ. Мөрийн хөтөлбөрийн хураангуйгзаримөдөр тутмын хэвлэл болон цахим сайтуудад тавьжээ. Дэлгэрэнгүй хөтөлбөрийг нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулсан байна. Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад иргэдийн санал, үнэлгээ чухал үүрэг гүйцэтгэх учирсанал асуулгад идэвхтэй оролцож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, саналаа өгах нь улаанбаатарчуудын хувьд нээлттэй юм байна. Иргэдийн саналыгэнэ сарын08-ны өдрийг дуустал www.ulaanbaatar.mn сайтаар авах аж. Иргэд саналаа өгөхдөө тус сайтын баруун хэсэгт байрлах санал авах баннертай танилцах учиртай юм байна.Санал авах ажиллагааг шударга байлгах зорилгоор мөрийн хөтөлбөрийг танилцуулахдаа нэр дэвшигчдийн нэрийг нууцалж, А, Б гэсэн тэмдэгтээр тэмдэглэжээ. Харин сонгон шалгаруулалтад нэг үнэлгээ болох нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн аравдугаар сарын 05-ны өдөрбуюу ням гаригт UBS телевизээр 21 цагт болох юм байна.

Г.ЯЛГУУН