Categories
мэдээ цаг-үе

Шинжаан Уйгарт гурван Бороотой дүйцэхүйц нөөцтэй алтны орд нээгджээ

-ЭНЭ ОРДЫН ХАМААРДАГ АЛТНЫ ХҮДЭРЖИЛТИЙН БҮС МАНАЙ УЛСЫГ Ч ДАЙРДАГ-

Хятадын хамгийн том бүсэд тооцогдох Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэрээс 6.46 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алтны томоохон орд илрүүлсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм. Энэ бүсэд урьд хожид илрүүлж байгаагүй томоохон нөөц илэрсэн гэсэн үгийг албаны хүмүүс онцолдог. Ордоос доод тал нь 127 тонн алт гаргаж авах боломжтой гэх таамаг байна. Нийт баялгийнх нь нөөц энэ хэмжээний гэх мэдээ ч бий. Гэхдээ эдийн засгийн үр ашигтай нөөц нь төчнөөн тонн гэсэн барим тавим мэдээлэл хомс байна.

Ордын байршил нь яг тэнд гэсэн тодорхой газрын нэргүй. Киргизстан улстай залгаа орших Шинжааны Укар хошуу хавьцаа гэсэн мэдээлэл цацагдсан. Хятадын Геологи, эрдэс баялгийн эрэл хайгуул, хөгжлийн бүс нутгийн товчооноос ингэж мэдээлжээ. Тус ордын нийт нөөц 200 тонн давна гэж хайгуулын багийн дарга Цуй Хунбин онцолсон байна. Хятадын Геологи, эрдэс баялгийн хайгуулын хөгжлийн бүс нутгийн товчоо дээрх бүсэд 20 жил эрэл хайгуулын ажил явуулаад байгаа аж. Тэнд ажилласан геологичид 20 ам дөрвөлжин километр талбайд алтны ордтой 20 бүс газрыг илрүүлсэн байна. Тус товчоо өнгөрсөн онд 50 ба түүнээс дээш тонн нөөц бүхий хоёр орд илрүүлчихээд байгаа гэнэ. Синьюань, Хөзин зэрэг хошуунаас эдгээр ордыг илрүүлжээ. Судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийсэн учраас Шинжаан Уйгарт нээсэн ордын талаар ерөнхий мэдээллийг л хийжээ. Барууны хөрөнгө оруулалттай компаниуд Хятадад нээсэн ордынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг бол Хятадын төрийн өмчийн компаниуд илрүүлсэн ордынхоо байршил, нөөц гэх мэт нарийн ширийн зүйлийн талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байна. Ордын судалгааг Хятадын төрийн өмчийн компани хийжээ. Уйгарын засаг захиргааны төв Үрэмчээс албаны товч мэдээ гаргасан аж. Энэ товч мэдээнд үндэслэсэн мэдээллүүдийг л олон улсын хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд цацаад байгаа юм.

Дашрамд дурдахад Хятадын төрийн өмчит компаниуд тус улсад ажилладаг барууны ихэнх компанийн хувьцааг худалдан авч, гадны хөрөнгө оруулагчдын дийлэнхийг нь улсаасаа гаргасан гэх мэдээлэл бий. Энэ утгаараа Хятадын нутаг дэвсгэрт нээгдэж буй алтны ордуудын талаарх нарийн, тодорхой мэдээлэл жил ирэх бүр хумигдсаар байгаа гэдэг.

Ямартай ч Шинжаан Уйгараас манайхаар бол гурван Бороог нийлүүлсэн хэмжээний нөөц бүхий алтны орд нээгдсэн бололтой. Орд нээгдсэн хавийг багцаалдвал манайхтай холбогдох нэг сэжим бий гэнэ. Тэр хавьцаа алтны хүдэржилтийн бүс дайрч өнгөрдөг аж. Шинжаан Уйгарын алтны ордоос мянгаад километр наашлуулж төсөөлбөл Говь-Алтай аймгийн урд сум, Баянхонгор аймгийн баруун урд бөгөөд урд зүгийн нутаг тэр бүсэд хамаардаг байна. Төмөртэйн нуруугаар энэ бүсийн үргэлжлэл орж ирж байгаа бололтой. Тэнд Хатан суудал, Талын бэлчир гэсэн ордууд байдаг гэнэ. Говийн их дархан газар бөгөөд улсын хилийн бүсэд ордог гэх шалтгаанаар судалгаа огт хийгдээгүй газар юм байна. Ер нь манай баруун бүсийн геологи судалгааны түвшин доогуур, огт судлагдаагүй гэж хэлж болохоор гэж геологичид ярьдаг. Хэрвээ сайн судалж чадвал тэр хавьд алтны томоохон нөөц илрэх магадлал өндөр бололтой.

Манайд хойд Хэнтийн алтны бүс гэж байдаг. Энэ бүсэд Бороо, Гачуурт, Улаан булаг зэрэг хайгуул хийгдсэн ордууд оршдог. “Сентерра гоулд”-ын Алтан цагаан овоо гэж 27 тонн алт бүртгүүлсэн орд бий.

Сүүлийн үед хөрөнгө оруулалт татах өндөр боломжтой орд гэвэл Баянхонгорын “Алтан нар” байна. Нөөцөөрөө Оюу толгойн дараа яригдаж байгаа “Алтан нар” орд 4669 га газрыг эзлэн оршдог. Канад, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Канадын “Эрдэнэ ресурс” компани Баянхонгор аймагт алт болон полиметаллын “Алтан нар” ордыг нээсэн юм. Төсөл хэрэгжүүлэгчид “Алтан нар”-ыг Төв Азийн Тянь Шан алтны бүсийн үргэлжлэл болов уу гэсэн таамаг хэлдэг. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан хайгуулын үр дүнд энэ ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүнээс авсан нэг тонн хүдэр тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл бийг тогтоож байв. Үүнээс гадна долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзээд буй. Энэ хэсгээс гадна “Union South”, “Discovery Zone”, “Riverside”, “Maggie” зэрэг хэд хэдэн хэсэгт эрдэсжсэн судал бийг тогтоочихсон. Төсөл хэрэгжүүлэгчид нэмэлт хайгуул хийх шаардлагатай гэдэг. Энэ ордод ажиллаж буй “Эрдэнэ Монгол” компани өмнө нь Зуунмодын ордоос 211 мянган тонн молибден, 258.5 мянган тонн зэсийн нөөц илрүүлсэн юм. Дараахан нь уг ордын ойролцоо Хувын хар хэмээх газарт зэсийн хайгуул хийж, өрөм тавих үедээ Зуунмодын ордоос баруун тийш 40 км зайд “Алтан нар” хэмээх газарт алт, мөнгө, ховор металлын орд байгааг илрүүлсэн гэдэг. “Эрдэнэ ресурс” компанийн судалгааны дүнд 4.5 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 2.4 грамм алт, 19 грамм мөнгө бий гэсэн тооцоо гараад буй. Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоо. Тус компани өрөмдлөгийн ажлаа ирэх онд дуусгаж ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа. Сүүлийн үеийн мэдээ гэвэл “Алтан нар” ордод ойролцоогоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алт, полиметаллын нөөцтэй байж магадгүй гэсэн тооцоо гараад байна. “Эрдэнэресурс” компаниас өгсөн мэдээллээр урьдчилсан хайгуулын дүнгээр 30-45 тонн алтны таамаг нөөц Алтан нар ордоос илэрчээ. Оюу толгойн ордоос хойш ийм хэмжээний нөөцтэй томоохон хэмжээний орд илрүүлээгүй гэж төсөл хэрэгжүүлэгчид нь онцолж байна.

“Эрдэнэ ресурс” компанийн ерөнхийлөгч Петр Акерлей “Хэд хэдэн талаас нь харахад энэ төсөлд хөрөнгө оруулахад тохиромжтой үе ирж байна. Дэлхий даяар уул уурхайн компаниудын хувьцаа түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа. Ийм том боломж гарч ирсэн учраас цаг алдалгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд уул уурхайн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл төрж байна. Алтан нар төслийг хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц уурхай болгох боломжтой. Ямар нэг асуудал гарахгүй, бүх хөрөнгө оруулалтаа үйлдвэрлэлд ашиглаж чадвал хоёр жилийн дараа гэхэд бид уурхайг байгуулж ашигт малтмал олборлох боломжтой. Мөн үүнээс хоёр жилийн дараа гэхэд үйлдвэр байгуулж ашигт малтмалаа боловсруулах боломж бий. Ийм хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд 60-120 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг” хэмээн ярьсан байдаг.

Сар гаруйн өмнө Эрдэнэ ресурс компани заримыг “Алтан нар” ордоос алт, мөнгө, өнгөт металл нэмж илэрлээ гэсэн мэдээллийг өгч байсан бол аравдугаар сарын эхээр 1.6 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас босгож “Алтан нар” төсөлд зарцуулна гэж мэдээлсэн юм.

Ц.БААСАНСҮРЭН

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ цаг-үе

Хэвтэрт орсон М.Тулгыг эмнэлгээс хорих анги руу “ачлаа”

-“ХОЁР ХӨЛ НЬ МЭДЭЭГҮЙ БОЛСОН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЭМЧ НЬ ХУДЛАА БААШИЛЖ БАЙНА ГЭЖ ДАРАМТАЛСАН”-

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа. Энэ сарын 29-ний орой Л.Гансүхийг батлан даалтад гаргасан. Тэгвэл түүнтэй хамт шалгагдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг өчигдөр эмнэлгээс хорих 461 дүгээр анги руу ачив. Түүнийг батлан даалтад гаргахгүй гэх шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа юм.

Өчигдөр 12:00 цагийн үед хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгээс М.Тулга тэргэнцэртэй гарч ирээд цагдан хорих ангийн машинд ааваараа үүрүүлэн суусан юм. М.Тулгын хоёр хөл мэдээ алдаж гишгэж чадахгүй, хэвтрийн байдалд оржээ. Биеийн байдал нь тааруу явж чадахгүй байгааг үл харгалзан шүүх дахин нэг сараар цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Ааваараа үүрүүлж шатаар буугаад тэргэнцэртэй гарч ирсэн М.Тулга ээждээ хандан “Бие өвдөхгүй зүгээр байсан бол шүүх хурал болтол хоригдсон ч чадна. Ингэж бусдын эрхшээлд орж явж чадахгүй болох гэж” хэмээн уйлах ажээ. М.Тулгын биеийн байдал тааруу, хэвтрийн байдалд байхад ямар учраас цагдан хорих хугацааг сунгасан, түүний биеийн байдал ямар байгаа талаар түүний ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа.

-М.Тулга нар цагдан хоригдоод хэд хонож байна даа. Биеийн байдал нь ямар байна вэ?

-Миний хүү цагдан хорих төвд саатуулагдаад 90 гаруй хонолоо. Биеийн байдал маш хүнд байна. Энэ байдлаараа хоригдоод байвал насан туршдаа суумгай болох, цаашлаад амиа алдах аюул өндөр байна. Одоо өөрөө босоод явж чадахгүй, бие засч чадахгүй хүний гарт орчихсон. Ийм хүнийг дахиад сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргачихлаа. Цагдан хорих төвд очоод яаж байхыг хэлэхэд хүнд байна. Одоо хүний гарт байгаа хүн хорих ангид очоод хоол ундаа яаж идэх, яаж бие засах вэ гээд маш хүнд байна. Орноосоо босч чадахгүй болоод олон хонож байгаа шүү дээ.

-Ямар учраас хоёр хөл нь мэдээгүй болчихсон юм бэ. Хэвтрийн байдалд орсон хүнийг шүүх ямар үндэслэлээр үргэлжлүүлэн хорих шийд гаргах болов?

-Тулга маань 2010 онд гэмтэл авсны улмаас нуруу, нугасны эмчилгээг тогтмол хийлгэж ирсэн юм. Эмч нар мэс засалд орох шаардлагатай гэж оношилж байсан. Тухайн үед эмчилгээ хийлгэж байгаад мөнгөний бололцоотой болохоороо гадаадад эмчилгээ хийлгэх гэж байсан. Гадаадын нурууны мэс заслын эмнэлгүүдэд нурууныхаа зургийг явуулсан.

Сагс тоглож байгаад нуруугаа эвгүй болгож эмчид анх хандаж нурууны дөрөв тавдугаар үений диск мултарсан байсныг мэдсэн. Тэгээд нуруу дагасан мэдрэлийн хэд хэдэн судас дарагдаад хөл нь мэдээ алддаг болсон. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдахаас өмнө хөл нь гэнэт мэдээгүй болчихоод байдаг болсон. Гэрээсээ хэн нэгнийг дуудаж машинаа бариулаад гэртээ харьдаг болчихсон юм. Ингэж байтал Хойд Солонгосын их сайн барьдаг эмчээр хэд хэдэн удаа бариулаад биеийн байдал дээрдэж зовиур багассан. Гэтэл өнгөрсөн долдугаар сарын 29-нд АТГ-аас саатуулсан. Цагдан хорих төвд хоригдоод хэд хонож байхдаа өмгөөлөгчтэйгөө уулзалтын өрөөнд уулзаад өрөө рүүгээ явж байтал ШШГЕГ-ын ажилтан “Муухай хараад байна уу” гээд нуруунд нь өшиглөсөн байсан. Үүнээс болоод нуруу нь тэсэхийн аргагүй өвдөж эхэлсэн гэсэн. Цагдан хорих төвийн эмч нар эхлээд “Баашилж байна” гээд огт тоохгүй байсан юм билээ. Үнэхээр биеийн байдал нь эвгүй болоод байхаар нь эмнэлэгтээ хэвтүүлсэн байсан. Цагдан хорих төвийн эмч нар эмчилгээ хийсэн боловч биеийн байдал нь сайжрахгүй, бүр дордож хэвтэрт орсон юм. Есдүгээр сарын 28-наас эхлэн явж чадахгүй болоод байнгын хэвтэрт орсон. Өмгөөлөгч уулзахаар очиход уулзалтын өрөө рүү босч очиж чадахгүй болчихсон. Цагдан хорих төвийн эмч нар нурууны нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх дүгнэлтийг гаргасан. АТГ-аас сая хэвтэн эмчлүүлж байсан эмнэлэгт оношилгоо хийлгэж эмчлүүлэн хэвтэх шийд гаргасан байсан. Ингээд хоногийн 100 мянган төгрөгийн үнэтэй эмнэлэгт энэ сарын 13-наас эхлэн хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ нийт таван сая гаруй төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Маш хүчтэй, өндөр тунгаар найруулсан эм, тариа хийлгэж, булчин суллах гээд олон төрлийн эмчилгээ хийсэн. Гэхдээ тэр эмнэлэгт нурууны нарийн мэргэжлийн эмч огт байхгүй юм билээ. III эмнэлгээс эмч авчирч үзүүлсэн байсан. Бид ч хүүхдээ хөл дээр нь босгохын тулд цалингийн зээл авч эмчилгээний бүх зардлыг төлсөн. Гэтэл эмнэлгийн томоохон албан тушаалтан, олны танил эмч манай хүүг дарамталж эхэлсэн. “П.. минь битгий маяглаад бай. Чи эрүүл саруул байгаа биз дээ. Худлаа баашилж эмнэлэгт хэвтээд. Зүгээр босоод яв. Эмнэлгийн нэр хүнд унагаад ” гэх мэтээр янз бүрийн үгээр доромжилж харьцах болсон. Бид өмнө нь хэвтээд гарсан эмнэлгээр үзүүлж оношилгоо хийлгэсэн. Бас нарийн мэргэжлийн улсын болон хувийн хоёр эмнэлэг байдаг гэдгийг мэднэ. Тэгээд АТГ-т нурууны нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлж нарийн оношилгоо хийлгэх хүсэлт гаргасан. Гэвч хүлээж аваагүй. Тухайн эмнэлэг АТГ-тай ямар холбоотой гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд шүүх хурал болж хугацааг нь сунгахын өмнөхөн олны танил эмч биднээс таван сая гаруй төгрөг авч маш олон төрлийн эмчилгээ хийж, нурууны яг нарийн мэргэжлийн өвчний оношилгоо гаргаагүй мөртлөө “Эрүүл байна. Худлаа баашилж байна” гэх дүгнэлт гаргачихсан. Ямар учраас тэгэх болсныг мэдэхгүй байна. Шүүгч эмчийн гаргасан дүгнэлтээр дахин сар хорих шийдвэр гаргачихлаа. Үүнд маш их гомдолтой байна.

-Та бүхэн эмч болон шүүгч нарт өмнө эмнэлэгт үзүүлж байсан оношилгоог үзүүлсэн үү?

-2010 оноос хойш нуруугаа эмчлүүлж үзүүлж байсан бүх шинжилгээ, зураг, оношилгоог үзүүлсэн. Эрүүл саруул биетэй хүн ингэж удаан хугацаанд баашилна гэж байхгүй. Тэсэхийн аргагүй өвдөөд л хоёр хөл нь мэдээ алдчихаад байна. Зүрхний эмч нурууны нарийн мэргэжлийн эмгэгийн дүгнэлт гаргасан. Эмчлэгч эмч нь дарамталж нурууны нарийн мэргэжлийн эмчид үзүүлж чадалгүй эргээд шорон руу ачигдлаа. Одоо хаана хэнд хандахаа үнэхээр мэдэхгүй байна. Хоригдохоос өмнө “Бумрунгранд” эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу гарч Тайландад очиж яаралтай мэс засал хийлгэх хариу ирсэн. Дөрөв, тавдугаар үений мэдрэлийн судас дарагдсан хэсгийг чөлөөлөх дурангийн хагалгаа маш яаралтай хийлгэх шаардлагатай гэсэн байна лээ.

“ХЭРГИЙН БОДИТ БАЙДЛЫГ ТОГТООХОД СААД УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ” ГЭЭД Л М.ТУЛГЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГААГҮЙ

Өмгөөлөгч Ц.Баасандорж М.Тулгын биеийн байдлын талаар болон ямар учраас шүүх батлан даалтад гаргахгүй байгаа талаар ийн ярив.

-Та М.Тулгын эрхийг зөрчиж байна гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Эрүүл мэндээ хамгаалуулах эрх хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Үндсэн хуулинд заасан эрхээ М.Тулга эдэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл АТГ Хүний эрхийн үндсэн хуулийг давсан эрх мэдэлтэй болчихсон байна. АТГ нь сэжигтэн хаана эмчилгээ хийлгэхийг зааж, зөвшөөрөл өгч байна. М.Тулгын хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн хувьд нурууны нарийн мэргэжлийн эмч байхгүй. Бүр зүрхний эмч эмчилгээ хийсэн. Бид нурууны нарийн мэргэжлийн эмнэлэгт очиж оношилгоо хийлгэж хэвтэх хүсэлт тавихаар хүлээж авахгүй байсаар өдий хүрч байна. Хүний эрхийг АТГ ноцтой зөрчиж байгаа юм. Үүнээс болоод хөл нь мэдээгүй болчихсон Тулга гэх залуу хорих анги руу ачигдаж байна.

-Шүүхээс батлан даалтад гаргах хүсэлт удаа дараа тавьсан биз дээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг болох Л.Гансүхийг батлан даалтад гаргасан мөртлөө биеийн байдал тааруу байгаа М.Тулгыг ямар учраас гаргахгүй байгаа юм бол?

-“Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн хүмүүст холбогдох хэргийг шалгаж байгаа АТГ-ын 12 мөрдөн байцаагч энэ хэрэг дээр ажиллаж байна. Хэргийг хоёр прокурор хянаж байна. Хууль сахиулан биелүүлэх хоёр газар хэргийг шалгаж байна. АТГ-ын 12 мөрдөн байцаагч нар шүүх бүрэлдэхүүнд М.Тулгыг батлан даалтад гаргах гэхээр эсэргүүцдэг. Тэд бие нь өвчтэй байгаа залуу “Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр батлан даалтад гаргахаас татгалзаад байгаа юм. Хэнийг бол хэнийг дуудаж байцаадаг төрийн нүсэр том хоёр газар ганцхан хүнээс болоод хэргийн бодит байдлыг тогтоож чадахгүй болно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм л үндэслэлээр М.Тулгыг батлан даалтад гаргахгүй байна. Энэ нь АТГ-ын мөрдөн байцаагч нарыг ямар ур чадвартай вэ гэдгийг нотолж байгаа юм. Бусад орнууд хүнийг цагдан хорихдоо ямар нэгэн үндэслэлийн дагуу хорьдог. Гэтэл манай орны хууль бусдад аюул учруулж болзошгүй, оргон зайлж болзошгүй, хэргийг илрүүлэхэд саад учруулж болзошгүй гэж цагдан хорьдог. Болзошгүй гэх үгээр л хүнийг цагдан хорьж саатуулж байна шүү дээ гэв.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Ж.Оюундэлгэр: Өвөө маань уртын дууг авч үлдэхийн төлөө тэнгэрээс бууж ирсэн хүн

Ж.Дорждагва, Д.Мажаа нар охин Д.Алтангэрэлийнхээ гэр бүлийнхэнтэй. 1983 он

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эрэгтэй уртын дууч Ж.Дорждагва агсны зээ охин Ж.Оюундэлгэртэй ярилцлаа.

-Та өвөөгийнхөө талаар гэгээн сайхан дурсамжаар яриагаа эхлэхгүй юу?

-Бид амралтын өдрөөр өвөө, эмээгийндээ очдог жаахан охидууд байлаа. Бага насанд дурсамж болон үлдсэн зүйл бол өвөөгөө мундаг уртын дууч гэхээсээ илүүтэйгээр маш нямбай хүмүүс байсныг илүү тод санадаг юм. Өвөө, эмээ хоёрын хийж байгаа үйлдэл бүр нь гайхалтай нямбай байдаг байлаа. Тэдний хийсэн буузны гурил, мах нь яг тэнцүү хэмжээтэй. Элдсэн ч, чихсэн ч яг л нэгэн жигд банш, бууз хийнэ.

Түүнээс гадна өвөө маань төмөр, модоор юм хийдэг их гарын дүйтэй хүн байсан юм. Хувцасны шүүгээний бариул унахад хүртэл түүнийг төмрөөр бөгжлөөд хачин гоё бариул хийгээд тавьчихна. Тэр ч бүү хэл хутга ирлэдэг точил дундуураа хагарчихаар тойруулаад төмрөөр бүрчихнэ. Яг л үзэсгэлэнд тавих гэж байгаа юм шиг гоёмсог болгоно гээч.

Өвөөгийн хувцас хунар, гутал хэзээ ч тоостой байдаггүй байсныг санадаг юм.

Хүүхэд байхдаа өвөө, эмээгээ аливаад нямбай байхыг хараад зөвхөн цэвэр цэмцгэр гэдгээр төсөөлдөг байлаа. Хожим том болсон хойноо нямбай байна гэдэг бүх зүйлд өөрийн зүрх сэтгэлээ зориулахын нэр гэдгийг мэдсэн юм. Яг энэ чанараа урлаг, уран бүтээлдээ тусгадаг байсан хүн дээ, бидний өвөө. Тиймээс ч дуулж байгаа дуу нь тийм өндөр түвшний төгс байдаг байсан болов уу.

-Та өвөөдөө хэр эрхэлдэг зээ байв?

-Өвөө биднийг их эрхлүүлдэг байсан. Хэрэглэхээ больчихсон шүдний сойзны ишийг хайлуулаад бидэнд бөгж хийж өгнө. Бид чинь өнгө өнгийн их гоё бөгжтэй л охид явна даа. Ингээд хүүхдүүдэд гайхуулж явтал өнөөхөө тэр дор нь л хугалж орхино. Тэгэхэд өвөө хооронд нь наахын оронд дахиад л хайлуулаад, хэлбэрт оруулж шинэ бөгж хийж өгнө.

Би эмээгээ дагаад усанд явна аа. Хүүхэд л болсон хойно сав нэхнэ. Тэгэхэд өвөө маань чанамалын шилний гадуур бүслүүр, амсрыг нь дагуулаад сэнж хийгээд өгнө. Бүр хоёр, гурваар нь хийгээд өгнө. Би заримыг нь барьж яваад хагалчихна. Өвөөгийнхөө өдөржин сууж байж хийж өгсөн гоё савыг нь хагалчихсандаа гэмшсээр очиход “Өө” гээд л дахиад хийгээд өгнө. Хүүхдэд ийм л хайртай, зөв эрхлүүлдэг хүн байсан юм даа.

-Ж.Дорждагва агсан уртын дууг дөрвөн өөр аялгуугаар дуулдаг байсан гэдэг. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Манай өвөө ямар ч уртын дууг дөрвөн янзын аялгуугаар мэддэг хүн байсан. Дээр үед уртын дуу нь тухайн үүссэн юм уу эсвэл уламжилж ирсэн газраасаа хамаарч газар нутгийнхаа онцлогийг харуулсан өөр өөр аялгуутай байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, баруун, зүүн, халх, шавь гэсэн дөрвөн аялгууг өвөө бүгдийг нь мэддэг. Тэгээд нэг дууг дуулахдаа энэ хэсэгт нь шавь аялгуу, хоёр дахь хэсэгт нь зүүн аймгийн аялгуу, дараагийн хэсэгт баруун аймгийнх тохиромжтой юм байна гэх мэтээр гоё дуугардаг хэсгүүдийг нь нийлүүлээд дуулчихдаг байсан байгаа юм. Үүнийг Төрийн шагналт Н.Жанцанноров гуай “Ж.Дорждагва гуай шиг дуулах хүн одоо дахин гарахгүй. Яагаад гэвэл тэр хүн нэг дууг гэхэд дөрвөн янзын аялгуугаар буюу өөрийнхөөрөө дуулсан. Тиймээс дараа дараагийн, ялангуяа одоогийн дуучдын чадал үүнд хүрэхгүй л болов уу” хэмээсэн байдаг. Ийм л онцлогтой хүн байлаа, миний өвөө.

-Таны өвөө уртын дууны дэг жаягийг хэд хэдэн хүнээр заалгаж байсан тухайгаа дурссан байдаг юм билээ?

-Өвөө Бөмбөгөр ногоон театр байгуулагдахад дуучнаар орж байсан гэдэг. Ингэхэд мэдээж нутаг нутгийн хүмүүс нэг дор ажиллаж таарна аа даа. Тэгэхэд өвөөгийн багш Дугаржав гэдэг хүн дууны тэмцээн зохион байгуулаад хамгийн сайн дуулсан хүнд нь шавь оруулсан байдаг.

Өвөө урлагийн замд орохдоо дөрвөн багшийн шавь байсан гэдэг. Багадаа анх сурсан аялгуу нь халх буюу боржигон аялгуу. Ийм аялгуугаар театртаа дуулдаг байсан гэсэн. Харин хоёр дахь багш буюу Чавганц багш нь төв халх буюу шавь аялгуугаар дуулдаг хүн байжээ. Тэр хүн ноёны хатан байсан гэдэг. Ноён нь ч хөгжим их гоё дардаг хүн байж. Тэднийг Богд хан ноёдын найрандаа авчирч дуулуулдаг байсан гэнэ лээ. Тиймээс ч шавь аялгуу гэдэг нь Богдын шавь нарын дуулах хэв маягийг тусгасан аялгуу л даа. Учир нь Богд гэдэг хаан хүн учир хамгийн сайн хүмүүсийг дэргэдээ дуулуулдаг, тэр хэрээрээ аялгуу нь хоолойн цар хүрээ илүү шаардсан байдаг гэдэг. Өвөө Чавганц багшаараа гурван жил дууны урлаг заалгасны дараа багш нь “Чавганцын бор авдар хоосорлоо. Чи одоо өөр хүнээс дуу сур. Миний дуунуудыг сурах хүн гарахгүй нь гэж би боддог байлаа. Гэтэл чи бүгдийг нь сурлаа. Би баярлаж байна” гэсэн гэдэг.

Үүний дараа өвөө баруун аймгийн хамгийн сайн дуучин гэгддэг н.Гэлэг, н.Товрон зэрэг хүмүүстэй хоёр, гурван жилээр хамт амьдарч, тогоог нь барьж, уртын дууг сурчээ. Бүр нэг багш нь өвөөгийн төлөө нийслэлд орж ирээд, тусдаа гэр барьж, хоёр жил багшлаад “Одоо боллоо. Чи сурлаа. Би явж малаа маллалаа” гээд явж байсан ч удаа бий гэдэг юм. Хамгийн сүүлийн багш нь ном зааж хамт амьдарч байгаад өнгөрч байсан гэсэн.

-Таны өвөө 200 гаруй уртын дуу мэддэг хүн байсан гэдэг?

-Өвөө гайхалтай ой тогтоолттой хүн байсан тухай хүмүүс ярьдаг юм. 200 дуу гэхээр хүн бүр юухан байхав гэж бодох байх. Гэтэл энэ талаар уртын дууч гавьяат жүжигчин Ц.Түвшинжаргал гуай хэлэхдээ “Одоогийн сайн гэгддэг дуучид 10 дуу л мэддэг. Би бол 10 дуутай л хүн. Түүнээс илүүг цээжлэх хэцүү. Яагаад гэвэл уртын дуу маш олон элементтэй. Тиймээс яг байх ёстой элементээр нь сурна гэдэг маш хүнд” гэж хэлсэн байдаг юм. Ц.Түвшинжаргал гуай бол өвөөгийн хамгийн отгон шавь нь. Өвөө түүнд таван дуу заачихаад “Би чамд насны чинь хоолыг өгчихлөө” гэсэн байдаг. Тэгэхээр нь Ц.Түвшинжаргал гуай “Энэ хүн зөнөж байгаа юм байна. Таван дуугаар амьдарна гэж юу байхав. Би үүнээс ч илүүг сурна” гэж бодсон гэдэг. Өвөөгөөс хойш шавь нь олон дуу сурсан ч ёстой л хоолоо олж идэж байгаа нь таван дуу л байдаг гэсэн. Энэ тухай бидэнд Ц.Түвшинжаргал гуай ярьж байсан юм.

-Өөрөө ч уртын дуу зохиож дуулсан юм билээ?

-Тийм шүү. Өвөө маань 10 гаруй дуу зохиож дуулсан гэдэг.

-Таны өвөө 1935 онд анхны пянзны бичлэг хийлгэж байсан дуучин шүү дээ?

-Өвөө 1935 онд пянз, соронзон хальсанд дуугаа бичүүлснээс гадна бүх дуугаа нотолж байсан хүн дээ. Ингэж хойч үедээ уртын дууг уламжлан аваачих үнэт өвийг бэлдсэн. Ер нь бол өвөө маань монгол уртын дууг аварч үлдэхийн төлөө тэнгэрээс бууж ирсэн хүн юм. Яагаад гэвэл социалист нийгмийн үед уртын дууг их дардаг байсан. Тэр үед өвөө өөр ажил хийгээд явчихсан бол өдгөө уртын дуу байхгүй байсан гэж би боддог.

-Шашны гүн ухааны дуу дуулдаг байсан гэдэг. Энэ нь арван хэдхэн насандаа лам байсантай нь холбоотой юу?

-Шашны ном гэдэг бурхны магтаал байдаг. Хүүхдүүд бидний гаргасан хоёр дахь CD нь дан бурхны дуу байгаа. Бидний ойлгож, судалж байгаагаар шашны гүн ухааны эдгээр дуу нь тухайн үед устах аюултай байсан байгаа юм. Хэдийгээр өвөөгийн дуулсан шашны дуу нь радиогийн алтан фондод байдаг ч хэзээ ч нийтэд тавьж сонсгодоггүй байсан гэдэг. Ноён нутагт Данзанравжаа гуайн зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулахаар буян хураадаг гэдэг шиг өвөөгийн дуулсан дуунууд ч тийм шидтэй байсан гэж ойлгодог.

-Тухайн үед нийгмийн ороо бусгаа цаг байсан шүү дээ. Пянзанд дуугаа бичүүлнэ гэдэг лам байсан хүний хувьд нэлээд бэрхшээл байсан болов уу?

-Өвөө пянзанд дуугаа бичүүлэхээр Зөвлөлтийг зорьсон анхны монгол дуучин. Мэдээж тухайн үед Х.Чойбалсан гуайгаас зөвшөөрөл авч байж явна таарна. Ингээд өрөөнд нь орсон чинь Х.Чойбалсан гуай “Чи чинь ийм монгол гуталтай явах гэж байгаа юм уу” гэхэд нь өвөө “Би байгаагаа л өмссөн шүү дээ” гэж. Тэгэхэд Х.Чойбалсан гуай “Чи эх орноо төлөөлж явах гэж байгаа урлагийн хүн. Ийм гуталтай явж болохгүй. Миний гутлыг өмсөөд яв” гээд өөрийнхөө гутлыг тайлж өгсөн гэдэг. Улсын соёлыг төлөөлж яваа учир төрийн тэргүүн нэр хүндээ бодсон нь энэ байсан юм.

Нөгөө талаас өвөө маань 1936 онд гавьяат дуучин цол хүртсэн. Түүнээс дээш цол аваагүй хүн. Өвөөд маань ардын жүжигчин, түүнээс ч дээш цол хүртэх хангалттай авьяас байсан. Гэхдээ лам байсан учир тийм цол хүртэж чадаагүй юм. Харин ч их хэлмэгдүүлэлтийн үеэр яаж амьд үлдсэн юм бол доо гэх хүмүүс байдаг. Өвөөгийн амийг Х.Чойбалсан гуай аварч гарсан гэж өвөө хэлдэг байсан гэдэг. Х.Чойбалсан гуай “Пянзанд дуугаа сайн бичүүлээрэй” гэж захисан байдаг. Монголын хамгийн сайн дуучин байсан учир өвөөгийн маань амийг авч үлдсэн байгаа юм.

Сүүлд Ю.Цэдэнбал гуай өвөөтэй нэг хүлээн авалтын үеэр таарчихаад “Та чинь лам байсан гэл үү” гэж асууж байсан гэдэг. Тэгэхэд нь “Тийм ээ. Тухайн үеийн сэхээтэн хүн гэдэг лам нар л байсан шүү дээ” гэсэн байгаа юм. Үнэхээр тэр үед бүх л шинжлэх ухаан шашныг дагаж явдаг байсан цаг шүү дээ. Энэ мэтчилэн өвөө маань лам байсан гэдэг утгаараа их дарагдаж амьдарч байсан даа.

-Танай өвөө Сталины өмнө уртын дуу дуулж зогссон хүн гэж дуулсан…

-Сталинд Монголын урлагийг танилцуулж байсан хүн нь манай өвөө. Өвөөг дуулахад Сталин их гайхаж хүлээж авсан гэсэн. Сталинг гайхшруулж, уртын дуунд байдаг уяраах шидийг нь ашиглах гэж өвөөг маань явуулсан ч байж болох юм.

Ер нь тухайн үед Орос улсаас хөгжим, техник хэрэгсэл авах гэх мэт соёлыг хөгжүүлэх талаар дэмжлэг авах гэхээр Монголын урлаг гэж юу байдгийг мэдэхгүй учир огт дэмждэггүй байсан гэдэг. Тиймээс өвөөгийн бичлэгийг аваачиж, сонсуулахад “Ийм мундаг соёлтой ард түмэн юм бол бид туслалгүй яахав” гээд тусалж байсан гэдэг яриа ч байдаг юм.

Бас нэг урлаг судлаач англи эр өвөөгийн дуулахыг сонсоод “Энэ хүн дуулаачийн гурван сургууль төгссөн хүн үү” гэж асууж байсан гэсэн. Тэгснээ “Манайд бол гурван сургууль төгссөн хүн л яг ингэж дуулж чадна” гэсэн гэдэг. Нэг ёсондоо өвөө маань тенор, баритон, басс баритон хоолойгоор дуулдаг. Англид бол хоолой тус бүртээ сургууль төгсөх учиртай юм байна л даа.

Дэлхийн театрын нэвтэрхий тольд Монголоос хоёр хүн байдаг гэсэн. Түүний нэг нь манай өвөө гэдэг юм. Би энэ талаар судалгаа хийж байгаа. Нөгөө хүн нь ямар хүн юм гэх мэтээр нарийвчилсан мэдээг нь хараахан олоогүй байна.

-Бидний үеийнхэн бол уртын дууг Н.Норовбанзад гуайн дуулснаар л төсөөлдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Н.Норовбанзад агсан бол өвөөгийн тань гарын шавь. Ер нь өвөөгийн тань гэрээр алдартай дуучид их орж гарна биз?

-Н.Норовбанзад гуай багшдаа их хайртай хүн байсан. Багшийгаа яаж хүндлэхийг мэддэг мундаг хүн байлаа. Гадаад яваад ирэх болгондоо өвөөд бэлэгтэй ирдэг хүн байсан. Бүр нас барахынх нь өмнөхөн орж ирсэн хүн бол Н.Норовбанзад гуай. Шавиа ирээд удаагүй байтал өвөө өнгөрсөн. Тэр үед Н.Норовбанзад гуай “Намайг таньсан болов уу. Таньсан болов уу” л гээд байсныг би санадаг юм. Ямартаа ч багшийгаа амьд байхад нь ирж уулзаж чадлаа гээд нулимс дүүрэн нүдээр харж байсан нь тодхон санагдаж байна.

Н.Норовбанзад гуай нэг ярилцлагадаа “Монголын найрын дууг тайзны урлаг болгож хөгжүүлсэн хүн бол миний багш” гэж хэлсэн удаатай.

-Таны өвөө нийтийн дуу ч бас зохиож байжээ?

-Үүний энгийн жишээ нь бидний мэддэг “Соёл эрдэнэ” дуу шүү дээ. Тухайн үеийн дуучид “Соёл эрдэнэ” дууг дуулж чадаж байвал өөрсдийгөө дуучин боллоо гэж боддог байсан байгаа юм. Өвөө өөрөө асар өндөр хэмжээнд дуу дуулдаг болохоор зохиосон дуу нь ч дуучныхаа хоолойг шалгасан уран бүтээл байсан гэж ярих олон хүнтэй таардаг. “Соёл эрдэнэ”-ээс гадна Шараа голын гурван хаан жүжгийн “Бүүвэйн дуу”, “Найрын дуу” зэрэг олон дуу зохиосон. Түүнээс гадна өвөө маань анхны найрал дууны хоормейстер хүн шүү дээ. Тийм болохоор найрал дуунд зориулж ч олон дуу хийсэн.

-Таны эмээ мөн урлагийн хүн байсан гэл үү?

-Эмээ маань Бөмбөгөр ногоон театрын анхны 10 бүжигчний нэг байсан юм. Д.Мажаа гэх эмээ маань хүрээний сайхан хүүхний нэг байсан гэдэг. Бүр хэзээ хойно хөгширсөн үед нь ч гэсэн зөрж өнгөрсөн хүмүүс эргэж хардаг байсан гэсэн. Ер нь өвөө, эмээ хоёрыг хувцаслаад гарахад хүн бүр эргэж хардаг байв. Би өвөө, эмээтэйгээ хамт явахаар их баярлана. Яагаад гэвэл хүн болгон эргэж хараад байхаар өөрийгөө л бодоод онгирч байгаа нь тэр.

-Ж.Дорждагва агсан хэдэн хүүхэдтэй вэ?

-Хүү, охин хоёртой.

-Өвөөгийнхөө урлагийн авьяасыг өвлөж үлдсэн хүн бий юу?

-Өвөөгийн нэг ач хүү нь ОХУ-д найрал дууны хоормейстер мэргэжлээр төгссөн. Түүнээс өөр урлагийн хүн байхгүй.

-Өвөөгийн тань мэндэлсэний 110 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар томоохон ажлуудыг хийж байна вэ?

-Өвөөгийн төрсөн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онгийн хийдийн орчимд уртын дууны цогцолбор барьж байна. Онгийн хийд бол өвөөгийн анх шавилж байсан хийд юм л даа. Мөн Дундговь аймгийн хүүхдийн театрыг өвөөгийн нэрэмжит болголоо. Үүний эхлэл болгож яруу найргийн “Яргуй” наадмыг Ж.Дорждагвын нэрэмжит болгож явууллаа.

Түүнчлэн ойг тохиолдуулан хийж буй өөр нэг том ажил бол өвөөгийн намтар түүхийг өгүүлсэн “Талын их дуучин” баримтат кино юм. Уг кино ирэх бүтэн сайн өдөр NTV телевизээр гарна. Уг киног хийх санаачилгыг анх Монгол соёлын “Таван нүд сан”-гийн тэргүүн Д.Миеэгомбо гаргасан юм. Уг кино уран бүтээл дөрвөн жилийн турш үргэлжилж, 40-50 орчим сая төгрөг орсон. Хөрөнгийг бүрдүүлэхэд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, АПУ компани, Шунхлай групп дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн киног бүтээхэд Төрийн шагналт Н.Жанцанноров гуай, уран бүтээлч М.Уламбадрах, Ч.Жамъянсүрэн нарын олон хүмүүсийн нөр их хөдөлмөр шингэсэн гэдгийг хэлмээр байна.

Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

С.Оюун: Их хурлыг булхай луйврын үүр болчихсон мэт хардаг болчихлоо

УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюунтай ярилцлаа.

-Иргэний Зориг ногоон намын зүгээс Засгийн газ­рыг дэмжиж ажиллана гэд­гээ илэрхийллээ. Засгийн газрын үйл ажиллагаанд танай намынхан сэтгэл хан­галуун байна гэсэн үг үү?

-Иргэний Зориг ногоон намын Үндэсний хорооны хурал, Улс төрийн зөвлөлийн хурал өнгөрөгч долоо хоно­гийн бямба гаригт хуралдсан. Орон нутгийн гээд 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцлоо. Өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч хамтдаа ярилцсан. 2012 онд Иргэний Зориг ногоон нам, Ардчилсан нам, МҮАН-МАХН-ын “Шудар­га ёс” эвслийн бүлэгтэй Зас­­гийн газрыг хамтран бай­гуулж цаашид хамтран ажил­лана гэсэн гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээнийхээ хүрээнд бид үнэхээр хичээж ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн гэрээний дагуу ажлаа явуулах болно. Эдийн зас­гийн тал дээр гээд санаа зовоож байгаа зүйлс байгаа гэдгийг Үндэсний хорооны гишүүд хэлж байсан. Хамгийн их санаа зовоож байгаа асуу­дал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, монгол төгрөгийн унал­тад орсон явдал гэдгийг хэлж байсан. Тиймээс цаашид энэ Зас­гийн газрыг илүүтэй шахаж ажил­луулах ёстой гэсэн. Түүнээс биш шинэ Ерөн­хий сайд, шинэ Засгийн газар гарч ирэхээр бол эдгээр асуудал өргөс авсан мэт шууд арилах­гүй, болохгүй байгаа зүйлс­дээ анхаарч ажлаа явуу­лах ёстой гэдэгт санал нэгдсэн. Өнөөдрийн эдийн зас­гийн хүндэрсэн байдал сүүлийн хоёр жилд бодлогын алдаанаас бий болчихсон юм биш. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Их хурал, тухайн үеийн Засгийн газар популист бодлогыг ярьж урагшилсан. Түүнийх нь сөрөг үр дагавар сүүлийн жилүүдэд гараад ирчихлээ. Эдийн засгийн хүндрэлд бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн.

-Эдийн засаг хүндрэхэд юу голлох нөлөө үзүүлсэн гэж?

-Түрүүчийн Засгийн газрын үед Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтын тухай хууль, гэнэтийн ашгийн татвар, иргэдэд нэг сая болон нэг сая 500 мянган төгрөг тараах амлалтууд, улс бүх зүйлд оролцоно гээд эх захгүй уралдаан явсан. Тэрхүү популист амлалт, бодлогуудын үр дагавар гэж би бодоод байгаа. ИЗНН эдгээр бодлогуудад бүгдэд нь эсрэг байр суурийг илэрхийлж ирсэн. Бид ухаантай, тэд юу ч мэдэхгүйдээ мөнгөн амлалтууд өгөөд байсан юм биш. Иргэдэд нэг сая болон нэг сая 500 мянган төгрөг өгнө гэдэг хэрэгжихэд хэцүү, дарамт ирнэ гэдгийг мэдсээр байж сонгуульд ялахын тулд тэгсэн. Энэ Засгийн газрын өвлөж авсан зүйлсээс нэгийг жишээ болгоход Хүний хөгжлийн сангийн данс улайчихсан, өртэй байсан. Уул уурхай, ашигт малтмалын үнэ өндөр байх үед бүгд муу хэлсэн. Ашигт малтмалын үнэ удаан хугацааны турш хэлбэлзэлтэй байдаг. Удаан хугацаанд бодлогыг нь тогтвортой явуулахгүй бол гацаанд орчихдог. Баялаг ихтэй орнуудын дийлэнхэд нь ийм популист бодлого гарсан байдаг. Оюу толгойн асуудал урагшилж хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдээгүй. Тавантолгойн асуудалд ахиц гараагүй нь бидний өмнө тулгамдсан том асуудлуудын нэг мөнөөсөө мөн.

-Танай намыг улс төрийн акц хийдэггүй “чимээгүй” нам гэх боллоо. Дуугарах гэхээр болохгүй байгаа юм уу?

-Сая манай намын хуралдаанаар ч гэсэн манайхан асууж байсан. Туг барьж гудамжинд гараад жагсаал хийснээр улсын ажил явдаггүй. Байгаль, орчин ногоон хөгжлийн салбарыг манай нам сүүлийн хоёр жил хариуцан ажиллаж байна. Ногоон хөгжлийн бодлогоо Их хурал дээр батлуулаад авсан нь зөв зүйл болсон. Ой, ус, ан амьтан тусгай хамгаалалтын чиглэлээр ахиц гарч ажил ч урагштай байгаа. Манай нам үүнийг хариуцаж байгаа бол энэ асуудлаа л зөв хийх ёстой. Энэ бол бидний улс төрийн ажил болон акц байгаа юм. ИЗНН Их хуралд хоёр суудалтай. С.Дэмбэрэл гишүүн санхүү, мөнгөний бодлогоос эхлээд 10 гаруй ажлын хэсэгт багтан бүтээлчээр ажиллаж байна. Тэр нь болохгүй байна гээд шүүмжлээд байдаггүй ч бүтээлч, үр дүнтэй ажиллахыг хичээдэг. Түүнийг нь ИЗНН улс төрийн акц хийхгүй, хүлцэнгүй гэдэг юм. Бид шүүмжлэх зүйлээ шүүмжлээд ямар боломж байгааг санал болгохыг хичээдэг. Энэ нь идэвхгүй харагддаг байх. Манай улс төрийн соёл өөрөө бүтээлчээр хийсэн зүйл дээр тулгуурладаг биш хэн хамгийн их лоозон барьж жагсаал цуглаан хийсэн нь идэвхтэй юм шиг харагддаг. Үүнд бид дасчихсан.

-АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Хамтарч Засаг барьж байгаа намын хувьд танайх ямар байр суурьтай байгаа вэ?

-Тухайн хоёр улс төрийн намын дотоод асуудал. Манай намын хувьд ч гэсэн гэрээгээ шинэчлэх болон цаашид хэрхэх вэ гэдгээ шийдээд явах нөхцөл боломж нээлттэй байгаа. Одоохондоо гэрээгээ шинэчлэх шаардлага байхгүй гэж үзсэн. Олонх болсон Ардчилсан намын зүгээс ч гэсэн албан ёсоор санал тавиагүй байна. Манай намын 2012 онд байгуулсан гэрээнд бүх зүйл тодорхой байгаа.

-Өнөөдөр (өчигдөр) байнгын хороод хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах болон бусад сайд нарын асуудлыг хэлэлцэх байсан ч хуралдсангүй. Ямар шалтгаанаар байнгын хороодын хуралдаан хойшилсон юм бол. Сайд нараа томилж ажлаа явуулах хэрэгтэй байна шүү дээ?

-Улс төрд ямар ч нөхцөл байдал бий болсон ажил хэвийн үргэлжилж байх ёстой гэдгийг би яамныхандаа хэлсэн. Аливаа томилгооны асуудал тодорхой болох шаардлагатай.

Байнгын хороод ямар шалтгаанаар хойшилсныг сайн мэдэхгүй байна. Би хоёр жил Засгийн газарт орж ажиллалаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд маш их хичээж ажиллаж байгааг дотор нь байгаа хүний хувьд маш сайн мэдэж байна л даа. Сайн муу хэлүүлэхээр болж бүтэхгүй зүйл ч байсан л байх. Засгийн газарт орж ажилласан сайдуудын дийлэнх нь улс төрийн туршлагатай шилдэг хүмүүс багтсан. Хоёр жилийн хугацаанд дор бүрнээ сэтгэл гаргаж өөрсдийн өмнөх ажлаа хийчихье гэсэн сэтгэл зүрхнээс ажиллахыг хичээсэн. Ерөнхий сайдын байр суурь хандлага ч гэсэн улс орондоо хэрэгтэй зүйл хийчих юмсан гэдэг нь байнга анзаарагддаг. Би Их хуралд 10 гаруй жил боллоо. Засгийн газарт хоёр ч удаа ороод ажиллачихлаа. Улс төрчид, УИХ-ын гишүүд өөрөө өөрсдийгөө хүндэлдэг цаашлаад нийгэм, парламентаа хүндэлдэг болох хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Миний хувьд гишүүдийг нэр дэвшихээсээ эхлээд улс орныхоо төлөө юм хийчихье гэсэн сэтгэлээр орж ирсэн гэж боддог. Яахав явцуу хувийн эрх ашиг байдаг л байх. Гэхдээ парламентын гишүүд бүгд луйварчин болчихсон мэт ярьж байна. Чуулган дээрээ ч гэсэн хэн нэгнийгээ луйварчнаар нь дуудаад эхлэхээр нийгэм ч гэсэн Их хурлыг булхай луйврын үүр болчихсон мэт хардаг болчихлоо. Төрд болон улс төрчдөд итгэх итгэл байхгүй болж байгаа нь гишүүдээс өөрсдөөс нь шалтгаалж байна гэж харж байгаа. Бид өөрсдийгөө хүндэтгэх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд ч гэсэн юм хийчихье гэсэн бодолтой яваа гэж ойлгодог. Түүнээс биш хулгай хийчихье, бялуу хүртье гэсэн сэтгэхүй дийлэнхэд нь байхгүй байх. Их хурал дээрээ нэг нэгнийгээ үзэшгүй муухай мэтээр хэлчихээд гарч ирэнгүүтээ “Уучлаарай, улс төрийн тоглолт байсан юм” гээд тоглоом шоглоом болгоод өнгөрч байгаа нь буруу уур амьсгал бий болоход нөлөөлж байгаа. Бидний хувьд дор бүрнээ хариуцсан ажлаа сайн хийх хэрэгтэй. 25 жилийн өмнө нийгэм өөрчлөгдөж шилжилтийн үе ирсэн. Дорж нь болохгүй бол Дулмааг нь сольчихоор бүх зүйл сайхан болчих юм шиг, хууль гаргавал бүх зүйл орвонгоороо эргэж гоё болчих юм шиг боддог болж.

-Ардын намын зүгээс Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. АН-ын гишүүдээс 10 гаруй нь Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан гээд байгаа. Эдийн засаг хүнд байгаа энэ үед улс төрийн иймэрхүү үйл явдал нийгэмд сөргөөр нөлөөлж байна уу гэж хардаг. Та харин хэрхэн харж байгаа вэ?

-Ямар ч үед итгэл үзүүлэх, эс үзүүлэх тодорхой үндэслэлүүд байх юм бол санаачлан өргөн барих эрх нь Их хурлын гишүүдэд байгаа. Ялангуяа цөөнхөд бий. Үүнийг ардчилсан зарчмын дагуу олонхиороо шийдэх ёстой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэн нэгнийг огцруулах уу, үгүй юу гэдэг асуудлыг сар бүр бараг хэлэлцсэн гэхэд болно. Засгийн газрын сайдуудыг огцруулах уу гээд явсан. Явж явж сая сайд нарыг солилоо. Огцруулах асуудлыг Их хурал ярьсаар байгаад жилийг авчихсан. Томоохон үндэслэл байвал хэлэлцээд явж болох ч бүтэн жил үүгээр занималдана гэдэг нь улс орны төлөө бодлого бодохоос өөр л дөө. Эсвэл улс төр хийж хэн нэгнийг огцруулан муу л бол сайн гэдэг замаар явах юм уу гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Ерөнхий сайдыг огцрууллаа гэхэд дараагийн хувилбар нь юу байх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Тэгэхгүй бол 1998 оны үйл явдал давтагдана. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа хоёр сар болоод огцорсон. Тухайн үед С.Зориг ах маань Засгийн газрын гишүүн байсан юм. Тэгэхэд “Ямар ч байсан огцруулъя” гээд огцруулчихсан. Гэтэл дараагийн Ерөнхий сайдаа томилж чадахгүй Засгийн газрыг 5-6 сар үүрэг гүйцэтгэгчтэй явуулсан. Үүнээс болж улс төрд тогтворгүй байдал бий болж асуудал шийдэх нь бүү хэл сөрөг зүйлс рүү хэлтийсэн. Энэ мэтчилэн явдлуудаа санаж байгаа байлгүй. Дараагийн Ерөнхий сайд нь сайн авч явна гэж байгаа бол Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүрэг нь АН-д байгаа. Ардчилсан намынхан үүнийгээ сайн бодох хэрэгтэй. Огцруулах бол амархан ганц кноп дараад шийдчихнэ. Оронд нь ямар хувилбар нь улс оронд ашигтай байхыг бодолцохгүй бол амаргүй. Үүрэг гүйцэтгэгч мэтээр тодорхой байдал нь олон сар үргэлжилбэл улс орны нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

-Хуурамч хавсралт, мессежний асуудал гээд улс төржилт үргэлжилсээр байна. Мессежний асуудал нь Их хурал доторх гишүү­дээс явсан юм биш үү?

-Одоохондоо мессежний асуудал таамаг төдий л байгаа. Хүний дугаараас мессеж явуулна гэдэг нь мэдээж хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс үүнийг заавал тогтоолгох ёстой. Хаврын чуулганы үеэр гишүүдэд Газрын тухай хуулийг дэмжихгүй, нарийн царигийг эсэргүүцэж байна гэсэн мессэжүүд их ирсэн. Тухайн үед зохион байгуулалттай хүмүүсээр бичүүлж байна гээд бодоод өнгөрсөн. Одоогийн нөхцөл байдлаас харахад хүмүүс өөрсдөө биш тэдний өмнөөс мессеж явуулсан байж болохоор байна. Энэ талын хууль эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий болжээ.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. 2015 онд эдийн засаг бүр хүндэрнэ гэдгийг ярьж байна. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Бүгдээрээ хичээгээд ажиллах юм бол урагшлах боломжтой. Эдийн засгийн өсөлт 5.7 хувьтай байсан. Өнгөрөгч жилүүдтэй харьцуулахад 17 хувьд хүрэхгүй байгаа ч хасах болон 0 биш болохоор эдийн засаг бүр зогсчихоогүй байна. 5.7 хувиа 7, 8 болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Уул уурхайн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Оюутолгойгоо хөдөлгөх хэрэгтэй байна. Нэг хэсэг Оюутолгойн асуудал манай Засгийн газраас шалтгаалж байсан бол одоо Оюутолгой өөрсдөө гэдийгээд эхэлчихсэн юм шиг байна лээ. Үүнийгээ явуулах ёстой. Түүнчлэн хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ахиц гаргах шаардлага бий. Өмнөд хөршийн эрчим хүч, хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаа. Бид хүрэн нүүрсээ экспортод гаргаж чадахгүй байгаа юм чинь үүн дээрээ тулгуурлаад эрчим хүчний үйлдвэрүүдээ байгуулж эрчим хүч экспортлодог болоход анхаармаар байна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр: Би “тавхай“ Лувсан зааны ач хүү шүү дээ

АНУ-ын Лодердейл хот­ноо болсон жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс +100 кг-д барилдсан Ө.Дүүрэн­баяр алтан медаль хүртэж, аварга болсон билээ. Тус тэмцээнээс манай жүдо бөхийн баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Залуучуудын дэлхийн аварга Дүүрэнбаярын хувьд өдгөө 20 настай бөгөөд эцэг, эх нь бөхийн удамтай хүмүүс. Түүний аав нь Архангай аймгийн Баян-Улаан сумын харьяат улсын заан Дашийн Лувсан­гийн хүү улсын начин Өлзий­баяр гэдгийг бөх сонирхогчид мэдэх байх. Лувсан гуай “тавхай” нэрээ­рээ олноо алдаршсан домогт бөх бөгөөд Энхбаяр, Өлзийбаяр, Батбаяр гэсэн гурван сайхан хүүтэй. Өлзийбаярын ах нь гавьяат тамирчин, улсын начин Лу.Энхбаяр билээ. Харин Батбаяр мөн л сайн барилддаг бөх байсан гэдэг. Лу.Энхбаяр чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Тэрээр 1990 оны цагаан морин жилийн наадмаар Архангай аймгийн харьяат Гочоосүрэн заанаар начин цолны болзол хангажээ. Тэгвэл Дүүрэнбаярын аав Өлзийбаяр 1996 оны баяр наадамд тав давж улсын начин цол хүртэж байсан юм. Зөвхөн аавын удам гэлтгүй Дүүрэнбаярын ээж Бурмаа мөн л цуутай бөхийн үр удам. Ээж нь улсын заан Рэгжийбуугийн Даваанямын төрсөн дүү билээ. Ингээд бодохоор арга­гүй бөхийн удамтай энэ хүү их спортод ийм ам­жилт гаргах нь дамжиггүй юм.

Тэрээр эхний барил­даандаа Эстонийн бөхтэй учраа таарч хоёрхон секун­дын дотор цэвэр ялсан бол дараа нь Египетийн жүдоч Селим Халидыг буулгаж авсан. Харин хэсгийн авар­гын төлөө БНСУ-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялсан. Улмаар хагас шигшээд Украйны тамирчин Кхаммен Лаки­выг юко үнэлгээгээр буул­ган авч аваргын төлөө өрсөл­дөхөөр болсон юм. Авар­гын төлөө Ө.Дүүрэн­баяр Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг мөн л хоёр секунд ч хүрэлгүй цэвэр ялснаар ийнхүү аваргын алтан медалийг эх орондоо авчирсан билээ.

Ингээд залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэн­баяртай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө залуу­чуудын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Азийн наадмаас ирээд шууд том тэмцээнд оролцох амаргүй байсан болов уу?

-Баярлалаа. Залуучуудын ДАШТ-ий өмнө Инчонд болсон Азийн том наадамд оролцсон байсан учраас бэлтгэл хангалттай хангагдсан гэж болно. Гол нь амжилт гаргахад л хамаг оюун санаа төвлөрүүлж байлаа.

-Азийн наадмаас алт атгаад алдсан учраас энэ удаа заавал аварга болно гэсэн зорилготой байв уу?

-Тэгсэн. Би Азийн наадамд аваргын төлөө Японы бөхтэй барилдаад ялагдсан. Тиймээс энэ удаа алдаагаа давтахгүй байхыг хичээсэн.

-Японы бөх сая ирсэн үү. Тэгэхээр барилдаануудаа урдаас төлөвлөжээ?

-Японы бөх ирээгүй. Японы бөхтэй барилдахдаа мэхээ дутуу хийснээс болж харамсалтайгаар ялагдсан. Тиймээс залуучуудын ДАШТ-д аль болох мэхээ гүйцээж барилдана гэж бодсон.

-Хамгийн хүчтэй өрсөл­дөгч ямар бөх байв?

-Зооны аваргын төлөө Украйны бөхтэй таарах байх гэж тооцоолж байсан учраас эндээс явахаасаа өмнө судалгаа хийсэн. Украйны бөх энэ тэмцээний өмнө Европ тивийн аварга болсон байсан. Барилдааны бичлэгийг нь харахад хоёр талдаа барилддаг, ерөнхийдөө ямар мэх хийх нь тодорхойгүй замбараагүй барилдаантай бөх санагдсан. Тиймээс энэ барилдааны эсрэг зүүн гар дарж, нэг их салбагануулаад байхгүй барилдана гэж бодсон. Хамгийн ухаан гаргасан барилдаан болсон байх. Хүчтэй гэх юм бол Египетийн бөх байсан болов уу. Ер нь дэвжээн дээр таарсан бөх болгон л хүчтэй байсан даа.

-Өрсөлдөгчдөө буулгаж аваад аваргын тавцанд зог­сох тэр мөчид юу бодогдсон бэ?

-Залуучуудын ДАШТ-ээс медаль хүртээгүй хэсэг завсардсан байсан. Тиймээс би Азийн наадмаас ч илүү энэ тэмцээнд ач холбогдол өгч дөрвөн жил бэлтгэл хийсэн. Зорилгынхоо ард гарчихаад төрийн дууллаа сонсоод зогсох тэр мөчид хамгийн түрүүнд гэр бүлийнхэн маань нүдэнд харагдсан. Манай аав, ээж гэр бүлийнхэн маань намайг тэмцээн уралдаанд оролцох бүр байнга санаа тавьж, тусалж дэмждэг. Мөн ийм сайхан амжилтад хүрэхэд анхны багш Хаштогтох, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Балжинням зэрэг багш нар маань хамгаас илүү нөлөөлсөн. Тиймээс багш, дасгалжуулагчид, тамирчин ах, эгч нартаа бүгдэд нь баярлаж, талархаж явдгаа хэлмээр байна.

-Танай ааваас эхлээд өөрийн тань удамд олон сайхан бөхчүүд бий. Ээжийн тань талд бас олон бөх байдаг гэсэн?

-Манай өвөө улсын заан Лувсан. Аавын ах Лу.Энхбаяр гээд начин байна. Харин ээжийн төрсөн ах нь улсын заан Давааням. Мөн ээжийн талд Харүмафүжи Д.Бямбадорж, улсын заан Д. Лхагвадорж, улсын гарьд Н.Ганбаатар гээд бөх байдаг. Бас чөлөөт бөхөөр сүүлийн үед нэлээд амжилттай барилдаж байгаа Д.Баасандорж ах байна. Мөн хүргэн ах улсын гарьд Ч.Бат-Эрдэнэ гээд ах нарын зүгээс ч тэр, аавын зүгээс ч тэр хэлж захих зүйл зөндөө. Анх үндэсний бөхөөр барилдаж сурсан болохоор ч тэр үү жүдогоор хичээллэхэд их нөлөөлдөг.

-Үндэсний бөхөөр хэр бэлт­гэл хийж байна. Айм­гийн начин цолтой билүү?

-Тийм. 2012 онд Говь-Алтай аймгийн наадамд тав давж аймгийн начин цол хүртсэн. Мөн үндэсний бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай.

-Цаашдаа үндэсний бөхөөр зодоглох бодол байна уу?

-Аав мэднэ. Аав барилд гэвэл барилдана. Одоохондоо их спорт болох жүдогоороо амжилтад хүрчихээд дараа нь үндэсний бөхөөр барилдана гэсэн бодол байгаа. Аав үндэсний бөхөөр барилдахад нас залуу байна гэдэг.

-Одоо хэдэн настай вэ. Биеийн өндөр, жин хэд байна вэ?

-20 настай. Өндөр 184 см, жин 125 кг байгаа.

-Багадаа ер нь мяраалаг хүүхэд байсан гэж аав чинь ярьсан. Анх бөхийн спор­тоор хичээллэхдээ хэдэн кг жинтэй байсан бэ?

-/Инээв/. Хүүхэд байхаасаа л мяраатай байсан. Тавдугаар ангидаа 74 кг жинтэй байсан. Аав, ээж маань жингээ хасч, булчин болго гэж хэлдэг байсан. Үндэсний бөхөөр тэмцээнд орох гээд аавын зодог шууд­гийг өмсөх гэсэн бага­даад ороогүй. Тавдугаар ангиасаа жүдогоор хичээл­лэхээр Хаштогтох багш дээрээ очиход их жинтэй байна гэж зэмлүүлж байсан юм байна.

-Аль сургууль төгссөн юм бэ?

-“Галакси” сургуулийг төгссөн.

-Одоо их сургуульд сурч байгаа юу?

-Үгүй ээ. Гэхдээ МУБИС-ийн спортын сэтгүүлчийн ангид орох санаа байна.

-Бөхөө орхиод сэтгүүлч боло­хоор шийдсэн хэрэг үү?

-Бөхөө орхихгүй. Харин ч амжилтад хүрэхийн тулд илүү их хичээх болно. Бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно. Манай эгч спортын сэтгүүлч, найз охин маань “Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн гуравдугаар курс болохоор энэ мэргэжлээр сурахаар шийдсэн юм.

-Бөхчүүдээс хэнийг илүүд хүндэлж, үлгэр дуурайлал авч байна?

-Н.Түвшинбаяр аваргын барилдааныг их хардаг. Аваргатай тэмцээн уралдаанд хамт явахад маш их зүйл сурч авдаг. Аварга шиг болохыг хүсдэг дээ.

-Хамт бэлтгэл хийж байна уу?

-Хийж байгаа.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН Л.ӨЛЗИЙБАЯР: ХҮҮГЭЭ АВАРГА БОЛОХ ҮЕД НУЛИМСАА ХАНЦУЙГААРАА ШУДРААД СУУЖ БАЙЛАА

-Хүүгээ залуучуудын дэлхийн аваргаас өглөө угтсан гэв үү?

-Тэглээ. Хөдөөнөөс дөнгөж орж ирээд хүүгээ тосч аваад явж байна.

-Аварга болох тэр мөчид та барилдааныг нь үзэж амжсан уу?

-Эхнэр бид хоёр хүүгийн­хээ барилдааныг интернэтээр үзсэн. Хүүгээ аварга болж төрийн дуул­лаа харийн тэн­гэрт мандуулахыг хараад би энд баярын нулим­саа ханцуйгаараа шударч суулаа шүү дээ. Хүүгийн­хээ дасгал­жуулагч багш нарт талар­хаж явдгаа илэрхийлье.

-Хүүгээ барилдах мөчид аварга болно гэдэгт нь итгэлтэй байв уу?

-Өрсөлдөгчдийн хувьд дандаа хүчтэй сайн бөхчүүд харагдсан. Гэхдээ эцэг хүний зөн совин хүүгээ ялна гэдэгт итгэл төгс дагуулж байсан. БНСУ, Украйны жүдочид чансаа­гаараа дээгүүрт ордог. Тиймээс миний хүү сайн барилдаарай гэж дотроо залбирч байлаа. Хүү минь ч сайхан барилдаан харуулж өрсөлдөгчдөө ялсан. Хүүгээрээ бахархаж байна. Улам илүү амжилт гаргаарай гэж хэлье.

-Тэмцээнд явахаас нь өмнө хүүдээ өөрийнхөө арга барилаас зааж зөвлөдөг үү?

-Би одоохондоо Замын-Үүдэд ажиллаж, амьдарч бай­гаа болохоор тэр болгон хүүгийн­хээ бэлтгэлд оролцоод, зааж зөвлөж амжихгүй юм. Уг нь ийм мэх хийвэл гэдэг ч юм уу бага сага хэлж ярих юм харагддаг. Гэхдээ хүүгийн маань бэлтгэлийг нагац ах нь болох улсын гарьд Ганбаатар хангадаг.

-Танай хэд дэх хүүхэд вэ?

-Манайх таван хүүхэдтэй. Дээ­рээ нэг эгч, гурван дүүтэй.

-Их дөлгөөн гэж найзууд нь үнэлдэг юм билээ?

-Тийм шүү. Миний хүү даруу­хан. Хүн амьтантай мэнд устай, сүрхий хүү. Бага байхын л аавыгаа дагаад дэвжээ хэсч явдаг байлаа. Намайг хаана л очиж барилдана тэнд хүү минь дагаад явдагсан.

-Мэдээж танд хүүгээ үндэс­ний бөхөөр хичээллэж, амжилт гаргаасай гэсэн битүү­хэн бодол байдаг байлгүй?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ их спортод одоохондоо амжилт гаргаж байгаад яваандаа цаг нь болохоор зүлэг ногоон дэвжээнд зодоглоно байх даа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдорж: “Улаанбаатарын үдэш” миний төрсөн нутагтаа зориулсан дуу

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Гэсэржавын Пүрэвдоржтой хөөрөлдлөө.

-Нийслэлийн хүндэт иргэнээр өргөмжлөгдсөн арван тав дахь хүн та боллоо. Баярын сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан хэмээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өргөн барьсан саналыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар тогтоолоор намайг нийслэлийн 15 дахь “Хүндэт иргэн”-ээр тодруулсан юм байна. Нийслэлийн хүндэт иргэн болно гэдэг сайхан үйл явдал. Нийслэлдээ зориулж 1985 онд “Улаанбаатарын үдэш” дуугаа анх зохиож уран бүтээлээ эхэлж байсан минь саяхан мэт санагдаж байна. Энэ дуу маань олон хүний чихэнд хоногшиж, сонсох дуртай дуу нь болсонд хувьдаа баяртай байна. Би бол Нийслэлийн үндсэн иргэн, нийслэлдээ багахан ч болов хувь нэмэр оруулсаар ирсэн, цаашдаа улам их зүтгэнэ. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд надад хүндэтгэл үзүүлж, нийслэлийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж байгаад их баяртай байна. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны их ойн баярын мэндийг нийт монголчууддаа танай сониноор дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна.

-Таны зохиосон “Улаанбаатарын үдэш” дуу нийслэлийн үе үеийн залуусын сэтгэл зүрхийг хөглөж эгшиглэсээр ирсэн. Та энэ дууныхаа түүхээс хүүрнээч?

-Би “Улаанбаатарын үдэш”-ээ миний нутгийн дуу гэдэг юм. Би чинь хотын унаган хүүхэд. “Улаанбаатарын үдэш” дуугаа 29 жилийн өмнө зохиож анх Б.Бадар-Ууган агсан дуулж байлаа. Тэрнээс хойш хэдэн ч уран бүтээлч дуулсан юм бүү мэд. Хөгжмийн зохиолч бүхний дуу зохиох арга барил өөр. Би ихэвчлэн үгийг нь харж байж зохиодог. Харин “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг нь эхлээд бичсэн юм. Миний зохиосон аялгуу соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав гуайн сайхан шүлэгтэй хоршоод өдий хүртэл дуулагдаж байна.

“Ээрэм талын сэвэлзүүр салхи

Эцэж ядраад амарсан ч юм уу

Амраг хосын яриаг сонсохоор

Амьсгаа даран чагнасан ч юм уу

Улаанбаатарын үдэш намуухан

Учралын болзоонд залуус яаруухан” гээд үнэхээр сайхан үгтэй дуу шүү. Төрсөн нутгийнхаа тухай зохиосон дуу минь юм шүү дээ.

-Таны уран бүтээлийн урын сангийн багагүй хувийг хүүхдийн дуу эзэлдэг байх аа?

-Би Уралын Хөгжмийн дээд сургуулийг 1980 онд төгссөн. Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа багш маань сургуульд явуулж байлаа. Манай сургуулиас тухайн үеийн урлагийн мастерууд төрөн гарч байлаа шүү дээ. Одоо ч тэр хүмүүс урлагийг дэлхийн түвшинд авч яваа. Төгсөж ирээд Хөгжим, бүжгийн коллежид 10 жил багшилсан юм. Бие даасан уран бүтээлээ 1985 оноос эхэлсэн гэхэд болно. “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал” зэрэг хүүхдийн дуунуудаар уран бүтээлээ эхэлж байлаа. “Нандин эрдэнэ” дууг гавьяат жүжигчин Ч.Насантогтох маань анх дуулж байлаа.

-Сургуульд явахаасаа өмнө хөгжмийн улаан хорхойтон байсан нь дамжиггүй. Тэр үеийн залуусын жишгээр рок хөгжмийг ч их сонсдог байв уу?

-Аав маань хэдийгээр урлагийн хүн биш ч хөгжим их сонсдог хүн байсан нь надад их нөлөөлсөн. Дөрвөн настайдаа аккордион тоглож эхэлсэн. Би чинь рок хөгжмийг нэг хэсэг ёстой сайн сонссон. Бүр багаасаа л сонсдог байлаа. Гэхдээ сүүлд уран бүтээл хийх гэсэн чинь рок хөгжим тохирохгүй болсон. Би бол тийм нэг намуухан хүн юм. Зөөлөн аялгуутай хөгжим намайг өөрийн эрхгүй татаж эхэлсэн. Ихэнх уран бүтээл маань ч аядуу уянгын талдаа бүтээд байдаг нь үүнтэй холбоотой байх.

-“Инээмсэглэл” хамтлагт байхдаа зохиосон дуунууд чинь уянгын талдаа шүү?

-Хөгжим бүжигт багшилж байхдаа “Инээмсэглэл” хамтлагтайгаа холбогдсон. Тухайн үедээ хамгийн хит дуунуудыг гаргаж байсан байх. Гэсэн ч залуу хүмүүс түр завсарласан. Сүүлд бид хамтлагийнхаа 30 жилийн ойгоор Соёлын төв өргөөнд тоглоход хүмүүс үнэхээр сайхан хүлээж авсан шүү.

-“Инээмсэглэл” завсарлачихаар хаана очив?

-Уран бүтээлээ хийгээд явж байсан учраас урлагийн ертөнцөөсөө холдоогүй л дээ. 1988 онд “Хөх тэнгэр” хамтлагийг байгуулсан. Тэр үед буянтай Жагаа гадаадаас маш өндөр технологийн хөгжим оруулж ирсэн юм. Би “Буян”-гийн Жагааг буянтай Жагаа гэдэг юм. Тэгээд л “Хөх тэнгэр”-тэйгээ уран бүтээлээ туурвиж тоглолт хийж эхэлсэн. Энэ хамтлагаас нэгэн үеийн дуучид төрөн гарсан гэдгийг хүмүүс сайн мэдэх байх. Н.Ганхуяг, Дашдондог, Цогоо, “Никитон”-ы Батчулуун, Өөжгий гээд дуучидтай байлаа. Урлагийн тогооноос хоолоо олж идэж яваа нэгэн үеийн уран бүтээлчид бүгд л “Хөх тэнгэр”-ээс төрөн гарсан. Рок, попын анхны цомог болох Б.Сарантуяа, Н.Ганхуяг хоёрын “Зүүдний говь” бол энэ хамтлагт байхдаа өлгийдөж авсан бүтээл.

-Та олон цомог гаргасан биз?

-Хүүхдийн дуунуудаараа “Зуслангийн найзууд” гэдэг цомог гаргасан. Мөн шилдэг дуунуудаа түүвэрлэж “UB Night” гэж цомог гаргалаа. Дараа нь төгөлдөр хуур хөгжмөөр Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглож “Love song” гэдэг нэртэй хоёр ч цомог гаргасан.

-Уран бүтээлээ хүүхдийн дуугаар эхэлж байж. Хүүхдүүдэд зориулж уран бүтээл дахин хийсэн үү?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн зохиолоор “Дэлхий ээжийн төрсөн өдөр” гэдэг хүүхдийн дуурь бичсэн. Энэ дуурь хүүхдэд зориулсан анхны дуурь болсон байх.

-Таны нэрийн хуудас болсон олон сайхан дуу байдаг. Тэр бүхнээсээ ганц нэгийг нэрлэвэл?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай эстрадын дуучин”, поп хатагтай Б.Сарантуяагийн “Мартъя”, гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа” соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл” зэрэг олон түмэнд бага сага хүрсэн дуунууд байнаа.

-Танай хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж байгаа хүн байна уу?

-Би хүү, охин хоёртой. Тэднийгээ бага байхад нь Хөгжим, бүжгийн коллежид оруулсан ч өөрсдөө өөр зүйл сонирхоод гарчихсан. Одоо хоёулаа гадаадад амьдарч байгаа. Харин ач, зээ нар маань хөгжимчин болох төлөвтэй. Авьяастай, бас сонирхолтой байх шиг санагдаад байгаа. Хэрэв тэд маань сонирхвол хөгжимтэй холбоод өгнө дөө.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн Зүүн Цанхийн олборлолт ийм шалтгаанаар зогсчээ

Таван толгойнордын Зүүн Цанхид гэрээт олбор­логчийн үүрэг гүйцэтгэж буй Австралийн “Макмахон лимитед” компанийн ол­борлолт түр зогсоод байна.Тус компани өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдрөөс хойш түр зогсолт хийгээд байгаа билээ. “Макмахон” компани түр зогсолтоо хагас сараар сунгахаар болсноо энэ долоо хоногт мэдэгдлээ. Хэлэлцээрийн явцыг хоёр талаас тодруулах гэсэн боловч үр дүн нь хараахан гараагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

“Макмахон”-ы хувьдАвстралийн гэрээт олборлогч компани. Өөрийн гэсэн орд, уурхайгүй, гэрээгээр олборлолт явуулдаг компани гэсэн үг. Олборлолт нь Авст­ралид голдуу явагддаг. Уул уурхайгаа дэлхийн жишгээр хөгжүүлсэн Австралидаа том олборлогчид тооцогддоггэхээр ямар түвшний компаниболох нь ойлгомжтой. Мон­голын Таван толгойд гэ­рээт олборлогчоор орж ир­сэн шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Туршлагатай, дэл­хийн жишигт хүрсэн олборлогч гэдгээр нь “Макмахон”-ыг Таван толгойн гэрээт олборлогчооршалгаруулсан гэж салбарынхан нь онцолдог.Товчхондоо “Эрдэнэс Таван толгой”-г дэлхийн жишигт хүргэсэн уул уурхайн компани болгож хөгжүүлнэ, өөрсдөө машин техникээ оруулж ирээд монголчуудыг олон улсын хэмжээнд ажилладаг болгоно, сургана гэж орж ирж байсан компани. “Рио” “Оюу толгой”-г, “Синтерра гоулд” “Бороо гоулд”-ыг дэлхийн стандартад хүргэсэн шиг маягийн үүрэг хүлээжээ. Хоёр талын байгуулсан гэрээний хүрээнд гэрээг түр зогсоох эрх нь “Эрдэнэс Таван толгой”-д л бий аж. “Эрдэнэс Таван толгой”-н зүгээс гэрээний хэрэгжилтийгхангалтгүй гэж үзээд олборлогч компанитай хэлэлцээр хийж эхэлсэн гэх гаргалгааг сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас төвөггүй хийчихэж болно. Таван толгойн уурхайг Оюу толгой, Бороо шиг дэлхийн стандартад хүргээгүй гэсэн дүнг Мон­голын талаас Австралийн компанид тавьчихаад байгаа бололтой.

“Макмахон”компани анхГерманы “ББМ оперта” компанитай хамт Зүүн Цанхийн олборлогчийнэрхийг авч байсан юм.Монголын талаас тэдэнтэй хамтарсан гэрээнд 2011 оны аравдугаар сарын 13-нд гарын үсэг зурж байж. 2012 оны эхнээс гэрээ хэрэгжиж эхэлжээ. 2013 оны гуравдугаар сард гэрээний эрх үүрэг шилжүүлэх гэрээ гэж зурагдсан байдаг. Эхэндээ гэрээний нөгөө тал нь Австрали, Германы тал байсан бол энэ үеэс хойш гэрээний нөгөө тал нь ганцхан Австрали болсон гэсэн үг. Гэрээнд гарын үсэг зурсан нөгөө тал “Макмахон”биш, “ТТ JVCo” гэдэг компани. Тодруулбал, “Махмахон лимитед”-ийн охин компани. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”-н гэрээ байгуулсан компани нь “ТТ JVCo” юм байна.

“Эрдэнэс Таван толгой”-той байгуулсангэрээ бүрэн эхээрээ, үг үсгээрээ ил болоогүй чхоёр тал үндсэн таван зүйлийн тохироо хийсэн байдаг. Эхний тохироо нь Таван толгойн Зүүн Цанхид олборлолт хийх. Олборлолт хийх гэрээний хугацаа нь таван жил. Австралийн олборлогч компанийн хувьд олборлолтод шаардагдах санхүүжилтыг өөрсдөө хийнэ гэсэн үүргийг гэрээгээр хүлээсэн нь дараагийн тохироо. Тус компани олборлолтод шаардлагатай санхүүжилтийг олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудаас аль болох хямд өртөгтэйгөөр босгоно гэж амлан орж ирж байж. Энэ мөн л гэрээгээр хүлээсэн үүрэг нь аж. Өмнө дурдсанчлан Монголын “Эрдэнэс Таван толгой” компанийг олон улсын стандартын дагуу бие даан олборлолтын үйл ажиллагаа явуулах чадвартай болгох үүрэг бас бий. Гэрээний ерөнхий агуулгыг базаж хэлбэл нэг иймэрхүү тохироонууд байгаа аж.

Гэрээний хэрэгжилт, биелэлт бодит байдал дээр хангалтгүй байсан гэсэн мэ­дээ­лэл байна. Таван толгойн олборлолтод ашиглах тех­никийн санхүүжилт хан­галт­тай хэмжээнд хийг­дээгүй, ажилчдыг сургаж дадлагажуулах ажил хангалтгүй, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, техникийн бэлэн байдал хангалтгүй гэх зэрэг шалтгаан байгаа бололтой. Уурхайн гол ажлыг нугалдаг 220-240 тоннын автосамосвал гэхэд гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойших гурав дахь жилийн байдлаар 17 ширхэг байх ёстой аж. Гурав дахь жил нь энэ онд тохиож буй. Гэтэл өнөөдөр Таван толгойд ийм самосвал тавхан ширхэг байгаа гэнэ.

Таван толгойн олборлол­тод ашиглаж байгаа нүсэртоног төхөөрөмжүүд дээр ажиллах хүмүүсийг сургадаг зориулалтын техникбайдаг юм байна. Дотор нь ороод суухаар яг л уурхайд ажиллаж байгаа мэт орчинд ордог, тусгай дэлгэцтэй техник бо­лолтой. Ийм техник нийлүүлж, хүмүүсээ сургана гэсэн үүргийг гэрээгээр хүлээсэн хэрнээ нэгийг ч оруулж ирээгүй гэх баримт ч байна. Хөрөнгө оруулалт хийхүүргээ хангалттай хэмжээнд биелүүлээгүй баримт сая дурдсан хоёр жишээгээр тогтохгүй бололтой. Нэмж тодруулахад, “Макмахон” Таван толгойд одоо ашиглаж буй техникүүдээ манай талд хүлээлгэж өгөх юм билээ. Гэрээнд тэгж заасан гэнэ.Олборлолт хийгдэж дуусах үед буюу гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш таван жилийн дараа “Эрдэнэс Таван толгой” олборлогч компанийн ашиглаж байсан техникийг компанийн баланст өртгөөр авна гэж тохирчээ. Баланст өртөг гэдгийг энгийнээр хэлбэл элэгдэл, хорогдлыг нь тооцоод авна гэсэн үг. Товчхондоо элэгдэл хорогдол нь таван жилээр явагдаж байгаа учраас таван жилийн дараа гэрээ дуусахад тэглэгдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, олборлогчийн техникийг гэрээний хэрэгжилт дууссаны дараа үнэгүй авч ажиллуулах зарчмын тохиролцоог анххийж байжээ.

Түр зогсолт хийж байжхэлэлцээр эхлүүлсэн шалт­гаан энэ хүрээд зогсохгүй.”Макмахон”Өмнөговьд нүүрс олборлож байгаа компаниудаас илүү өндөр зардлаар буюу хоёр дахин өндөр өртгөөр олборлолт явуулдаг гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан. Энэ удаагийн түр зогсолтын гол­лох шалтгааны нэг нь ч энэ аж. “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран “Нүүрс өндөр үнэтэй, борлуулалт сайн байх үеийн нөхцөлөөр гэрээ байгуулчихснаас үүдэлтэй. Гэтэлнүүрсний үнэ уначихсан ийм үедалдагдал үүсэх нь тодорхой. Өмнө нь үүссэн өр, авлагын асуудал бий. Ийм шалтгаанаар олборлолтыг нь түр зогсоосон юм. Хэрвээ “Макмахон” оператороор үргэлжлүүлж ажиллаягэвэл аль аль талдаа ашигтай хувилбар сонгоё гэж байгаа. Хэлэлцээрийн гол агуулга нь ердөө энэ. Олборлогч компанийнхувьд үргэлжлүүлж ажиллах сонирхолтой байгаа юм билээ” хэмээн ярилаа. Нүүрсний үнэ “Макмахон”-той гэрээ байгуулж байх үеийнхээс бараг тавин хувиар унасан нь гэрээг эргэж харахаас аргагүй нөхцөлд хүргэсэн бололтой.

“Макмахон” “Эрдэнэс Та­ван толгой”-гоос яг хич­нээн ам.доллар авах та­лаар тодорхой мэдээлэл ал­га. “Эрдэнэс Таван тол­гой”-н зүгээс хичнээн ам.долларын өртэйгөө албан ёсоор мэдэгдсэн удаагүй. “Махмахон”-ы өнгөрсөн наймдугаар сард хийсэнмэдэгдэлд 22 сая ам.доллар авах ёстой гэсэн өгүүлбэр бий.Ямартай ч хэн нь хэдийг өгөх, авах талаар яриа хэлэлцээр хоёр талд үргэлжилж байна.

Таван толгойн Зүүн Цан­хийн олборлолт ийм шалт­гаанаар түр зогсоод байгаа юм. Харин баруун Цанхи дээр үндэсний компаниуд олборлолтоо үргэлжлүүлж байна.

Ц.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Т.Гантулга: Манай нам ийм бүдүүлэг, энгийн PR хийдэггүй

-Н.ДЭМБЭРЭЛИЙГ АЖЛААСАА ГАРЧ БАЙГААГ МЭДСЭН НЭГ МУУХАН PR-ЧИН ХҮНИЙ ХИЙСЭН АЖИЛ БАЙЖ БОЛОХ-

МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Дэмбэрэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр Н.Дэмбэрэл МАХН, АН-ын дарга нарын байгуулсан гэрээний “нууц” гэх хавсралтыг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа. Тэрбээр дээрх нууц хавсралтыгхуурамчаар үйлдсэн нь баримтаар нотлогдсон гэдэг. Энэ талаар МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт технологи, сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийндарга Т.Гантулгатай ярилцлаа.

МАХН, АН-ын дарга нарынбайгуулсан гэрээний “нууц” гэх хавсралтыг танай намд ажиллаж байсан Н.Дэмбэрэл үйлдсэн гэдгийг ТЕГ мэдэгдлээ?

-Энэ сарын 24-ний өдөр ТЕГ-ынхангэнэтхэн мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдлийндараа бид холбогдох хүмүүсээс маш богино хугацаандмэдээлэл авч судалж үзсэн юм. Болсон явдал гэвэл манай намын нэг гэрээт ажилтан, сонины бодлого хариуцсан улс төрийн ахлах ажилтан хоёрын гэрт тагнуулынхан очсон байдаг. Тагнуулынханхувь хүний гэрт очихдоо заавал холбогдох газраас зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл тэд зөвшөөрөлгүй байсан бөгөөдманай ажилтнуудын иргэнийхээ хувьд эдлэх ёстой эрхийг нь эдлүүлээгүй. Өмгөөлөгч байлцуулалгүйгээрмэдүүлэг авч олон цагаар саатуулсан юм билээ.

Ийм зүйл болж бай­хад яагаад танай ажилт­нууд удирдлагууддаа мэдэг­дээгүй юм бэ. Таны ярианаас харвал МАН-ынхан энэ явдлыг ТЕГ мэдээлэхэд мэджээ гэж ойлгогдлоо?

-Манай ажилтнууд энэ талаар бидэнд хэлээгүй. Учир нь тагнуулынхан тэднийг дарамталсан юм байна лээ. Энэ асуудлыг удирдлагадаа хэлж, өндөр авахуулж болохгүй шүү гэсэн юм билээ. Тэгээд бидэнд хэлээгүй. Маргааш нь ТЕГ-ын ажилтнуудМАН-ын төв байранд прокурорын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин нэвтэрч албан ажлын өрөөнөөс компьютерийн хард дискийг хурааж авсан байгаа юм. Энэ бол ноцтой асуудал. ТЕГ-ын нэр бүхий ажилтнууд 2014 оны аравдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92.133 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох бичиг баримт цуглуулах хураан авах журмыг зөрчиж МАН-ын байранд нэвтрэн орж ажилтан албан хаагчдаас мэдүүлэг тайлбар авахаар тулган шаардсан. Мөн зарим компьютерийн хард диск хураан авсан байна. Иймд хууль зөрчсөн асуудлаар бид Авлигатай тэмцэх газарт хандсан байгаа.

Яагаад Авлигатай тэм­цэх газарт өгсөн гэж. Энэ чинь авлигын асуудал биш шүү дээ. Хууль журмаа­раа бол прокурорын байгуул­ла­гад хандах ёстой биш үү?

-Төрийн тусгай албан хааг­чид албан тушаалаа хэтрүүлэн хууль зөрчсөн үйлдлийг шалгуу­лахаар Улсын Ерөнхий прокурорын газарт давхар гомдол гаргасан байгаа.

Гэрээнийхавсралтыг хуурамчаар үйлдсэн гэж байгаа. Түүнийгээ нотолсон ч гэж ТЕГ-ынхан хэлсэн?

-Олон түмний нүдэн дээр хоёр намын дарга гэрээнд гарын үсэг зурсан.Гэрээ хүчин төгөлдөр бид хамтран ажиллах гэрээг сайжруулна гээд байна. Бид хуурамч гээд буй хавсралтыг ньих гэрээ­тэй нь харьцуулаад харлаа. Гэрээний эх хувийг нь хураангуйлсан л зүйл байна лээ. Логик талаас нь аваад үзэхэд хуурамчаархавсралт хийх нь МАН-д ямар ашигтай юм. Тэгээд ч аливаа гэрээний хавсралтад ямар ч тохиолдолд гарын үсэг зурдаггүй бичиг хэргийн наад захын стандарт байдаг шүү дээ.

Яагаад ашиггүй гэж. Хоёр намын даргын гэрээнд орсон хамтран ажиллах заал­­тууд танай намын дур­гүйг хүргэсэн байж болох юм. Нөгөө талаасаа хамтарч ажиллахнь МАН-д хохиролтой биш гэж үү?

-Тус гэрээнд “Улс төрийн намуудын өмч хөрөнгөтэй байхыг хориглох”,” Нэг намаас гарсан саналыг нөгөө нам нь дэмжинэ”, “Түншлэлийн гэрээнд заасан бусад аливаа асуудал гарсан тохиолдолд тухай бүр ажил хэргийн журмаар санал солилцож байр сууриа нэгтгэжхэрэг­жүүлж ажиллахаар тогтов” гэх мэтээрбүх зүйл ньхуурам­чаар үйлдсэн гэх хавсралтад хураангуйгаар тусгасан байгаа юм.

Ерөнхий гэрээний хураан­­гуй юм бол яагаад энэ гэрээний нууц хавсралт гэх зүйл хуурамч гээд асуу­дал дэгдээгээд байгаа юм бэ?

-МАН-ын гэрээт ажилтнаас мэдүүлэг аваад олон түмэнд МАН-д ажиллаж байсан хүний нэр хүндэд халдажмэдээлэл цацсан. Энэ бол тусдаа асуудал. Н.Дэмбэрэл гэдэг хүн шүүхэд хандаж, өөрийнхөө нэр төрийг сэргээж, хамгаалах ажлыг хийх байх. Нөгөө талаар Н.Дэмбэрэлийг ямар нэгэн хилс хэрэгт холбогдуулсан тохиолдолд намын гишүүнээ бид хамгаална. Бид УИХ дахь МАН-ын бүлэгтээ хандсан.

Яагаад?

-ТЕГ-т ийм эрх байдаг юм уу, үгүй юү. Монгол Улсын Ерөнхий сайд өөрийнхөө шууд харьяанд байгаа төрийн тусгай албыг өөрийнхөө хувийн мөрдөх товчоо шиг ашиглаж болдог юм уу, проку­рорын зөвшөөрөлгүйгээр ийм ажиллагаа явуулна гэдэг өөрөө ноцтой асуудал. Хамгийн ноцтой зүйл нь энэ. Ер нь нууц гэрээ хийсэн хүмүүсийг ТЕГ-ын дарга хайх биш.Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалдагнүд чих болсон ТЕГ гэсэн төрийн тусгай байгууллагажинхэнэ гэрээ хийсэн, холион бантанг нь хутгасан Н.Алтанхуяг, Н.Энхбаяр гэдэг хоёр хүнийг шалгах хэрэгтэй байх.

Энэ гэрээтэй холбоотой хуульчдын баг ажиллуулж байгаа гэсэн үнэн үү?

-Хуульчдын баг ажиллуулж байна. Энэ гэрээ Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрччихөв. Нэгэнт биднийг хавсралт гэрээг хуурамчаар үйлдсэн гэж байгаа бол тэр гэрээнд тусгасанзүйлсийг нарийн судалж дүгнэлт гар­гах хэрэгтэй. Биднийг гүт­гээд байна. МАН-ыг яаж ч гүтгэж доромжилж, гэгээн цагаан өдөр албан байранд нь нэвтэрч болно гэж үзэж байна. Өт хорхой хүртэл биедээ хүрэхээр арваганадаг шиг бид өөрийн гэсэн гишүүд дэмжигчтэй, зохион бай­гуулалттай улс төрийн томоо­хон хүчний хувьд, ялангуяа төрийн эрхийг барьж байсан намын хувьд зүгээр суухгүй. Сонгуулийг ард түмний сонголтоор биш, хоёр намын гэрээгээр 2024 он хүртэл Ерөнхийлөгчийн, УИХ, орон нутгийн найман удаагийн сонгууль явуулаад үр дүн нь ямар байхаас үл хамаараад энэ хоёр нам хамтраад явах юм бол Монголд сонгууль гэж байгаад яах юм. Улс төрийн намууд гэж байгаад яах юм. Сонгуульд тийм их зардал гаргаад яах юм. Энэ хоёр хүний зурсан гэрээгээр явах юм бол хэрэг алга байна.Тэгэхдээ энэ чинь яваандааард түмнийсаналыг үл хүндэтгэсэн, сонголтоос үл хамааралтай болж, Үндсэн хуулийн бус аргаар төрийнэрх мэдлийг авах зүйл рүү явж магадгүй юм биш биз дээ гэсэн болгоомжлол бидэнд байна. Иймд гэрээг нягтлах ажлын хэсэг гарсан. Хэрэв энэ гэрээ Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхээр байх юм бол Үндсэн хуулийн цэцэд хандана.

Н.Дэмбэрэл гэдэг хүн хэрэв хуурамчаар тэр гэрээний хавсралтыг хийсэн бол тэр нь хэнд ашигтай байж болох вэ. Яаж ч бодсон Дэмбэрэл гэдэг хувь хүндашигтай зүйл биш гэдэг нь тодорхой. Өмнө нь танай намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд байхад энэ хүнхэрэгт холбогдож явсан. Одоо ч гэсэн МАН-ын дарга нь М.Энхболд гэдэг хүн байна. Тэгэхээр Дэмбэрэлийн асуудлыг МАН-аас салгаж авч үзэж чадахгүй байна л даа?

-Н.Дэмбэрэлийг ажлаасаа гарч байгааг мэдсэн нэг муухан PR-чин хүний хийсэн ажил байж болох.

Н.Дэмбэрэлийн ажлаа­саа гарсан, гэрээний хуу­рамч хавсралт гэх зүйл гарч ир­сэн нь цаг хугацааны хувьд зүгээр ч нэг давхцал биш байх?

-Н.Дэмбэрэлажлаасаа чөлөөлөгдье, надад хувийн асуудал байна. Та миний оронд тавих хүнээ бодож байгаарай гэж сар гаруйн өмнө хэлж байсан. Намайг хөдөө ажлаар явж байхад Ерөн­хий нарийн бичгийн дар­гад өргөдлөө өгсөн байсан. Энэ сарын 20-ны өдөр Удир­дах зөвлөлийн шийд­вэрээр ажлаас ньчөлөөлсөн. Ажлаа­саа гарна гээд явж байсан хүн ийм хүзүүгээ ороосон юм хийх үү, эрүүлээр бодоод үзээрэй.

Танай намын PR-ын бод­лого ийм муу учраас баригд­­чихаж байгаа юм биш үү?

-Манай намын PR-ын бодлого ийм гэнэн байдаггүй. Бас нууц биш. Яагаад нууц биш гэвэл бид хар зүйл хийдэггүй. Бодит баримт дээр эсвэл үйлдэл дээр нь бүрэн нотлогдсон асуудлыг авч үзэж PR-ын стратегиа боловсруулдаг.

Хоёр намын даргын гэрээнд тодорхой байгаа зүйлийг бид хураангуйлан бичээд бас монтажлаад фотошоп хийгээд явж байх зав ч байхгүй. Манай нам ийм бүдүүлэг, энгийн PR хийдэггүй.

МАН-ынхан хийгээгүй бол хэн гэж?

-Хамгийн хүнд байгаа хоёрт туслах гэсэн нэгний л ажил байх. Би Монголын улс төрд хоёр хүнийг хамгийн хүнд байдалд байгаа гэж ойлгодог. Ажил төрлийн хувьд ч хэвлэлээрявж байгаа олон түмний ам дамжаад яригдаж буй яриа энэ хоёрт хүнд тусч байгаа. Энэ хоёр хүн өөрснөө биш тэдэнд туслах гэсэн ойр дотнын хүмүүс нь ийм балай юм хийчихэв үү гэж хардаж байна. Үүнээс харахад монголчуудын сэтгэл зүй, зан заншлыг мэддэггүй гадны PR. Үүнд монголчууд хэзээ ч автахгүй. Цөөхөн хүн амтай манайх шиг оронд энэ PRявахгүй. Ийм зүйл явуулсан ч баталгаатай баригдана. Ийм энгийн хөгийн юм хийж нэр хүндээ унагах хүмүүс нь МАН гэж үү. Манай намын хамгийн эцсийн PR-ын зөвшөөрлийг өгдөг хүн нь би шүү дээ. Би ийм зөвшөөрлийг хэзээ ч өгөхгүй.

Тэгвэл Дэмбэрэлийг хэн ашиглачихав?

-Хэвлэл мэдээллийн хэрэгс­лэлээр бушуу туулай шиг яаран сандран хулгайчийг бариарай гээд буй хүмүүс л ашиглачихлаа. Яагаад шүүхээр эцсийн шийдвэр гараагүй байхад, Н.Дэмбэрэлээс мэдүүлэг аваагүй байж, Дэмбэрэлийг хариуцдаг дарга нараас огт лавлагаа аваагүй байж олон түмэнд худал мэдээлэл цацаад байна. Тэгэхээр хэн Дэмбэрэлийг ашиглаж байна гэдэг тодорхой.

Шууд хэлчихэж болохгүй байгаа юм уу?

-ТЕГ-ын даргад үүрэг өгсөн тэр хүнийг бид олж тогтооно.

Н.Дэмбэрэл хаана байгаа вэ?

-Түүнтэй холбогдож чадахгүй байгаа. Амарч яваа байлгүй дээ.

Та түүнийг зайл гэж хэл­сэн юм биш үү. Тэр үгэнд чинь Дэмбэрэл хорсохдооийм зүйл хийсэн гэж сонссон юм байна?

-Бидний хороонд ямар ч тийм юм болоогүй. Ганц нэг хар муур гүйнэ л биз. Харин энэ боломжийг ашиг­лан нийт хэвлэл, мэдээл­лийн ажилтнуудад хандахад зорилго нэгт нөхрөө хамгаалаарай гэж хэлье.

М.Энхболд гэдэг хүн Н.Дэмбэрэлийг хоёр дахь удаагаа ашиглалаа шүү дээ?

-Тийм зүйл огт байхгүй. Манай намын дарга Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нараа алгасан газрын даргатай харьцаж үүрэг, чиглэл өгдөггүй.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Үзэшгүй муухай шуламд хувирах СҮНСНИЙ БАЯР

Өнөө жил сүнсний баяр тэмдэглэж эхэлсний 666 дахь жилийн ой. Гурван зургаа давхацсан муугийн муу ёрын баяр энэ жил тохиох нь. Онцгой жил ямар нэгэн муу юм заавал тохиолдоно гэх яриа аравдугаар сар гарснаас хойш сонсогдох болов. Үхэл хийгээд амьдрал, аймшиг болоод ид шид, тааварлашгүй нууц ертөнц сүнсний баяраар биелдэг гэж ярьдаг. Бас дэлхий дээрх хамгийн түгээмэл тэмдэглэдэг баярын нэгд сүнсний баяр зүй ёсоор нэрлэгдэнэ. Манайхан ч бас сүүлийн хэдэн жилийн аравдугаар сарын 31-нд сүнсний баяр тэмдэглэдэг болсон. Гэхдээ залуус шөнийн цэнгээний газарт сүнс, чөтгөрийг санагдуулмаар хувцаслан цуглаж байгаа. Харин гадны ихэнх оронд сүнсний баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж байна.

Сүнсний баяр эртний Ромын үеийн Помона наадмаас эхтэй. Тухайн үед сүнсний баярыг ургац хураалтын баяр гэж нэрлэдэг байсан гэнэ. Хүүхдүүд шинэхэн хурааж авсан хулуугаар янз бүрийн зүйл хийж хүн айлгадаг байжээ. Энэ уламжлал өнөө хэр мөрдөгдөж байгаа. Америк төдийгүй дэлхийн ихэнх улс хулууны ургацынхаа дөрөвний гурвыг сүнсний баярт зориулдаг болсон байна. Хулуунаас гадна чихэр, шоколад гүйлгээ сайтай. Бүр амттан хамгийн их зарагддаг хоёр өдрийн нэгээр аравдугаар сарын 31 эрэмбэлэгджээ.

Сүнсний баяраар цээрлэдэг зүйл бас бий. Хэрэв энэ өдөр аалз харвал тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл болдог юм байна. Бас англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж боддог ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог байна. Америкчууд сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлгэшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхсэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу юмнаас хамгаалагдана гэж үздэг байна. Мөн улс үндэстэн бүр уг баяраар өөр өөрсдийн зан заншлаас хамаарсан мухар сүсэгтэй байдаг. Шотландууд сүнсний баярын шөнө залуу охидыг түүдэг галын дэргэд нойтон даавуу тэврүүлэн суулгадаг. Ингээд хэсэг хугацааны дараа даавуун дээр заяаны ханийх нь царай харагддаг гэж ярьдаг юм байна. Бусад оронд шөнө дунд шатаар уруудаж байхдаа толинд харвал ирээдүйн найз залуугийнх нь царай харагдана гэж итгэдэг ажээ. Харин хулуутай холбоотой заншил ихэнх улсад байдаг. Хулуугаар дэнлүү хийх нь буг чөтгөрийг хөөн зайлуулдаг гэж үздэг байна. Домог ёосор хулуугаа Жэк гэж нэрлэдэг. Жэк гэдэг нь чөтгөрийг олон удаа хуурч байсан овжин нэгэн. Тиймээс Жек нэртэй хулуугаа үүдэндээ өлгөн сүнс, чөтгөрийг гэр рүүгээ оруулахгүй хуурах ёстой гэнэ. Сүнсний баярын ёс заншил газар бүрт өөр ч гэлээ уг баярыг тэмдэглэдэг бүх л улс ганцхан зүйлийг дагаж мөрдөх болжээ. Тэр нь “Хуурах уу, дайлах уу”. Аравдугаар сарын 31-ний өдөр харуй бүрий болох үеэр хүүхдүүд аймшгийн баатруудад хувилан айл хэсдэг. Ингэхдээ тухайн гэрийн эзнийг айлгаж, эсвэл цочоож чадвал ханатлаа дайлуулдаг байна.

Сүнсний баярын бэлгэдэл нь улбар шар, хар өнгө. Улбар шар нь намрын ургац хураалт болон эрч хүч, тэвчээр, хатуужил, элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг. Хар өнгө нь үхэл амьдралын зааг болсон баярын хар барааныг илэрхийлдэг ажээ. Харин сүнсний баярын уур амьсгалыг бүрдүүлэхэд хувцаслалт маш чухал. Өнгөрсөн жил Америкт сүнсний баярын үеийн хувцаснаас 3.3 тэрбум ам.долларын орлого олсон гэсэн. Түүнийгээ хүүхдийн халамжийн санд хандивлаж буян хийжээ. Энэ үеэр хамгийн сайн гүйлгээтэй байдаг нь шуламын хувцас. Сүнсний баяраар эр, эмийн аль нь ч үзэшгүй муухай шуламын дүрд хувирах дуртай байдаг гэнэ. Ялангуяа европчууд шуламын дүрд хувиран мөрөн дээрээ шар шувуу суулгаж явах дуртай байдаг ажээ. Шар шувууны хашхирах дуу үхэл ирж байгааг зөгнөдөг гэж үздэг юм байна. Бас цус сорогч дракулагийн хувцас эрэлт ихтэй. Харин сүүлийн үед хүмүүс үлгэрийн баатруудыг хорон санаат шуламын дүрд хувиргах, эсвэл сайн санаат гүнжийг шулам мэтээр харагдуулах хувцас захиалан өмсөх дуртай болжээ.

Сүнсний баяраар янз бүрийн муу зүйл тохиолдож байсан үе бишгүй. Тавиад жилийн өмнө гурван англи охин чөтгөрийн баяр тэмдэглэн явж байгаад учир битүүлгээр нас барсан юм. Цагдаа нар тэдний үхлийг гадны нөлөөгүй гэж дүгнэсэн бөгөөд ямар нэгэн аймшигт зүйл харснаас болж зүрх нь хаагдсан гэж тодорхойлжээ. Бас хоёр мянган оны эхээр Америкт сүнсний баярын үдэшлэгт явж байсан охин, хүү хоёр нас барсан байна. Шалтгаан нь бас л тодорхойгүй. Ямар ч байсан гадны нөлөөгүй байсан гэдгийг мөн л цагдаа нар баталж байв. Харин сургуулийнхан нь тэднийг өөрсдийнхөө хувилсан шуламыг яг бодитоор нь харснаас болж нөгөө ертөнц рүү одсон гэж ярьдаг ажээ. Ер нь сүнсний баярын үеэр гэнэтийн байдлаар нас барах хүний тоо бусад өдөртэй харьцуулахад нэмэгддэг гэдэг. Харин энэ жил гурвын гурван зургаагийн тоо давхацсан, муу ёр жинхэнэ утгаараа шүглэж ад зэтгэр амилах сүнсний баяр болно гэж ярьж байна.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амарсанаа: Н.Удвал сайдын ярьсан зүйлд үнэн үг алга

Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо дэд сайд Ж.Амарсанааг элэгний С вирусийн 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллараар оруулж ирэхээр болсон, элэгний өвчтэй хүмүүсийг ажлынхаа өрөөнд бүртгэдэг хэмээн ярьсан нь олны анхаарлыг татсан.

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодрууллаа.

-Өнгөрсөн долоо хоногт Н.Удвал сайдын байнгын хорооны хуралдаанд хийсэн тайлбарт та өөрийн байр сууриа илэрхийлбэл?

-Н.Удвал сайд байнгын хорооны өндөр хариуцлагатай тийм хурал дээр хариуцлагагүй, худлаа, хүнийг гүтгэсэн, буруу мэдээлэл өгсөнд харамсч байна. Хоёрдугаарт, бухимдаж байна. Гуравдугаарт, даанч дээ гэж бодож байна. Энэ салбарыг тэргүүлж байгаа сайд хүн шүү дээ. Тэр хүнд хангалттай мэдээлэл авах боломж нь байсан. Тийм биз дээ. Зөв мэдээлэл өгөх, ёсзүйтэй хандах бүх боломжууд нь тэр хүнд байсан юм. Гэтэл буруу мэдээлэл цацаж, хүнийг гүтгэн ёсзүйн том алдаа хийчихээд сууж байгааг нь харахаар арай л хэтэрхий юм гэж бодож байна.

-Нэг яамны хоёр сайд ийм харилцаатай байгааг анзаарахад та хоёр нэг зүгт харж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

-АНУ-аас ирэнгүүтээ хэлсэн. Сайд минь, үнэхээр маш том ажил бүтээгээд ирлээ шүү. Тус улсад 84 мянган ам.доллараар зардаг эмийг бид 44 дахин хямд буюу курс эмчилгээг 1800 ам.доллараар хийхээр болж байна. Монгол Улсад байгаа элэгний С вирустэй маш олон хүнд туслах боломж нээгдлээ. Одоо энийг чулуу болгох хэрэгтэй. Америкийн тал зөвшөөрсөн шүү гэж өрөөнд нь ороод хэлж байсан. Тэр үед сайд “За, за болж байна. Бүтэж байна. Болж болж” гэсэн байр суурьтай байсан. Гэтэл тэр эмийг Монголд бүртгүүлэх гээд өчнөөн явлаа, энэ бүхэнд саад бэрхшээл тулгарч удаашраад байхаар нь бид гайхаж л байсан. Яагаад үүн дээр Эрүүл мэндийн яам удаан хойрго хандаад байна аа. Гэтэл сүүлд нь сайд асан С.Ламбаа “Удвал сайд дэд сайдаа хардаад байгаа юм билээ” гэсэн утгатай юмыг жиргэсэн байна лээ. Н.Удвал сайд өөрөө надад ганц ч удаа “Би чамайг хардаж байна”, “Сэрдэж байна” гэж хэлж байгаагүй. Ийм бодол агуулаад явж байна чинээ бодсонгүй. Гэтэл сайд асан С.Ламбаагийн тэр жиргээг уншаад “Удвал сайд намайг хардсан гэх юм, ийм мэдээллийг хаанаас сонссон юм бол доо” гэж бодсон. Гэтэл Нийгмийн бодлогын байнгын хороон дээр сайдын ярьсан зүйлсийг олж сонсоод гайхсан. Ярьсан зүйл дотор нь үнэн үг алга.

Төрийн сайд битгий хэл бага ангийн хүүхэд хүртэл учрыг нь олчихоор ийм юман дээр будлиад явж байгаад нь харамссан. Энэ ямар учиртай юм гэхээр “Gilead Sciences” компани нэг сарын эмчилгээг 300 ам.доллараар Монголд хямдруулж өгч байгаа юм. Монгол хүний элэгний С вирус бол 98.5 хувь нь нэгийн Б төрлийн генотип байдаг.

-Нэгийн Б төрлийн генотип ээ?

-Элэгний С вирус чинь дотроо зургаан төрөл байдаг. Тэр дотроо нэгийн Б генотип гэдэг бол хамгийн удаан эдгэрдэг, эмчилгээний үр дүн муу авдаг нь. Энэ генотипийг эмчлэхэд багаар бодоход зургаан сар шаардлагатай. Ганцхан би ч биш, ДЭМБ, элэг судлаач бүгд л үүн дээр санал нэгддэг. Нэг сарын эмчилгээний төлбөрийг зургаан сардаа үржүүлээд үз. 1800 ам.доллар болно биз дээ. Орон болгонд генотипийн төрөл өөр өөр. Өөр оронд магадгүй гурван сарын буюу 900 ам.долларын эмчилгээ шаардлагатай байх. Харин Монголд элэгний С вирусийг эмчлэхэд гурав биш зургаан сар шаардагдана гэж би үзэж байгаа, эмч хүний хувьд. Би мэргэжлийн хүн шүү дээ. Ийм энгийн юмыг ойлгохгүй юм. Би энэ тухай олон удаа мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан, мэдээлэл өгсөн. Энэ бүхнийг олоод уншчихаж чаддаггүй юм уу. Үгүй юм аа гэхэд над руу нэг удаа яриад энэ эм, эмчилгээний талаар асуучих бүрэн боломж байсан шүү дээ.

Би сайдын ярьсан тэр бичлэгийг үзсэн. Таагүй сэтгэгдэл төрсөн. Намайг гутааж доромжилж болно. Гүтгэж болно. Би чинь сайн ч, муу ч Ардчилсан намыг төлөөлөөд, мөрийн хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх гээд явж байгаа хүн. Яагаад иймэрхүү юмыг асуугаад зөвшилцсөнгүй вэ. Өөрөө мэдэхгүй байж болно. Байнгын хорооны хуралдаан дээр асуугдаж болно. “Надад мэдээлэл нь алга”, “Мэдэхгүй байна”, “Мэргэжлийн бус хүн. Мэргэжилтнээсээ тодруулаад хариулъя” гэж хэлж болно. Тэр хүнд ингэх боломж байсан байхгүй юу. Гэтэл яагаад ийм улстөрийн увайгүй гүтгэлэг явуулчихав. Би чинь залуу, улстөрч хүн. Улстөрч хүнд нэр хүнд шиг чухал зүйл байхгүй. Гэтэл яагаад тэр хүн залуу хүний хамгийн үнэтэй зүйлийг увайгүй маягаар гутаан доромжилж байгаа юм. Би үүн дээр хатуу тэмцэл өрнүүлнэ гэж бодож байгаа шүү. Шүүхэд хандана.

-Таныг “Оном сан”-гийнхантай муудалцаж, маргалдсан гэж ярьсан. Та тус сангийнхныг шалгах хүсэлтийг Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасагт гаргасан юм биш үү?

-Муудалцаад байх юу байх вэ дээ. “Оном сан”-гийнхан ийм ажил хийсэн байгаа юм. Элэгний С вирустэй, эмчилгээнд хамрагдъя гэсэн хүмүүсийг төлбөртэй утсаар бүртгэж авсан байхгүй юу. Төлбөрт утсаар бүртгэнэ гэдэг цаана нь хариуцлага үүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд эмчлэх ёстой гэсэн үг. Гэтэл эмчлэх газар нь Халдварт өвчин судлалын үндэсний төв. Тус төвд эмчлүүлэх гэж байгаа хүмүүсийг төрийн бус байгууллага төлбөртэй утсаар бүртгэнэ гэдэг чинь сүүлд нь өвчтөнүүд эмчилгээндээ хамрагдаж амжихгүй, өвчин нь С вирусгүй юм уу, эсвэл эмчлэх боломжгүй үед тэд хариуцлага хүлээх үү. Хүлээхгүй шүү дээ. Тийм учраас би цагдаагийн байгууллагад тэднийг шалгаад үзнэ үү. Наад хүмүүс чинь эмчлэх субьект нь биш, эмчлэх эрхзүйн боломж нь байхгүй мөртлөө төлбөртэй утсаар бүртгээд байна. Энэ чинь сүүлдээ зөрчлийн эх үүсвэр болно гэдэг үүднээс шалгаад өг гэсэн юм. Үүн дээр нуугаад байх юм алга.

Тэр эмийн компанитай нь манай яамны байгуулах гэж байгаа санамж бичиг нь байж л байна. Энэ бичигт цагаан дээр хараар “Сарын эмчилгээ нь 300 ам.доллар” гэчихсэн байна. Энд чинь толгой эргээд байх юм юу ч байхгүй.

АНУ-д 84 мянган ам.доллараар курс эмчилгээг нь хийдэг. 44 дахин хямдруулаад оруулаад ирж байхад энэ асуудлыг Эрүүл мэндийн яам унагааж байна. Энэ компани материалаа бүрдүүлээд өгсөн. Нэг удаа өгсөн, буцаасан. Одоо хоёр дахиа өгөх гэж байна.

-Н.Удвал сайдтай уулзсан уу?

-Үгүй. Би тэр хүнд ойлгогдвол ойлгогдохоор хангалттай ярьсан гэж бодож байна. Н.Удвал сайд “Уучлаарай. Би арай дэндүү муухай юм хийчихжээ” гээд ороод ирвэл би чинь бас хүн шүү дээ. Хүнийг уучилж болно.

Д.САРУУЛ