Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өсөхөө аваргын аав Ц.Гэлэгжамц гуайнд өнжлөө

Бөхийн өргөөний урдхан, хүүхдүүдийнхээ барьсан орон сууцанд хоёр хөгшин налайж сууна. Цэвээний Гэлэгжамц гэж монгол бөхийн домог болсон Буур Жамъян аваргын хүргэн, өнөө цагийн бөхийн манлай Өсөхөө аваргын аав түүнтэй хуучлахсан гэх бодол эртнээс л төрдөг байлаа. Хүүгээ төрийн наадамд түрүүлэх бүрт ёс юм шиг есөн хөлт цагаан тугны өмнө гүйж очин үнсээд, сэтгэл дүүрэн байгааг нь харах бахтай сан. Өсөхөө хүүг нь Монгол Улсын дархан аварга цол хүртсэнийх нь дараа ижий аавынд нь зочилсон маань бэлгэшээлтэй санагдаж байлаа.

Гэлэгжамц гуай монгол тооллоор өнөө жил наян нас хүрч байгаа гэнэ. Тэрээр 1935 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт төржээ. Харин Өсөхөө аваргын ижий хөгшнөөсөө таван насаар дүү юм байна. Аавтайгаа буюу Буур аваргатай жигтэйхэн адилхан хөгшин уртаа гэгч хүрэн цоохор тэрлэгтэй инээмсэглээд угтсан. “Та хэдийг ирнэ гэхээр дүүгийнхээ хүүхдийг дуудаад хоол унд тэрлүүлээд байж байна. Уул нь манай хөгшин гэр орны ажилд шалмаг, гал тогоондоо хэнийг ч ойртуулдаггүй юм. Одоо жаахан ядраад байх болжээ” гэж гэрийн эзэн өгүүлэв.

Зүүн гараас Буур Жамьян аварга, Б.Түвдэндорж аваргын хамт. 1940-өөд оны дундуур

Зочны өрөөний ханын гоёмсог хүрэн шүүгээнд хадам аавынх нь зургууд харагдана. Тэр дундаа Буур аваргын Түвдэндорж аваргатай хоёул үндэсний спортын гавьяат мастерын тэмдгээ зүүгээд алхаж байгаа өнгөт зураг тодоос тод дурайж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор буюу далан нэгэн оны наадмаар Жамьян аварга уригдаж ирсэн байдаг.

Далаад оны эхэнд түүнд үндэсний спортын гавьяат мастер гэдэг цолын хоёр дахь дугаа­рыг нь олгосон түүхтэй. Одоо­гийн гавьяат тамирчин гэдэг цол юм. Ууган гавьяат мастер нь Түвдэн аварга шүү дээ. Далан нэгэн он гэснээс, тэр жилийн наадамд Жамьян авар­га ирээд буцахдаа Бал даргад сэтгэл жаахан дундуур байсан гэдэг. “Наадмын урьд өдөр Сүхбаатарын талбайд бөх­чүүдийг цуглуулаад нам засгийн удирдагчидтай уулзлаа. Цэдэнбал намайг харчихаад “Буур чи амьд байдаг юм уу” гээд гар барьж байна. Надаас олон дүү хүн биз дээ. Тэр ер нь хүнийг та гэж сураагүй байх. Маш амтгүй хүн юм аа” гэсэн баримт сэлт бий. Гэрийн эзний тамхилсан хөөргийг сонирхох зуур уг дурсамж сэтгэлд буусан хэрэг. Мэдээж Жамьян аварга, Түвдэндорж аварга хоёрын зургаас үүдээд. Цай цүй болоод удаагүй бай­тал Гэлэгжамц гуайн бага хүү Батбаяр орж ирлээ. “Эгч нь яав” гэж хоёр хөгшин зэрэг асуугаад авлаа.

“Хүүхдүүдээсээ дуудвал зүгээр шүү” гэж Гэлэгжамц гуайд сануулсан учир бага хүүгээ, мөн гурав дахь охин болох Нарангэрэлээ зав чөлөө гаргаад аавынхаараа ирээрэй гэж хэлжээ. Бага хүүдээ хандан “Аавынхаа хөөргөөр хүмүүстэй тамхил” гэв. Батбаярыг Өсөхөө ахын­хаа ижил улсын цолтой бөх гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тэрээр Архангай аймгийн наадамд 1998, 1999 онуудад дараалж түрүүлээд 2000 онд улсын наадамд анх зодогложээ. Гурвын даваанд Хөвсгөлийн Элбэгт унасан байна. Харин дараа жил нь буюу наян жилийн ойгоор “Батцэнгэлийн динозаврууд” болох Жавхлантөгс харцага, Хишигдорж заан нараар дөрөв, тав давж улсын цолны босго алхаад улмаар зургаагийн даваанд шинээр начин цол хүртээд байсан амьдаа Дашдондовын Батбаяртайгаа тунаж барилдан давж харцага цол хүртсэн нэгэн. Долоогийн даваанд Бат-Эрдэнэ аваргад амлуулж унасан түүхтэй. Батбаяр харцагаас ажил албыг нь сонирхоход “Эрдэнэт хотын Хангарьд спорт клубийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Одоо удирдлагын академид сурч байна” гэв. “Манай хүү удирдлагын академид сураад сүрхий байгаа. Бодох нь ээ, том дарга болох санаатай юм байгаа биз” гэж аав нь хөөрхөн явуулж байна.

Тэрээр зургийн цомог үзэж сууснаа “Хөөх, ахыг дархан аварга болоход талбай дээр ийм их хүн цугласан юм уу” гэж дуу алдаад явчихав. “Манай гэрийнхнээс би л ганцаараа мэдээгүй” гээд дурамжхан байгаа нь илт. Мань хүн ахыгаа дархан аварга цолны үнэмлэх тэмдгийг Төрийн ордонд гардаж байх цаг мөчид “Хангарьд”-ын бөхчүүдтэйгээ бэлтгэлд гарчихсан, утасны сүлжээгүй газар байж л дээ. Тэгээд долдугаар сарын долооны оройхон бэлтгэлээс буугаад Эрдэнэтийн төв рүү орж ирэхдээ дуулсан аж.

Харин Гэлэгжамц гуай сэтгэл ихэд тааламжтай “Хүүгээ дагаад Төрийн ордон руу орж явчихсаан” хэмээн инээд цалгиулж сууна. Өсөхөө аварга нэг их гоё өндөр захтай улаан шаргал дээлтэй очсон харагдсан. Та урлаж өгсөн үү гэж ээжээс нь асуутал “Наранчимэг гэж манай охин хийж өгсөн юм. Дүүгийнхээ дээл хувцас, монгол гутлынх нь оймсны хараа чимэглэл, хөөрөгнийх нь даалин зэргийг Наранчимэг л хийж өгдөг” гэлээ. Насантогтох гуайн ээж Гарамдагий гэж үйлэнд уран хүн байжээ. Тэгэхээр охиноос нь гарсан хүүхдүүд уран байх нь. Насантогтох гуай “Ижий минь монгол гутлыг угалзтай, угалзгүйгээр нь янзын сайхан хийнэ. Аавын монгол гутлыг ижий л урладаг байлаа. Мөн зодог шуудаг оёдог, Өсөхөөг таван настай байхад нь нэг зодог шуудаг оёж өгсөн. Одоо бага хүү нь өмсөж байгаа” гэж хуучилсан юм. Гоньдоор амталсан бууз зооглох зуураа Гэлэгжамц гуайгаас хадам аавынх нь талаар асуулаа. “Буур аваргыг төрийн наадамд анх дагуулж ирсэн хүн нь Лу гүний Вандан аварга гэдэг. 1925 оны наадамд нутгаасаа ирж барилдаад халхын гурван “босоо” гэгддэг Вандан, Самдан, Шагдар нартай их шөвөгт шалгарч Хэнтийн Самданд унаж үзүүрлэсэн түүхтэй. Тэгээд 1926, 1928 онуудад арав давж түрүүлсэн байдаг. Харин ид үедээ төрийн наадамд хэд хэдэн удаа өнжсөн юм билээ” хэмээн асуулаа.

Үүнд Гэлэгжамц гуай ийн хариулсан юм. “Төрийн наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэж Буур хэмээн улс даяараа алдаршиж байсан тэр цагт нь эсэргүү нарын бослого гэж түүхэнд тэмдэглэгдсэн Тариатын хүрээний бослого гарч, нутаг усанд нь үймээн самуун дэгджээ. Түүнээс болж, мөн анхны хань эндсэн зэрэг шалтгаанаас үүдээд аав хэдэн жил наадамд ирж зодоглоогүй юм билээ. Энд нэг зүйлийг сонин болгоход, эсэргүү хөдөлгөөнийхөн аавыг бослогодоо элсүүлэх гэж оролдож байжээ. Цэргийн Шагж гэж сайхан бөх байсан. Өнөөдөр аварга болох хүн гээд судлаачид, Завхан нутгийнхан үзээд байгаа. Тэр хүн улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн бөх л дөө. Гэтэл гучаад оны эхээр яг ид барилдаж байсан үедээ өнөө түйрэнгүүдтэй нэгдэж, нөгөө хэд нь “Манай баатар, чамайг улааны сум нэвтлэхгүй” хэмээн хөөргөөд тулалдааны эхний суманд алуулсан байдаг. Хадам ааваас эсэргүүнийхэн хоёр морь аваад явж л дээ. Тэгээд хэлсэн хугацаанд өгсөнгүй гэнэ. Аав хонинд явлаа гэж гэрийнхэндээ хэлээд өнөө хоёр морио авахаар Тариатын хүрээ рүү явж байтал өөдөөс нь ногтоо чирсээр ирсэн гэдэг. Тэгж л аавын амийг хоёр хүлэг нь аварсан байгаа юм” гэж Буур аваргатай холбоотой хүмүүсийн тэр бүр мэдэхгүй зүйлийн талаар хуучиллаа.

Өсөхөө аваргын эгч нарын нэг Нарангэрэл гаднаас орж ирлээ. Бас л тэнгэр баганадсан эмэгтэй байлаа. Нэг метр 91 сантиметр өндөртэй гэсэн. Аваргын ээж Насантогтох гуай залуудаа нэг метр 85 сантиметр өндөр байжээ. Харин түүний аав Буур аварга ид залуудаа хоёр метр 30 сантиметр өндөртэй, 130 килограмм жинтэй байсан гэдэг. Нараа эгч “Завгүй тэвдэж явахад аав ээж хоёр дуудаад. Уул нь амралтын өдрөөр л бид энд цугладаг юм” гээд “За одоо надаас юу асуух гэж байна” гэсэн янзтай алаг нүдээ эргэлдүүлэв. “Хагас сайныг бид битүүн, бүтэн сайныг шинийн нэгэн гэдэг юм. Ёстой л битүүлж, шинэлж байгаа юм шиг аавынд мах чануулж, бууз жигнүүлж хоёр өдөр болно. Та хэдэд буузаа жигнээд өгчихөж, удахгүй мах чанана гээд унах байх” гээд инээмсэглэлээ.

“Ярианыхаа сэдвийг бөхөөс жаахан холдуулъя л даа, энэ чинь. Вандан аварга, Буур аварга, Түвдэн аварга, Өсөхөө аварга гээд л халхын алдарт аваргуудын тухай үргэлжлээд явж өгөх бололтой. Ингэхэд та ээжийнхээ ямар хоолонд дуртай вэ” гэж Нараа эгчээс тулган асуулаа. “Будаатай банштай цайнаас нь салах юм биш. Багад бол ээжийн боорцог, гамбир шиг амттай зүйл байсангүй. Манай аав боорцог их сайхан хийдэг” хэмээн сонирхуулав. Ингээд Нараа захирал (“Вайт лейк” ХХК-ийн ерөнхий захирал) Буур өвөөгийнхөө тухай “Гэр орных нь ажилд тусалж эмнэлэгт хэвтсэн үед нь хоол цайг нь дөхүүлж, хүнсийг нь цуглуулж, ус түлээг нь ойртуулдаг нь манайхаас би байсан” гэв.

“Өвөө минь өнгөрөхийнхөө урд өдөр надад биеийн тамирын хувцас 120 төгрөгөөр авч өгч билээ. Аймгийн тусгай дэлгүүрээр өвөө үйлчлүүлэх эрхтэй. Би тэгэхэд долдугаар ангийн хүүхэд байв. Бараг л анх удаа шинэ хувцас өмсөж байгаа минь тэр байх. Дээрээ хоёр эгчтэй байсан болохоор эгч нарын хувцсыг улирааж өмсөнө. Их л баярласан юмдаг. Гэвч маргааш өдөр нь өвөө минь биднээс үүрд явчихсан” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс тунараад ирэв.

Тэрээр Архангай аймгийн арван жилийн сургууль дүүргээд Эрхүү хотын Хөдөө аж ахуйн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Мал аж ахуйн хүрээлэнгээс эхэлсэн байна. Аавынхаа мэргэжлийг өвлөснөөрөө бахархдаг гэж хэлсэн. Гэлэгжамц гуайн ач нараас арав гаруй эдийн засагчид төрсөн гэнэ. Ихэнх нь гадаадад сургууль соёл дүүргэж байгаа аж. “Манай аав бол оюуны мундаг хүн” гэж охин нь хэлээд аавыгаа хайр хүндэтгэлийн зөөлөн харцаар ширтэж суусан юм.

“Өсөхөө сая охинтой минь уулзаад ирсэн гэнэ. Дажгүй л байгаа бололтой” гэж хоёр хөгшин хоорондоо ярилцаж суулаа. Өсөхөө аваргын том, хоёр хөгшний хайртай ач нарынх нь нэг Америкт сурч байгаа ажээ. Аав нь “Алдар” спор хорооны тамирчдаа ахалж Цэргийн дэлхийн аваргад оролцох үеэрээ охинтойгоо уулзжээ. “Манай Батбаярын хүүхэд Японд байгаа, тэдний хүүхэд тэнд байгаа” гээд л ярьж байсан. Гадагшаа явсан ач, зээ нараа ихэд санадаг бололтой. Архангай бол бөхийн өлгий нутаг. Ялангуяа Батцэнгэл бол бөхөөрөө алдартай. Харин Монгол Улсын дархан аваргагүй байсан юм билээ. Өсөхөөгөө дархан аварга болоход ихэд бэлгэшээж баярласан нь мэдээж, наадам сайхан болсон уу гэж Гэлэгжамц гуайгаас асуухад, ээж нь цаанаас “Хүүгийн минь дархан аварга цолыг хүндэтгэж нутаг орон маань сайхан баяр зохион байгуулсан. 512 хүчтэн зодоглож хүн бүхэн уухай хашгирч байхад аав минь тэнгэрээс харж байгаа болов уу гэж бодоод нүдэндээ нулимстай суулаа” гэв. Харин гэрийн эзэн “Манай энэ хүүгээ түрүүлэх бүрт нь баярлаад л, хүмүүсийн дунд уйлаад л, хашгичаад л сүйд болдог. Би яахав, мэлин хойлог талдаа ч хүн юм уу. Нэг их баярлаж хөөрөөд сүйд болдоггүй юм. Түрүүлэх учиртай хүн нь түрүүлж байна даа гэж боддог. Яахав, ер нь хүүгээ нэг үнсье гэж бодоод тугны өмнө гүйж очиж үнсдэг” хэмээн хээв нэг өгүүлсэн нь яалт ч үгүй дархан аваргыг төрүүлсэн аав мөн дөө гэж бодогдов. Гэлэгжамц гуайтай зэрэгцэж суугаад хоёул зургийн цомог эргүүлж, Буур аваргын Баянаа аваргатай, Түвдэн аваргатай авахуулсан зургийн үүх түүхийг хуучлангаа өнөө жилийн наадмын тухай сонирхлоо. Гурвын даваанд Өсөхөө аваргыг Сүхбат аварга амласныг шуудхан асуугаад авав.

“Наадмын эхний өдөр хүүтэйгээ хамт цэнгэлдэх рүү очсон. Ер нь Өсөхөө аавтайгаа хамт очих гээд байдаг юм. Замд хүү минь хэлж байсан. “Бөхийн комиссоос намайг зүүний магнайд гарна шүү гэсэн. Гэхдээ Сүхбат зүүний магнайд гарна гэхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл яршиг, би барууны магнайд л гарчихна” гэж байв. Тэгтэл яг л хүүгийн хэлсэн ёсоор наадмын бөхийн комисс эрэмбийнхээ дагуу гээд Өсөхөөг зүүний магнайд гар гэлээ. Сүхбат би гарна гэсэн байна. Ингэхээр нь Өсөхөө барууны магнайд очоод зогсчихсон. Хэрүүл уруул хийгээгүй шүү дээ. Харин хоёр дахь өдөр би аажуу, уужуу очъё гээд хүүдээ хэлчихээд байж байтал Сүхбат Өсөхөөг амлалаа гэж дуулддаг юм. Тэгэхээр нь яарч сандраад яваад очлоо. Хүний л эцэг болсон хойно тэр агшинд чинь янз бүрийн зүйл бодогддог юм билээ. Сүхбат ер нь хүүг минь яах гээд байнаа гэж хүртэл бодогдсон. Гурвын даваа эхлэхийн өмнө Өсөхөөд ойртож очоод “Болгоомжтой л байгаарай даа хүү минь. Хөл гар руу чинь өшиглөж, цохих вий” гэж хэллээ. Тоосон шинжгүй зогсож байна. Хүмүүс янз бүрээр л шуугиад байв. Тэр бүгдийг Өсөхөө тоогоогүй.

Сүхбат яагаад Өсөхбаярыг амлав гэдгийг надаас олон хүн асуудаг. Би бол нэг их тоймтой хариу өгдөггүй юм. Яахав, миний бодлоор Сүхбатын сэтгэл санаа тухайн үед жаахан үймэрчихсэн байжээ. Тэр хүнд зөвлөдөг хүмүүс гэж байдаг байх. Тухайн хүмүүс нь буруу зөвлөгөө өгөөд хий хөөргөөд, дэвэргээд байна уу гэж санагдах юм. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, найман жилийн өмнө зодог тайллаа гээд олон түмний өмнө бөхийн дэвжээгээ үнсээд, есөн хөлт тугнаасаа адислаад дахиж барилдахгүй гэж ам өчгөө өгсөн хүнийг яагаад барилдуулав гэдэг бас сонин. Бүртгэж авахгүй байдаг ч юм уу, ямар нэгэн зүйл хийх л байсан байх. Гэхдээ хүний эрх юм байгаа биз дээ. Уул нь Сүхбат чинь миний хүүтэй ижил сайхан бөх. Миний хайрладаг л бөхчүүдийн нэг. Хаана л таарна надад ирж үнсүүлээд явж байдаг хүүхэд байгаа юм. Тэр жил Өсөхөөгийнхөө аварга цолны найранд гэргий Баясгалангаа дагуулчихсан хамгийн түрүүнд ирээд сууж байсан. Өнөө жил сэтгэл санаа үймэрчихсэн сонин байв уу даа. Дархан аварга цолоо авахаар Төрийн ордонд ирэхдээ гурвын даваанд ам авч байгаа юм шиг монгол гутлаа өмсчихсөн, зодгоо бүсэлчихсэн ирсэн шүү дээ. Төрийн ордонд тэгж ирэхэд нь л надад сонин сэтгэгдэл төрж байлаа” гэв.

“Сүхбатыг өшиглөөд авах вий гэж боджээ. Өмнө нь Өсөхөө аварга Сүхбатыг нэг тийрчихсэнийг манайхан мартаагүй дээ” гэж лавлах маягтай асуухад тэрээр “2001 оны тэр зүйл дээр Баянаа аварга ч тэр, Сүхбат ч тэр ерөөсөө юм бодоогүй. Бөхийн тэмцэл гээд өнгөрсөн. Тухайн жилийн наадмын яг маргааш нь уяачдын баяр дээр Баянаа аварга бид хэд таарахад огтоос юм бодоогүй шүү гэж хэлж байсан. Уяачдын наадмыг манай хөгшин Баянаа аваргын гэргий хоёр нэг дор суугаад үзэж л байлаа. Батбаяртай Баянаа аварга таарчихаад “Миний хүү эмзэглээгүй биз дээ. Бид бол тэр талаар юу ч бодоогүй шүү” гэж хэлж байсан гэдэг” хэмээн хариулсан юм.

“Аавын минь эдэлж хэрэглэж байсан зүйлээс хэт хутга тэргүүтэй хэдэн зүйл бий. Бөхийн өмсгөл дээл хувцсыг нь Архангайн музейд өгсөн” хэмээн Насантогтох гуай өгүүлээд “Би чинь хүний ганц охин шүү дээ. Аавынхаа дөчин насан дээр төрсөн. Намайг төрөх үед аав наадамд барилдах гээд явчихсан эзгүй байсан гэдэг. Айлын ганц хүүхэд болоод ч тэр үү, эрх танхил гэж жигтэйхэн. Аавыг хаашаа л явна дагана. Ямар сайндаа ноос тушаах гэж морин тэргэнд аччихсан байхад нь тэргэн дээр гарч морийг нь үргээгээд сүйд болохоо алдсан. Тэрэгтэй морь хонины хашаа зад дайрч өнгөрөөд хүмүүс шуугилдаад би ч орилоод явчихсан нь мэдээж. Аав миний охин сайн зуурч бай гэж хэлээд тосон угтаж тэрэгний аралд хүрэх шиг л болтол морь зогсчихсон. Дараа нь бодоход их бяр тэнхээ гаргасан байгаа юм. Нэг өвөл тэргэнд сургаж байсан хайнаг гунаа хөллөөд Хойд Тэрхийн голоос мөс ачихаар явж би дагадгаараа дагалаа. Мөсөө ачаад эргэтэл гуна явдаггүй. Гэтэл аав гунаа тэрэгнээс буулгаж хойноос нь чөрхлөөд намайг сайн туугаарай гэж хэлээд өөрөө тэргэндээ ороод зүтгэчихсэн” хэмээв.

Домог болсон аваргын өвөр дээр эрхэлж, өнөө цагийн бөхийн манлай хүчтэнийг өвөр дээрээ эрхлүүлж өсгөсөн тэрээр хүүгийнхээ бага насны дурсамжаас хуваалцлаа. “Өсөхөө зүүдлэхээрээ босоод явчихдаг хүүхэд байв. Манай хүүхдүүд унтахдаа өмд цамцаа орныхоо дэргэд нямбайлан эвхээд тавьчихдаг байлаа. Нэг орой Өсөхөө унтаж байснаа өмд цамц хоёроо аваад босоод ирлээ. Бид нар одоо яах нь уу гээд чимээгүй хараад байлаа. Тэгтэл авдар онгойлгож өмд цамц хоёроо хийчихээд буцаад орондоо ороод унтаад өгдөг байгаа. Өглөө босоод энд байсан өмд цамц хаачив гээд асууж байж билээ. Өөр нэг хөгжөөнтэй дурсамжаас нь хэлье л дээ. Манайх “Эх орон-52 гэдэг радиотой байлаа. Батбаяр л болдоггүйгээрээ “Ээж ээ энэ дотор юу байгаа юм бэ” гэж шалгаагаад байхаар нь “Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байдаг юм. Тэгээд ээлжилж яриад суудаг” гэчихгүй юу. Нэг өдөр ажлаа тараад иртэл өнөө хоёр алга. “Та хоёр хаана байнаа” гэтэл Өсөхөө гаднаас орж ирээд чимээгүйхэн орон дээр суучихлаа. Буруу зүйл хийчихсэн үедээ андашгүй л дээ. Нэг л гэмшингүй зөөлөн зөөлөн над руу хараад л. Тэгсэн араас нь Батбаяр “Араажив дотор хүн байдаг гэсэн чинь юу вэ. Утаснаас өөр юу ч алга” гэчихсэн орж ирж байгаа юм. Тэгж л манай хоёр радиогоо амбаарт авч ороод амыг нь барьчихсан. “Яаж байгаа юм” гэсэн чинь Өсөхөө “Баагий л дотор нь хүн байдаг гээд байхаар нь үзсэн юм гэсэн сэн.

Манай Өсөхөө чинь багаасаа үнээ ивэлгэдэг гэрийн ажилд сүрхий хүүхэд байсан. Улсын наадамд хоёр дахиа түрүүлчихээд улсын аварга цолтой бөх болчихоод байхдаа хөдөө гэртээ амарч очоод өглөө үнээ ивэлгээд зогсож байна. Хаяа айлын бүсгүй “Өсөхбаярыг чинь улсын аварга цолтой том бөх гэж сүрдээд байтал ээждээ үнээ ивэлгээд зогсож байхыг нь харах их гоё санагдсан. Иймдээ л олон хүний хайр хүндэтгэлийг хүлээдэг байх” гэж хэлж билээ. Хөгшин нь хүүгийнхээ тухай өгүүлэхтэй залгаад гэрийн эзэн Вандан аваргын тухай яриа дэлгэлээ.

“Вандан аваргыг бол би нүдээр үзээгүй хүн. Гурван охин, нэг хүүтэй хүн юм билээ. Батцэнгэлд нүүж очоод байхдаа Ишванжил гэж Вандан аваргын хүүтэй танилцсан. Нэгдлийн адуучин, миний үеийн л насны хүн байсан. Ишванжилын бага хүү Мөнхжаргал гэж залуу одоо Батцэнгэлдээ байгаа. Хоёр жилийн өмнө байна уу даа, аймгийн начин цол хүртлээ дуулдсан. Ишванжилаас би аавынх нь тухай сонирхох гээд гэрт нь зорьж очиж хонож байлаа. Их багад нь нас барсан юм билээ л дээ. Вандан гуай ер нь дөчин хэдтэй л өнгөрсөн байх. Өндрийг нь сайн мэдэхгүй юм. Харин өргөнийг нь бол мэддэг хүмүүс нь барин тавин хэлдэг. Гэрийн хойморт авдар налаад суухад авдрынх нь булан цухуйдаггүй байсан гэдэг. Тэгэхээр цээж гэдэг бол ёстой нөгөө авдар шиг гэдэг чинь Вандан гуай л байж. За тэгээд булчин шөрмөс нь овойж товойсон, хүзүү гэдэг нь лухайсан лут эр байж дээ. Тэр их өргөн цээжтэй ханагар том хүн чинь мэдээж өндөр байсан байж таарна. Хориод оны сүүлээр Маршалтай авахуулсан нэг зураг бий. Түүнээс харахад их л том хүн байсан юм билээ. Эрүү түүшин сайтай, хацар дух их томтой хүн байжээ. Өндөр Алтанхуягийн хүү Ичиножо Ичинноровыг Вандан аваргын зургаа дахь үеийн бөх гэж танай сонин бичсэн байна лээ. Биеийн жингийн хувьд лагс хүүхэд юм байна. Гэхдээ Вандан аваргыг энэ хүүтэй харьцуулшгүй байлгүй дээ. Орсон буур ороод ирэхэд ганцхан мөрлөөд л зогсоодог байсан гэсэн баримт бий. Домогт Намхай аваргын ард л бичигдсэн хүн. Хүнийхээ хувьд ихэд цагаан цайлган, нөхөрсөг хүнлэг нэгэн байсныг хадам аав минь үргэлж дурсдаг сан” гэв.

Ийнхүү хоёр хөгшинтэй домог болсон хүчтэнүүдийн тухай өдрийн турш хуучиллаа. Оройхон хэрд Өсөхөө аварга аавтайгаа утсаар яриад эгчийнхээ ажил дээр байгааг дуулгасан. Нараа захирлын өрөөнд байж байна. “Аав ээж хоёр өнөөдөр Гантулгын эзэмшилд байгаа юм биз дээ” гэж цаашлуулаад л. Энэ сарын сүүлээр дархан аварга цолныхоо найрыг хийхээр төлөвлөж буй ажээ. “Улаанбаатар” ресторан руу гэргий нь яриад цаг нараа тохироод байгаа бололтой. “Урилгынхаа үгийг яаж бичих вэ, их утга төгөлдөр сайхан үг бичмээр байна” гээд Архангайн наадмын урилгаа үзэж суусан. Ааваасаа нарийн ширийн юмыг асууж байсан. Өсөхөө аваргатай Америк явсан тухайг нь сонирхож энэ тэрхэнийг ярилцсан юм.

Н.ГАНТУЛГА

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Г.Оюунбилэг: Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд байнга хэлбэлздэг нь эдийн засгийн төлөвийн эерэг сөрөг тусгал болдог

Хөдөлмөрийн яамны Ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн дарга Г.Оюунбилэгтэй ярилцав.

-Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ажилгүйдлийн түвшин ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Өнөөдөр нийт хүн амын 60 гаруй хувь нь 15-аас дээш насны хөдөлмөрийн насны хүн ам байна. Түүн дотроо 1176.0 мянга буюу 63.1 хувь нь эдийн засгийн идэвхитэй хүн ам байна. Эдийн засгийн идэвхгүй хүн амд суралцагсад, гэрийн ажилтай, хүүхдээ харж байгаа хүмүүс, тэтгэврийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордог бөгөөд эдгээр нь 718.5 мянга буюу 36.9 хувийг эзэлж байна.

Энэ оны төгсгөлд гурван сая дахь иргэнээ угтах төлөвтэй байгаа Монгол Улс хүн амын бүтцийн хувьд хамгийн тааламжтай хөдөлмөрийн насны хүн зонхилсон тэтгэвэр авагсад, хүүхэд зэрэг асрамж, халамж шаардсан давхаргын ачаалал бага байгаа энэ үеийг судлаачид “хүн амын цонх үе” гэж нэрлэж хөдөлмөрийн зах зээлд эерэг дохиог бий болгосон эдийн засгийн хөгжлийг түргэтгэх тааламжтай үе гэж үзэж байна.

Ажилгүйдлийн түвшин 2012 оны мөн үед 8.4 хувь, 2013 онд 7.3 хувь, 2014 онд 8.4 хувь байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэн 33879 болж буурсан байхад шинэ ажлын байранд орсон иргэдийн тоо 39935 болж нэмэгдсэн зэрэг хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд байнга хэлбэлздэг эдийн засгийн төлөвийн эерэг сөрөг тусгал нь болж байдаг. Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалж иргэдээ ажилтай орлоготой байлгах, ажилгүй иргэн, бүртгэлтэй ажилгүй иргэнээ зөв тодорхойлж тэдэнд хүрч үйлчлэхэд нэлээд ажлууд хийгээд байна.

-Ажилгүйчүүдийн дотор дээд боловсролтой хүн олон байгаа нь ямар учиртай вэ?

-Тиймээ ажилгүй иргэдийн дотор дийлэнх хувийг их дээд сургууль төгсөгчид эзэлдэг. Тэдэнд сонголт хийх ажлын байрны захиалга бага байгаагийн зэрэгцээ шинэ төгсөгчид байнга нэмэгдэж хүрээгээ тэлсээр байна. 1990-ээд оноос хойшхи хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг хатуугаар хэлэхэд зохицуулалт багатай, эмх замбараагүй хар зах дээр наймаа арилжаа хийж байгаа адил хүн бүр тойм төдий мэдээлэлд тулгуурлан, дээд боловсролыг харанхуйгаар шүтсэн, ажлын байрны эрэлт, өөрийн ирээдүйг тооцох боломж багатай нөхцөлд мэргэжил сонгон хөдөлмөрийн зах зээлд бэлтгэл муутай орсны тааруу үр дагавар одоо хүртэл үргэлжилж байна. Нэг үе зуу хол давсан их дээд сургуульд зуун мянга хол давсан оюутан суралцаж байсан гээд бод доо. Юу хэлэх гээд байна гэвэл эдийн засгийн дээд боловсролтой худалдагч, хуулийн дээд боловсролтой харуулууд бэлтгээд байгаа тэр олон сургуулийг хариуцлагажуулж төгсөгчид нь мэргэжлээрээ ажилд орж, тогтвортой ажиллаж байгаа байдлаар нь кредит оноо цуглуулан үнэлгээ өгдөг чанарын удирдлагын систем нэвтрүүлэн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэж чадаж байгаа эсэхээр эрэмбэлсэн эдийн засгийн хөшүүрэг бүхий эрэлт нийлүүлэлтийн захиалгыг нэвтрүүлэхэд л тэр олон чанаргүй сургуулиад бүтцийн өөрчлөлтөд орж, нийлж нэгдэх, элсэлтээ цөөлөх, эсвэл хаалгаа барих нь тодорхой болно.

Үүнийг жишвэл худалдан авагчдын эрэлтийг сайн судалсан барааны сонголт сайтай супермаркетийн сүлжээний маркетингийн шилдэг шийдэл, давуу талуудтай төстэй эргэх холбоо бүхий үнэлгээ мониторинг сайтай зах болгон төлөвшүүлэх хэрэгцээ байна гэсэн үг. Манай яамнаас баримтлах бодлогын хүрээнд дээрхи асуудалд анхаарлаа хандуулж байгаа.

-Хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах талаар Хөдөлмөрийн яам ямар, ямар ажил хийж байна вэ?

-Хөдөлмөрийн яам бие даасан тогтолцоо болон хөгжсөнөөр хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсролын тогтолцоо, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудлуудаа цогцоор нь хөгжүүлэхээр зорьж багагүй ажлуудыг амжуулсан байна.

Үүний дотроос ХЗЗ-ийн бүртгэл мэдээллийн шинэ систем нэвтрүүлж, хөдөлмөрийн судалгааны институт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийж, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ иргэдэд ойртсон, мөн зорилтот бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдээр дамжуулан иргэдээ ажилтай орлоготой болгох чиглэлд арга хэмжээ авч ажилласан нь нийгэмд хүчтэй бий болсон халамжийн сэтгэлгээ, гадаадад гарч ажиллах сонирхол зэргийг өөрчилж эх орондоо ажиллаж амьдарч болно гэдэг хандлагыг бий болгосон гэж боддог.

Мөн хөдөлмөрийн зах зээл дээр бий болоод байсан мэргэжилтэй ажиллах хүчний дутагдлыг нөхөхөөр үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд сураад мэргэжилтэй ажилтан болъё гэдэг хандлага бий болж ажилгүй байсан иргэдийг гэрээс нь гаргаж чадсан гэдгийг бид бүгд мэднэ. Энэ хөтөлбөрийн давуу тал бол ажил олгогчийн захиалгад үндэслэн мэргэжилтнээ бэлтгэсэн төдийгүй ажил олгогчтой гэрээ байгуулан суралцагсдаа тогтвортой ажлын байртай болгоход чиглэгдсэн ажлын эхлэл болсон.

Тухайлбал улс орны хэмжээнд хүний нөөцийн эрэлтийн хэтийн болон ойрын төлөвлөлтөөр чиглүүлж, төлөвлөлтөд суурилсан эрэлтийн захиалгыг мэргэжил бүрээр бүс нутгаар сайн хийгдсэн судалгаа бүртгэлийн системд тулгуурлан хийх эхлэл болсон. Энэ эрэлтэд үндэслэсэн квот захиалгаа их дээд сургууль МСҮТ –рүү хүргүүлдэг, квот тооны хязгаарыг хатуу мөрдөн, улмаар сургалтанд зарцуулдаг эдийн засгийн үргүй зардлыг багасгах, мэргэжилтэн бэлтгэх шалгуур, босгыг нэмснээр өрсөлдөх чадвартай боловсон хүчний тухай ярих болно. Үүнийг дагаад ЕБС-ийн сургалтын агуулга, хандлагад өөрчлөлт орно гэж найдаж байна.

-Хүмүүс ажлаа байнга сольдог хувиараа орлого олдог хүмүүс татвар даатгалаас зугтахын тулд бүртгэлээс зайлсхийдгийг бүгд мэднэ. Тэднийг тэр бүр бүртгэх боломж байгаа юу?

-Энд л асуудал байгаа юм. Юун лангуу түрээслэгч, юун такси эрхлэгч, бүтэн байраар нь орон сууц эзэмшсэн, хэдэн давхар барилга түрээслэн аж ахуй эрхэлж, хэдэн тэрбумын эргэлттэй худалдаа эрхэлж байгаа мөртлөө НӨАТ төлөгч ч биш, орлого нь тодорхойгүй ангилалд хамрагдан, нийгмийн даатгалын гадна ажилгүй иргэний бүртгэлд байхыг үгүйсгэхгүй байна. Нэг жишээ ярья. Германд болсон сургалтын дадлагын хичээлээр захиргааны хэргийн шүүхээр нэгэн эмэгтэйн хөдөлмөрийн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцсэн юм. Тэр эмэгтэй ажлаас халагдчихаад Хөдөлмөрийн албанд хандан ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа нэгэн танилынхаа ажлын байранд түр ажиллаж 5 хоногийн цалин авсныхаа төлөө 3 сарын тэтгэмжээ буцааж төлөх мөн шударга байж энэ тухай мэдэгдээгүйн төлөө торгуулийн шийтгэл хүлээсэн. Германы хуульд хүн ажиллуулж цалин өгсөн л бол заавал даатгал төлдөг тул ажил олгогч танил нь эмэгтэйн өмнөөс даатгал төлж тайлагнаснаар ажилгүйдлийн тэтгэмж авч байхдаа давхар цалин авсан нь илчлэгдсэн хэрэг.

Татвар даатгалын бааз нь өргөжөөд хувь хэмжээг нь багасгавал нийгмийн даатгалын ач холбогдол өсч хамрах сонирхол нэмэгдэнэ. Манайд аж ахуйн нэгжүүдэд татвар даатгалын дарамт их, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн гадуур байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн задрал, эмх замбараагүй байдлыг өөгшүүлж байгааг үгүйсгэхгүй.

Тогтвортой ажилладаг ажилтантай барилга зам гүүр, үйлчилгээний салбар цөөрч түр ажлын байр, гэрээт ажилтан, туслан гүйцэтгэгч гэх мэт ойлголт хавтгайрч байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн сул тал болоод байна.

– Үүнийг ямар арга замаар зохицуулбал болох вэ?

-Энд эдийн засгийн болоод эрх зүйн хөшүүрэг хэрэгтэй. Жишээ нь, олон улсын болон үндэсний хэмжээний том төсөл хөтөлбөр гэрээний салшгүй хэсэг нь хүний нөөцийн менежментийн асуудал байхаар тусгаж, хичнээн шинэ ажлын байр бий болгох хэдэн хүн тогтвортой ажиллуулах нь хөдөлмөрийн салбарын төдийгүй улс орны хөгжлийн тэргүүлэх ач холбогдол байхаар хандах хэрэгтэй байна. Иймд татвар ашиг орлого байгаль орчны нөхөн төлбөрийн асуудал чухал ч уг төслөөс Монгол хүнд хүртэх үр өгөөж нь тогтвортой ажлын байр, цалин хөлсний асуудал, ажлын орчин нөхцөл, томоохон төслийг дагасан амьдарлын орчин, ажиллагсдын нийгмийн асуудлыг багтаасан хот тосгоны дэд бүтэц байгуулалт орхигдоод байгааг өөрчлөх шаардлагатай. Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт төсвийн хөрөнгөөр хийгдэх томоохон ажил үйлчилгээний нэг шалгуур нь хичнээн хүнд ажлын байр бий болгох зэргийг тусгах, түүний гүйцэтгэлийг нь хянадаг систем тогтолцоог хөгжүүлэх шаардлага байгаа. Энэ чиглэлээр манай яам бодлогын чиглэлдээ тусган бусад холбогдох яамдуудтайгаа идэвхитэй хамтран ажиллахаар төлөвлөөд ажиллаж байна.

М.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэт хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улааныг албан тушаалаас нь чөлөөлсний дараа Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх үед Ардын нам завсарлага авчихлаа. Уг нь сайд нараа даруйхан томилж ажлаа хийх ёстой гэж байсан таны нам завсарлага авснаар төрийн ажлыг гацааж байна гэх шүүмжлэл гарч эхэллээ…

-Манай намын бүлгээс хэд хэдэн асуудал тавьсан юм. Эхнийх нь сайдуудыг томилох гэж байгаа бол ингэж цувуулж болохгүй гэсэн. Засгийн газрын бүтцийн асуудлыг арай л их савируулж байна. Бүтцээ оруулж ирээд нэг долоо хоносон бол бүрэлдэхүүний асуудлаар дахин долоо хонох гэж байна шүү дээ. Уг нь бол бүтэц, бүрэлдэхүүн хоёр зэрэг орж ирээд батлагдчихдаг. Дараа нь шинэ сайд чөлөөлөх сайд хоёроо оруулж ирээд тухайн хуралдаан дээрээ томилоод, чөлөөлчихдөг. Гэтэл тэгээгүй. Бусад томилох сайд нараа оруулж ирээгүй байхад чөлөөлөх сайд нараа ингэж увуулж цувуулах юм бол төрийн ажилд завсар гарна гэсэн байр суурийг бид илэрхийлсэн.

Түүнчлэн хариуцлага тооцох сайд нартайгаа хариуцлага тооцохгүй байна. Манай бүлгийн зүгээс мөн Ерөнхийлөгчийн байр суурийг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс давхар дээлтэй сайд оруулж ирэхгүй шүү гэж хатуу сануулаад байхад орж ирэх гэж байгаа дөрвөн сайдын хоёр нь давхар дээлтэй байгаа. Үндсэн чиг үүрэгт хамаарах Сангийн сайд нь төсвөө батлуулдаг учир дотроос буюу УИХ-ын гишүүн давхар хашиж болох юм гэж хувьдаа боддог. Гэтэл чиглэлийн яамдыг яагаад заавал УИХ-ын дотроос тавих гээд байгаа юм. Энэ зарчим чинь алдагдаж байна гэсэн байр суурийг илэрхийлж манай бүлэг завсарлага авсан.

-Яг яаж оруулж ирвэл цаг хугацаа хэмнэх гээд байгаа юм. Эсвэл орж ирэх сайд нарын нэрс гарсан байгаа тул тухайн хүнийг нь танай бүлэг хүлээж авахгүй байгаа юм биш үү?

-Орж ирэх бол чөлөөлөх сайдуудаа зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Албан ёсоор сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсийг хэлэлцээгүй болохоор асуудалтай гэж хэлж одоогоор чадахгүй. Хэлэлцээд эхлэх үед нь ямар асуудал байгааг нь бид ярина. Бид одоо бол зарчим л ярьж байгаа. Өмнө нь шинэ Засгийн газар байгуулагдаад иймэрхүү зүйл болж л байсан. Хоёр жилийн өмнө гэхэд бүтэц, бүрэлдэхүүн хоёр нь зэрэг орж ирэхэд нь хэлэлцэж дуусгаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд томилох хүмүүсээ оруулсан. Би ч гэсэн сайдын суудлаас чөлөөлөгдөж явсан. Тэр журмаар л явдаг.

Гишүүдийн дунд маргаан тариад байгаа өөр нэг зүйл нь бүтцийн өөрчлөлт хийгээд сайд нарыг чөлөөлж байна гэхийн оронд “Манай сайд нар сайн ажилласан. Тэд үүргээ онц биелүүлсэн” гэж яриад байгаа юм. Ерөнхий сайд логикийн зөрчилтэй зүйл яриад байна. Тэр ярьснаар нь ойлговол сайн ажилласан сайд нараа явуулаад муу ажилласан хүмүүсийг нь үлдээж байгаа болж таарч байна. Сайн ажилласан л гээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг ямар боллоо доо. Үүнийг тэгээд сайн ажилласных гэх юм уу, үгүй. Нэг см төмөр зам тавигдаагүй байна. Энэ мэдээж сайн ажилласны үр дүн лав биш. Оюутолгой гацаанаас гараагүй байгаа нь сайн ажилласан гэх үндэс мөн үү. Ерөнхий сайд “Сайн ажилласан” гэж тайлбарлаж байхын оронд “Бүтцийн өөрчлөлт хийсэн юм аа” гээд тайлбарлачихсан бол маргаан гарахгүй байсан.

-Танай бүлгийн зарим гишүүд хамтарсан Засгийн газар байгуулах гээд завсарлага авч байгаа юм биш үү гэсэн хардлага байна. Сайд болъё гэсэн нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь хамтарч болохгүй гээд байгаа юм биш үү. Танай нам ч гэсэн дотооддоо асуудалтай байх шиг?

-Манай бүлэг дээр тийм асуудал яригдаагүй. Хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахгүй гэж бодож байна. АН-ын зарим УИХ-ын гишүүд эдийн засгийн нөхцөл хүндэрчихлээ, улс орноо бодоод хамтаръя гэсэн зүйл ярьж байгаа юм бий. Хамтраад юу хийх вэ гэхээр тодорхой зүйл ярьж өгөхгүй байна л даа. Хамтраад өрийн хязгаарыг нэмэгдүүлэх гэж байгаа бол зөвшөөрөхгүй. Ер нь төсвөө чангалаад үргүй зардлаа хасаад хөрөнгийн нөөц бүрдүүлж тавьсан өрүүдээ төлөх тухай ярих хэрэгтэй болохоос биш, нэмж өр тавих талаар ярьж болохгүй гэж би л хувьдаа бодоод байгаа. Хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхөж байгаа хүмүүс өөдлөх үү. Мэдээж үгүй. Гэтэл манайх 10 жилийн өмнө 300 тэрбум төгрөгийн төсвөөр болоод байсан. Харин одоо хичнээн их наяд болоод байхад яагаад зардлаа хэмнэж болохгүй гэж. Би л хувьдаа болно гэж хараад байгаа.

-Томилгооны асуудлаас болоод АН-ын бүлэг дотроо асуудалтай байх шиг байна. Та үүнийг нь юу гэж харж байгаа вэ?

-Зарим гишүүд нь эсэргүүцээд суулт хийж байна. М.Зоригт гишүүнтэй өрөөнд нь орж уулзсан. Суулт хийх болсон гол шалтгаан нь Засгийн газрыг бүрдүүлж байгаа зарчим нь буруу гэж байна лээ. М.Зоригт гишүүн твиттертээ “Хоёр гишүүн дагуулаад ирвэл сайд болно гэж байна. Энэ юу гэсэн үг вэ” гэж жиргэсэн байна лээ. Тиймээс сүлжээний маягаар Засгийн газрыг бүрдүүлж байгааг эсэргүүцэж байна гэсэн. М.Зоригт гишүүний энэ байр суурийг би дэмжиж байгаа. Засгийн газрыг бүрдүүлэхдээ нам эвслийн бүлгүүд нь ярьж байгаад хэн үүнийг хийж чадах вэ гэдэг дээр шийдвэрээ гаргах ёстой болохоос биш төрийн яамыг фракц, намуудад өмчлүүлээд өгчихсөн мэтээр хандаж болохгүй гэж үзэж байна.

-Ирэх долоо хоногоос сайдууд тодорхой болоод ажилдаа орох байх. Үлдсэн хугацаанд Засгийн газар хэр ажиллах юм шиг байна?

-Засгийн газрын тэргүүн нь хэвээрээ үлдчихэж байгаа юм чинь нэг их өөрчлөлт гарахгүй биз дээ. Эдийн засгийн том шийдвэрүүдийг Ерөнхий сайд гаргадаг болохоор хуучин бодлого нь хэвээр үргэлжлэх байх. Байдал төдийлөн сайжрахгүй байсаар 2016 оныг угтах болов уу гэж бодож байгаа.

-Засгийн газрын тэргүүн солигдвол эерэг үзүүлэлтүүд гарах юм уу. Танай бүлгээс авсан тав хоногийн завсарлагын хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэх гээд байна уу. Чуулганы хуралдаан дээр үг хэлж буй гишүүдийн үгийг сонсоход тэгж санагдлаа?

-Дараагийн Ерөнхий сайд нь ямар хүн байх вэ гэдэг нь тодорхойгүй тул үүнийг таах аргагүй.

-Сайд нарын томилгоо­ноос болоод ирэх оны төсөв батлах асуудал сунжрах магадлалтай байна. Хуулийн хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой байдаг. Гэтэл төсвөө дахин өргөн бариагүй байна даа?

-Ирэх оны төсвийг өргөн бариад байсан ч Засгийн газрын хуучин бүтцээр оруулж ирсэн тул хэлэлцэх боломжгүй тул татаад авчихсан. Дахин оруулж ирэхдээ төсөвт хийсэн том алдаануудаа засч оруулж ирэх ёстой. Зарчмын хувьд эдийн засаг хүндрэлтэй байгаа үед татвар нэмэх замаар төсөв бүрдүүлдэггүй. Ядарсан морио ташуурдаад хурдлуулах гээд байгаа хүн шиг харагдаад байна. Харин ч татвараа хөнгөлөөд, эдийн засгийн идэвхжлийг нь нэмэгдүүлэн, татварын сууриа өргөжүүлснээр эдийн засаг сайжирдаг. 2009 оны ийм хямралын үед би Засгийн газарт ажиллаж байсан. Тэр үеийн Засгийн газар ажил эрхлэлтийг дэмжих бодлого явуулж байлаа. Ингэснээр эдийн засаг аажимдаа сайжирдаг. Одоо дөрвөн төрлийн татвар нэмнэ гэж байна.

-Сангийн сайд Ч.Улаан татвар нэмэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Үүнийг би хариуцлагагүй мэдэгдэл гэж бодож байгаа. Бидэнд тарааж өгсөн материал дээр Үл хөдлөх хөрөнгийн, Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлж, Малын хөлийн татварыг бий болгоно гэсэн байсан. Түүнчлэн Хотын татвар мөн орж ирсэн. Хотын татвар нь мөн хэдэн татвар байх нь ойлгомжгүй байна даа. Төсөв дээр миний санаа зовж байгаа өөр нэг зүйл нь төсвийг орон нутагт хуваагаад өгчихсөн. Ингэвэл хоёр том үр дагавар гарна. 2003 оны Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиас өмнө төсвийг орон нутагт хувааж өгдөг байсан. Тэр үед боловсролын салбарын төсөвт орон нутгийн дарга нар гар хүрдэг явдал гардаг байлаа. Үүнийг нь босоо тогтолцоотой болгож байж орон нутгийн сургуульд хуваарилсан төсөв дээр Засаг дарга гар хүрэх боломжгүй болсон. Хэрэв буцаагаад орон нутаг төсвөө захиран зарцуулаад эхэлбэл энэ асуудал дахин босч ирэх магадлалтай. Түүнчлэн орон нутагт төсвийн эрх мэдлийг өглөө гэж байгаа нь хошгируулж байгаа хэрэг. Жишээлбэл, манай Булган аймагт 10 гаруй тэрбум төгрөг шаардагдах обьектуудыг жагсаачихаад 2.5 тэрбум төгрөг хуваарилан “Та нар энэ мөнгөөр юугаа хийхээ өөрсдөө мэд” гээд хаячихаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл обьектууд баригдахгүй байгаа хариуцлагыг орон нутагт үүрүүлж байна гэсэн үг. Ингэж хариуцлагаас зугтсан төсөв хийж болохгүй.

Монгол Улс нэгдсэн улс мөн л юм бол салбарууд нь ирэх жил ямар амжилтад хүрэх гэж байгаа юм, юу бүтээх гэж байгаа юм гэсэн хэмжүүртэй байх ёстой. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд нь ирэх жил би тэдэн эмнэлэг засч, хэдэн эмнэлэг барина гэдгээ хэлж чадахаа байчихаар байна. Учир нь мөнгийг нь орон нутагт өгөөд орон нутаг нь юугаа барихаа өөрсдөө шийд гэсэн болохоор тэр. Ингээд ирэхээр Эрүүл мэндийн сайд Булган аймагт эмнэлэг барих юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэхээ байчихна. Тийм болохоор ийм сайд байгаад хэрэг байна уу гэдэг асуудал гарна. Яахав, холбооны бүтэцтэй улсад ийм зүйл байж болдог. Төсвийг нь ингээд салгаад өгчихөөр 50 жилийн дараа тусгаар улс болно гээд зүтгэдэг юм байгаа биз дээ. Ийм зүйл рүү бид улс орноо түлхэж болохгүй. Тиймээс төсөв хэлэлцэх хугацаа нь Засгийн газрын томилгоотой холбоотой бус, төсөв нь өөрөө дутуу боловсруулагдсантай холбоотойгоор төсвийн хугацаа тулаад байна.

-МАН-ын бүлэг Н.Уд­вал, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэн­дорж сайдад хариуцлага тооц гэх юм. Энэ гурваас бусад сайд нарын ажил сайн байгаа юм уу?

-Ер нь бол олон түмний зүгээс шаардаж байгаа хүмүүс нь энэ хэд байна. Жишээлбэл, манай Булган газар тариалангийн аймаг. Ургац хураалтын үеэр улаанбуудай оруулж ирж байгаад тариаланчид уйлах нь холгүй байна. Гурилын үйлдвэрүүд буудайны нөөцтэй болчихоороо тариаланчдаас буудайг авахаа болиод үнэ унагаах зүйл явдаг. Хариуцсан яам нь тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг оруулаад ирлээ. Хавар буудай хүрэхгүй байгаа үед авч байгаа бол өөр хэрэг. Энэ мэтчилэн хүн тус бүр дээр нь яривал асуудал бий. Гэхдээ нэн тэргүүнд хариуцлага ярих ёстой сайдууд нь энэ хэд гэж ярилцацгаасан юм. Засгийн газрын тэргүүн яаж хариуцлага тооцох вэ гэдгээ өөрөө шийднэ биз.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

ОХУ-ын Санхүү эдийн засгийн дээд сургуульд тэтгэлгээр суралцах сурагчдад батламж гардууллаа

Орос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын дунд есдүгээр сарын 15-нд АХА тэмцээн зохион байгуулжээ. Энэхүү уралдаант цэнгээнт нэвтрүүлэгт Ю.А.Гагарины нэрэмжит “Билгийн Үүдэн” бүрэн дунд сургууль , “Радуга”, 14 болон нэгдүгээр сургуулийн нийт 28 сурагч оролцсон юм. Тэд олж авсан мэдлэг оюун ухаанаа уралдуулсанаас дөрвөн сурагч тунан үлдсэн байна. Тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдэд ОХУ-ын Санхүү эдийн засгийн дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхтэй боллоо. Тэдэнд батламж гардуулах арга хэмжээ Ю.А.Ггарины нэрэмжит “Билгийн Үүдэн” бүрэн дунд сургууль дээр болсон юм. Арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Селезнёв Павел Сергевич, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа зэрэг гадаад, дотоодын олон хүндэт зочид хүрэлцэн ирсэн байлаа. Тэднийг тус сургуулийн сурагчид Монгол, Оросын уламжлалт ёсоор угтан авсан юм. Монгол дээл өмссөн хүү алд цагаан хадаг, цалин цагаан мөнгөн аягатай сүү барин тосов. Түүний дэргэд Орос ардын үндэсний хувьцас өмссөн охин тавган дээр талх барин зогсч байлаа. Хүндэт зочдыг ийн угтсаны дараагаар сурагчид өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоо үзүүллээ. Үүний дараа АХА тэмцээнд тэргүүн байрт шалгарсан сурагчдад ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан юм. Сонирхуулахад, энэ сургууль нь ОХУ-ын ууган сургуулиудын нэг ажээ. Улсынхаа шилдэг арван сургуульд багтдаг. Дэлхийн 36 оронд байрлах салбар сургуулиудад нь 800 гаруй мянган оюутан санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, төрийн удирдлага, нийгэм, улс төр, бизнесийн чиглэлээр суралцдаг байна.

Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Селезнёв Павел Сергевичтэй цөөн хором ярилцлаа.

-Ю.А.Гагарины нэрэмжит “Билгийн Үүдэн” сургуультай хэдийнээс хамтран ажиллах болсон юм бэ?

-Тус сургуультай 2013 оноос эхэлж хамтран ажиллаж эхэлсэн. Монгол Улсаас хамтран ажиллахаар сонгосон анхны ерөнхий боловсролын сургууль гэж ойлгож болно. Ихэнх хичээл нь орос хэл дээр, оросын боловсролыг олгох журмаар явагддаг учраас Ю.А.Гагарины нэрэмжит “Билгийн Үүдэн” сургуулийг сонгосон юм. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд анх удаа Монгол орон даяар орос хэлний онлайн олимпиад зохион байгуулж, түрүүлсэн 25 сурагчийг ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуульд тэтгэлгээр суралцуулахаар болсон. Өнөөдөр Монголд ирсэн зорилго бол АХА тэмцээнд тэргүүн байрт шалгарсан дөрвөн сурагчид тус сургуульд тэтгэлгээр суралцах батламж гардуулсан явдал юм. Тэд 2015, 2016 оны хичээлийн жилээс ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн засгийн дээд сургуульд 4-5 жил үнэ төлбөргүй суралцах боломжтой.

-Танай сургуульд хичнээн монгол оюутан тэтгэлгээр суралцаж байна вэ?

-Манай Санхүү эдийн засгийн сургуулийг дүүргэсэн 100 гаруй монгол оюутан байдаг л даа. Тэдний дунд улс төрийн өндөр албан тушаал хашиж буй нэр хүндтэй хүмүүс ч бий. Харин одоо 30 орчим монгол оюутан суралцаж байгаа. Тэдний 20 нь тэтгэлгээр суралцаж байна. Өмнө жилд гадаадын 100 гаруй хүүхдэд тэтгэлэг олгодог байсан бол өнөө жилээс 300 болгож нэмэгдүүлсэн байгаа.

-Тэтгэлгийн хэмжээг монгол мөнгөөр тооцвол хэдэн төгрөг болох бол?

-Сургалтын төлбөр жилийн 315 мянган рубель. Энэ нь монгол мөнгөөр арав гаруй сая төгрөг болно. Нэг хүүхэд ийм тэтгэлэгт хамрагдана.

-ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүү эдийн зас­гийн дээд сургуульд эртний түүхтэй. Цаашид Монголын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна?

-Жил болгон Монголд бай­даг орос хэлний сургалттай сургуулиудын дунд олимпиад зо­хион байгуулна.Орос хэл, математик гээд мэргэжлийн хичээлүүдээр олимпиад явуулж, түрүүлсэн сурагчдыг сургуулийнхаа тэтгэлгээр суралцуулахыг зорьж байгаа. Бид Монголын Засгийн газар, БШУЯ-тай байнгын харилцаа холбоотой ажилладаг. Өнгөрсөн наймдугаар сард БШУ-ны сайд Л.Гантөмөр манай улсад айлчилсан. Түүний айлчлалын хүрээнд бид тус яамтай илүү гүнзгий хамтарч ажиллахаар болсондоо таатай байна.

Мөн орос хэлний сур­галттай Ю.А.Гагарины нэрэм­жит “Билгийн Үүдэн” бүрэн дунд сургуулийн захирал М.А.Поповтой ярилцлаа.

-Танай сургууль хэдэн онд байгуулагдсан бэ. Сургалтынхаа онцлог давуу талыг сонирхуу­лахгүй юу?

-“Билгийн Үүдэн” бүрэн дунд сургууль нь 2009 онд байгуулагдсан. Суралцагч бүрийг хувь хүн болгон тлвшүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, өрийн орны түүх соёлыг дээлхийн зэрэгцээ бусад орны түүх соёлыг хүндэтгэсэн хуулийн болон эдийн засгийн мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэхийн төлө ажилладаг юм. Бүрэн пунп боловсролын агуулгыг орос, монгол хэл дээр хослуулан эзэмшүүлнэ. Бүх шинжлэх ухааны үндэс болсон математикийн ухааныг гүнзгийрүүлэн судлуулдаг. Эдийн засгийн наад захын мэдлэг олгох хичээлийг нэгдүгээр ангиас нь тоглоом хэлбэрээр зааж, ахлах ангид мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл болгон өргөжүүлдэг байгаа.

-Бүх хичээл орос хэл дээр явагдах уу. Гадаад хэлний сургуулиудад сурдаг хүүхдүүд монгол хэлээ мэддэгүй гэх шүүмж байдаг. Тэгэхээр төрөлх хэлийг яамар программаар сургаж байгааг асуумаар байна л даа?

-Бүх хичээл орос хэл дээр явагдахын зэрэгцээ төрөлх хэлээрээ зөв сайхан ярих, найруулан бичих чадварыг эзэмшүүлэх хөтөлбөртэй. Хоёр дахь хэл болох англи хэлийг II ангиас нь үзэж байгаа. Онолын түвшинг бууруулахгүй, хэрэглээг түлхүү эзэмшүүлэх чиглэл баримталж байна.

-Нэг ангид хичнээн хүүхэд суралцах боломжтой вэ. Одоо танай сургууль хэдэн сурагчтай юм бол?

-Нэг ангид 15-20 хүүхэд сурдаг. Ахлах буюу 10-12 дугаар ангид мэргэжлийн хичээлүүд орно. Мөн энэ ангиас нь их, дээд сургуулийн багш нар элсэлтийн шалгалтад бэлтгэх сургалт хичээлүүд явуулна. Сургуулийн дэргэд өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулж, сурагчдад гэрийн даалгавараа амжиж хийх, ойлгохгүй хичээлээ нөхөх, хоцрогдлоо арилгах, олимпиад, уралдаан тэмцээнд бэлтэх боломжийг олгож байгаа.

-Баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

П.Сүхбаатар: Алтны нөөц нэмэгдэж, эдийн засагт дэмжлэг болж байгаа

Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.

-Монголбанкны алтны нөөц нэмэгдсэн тухай мэдээлэл байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор энэ аравдугаар сарын 15-ны байдлаар 9.5 тонн алтыг манайх худалдан аваад байна. Үүнийг унцид шилжүүлбэл 270 мянган унци болж байгаа. Алтны үнэ сүүлийн хоёр, гурван хоногт харьцангуй өсөх хандлагатай байгаа. Нэг хэсэг жаахан бууж нэг унци нь 1222 ам.доллар болж байсан бол өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 1234 ам.доллар болж байна. Ер нь компани, хувь хүмүүсийн алт тушаалтын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 хувиар өссөн байгаа.

-Шинэ хуульд иргэдээс авах татварын хэмжээг бууруулсан нь алтны нөөц бүрдүүлэлтэд онцгой нөлөө үзүүлжээ?

-Тийм. Шинэ хуулиар татварыг 2.5 хувиар хөнгөлж, роялтиг тэглэсэн. Үүнээс гадна алт олборлогч компани, хувь хүмүүс нь олборлосон алтаа Монголбанк болон Монголбанкнаас эрх авсан арилжааны банкуудад тушааж, экспортлохдоо Монголбанкаар дамжуулна гэж заасан. Энэ бол маш зөв зүйтэй арга хэмжээ болсон гэдэг нь өнөө жилийн байдлаас харагдаж байна.

-Алтны нөөц нэмэгдэж байгаа нь эдийн засагт хэдий хэмжээний бодит дэмжлэг болж байна вэ?

-Одоогийн байдлаар 348 сая ам.долларын нөөц бүрдүүлчихээд байна. 270 мянган унци алт гэдгийг дундажлаад тооцоод үзэхэд ийм дүн гарч байгаа юм. 348 сая ам.доллар гэдэг бол тийм бага тоо биш. Өөрөөр хэлбэл, алтны нөөц нэмэгдэж байгаагаас үүдэн валютын нөөц ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа.

-Тэгвэл үүнээс үүдэн валютын ханш сулрах болов уу?

-Ер нь сүүлийн нэг сард ямар нэгэн байдлаар гадны зээл тусламж орж ирээгүй атал валют харьцангуй тогтвортой байгаа шүү дээ. Энэ байдлыг алттай холбож ойлгож болно.

-Үүнээс илүү буух болов уу?

-Бид одоогийн байгаа бүрдүүлсэн нөөцөө харгалзаж, нөгөө талаас алт тушаах улирал болж байгааг бодолцон энэ жилийн төгсгөл гэхэд 12, 13 тонн алт авчих болов уу гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр 400, 500 сая ам.долларын нөөц бүрдүүлчих болов уу. Мэдээж хагас сая ам.доллар гэдэг эдийн засагт нөлөө үзүүлнэ. Үүн дээр өөр эх үүсвэрүүд орж ирвэл валютын ханш доошлох л байх.

Ер нь бол алт өөрөө чөлөөтэй хөрвөх чадвартай валют учир экспортын өрсөлдөх бараа бүтээгдэхүүн багатай манай улсын хувьд одоогийн байдлаар гадаад валютын нөөц бүрдүүлэх нэг эх үүсвэр нь болж байгаа. Ер нь хөгжингүй том орнууд гадаад валютын нөөцөндөө алтаа хадгалж, хямралтай хэрэгцээтэй үедээ хэрэглэх стратегийн зориулалттай байдаг. Өөрөөр хэлбэл, алт нь үнэ цэнэ хадгалж байдаг стратегийн чухал бүтээгдэхүүн юм.

-13 тонн гэдэг нь өмнөх оныхоос хэдэн тонноор илүү вэ?

-Өмнөх оныхоос хоёр дахин өссөн гэсэн үг. Сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд ганцхан өнгөрсөн жил л долоон тонныг авч байлаа. Харин 2006 онд 15 тонн алт авч байсан юм. Өөрөөр хэлбэл, 2006 оноос хойш гарч буй хамгийн том өөрчлөлт өнөө жил болох болов уу. Одоо он дуустал хоёр сар гаруйн хугацаанд дөрвөн тонныг авчихна гэж төсөөлж байгаа учраас тэр шүү дээ.

-Улсын хэмжээнд хичнээн компани, хувь хүн алт тушаагаад байна вэ?

-Албан ёсны тоогоор олборлосон алтаа тогтвортой өгөөд явдаг 120 гаруй аж ахуй нэгж байдаг. Гэхдээ бидэнд давхардсан тоогоор буюу 9.5 тонн алт өгчихөөд байгаа нь 1516 аж ахуй нэгж, 736 иргэн байна. Өнөө жилийн нэг онцлог нь иргэд маш идэвхтэй ажиллаж байгаа. Өмнө нь ийм байгаагүй. 2013 онд гэхэд ганцхан иргэн өгч байлаа. Ер нь бол энэ оны байдлаар улсын хэмжээнд 67 аж ахуй нэгж алт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоон үзүүлэлт бий.

Иргэдийн хувьд 2006 оноос хойш огт алт өгдөггүй байсан. Энэ нь татвар өндөр байсантай холбоотой л доо. Гэтэл өнөөдөр давхардсан тоогоор 736 гэдэг маш өндөр тоо. Тэднээс яг өгч байгаа нь 160 гаруй хүн байгаа ч гэсэн энэ бол өссөн үзүүлэлт юм. Нэг иргэн сардаа хэдэн ч удаа өгч болно. Ер нь бол иргэд сардаа ихэвчлэн 2-3 удаа, 5-10 кг-аар нь өгдөг. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар бүрдүүлээд байгаа есөн тоннын бараг хоёр тонн нь иргэдийн өгсөн алт байгаа.

-Хуульд өөрчлөлт орохоос өмнө иргэд хэдэн хувийн татвар төлдөг байсан юм бэ?

-10 хувийн татвар төлдөг байлаа. Гэтэл одоо 2.5 хувийг л төлж байна. Ингэхээр компани, иргэдэд маш таатай нөлөө үзүүлж байгаа юм. Саяхан нэг компанийн захирал шинэчилсэн хуулийн дагуу олдож байгаа татварын хөнгөлөлтийн зөрүүгээ ажилчдынхаа цалин дээр нэмж өгч байгаа гэж байсан. Үүнээс үзэхэд шинэ хууль иргэдэд маш их дэм өгч байгаа.

-Оюутолгойн төсөл харьцангуй нааштайгаар яригдаж эхэллээ. Оюутолгойн алтыг дотооддоо авах боломж бий юу?

-Оюутолгой тогтвортой байдлын гэрээтэй. Энэ гэрээ нь одоохондоо дуусаагүй байгаа тул Оюутолгойн алтыг авах эсвэл манайхаар дамжуулах талаар яриа хэлэлцээр хийгээгүй байна. Гэхдээ хэрэв энэ яриа, хэлэлцээр биеллээ олж Оюутолгойн алтыг Монголбанкаар дамжуулж гаргадаг болбол алт, валютын нөөц үлэмж ихэснэ.

-Гэтэл нөгөө талаас хэрэв Оюутолгойн алтыг авбал хүдрээс нь ялгах буюу боловсруулах үйлдвэртэй байх шаардлагатай болно. Гэтэл манайд тийм үйлдвэр барих боломж, нөхцөл хомс байгаа?

-Хэрэв боловсруулах үйлдвэртэй болвол жил бүр тогтмол 30 тонн алт боловсруулдаг байх ёстой. Тэгж байж тухайн үйлдвэр ашгаа, зардлаа нөхдөг. Яагаад гэвэл алт боловсруулахад маш өндөр түвшний техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилчид шаардлагатай. Тиймээс ч боловсруулах үйлдвэрийн тухайд нэг их ярьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тогтмол 20-30 тонн алттай байх ёстой. Түүнээс бус нэг жил 30 тонныг авчихаад дараа жил нь 20 тонн байгаад байвал хэвийн үйл ажиллагаа нь тасалдахад хүрнэ.

-Оюутолгойгоос гадна их хэмжээгээр алт нийлүүлэх боломж бүхий ямар компани байна вэ?

-Саяхан шинэчилсэн Ашигт малтмалын тухай хуулиар ийм боломжийг нээсэн. Гэхдээ үүнээс гадна “Урт нэртэй” хуулийн өөрчлөлт ороод ирвэл “Гацуурт” зэрэг томоохон компаниуд зөвшөөрлөө авах боломжтой. Тэгвэл тэдний олж тогтоосон нэлээд нөөц байгаа. Үүнээс гадна хайгуулаа хийчихсэн, жигдэрч байгаа компаниуд олон бий.

-Хэрэв эдгээр компаниуд алтаа нийлүүлээд эхэлчихвэл манай нөөц 15 тонноос ч илүү гарах юм байна?

-Тэгэлгүй яахав. Бид өгч буй бүх алтыг нөөцөлнө. Улмаар цэвэршүүлж, “9999”-ийн сорьцтой болгоно. Үүнийгээ гадаадад хадгалуулж ч болно, эсвэл бүгдийг валют болгох ч хувилбар бий.

Т.ГЭРЭЛМАА

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хэвээрээ

“Яг хэвээрээ байна шүү”, “Нүд, инээмсэглэл чинь яг л хүүхэд үеийнх шигээ” гэж уулга алдаж мэндэлсэн нэг ангийн “хүүхдүүд” олон. Өнгөрсөн долдугаар сард Увс аймгийн төв Ю.Цэдэнбалын талбайд уулзсан 300 гаруй “хүүхэд” нэгийгээ “яг хэвээрээ” гэж тодотгож байв. Тэд 30 жилийн дараа сурагч ахуй үедээ эргэн очиж, хүүхэд насныхаа дурсамжаар гурав хоног хөглөгдсөн юм. 1974-1984 онд Увс аймагт дунд сургуульд сурч байсан бүх сурагч өнгөрсөн долдугаар сарын 18-19-нд төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор цугласан нь тэр. Нэг ангийн, нэг төгсөлтийн тийм олон сурагч нэг дор цуглана гэдэг сүртэй, сүртэй. Ю.Цэдэнбалынхаа талбайд нижгээд шуугиан өрнүүлж мэнд мэдэлцээд, аймгийн Бөхийн өргөөнд уулзалтынхаа албан ёсны нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд зохион байгуулагчид албаны үгээ хэлж, анги ангийн төлөөлөгчид цугласан олонд мэндчилгээ дэвшүүлж нэг үгээр албан ёсны арга хэмжээ болжээ.

“Нэг аймгийн бүх төгсөгчид уулзаж байгаа нь маш сайн хэрэг. Бүгд цугласных сургуульдаа, аймагтаа хийж бүтээхээ ярьцгаая” гэж санал тавих хүн ч олон байж. Ингэж санал, санаачилга гаргасны үр дүнд 1984 оны төгсөгчид аймагтаа Цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргажээ. Тэр оройгоо “Ойрд” театрт төгсөлтийн цэнгүүнээ хийж, “Мөнгөн харандаа” хамтлаг урилгаар ая дуугаа өргөжээ. Тэр үеийн хүүхэд, залуусын шүтээн байсан “Мөнгөн харандаа” хамтлаг жинхэнэ утгаараа дурсамж сэргээсэн хэрэг. Төгсөгчдийн төлөөлөл ч тайзан дээрээ ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлж дуулж, хуурдан үдшийг өнгөрөөжээ.

Улаангом хотын дөрвөн арван жил, 18 сумын нэг ангийнхныг ингэж цуглуулна гэдэг нүсэр ажил. Тийм нүсэр ажлыг Улаангом хотын II дунд сургуулийг 1984 онд төгссөн 10А ангийнхан санаачилж, хийжээ. Нэг төгсөлтийнхөн нь тэднийг “Гүнзгийгийнхэн” гэх юм билээ. Ангиараа онц сурлагатай, спортлог, санаачилгатайгаараа аймагтай алдартай “Гүнзгийгийнхнийг” энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа.

ТАВАН ОНЦЫН ЭЗЭД

1А ангийнхан тавдугаар ангиасаа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болжээ. Наймдугаар ангид ороход нь сум, сумаас ирсэн онц сурлагатнуудаас шалгалтад тэнцсэн цөөн хэдэн “мундаг”-уудаар бүл нэмсэн гэдэг. “Соц үеийн бүтээгдэхүүнүүд. Дээр нь сум, сумаас ирсэн таван онцын эзэд цуглачихсан болохоор өрсөлдөөнтэй гэж жигтэйхэн. Бүгд сурлагаараа өрсөлдөнө. Таван онцын эзэн л болохгүй бол гүнзгий ангид байгаадаа ичдэг байлаа шүү дээ” гэцгээнэ. “Багш нарын нөлөө хамгийн их байсан шүү. Тэр үед манай сургууль байгуулагдаад удаагүй байсан. Багш нараа өндөр шалгуураар авсан болохоор хичээл ойлгуулна гэж гайхалтай. Шилдэг багшийн бүтээгдэхүүн шилдэг байхгүй бол болохгүй биз дээ” гээд инээлдэцгээх аж.

Таван онцын эзэд улс, аймгийн олимпиадад байнга манлайлна. Энэ тухайгаа ярьцгаахдаа их л бахархалтайгаар “Хоёр удаагийн аварга бил үү”, “Үгүй ээ. Гурван удаагийнх шүү дээ” гэцгээнэ. Физикийн улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медальтнуудаасаа Ч.Гантулга, Н.Буянхишиг, Б.Чулуун-Эрдэнэ гэх мэтээр нэрлэнэ. Ч.Гантулга гэхэд физик, математикийн олимпиадын гурван удаагийн аварга болж байжээ. Химийн олимпиадад Ц.Тулга хэд, хэдэн удаа түрүүлж байсныг бас онцлов. Зөвхөн аймагтаа биш улсдаа сурлагаараа тэргүүлж байсан гүнзгийгийнхэн аравдугаар ангиа төгсөхөд 14 нь таван онцын эзэн болж, нэг нь алтан медалиар шагнуулсан гэдэг. Тэр үед дээд сургуулийн хуваарь цөөн ирдэг байсан үе. 1984 онд Увс аймгийн хэмжээнд гадаадын их, дээд сургуулийн хуваарь 20 гаруй, дотоодынх 50-аад иржээ. Тэгтэл “Гүнзгий” 10А-гийнхан ангиараа эхний 50-д жагсч, 36-уулаа их сургуулийн хуваарь авчээ. Бүр 20 нь Орост сурах эрх авч сурлагаараа тэргүүлэгчид гэдгээ баталжээ.

ГАР БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН

“Гүнзгийгийнхэн” үргэлж хичээл шагайгаад, онцын төлөө өрсөлдөөд байна гэж юу байх билээ. Тэдний ангийнхан сурлагаасаа гадна спортлог, бас нэлээд хөдөлгөөнтэй нөхдүүд. Хөвгүүд нь хичээлийн бус цагаар хөл бөмбөг, гар бөмбөг хөөгөөд гүйцэгдэхгүй. Хичээлийн завсарлагаанаар, заримдаа багшийнхаа нүдийг хариулж байгаад цаасаар гар болон хөлбөмбөг хийж тоглоно. Хичээлээ тарахаар шайб, лааз гээд бөмбөг хийж болох бүхнээр тоглоцгооно. Дүрмээ өөрсдөө зохиогоод хөөрхөн “том” тэмцээн зохион байгуулчихна. “Ингэж спортоор “өвчилсний” дүнд гар бөмбөгөөр аймагтаа шигшээд орж байлаа шүү дээ” гэцгээнэ. Үнэхээр ч тэдний ангийн Болдбаатар, Чулуун-Эрдэнэ, Тулга, Гантулга, Уламбаяр, Хүрэлбаатар нар аймгийн волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлдэг байжээ. Шигшээ багийнхан идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа аваргалж үеийнхэн дундаа мандаж явж. Идэрчүүдээс насанд хүрэгчдийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн гэдэг.

Тэдний ангийнхан одоо ч волейболын хорхойтой хэвээрээ. Үе, үе уулзалдаж хөлсөө гартал тоглоно. Энэ л хоббигоороо арван жилийн өмнө Увс аймагт төгсөгчдийн дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиож байжээ. Уг тэмцээн уламжлал болж 1979 оны төгсөгчдөөс эхлээд 1996 оны төгсөгч хүртэл 15 баг оролцдог болжээ. II дунд сургуулийн биеийн тамирын багш Б.Нааюугийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний арав дахь нь ирэх сарын 22-ны өдөр болох гэнэ лээ.

ХЭВЭЭРЭЭ

Бидний онцолсон ангийнхны олонхи нь өдгөө бизнес эрхэлж байгаа. Яг арван жилдээ онцгойрч байсан шиг өдгөө амьдрал дээр амжилттай яваа бизнесмэн олон. Сургуулиа төгсөөд төрд ажиллах нь ажиллаж, багшлах нь багшилж байгаад зах зээл эхлэх үеэс цөөнгүй хэд нь бизнесээ эхлүүлжээ. Бизнесийн салбаруудын анхдагчдын дунд тэдний ангийнхан олон бий. Монголд анх брокерын пүүс нээгдэх үед Б.Чулуун-Эрдэнэ “Орчил” пүүсээ нээж байжээ. Энэ эрхэм 1995 онд хөрөнгийн зах зээлийн талаар “Ардын эрх” сонинд манай эрхлэгчид ярилцлага өгч байснаа дурссан. Төв хэвлэлд, том сэтгүүлчид тоогдож байсныг бодоход тухайн үедээ яггүй бизнесмэнд тооцогдож байсан нь гарцаагүй. Өдгөө ч түүний бизнес амжилттай яваа.

Олимпиадын гурван удаагийн аварга Ч.Гантулга ОХУ-д физикийн ухааны докторын зэрэг хамгаалаад иржээ. Ангийн багш Д.Ядамцоо шавийнхаа талаар

“Дэлхий сөнөхөд Бат-Отгон Монголоо үлдээнэ

Атом дэлбэрэхэд Гантулга 10А-гаа үлдээнэ” гэж элэглэсэн удаатай. Түүний араас эрдэм шинжилгээний ажил хийж, зэргээ ахиулах гэж байгаа олон хүн бий гэцгээсэн. “Зэрэг, дэвээ хамгаалсных нь дараа нэрлэхгүй бол онгирсон болчихно” гэж нэрэлхэнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү “Гүнзгий А” ангийнх. Барилгын бетон зуурмаг, бетон эдлэл, төмөр хийцүүд зэргийг үйлдвэрлэх 10 гаруй үйлдвэр байгуулсан тэрбээр улс төрийн хувьд НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдын албан тушаал хашиж байсан билээ.

“Гүнзгий” ангиас хоёр хос төрсөн нь Ж.Баатарсүрэн З.Туул болон Э.Бодьгэрэл, Ц.Цэцэгмаа нар. Ж.Баатарсүрэн ханьтайгаа “Намир” компаниа байгуулсанд ангийнх нь цөөнгүй хүүхэд ажилладаг юм билээ.

10А-гаас агрономич, багш, орчуулагч, эмч, хуульч, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэн төрсөн. Тухайлбал, О.Эрдэнэтогтох шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсныг ангийнхан нь ярьсан. Мөн “Батжил” компанийн захирал Э.Бодьгэрэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Төгсжаргал, Сайншанд дахь Гаалийн газрын дарга Ц.Отгонжаргал, “Улаанбаатар менежмент” компанийн Харуулын албаны дарга Н.Уламбаяр, Баруун бүсийн эрдэм шинжилгээний эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Доржсүрэн, ТӨХ-ны хэлтсийн дарга Н.Буянхишиг, Увс аймаг дахь Гаалийн газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, “Аръян интернэшнл” компанийн захирал Д.Дашгомбо гэх мэтчилэн бүгдээрээ эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа тэргүүлж явааг бахархан ярьцгаасан.

Д.Нямхүү, Б.Чулуун-Эрдэнэ нар хамтран ангийнхандаа “Хэвээрээ” дуугаа зориулжээ.

…Дурсан ярихад дүр нь хэвээрээ

Дуудан уулзахад хоч нь хэвээрээ

Дандаа сэтгэлд хүүхэд хэвээрээ

Дахин олдохгүй ангийн андууд

Залуу нас хайрын дуу минь

Зургийн цомогт инээмсэглэн үлджээ

Сарны салхи биднийг элээсэн ч

Сурагч нас минь зүрхэнд хэвээрээ гэдэг гэгэлгэн үгтэй дууг “Элкондор” хамтлагийн Цогоо дуулж, удахгүй олны сонорт хүргэх юм билээ. Тэгэхээр Хэвээрээ дуу “Гүнзгийгийнхний” хийгээд бүх нэг ангийнхны шүтээн дуу болох биз ээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

“Олоод ир” гэсэн юм бүхнийг нүд ирмэхийн зуур өмнө нь тавьчихдаг нэгэн бэрдтэй учирсан хүн түүнээс залхахдаа “Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай олоод ир” гэсэнд өнөөх гайхал бэрд газрын гаваар орсон мэт алга болж, ахиж үзэгдэхээ боль­сон тухай хууч яриа байдаг.

“Нохойн битүү туурай” гэдэг нь ёстой хорвоо дэлхийн хаана ч байхгүй зүйл аж. Харин ногоон хурганы арьс бол манайд байна шүү. Учир юу гэвэл найм дахь жилдээ “Мишээл экспо” төвд нээлтээ хийж байгаа “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэж явахдаа “ногоон” хурганы арьсан хүүхдийн шуба байхыг үзлээ. Тус үзэсгэлэнгээс үзэж харсан бүхэн шинэлэг шийдэл, содон загвартай байв. Үзэсгэлэн худалдаанд ноос ноолуураар урласан цамц өмд, ороолт, малгай, бээлий, арьс ширэн цүнх, гутал, хүрэм, бэлэг дурсгалын зүйлс, бүс тэлээ, бүр хүний санаанд ч оромгүй зүйлийг арьс, үслэг эдлэлээр урла­чих­сан байлаа. Тэдний дун­даас бяцхан охид, нярай хүүх­дэд зориулсан хурганы арь­сан хүрэм, комбинзон зэрэг нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхаарлыг ихэд татаж байгаа бололтой “Улаанбаатар түр” ХХК-ийн лангуу хөл ихтэй харагдана. Хурганы арьсан хүрэм дулаан бөгөөд өнгөний хувьд өргөн сонголттой аж. Улаан, ногоон, шар гээд тухайн хүүхдийн дуртай өнгөөр, эцэг эхийн хүссэн загвараар урлах боломжтойг борлуулалтын менежер хэлж байлаа. Мөн малын гаралтай түүхий эд тэр дундаа арьс, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн тоног төхөө­рөмж өндөр хөгжиж өнгө, чанарыг хүссэнээрээ өөрчлөх боломж­той болсон нь мэдрэгдэж байв.

Манайхан энэхүү үзэсгэлэн худалдааг зорьж ирдэг, жилийн жилд хэзээ нээлтээ хийхийг нь хүлээж байдаг болчихсон нь үзэсгэлэнгийн үеэр анзаарагдаж байлаа. Залуу хосууд, хүүхдээ дагуулсан эцэг эчүүд, гэр бүлээрээ яваа хижээл насны хос гээд тэнд бүхий л насныхан байв. “Дархан минж”, “Дархан нэхий”-н хүрэм, нэхий дээлнүүдийг охид бүсгүйчүүд ихэд шохоорхон өмсөж үзэцгээнэ. “Говь”, “Гоёо”, “Хатан сүлжээ” зэрэг монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулж яваа үндэсний томоохон үйлдвэрлэгч кам­па­ниудын ноолууран хувцаснуудыг өмсөж сонирхох охид хүүхнүүд

“Дугаргий толины өмнө эргэлдсэн

“Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу би” гэх шиг л эр нөхрийнхөө дэргэд дэгжирхэнэ.

“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдаа энэ жил салбарын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны дэмжлэгтэйгээр арьс шир, ноос ноолуурын холбоод хамтан зохион байгуулж буйгаараа онцлог аж. Мөн энэ жил Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож, ололт амжилт арвин байгааг оролцогч, зохион байгуулагчид онцолж байлаа.

Монгол Улсын Засгийн Газраас малын түүхий эд боловсруулах тус салбарт анхаарал хандуулж, тодорхой дэмжлэг үзүүлж буй болохоор тус салбар одоо улам хүчээ авч байгаа аж. Тухайлбал, Ноосны үйлдвэрүүдэд 70 тэрбум, ноолуурын үндэсний үйлдвэрүүдэд 107 тэрбум, Арьс ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатайгаар олгожээ. Үүний үр шим нь “Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдаанаас тодорхой харагдах бөгөөд гадаад харил­цааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр олуулж байгаа аж.

Тус үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 100 гаруй аж ахуй нэгж, хувь хүн оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал таван өдөр үргэлжлэх гэнэ.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Алдармаад долоон жил хорих ял оноолоо

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд боллоо. Эл хурал хоёр удаа хойшлоод байсан юм.

Хэргийг сануулахад өнгөрсөн хавар тус хамтлагийнхан Эрдэнэт хотод тоглолтоор явж байхад Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар муудалцан бие бие рүүгээ буцалсан ус цацсан байдаг. Д.Оюунтуул цээж, хүзүү, хуруундаа ихээхэн хэмжээний түлэгдэлттэй “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүргэгдэн ирсэн бол Ц.Алдармаа “Би бас хохирсон. Д.Оюунтуул эхлээд над руу аягатай халуун ус цацсан” хэмээн ойр дотнынхондоо ярьсан байдаг. Жүжигчин бүсгүйчүүдийн муудалцсан шалтгааныг тухайн үед янз бүрээр тайлбарлаж байсан юм. Г.Ундармаа ажлаасаа түр чөлөө авч, тоглодог дүрүүдээ Д.Оюунтуул руу шилжүүлсэн нь Г.Алдармаад таалагдаагүй. Үүнээс болж муудалцсан гэж таамаглаж байсан билээ. Гэтэл тэдний ойр дотнын нэгэн “Хоёр бүсгүй хувийн асуудлаас болж муудалцсан. Нэг залуугаас болсон юм шиг байна лээ” хэмээн ам алдсан байдаг.

“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Бооёо буюу Б.Ариунболд “Тоглолтын дараа, ажлын бус цагаар ийм юм болсон. Тийм болохоор энэ асуудал манай хамтлагт хамаагүй. Бүсгүйчүүдийг хамтлагаасаа хасах эсэхийг бид хэлэлцэх болно” гэж тухайн үед мэдэгдэж байсан юм.

Д.Оюунтуулын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-наас хойш эмнэлгээр явж байгаа. Тэрнээс хойш ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Одоо ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ц.Алдармаагийн эмчилгээ, хохирлын төлбөр болох нэг сая 750 мянган төгрөгийг бэлнээр авчирсан. Энэхүү хуралд үйлчлүүлэгчийнхээ ялыг хөнгөрүүлэх саналтайгаар оролцоно” гэж ярьсан. Харин Ц.Алдармаагийн өмгөөлөгч “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналтай байна. Эл хүсэлтээ прокурорын байгууллагад удаа дараа тавьсан. Хэргийг хэлэлцэх явцад тэдний маргалдсан шалтгаан болон цөөнгүй хүний нэр хүнд, тэдний хувийн нууцын асуудлыг хэлэлцэх учраас хэргийг хаалттай хэлэлцүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг хаалттай хэлэлцэхээр болсон.

Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Уг зүйл ангид “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ. Харин шүүгдэгч Ц.Алдармааг Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан буюу ураг зулбуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” буруутгаад байсан юм.

Өдрийн 13.30 минутад эхэлсэн шүүх хурал орой 19.15 минутын үед шийдвэрээ гаргаж, Ц.Алдармаад долоон жил хохирох ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оноолоо.

Ц.Алдармаагийн ар гэрийн­хэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “Манай охин ч хохирсон. Шүүх шударга байх ёстой” хэмээцгээсэн бол өмгөөлөгч нь давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ийм нэг эрхэлсэн гишүүн Их хуралд байх юм

УИХ-ын гишүүн М.Зоригт өчигдөр чармай нүцгэн хосуудын эротик зургийг жиргэжээ. Эрхэм гишүүн зүгээр ч жиргээд зогсохгүй “Ретвийт хийхгүй байж чадсангүй, гоё зураг байна. Бас л живүүн мэдрэмж өгөх байх даа” гэж тэр зургандаа тайлбар бичсэн байх юм. Ер нь тэрбээр байсхийгээд л иймэрхүү зураг идэвхийлэн жиргэдгээрээ сошиал ертөнцөд алдартай болжээ. Өмнө нь голын эрэг налан хэвтэж байгаа хувцасгүй шахам эмэгтэйн зургийг олонд тараасан. Мөн “Монгол камасутра” гэж ирээд л загас наадуулж буй байрлал бүхий зураг жиргэсэн нь ч бий. Бас жаахан хүүхдүүдийн “бор шувуу”-гаа гаргасан зургийг цахим сүлжээгээр олон нийтэд түгээсэн. Хэрэв жаалуудын эцэг эх тэр зургийг хараад гомдол мэдүүлбэл яана. Энэ мэт М.Зоригт гишүүний жиргэсэн эрос зургуудыг дурдах юм биш. Тэрбээр хөдөө явж идсэн, ууснаа гайхуулдаг. Нэг хэсэг 50 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна гээд баахан зарласан. Саяхан ээж нь Iphone-6 өглөө гээд л жиргэсэн. Алхам тутам, ахуй амьдралаа ингэж зарладаг нэг гишүүн энэ парламентад байна аа.

М.Зоригт гишүүн сүүлийн үед өрөөндөө суулт зарлалаа гээд л төрийн ажлаас зугтах шиг болж байна. Өөрөө өөртөө чөлөө олгосон байдлаас нь харахад Засгийг эсэргүүцэх биш цахим ертөнцөд жиргэх цаг зав гаргаж буй нь энэ бололтой.Түүний одоо ямар гар утас барьж, өнөөдөр юу идэж, яаж хувцасласныгхүмүүсээс асуувал шууд л зөв хариулна. Харин ямар хуульсанаачлан баталж, улс оронд хэрэгтэй юу хийснийг нь мэдэх хүн тэр болгон байхгүй биз ээ. Ийм хүнийг дэмжиж, УИХ-д гаргасан иргэдийн санал хайран санагдаж байна шүү. Уг нь тэрбээр Монгол Улсын иргэдийг төлөөлөн суугаа төрийн түшээ. Гэтэл улсын ажлыг иймэрхүү байдлаар хийж байна.

Нэг талд нам нь өөд уруугүй ажиллаж, эдийн засгийн хүнд байдлыг хэрхэн даван туулах тухай зүтгээд байдаг. Гэтэл нөгөө талд эрхэм гишүүн “Суулт зарлалаа” гээд намаа өөнтөглөөд суугаад байх нь ёс зүйтэй үйлдэл мөн үү.Нам дамжиж орж ирчихээд хийсэн бүтээсэн юмгүй өдөр хоногийг өнгөрөөж өрөөндөө суулт зарлаж байгаа түүнийг нам нь татаж авч, ёс зүйн хариуцлага хүлээлгэвэл яасан юм бэ.

Өөрийгөө зугаацуулж фэйсбүүк, твиттер хуудсаар аялж, алхам тутмаа тайлагнаж суухаас өөр ажилгүй айлын эрх хүүхэд шиг ийм нэг гишүүн манай парламентад байна.

Б.ЦЭЛМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн дайсан – өндөр түвшний авлига

Улс орны хөгжилд саад болдог хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй “өндөр түвшний авлига” гэдгийг бүгд л мэдэж байгаа. Үүнийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр Сант марал сангаас хагас жил дутамд 4 удаа явуулж, 2014 оны 4 сард дүнгээ танилцуулсан судалгаанаас харж болох юм. Энэхүү судалгааны үр дүнгийн хэсэгт байгаа “дээд түвшний авлигын тухай ойлголт” гэсэн иргэдийн дээд түвшний авлигын талаарх ойлголт мэдлэгийн тандалт төсөөлөл нь анх удаа дээд \”өндөр”\ түвшний авлигын талаарх мэдээллийг илэрхийлсэнбайна. Хэдийгээр иргэдийн төсөөллийн судалгаа гэгдэх боловч “үүнийг дээд буюу өндөр түвшний авлига гэнэ” гэсэн тодорхойлолт, эрх зүйн зохицуулалт байхгүй орчинд хийгдсэн судалгаа гэдгээр нь анхаарч үзэхээс өөр аргагүй юм. Улс төрийн ашиг сонирхол бүхий хэргүүд, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргүүд, дотоодын болон гадаадын томоохон бизнесийн байгууллагууд оролцсон хэргүүд, улс оронд их хэмжээний хохирол учруулж буй хэргүүд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэргүүд, хахуулийн хэмжээ маш өндөр хэргүүдийг иргэд “өндөр түвшний авлига”-ын хэмээн төсөөлжээ.

Ер нь авлиганууц далд явагддагаараа онцлог боловч хэн ч авлига гэж ойлгохооргүй олон үйлдэл авлига байдгийг бид байх ёстой зүйл гэж хэдий хүртэл хүлээн зөвшөөрөх юм бэ? Тухайлбал, баригдаж дуусдаггүй жил бүр төсвөөс нэмэлт хөрөнгө оруулалт хийдэг эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хувьд барьж чадахгүй байгаа компанид боломж олгосон нь өндөр түвшний авлига юм л даа уг нь, түүнийг хэн хийж чадах вэ гэхээр албан тушаалтан тухайн шийдвэрийг гаргагч л хийж чадна. Бидэмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ор гаргуулахын тулд эмчид, цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд багшид өгч буй авлигын тухай ярьж анхаарлыг сарниулахаа түр азнан, улс орны хөгжилд бодит байдлаар саад болж байгаа тэр л үйлдэл тухайлбал, улс төрчид, эрх мэдэлтнүүд хэн нэгэнд боломж олгож, олсон ашгаараа сонгуулийн зардлаа босгодог өндөр түвшний авлигын тухай ярих цаг аль хэдий нь болжээ.

Grand corruption, political corruption, high level corruption гэсэн нэр томъёогоор олон улсад хэрэглэгдэж буй, одоо манайд зөв ч орчуулагдаж амжаагүй “өндөр түвшний авлига”, улс оронд маань жинхэнэ цэцэглэн ургаж үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрээд буйг эс анзааран өнгөрөх эрх бидэнд байхгүй гэж бодох юм. Би энд хэн нэгний мууг үзэж авлигачин болгох тухай яриагүй байна. Тийм авлигыг төрүүлж буй хөрс суурийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай ярьж байгаа юмаа.

Монгол улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг 2003 онд соёрхон баталж хууль гаргасан орон. Конвенцид нэгдэж байна гэдэг нь олон улсын өмнө үүрэг хүлээж, түүний үзэл санаанд нэгдэж байна гэсэн үг шүү дээ. Авлигын улмаас нийгэмд тогтворгүй байдлыг үүсгэхгүйн тулд, ардчилал түүний үнэт зүйлд аюул занал учруулахгүйн тулд, шударга ёс, тогтвортой хөгжил, хууль ёсонд хохирол учруулахгүйн тулд улс орнууд авлигын эсрэг нэгддэг билээ. Конвенцид өндөр түвшний авлига үүсч болох боломжийг хаахын тулд төрийн албан хаагчдын, төрийн чиг үүргийг зөв, эрхэм бөгөөд зохистойгоор биелүүлэх шаардлагыг хангахуйц боловсролын болон сургалтын хөтөлбөрийг нь чухалчлан авч үздэг бөгөөдчиг үүргээ биелүүлэхэдгарч болзошгүй авлигын эрсдлийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн тусгай сургалтаар хангасан байхыг шаарддаг төдийгүй тэдгээр сургалтад тухайн салбарт мөрддөг ёс зүйн дүрэм жишгийг заавал тусгасан байхыг онцлон үздэг байна. Төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгох шалгуурыг тогтоох зорилгоор оролцогч улс бүр Конвенцийн зорилт болон дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн хууль тогтоох түүнчлэн захиргааны арга хэмжээ авах асуудлыг ч мөн авч үздэг билээ. Түүнчлэн төрийн сонгогддог албан тушаалтны нэрийг дэвшүүлэх үйл ажиллагааны санхүүжилт болон холбогдох улс төрийн намын санхүүжилтын ил тод байдлыг хангаж ажиллахыг оролцогч улс бүрт уриалсан байдаг. Монгол улс Конвенцид нэгдсэн улсын хувьд хууль, захиргааны бусад актаар эдгээрийг зохицуулах шаардлагабий болж байна. Энэхүү арга хэмжээ нь өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэнэ.

Мөн төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах, төрийн санхүүг удирдахдаа тогтоосон дүрэм, журмыг мөрдөөгүй тохиолдолд хандах эрх зүйн боломж болон хамгаалалтыг хангах, гомдол гаргах дотоод хяналтын тогтолцоотой байхыг Конвенцээр тодорхойлсон.Монгол улс төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд орон нутагт төсвийн эрхийг багагүй хэмжээгээр шилжүүлсэн өнөө үед орон нутгийн түвшинд дотоодын болон хөндлөнгийн хяналт хамгаас чухал юм. Бид иргэдийн оролцооны тухай их ярьдаг боловч бодитой оролцох боломжийг одоо болтол бүрдүүлж чадаагүй харин хэлбэр талаас нь Засаг даргын үзэмжээр ордог “иргэний танхим”-тай болоод байна. Иргэдийн оролцооны ач холбогдлыг илэрхийлсэн нэг жишээг энд дурдая. Их Британийн Парламентын гишүүдийн зардлын дэлгэрэнгүйг ил тод болгох хүсэлтийг 2004 онд Хэтр Брүүк гэдэг эмэгтэй гаргасан гэдэг. Парламентын Нийтийн танхим тухайн үеийн парламентын гишүүдийн зардлыг тухайн актаас хасах нэмэлт өөрчлөлтөд санал нэгдсэн ч тэрхүү нэмэлт өөрчлөлт батлагдаагүй.Хэтр Брүүкийн гаргасан парламентын гишүүдийн аялалын зардал, цалин зэрэг бусад зардлыг ил тод болгох хүсэлт няцаагджээ. Гэвч тэрээр давж заалдсаны дүнд 2009 онд олон нийт парламентийн гишүүдийн гаргасан зардлыг үзэж танилцах боломжтой болсон. Ингэснээр улсын мөнгө хэрхэн хувийн зардалд зарцуулагдаж, авлига бий болж байгааг ил тод болгож, парламентын Нийтийн танхимын 6 гишүүн огцорч, мөн танхимын 4 гишүүн,Лордын танхимын 2 гишүүн ял шийтгүүлжээ.

Өндөр түвшний авлига нь төрийн өндөр албан тушаалтны хууль бус үйлдэл, мөнгө угаах зэрэг эдийн засгийн гэмт хэрэгтэй салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн өндөр түвшний авлигын гэмт хэрэг нь улсын төсвийг бүрдүүлэхүйц их хэмжээний хөрөнгийг үгүй болгож үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжилд саад болдог.Тиймээс өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал байна. Өндөр түвшний авлигын хэргийг мөрдөн шалгахад төрийн өндөр албан тушаалтнуудын халдашгүй байдлын эрх зүйн зохицуулалт саад болж байгааг өөрчлөх шаардлагатай байна.

Эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эдийн засаг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой байгааг анхаарч урьдчилан сэргийлэх зохистой тогтолцоог бий болгох нь зүйтэй. Ийм шинэчлэлийг хийхэд улс төрчдийн хүсэл сонирхол дутагдаж байна. Өнгөрсөн жил “Монгол улсад шударга ёсны үндэсний тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийн төслийг холбогдох байгууллагууд боловсруулж, төсөл санаачлагч Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн боловч харамсалтай нь өдий хүртэл хэлэлцэгдэхгүй орхигдсоор байна.

Гүн ухаантан, сэтгэгч Аристотель “Үндсэн хуулийн гурван хэлбэр байдаг чтүүнтэй ижил тооны завхрал, эсвэл тэдгээр гурван хэлбэрийг дагасан авлига байдаг … Хаант ёсны завхрал юмуу авлига нь бурангуй дэглэм юм. Хаант ёс болон бурангуй дэглэм аль аль нь ганц хүний шийдвэрээр хэрэгждэг. Гэхдээ бурангуйлагч нь өөрийн давуу талаас суралцсаар байдаг … Хаан өөрийн байр суурьнаас аливаад ханддаг” хэмээн тэмдэглэжээ. Аристотель авлигын хэлбэрээр бурангуйлах ёс бол хаант засаглал юм хэмээн тодорхойлохдоо авлига гэсэн ойлголтыг албан хаагчид бодлого боловсруулахдаа харилцан адилгүй, ялгаатайгаар шийдвэрлэж далд байдлаар хээл хахууль авахыг зарчмын хувьд гаргасан болов уу?(Сурвалж: “Political corruption – Concepts & Contexts” third edition. 2002. Arnold J. Heidenheimer et al.) Өндөр түвшний авлигын түгээмэл хэлбэрийн нэг нь шийдвэр гаргагч этгээдөөрт ашигтай шийдвэр гаргаж түүнийхээ “үр шим”-ийг байнга хүртэж байдагүйлдэл юм. Иймд шийдвэр гаргах процессыг ил тод, нээлттэй болгох нь өндөр түвшний авлигаас урьдчилан сэргийлэх суурь болно.

Эцэст нь тэмдэглэхэд “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”-ны дүн, өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан “өндөр түвшний авлига” хэмээх ойлголт, түүнд хүлээлгэх хариуцлагыг эрх зүйн хүрээнд тодорхойлон холбогдох хууль тогтоомжид шинээр тусгаж, Монгол улс НҮБ-ын Конвенцээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь хойшлуулшгүй шийдэх асуудал болж байна.

Хуульч, судлаач В.УДВАЛ